МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ярилцлаа.
-УИХ-ын 2014 оны хаврын чуулган хаалтаа хийгээд удаагүй байна. Энэ удаагийн чуулганы хуралдааны үр дүнгийн талаар яриагаа эхэлье?
Одоогоос 93 жилийн тэртээ ардын журамт цэрэг улс орныхоо тусгаар тогтнолыг тунхаглаж, эх орноо харийн дайснаас чөлөөлөөд хүрээнд орж ирсэн түүхтэй. Үүний маргааш буюу долдугаар сарын 11-нд тусгаар тогтносон БНМАУ-ын ард түмэн баяраа тэмдэглэж байсан. Нэн тэргүүнд Ардын хувьсгалын 93 жилийн ойн мэндийг нийт монголчууддаа дэвшүүлье.
Хаврын чуулган энэ сарын 1-ний өдөр хаалтаа хийлээ. Цөөнхийн зүгээс энэ хаврын чуулганыг үр дүнтэй болж чадсангүй гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл улс орны язгуур эрх ашигтай холбоотой хэд хэдэн хуулийн төсөл орж ирсэн ч хэлэлцээд, нэгдсэн шийдвэрийг гаргаж чадсангүй. Газрын тухай,Төмөр замын тухай, Өрийн удирдлагын тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Ашигт малтмалын тухай хууль гэх мэт. Энэ хуулиуд нь нэг нам эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн хүч түрж шийддэг асуудал биш. Тэр чигээрээ улс орны эрх ашигтай холбоотой учраас ойлголцож, зөвшилцөж явуулах шаардлагатай байдаг. Харамсалтай нь эрх баригчдаас ийм санаачлага дутлаа гэж бид бүхэн харж байгаа. Мөн хаврын чуулган эхэлснээс хойш хоёр сар гаруйн хугацаанд Монголын парламент завсарлага авсан өдөр хоногуудыг өнгөрөөж үнд¬сэн асуудлуудаа огт хэлэлц¬сэнгүй. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд МАН асуудлыг гацааж хойш нь татаж байна гэсэн яриаг эрх баригчид хэлсээр байсан. Энэ нь үнэнд нийцэхгүй яриа юм. Та бүхэн мэдэж байгаа. Давхар дээлийн асуудлаар ч тэр Засгийн газрын сайд нарт хариуцлага тооцох асуудлаар ч тэр МАН нэг ч удаа завсарлага аваагүй. Тэгэхээр чуулганы хуралдааны тасалдал, асуудлаа хэлэлцэж чадахгүй байсан нь эрх баригчдаас, өөрсдөөс нь хамааралтай. Энд бас нэг зүйлийг онцлоход ойлголцол, зөвшилцлийг эрх баригчид хийж чадаагүй. Тийм ч учраас өнөөдөр энэ олон асуудлууд явсангүй. Нийгэм нь хуулийг хүсч байсан. Гэхдээ чуулган завсарлахын өмнө дээрх хуулиудыг нэг амьсгаагаар, бөөндөх хэлбэрээр батлах боломжгүй юм. Иймд газрын тухай, Төмөр замын тээврийн тухай хуулиас эхлээд эсэргүүцэж байсан. Гэхдээ МАН зарим хуулийг гаргах ёстой гэдэг дээр санал нэгтэй байсан.
-Өнгөрсөн хаврын чуулганыг хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэж байна. Зарим нь УИХ тарах ёстой ч гэж хэлэх болж. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа юм бол?
-МАН-ын XXVII Их хурлаас намын Удирдах зөвлөл, бүлгээрээ 21 нь аймаг есөн дүүргээрээ хоёр удаа тойрсон. Ингэж явахад хамгийн их ярьж байсан зүйл нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны доголдлын тухай байсан юм. “Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал бодитойгоор нүүрлэчихлээ. Төр засаг дампуурлын ирмэг дээр ирчихсэн байна. Төр нь төр шиг байж чаддаггүй,засаг нь засаглаж чадахгүйгээс гадна хуулийн засаглал гэж үгүй болсон. Тийм учраас Засгийн газартайгаа хариуцлага тооцож чаддаггүй, шахаж шаардаж чаддаггүй байдал үүссэн. Тэр байтугай улс орны амин чухал асуудал ард түмнийхээ хувь заяагаар дэнчин тавиад өр зээл авсан. Энэ олон бондын зарцуулалтыг нь хянаж чаддаггүй, тайланг нь сонсч чаддаггүй энэ УИХ монголын түүхэнд байгаагүй ийм хариуцлагагүй парламент” гэдгийг иргэд ярьж байсан. Манай намын бүлгийн Б.Бат-эрдэнэ, Ж.Энхбаяр гишүүд энэ асуудлыг хөндсөн.
Сөрөг хүчний хувьд нэг зүйлийг шулуухан хэлэх нь зөв байх. Бид Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төгсгөл дээр ажлыг нь дүгнэх ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага тавина. Энэ чуулганаар бид бүхэн эдийн засагт дорвитой ахиц дэвшил гарч чадаагүй, эрчимжүүлж чадаагүй, уналтыг зогсоож чадаагүй бол Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг тавина. Саяын жишээ л гэхэд нэг сайдын асуудалд хариуцлага ярья гэхэд намрын чуулганаар хэлэлцэнэ гээд л өнгөрөөлөө. УИХ өөрөө ийм унхиагүй байх юм бол энэ УИХ-ыг тараах асуудлыг ярихаас өөр арга байхгүй. Нийгэм ч үүнийг хүсч байгаа. Энэ бүхнээс дүгнэхэд УИХ-ын сонгуулийг дахин явулах ч шаардлага ч гарч болох юм.
-МАН олон жил эрх барьсан. Энэ парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа. Үүнд ундууцсанаасаа болж дахин сонгууль, дараагийн парламентийг бүрдүүлэх асуудлыг босговол хохирлын тухай яриа гарч магадгүй юм биш үү?
-Энэ нөхцөл байдал даамжирахаас өмнө таслан зогсоох нь зөв алхам байж ч магадгүй. Бүгдээрээ эргээд харъя. Хаврын чуулганаар батлах шаардлагатай байсан асуудлуудыг энэ парламент гаргаж чадсангүй. 2013 оны намрын чуулганаар орж ирсэн “давхар дээл”-ний асуудлаар гурав, дөрвөн сарын турш хэрэлдсээр тарж одлоо. Ийм үйлдлүүд нь бүх асуудлыг хойш татаж байна. Н.Батбаяр сайдад хариуцлага тооцох асуудыг яагаад энэ хаврын чуулганаар хэлэлцчихэж болоогүй юм. Хуулийн хугацаанаас нь бултуулж хаврын чуулганд өргөн барьсан асуудлыг намар хэлэлцэхээр болж байгаа нь хариуцлагагүй байгаагийн хамгийн том илрэл. Тийм учраас зөвхөн Засгийн газар гэлтгүй парламентад, өөрт нь хариуцлага ярих цаг болсон. Төрийн энэ завхрал сүүлдээ төрийн завхайрал болж байх шиг. Тэгэхээр энэ бүхнийг таслан зогсоох ёстой.
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэдэг нь бодитой зүйл биш юм. Зөвхөн цаг авах гэсэн томъёолол гэж байна. Үүнийг сөрөг хүчин юу гэж дүгнэж байгаа юм бол?
-Эрх баригчид санал тавьж, хүсэлт оруулж ирсэн. Ер нь улс орны хувь заяа, эдийн засгийг 100 хоногт босгож ирж байсан түүх дэлхийд байдаггүй юм билээ. XX зууны эхэн үед, Манжийн төрийн хамгийн сүүлчийн хаан шинэчлэлийн 100 хоног гэдгийг зарлаж байсан. Энэ 100 хоног нь дампуурал болоод үр дүнд нь Манжийн төр өөрөө мөхөж хаант засаглалын эрин дуусч байсан түүхтэй. Дэлхийн хэмжээнд аваад үзэхэд 100 хоногт сэргээнэ гэдэг асуудал шинэчлэлийн Засгийн газрын үед хоёр дахь удаагаа гарч ирж байна. Тэгэхээр 100 хоногийн талаас илүү нь өнгөрчихлөө. Монголын ард түмэн харж, хүлээж суугаа. Бүлгийн удирдлагааасаа эхлээд хэлсэн. “Энэ 100 хоногийн хугацаанд эдийн засгийг босгож ирж чадахгүй бол бид нар өөрсдөө хариуцлага” ярина гэж. Цөөнх ч гэсэн хариуцлага ярина. Бодит утгаараа 100 хоногийн дотор нэг улсын байтугай компанийн, гэр бүлийн эдийн засаг ч дээшилнэ гэдэг эргэлзээтэй байдаг.
-Газрын тухай хуулийг орж ирсэн өдрөөс нь эхлээд ихээхэн шүүмжиллээ. Танай намын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Газар бол улсын үндэс гэдэг. Өвөг дээдэс маань хэдэн зууны турш газар шорооныхоо төлөө тэмцэж ирсний хүчинд Монгол гэдэг улс өнөөг хүртэл оршин тогтнож бид энэ цаг үед эзэн нь гээд цээжээ дэлдэн сууж байгаа. Төрд зүтгэж байгаа хүмүүс нэг зүйлийг бодох ёстой юм шиг ээ. Бид юуны төлөө явж буйгаа тунгааж, эрх ашгаа эрэмбэлж сурах хэрэгтэй. Улс төрд явж байгаа төрийн хүн гэдэг байнга бусдын төлөө, нийтийн төлөө, улс эх орныхоо эрх ашгийн төлөө явдаг байх ёстой. Тэгэхээр Газрын тухай хууль нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хамгийн их заналхийлсан, хор хохирол учруулах хууль гэж МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг үзсэн. Тиймдээ тус хуулийг тууштай эсэргүүцнэ гэдгээ илэрхийлсэн байдаг. Ер нь газар шороо, нутаг усаа зарчихаад, хүнд өгчихөөд эсвэл хэн нэгэнд булаалгачихаад хаана очих вэ. Монгол хүний үнэ цэнэ юу болох вэ гэдгийг бодох хэрэгтэй.
-Эрх баригчид өөрийн сайддаа хариуцлага тооцохгүй нь ойлгомжтой байхад асуудлыг өргөн барьж хэрүүл үүсгэдэг. Дээрээс нь 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлэх үндэс суурийг тавих байтал мөн л хэрүүл зарга болгоод байна. Сөрөг хүчин сөрж зогсохын тулд ажиллаад эхэллээ гэдэгт та тайлбар хийгээч?
-Хэлэх, хийх хоёрын хооронд том ялгаа байдаг. Хаврын чуулганыг та бүхэн хараарай. Бүх асуудал дээр МАН сөрж хөндөлсөөд гацаасан зүйл байхгүй. Хариуцлагын асуудлыг бид хаврын чуулган дээр биш намрын чуулган дээр ярьж байсан. Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд хоёрт хариуцлага тооцох асуудлыг оны өмнө оруулж ирж байсан. Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн нь үнэн. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт байхгүй болсон уу, байхгүй болсон. 34 мянган аж ахуй нэгжүүд хаалга үүдээ барьлаа. Томоохон компаниуд хэдэн зуугаар нь ажилчдаа цомхотгож байна. Энэ бүхний ард, ард түмний амьдрал байдаг. Хамгийн сүүлд “Атар” талхны үнэ мянган төгрөгт хүрлээ. Ингээд эдийн засгийн маш том хямралын ирмэг дээр ирсэн байна гэдгийг Засгийн газар нь өөрөө хүлээн зөвшөөрчихсөн. “Энэ олон бонд босгоод хийсэн ажил, бүтээн байгуулалт байна уу гэхээр ганц онгоцноос өөр гарт баригдах юм байхгүй байна” гэж УИХ-ын дарга хэлсэн. Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой” гэж хэлсэн. Энэ нь зөвхөн МАН сөрөөд байгаа асуудал биш нийгмийн захиалга байсан. Энийг төрийн тэргүүн ч тэр спикер ч тэр хэлж байгаа.
-Эдийн засгийг сэргээх, хэрэгтэй хуулиудыг явуулах тал дээр хамтарч ажиллах ямар ч боломж байхгүй юм уу?
-Зөвшилцөл гэдэг бол ойлголцол. Ойлголцоно гэдэг нь өөд өөдөөсөө харж суух л асуудал юм. Ярилцаж байж л ойлгодог. АН энэ хугацаанд МАН-ыг зөвшилцлийн ширээний ард албан ёсоор уриагүй. Ер нь томоохон асуудлуудаар намууд ширээний ард сууж чаддаг байх ёстой. Бид намынхаа ХХVII Их хурлыг хийсний дараа үндэсний зөвшилцөл гэдэг зүйлийг бий болгож улс төрийн бүх намуудын дарга нарын түвшинд таван удаа, генсекүүдийн түвшинд зургаан удаа нийт 11 удаа уулзаж зөвшилцсөн. 11 удаа уулзахад АН-ын генсек нэг л удаа ирсэн. Тэгэхдээ бүх улс төрийн намуудын төлөөллийг загначихаад л явчихсан. Ийм олон удаа улс төрийн намын дарга нар бүгдээрээ уулзахдаа урилга өгөөд байхад ирэхгүй байна гэдэг нь тэдний зүгээс ямар ч зөвшилцөл хийх сонирхолгүй байгаагийн илрэл. Харин төр барих, барихгүйн тухай асуудал дээр нэг ойлголт байгаа юм. Сая “давхар дээл”-тэй холбоотой асуудал босоход МАН засагт орох гэж байна МАНАН-гаа зүүдлээд эхэллээ гэдэг асуудлыг ярьж эхэлсэн. Тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Яагаад гэвэл парламентэд олонх байхгүй. АН олон болоод явахдаа МАН-д урилга өгөөгүй. Харин өмнөх парламентуудад АН-ыг МАН удаа дараа урьж, хамтран ажиллаж байсан. Энэ нь тулхтай намын зүгээс гаргаж буй санаачлага юм. Энэ удаа цөөнх болсон учраас олонхи болсон намын байр суурийг харахаас өөр аргагүй. Олонхи болсон нам маань өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээд явсан учраас бид болж өгвөл дэм больё, болохгүй бол засч, залруулаад явах л зам үлдэж байгаа.
-УИХ-ын гишүүд 2013 төсвийн гүйцэтгэл дээр хайнга хандсан тухай яриа байна. Дээрээс нь Аудитын газар зарим задаргааг дутуу оруулж ирсэн, 100 гаруй байгууллага төсвөөс гадуур данстай байсан нь МАН-ын үеийнх гэж ярьж байна. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-Аудитаас их сонин дүгнэлт орж ирлээ. Улс төрд ийм жишиг тогтож байгаа юм. Болохгүй бол өмнөх удирдлага руу нь чихдэг. Өмнө нь гал тогоо барьж байсан хүн хоолыг шорвого болгосон, өмнөх хүн махаа хайр гамгүй хийснээс болж бид хоосон хонож байна гэдэг болчихож. Жишээлбэл Оюу толгой, Таван толгойтой холбоотой асуудал байна. Чалко Таван толгойн хооронд гэрээ байгуулах ажлын хэсгийн дарга нь тухайн үеийн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өөрөө байсан. Оюу толгойн гэрээг байгуулсан гурван сайдын хоёр нь АН-ын гишүүн байсан. Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчны сайд Л.Гансүх хоёр. Ийм байхад бусад руу буруугаа түлхдэг жишгийг болимоор байгаа юм. Аудитын дүгнэлтээр 222 дарга эрхээ хэтрүүлээд машин аваад уначихсан байгааг тогтоосон байна. Бас 19 ширхэг “Lexus 570” машиныг төсвийн таван тэрбум төгрөгөөр аваад уначихаж. Нэг л дарга 360 сая төгрөгөөр машин авчихсан байх жишээтэй. Энэ хэт их тансаглалыг болимоор байгаа юм. Ерөнхийлөгчийн хэлсэн данхар төрөөс бага ч гэсэн ухаалаг, жижиг төр рүү явмаар байна. Төр гэдэг зөвхөн менежерийн үүргийг гүйцэтгэгч . Тиймээс төр дарангуйлагч биш, бас тансаглагч биш байх ёстой. Яамдын тоог цөөлнө гэж байсан, 19 яамтай байна. Сайд нарын тоог цөөлнө гэж байсан мөртлөө улам нэмсэн. Жирийн нэг ядарсан эмэгтэйд тэтгэлэг, ард түмэнд цалин, тэтгэврэээр очих мөнгөний урсгал төрийн тансаглалд зориулагдаж байна. Өнөөдөр Монголын төр бялуурсан, бялхсан, баярхсан төр болж хувирсан байна. Хүнээр жишээ авбал хөл нь нарийсч, гэдэс нь томорч, толгой нь данхайгаад аахилахаас өөр ажил хийдэггүй болчихож.
-Өрийн удирдлагын тухай хуулийг яриад байгаа. Өмнөх Засгийн газар их өр тавьснаас шалтгаалан энэ засаг дахин өр тавих шаардлага гарсан гэж ярьж байгаатай санал нийлэх үү?
-Эдийн засагчдын тооцоо. Тооцоогоор 1990- 2012 оныг хүртэл гаднаас авсан зээлтэй тэнцэх хэмжээний мөнгийг Шинэчлэлийн Засгийн газар жил зургаан сарын дотор гаднаас авчээ. ОХУ-д төлнө гээд байсан их өрийн бараг дөрөвний нэгтэй тэнцэхүйц гэсэн үг. Өмнөх Засгийн газрууд гаднаас авсан мөнгөөрөө юу хийсэн нь тодорхой байгаа. Том том хот суурингууд, эмнэлэг, сургууль бүгдийг нь босгосон. Үүний хүчинд бид өнөөдөр усанд ордог, бичиг үсэг тайлагдсан 21-р зууны соёлт иргэн болсон байгаа. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар зээлсэн мөнгөөрөө цэцэг тариад, замын уулзвар засч, онгоц авсан нэртэй өнгөрч байна. Энэ өрийг хэн төлөх вэ, монголын ард түмэн төлнө. Энэ дарга, сайд нар төлөхгүй. Тэд 10 жилийн дараа эх орноосоо зугтаад явж ч магадгүй. Тэр үед шаварт унасан шарын эзэн монголын ард түмний үр хойчис өрийг төлнө. Тийм учраас энэ Өрийн удирдлагын хуульд ухаантай хандах цаг болжээ. Дээрээс нь өрийг ДНБ-ий 70 хувьд хүргэнэ гэдэг байж болохгүй. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын эдийн засгийн зөвлөхүүд хориглож, зөвлөмж гаргасан. Зөвхөн өнөөдөр гэдсэндээ хоолтой, гаднаа гялгар торго өмсөж байвал маргааш, нөгөөдөр түүнээс хойших хамаагүй гэж хандах нь байж болохгүй үзэгдэл юм. Ялангуяа улс төрийн нам. Тийм учраас Өрийн удирдлагын хуулийг намрын чуулганаар хэлэлцвэл монголынхоо ард түмнийг өрөнд оруулахгүйн тулд МАН хариуцлагатайгаар сөрж зогсоно.
-Үнийн өсөлт, ард түмний амьдрал бүх зүйл болохгүй байна. Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байгаа байдал нь ч хайнга байгаа. Босгосон бондыг хүртэл хурдан хугацаанд эргэн төлөгдөх боломжгүй салбарт зарцуулсан. Та бүхэн ямар нэгэн арга хэмжээ авахгүй шүүмжилж ярьчихаад л суугаад байх юм уу?
-Таслан зогсоох эрх нь УИХ-д байгаа. УИХ энэ бондын зарцуулалтыг хянах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлынхаа зөвлөмжийн эсрэг ажилласнаас болж бондын мөнгө үр дүнгүй дууслаа. Тэгэхээр гүйцэтгэл дээр нь хяналт тавих хэрэгтэй. Хэд хэдэн иргэний нийгмийн байгуулагууд бондын зарцуулалттай холбоотой зүйлээр АТГ мэдэгдсэн нь эрүүгийн хэрэг үүсч байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Тэгэхээр энэ бүхнийг тодорхой болгоод хариуцсан эзэнд нь хариуцлагыг үүрүүлэх л ёстой . Монгол улсын эрх ашиг, ирээдүй зөвхөн нэг л хүний, нэг сайдын, хэсэг бүлэг хүний хувийн эрх ашгаас болж хохирч болохгүй. Тэд ухаантай,боловсролтой, эрх мэдэлтэй байж болно. Гэхдээ улс орны том эрх ашгийн төлөө энэ явуургүй үйлдлийг нь таслан зогсоох эрх нь УИХ-д байгаа. Энэ мэт ажлуудаа хийж чадахгүй УИХ-ын юунд нь итгэх вэ. АН төр барьж чадахгүй, Ардын нам жагсаж чадахгүй гэсэн онигоо гарсан байна. Жагсана гэдэг өөр асуудал. Улс орны төрийг барьж засаглана гэдэг бол үндэстний асуудал. Засаглаж чадахгүй, ажлаа хийж ачаагаа үүрч чадахгүй байгаа хүмүүстэй хариуцлага ярихаас өөр арга байхгүй.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай буюу “өршөөлийн” тухай хуулийг гаргах асуудал хөндөгдөж байна. Энэ хуулийн талаар?
-Эдийн засгийн ил тод байдал гэж гоё нэртэй цаанаа олон зүйлийг халхалсан хуулийн төсөл орж ирсэн. Энэ дээр бол манай бизнес эрхлэгчид нэг зүйлийг ярьж байна. Жишээлбэл татварын мөнгөнөөс хулгай хийгээд олон жил нуучихсан хүн арваннэгдүгээр сараас өмнө мөнгөө ил гаргавал уучилагдана. Гэтэл ажлын байр бий болгож, татвар төлж, шүүх цагдаад нь дарамтлуулаад зүтгэсэн хүмүүс хохироод үлдэнэ гэсэн үг. Шударга зүтгэсэн нь хохирдог хулгайлж хумсалсан нь хождог болж байх шиг. Бас хэд хэдэн заалт дээр бид эргэлзэж байгаа юм. Жишээлбэл, өршөөгдсөн хүний талаарх нотлох баримтыг устгана. Энэ тухай мэдээлсэн хэвлэл, хувь хүнийг таваас тавин сая төгрөгөөр торгоно гэсэн заалт бий. Энэ нь цагаан захтнууд, дарга нарт зориулсан заалт юм. Гуравдугаарт одоо шүүхийн шатанд буюу мөрдөн байцаалтад явж байгаа хэргүүд өршөөлд хамаарахгүй гэж байсан. Тодруулбал, нэг сая төгрөгийн татвар төлөөгүй аж ахуйн нэгж энэ хуульд хамрагдалгүй ялаа аваад явах бол хулгайлж нуусан, зөөсөн нөхдүүд нь ил цагаандаа гарах нь байна. Бас татварын мөнгийг хэдэн зуун саяар нь нуусан хүмүүс мөнгөө ил гаргаад л болоо. Тэгвэл Европод гаргаж ирсэн мөнгөнийх нь 25-30 хувийг нь татвар болгож авдаг байх жишээтэй. Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлын хууль дээр нухацтай ярих ёстой.
-Энэ хаврын чуулганы хугацаанд чухал гол гол асуудлуудыг хэлэлцэх ёстой байтал олны анхаарлыг татсан олон нийтийг хамруулсан бүлэг хүмүүст хандсан асуудлууд ар араасаа явлаа. Давхар дээл, зарим нэг сайдын асуудал гэх мэтээр. Асуудал эцэстээ ёс зүйгүй, хувь хүн рүү хандсан болоод байх шиг?
-Энүүхэндээ гэж хэлэхэд “давхар дээл”, Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал бол МАН-ын санаачилсан асуудал биш байсан. Ерөнхийлөгчийн хийгээд “Шударга ёс” эвслийн гишүүний санаачилсан асуудал. Бид ёс зүйн хувьд ч тэр хариуцлагын хувьд ч тэр байх ёстой хэм хэмжээ гэж үзээд дэмжсэн. Хэрвээ алдаа байвал “давхар дээл”-ээ тайлъя гэсэн юм. Харамсалтай нь эрх баригчид өөрсдөө хариуцлагаас зугатаж сунжирсан тоглолт болгоод өнгөрч байна. Өнөөдөр төрд зүтгэж байгаа хүний хамгийн эхэнд эрхэмлэх гурван зүйл бол ёс зүйн асуудал. Саяхан Ерөнхийлөгч хэвлэлээр ярьж байх шиг байна. Ёс зүйн алдаа гаргасан бол буруугаа хүлээдэг байх ёстой. Уучлалаа гуйдаг байх ёстой гэж. Жишээлбэл Ерөнхий сайдын охин “Цэвэр агаар” сангийн хэрэгт оролцсон байхад Н.Алтанхуяг надад хамаагүй гээд явж байна. Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд их олон сайхан зүйлийг шинэчилж байна л гэж бодож байгаа. Тэр шинэчлэлийнх нь нэг энэ. Тэгэхээр ёс зүйт төрийг өнөөдөр ярих хэрэгтэй болжээ. Харамсалтай нь Шинэчлэлийн Засгийн газар үүний эсрэг шинэчлээд байх шиг ээ. Ардчилсан шинэчлэл гэж ийм байдаг юм болов уу ч гэж сүүлийн үед бодох боллоо. Ер нь бол ардчилсан нийгмийн үнэт зүйлийн эсрэг яваад байна даа. Хэлснийхээ эсрэг л хийхийг шинэчлэл гэж хэлдэг юм байна.
-Тусгаар тогтнолыг улс төр болгодог боллоо. Улс төрөөс болж ард түмэн хуваагдаж эхэллээ. Улс төрийн үүднээсээ хэр зөв бэ?
-Аминаас үнэтэй нэг зүйл байдаг нь тусгаар тогтнол гэж ярьдаг даа. Улстөрчдийн хөндөж болох, тоглож болох олон асуудал байна. Гэхдээ тусгаар тогтнол гэдэг ямар ч том даргын, ямар ч их мөнгөтэй хүний тоглож болдог асуудал, сэдэв биш. Тэгэхээр бид болгоомжтой хандаж, хоёр хөрштэйгээ хэрхэн харилцах нь мөнхийн сэдэв юм. Ямар их үнээр, ямархан цаг хугацаанд зовж зүдэрсний эцэст тусгаар тогтносон улсын иргэн боллоо. Тиймээс энэ бүх хагарал бутралаа зогсоох хэрэгтэй. Ялангуяа хоёр хөршийн асуудлаар. МАН-аас шалтгаалж байгаа зүйл үгүй. Эрх баригчид энэ тухай тогоон дотроо ярьчихаж болохгүй байх шиг байна. Улс төрийн нам юм бол хариуцлага, ёс зүй гэж байдаггүй юм уу. Хаалгаа хааж байгаад нэгдсэн шийдвэрт хүрчихэж болдоггүй юм бол. Үүнийг эрх баригчид өөрсдөө л хийх ёстой.
-Царигийн асуудал хүчтэй яригдаж байна. Энэ тухай ярих гэхээр нэг бол Х.Баттулгын талд орж байгаа юм шиг эсвэл сөрж зогсоо юм шиг харагдах гээд болохгүй байна. Тэгвэл МАН яг ямар бодлого баримталж байгаа юм?
-Төмөр замын асуудлыг МАН эрх барьж байхдаа ерөнхий бодлогыг нь шийдсэн. Тухайн зам ямар царигтай байхыг нь бүх үндэслэлээс нь хамаараад УИХ шийддэг байя гэсэн зарчмыг баталсан. МАН энэ байр сууриа хадгалж байгаа. Ер нь нэг нь өргөн, нэг нь нарийн байна гээд босч ирээд хэрэлдээд байхаасаа илүүтэй шийдвэр гаргах нь чухал.
-Арилжааны банкууд орон нутгийн иргэдийн бүх малыг барьцаанд авчихсан байгаа. Тэгвэл хятадын банк орж ирж байгаа нь бүх газрыг нь барьцаалаад авчих вий гэсэн болгоомжлол бий?
-“Банк оф Чайна” орж ирэх сургаар Монголын бүх банкны удирдлагууд манай нам дээр ирж уулзалт хийсэн. Эерэг хийгээд сөрөг үр дагаврыг ярьсан. Тиймээс энэ асуудал дээр дахиад л ярих хэрэгтэй байгаа юм. Үндэстний аюулгүй байдал, язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын төлөө улс төрийн намууд тойрч суугаад ойлголцолд хүрэх хэрэгтэй. Нэгнийхээ хийсэн зүйлийг үгүйсгэдэг зүйлсээс болоод улс орон хөгжихгүй байна.
-МАН-ын амлалтын биелэлт хэр байгаа вэ. Бас ирэх намраас эхлээд сонгуулийн идэвхижил нэмэгдэнэ. Ямар зарчим баримталж сонгуульд оролцох бол?
-2016 оны сонгуульд баримт¬лах МАН-ын зарчим тодорхой. МАН 27 дугаар их хурлаа хийсэн. Харьцангуй шинэчлэгдсэн. 34 настай Ерөнхий нарийн бичгийн даргатай болсон нь үүний нэг илрэл. Манай намын 60 орчим хувь нь залуус. Улс төрийн нам гэдэг олон өнгө, үнэр, амт байх ёстой. Энэ бүгд нэгдэж байж нэг эрч хүч, цул, эв нэгдэл зорилго болно. МАН дараагийн сонгуулиар өмнөх алдаануудаа давтахгүй. Ялагдал гэдэг гутрал биш ухаарал юм байна гэж ойлгож байгаа. Алдаагаа ухаарсан хүн, ачаагаа тэнцүүлсэн ат хол явдаг гэдэг. Бид алдаагаа ухаарсан. Манай намд байдаг давуу тал гэвэл хариуцлага, сахилга бат. МАН-ын залуус ахмадууддаа суудлаа тавьж өгч хүндэтгэж чаддаг бол ахмадууд нь залуустаа зайгаа тавьж өгч дэмжиж чаддаг гэдгийг харуул¬даг. Үүнээс бусад улс төрийн намууд үлгэр авах ёстой.
-Монголын нийгэмд С.Баяр, Ц.Нямдорж шиг хүмүүсийн байр суурь шаардлагатай. Төрийн ажлын туршлага, мэдлэг боловсрол, дуу хоолой хэрэгтэй байна. Зарим хүмүүс нь 60 нас дөхөөд миний үеийн хөгшчүүл гээд ярьдаг нь гунигтай санагддаг. Мэдээж залуус орж ирэх нь зүй ёсны шаардлага?
-Санал нэг байна. Үгүйлэгдэхээр барахгүй өнөөгийн парламентад үүргээ гүйцэтгэж байна. Нам гэдэг бол хүмүүсийн итгэл үнэмшлийн нэгдэл. Олон өнгө, үнэр олон үе байгаа. Гэхдээ нэг зүйл байгаа нь хуучин хөгшчүүлийн нам гэгддэг байсан бол өнөөдөр өөрчлөгдсөн.
-Улс төрийн нөхцөл байдал хүндрээд эхлэхээр хэвлэл мэдээлэл рүүгээ дайрч эхэлдэг гэдэгтэй та санал нэгдэх үү?
-Хамгийн эмгэнэлтэй гэж хэлж болохоор асуудал. Ялангуяа шинэчлэлийн гэх нэртэй, ардчилсан гэх тодотголтой Засгийн газрыг эрх барьж байх үед шүү дээ. Ардчиллын амин сүнс нь хэвлэлийн эрх чөлөө. Үүнийг мөнгөөр, захирамжаар далайлган буул-гаж авч болохгүй. Эхлээд амыг нь барина, дараа нь амийг нь барина гэдэг зүйл үйлчлээд эхэлбэл харамсалтай. Монголын хэвлэл хэдэн улстөрчдөд үйлчлээд эхэлбэл коммунист орны хэвлэлээс ялгагдах зүйлгүй болно биз дээ. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг Засгийн газар татаж авах ёстой.
-Наадмаа, түүхээ, хөшөө дурсгалаа хүртэл булаацалддаг болсон цаг. Гэхдээ та ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Наадмаа, эдийн засгаа өмчилдөгөө орхиж, үндэсний баяр наадмаас хойш Монголын улс төрд том зөвшилцөл бий болж хөгжлийн том гарцуудыг дорвитой бөгөөд зоригтой хийх хэрэгтэй. Монголынхоо нийт ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе. Тулгандаа галаа бадраасан тусгаар монгол орныхоо эзэн бүрт эрүүл энхийг хүсье.
П.ХАШЧУЛУУН