Categories
мэдээ нийгэм

Манай улс “Юнеско”-д соёлын биет бус өв 11-ийг бүртгүүлээд байна

ЮНЕСКО-гийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцийн гишүүн болох Зүүн хойд Азийн таван орны төлөөлөгчид “Соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын талаар мэдээлэл солилцох, мэдээллийн сүлжээг өргөжүүлж өвийг баримтжуулах нь” сэдвээр Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө хуралдаж байна. Ийм сэдвийн дор анх удаа болж байгаа энэхүү уулзалт зөвлөгөөнийг Ази номхон далайн Соёлын биет бус өвийн төвийн дэмжлэг дор  ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулж байгаа юм. Зүүн хойд Ази нь  соёлын асар баялаг өв уламжлалтай. Түүнчлэн соёлын биет бус  өвийг хамгаалах тал дээр арвин туршлагатай бөгөөд сүүлийн жилүүдэд энэ салбарт хэрэгжүүлж буй бодлогоороо олон улсад манлайлж иржээ. Одоогоор ЮНЕСКО дэлхийн хэмжээнд нийт 317 соёлын биет бус өв бүртгэснээс 87 нь дээрх таван  оронд ноогдож байна. Түүний дотор Монгол Улс 11 өв бүртгүүлээд байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын дарга Өмнөд Солонгос айлчилж байна

БНХАУ-ын дарга Си Жиньпин Өмнөд Солонгост төрийн айлчлал хийхээр өнөөдөр Сөүл хотноо хүрэлцэн очжээ. БНСУ нь АНУ-ын Ази дахь гол түншүүдийн нэг учир энэ айлчлалд ажиглагчид ихэд ач холбогдол өгч байгаа юм. БНХАУ-ын дарга  улс орныхоо Ази дахь аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор  айлчлал хийж байна хэмээн Америкийн хэвлэлд бичсэн юм. Өнгөрсөн жил Хятадын удирдагч Өмнөд Солонгост айлчлахаасаа өмнө Хойд Солонгост очсон. Харин энэ удаад Бээжингээс шууд Сөүлд хүрэлцэн очлоо. Энэ айлчлал нь Өмнөд Солонгос, Хятадын харилцааг сайржуулахад чухал ач холбогдолтой юм. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгосын эсрэг зарим хоригийг цуцлана

Япон Засгийн газар нь БНАСАУ-ын эсрэг тавьсан зарим хоригоо цуцлах шийдвэр гаргалаа. Энэ тухай Японы Ерөнхий сайд Шинзр Абэ албан ёсоор мэдэгдэн хэлэхдээ “Бид арга хэмжээ авсаны хариуд мөн арга хэмжээ авч байна. Энэ бол зөвхөн эхлэл. Энэ асуудлыг бүрэн шийдэхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэв. Хойд Солоносын эрх баригчид 1970-1980-аад оны үед алга болсон Японы иргэдийн асуудлыг нягтлан үзэхээр болжээ. Тиймээс ч үүний хариуд ийм арга хэмжээ авсан байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Хурдан морины бүртгэл 9-нд эхэлнэ

Хурдан морины салбар хорооноос Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж буй талаар мэдээлэл хийлээ.  Энэ жил хурдан морины бүртгэл 9-нд эхлэх аж. Харин хурдан морь унах хүүхдийн тухайд хуулийн дагуу 7-16 насны хүүхдээр унуулах бөгөөд ингэхдээ даатгал, гэрээ, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах ёстой. Бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ болон бусад баримт бичгийг тулгах тул энэ тал дээр асуудал гарахгүй хэмээн Хурдан морины салбар хорооны гишүүн Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа мэдээлэв.

Уралдаанд оролцох морьдын сэрвээний өндрийг хэмжиж үзэх аж. Тодруулбал, сэрвээний өндөр

-Азарга, соёолон 140 см,

-Их нас 141 см,

-Хязаалан 137 см,

-Шүдлэн 132 см,

-Даага 127 см дээш байвал тухайн насанд уралдуулахгүй.

Мөн хурдан морины гарааны уртыг сунгасан тул гараанаас морьд олон давхарлаж гардаг явдал гарахгүй гэнэ. Түүнчлэн наадамчин олныг уйдаахгүй байх үүднээс “Морьтны тоглолт”, “Шүхрийн буулт” үзүүлбэрүүд үзүүлэх аж. Наадамчин олонд зориулан өмнөх жилүүдээс 5000 автозогсоол илүү байхаар зохион байгуулсан билээ.

Энэ жил хурдан морины уралдаан уламжлалт ёсоор 10-нд хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз морьдын уралдаан болох юм. Мөн долдугаар сарын 13-нд уяачдын наадам, холч болон жороо морьдын уралдаан болно.

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдийг нүүлгэжээ

Баянгол дүүрэгт 28 иргэн, аж ахуй нэгж хоёрдогч түүхий эдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Харин тус дүүргийн Мэргэжлийн хяналт хяналтын хэлтэс, “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-той  хамтран хоёрдогч түүхий эд авдаг зарим цэгүүдийг нүүлгэжээ. Тухайлбал сургууль цэцэрлэгтэй ойрхон 12 цэгийг нүүлгэж, таван цэгийн үйл ажиллагааг зогсоож, нэг цэгийг стандартын шаардлага хангасан газарт шилжүүлсэн байна. Мөн дүүргийн 20 дугаар хороонд төмөр хүлээж авдаг нэгдсэн цэг байгуулахаар төлөвлөж, тус хорооны 640м2 газрыг сонгон, тохижилт хийхээр хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэрлэхээр болжээ. 

Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн осол хамгийн их гардаг замын судалгаа гарлаа

Аймгуудын Мэргэжлийн хяналтын
газраас ирүүлсэн судалгаанаас харахад 2013 он, энэ оны эхний дөрвөн сарын
байдлаар улсын болон орон нутгийн чанартай зам, гүүрэнд 638 осол гарч 68
хүн амиа алдан 90 гаруй хүн гэмтжээ. Мэргэжлийн хяналтын
байгууллагаас дээрх авто зам, гүүрүүдийн төлөв байдал, ашиглалт, засвар
арчлалтай холбоотой улсын байцаагчийн 44 дүгнэлт, 12 албан шаардлага, 9 акт
тогтоож, төрийн захиргааны холбогдох байгууллагуудад 11 албан бичиг хүргүүлэн,
жолооч, зорчигчдод анхааруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан
байна. Зам огцом эргэлттэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зорчих хэсэг
эвдэрсэн, хальтиргаатай, ус зайлуулах байгууламж ажиллаагүй, далан сэтэрсэн
зэрэг нь осол гарах нөхцөл болж байна. Мөн жолооч нар хурдаа тохируулдаггүй,
согтуугаар тээврийн хэрэгсэл барьдаг, хориглосон газарт гүйцэж түрүүлдэг,
гүүрийн даац хэтрүүлдэг зэрэг нь нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд том оврын тээврийн
хэрэгсэл норм, дүрмээс хэтэрсэн ачаа тээвэрлэж байгаа нь зам, гүүр эвдэлж
байна. 

Улсын хэмжээнд дараах газруудад авто
зам, замын байгууламжуудын ашиглалтын байдал хэвийн зорчих нөхцлийг
хангаагүйгээс осол  их гарч байна.  

  • Баянхонгор-Арвайхээр чиглэлийн замын Өлзийт сумын
    Цагаан хөтөлийн замын уруу, огцом эргэлттэй газарт 2010 оноос хойш 34 осол
    гарч 11 хүн барсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын байцаагчийн
    дүгнэлт, албан тоотыг Зам, тээврийн яам, бусад холбогдох газарт хүргүүлж,
    Замын цагдаагийн постыг шилжүүлэн Цагаан хөтөлд байрлуулсан. Уулзварын
    өөрчлөлтийн зураг төслийг боловсруулсан бөгөөд зам тавихад шаардагдах
    хөрөнгийг шийдвэрлэх хэрэгтэй.
  • Сэлэнгэ аймгийн Шаамар-Зэлтэр чиглэлийн замд засвар
    арчлалт тогтмол хийдэггүй, том оврын тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэн
    зорчсоноос 2013 онд 7 осол гарсан. Энэ чиглэлийн гүүрүүдэд засвар,
    арчлалтын ажил хийх шаардлагатай. Ерөө голын 153 у/м, Түнхэлийн 134,5 у/м
    модон гүүрэнд их засвар хийгдээгүйгээс хэвийн зорчих нөхцөл нөхцөл
    алдагдаж байна.
  • Өмнөговь аймгийн Гашуун сухайт-Шивээ хүрэн боомтын
    чиглэлийн зам зориулалтын бус, тоосжилт ихтэй, үзэгдэх орчин муу, хурд
    хэтрүүлснээс 2013 он, 2014 оны 4 сарын байдлаар 19 осол бүртгэгдсэн.
  • Төв аймгийн нутаг дэвсгэр дэх замд 324 осол
    бүртгэгдсэн. Мөнгөнморьт, Батсүмбэр, Алтанбулаг сумын нутаг дахь модон
    гүүрүүд их эвдэрч тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцөл алдагдаж байгаад
    Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргаж, акт тогтоон холбогдох
    газруудад хүргүүлсэн.
  • Улаанбаатар-Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн замд
    10 гаруй жил их засвар хийгдээгүйгээс ихэнх хэсэгт эвдрэл гарч шаардлага
    хангахгүй болсон. Улаанбаатар-Зуунмод чиглэлийн зам 1983 онд ашиглалтанд
    орсноос хойш их засвар хийгээгүй, тээврийн хэрэгслийн овор хэмжээ, тоо
    нэмэгдэж байгаа. Энэ замд он гарсаар 9 осол гарч 5 хүн нас барсан.
  • Чойр- Сайншанд-Замын-Үүд чиглэлийн замын туслах замаас
    төв зам руу орох үзэгдэх орчин хязгаарлагдмал, шулуун замд хурд
    хэтрүүлснээс осол их гардаг. Түүнчлэн Замын-Үүд-Улсын хил чиглэлийн замд
    2013, 2014 онд 77 осол бүртгэгдсэн.
  • Дархан-Эрдэнэт чиглэлд Их хөшөөтийн давааг давж Эрдэнэт
    рүү уруудах зам,  Бага хөшөөтийн даваанд зам, тээврийн 13 ноцтой осол
    гарч хүний амь эрсэдсэн. Орхон аймгийн Шанд, Рашаант баг чиглэлийн замыг
    барихдаа трасст орсон айл, хашаа байшинг бүрэн нүүлгэж чадаагүй. Үүнээс
    болж замын чигийг өөрчилж, замын хаалт, хашлага хийгээгүй нь зам, тээврийн
    35 осол гарахад хүргэсэн. Хуучин тээврийн товчооны болон Тасгийн төмөр
    бетон гүүр 2012 онд  байгалийн гамшигийн үеэр эвдэрснийг Мэргэжлийн
    хяналтын байгууллага засварлуулсан.
  • Булган аймгийн Гурванбулаг сумын орчимд үерийн улмаас
    замын далан сэтэрч машин онхолдон 1 хүн нас барсан. Булган сумын Зүүн
    түрүүний 18 у/м, Мааньт, Ацын голын 8 у/м модон гүүрний бүтээц эвдэрсэн,
    Хангал сумын нутагт гүүрийн хайс, хаалт байхгүйгээс осол гарсан байна.
  • Архангай аймагт 38 осол гарч, 27 хүн нас барж, 30 хүн
    гэмтсэн. Иймээс зам, тээврийн осол их гардаг “Хар цэг”-ийнсудалгааг Замын
    цагдаагийн тасагтай хамтран гаргаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай
    хамтран дүгнэлт өгч Зам, тээврийн яаманд хүргүүлсэн. Ашиглалт, засвар
    арчлалт хариуцсан компаниудаар эвдрэлийг засварлуулсан.  
  • Хөшөөт-Ярант чиглэлийн зам, Жаргалант сумын Талын
    хашааны гудамжны замд 6 осол гарч 8 хүн нас барсан. Дөргөн сумын Чоно
    харайх голын модон 46,8 у/м гүүрийн тулгуур, зорчих хэсэг эвдэрсэн учир
    улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, хөдөлгөөнийг хориглосон.
  • Өвөрхангай аймгийн Арвайхээрээс Улаанбаатар-Баянхонгор,
    Хархориноос Хужирт-Цэцэрлэг-Өгийн нуур чиглэлийн замын үзэгдэх орчин
    хангалтгүй, огцом эргэлттэй, огцом өгсөх, уруудах хэсэгтэй, 4 замын
    уулзвар зэрэг газарт 2013 оноос хойш 79 осол бүртгэгдсэн. Хөнөгийн голын
    19 у/м, Онгоцтойн амны 105 у/м, Цагаан голын 27 у/м, Онгийн голын 46 у/м,
    Аргуйн голын 20 у/м модон гүүрний модон бүтээц эвдэрсэн, уул уурхайн
    тээврийн хэрэгсэл даац хэтрүүлэн зорчдогоос цөмөрсөн. Актаар хөдөлгөөнийг
    хязгаарлан цаашид засварлах арга хэмжээг авах  дүгнэлтийг холбогдох
    газруудад хүргүүлсэн.
  • Мөрөн-Хатгал чиглэлийн замд 2013 онд үерийн улмаас 500м
    орчим  хэсэгт хучилт бүрэн эвдэрсэн, 4,5км хэсэгт замын хажуугаар 2м
    гүнтэй гуу жалга үүссэн.  Улсын байцаагчийн дүгнэлтийг ЗТЯ-нд
    хүргүүлэн холбогдох арга хэмжээг авсан. 
  • Увс аймгийн Улаангом-Хандгайт чиглэлийн замын уруу
    хэсэгт өндөр далантай, огцом эргэлт тойрог ихтэй, өгсүүр, эгц уруу газарт
    хурд хэтрүүлснээс осол гарч байна. Дээрх чиглэлийн гүүрүүдийн ашиглалтад
    шалгалт хийн улсын байцаагчийн 6 дүгнэлт гаргаж, ЗТЯ-нд хүргүүлсэн. Завсар
    шинэчлэлтийн зураг төсөл боловсруулж Түргэний голын гүүрийн засварын ажлыг
    хийлгээд байна.
  • Чингис хаан-Чойбалсан, Чойбалсан-Баяндун чиглэлийн замд
    6 осол гарснаас гадна Хэрлэн голын модон гүүр байнга эвдэрдэг.
  • Өлгийгээс Ховд чиглэлийн замын Бураатын даваа,
    Цагааннуур чиглэлийн замын Шинэ даваа, Увс чиглэлийн Бугын хөтөл, Даян
    чиглэлийн замын Ачит булгын даваа зэрэг газарт замын нөхцөл байдал
    хангалтгүй, Улаагчины 9 у/м, Булганы голын 45 у/м, Бага хуурайн голын 30,3
    у/м, Согоогын голын 19 у/м модон гүүрүүд, Сагсайн голын 96,8 у/м, Бураатын
    горхийн 18 у/м төмөр бетон гүүрэнд  урсгал засвар хийгээгүй, хүнд
    даацын тээврийн хэрэгсэл даац хэтрүүлэн зорчсоноос эвдрэл гарч, ашиглалтын
    байдал муудсан.

 

Үүнээс болж тээврийн хэрэгслийн хэвийн зорчих нөхцөл
алдагдаж байна.

Цаашид төрийн болон орон нутгийн
захиргааны байгууллагууд дээрх нөхцөл байдлыг судлан, авто зам, замын
байгууламжийн ашиглалтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох
арга хэмжээ авч, авто тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцлийг хангаж, зам,
тээврийн ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.  Жолооч, иргэд та
бүхэн холын замд явахдаа хурд хэтрүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
нь өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлээс хамгаална гэдгийг Мэргэжлийн
хяналтын байгууллага анхааруулж, зөвлөж байна.

 

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

З.Энхболд: Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг өнөөдрийг хүртэл УИХ-д оруулж ирсэнгүй

2014 оны хаврын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Улсын Их Хурлын дөрөв дэх удаагийн ээлжит чуулган өнөөдөр өндөрлөж байна. Хаврын чуулган ажлын 62 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг 29 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 108 удаа хийсэн байна.

Хаврын чуулганы хугацаанд УИХ-ын даргын урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн тэргүүтэй төлөөлөгчид, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Миний бие хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ эдийн засгийн бодит секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн зээлүүдийг цаг алдалгүй эргэлтэд оруулах, олон жил царцсан хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн зөвшөөрөгдсөн газарт олгох, аж ахуйн нэгжийн орлогын татварыг нэг шатлалтай болгох, “Хамтын тэтгэврийн” тухай хуулийг хэлэлцэж батлах, төрийн өмчийн менежментийг боловсронгуй болгож 2014 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтыг батлах, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг батлуулж, төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бондын эх үүсвэрүүдтэй уялдуулахад анхаарлаа хандуулж ажиллахыг чиглэл болгосон. Хаврын чуулганаар 106 хууль, тогтоол, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл хэлэлцэж баталсаны 10  бие даасан хууль, 61 нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 4 хүчингүй болгох тухай, 4  гэрээ соёрхон батлах тухай хууль, 27  Улсын Их Хурлын тогтоол байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, “Соёлын өвийг хамгаалах тухай”, “Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Малын индексжүүлсэн даатгалын тухай”, “Шилэн дансны тухай”, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай”, “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоол зэрэг эдийн засгийн чухал ач холбогдолтой хууль тогтоолуудыг баталлаа. Түүнчлэн Амгалангийн дулааны цахилгаан станцын угсралтын ажлыг гүйцэтгэх тоног төхөөрөмж, Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төлөх хугацааг 2 хүртэл жилээр сунгах тухай хуулиудыг баталж их бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх нөхцлийг бүрдүүллээ.

“Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай”, “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай”, “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл, нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулиудыг баталлаа.

Хаврын чуулганы хугацаанд “Хяналтын тухай”, “Газрын тосны тухай”, “Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон “Чиглэл өгөх тухай” зэрэг хэд хэдэн хууль, тогтоолын төслүүд эргэж буцаж цаг хугацаа ихээхэн алдлаа. Энэ нь Засгийн газраас өргөн баригдсан зарим хууль, тогтоол дутуу дулимаг боловсрогдсон төдийгүй УИХ дахь нам, эвслийн бүлэг, гишүүдийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгаатай холбоотой байна. Нөгөө талаар хаврын чуулганы хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган болон Байнгын хорооны хурлаар хэлэлцсэн 16 асуудлаар АН-ын бүлэг 3 удаа 15 хоног, МАН-ын бүлэг 9 удаа 37 хоног, МАХН-МҮАН-ын “шударга ёс” эвслийн бүлэг 4 удаа 16 хоног нийтдээ 16 удаа 68 хоногийн завсарлага авсан нь зарим хууль, тогтоолыг цаг хугацаанд нь шийдвэрлэхэд хүндрэл учруулсан гэдгийг тэмдэглэж байна.

УИХ төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа инфляцийг энэ оны эцэст 8 хувьд байлгаж, улмаар 2015-2016 онд 7 хувьд хүргэн дунд хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байх нөхцлийг бүрдүүлэх зорилт тавьсан. Гэвч энэ оны 5 дугаар сарын байдлаар инфляци 13.7 хувьтайгаас харахад энэ зорилт биелэх боломж бага байна. Гадаад валютын орлого төсөөлж байснаас илүү багасч, төсвийн орлого төвлөрүүлэлт тасалдаж, бодит салбарт олгосон зээлийн чанар муудах төлөвтэй байна.

Урсгал тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар буюу 728.2 сая ам.доллараар буурч, 580.5 сая ам.долларын алдагдалтай байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан өнөөдрийн нөхцөлд уул уурхайн салбарын өсөлтөөр дэмжигдсэн эдийн засгийн өндөр өсөлтийг хэвээр хадгалах гэж оролдсон нь төлбөрийн тэнцэл алдагдах, төгрөгийн ханш унах, инфляци нэмэгдэх үндэс болсон байна. Иймээс макро эдийн засгийн бодлогоо хатууруулах чиглэлд бодлого хэрэгжүүлж, нийлүүлэлтийг хязгаарлах шаардлага тулгарч байна.

Зээл олголтыг хязгаарлах нь бодит эдийн засагт, тэр тусмаа иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүнд тусна гэдгийг ойлгож байгаа ч эдийн засгаа бүхэлд нь хямралд оруулахаас арай дээр хувилбар гэж үзэж байна. Иргэд, аж ахуйн нэгж үүнийг ойлгож, богино хугацаанд тулгамдаж байгаа эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван туулахын төлөө сэтгэл, зүтгэл нэгтэй ажиллана гэдэгт итгэж байна. Гэхдээ бага, дунд орлоготой иргэдийн ажлын байр, бодит орлогыг хамгаалах, дотоодын үйлдвэрлэл болон үндэсний компаниудын тогтвортой хөгжих орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогоо эрчимжүүлэх шаардлага нэмэгдэж байгааг анхаарч ажиллах нь зүйтэй.

Засгийн газрын тэвчиж болох зардал, төсвөөс эргэн төлөгдөх хөрөнгө оруулалтыг төсвийн гадуурхи Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ажлыг үргэлжлүүлсээр байвал төлбөрийн  тэнцэл улам муудаж, хямралыг бодитойгоор бий болгох магадлал байна. Засгийн газар Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу жил бүрийн хаврын чуулганд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг УИХ-д оруулж батлуулах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл энэ жагсаалтыг УИХ-д оруулж ирсэнгүй. 

Судлагаанаас үзэхэд Хөгжлийн банк ДНБ-ний 5 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг төсвийн гадуур зарцуулсан байгаа. Хэрэв энэ байдал үргэлжилж Хөгжлийн банкны дансан дахь 1.0 тэрбум ам. долларын бондын хөрөнгөөр Хөгжлийн банкин дахь хүлээгдэж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлбэл төсвийн нийт алдагдал ДНБ-ний 10 хувьд хүрэхээр байна. Тиймээс Хөгжлийн банкнаас хийж байгаа “Чингис”, “Самуурай” бондын санхүүжилт, тэдгээрийн зардал, төсвийн шинж чанартай бүх үйл ажиллагааг нэгдсэн төсөвт тусгаж, нийт төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан түвшинд хүртэл үе шаттайгаар буулгах бодлогоор төсвийн тодотголыг боловсруулж 8 дугаар сард УИХ-д оруулж ирэх хэрэгтэй.

Цаашид Засгийн газар бондын хөрөнгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид заасан зарчмаар зарцуулж, түүний хэрэгжилтэд УИХ-ын холбогдох Байнгын хороод анхаарал хандуулж хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

Эдийн засагт учирч байгаа хүндрэлийг даван туулах, цаашид тасралтгүй өсгөх таатай нөхцлийг бүрдүүлэхэд санхүүгийн салбарын тогтвортой байдал чухал ач холбогдолтой. Ялангуяа банк, санхүүгийн салбарын хяналт шалгалтыг улам чангатгаж, уламжлалт бус замаар олгогдсон эрсдэл үүсгэж болзошгүй байгаа зээлийн томоохон багцад дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Түүнчлэн зээлийн чанар нь муудаж байгаа салбарын зээлийг хязгаарлахад анхаарах нь зүйтэй. Гадаад валютын зээлийн зохистой бус харьцааг өөрчлөх, валютын зээлийг бүхэлд нь зохицуулах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Монголбанк санаачилга гарган ажиллавал зохино.

  Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурал 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хугацаа тодорхой учраас хэрэгжилтийг хангахад анхаарлаа хандуулж ажиллахыг Та бүхэнд уриалж байна. УИХ-аас шалтгаалах асуудал гарвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага гарахыг ч үгүйсгэхгүй байна. Хамгийн гол нь Засгийн газар ажил, амралтаа зохицуулж “ЭЗЭН-100” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө цаг хугацаа алдалгүй идэвхитэй ажиллах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.

Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы ажиллагааг хаасныг мэдэгдье.

Categories
мэдээ нийгэм

NBA-гийн төлөөлөгч Марк Аронсон ирнэ

Монгол Улсад NBA-гийн тоглолт албан ёсны эрхийн дагуу цацагддаг болоод таван жил болж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд Монголын сагсан бөмбөг сонирхогчдын тоо нэмэгдсэн нь дамжиггүй. Энэ удаа МСБХ-ны урилгыг NBA-гээс нааштайгаар хүлээн авч, Event буюу арга хэмжээ хариуцсан ахлах Дэд Ерөнхийлөгч Марк Аронсон долдугаар сарын 10-12-ны хооронд манайд хүрэлцэн ирэхээр болжээ. Тэрээр сагсан бөмбөгийн наадамд хүндэт зочноор оролцон, 2015 онд томоохон арга хэмжээ зохиох боломжтой эсэхийг судалж шийдэх юм байна. Ноён Аронсон нь NBA-гийн олон улсад зохион байгуулагддаг бүхий л арга хэмжээг хариуцдаг гэнэ.  Мөн “Basketball Without Borders” олон улсын томоохон хөтөлбөрийг дэлхийн өнцөг булан бүрт явуулахад голчлон шийдвэрийг гаргадаг эрхэм ажээ.

Сагсан Бөмбөгийн фэнүүдийг долдугаар сарын 10-нд ҮЦХ-ийн сагсан бөмбөгийн талбайд цуглаж  Монголын сагсан бөмбөгийн хөгжилд маш том түлхэц болох энэ ажлыг дэмжихийг уриалжээ.

Categories
гадаад мэдээ

Хонконгт 511 хүнийг баривчилжээ

Хонконгт ардчиллыг дэмжигчид мягмар гаригт жагсаал зохион байгуулжээ. Тэр үеэр цагдаа нар хоморголон баривчлах ажиллагааг явуулсан байна. Хууль сахиулагчид хууль бусаар жагсаал зохион байгуулсан, хэв журам сахиулахад саад хийсэн гэх хэрэгт сэжиглэн 511 хүнийг баривчилсан аж. Тэднийг баривчлах үеэр зарим нь цагдаа нарт эсэргүүцлээ илэрхийлжээ. Таван километр үргэлжилсэн жагсаалд ойролцоогоор 100 мянган хүн оролцсон аж. Гэвч жагсаалыг зохион байгуулагч хорооноос 510 мянган хүн жагссан гэж мэдээлжээ.  

55 жил Британийн колони байсан Хонконгийг 1997 онд Хятадын харьяанд шилжүүлсэн гэдэг. Энэ үеэс эхлэн жил бүр нутгийн иргэд Бээжингийн эрх баригчдаас сонгуулийн бүрэн эрх олгохыг шаардан жагсч ирсэн. Энэ удаагийн жагсаалын үеэр хотын төв талбайд олон хүн суулт зарлажээ. Ардчиллын төлөөх тэмцэгчид чөлөөт сонгууль явуулж, даргаа өөрсдөө сонгохыг эрмэлзэж буй аж. Үүнтэй холбоотой бүх нийтийн санал асуулгыг өнгөрсөн долоо хоногт явуулсан юм. Санал асуулгад 800 мянган хүн оролцсон нь оршин суугчид ардчиллыг хэрхэн дэмжиж буйг харуулсан юм. Хонконгчууд  2017 онд болох сонгуулийг нээлттэй явуулахыг шаардаж буй. Одоогийн байдлаар засаг захиргаа нь Хятадын эрх баригчдын хараа хяналтад байгаа. Тиймээс тус бүс нутагт ардчилсан зарчмыг мөрдөхийг дэмжсэн нь Бээжинг сандаргаад авчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол туургатны бүжгийн наадам болно

Энэ сарын 10-13-ны хооронд “Монгол туургатнуудын бүжгийн их наадам” зохиогдохоор болжээ. Наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид оролцох юм байна. Мөн ОХУ-ын Буриад, Тува улс, ӨМӨЗО-ы бүжигчид ирэх ажээ. Энэхүү наадмыг Монгол Улсын Засгийн газрын ивээл дор ССАЖЯ, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол улсын 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын  хэмжээнд зохион байгуулж байгаа ба наадмын нээлтийн ажиллагаан дээр тоглож сонирхуулах ажээ.