Categories
арын-нүүр булангууд мэдээ

Адгууг биш аажууг нь сонгож үйлчлүүлье

Автобусны талаар “Нисдэг авс”, “Уралддаг байшин” зэрэг онигоо ч гэх юм уу, сэрэмжлүүлэг ч гэмээр юм уу янз бүрийн хэллэг бий болжээ. Автобус хүн мөргөсөн, онхолдсон, өөр машинтай мөргөлдсөн гэх зэрэг таагүй мэдээлэл салахаа больсноос энэ яриа гарсан байх. Саяхан Сүхбаатараас ирж байсан автобус осолдож зургаан хүн амиа алдаж, олон хүн гэмтсэн. Тэгтэл уржигдар Налайхаас ирж явтал Сүхбаатар гэсэн хаягтай автобус эсрэг урсгал руу орчихсон хурдтай давхиж яваатай таарлаа. Өгсүүр зам учраас гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэгтэй л дээ. Ерөөсөө л өгсүүр явж байгаад тонгойтол эсрэг урсгалаар хурдтай автобус ороод ирж байгаа юм. Ийм адгуу, яаруу жолооч нараас болж осол гардаг. Нарийн зам дээр, гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг байсаар байхад чөлөө гаруут эсрэг урсгалаар давхиж адгасан тэр жолооч тавь шахам хүний амийг дааж яваагаа мартталаа яарсан гэж үү. Өөрийнх нь унаган араншин нь тэр. Жолоо барьж явахад зарим хүний адгуу, бусдаас илүү гарах гэсэн жөтөөч, дээрэлхүү зан илэрдэг. Хувь хүний ийм ааш авираас болж олон хүн хохирдог нь харамсалтай. Тиймээс нийтийн тээврийн компаниуд жолоочоо сонгохдоо олон жил машин барьсан гэхээс илүүтэй ааш занг нь судалдаг болмоор байна. Сэтгэлзүйчээр сориулсан ч яахав. Аливаад тайван хүлээцтэй, уужуу хандаж байгаад нь олон хүний амийг даатгая. Хүмүүс ч гэсэн холын замд явахдаа суух унааныхаа жолоочийг хэсэг хугацаанд ажиглахад илүүдэхгүй. Эд зүйлээ шидлээд л, сандарч мэгдээд байвал дараагийн унаагаа хүлээхэд өлзийтэй. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ спорт

А.Энхтуул их мастерын болзол хангалаа

Шатрын Олон улсын мастер А.Энхтуул их мастер цолны болзлыг биелүүлжээ. Тэрбээр гурван баллтай болж, рейтинг нь 2300 хүрсэн байна. Улмаар Шатрын спортын их мастер цолны болзлыг хангаад байгаа аж. Манай улс Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг гэсэн хоёр эмэгтэй их мастертай. Харин А.Энхтуул гурав дахь их мастер болж байна.  Түүний цолыг ирэх наймдугаар сарын 14-нд Норвегийн Тромсо хотод болох ФИДЕ-гийн конгрессоор албан ёсоор баталгаажуулах юм байна.

Categories
мэдээ спорт

Наадамд барилдах бөхчүүдийг 9, 10-ны өдрүүдэд бүртгэнэ

Их Монгол Улс байгуулсны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн улсын баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Наадамд зодоглох хүчит бөхчүүдийн бүртгэл долдугаар сарын 9,10-нд 10.00-18.00 цагийн хооронд болох юм байна. Энэ жил хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 512 бөх барилдана.

Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр Монгол бөхийн өргөөнд очиж бүртгүүлэх ёстой бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Х.Баттулга гишүүнд хандан мэдэгдэл гаргаж, зарим асуудалд тайлбар хийв

Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн Х.Баттулгад хандан мэдэгдэл гаргаж, зарим асуудалд тайлбар хийв.

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаар энэ удаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг олны анхаарлын төвд байгаа зарим асуудлуудад тайлбар өглөө. Тодруулбал, 2010 онд УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын дагуу манай улс гурван чиглэлд шинээр төмөр зам тавих ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг ч км зам бариагүй. Царигийн маргааны улмаас удааширсан энэ ажлыг Засгийн газар зоригтой урагшлуулж, төмөр замын бүтээн байгуулалтад “Чингэс” бондын хөрөнгөөс 200 гаруй сая ам.доллар зарцуулаад байна гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолж байв. Тэрчлэн ирээдүйд хоёр хөрш рүү долоон цэгээр төмөр замын тээвэрлэлт хийх боломжтойг дурдсан. Зорилтоос зөвхөн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын төмөр замын ажил л урагшилж байгаа. Хятадын тал цаанаас Ганц модны боомт хүртэл төмөр зам тавьчихсан, харин манайх ачаа тээвэрлэх замын царигийн асуудлаа шийдвэрлэлгүй дахиад хойшлууллаа. Иймээс УИХ-ын намрын чуулган хүртэл Засгийн газар хөрш орнуудтай хийх хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Шинээр тавих төмөр замаар зөвхөн Хятад улс руу биш далайн эрэг хүртэл ачаа тээвэрлэх учраас хөрш орны газар нутгаар явах маршрут, төлөх татвар хураамж, тээврийн зардал гэх мэт олон асуудлыг нарийвчлан хэлэлцэж тогтоох шаардлагатай гэдгийг ч хэлж байсан. 

Түүний ярьсан дараагийн зүйл нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын Ерөнхий сайдад хаягласан ил захидалтай холбогдуулан мэдэгдэл гаргаснаа танилцуулсан. Тэрээр “Харилцаа холбооны салбарт ZTE, Huawei компаниудын  тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглах” тухай шийдвэр 2009 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу ажил нь хийгдэж дууссан болно. Эрхэм гишүүн таныг 2008 оноос Зам, тээврийн сайдаар дөрвөн жил ажиллахдаа УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан төмөр замын бодлогыг манай Засгийн газар огтхон ч зөрчөөгүй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн нь шууд гадагшаа гарах зарим боомтод нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын дагуу УИХ-д өргөн мэдүүлээд байна. “Банк оф Чайна”-гийн салбарыг Монголд байгуулах асуудал Засгийн газрын түвшинд огт яригдаагүй болно. “Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан “Газрын тухай багц хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэхийг зөвшөөрсөн заалт тусгасан мэтээр мушгин гуйвуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг төөрөгдүүлэх зохион байгуулалттай аян эхэлсэн тул энэ хуулийн төслийг эргүүлэн татсан. Засгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хор хохирол учруулах ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд ийм шийдвэр хэзээ ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээжээ. 

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “ЭЗЭН-100” хөтөлбөрт тусгасан эрх зүйн гол гол зохицуулалтаа УИХ-ын хаврын чуулганаар батлуулж чадсан, орон сууцны найман хувийн зээл хэвийн үргэлжилж байгаа. Импортыг орлож, экспорт нэмэх 888 төслөөс одоогийн байдлаар арилжааны банкуудын шаардлага хангасан 20 гаруй төсөлд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосон, энэ ажил хэвийн явагдаж байна. Төрийн өмчит нэр бүхий 22 компанийг энэ сард багтаан хувьд шилжүүлнэ гэх мэтийг дурдсан юм.

Л.ТӨР

Categories
мэдээ спорт

Н.Түвшинбаяр “Чингис хаан Гранпри”-д зодоглохгүй

Жүдо бөхийн “Чингис хаан Гранпри” тэмцээн маргааш Буянт-Ухаа спортын ордонд 11.00 цагт эхэлнэ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 16.00 цагт эхлэх бол финалын барилдаан 17.00 цагаас тус тус явагдана.

Өнөөдөр тэмцээний албан сугалаа явагдлаа.

-100кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр байсангүй. Энэ талаар МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбатаас тодруулахад “Н.Түвшинбаяр гэмтэл авсан учраас энэхүү тэмцээнд зодоглох боломжгүй болсон. Үүнд бид маш их харамсалтай байгаа. Гэхдээ гэмтлийн хувьд хэсэг хугацааны дараа бүрэн эдгэрэх боломжтой” гэсэн хариултыг өглөө.

Лондонгийн олимпийн -100кг-д алтан медаль авсан ОХУ-ын тамирчин Тайгер Хайбулаев энэхүү тэмцээнд зодоглох юм.  

Эх сурвалж news.gogo.mn

Categories
мэдээ нийгэм

“Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийг бэхжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант улсын Засгийн газар хооронд байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн барихаар тогтлоо.  

2014-2016 онд хэрэгжүүлэх энэ төсөл Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнүүдийг нь сургаж дадлагажуулна.

Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 6,4 сая еврогийн 59,4 хувийг Бельгийн Засгийн газрын хүүгүй, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

“Оюу Толгой”-н оролцоог нэмэгдүүлсэн гэрээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар, “Оюу Толгой” ХХК хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулахыг зарчмын хувьд дэмжиж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нарт олгохоор тогтлоо.

Өмнөд бүсийн эрчим хүчний системийг байгуулахад стратегийн онцгой ач холбогдолтой “Тавантолгойн цахилгаан станц” барих төсөлд тус станцын үндсэн хэрэглэгч болох “Оюу Толгой” ХХК-ийн оролцоо их тул хоёр талын хамтын ажиллагааг энэ гэрээгээр зохицуулна.

Засгийн газар, “Оюу Толгой” ХХК-ийн хооронд 2009 онд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 7.3-т заасны дагуу Оюутолгойн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор эрчим хүчний хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс хангах үүрэг хүлээсэн. Дээрх гэрээг байгуулснаар “Оюу Толгой” компани энэ үүргээ биелүүлэх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

“Хөрөнгө оруулалтын сан” байгуулна

Монгол Улсын Их Хурал Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 оны 10 дугаар сард баталсан бөгөөд цаашид хэрэгжилтийг хангаж ажиллах нь санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин, макро эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Мөн Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс эдийн засгийн үр ашигтай хөгжлийн санхүүжилт хийх “Хөрөнгө оруулалтын сан” үүсгэн байгуулах тухай зөвлөмж болгосон тул Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажлыг эхлүүлэхэд эхний ээлжинд Засгийн газар тус санд Хөгжлийн банкаар дамжуулан хөрөнгө оруулах урьдчилсан шийдвэр гаргах шаардлагатай гэж үзжээ.

Энэ шийдвэрийн үндсэн дээр анхдагч хөрөнгө оруулагчаар оролцуулж болох олон улсын хөгжлийн банкуудтай яриа хэлэлцээг эхлүүлэх юм. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын санд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээтэй адил дүнг бусад хөрөнгө оруулагч нар оруулах бөгөөд санг үүсгэн байгуулах үйл явц 3 сар орчим үргэлжилнэ гэж тооцоолж байна.

Хөрөнгө оруулалтын санг байгуулснаар Засгийн газраас оруулсан хөрөнгийн дүнг хөшүүрэг болгон ашиглаж бусад хөрөнгө оруулагч, хөгжлийн банкнаас хамгийн багадаа 5 дахин их хэмжээтэй тэнцэхүйц хөрөнгийг босгох боломжтой. Мөн хөрөнгийг зээлээр бус хөрөнгө оруулалт хэлбэрээр татах учраас өрийн таазны хувьд дарамт учрахгүй, ам.долларын дотогш чиглэсэн урсгал орж ирэх учраас төгрөгийн ханш чангарна, бүтээн байгуулалтын төслүүд санхүүжилтийн эх үүсвэртэй болно, санхүүгийн зах зээлийн зөв, тэнцвэртэй бүтэц бүрэлдэх боломж нээгдэнэ зэрэг олон эерэг үр дүн гарна.

Засгийн газрын өчигдрийн /VII.02/ хуралдаанаар “Хөрөнгө оруулалтын сан” үүсгэн байгуулах тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Үүнтэй холбогдуулан Олон улсын санхүүгийн байгууллагатай хэлэлцээр хийж хөрөнгө оруулалтын сангийн эхний үе шатыг хэрэгжүүлэх зорилгоор 100 сая ам.долларын хэмжээтэй санхүүгийн амлалт гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Эхний үе шатны ажлын хэрэгжилтийн үр дүнд олон улсын санхүүгийн байгууллагын санхүүгийн амлалтын хэмжээ 200 сая ам.долларын хэмжээнд хүрсэн тохиолдолд Засгийн газарт танилцуулж, санхүүгийн амлалтыг хэрэгжүүлэх эх үүсвэрийг батлуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

Categories
гадаад мэдээ

Елена Исибаева охинтой болжээ

Олимпийн хошой алтан медальт, дэлхийн таван удаагийн аварга, өндрийн харайлтын алдарт тамирчин Елена Исинбаева өнгөрсөн бямба гаригт охинтой болжээ. Тэрээр Монако хотноо нярайлж,  3.8кг бяцхан гүнжтэй болсон байна. Хөнгөн атлетикийн домогт тамирчны энэхүү баярт үйл явдал түүний багш Евгений Трофимовын 70 насны өдөртэй давхацсан ажээ. Хөнгөн атлетикийн спортоор ОХУ-ын нэрийг олон жил гаргасан Елена Исибаева жил гаруйн өмнө зодог тайлахаа мэдэгдээд  байсан. Гэхдээ түүнийг үр хүүхэдтэй болж, гэр бүлийн амьдралаа төвхнүүлсний дараа  2016 оны олимпод оролцох байх гэсэн таамаглал бий. Елена Исибаева ч өөрөө үүнийг үгүйсгэхгүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Ховд” их сургууль халдлагад өртжээ

Кинонд гардаг шиг үйл явдал Ховд аймагт болжээ. Учир нь өнгөрсөн баасан гаригийн шөнө тус аймгийн “ Ховд” их сургуулийн байранд баг зүүж, малгай, бээлий, өмссөн хар хувцастай хүн нэвтэрч, сүлжээнийх нь утсыг таслан бензин цацан гал тавьсан байна. “Ховд” их сургууль хичээлийн 2 байртай. I байр нь байнгын харуултай байдаг бол II байрыг шөнийн цагаар сахиул айл хардаг юм байна. Хэрэгтэн эхнээсээ бүх зүйлийг төлөвлөн, II байрыг сонгосон бололтой. Тухайн үед сургуулийн захирал Ж.Янжмаа гадны төлөөлөгчтэй уулзахаар аймгийнхаа Цэцэг сум руу явсан байж. Бүх анги нь гаднаасаа цоожтой байсан ч нэг ангийнх нь хаалга дээд талдаа шилтэй. Хэрэгтэн тэр ангийн цонхыг хагалж  ороод, хаалганы дээд талын цонхыг хагалж, уяа унжуулан хонгилд гарч, бүх камерыг унтраасан байна. Үүний дараа хоёрдугаар давхарт гаран, сүлжээний утаснуудыг таслан, гал тавиад зугтжээ. Тухайн үед цонхнууд хаалттай байсан болоод ч тэр үү гал тэгэсгээд унтарчээ. Сахиул 07.00 цагийн орчимд сургуулиа шалгахаар хаалга онгойлготол битүү утаа байсан тул гал команд, цагдаа дуудсан байна. Хэрэгтэн одоо болтол олдоогүй байгаа бөгөөд  сургууль интернэтийн сүлжээгээ солиод удаагүй байхад энэ хэрэг гарчээ. 

Аймгийн цагдаагийн газраас хэд хэдэн хүнийг сэжиглэж байгаа гэнэ. Тус сургуулийн захирал Ж.Янжмаа “Манай сургуулийг сайн мэддэг хүн үүнийг хийсэн байна. Гэхдээ бид оюутан хийсэн гэж бодохгүй байгаа. Хэрэгтэн бүх камерыг салгасан ч төвд холбогдоогүй нэг жижиг камер байсныг анзаараагүй үлдээсэн байсан. Бензин цацаж, гал тавьж байгаа дүрс тэнд үлдсэн байна. Сургалтын албаны өрөөнд оюутнуудын бичиг баримт байдаг. Гал газар аваагүй учраас бичиг баримт зүгээр. Харин давхар хаалга, тэр орчмын шал шатсан. Төв сервер сургуулийн I байранд байдаг.  Хамгаалалт сайн болохоор хэрэгтэн тийшээ халдаж зүрхлээгүй байх. II байрны сүлжээ доголдсон. Манайх сургуульдаа засвар хийгээд удаагүй байсан. Галын дөл байрны таазыг харлуулсан учир дахин засвар хийх шаардлагатай боллоо. Одоо цонхоо шиллэн, камерын системээ шинэчилж байна.  Хэрэгтэн цонхыг нь хагалж орсон ангийнхаа эд зүйлийг эвдэж сүйтгээгүй байгаа нь зөвхөн хорлон сүйтгэх зорилгоор сургуульд нэвтрээгүйг харуулж байгаа юм” гэлээ.