“Увс хүн хөгжлийн хөтөч загвар” гэсэн ном гарчээ. Энэ юун тухай ном
вэ гэвэл увс гэдэг хэсэг бүлэг хүмүүс сайн сайхан амьдрах тухай л өгүүлсэн бүтээл
аж. Энэхүү номыг Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны арванхоёрдугаар
сарын 25-ны өдрийн хуралдааны тогтоолоор баталсан байна. Хөтөлбөр батлах тухай гэх
тогтоолыг нь дурдъя л даа. “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний
удирдлагын тухай хуулийн арванесдүгээр зүйлийн 19.1 дэх заалтыг үндэслэн тогтоох
нь:
1.Увс хүн хөгжлийн хөтөч загвар хөтөлбөрийг баталсугай
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, шаардагдах
хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг жил бүрийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зорилтонд
тусгаж, сурталчлах ажлыг аймгийн Засаг дарга (Э.Цасчихэр)-д даалгасугай” гэсэн албан
тоотын хавсралт номын эхэнд байна. Увс хүн хөгжлийн хөтөч загварыг боловсруулах
эрдэмтдийн багт гавьяат багш, доктор Ц.Дэмбэрэл, түүхийн ухааны доктор На.Сүхбаатар,
академич Ч.Авдай, дархан аварга Х.Баянмөнх, хүн судлаач доктор Ж.Батсуурь, философич
доктор Б.Батчулуун гээд багагүй олон хүний нэрс байна лээ. “Увс нутгийн хөгжлийн
хэмжүүр нь Увс хүний хөгжил мөн” хэмээн уг номын тэргүүн бүлэг эхэлж байна. Тэгээд
дараа нь “Увс хүний өмнө тулгарч буй сорилтууд” хэмээн үргэлжлэх аж. “Увс нутагт
дэлхийг хамарсан өөрчлөлт-шилжилтийн зарим нь нутагшиж эхэлсэн бөгөөд мөд бараг
хүчтэй түрэн ирж, Увс хүний одоогийн ахуй амьдралын байдалд хүчтэй нөлөөлөх нь тодорхой
болов. Цаг хугацаа, хүмүүс, нөөцүүд болон төслүүдийг удирдах цоо шинэ хэрэгцээ гарчээ.
Энэ бүгдийг Увс хүн мэдэрч байна. Увс хүн эрин цагийнхаа шинэ нөхцөл байдлыг мэдрэх
төдийгүй түүнд дасан зохицох, түүнд оролцох, улмаар түүнийг өөрийнхөө эрх ашигт
нийцүүлэн ашиглах ёстой болов. Энэ нь увс хүнд тулгарч буй суурь шинжтэй даяар сорилт
бөлгөө” гэжээ. Эл бүгдийг нэг бүрчлэн тогтоож уншихад увс гэдэг тусдаа омог бий
болсон шиг харагдаж байна. Түүнийг нь “Увс хүн, Увс аймаг даяаршсан Монгол Улсад
дангааршин цойлох боломжийг алдах ёсгүй” гэх тодорхойлолт бүр ч батлаад өгөх шиг.
Физик, математикийн шинжлэх ухааны доктор, профессор К.Цоохүү гэж
хүн “Увс хүн үзэмжит байгаль, эрдэс баялаг, мал аж ахуйгаараа төдийгүй хамгийн
гол нь хүнээрээ бахархах ёстой. Яагаад Завхан хүн, Ховд хүн, Алтай хүн гэхгүй Увс
хүн гэдэг нэр томъёо Монголд үүссэн юм бэ. Энэ нэрийг бид өөрсөддөө өгөөгүй билээ.
Увс хүний дөжгөө чанарыг бид давуу талынхаа нэг гэж ойлгох нь зүйтэй. Дөжгөө гэдэг
нь зүгээр нэг хөөрсөн сэтгэлийн хөдөлгөөн биш генд нь байгаа зохион байгуулалттай
чанар, бусдын өмнө хүлээх өндөр хариуцлага гэж ойлгох нь зүйтэй” хэмээн увс хүний
мөн чанарыг тодорхойлжээ.
Одоо увс хүн хөгжлийн хөтөч загварын алсын хараа гэдгийг нь тольдъё.
“Эрүүл биетэй, саруул ухаантай, бүтээлч сэтгэлгээтэй оюунлаг увс хүн” хэмээн тодорхойлоод
оюунлаг увс хүн бие эрүүл, ухаан саруул байж бүтээлч сэтгэлгээгээр жигүүрлэн өргөн
уудам нутагтаа түүх соёлоо эрхэмлэн хүндэлж, үндэсний бахархалтай, өндөр боловсролтой,
өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлдээ хүрч зол жаргалтай амьдран суух тухай хэлжээ.
“Өргөн уудам нутаг” гэж дэлхийг хэлээд байна уу, Монголыг хэлээд байна уу гэдгийг
нь сайн ойлгосонгүй.
Цаашлаад “Увс хүн өөрөөсөө урган өндийнө. Увс хүн өөртөө дүйж хөгжих
ёстой. Өөрөөсөө урган өндийх, өөртөө дүйж хөгжих нь өөрөө бүрэн биеэ даана, өөрөө
өөрийгөө болгоно гэсэн явцуу санаа биш юм. Увс нутгийнхаа гадна дотно талыг шүтэн
барилдуулж, өөрийн өнгө төрхөө хадгалан хөгжинө гэсэн үг. Монгол Улсын бусад аймаг
хотоос эдийн засаг соёлын аль талаараа дутуугүй, харин ч хүний амьдралын зарим нөхцөлөөрөө
давуутай, өөрийн гэсэн нүүр царай бүхий Увс аймаг болоход увсчууд бидний эрхэм зорилго
оршино” гэжээ. Увс хүн л сайн сайхан амьдрах ёстой, бүхнийг удирдан чиглүүлнэ гээд
байх юм. Бусад нь тэгэхээр яаж болж байна аа гэх асуулт сөхөгдөх нь мэдээж. “Увс
хүн хүний сайн чанаруудыг өөртөө цогцлоож чадах бөгөөд түүнийг “Увс хүний чанар”
гэнэ. Увс хүний үйлдвэрлэл үйлчилгээний бүхий л төрөлд “Увс чанар” хэмээх бүтээгдэхүүн
үйлчилгээний шилдэг чанарыг буй болгохыг хичээнэ” гэсэн байх юм.
Харин “Увс хүний хөгжилд саад болж буй хүчин зүйлс” гээд бас хэд
хэдэн зүйлс дурдсаны хамгийн түрүүнд “Увс аймаг нийслэл Улаанбаатараас 1417 километр
алслагдсан” гэсэн нь эрхгүй анхаарал татав. Монгол Улсын нийслэл Улаанбаатараас
алслагдлаа гээд байх юм. Тэгээд түүнийгээ “Увс хүний хөгжилд саад боллоо” гээд байх.
Өөр юунд ойр байх гэж ийн өгүүлснийг нь бас л ойлгосонгүй ээ.
Бахархам түүхтэй, баатарлаг өвөг дээдэстэй увс гээд уг бүтээл үргэлжилж
байна. Монголын нууц товчооноос улбаалаад өгүүлсэн Увсын гэх омог аймаг хэсэг бүлэг
хүмүүсийн түүх Монгол Улсын маань түүх байдаг байгаа. Монголчуудын мандан бадарч
явсан үеийн үүх түүхийг бичиглэснийг хараад гайхашрав. Өнөө тусдаа
хүмүүсийн чинь түүх Монголын түүх
байсан нь гайхаш төрүүлсэн хэрэг л дээ.
“Увс хүн баатарлаг өвөг дээдэстэй” гэх хэсэгт “Өндөр гэгээн Занабазарын
нагац өвөг, Ойрадын газар нутгийг Ижил мөрөн хүртэл тэлсэн, Дөрвөдийн Далай тайш,
Тод үсгийг зохиож, Ойрадын утга соёлыг жигдрүүлэгч Монгол-Ойрадын шарын шашны их
багш, Хутагтын гэгээн Зая бандида Намхайжамц” гээд бас л Монголын хувь заяатай хүмүүсийн
намтар түүх бичигдсэн байх юм.
“Увс хүний хөгжлийн индекц”,
“Увс хүний жендерийн эрх мэдлийн хэмжүүр”, “Увс хүний аюулгүй байдал” гээд уг номд
нэгд нэгэнгүй бичжээ. Увс хүн л хөгжлөөрөө онцгойрч, баяжиж, аюулгүй сайхан амьдраад
бусад нь тэдэнд туслаж, дэмжих үүргийг гүйцэтгэж байхаар л зүйл ойлгогдоод байгаа.
Ингэхэд “Увс хүн” гэх яриа хэзээнээс гарсан бэ гэхээр 2011 оны наадам санаанд бууж
байна. Мөнхбат гэж залуу түрүүлсэн. Увсын харьяат бөх юм билээ. Тэр залууг түрүүлэхэд
“Увс нуур” гэдэг дууг төв цэнгэлдэхэд Увсын хэдэн бөхчүүд дуулсан. Юмны наад цаад
нарийн ширийн учир мэдэхгүй, хэлсэн үг хийсэн үйлдэлдээ бараг л хариуцлага хүлээдэггүй,
ард түмнээ зүгээр л зугаацуулах үүрэгтэй бөх тэх гэх бүдүүн хадуун нөхдүүдээс л
“Увс хүн” гэх яриа тэгж гарсан юм. Уг наадмын дараа “Өдрийн сонин” “Увс хүн монгол
хүн мөн үү” гэж Монгол Улсаас асууж байсан. Гэвч нэг ч хүн монголчуудад уг асуултын
хариуг өгөөгүй. Үндсэндээ “Увс хүн бол монгол хүн биш” эсвэл “мөн” гэж хариулаагүй
гэсэн үг л дээ. “Өдрийн сонин” одоо дахиад асууж байна. “Увс хүн монгол хүн мөн
үү” гэж. Тухайн үед хэдэн бөх тэх гэх нөхдийн
л яриа юм байна, эсвэл бөхчүүдийг хэлээд байна уу гээд “Увс хүн” гэх ойлголтод нэг
их ач холбогдол өгөөгүй өнгөрсөн юм.
Тэгтэл “Увс хүн хөгжлийн хөтөч загвар” ном гараад дээрх асуултыг
дахин асуухад хүргэж байна. Аймгийн иргэдийн хурал гэдэг төрийн институц билээ.
Тэгвэл аймгийн иргэдийн хурлаараа баталсан энэ ном чухам юуг өгүүлнэ вэ, юу гэж
хэлээд байна вэ. Юмны учир мэдэх, аливаад ултай суурьтай, наанатай цаанатай ханддаг хүмүүст уг бүтээл, увс хүн гэх томъёолол нэг л
ойлгомжгүй байгаад байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын хууль тэргүүтэнд “Монгол
хүн л Монголын төрийг удирдана. Монгол Улсын иргэн УИХ, Засгийн газрын гишүүн, УИХ-ын
дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байна” гэж зүйлчилсэн байдаг даа. Энэ хууль одоо
ч Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.
Н.ГАНТУЛГА