УИХ-ын дарга З.Энхболдтой ярилцаж, шинээр
батлагдсан хуулиуд болон цаг үеийн асуудлуудад тайлбар авлаа.
-УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлалаа.
Энэ чуулганы хугацаанд УИХ 2014 оны төсвийг баталсан. Төсвийн хүрээнд ямар ямар
дэвшил гаргав?
-УИХ-ын
намрын чуулганы гол ажил нь улсын төсөв батлах байдаг. Төсвийг энэ онд тодотгол
хийх нөхцөлтэйгээр хугацаанд нь баталсан. Хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн асуудлуудыг
тухайн үед нь “Өдрийн сонин” уншигчдадаа тайлбарлаж байсан. Ерөнхий сайдын нэрлэснээр
“Авлигажсан төсөв”-ийг УИХ анх удаа зогсоолоо. Зогсоосон гэж хугацаа нь хэтэрч,
төсөвт өртөг нь жил бүр нэмэгдэж байсан барилгын ажлыг царцаасныг хэлж байгаа юм.Одоо
Аудитын шалгалт хийгдэж байна. Эндээс гарсан дүгнэлтээр эдгээр төсөл, арга хэмжээг
цаашид үргэлжлүүлэн санхүүжүүлэх үү, дуудлагаар худалдах уу, бүр мөсөн зогсоох
эсэх шийдвэрийн аль нэгийг гаргана. Шууд хэлбэл боломжтой барилгуудыг барих ажил
энэ онд үргэлжилж дуусах ёстой. Дуудлагаар худалдаад мөнгөө буцааж авах ёстой
гэж үзсэн барилгуудыг зарж энэ барилгууд дээр ажиллаж хуулийн олон зөрчил гаргасан
хүмүүст арга хэмжээ авна. Тендер зарласан, гүйцэтгэсэн гэх мэт. Гуравдугаар сарын
хорин орчимд эхлэх ээлжит бус чуулганаар 2014 оны төсөвт тодотгол хийнэ.
-УИХ өнгөрсөн намрын чуулганаараа төсөв
батлахаас гадна бие даасан 12 хууль гаргажээ. Саяхан батлагдсан хуулиудын онцлогийг
дурдвал?
-УИХ завсарлахаасаа өмнө Гаалийн болон
НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг баталж, “ТЭЦ-4” цахилгаан станцын өргөтгөлийн
тоног төхөөрөмжүүдийг татвараас чөлөөлсөн. Мөн 100 мянган тонн улаан буудайг оруулж
ирэхэд зориулан Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө. Эдгээр төслүүдийг Засгийн газраас
шуурхай хэлэлцүүлэхээр өргөн барьж, УИХ-аар хэлэлцэн баталсан. “ТЭЦ-4” цахилгаан
станцид 120 МВТ-ын хүчин чадалтай өргөтгөл барина. Цахилгаан эрчим хүчний дутагдлыг
нөхөх энэ ажлын хүрээнд шинээр турбин суурилуулж, зуухаа шинэчлэх ажил хийгдэж
байна. Ирэх есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох гэрээтэй. Өргөтгөл хийснээр
адил хэмжээний цахилгаан станцыг шинээр барихаас хамаагүй бага зардлаар 120 МВТ
чадал нэмэгдэх юм. Харин улаан буудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг
хэлэлцэх явцад олон удаа завсарлага авсан ч олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэсэн.
Энэ жил гурилын үнийг тогтвортой барихын тулд, зах зээлд дутагдаж байгаа улаан
буудайг дэлхийн зах зээлд хямд үнэтэй байхад нь худалдан авах зорилготой.
-Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын
сангийн тухай хуулийг хэлэлцэж байхад УИХ-ын шийдвэрийг манайхан гэлтгүй, гадны
олон орон анхааралтай ажиглаж байлаа?
-Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын
сангийн тухай хуулийг өнгөрсөн аравдугаар сарын гуравны өдөр баталж нэгдүгээр сарын
нэгний өдрөөс мөрдөж байгаа. “Гадны хөрөнгө оруулалтыг үргээсэн” гэх тодотголтой
“Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид
гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”-ийг хүчингүй болгосонд хөрөнгө
оруулагчид таатай хандаж байгаа. Стратегийн
салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болгож түүний
оронд мөрдөгдөж эхэлсэн гэсэн үг. Хууль гарснаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад удаан хугацаанд тогтвортой
ажиллах татварын орчин боловсронгуй болсон. Ямар нэгэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт
үзүүлээгүй. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль нь манай өнөөгийн бизнесийн
орчинд чухал хэрэгтэй. Бодит амьдрал дээр
бизнес эрхлэх гэж байгаа хүнд ганц л сонголт байдаг. Тэр нь банкнаас зээл
авч үйл ажиллагаагаа эхлүүлэх. Үүнийг шийдэхээр банктай өрсөлдөхүйц мэргэшсэн
хөрөнгө оруулалтын сангуудыг ажиллуулж болохыг хуульчилсан. Одоо бизнесийг санхүүжүүлж
буй харьцааг харах юм бол 98 хувь банкаар хоёр хувь нь хөрөнгийн бирж буюу санхүүгийн
захаас мөнгөө авдаг. Мэргэшсэн хөрөнгө оруулалтын санг ашигласнаар цаашид энэ харьцааг
хөгжсөн орнуудад байдаг шиг харьцаатай болгох бололцоо бүрдэж байгаа гэсэн үг.
-Цаашид хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн
үг үү?
-Хууль гарлаа гээд асуудал хурдан шийдэгдэнэ
гэж ойлгож болохгүй. Гагцхүү ирээдүйд чухалд
тооцогдох том ажлуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, бодит ажлыг өрнүүлж
байна гэж харах нь зөв. Батлагдсан хуулийн хүрээнд хэсэг хүмүүс нэгдэж мөнгөөрөө
Хөрөнгийн бирж дээрээс хувьцаа худалдаж авах эсвэл сан байгуулж түүгээрээ хөрөнгө
оруулалт хийх боломж нээгдсэн. Ингэхдээ шийдвэр гаргалт болон санхүүгийн гэх мэт
дотоод үйл ажиллагааны ил тод зарчмын үндсэн дээр хөрөнгийн бирж болон банк, хөрөнгө
оруулалтын мэргэшсэн сангууд бизнес эрхлэх гэж буй иргэдээс нэгдсэн нэг стандарт
шаардаж эхэлнэ. Ийм зүйл байхгүйгээр компаниуд хөрөнгө оруулалтыг авч чадахгүй.
Манай улсын байр сууриа бататгачихсан, ашиг олдог компаниуд IPO хийж олон нийттэй
хуваалцах зам руу явахаас өөр аргагүй болж байгаа. Компаниуд хэтэрхий томорч байгаа
учраас банкны зээлээр явах нь үр ашгийг бууруулж байна. Тиймээс “Хөрөнгө оруулалтын
сангийн тухай хууль”-ийг ашиглаж Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж гар утасны,
уул уурхайн гэх мэт олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд IPO хийх тухай бодож эхлэх хэрэгтэй.
Олон нийтийн өмчлөлтэй болно гэдэг нь тухайн компанийн томрох, байр сууриа бэхжүүлэх
боломжийг тэр чинээгээрээ нээж өгдөг. Нөгөөтэйгүүр олон түмний хяналтад орно гэдэг
нь өөрөө бүх үйл ажиллагааг нь ил тод болгож өгч байгаа хэрэг. Энэ ажлын үр дүнд
хувийн өмчийн компаниуд дараагийн шатандаа хүрч дэвших боломж нээгдэж байна.
Үүнд “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль”
томоохон түшиц болох ёстой. Нэгэн жишээ дурдахад, өнөөдөр манай улсад нөхөр нь захирал, эхнэр нь нягтлан гэсэн “гэр бүлийн” хэлбэр шингэсэн компаниуд оршин тогтнож
байна. Нэг талаас харахад, тухайн компани үйл ажиллагааны хувьд, зах зээлд эзлэх цар хүрээ нь томорч байгаа учраас олон нийтийн компани болох нь компанийн эздэд
ашигтай. Нөгөө талаас, хувь иргэд ч бас тухайн компанийн хувьцааг худалдан авч, компанийн эзэн болох боломжийг нээж өгөх шаардлага
байсан. Хуулийн ач холбогдол үүнд оршиж байгаа. Чуулганы хугацаанд гаргасан бас
нэг чухал хууль бол “Хилийн боомтын тухай хууль” юм. Энэ хууль батлагдсанаар өнгөрсөн
баасан гаригаас “Гадаадын иргэн харьяатын асуудлыг эрхлэх газар”-ын нэр өөрчлөгдөж,
“Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар” болж өөрчлөгдөж байна. Үйл ажиллагааны хувьд, хилээр иргэдийг нэвтрүүлдэг
хилийн цэргийн хэсэг нь энэ байгууллага руу шилжиж, иргэний байгууллага болж байгаа
гэсэн үг. Тэгэхээр гадаад дотоодын иргэдийг хилээр орж гарах бүх асуудлыг нэг л
байгууллага шийддэг, хяналт тавьдаг болж байгаа юм. Манайх шиг хилийн цэргүүд нь паспорт шалгадаг улс орон
цөөхөн. Тиймээс энэ системийг боловсронгуй болгож, иргэний хэлбэрт шилжүүлж байна.
Боомтууд дээр тархай бутархай, тав, зургаан байгууллага байдаг. Тэр бүхэн нэг
удирдлагатай болох ч өөр өөрийн ажлын онцлогоороо босоо удирдлагатай хэвээрээ.
Боомт нь үйл ажиллагаан дээрээ нэг байгууллага болсон гэсэн үг. Боомтын захиргаа
гэдэг байгууллага гаальчдыг гаалийн ажлаа, мэргэжлийн хяналтынхан чиг үүргийн ажлаа хийх бололцоогоор хангадаг,
ахуйн чанартай асуудлыг нь шийддэг, ажиллах нөхцөлийг нь хангаж өгдөг нэг толгойтой
болж, нэг цагт нээгдэж, хаагддаг жишиг рүү орж байна.
-Хууль хэрэгжиж эхлэхээр бүтэц зохион
байгуулалт гэх мэтээр өөрчлөлт орох нь. Орон тоо хэр нэмэгдэж байгаа юм бол. Хэднээс
хууль мөрдөгдөх билээ?
-Ирэх дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс
хууль хэрэгжиж эхэлнэ. Харин бүтэц орон тооны тухайд УИХ өнөөгийн байгаа орон тоо,
зардалдаа багтаа гэдэг чиглэлийг өгсөн учраас орон тоог нэмэлгүйгээр нэг хэсэг
хүн хилийн цэргийн байгууллагаас энгийн болж албандаа орно. Боомтын захиргаанд
ч ялгаагүй гааль, хилийн цэрэгт чиг үүргийн дагуу алба хааж байсан хүмүүс шилжиж
ирнэ.
-Бас Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах
бодлогыг баталлаа. Монгол Улс энэ салбарт ямар бодлого баримтлахаар болчихов оо.
Бодлогод занар ашиглах тухай асуудал нэлээд маргаантай орох шиг болсон?
-Занар ашиглахыг Газрын тосны тухай хуулиар
зөвшөөрч байгаа. Гэхдээ уг хууль хаврын чуулганаар батлагдана. Газрын тосны салбарын
хувьд бүтээгдэхүүн хуваах хэлэлцээр, үндсэн хэлбэр хадгалагдаад явна. Сайжирч буй
зүйлүүд бий. Жишээ нь газрын тостой аймгууд илүү мөнгө авдаг болж байгаа. Эрдэс
баялгийн тал дээр төрийн оролцоог зохистой хэмжээнд байлгах, Оюу толгой дээр тавьсан
шиг ийм их өр зээлийн асуудал босгохгүй байхаар тохирсон. Мөн зөвхөн зөвшөөрөгдсөн
газар хайгуул хийнэ гэдэг цоо шинэ концепцтэй болж байна. Урт нэртэй хуулиар хайгуул хийж болохгүй бүх
газрыг тусгаарлаж лиценз олгохгүй гэсэн үг. Мөн үүнд тусгай хамгаалалттай газрууд
ч хамаарч байна. Өмнө нь дуртай газраа хайгуул хийж байсан бол одоо хязгаарлалт
хийж, зөвхөн зөвшөөрөгдсөн талбайд хийж болно.
“А” лицензээ авчихаад үйлдвэрээ ашиглалтад оруулахгүй байгаа компаниудыг ч түргэлүүлэх
талаар ажиллана. Эрдэс баялагтаа тулгуурлаж Монгол Улс хөгжлийн дараагийн үндэс
суурийг тавина гэдэг дээр УИХ санал нэгдсэн. Гэхдээ хуучин шиг замбараагүй уул уурхайг
хориглож, байгаль орчноо бодолцсон, хяналттай, хариуцлагатай эдийн засгийн үр
ашигтай уурхайг ашиглана. Дэд бүтэц Монгол Улсын хөгжлийг хамгийн их чөдөрлөж байгаа.
Тиймээс дэд бүтцийн асуудалд хамгийн их анхаарна. Товчхондоо эрдэс баялгийн талаар
ийм бодлоготой болсон.
-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах
бодлогыг хэлэлцэх явцад Түгээмэл тархацтай Ашигт малтмалын тухай хуулийг гаргах
хэрэггүй гэж үзэж байсан ч тусгайлан баталлаа?
-“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай
хууль” шинээр гарсан. Элс, шавар, хайрга, дайргыг Ашигт малтмалын хуулиас тусгаарлаж
олборлох зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга өгөхөөр болсон. Ингэснээр
барилгын түүхий эдийн олборлох зөвшөөрөл тусгаарлагдаж илүү хялбар болж байна.
Энэ хаврын бүтээн байгуулалтын өмнө энэ хууль гарснаараа ихээхэн ач холбогдолтой.
Хуучин бүх төрлийн хайгуулын зөвшөөрөл УИХ-аар хаагдаж, шинээр зөвшөөрөл олгогдохгүй
болсон байсныг хуульчилж гацааг нь гаргалаа. Бас нэг шинэ зүйл хуульд тусгагдсан
нь урт нэртэй хуулиар заасан голын ай сав газарт хайрга олборлохыг хориглосон.
Ингэснээр уулын чулууг буталж дайрга болгож ашиглана гэсэн үг. Голын хайргаар барьсан
барилга газар хөдлөлтөд тэсвэргүй байдаг.
-Бүтээн байгуулалт ихээр өрнөж байгаа өнөө
үед элс хайргыг хэдхэн компани эзэмшиж үнийг хөөрөгдөх вий гэсэн болгоомжлол байгаа?
– Орон даяар барилгын материалын хэрэгцээ
байгаа. Өнгөрсөн онд анх удаа нэг сая гурван зуун мянган квадрат метр орон сууцыг
шинээр барилаа. Монгол Улс өнгөрсөн хугацаанд маш бага бүтээн байгуулалт хийж байсан
нь эндээс харагддаг. 40 мянгатын гэдэг нь 1960-аад онд барьсан 40000 кв.м орон
сууцны хорооллын нэр. Энэ жишээнээс харахад 40-хэн мянган кв.м орон сууцыг 5 жил
барьдаг байсан бол одоо нэг жилд сая гаруй квадрат метр талбай бүхий барилга, орон
сууц барьж байна. Харин бүтээгдэхүүний үнэ өсөх эсэхийг зах зээл мэднэ. Тухайн
аймгийн Засаг дарга асуудалд яаж хандах, хэр олон зөвшөөрөл олгохоос бас хамаарна.
Барилгын материалыг өндөр үнэтэй байлгах сонирхол хэнд ч байхгүй гэж бодож байна.
Ер нь элс, хайрга үнэтэй байх шаардлагагүй бараа.
-Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт
өөрчлөлт орууллаа. Хуулийн өөрчлөлтөөр алтны бодлогыг зохицуулсан. Хуулийг хэр
оновчтой гэж дүгнэж байгаа вэ. Тухайн үед МАН-ынхан нэлээд сөрөг байр суурьтай
байж ажиглагдсан?
-МАН-ынхны тавьсан шаардлагыг Засгийн газар
хүлээн авч хуулиа буцаан татаж дахин өргөн барьсан. МАН-ынхан татвар бууруулахыг
бид эсэргүүцэхгүй. Алтны худалдааны ил тод байдлын тухай хууль тусдаа байх шаардлагагүй,Ашигт
малтмалын хуулиараа зохицуул гэж шаардсан юм. Ер нь 10 хувийн татвар гэж ярьдаг
боловч Оюу толгойтой байгуулсан тогтвортой байдлын гэрээгээр өсөн нэмэгдэх роялтын
татварын таван хувь тус компанид хамаагүй болчихоод байгаа юм. Өнгөрсөн оноос
эхлээд Оюу толгой Монголын хамгийн том алт олборлогч болсон. Жил бүр 20 тонн алт
олборлоно. Урьд нь манай улсын бүх алт олборлогч нийлээд жилд дунджаар 10 тонныг
олборлодог байсан. Тэгэхээр одоо бүх алтны компаниудыг нийлүүлснээс нь хоёр дахин
их алтыг Оюу толгой ганцаараа олборлодог боллоо. Монголд олборлосон алтыг Монголбанкинд
худалдвал 2.5 хувийн татвар авахаар болж хөнгөлж байна. Үүгээрээ валютын ханшийг
тогтворжуулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. “Бороо гоулд” гэдэг компани
олборлосон алтаа Монголд худалдаггүй байсан бол энэ хууль гарч хөнгөлөлт үзүүлдэг
болсноор эхний 100 кг алтыг энэ долоо хоногт худалдахаар боллоо. Энэ мэтээр саяын
гарсан хуулийн үр дүнд Монголбанкинд алт ихээр хуримтлагдана. Ингэснээр валютын
ханшийг зохицуулах боломжтой болно. Цаашид Оюу толгой компани Монголд байгуулагдсан
зэс боловсруулах үйлдвэрт баяжмалаа худалдах үүрэгтэй. Бид энэ үйлдвэрийг хичнээн
хурдан барина төдий чинээ баяжмалаас гарсан алтыг Монголбанк худалдаж авна гэсэн
үг.
Тэр болтол хуулиар зохицуулагдсан татварын
хөнгөлөлт Оюу толгойд хамаагүй.
-Хуулиар алтны роялтын татвар 2.5 хувь
байлаа ч гэсэн Оюу толгой таван хувиар төлнө гэсэн үг үү?
-Оюу толгой таван хувийн татварыг төлдгөөрөө
төлнө. Шууд хэлбэл энэ хууль “Оюу толгой” компанид ашиггүй. Бусад олборлогчдод
ашигтай гэсэн үг.
-Тэгвэл боловсруулах үйлдвэр барих ажил ямар түвшинд байгаа юм бол?
-Боловсруулах үйлдвэрийг Оюу толгой, Засгийн
газраас санхүүжүүлж барих ёстой. Өнөөдрийн байдлаар хэд хэдэн төсөл Сайншандын
аж үйлдвэрийн паркийн жагсаалтад орсон байгаа. Жишээлбэл, 300 мянган тонн зэс
үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихад таван жил шаардагдана. Харин хууль таван
жил мөрдөгдөх заалттай.
-Цагдаагийн байгууллагын бүтэц, эрх зүйн
шинэчлэлийг зарим улстөрчид, олон иргэд шүүмжилж эхлээд байна. Яг ямар зүйл нь буруу
болоод байгаа юм бол?
-Хуулийн байгууллагуудын шинэчлэл түрүүчийн
УИХ-аас эхэлсэн. Энэ УИХ шаардлагатай хуулиудыг
нь үргэлжлүүлэн гаргаж байна. Нийтдээ 30-40 хууль гарах ёстой. Үүгээр ямар техникийн
шинжтэй өөрчлөлт гарсан бэ гэвэл голлох суурь хууль болох Эрүүгийн хууль, түүнийг
дагаж гардаг процессын хуулиуд гараагүй байхад тухайлсан байгууллагад нь өөрчлөлт
орж, хууль мөрдөгдөөд байгаа учраас өөр хоорондоо зохицохгүй зүйл ажиглагдаж байна.
Үүнийг УИХ тухай бүрт нь засч залруулж байгаа. Салбар нь их том учраас реформыг
нь хэсэгчлэн хийж байгаа нь энэ. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын
тухай хууль гэсэн шинэ хуулийг гаргаж зохицуулсан. Энэ хуулийг гаргахад хуучин
дотоодын цэрэг гэж байсан байгууллага татан буугдаж байх жишээтэй. Тэнд ажиллаж
байсан цагдаа нар ердийн албан хаагч болсон. Энэ мэтээр ихээхэн өөрчлөлтүүд орж
байна. Цагдаагийн байгууллагад энгийн ажилтнууд дүрэмт хувцас өмсөөд цолны нэмэгдэл
авдаг байсныг болиулж байна. Нягтлангаас эхлээд энгийн ажилтнууд нь төрийн захиргаа
руу шилжиж, жинхэнэ гэмт хэрэгтэй тэмцдэг албан хаагч нь төрийн тусгай албан хаагчаараа
үлдэж тодорхой болж байна.
-Универсал цагдааг бий болгох тухай яриа
явсаар байна. Харин цагдаагийн байгууллага дотор ажилладаг хүмүүс өнөөгийн Монголд
ийм зүйл байж болохгүй гэсэн тайлбарыг хийх юм. Ер нь цагдаагийн байгууллага аль
системийг дагасан нь зүйтэй вэ?
-Цагдаагийн албаны шинэчлэл дуусаагүй байна.
Цагдаагийн алба ямар байх, ямар цолтой, ямар хувцастай байх вэ гэдгээсээ илүү
иргэндээ үйлчилдэг, өнөөдрийн нийгэмд үүсч байгаа олон асуудлыг шийддэг байх нь
чухал болохоос биш бусад зүйл нь гол зорилгодоо захирагддаг байх учиртай. 300 гаруй
суманд тархай бутархай нүүдэллэн амьдардаг хүмүүст хууль сахиулах нь хялбар ажил
биш. Тэгэхээр улсынхаа онцлогт тохирсон цагдаагийн байгууллагатай болох зорилготойгоор
хуульчлагдаж байгаа. Тухайлбал, суманд таван жил ажилласан цагдаад урамшуулал олгож
байхаар “Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-д тусгасан
байх жишээтэй. Харин аймгийн төвийн цагдаа нарт энэ заалт хамаарахгүй.
-УИХ-ын чуулганыг гэнэт завсарлуулахад
гол нөлөө үзүүлсэн асуудал нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хориглох
тухай хуулийн заалт гэсэн таамаг явж байна. Хуулийн төслийг эрчимтэй хэлэлцэж эхэлсэн
ч бүлгүүд завсарлага авах гэх мэтээр асуудал удааширсан. Яагаад?
-АН-ын бүлэг завсарлага авсан юм. Энэ завсарлага
дуусаагүй байхад чуулган завсарласан. Тэгэхээр энэ хуулийн төсөл удахгүй хуралдах
ээлжит бус чуулган руу хуулийн дагуу шилжиж байна. Санал хураалтад сайд нарыг оролцуулах уу үгүй юу гэдэг
маргаан үүссэн. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль бол 2016 оны сонгуулийн дараа
байгуулагдах дараагийн Засгийн газрын тухай ярьж байгаа учраас сайд нар санал хураалтад
орж болно. Тэр үед эдгээр гишүүд сайд биш болчихно. Ер нь одоо мөрдөгдөж байгаа
хуулиар асуудлыг яаж зохицуулж өгсөн байдаг вэ гэвэл тухайн сайдад өөрт нь эрх нь
байдаг. “Би энэ асуудал дээр ашиг сонирхлын зөрчилтэй байна” гэж үзвэл бичгээр
УИХ-ын даргад мэдэгдээд санал хураалтад оролцохгүй байна гэсэн үг. Түүнээс биш
Энхболд мэдээд чамайг санал хураалтад оролцуулахгүй гэж хэлэх эрхгүй. Үүнийг МАН-ынхан
мушгиж тайлбарлаад байсан. Харин МАН-ынхны давхар дээлийн хуулийг 2014 онд хэрэгжүүлнэ
гэсэн санал дээр сайд нар санал хураалтад орвол жинхэнэ зөрчил гарна. Гэхдээ санал
өгөх эсэхээ сайд нар өөрсдөө шийднэ. Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нар оюутны тэтгэлгийн
70 мянган төгрөгийн асуудлыг хэлэлцэхэд тэд дээд сургуультай учраас би сануулсан.
Сануулгыг тэд хүлээн зөвшөөрч чуулганы танхимыг орхисон. Түүнээс биш би “Та хоёрыг
санал хураалтад оролцуулахгүй” гэж хэлээгүй.
Тэр үед тавьсан шаардлага сайд нарт тавьж байгаа шаардлагууд яг адилхан
гэж ойлгох хэрэгтэй.
-Хуулийг батлагдсан өдрөөс нь мөрдөнө гэсэн
санал гарч байгаа. Энэ асуудалд ямар байр суурьтай байна?
-Хууль санаачлагч хуулиа өргөн барихдаа
тийм бодол өвөрлөөгүй. Ерөнхийлөгч үзэхдээ УИХ, Засгийн газрын гишүүн тусдаа байх
ёстой юм байна. Ерөнхий сайд нь гишүүн байж болно. Гэхдээ энэ заалтыг дараагийн
сонгуулийн дараа хэрэгжихээр буюу энэ Засгийн газрын тогтвортой байдлыг хангах
хэрэгтэй гэдгийг бодолцсон. Явцын дунд цөөнхийн зүгээс санал гаргасан ч байнгын хороо дэмжээгүй. УИХ-ын чуулган тэр саналаар
нь санал хураалгах ажил хүлээгдэж байна.
-Ирэх дөрөвдүгээр сард Засгийн газар унаж
магадгүй гэсэн яриа хүч авлаа. Дараагийн Ерөнхий сайдаар Х.Баттулгыг тодорхойлоод
МАН-ынхан “Шударга ёс” эвсэлд харьяалагдаж буй яамдын удирдлагыг булаацалдаж эхэлсэн
байна?
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дараагийн
Засгийн газрыг байгуулчихсан орж суух сайд нарыг нь харуулж байна билээ. Олонхийг
бүрдүүлж байгаа АН, “Шударга ёс” эвслийн бүлэг өөр бодолтой байгаа. Энэ Засгийн
газрыг 2016 он хүртэл ажиллуулъя гэж байгаа учраас хэвлэлийн таамаг сонин биш.
-Тэгвэл УИХ-ын тухайд Сонгуулийн хуулийг
хэрэгжүүлдэггүй байгууллага болж харагдаад байх шиг байна. Хэд хэдэн гишүүн Сонгуулийн
хуулийг зөрчсөн гэгдсээр хоёр жил болчихлоо. Нэр холбогдож байгаа гишүүдийн хувьд
асуудал ямар байгаа юм бол. Сонгуулийн хуулийг зөрчсөн нь нотлогдсон гишүүд яагаад
өнөөдөр УИХ-д байгаад байгаа юм бэ?
– Өнгөрсөн 2012 оны сонгуулийг явуулсан
“УИХ-ын Сонгуулийн тухай хууль” их чангарсан. Учир нь 2008 оны сонгуулийн хуулиар
сонгуульд нэр дэвшигч мөнгө эд бараа тараасан бол саналын хуудаснаас хасах гэсэн
ганцхан санкц байсан. Харин 2012 оны сонгуулийн хуульд энэ санкц 20-30 болж нэмэгдсэн.
Мөнгө тараах, дайллага цайллага хийхээс эхлээд бэлэг өгөх зэргийг журамласан. Тийм
учраас 2012 оны сонгуулиар олон нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэрийг
сонгуулийн хороод нь гаргаж байсан. Бас гишүүн болсон хойно нь хууль зөрчсөн нь
тогтоогдвол эргүүлэн татах заалт байгаа. Тэгэхээр сонгуулийн хууль зөрчсөн, мөнгө
тараасан гэгдэж байгаа гишүүдийн уг үйлдэл нь шүүхээр тогтоогдох юм бол эргүүлэн
татагдах ёстой болно. Увсын хоёрын хувьд туслахуудаараа мөнгө тараалгасан нь илэрч
шүүхээс ял сонсож, бүх асуудал нь хуулийн дагуу шийдэгдсэн. Хуулийн дагуу СЕХ дээрх
хоёр гишүүний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар УИХ-д мэдүүлэх ёстой. Уг нь Увсын
хоёрыг мөнгө тараагаагүй гэж бодоод УИХ-ын гишүүн болгочихсон. Гэтэл явц дундаа
мөнгө тараасан нь нотлогдсон учраас эргүүлэн татах эрх мэдэл нь СЕХ-нд байгаа.
СЕХ-ны шийдвэр УИХ-д ирээгүй учраас УИХ энэ асуудлыг хэлэлцэх үндэслэлгүй.
-Яг хуулийн дагуу асуудлыг яривал энэ хоёр
хүн УИХ-д байх ёстой юу, үгүй юу?
-Мөнгө тараах нь олон янз. Хэн нэгнийг
нэр дэвшиж байхад нь өөр хүн өмнөөс нь мөнгө тараасан байвал нэр дэвшигчдэд хамаагүй.
Энэ үйлдлийг хуулийн байгууллага тогтооно. Харин өөрийнх нь сонгуулийн штабын
үнэмлэхтэй хүн эсвэл бие төлөөлөгч, туслах нь мөнгө тараасан нь нотлогдвол тухайн
гишүүнд шууд хамааралтай болно. Увсын хоёрын өмнөөс мөнгө тараасан хүмүүсийг хуулийн
байгууллага тогтоосон. Эдгээр хүмүүс нэр дэвшигчдэд хамааралтай эсэх асуудлаар
СЕХ хуульд заасны дагуу шийдвэрлэж, УИХ-д ирүүлсэн тохиолдолд УИХ авч үзэх ёстой.
Дорноговь аймгаас сонгогдсон Ж.Батсуурь гишүүний хувьд “Намайг сонгоорой” гээд өөрөө
мөнгөө тараасан байсан. Ж.Батсууриас мэдүүлэг авахаар Цагдаагийн байгууллага
дуудахаар очихгүй байгаа юм.
-Хуулийн дагуу тангараг өргөж, бүрэн эрхээ эдэлж байгаа гишүүн мэдүүлэг өгөх эсэх асуудлыг
хэрхэн зохицуулсан байдаг вэ?
-Үйлдэл дээрээ баригдсан тохиолдолд гишүүний
бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн хуулийн заалт
бий. Тэгэхээр нэг жил найман сарын өмнө хууль зөрчсөн нь тогтоогдчихоод
байхад тухайн үед нь илрүүлж чадаагүй гээд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болдоггүй.
Ийм хуулийн зөрүүгээс үүдэн асуудал гацаанд байгаа. Ж.Батсуурь гишүүн цагдаагийн
байгууллагад шалгуулахаар очихгүй байхад хэрэг нь шүүх рүү шилжих боломжгүй байгаа
юм.
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд энэ парламент
дахин гар хүрэх болов уу. Нэр дэвшигч хуульд зааснаар төрийн эрх мэдлийг хүч хэрэглэн
авчихаад байхад шүүх, хуулийн байгууллагын шийдвэр гарахгүй байсаар УИХ-ын бүрэн
эрхийн хугацаа дуусч байна шүү дээ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан.
Ажиллаад бараг дуусч байна. Энэ намар УИХ-д оруулж батлах зорилготой байгаа. Ингэхдээ
сонгуулийн бүх маргааныг сарын дотор шийдвэрлэдэг заалтууд орж байгаа. Сонгуулийн
үеэр шүүгч нарыг их хурдан ажилладаг болгож, асуудлыг тэр дор нь шийддэг байхаар
өөрчлөлт оруулна. Мөнгө тараасан уу, тараасан нь тогтоогдвол шууд саналын хуудаснаас
хасдаг байдлаар шийдэхгүй бол хуулийн байгууллагууд мөнгө тараасан эсэхийг нь тогтоох
гэж бүтэн жил ажиллаж байна. Ингэж асуудлыг дор бүр нь шийддэг болгохгүй бол сонгуулиар
мөнгө тараах асуудал тасрахгүй. Гэхдээ байдал өмнөхөөсөө дээрдэж саналын хуудаснаас
нэрийг нь хасдаг болсноор мөнгө тараах асуудал харьцангуй багассан.
-Гишүүдийн тоог нэмэх, намын жагсаалтаар
нэр дэвшигчийг 50 хувьд хүргэх гэх мэт асуудлууд яаж тусгагдах бол?
-Одоо яригдаж байгаа хувилбараар тойрогт,
намын жагсаалтаар нэр дэвшигчдийг 50:50 хувь болгох санал байна. МАН-ынхан одоогийн
хувилбараа хадгалах сонирхолтой юм билээ. Хэлэлцүүлгийн явцад тодорхой болох байх.
Бид шинээр дугуй зохиогоод яах вэ гээд Сонгуулийн хуулийг батлахдаа Германы хуулиас
олон заалтыг оруулсан юм. Германы хувьд 50:50 хувийн харьцааг баримталдаг. Тухайн
хууль нь олон жил хэрэглэгдээд алдаа мадаг бага болсон. Харин гишүүдийн тоог өөрчлөх
санал гишүүдийн зүгээс гардаг. 1992 оны Үндсэн хуулийг батлахад тухайн үеийн дэлхийн
жишгийн дагуу нэг гишүүнд ногдох хүний тоог бодолцож 76 гишүүнтэйгээр баталсан
байдаг. Хоёр сая байсан хүн ам 3 сая болж гуравны нэгээр өссөн тул одоогийн гишүүдийн
тоог гуравны нэгээр нэмбэл 1992 онд батлагдсан пропорцоо барих боломж хангагдана
гэж ярьдаг гишүүд байна. Энэ нь бас л Үндсэн хуулиар шийдэгдэх асуудал учраас Сонгуулийн
хуулиар шийдэгдэхгүй. Шинэ Сонгуулийн хуулиар сонгуульд нэр дэвшихийн тулд тухайн
хүн 100 сая төгрөг зарцуулдгийг болиулна. Хэвлэмэл материалыг улсын төсвийн хөрөнгөөр
хийж айлуудад нэгдмэл байдлаар тараах зохицуулалт нь санхүүгийн бололцоо багатай
нэр дэвшигчдийг сонгуульд оролцох, өрсөлдөх боломжийг нэмэгдүүлж өгнө. Мөн сонгуулийн
үеэр телевизүүдийн нийт эфирт эзлэх сонгуулийн сурталчилгааны цагийг багасгах,
МҮОН-ийн телевиз радиогоор үнэгүй сурталчлах гэх мэтээр манай улсын сонгуульд зарцуулдаг мөнгөний хэмжээ
бусад улсынхаас хэд дахин их байгааг болиулж Герман улсын жишигт дөхүүлж багасгана
гэсэн үг.
-Түүнчлэн Улс төрийн намуудын тухай хууль
олны анхааралд байгаа. Хэзээ ямар хэлбэрээр батлагдах бол?
-Дэлхий дээр намуудыг санхүүжүүлдэг үндсэн
хоёр, энэ хоёрыгоо хослуулсан гээд нийт гурван арга байдаг. Улсаас нэг ч төгрөг
авдаггүй Америкийн, мөн ихэнх санхүүжилтийг нь улсаас даадаг Европын систем бий.
Аль аль нь эерэг сөрөг талтай. Америкийн хувилбар нь төрөөс мөнгө авдаггүй боловч
улс төрчид том компанийн халаасанд ордог гэсэн шүүмжлэл их байдаг. Улс төрийн бодлогыг
захиалагч нь томоохон компаниуд болно гэсэн үг. Харин Европ танай нам сонгуульд
оролцоод санал авбал тэр суудлын тоогоор улсын төсвөөс санхүүжилтийг буцааж олгож
байя гэсэн системтэй. Манай улс энэ хоёр системийн холимог буюу гурав дахийг нь
хэрэгжүүлдэг. Сонгуулиар авсан саналынхаа тоог мянган төгрөгөөр үржүүлж 1 удаа авдаг.
Жишээ нь; таван зуун мянган хүний санал авбал таван тэрбум төгрөгийг нэг удаа авдаг.
Мөн жил бүр гишүүнийхээ суудлын тоог арван сая төгрөгөөр үржүүлсэнтэй тэнцэх төгрөг
авдаг тогтолцоотой. Тэгэхээр бид улсын төсвөөс даадаг хэсгээ нэмье гэж байгаа. Яагаад
гэвэл УИХ ашигт малтмалтай холбоотой шийдвэрийг их гаргаж байна. Энэ шийдвэрийг
гаргахдаа том компаниудаас хараат бус байх ёстой. Нэгэнт ард түмэн аль нэг намыг
сонгосон бол санхүүжилтийн ихэнх хэсгийг улсаас даадаг болоход буруудахгүй гэсэн
ийм бодолтой байгаа.
-Тэгвэл намуудын байрны тухайд?
-Энэ асуудал мөн л Улс төрийн намуудын
тухай хууль дээр яригдаж байгаа. Намуудын байр гэдэг санхүүжилттэй холбоотой. Тиймээс
нэг байранд оруулаад зардлыг нь төсвөөс дааж УИХ-ын суудлын пропорцоор нь талбайг
нь эзэмшүүлэх үү гэсэн хувилбар бас яригдаж байгаа.
-АН-ынхан байр барина гээд, МАН-ынхан аль
хэдийнэ барьчихсан байгаа. Тэгэхээр энэ асуудал дэмжлэг авч чадах болов уу?
-АН байр барих гээд хандив цуглуулсан ч
бүтээгүй учраас байраа барихаа больсон. Байртай намуудын байрыг хэрхэх вэ гэх мэт
бусад асуудлыг хууль гарсны дараа ярихгүй бол наана нь тааж хэлэх боломжгүй.
-МАН-ынхан энэ УИХ бүрэлдсэнээс хойш гомдоллож
буй асуудал гэвэл байнгын хорооны гишүүнчлэлийн тухай?
-УИХ байгуулагдангуут бид тийм байнгын
хороонд оръё гэсэн бичгээ МАН өгөх ёстой байсан. Энэ бол хуулийн шаардлага. Бичгээ
өгөөгүй учраас байнгын хороог бусад нам гишүүд нь өөрийнхөөрөө бүрдүүлээд ажиллаж
байна. МАН-ын гишүүд байнгын хороонд нэг ч гишүүнчлэлгүй байсныг нь би зүтгэж байж
нэг нэг байнгын хороонд харъяалагддаг болгосон шүү дээ.
-Сөрөг хүчин “Бидний санаачилсан хууль
хэлэлцэгдэхгүй байна” гэж байнга шахам гомдоллож байна. Яагаад. Ямар нэгэн лобби
юу эсвэл энэ зарчим уу?
-УИХ дахь олонхийн санаачилсан төслүүд
хууль болдог. Энэ бол парламентын ардчиллын хамгийн гол ойлголт. АН-ынхан цөөнх
байхдаа хууль санаачлахад дэмжигддэггүй байсан. Өнөөдөр МАН-ынхны санаачилсан
хуулиудыг хар. Малчдын тэтгэврийн насыг доошлуулна, сар бүр иргэдэд 21 мянган төгрөгийг
олгох, олон хүүхэдтэй эхчүүдэд тэтгэвэр олгох зэрэг төсвийн боломжоос хэтэрсэн
популист хуулиуд байгаа юм. Ийм популист хуулиудыг хэрэгжүүлье гэвэл санхүүгийн
эх үүсвэр хэдэн их наядаар буюу нэгийн ард 12 тэгтэй их хэмжээний мөнгөний асуудал
яригдана. Гэтэл манай улсын нийгмийн хамгаалалдаа зарцуулдаг мөнгөний хэмжээ нэгийн
ард есөн тэгтэй буюу тэрбум төгрөгөөр яригддаг. Мянга дахин их мөнгийг өгөх, МАН-ын
санаачилсан популист хуулиуд батлагдах боломжгүй. Олонхи болсон Засгийн газрын
дийлэхгүй мөнгөний хэмжээтэй хуулийг цөөнх нь санаачлаад тэр нь батлагдана гэдэг
нь хүнийг хуурч байгаа асуудал. Батлагдахгүй гэдгийг нь тэд өөрсдөө мэдэж байгаа.
-УИХ-ын дарга З.Энхболд малчдыг найман
хувийн зээлд хамруулах боломжтой гэж ярьж эхэлсэн. Энэ зээлд хамрагдахын тулд ямар
замаар, хэнтэй харьцаж зээл авна гэсэн үг вэ?
-Ипотекийн хууль энэ УИХ-ын өмнөх хоёр
парламент дамжин хэлэлцэгдэж байж батлагдсан. Би ажлын хэсгийн ахлагч байсан. Малчдын
хувьд тогтмол орлогогүй учраас Америкийн сар бүр зээлээ төлдөг зарчим тохирохгүй
байсан. Тиймээс зээлдэгч, зээлдүүлэгч хоёр интервал болон бусад нөхцөлөө тохирч
болно гэсэн ерөнхий хууль гарсан. Боловсролын шинэ тогтолцооны дагуу зургаан настай
хүүхдийг сургуульд сургах болсонтой холбогдон,
малчин айлууд сумын төвд байшин барьж эхэлсэн байна. Улаанбаатарт байдаг
шиг кабельтай, цэвэр, бохир устай байрууд сумын төвд ашиглалтанд орж эхэлж байна.
Малаа яаж маллах юм, хөдөө нутаг эзэнгүй болох нь гэх мэтээр сөрөг асуудлуудыг ярьж
байна билээ. Гэхдээ сумын төвд сургуульд явдаг хүүхдүүд, тэдний асран хамгаалагч,
эмээ өвөө, ах эгч нь тохилог байранд амьдрах эрхтэй. Ерөнхийдөө, малчдын хадгаламж
байрны урьдчилгаа хийхэд хүрэлцэхүйц хэмжээнд хүрсэн байна. Үүнд үндэслээд, Монгол
банк журмаа өөрчилж, малчдыг ноолуураа хураасан болон идшээ борлуулах бололцоо
бүрддэг цагт төлбөрөө хийж болдог малчдад зориулсан уян хатан ипотекийн зээлийн
бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Малчин хүн гэж заавал өөрөө малаа малладаг хүнийг хэлнэ
ч гэдэг юм уу дагалдах журам гарна. Дээр
нь хөдөө аж ахуйн биржтэй холбогдож тухайн
малчны орлогыг тодорхойлох боломжтой.
-Хүүний хувь хэмжээг яах бол?
-Хувийг Улаанбаатарт найм, аймгийн төвд
долоо, сумын төвд зургаа гэдэг юм уу зах зээл нь ямар байгааг харгалзаж үзэх ёстой
гэж бодож байгаа. Яг өнөөдрийн байдлаар нутаг дэвсгэрийн харъяалал харгалзахгүй
зээлийн хүү найман хувь байна.
-Та сүүлийн үед Монгол Улсын урт хугацааны
стратеги, хэтийн бодлого төлөвлөлтийн асуудлыг хүчтэй хөндөж байна. Манай улс стратегийн
төлөвлөлттэй улс уу?
-Хэсэг гишүүд тогтоолын төсөл өргөн бариад
хэлэлцүүлгийг эхлүүлсэн байгаа. Монгол Улс урт хугацааны хөгжлийн стратегигүй
явж ирлээ гэж шүүмжлээд байгаа. Тийм бичиг баримт 2008 онд батлагдсан ч өнөөдрийг
хүртэл хэрэгжсэнгүй. Их өөдрөгөөр төсөөлж
2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засагтай
орон болно гэсэн ийм зорилттой бичиг баримт гаргасан байдаг. Тухайн үед Ерөнхийлөгчид
дахин нэр дэвших гэж байсан Н.Энхбаяр өргөн бариад УИХ баталсан түүхтэй. Түүнийг
заавал биелүүлэх албагүй тунхагийн чанартай гэж хэлж болно. Одоо УИХ дээр ямар
зөвшилцөлд хүрч байна вэ гэвэл аль ч нам гарсан зайлшгүй биелүүлдэг хөгжлийн бичиг
баримттай болъё гэж байгаа. Сонгууль боллоо, ялсан нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ
батлагдсан бичиг баримт буюу хөгжлийн бодлоготойгоо уялдуулна. Түүнээс биш өнөөдөр
явж байсан хөгжлийн чигийг маргааш ялсан нам өөрчлөхийг хориглоно. Гэхдээ намууд
сонгуульд ялсан учраас бодлогын өөрчлөлт гарна. Тэр нь 15 ч юм уу хувийн өөрчлөлт
байхаас биш 180 градус эргүүлж өөр чигт хөгжлийг хөтөлж болохгүй гэсэн үг. Ийм
бичиг баримтыг оны эцэс гэхэд гаргачих байх. Үүнийг гаргахдаа ард иргэдээрээ сайн
хэлэлцүүлэх хэрэгтэй. Миний санаачилгаар “Монгол улсын хөгжлийн стратегийн” асуудлаар
Хэнтий, Дархан-уул аймагт симпозиум зохион байгуулсан, цаашдаа үргэлжлүүлнэ. УИХ-ын
гишүүд завсарлагаар иргэдтэй уулзахдаа энэ асуудлыг байнга ярьж санал авахыг чуулганы
хаалтын хуралдаан дээр үүрэг болгосон. Намууд ялсан тохиолдолд тэр зорилт руу
хэр хурдан хүрэх вэ гэдэг хурдны тухай асуудлыг ярих шаардлагатай болно.
-Сүүлийн үед УИХ-аар хэлэлцэгдэж байгаа
хуулиуд хувийн өмчийг хураана, эздийг нь хорино гэсэн заалттай байдаг болж гэсэн
шүүмжлэл гарах боллоо?
-Мөнгө угаах, терроризмтой холбоотойгоор
Эрүүгийн хуульд нэмэлт оруулах үед наад асуудал чинь яригдсан. Тэр хууль батлагдсан.
Манай улсын Эрүүгийн хуулийн системд байхгүй хоёр гэмт хэрэг шинээр нэмэгдсэн. Тэр
нь зөвхөн үнэт цаасны зах зээлтэй холбоотой. Хөрөнгийн бирж дээр зарагдаж байгаа
хувьцааг унагахын тулд тэр компани дампуурах нь гэж худал цуурхал тараасан бол тухайн
хүнд хариуцлага хүлээлгэдэг хууль. Гэхдээ төсөл нь анх орж ирэхдээ орчуулгын хувьд
алдаатай байснаас тийм ойлголт бий болгосон. УИХ үнэт цаасны зах зээлтэй огт холбоогүй
зах зээлийн бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдвөл арга хэмжээ авна гэсэн байсныг
нь үнэт цаасны зах зээлд зохиомлоор нөлөөлөх гэж өөрчилсөн. Хоёр дахь нэмэлт нь
компанийнхаа дотоод мэдээллийг ашиглаж хувьдаа ашиг олдог хүнд мөн хариуцлага тооцно
гэсэн үг. Ер нь цаашдаа хууль боловсруулж өргөн барих субъектууд хуулийн үзэл
баримтлал, агуулга, уялдаа холбоог маш нарийн судалж байх хэрэгтэй гэдгийг энэ үйл
явц харуулж байгаа юм.
-УИХ-ын 2014 оны ажлын төлөвлөгөө ямар
байгаа бол?
-Ирэх хаврын чуулганаар саяын намрын чуулганаар
хэлэлцэж амжаагүй хуулиудийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Газрын тосны тухай хууль хаврын
чуулганы эхээр хэлэлцэгдэнэ. “Авлигажсан төсөв”-ийн асуудлыг шийдвэрлэж дуусгана.
Мөн Тендерийн хуультай холбоотой, хуулийн байгууллагын шинэчлэлийн хуулиуд үргэлжилнэ.
Монгол Улсын Хөгжлийн стратегийг бүтэн жил хэлэлцүүлээд оны эцэст батална. Эрдэс
баялагийн салбарт баримтлах бодлого саяын чуулганаар батлагдсан тул Ашигт малтмалын
хуулийг түүнд нийцүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Засгийн газар дээр бэлтгэгдэж
байгаа Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хайгуулын хориг цуцлагдана.
Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн хэлэлцүүлэг үргэлжилнэ.
Л.МӨНХТӨР