-Энэ сарын 20-ны өдөр ээлжит бус чуулган хуралдана гээд
байсан ч нам гүм байна. Хуулиараа бол ээлжит бус чуулган зайлшгүй хуралдах шаардлагатай
биз дээ?
-Гуравдугаар
сарын 24 юм уу 31-нд ээлжит бус чуулган зарлана гэсэн мэдээлэлтэй байсан.
Одоохондоо хэзээ ээлжит бус чуулган орохыг зарлаагүй байна. Энэ сарын 24-25-нд
жил бүр болдог Монголын эдийн засгийн форум болно. Түүний дараа л зарлах болов
уу гэж хувьдаа бодож сууна. Ээлжит бус чуулганыг зайлшгүй зарлах шаардлагатай
байна.
-Яг ямар шаардлагын тухай та ярив?
-Төсөвт
тодотгол хийнэ. Царцаасан барилгуудын аудитын дүгнэлт гарчихсан байгаа. Төсвийн
байнгын хороон дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Тиймээс ээлжит бус
чуулганаар төсөв, төсвийн тодотголыг хэлэлцэх шаардлагатай. Ээлжит чуулган
руугаа оруулаад хэлэлцээд явчихад болохгүй гэх зүйлгүй. Гэхдээ миний хувьд аль
болох чуулганыг нээх шаардлагатай гэж үзэж байгаа л даа.
-Төсвийн тодотголоо хийж чадалгүй гурван сараас
хэтэрчихвэл Төсвийн тухай хуулиа зөрчсөн болох уу?
-Чуулганаар
хэлэлцээд явж болно. Үүн дээр том асуудал гарна гэж бодохгүй байна. Аль болох
ажлаа хурдлуулахын тулд ээлжит бус чуулганаа зарлаад явах нь дээр л дээ.
-Царцаасан барилгуудын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж
байгаа хүний хувьд аудитын дүгнэлтийг хэр бодитой гэж харж байгаа вэ?
-Аудит
үнэхээр томоохон ажил хийж гүйцэтгэсэн байна. Гурван сарын хугацаанд бүх
обьектуудаар яваад иржээ. Миний хувьд Архангай аймагт томилолтоор ажиллахдаа
царцаасан обьектуудыг харлаа. Аудитын дүгнэлтийг хараад сайн дүгнэлт гаргажээ
гэж бодож байна. Мэдээж ганц нэг асуудалтай зүйлс байгаа л байх. Манай ажлын
хэсэг энэ бүгдийг нэг нэгээр нь шалгаж байгаа. 138 тэрбум төгрөгийг төсөвт суулгаад
энэ онд дуусчих тэр обьектуудаа тавина гэсэн бодолтой байна. Дараагийн ээлжинд
он амжих обьектуудаа оруулах бодолтой ажиллаж байна даа. Энэ жилийн хувьд
төсөвт суусан хирнээ зураг төсөвгүй гэх мэт барилгууд байвал эдгээр барилгуудыг
зогсооно.
-138 тэрбум төгрөгөөр хэдэн обьектыг санхүүжүүлэх вэ. Юу
юугүй л барилгын ажил эхэллээ шүү дээ?
-Царцаасан
дүн маань 138 тэрбум төгрөг энэ хүрээндээ л ажиллана гэсэн үг. Аудитын
байгууллагын дүгнэлтийг харахад гол төлөв баригдаад эхэлсэн буюу гүйцэтгэл нь
эхэлчихсэн барилгуудыг гүйцээх ёстой гэсэн байгаа. Бидний зүгээс үүнийг дэмжиж
байгаа тул хойшлуулах шаардлагатай барилгуудад ажил нь эхлээгүй, тендер нь
зарлагдаагүй, газрын маргаантай, зураггүй гэсэн асуудлаас болоод ажлаа эхлүүлж
чадаагүй барилгуудын ажлыг хойшлуулахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа юм.
Зарим нэг обьект нь 100 хувийн гүйцэтгэлтэй хирнээ мөнгө тавигдсан обьектууд
байна. Аудитаас нэмж мөнгө өгөх шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс
бидний зүгээс түүнийг нь аудитын дүгнэлтээр авна гэсэн бодолтой байгаа. Энэ
чинь авлигажсан төсөв гээд байгаа обьектууд юм. Бүх ажил нь дуусчихаад байхад
мөнгө нэхээд байгаа нь ямар учиртай юм бэ.
-Авлигажсөн төсвийн жишээ нь Ховдын цэвэрлэх байгууламж
байна. Улсаас ихээхэн хэмжээний мөнгө авчихаад суурь цутгах хэмжээний ажил
гүйцэтгэсэн тэр барилгын суурийг дуудлага худалдаанд оруулаад төр гаргасан
мөнгөө эргүүлж олж чадах уу?
-Хэцүү
л дээ. Ямар ч байсан гаргасан зардлаа тодорхой хэмжээнд авах байх. Мөн
компаниудад хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Барилгын ажил гэрээний үндсэн дээр
хийгдэж байгаа нь тодорхой. Анх бид ийм үнээр тийм байшин барина гээд гэрээ
хийчихсэн. Тэгснээ гэрээгээ зөрчиж байгаа бол хуулийн дагуу хариуцлага
хүлээлгэнэ гэж бодож байгаа. Миний хувьд компаниуд дээр хатуу зарчим баримтална
гэсэн бодолтой байна. Ажлын хэсгээс эдгээр компаниудыг захирлуудынх нь нэр
устай нь олон нийтэд ил болгоно гэж бодож байгаа. Мөнгөө бүрэн авчихсан хирнээ
дөрөв, таван аймагт зэрэг ажил авчихаад нэг ч ажлаа хийгээгүй компаниуд байна.
Энэ нөхдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-Компаниудад хуулийн ямар хариуцлага хүлээлгэнэ гэж?
-Өнөөдөр
Монгол Улсын хуулинд юу гэж заасан тэрүүгээрээ хариуцлагаа хүлээнэ.
-МАН-ыг засаг барьж байхад төрөөс их хэмжээний мөнгө
авчихсан хувь хүмүүс ганц хоёр жил шоронд суугаад гарч ирээд улсад хохирлыг нь
төлөлгүй өнөө мөнгөө хувьдаа завшаад өнгөрдөг байдал давтагдах юм биш биз дээ?
-Энэ
өмнөх засгийн үеэс улбаатай зүйл. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад жил
долоон сар л болж байна. Тиймээс авлигажсан төсөв гэгдээд буй төсөвт өртөг нь
нэмэгдсэн обьектууд ихэвчлэн өмнөх засгийн үед тендерээ авчихсан барилгууд л
даа. Бид танай, манай гэлтгүй цэгцэлье л гэж байгаа юм.
-Компаниудад хариуцлага тооцно гэхээр ам.долларын ханшийн
өсөлтөөс болоод ч гэдэг юм уу эдийн засгийн тогтворгүй байдлаас бараа
бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Үнэ нэмэгдсэн бидний буруу биш гээд хариуцлага
хүлээлгэх тал дээр асуудал босч ирэх байх даа?
-Юмны
үнэ өслөө гээд улсаас мөнгө нэмүүлж авсаар байгаад сурчихсан байна. Хараад
байхад жил бүр мөнгөө нэмүүлэх санаатай. Анх тэгвэл ийм үнээр барина гэж
гэрээгээ хийхгүй л байх ёстой байсан юм. Өнөөдөр тендерт орж буй компани
өнөөдрийнхөө нөхцөл байдлыг мэдэж байгаа. Тиймээс барилгаа барих л ёстой. Аль ч
бизнесийн компани эрсдэлээ бодож орох ёстой. Барилга барина гэж гэрээ
байгуулчихаад чадахгүй бол тухайн үедээ чадахгүй гэдгээ хэлсэн байх ёстой.
Гэтэл чадна гээд мөнгөө авчихсан л байдаг байхгүй юу. Тийм болохоор компаниудын
зүгээс эсэргүүцэл тулгарна гэж бодохгүй байна. Барилгын компаниуд төрд гомдоод
байх зүйлгүй. Төр тендер шалгаруулж ажлыг нь өгсөн. Өөрсдөө л ажлаа хийж
чадаагүй.
-Төрөөс мөнгө авчихаад ажлаа хийгээгүй хичнээн компани
байна вэ?
-Яг
тэд гэж хэлэх болоогүй байна. Үүн дээр ажлын хэсэг ид ажиллаж байгаа. Эдгээр
компаниудын авсан мөнгөний хэмжээ тэрбум тэрбумаар яригдах хэмжээний мөнгө л
дөө. Царцаасан обьектуудын төсөвт өртөг нь өөрөө том тоотой.
-Ээлжит бус чуулганаар хамгийн түрүүнд аудитын дүгнэлтийг
хэлэлцэх үү?
-Угаасаа
хэлэлцэхгүй бол болохгүй л дээ. Төсвийн тухай хууль, Төсвийн байнгын хорооны
тогтоол ч гарсан. Тиймээс ээлжит бус биш юм аа гэхэд чуулган нээгдэнгүүт л
хэлэлцэнэ.
-Монгол Улсын дотоод эдийн засаг хүндэрчихлээ.
Ам.долларын ханш хазаараа алдаж, монгол төгрөг уначихсан. Үүн дээр Их хурлын
гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Эдийн
засгийн хүндрэл нь олон учир шалтгаанаас үүдэлтэй. Нүүрсний экспорт, Чалкогийн
өрийн асуудал нэлээд голлох үүрэг гүйцэтгэсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх
мэт тодорхой ажлуудыг Засгийн газраас хийж байна. Өнгөрсөн жил дэлхий нийтээр
эдийн засаг тийм ч сайн байсангүй. Бүтээн байгуулалтыг сайн хийж дэд бүтцээ
хөгжүүлэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ эдийн засаг өснө. Тэгэхгүйгээр өр тавилаа гээд
бүтээн байгуулалтыг хориод байж болохгүй. Аль ч улсын хөгжлийн замналыг харахад
мөнгө босгож эдийн засгаа тэлсэн байдаг. Эдийн засаг өсч байгаа энэ үед бонд
гаргаж бүтээн байгуулалтдаа зориулах нь зөв. Бид уул уурхайгаа эргэлтэд
оруулна. Тэгэхийн тулд төмөр зам барих ёстой. Үүнийг хийхийн тулд мөнгө
хэрэгтэй. Өнөөдөр төсвийн орлогоороо энэ бүгдийг шийдэх боломжгүй.
-Ардын намын зүгээс үр хойчдоо өр зээл үлдээх нь. Энэ
засаг хамгийн их мөнгөтэй хирнээ ажил хийхгүй байна гээд байгаа?
-Зөрүүлээд
өөрсдөөс нь асуумаар л байдаг юм. Их хуралд суугаа ардын намын бүлгийн гишүүд
улс орынхоо төлөө гэж байгаа юм бол улс төржилтөө зогсоогоод “Бид яах вэ”
гэдгээ ярих ёстой. Тэд “Яах вэ” гэдэг гарц ярихгүй хирнээ шүүмжлэх л зүйл
ярьдаг. МАН-ынхан 90 жил төр барьсан гэж ярих дуртай. Сүүлийн 20 жилд ч гэсэн
ихэвчлэн төр барьж ирсэн. Эсвэл тэд өнөөдөр саран дээрээс буугаад ирдэг юм уу.
Өнөөдөр л Монголд ирж нөхцөл байдалтай нь танилцсан хүмүүс юм уу. Тэдний улс
төр улс орныхоо нөхцөл байдалд улам л муугаар нөлөөлж байна. Цалин нэм гэж өдөр
шөнөгүй шаардаж байгаа нь буруу. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний
үнэ нэмэгдэхэд нөлөөлж байгаа. Тэд өдөр бүр цалин нэм гэж популизм хийж байгаа
нь шууд үнийн өсөлтөд нөлөөлсөн. Ардын намынхан албаар ингээд байна шүү дээ.
-Ам.долларын ханшийг хэрхэн буулгах вэ. Тэгэхгүй бол
бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ болоод байр орон сууцны үнэд нөлөөллөө шүү
дээ?
-Монголбанк
интервенц хийгээд нэмэргүй болчихоод байна. Өнөөдөр мах, сүүнээс эхлээд ченжийн
эдийн засагтай болоод хэдэн нөхдүүд л контрольдоод барьчихсан. Ам.долларын ханш
эмзэглээд байх зүйл биш. Бид дэд бүтэцтэй болох хэрэгтэй. Тэгээд өөрсдөө
үйлдвэрлэгч болсон үед доллараас санаа зовох зүйлгүй болно. Энэ бүгдийг хийх
боломж байна. Экспорт импортыг орлох 888 төсөл шалгаруулсан. Эднийгээ
хэрэгжүүлээд эхэлбэл байдал өөр болно. Долларын ханш хэд байх нь тийм ч сонин
биш. Бүх зүйлээ гаднаас авч байгаа энэ үед долларын ханш бидэнд нөлөөлнө.
-888 төсөл хэрэгжээд үр дүнгээ өгтөл удна…
-Тулгаж
ам.долларын ханшийг барина гэж байхгүй. Ямар ч эдийн засгийн онолд хүчээр
валютын ханшийг барина гэсэн ойлголт байдаггүй. Эдийн засаг нь өөрөө гаргалгаагаа
гаргаж, эдийн засаг өөрөө сайжирч байж ханш тогтворжино.
-Та 2014 оны төсөв батлахад ажлын хэсгийг нь ахалсан.
Төсөв батлахад ам.долларын ханшийг 1384 төгрөгт барина гэсэн ч чадсангүй. Энэ
үнэндээ барих боломж бий юу?
-Бусад
орнууд ч гэсэн ам.долларын ханшийг тэгж л авдаг юм билээ. Түүнээс 1384 төгрөг
болгоно гэж бодож холбогдох яамдууд бодлого бариагүй байх. Нүүрсний экспорт энэ
жил нэмэгдсэн тохиолдолд орлого нь нэмэгдэнэ. Орлого нэмэгдэх хэрээр зарлага
нэмэгдэнэ. Эдийн засгийн үндэслэлтэйгээр л ам.долларын ханшийг оруулсан гэж
бодож байна.
-Ам.долларыг 1384 төгрөг гэж тооцоод гадаад, дотоод өр
зээл гээд бүгдийг төсөвлөсөн. Төсөв батлахад тогтсон үнэ өссөн болохоор эдийн
засагт ямар сөрөг үр дагавар авч ирэх вэ?
-Нүүрсний
экспортын орлого нь нэмэгдээд ороод ирнэ. Үүний эффект оны эцэст гарна. Одоо
тайлант хугацаа эхэлж байна. Эсвэл дараа жилийн төсвийн гүйцэтгэл тодорхой
болсон үед ил болно. Одоо эффектийг нь тооцох боломжгүй.
-Эдийн засгийн байнгын хорооны дарга зургадугаар сарын
сүүлчээр ам.долларын ханш бууна гэсэн. Үнэхээр буух болов уу?
-Би
сайн хэлж мэдэхгүй байна. Зургадугаар сарын сүүлчээр ийм өнгө төрх ажиглагдах
магадлалтай. Эдийн засаг тэлэхийн хирээр эдийн засаг өснө. Тэгэхгүйгээр
хайрцагандаа майжигнаад байвал яваад л байж болно.
-Эдийн засагт эерэг нөлөөлөл авч ирэх Оюутолгойн хоёр
дахь шатны гэрээ хэлцэл ямархуу байгаа бол. Зарим хэвлэлээр сайн байна гээд
зарим нь ахиц гарсангүй л гээд байна?
-Уг
нь Их хурлаас үүрэг өгсөн. УИХ-ын гишүүд ямар хэлэлцээрт нь орох биш.
Хэлэлцээрт тодорхой хэмжээний ахиц гарсан бол бидэнд мэдэгдэх байх. Би бол
хэлэлцээрт ахиц гарахгүй байна гэж бодоод байгаа. Үр дүнтэй болж байгаа гэдэгт
нь эргэлзэж л байна.
-Эдийн засгийн хүндрэл гадны хөрөнгө оруулалт болон уул
уурхайтай шууд холбоотой юу?
-Эдийн
засгийн хүндрэл уул уурхай зогссонтой шууд холбоотой гэхэд хэцүү. Тодорхой
хэмжээгээр нөлөөлсөн нь үнэн. 2012 оны сонгуулийн өмнө уул уурхайг зогсоох
ажлыг МАН, манай нам хоёр хамтарч байгаад хийснийг бүгд мэдэж байгаа. Нөлөөлөл
нь одоо болтол гарахгүй байна. Түүнийгээ харин намрын чуулганаар зассан. Дахин
хэлэхэд бүтээн байгуулалтаа хиймээр байна. Төмөр замгүй бид мянга нүүрс
олборлоод яах юм.
-Та Архангай аймгаараа яваад ирсэн гэсэн. Иргэд ямар байр
суурь илэрхийлж байна вэ?
-Миний
хувьд бараг сар орчим Архангай аймгийнхаа ихэнх сумаар яваад ирлээ. Хаваржаа
сайхан байна. Өвөлдөө ч онд мэнд орцгоосон. Архангай аймгийнхан улс төржилтөөс
үнэндээ залхсан байна лээ. Улс төржилтөө больцгооё гэдгийг дахин хэлье. 2016
онд ард түмэн өөрсдөө дүнгээ тавина биз.
Э.ЭНХБОЛД