Categories
редакцийн-нийтлэл

Газрын гүний дулаанаар ажиллах станцыг дөрвөн аймагт барихаар төлөвлөжээ

Засгийн  газрын зү­гээс газрын гүний ду­лааныг ашиглаж
эрчим хүч, дулаан гаргаж авах боломжийг сонирхож эхэл­жээ. Сэргээгдэх эр­чим хүчний
газар, Со­лон­госын хөрөнгө оруу­лалт­тай Nexgo ком­панийн тө­лөөлөгчид өчигдөр
энэ чиглэлээр  хамтран ажил­лах са­намж бичиг
бай­гууллаа. Энэ үйл ажилла­гаанд засгийг төлөөлж Эр­чим хүчний яамны Бод­логын
хэрэгжил­тийг зохицуулалтын газрын дарга Ц.Баяр­баатар, тус яамны сэр­гээгдэх эрчим
хүч­ний хэлтсийн дарга М.Ангараг, Сэр­гээгдэх эрчим хүчний төвийн дарга Б.Алтан­гэрэл
нар оролцсон бол нөгөө талаас Nexgo компа­нийн Монголыг хариуц­сан захирал Хванг
Ин Кө, тус ком­панийн газ­рын гүний тө­вийн захирал Пак Жун Көн нар оролцсон юм.
Мөн Солонгосын ЭСЯ-ын ерөнхий нарийн бич­гийн дарга ирсэн байв. Газрын гүний ду­лааны
цахилгаан стан­цыг Мон­­голын хэд хэ­дэн аймагт барих боломж­той гэж Nexgeo компа­нийн
гүй­цэтгэх захи­рал Ш.Төгсбаяр хэлж байна. Түүнээс энэ талаар тодрууллаа.

 
-Монголд
газрын гү­ний дулааныг ашиглаж цахилгаан дулааны станц байгуулах нөөц байгаа юу?

-Монголын газрын  гүн дэх дулааныг хэмжиж үзсэн судлаачид Улаан­баатарт
ямар ч боломж­гүй гэдгийг тогтоочихсон. Улаанбаатар орчимд гэвэл Төв аймаг хамгийн
магадлалтай бүс. Одоо­гоор томхон хэмжээний станц байгуулах бо­ломж­той гэж үзсэн
дөрвөн аймаг байна. Тодруулж хэлбэл Хөвсгөл, Архан­гай, Өвөрхангай, Баян­хон­гор.
Энэ аймгууд халуун рашаан ихтэй. Тийм ч учраас эртнээс газрын гүний дулааны нөөц
их гэж таамагласаар ирсэн. Манай судалгаа­гаар ч давхар батлагдсан. Гэхдээ илүү
нарийвчилж тооцох шаардлага бий. Газрын дулаанаас гарч байгаа процесс нь яаж явагдах
юм, тасралтгүй  явагдах  боломжтой юу, эдийн засгийн үр өгөөж нь ямар байх
вэ гэх зэрэг асуултуудын хариуг то­дорхой болгох хэрэгтэй. Энэ бүхнийг нарийн тоо­цож
байж цахилгаан станц байгуулах эсэхээ шийднэ л дээ. 

Сая  дурдсан дөрвөн аймгийн алинд нь станц баривал
илүү өндөр магадлалтай байна?

– Одоогийн
байдлаар Архангай аймгийн Цэцэрлэг сумыг хамгийн магадлалтай гэж тооцож байгаа.

ТЭЗҮ
хийж таарах байх. Хэр өртөг орох бол?

-Дэлхийд
газрын дулааныг ашиг­лаж хамгийн өндөр үр дүнд хүрсэн улс гэвэл  Исланд, Герман байна. Эдгээр улсад  ТЭЗҮ хэр өртгөөр хийгдэж байсныг харахаар  арван МВт-ын цахилгаан станц байгуу­лахад ТЭЗҮ-дээ
30 орчим сая ам.долларын зардал гаргадаг юм билээ. Архангайд барих станцын ТЭЗҮ-ийг
хийхэд 2.5 сая ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. 

Хэд
орчим МВт-ын станц ба­рих боломжтой талаар урьд­чилсан төсөөлөл гарсан уу?

-Урьдчилсан
тооцоогоор 4-6 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц гэж ярьж байгаа. Гэхдээ  яг хэчнээн МВт-ынхыг барих вэ гэдгийг  Сэргээгдэх эрчим хүчний газар, Архангай аймгийн
удирдлагуудтай ярилцаад  шийдэх байх. 

Барих
өртөг нь?

-Барих
өртгийг нь ТЭЗҮ гарсны дараа тодорхой хэлнэ. ТЭЗҮ-гээр хэчнээн МВт-ыг барих вэ гэдгийг
тодорхойлж байж шийдэх асуудал. Ямар ч  байсан
Солонгосын Пуханы цахилгаан станцыг барихад 47 сая ам.долларын зардал гарсан.

ТЭЗҮ
боловсруулах мөнгийг хаанаас босгох вэ?

-ТЭЗҮ-ийг
хийх хөрөнгийг  КОЙКА-гаас  буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх боломжтой гэсэн.
Дэлхийн банкны хувьд урт хуга­цааны зээлд хамруулах боломжтой гэсэн. Бид ТЭЗҮ-ээ
боловсруулж дууссаны дараа  Монголын Засгийн
газарт хүлээлгэж өгнө. Дараа нь Засгийн газар ямар чадлаар яаж барихаа өөрсдөө сонгож
хэрэг­жүүлнэ гэсэн үг.

Газрын
гүний дулааныг ашиг­ладаг станцуудаас тогтвортой ажиллаж байгааг нь онцлооч гэвэл…?

-Одоогоор
амжилттай ажиллаж байгаа газар гэвэл Бангладеш, Индонези зэрэг  галт уулын идэвх­жилтэй, магадлалтай орнууд байна. 

Газрын
гүнээс дулаан гаргаж авдаг станцууд гэж сонссон, ца­хилгаан гаргаж авдаг гэж сон­соогүй
юм байна? 

-Үнэндээ
цахилгаан станцаар нь туршиж үзсэн тохиолдол 
ховор л доо. Солонгост манай  компани
л 4000 метр буюу,  дөрвөн километрт өрөмдөж
дулаан, цахилгаан үйлд­вэрлэх хүчин чадалтай цахилгаан станцыг туршиж үзсэн  нь амжилттай болсон. Дэлхийн улс орнуудад одоо
ажиллаж байгаа станцууд дандаа дулааных учраас эдийн засаг талаа­саа тийм өндөр
ашигтай биш. Зөв­хөн дулааныг нь ашиглаж байгаа болохоор зардал нь өндөр гардаг.
Бидний хэрэгжүүлж байгаа  төслийн хувьд  цахилгаанаа ч давхар гаргах учраас эдийн засгийн   ашигтай.  

Дөрвөн
километр өрөмдөнө гэхээр аварга том өрөм байх нь ээ?

-Маш том
өрөм. Бүр тусгай байгууламж босгож байж өрөмддөг  юм.

Газрын
гүний дулааныг ашиг­лаж байгуулсан станц яг яаж ажилладгийг энгийнээр тайл­барлаач?

-Газрын
гүнээс доошлох тусам градус нь өндөр байдаг. Зуун граду­саас дээшээ уур болдог шүү
дээ. Энэ уурыг генератороор эргэлдүүлж цахилгаан гаргаж авдаг юм. Газрын гүнээс
соруулж авсан уур эргэлдсээр байгаад хүчгүй болоод ирэхээрээ 100 градус болон түүнээс
доош градусын халуун ус болдог. Тэр халуун усыг шугамаар гүйлгээд л дулаан гаргаад
авчихна. Дулаан гаргаж авсан ус аажмаар хөрөөд ирнэ ээ дээ. Тэгэнгүүт нь буцаагаад
газрын гүн рүү нь шахчихна.

Тэгэхээр
усны нөөц хомсдоно гэсэн юм байхгүй нь ээ?

-Сэргээгдэх
эрчим хүч учраас байгаль экологид ямар ч сөрөг нөлөөгүй. Гаргаж авсан усаа буцаа­гаад
газарт нь хийчихэж байгаа асуудал шүү дээ. Өөр нэг зүйлийг онцлоход нар, ус, салхинаас
эрчим хүч гаргаж авч байгаа станцууд наргүй, салхи багатай,  гол мөрөн татрах үед ажиллахгүй сул талтай бол
газрын гүний дулааныг ашиг­ласан станц байнга, тасралтгүй ажилладгаараа онцлогтой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Л.Моломжамц “Болор цом” бус “Болор цом”-ыг өргөлөө

Өдгөөгөөс 31 жилийн
тэртээ анх “Болор цом” яруу найргийн наадам болж ардын уран зохиолч,
Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж агсан “Хүн төрөлхтөн хэлэх үг” шүлгээрээ
цом өргөж байсан билээ. Түүнээс хойш уг наадмаас олон сайхан найрагчид төрж,
ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн. Сүүлийн жилүүдийн “Болор цом” наадам
араасаа хэл амтай, нэхэл хатуу болдог болсон. Тэгвэл өнөө жил Монголын утга
зохиолд “Хавар шиг тийм хонгор” номоороо цахиур хагалан орж ирсэн Өвөрхангай
аймгийн Сант сумын харьяат Лхагвасүрэнгийн Моломжамц эгшиглэнт эхийн хишигт
найрагчаар тодорсон нь сүүлийн жилүүдэд нэр хүнд нь унаад байсан “Болор цом”-ын
нэрийг өргөлөө. Түүний хувьд ганцхан “Болор цом” өөртөө авч байгаа бус Монголын
утга зохиолд шинэчлэлийн салхи алгуур орж буйг нотолсон томоохон шалгуур байсан
гэхэд болно. Түүний хувьд өмнө нь нэлээдгүй олон жил уг наадамд оролцож шагналт
байруудад шалгарч байсан бяртай найрагч. Өнөө жил түүний хувьд бяртайгаас гадна
бядтай байгааг харуулж байгаа юм. Яахав ээ, Өвөрхангайн найрагч цомдоо
түрүүллээ гэх яриа гарах нь дамжиггүй. Тэр ярианд хэт автагсад түүний уран
бүтээлийг нь уншсаны дараа бодол нь эргэх буй за. Өнөө жилийн “Болор цом”
наадмыг хаа очиж арангатай хүмүүс шүүжээ. Өөртөө үнэнч Бавуугийн Лхагвасүрэн,
бурханд зөвлөгөө өгөгч Баатарын Галсансүх, хэг ёгт гэсэн начир дээрээ даруухан
Тангадын Галсан, Магван-Эрдэнийн Саруулдалай, “Тоншуул”-ын Нацагийн Даваадаш
нар шүүн тунгаалаа. Тэдний шүүлтүүрт торж үлдэнэ гэдэг авьяастайнх биз ээ.

Л.Моломжамц найрагч өөрийгөө
“Би, би” хэмээн цээж дэлдэж яваагүй нь давуу тал юм. Тэрбээр шүлэг шиг ээ
уянхан хүн ажээ. Ямартай ч 1990, 1991 онуудад нутагтаа цом залж байсан
Баярхүүгийн Ичинхорлоо найрагчийн араас “Болор цом” өргөлөө. Тэрбээр ганцхан
“Болор цом” өргөсөнгүй “Болор цом”-ын нэр хүндийг өргөв.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Дэлгэр суманд алт гарч, аймаг аймгийн нинжа нар цуглажээ

-НИНЖА НАРЫН ХЭД ХЭДЭН УДААГИЙН ДАЙРАЛТ БОЛСНООС ҮҮДЭН АЛТ УХАХЫГ АЛБАН
ЁСООР ЗӨВШӨӨРӨВ –

Түрүүч нь ¹ 018 (4658) дугаарт

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас бусад бүх суманд
алтны орд илэр­сэн байдаг. Харин энэ сарын эхээр Дэлгэр су­мын Улаан толгойд алт­ны
шороон орд илэрс­нээр Говь-Алтай аймгийн бүх сумын  нутгаас алтны орд илрээд байна. Сүү­лийн хоёр
жилд гар ар­гаар алт олборлох иргэд буюу нинжа нарын тоо эрс буурсан. Аль нэг газарт
их хэмжээний алт гарсан талаар огт яриг­даагүй аж. Тиймээс алт ухаж амьдралаа залгуул­даг
байсан иргэд хоёр жил гаруй “ажилгүй” гэр­тээ сууцгаажээ. Тэд хаана хэн алт илрүүлэх
бол  гэж чих тавин суусан. Хийх ажилгүй нинжа
болоод алтны ченжүүд  металл хайгчаар энд
тэдгүй эрэл хайгуул хийж алтны нөөц­тэй газрууд хаана байгааг суваг сувгаараа  дамжуулан судалж байсан гэнэ.

Дэлгэр суманд алт гарлаа гэх мэдээлэл га­рангуут нинжа нар Улаан­толгойд
ирцгээсэн байна. Дэлгэр сумын За­саг даргын Тамгын газ­рын ажилтнууд болоод Говь-Алтай
аймгийн цаг­даагийн хэлтсийн албан хаагчидтай алт ухахын төлөө нинжа нар хэрхэн
тэмцэлдэж байгаа та­лаар та бүхэнд хүргэж байна. Улаантолгой
гэх газраас 30 гаруй километрийн зайд орших Үнээн усны цайны газар байсан нинжа
нар шөнө дунд алт ухахаар дайрлаа. 20 гаруй машинтай бөөн залуус бүгд алт ухах гэж
дайрах аж. Цагдаа нар тэднийг тосч очоод цагаан хоолойгоор “Эндээс буц. Алт ухуулахгүй.
Цагдаа нар бүрэн хамгаалалтад байгаа. Унаж яваа машины чинь улсын дугаарыг бүртгэж
авсан шүү” хэмээн  зарлаад яваад байлаа. Гэвч
нинжа нар шийдсэн бололтой юм. Алт байгаа газар руу нэгэн жигдийн хурдаар явсаар
байлаа. Тэгснээ машинаас зэрэг бууж том том чулуу бариад л эгнээд зогсчих ажээ.  Ихэнх нь нүүрэндээ маск зүүж малгайтай цамц өмссөн
болохоор ямар царай зүстэй гэдгийг харах боломж байсангүй. Тэд алт байгаа газрыг
хамгаалж байгаа хүмүүст “Ороод л гарна. Цаг болохгүй эргээд гарна.

Алт хэрхэн гарч байгааг үзээд л болно. Хэрэв их
хэмжээний алт гарах юм бол компани газрыг нь худалдаад авна” гэх ажээ.  Хэрэв тэдэнтэй эвгүй ярих юм бол чулуун мөндөр
буулгахад бэлэн зогсож байгаа юм. Нинжа нарт бууж өгөхөөс өөр аргагүй юм байна даа
гэсэн бодол төрөх ажээ.

Эгнээд зогсчихсон согтуу залуус яахаас ч буцахгүй
нь лавтай. Харин аймгийн цагдаа нар Бигэр суманд нинжа нарыг хөөж байхдаа  ийм байдалд өдөр бүр орж байсан болохоор  аргалаад явуулна гэнэ. Тэд нөгөө залуустай адилхан
чулуу бариад зогсчихсон цахилгаан бороохойг манал­зуулан чад пад хийлгэн дуугаргаад
байх. Тэгсэн мөртлөө “Та нарыг толгойлж бидэнтэй уулзах хүн байна уу яг дундаа хэлэлцээр
хийе” гэх саналыг тавилаа. Өндөр биетэй залуу хүрээд ирдэг юм байна. Цагдаагийн
хурандаа цолтой нөхөр өөдөөс нь яваад очлоо. Тэд хэсэг уулзаж байснаа эргээд хүрээд
ирэв. Нөгөө залуу “Бид нар үнэхээр хүнд амьдралтай хүмүүс. Цагаан сараа хийх  мөнгөтэй болоод л бүгд буцна. Харин та нар биднийг
оруул. Тэртэй тэргүй ухах нь тодорхой юм чинь бид сонгуулийн өдөр ирнэ. Та нар сонгуулиа
өгөх гээд явах байлгүй” гэжээ. Харин цагдаа нар сум орон нутгийнхан энэ талаар хурал
хийх гэж байгаа. Удахгүй асуудал нэг тийшээ болох байх. Асуудлыг хүндрүүлэлгүй буц.
Асуудал нэг тийшээ болтол ямар ч хүн оруулахгүй” гэсэн гэнэ.

Олон залуусыг арай гэж явууллаа. Ер нь дайн байлдаанд
оролцох гэж байгаа юм шиг л дүр зураг тэндээс харагдана.  Залуус “Цагдаа нартай сөргөөцөлдөх хэрэггүй. Тэртэй
тэргүй алт байгаа газар руу орж л таарна” гээд яваад өглөө. Мотоцикльтой  залуус ч хэд хэдээрээ ирээд буцлаа. Шөнө­жингөө
хөөлгө, туулга хийсээр үүр хаяарч байхад гэртээ эргэн орсон юм.

 

ЧУЛУУГААР БАЙЛДАХ ДӨХЛӨӨ 

 

Цагдаа нараас нинжа нартай чулуугаар байлддаг
байсан талаар асуулаа.  Бигэр суманд хөөлгө
хийж эхлээд байхад өдөр болгон чулуун байлдаан болдог байсан гэнэ. Нинжа нартай
хууль ёсны дагуу яриа ухуулга хийж эндээс явахыг сануулаад ямар ч хэрэг байхгүй
гэнэ. Хэрэв зөөлөн дуугаар харьцах юм бол шууд л “Ална. Энд алаад булна” гэж ирээд
л авирлаж гардаг байна. Тиймээс бороохойдохгүй л бол дийлдэхгүй гэнэ. Мөн цагдаа
нар нинжа нартай уулзахдаа  олуулаа явахгүй
бол олон залуус чулуу бариад хүрээд ирэх юм бол шууд л амиа бодоод зугтаах хэрэгтэй
гэнэ. Бигэр суманд ажиллаж байсан арав гаруй цагдаа толгойгоо хагалуулж, нэг цагдаа
нуруундаа хүнд гэмтэл авч, бас нэг цагдаа гарынхаа шууны ясыг үйртэл цохиулсан гэнэ.
Нинжа нартай чулуугаар байлдаж байхад газрынхаа дээр гарах гэж хэн хэн нь зүтгэдэг
гэнэ. Аль нэг нь газрын дээр гараад авах юм бол чулуун байлдаант тулааны ялагч болдог
байна.

Алт гарсан Улаан толгойн хавиар энд тэндгүй машинтай
хүмүүс хоножээ. Тэдэнтэй уулзахаар явлаа. Зургаан машин эгнүүлээд тавьсан залуус
дээр очлоо.

Шөнө алт гарсан орд газрыг хамгаалж байгаа хүмүүс
рүү дайрсан залуус бололтой. Эхний очсон газарт архи, пивоны шил хөглөрөх аж. Залуус
газар туурга дэвсэж байгаад дээгүүрээ эсгийгээр хулдаж хучаад унтацгааж байна. Амнаас
нь уур савсаад л хүн ирж байгааг мэдэх сөхөөгүй л унтаж байна.

Харин Өвөрхангай аймгийн улсын дугаартай  “фронтиер” маркийн автомашин алт гэх газраас холгүйхэн
зогсож байлаа. Тэд машиных нь хоёр дугуйны хий гарчихжээ. Запас дугуй мөн л байхгүй
гэнэ. Бас шатахуун нь дуусчихсан. Мөнгө байхгүй болохоор эндээс явах ямар ч арга
байхгүй гэнэ. Мөн тэдгээр “фронтиер”-той хүмүүсийн цаана мөн л УАЗ пургон маркийн
Баянхонгор аймгийн улсын дугаартай машин “хрооп” нь эвдэрсэн гээд задлаад хаячихсан
зогсож байна. Ер нь тэв хавиар байгаа машинуудын бензин дууссан, дугуйнаас авахуулаад
машиных нь эд анги бүгд эвдэрчээ. Машин нь хөдлөхгүй болсон учир хоол, ундаа хийж
идэж уугаад сууршиж эхэлжээ. 

МАШИНАА НИНЖА НАР ӨӨРСДӨӨ ЭВДДЭГ ГЭНЭ 

Нинжа нар “Монголд ажилгүй залуус олон байна.
Ажилгүй бид алт ухахгүй юм бол яаж амьдрах юм бэ. Ядарсан бид хэд хоног ухаад л
аль компани нь энэ хавийн газрыг худалдаад авна. Ямар ч байсан шороо ухна. Алт гарч
л таараа. Бид эндээс явж чадахгүй. Хоол унд, наашаа ирэх замын зардлаа хүнээс зээлээд
ирчихсэн. Мөнгөтэй болоод л харина” хэмээн ярьж байна. Нинжа нартай уулзаад явж
байх зуур цагдаагийн эргүүлийн машин давхиж ирээд л нэг залууг нь машин тойруулаад
элдээд байгаа бололтой харагдлаа. Удалгүй нөгөө дугуй нь хагарсан гээд зогсож байсан
“фронтиер” маркийн автомашин чинь шороо манаруулаад хөдлөөд давхидаг байна. Биднийг
хөдөлж байхад машиныхаа хойд дугуйг тайлаад зогсчихсон байсан тэд хэдийд нь амжуулдаг
юм гэмээр хагарсан дугуй нь хийтэй болчихсон давхиж явна лээ.

Нинжа нарын нэг арга нь “Машин эвдэрчихлээ” гэж
цагдаа нарт худлаа хэлж машиныхаа хамаг эд ангийг жиргээд тавьчихдаг гэнэ. Аргаар
гуйхаар ямар ч боломжгүй гээд суугаад байдаг гэнэ. Харин хатуухан аргаар “хэлэхээр”
хэдийд нь амжуулдаг юм гэмээр машиныхаа тараачихсан эд ангийг угсраад давхиад явчихдаг
байна.

Нинжа нар энд тэндээс нэмэгдэж ирсээр байсан юм.
Дэлгэр сумынхан ч нинжа нарыг гурав хоног алт гарсан газарт оруулах шийдвэр гаргасан
юм. Хэрэв алт бага гарвал цугларсан хүмүүс дороо яваад өгнө. Харин алт их гараад
байвал нинжа нарын вант улс болох нь тодорхой. Нинжа нар арван хүрз шорооноос
40 мянган төгрөгийн алт гарч байгаа хэмээн бие биендээ хэлэх ажээ. Мөн “бух” олдсон
талаарх худал мэдээлэл тархжээ. Энэ нь тал талаас хүн цуглуулах арга гэнэ. Олон
хүн цугларах юм бол ашигтай гэнэ. Хүний хөлөөр алт ундардаг гэж нинжа нар үздэг
байна.

 ДЭЛГЭР СУМЫН УЛААН ТОЛГОЙ РУУ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨВӨӨС  АРХИ, ХООЛ, УС АЧСАН МАШИНЫ ЦУВАА ХӨВӨРЛӨӨ 

Аймгийн
төвөөс үнэтэй машин унасан алтны ченжүүд ирж яваа сураг дуулдав.

Биднийг тус газраас аймгийн төв рүү явах замд
гэр цайны газар байгуулах гэж байгаа хүмүүс тааралдлаа. Тэд “Хүмүүс цугларч байна
уу. Цуйван долоон мянган төгрөгийн үнэтэй шүү” гээд л 20 литрийн бидон дүүрэн цуйван
харуулж байна. Бидоны гадуур элдсэн нэхийгээр битүү ороосон байгаа харагдлаа. Тэдний
араас хүнсний дэлгүүр ажиллуулах гэж байгаа гэх дөрвөн залуутай тааралдав. Авч яваа
барааны ихэнх нь архи байна лээ. Тэд мөн л олон хүн цугларч байна уу гэж асууж байсан
юм. Нинжа нар цугларсан газар литр ус зуун төгрөгт хүрдэг гэнэ. Бараа бүтээгдэхүүний
үнэ ч хэд дахин нэмэгддэг байна. Тэр дундаа тамхи, архины үнэ бүр ч их нэмэгддэг
ажээ.

Хэдхэн цагийн дараа улаан толгойд  алт ухаж байгаа нинжа нарын майхан, овоохойнууд
үзэгдэнэ. Монгол Улсын иргэн бүр хуулийн хүрээнд амьдрах ёстой гэдэг ч нинжа цугларсан
газарт хууль үйл­чилдэггүй шиг санагдаж явлаа. Баялгийн хараал тусч, алтны дон шүглэчихсэн
гэмээр хүмүүс энд тэндгүй тааралдана. Сайхан машин тэрэгтэй, байр орон сууцтай болсон
хэрнээ алт ухах гэдэг хүмүүс олон. Нинжа нарын дунд ядарсан туйлдаа ортол ядуурсан
хүмүүс тун ховор. Бүгд л “Бух” мөрөөдөж энд ирсэн нь тодорхой.

Дэлгэр суманд ийм л үйл явдал өрнөж байна. Дэлгэрийн
хөндий дүүрэн улаан тоос босч, энд тэнгүй шинэ зам гарган давхих машин үзэгдэнэ.

Хэдхэн хоногийн дотор байгаль тэр чигтээ өөрчлөгджээ.
Эндээсээ хойш бүр ч өөрчлөгдөх байх даа.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Н.Гантулга: “Болор цом” бол монгол түмний оюуны их баяр юм

“Өдрийн сонин”-ы Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээл­лийн
албаны дарга, “Болор цом”-ын эзэн Норовын Гантулгатай ярилцлаа.

 -Арвайхээр хот руу мордохын тань өмнө “Болор цом”-оор
яриагаа эхлэх үү?

-Өнөө жил “Болор цом” яруу найр­гийн наадам
31 жилийн ойтойгоо золгож байна. Гучин нэг дэх удаагийн наадам маань Өвөрхангай
аймгийн Арвайхээр хотод болох гэж байна. Өнөөдөр ингээд “Болор цом”-ын эзэд, ардын
уран зохиолчид, мөн шүлэг найргаа унши­хаар шалгарсан 25 яруу найрагч Өвөр­хангай
нутгийг зорьж байна. “Болор цом” бол оюун билгийн их том наадам гэж молхи би санадаг.
Энд хүмүүс авьяас билгээрээ уралддаг. Авьяас билэг гэдэг бурхны бэлэг, бурхнаас
өгсөн нэг их гоё өгөгдөл шүү дээ. Ухаандаа, манай Н.Норовбанзад гуай эд нарыг бурхнаас
заяасан хоолойтой хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Түүн шиг яруу найрагчдын авьяас билэг
бол бурхны бэлэг юм шиг санагддаг юм. Энэ билиг авьяасаараа ард түмнийхээ дунд шүлгээ
уншиж, уншигч олон­той­гоо уулзах халуун дулаан уулзалт. үүн дээр “Болор цом”-ын
үнэ цэн оршиж байдаг болов уу. Түүнээс биш нэг их өрсөлдөөд, хэн нэг нь түрүүлж
цом аваад байхаасаа илүү зохиолч уншигч­дын уулзалт, зохиолчдын уулзалт, авьяастнуудын
цугларалт. Гадаа идэр есийн хүйтэн тачигнаж байгаа энэ үед нэг их сайхан халуун
бүлээхэн уур амьсгал нийгэмд бүрэл­дэж, цалгилсан гэгээ гэрэл үзэгддэг нь “Болор
цом”-ын үеэр байдаг.

-Та өнөө жил мялаалгын шүлэг уншина гэсэн үү?

-Тийм ээ, өнгөрсөн жил түрүүг нь хүртсэн учир
уламжлал ёсоор салхийг нь хагалж мялаалгын шүлэг уншина аа. Надад энэ сайхан наадмын
сал­хийг хагалах эрх олдоно гэдэг бас л хувь заяа юм даа, ихэд бэлгэшээж байгаа.
1983 онд би Булган аймгийн Хишиг-Өндөр сум, Хөшөөтийн голд төрсөн. Тэр жил “Болор
цом” яруу найргийн наадмыг Дэндэвийн Пүрэв­дорж гуай санаачилж эхлүүлсэн түүх­тэй.
Үндсэндээ би “Болор цом”-той нас чацуу нэгэн. Өнгөрсөн жил их Нацаг­дор­жийнхоо
нэрэмжит Улсын драмын эрдмийн театрт хийсэн “Болор цом”-ын 30 жилийн ойгоор 30 настай
залуу энэ том наадмын тэргүүн шагналыг авч байлаа. Тэгвэл эл удаа анх санаачилсан
Пүрэвдорж гуайн төрсөн нутагт нь хийж байгаа наадмын салхийг хагалах гэж байгаадаа
л бэлгэшээгээд байгаа хэрэг л дээ. Цомын эздээс уншиж уралдах байх. Ухаандаа, Хөөдөөгийн
Эрдэнэбаатар гэж баруун Алтайн сайхан яруу найрагч байна. Нийслэлд ирчихсэн бид
хэдтэйгээ нийлээд авлаа. Уяа нь орчихсон морь тогтож ядаж л байна.

-“Болор цом” ойртоод ирэх үес хүмүүс бараг л улсын
наадмынх шиг догдлоод яв­чих­даг. Та хэдэн удаа цомд орол­цов. Анх оролцсон болон
дараа­гийн “Болор цом”-уудынхаа агаар амьсгалаас сонирхуулахгүй юу?

-Энэ наадмыг олон түмэн яг л төрийн наадмаа хүлээж
байгаа юм шиг хүлээдэг. Тэгээд “Болор цом”-ын эздийг улсын наадмын түрүү бөхийг
нэр­лэж байгаа юм шиг нэрлэж ярьдаг. Улсын наадам маань монгол төрт ёсны их том
соёл. Тэр нь бөхдөө биш мориндоо биш, ерөөсөө л цаана нь том өв соёл байгаа юм.
Үүн шиг монгол­чууд бол билэг авьяас төгөлдөр ард түмэн. Хэзээнээсээ бичгийн өндөр
соёл­той үндэстэн. Ийм ард түмний оюуны их том баяр нь “Болор цом” болохоор л  наадам шигээ хүлээгээд байдаг. Гол учир нь эндээ
байх шиг байгаа юм. “Болор цом” жил жилд их дуулиантай болдог. Тэр дуулиан ерөөсөө
л дараа жилийн цом хүртэл үргэлжилдэг нь бас сонин. 1984 онд миний багш Дөнгөтийн
Цоодол “Болор цом”-д түрүүлчихээд, өөрийнх нь хэлдгээр “аймаар л юм” гараад ирэхэд
нь Дэжидийн Чимиддорж гуай гадаа нэг ганган хар унаа сойчихсон байсан гэдэг. Чимэддорж
гэж зохиолч найрагч, нийгэм улстөрийн зүтгэлтэн хүн байсныг манайхан мэдэх байх.
Цомын эзний хар машиныг олон хүн дагах нь мэдээж. Өнөө “муусайн найз нар” нь яруухан
сэтгэл, халуун зүрхээрээ дагаж яваа. Радиогийн бүдүүн дуут Базарын Цэдэндамбаа гуай,
за тэгээд Бадарч, Сүрэнжав, Пүрэвсүрэн,  Очирхүү
нар нь гэрт нь морилжээ. Одоогийнх шиг ийм том цом өгч байгаа юм уу даа, ямар сайндаа
Цэдэндамбаа гуай “Болор цом, болор цом л гээд байсан. боржоом хийж үсчүүлдэг нэг
муу стакан л байна ш дээ” гэж агсам тавьж байхав дээ. Энэ мэт дурсам­жууд хөвөрнө
шүү дээ. Ерээд онд “Болор цом” бүр их дуулиантай болдог байжээ. Төрийн төв хэвлэл
“Ардын эрх”-ийн “Оны есөн алдартан”-д тухайн жилийн цомын эзэн найрагч зүй ёсоор
нэрлэгддэг байлаа шүү дээ. Ингээд бодохоор “Болор цом” яруу найргийн наадам олон
түмний дунд ямар их хүндтэй, ямар их давалгаа байгаа вэ. Би “Болор цом” наадмыг
багаасаа л сонирхож, хөдөө араажаваар сонсоно доо. Цэндийн Чимиддорж “Цагаан зээр”-ээ
ёстой л үс бостол уншиж, “Сэлбэ гол”-оо мөн л шуугитал уншиж, Зундуйн Дорж гуай
“Сүүлчийн инээм­сэг­лэл” гэж Аюуш баатарт зориулсан шүлгээ, “Тоодог шандын зүлэг”
гэж шүлгээ уншаад л. Барнангийн Дорж­палам гэж ёстой л дээлэндээ багтаж ядсан хийморьтой
сайхан найрагч Говь-Угтаалынхаа тухай,  Чимид­рав­дан­гийн
Мягмарсүрэн найрагч “Сумын заан”, “Сумын эмч”, “Байрны хүүх­дүүд” гэсэн шүлгээ уншаад
л. Үгүй ээ, одоо тэр ерээд оны “Болор цом” гэдэг чинь юу болж байв даа. Нийгмийн
задралын тэр долгион дээр Өвөр­хан­гайгаас Баярхүүгийн Ичинхорлоо гэж хоёр салаа
гэзэгтэй охин ирж “Тэнгэр” гэдэг шүлгээр цом аваад л. Хулганайн Тэргэл яруу найрагч
тэр үед богино даашинзтай гарч ирж, нууц амрагийн тухай шүлэг арван хэдтэй охин
уншаад л. Дундговиос Отгоны Нандинцэцэг гэж форм паарчигтай охин шүлгээ уншин томчуудын
урдуур орж тусгай шагнал аваад л. Дорнодын Бат-Орших, Нямбуугийн Билгүүн, Дорноговиос
Арлааны Эрдэнэ-Очир, Гомпил­доо­гийн Мөнхцэцэг нар ирээд. Ингэж “Болор цом” наадам
бол үе үеийн авьяас билигтнүүд төрж байдаг тийм сайхан талбар юм. Миний бие
2003 онд Утга зохиолын дээд сургуулийн гуравдугаар курсийн оюутан, Болор цомд анх
шүлгээ уншиж байлаа.

-Тэр шүлгээ одоо санадаг уу?

-Их сонин. Би “Голын цаана” гэдэг шүлэг өглөө.
Тэгээд тэнэглээд, хүүхэд ч байж, тэр шүлгээ их сайн шүлэг гэж бодоод дараагийн шатанд
уншина гэж тэнэглэхгүй юу. Үгүй мөн гэнэн байж дээ. Ингээд эхний даваанд эх орны
тухай шүлэг уншсан юм. “…Улаан хадныхаа орой дээр улаан болтол суугаагүй бол

Ургах нарны тунгалаг туяаг ижийнхээ амьсгал гэж
яаж мэдэх вэ

Лавай цагаан орчлон зүрхэнд минь нуугдаж

Лааны богинохон гэрэлд ертөнцийн хөмсөг тодордгийг
яаж мэдэх вэ.. “
гээд үргэлжилдэг эх орны тухай шүлэг л дээ. Энэ
шүлгээ уншиж эхний даваанаас хасагдаж байлаа. “Голын цаана”-ыгаа унших байсан юм
гэж дотроо жаахан бараан гунигтай ч юм шиг, тэнэг л байж дээ. Ингээд тэр жилийн
“Болор цом” бусдаасаа  илүү гоё санагддаг
даа. Хүнд ер нь анхны үзсэн юм л сайхан байдаг юм болов уу даа. Анх үзсэн наадам
сайхан байдаг шиг. Тэр жилийн “Болор цом”-ын шөвгийн тавд Дамдинсүрэнгийн Урианхай,
Жамсрангийн Баяржаргал, Цогдоржийн Бавуудорж, Арлааны Эрдэнэ-Очир, Шагдарын Лхамнорж­маа
гэсэн таван найрагч тунаад үлд­чих­сэн, хөшигний араар хэлхэлдсэн, хөлчүүхэн, авьяасдаа
омогшсон, бадарсан, унасандаа гуньсан туньсан найрагчид бүгд нүдэндээ нэг их гоё
гэрэлтэй хөлхөлдөж, ланжийсан таван яруу найрагч үлдлээ шүү дээ, хэн юу ярих юм
гэж хоорондоо ярьж байсан. Тэгээд Урианхай ах “Зүүдлэгдээгүй зүүд”, “Шөнийн онгоц”
гэдэг шүлэг уншаад цомын эзэн болж байсан юм. Үйлдвэрчний соёлын ордны нэг, хоёр­дугаар
давхраар дүүрэн цугласан олон ёстой л утга зохиолын том баяр болсон шиг таашааж,
зөөлөн инээмсэглэсэн Урианхай ах маань буурал үсээ намируулан гарч ирж “Болор цом”
авч байлаа даа. Урианхай ах бол “Болор цом”-д үнэхээр олон жил шүлэг уншиж, авсан
хүн. Ерээд оноос өмнө Урианхай ахыг  оруулдаггүй
үе байсан гэж байгаа юм.

-Яагаад?

-Нөгөө главлит гээд. “Үнээ минь үстэй мисс минь…”
гэж уншихаар чинь дарагдана биз дээ. Ерээд онд Цоодол багш яруу найргийн зөвлөлийн
дарга болж, Урианхай ахыг урьж оролцуулж байсан гэж ярьдаг юм шүү. Тэгж өвгөн буурал
Урианхай ах маань 2003 оны “Болор цом” аваад утга зохиолын мөн ч том баяр болж байлаа
шүү дээ. Тэр жил Шагдарсүрэнгийн Гүрбазар ах “Би Монголоороо гоёдог” гэж уншаад,
Дамдинсүрэнгийн Баянтунгалаг яруу найрагч маш тансаг, дотоод гансрал шаналлын гайхамшигтай
шүлэг уншаад хоёрын даваанд унасан санаг­даж байна. Олон сайхан найрагчид хоёрын
даваанд уначихсан байж байлаа. Миний анх оролцсон “Болор цом” ийм байдаг.

-Таны авсан “Болор цом”-ын өнгө аяс ямархуу байв?

-2003 онд анх цомд орсноос хойш Архангай аймагт
Болор цом болоход нэг жил өнжсөн. “Өдрийн сонин” маань намайг гадагшаа томилолтоор
явуул­чи­хаад. 2007 онд Эрдэнэт хотод болоход би “Тархин доторх орон зай хагарна”,
“Бүсгүй хүнээс ангид хийгээд харанхуйг хүсэмжлэх гурван хором” гэдэг шүлгээ уншиж
шөвгийн тавд шалгарч байлаа. 2010 онд Дархан хотод болоход би “Бор цонжийн говийн
хүн чулуу”, “Сэтгэлгээний минь шилэн хананд”, “Гэгээрэл, мөн чанар, эх орон” гэсэн
шүлгүүдээ уншиж гуравт шалгарч байлаа. Тэр үеэс л ер нь Гантулга цомд гайгүй орох
байхаа гэсэн тааварт орж ирсэн дээ. Нээрээ ингээд бодоход хэд хэд айрагдсан байна
шүү. Өнгөрсөн 2013 онд яг 30 жилийн ойгоор нь түрүүлчихээд би нэг зүйлд их баярласан.
Хөдөөд суугаа аав минь л их баярлаж байгаа даа гэж бодогдсон. Жил жилийн цомын өмнө,
ялангуяа сүүлийн гурав дөрвөн жилд хүмүүс надад их ярьдаг байлаа. 2007 онд Увс аймгийн
зүүнхангай суманд очиж амарч, Ханхөхий хайрханыг үзлээ. Тэгэхэд хүртэл тэнд хүмүүс
за миний дүү Болор цом ойртлоо, энэ жил авна биз дээ гэцгээж байх жишээтэй. Надад
тэр нь үнэхээр хэцүү, шанал­гаат­ай. Тэгээд би “Болор цом”-д “Уулсын сэтгэлгээний
тэлэлт” гэж шүлгээ уншиж, тэргүүн шагнал авчи­хаад зогсч байхдаа “хөдөө сууж байгаа
аав маань их баярлаж байгаа даа” гэж бодож баярлаж байсан даа. Ээж аймгийн төвөөс
хажуу айл руугаа утасдаж “Ноовд дуулгаарай, хүү маань “Болор цом”-ын эзэн боллоо”
гэж хэлжээ. Айлын эгч аавд ороод хэлж. “Аав нь дотроо их л баярлаж байлаа. Тэгээд
хэлчих хүн олдохгүй, хэрээтэй хэдэн морьд дээрээ оччихоод, хүү­гийн­хээ Улаан хад
руу нэг залбир­чи­хаад аав нь гэртээ буцаж ирсэн шүү. Энэ их том баяр шүү. Манай
үр удамд энэ их том баяр байгаа юм” гэж дараа нь хэлж билээ. Аав маань их л баяр­ла­сан.
Энэ мэтчилэн Болор цом авсан хүмүүс ингэж л их баярладаг л даа. Цом авахын өмнөх
хавар нь Завхан аймаг руу хэл бичгийн олимпиадад манай Лхамсүрэнгийн Төрбаяр ах
“Бөхөн шар” багийнхан гэж хэдэн хүнийг авч явдаг юм. Цоодол багш, Урианхай ах, Галбаатар
доктор тэргүү­тэй хэдэн хүн явдаг юм. Тэр хавар хангайн нурууны ноёлог сайхан оргил
Солонготын давааг даваад Идэрийн голын хөвөөнд очлоо. Бөхөн шарын нуруунд анх гарлаа,
би. Хуучнаар бол долоон хошууны нутаг харагддаг Бөхөн шарын нуруу. Тэнд гараад л
хангайн тэр ноёлог уулс хөлийн дор гүйлэгнэсэн усан торго шиг үзэгдэж байлаа шүү
дээ. Бөхөн шарын нуруу тийм сайхан. Хамба гэгээн, Ялгуусан гэгээн гэж халхын алтан
мөнгөн тамгатай арван гурван хутагтын хоёр нь төрсөн газар бол Завханы Идэр. Хамба
гэгээний шүншигтэй Бөхөн шарын тэр хайрхан дээр гараад байж байтал надад “уулсын
сэтгэлгээ” гэж нэг тийм сэрэхүй буусан юм. Уулсын сэтгэлгээний тэлэлт гэдэг явж
явж яруу найрагчийн зүрхний урагдалт юм байна шүү дээ гэсэн бодол яг тэр үед бодогдсон
шүү. Тэгээд энэ шүлгээ бичсэн л дээ. Хүмүүс энэ шүлгийг янз бүрээр л ярьдаг юм.
Би ер нь Болор цомд орно гэж зориулж шүлэг бичдэг­гүй. Зүгээр л тэр жил бичсэн шүлгүү­дээ­сээ
арай гайгүйг нь л уншдаг юм.

-Түрүүн та аав ээжийнхээ тухай цухас яриад өнгөрлөө.
Аав ээж тань яруу найрагт их дуртай улс уу?

-Би утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд
оюутан болж ирэхдээ 280 гаруй шүлэг цээжээр мэддэг хүүхэд ирсэн. Ирээд утга зохиолын
оюутан болоод бүр олон шүлэг цээжил­нэ биз дээ. Ингээд би 400 гаруй шүлэг цээжиндээ
мэддэг. Энэ цээж бол ааваас эхтэй юм. Аав бүх юмыг өдөр судартай нь, хүнийг овог
нэртэй нь санаж мэдэж байдаг. Аавын маань ээж, манай мөөм цээжний цэцтэй хүн байдаг
юм. Аав ердөө хоёрдугаар анги төгссөн хүн шүү дээ. Тэгээд шууд адуун дээр гарчихсан.
Аавын хийморь лундаа гэж гайхалтай. Тиймээс би олон адууны төвөргөөн, хөлс тоосны
үнэр­тэй хийморлиг ертөнц намайг угтаж, аав минь намайг морин дэлэн дээр өсгөсөн
дөө гэж ярих дуртай. Би гурван эрэгтэй дүүтэй, айлын том л доо. Багадаа би сонин
хүүхэд байв. Манай сумын багийн дарга Цэрэндагвын Ганхуяг гэж хүн бий. Ганхуяг ах
нэг удаа манайд давхиад ирлээ. “Ардын эрх” сонинг хониор захиалж байна. Манайхан
захиалаарай гээд хүрч ирсэн. Би ч ааваар захиалуулаад, хажууд байсан Хүрлээ ахынхаараа
захиалуулаад. Нөгөө сонинуудаа дугаар дугаараар нь хадгална. Одоо надад морины хөлс
болчихсон сони­нууд дугаар дугаараараа хадгалаастай байгаа. 1998, 1999 оны гээд
л тэр үеийн нийгэм улс төрийн бүх үйл явдлыг санадаг. Сонинууд манайд бүгд  байдаг. Хүний хувь зохиол гэж их сонин. Би ерөөсөө
л өөрийнхөө амьдарч, гал голомтоо бадраах энэ газарт л багаа­саа элгэмсээд байж
гэж одоо боддог. Хүүхэд байхдаа шимтэн сонирхсон “Ардын эрх” маань “Өдрийн сонин”
болсон. Би ч яваандаа “Өдрийн сонин”-ы хүн болсон. Энд л би өнгөтэй өөдтэй яваа.
Энд “Болор цом”-ын эзэн болсон. Цомоо авчихаад сониныхоо өглөөний шуурхай дээр бариад
орж ирж байлаа. “Өдрийн сонин” надад хоёр өрөө байр өгч, эндээс би гал голомтоо
бадраасан.

-Монгол хүний ертөнцийг үзэх үзэл, ертөнцтэй харьцах
харилцаа бусдаас их өөр шүү дээ. Тэгэхээр яруу найргийн амин сүнс нь таныхаар юу
вэ?

-Манай утга зохиолын ах нар маань намайг утга
зохиолд орж ирэх­дээ л Улаан хадны тухай дуулсан гэж хэлдэг юм. Ерөөсөө л миний
яруу найргийн эх ундарга уулстай холбоо­той юм байна. Ерөөсөө л эх авсан анхны тэр
ундарга бол ялангуяа тэр Улаан хад юм. Улаан хадыг би дотоод гоо сайхныхаа нарийн
хэмжүүр гэж боддог.

-“Болор цом”-оос хойш таны шүлэг бүтээлд ямар
агаар амьсгал орж ирэв. Ойрын үед ном гаргах уу?

-Би 2003 онд “Голын цаана” гэсэн шүлэг бичсэн
юм. “…Түүчээ тогоруудын цэн нулимсанд хулсан бийрээ дүрж

Түмэн оны заагт ганцхан шүлэг бичье гэхэд голын
цаана байна…”
гэж хоёр мөр байдаг. Тэгж би оюутан хүүхэд их
утга зохиолынхоо өөрийн ертөнц, холын зам мөр, мөн чанарыг тодорхойлж байжээ.
2004 онд “Цаг тутамд өөрөөсөө нүүж амьдарна” гэж бичиж байсан. 2006 онд “Тархин
доторх орон зай хагарна” гэж бичээд олон хүнд гоочлуулсан. 2008 онд “Сэтгэлгээний
минь шилэн хананд” гэж бичсэн. Ингээд дараа нь “Уулсын сэтгэлгээний тэлэлт” гэж
бичсэн. Хоёр гурван жилийн давтамжаар яг л ийм агаар амьсгалаар миний шүлгүүд гарчээ.
Миний шүлгийг хүмүүс ойлгоогүй л гэдэг юм. Янз бүрээр хэлдэг. Би ерөөсөө л зарим
уламжлалыг дагаж, тэр сайхан уул минь тийм цэцэг навчтай, тэгж хөхөрч униартаж харагд­даг
гэж бичихгүй нь лав биз дээ. Яруу найраг гэдэг бол ерөөсөө л хувь өөрийнхөө л ертөнцийн
агуулгаараа буудаг зүйл болов уу. Гэлээ гээд би учир начиргүй хийсвэрлэлд умбасан,
яаж ч бодоод хүний оюун тархинд буухааргүй юм бичдэггүй болов уу даа. Нэг удаа Дашлхүмбийн
Галбаатар доктор, Лувсандамбын Дашням гуай гэсэн хүмүүс миний шүлгийн тухай “Яруу
найраг хийгээд буруу найргийн тухай өгүүлэх ану” гэсэн нэртэй шүүмж сонинд нийтэл­сэн
байсан. 2006 онд. Тэр нийтлэл­дээ Дашням гуай “Урианхайн шүлэг, Гантулга гэж энэ
залуугийн шүлэг бол буруу найраг. Өнөөгийн нийгмийн хэмжүүрээр буруу найраг. Жинхэнэ
утга зохиолынхоо хэмжүү­рээр бол энэ нь яруу найраг” гэж бичсэн байсан. Тархин доторх
орон зай хагарна, Урианхай ахын “Инээд шиг хуучин хүний амьдрал” гэдэг шүлгүү­дийг
задалж бичээд тэгж үзсэн байдаг юм. Тэгээд 2006 онд Дашням гуай “Гантулга бол монгол
яруу найргийн­хаа шимт хөрсөнд өнөөгийн дэлхийн утга зохиолын гол шугам болох дотоод
бясалгал, сэрэхүй, яруу найрагч тухайн үедээ сэрж мэдэрсэн гэмээр эрс тэс мэдрэмж
зэргийг суулгаж бичиж байгаагаараа өвөрмөц юм байна” гэж дүгнэсэн. Сүүлийн үеийн
шүлгүүд минь ч иймэрхүү байна. Хоёр ч ном хэвлэе гэвэл бэлэн байна. Гэхдээ би юмаа
их дардаг хүн юм. Болоогүй л юм шиг санагдаад өөрийгөө жигтэйхэн их голоод, дараад
байдаг. 

-Танд ер нь дуу бий юу?

-Хэцүү шүү дээ. “Уулсын сэтгэл­гээ­ний тэлэлт”
гэдэгт л ая хийдэггүй юм бол. Тэр “Бор цонжийн говийн хүн чулуу”, “Сэтгэлгээний
минь шилэн хананд” л ая хийдэггүй юм бол. 
Ухаандаа, би гэдэг хүн “тийм сайхан хар нүдэн бүсгүй минь чамайг би хадамд
алдчихлаа” гэж насандаа бичихгүй, тэгэхээр яаж ч дуутай байхав дээ. 

-Энэ жил хэн цом авах бол. “Болор цом”-ын энэ
жилийн өнгийг та хэрхэн харж байгаа вэ?

-Жил жилийн Болор цом-д яг үнэн­дээ бол гадуур
яригдаж байгаа хүмүүс л түрүүлдэг шүү дээ. Энэ жил ч хэд хэдэн хүн яригдаад байнаа.
Ухаандаа, манай дархад Мягаа, Уянсүх,  Молом­жамц
гээд хэдэн сайхан ах нар маань яригдаж байна. Өвөрхангайд сууж байгаа Сольтогтохын
Дамдиндорж ах бас яригдаж байна. Лхамсүрэнжавын Ганзул гэж манай Булганы сайхан
найрагч байдаг. Тэр яригдаж л байна. Энэ хэд дундаас л авах байлгүй. Түүнээс нэг
битүү морь гарч ирээд түрүүлнэ гэж юу л бол.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

Сар шинээр хүний алга дээш харуулахад бэлэгний их бага нь ялгаагүй

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны өндөр настан
Найдангийн Жар­гал сар шинэдээ бэлдээд тун ч завгүй сууна. До­лоовор хуруундаа ху­руувч
зүүчихээд, тоо­ноор тусах нарны гэрэлд утас зүүгээ төвөггүйхэн сүв­лэж өрхөө шинэ
бүрээ­сээр өнгөлж байгаа нь энэ. Харин хоёр зээ нь гэрийн хоймор дахь ширээнээ дэвтэр,
номоо дэлгэчихсэн гэрийн даал­гавраа хийж суугаа харагдана. Тэд IV  сургуу­лийн тав, долдугаар ангийн сурагчид. Ээж
нь ажилдаа явсан гэнэ. Өдрийн уртыг Жаргал хоёр зээтэйгээ өнгөрүүл­дэг аж. Модон
морь жил гарвал 73 нас хүрэх юм байна. Тэрээр Увс айм­гийн Малчин сумын уугуул ажээ.
Жаргал охин Ган­чимэг, түүний хүүхдүүд болох Баасанхүү, Энх­баяр нартайгаа амьдар­даг
юм байна. Зээ нарынх нь эцэг дөрвөн жилийн өмнө өөд бол­жээ. Хоёр зээ сургуульд
явахын зэрэгцээ ус авч, түлээ дөхүүлж эмээдээ тус хүргэнэ. Эмээ нь харин ээжийг
нь эзгүй хойгуур энэ хоёрынхоо хичээл номыг хийлгэж, сургуульд нь хүргэж, хув­цас
хунарыг нь зэхдэг ажилтай. Ойрдоо Жар­гал зав муутай байгаа болохоор хоёр зээгээ
сургуулиас авч амжихгүй байгаа тухайгаа ярив. 

Жаргал өрх оёнгоо галдаа
хаа нэг нүүрс хийх. Ойрдоо гадаа ду­лаа­хан байгаа болохоор өдөртөө нэг л хувин
нүүрс хийдэг гэнэ. Мон­гол гэр амархан хөрөх гээд байдаг болохоор ойр ойрхон галаа
манаж байхгүй бол хэмээн даруу­хан инээмсэглэнэ. Өнөөдөр өрхөө оёод дуус­чихвал
өнөөдрийн ажил ард гарч байгаа нь тэр гэнэ.

Харин ирэх хагас сайн өдөр буюу бямба гаригт охиноо
амрахаар буузаа хийх тов гаргажээ. Багавтар үхрийн нэг гуяны махаар бууз хийхээр
тооцоолсноо ч ярив.  Ойрдоо дулаахан хонож
байгаа болохоор бууз хөлддөг болов уу хэмээн санаа зовнингуй ярингаа зээ хүү Энхбаяртаа
хандаж зурагтаар цаг агаар хэдэн хэм хүйтэн гэж байгааг сайн нягталж харж өгөөрэй
гэж үүрэг өгөөд авав. Тавгийн идээ засахад орох ёотон, үрэл, цагаан самар зэргийг
дэлгүүрээс аль хэдийнэ аваад авдартаа хий­чихсэн байна. Хөгшчүүл ихэвчлэн сар шинээр
цагаан идээгээр тавгаа засдаг уламжлалыг Жаргал гуай одоо ч дагаж мөрддөг хэ­вээрээ
аж. Ганц саалийн үнээтэй. Үнээгээ Ногоон толгойд айлд зохих хөлсийг нь өгч маллуулдаг
байна. Үнээгээ зундаа өөрөө сааж, сүүг нь борлуулж өвөлдөө хэрэглэх ааруул, шар
тосоо бэлдээд авчихна. Тэгж дарсан цагаан идээгээ ёстой л цагаан сараар гаргаж хэдэн
хүүхдүүддээ өгдөг байна.

Энэ жил мөн л худалдааны ааруул авч таваг засахгүй
өөрийнхөө бэлтгэсэн цагаан идээгээ хэрэглэх аж. Жаргал эмээ “За тэгээд цагаан сараар
зөвхөн идээ будаа гэлтгүй өмсч зүүхээс эхлээд өнгөтэй өөдтэй байж тэр жилдээ элбэг,
хангалуун орно шүү дээ” гээд авдраасаа хэдэн баадантай дээл гаргаж ирлээ. Өнгөрсөн
жил тэрээр хар ногоон үйтэн хуаран дээл өмсчээ. Мөн хурган дээл, том алтлаг шар
цэцгэн хээтэй тэрлэг гээд хэд хэдэн дээл байна.

Өөрөө урласан гэнэ. Жил болгон л шинэ дээл өмсөхийг
боддог тухайгаа ярингаа “Дээлээ өмсчихье. Настай хүн зураг дээр намбагүй харагдана”
гээд том алтан шаргал хээтэй цэнхэр дээлээ өмсчихөв. Тэрээр энэ жил өнгөрсөн жилийн
сараар өмссөн хар ногоон үйтэн хуаран дээлээ өмсье гэж бодож байсан юм байна. Харин
охин нь ээждээ заавал шинэ дээл өмсүүлнэ гээд хөх өнгийн үйтэн хуараар дээл оёулахаар
бэр рүүгээ аваад явсан гэнэ. Жаргал гуай өөрөө дээл оёж, үйл мэтгэхээ болиод удсан
болохоор хүүгийнх нь эхнэр сүүлийн үед дээл оёж өгдөг болжээ. Харин энэ жил дахиад
дээл хийлгэнэ гэхээс санаа нь зовоод хуучнаа өмсье гэж байсан аж.

 Тэрээр
“Хотын бид яах вэ хүүхдүүдийн зав зайгаар ажлаа амжуулж, тэднийхээ дөхүүлж өгсөн
идээ, будаагаар болоод л явчихна. Хөдөө байсан бол долоохон хоноод шинэлэх гэж байхад
юун ингэж суух. Малын хашаа, хороогоо цэвэрлэхээс эхлээд ажил ид ундарч байгаа.
Одоо ч мөнгө төгрөг нь бэлэн л бол амар болж дээ” хэмээн хөдөө байсан үеэ дурсав.
Жаргал гуай арваад жилийн өмнө ханиа өөд болоход хот газар бараадсан нь энэ. Төрсөн
ах, эгч хоёр нь хотын захад амьдардаг бөгөөд шинийн нэгэнд хамгийн түрүүнд очиж
золгодог байна. Мөн талийгаа­чийнхаа эгч дээр одоо ч шинийн нэгэндээ багтаж золгодог
гэнэ.  Жаргал эмээ өөрөө дөрвөн хүү, нэг охинтой.
Ханьтайгаа мал маллаж, нөхөр нь хааяа хөдөө орон нутагт тээвэрт явдаг байж. Ханийгаа
эзгүй хойгуур таван хүүхдээ асрахаас гадна цагаан сар дөхөөд ирэхээр ганцаараа л
бүх ажлаа амжуулна. Өвлийн хүйтэнд голоос мөс зөөж гэсгээж хувцас хунараа угаахаас
гадна хоол ундаа бэлдэнэ. Тухайн үед шинэ жилийн баяртай хамт цагаан сар хийдэг
байсан бо­лохоор их л нүсэр тэмдэглэдэг байж л дээ. Орж, гарах хүний тоо тоймгүй
их. Харин хотынхон цагаан сараар хамар хашааныхандаа ч ордоггүйг анх гайхаж байснаа
дурсав. Тэрээр “Хотод ирээд арваад жил боллоо. Одоо миний хүүхдүүд түмний үрсийн
адил сайхан л амьдарч байна. Хоёр идэхгүй, хоосон хо­нохгүй болж л байна” гэж ирээд
их л сэтгэл хан­галуун ярилаа. Том хүү Ганхуяг барилгын компанид менежер, удаах
хүү Гансүх “Хурд” компанид жолооч, Ганбат IV ца­хилгаан стан­цад жолооч, Ган­зориг
Шведэд гэр бүлтэйгээ ажиллаж амьдарч бай­гаа бол Гантулга хүү нь одоогоор ажилгүй,
ээжийнхээ тэтгэврийн мөнгийг зээлүүлж аваад наймаа хийхээр явсан гэнэ. Таван хүү
нь бүгд л гэр бүлтэй. Жаргал эмээ арваад ач, зээтэй.

Тэрээр “Жилдээ ганц удаа сар шинээр л хүүхдүүд
гэр бүлээрээ золгохоор ирж, бид нар халуун ам бүлээрээ цугларна. Энэ гэрийг чинь
өргөөд тавьчих шахна шүү дээ. Хүүхдүүд ирэхээр гэр орон дүүрч, гэгээ татаад сэтгэл
он­гойгоод сайхан байдаг юм” хэмээн их л догдлонгуй ярина. Ганц охин Ганчимэг нь
саяхан “Өгөөж”-ийн хэвийн боовны үйлдвэрт ажилд оржээ. Охиныхоо цалинг буухаар тавгийн
идээгээ, хүний гар цайлгах бэлэг сэлтээ бэлдэх гэнэ. Харин Ганбат хүү нь сар шинийн
баярын ширээнд тавих ууц авч өгчээ. 250 орчим мянган төгрөгөөр авсан бололтой. Жаргал
гуай Ганбат хүүгээ “Манай гэр бүлийн холыг ойртуулж, хоёрыг нийлүүлдэг ганц шүү
дээ. Түлээ нүүрс, мод дөхүүлнэ” хэмээн магтах. Ер нь жил бүрийн цагаан сараар хүүх­дүүд
нь бэлэг, сэлтийг нь бэлтээд өгөх боловч аль болох тэтгэврийн хэдээрээ өөрөө болгох
санаатай. Цагаан сараар хөгшнийд төрөл, төрөгсөд, ах дүү хамаатан садан, үр хүүхэд,
ач зээ гээд 50 гаруй хүн ирж золголт хийдэг аж. Хөгшин нялх гэлтгүй хүн болгоны
алгыг дээш харуулж, цайлгаад гаргахыг хүснэ. Төрсөн хүүхдүүддээ дараа нь ядаж өмсчихөөр
өмд, цамц тусгайлан авдаг байна. Ер нь тэгээд ч сар шинээр орж ирсэн зочдын алга
дээш харуулахад бэлэгний том жижиг нь ялгаагүй гэж үздэгээ Жаргал гуай ярьж байна.
Зарим нэг хүүхэддээ авсан бэлгээ хүртэл харуулав. Зээ Энхбаяр нүдээрээ инээж ирээд
л зурагт үзэнгээ “Манай эмээ дандаа гоё бэлэг өгдөг” гээд хэлээд авав. Харин эмээ
нь “Хичээлээ хийгээд дуус­чихсан юм уу. Дандаа хүүхэл­дэйн кино үзнэ энэ моньд.
Их сэргэлэн. Тэр харахгүй юу нү­дээрээ инээ­гээд” гээд зээгийнхээ толгойг илж, үнсэв.
Одоо 100 гаруй мянган төгрөгөөр бэлэг бэлд­чихвэл бол­чихно гэнэ.

Уг нь Жаргал гуай сарын 180  мянган төгрөгийн тэтгэврээс өөр орлогогүй. Гэсэн
ч жилдээ ганц хийдэг цагаан сараа аль болох сайхан тэмдэглэх гээд тэтгэв­рийнхээ
зээлийг олон сараар нь зээлчихдэг гэнэ. Энэ жилийн хувьд тэтгэврээ зээлэх боломжгүй
бай­гаа аж. Өнгөрсөн долдугаар сард зүрхний хагалгаанд орохдоо тэт­гэврийнхээ долоон
сарын мөнгийг зээлчихжээ. Арай гэж саяхан хуга­цаа нь дуусч тэтгэвэртэй золготол
хүү нь наймаа хийнэ гээд аваад яв­чихсан. Наадам хүртэл тэтгэвэргүй болсон болохоор
тэтгэвэр нэмэг­дэх сургийг чих тавин чагнаж байгаа гэсэн. Тэгвэл нэмэгдэж орсон
зөрүү мөнгөөр нь үлдсэн бэлгээ бэлдээд, охиныхоо цалинг  хашааныхаа түрээсэнд өгчих санаатай аж. Учир нь
тэднийх Дөлгөөн нуурын ардхан талд сарын 25 мянган төгрөгийн үнэтэй түрээсийн хашаанд
амь­дар­даг юм байна. Түрээслэгчид нь залуу хосууд байдаг бөгөөд түүнийг ээж, эмээ
шигээ л хүндэлж орж гардаг гэнэ.

Шинийн таван өнгөртөл тэд­нийд хөл тасрахгүй.
Хажуугийн айлаа танихгүй мөртлөө “Та нар хөгшин настай хүнээ хүндэлж золгоно гэдгийг
мэддэггүй улс уу” гээд загнаж байгаад цай уулгадаг байна. Хорооныхоо таньж мэдэх
ганц нэг хөгшинг бас цай уулгана. Цагаан сар дөхөөд ирэхээр хороо­ныхоо хөгш­чүүдийг
цуглуулж, цайлдаг байна. Энэ цугларалтыг Жаргал гуай харин ч нэг хүлээдэг.  Тэрнээс бусад өдрүүдэд гэр өрхийн эм­нэлэг, зээ
нарынхаа сургууль хооронд өнжинө. Тэрээр өрхөө өнгөлж дуус­чихаад авдар­наасаа хурган
дотор­той дээлээ гаргаж салхи үзүүлж, тоосыг нь гөвчихөөд утаа шингэчихнэ гээд далд
хийчихэв. Тэр зуур хажуу айлын хүн буузаа хийнэ гээд элдүүр, гурилын гам­панзыг
нь аваад гарах нь харагд­лаа. Айл болгон болж бүтэхээрээ ингэж л сар шинэдээ бэлдэж
байна.

Д.ДАВААСҮРЭН

Б.ОЮУН-ЭРДЭНЭ    

Categories
редакцийн-нийтлэл

Г.Жаргалсайхан: МИАТ сайн ажиллах боломжтой. Харин улс төр орох хэрэггүй

Монголын иргэний агаа­рын тээвэр (МИАТ) хувь­цаат компанийн
гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан­тай ярилцлаа.

 

-Өмнөх жилүүдэд олон тэрбумын алдагдалтай ажил­лаж байсан
МИАТ ком­пани 2013 онд шинэ онгоц худалдан авлаа. Өнгөрсөн онд 2.3 тэрбум
төгрөгийн ашигтай ажиллалаа гэж бай­на. Танай компанийг хүнд байдлаасаа гарсан
гэж хэлж болох уу?

-Сүүлийн хэдэн жил МИАТ компани 3-5 тэрбум төгрөгийн
алдагдалтай ажил­лаж байсан юм. Өнгөрсөн жил бид энэ байдалдаа дүг­нэлт хийсэн.
Ингээд орлогоо нэмэгдүүлж, зардлаа буу­руу­лах бодлого баримталж 2.3 тэрбум
төгрөгийн ашигтай ажиллалаа. Агаарын тээв­рийн салбар бол эрсдэлтэй. Тиймээс
хүнд байдлаасаа гарсан гэж хэлэхэд дэндүү эрт байна. Одоо ч хүнд байдалд
байгаа.

-Орлогоо нэмэгдүүлэх тал дээр ямар ажлуудыг хийсэн бэ?

-Бид орлого нэмэгдүүлэх олон ажил хийсэн л дээ. Тухайлбал,
“2020 он хүртэл Иргэний агаарын тээврийг хөгжүүлэх бодлогын баримт бичиг”-т хил
орчмын бүсүүдэд нислэг үйлдэнэ гэж тусгасан байгаа. Энэ дагуу Эрээн хот руу
шууд нислэг хийлээ. Хятадын Иргэний нисэхийн газар Эрээн хотын нисэх буудалд
олон улсын статусыг түр хугацаанд өгсөн л дөө. Ингээд өнгөрсөн наймдугаар сарын
7-ноос арваннэгдүгээр сарыг дуустал нислэг үйлд­сэн. Бас түүхэндээ анх удаа
өөрийн онгоцоо бусдад “ной­тон” түрээсээр түрээслүүлсэн. Бангладешийн “Biman
Bang­la­desh Airlines” компанитай гэрээ хийсний үндсэн дээр тендерт ялж, Боинг
767-300 хуучин онгоцоо давхар түрээс­лүүлсэн юм. Манай техник үйлчилгээ, газрын
үйлчилгээ болон агаарын худалдаанаас олох орлого хэдийгээр багахан ч гэсэн бид
аль болох нэмэгдүүлэх тал дээр ажилласан. Үүнд ЕХУ-ын Иргэний нисэхийн бай­гуул­лагаас
хийсэн аудитаар амжилттай дүн үзүүлж EASA-аас Part-145 эрхийн хүрээнд
гүйцэтгэдэг зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний ажлын цар хүрээгээ өргөжүүлж чад­лаа.
Үүний үр дүнд хилийн чинадад 300 мянгаас нэг сая ам.долларын өртөгтэй гүй­цэт­­гэдэг
онгоцны техник үйл­чил­гээний ажлыг өөрсдөө хийж зардлаа бууруулах боломж
бүрдсэн. Түүнчлэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын далайн чанад
дахь бүс болох Бер­мудын арлын Иргэний нисэ­хийн газрын Part-145 гэдэг
гэрчилгээ авсан. ОХУ-ын ихэнх онгоц Бермудын арлуу­дад бүртгэлтэй байдаг. Тий­мээс
дээрх эрхийн хүрээнд ОХУ-ын 18 агаарын тээвэр­лэгчийн 89 онгоцонд техник үйлчилгээ
хийх шинэ зах зээл нээгдэж байгаа юм. Бид БНСУ-ын авиа компанийн агаарын
хөлгийн дугуйн зас­вар үйлчилгээг хийгээд эхэл­чихлээ. 500 мянгаас нэг сая
гаруй ам.долларын хүнд хэл­бэ­рийн засварын ажлын гэрээ хийгээд явж байна. Мөн
агаарын худалдааг Хонкон­гийн нэг компанитай хамтран хийж эхэлснээр 120-130 сая
ам.долларын орлого оллоо. Дээрээс нь бид газрын үйл­чил­гээгээ улам сайжруулах
үндсэн дээр 2-3 тэрбум төг­рө­гийн орлоготой ажиллалаа.

-МИАТ компани зардлаа хэмнэхийн тулд олон хүнийг цомхотголоо
гэх мэдээлэл гарч байсан. Ер нь яг ямар хэлбэрээр зардлаа бууруулав?

-Бүтцийн өөрчлөлт хэрэг­жүүлс­нээр 2,3 тэрбум төгрөг
хэмнэсэн, давхардсан орон тоогоо арилгасан. Ялангуяа гадаадын төлөөлөгчийн газ­рын
орон тоог зоригтой буу­руул­сан. Гадаад улс оронд манай төлөөлөгчөөр 33 хүн
ажилладаг байсныг 23 бол­гож гуравны нэгээр цөөрүүл­сэн. Мөн бусад орон тоогоо
нэгтгэж, нийтдээ 30 гаруй хүнийг цомхотголоо. Өнгөр­сөн онд шинэчилсэн цалин­гийн
сүлжээтэй болгосон. Манай компанийн нийт зард­лын 33 хувийг түлш эзэлдэг. Бид
түлшээ ганц эх үүсвэрээс буюу ОХУ-аас авдаг байсан. Харин 2013 онд өөр эх үүс­вэр­тэй
болж, хил дээрээс түлшээ авч байна. Ингэснээр нэг тн тутам дахь үнийг 200
ам.доллараар бууруулж, 3-4 тэрбум төгрөг хэмнэж чадлаа.  Энэ онд багтаад Засгийн газар болон Зам
тээврийн яамнаас онгоцны түлшийг онцгой албан татвараас чөлөө­лүүлэх тал дээр
бодло­го шийдвэр гаргахаар ажил­лаж байна. Зардлаа хэмнэ­сэн бас нэг том ажил
бол түрээсэлж байсан 737-800 онгоцоо хугацаанаас нь дөр­вөн сарын өмнө буцааж
чад­лаа. Ингэснээр нэг сая ам.доллар хэмнэсэн.

-МИАТ компани өнөөдөр 100 хувь төрийн өмчид бай­гаа. МИАТ-ийг
хувьчлах асуудал өнгөрсөн онд нэлээд яригдаж байгаад тэгсгээд намжсан. Тэгтэл
танайхыг Хятадын зах зээлд хувьцаагаа бор­луулж эхэллээ гэх мэдээ­лэл тархлаа.
Энэ үнэн үү?

-МИАТ компанийн 51 хувийг төр мэдэлдээ байлгаж, үлдсэн 49
хувийг өмчилж болно гэсэн шийдвэр УИХ-аас гаргасан. Гэхдээ 49 хувийг нь хувьцаа
хэлбэрээр борлуулах, зарах тухай ямар нэгэн шийдвэр гараагүй. МИАТ 100 хувь
төрийн өмчид хэвээр байгаа. Тэрхүү 49 хувийг хувьчилж болно гэсэн шийдвэртэй
уялдуулж, МИАТ-ийн хувьцааг Хятадын зах зээлд борлуулж байгаа гэх мэдээлэл
зарим хэвлэлээр гарсан байсан л даа. Энэ тухай гадаадын хэвлэлүүд ч биднээс
асууж тодруулж бай­сан. Өнөөдрийн байдлаар МИАТ компанийн хувьцаа гаргах ямар
нэгэн шийдвэр гаргаагүй, тэр бол ташаа мэдээлэл. Харин бид 2014 оны эдийн
засгийн үндсэн үзүүлэлт зорилтод түвшиндээ тулгуурлан компанийнхаа үнэлгээг
хийлгэх зорилт тавин ажиллаж байна. Энэ нь цаашид зээл авах болон компанийн
хувьцаа гаргахад хэрэгтэй л дээ.

-Төрийн өмчит компани хэрхэн хяналт, замбараа­гүй байдгийг
МИАТ-ийн өм­нөх удирдлагуудын хэрэг бэлээхэн харуулсан. Тэгэ­хээр МИАТ-ийг
хувьч­лах нь зүйтэй юм биш үү. Та болон танай байгууллагын ажилт­нууд энэ
асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Аливаа зүйл хоёр талтай шүү дээ. МИАТ-ийг хувьчлах нь сайн
гэж үзэх хүн олон байгаа байх. Гэхдээ хувьчил­сан ч сайн муу гэсэн хоёр талтай.
Хувьчлаагүй байсан ч ялгаагүй. Манай улс далайд гарцгүй, хоёр том гүрний дунд
оршдог болохоор агаарын тээвэр төрдөө байх нь зүйтэй гэсэн стратегийн бодлого
бий. Тиймээс 51 хувь нь төрд байж, үлдсэнийг нь хувьчилж болох шийдвэр гарсан
байх. Тэгтэл тэр 49 хувийг хувьч­лах­гүй бол төрийн компани муу ажиллаж, идэж
уудаг гэх яриа байдаг. МИАТ төрийн мэдэлд байгаад сайн ажиллах бо­ломж бий.
Гагцхүү компанийн үйл ажиллагаанд улс төр л орох хэрэггүй. Хамгийн гол нь
хоноцын сэтгэлээр хандахгүй байх ёстой. Ер нь МИАТ-ийг хувьчлах тухайд,
тодорхой хувийг нь компанийн ажилт­нуу­дад нь өгөөсэй гэсэн бодол тээж явдаг.
Олон улсын бусад авиа компаниудад ийм жишиг бий. Ажилчдад тодор­хой хувийг нь
өгчихвөл тэд өөрсдийнхөө хөрөнгөнд чин сэтгэлээсээ хандаж, хоноцын авир
гаргахгүй шүү дээ. Агаа­рын тээвэр бол эрсдэлтэй салбар. Тиймээс 100 хувь
хувьчлаад амжилтад хүрээ­гүй жишээ олон бий. Социа­лиз­мын үеийн Болгарын “Бал­­кан”
гэдэг компани хувьч­лагдаж Израилийн нэг хүнд очоод дампуурсан түүхтэй. 

-МИАТ орон нутгийн нис­лэгийг голоод олон улсын монополь
эрхтэй байна гэж бусад авиа компаниуд шүүм­жилдэг л дээ. Олон улсын хоёр гол чиглэл
болох Сөүл, Бээжингийн нислэгт дотоодынхоо ком­па­нийг оруулж болдоггүй юм уу?

-Хувийн авиа компаниас илүү эрх дарх эдэлсэн юм бидэнд огт
байхгүй. Бид өнөөдөр төрөөс нэг ч төгрөг авдаггүй. Эндүү ташаа ойл­голт яваад
байдаг. Өнөөдөр үндэсний агаарын тээвэрлэг­чид нэг нэгэнтэйгээ нягтарч ажиллах
ёстой. МИАТ яагаад  олон улсын хоёр гол
нислэ­гийг авч байна вэ. Яагаад тийшээ хувийн хэвшлийнх­нийг оруулахгүй байна
вэ гэхээр цэвэр өрсөлдөөний асуудал байгаа юм. Өрсөл­дөөнд зах зээлийн дэвсгэр
суурь байх ёстой. Жишээл­бэл, Сөүлийн чиглэлд МИАТ-ийн гол өрсөлдөгч “КАЛ” бай­на.
Өнөөдөр энэ чиглэл рүү манайхаас “Хүннү эйр”, “Аэро монголиа” ч юм уу нэг авиа
компанийг тавихад цаанаас “АSIANA” гээд том компани орж ирнэ. “КАЛ”, “АSIANA”
хоёр өнөөдөр дэл­хийд данстай. МИАТ бол олон улсын тавцанд нэрээ дуурс­гах гэж
ядаж байгаа компани. Энэ зах зээлд гарвал эхний хоёр жилд хэн нь тэсч үлдэх үү
гэдгийг хувийн авиа ком­па­нийнхан сайн мэдэж байгаа. Тэгсэн хэрнээ МИАТ-тэй
өрсөл­дөнө гэдэг. Энэ бол бидэнтэй өрсөлдөх биш “КАЛ”, “АSIANA”-тай яаж өрсөл­дөх
тухайд тунгааж, бойжиж байх ёстой. МИАТ арайхийн бойжиж ядаж бай­хад дахиад нэг
компани ороод ирвэл нөгөө хоёр том акул тарифийнхаа үнийг хямд­руул­на.
Тэгэхээр манайх ч ялгаагүй хямдруулах болно. Ингэхээр ганц ашигтай чиглэл маань
алдагдалтай ажил­лаад ирнэ шүү дээ. Тэгэхээр төрөөс татаас авч байж тор­гоо­но.
Энэ тохиолдолд бол­гоомж­той хандах ёстой л доо. Үүнээс сэргийлж УИХ-аас
стратегийн бодлого гарсан юм. Шинэ чигэлэл бүрт тухайн компани ашиг олно гэвэл
худлаа. Нэг талаас олон компани гарч ирвэл тариф нь багасч, үйлчлүүлэгчдийн сон­голт
нэмэгдэх ч алдагдалтай. Төр дэмжлэг үзүүлэх тал дээ­рээ бодлогоор дэмждэгийг
олон улсын бусад авиа ком­па­ниудаас харж болно. Тэр­нээс МИАТ-ийг монополь­доод
дэмжээд байгаа юм биш. Жишээлбэл, Туркийн “Туркиш Эйрлайн”, Энэтхэгийн “Эйр
Индия” компаниудыг Засгийн газар нь дэмжиж байна. “Кал”-ын ерөнхийлөгч надтай
уулзахдаа “Манайх Дели рүү нисдэггүй. Бусад хот руу нь нисдэг” гэж байсан.
Өрсөл­дөгч­дөө боломж гаргахгүй байгаа нь тэр. Харин манай МИАТ-ийг Дели рүү
нисэхийг зөвшөөрдөг. Учир нь манайх “Кал” шиг “Айр Индия”-тай өрсөлдөхүйц том
компани биш болохоор.

-Танайх одоо хичнээн чиглэлд шууд нислэгтэй байгаа билээ.
Шинэ чиглэл нээх үү?

-Өнөөдрийн байдлаар дөрвөн онгоцоор найман чиглэлд шууд
нислэг хийж байна. Энэ онд Германы Франкфурт руу шинэ чиглэл­тэй болохоор
төлөвлөж бай­гаа. Бидний өөр нэг том зорил­­го болох үйлчилгээгээ олон улсын
хэмжээнд хүргэ­хээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. МИАТ 2013 онд
үйлчилгээний гурван од авлаа. Бид одоо үүнийгээ улам ахиулах хэрэгтэй. Манай
компанийн аюулгүй байдлын ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.

-МИАТ компани аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллаж байна.
Сүүлийн үед ослын буулт хийлээ гэх мэдээллүүд дуулдах боллоо?

-Манай компани нислэ­гийн аюулгүй байдалд бүх анхаарлаа
хандуулан ажил­ла­даг.  Иргэний агаарын
тээв­рийн байгууллагуудын хол­боо­ноос хоёр жил тутамд олон улсад нислэг үйлдэж
байгаа авиа компаниудыг шалгадаг л даа. Өнгөрсөн есдүгээр сард МИАТ ХК ээл­жит
шалгалтдаа орсон. Бүтэц, нислэг, техник бүхээ­гийн үйл ажиллагаа, газрын үйл
ажиллагаа, аюулгүй ажил­лагаа гээд стандартын нийтдээ 953 асуулга байдаг. Бид
100 хувийн үнэлгээ авсан. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын НААХЗГ-гаас бас
шалгадаг. Энэ шалгал­таар ч бас ямар нэгэн зөрчил доголдол гараагүй, үйл ажил­лагаа
маань хэвийн үргэл­жилж байна.

-Энэ сарын 5-нд Хонкон­гоос буусан онгоцны дугуй­ны хаймар
мултарч, аюул­гүй ажиллагааны зөрчил гарсан тухай мэдээлэл байсан л даа…

-Нэгдүгээр сарын 5-нд Хонконгоос ирсэн онгоц маань Буянт-Ухаад
буусан. Нислэгийн дараахь үзлэгээр дотор талын дугуйны эхний үеийн хаймар
тасарсан байс­ныг илрүүлсэн. Энэ тухай НАХЗА болон аудитынхан­даа мэдэгдсэн.
Тэд дугуйны гэмтлийг үйлдвэрлэлийн дута­г­дал байна гэсэн дүгнэл­тэд хүрсэн.
Дугуй бол хагар­даг, гэмтдэг, пакришикнууд нь гэмтдэг тохиолдол гардаг л даа.
Эйрдром болон нисэх бүрэлдэхүүнээс шалтгаалаад 
тоормозоо хүчтэй гишгэснээс дугуй зүсэгдэх гэх мэт элэгдэл гардаг. Энэ
бүгд нислэгийн дараахь үзлэгээр илэрч 
арга хэмжээ авдаг.

-Дугуйны энэ гэмтэл онгоц буухад зорчигч болон нисэх
бүрэлдэхүүнд мэдэгд­сэн юм уу?

-Ямар нэгэн зүйл мэдэг­дээ­гүй. Онгоц хуваарийнхаа дагуу
буудгаараа буусан. Хонконгоос нисэхэд манай нисэх бүрэлдэхүүн болон Хонконгийн
техник үйлчил­гээний газар тогтмол үзлэг хийдэг. Тухайн үед дугуйнд ямар нэгэн
асуудал байгаа­гүй. Харин хөөрөхөд үүссэн ч байж болзошгүй гэсэн таамаг байгаа.

-Урьд нь ийм явдал тохиолдож байв уу?

-Одоогоос хэдэн жилийн өмнө А310 гэдэг онгоцон дээр тохиолдож
байсан юм. Тэр үед мөн л үйлдвэрийн дутаг­дал байсан. Ийм зүйл бусад авиа
компаниудад тохиолд­дог л доо.

-Танайх онгоцныхоо дугуйг хаанаас авдаг юм бэ?

Бид онгоцны дугуй үйлд­вэр­лэгч “Bridgestone”, “Dunlop”,
“Goodyear” компа­ниас дугуй авдаг. Дэлхийн хэмжээнд онгоцны дугуй үйлд­вэрлэдэг
дөрөв, тавхан газар бий. А310-ийн дугуйг өөр компаниас авч байгаад больсон юм.
Тэгээд энэ гур­ван газраас авдаг болсон. Саяын дугуй тавдугаар сард
үйлдвэрээсээ гарч, бид арав­дугаар сард худалдаж авсан. 

-Тэгэхээр удаагүй дугуй байсан байх нь ээ. Ер нь онгоцны
дугуй үйлдвэрлэг­чид ямар баталгаа өгдөг юм бэ?

-Шинэ дугуй маань гурав дахь нислэг дээрээ эхний резин нь
тасарсан л даа. Үйлдвэртэй нь холбоо тогтоо­сон байгаа. Бид Европын холбоонд
мэдэгдээд, шин­жил­гээнд орсон дүгнэлттэй нь буцаасан Онгоцны дугуйг дунджаар
300 суулт хийгээд сольдог юм. Харин энэ дугуй маань зургаа дахь буулт дээрээ
резин нь тасарсан. 

-МИАТ компанийг онго­цоо зогсоол дээрээс нь асаа­г­аад
хөдөлдөг гэх шүүмж байдаг юм билээ. Энэ нь аюулгүй ажиллагаа­ны дүрэм зөрчсөн
үйлдэл юм биш үү?

-Бид ганц өдөр ч биш арав гаруй хоног зогсоол дээрээ­сээ
асаагаад явж  байсан. Онгоцыг асаах,
агааржуулах үүрэгтэй цахилгаан өгдөг туслах хөдөлгүүр гэж бий. Тэр туслах
хөдөлгүүр нь техни­кийн гэмтэл гараад, засуулах хооронд зогсоол дээрээс асаа­­даг
юм. Дутагдалтай онго­­цоор нислэг үйлдэж бол­дог. Тэрийг бид мэйлээрээ нисэх
гэдэг. Үүнийг иргэний нисэх болон олон улсын үйлд­­вэрийнхэн баталгаа­жуул­сан
байдаг юм. Тэгэхээр онгоцыг застлаа 24 цагаас нэг сар хүртэл зогсоол дээрээс
асаагаад нисч болно гэсэн заалт байдаг. Хоолойн дээрээс ч асаадаг. Ийм маягаар
эндээс болон Бээ­жин­гээс асаагаад ирж бай­гаа. Энд дүрэм журам зөрч­сөн юм
байхгүй. Гэтэл зарим хэвлэлийнхэн эндүү ташаа мэдээлэл өгч, иргэдийн итгэ­лийг
алдагдуулж байна. Бид гарсан зөрчил дутагдлаа нуух гэсэн юм биш. Харин зөв
мэдээлэл өгөх хэрэгтэй. Харин ч ИНЕГ-ынхан асууд­лыг түргэн шуурхай шийдэж
өгдөг. Энэ ч аль аль талдаа нийцтэй л дээ.

 

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Дэлгэр суманд алт гарч, аймаг аймгийн нинжа нар цуглажээ

-ХОЁР ХОНОГИЙН ДОТОР 500 ГАРУЙ ХҮН ЦУГЛАСАН  БАЙНА-

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Сэрх Богд уулын хойд өвөр  Хүрэн­тийн амны Улаан толгой гэх газарт сум сумын
нин­жа нар цуглараад байна. Албан бус тоогоор 500 орчим нинжа цуглараад байгаа аж.
Тус аймгийн цагдаагийн хэлтсийнхэн  болон
Дэлгэр сумын За­саг даргын Тамгын газ­рын ажилтнууд алт га­раад байгаа газрыг хам­гаалалтад
авсан боловч нинжа нарын хэд хэдэн удаагийн дайралтад өрт­сөн байна. Нинжа нар ч  Улаантолгойгоос алт ухаж эхэлжээ. Сумын Засаг
даргын тамгын газар алт бага гарвал дороо яваад өгнө хэмээн нинжа нарыг алт ухахыг
зөвшөөрсөн байна.

Энэ талаар сурвалж­ла­хаар
Дэлгэр сумын Улаан­толгой гэх газар руу өнгөрсөн долоо хо­ногт явсан юм. Баянхон­гор
аймаг өнгөрч Хөх эргийн гарам хүрэх үеэс Говь-Алтай аймаг руу явах машины цуваатай
таарч эхлэв. Гэр, зуух, тогоо майхан, овоохой, гэрийн дулаалга, хөнжил гудсаа ачсан
машин Говь-Алтай аймаг руу тоос татуулан давхиж явах. Замд “портер”-той хэдэн залуус
тааралдлаа. Тэд Дэлгэр суманд алт гарсан сураг дуулаад Заамар сумаас наашаа гарсан
гэнэ. 20-40 орчим насны болов уу гэмээр найман залуу явж байна. Тэд хөхөө өвлийн
хүйтэнд машины задгай тэвшин дээр суучихсан явж байх юм. Доогуураа хоёр хө­вөн­­тэй
туурга дэвсээд дээгүүрээ машины бүтээ­лэг нөмрөөд л мянга гаруй километр замыг туулж
яваа аж. Машины хойд талын хоёр дугуй нь ташраараа буудчихсан аж. Запас дугуйгаа
тавих гэсэн хий нь гарчихсан гэнэ. Тэгээд замын жо­лооч нараас насос гуй­гаад зогсож
байгаа нь энэ. Сууж явсан машины жо­лооч тэдэнд насос өглөө. “Надад дугуйны илүү
олгой хаймар байна.  Та хэд мөнгийг нь өгөөд
авахгүй юу” гэв. Тэд ч уухайн тас зөвшөөрч хагарсан дугуйндаа шинэ олгой авч тавих
гэсэн тэдний мөнгө нийлээд дөрвөн мянга гаруй төгрөг л цугларчээ. Баянхонгор аймгийн
төвөөс машин­даа шатахуун хийхдээ  мөнгөө
нийлүүлээд хий­чих­сэн гэнэ. Тэгээд үлдсэн мөнгө нь 4600 төгрөг юм байна. Машин
дээр нь таван шуудай нүүрс, хоол унд байгаа аж. Тэд “Алт гарч байгаа газарт очоод
хоёр цаг болоод л алттай болно.

Алтаа ченжид тушаагаад мөн­гөтэй болно. Алт сайн гарвал ца­гаан
сараар гэртээ харихгүй” хэмээн ярив. Баянхонгор аймгийн УАЗ пургон, Өвөрхангай аймгийн
УАЗ 469, Сэлэнгэ, Дарханы микро ав­тобус гээд л олон машин Говь-Алтай аймгийн Дэлгэр
сумыг зорьж байна. Замд тааралдах машин бүр дүүрэн хүнтэй. Ийн явсаар Дэлгэр сумын
зүүн зах Үнээн ус гэх газарт ирлээ.

 Цайны газрууд нь дүүрэн
хүнтэй байв. 30 гаруй автомашин тэнд зогсож байна. Цайны газрын эзэд алт гарсан
гэх яриа гарснаас хойш цайны газрууд дүүрэн хүнтэй бай­даг болсон талаар ярьж байна.
Сард олдог байсан орлогоо 2-3-хан өдрийн дотор олоод жинхэнэ бур­зайж байгаагаа
ярив. Хэрэв Улаан толгойн жалганд алт ухуулаад эхэл­бэл хоёр гэрээр цайны газар
ба­рина гэж байгаа. Мөн хүнсний дэлгүүр ч ажиллуулах талаар ярьж байна. Г.Хишигжаргал
гэх эр Үнээн ус гэх газарт цайны газар ажил­луулаад арав гаруй жилийн нүүр үзэж
байгаа аж. Хэрэв алт гараад эхэлбэл банкинд бүх эд хөрөнгөө барьцаалж байгаад зээл
авч алтны ченж болох талаар ч ярьж байна. Үнээн уснаас баруун урагш Сэрх Богд уул
хүртэл 30 гаруй километр.  Дэлгэрийн цэлийсэн
талд нуруул­дан байх өндөр хөх уул. Тус сумын шүтээн уул аж.

 

НУТГИЙН ЗАЛУУ ХОНЬ ХАРИУЛЖ ЯВААД АЛТ ОЛСОН ГЭНЭ

Их үдийн алдад Улаан толгой руу явлаа. Энд тэндгүй л машинтай
залуус бөөгнөрчихсөн зогсож бай­на. Мотоцикльтой хоёр залуу цүнх дүүрэн архитай
тэр хавиар зараад яваад байгаа аж. Аймгийн төвөөс хоёр машин дүүрэн цагдаа ирчихсэн
гэнэ.

Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай гэр бариад
алттай газрыг хам­гаалал­тад авсан талаар таарсан хүн бүр ярих ажээ. Ийн явсаар
алт гараад байгаа гэх Улаан толгойд очлоо. Тэр хавиар шороо ухаж байгаа хүн нэг
ч алга. Дэнж дээр барьсан гэрт яваад очлоо. Аймгийн төвөөс ирсэн хоёр цагдаа Дэлгэр
сумын малын эмч, байгаль орчны байцаагч гээд зур­гаан хүн сууж байна. Мэнд мэдэл­цээд
алт хэрхэн гарч байгаа талаар ярилаа.

Энэ сарын эхээр алт гарсан газраас саахалтын зайтай өвөлжиж байгаа
30 гаруй насны залуу хонио хариулж яваад алтны судлыг анх олсон гэнэ. Тэр өдөр цаг
агаар нэлээд хүйтэн байж. Улаантолгойн зүүн дор хоёр жалга байдаг юм байна. Зүүн
урд талынх нь жалганд морьтойгоо нөмөр бараадаад сууж байгаад хумсын толион чинээ
алт олсон гэнэ. Тэгээд хэсэг хүмүүс дуудаад ухаж үзтэл доошоо тохой хүрэхгүй ухаад
л алттай шороо гарч ирсэн гэнэ. Ингээд алтны судал олдлоо гэх яриа хуурай өвсөнд
тавьсан гал шиг л тархжээ. Хоёр өдрийн дотор Говь-Алтай аймгийн сум бүрээс нинжа
нар цугларч эхэлсэн байна. Тэд хамгаалалт гараагүй байгааг далимдуулан ухаж гарч.
Тэдгээр хүмүүсийн яриа­гаар шуудайны тэн хагас шороо­ноос багаар бодоход 50 мянган
төгрөгийн алт гарч байсан гэнэ. Ямар ч хад чулуу байхгүй зөөлөн бор хөрстэй газраас
л алт гараад байгаа юм байна. Ингээд 200 ор­чим нинжа цуглараад байхад нь цагдаа
нар аймгийн орон нутгийн сонгууль болохоос өмнө тараажээ.

Гурван жилийн өмнө Бигэр сумын Алтан ууланд 20 гаруй мян­ган нинжа
цугларч Говь-Алтай аймагт бараг л дайн болох шахсан. Таван аймгийн цагдаагийн албан
хаагч нар нинжа нартай хэдэн өдөр чулуун байлдаан хийж арай гэж тараасан байдаг.
Тэгвэл одоо алт гараад байгаа газар нь Алтан уулын зүүн дор юм байна. Алтан уул
дамнасан энэ нуруу тэр чигтээ алтны том судалтай гэж хүн бүр ярина. Улаантолгойг
нинжа нар олноор зорих болсон нь алтны том судал тэнд байгаа гэх яриаг сонссоных.
Мөн Алтан уулын их хөөлгөнөөс хойш нинжа нар ажилгүй шахам суусан гэнэ. Бүгд л хаана
алт гарах нь вэ гэж чих тавин хүлээж, бараг л хэрэгтэй гэсэн бүхнээ машиндаа ачаад
сууж байдаг гэнэ. Хэн нэгэн тэнд алт гарлаа гээд утас цохих юм бол бүлэглэл буюу
нэг гал  болсон  залуус машинаа асаагаад л гардаг гэнэ. Тэд энэ
удаад Дэлгэр сумыг ийнхүү зорьж эхэлжээ.

Цагдаа нар орон нутгийн сонгуулиас өмнө  нинжа нарыг тарааснаас хойш шөнө оройгоор эргэж
ирэх болсон байна. Тэнд байсан цагдаа “Замд чинь энд тэндгүй машинтай хүмүүс тааралдаж
байна уу. Шөнө ч дайн болох нь дээ. Бүгд бэлтгэлтэй хонохгүй бол хэдэн талаас бүслээд
ороод ирнэ” хэмээн ярив. Улаан толгойг хамгаалж байгаа хүмүүстэй хамт хонохоор боллоо.
Нар баруун уулын цаагуур орж, цас хялмайлаад ирэв. Зууханд мод, нүүрс дүүртэл чихээд
бөөрийг нь улайстал галласан ч цаанаа л хүйтэн байх аж. Ийм л хүйтнийг нинжа нар
хүлээж байгаа талаар гэрт байгаа хүмүүс ярьж байлаа. Оройн хоолоо идчихээд сумын
мал эмнэлгийн УАЗ маркийн машин дээр бүх зүйлээ бүрэнхий болж байхад ачлаа. Тогоо,
шанаганаас авахуулаад гэрт байгаа  жижиг зүйлсийг
бүгдийг нь ачлаа. Нинжа нар эвгүйтээд дайраад ирэх юм бол гэр барааг машинаар шууд
дайраад гарчихдаг гэнэ. Говь-Алтай аймгийн цагдаа нар Бигэр сумын алтнаас үүдэн
нинжа нартай тулалдаж сурсан гэнэ. Бигэр сумын Алтан ууланд нинжа нарыг хөөгөөд
явж байхад улсын дугаараа авчихсан машин гэрийг нь шууд дайрч дээгүүр нь гараад
явчихдаг байсан гэнэ. Байрлаж байгаа гэрийг дайрч байгааг аймгийн цагдаа нар олон
харсан гэж байна. Мөн гэрийнх нь дээвэр туургыг шөнө хулгайлаад аваад явчихдаг юм
байх. Тиймээс энэ шөнө юу ч болоо билээ гээд бэлтгэлээ базааж байгаа нь энэ.

 

“30 МИНУТ ОРООД Л ГАРНА ТЭГЭХГҮЙ БОЛ АЛНА ШҮҮ”

Улаан толгойд алт гарсан гэх дуулианаар Төв, Сэлэнгэ, Дархан,
Баянхонгор, Өвөрхангай, Увс, Ховд аймгаас нинжа нар цугларсан гэх мэдээг аймгийн
төвөөс өгчээ. Бид бүрэнхий болтол нинжа нарын талаар ярьсаар байлаа.  Алт гэхэд бух, ямаа, од, тоос, сүнс гэх мэт нэр
томъёотой, биеэ үнэлэгчид хүртэл хэдэн цэн, пунгийн үнэтэй гэнэ. Нинжа нарыг супер,
мэлхий, энгийн гэж ангилна.

Супер нь болохоор алт илрүүлэгчтэй, илжгэн чихтэй, шороо үлээлгэдэг
машин, чулуу бутлагч өрөмтэй  гэнэ. Ерөнхийдөө хэний ч хараат бус техникжсэн
нинжаг супер гэж хэлдэг аж. Харин мэлхий нинжа гэдэг нь ногоон түмпэнтэй усаар шороогоо
угаадаг нөхдийг хэлэх жишээтэй. Бигэр суманд алтны төлөө хагас галзуурсан хүмүүс
л байдаг байсан гэнэ. Шорон оронгоор явсан. Ам муруйвал хэнийг ч хутгалчихаас сийхгүй
залуусаар дүүрсэн байжээ. Тэдгээр хүмүүсээс болж бүтэхгүй, хүний санаанд багтахгүй
зүйлс гардаг гэнэ. 80 мянга орчим нинжа цугларсан Алтан ууланд ухаж байгаа нүхнээс
нь алт гарахгүй болохоор нь хэд хэдэн хар дом хэрэглэдэг байсан гэнэ. Нүхний аман
дээр бага насны хүүхдүүдийг зодож уйлуулах, хүний цусаар мялаах гээд л янз бүрийн
арга хэрэглэдэг байсан гэнэ. Мөн нэгнийхээ нүхийг дээрэмдэхдээ дотор нь байгаа хүнийг
утаж гаргаж ирээд зодоод хөөгөөд явуулдаг байна. Утаж нүхнээс нь гаргах аргын талаар
гэрт байсан хүмүүс ам уралдаад л ярих ажээ. Куртик, хүрэм, хөнжил зэрэгт бензин
шингээж байгаа асаагаад нүх рүү нь шидчихдэг байна. Угаартсан хүмүүс ухаж байгаа
нүхнээсээ гараад ирэхээр нь  тал талаас өшиглөөд
хөөгөөд явуулдаг аж. Хэн нэгнийгээ дээрэмдэх, эд зүйлсийг нь хулгайлах архидах,
мансуурах, биеэ үнэлэх гээд л гэмт хэргийн үүр уурхай тэнд жинхэнэ утгаараа бий
болж байсан гэнэ.

Ийн ярилцаж байтал гэрийн янданд машины гэрэл туслаа. Гэрт байсан
хүмүүс “За ирсэн шүү. Болгоомжтой байгаарай” гээд л гэрээс яаран сандралдаад гарлаа.
Тэгсэн хэдэн талд машин алт гарсан гэх жалгыг бүслээд зогсож байна. Явган хүмүүс
хүрз, лоом, жоотуу барьчихсан зогсож байна. Тэд гэрт байсан хүмүүсийг гараад ирэнгүүт
“Бид нарт газар чөлөөлж өг. Тэгэхгүй бол Та нарыг бүгдийг чинь ална. Энд алаад булчихсан
байхад хэн ч мэдэхгүй” гээд хэн нэгэн нь хашгирав. Тэгсэн “Наадуулыг чинь алаад
өгнө өө” гээд л тал талаас дайрлаа. Цагдаа нар гар чийдэн асаагаад “Зугтааж болохгүй
шүү. Зүгээр зогсож бай” гэв. Бид ч яах бол гээд зогсоод байв. Харанхуй шөнө хүрз,
лоом, жоотуугаар зэвсэглэсэн. Дээр нь архи уучихсан согтуу залуус яахаас ч буцахааргүй
харагдаж байна.  Тэгсэн цагдаа нар камераар
бичлэг хийж байгаа шүү. Эвгүй үйлдэл хийвэл 
маргааш бүгд баригдана шүү” гэж хашгирч байна. Тэгсэн нөгөө хар гүйхээрээ
ирж явсан залуус дороо нам зогсов. Тэгсэн мөртлөө л ална хядна гээд хашгираад байх.
Хоорондоо арав гаруй метрийн зайтай зогсчихсон хэлэлцээр хийхээр болов. Залуус
“Бид холоос ирсэн. Машинд шатахуун хийх мөнгө алга байна. 30 минут ороод л гарна”
гэж хашгирав. Цагдаа нар “Одоо оруулахгүй, Өглөө хүрээд ир. Гэгээтэйд нэгдсэн журмаар
оруулъя” гэхэд “Дээрийнх шиг худлаа хэлбэл бид зүгээр байхгүй шүү” гэж байж арай
гэж тохиролцов бололтой. Залуус ч нөгөө алж хядна гээд байснаа дороо номхроод яваад
өглөө.  Тэгсэн жалгын доогуур хүмүүс алт байгаа
газар руу мөлхөж байна гэж нэг нь хэлэв. Гэрэл тусгаад харсан бүгд дөрвөн хөллөөд
алт байгаа зүг рүү мөлхөлдөж байв. Цагдаа нар ч гар чийдэнгийнхээ гэрлийг тусгаад
гүйлдлээ.  Арав гаруй залуу өндийж, хувцас
хунараа засаж, цас, шороогоо гөвцгөөгөөд байрлаж байгаа гэрийн зүг явцгаав. Тэдэнд
Дэлгэр сумын байгаль орчны байцаагч лекц уншив. Тэд Шарга сумын залуус гэнэ. Зүүн
талаас олон машины гэрэл гарлаа. “Үнээн ус”-ны цайны газар байсан нинжа нар ирж
яваа бололтой.

Үргэлжлэл бий

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Б.Санжаа: Цэрэн аварга миний зааж өгсөн “салтаадах” мэхээр улсын наадамд түрүүлж билээ

Баруун гар талаас цэргийн заан Б.Санжаа, улсын заан Т.Зундуй, дархан аварга Ж.Мөнхбат, улсын харцага Д.Сэрээтэр

Түрүүч нь ¹ 016 (4656) дугаарт

Олон улсын хэмжээний мастер,
цэргийн заан, хүндэт засуул Балдангийн Санжаатай хийсэн ярилцлагын үргэлж­лэлийг
хүргэж байна. Түүнийг бөх сонирхогчид “жижиг” Санжаа хэмээдэг билээ.

-Барилдах эрхийг тань хяз­гаарласан
ч гэсэн Булганы наа­дам шиг нууцаар өөр барил­даанд зодоглов уу . Эсвэл яг гурван
жил болж эрхээ сэр­гээлгэсэн хэрэг үү?

-Өөр наадамд барилдаагүй. Их хөгтэй.
Булганы наадмаас ирээд өнөөх банз, хус мод буулгах ажлаа өдөр, шөнөгүй л хийсэн.
Нэг өдөр ажиллаад 73 төгрөг авдаг байсан болохоор үүнээс сайхан ажил гэж юу байхав.
Харин намайг тийм ажил хийж байгааг Намын төв хорооны биеийн тамирын хороо­ны хэлтсээс
тандаж байсныг сүүлд мэдсэн. Эрхээ хасуулаад жил ч болоогүй байхад дээрх хорооноос
дасгалжуулагчаар ажилд авсан юм. Би ч урамшаад нэлээд идэвх­тэй бэлтгэл сургуулилт
хийж хоёр, гурван жил дараалан чөлөөт, самбоор амжилттай барилдчих­лаа. Зүтгэсний
хүчинд барилдах эрхээ нэг юм сэргээсэн. Манай 
том Санжаа, Зундуй хоёр хашир ч гэсэн тэр жил барилдах эрхтэй болж билээ.

-Цэргийн цолтой бөхчүүд дун­даас
улсын наадамд тань шиг олон удаа тавын даваанд үлдсэн хүн байхгүй гэж бөхчүүд ярьдаг.
Бие жижиг хэрнээ хүчтэй байжээ?

-Гурван наадмаар тавын да­ваанд үлдэж,
унасан юм.  Анх цэрэгт байхдаа улсын наадамд
барилдаад дөрөв давчихдаг юм байна. Тавын даваанд Түвдэн аваргатай зодоглож хөлд
нь ороо­дохлоо. Дахиад нэг гүйтэл даруул­чихсан. Яахав их яарсан хэрэг. Урд шөнө
нь эргүүл хийгээд хоночихсон нойр дутууг хэлэх үү, ээж хөдөө­нөөс ирчихсэн уулзахын
түүс болж байсныг хэлэх үү, бушуухан шиг л наадам дуусаасай гэж яарч бай­сан. Одоо
бодоход аргагүй л хүүхэд байж дээ. Дараа жил нь тавын даваанд Дамдиндоржийг өмсөж
эрчиндээ сэнжиг­ний барьцтай гараа газар хүр­гэчих­сэн. Тэрний дараа жил да­хиад
л тавын даваанд үлдлээ. Батсуурь аваргатай барилдаад давхиж очоод дархан мэхэнд
нь орчихсон. Аварга “хохь” чинь гэж хэлээд миний толгойг илэхэд нь “Давдаг нь тэндээ
л биз. Хүний тэргүүнд хүрээд байхдаа яадаг юм” гэж амандаа бувтнатал сонс­чихоод
“Ах нь чиний даваа ханасан бай­гааг анзаарсан” гэдэг байгаа. Уг нь Батсуурь аваргатай
барил­дахын өмнөх даваанд Баянмөнх аваргыг өвдөг шороодуулсан юм. Баян­мөнх дөнгөж
барилдаж эхэлж байсан үе л дээ. Хойтон жил нь дөрвийн даваанд Дэмүүл арслан­тай
барилдаж унасан. Дэмүүл арслан надаас гурван насаар ах. Надад буугаад өгчих гэхээр
нь “Надад цаана нь гурван жилийн барилдаан байна” гэж бодоод унаад өгчихсөн.  Дамдин аваргын бяр харьж байсан үе юм уу даа.

-Дамдин, Бээжин зэрэг авар­гуудтай
нэг дэвжээнд зодоглож явсны хувьд хэр ойр дотно нөхөрлөж байв?

-Өө их сайхан найзууд. Дамдин аварга
зүлэг ногоон дэвжээнээ гарлаа, давлаа л гэдэг байсан үе шүү дээ. Аваргын нэг онцлог
бол ганцаараа туухай, штангтай нь бэлтгэл хийнэ. Харин биднийг дасгалжуулагч төмөр
өргүүлэхгүй.

-Яагаад?

-Төмөр өргөх юм бол булчин хатуурчихна.
Булчин хатуурвал амархан цуцдаг болчихдог гээд хориглоно. Бид багшийн хэлсний дагуу
л бэлтгэл хийнэ. Дамдин болохоор циркт өнөөх төмрөө байнга нүднэ ш дээ. Тонн гаран
төмөр өргөж байсан түүх бий. Дамдингийн өөдөөс гүйж очоод тулахад өөрөө л хойшоо
үсэрнэ үү гэхээс хашир газраас хөдлөхгүй ш дээ. Тийм учраас их гаргууд хүчтэй байсан.
Тэгээд ч жигтэйхэн дайчин хүн. Нэг удаа бэлтгэл хийхдээ 32 килограммын туухай өргөж
бай­гаад дөрвөн үүдэн шүдээ мулт цохьчихсон. Эмнэлэгт очиж үзүүл гээд байхад ер
хүний үг авахгүй. Бэлтгэл цалгардана гээд яваагүй. Тийм л бүдүүн тоймын эр байлаа.
Улсын наадам дөхөөд ирэхлээр жингээ хасна гээд л уул руу түн­тийтэл гүйгээд явчихдаг
хүн бай­сан. Тийм бүдүүн хадуун хэрнээ мань мэтийг нэг тэгээдхээч гэвэл за л гэнэ.
Их цайлган сэтгэлтэй хүн байж дээ. Дамдин хойно циркт ажиллаж байгаад ирэхэд нь
би вокзал дээр тосч авч байсан юм. Манай хүн жаахан халамцуу. Ту­хайн үед би чөлөөтийн
дасгал­жуулагч байлаа. Тэгээд нэг жинд хүн дутаад байна гээд жинг нь асуутал
100 кг-тай гэлээ. Тэгснээ “Би ямар жинд барилдах юм” гэхээр нь  90 килограмм гэтэл “асуудалгүй” гээд зөвшөөрсөн.
Жингээ хасах гэж хоёр өвдгөө улаан нялга болтол бэлтгэл хий­гээд жиндээ гуравдугаар
байрт орсон. Хүн хөлдөө оруулахгүй гэж өвдөглөж унасаар байгаад шалбар­­чихгүй юу.  Дамдин аваргыг гаднаас харсан хүн ёрын амьтан
байх гэж харахаар. Гэтэл угтаа их зөөлөн хүн.

-Бээжин аварга ямар барил­даантай
бөх байв?

-Бээжин аварга бол их хурц барилдаантай.
Хоёр мөрөн дээрээс хүчтэй татаж хутгаад тонгорчихдог. Урт гартай. Дөрвөн мөчний
барилдаантай. Гар, хөлөн­дөө хүчтэй гэсэн үг. Хөлөөрөө хүн суйлаад л хаячихна. Нэ­лээд
хойно аварга болсон доо, хөөрхий. Аягүй бол одоо хү­мүүс итгэхгүй Санжаа ах худ­лаа
залаад гэж магадгүй. Үнэн­дээ Бээжинг мөн л Дамдины замаар чөлөөтөд оруулж, нэ­гэн
үе хоёулаа миний шавь явлаа.

-Бөхчүүдээс бас Ж.Мөнхбат аварга
та хоёрыг их ойр дотно явсан гэдэг. Таныг барилдаж  байх үед Мөнхбат аварга хаана явав?

-Мөөеөгийн төрсөн ах нь манай ротын
дарга байсан. Цэрэгт бай­хад тожгор бор банди цэргийн анги дээр их ирнэ. Ах нь
“За Санжаа дүүг минь бөх болгоорой” гэж захилаа. Бид хоёр ангийн хашаанд их но­цолдоно.
Надаас хамаагүй дүү л дээ. Мөнгө хэрэгтэй болоод бид хоёр спортын ордонд болж байсан
барилдаанд яваад орчихлоо. Мөөеө Батсуурь аваргыг заагаад “Чи наад хөгшин аваргаа
хаячих. Тэгвэл би бусдыг нь хаячихна” гэлээ. Батсуурь аварга энэ яриаг сонссон аятай
Мөөеөөг амлачих­сан. Харин би Пүрэвтэй барилд­лаа. Пүрэвийг өмнө давдаг байсан болохоор
айсангүй. Даанч уначих­сан. Эргээд харсан Мөөеө бас өвдөг шороодож харагдсан. Бай
ч үгүй, банзанд ч үгүй гарсан юм даа. Бид хоёрын хөг их. Мөнх­батад анх би мэх заадаг
байсан бол манай хүн дорохноо тодроод гараад ирсэн. Өөрөө давахаа байчихсан. Мөөеөгийн
дархан мэх хутгана. Нэг удаа би хутгах мэхнийх нь эсрэг мэх заалгаад техникумын
барилдаанд давсан. Мөнхбат айхтар тооцоотой барилддаг. Би улсын арслан Чойжоод
30 гаруй унаад, гурав давсан юм. Дахиад давахаа байчихсан. Тэгсэн намайг, тэнгэргүй,
тэнэгийнх чинь гээд загнаж билээ. Одоогийн бөх­чүүдийг бод­вол тухайн үеийн бөх­чүүд
нэг нэгэндээ их зөвлөнө, тусална. Мөөеө надад барьц чинь удаан байна шүү гээд л
зөвлөдөг байсан.

-Мөнхбат, Баянмөнх хоёр аварга  нэгэн үе “үнээ саал­гадаг­гүй хоёр” хоч авч ёстой
л нүд хужирласан барил­даан гаргадаг байсан гэдэг. Энэ нь Мөнхбат аваргын зодог,
шуу­дагтай бас холбоотой гэж сонс­сон. Энэ талаар та ямар нэг юм мэдэх үү?

-Энэ ийм учиртай юм. Би 1974 онд барилдахаа
болиод засуул болсон. Тэр үед  улсын засуул
Гончиг гэж хүн байсан. Үнэхээр дэг жаягтай. Гончиг гуай Мөөеөг зад­рах болоогүй
гэж нэлээд бэлтгэл хийлгэдэг байсан. Нэг удаа “Одоо чи Баянмөнхийг давна. Гэхдээ
наад зодог, шуудгаа соль” гэхэд нь Мөөеө “Хоёр жил өвдөг шороо­доогүй зодгоо солихгүй”
гэсэн юм билээ. Аварга хоёр жил улсын наадамд түрүүлсэн байж л дээ. Мөөеө ясны сэргэлэн
хүн болоод ч тэр үү наадам дөхөх үеэр зүү­дэлж. Зодгоо тасадчихаад хүний зодог авч
барилдаад түрүүлж байна гэж зүүдэлсэн гэсэн. Мар­гааш нь Гончиг гуайн яриа санаанд
нь буугаад наадмаар Эрдэнэ-Очирын зодгийг гуйж өмсч барил­даад түрүүлсэн гэдэг.
Тэр дор нь хадаг яндар болж Эрдэнэ-Очирын зодгийг гуйж авч байсан юм. Зодгийг нь
авахдаа Мөөеө “За чи миний арслан цолыг аваарай” гэж ерөөж байсан гэсэн. Эрдэнэ-Очир
ч тэр жилээ арслан цолоо авсан түүхтэй. Тэгэхээр засуул гэдэг бөх судлаач хүнийг
хэлж таарна. Ялан­гуяа Гончиг гуай их нарийн хардаг. Бие засаад ирэхэд заавал гар
хөлөө угаа гэж загнана. Ариун байж энэ сайхан бөхчүүдийн малгайд хүрнэ гэдэг байсан.

-Бяр, чадалтай, амжилтад хүрэхэд
ойрхон байж яагаад дэвжээгээ орхив оо. Бас засуул хий гэж хэн нэгэн ятгасан юм уу?

-Миний амьдралын бас л нэг огцом шийдвэр.
Улсын наадмаар тавын даваанаас дээш гарахгүй боло­хоор нь бөхөө орхисон. Хөл­ний
бэртэл нөлөөлдөг ч байсан юм уу, ийм жин багатай хүн чөлөөт, самбо гээд олон сайхан
амжилт гаргачих­сан хойно гэж бодсон ч юм уу. Намайг барилдаж байх үед уртын дуучин
Мягмар, Лонцойдорж хоёр засуул байлаа. Одоо бурхан болчихсон. Тэр хоёр байхгүй үед
Санжаа засуул хий гээд гаргачих­на. Анх уяагүй хүн бөхийн цол дуудна гэж нохойн
баас шиг л юм болно. Яваандаа зүгшрээд ирсэн. Ер нь би гэдэг хүн аливаа юманд их
хурдан дасдаг юм шиг байгаа юм. 20 гаруй жил засуул хийлээ дээ. Ер нь анх 1952 онд
барилдаж эхэлсэн гээд бодоход 63 жил бө­хийн дэвжээнээс холдсонгүй. Цэ­цэд бас олон
жил ажиллалаа. Ажилласан жилээрээ Мижиддорж арслан надтай ойролцоо байх шүү.

-Саяхны улсын наадамд тав давчихаад
зургаагийн даваанд барилдахаар гарч буй бөхийнхөө учраа бөхийг засуул нь мэдээгүй
байсан гэж нэгэн бөх ярьж бай­сан. Үүнийг засуул хүн мэдэхгүй байх тохиолдол бий
юу?

-Цэц бол хэн нь давж, унав гэдгийг
л харж байх хэрэгтэй. Шударга байх ёстой. Харин засуул “Цаад хүний чинь нүдний хараа
доогуур байна. Хөлд чинь гүйх гээд байна шүү” гэх мэтийн барилдах бөхийг нь шинжиж
хэлж өгдөг. Бөхийн засуул бөх болгоныг харж шинжиж анализ хийж байдаг. Их л хариуцлагагүй
хүн байна даа. Маш хариуцлагагүй, тэр өндөр даваанд шүү дээ. 

-Таныг барилдаад зогсохгүй олон
ч аваргын зодог, шуудгийг урласан гэсэн. Хэн хэний зодог шуудаг оёж байсан бэ?

-Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр аварга,
Д.Сумьяабазар гээд олон л бөхийн зодгийг оёсон. Манай үеийнхэн болох Бээжин, Дамдин
аварга, Зундуй, Эрдэнэ-Очир арслан гээд олон бий л дээ. Саяхан Бадам­сэрээжид арслан
зодог оёулсан. Энэ жил арслан 90 нас хүрч байна. Биднийг цэрэгт байхад арслангийн
40 насны ой болоод цэргүүдийг бүгдийг нь зодог шуудагтай болгох тушаал гарч, хэдэн
нөхдүүд цэр­гүүдийн зодгийг урласан. Тухайн үед яахав дээ даавуу актлаад оёж байсан.
Одоо бөхчүүд цэргийн нимгэхэн шар гэвэл андахгүй. 1996 оноос хойш бараг зодог шуудаг
хийсэнгүй. Манай том хүү Нямдорж л сүүлийн үеийн энэ хэдэн бөхчүүдийн зодог, шуудаг
оёж байгаа.

-Бөхчүүд зодгоо оёулахдаа өөрсдийнхөө
барилдаанд таа­руулна ч гэх юм уу, янз бүрийн захиалга өгдөг үү?

-Ер нь сүүлийн үед энэ хүмүү­сийн
зан суртахуун гээч юм жиг­тэйхэн өөр болсон байна. Цэргийн шарын суга хэсэг нь их
нарийн. Тийм байх тусмаа гар тасадчих гээд барилдахад хэцүү. Өрсөлдөгч барьц авахад
хэцүү гэсэн үг.  Тэгвэл одооны залуучууд зодогны
суга хэсгийг ховхолзуулж хийлгэх гэнэ.

-Тэгвэл барьц авахуулах гээд эрсдэлтэй
биш үү?

-Харин ингэх нь л дээ. Өрсөл­дөгч
бөх нь ховхолзсон хэсгээс нь барьц авах гээд шунаад ороод ирэхлээр нь хөлд нь сууна
гэсэн бодолтой байхгүй юу. Уг нь сүрхий барилддаг хүн бол нэг хуруу ч орохооргүй
жимбийлгэж оёорой гэдэг. Тийм бөх ч бий. Хуучны бөхчүүдийн шуудаг их доор байсан.
Кинон дээр гараад байдаг даа. Цоо­дол арслан Лувсанжамц  гуай хоёр барилдаж байгаад шуудагдаадах­сан чинь
тасар­чихаж. Лувсанжамц гуай “нөгөө­дөхөө” дарж доош суучихаад дахиж барилдахгүй
гээд тахимаа өгч байсан гэдэг яриа бий. Харин одоо дээшээ бараг дөрвөн хуруу өндөр
болсон. Шуудагдуулахдаа сайн бөх илүү өндөр хийгээд өгөөч гэх жишээтэй. Одоо яалтай
ч билээ.

-Таны шавь нар гэж ямар хүмүүс
байна вэ?

-Чөлөөт бөхөөр хоёр ч гавьяат байна.
Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Артаг, Баян­хонгорын Богдын Цэ­дэн­дам­баагийн
Нацагдорж гэж хоёр гавь­яат шавь байна. Нацаг­дорж 55-60 хүртлээ дэлхийн авар­гыг
гурван удаа хүртсэн хүн. Үндэс­ний бөхөөр гэвэл С.Цэрэн аварга. Бас л зааж, зөвлөж
дасгалжуулж байсан үе бий. Цэрэнд “салтаа” гэдэг мэх зааж билээ. Хоёр гар нь их
урт. Татаад л салтаадахад болмоор санагдаад болдоггүй. Хоёулахнаа Залаатын аманд
бэлт­гэл хийлээ. Энэ тухай­гаа “дүүгүүр” Сэрээнэн, Мөөеө, “Таван халуун”-ы бөхчүүддээ
ч хэлсэнгүй. Сүүлдээ Цэрэн маань хурууны үзүүр хүрлээ л бол сал­таадчихдаг болчихсон.
“Сал­таадах” мэхээрээ улсын наадамд ес давж түрүүлсэн удаатай. Дол­горсүрэн заан,
Түвшин заан гээд олон сайхан багш, ша­вийн барилд­лагатай явсан бөхчүүд байгаа. 

-Одоо танай удамд барилд­даг хүн
бий юу?

-Би долоон хүүхэдтэй. Таван охин,
хоёр хүүтэй. Хоёр хүү бага нь. Хүүгийн  нэг
хүү бяртай, чимээ­тэй болохоор харагдаад байгаа юм. Одооны хүүхдүүд овоо зад­раад
ирэхээр бэлтгэл таслаад ирэхгүй эсвэл бие нь олигтой хөгжихгүй байх янзтай. Ямар
сайн­даа Баянмөнх аварга “Энэ хүүх­дүүд бидний үеийнх шиг бэлтгэл хийвэл долоо хоног
халуурч хэв­тэнэ дээ” гэж хошигносон удаатай. Аварга дасгалжуулагч хийж байгаа болохоор
эрх биш анзаарч байгаа биз.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Н.Алтанхуяг: Илүү олон зүйлийг даацтай, далайцтай хийх болно

Ерөнхий сайд Но­ровын Алтанхуягтай
уул­заж ярилцлаа.

Нэг. ЭХНИЙ ШАТАНД
ГЭР ХОРООЛЛЫН УТААГ БАГАСГАНА

-Сайхан өвөлжиж бай­на уу, та.
Ярилц­ла­гаа ямар асуултаас эхэл­бэл дээр вэ гэж бодож суулаа. Харин та утааны хэлэлцүүлэг
хийгээд дуусч байхтай таарлаа. Улаанбаа­тарын утаа цаашдаа яах вэ?

-Утаатай тэмцэнэ гэж олон жил ярьж,
олон тэр­бум төгрөг зарцуулсан ч яг юу хийхээ ойлгоогүй явж иржээ гэвэл хатуу­дахгүй
болов уу. Хууль журамд нь өөрчлөлт орж, Ерөнхий сайдын хариу­цах ажил болж ирснээс
хойш би байнга утааны асуудлаар мэргэжлийн хүмүүстэй нь уулзаж, ярилцаж байна. Өмнө
нь утааг багасгахаар хийж байв. Утаа гэж юу юм бэ. Голомт нь чухам хаана байна,
Улаанбаатарт хич­нээн яндан байна, тэр нь хэр хэмжээний утаа гаргаад байна гэдгийг
сүүлийн сар орчмын хуга­цаанд нарийн судалж 
үзэж байна. Харамсалтай нь судалгаа дутмаг, дээрээс нь авч ирсэн арга хэмжээ
нь эрээвэр хураа­вар явж ирж. Ерөөсөө энд тэнд л тэмцэж байна гээд байснаас судалгаандаа
тулгуурлаж гаргаж ирсэн нэгдсэн бодлого гэж байх­гүй, баахан  мөнгө л ца­цаад байсан байна. Харин сүүлийн нэг
сарын хугацаанд утаа гарах шалт­гаан нөхцөл байд­лыг судлаад үзэхэд утаа­ны талаар
нэг дүр зураг гарлаа. Өмнө нь Улаан­баатар хотод хэчнээн тонн нүүрс түлж байна вэ
гэхэд хариулах хүн байх­гүй байлаа шүү дээ.

-Танай Засгийн газар бямба гаригт
хуралд­дагийг хүмүүсийн хянал­таас хол болдог гэх нь бий, нөгөө талд таныг бүтээн
байгуу­лалтын цаг, Ерөнхий сайдын 30 минут гээд хэтэрхий их ярьж байна ч гэдэг…

-Нөгөө дуугүй бай­хаар донгио гэнэ,
дуутай байхаар юу гэдэг билээ. Засгийн газрын хурал­даан дуусангуут бүх мэдээллийг
zasag.mn-ээр олон нийтэд тарааж, манай хэвлэлийн албаны дарга Ц.Мөнхтөр албан ёсны
мэдээлэл хийдэг шүү дээ. Манай Засгийн газрын нэг онцлог бол нээлттэй байдал. Би
бол үүнд илүүтэй хүчин чар­майлт гаргадаг. Би нээлт­тэй байхыг хүсдэг. Бас албаны,
даргар­хаж бус харин иргэддээ энгийн ойлгомжтой ярьж ойлгуу­лахыг хичээдэг. Долоон
буудлын Должин эмээд ойлгомжтой байхаар л ярьж байх ёстой. Ингэ­хээр хамаагүй задгай
ярьж байна гэх нь ч бий. Төр засаг нь нээлттэй, иргэддээ ойл­гомжтой л байх нь чухал.
Юм хийхээр шүүмжлэл ирдэг. Зүй тог­тол нь тэр юм. Юм хийхгүй бол шүүмжлэл байхгүй.
Яг үнэндээ бүг­дийг хууч­наар нь байл­гахыг хүсдэг хүмүүс бай­на. Өөрчлөгдөх дургүй
нэг хэсэг бүлэг нийгэмд байдаг юм байна. Өглөө есөн цаг хүртэл  сайхан унтах байсан чинь наймд ажил эхлүүлээд
хөөгөөд босголоо гээд л эхэлнэ. Эрх ашиг нь хөн­дөгдсөн улсууд бол ямагт шүүм­жилсээр
л байх юм билээ. Урьд нь хуйвал­даанаар  хэдэн
төгрөг нэмж зараад ашиг олдог байсан чинь Шинэч­лэлийн Засгийн газар гараад тэгж
ч бо­лохгүй, ингэж ч болохгүй гэж хууль сахиулсанд бухимдаж бай­гаа хэсэг бий. Гэхдээ
бид олонхийн эрх ашгаа л дээ­дэлнэ. Харин зо­рил­готойгоор, нэг нь мөнгө өгөөд,
нөгөө нь мөнгө аваад муулж байгааг яах ч юм билээ. Тийм юмнуудыг бид тоох ч үгүй.

-Саяхан танай кабинетийн хоёр сайдын
асуудал орж ирэ­хэд олонхиороо аваад үлдлээ. Үнэндээ хэнийг нь ч сугалуу­лахгүй
гэсэн шиг хамгаалж үлдэ­хийн оронд явуулчих нь энэ Засгийн газар өөрөө бат бөх байхад
нэмэр болох байсан гэлцэх юм. Та энэ багаасаа хэнийг ч гаргахгүй гэсэн хатуу бодолтой
байгаад байна уу?

-Үгүй. Муу ажиллаж байгаа бол сэлгэх
л хэрэгтэй. Гэтэл энэ удаа манай овоо гайгүй ажиллаж байгаа хоёр сайдыг огцруулах
асуудлыг оруулж ирсэн. Эдийн засаг хямраад дээрээс нь өмнөх өр зээлийн асуудал гээд
хэцүү байхад олон улсын зах зээлээс мөнгө босгож, хэрээрээ зүтгэж байгаа хоёр сайдыг
маань огцруулна гэсэн. Би бол үгүй л гэсэн. Олонхио­роо ч огцруулах шаардлагагүй
гэж үзсэн.

Тав.ХУВЬЧИЛНА ГЭХЭЭСЭЭ
ЭЗЭНЖҮҮЛНЭ ГЭЖ ЯРИХ НЬ ЗӨВ

-Валютын ханш өдрөөс өдөрт чангарч,
дийлдэхгүй байна. Үүн дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Бид хичээж байгаа ч хийж чадахгүй
ажлууд байгаа юу гэвэл бий. Үүний нэг нь валютын ханш. Валютын ханшийг мөнгөний
бод­лого явуулдаг ганц газар болох Монголбанктайгаа хамтраад зохи­цуулах ёстой.
Үүн дээр бид ахиц дэвшил гаргаж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрнө. Валютын ханш
савласаар байна. Гэхдээ энэ са­вал­гааг экспортыг дэмжиж, гадагшаа гардаг валютаа
багасгаж байж хийнэ. Манайд бараг хиймэл хомсдол үүсээд байна. Дотооддоо хэдэн төгрөг
олонгуутаа гадагшаа авч гараад л хэрэгтэй, хэрэггүй хог авчраад байна шүү дээ. Үүнийг
багасгахаас л эхлэх хэрэгтэй.

-Болиулах нь Засгийн газрын хийх
ажил мөн биз дээ?

-Тийм.

-Тэгвэл Засгийн газар энэ чиглэлд
ажлаа хийж чадахгүй байна гэвэл та хүлээн зөвшөө­рөх үү?

-Энэ ч нэг өдөр хийдэг ажил биш л
дээ. Дотоодын үйлдвэрүүдээ дэмжээд, гадагшаа гаргадаг экспортоо олон жилийн өмнөөс
дэмжээд явсан бол болох л байсан. Нэлээд олон жилийн бодлоготой үйл ажиллагаа явуулж
байж тогтоно. Тэр дотоодын үйлдвэрээ дэмжээгүй, экспорт нэмэгдээгүй  байх үед яагаад болоод байсан юм гэж та асуух
байх. 2011, 2012 онд Оюутолгой асар их ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, гадны
хөрөнгө оруулалт оргилдоо байсан үе шүү дээ. Ямартай ч бид гадаадын хөрөнгө оруулалтыг
үргээчихсэн алдаа дутагдлаа засч, хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчиллээ.

-Шинэчлэлийн Засгийн га­зарт гадаадаас
хөрөнгө оруу­лалт татах байтугай хөөдөг хүмүүс багтсан гэсэн шүүмжлэл бий. Бас энэ
хуулийг баталсан ч өөхөнд боосон чулуу гэгчээр тэдэнд таагүй эргэчих гох дэгээ бий
учраас хөрөнгө оруулагчид сонирхохгүй байгаа гэлцэж байна?

-Худал үнэнээр тэгж цоллодог юм. Гэхдээ
манай Засгийн газрын үед л хөрөнгө оруулалтын хууль батлагдлаа шүү дээ. Хэдхэн хоногийн
өмнө “Инвест Монголиа” гэсэн арга хэмжээгээрээ бид хууль эрх зүйн орчноо шинэчилсэн,
Монголд хөрөнгө оруулалт хийвэл хуулийн орчин нь ойлгомжтой, түвэг чирэгдэл, хүнд
сурталгүй болсон гэдгээ зарласан. Иймэрхүү арга хэмжээ нэлээд олныг зохион байгуулж
хөрөнгө оруулагчдаа татах болно. Хөрөнгө оруулалтын хуулийн тухайд гадныхан ахиц
дэвшил гарлаа гэж баярлаж бай­гаа­гаа илэрхийлж байна. Гадны компаниудын хувьд болгоомжлох
зүйл байгааг үгүйсгэхгүй. Хуулийг хийхдээ элдэв далд санаа агуулсан зүйл байхгүй.

-Төрийн зүгээс бизнесийн­хэнд үзүүлэх
дарамт байхгүй гэдгийг батлан харуулах нь ухаа­лаг төрийн бодлого гэх боллоо. Үүний
тулд таны тэр­гүүл­дэг Засгийн газар юу хийх вэ?

-Төрийн хүнд суртлыг арилгая, хээл
хахууль авлигыг устгая,тэмцье. Бизнес эрхлэх нөхцөлийг сайж­руулъя, түвэг чирэгдлийг
алга болгоё гээд хийж байгаа ажлууд байна. Мэргэжлийн хяналтын тог­тол­цоог их чирэгдэлтэй
гэдэг бай­лаа. Тиймээс бид үүнийг өөрчлөх хуулиа өргөн барьсан. Энэ хууль батлагдвал
34 төрлийн мэргэж­лийн хяналтаас 14-ийг нь алга болгож, үлдсэн хориос 11-ийг нь
чиг үүр­гийнх нь яамдад өгнө. Үлдсэн хэсэг нь зөвхөн хүний аюулгүй бай­далтай холбоотой
асуудлыг хяна­даг болох юм. Төр бизнесийн сал­барт дарамт биш дэм болдог байхын
төлөө ажиллана. Олон улсын үнэлгээний байгууллагуу­дын судалгаагаар Монголд бизнес
эрхлэх орчин сайжирч байгаа, тэр дундаа барилгын бизнес эрхлэх боломж өмнөхөөсөө
нэлээд хэдэн байр урагшилсан мэдээ байгаа. Бизнес эхлүүлэхэд шаардагдах хоног цөөрсөн.
Гэхдээ цахилгаан, дулааны зөвшөөрөл авахаас эхлээд асуудал бий. Бид энэ онд хангалтгүй
үзүүлэлтүүдээ сайжруу­лахын төлөө ажиллана.

-Авсан идсэнтэй холбоотой асуудлууд
байнга л яригдаад байдаг. Энэ болгоныг шалгаж улс төр, тогтворгүйтэл, талцал тэмцэл
болохын оронд зөвхөн урагш хараад явах нь манайх шиг цөөхөн хүн амтай орны хувьд
чухал гэсэн яриа бий. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Далд эдийн засгийг ил бол­гохын тулд
авч хэрэгжүүлдэг арга замууд бий. Эдийн засгийн бүрт­гэлд ороогүй өч төчнөөн хөрөнгүүд
байдаг. Ил гаргахаар яаж олсон  юм бэ, хууль
зөрчиж олсон эсэхийг тогтооно гээд асуудлууд үүсдэг. Ялангуяа төвлөрсөн төлөвлөгөөт
эдийн засгаас чөлөөт зах зээл рүү ороход анхны хөрөнгийн хуримт­лал янз бүрийн арга
замаар үүссэн байдаг. Далд эдийн засгаа ил болгох арга хэмжээ авсан дэлхийн зарим
улсууд байдаг. Хэрэв ил болговол хэрэгт татахгүй эсвэл урамшуулал өгнө гэдэг ч юм
уу янз бүрийн арга зам байдаг. Энэ бүхнийг бодолцох л хэрэгтэй.

-Сүүлийн үед төрд өмч бай­гаад
хэрэггүй. Хүмүүст хувьч­лаад харин зохицуулах үүргийг гүйцэтгээд явах нь зөв гэж
байгаа. Энэ зөв үү?

-Төрийн өмчийг хувьчилна гэхээр манайхны
дунд цөөхөн хэдэн хүний өмч болоод үлдчихнэ гэх ойлголт бий. Тэгэхээр хувь­чилна
гэхээсээ эзэнжүүлнэ гэж ярих нь зөв юм. Төрийн өмчийг эзэнжүүлэх нь зөв. Хоёр, гурван
хүн хувьчлаад авах биш хувьцаа гаргаад олон нийтийн өмч болгодог дэлхийн жишиг ч
байна. Төрийн үйлчилгээний газар байлаа гэхэд обьект нь төрийнхөө нэр дээр байдаг,
үйлчилгээг нь хувьд өгчихдөг. Олон янзын арга зам, хөшүүрэг бий.

-Одоо танай намын хувьд түүхэн,
хариуцлагатай он цаг үргэлжилж байна. Засгийн эрхэнд гарсан жилүүд байсан ч дараа
нь түүнээсээ олон жил сөрөг хүчин явсан. Одоо хи­чээхгүй бол дахиад сөрөг хүч­нээр
үлдэх зовлон бий. Танайхыг дахиад сон­го­хоос өөр аргагүй нөхцөлд хүр­гэхийн тулд
та нар юу хийх вэ?

-2012-2016 он манай намын хувьд хариуцлагатай
дөрвөн жил гэдэг нь үнэн. Гэхдээ дахиж сон­гогдохын тулд гэхээсээ илүү бидэнд, ардчилалд
итгэж саналаа өгсөн тэр хүмүүст, бусдад нь юу чаддагаа харуулах ёстой. Үүний төлөө
бид борви бохисхийлгүй ажиллах ёстой гэдгээ ойлгож байгаа.

Зургаа.БИДЭНД АЛДАХ
ЭРХ БАЙХГҮЙ

-Танай намынхныг дарга даамал гэж
эмээлгүй хэлэх үгээ хэлдэг, байгуулсан Засгийн газ­раа хэд хэдэн ч удаа унагачихаж
магадгүй хүмүүс гэсэн ойлголт байдаг. Тэр ойлголтыг арилга­хын тулд намын даргын
хувьд, Засгийн газрын тэргүүний хувьд ухаан зарж ажиллах хэрэгтэй болдог уу?

-Би нэг юманд найддаг юм. Манай намынхан,
УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүс сөрөг хүчин байхын зовлонг биеэ­рээ туулсан.
Дандаа цөөнх байлаа шүү дээ. Гэхдээ бид үүнээсээ том сургамж авсан. Бид дотроо зөр­чилд­дөг
байсан нь үнэн. Эв нэг­дэлгүй байдал, дотоодын мөчөөр­хөл биднийг урагшлуулаагүй
гэд­гийг ч бид ойлгосон. Яс махаараа мэдэрсэн. Нөгөө талаас бас турш­лагажсан. Олон
жилийг алдсан даа. Дээр нь өрсөлдөгчийнхөө мэхэнд унахгүй байх хэрэгтэйгээ ч мэдсэн.
Бид залуудаа өрсөлдөгч намынхаа мэхэнд уначихаад л хоорондоо үзэлцдэг байлаа. Одоо  мэддэг, хариуцлагатай болсон. Бидэнд алдах эрх
байхгүй. Ард түмнийхээ итгэлийг дааж, илүү олон зүйлийг даацтай, далайцтай хийх
болно.

-МАН-ынхан таныг удаа дараа Үндсэн
хуулийг зөрчсөн гэж мэдэгдээд байгаа…

-Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг МАН-ын
бүлэг ч юм уу, хэн нэгэн хүн харж байгаад хэлчихдэг зүйл биш л дээ. Тэд юу ч гэж
хэлж болно. Үндсэн хуулийн Цэц л эцсийн шийдвэрийг гаргадаг.

-Сүүлийн үед МАХН-ыг хам­тарсан
Засгийн газраас гаргаад МАН-тай нэгдэж магадгүй гэсэн яриа байна. Энэ яриа хамтрах
итгэл өвөртөлсөн МАН-ын зарим нэгнээс ч гарч байх шиг. Танай намынханд тэдэнтэй
хамтрах төлөвлөгөө байгаа юу?

-Би энэ Засгийн газрыг байгуулж байхад
л анх хэлсэн дээ. МАН-тай хамтармааргүй байна. Шударга ёс эвслийнхэнтэй хамтрах
болно оо гэж.

-Нөхцөл байдал өөрчлөгдвөл эсвэл
сонгуулийн өмнө өөрчлөг­дөх зүйл байхгүй юу?

-Байхгүй. Ер нь энэ төр засаг тогтвортой
ажиллаж, тогтвортой байх нь хэнд хэрэгтэй гээч. Хэдэн хүн дарга байх нь чухал биш
бодлогоо тасралтгүй далайцтай  явуулах нь
чухал.  Шинэчлэлийн Засгийн газрын хийж амжуулах
ажил ард иргэдэд маань л хэрэгтэй. Бодож төлөвлөснөө амжуулахад дөрвөн жил ч багадаж
байна. Гэхдээ цаг хугацаатай уралдаж бид энэ дөрвөн жилийн хугацаанд нэлээд ажлуудыг
хийж чадна.

-Гэхдээ улс төрийн нөхцөл байдал
яаж ч эргэж болно шүү дээ. Таны Ерөнхий сайд байх эсэх дээр тулаад ирвэл энэ бодлоо
өөрчлөх үү?

-Үгүй.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан
цагаасаа хойш ард түмнийхээ амьдралд дэм болох ийм, ийм ажлуудыг хийлээ гэдгийг
тэргүүнийх нь хувьд таны амнаас сонсмоор байна. Уучлаарай, гэхдээ “11 11” утас ч
юм уу, Төрийн ордон нээлттэй болсон гэсэн зүйлсийг оруулахгүйгээр шүү. Яг шийдэлд
хүргэсэн асуудлуудаас?

-Ямар ч байсан бид бүтээн байгуулалтыг
эхлүүллээ. Бодитой зүйл болгож байна. Өнгөрсөн хугацаанд иргэд маань зам тавьж болдог
юм байна, гудамжны уулз­варыг янзалж болдог юм байна гэдгийг харлаа, итгэлээ. Энэ
ханд­лага нь өөрөө их чухал юм. Хүнд суртлыг багасгах тал дээр бид бодитой ажлуудыг
эхлүүлсэн. Төрийн түшмэдийн царайг харахгүйгээр төрийн үйлчилгээг авч болох олон
боломжуудыг нээлээ. Цаашид ч олныг нэвтрүүлнэ. Зарим иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүллээ.
Найман хувийн зээлэнд хамрагдсан иргэд их хэмжээний мөнгийг өөртөө үлдээж чадлаа.
“Нүүрс” хөтөлбөр багагүй хэмжээний мөнгийг ард иргэдэд  үлдээсэн гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Бензин шатахууны
үнийг жилийн турш тогтвортой байлгас­наас гадна литр нь 50 төгрөгөөр хямдарсан нь
иргэдийн ахуй амьд­ралд бодит нэмэр болсон гэдэгт итгэлтэй байгаа. Үнийн өсөлт
14,5 хувьтай байсныг 2013 онд нэг оронтой тоонд шилжүүлнэ гээд чадсангүй. Гэхдээ
10.5 хувьд хүргэ­лээ. Үнэ тогтворжуулах хөтөлбө­рийг бүтэн дөрвөн пунктээр буул­гасныг
муугүй гэж үзэж байгаа. 2014 онд нэг оронтой тоонд оруулахаар зорьж ажиллана.

-Үнэ тогтворжуулах хөтөлбө­рийн
үр дүнг би нэг л сайн ойл­гохгүй байна. Үнийн өсөлтийг буулгасан гээд байдаг гэтэл
гадуур бүхий л бараа таваарын үнэ өсчихөөд байгаа шүү дээ?

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг
ярьж байгаа юм. Түлш шатахуун, гурил, мах, нүүрс, барилгын материал гээд үндсэн
бараа бүтээгдэхүүний үнийн өсөл­тийг бид тогтворжуулсан. Өсөөд байгаа үнэ бол ихэвчлэн
гадаадаас авдаг бараа бүтээгдэхүүнийх. Гад­наас авдаг шатахуун дээрээ бод­лого явуулснаар
өсөлтийг барьж чадсан. Бусад бүтээгдэхүүний үнэ ханштай Засгийн газраас ноцол­доод
байх боломж байхгүй. Үүнийг мушгиад юмны үнэ өсгөхгүй гэсэн яалаа гэх нь бий. Хоёр
өөр төрлийн үнэ ярьж байгааг салгаж ойлгох хэрэгтэй.

Тантай уулзсаных Г.Дэнзэн­гийн
талаар асуухгүй өнгөрч боломгүй байна. Ерөнхий сай­дын хүргэн Г.Дэнзэн гээд багагүй
шуугисан. Тэр дуулианаар чадал­тай залууг цаашид өсөх боломжгүй болгосон гэж та
боддог уу, эсвэл тэр нөхрөөс болж өөртөө баахан түвэг удлаа гэж санадаг уу. Тэр
одоо хаана ажиллаж байгаа вэ?

-Надад түвэг энэ тэр болсон гэж бодогддоггүй.
Г.Дэнзэн бол чадал­тай залуу. Одоогоос арван жилийн өмнө түүнийг МУИС-ийн мате­ма­тикийн
багш байхад нь дэргэдээ ажиллуулахаар авсан юм. Тэр үед манай нам УИХ-д зөвлөл болж
ажиллаж байсан. Нарийн тооцоо гаргаж чадах мэргэжлийн хүн хэрэг­тэй байсан учраас
би судалж байгаад чадалтай мэргэжилтэн гэж тэр залууг олж авсан. Улсын мате­ма­тикийн
олимпиадад гуравдугаар байранд шалгарчихсан сүрхий хүүхэд байсан. Миний дэргэд олон
жил ажиллаж, миний шалгуур болгодог ачааллыг даагаад сурчих­сан. Манай дүүгийн охинтой
танил­цаж хамтдаа амьдрах болсныг нь баахан шуугисан. Одоо Тони Блэйрийн багт ажиллаж
байгаа.

-Та өөрөө физикийн багш мэр­гэжилтэй.
Байгалийн шинж­лэх ухааны хүн болоод ч тэр үү, тооцоо судалгаа гэж их ярих юм аа?

-Тооцоо судалгаагүйгээр юу ч явахгүй.
Заавал судалж, тооцоолж байж ажил явах ёстой. Сэтгэлийн хөдөлгөөнөөр ажил хийж болдог­гүй.
Үүнийг надад физик гэдэг шинжлэх ухаан сургасан юм. Яс маханд маань шингэсэн үзэл
бодол энэ юм. Манайхан тооцоо судалгаагүйгээр л асуудлыг шийд­чих гээд байдаг. Утаатай
тэмцэнэ л гээд байдаг ямар ч тооцоогүй л явж ирсэн байх жишээтэй. Тэгэхээр утаа
яаж алга болох вэ дээ.

Долоо.БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН
ЦОО ШИНЭ АРГААР АЖИЛЛАЖ БАЙНА

-Таныг заримдаа жижиг зүйлд их
оролцдог гэж шүүмжлэх нь бий. Ерөнхий сайд байж гудамжинд нүүрс тараалаа гэж яригдсан.
Жижиг зүйлд ордог гэсэн шүүмжлэлийг та хүлээж авах уу?

-Би багаасаа олон хүүхэдтэй гэр хорооллын
айлд өссөн. Гэр хорооллынхны зовлон жаргалыг сайн мэднэ. Манай иргэдийн дий­лэнх
нь гэр хороололд амьдар­саар л байна. Тэнд амьдардаг хүмүү­сийн хувьд өвлийн цагт
нүүрс ямар чухал билээ. Өвлийн улиралд таван тонн нүүрс авахад нэг тонн нь 200 мянга
гэвэл сая төгрөг болчихож байгаа юм. Үүнийг буул­гах боломж байна уу гэж судлаад
үзэхэд гараас гарт дамжуулахад үнэ нь хоёр дахин нэмэгдэж хү­мүүст очдог байсан.
Үүнийг зохион байгуулалт хийгээд гар дээр нь шууд хүргэхэд 200 мянга биш 80 мянган
төгрөг болгосон. Тэгэхээр өвөлдөө сая төгрөг зарцуулдаг байсан айл 600 мянган төгрөгөө
хэмнэж эхэлсэн. Ард иргэд нь бодит орлогоо нэмэгдүүлж байгаа нь Ерөнхий сайд хүний
хувьд жижиг ажил юм уу. Даргад том, жижиг асуудал гэж байх ёсгүй. Би үүнийг жижиг
асуудал гэж ерөөсөө боддоггүй. Айл өрхийн асуудал бол том юм байхгүй юу. Хэн нэгэн  иргэн маань мөнгөө хэмнэж байгаа нь манай Засгийн
газрын нэг амжилт. Тэгээд ч манайд үе, үеийн сайд дарга нар асуудлын гүнд ордоггүй,
доод хүмүүсийнхээ бэлдсэн мэдээл­лээр ажилладаг, амьгүй албат шиг болсон байдал
ажиг­лагд­даг. Би тэгж ажиллаж чадахгүй. Асуудал бүрээ мэдэж, мэдэрч ажил­лахыг
хичээдэг. Үүнд дургүйцэж байгаа хүмүүс ч бас 
байх шиг л байгаа юм.

-“Гудамж” төсөл шиг хүмүү­сийн
хэрэгцээг хангасан, сэтгэлд хүрсэн ямар ажлыг танай Зас­гийн газар ойрын үед хийж
амжуулах вэ?

-Уг ажил үргэлжилнэ. “Гудамж” төслийн
хүрээнд хурдны замуудын ажил энэ онд эхэлнэ. Бас нэлээд олон жил ярьсан ч ажил болж
амжаагүй төмөр замын асуудал бий. Тавантолгойгоос урагшаа явсан төмөр зам энэ оноос
босч эхэлнэ. Дуусах үгүй нь тодорхойгүй байгаа. Таван толгойн цахилгаан станцын
ажил эхэлж байна. Айл өрх бүрт мэдрэгдэх ажлууд гэвэл III цахилгаан станцын хүчин
чадлыг нэмсэн. IV цахилгаан станцын хүчин чадлыг аравдугаар сард нэмж дуусгана.
Өмнө нь жилд арван мянга гаруй айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол өнгөрсөн
жил 21 мянга болсон. Энэ жил 30 мянгад хүргэх зорилт бий. Бас аймаг бүрт 1000 айлын
орон сууцыг барих ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн жил дөрвөн аймгийг нийслэлтэй авто замаар
холбосон бол энэ жил Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Завхан, Говь-Алтайн замыг
дуусгана. Ингэхээр цаана нь баруун гурван аймаг үлдэж байгаа юм. Гэхдээ бид энэ
ажлаа нарийн тооцоолж, тө­лөв­лөж хийдэг учраас ашиглалтад оруулна гэсэн бол оруулах
л болно. Бид төлөвлөчихөөд зүтгэж ажил­лаж байна. Хоцорч байгаа ажлаа хурдасгах
гээд түмэн янзаар л ажиллаж байна даа. Бид бүтээн байгуулалтын цоо шинэ аргаар ажиллаж
байгаа. Зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтыг хараад суухгүй. Төсвийн хөрөнгө оруулалт,
бонд, бас хувийн хөрөнгө оруулалт гэсэн гурван эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар
бүтээн байгуулна.

Бид хувийн хөрөнгөөр өөрсдөө барьж
ашиглалтад оруулж, ашгаа олчихоод төрд шилжүүлдэг, эхлээд хөрөнгө гаргаж гүйцэтгээд
төрөөс мөнгөө авдаг маш олон төрлийн ажлыг дэмжиж байгаа. 2014 онд ямар ажлуудыг
Концессийн гэрээ­гээр гүйцэтгүүлэх жагсаалтын эхний­хийг нь танилцуулсан, удах­гүй
үргэлжлэлийг нь зарлана. Ингэ­хээр хувийн хэвшлийнхэн маань томоохон бүтээн байгуулалтанд
оролцох боломжтой.

-Дулааны V цахилгаан станцын асуудал
хэрхэх бол. Мөн ч удаан яригдаж байна даа?

-Их түвэгтэй явж байгаа. Газрын асуудалтай
байсныг нь бид газар­тай болгосон. Хоёр компанийн маргаан байсныг нь бас шийдсэн.
Тэгтэл үлдсэн ганц компани нь зарим тооцоогоо буруу хийсэн, нүүрснийхээ үнийг оруулаагүй
байсан гэх жишээтэй өртөг өсгөх юм яриад жаахан бүтэл муутай ч хэлэлцээрийн түвшинд
л явж байна даа.

Найм.УЛСЫН ТУСГААР
ТОГТНОЛ БОЛ ЧИНЭЭЛЭГ МОНГОЛ ИРГЭН ГЭЖ БИ ХАРДАГ

-Улаанбуудайн нөөцгүй болж импортоор
авах болсон нь анхаа­рал татаж байгаа. Буудайгаа гаднаас авахаар болно гэдэг танай
кабинетийн энэ салба­рынхан ажлаа хийж чадахгүй байгаа гэвэл та хүлээн зөвшөөрөх
үү?

-Үгүй л дээ. Өмнө нь ч гэсэн улаанбуудайн
нөөцийг импортоор авдаг байсан. Дөрвөөс таван жилдээ гаднаас  авч үр сэлбэдэг тэр жишгээрээ л явж байгаа хэрэг.

-Одоо рапс гээд ургамал тариалаад
газрын хөрс гэж юу ч үгүй боллоо гэх боллоо?

-Энэ асуудал яригдаад эхлэ­хээр би
энэ чиглэлийн эрдэмтдийг авчраад сонссон л доо. Гэтэл тийм зүйл байхгүй ээ, улаанбуудайтай
ээлжлээд тариалдаг ургамал гэж байна. Харин ямар сортыг нь тариалах вэ гэдгээрээ
ялгаатай юм байна лээ. Ургамлын тос гаргаж авч байна, дизель түлш гаргаж авч байна.

-Цагаан будаа үнэд орлоо гэхэд
та тэгвэл гурил идчихгүй юу гэж хэлээд шүүмжлүүлсэн. Бас өндөг үнэтэй боллоо гэхэд
тансаг хэрэглээ гэж хэлсэн гээд бас л хэл аманд орсон. Та ингэж гоочлуулах үгээ
өөрөө хэлээд байх шиг?

-Би өндгийг тансаг хэрэглээ гэж хэлээгүй
юм аа. Үнэтэй болсон гэхэд нь идэхээ байчихгүй юу гэсэн юм. Манай гэр бүлийн хүмүүжил
байдаг. Энэ болохгүй, тэр болохгүй гээд хэзээ ч урваганаж сууж байгаа­гүй. Хэрэв
энэ байхгүй бол тэрийг идчихнэ, энэ болохгүй бол тэрийг гээд боломжиндоо л байж
өссөн. Байхгүй болохгүйг нь харахаасаа өмнө байгаагаа эхэлж харж хү­мүүж­сэн. Тэр
зангаараа л хэлчи­хээр буруудаад байгаа нь тэр. Ер нь Монгол нутгийн маань хөрсөнд
ургасан ногоо, гурил, манай малын мах шиг эрүүл хүнс хаана ч байхгүй гэж би боддог.
Харин гаднаас орж ирж байгаа импортын хүнс, эмийн хэрэглээн дээр бид анхаарахаас
аргагүй болсон. Энэ онд бид энэ тал дээр анхаарч ажиллана. Нилээд юм хийх болно.

-Та Ерөнхий сайд болоод Япон руу  бас урд хөрш рүүгээ айлчилсан. Бас хойд хөршдөө
ч айлчлах талаар яригдаж байсан. Ер нь манай улсын хувьд хоёр том хөрш бас гуравдагч
хөршийн бодлого гэж аль алийг нь чу­халчлан авч явах ёстой байдаг…

-Манай улсын гадаад бодлогын чиг баримтлал
нь хоёр хөрштэйгөө ойр дотно бас гуравдагч хөршүүд­тэйгээ ойр байж сайхан харилцах
явдал. Манай урд хөрш Хятад бол асар том зах зээл. Энэ том зах зээлийг дагаад бид
хөгжих боломж­той. Айлчлалын үеэр Хятадад нүүрс гаргахаа албан ёсны болго­сон нь
олон улсын зах зээлд манай улсыг баталгаатай орлоготой байх нь гэдгийг нэг талдаа
батлан харуулж байгаа юм. Бид бас хамт­ран нүүрснээс хий гаргахаар тохир­сон. Мөн
асар өргөн уудам нутгаар хиллэдэг, түүхэн харилцаа­тай, хойд хөрштэйгээ хамтран
ажиллах боломжууд ч их бий. Өнөөдрийн хавтгай дэлхий дээр бид нэг нэгийгээ дэмжиж,
харилцан ашигтай хөгжих ёстой. Монгол Улсын тусгаар тогтнол бол чинээ­лэг монгол
иргэн гэж би хардаг. Аль болох эдийн засгийн хувьд хөгжиж, иргэдийнхээ ахуй амьдралаа
сайж­руулах нь бидний тусгаар тогтнолын баталгаа юм.

 Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Иргэд хүн шиг амьдрах гэж Ардчилсан намд саналаа өглөө гэв

-ЭРДЭНЭ СУМЫН ХАТАН СУУДАЛ,
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХӨГЖИЛ АВЧИРНА ХЭМЭЭН ИРГЭД ЯРЬЖ БАЙНА
– 

Говь-Алтай аймагт ИХТ-ийн дахин сонгууль
өнгөрсөн ням гаригт болж өнгөрлөө. Сонгуулиар тус аймагт Ард­чил­сан нам анх удаа
үнэм­лэ­хүй ялалт байгуулав. 1921 оноос хойш буюу 93 жилийн турш Алтайчууд зөвхөн
МАН-ыг эргэлт буцалтгүй  сонгож ирсэн ард
түмэн. Гэтэл Говь-Алтай аймгийнхан энэ удаа­гийн орон нутгийн сонгуулиар сонголтоо
өөрчилж АН-ыг сонгов. Говь-Алтай аймгийн дахин сонгуулийн дүнгээр таван тойрог тус
бүр нэг сууд­лын, намын жагсаалтын 12, нийт 17 ИТХ-ын төлөөлөгчийг сонгохоор дахин
сонгууль явуулсан. Үүнээс АН-ынхан 13 суудал авсан юм. Есөн­булаг сумын Баяншанд
багт АН-аас нэр дэвшсэн тус сумын “Хаан банк”-ны захи­рал Б.Алтангэрэл, Шарга сумын
тойрогт  нэр дэвшсэн Р.Лхагвадорж, Хөхморьт
сумын тойрогт нэр дэвшсэн Д.Даваадорж, Баян-Уул сумын тойрогт нэр дэвшсэн Г.Хурцгэрэл,
Төгрөг сумын тойрогт нэр дэвшсэн Д.Чин­зориг нар сонгогджээ. Өөрөөр хэлбэл, дахин
сон­гууль зарласан тойрог бүрт АН ялалт байгуулсан аж. Мөн намын жагсаалтаар ИТХ-д
суух эрхийг АН-ын найман хүн авсан байна. Үүнд аймгийн Ардчилсан намын дарга О.Амгалан­баа­тар,
АН-ын гишүүн Д.Намс­рай, М.Даш­пун­цаг, Т.Ганбат, Л.Болор­маа, Б.Раднаасэд, М.Банзай­гааяа,
Ч.Батдэлгэр нар багтаж байна.

СОНГУУЛЬ БОЛОХООС ӨМНӨ  ГОВЬ-АЛТАЙД ЮУ БОЛОВ 

Тус аймагт дахин сонгууль болохоос
өмнө их бужиг­наан­тай байлаа. Өрсөлдөгч намынхан бүгд эрчимжүүлсэн байдалтай ажилласан
юм. Орон нутгийн дахин сонгууль олны анхаарлыг ингэтэл татаж байсан удаагүй билээ.
ИТХ-ын төлөөлөгчөө сонгох нь кампанит ажлын дайны болж өнгөрдөг байсан бол энэ удаагийнх
Ерөнхийлөгчийнх эсвэл УИХ-ын сонгуулийн дайны бэлтгэл, сурталчилгаа, олны анхаарлыг
татсан явдал болов бололтой. Нутгийн иргэд төдийгүй ажиглагчид ч ийн дүгнэж байна.
ИТХ-ын төлөөлөгч бүрдээгүй нэрээр хамаг төсөв, хөрөнгө оруу­лалт нь гацчихаад байсан
тус аймгийн удирдлага, иргэдийн хувьд ч багагүй ач холбогдол өгөхөөр нөхцөл үүсээд
бай­сан юм. Үүнээс гадна Говь-Алтай аймгийг сонгуулийн өмнө олны анхааралд оруул­сан
нэг зүйл бол Эрдэнэ сумын нутагт байх хоёр том алтны нөөц газрын асуудал байв. Хатан
суудал, Талын мэлтэс гэх газарт алтны 600 тонн нөөц илэрсэн гэх яриа орон даяар
тархсан нь Говь-Алтайг улсын хэмжээний анхааралд оруулсан явдал байв. Энэ үеэр ч
сонгуулийн сурталчилгаа ид хийгдэж таарав.

МАН-ынхан дээрх мэдээ­лэл­тэй зэрэгцэн
“Бид энэ алтыг ухуулахгүй, хориг тави­на. Байгаль, дэлхийгээ хам­гаал­на, аварна”
гэх мэдээлэл цацсан юм. МАН-ынхан Говь-Алтай аймагт болох гэж бай­гаа сонгуульд
ихээхэн хүч хөрөнгө хаяж ажилласан бай­на. Өөрөөр хэлбэл, сонгуульд мэргэшсэн багаа
тус аймаг руу илгээсэн юм. Тухайлбал, Хөвсгөл аймгаас УИХ-д сон­гогд­сон Л.Энх-Амгалан,
Увсын Б.Чойжилсүрэн, Дар­ханы Д.Хаянхярваа, Сэлэн­гийн Ж.Эрдэнэбат, Ажлын албаны
дарга Ш.Раднаа­сэд, Б.Бат-Эрдэнэ, гишүүн асан Ц.Шаравдорж нар Говь-Алтай аймгийн
иргэдтэй уулзалт зохион байгуулж байв. Тэд “Манай намд сана­лаа өгөх юм бол Эрдэнэ
сумын алтыг ухуулах­гүй” хэмээн амлаж явжээ. Бүр зочид буудалд байгаа хүмүүс рүү
хүртэл орж ухуулга хий­сэн гэнэ. Аймгийн хэвлэлийн үйлдвэр байсан нэг давхар “Од”
гэх зочид буудал, баа­ранд дээрх нэр бүхий хүмүүс оройгоор очиж, тэнд суугаа залууст
ухуулга хийсэн гэнэ. Мөн аймгийн захын лангууны булан бүрт нэг нэгээрээ зог­соод
тэнд байсан хүмүүстэй гар барин, амар мэндийг нь асууж явсан тухай нутгийн иргэд
ярьж байв. МАН-ынхан дунд сонгуулиар мөнгө тараадаг гэдгээрээ алдартай Б.Чойжилсүрэнг
Говь-Алтай руу илгээсэн нь сонгуулийн үеэр их хэмжээний мөнгө тараах нь гэсэн ойлголтыг
олонд төрүүлсэн гэдэг. Иргэд ч “Чойжилсүрэн ирсэн юм чинь мөнгө өгөх нь” гэж үнэд
орсон байна. Гэвч сонгууль­тай холбоотой мөнгө, бусад зүйл тараасан гэх гомдол,
мэдээлэл ирээгүй юм. МАН-ын зүгээс сонгуулийн үеэр ингэж ажиллажээ.

Харин МАХН-ынхан намын дэд дарга Д.Тэр­биш­даг­ваар
ахлуулсан багаа Говь-Алтай аймагт ажил­луул­сан. Тэд аймгийн төв, зарим сумын төвөөр
арав гаруй хар жийптэй л давхиад байсан гэнэ. Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн
З.Баянсэлэн­гэ, УИХ-ын дэд дарга Л.Цог, Эдийн засаг хөгжлийн дэд сайд О.Чулуунбат,
Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нар “Манай дарга нар энэ оноос ажлаа
ёстой хийх шиг болно. Бидний хүч нэмэгдээд Говь-Алтайг хөгжүүлнэ. Бидэнд саналаа
өгөөрэй” хэмээж явсан сурагтай. Намын хур­лаа ч сүр дуулиантай хийгээд авсан. Тухайлбал,
намын хурал дээр Г.Баярсайхан гэх нөхөр намынхандаа гомдож явдаг сэтгэлээ задалж,
хэдэн үг хэлснээс болоод хэрүүл маргаан үүссэн байна. Дэд сайд Б.Тулга түүнтэй барь­цал­даж
аваад зодолдох шахсан гэж хуралд суусан иргэд ярьж байна. Түүнчлэн хуралд оролцогчдоос
зарим иргэнийг нэр заан “МАН-ын гишүүн энд юугаа хийж суугаа юм. Яв, тэр намынхаа
хурал руу” хэмээн хөөж, овлигогүйт­сэн гэнэ. Энэ мэт зүйлээс болж сонгуулийн өмнөх
өдрүү­дэд нутгийн иргэдийн дундах гол яриа МАХН-ынх­ны тухай хов жив байв. Үүнийг
дагаад нэр хүнд нь ч багагүй унасан гэнэ. Гол буруут­наар иргэд Б.Тулгыг нэрлэн
ярьж байв. МАХН-ын гишүүд “Тэр Тулга гэж залуу яасан увайгүй хүүхэд вэ. Бид­нийг
хүн гэж үзэж байгаа юм алга” гээд гомдонгүй ярих аж. Сонгуулийн үеэр МАХН-ын байран
дээр олон хүн харагд­сангүй. “Энэ сонгуулиар бид ялагдах нь тодорхой” гээд сууцгааж
байсан тухай нөгөө намынх нь гишүүд ярьж байв. Уг нь  Д.Тэрбишдагвага, Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, Л.Цог, 
О.Чулуунбат, Б.Тулга нарыг ирэхээс өмнө иргэд МАХН-д элэгтэй, саналаа өгвөл өгчихөөр
л байсан гэнэ.

Харин АН-ын хувьд тус намын генсек
Ц.Оюундарь дөрвөн нарийн бичгийн дар­гын хамт тус аймагт ажиллаж байв. Тэд 14 хоног
Алтай­чууд­тай уулзсан байна. “Бид олон ажил хийнэ. Говь-Алтай аймгийг хөгжүүлнэ.
Алтны нөөц их өндөр байна. Өмнө­говь аймгаас илүү хөгжил танай аймгийг, иргэдийг
хүлээж байна” хэмээн ярьж явсан байна. Намууд сонгуу­лийн сурталчилгаа, гишүү­дийн
уулзалтаа иймэрхүү байдалтайгаар хийсэн байна.

СОНГУУЛИЙН ӨДӨР ИРГЭД ИНГЭЖ ЯРИВ

ИТХ-ын дахин сонгууль ямар нэгэн будлиангүй
болж өнгөрсөн байна. Сонгуулийн ерөнхий хороонд МАН, АН-ынхан машинаар хүн зөөж
санал өгүүлээд байна гэх гомдол ирсэн гэнэ. Өглөөнөөс бага үд хүртэл ихэвчлэн өндөр
настай иргэд сонгуу­лиа өгсөн байна. Тэд бүгд МАН-д саналаа өгч байсан аж. Гэхдээ
үдээс өмнөх саналын ирц дөнгөж 20 хувьд хүрч байсан юм. Харин үдээс хойш сонгууль
өгсөн иргэд АН, МАХН-д зурж эхэлжээ. Үүнийг яаж мэдээд байна вэ гэвэл аль нэг нам
болоод нэр дэвшигчийн нэрний урд талын дугуй хэсгийг иргэд хараар будаж байгаа.
Аль намыг, дэвшигчийг дугуйлсан нь саналын хуудасны цаас нимгэн учраас ажиглагчдад
нэвт харагдаж байсан гэнэ. Иргэд хараар дугуйлсан цаасаа дундуур нь нугалаад сонгуулийн
хайрцганд хийх үед ажиглагч нарт аль намд өгч байгаа нь харагдаад байсан аж. Нугалсан
цаасны дээд хэсэгт дугуй хар толбо гарч ирсэн бол АН харин яг нугалааны доохно гарсан
бол МАН, цаасны доод хэсэгт бол МАХН гэх зэргээр дүнг тоолохоос өмнө ажиглагч нар
аль нам сонгуульд өнгөлж байгааг урьдчилан тэмдэглэж байсан аж.

Саналаа өгчихөөд гарч ирсэн иргэдээс
аль намд ямар учраас саналаа өгснийг тодруулахад, “Говь-Алтай аймаг гэж хөгжлөөс
хоцорсон газар байна. Иргэдийн амьд­рал ядуугийн туйлдаа хүрч байна. Бид сайхан
амьдрах ёсгүй гэж үү. Их хэмжээний алт илрээд байна. Тэнд хүн амьтан очдог газар
биш. Тэр алтыг нь улс ухаад аваг. Өмнөговь аймаг яаж хөгжиж байна. Газрын баялгаа
ухаад л үр шимийг нь хүртэж, иргэд нь  ажлын
байртай болж хөгжиж байна шүү дээ. Одоо манайд илрээд байгаа алт чинь Оюутолгойгоос
хэд дахин ашигтай гэсэн. Магад­гүй баруун бүсийн хамгийн хөгжингүй аймаг Говь-Алтай
болох ч юм билүү. Тиймээс бид АН-д саналаа өглөө” хэмээн ярих иргэнтэй олон таарч
байв. Мөн “МАН-ыг дэмжсэн жилүүдэд дарга нар нь баяжсанаас биш иргэдэд наалдсан
нь ховор. Иргэдийн амьдралыг сайжруулахаар хийсэн ажил бараг байхгүй. Залуус бидэнд
ажлын байр хэрэгтэй байна. Хэдий болтол нинжа хийж өдөр хоногийг зэрлэг байдлаар
өнгөрөөх юм бэ. Одоо удирдлагаа сольж үзэх цаг нь болсон” гэв.

Сонгуулийн өмнөх өдрүү­дэд МАН, МАХН,
АН-уудын сурталчилгаа ухуулгаас иргэд сонголтоо ингэж хийжээ. 93 жилийн турш нэг
намыг сон­гож ирсэн Алтай нутгийнхан энэ удаад АН-д итгэл хүлээлгэв.

Э. ХҮРЭЛБААТАР