Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний
ажилтан Төмөрийн Хулантай ярилцлаа.
-Таныг саяхан “Гамлет” жүжигт тоглохыг харлаа. Шинээр Офелияд
сонгогджээ?
-Тийм
ээ. Алдарт У.Шекспирийн зохиол дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил гэгддэг
“Гамлет” жүжгийг манай театр хоёр хоногийн өмнө хоёр удаа тоглолоо. “Гамлет”-д шинээр
Оюундарь эгч бид хоёр орж тоглосон. Миний хувьд гол дүрийн эмэгтэй Офелиягийн дүрийг
бүтээлээ. Дөрөв дэх Офелия гэсэн үг л дээ. Учир нь анхны Офелияг ардын жүжигчин
Н.Сувдаа гуай бүтээж байсан. Мөн Ганчимэг, Ганцэцэг нар тоглож байсан бол энэ удаа
би дөрөв дэх Офелия болж, энэ дүрд тоглосондоо сэтгэл маш өндөр байна. Дэлхийн хэмжээний
тэр дундаа сонгодог жүжигт дүр бүтээнэ гэдэг жүжигчин хүнд ховорхон олдох боломж
шүү дээ.
-Өмнө нь хэн нэгэн үзэгчдэд тултал нь хүргэчихсэн дүрийг
бүтээхэд дараагийн жүжигчинд амаргүй байдаг гэж ярьдаг. Таны хувьд Офелияг ямар
өнцгөөс харж бүтээхийг зорив?
-Мэдээж
өмнө нь мундаг уран бүтээлчид энэ дүрийг үзэгчдэд хүргэчихсэн. Гэхдээ өөр өөрийнхөө
өнцгөөс. Одоо Хулан аль талаас нь Офелияг
гаргаж ирэх бол гэсэн хүлээлт үзэгчдэд үүссэн байгаа нь тодорхой. Тиймээс би дүрдээ
ажиллахдаа Жульеттатай харьцуулахаар шийдсэн. Яагаад гэхээр Жульетта бол миний
тоглохыг хамгийн ихээр хүсч явдаг дүр. Энэ хоёр дүрийн хооронд адилхан хэрнээ,
өдөр шөнө шиг ялгаатай олон чанар харагддаг. Адилхан нь гэвэл Офелия, Жульетта хоёр
хэргүй тунгалаг ямар ч толбогүй гэнэн цайлган охид. Нас ч чацуу. Жульетта эрх дураараа,
санасан, хүссэн зүйлээ хийж чаддаг, хайрынхаа төлөө амиа ч егүүтгэхээс буцахгүй
нэгэн. Нэг ёсондоо өөрийнхөө хүслийг илэн далангүй, хэнээс эмээлгүй илэрхийлж чаддаг.
Харин Офелия бол яг эсрэг чанар. Их дотогшоогоо дүр. Багаасаа ээжгүй, аав ахтайгаа
өссөн. Аав нь төрийн түшмэл болоод ч тэр үү их ёс суртахуун, дэг жаягтай өссөн охин.
Аавын үг бол охинд хууль, цааз. Түүнд зөрчих зүрх зориг битгий хэл тийм эрх байхгүй.
Тиймээс харьцуулалт хийж дүрээ гаргах талаас их анхаарч ажилласан.
-Танаас их ажиллагаа шаардсан байх. Яагаад гэвэл та өмнө
нь ихэвчлэн сэргэлэн, эрх танхи охины дүрийг бүтээж байсан шүү дээ?
-Тэгэлгүй
яахав. Үнэхээр хол санагдсан. Гэхдээ жүжигчин хүн ямар ч дүрийг гаргаж чадах чадвартай,
мэдрэмж, авьяастай байх ёстой гэж боддог. Энэ утгаараа зөвхөн Хулангийн гаргаж
чадах Офелияг гаргахын тулд сэтгэл зүйч дээр хүртэл очиж зөвлөгөө авсан.
-Яагаад заавал сэтгэл зүйчээс гэж?
-Уран
бүтээлчид ч, үзэгчид ч тэр Офелиягийн галзуурсан явдалд их анхаарлаа хандуулдаг.
Тиймээс дүрээ мэдэрч илүү тод гаргахын тулд би сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө авсан.
Офелия аавынхаа үгээр л зөвхөн амьдардаг гэж түрүүн би дурдсан. Аав нь охины
хувьд бараг бэлгэ тэмдэг нь. Аав нь охиныг хайртай Гамлеттайгаа суухыг ч зөвшөөрөхгүй.
Гамлетад дэндүү хайртай хэрнээ аавынхаа үгнээс зөрж чадахгүй дотроо шаналж явтал
хайртай залуу нь аавыг нь алчихдаг. Хайртай хүнээ хайртай хүнийхээ гарт алдчихаад
яах учраа олохгүй сэтгэлийн гүн дарамтад орж, энэ нь сүүлдээ галзуурал болж илэрдэг.
Хүн яагаад галзуурдаг вэ гэж сэтгэл зүйчээс асуухад ерөөсөө л сэтгэлийн уй гашуу,
зовлон шаналлаа гадагшаа гаргаж чадахгүй, дотогшоо бэтгэрч ганцаардсанаас болж галзуурдаг
гэж байсан. Энэ галзуурдаг хэсэг бол жүжгийн оргил үе учраас мэрийж ажилласан.
Ер нь сонгодог жүжигт дүр аваад ажиллана гэдэг маш том оюуны ухаарлыг өгдөг. Түүнчлэн
ур чадвар ямагт ахиж байдаг. Сонгодог жүжигт тоглоод дуусахад сургуульд сураад төгсч
байгаа ч юм шиг санагддаг гэж манай ахмад үеийн мундаг багш нар маань хэлдэг байсан. Надад ч бас тайзан дээрээс буухад энэ мэдрэмж
төрсөн. Дэлхийн сонгодог дүрд тоглож байгаадаа баяртай байна.
-Өөрийн тань хувьд үр хүүхэдтэй болж хувийн амьдрал хөөгөөд
театраас нэг хэсэг хөндийрөөд байсан. Одоо харин уран бүтээлдээ эрчимтэй орж байгаа
санагдлаа. Ээж болсон хэрнээ өнөө л өсвөр үеийн охины дүрд тоглосон хэвээрээ байх
шиг?
-Харин
тийм ээ. Найруулагч нарын маань л сонголтоор ажиллаж байна. Бодвол бие жижигтэй
болохоор тэгж таардаг байх. Ямар сайндаа манай театрын “өндөр” Ганцэцэг надаас дүү.
Бид мэргэжил нэгт эгч дүүс. Нэг нэгнийгээ их дэмжиж тусалдаг. Гэтэл хэдхэн хоногийн
өмнө тавьсан зохиолч Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийг найруулагч Н.Наранбаатар
ах найруулж үзэгчдэд хүргэхэд Ганаа маань миний эгч болж би дүү Шивагийн дүрд тоглосон
юм. Шива эгчийгээ өөд болоход Модун Шаньюгийн бага хатан болж зохиолд гардаг. Тэгээд
бид хоёр бэлтгэлийн үеэр энэ талаар ярьж инээж байлаа. Чамайг тайзан дээр би эгчээ гээд тайзнаас буухаараа чи
намайг Хулан эгчээ гээд мөн ч хөгжилтэй юм аа гээд. Ер нь их хөгжилтэй зүйл болно.
Миний байгаа нь энэ. Үеийнхнээсээ залуу, охин шиг харагдаж байвал эмэгтэй хүмүүс
хойно баярлалгүй яахав. Гэхдээ одоо арай нэг намбалаг эхийн дүрийг бүтээх юмсан
гэж бодох болсон.
-Ээж болох ямар байна?
-Гайхамшигтай.
Эмэгтэй хүний аз жаргал бол ээж болох юм шиг санагдсан. Өмнө нь хүүхэд төрүүлж ээж
болоогүй байхдаа ганц амин биеэ л бодож амьдарч байж. Одоо бол миний аз жаргал гэр
бүл минь. Миний хүү надад гэрэл гэгээ минь болж өдөр болгон эрч хүчийг өгч байна.
Ажил ихтэй хичнээн ядарсан ч хүүгээ хараад бүхнийг мартдаг. Ер нь тэгээд хүүхдийг
хэзээ ч муу муухай зүйл дагадаггүй, үргэлж сайн сайхан зүйлийг дуудаж байдаг гэдэг.
-Таны ханийг жүжигчин Дашхүү гуайн хүү найруулагч Галбаяр
гэдгийг хүмүүс мэдэх байх. Гэр бүлийн хоёр хоёулаа урлагийн хүн байх хэцүү гэдэг.
Хүүхдэдээ хэр зав гаргаж байна?
-Сүүлийн
үед ажил ихтэй, хүүдээ бага зав гаргаж байгаа. Уг нь аль болох цаг минут бүрийг
хүүдээ зарцуулахыг хүсдэг. Жаахан зав л гарвал хүүтэйгээ тоглож, тоглоомын төв явж,
агаарт гарна. Хүнд бага нас ахиад олдохгүй. Тиймээс эцэг, эхийнхээ үүргийг сайн
биелүүлэхийг хүсдэг шүү. Миний ганц баримталдаг зарчим энэ.
-Та эхээс хэдүүлээ вэ?
-Би
айлын том. Нэг эрэгтэй дүүтэй. Айлын хоёр хүүхэд ганц хүүхдээс ялгаагүй гэдэг. Үнэн
шүү. Тиймээс би гурваас дээш хүүхэдтэй болно гэж боддог.
-Та хэллээ, нэг сайхан эхийн дүрд тогломоор байна гэж. Ээж
болоогүй байхдаа гаргаж байсан дүрийг бодвол одоо илүү наалдацтай болох байх гэж
бодож байна уу?
-Мэдээж
ялгаа их бий. Ээж болоогүй байхдаа хоёр удаа ээж болж тоглосон. “Чиний эзгүйд” гээд
киноны Сэргэлэн, “Сарны нулимс” киноны Цоомоогийн дүрд. Тухайн үед аль болох эх
хүний намбыг гаргахыг хичээж, бусад хүмүүсээс үлгэр дуурайлал авч дүрээ гаргасан.
Хүүхдээ дуудахад хоолойны өнгө аяс, харц ямар байхаас эхлээд чадахгүй зүйл их байлаа.
Одоо бол эхийн дүр надад илүү ойр, дотно боллоо. Ээжийн дүрд тоглоход айх зүйлгүй.
-“Чиний эзгүйд” киноны Сэргэлэнгийн дүрээр анх үзэгчдийн өмнө
гарч ирсэн санагдаж байна. Тэрнээс хойш “Намрын синдром”, “Сарны нулимс”, “Хайрын
рекорд”, “Зөрлөг” гээд нэлээд бүтээлд тогложээ?
-Би
2004 онд СУИС-ийг төгсчихөөд дараа жил нь “Чиний эзгүйд” кинонд тоглох болсон. Би
дөнгөж төгсөөд юугаа ч мэдэхгүй түүхий амьтан явахад Бат-Өлзий ах, С.Сарантуяа эгч
хоёр намайг харчихаад “Цаана чинь нэг жижигхэн залуу жүжигчин байна” гээд кинонд
дуудсан байгаа юм. Дөнгөж сургуулиа төгссөн надад гол дүр өгнө гэдэг жүжигчин болох
хүсэл мөрөөдөл өвөртөлсөн залуу хүмүүст ямар их азтай хувь тавилан гээч. Би ч их
баярласан. Анхны уран бүтээл гэдэг утгаараа одоо ч энэ кинондоо хайртай. Хааяа үзэх
дуртай. Киноны дараа хоёр жил бараг “Х-Түц” продакшнд ажилласан. “Х-ТҮЦ”-ийн жүжигчин
Бархүү, Оюунчимэг, “Шинэ-Үе” продакшны Мөнхгэрэл бид хэд нэг анги. Гэхдээ хошин
урлагаар биш театрт орох юмсан гэсэн хүсэл сэтгэлээс минь аргамжаатай байлаа. Энэ
бодлыг минь уншсан мэт ардын жүжигчин С.Сарантуяа эгч болон найруулагч Бирваагийн
Мөнхдорж нар намайг театрт шалгуулж орох санал тавьсан. Намайг театрт дуудсан хүмүүст
би их баярлаж явдаг. Театрын жүжигчин болсноосоо хойш “Нууц амраг чинь болъё”,
“Суудал” жүжиг болон “Лусын дагина” хүүхдийн
жүжиг гээд нэлээд хэдэн уран бүтээлд дүр бүтээсэн байна. “Лусын дагина” жүжгийн
дагины дүрээр 2008 оны “Гэгээн муза” хүртэж байсан.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Драммын
театр хоёр дахь төслөө өргөн барих гэж байна. Камерны жүжиг гэж нэрлэдэг юм. Миний
хувьд ирэх сарын 23-нд нээлтээ хийх Ганхуяг багшийн “Бүүвэй” зохиол дээр ажиллаж
байна. Энэ жүжигт ардын жүжигчин Сарантуяа эгч миний ээж болж тоглож байгаа. Би
өөрөө Нандин гээд охины гол дүрд тоглоно. Энэ жүжиг Цэрэнболд ах, Тамир, Амгаланбаатар
бид тавын бүрэлдэхүүнтэй тоглогдоно. Найруулагч Ганхуяг ах манай ээжийн ангийн хүүхэд
юм билээ. Мөн Ч.Найдандорж, Ж.Сүххуяг ахтай нэг анги. Ээж маань хуучнаар Багшийн
дээдийг жүжигчин мэргэжлээр дүүргэсэн Сэргэлэн гэж хүн бий. Өүлэн эхийн тухай зохиол
бичсэн. Хүмүүс мэдэх байх. Одоо энэ зохиолоороо кино хийхээр зэхэж байгаа. Харамсалтай
нь тухайн үед мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй юм гэсэн. Тиймдээ ч би ээжийнхээ
гүйцэлдүүлж чадаагүй мөрөөдлийг биелүүлэх үүднээс жүжигчин болсон. Би ээжийнхээ
үргэлжлэл болж мөрөөдлийг нь биелүүлэх болно.
-Нөхөртэйгээ хамтарч уран бүтээл хийж байгаа гэж сонссон?
-Миний
хань Галбаяр “Монголд нэг удаа” гэдэг нэртэй инээдмийн уран сайхны кино хийж байгаа.
Хань маань найруулж би тоглож байгаа. Тавдугаар сарын сүүлээр нээлтээ хийхээр төлөвлөөд
байна. Манай энэ кинонд “Маск” продакшны жүжигчин Баярмагнай, найруулагч, жүжигчин
Баттулга, Анууш буюу Гантулга, Ааяа буюу Алтанцэцэг эгч тоглож байгаа. Мөн “ТВ Коктейл”
хамтлагийн жүжигчин Цолмонбаяр, Ууганбаяр гээд дандаа олны танил болчихсон мундаг
уран бүтээлчид тоглож байна.
-Урлагийнхан тайзан дээрээс их ганган харагддаг. Таны хувьд
гоёл чимэглэлээ хаанаас авдаг бол?
-Би
амьдрал дээр нээх гоёж гангалах дургүй. Хүүхэд байхын л эмээдээ “Эмэгтэй хүүхэд
байж өргөн өмд, пүүз өмсөөд гараад гүйчих юм” гэж зэмлүүлдэг байсан. Гэхдээ урлаг
хүнийг тийм байхыг хүсдэггүй. Наад зах нь сонгодог жүжгийн дүрд тоглоход алхаа гишгээгээ
цэгцтэй, нуруу тэнэгэр, харц ихэмсэг, дээгүүр байх ёстой. Гүйхдээ хүртэл ихэмсэг
байхыг шаарддаг. Яг энэ л мөчид эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг илүү мэдэрдэг. Сүүлийн
үед энгийн үед гэхээсээ илүүтэй тайзан дээр хэрэгтэй юм байна гэж бодож хувцас,
ээмэг зүүлт авах болсон. Ер нь Солонгост амьдардаг дүүдээ тайзны гоёлоо захидаг.
Бас интернэтээр захиална. Манайд тайзны зориулалттай гял цал зүйл зардаг газар цөөхөн.
Ганц хоёр дэлгүүр мэднэ. Хааяа хэрэгтэй үедээ тэр дэлгүүртээ очоод авчихдаг. Ер
нь амьдрал дээр нэг их брэнд хөөгөөд хэт тогос шиг гоёод байх дургүй. Бүсгүй хүн
гоё сайхан харагдахаас илүүтэй дотроосоо гэрэлтсэн байх ёстой. Би сэтгэлийн гоо
сайхныг эрхэмлэдэг. Сэтгэлийн гоо үзэсгэлэнгийн илрэл нь хиргүй, цагаан сэтгэл шүү
дээ.
Д.ДАВААСҮРЭН