Categories
мэдээ нийгэм

Бигэр сум руу шууд нисдэг боллоо

“Хүннү-Эйр” компани Говь-Алтай аймгийн Бигэр сум руу шууд нисдэг болжээ. Тус суманд таван элсэн сувилал байдаг юм. Аймгийн төвөөс алслагдсан энэ газрыг ихэвчлэн бөөрний өвчтэй хүмүүс зорьж, олон цаг машинаар туулж хүрдэг байна. Энэ нь эмчилгээ хийлгэж яваад буцах хүмүүсийн гам алдах шалтгаан болдог ажээ. Тэгвэл шууд нислэг үйлддэг болсоноор энэ байдал эрс буурна гэж үзэж байна. Наранд халсан шар элс нь бөөрний өвчинд нэн тустай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аргентин, Бельги шөвгийн наймд шалгарлаа

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Аргентин, Бельгийн шигшээ багууд шалгарлаа. Дэлхийн дөрвөн удаагийн шилдэг хөлбөмбөгч Лионель Мессигээр ахлуулсан Аргентины шигшээ баг шөвгийн наймын шатанд Швейцарийг 1:0-ийн харьцаатай хожсон. Аргентины шигшээ багийн хожлын, чухал гоолыг 118 дахь минутад Лионель Мессигийн дамжуулалтаар Анхель Ди Мария орууллаа.

Харин Европийн “Улаан чөтгөрүүд” гэгддэг Бельгийн шигшээ АНУ-ыг нэмэлт цагт 2:1-ийн харьцаатай хожиж, шөвгийн наймд шалгарчээ. Хоёр багийн үндсэн цагт гоол ороогүй учир нэмэлт цагийг сунган тоглосон юм. Нэмэлт цаг эхэлмэгц буюу 93 дахь минутад Бельгийн шигшээ багийн хагас хамгаалагч Кевин Де Брюйн гоол оруулж, тооны харьцаа нээлээ. Үүний дараа 105 дахь минутад Кевин Де Брюйны дамжуулалтаар сэлгээгээр талбайд гарсан Ромелу Лукаку гоол оруулж, тооны харьцааг 2:0 болгон холдуулсан юм. 

Categories
гадаад мэдээ

Хонконгчууд ардчиллын төлөө жагсчээ

Хонконгийн ардчиллын төлөө жагсаалд 510 мянган хүн оролцсон гэж зохион байгуулагчид мэдээлэв. 1997 онд Хонконг Хятадад эргэн нэгдсэний ойгоор иргэд сонгуулийн ардчиллыг уриалж ийнхүү жагсаал хөдөлгөөн өрнүүлж байгаа гэнэ. Хэдэн өдрийн жагсагчид 800 мянган хүнийг оролцуулсан албан бус санал хураалт явуулсан юм. Тэд ирээдүйн удирдагч болох хүнээ Коммунист намаас биш өөрсдийн хүсэл сонирхлоор сонгох эрхтэй гэдгийг сануулжээ. Гэвч Хонконгийн эрх баригчид уг санал хураалтыг зөвшөөрөх ямар ч хуулийн үндэс байхгүй гэж мэдэгдэв. 

Categories
мэдээ нийгэм

Ногоо хадгалах агуулахын хүчин чадлыг 80 мянган тонноор нэмнэ

Манай улс жилд дунджаар 350 орчим мянган тн төмс, хүнсний ногоо хурааж авдаг. Гэвч агуулахын хүчин чадал ердөө 182.000 тн. Өөрөөр хэлбэл, төмс хүнсний ногооныхоо 50 орчим хувийг хадгалах боломжтой. Үлдсэнийг нь борлуулж, боловсруулах үйлдвэрт нийлүүллээ гэхэд авсан ургацын 20-30 хувьд агуулах шаардлагатай байгаа юм. Тэгвэл ҮХААЯ, Монголбанктай хамтарч Улаанбаатар хотод зоорь, худалдааны төвийн хангамжийг нэмэгдүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар энэ хүрээнд 33 аж ахуйн нэгжид арилжааны банкуудаар дамжуулж 600 саяаас есөн тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Эдгээр аж ахуйн нэгж гэрээнд заасан хугацаандаа агуулах, зоорио ашиглалтад оруулахаас гадна бүх эрсдэлээ өөрөө хариуцах гэнэ. Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд ажлаа дуусгахад агуулах, зоорийн хүчин чадал 80 гаруй мянган тн-оор нэмэгдэнэ гэж тооцжээ. 

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нөгөө талаас нь харахаар Монголын эрлийз

Тэмүүжинг ядарч явах үед дүү Бэгтэр нь элэг буруу хүнийрхээд харвуулдаг. Бүр ноцтой нь өөрөө ч түүний ууган хүү ч цэвэр хиад Боржигон  цустай эсэх нь эргэлзээтэй гэх сэрдлэг явдаг. Одоогоор бол Өвөрмонгол ээжтэй (Хонгирад) буриад зүгийн эрийн (Мэргид) нуувар хүү юм уу даа. Хожим Чингэс хаан болж өөдлөх өнгөндөө орохын цагт дайсагнагч талын мэргэд, баатрууд ирж нөхөрлөснөөр Хамаг Монголын тоо үлэмж өсөн хүчирхэгжсэн. Харин Манж лугаа уусан сураг алдраагүй нь бидний бахархал. 

Цөөхөн монголчуудад бусдыг үндэс угсаагаар ялгаварлахыг цаазалсан анхны хаан нь Чингэс ч байж мэдэх юм. Тэрээр харь угсааны олон хүүхэд үрчилсэн байдаг.

Тэгш эрх, шударга ёс, ардчиллыг тунхагласны хариуд манай тусгаар тогтнолыг дэлхий даяар хүлээн зөвшөөрлөө. Хамгийн том газар нутаг, хүн амтай, тэр хэрээрээ хавийнхаа хамаг үндэстэнг өөртөө уусгагч хоёр хөрш гүрэн хажуу дахь Монголоороо оролдохоо больсон.  

Хүний эрдэнэт бие махбодь нь тухайн  төрж өссөн нутгийн ус, агаар, хүнснээс бий болсон болохоороо тэр л газар шороо, хүн ард өөрт  илүү тохирдог. Өссөн дассан газартаа элгэмсэг байдгийн нэг учир энэ юм. Гэтэл бусдын Орос, Хятад, Негр угсаа гарвалаас зарим маань юунд тэгтлээ үргэж цочин айдаг байна аа. Сайнаар бүү хэл муугаар хардсан ч нөгөө талаасаа бас  Монголын эрлийз биш юм уу? Өөдрөг байж, өөдөлж яваа бол юмсыг сайн талаас нь харж сур даа.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс – ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт эхэллээ

Энэ сарын 2, 3-ны өдрүүдэд МҮХАҮТ дээр “Монгол Улс – ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2014” болно. Уг арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-аас Эрчим хүч, Зам тээвэр, Барилга, Уул уурхай, Хүнс, хөдөө аж ахуй, Харилцаа холбоо, Худалдаа, Банк санхүү, Байгаль орчины салбарын нийт 200 орчим хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөлөгчидийн өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн бөгөөд Монголын талаас 160 гаран компани аж ахуйн нэгжийн 200 гаран хөрөнгө оруулагчид оролцож байна. 

Categories
мэдээ

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

Аргын тооллын долдугаар сарын 02. Буд гариг. Билгийн тооллын 5. Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр. Өдрийн наран 05.07 цагт мандаж 20.53 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, хүүхэд үрчлэн авахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. 

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ нийгэм

КОПИА-МОНГОЛ төв нээлтээ хийлээ

БНСУ-ын хөдөө аж ахуйг дэмжих газрын харьяа КОПИА-МОНГОЛ төвийн Монгол дахь салбар албан ёсоор нээлтээ хийлээ. Уг арга хэмжээнд БНСУ-ын технологийн хамтын ажиллагааны төвийн захирал Ро Сухёон, Копиагийн Азийг хариуцсан захирал Чанг Анчоль, Монголын талаас ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл нар оролцсон юм. Хоёр орны хооронд ХАА-н технологи техникийн хамтын ажиллагааны тухай санамж бичгийг ҮХАА-н сайд Х.Баттулга, БНСУ-ын хөгжлийн агентлагийн удирдах ажилтан Янг Хо Ли нар 2013 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр байгуулжээ. Уг санамж бичгийн хүрээнд газар тариалангийн болон мал аж ахуйн чиглэлээр шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэхээр байгуулсан байна. Төслийн хүрээнд одоогоор Буудайн элит үр гаргах, үр үржүүлэх төслийг энэ оны тавдугаар сарын 26-ны өдөр Копиа-Монгол төв, Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хооронд хамтран ажилах гурван талын гэрээг байгуулан ажиллаж байгаа аж. 

Бэлчээр сайжруулах, малын ашиг шимийг дээшлүүлэх, Монгол улсын хөрс, цаг агаарын нөхцөлд дасан зохицсон “Бургалтай” сортын олон наст тэжээлийн ургамлын үр үржүүлэх зорилгоор Төв аймгийн Эрдэнэ суманд 4 га, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 2 га, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 6 га талбайд тус тус тариалалт хийж эхлүүлсэн байна. Мөн цаашид Экстейншиний үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Телевизийн цахим видео студи байгуулах” төслийг хэрэгжүүлэх гэнэ. Ажлын хүрээнд гар утасны программ боловсруулж малчид тариаланчид, ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдээлэл хүргэх, сургалт явуулах дэвшилтэт технологийг ашиглах үйл ажиллагаа хийгдэх аж. 

У.Ууганцэцэг

Categories
гадаад мэдээ

Сноуден хугацаагаа сунгахыг хүслээ

АНУ-ын тагнуулын экс ажилтан Эдвард Сноуден Москвад дахин нэг жил оршин суух өргөдлөө ОХУ-ын холбооны цагаачлалын албанд илгээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Би гэр бүл, үр хүүхэдтэй болохыг хүсч байна. Гудамжаар чөлөөтэй алхахыг хүсч байна. Аав, ээж, ах, дүүгээ маш их санаж, санаа зовж байгаа. Утсаар ч чөлөөтэй ярьж чадахгүй. Нэг үгээр нартай шоронд хоригдож байна” гэж жиргэжээ. Өнгөрсөн амралтын өдөр Сноуден шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би Оросын Засгийн газартай ямар ч холбоогүй. Путин болон Төрийн Думаас хүсэхэд намайг ганцхан жил Москвад байхыг минь зөвшөөрөөч” гэж ярьсан юм. Харин Ерөнхийлөгч В.Путин “Сноуден Орост байх нь хэтэрхий аюултай” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Испанид монгол залуу зодсон оросыг баривчилжээ

Испанийн Каталон мужийн Барселон хотын метронд өнгөрсөн Бямба гариг буюу зургадугаар сарын 28-нд монгол залууг зодсон этгээдийг тус хотын Цагдаагийн газраас баривчилсан байна. Танхай этгээд ОХУ-ын иргэн байсан бөгөөд найз нь метронд танхайрсан бичлэгийг нь интернетэд байрлуулснаар цагдаа нар хялбархан баривчилж чадсан аж. 

Хэргийн хохирогч 25 настай монгол залуу Барселон хотод амьдардаг бөгөөд Цагдаагийн газарт гомдол гаргаад байгаа гэнэ. Хохирогч залуу эмнэлэгт үзүүлэхэд нүүр, гарандаа гэмтэл авсан нь тогтоогджээ. Танхай этгээд болон түүний хоёр найз монгол залууг зодож байгаа бичлэгээ YouTube-д тавиж, Twitter-тээ манай орос найзын зодоон гэж жиргэсэн байна. Цагдаагийн газраас интернэтийн бичлэгийг олж хараад хаягийг нь тогтоож, шуурхай баривчилж чаджээ. Харин орос залуу 18 нас хүрээгүй тул насанд хүрээгүйчүүдийн асуудал эрхэлсэн прокурорт  хэрэг нь шилжсэн байна. 

Барселон хотын Прокурорын газраас энэ хэргийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг хэмээн үзэж, хатуу чангаар шийтгэхээ мэдэгдээд байгаа аж.