УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой
ярилцлаа.
-Өнөөдөр ардчиллын өдөр. Энэ өдрийн
ач холбогдлын тухай таны үгийг сонсох нь зүйн хэрэг байх?
-2000 оны арванхоёрдугаар сарын
зургаанд 1989 онд ардчилсан хувьсгалыг эхлүүлж, түүнийг тайван замаар ялалтад
хүргэсэн улс төрийн хүчнүүд Ардчилсан нам гэдэг нэрийн дор нэгдсэн. Тийм учраас
энэ өдрийг Монгол даяараа баяр болгон тэмдэглэн
өнгөрүүлдэг уламжлал тогтсон. 1989 онд Монголын нийгэм, эдийн засаг, улс
төрийн харилцааг цоо шинээр, дэлхийн хөгжсөн болон хөгжиж буй орнуудын жишгээр
хөгжүүлэх зорилготой хэд хэдэн цуглаан зохион байгуулагдсан. Арванхоёрдугаар сарын
10-ны өдөр болсон цуглаанаар Ардчилсан холбоо,
Ардчилсан социалист, Шинэ дэвшил гэсэн гурван хөдөлгөөн өөр өөрийн онцлогтойгоор
байгуулагдсан юм. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Зориг нарын журмын нөхөд маань МоАХ-г
байгуулсан түүхтэй. Харин МУИС-ийн байгаль шинжлэл, математик, физик, биологийн
чиглэлийн сургууль, шинжлэх ухааны байгууллагууд дээр ажиллаж байсан залуус ардчилсан социалист хөдөлгөөнийг байгуулахад
нь миний бие оролцож байсан юм. Энэ хөдөлгөөнд
Баабар, Батбаяр, Хатанбаатар, Ганбаатар,
З.Энхболд гээд нэрлээд байвал барагдахааргүй олон нөхөд маань багтаж байлаа.
Энд нэр нь дурдагдаагүй өнгөрсөн нөхдүүд
маань гомдохгүй байх гэж найдъя. Харин эдийн засгийн шинэчлэлийн үзэл санааны чиглэлээр,
голдуу эдийн засагчдын байгуулсан шинэ дэвшил
хөдөлгөөнийг манай Да.Ганболд тэргүүтнүүд байгуулж байлаа. Мэдээж улс төрийн ийм
том хөдөлгөөнүүд болж хувирах явцад Монголын оюутны холбооны оролцоо байсан.
Эдгээр холбоонууд байгуулагдсаны дараахь
эхний зорилго бол нэг намын удирдан чиглүүлэх үүргээс татгалзах явдал байлаа. Тиймдээ
ч улс төрийн эдгээр хүчнүүдийн шахалт, шаардлагаар тэр үеийн АИХ БНМАУ-ын Үндсэн
хуульд өөрчлөлт оруулж, үүний дараа Монголын
Ардчилсан нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Монголын социалдемократ намуудыг
байгуулж, Монголд олон намын тогтолцоог бий болгох эх үндсийг тавьсан юм. Энэ намууд 2000 онд өөрийн үнэ цэнэдээ түшиглэж,
эхлүүлсэн зорилгоо тууштай төгөлдөржүүлэхийн төлөө нэгдсэн түүхтэй.
-Энэ намууд нэгдээгүй байсан бол
юу болох. Нэгдсэний үр дүнд юу бий болсон гэж үздэг вэ?
-Яах байсан бол гэхээсээ илүү яагаад
нэгдэв, энэ хүртэл ямар сорилттой тулгарч байв гэдгийг ярих нь чухал л даа. Бид
нэгдээгүй бол өмнө нь гарч байсан алдаанууд, давж чадаагүй сорилтууд үргэлжилсээр
байх байсан.
Анхны олон намын оролцоотой сонгуулиар АИХ, Улсын бага хурал байгуулагдсан. Мөн энэ сонгуулиар
гудамжнаас тэмцдэг байсан хөдөлгөөнүүд биш Монгол Улсын эрх барих дээд байгууллагад
төлөөлөлтэй, түүгээрээ дамжуулж ардчилсан
Үндсэн хуулиа батлахаас эхлээд, эдийн засаг нийгмийн ардчилсан шинэчлэлийг хийх
бодлого тодорхойлогчид болж чадсан юм. Шинэ Үндсэн хуулиа баталсны дараахь сонгуульд
бид нэгдээгүй байсан учраас тус тусдаа оролцож байсан. Тэгсэн учраас зургаахан
суудал авсан байдаг. 1996 оны сонгуулиар
Ардчилсан холбоо эвслийг байгуулж ороод УИХ-д анх удаа 50 суудал авч олонхи болж
байлаа. Гэвч намууд нэгдээгүй байсан учраас тэр он жилүүдэд олон Засгийн газар огцруулж,
төрийн тогтвортой байдлыг хангаагүй гэдэг зэмлэлийг ард түмнээс сонсоход хүргэсэн
шүү дээ. Үр дүнд нь олон түмний тууштай дэмжлэгийг авч чадахгүй байна гэдэг дүгнэлтэд
хүрсэн учраас, Монголын ардчиллыг эхлүүлж
санаачилсныхаа хувьд ардчилсан хөгжлийн тулгуур хүчин болох хариуцлагыг өөр дээрээ
үүрч, АН гэдэг нэрийн дор нэгдэж, төлөвшиж чадсан. Нэг нам болсны дараа өөр өөр
намд байсан угшлаараа сонирхлын зөрчилтэй байхгүйн бүтэц зохион байгуулалт, дүрэм
журмуудаараа зохицуулж чадсан юм. Өөрөөр хэлбэл, намын угшлаараа талцах зүйлгүй
болж чадсан. Тийм ч учраас 2004, 2008, 2012 оны сонгуулиудад амжилттай оролцож,
нэг хоёр жилийн дасалдлыг үл тооцвол хамтарч болон дангаараа засаг барих боломжийг
бүрдүүлсээр ирлээ.
-Намын угшлын талцалгүй ч гэлээ
фракцийн хагарал АН-д байсаар ирсэн байх.
Үүнийгээ АН-ынхан дотоод ардчилал ч гэж нэрлэдэг дээ…
-Нэгдмэл нам болж төлөвшиж чадсан
шүү дээ. Намын угшлаас үүдэлтэй фракц бий болсон юм биш. Бүхий л үед асуудал тулгарах
бүрт түүнийг даван туулахын нэг хэсэг нь нэгддэг. Тодорхой хэсэг нь өөр байр суурьтай
сонирхлын нэгдлүүд үүсдэг. Энэ нь шигшигдсээр эцэстээ фракц болдог байсан. Гэхдээ энэ нь эрх мэдлийн төлөө бус, ямагт асуудлыг
зөв шийдэх үүднээс үүсдэг байсан зүйл. Нэг үгээр АН-аа хүчтэй болгохын төлөө нэгддэг
байсныг хэлэх хэрэгтэй. Энэ бол амьд организмд болж байдаг үйл явц. Хамгийн анхны
фракц нь Алтан гадас гэж ярьцгаадаг биз дээ. Үнэн хэрэгтээ фракцийн нэрийг буруу
өгсөн юм.
-Ямар учиртай билээ?
-Уг нь бол хүчтэй АН-ын төлөө фракц
гэдэг нэртэй байсан. Эх орон болон Иргэний зориг намтай сонгуульд эвсэн орох тухай
асуудал яригдах үед АН-ын тодорхой хэсэг бүлэг нөхөд тэр намуудын эрхшээлд орж,
сул АН-ын төлөө явахад бэлэн болчихоод байсан. Тийм учраас хүчтэй АН-ын төлөө бидний
хэсэг нөхөд гарч ирсэн байдаг. Харамсалтай
нь тухайн үед АН-ын байранд сул АН-ын төлөө зогсч байсан нөхдүүд хуралдаад бидэнд
ярилцах, хэлэлцэх газар байгаагүй. Тиймээс “Алтангадас” гэх хөгжлийн төлөө олон
нийтийн байгууллагын байранд хуралддаг байлаа. Тийм учраас Алтангадас гээд нэрлэчихсэн
юм. Бид хүчтэй АН-ын төлөө байна, аль нэг намын хавсарга байхгүй гэдэг дээр хатуу
зогсч байсан. Энэ зорилгодоо ч хүрч чадсан шүү дээ. Учир нь засгийн эрхийг МАХН-тай
хамтарч байгуулж, Ерөнхий сайд, УИХ-ын даргаа хоёр хоёр жилээр ээлжлэн удирдах
гэрээ байгуулж байлаа. Тэр үед намайг “Энхсайхантай тамга булаацалдсан ч” гэж ярьдаг. Гэхдээ тэгж байж л АН-аа хүчтэй хэвээр нь авч
үлдэх боломжтой байсан юм.
-Магадгүй энэ байдал нөлөөлсөн
байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан АН-аас цөөнгүй хүн нүүр буруулсан байх. Ардчилсан
хувьсгалд тэмцэж явсан зам мөрийг нь мартсанд ч гомдсоноо илэрхийлдэг нөхдүүд бишгүй.
Тэр нөхдийнхөө тухай та ямар бодолтой байдаг вэ?
-Ардчилсан хувьсгалд гар бие оролцож
явсан, одоо салаад явчихсан удирдагчид хаана байгаа юм. Жишээ нь хэнийг хэлээд байна
вэ.
-Ерөнхий сайд асан М.Энхсайханаас
эхлээд л ….
-Ер нь оролцогч байна гэдэг заавал
дарга байх албагүй шүү дээ. Зорьсон үйлдээ тууштай байгаагүй, хамт явсан нөхдүүддээ
ямар нэгэн байдлаар атаархаж, жөтөөрхдөг. Аливаад булаацалдах сэтгэлээр хандаж,
тэр гомдлоороо салж, нийлж байгаа бол бидний эрхэм зорилгоо болгодог байсан үнэт зүйлийг
мэдрээгүйн шинж шүү дээ. Энхсайханы хувьд ч ялгаагүй. Дандаа л наанатай, цаанатай явсан. АН-ын эрх ашигт
зөрчилтэй ашиг сонирхолд хөтлөгдөж, Эх орон намыг түшиглэсэн тодорхой хэсгийг
фракцалж тасалж, АН-аар биш тэднээр асуудлаа шийдүүлэх гэж байсан үед нь би шүүмжлэлтэй
ханддаг. Тиймдээ ч түүхийн жам ёсоороо улс төрд хүчгүйдэж, явсан шүү дээ. Үүнээс
болоод дараагийн засгийн бүрэлдэхүүнд ч орж чадаагүй. Ямар нэгэн албан тушаалын
төлөө явдаггүй, албан тушаалд очоогүй гэдгээрээ гомдоллож, өмнөө тавьсан зорилгоосоо
ухарч байгаагүй, харин ч бүтээсэн үйл хэрэгтээ сэтгэл ханамжтай явдаг хүмүүсийг
жинхэнэ ардчиллын төлөө зүтгэгчид гэж хэлнэ.
-Ардчилсан хувьсгалыг эхлүүлэх
цагаас эхлээд өнөөдрийг хүртэл тууштай зүтгэсэн хүн учраас та өөрөө түүх. Тэгэхээр
2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны тэр өдөр чухам ямар процессууд өрнөж байсныг
дурсахгүй юу?
-Тэр үед би Социалдемократ намын
дарга байсан. Намууд нэгдлээ гэхэд дарга нарын бүрэлдэхүүнд намуудын харьцаа ямар
байх юм, дүрэм, бэлгэдлийн хувьд ямар байх юм гэдэг яриаг олон сараар үргэлжлүүлсэн үйл явц байсан. Гэхдээ
бид нэгдэх нь тодорхой, энэ нь ард түмний захиалга байсан учраас гайхаад байх зүйл
байгаагүй. Тиймээс харилцан буулт хийж, зөвшилцөж чадсан учраас намууд бүгдээрээ
ялагч болж чадсан агуу шийдлийг тэр өдөр
гаргасан юм. Ийм үзэгдэл Монголын улс төрийн
түүхэнд дандаа гарч байгаасай гэж боддог. Энэ үнэ цэнийг үе үеийн залгамж халаа,
ирээдүй хойч маань мэддэг байгаасай.
-Зөвшилцөхөд хялбар байсан уу.
Одоогийн улс төрийн хүрээнд болдог зөвшилцлүүдээс ялгарах зүйл байв уу?
-Өнөөдрийн хувьд тодорхой нэг асуудал
дээр зөвшилцөл явж байна шүү дээ. Тухайлбал, Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай
хууль ч гэдэг юм уу. Тэр үед том зорилгын төлөө, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг
дээдэлсэн нийгмийн эрс шинэчлэл рүү орохын төлөөх зөвшилцөл байсан гэдгээрээ онцлог. Ийм том зүйл дээрх зөвшилцөл гэдэг бол сүүдэртэй
газрын цас хожуу ч гэсэн хэзээ нэгэн цагт хайлдаг шиг нэг л өдөр эвээ олдог юм.
Энэ ч үүднээсээ бид зөвшилцөж чадсан. Намын удирдах дээд байгууллага нь ҮЗХ байна. Таван намын даргаар ажиллаж байсан хүмүүс АН-ын
дарга болохгүй. Намын даргыг лидер гэдэг утгаар нь биш сайн менежер байх ёстой гэж үзсэн. Ингээд одоогийн
ерөнхий прокурор Дорлигжавыг даргаараа сонгож байх жишээтэй. Намын туг, бэлгэ тэмдгийг
зохиох гэж олон янзаар үзсэн. Тэрнийх нь түлхүү орох гээд байна, энэнийх нь давуу
байх гээд байна гэдэг үзэл санаанууд явж байсан нь гарцаагүй. Эцсийн мөчид хэдхэн
минутад асуудлыг шийдэж, МҮАН-ын туг үнэхээр гоё юм байна, Социалдемократын бэлгэдэл
зөв юм байна гэж нэгдээд л туг, бэлгэдэл
дээрээ тогтож байсан.
-АН өөрсдийгөө ардчилал гэж ойлгоод
байна гэдэг шүүмжлэл сүүлийн жилүүдэд өрнөсөн. Энэ тал дээр та ямар бодолтой
явдаг вэ?
-Ардчилал гэдэг нь аль нэг нам биш
шүү дээ. Харин ардчилсан хүчин гэхээр АН гэж ойлгодог тухай хүмүүс ярьдаг. Яалт
ч үгүй энэ бол ард түмний өгсөн нэр шүү дээ. Энэ нэр нь ардчиллыг өмчилж байгаа
агуулга биш. Ардчилсан хүчин гэдэг оноосон нэрийг АН л авч явна. Ардчилал гэдгийн
үнэ цэнэ нь хүн бүрийн оюун санаандаа өмчилж, өөрийнхөө амьдралын сайн сайхны төлөө
хэрэглэдэг арга хэрэгсэл юм. Өнөөдөр МАН, Шударга ёс эвслийн дүрэм журам Ардчилсан Үндсэн хуульд нийцэж байгаа учраас ардчилсан
зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг хүчнүүд шүү дээ. АН ардчиллыг хэзээ ч өмч гэж
үздэггүй учраас өмчлөгч биш.
-Ардчиллын гавьяаг өнөөдөр хэдхэн
хүн өмчлөөд байна л гэдэг. Ардчилсан хувьсгалын төлөө зүтгэсэн биднийг мартлаа гэдэг
гомдол мөнхөд л явдаг шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Шинэ Үндсэн хуулиар баталгаажсан
ардчилсан дэглэмийнхээ төлөө зүтгэх үүрэг хүн бүрт бий. Энд гавьяаг өмчлөх тухай
ойлголт байхгүй шүү дээ. Нэг албан тушаалд очсон нь гавьяагаа эдэлж байгаа хэрэг
юм уу. Үгүй шүү дээ. Ардчилсан хувьсгал бол яах аргагүй агуу их баатарлаг эр зоригийн
үйл хэрэг байсан. Ардчилсан Үндсэн хууль
батална гэдэг ч үнэхээр том хөдөлмөр байсан. Төр үүнийг үнэлж байна. Ерөнхийлөгч
манай Бат-Үүлд баатар цол өгсөн. Бат-Үүл ч өөрөө хэлдэг. Энэ бол надад өгч байгаа
шагнал биш бид бүгдийнх гэдгийг. Надад Чингэсийн одон өгсөн нь ч адил. Эзэн Чингэсийн
байгуулсан төрийн үргэлжлэл, тэр үеийн үзэл санаа, зарчмын залгамжийг тасалдуулаагүй
гэдэг үүднээс төлөөлөл болгон надад олгосон шагнал. Шинэ Үндсэн хууль баталсан
хөдөлмөрийг нь үнэлж Чимэд гуайд хөдөлмөрийн баатар цол олгосон. Тэгэхээр гавьяа гэдэг нь хэн нэгэнд өмчлөгддөг
зүйл биш шүү дээ. Гэхдээ ардчилсан хувьсгалд эр зориг гаргаад жагсч цуглаад, өлсгөлөн
зарлах явцад оролцоод, юу ч тохиолдож магадгүй үед зориглож явсан нөхдүүдээ бид
хэзээ ч мартаж болохгүй. Тэдний алдар гавьяа мартагдахгүй. Энэ нь гавьяа шүү
дээ. Түүнээс биш хүнээс авдаг гавьяаг нэхээд хэрэггүй л гэж боддог. Өнөөдөр бий
болгочихсон энэ ардчиллын үр дүн чинь өөрөө агуу том гавьяа юм. Ардчилсан хувьсгалын
анхдагчдыг нийгмийн зүгээс харж халамжлаад явах асуудал байх л хэрэгтэй. Тэднээс Монголын ард түмэн харамлахгүй байх. Ардчилсан
хувьсгал өрнөөгүй бол өнөөдөр би ингэж явах уу, үгүй юу, тиймээс бизнесээс олсон
орлогоосоо хуваалцъя гэдэг бодол тээдэг л байх. Мэдээж хэрэг тэдний төлсөн татвараас
ардчиллын төлөө зүтгэсэн хүмүүстээ хүртээх л хэрэгтэй гэж үздэг.
-Сүүлийн үед ардчилсан засаг
гарлаа гэтэл эрх чөлөөг хумьж, хэн нэгний эхнэр нөхөртэй байх эрхийг заадаг боллоо
гэсэн шүүмжлэл өрнөж байна. Та ямар бодолтой байна вэ?
-Энэ бүхнийг АН-тай нааж, АН-ын бодлого
болгож харагдуулах гэсний хэрэггүй. Ж.Батзандан
гишүүн хууль санаачилж л байна. Би ч түүнтэй санал нэгдэхгүй байгаа. АН-ын бүлэгт
ч санал нэгдэхгүй нь олонхи л байгаа шүү дээ. Энд тэнд хүмүүс баривчлагдаж гэнэ.
Тэр болгоныг АН зохион байгуулаад байгаа юм биш. Төр эрх мэдлээ хуваарилчихсан.
Гэм буруутайг нь тогтоодог институт тусдаа
хуулиар ажлаа зохицуулаад явж байна. Тиймээс асуудлыг зөв хараасай. Тэгж байж буруу
юм байгаа бол эмчилж чадна шүү дээ.
-Эцэст нь Р.Амаржаргал гишүүний
талаар асуухгүй өнгөрч болохгүй нь?
-Ийм үед хэрэггүй байхгүй юу. Гэхдээ
асууж болно л доо. Бидэнд ердөө үүрэг ногддог гэдгийг л ойлгох ёстой. Үүрэг хүлээе л гэсэн бол түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө
явах ёстой. Ингэж ойлгох юм бол Амаржаргал гишүүний талаар ямар байр суурьтай байгаа
минь ойлгогдоно. Хэдийгээр тэр хүн гишүүнээсээ
татгалзъя гэж байгаа боловч энэ эрх нь анх
өгөгдсөн үүргээс нь үүсч байгаа юм биш. Олон
түмнээс авсан үүрэг энэ нь бараг өөрийнх
нь өмчлөл биш шүү дээ. Хувь хүнийхээ хувьд
олон эрх чөлөөнөөсөө татгалзаж чадсан
хүн төрийн албан тушаалтан болох үүрэг хүлээдэг юм шүү дээ. Төрд ажиллаж байгаа
хүмүүс энэ зарчмаа ойлгох хэрэгтэй. Үгүй юм бол анхнаасаа үүрэг хүлээх ёсгүй байсан
байхгүй юу.
-Гэхдээ Р.Амаржаргал гишүүн АН-ын
өмч биш. Өөрөө хүсэлтээрээ явъя гээд байхад нь чөлөөлөөд өгчихөж болдоггүй юм болов
уу?
-Өмчийн харилцааны асуудал биш шүү
дээ. Би өөр дээрээ жишээ авъя. Намайг 62-ын бүлэгт орж, МАХН-ын бүлгийн дэд дарга
боллоо гэдэг шүүмжлэл байнга дагадаг. Би тэнд дэд дарга болох гэж очоогүй. Хоёр
нам хамтарсан Засгийн газар байгуулчихсан байсан. Эвслийн бүлгээс нэг хэсэг нь
салаад явчихсан учраас УИХ-д АН-ын бүлэг байхгүй болох гээд байсан. Тиймээс нэгэнт
хамтарч засаг байгуулсан МАХН-ын бүлэгтэй нэгдэж байж үүргээ хэрэгжүүлсэн. Үүнээс болж би муу нэрийг
дуулсан, элдвээр хэлүүлсэн. Гэхдээ тэр нь надад хамаагүй. Анхнаасаа хүлээгээд авчихсан
үүргийнхээ дагуу хийх ёстой зүйлээ л хийсэн. Ард түмэн “Санаа бодолд нь нийцэхгүй,
зөрүүтэй юм хийгээд байгаа бол өөрийнхөө санаа бодлыг зэрэгцүүлээд тавь” гэдэг л зүйлийг хэлдэг болохоос гэдэргээ
харж суугаад, тэр ажлыг нь хаяарай гэж явуулаагүй шүү дээ. Хэрэв гишүүдийн өмчийн
эзнийг хайгаад байгаа бол тэр нь сонгогчид шүү дээ. Ингэж сонгогчдод өмчлүүлэхэд
нь зуучилсан хүчин нь АН.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ