Нийслэлийн Баянзүрх дүүргээс жил бүр дүүргийнхээ хороодын дунд 1000 зайрмагны баярыг Хүүхдийн баярыг угтан зохион байгуулдаг. Өнөөдөр уламжлал ёсоор 1000 зайрмагны баяр Баянзүрх дүүргийн хороодод болсон байна. Уг үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн 16 хорооны “СОС Хүүхдийн хотхон”-ыхон оролцож, хүүхдүүдийг баярлууллаа. Тус байгууллагын зүгээс баянзүрх дүүргийн 16-р хорооны хүүхдүүдэд зориулан хүүхдүүдийнхээ урлагийн тоглолтыг үзүүлж, бэлэг өгчээ.
Month: May 2014
Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцлээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 23-25-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон. Засгийн газрын хуралдаанаар энэхүү айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
Ерөнхий сайд тус чуулга уулзалтын “Өөрчлөлтийн эрин үеийн харилцан итгэлцэл” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, хоёр орны улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж, хоёр талын хооронд яригдаж ирсэн асуудлуудыг урагшлуулах талаар өргөн хүрээнд санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрсэн нь Монгол Оросын харилцааны цаашдын хөгжилд түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.
Ерөнхий сайд Петербургт байх үедээ “Оросын төмөр зам” НХН-ийн Ерөнхийлөгч В.И.Якунин, “Ростех” корпорацийн Ерөнхий захирал С.В.Чемезов, “Росатом” корпорацийн Ерөнхий захирал С.В.Кириенко нарыг тус тус хүлээн авч уулзан Монгол Оросын хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах, ураны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрсэн нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж үзлээ.
Автозам, барилгын ажлын явцын талаарх мэдээлэлтэй танилцаж үүрэг даалгавар өглөө
Автозамын засвар, арчлалтын явцын талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 2013 онд баригдаж дууссан, ашиглалтад орсон чанарын шаардлага хангасан хатуу хучилттай автозамуудыг улсын комист хүлээлгэн өгөх ажлыг шуурхай зохион байгуулж, дүнг таницуулахыг Зам, тээврийн сайдад даалгалаа.
Арабын Эдийн засгийн хөгжлийн “Кувейтын сан”-гаас өгсөн зөвшөөрөл, зөвлөмжийн дагуу тухайн төслийн 40 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгч “Эйч Кей Би интернейшнл Холдинг” ХХК-тай хэлэлцээ хийж гэрээ байгуулах, автозамын барилгын ажлыг хугацаанд нь дуусгах арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамын барилгын ажлыг гэрээт хугацаандаа дуусгаж чадаагүй “Насны зам” ХХК-тай байгуулсан гэрээг дуусгавар болгож, уг ажлыг 2-3 багц болгон хувааж, техник, ажиллах хүчний чадавхи сайтай компанитай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг салбарын сайдад даалгалаа.
“Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай” хуулийн төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэлээ
Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа болон хувь хүний мэргэжлийн үйл ажиллагаанаас болж үйлчлүүлэгчдэд учирч буй эрүүл мэнд, амь насны хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг боловсронгуй болгох, үүнтэй холбоотой аливаа эрсдэлийг урьдчилан тооцох, тооцоолох аргачлалыг тогтоох хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох шаардлага анагаахын шинжлэх ухаан хурдацтай хөгжиж буй өнөө үед зүй ёсоор тавигдаж байна.
Олон улсын түвшинд эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын үйл ажиллагаа нь хуульчлагдсан байдаг. Гадаад улсуудын туршлагаас харахад, хариуцлагын даатгал нь эрүүл мэндийн ажилтанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор худалдан авч байгаа үйлчилгээ бөгөөд нэхэмжлэл гаргасан хохирогч талд нөхөн төлбөр олгодог үйл ажиллагаа юм.
Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын шимтгэлийг хувь хүн өөрөө төлөх, тухайн байгууллагын онцлогоос хамаарч байгууллага төлөх хэлбэрүүдийг хуульчлан тогтоож, эрүүл мэндийн ажилтанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, хохирогч талд нөхөн төлбөр олгох эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцлээ
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцээд дэмжиж Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган Хууль зүйн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж тогтлоо.
“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн хэдий ч даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй, чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох гэх мэтээр даатгалын тогтолцоонд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд дорвитой өөрчлөлт хийгдээгүй зэрэг нөхцөл шаардлагыг үндэслэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж, “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн төслийг Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн шинэтгэлийн бодлоготой нийцүүлэн боловсруулах юм байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дараах конвенциудад нэгдэн орох асуудлыг дэмжлээ
Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь 8 конвенцид нэгдэн орсон Азийн анхны орнуудын нэг. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай 88, Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай 181 дүгээр конвенцид нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.
Энэ хоёр конвенцид нэгдэн орсноор олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, хөдөлмөр эрхлэлтийн бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр олон улсын байгууллагуудаас үзүүлэх техникийн туслалцаа нэмэгдэнэ.
Хувийн хөдөлмөрийн албадыг эрх зүйн нэгдсэн зохицуулалттай, бүртгэлтэй болгосноор үйлчлүүлэгч, зуучлуулагчдын хөдөлмөр, нийгмийн эрх ашгийг хамгаалах, хууль бус хөдөлмөр эрхлэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Худалдааны тухай хуулийн төсөл боловсруулна
Худалдааны тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцаж, Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган боловсруулж үзэл баримтлалыг батлуулах, Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг амлалтыг хэрэгжүүлэх, худалдааг зохицуулах, хөнгөвчлөх, дэмжих, хөгжүүлэх шаардлагыг харгалзан гадаад, дотоодын худалдаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулах хууль зүйн үндэслэл болон нийгэм, эдийн засгийн шаардлага байна.
Манай улс 2013 оны статистикийн урьдчилсан дүнгээр дэлхийн 135 оронтой худалдаа хийж, худалдааны нийт эргэлт 10,62 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 4,27, импорт 6,35 тэрбум ам.долларт хүрсэн. Гэвч худалдааны талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогогүй, эрхзүйн зохицуулалт тодорхойгүй байгаа юм.
Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, хязгаарлагдмал зах зээлээс хэт хамааралтай үндэсний эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, олон улсын хэм хэмжээний хүрээнд худалдаа хийх, худалдааны үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, энэ салбарын тогтвортой хөгжлийг хангах, худалдааны төрийн институцийг бэхжүүлэх, нийтлэг харилцааг зохицуулах хуулийг боловсруулна.
Товч мэдээ
-Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
-Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын өндөр түвшний хурлын тухай Гадаад харилцааны сайд Л.Болд танилцууллаа. Уг хурал 6 дугаар сарын 2-3-нд Улаанбаатарт болно.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-21-нд БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Дээд хэмжээний IV уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.
-Арабын нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Зайд Аль Нахъяны энэ оны 6 дугаар сарын 3-4-нд манай улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
-Монгол Улсаас хууль бусаар хил давуулан гаргасан Прокопийн хэрэгт холбогдох үлэг гүрвэлийн олдворууд, Овирапторын өндгийг АНУ-д буцаан олгохтой холбоотойгоор хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах “АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-ний төслийг хэлэлцэн дэмжээд, түүнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
-Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн дүрмийг баталлаа.
-Монгол Улсын Засгийн газар, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага хооронд байгуулсан “Зохистой хөдөлмөрийг дэмжих талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах эрхийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт зөвшөөрлөө.
-Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-24-нд Швейцарийн Холбооны улсын Женев хотноо Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын 67 дугаар ассамблейд оролцсон дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар С.Баяндалайг томилж, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Дархан-Уул аймгийн Засаг дарга нийтийн эзэмшлийн орон сууцны байранд зочид буудал, дэн буудал ажилуулахыг хориглосон захирамж гаргажээ. Уг захирамж зургаадугаар сарын нэгнээс эхлэн хэрэгжих юм байна. Захирамжинд Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, тухайн багийн засаг дага нар хяналт тавьж ажиллах аж. Дархан суманд нийтийн эзэмшлийн орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг нийт 22 зочид буудал, дэн буудал байдаг гэнэ. Эдгээрийн үйл ажиллагааг зургаадугаар сарын нэгнээс эхлэн зогсоох аж.
Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг. Манай орны хувьд энэ жил тамхигүй өдрийн хүрээнд “Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тиймээс өнөөдөр дэлгүүрүүдэд тамхи зарахыг хориглосон юм. Тамхины татварыг нэмэгдүүлэх нь хүүхэд, багачуудыг тамхинд орохоос сэргийлээд зогсохгүй төсвийн орлогыг нэмэгдүүлэх сайн талтай гэж эрүүл мэндийн байгууллагынхан үзэж буй юм. 2013 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын нийт хүн амйн 27,1 хувь, хот суурин газрын 29 хувь, хөдөөгийн хүн амын 25,4 хувь нь тамхи хэрэглэж буй нь тогтоогджээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр /2014,05,31/ 10:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулж байна. Харин нийслэлийн хэмжээнд маргааш Чингисийн талбайд “Хүүхдийн баяр” албан ёсны арга хэмжээ 11:00 цагаас эхлэх бөгөөд тайзыг өвөрмөц, сонин байдлаар засахаар төлөвлөж өнөөдрөөс ажлхх эхлүүлсэн байна. Тухайлбал талбайн баруун талд буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын урд хэсэгт тайзыг байрлахаар зураг гарсан бөгөөд тайз нь хүүхдийн баярыг илтгэхүйц онцлогтой, талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулжээ. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна. Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулна. Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор нар оролцон ая дуугаа өргөх юм. Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломжтой. Энэ үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор маргааш Чингисийн талбайн 2 талын замын хөдөлгөөнийг 11:00-16:00 цагийн хооронд түр хугацаанд хаана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Орхон аймаг, Эрдэнэт хотын гэр хорооллын ус хангамж, ариутгах татуургын системийг сайжруулах барилгын ажил дуусч, хүлээлгэн өгчээ. Уг ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Хот байгуулалтын салбарын МОН-2301 төслийн хүрээнд хийжээ. Энэхүү байгууламж ашиглалтад орсноор Эрдэнэт хотын гэр хорооллын 48800 орчим оршин суугчдыг 200-250 метрийн зайд байрлах түгээх байрнаас ундны усаар хангах боломж бүрджээ. Мөн гэр хороололд байрлалтай Наран цогцолбор болон 17 дугаар сургууль, 6 дугаар цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хүний хөгжлийн байгууллага, халуун усны газар, багийн байр, цагдаагийн хэлтэс, зэрэг нийгмийн үйлчилгээний барилгууд цэвэр, бохир усны шугамд холбогдсон байна. Цаашлаад гэр хорооллын айл өрх, худалдаа үйлчилгээний байгууллагууд цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдох боломжтой аж.
Нийслэлийн 374 жилийн ойг угтан НЗДТГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, СУИС-тай хамтран “Хотын гудамж-Миний нутаг” сэдэвт иргэдийн баярыг Анкарагийн гудамжинд зохион байгуулж байна. Энэхүү баярт нийт 60 мянга гаруй иргэд 100 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Баярын үеэр СУИС-ын оюутнууд болон сурагчид урлагийн тоглолтоо үзүүлж байна. Түүнчлэн хотын соёлтой иргэний төлөвшүүлэх, соёл урлагаар иргэдэд үйлчлэх, гоо зүй, ёс зүйн хандлагыг өөрчлөхөд тус баярын зорилго оршиж буй бөгөөд энэ чиглэлээр уралдаан тэмцээн зохион байгуулах юм.
Бразилийн супер модель, сахиусан тэнгэр Жизель Бундхен эх орондоо зохион байгууллагдаж буй “World cup”-ийн нүүр царайгаар тодорчээ. Нийслэл Рео Де Женерод түүний зурагтай зар сурталчилгаанууд хаа сайгүй байршиж эхэлсэн байна. Жизель “World cup”-ийн нээлтийн арга хэмжээний үеэр хөлбөмбөгийн амьд домог Пелетэй хамт цэнгэлдэхэд орж ирэхээс гадна хүүхдийн хоортой төрийн дуулал дуулах гэнэ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Бразилийн “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, баг тамирчдадаа амжилт хүссэн билээ. Жизель “World cup”-ийг эсэргүүцэж буй хүмүүст “Бид бразилчууд. Дэлхийн энх тайвны төлөө зохион байгууллагдаж байгаа энэ сайхан тэмцээнийг бүү оролдооч. Ингэж тэмцсэний оронд эх орныхоо баг тамирчдыг дэмжиж, тэдэнд урам хайрлаач” гэж жиргэжээ.
Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д ажлын айлчлал хийгээд иржээ. Айлчлалын эхний өдөр Эрчим хүчний сайд М.Сономпил БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Эрчим хүчний удирдах газрын дарга Ву Шиншионтой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал бодлоо солилцжээ. Эрчим хүчний сайд М.Сономпил Монгол Улс нүүрсээ дангаар нь экспортлох биш, цахилгаан эрчим хүч болгож, БНХАУ-ын зах зээлд борлуулах сонирхолтой байгаа. Тиймээс томоохон цахилгаан станц барихаар зэхэж байгаа бөгөөд энэ төслүүдэд Хятадын талыг хөрөнгө оруулахыг хүссэн байна.
Харин БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Эрчим хүчний удирдах газрын дарга Ву Шиншион өмнө нь яригдаж байгаад орхигдсон томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, цаашид хамтын ажиллагааны шинэ боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хоёр ажлын хэсэг байгуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн хэлжээ. Уулзалт ярилцлагын үеэр Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газрын хооронд хамтран ажиллах санамж бичигт хоёр тал гарын үсэг зуржээ.
Мөн Эрчим хүчний сайд М.Сономпил айлчлалын хүрээнд БНХАУ-ын эрчим хүчний салбарын томоохон 16 компаний удирдлагатай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, яриа хэлцлүүдийг хийсэн байна.
БНХАУ-ын Повер Чайна компани Монголын “Цэцэнс майнин энержи” компанитай хамтран Төв аймаг дахь Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар болжээ. Уг станцын судалгааний ажил бүрэн дуусч, ТЭЗҮ, зураг төслийн ажил нь бэлэн болжээ. Мөн тусгай зөвшөөрлөө ч авсан аж. Төслийн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал 2017 оны өвөл гэхэд эхний ээлжийн агрегат ашиглалтад орно гэж хамтран ажиллагч байгууллагууд үзэж байгаа аж. Улаанбаатар хотоос 110 км зайд Улаанбаатар-Чойрын төмөр замаас 24 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний орд нь 10 гаруй тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй юм байна.
Энэ ордыг түшиглэн барих 600 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц баригдсанаар төвийн болон зүүн, өмнөд бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангаж, урт хугацааны туршид найдвартай тогтвортой ажиллагааг хангах аж. Цаашлаад БНХАУ-д эрчим хүч экспортлох нэг боломж бүрдэх юм байна.