Categories
редакцийн-нийтлэл

Увсын тэмцэгчдэд “Шударга журам” гардуулъя

Ээ дээ, энэ улс төр үү
гэж халагламаар үе гарах юм. Учир нь улс төрөөс болж гэр бүл, ах дүү, найз
нөхөд тангараг тасрах үе бий. Улс төрөөр ордохгүй байсан ч улс төр чамаар
оролдоно гэдэг үнэн бололтой. Хаа байсан 1600 орчим км-ын цаанаас тэр дундаа
Увс аймгийн Тариалан сумаас “Шударга ёс” тогтоохоор долоон иргэн нийслэлд ирээд
бараг сар шахам хугацааг үдлээ. Тэд хэдэн мал, хавар хадгалсан багахан
ноолуураа зарчихаад ирсэн гэж байгаа. Тэднийг аймгийнх нь АН, 2012 онд нэр
дэвшсэн Нямхүү, Мэндсайхан нарын авчирсан хүн ч гэж байгаа. Чойжоо, Хүрлээ
хоёрыг нь мөнгө тараасан гэдгийг нь баримтаар нотолж нэг сая төгрөг авсан 13
хүний зургаа нь ирээд байна. Хөдсөн дээлнээсээ салалгүй хэд хонож сүүлдээ аргаа
бараад байгаа бололтой. Хөдөөнөөс ирэгсдийг даанч хүн гэж хүлээж авдаггүйн тод
жишээг СЕХ харуулаад авсан. АН-ынханд сонгуулийн талаарх албан шаардлагын
хариуг өгчихөөд тэдний албан шаардлагын хариуг өгсөнгүй. Тэд уг нь шударга
үнэний төлөө ирцгээсэн. Цагааныг хараар будах амархан. Хөдөөнийхний цав
цагаахан цас мэт шударга ёсны төлөөх сэтгэл дээр нь тэд бүжиглэж байна. СЕХ
цөхрөөх гэдэг арга хэмжээгээ авч эхлэв бололтой. Тэд цөхөрөхгүй улс төрийн
суулт зарлана гэдгээ ч мэдэгдээд буй. Шударга үнэний төлөө яваа энэ хүмүүст
“Шударга журам” медаль гардуулъя. Уг медалийг гал, уснаас хүний амь аварсан
шударга хүмүүст гардуулдаг. Харин шударга нийгмийг бүтээн байгуулахад оройлон
зүтгэсэн Э.Бат-Үүлд Улсын баатар цол олгосон. Эдгээр хүмүүсийн ардчиллын үнэт
зүйл шударга ёсны төлөө тэмцэж яваа үйл нь Үүл Баатарын хэмжээнд хүрдэггүй юм
бол шударга үнэнийг илчлэхээр яваа эр зориг, хүн чанарыг нь “Шударга журам”-аар
ядаж үнэлмээр байна.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Д.Оюунхорол: Д.Арвин л эхэлсэн…

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой
ярилцлаа.

-УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
Н.Энх­болд ажлаа өгчихлөө. Оронд нь  бүлгийн
дэд дарга С.Бямбацогт то­ми­­логдлоо. Бүлгийн дэд даргын суудалд хэн байх бол?

-Одоогоор тэр асуу­дал яригдаагүй
байна. МАН-ын боловсон хүчнээ сонгох,шалгаруулах жур­мын дагуу бүлгийн дэд даргыг
сонгоно. Энэ зарч­маар МАН-ын бүлгийн даргаар С.Бямбацогтыг сонголоо. Намын Удир­дах
зөвлөлөөр тодорхой өндөр албан тушаалд ажиллах хүнийг сонгон өрсөлдөөний зарчмаар
шалгаруулдаг байгаа. Энэ зарчмынхаа дагуу манай намын удирдах зөвлөл өглөө (өчигдөр)
хуралдсан. Ингээд үе тэнгийн гурван залууг нэр дэвшүүлээд тэднээс хам­гийн өндөр
оноо авсан хоёр залуугаа намын бүл­гийнхээ хурал руу оруулсан. Нууц санал хураалт
явуулахад олон­хийн саналыг С.Бям­ба­цогт авсан. Манай С.Бям­ба­цогт чадвартай,
ажил­саг, зарчимч, шаргуу, хө­дөлмөрч, аливаа ажилд сэтгэлээсээ ханддаг хүн. Тиймээс
сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.

-Н.Энхболд ямар шалт­гаанаар бүлгийн
даргын ажлаа өгөв. Өөрөө юу гэж тайлбар­лаж байх юм?

-Тэрбээр бүлгийн ху­рал дээр “Ажлаа
өөрийн­хөө хүсэлтээр өгье” гэсэн. Түүний хүсэлтийн дагуу асуудлыг нь шийд­вэр­лэлээ.
Ямар нэг тодорхой шалтгаан тайлбарлаа­гүй.

-МАН-ын удирд­ла­гуу­даас түүнийг
өргөд­лөө өг гэсэн шахалт үзүүлсэн зэрэг мэдээ­лэл бий…

-Дарга нар болон хувь хүмүүсийн хооронд
ямар асуудал болсныг би тааж мэдэхгүй.

-Н.Энхболд Увсын хоёр гишүүний
асуу­далд өөрийнхөө байр суурийг илэрхийлснээс ийм үйл явдал өрнөлөө гэх мэдээлэл
ч байна. Тэрбээр “МАН-ын нэр хүндэд халтай байна. Энэ хоёр гишүүнийг буцаачихъя”
гэсэн юм биш үү?

-Тийм асуудал огт болоогүй.

-Сонгуульд дараал­лан ялагдал хүлээсэн
МАН-ыг М.Энхболдын толгойлдог хотын фракц яаж шинэчлэх бол. Та М.Энхболд дар­гаа
дэмжиж байгаа юу?

-Би дэмжиж байгаа. МАН-ын XXVII хурлаас
97 хувийн саналаар гарч ирсэн лидерийг бид яа­гаад хүлээн зөвшөөрч ажил­лах­гүй
гэж. Лидерийг цаг үе нь төрүүлдэг. М.Энх­­болд дарга төрд ажиллаж болох бүхий л
албан ту­шаалыг хашиж, шат дамж­лагаар гарч ирсэн хүн.

-М.Энхболд дарга Их хурлынхаа үеэр
АН-тай хамтарсан Засгийн га­зар байгуулна гэж ам­ла­сан байсан. Үнэхээр тийм боломж
байгаа юу?

-Үнэндээ хамтарсан Засаг байгуулах
тухай яриагүй ээ. Ер нь эрх барьж байгаа улс төрийн том хүчинтэй хамтран ажиллана
гэж байгаа. Бид тахимаа өгчихөөд сөрөг хүчин болчихлоо гээд ард түмний 40 хувийн
саналыг авсан энэ том нам ард түмний төлөө хэнтэй ч зөвшилцөж, ойл­голцож, хийж
байгаа ажлыг нь дэмижих ёстой. Тэрнээс энэ нам голын нөгөө талд гарчихсан шүү  гээд эрхэлж, гэдийгээд хэвтэж болохгүй. Эрх биш
улс төрийн туршлага суу­сан зангаргаараа бид өнөөдөр улс төрийн соё­лыг Монголын
нийгэмд төлөвшүүлэхэд оролцох хэрэгтэй.

-МАН-ын бүлэг Зас­гийн газарт нэлээд
шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээр 2016 он хүр­тэл МАН Засгийн газ­рыг унагах ажил хийх
болов уу?

-Өнөөдөр Засгийн газар чинь дүлий
байна. Эдийн засаг унаж байна. 2013 оны хөрөнгө оруу­лалтын төлөвлөгөөгөө 70 хувиар
тасалсан Засгийн газартайгаа олонхи ха­риуцлага тооцох ёстой байсан. Бид ч шаардлага
тавьсан. “Ажлаа муу хий­сэн сайд нартайгаа, эсвэл засагтайгаа бүхэлд нь хариуцлага
тооц. Бид та нарыг дэмжих болно” гэсэн. Өнөөдөр эдийн засаг унаснаас иргэд бу­химдаж
байна. Манай намынхан баруун таван аймгаар явж байхад ир­гэд “Тайван амьдармаар
байна, Та нар ам.долла­рын ханшийг чангаруу­лаад, төгрөгийн ханшийг унагааснаар
бидний амьд­ралаас хулгайлж байна. Та нарын бодло­гын алдаанаас болж бид­ний амьдрал
уруудаж бай­на, хариуцлагыг нь хэн тооцох юм бэ” гэж асууж байсан. Тэгэхээр Засгийн
газартайгаа ха­риуц­лага тооцох учиртай.

-Сэдвээсээ хазайя. Саяхан Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүдтэй уулзсан. Энэ үеэр Д.Арвин ги­шүүн өөрт тохиолдсон зовлонгоо
гомдолтой нь аргагүй Ерөнхий­лөг­чид хэлсэн. Түүнийг үнэ­хээр хэл амаар до­ромжилсон
юм уу. Та Д.Арвин гишүүнд юу гэж хэлсэн юм бэ?

-Тийм зүйл болоогүй ээ. Улстөрд сонгогдсон
хүмүүс тухайн намын дэм­­жигчдийн саналыг авчи­хаад ингэж урвалт хийж байгааг би
хувьдаа дэмждэггүй. Би  Д.Арвинд “Та МАН-д
гомдох эрх байхгүй. Энэ нам таныг хангалттай эрхлүүлсэн” гэсэн. Түүнийг дөрвөн удаа
тойрогт нэр дэвших боломжийг олгож бай­сан. Д.Арвин мундагтаа УИХ-ын гишүүн болчих­сон
юм биш. МАН-ын энэ том намын далбаан дор явж улстөрч болсон. Идсэн хоолныхоо тогоо
руу нулимна гэдэг байж боломгүй асуудал. Би хувьдаа урвалт гэдэг мөн­хийн хувиа
боддог хүмүү­сийн хийдэг ажил гэж бод­дог болохоор тэгж хэлж байгаа юм. Надад то­хиолдсон
шиг явдал Д.Арвин гишүүнд учирсан бол би хүлээж авах бай­сан. 2004 онд улс төрийн
намын лидер нь яаж хү­нийг шахаж болдгийг харж байхдаа би Д.Арвин шиг урвалт хийгээгүй.
Тэрээр АН руу урвас­ны­хаа дараа “Танай нам муухай, та нар шиг муухай хүмүүс байхгүй”
гэж яриад сууж байх нь Монгол хү­ний жудаг мөн үү. Түүнээс айгаад бэргээд байх зүйл
байхгүй.

 Хорхой хүртэл биед нь хүрэхээр арав­ганадаг
ш дээ. Зүгээр байхад өдөөд байвал хариултыг нь өгнө шүү дээ. Энэ бол улстөрчдөд
байдаг ердийн характер. Үүнд ердөө гайхаад байх хэрэггүй.

-Д.Арвин гишүүний хувьд нэг талаар
шахагд­сан байх. Гэхдээ түүний хувьд улстөрийн сонголт байсан юм биш үү?

-Түүний сонголтыг одоо бол хүндэтгэж
байна. Д.Арвин гишүүнийг шахсан буландуулсан юм ерөөсөө байхгүй. Би эмэгтэйчүүдийн
байгууллагын даргын хувьд   Д.Арвиныг МАН-ын
Удирдах зөвлөлийн гишүүнээр оруулж, батлуулж байсан. Шахагдсан хүн Удирдах зөв­лөлд
орох бил үү. Хуучнаар улс төрийн товчооны тийм хүнээ бид шахна гэж үү. Ха­рин сонгуулийн
хуулийн буд­лиантай, тойрогт нэр дэвш­сэн хоёр хүн хоорондоо өр­сөлдөж, зөрчил үүсдэг
тог­лоом тэр тойрогт нь байсан юм байлгүй дээ гэж харж байгаа. Хоорондоо маргалд­даг
тэр зовлон бүх хүмүүст ижил байсан шүү дээ. Нэг тойрогт нэг намаас нэр дэвш­сэн
хоёр хүн хоорондоо үзээд байсан явдал бүх той­рогт байсан л юм билээ. Ма­най аймагт
ч байсан. Гэхдээ тэрийг бид тэвчээд л даваад гарна. Тийм хэмжээний зүй­лийг тэвчээд
даваад гарч чадахгүй хүн яах гэж улс төрд өрсөлддөг юм.

-Та Төрийн ордны зоо­гийн газарт
Д.Арвин гишүүн рүү дайрч давшилсан гэх юм билээ?

-Д.Арвин өөрөө УИХ-ын чуулган дээр
эхлээд над руу дайрсан. Би өнөөдөр “От­гон тэнгэр” дээд сургуулийг байгуулаад
23 жил болж байна. ТҮЦ ажиллуулж үзээ­гүй байж байгаад тэрбумтан болчихон хүмүүсийн
дэргэд би Монгол Улсын залуусын оюуны хөрөнгө оруулалтад хангалттай хувь нэмрээ
оруул­сан гавьяатай гэж бод­дог. Тийм учраас Ерөнхий­лөгч Гавьяат багш гэдэг цол
өгсөн байх. Өнөөдөр хэдэн мянган оюутан залуусыг хоо­лонд хүргэсэн тэр эрдмийн уурхай
руу маань дайрч давш­лаад байгаа “ажаад” бас хариуг нь барина шүү дээ. Энэ бол хүн
ёсны асуудал байсан шүү. Би зүгээр байж байхад нь түүнд тийм хариулт өгөөгүй. УИХ-ын
чуулган дээр оюутны тэтгэлгийн асуудлыг яригдахад л Д.Арвин өөрөө олон юм ярьсан.
Д.Оюун­хорол өөрөө тэр 70 мянгыг авч идэх гээд, Отгонтэнгэр сургуульд санхүүжилт
хийл­гэх гээд л байгаа юм шиг зүйл ярьсан. Би тийм санхүүжил­тийн тухай яриагүй
ээ. Өөрөөр хэлбэл, Их, дээд сургуулиу­дын санхүүжилтийн тухай хуулийг анх Ерөнхийлөгч
өргөн барьсан. Би зургаан сар уг хуулийн ажлын хэсгийг ахалж байж батлуулсан. Ту­хайн
үед манай нам олонхи байсан. Тэгэхэд тэр хуулийг эсэргүүцэж байсан хүн нь Д.Арвин
байж. Тэрийгээ гар­гаж ирж ярихдаа замбараа­гүй байдлаар илэрхийлж, намайг хувьдаа
авах гэж бай­гаа юм шиг ярьсан. Оюутны 70 мянга гэдэг бол өнөөдрийн Монголын ирээдүй
хойч үеийн оюуны хөрөнгө оруу­лалт.

-Их, дээд сургуулиудын эздийг дэмжиж
байна гэж үзсэн юм биш үү?

-Оюутны дансанд орж бай­гаа мөнгө
тэр сургуулийн захиралд ямар хамаа байна вэ. Тухайн оюутан тэр мөнгөө юундаа зарцуулах
өөрийнх нь мэдэл.

-Улс төрд гарсан эмэг­тэй гишүүд
маань ингэж хоо­рондоо хагаралдаад бай­хаар дараагийн улс төрд орох бүсгүйчүүдийн
хувьд хаалт болох талтай…

-Д.Арвин бид хоёр улс­төрд олон жил
хамт явлаа. Бидний хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн, намын нөхдүүд маань хараад ялгаж
салгах байлгүй дээ. Улс төрд явж байгаа эмэгтэйчүүд хувийн эрх ашиг, биеэ цэгцтэй
авч явах хэрэгтэй. Дараагийн үед эмэгтэй улстөрчдийн үүд хаал­гыг тэр загвараар
хааж болохгүй гэдэг байр суурьтай байдаг. Бид улс төрд орж ирж, шийдвэр гаргах эмэгтэйчүү­дийн
тоог нэмэгдүүлье л гэж байгаа юм бол эрх зүйн орч­ныг бий болгож, өөрсдөө загвар
болох ёстой. Тэрнээс урвалт шарвалт хийгээд эл­дэв хор найруулгад хутгал­даад байвал
бидний дараа­гийн улс төрд орох эмэгтэй­чүү­дэд маань гай болох вий гэж боддог доо.

-Өнөөдрийн УИХ-ын чуулганы эхний
асуудал нь Р.Амаржаргал гишүүн тухай байсан. Танай нам ямар байр суурьтай байна
вэ?

-Одоогоор ямар нэгэн байр суурь алга.
Би хувьдаа Р.Амаржаргалыг Монголын төрд байх ёстой, Монголын томоохон улстөрчдийн
нэг гэж боддог. Түүний оюуны потенциалыг монголын төр ашиглаасай. АН-д байгаа тод
өнгө мөн.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Б.Шархүү: Бусдын гарт амиа алдсан охиныхоо шарилыг авчирч чадахгүй л сууж байна даа

“Миний охин хамгийн сүүлд ах руугаа залгаж ярьсан байна лээ.
Өнгөрсөн сарын 12-ны өдөр хүртэл холбоотой байсан юм. Охин минь ах руугаа залгаад
“Би хүний наймаанд явах гээд байна. Та намайг ирж авар л даа. Хүмүүс намайг хөөгөөд
байна. Би айж байна” гэж яриад утсаа салгасан байдаг. Тэрнээс хойш огт холбоо барихгүй
байсаар бусдын гарт амиа алдлаа. Эгч нь хүүхдийнхээ шарилыг Малайзаас авчирч  чадах­гүй л сууж байна. Гадаад хэргийн яамныхан
зургаан сая төгрөг өгсөн. Тэр нь ганц хүний зардалд л хүрэх юм билээ. Ахыг нь ганцаараа
яваад аваад ир гэж байна” хэмээн ярих эмэгтэйг Б.Шархүү гэдэг. Малайзад бусдын гарт
амиа алдсан гэх Б.Энх­туяагийн ээж. Түүнтэй хэргийн талаар цөөн хором ярилцлаа.

-Та охинтойгоо хамгийн сүүлд хэзээ
холбоо барьсан бэ?

-Охин минь 2013 оны аравдугаар сарын
13-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 12-ны орой болтол бидэнтэй холбоотой байж, хүний
наймаанд явах гэж байна, эд эрхтнийг минь худалдаална гэнэ, би зугтаж байна, намайг
хөөж байна, авраач намайг, эндээс аваач зэрэг мессэж бичиж, утсаар ярьж байсан.
Тэгээд л сураг тасарсан. Түүнээс хойш холбогдох гэж олон удаа оролдсон боловч бүтээгүй.
Тэгтэл бидэнд өнгөрсөн сарын 23-ны өдөр ГХЯ-ны Консулын газраас “Малайз улсаас танай
охи­ныг амиа хорлосон байна. Цогцсыг нь авна уу” гэсэн бичиг ирлээ гэж танилцуулаад,
эмгэнэл илэрхийлсэн. Ингэж л охиноо бурхан болсон байна гэдгийг мэдээд хүнд байдалд
ор­чихоод сууж байна. Эгч нь бие тааруу. Охиноо бурхан болсон гэд­гийг мэдсэнээс
хойш ухаан алдаж унаад хүмүүс сандаргаад сууж бай­на. Охиноо амиа алдсан гэдэгт
одоо хүртэл итгэхгүй байна. Инээгээд ороод ирэх юм шиг санагдаад байх юм. Малайз
руу явахдаа охин нь их мөнгө олж ирээд сайхан амьдарна гэж хэлээд  л явсан юм. Охины маань шарил ямар байгааг мэдэхгүй
байна.  Хаана хадгалж байгааг хүртэл сайн
мэдээгүй. Тэр улсынх нь цаг­даагийн газрынхан нэг газарт хадгалж байгаа бололтой
юм. Бидний хүсч байгаа зүйл шин­жээчдийн багийнхантай хамт явах.

-Хэзээ Малайз руу явах гэж байна
вэ. Малайзаас манай Га­даад хэргийн яаманд 
амиа хор­лосон байж магадгүй гэж мэдэг­дээд байгаа шүү дээ. Өмнө нь та бүхэн
рүү утсаар ярьж хүний наймааны золиос болоод байгааг хэлээд байхад холбогдох газ­руудад
хандаагүй гэх мэдээлэл байна?

-Бид Баянзүрх дүүргийн XI хо­рооны
цагдаа нарт мессэж ирэх бүрт, ярих бүртээ хэлж, өргөдөл гаргаж, туслаач, бид яах
ёстой вэ гэж гуйж байсан. Ийм зүйл болохоор хүн төрийн цагдаад хандахаас өөр юу
ч мэддэггүй юм билээ. Гэтэл тэд “Охин чинь солиорчихсон юм биш үү. Яалаа гэж хүний
наймаанд явах гэж байгаа хүн гэрийнхэнтэйгээ утсаар холбог­доод, мэдээлэл өгөөд
байж байх юм. Өөрсдөө учраа ол. Эсвэл хар там­хичин болчихоод солиорч байгаа байх”
зэргээр доог тохуу хийсээр ийм байдалд хүрсэн. Охин минь  бидэнд намайг камертай подвальд хорьж байна гэж
байнга хэлж байсан. Цагдаа нар “Бид шалгаж байгаа. Интерполд бичиг явуулсан. Хариу
удахгүй ирнэ” гэсэн болохоор най­даад байсан юм. Төрийн цагдаа ингэж хэлж байгаа
юм чинь учиртай гэж бодсон. Гэтэл бидний өргөдлийг хэнд ч өгөөгүй сейфэндээ хадгал­чихсан
байсныг сүүлд мэдсэн. Ту­хайн үед сандраад яах ч учраа олохгүй байснаас цаг алдаж
охин минь бусдын гарт амиа алдлаа. Малайз руу хэзээ явах нь тодор­хойгүй байна.
Гадаад хэргийн яамнаас зургаан сая төгрөгийн тусламж үзүүл­сэн. Тэд энэ мөнгөөр
ахыг нь яваад дүүгийнхээ шарилыг аваад ир гэж хэлж байна лээ. Бид ахыг нь явуулаад
шарилыг нь аваад ирж болно. Гэтэл энэ хэргийн араас хэн ч нэхэл дагуул болохгүй
байсаар гэмт этгээдүүд ял авахгүй үлдчих гээд байна. Миний охин хүний наймаанд өртсөн.
Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсаныг нотлох олон баримт байна шүү дээ. Миний
охины эд эрхтнийг нь авчих­сан, хольж, сольчихсон байх магад­лал маш өндөр. Тэгээд
ч сар гаруй хуга­цаанд бусдаас зугтаж, айж, учир байдлаа мэдээлж байсан хүүхэд амиа
хорлоно гэж байхгүй. Тэр тусмаа олон нийтийн газарт тийм байдалтайгаар хорлохгүй.
Зугтах боломж л гарвал наашаа явах арга зам хайх байсан. Харин ч олон удаа зугтаж,
аврал эрсээр байсан. (уйлав) Бас нэг чухал юм хэлэхэд тэнд маш олон хүмүүс хүний
наймааны золиос болж байна гэсэн. Охин маань нэг удаа ярихдаа энд байсан нэг охиныг
аваад явчихлаа, хөөрхий. Одоо хажуугийн өрөөнд байгаа охиныг надаас өмнө авч явна
гэж ярьж байна. Манай өрөө камертай, миний утасны цэнэгийг дуусахаар эд нар цэнэглэж
өгдөг гэж байсан. Одоо охины минь барьж байсан дугаарыг нэг хятад эрэгтэй хүн барьж
байгаа юм билээ. Бид олон удаа залгаж, ярихыг оролдсон. Өөр нэг зүйл нь миний охиныг
тэр хүмүүс “Алтантуяа шиг л болгоно шүү. Хэн ч биднийг яаж ч чадахгүй” гэж байнга
хэлдэг, дарам­талдаг байсан гэсэн. Охины маань цогцсыг авчрахад дор хаяж 60-70 сая
төгрөг орно гэсэн. Чандарлавал 7-8 сая төгрөг зардалд нь орно гэсэн. Биднийг ийм
их мөнгө гаргаж авчирч чадахгүй учраас талийгаачийг тэндээ чандарлана гэж тооцоолсон
байх. Монголоос шинжээч болон бусад албан хүн очихгүй тохиолдолд охиноо бид юунаас
болж, ямар шалтгаанаар, эд эрхтний наймааны золиос болсон эсэхийг мэдэхгүй өнгөрнө.
Энэ хэрэг ингээд намжина гэсэн үг. Үүнийг бид хүсэхгүй байна. Ийм учраас л ХЭҮК-т
хандаад байна. Хүний эрхийн Үндэсний комис­сынхон одоогоор хариу өгөөгүй байна.
Ажил тарахаас өмнө очиж хариу өгөх эсэхийг асуух гээд сууж байна. Болохгүй бол байраа
зараад ч хамаагүй мөнгө төгрөгийг нь олоод шинжээч нарын баг бүрэлдэхүүнтэй Малайз
руу явуулах нь чухал байна. Түүнээс хэл ус мэдэхгүй бид нар очоод юу ч хийж чадахгүй
хүрээд л ирнэ шүү дээ. Харин шинжээчдийн багийнхан гадны нөлөөтэй эсэхийг шалгаж
тогтооно. Үүнээс үүдэн Малайзын цагдаа нар гэмт хэрэгт­нүүдийг илрүүлэх бо­ломжтой
юм.

-Талийгаач ямар зорилготой Малайз
руу явсан юм бэ?

-Хоёр ихэр хүүхэн охиныг маань Малайз
явахаас өмнө танил­цаж, тийшээ хамт явахыг санал болгосон. Өндөр цалинтай, дажгүй
ажил олж өгнө гэж байсан. Тэгээд тэд хамт яваад, хоёр жил орчим найзалж, нөхөрлөөд,
холбоотой байсан бай­гаа юм. Ингэж байхдаа манай гэ­рийнхнийг айхавтар судалж, талий­гаачид
хэр анхаарал хандуулж байгаа, түргэн хугацаанд ирж авч чадах эсэх гээд бүгдийг нь
судалсан бололтой юм. Сая хүртэл охины бичиг баримтыг эндээс канондож, янзлаад явуулахад
хүртэл судал­гаагаа хийж байсныг охин маань бидэнд хэлсэн. Охины маань ярьсан яриа,
бичлэгүүд бидэнд байгаа. Хүний наймааны маш том бүлэглэл, хар тамхи зэрэг бусармаг
зүйлстэй холбоотой болохыг нь миний охин мэдсэн учраас тэд амийг нь бүрэл­гэчихээд
амиа хорлосон болгож байгаа юм. Энэ тухай охин маань бидэнд сануулж хэлж байсан.
“На­майг алчихаад дараа нь яаж үхсэн гэж та нарт ойлгуулах, тайлбарлахыг нь мэдэхгүй
байна. Намайг хүний наймаанд явуулах гээд байна” гэж байсан. Талийгаачтай хамт байсан
гурван монгол хүүхний нэг нь энд ирчихсэн, саяхан төрсөн гэсэн. Нөгөө хоёр нь тэндээ
байгаа гэсэн. Тэдний талаар Эрүүгийн цагдаагийн газрын­хан анддаггүй юм билээ. Монголд
байгаа эмэгтэйг нь лав Малайзад нэртэй биеэ үнэлэгч гэж байсан. Харин нөгөө хоёр
ихэр нь хүний наймаатай холбоотой бүлэглэлийн гар хөл болдог бололтой юм ярьж байсан.
Тэр хоёрыг олж, Монголд авчраач гэхэд “Тэднийг энд авчирч болохгүй. Тэндээ хууль,
хяналтын дор байдаг хүмүүс” гэж Эрүүгийн цагдаагийн нэг хүн хэлж байна лээ. Нэг
хүнийг 5000-7000 ам.доллараар худалдаалдаг гэсэн.

-Талийгаачийн цогцсыг хаа­наас
олсон юм бол. Та бүхнийг Ма­лайз руу явчихсан гэж ГХЯ-аас өнөөдөр мэ­дээл­сэн?

-Охины маань цогцсыг Олон улсын худалдааны
төвийн үүднээс боомилсон байдалтайгаар дүүжил­сэн байсныг хүмүүс олоод цагдаа­гийн
байгууллагад хэлсэн гэсэн.  Энэ бол маш том доромжлол. Охиныг минь хорьж цагдахдаа  сарын хуга­цаанд утсаар яриулж, мессэж бичүүлж,
бидэнд мэдэгдээд, дээрээс нь олон нийтийн газарт тийм байдалтайгаар орхисноос харахад
зөвхөн манай гэр бүлийг бус Монгол Улсыг тэр чигт нь доромжилж, даажигнаж байгаа
явдал. Дээрээс нь тус улсын бүх шатны байгууллагаас манай охинтой холбоотой нэг
ч мэдээлэл хууль, хяналтын байгуул­лага хийгээд, Хүний эрхийн үндэсний комисст ирүү­лээгүй
байна. ГХЯ-ны Консулын газраас бидэнд Малайз руу явах, талийгаачийн хойдод зориулж
зур­гаан сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Гэхдээ шинжээч болон өөр бусад хүмүүс томилж,
явуулах боломжгүй гэсэн. Тиймээс бид ХЭҮК-т хандсан. Ямар хүмүүстэй хэрхэн холбогдож,
явах боломжтой талаар өнөөдөр хариу хэлнэ гэсэн. Мөн бидэнд сайхан сэтгэлийн үүднээс
туслах хэлтэй хүн хэрэгтэй байна. Малайз руу охид, хүүхдүүд хэл сурахаар явлаа л
гээд байдаг. Үнэнийг хэлэхэд хэл сурах боломж, нөхцөл, орчин маш муу гэсэн шүү.
Элдэв зар, хүнд итгэж тийшээ зүглэх ч хэрэггүй гэж хэлмээр байна. Янз бүрийн муу
зүйл боллоо гэхэд чадал муутай эцэг эхчүүд болоод Монголын төр хүнээ амьд дээр нь
аварч чадахгүй юм байна шүү гэж хэлмээр байна.

Ийн ярилцаад Малайзад амь насаа алдсан
Б.Энхтуяагийн ар гэрийнхэн Хүний эрхийн үндэсний комисс руу явсан юм. Талийгаач
бүс­гүй айлын отгон хүүхэд юм билээ. Аав нь бага байхад нь бурхан болсон бөгөөд
ээж, ах, эгчийнхээ хамт амь­дар­­даг байжээ.

Э.БААТАР

 

Categories
редакцийн-нийтлэл

Н.Наранбаатар, Н.Нацагням нарт төрийн соёрхол хүртээлээ

Ерөнхийлөгчийн зар­ли­гаар “Синхрон
генера­торын NaNyam-AX12 ца­хим ав­томат өдөөлтийн систем, түүний виртуаль лаборатори”
төхөөрөмж зохион бүтээсэн Нам­хайн Нацагням болон “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Шөнө
амталсан нулимс”, “Парисын Дарь эхийн сүм” зэрэг олон бүтээлийг тайзнаа тавьсан
Намнан­гийн Наран­баатар нарт тө­рийн соёрхол хүртээлээ. Шагнал гардуулах ёслолын
үеэр “Хий­сэн бү­тээлд олгодог шаг­нал. Н.Нацагнямд Төрийн соёр­­хол хүр­тээж буй
нь онцлогтой. Учир нь шинэ техник технологи нэвт­рүү­лэх ажил Мон­голд үнэ­хээр
чухал байгаа. Энэ чухал ажлыг хийж буй залуучууд, хамт олон цөөнгүй бий. Манайд
шинэ техник тех­нологи, компью­терийн программ хангам­жийг зөвхөн гадаа­дад хийдэг,
монголчууд чадахгүй гэсэн ойлголт байдаг.

Монголчууд үүнийг хийж чадна. Оюуны
бүтээлийг шударга, зөв зүйтэй үнэлдэг болсон цагт Монгол Улсын хөгжил эрчимжиж,
зөв чигт урагшлах учиртай. Харин Н.Наран­баатарын хувьд бас их онцлог чанар бий.
Нийгмийн сэтгэлзүй, оюун санааг хөтөлж явахад манай урлагийнхан онцгой хувь нэмэр
оруулдаг. Н.Наранбаатар нь энэ салбарт эрчимтэй, үр дүнтэй ажил­лаж нийтийн таашаалд
хүрсэн уран бүтээл олныг туурвиж олны хүртээл болгож чадсан. Тиймээс энэ хоёр хүнийг
төр соёрхож бай­на” гэв.

Ингээд шагнал гардуулсны дараа Н.Наранбаатар,
Н.Нацаг­ням нарын сэтгэгдлийг сонслоо.

Н.НАРАНБААТАР: ЭНЭ ШАГНАЛЫГ ХИЙСЭНД БАС ХИЙХ
БҮТЭЭЛД МИНЬ ӨГЧЭЭ

-Төрийн соёрхол хэмээх хүнд­тэй
шагналыг авлаа. Шаг­нуулна гэдэг асар их хариуцлага дагуулж бас цаашид ажлын өндөр
бүтээмж шаарддаг гэдэг?

-Сэтгэл их өндөр байна. Хүн бүхэнд
баярлалаа гэж хэлэх байна. Саяхан Ерөнхийлөгч маань ухаа­лаг төр гэж ярьсан. Манай
театр “Тэнгэрийн хүү” гэдэг жүжиг тавьс­ныг санаж байгаа байх. Тэрхүү жүжгэн дээр
2000 жилийн тэртээх төрт ёсны тухай гардаг юм. Тэгэ­хээр тухайн үед ч гэсэн төрт
ёсны гэх зүйл байсан, ухаалаг төр ч гэсэн тэнд байсан гэдгийг энэхүү жүжгээс үзэж
болно. Ерөнхийлөгч хэлэхдээ хийсэн бүтээлд шагнал өгч байгаа гэдгийг хэлж байна
лээ. Мөн цаа­шид хийх ажилд нь өгч байгаа юм шүү гэдгийг хэлсэн. Залуу хүн учраас
надад их урам өглөө. Бид­ний үүрэг бол ард иргэдийг соён гэгээрүүлэх явдал. Тиймээс
ард түмэндээ олон сайхан шинэ уран бүтээл хийх болно гэдгээ амлаж байна.  

Н.НАЦАГНЯМ: ТӨРИЙН СОЁРХОЛ МИНИЙ
АВСАН АНХНЫ ШАГНАЛ

-Танд баяр хүргэе?

-Баярлалаа, Үнэхээр их баяр­лаж байна.
Яагаад гэвэл миний анхны одон медаль юм.

-Англид ажилладаг байсан гэсэн.
Монголдоо ийм зүйл хийе гэдэг саналыг анх хэзээ гаргаж байв?

-Ер нь IT-ийн бизнест мате­риал­лаг
өртөг гэж бараг байдаггүй. Английн анхны “Женерал селек­тор” гэ­дэг компанид ажиллаж
байх­даа их гайхсан. Материалын зардал нь 0. Хэдхэн центээр аваад олон тэр­бумаар
зараад асар их ашиг олдог байсан. Барууныхан баян байдаг учир нь тийм ухаалаг биз­нес
хийдэг юм байна. Тэгээд тэр оюуны гай­хамшгийг сураад Мон­голд оюунлаг бизнесийг
хөгжүүлье гэж 10 жилийн өмнөөс мөрөөдсөн юм.

-Ямар сургууль төгсөж, ийм мэргэжилтэй
болсон бэ?

-ШУТИС-д Цахилгаан систе­мийн автоматжуулалтын
Ч.Нацаг­дорж багшийн шавь байсан. Цахил­гаан машины багш н.Өлзий-Орших нараар техникийн
давуу талуудаа заалгасан. Англид магистр хамгаа­лахдаа би юу ч сураагүй. Хоёр багшаас
сурсан мэдлэгээрээ би дипломоо бичээд тэр давуу талаа ашиглаад ажилд орж чадсан.
Монгол багш нарынхаа ачаар л Англид ажилд орж 10 жилийн дараа ийм бүтээл хийснийг
маань төр үнэллээ.

Л.МӨНХ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Дамба: Иргэний хөдөлгөөнүүдийг уул уурхай руу турхирах заалт оруулах гээд байна

Монголын Уул уурхайн үндэс­ний ассоциацийн ерөнхий­лөгч
Д.Дамбатай ярилцлаа.

-Саяхан болсон “Том төрөөс ухаалаг төр рүү” форумын
үеэр Ерөнхийлөгч “Энэ нийгэмд хам­гийн их зовж байгаа хүмүүс бол бизнесийнхэн” гэж
хэлсэн.  Уул уурхайнханд илүү хамаатай үг
юм болов уу гэсэн бодол төрж байлаа?

-Ийм цаг ирэх болов уу гэж бодож байсан шүү, ашгүй
тэр цаг нь  ирчих шиг боллоо.  “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн Ерөнхийлөгчийн
санааг уул уурхайн салбарынхан хоёр гараа өргөн дэмжиж байгаа. Эдийн засагт үзүүлж
буй нөлөөг нь харсан ч тэр,  хөрөнгө оруулалт
буурлаа, төрийн тийм шийдвэрээс болж том төслүүд зогслоо гэсэн мэдээллүүдийг анзаар­сан
ч тэр уул уурхайнхан үнэхээр  дарамтад байгаа
том хэсэг. Монгол Улс зөв зам руугаа  эргэх
гээд байгаа юм биш үү гэсэн итгэл төрж байна. 
Төрийн тэргүүн нь ингэж үзэж байхад бусад нь эрхбиш  дагах байх гэж найдаж байгаа. Гэхдээ ажиллагаа
хэрэгтэй. Социализмаас угшилтай, салдаггүй нэг там байна. Төрд ажил­лаад хэдэн жил
болчихсон залуусаас  хүн дарамталж амьдраад
сурчихсан улсуудад байдаг авир салж өгөхгүй байна шүү.

-Юм л бол дарамтлах маягаар харьцах гээд байдаг
гэж биз­несийнхэн их ярьдаг л даа.  Та жишээ
нь хамгийн сүүлд энэ хандлагыг хаана, ямар арга хэм­жээн дээр мэдэрсэн бэ?

-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн сүүлд болсон
хурал дээр. Би тэр зөвлөлийн гишүүн  байгаа
юм. Тэр хурал дээр “МАК” нүүрснээс бензин гаргах сайхан ТЭЗҮ оруулж ирсэн. Бас
“Энержи ресурс” баруун Нарангийнхаа ордын үлдсэн хэсэг дээр нь хайгуулаа дуусгаад
ашиглал­тын лицензээ авах гэж  ТЭЗҮ боловс­руулаад  орж ирсэн. Энэ хоёр асууд­лыг хэлэлцэх үеэр гэхэд
л  хэрэгтэй, хэрэггүй юм яриад, болж л өгвөл
буцаачих санаатай үзээд байх жи­шээтэй. Үг үсгийн алдаанаас эхлээд бага сага юм
байх. Тэрнээс нь өлгөж аваад өөлөөд эхэлж байгаа юм. Мэдэж байгаа мөртлөө  мэдэхгүй байгаа юм шиг мушгиж асуугаад л. Тэгэхээр
нь   би тэсэлгүй үг хэлсэн л дээ. “Та нар
боль л доо. Төрийн тэргүүнээсээ эхлээд том төрөөс болиод ухаалаг төр рүү шилжье
гээд байхад  том, тэнэг төртэйгөө үлдэх гээд
зүтгээд байх юм. Хувийн хэвш­лийнхэн мөнгөө гаргаад ийм сайхан юм хийе гээд байхад
аахар шаахар шалтаг хайгаад зогсоох хэнд ашиг­тай юм бэ.  Та нар ийм сайхан залуус, төрд өчнөөн жил ажиллана.
Жаахан өөр хандлагатай болохгүй бол хөг­жихөд хэцүү дээ” гэх маягийн юм хэлсэн чинь
харин их зөв хүлээж авсан. Ганц Эрдэс баялгийн зөвлөл биш, ер нь иймэрхүү хандлага
төрд байгаад л байна.  “Таны шүүмжилсэн юмыг
засаад ирлээ” гээд очихоор наад зах нь өдрийн хоолонд даалгах гэж үзнэ. Цаашаа явбал
нэлээд юм болдог  байх.

-Ингэхэд Эрдэс баялгийн зөв­лөлд хувийн компанийн  төлөөлөл байдаг уу?

Хувийн компанийн
төлөөлөл огт байхгүй. Төрийн бус байгууллага, 
мэргэжлийн холбоодоос бол  бий. Таван
хүнээс бусад нь яамны мэр­гэжил­тэн, хэлтсийн дарга, АМГ-ын төлөөлөл гээд дандаа
төрийн ажилт­нууд. Ерөөсөө нийт гишүүдийн 
20 хувь нь  л төрийн бус төлөөлөл байх.

-Ер нь ТЭЗҮ дээр хүлээж авна, авахгүй гэсэн асуудал
байнга гарч байдаг. Зөвлөлийн гишүүдийн хандлагаас гадна төртэй хамаа­тай өөр шалтгаан
байна уу?

-Байлгүй яахав. Төртэй холбож ярих олон зүйл бий.
Жишээ нь Ашигт малтмалын хуулинд ямар өөрчлөлт орох нь тодорхойгүй, Эрдэс баялгийн
салбарт төрөөс баримтлах бодлого батлагдаагүй байна. Уг нь 1997 оны Ашигт малтмалын
хууль их либериал болсон. Гэтэл  2006 онд
өөрчлөхдөө сонин болгочихсон. Дээр нь Цөмийн энергийн гээд нэг хууль гаргачихаж
байгаа юм. Энэ хуулиуд нь хоорон­доо авцалдаа муутай. Тэрнээс бо­лоод компаниудын
ТЭЗҮ, тусгай зөвшөөрөл зэрэгт  асуудал их
гардаг.

-Хуулиуд авцалдаа муутай нь ТЭЗҮ  хүлээж авахад саад болдог гэхээр…?

-Өөр өөр, бие биеэ үгүйсгэсэн заалт их байдаг
юм. Компаниудын ТЭЗҮ-ийг хүлээж авахад саад болж байгаа шалтгааны нэг нь энэ. Жишээ
нь Ашигт малтмалын тусгай зөв­шөөрөл авах юм бол ТЭЗҮ бүртгэж авна гээд заачихсан.
ТЭЗҮ-гээ хүр­гүүлнэ, бүртгэж авна гэсэн зохицуу­лалт хийж өгсөн. Гэсэн хэр нь баталж
байгаа юм шиг асуудалд хандаад байдаг. Төр хариуцлага хүлээх гээд байгаа ч юм шиг.  Уг нь хувийн компанийн юманд төрийн ажилтан хариуцлага
хүлээх ямар ч шаардлага байхгүй. Хохирлоо гэхэд мөнгөө гаргаж юм хийсэн улс л хохирно.
Ийм юманд зүгээр л нэг улсын үйлдвэрийн газартай харьцдаг аргаараа хандаад байна
л даа.

-Төрөөс болоод гацсан, Мон­голд  ашгаа өгөх байсан ч зогссон уул уурхайн том төсөл
гэвэл та ямар төслүүдийг онцлох вэ?

-Ашгаа өгөхөөр том ордуудын ТЭЗҮ хүлээгдсэн жишээ
гэвэл олон. Уран байна. Стратегид авна гэдэг зарчмаараа бариад саатуулаад байх жишээний.
Ураны зарим ордын ТЭЗҮ одоо болтол шийдэгдэхгүй 
явж байгаа. Бороогийн алтны уурхайн уусган баяжуулах технологийг гэхэд аль
гурван жилийн өмнөөс ярьж батлахгүй явсаар байгаад өнгөрсөн жил л зөвшөөрсөн. Дэлхийн
хөгжил­тэй орнуудад хэрэглэдэг технологийг хортой гэж хардаад хоёр жил ав­чихаж
байгаа юм.

-Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг
УИХ хэлэл­цэж байгаа. Чуулганы хуралдаа­ныг анзаарч байхад  хууль тогтоог­чид эдийн засгийг чирч явах сал­бартаа
барих бодлого дээр арай л хайхрамжгүй хандаад байх шиг?

-УИХ үнэн дампуу газар байна лээ. Сууж байгаа
гишүүд өөрийнхөө кнопыг дарахаас гадна  хажуу­гийнхаа
гишүүний тов­чийг дарчихаж байгаа юм. Чуулганы танхимд сууж байгаа гишүүн хоёроос
доошгүй гишүүний өмнөөс санал өгөөд байна шүү дээ.

-Хуулийн төсөл дээр сууж байгаа ажлын хэсэгт төрийн
бус­чуудыг төлөөлсөн   хоёр хүний нэг нь та.
Ер нь ажлын хэсэг хэр ажиллаж байна вэ?

-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын
баримт бичиг дээр ажлын хэсэг  маш их ажилласан.
Тэр дундаа ажлын хэсгийн ахлагч  С.Одонтуяа
гишүүн сэтгэл гаргаж, гайгүйхэн баримт бичиг батлуулчих юмсан гэж цаг наргүй ажиллаж
байгаа.

-Тэгвэл 
УИХ-ын гишүүд чухал асуудал хэлэлцэж байгаа гэдгээ ойлгоод хандчихад л болох
юм байна. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын хэ­лэл­цүүлэг дээр гишүүд
яг ямар заалтуудад нь  буруу товчлуур дарчихав
аа?

-Нэг аюултай заалт орж магадгүй байгаа. “Уул уурхайн
үйл ажил­лагаанаас болж байгаль орчинд учирсан хохирлыг төрийн бус бай­гуул­лагаас
нэхэмжилж улсын болон орон нутгийн төсөвт оруулсан то­хиол­долд үнийн дүнгийн тодорхой
хувиар тухайн байгууллагыг урамшуулна” гэсэн заалтыг Оюунбаатар гишүүн оруулаад
ирж байгаа юм. Иргэний нийгмийн байгууллагын нөхдийг уул уурхайн эсрэг турхирах
заалтыг оруулаад   өгчихсөн гэсэн үг.  Төрийн бус байгууллага ашгийн бус байдаг, гэтэл  энэ заалтаар бол төрийн бус байгууллага мөнгөний
төлөө явах болчихож байна. Энэ заалт тавь, тавин хувьтай байгаа. Дэмжигдэж ч магадгүй
гэсэн үг. Гэхдээ хоёр дахь хэлэлцүүлгээр дахиж орж ирнэ. Хэрвээ энэ заалтыг тусгачихвал
уул уурхайн салбарынхны  ажлыг хийлгэхгүй.  Дурын  нэг
хүн төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөн байгуулчихаад уул уурхайнхнаар оролдоод
байх нь л дээ. Төрөөс уул уурхайнхныг дарамталлаа гээд мөнгө өгдөггүй байхад ийм
байгаа юм чинь мөнгө өгнө гэчихвэл   яах нь
тодорхой.   

-Чуулганы хэлэлцүүлгээс ан­заа­рахад лав л гүний
усыг уул уурхайд хязгаарлалттай биш, яаж ч ашиглаж болохоор байдал үүс­чихээд байгаа.
Өөр ямар аюултай заалтан дээр гишүүд толгой до­хисон бол?

-“Эрдэс баялгийн олборлох бо­ловсруулах үйлдвэрлэлд
газрын гүний усыг хэмнэлттэй болон дахин ашиглах орчин үеийн дэвшилтэт технологийг
дэмжиж газрын гадар­гын усыг түлхүү ашиглах” гэсэн заалт орсон байсан юм. Харамсалтай
нь энэ заалт санал хураалтаар унасан. Тэгэхээр эрдэс баялгийн салбарын бодлогод
гүний ус, гадаргын ус гэсэн үг байхгүй болчихож байгаа юм. Гүний ус хэрэглэх боломж  нээлттэй үлдсэн гэсэн үг. Гишүүдийн унагасан өөр
нэг хэрэгтэй заалт бий. “Өөрийн үйлдвэрлэл болон нийтэд зориулж дэд бүтцийг өөрийн
хөрөн­гөөр барьж байгуулсан тусгай зөв­шөөрөл эзэмшигчийг татварын бодлогоор дэмжих”
гэсэн заалт  унасан. Уурхай суманд сургууль
барьж өгөхөд яагаад татварын бод­логоор дэмжиж болохгүй гэж. Уг нь хөдөө орон нутгаа
хөгжүүлье, ком­паниудаар сургууль, цэцэрлэг ба­риулъя  гэж бодвол энэ заалт их зүгээр байсан юм.

-Бизнес дэх төрийн оролцоо, дарамтыг багасгах
чигийн заал­тууд эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогод хэр туссан бэ?

-Тийм чигийн маш сайн заал­туудыг унагаад байна  л  даа.
“Төрийн өмчийн аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгож өөрчлөх үйл ажиллагааг
үе шаттайгаар хэрэг­жүүлэх, нийтийн өмчтэй болгох” гэсэн заалтыг унагасан. Уг нь
энэ заалт орчихвол яваандаа төрийн өмчит аж ахуйн нэгжээс татгалзах бодлого барих
байсан юм. Өөр нэг гоё заал­тыг унагасан. “Төрийн байгууллага хөрөнгө оруулагч,
мэргэжлийн хол­боод болон иргэний нийгмийн бай­гууллагын төлөөллийн тэгш байдлыг
хангасан бие даасан бодлогын зөвлөл байгуулж, хамтын шийдвэр гаргах тогтолцоонд
шилжих” гэсэн заалт унасан. Уг нь энэ баримт бичгийн амин сүнс байхаар өгүүлбэр.
Хэн дуртай нь хууль санаачилж оруулж ирээд 
энэ салбарыг алаад байдгийг болиулах гэсэн агуулгаар орсон заалт. Уул уурхайн
чигийн ямар ч хууль тогтоомжийг Бодлогын зөвлөл гэдэг юмаар заавал хэлэлцэх ёстой,
тэгж байж УИХ, Засгийн газарт оруулъя гэсэн санаа байсан юм. Нэг  чухал заалтыг балай болгоод хая­чихсан. “Төрийн
оролцоог бүртгэл, зөвшөөрөл, хяналтын түвшинд ча­давхижуулж ашигт малтмал эрэх,
хайх, олборлох үйл ажиллагааг хязгаарлах” гэсэн заалтыг бас уна­гасан. Төрийн оролцоог
байлгах сонирхол их байгаагийн л илрэл.

-Төрөөс гэнэт гэнэтхэн хууль, тогтоол гаргаад
байсны уршгаар уул уурхайн салбар унасан гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Яг ийм
шалтгаанаар хөрөнгөө оруул­сан хүмүүс хохирсон жишээ олон байх шүү?

-Газрын ховор элементийн хай­гуул дээр хөрөнгө
оруулагчид өчнөөн мөнгө зарсан. Гэтэл өнгөрсөн есдүгээр сард Уул уурхайн яамнаас
долоон ордыг стратегид оруулах санаачилга гаргахдаа  газрын ховор элементийн дөрвөн ордыг оруул­чихсан.
Дөрвүүлээ хувийн хэвшлийн эзэмшилд байгаа. Дорноговийн Хатанбулагт орших Лугийн
голын орд  гэхэд л Канадын Рио гэдэг компанийн
мэдэлд байдаг. Энэ компани хай­гуулд их мөнгө зарсан. Ашиглахад бэлэн болчихсон
шахуу, боломжийн нөөцтэй орд. Гэтэл стратегид оруулах яриа гарснаас хойш үйл ажиллагаа
нь таг  зогсчихсон. Мушгиа худгийн орд байна.
“Монгол газар”-т лиценз нь бий. Мянганбаяр санаа нь зовчих­сон явж байна лээ. Их
мөнгө зарсан болохоор арга ч үгүй байх. Ховдын Халзан бүргэдэйн ордын ажил мөн л
зогссон. Монгол компани лицензийг нь эзэмшдэг орд байгаа юм.

-Стратегид уул уурхайн ордуу­даас нэмж оруулна
гэсэн төслийг салбарынх нь яамнаас санаачилж өргөн барьснаас хойш  зогссон том төслийн нэг нь “Хөшөөт”. Ингэхэд Хөшөөт
юу болж байгаа вэ?

-Уурхайгаа ашиглалтад оруула­хаас өмнө замаа тавьж,
баяжуулах үйлдвэрээ барьж, ажлаа яг эхлэх гэж байсан төслийг зогсоочихсон л доо.
Одоо уурхай нь зогссон, аймгийн төвөө нүүрсээр хангаж чадахаа байчихаад байгаа.
Увсын Хотгорын уурхайгаас Ховд аймагт татаж авчрах мөнгийг нь уурхай өгч байна.
Их хэмжээний хөрөнгө оруулаад яахаа мэдэхээ байчихаад байгаа хөрөнгө оруулагчид
мөнгөө гаргаад энэ асуудлыг шийдэж байна гээд бод доо. “Мо Эн Ко”-гийн Хонконгийн
Хөрөнгийн бирж дээрх хувьцааны  ханш навс
унасан.  Төр булаагаад авангуут ингэх нь тодорхой.
Страте­гид оруулна гэсэн бүх ордын үйл  ажиллагаа
зогсчихоод байна. 

-Стратегид оруулахаар нэр­лэсэн ордуудын хөрөнгө
оруу­лагч­даас  “Бороо гоулд” л страте­гид
орно гээд байгаа байх аа?

-“Бороо гоулд”-ын хувьд хүсээгүй жирэмслэлт гэдэг
шиг юм болоод байгаа. Гачууртын ордоо ашиглах гэхээр урт нэртэй хуульд орчихсон.
Урт нэртэй хуулинд нэг  тэнэг заалт бий.
“Стратегийн орд энэ хуульд хамаарахгүй” гэсэн заалт. Страте­гийн орд бол ой усанд
нөлөөлсөн ч болох нь л дээ. Ийм шалтгаанаар л стратегид сайн дураараа орох гээд
байгаа юм.

-Хөрөнгө оруулалт эргээд нэ­мэг­дэхэд хугацаа
шаардана гэж яриад байгаа. Таныхаар гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд төр
одоо  яах ёстой вэ?

-Яг одоо бол томоохон төсөлтэй компаниуд үйлдвэрлэлээ
байгуулах ч юмуу, гадаадын зах зээл дээр IPO хийх асуудал таг зогсоод байна. Гайгүй
болоод  гараад ирэхээр  төр нь булааж авах гээд байгаа учраас аргагүй
л дээ. Өнөөдрийн тухайд бүх хүн айгаад хөдлөхөө больсон. Хө­рөнгө оруулагчдын хувьд
Эрдэс баялгийн салбарт төрөөс  баримтлах бодлогоо
эхлээд батлаг, дараа нь Ашигт малтмалын хуульдаа ямар өөрчлөлт оруулахыг харъя,
урт нэртэй хуулиа яах нь вэ, тэгж байж болъё гэж байна. 

-“Том төрөөс ухаалаг төр рүү” форум дээр Ерөнхийлөгчийн
хэл­сэн үгийг  бизнесмэнүүд олзуур­хаж хүлээж
авсан. Ерөнхийлөг­чийн үгнээс аль хэсэг нь танд илүү таалагдсан бэ?

-Ер нь хэлсэн үг бүр нь таалагд­сан. Тэр дундаа
“Төр хувь эзэмших хэрэггүй гэдгийг Оюу толгойн 34 хувь орой руу  ортол ойлгууллаа”  гэсэн үг нь илүү таалагдсан. Үүнээс өөрөөр юу
гэж хэлэхэв. Төр хувь эзэмшдэг, стратегийн орд гэдэг нэрээр хувийн хөрөнгийг булааж
авдаг юмыг болих цаг болсон. Төрийн тэргүүн тодорхой хуулиуд гаргаж бизнесийнхний
санаа оноог сонсъё гэж байгаа.  Уул уурхайнхны
хувьд ч санал хэлэх хуулиуд бий. Шилэн дансны хууль, төрийн аж ахуй үйл ажиллагааны
хязгаарлалт дээр саналаа өгнө. Төс­вийн хөрөнгө оруулалтын, Төрийн бараа үйлчилгээ
худалдан авалтын тухай хуулиуд дээр ч саналаа хэлэх боломжтой гэж харж байна. Төрийн оролцоог багасгасан, хүнд суртлыг арилгах чигийн хуулиудыг боловс­руулж
Ерөнхийлөгчид хандъя гэж бодож байна. Ашигт малтмалын хуулинд байгаа болохгүй заалтууд,
төрийн оролцоог багасгахад орол­цох боломжийг бидэнд нээж өглөө гэж олзуурхаж байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Монгол хүнийг эх оронд нь хажиглана гэдгээ ил тод зарлагч Б.Пүрэвдоржийг огцруулах хэрэгтэй

Гадаадын иргэн харьяа­тын асуудал эрхлэх газрын
дарга Б.Пүрэвдорж саяхан телевизэд ярилцлага өгөх­дөө монголчуудыг хажиг­ла­на,
ад үзнэ гэдгээ олон ний­тэд ил тод зарлалаа. Ад үзэх­дээ бас хүнд суртал гаргана  гэлээ. Тэрээр өөрийнхөө удирд­даг байгууллагыг  “Мон­гол Улсын үндсэний аюулгүй байдлыг хангадаг
байгуулла­гын нэг” гэж тодорхойлж хэл­сэн. Гэтэл үндэсний аюулгүй байдалдаа халдахаар
үг хэл­чих­лээ. Мөн төрийн албан хаагчдыг хүнд сурталгүй бол­гох гэж яриад байгаа
энэ үед “Би хүнд сурталтай” гэдгээ бас зарлав. Тэрээр гурван зүйлд хүнд суртал гаргана
гэж маасайтал инээж байгаад хэнэг ч үгүй хэлнэ лээ.

Эхнийх нь манайд ирээд ажиллаж байгаа гадныханд
хүнд суртал гаргах нь.  Хоёр дахь нь 1990
онд эдийн засаг хүнд байхад гадаадад гарч явчихаад одоо эдийн засаг сайжраад, нийгмийн
халамж өгдөг олсон цагт Монгол эх орон минь гэж ирж байгаа тэр хүмүүст иргэншлээ
сэргээхэд нь хүнд суртал гаргах юм байх. Хэлэхээсээ өмнө тэр яриад байгаа хүнд суртлаа
гаргаж ч байсан нь хэлсэн үгнээс нь ойлгомжтой байв. Түүний хүнд сурталддаг яриа­наас
Гадаадын иргэн харьяа­тын газрын хийдэг ажил нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалах
биш  бүүр эсрэгээр аюултайгаар халдаж суудаг
юм байна гэж бодогдоод явчихсан. Мөн гурав дахь хүнд суртлаа хүүхэд үрчилж авах
гэсэн гадны иргэдэд гаргадаг гэсэн.

Түүнтэй ярилцсан сэт­гүүлч хачирхалтай үгийг нь
лав­лаж  “Монголоо гээд  хүрээд ирж байгаа хүмүүст хүнд суртал гаргана
гэдэг чинь арай хатуу биш үү” гэхэд     “Хорин
жилийн өмнө Монго­лоо орхиод явсан хүмүүс өдий зэрэгтэй болохоор нь ирж байгаа юм
чинь жаахан явуулъя л даа” гэж байна.  Өөрөөр
хэлбэл эрхэм түшмэ­лийн хэлснээр нутагтаа ирж байгаа тэд иргэншлээ сэргээх гэж  мань даргыг 
царай алдаж гүйх ёстой гэнэ. Дарга харин “Хэн та нарыг олон жил гадаадад
яв гэсэн юм.  Та нар тийм ч амархан иргэншлээ
сэргээхгүй шүү” гэх бололтой.   Тэгээд л баахан  цаг хугацаа алдуулж, тамладаг юм байна.   Тэрийгээ шууд хэлчихсэн л дээ. Гадаадад амьдардаг  байтугай дотоодод байгаа монголчуудын дургүйг
хүргэ­мээр үг мөн биз дээ.

Ажлаа мэддэггүй, мэдэ­хийг ч хүсдэггүй, ухааны
өчүү­хэн ч сүвгүй юм уу даа гэж бодогдохоор 
энэ түшмэл яаж ингэж амны зоргоороо ярьж чадаж байнаа. Яг ийм хөөр­цөг түшмэд
Монгол Улсын иргэнд өөрийнхөө үзэмжээр хандан дээрэлхэнэ гэж урьд­чи­лан мэдээд
Үндсэн хуульд тэр тухай заагаад өгчихөж. Үндсэн хуулийн 15.1-д “Мон­гол Улсын иргэний
харьяа­лал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл журмыг гагцхүү хуулиар
тог­тоо­но” гэж заасан байдаг. Тиймээс  монгол
хүн Монгол­доо ирэхийг, иргэнээ сэргээ­хийг ганцхан Б.Пүрэвдорж даргын үзэмжээр
тогтоодог юм биш. Мөн цааш нь Үндсэн хуулийн 15.2-т “Монгол Улсын иргэнийг харьяатаас
хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлж өгөхийг хориг­ло­но” гэсэн байна. Нэгэнт
Үнд­сэн хуулиас дурдсаных да­хиад нэг зүйл энэ болчимгүй даргад сануулчихъя. Үндсэн
хуулийн 16.18-д “….Гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гээд
бас заажээ.  Монгол Улсын иргэ­ний ирэх, ирэхгүйг
Б.Пүрэв­дорж гэдэг хурган дарга мэд­дэг юм биш. Дээрх заалтуу­даас харахад энэ  даргын хэлсэн, хийсэн, үйлдсэн бол­гон Үндсэн
хуулийг зөрчсөн байна. Тэр дарга хүнд суртал гаргах, хөнгөн суртал гаргах нь падгүй.
Яагаад гэвэл энэ бүх харилцааг Үндсэн хуу­лиар зохицуулчихсан аж. Угаас хүнд сурталтайгаа
өөрөө зарлаад хэлээд байгаа болохоор хүнд сурталгүй гэж хэлэх ямар ч шалтаг, шалт­гаан
алга. 

Хамгийн аюултай нь эрхэм даргын энэ үг, үйлдэл
Үндсэн хууль зөрчсөн нь өөрөө асуудал юм. Тэрээр ингэж Үндсэн хууль зөрчсө­ний­хөө
дараа уучлал гуйж хэвлэлийн хурал зарлана лээ. Ам алдвал барьж болдог­гүй, агт алдвал
барьж болдог гэж үг бий.

Болчимгүй түшмэлийг Зас­гийн газрын хуралдаа­наар
авч хэлэлцжээ.  Зургаан сар цалингийн хорин
хувиар торгоно гэсэн байх юм. Сард сая төгрөгийн цалинтай гэж бодвол 20 хувь нь
200 мянган төгрөг  болно. Зургаан сард сая
200 мянган төгрөг гэсэн үг. Б.Пүрэвдорж энэ зэргийн хэдэн төгрөгөнд хашрахгүй.  Н.Алтанхуяг хууль зөрчсөн түшмэлийг ингэж шийтгэх
нь толгойг нь илж “Ард түмэндээ хүнд суртлаа гарга, гарга” гэснээс   ялгаа алга. Тэгвэл яах ёстой юм бэ.  Эцэг хуулиа зөрччихөөд байгаа энэ түш­мэ­лээ албан
тушаалаас нь даруйхан огцруулах хэрэгтэй юм. Монгол иргэнээ нутагтаа ирэхэд нь ад
үздэггүй, иргэдээ алгаа тосоод угтах дарга захаас аваад олдоно.

Аль ч улс орон иргэнээ гадаад явуулдаг. Иргэд
нь яваад ирж л байдаг. Техник технологи, 
ажлын арга барил сураад, боловсрол эзэмшээд, мөнгө олоод ирдэг.  Зарим нь  
ирэхгүй байсан ч болдог.  Харин ганцхан
Монгол Улсын гадаадын иргэн харьяатын албаны дарга л үүнийг буруу гэж үзээд байгаа
юм.    Ерөн­хий­лөгчийн хэлээд байсан Олуулаа
болох, Том төрөөс ухаалаг төр лүү,  Засийн
газ­раас хэрэгжүүлж буй Зөгийн үүр хөтөлбөрүүдийн эсрэг ингэж уран донгодоод байгаа
Б.Пүрэвдорж албан тушаал дээрээ иймхэн донгодуулаад  л албан тушаал  дээрээ үлдэх юм гэнэ.

Монгол Улсын иргэнийг Үндсэн хууль зөрчин байж
эх оронд нь хажигладаг Пүрэв­дорж  гэгч ямар
эрхтэй хүн бэ. Үндсэн хууль зөрчсөн төрийн албан хаагчийг “зөв” гэж хаа­цайлж авч
үлдэж байгаа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө хамтдаа огцрох хэрэгтэй.

Гадаадад байгаа монгол­чуу­даа ад үзэх биш, манай
тусгаар тогтнолын баталгаа гэж үзэх ёстой. Цөөн хэдэн түвдүүд яагаад дэлхийн анхаа­ралд
байна. Цагаа­чил­сан хэдэн түвд иргэд нь дэл­хийн өнцөг  буланд 
Хятадын элчин сайдын яамны үүдэнд эсэргүүцлийн жагсаалыг тэд хийдэг  юм.  Дэлхий
тэр хаалт­тай бүсэд хүний эрх зөрчиг­дөж байгаад анхаарал хан­дуулж чадаж байна.
Монголд хүндхэн асуудал боллоо гэхэд гадаадад байгаа мон­гол­чууд л дэлхийд биднийг
төлөөлнө. Тиймээс гадаадад  байгаа монголчуудыг
дотоо­дод байгаа хэдэн бор цэрэг­тэйгээ адил гэж тооцоход буруудах юмгүй. 

Ухаалаг төр байхын тулд  ухаангүй түшмэдээсээ салах хэрэгтэй. Мойног гэж
хуруу­гаа тасдаад хаядаггүйтэй адил, гадаадад яваад ирлээ гэж  монгол хүндээ хүнд сур­тал гаргах хэрэг үү. Монгол
хүн Монголынхоо иргэнш­лийг сэргээх нь байтугай, гадаад хүн хүртэл Монгол  Улсын иргэн болдог юм шүү. Тиймээс биднийг олуулаа
болоход саад хийдэг, Үндсэн хуулиа зөрчөөд олны өмнө таахалзсан Б.Пүрэвдорж одоо
хашиж буй албаа гүйцэт­гэж чадахгүй гэдэг нь тодор­хой байна. Эрхэм Ерөнхий сайд
та түүнийг авч үлдэх дээрээ тулвал  өөрөө
огцрох хэрэгтэй. Учир нь ухаангүй ноёнд урагшгүй албат гэж үг бий.

Categories
редакцийн-нийтлэл

Төр баялаг бүтээгчдээ дарамтлахгүй байхыг хүсэв

МАН-ын бүлгийн өргөт­гөсөн хурал­даан өчигдөр
Тусгаар тогт­нолын ордонд нээлттэй бол­лоо. Энэ удаа­гийн хурал­даанд МАН-ын дарга
М.Энх­болд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнх­бат, МАН-ын бүл­гийн дарга Н.Энхболд
болон бусад УИХ-ын гишүүд оролц­лоо. Мөн бизнес эрхлэгчид, баялаг бүтээг­чид, намын
гишүүд дэмжигчид хурал­даанд сууж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэв. Хурал­дааны эхэнд
“Бизнес эрхлэгч­дэд тулгам­даж буй асуудлууд, үүнийг хамтран шийдвэрлэх арга зам”
сэд­вээр МАН-ын дарга М.Энхболд илтгэл тавьсан юм. Түүний дараа МАН-ын бүлгийн гишүүд
мэдээлэл хийж, баялаг бүтээгчидтэй санал солилц­лоо. УИХ-ын гишүүн Л.Энх-Амга­лан
“Хөрөнгө оруу­лалтын хууль батлагдсанаар хөрөнгө оруулж буй бизнес эрхлэгчид адил
тэгш эрхтэй болсон. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулагчид давуу эрх эдэлдэг байсан
бол шинэ хуулиар адил болсон. НӨАТ, Орлогын татварыг ядаж 10 жил тогтовортой байлгах
хэрэгтэй” гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Засгийн газрын өрийн тухай мэдээлэл
хийлээ. Тэрбээр “Манай орны өрийн хэмжээ бага байх ёстой. Манай орон зээл авахад
ямар ч эрсдэлгүй байсан ч одоо дундаж эрс­дэлтэй орнуудын жагсаалтад орсон. Гадаад
өрийг хязгаар­лах хэрэгтэй” гээд 1980 оны Латин Америк шиг хүндхэн бай­далд орох
вий гэдгийг анхааруулав. Түүнийг илтгэл тавьж дууссаны дараа Сү.Батболд баяр хүргэж
гар барьж байсан юм.

Тус намын бүлэг “Наран­туул” зах амардаг ганц
өдрийг сонгож мягмар гаригт хийж буйгаа тодот­гож байлаа. Гэсэн ч “Нарантуул” захын­ханы
төлөөлөл төдийлөн байгаагүй бөгөөд МАН-ын угшилтай бизнес эрхлэгчид өөрсдийн үзэл
бодлыг хэлж байгаа харагдсан. Харин хуралд оролцогчид өөрсдийн өмнө тулгамдаж буй
асууд­луудыг дэлгэ­рэнгүй ярилцаж, төрөөс ирж буй дарамтыг багасгаж, хүнд суртлыг
арилгах тал дээр намынхаа гишүү­дийн ан­хаарч ажил­лахыг захиж байв.

Хэдэн жилийн өмнө аятай­хан хөгжиж эхэлсэн жижиг
дунд бизнес эрхлэгчид өнөөдөр үүдээ барих хэм­жээнд тулсан нь төр бизне­сийн салбарт
дэндүү ихээр оролцож байгаагийн хар гай гэв. Иргэдийн зүгээс ам.дол­ларын ханшийн
чангаралтад ихээхэн санаа зовж байсан ба өнөөгийнх шиг нөхцөл байдалтай ОХУ
1990 онд нүүр тулж байжээ. Тэдний зүгээс 1995, 1996 онуудад гурван удаа реформ хийсний
дүнд өнөөгийн сэргэлтийн байдлыг олж авсан. Төгрө­гийн ханш унаж буй энэ үед мөнгөний
бодлогоо шинэчлэх хэрэгтэйг хэд хэдэн хүн хэлж байв.

Үг хэлж байсан хүмүү­сийнх ихэнх нь бизнесийн
талаар яриа­гаа эхэлж улс төрөөр дуусгаж байсан нь зарим бизнес эрхлэгчдэд таалаг­дахгүй
байгаа нь мэдрэгдэж байсан юм. “Ган хийц” компанийн захирал Н.Даваасүрэн “Баялаг
бүтээгч бид Монголын төрийг хэцүү байхад авч явсан нь үнэн. МАН төр барьж байхдаа
дорвитой шийдвэр гаргаж бидэнд дэмжлэг үзүүлж бай­гаагүй. Улсын төсвөөс “Ган хийц”
компанийн барилгын төсвийг УИХ-д сууж буй манай МАН-ынхан өөрсдөө хассан. Өнөөдөр
би тендерт ялчихаад төсөвгүй сууж бай­на. АН-ынхан гурван тэрбум нэг зуун сая төгрөг
баталсан” хэмээн ярьсан юм. АН-ынхан яаж зоригтой шийдэж, ажил хийж байна. Бидэнд
зориг дутаж байна. Манай нам хэтэрхий ноомойгоосоо болж алдаж байна. Аливаа шийд­вэрийг
зоригтой гаргах ёстой хэмээн нэмж хэлээд хуралд оролцогчдын алга ташил­таар шагнууллаа.

Гадаадад амьдарч бай­гаад ирсэн залуус бизнес
эрхэлье гэхээр Улсын бүрт­гэлийн Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газраас эхлээд хүнд
суртал гаргагчид олон. Хичнээн их урам зоригтой эх орон­доо ирсэн ч  төрийн байгуул­ла­гын хүнд суртлаас болж шантрах
тохиолдол гарч байгааг залуу бизнесмэнүүд илэрхийлэв.

“Би та нарт, МАН-д хэрэг­тэй” хэмээн цээжээ дэлдэх
нэгэн ч ирсэн байсан. Хам­гийн гол нь эдийн засгийг улс төржүүлэхээ болиочээ гэсэн
санаанууд хүн бүрийн амнаас цухалзаж байсныг онцлох хэрэгтэй. МАН ялагдсан нам гээд
урвайж суухын оронд нэг нэг ажил барьж авч ард нь гарах ёстойг ахмад үеийнхэн нь
сануулав. Биз­нес эрхлэгчид цаашид иймэр­­хүү хурал­дааныг зохион байгуулах хэрэгтэй
гэдгийг оролцогчид хэлц­гээ­сэн. Энэ өдрийн хуралдаанд ирэгсэд төр баялаг бүтээгчдээ
дарамт­лахгүй, хөрөнгө хураах­гүй байхыг эрх баригч­дад дам­жуулж өгнө үү хэмээн
онцгойлон захиж байв.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Африкийн ард түмэн монгол цэрэгт амь байлаа шүү дээ

БНӨСУ-д үүрэг гүй­цэт­­гэсэн хоёрдугаар мотобуудлагын ба­тальо­ны
захирагч ху­рандаа Ч.Түмэндэмбэ­рэл­­тэй ярилцлаа.

  -Бүгд найрамдах өм­нөд Судан улсад Мон­гол Улсын 850 цэрэг үүрэг
гүйцэтгээд ирлээ. Анх удаа Монгол Ул­саас ийм олон цэргийн бүрэлдэхүүн явсан байх
аа?  

-Энэ удаагийн
бидний үүрэг гүйцэтгэсэн газар бол Бүгд найрамдах өмнөд Судан улс байлаа. Мотобуудлагын
ба­тальон буюу нийт 850 цэргийн албан хаагчтай үүрэг гүйцэтгэлээ.

Зэвсэгт хүчний нийт 44 анги бай­гууллагын төлөөллөөс 21 аймгийн
нутаг дэвсгэр, Улаанбаатар хотоос бие бүрэлдэхүү­нийг сонгон шалгаруулж  батальон байгуулсан. Өнгөрсөн гуравдугаар сараас
өнөөдрийг хүртэл нийт есөн сарын хуга­цаанд үүргээ  амжилттай гүйцэтгэлээ. Энэ удаа­гийн батальоныг
удирдах эрхийг надад өгсөн. Цэргүүдээ эсэн мэнд эх оронд нь авчирсандаа сэтгэл өндөр
байна.

-Манай цэргүүд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-НҮБ-ын энхийг дэмжих ажил­лагаанд Монгол Улс батальон оруул­на
гэдэг бол манай улс НҮБ-д нэр хүндтэй байгаагийн илрэл юм. Ямар ч улсын зэвсэгт
хүчин НҮБ-ын ажил­лагаанд батальон оруулахыг том зорилгоо болгодог. Монгол Улсын
зэсвэгт хүчин чадваржсаны илрэл. Батальон болгоны  үүрэг адилхан. Заасан газар нутаг дээр НҮБ-ын
өмч хөрөнгө, үйл ажиллагааг хамгаалах, хүмүүнлэгийн маш олон байгуул­лагын үйл ажиллагааг
хэвийн байл­гах үүрэгтэй. Тухайн газар нутаг дээр тодорхой байрлалуудад хол, ойрын
эргүүлүү­дийг зохион байгуулж, НҮБ-ын дал­баа, сүр хүчийг харуулж, түүгээрээ ямар
нэг болзошгүй аюу­лыг няцаах үүргүүдийг хүлээдэг. Дээр нь орон нутгийн засаг захиргаа,
тухайн нутгийн цэргийн нэгж, цаг­даагийн байгууллагуудад дэмжлэг үзүүлнэ. Манай  батальон долоон газар, гурван мужийг хамарсан
нутаг дээр үүрэг  хүлээж, болзошгүй то­хиол­долд
энгийн иргэдийг шууд хамгаалах байсан.

-Цагийн байдал хэр хүнд бай­сан бэ. Эрсдэл өндөр байв уу?

-Цагийн  байдлын хувьд нэлээд
хүндэвтэрт тооцогддог. Ялангуяа НҮБ-ын  ажиллагаанууд
дундаа хамгийн эрсдэлтэйд тооцогддог газар бид үүрэг гүйцэтгээд ирлээ. Биднийг үүрэг
гүйцэтгэж байх үед маш олон удаа НҮБ-ын цуваа руу халдлага дайрсан. Биднийг очоод
арав хоноо­гүй байхад эхний халд­лага болсон. НҮБ-ын цуваа руу халдаж цувааны ахлагч
офицер хүнд гэмтэл авсан. Үүний дараа дөрөв­дүгээр сарын 12-нд дахиад НҮБ-ын цуваа
руу халд­сан. Энэ халдлагын улмаас таван цэргийн албан хаагч газар дээрээ нас барж,
долоон цэргийн албан хаагч шархадсан. НҮБ-ын цувааны урдуур мал орж ирээд хөдөлгөөн
саатах үед хажуу­гаас 200 орчим зэвсэглэсэн хүн гарч ирээд халдсан юм. Судан хилийнхээ
орчимд эрсдэл өн­дөр­тэй, цагийн байдал хүнд байгааг харуулж байгаа хэрэг. Хойд,
урд хоёр Судан Улс одоогоор асуудалтай, газрын тос, газар нутгаа булаацалдаж, хилийн­хээ
орчимд байнга мөргөл­дөөн зөрчилдөөн гардаг. Азаар монгол цэрэг халдлагад өртөөгүй.
Энэ нь бид тайван газар байсан гэсэн үг биш. Монгол цэрэг цувааныхаа аюулгүй байдлыг
маш сайн хангаж чаддаг. Болзошгүй аюулын эсрэг маш сайн арга хэмжээ авч чаддаг байсантай
холбоотой. Ялангуяа иргэн цэргийн харилцааны асуудалд монгол цэрэг маш сайн оролцдог.
Ер нь хаана ч тэр, монгол цэргүүд тухайн орон нутгийн  иргэдэд тусалж, дэм­жиж чаддаг. Сургуулийг нь
засахаас эхлээд шаварт суусан машинуудыг татаж гаргаж өгөх зэргээр маш олон зүйлд
нутгийн иргэдэд  тусалдаг байсан учраас  нутгийн иргэд бидэнд амь байдаг байсан. Тэд монгол
цэргээр бахархдаг. Энэ байдал  эргээд бидэнд
рүү ирж болзошгүй зэвсэгт бүлэглэл, халдлагуудыг няцаа­даг байсан байх. Хамгийн
гол нь бид хаа байгаа газраа усыг нь уувал ёсыг нь дага гэдэг байдлаар ханддаг байсан.

Нутгийн иргэдийн аж амьд­ралын талаар ярихгүй юу?

-Орон нутгийн хүмүүсийн амьд­рал туйлын хүнд. Тэнд үхэр бол бур­хан.
Үхэргүйгээр амьдрал явахгүй. Судан Улс эрт дээр үеэс үхэр мал­лаж, үхрээр амьдралынхаа
бүх харилцааг зохицуулж ирсэн байдаг. Жи­шээл­бэл, үхрээр эхнэр авна. Үхэр байхгүй
бол эхнэр авч чадахгүй. Хамгийн  ядуу хүн
багадаа л найман үхрээр эхнэр авах жишээний. Дунджаар 20-30 үхрээр, хамгийн дээд
тал нь 100 үхрээр эхнэр авна. Хүний амь юу ч биш. Эхнэр авахын тулд үхэргүй ядуу
иргэд хулгай хийнэ. Үхрийн хулгай маш их. Үүнээс бо­лоод хоорондоо зөрчилддөг. Тий­мээс
үхэр хариулж яваа хүүхэд, том хүмүүс бүгд буутай явдаг. Ака үүрчихээд л явж байна.  Үхрийн хул­гайнаас болж маш олон хүний амь үрэгддэг.

-Өдөр тутамдаа ямар хоол хүнс хэрэглэдэг вэ?

-Хоол хүнсний тухайд, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл маш цөөхөн.
Зах дээр нь гурил тээрэмдээд зарна. Гурилаараа ма­найхаар бол гамбир хийж иднэ.
Эрдэнэ шиш тарина. Мах байна. Гэхдээ үхрийнхээ махыг зарахдаа эрхий хуруу шиг жижиглэж
хэрчээд уутанд хийж худалддаг. Тэр жаахан мах өдрийнх нь хоол­ны хэрэгцээ болно.
Голдуу мал аж ахуй  эрхэлдэг улс учраас сүрлэн
овоохойдоо амьдарна. Сүрлэн овоо­хой гэдэг нь манайхаар бол монгол гэр юм уу даа.
Гэхдээ тэр нь тэдний хувьд хаус гэсэн үг. Зарим талаараа мон­голчуудтай төстэй зүйл
байна. Үхрээ маш их хайрлаж, шумууланд хазуу­лахгүй байх бүх төрлийн арга хэм­жээ
авна. Урц овоохойдоо төл малаа оруулаад үхрийн баас буюу манайхаар аргалаа түлж,
утаа гар­гаж шумуулаас хамгаална. Баян айл маш олон үхэртэй. Үхрийн хулгай гарахад
мянгаар нь хулгай хийнэ ш дээ. Зарим айл 
мянга, хоёр мянган үхэртэй байдаг. Манай мужийн захиргаанд нутгийн нэг залуу
ажиллаж байсан. Тэр залуугийн аав нь дээр үед 3000 гаруй үхэртэй байсан гэнэ. Тэр
залуу “Одоо манай аав нэлээд өндөр настай болсон. 2000 гаруй үхэртэй. Би аав руугаа
долоо хоног бүр ярьдаг.  Манай аав зургаан
эхнэртэй. Би зургаан эх­нэрийнх нь хоёр дахь эхнэрийнх нь хүүхэд.  Манайх найман хүүтэй” гэж ярьсан юм. “Олон ээжүүдээс
гарсан хүүх­дүүд өсч том болоод  муудалцаж
үхрээ булаацал­дах уу” гэж асуухаар “Үгүй. Бид муудалцдаггүй. Манай аав маш ухаантай
хүн. Зургаан эх­нэрийн­хээ хүүхдүүдийг том болоод ирэхээр нь хооронд нь солиод солиод
өгчихдөг. Ээжүүд, хүүх­дүүдийг хооронд нь сольчихсон. Тэгээд том болоод ирэнгүүт
ээж нь хүүхдүүдээ хайрлана, хүүхдүүд ч хоорондоо эвтэй байдаг” гэж ярьж байсан л
даа. Африк тив өөрөө генераторийн эх орон шүү дээ. Мужийн нийслэл хот нь хүртэл
тоггүй. Хааяа зарим үйлчилгээний газрууд хэсэг хэсгээрээ генератор ажил­луулж тогоо
гаргадаг. Энэ улс үндсэндээ 2011 онд тусгаар тогт­нолоо оллоо шүү дээ. Засгийн газарт
ажиллаж байгаа хүмүүс, ардын чөлөөлөх армид байгаа хүмүүс өмнө нь бүгд зэвсэгт бүлэглэлд
байсан  хүмүүс. Тийм учраас боловс­рол байхгүй,
шугуйд ч юм уу хаа нэг газар байлдаж явсан хүмүүс дарга, удирдагч болсон байдаг.
Зэсвэгт бүлэглэлд байхдаа ямар гавьяа байгуулсан, хэдэн хүнийг устгасан гэдгээрээ
том генералууд болсон байдаг.

-Монгол цэргүүд эргүүлд хэр удаан явдаг байсан бэ?

-Ойрын эргүүл, удаан хугацааны эргүүл гэж байна. Ойрын эргүүл
хийхэд бол өдөртөө яваад буцаад ирдэг. 100 
орчим километр яваад ирнэ. Холын эргүүл долоо хоног, сараар  явна. Манай цэргүүд хүнсээ бэлдээд генератороо
ачаад  200-300 километр газар очоод тэндээ
түр байрлана. Тэндээсээ дахиад хэдэн тийшээ салаад бүх жижиг тосгон сум дээр очиж
ажилладаг. Ер нь манай цэргүүд Өмнөд Судан улсад маш их ажилтай, байнгын хөдөлгөөнтэй
байсан. Зөв­хөн нэг байрлалд байгаад байхгүй. Зарим өдөр нийтдээ арав орчим эргүүлүүд
явна. Явсан эргүүл бол­гоны араас захирагч санаа зовж, хөдөлгөөнийг нь хянаж байна.
Ард нь шуурхай хүчин бэлдчихээд ямар нэг байдлаар манай цуваа 30 мину­таас дээш
хугацаанд холбоонд орохгүй бол шууд дараагийн арга хэмжээнд ордог. Эргүүлд явсан
баг арван минут тутамд холбоогоо өгч байх ёстой. Тэдэн километрт тийм газар нутаг
дээр тийм хурдтайгаар хөдөл­гөөнөө үргэлжлүүлж байна гээд мэдээ өгнө. Дахиад л арван
минутын дараа энэ маягаар мэдээ өгнө. Хэрэв холбоо салаад 30 минут өнгөрвөл тэр
цуваа ямар нэг байдлаар асуу­далд орж гэж үзэн дараагийн арга хэмжээг авна. Магадгүй
отолтод орж халдлагад орсон байж мэднэ гэж үзнэ. Тийм учраас дараагийн шуурхай бүлэг
маш хурдан тэр цэргийнхээ араас хөтлөх ёстой.

-Үхрээ хариулж яваа хүүхэд хүртэл буу үүрээд явж байдаг гэсэн.
Идэх хоолгүй байж буу хаанаас авдаг юм бэ?

-Буу зэвсэг хаанаас авдгийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан
зэвсгийн наймаа байгаа болоод зэвсэг их байгаа нь мэдээж. Нэг өрхөд доод тал нь
хоёроос гурван буу байдаг. Сая биднийг үүрэг гүйцэтгэх хугацаанд НҮБ-аас зэвсэг
хураах ажиллагаа явуулсан. Иргэд зэвсгээ хураалгаж байгаа юм. Зарим хүн хураалгахгүй
зугтааж, тэрнээсээ болоод амиа алдах тохиолдол зөн­дөө гарсан л даа. Эсэргүүцэл
их байсан. Гэхдээ зэвсгийг нь хураалаа гээд сарын дараа юм уу маргааш нь дахиад
л зэвсгээ  үүрээд л явж байдаг. Тийм учраас
тэнд хүн үхэх юу ч биш. Өмнөд Судан бол тусгаар тогт­носон улсаас дэлхийн хамгийн
залуу улс юм. Улсынх нь нийслэл Жуба хот нь ерөөсөө хөгжөөгүй. Зургаан давхраас
дээш өндөр барилгагүй. Сүүлийн үед хөгжиж байна л даа. Газрын тосны маш их баялагтай.
Газрын тосоо олборлоод хойд Суданыхаа нутаг дэвсгэр дээгүүр дамжуулж далайгаар дэлхийн
зах зээлд гаргадаг. Ашгаа хуваах дээ­рээ хоорондоо их маргаантай бай­даг юм. Манай
цэргүүд дүрвэгсдийн лагер дээр үүрэг гүйцэтгэж байсан. Өмнөд Суданд байгаа хамгийн
том дүрвэгсдийн лагерьт манай цэр­гүүд үүрэг гүйцэтгэж байсан. Энэ лагерь нь хойд
Суданы хилд маш ойрхон. Хойд Суданаас хилээр дам­жиж орж ирсэн хүмүүс дүрвэгсдийн
лагерьт орж хоноглодог, тэндээсээ хоол хүнсээ базаадаг. Хүнс тараах­даа оочер­луулж
байгаад өгнө. Тэнд нийтдээ 100 орчим мянган дүрвэгсэд байна. Биднийг очсоны дараа
хэд хэдэн зэвсэгт мөргөлдөөн болсон. Манай цэргүүд тэднийг хамгаалсан. Зэвсэгт мөргөлдөөнөөр
шархдаж, тусламж гуйж ирсэн иргэдийг бид шууд байр руугаа оруулж хамгаал­сан даа.

-Сургууль барьж өгсөн гэсэн. Тэндхийн сургуулийн байр ямар юм
байх уу?

-Хүүхдүүд хичээлээ хаана хийдэг гээч. Модны сүүдэр дор. Нэг самбар
тавьчихаад хичээлээ заана. Сургууль нь хүрэлцээ байхгүй. Эмч хүрэл­цэхгүй. Зарим
нь сүрлээр хийсэн саравчин доор хичээлээ хийнэ. 
Бидний хувьд хоёр ч сургуулийг тохижуулж өгсөн. Бас НҮБ-ын баазыг барьсан.
200 орчим цэргийн бүрэлдэхүүн байрлах том баазыг хоёр сарын хугацаанд барьсан. Энэ
бүхэн нутгийн иргэдийн дунд монгол цэргийн нэр хүндийг өсгөж байгаа юм. Тэгэхээр
монгол цэргүүдийг үнэлэхээс яахав. Өнчин хүүхдийн асрамжийн газар бороо орохоор  усанд автчихдаг байсан. Тэр газрын хөрсийг нь
давхарлаж, 54 машин шороо асгаж, борооны ус орохооргүй болгоод гадна талаар нь далан
шуудуу татаж, тор хайс хийж өгсөн. Бороо орохоор  ус орж ирж, могойнд хүүхдүүд хатгуулж үхдэг байсан
даа.

 -Бороо тийм их ордог
юм уу?

-Маш их. Нэг өдөр 200 орчим машин шаварт суусан. Манайхан тэр
машинуудыг 48 цаг ажиллаж татан гаргасан. 
Би олон газраар явж байсан. Адилхан л бороо ордог. Гэхдээ Өмнөд Судан шиг
байхыг үзээгүй. Бороо нь хөрсөндөө шингэхгүй. Замын хоёр талаар хавтгайдаа ус болчихно.
Иргэд усан дотроо л амьдарна. Жаахан өндөр­лөг газраа нүүж ирээд буух хүмүүс байна.
Ус газартаа шингэхгүй нар гарвал агаарт ууршиж алга болдог байсан. Тэгээд бороо
орсны дараа өвс ургамал маш өндөр ургана. Байшингийн тааз шиг гурав дөрвөн метр
өндөр ургана. Могой, шумуул ихтэй. Маш их малер гарч байсан. Олон хүн малер тусч  нас барсан. НҮБ-ын цэргийн албан хаагчдаас зөндөө
олон хүн малер тусч нас барсан. Манай бүрэлдэхүүн өөрөө өөрсдийнхөө эрүүл мэндэд
маш сайн анхаарч, шумуулгүй байлгах бүх л аргыг хэрэглэж, утаа гаргаж, тос түрхэж
байсан. Аз болоход манай бүрэлдэхүүнээс малерын асуудал гараагүй. Жишээлбэл, сая
бидэнтэй үүрэг гүйцэтгэж байгаад бидний өмнө түрүүлээд буцсан гадны цэргийн албанаас
хоёр гурван цэрэг очсон хойноо нас барсан гэсэн. Малер далд хэлбэрт байсан учраас
мэдээ­гүй гэнэ лээ. Тиймээс бидний хамгийн чухал асуудал бол хүнээ эрүүл энх амь
насыг нь эрсдэлгүй байлгах юм. Миний хувьд 849 хүнийг эх орон ээж аав, хань ижилд
нь эсэн мэнд авчрах гэж есөн сар зүтгэж нойргүй хонох үе ч гардаг байлаа. Шөнө цэргүүдээ
хоёр, гурван цаг хүртэл амарч дуусах хүртэл нь унтдаггүй байсан. Ер нь ахалж байгаа
дарга маш их ачаалал авдаг.

-Үүрэг гүйцэтгэж байгаа цэр­гүүд маань эх орноосоо хол амаргүй  байсан байх. Тэр олон цэрэг хоо­рон­доо тараахгүй,
янз бүрийн ааш зан гаргана биз?

-Биднийг ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэж байсныг биднийг ирэхийн
өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд гээд бүх л томчууд газар
дээр нь очиж үзсэн. Монгол цэргүүд зургаан цагт босоод орой 22 цаг хүртэл ямар нэг  байд­лаар цэргийн идэвхтэй үйл ажил­лагаанд хамрагддаг
байсан. Холын эргүүлд явлаа гэхэд долоо хоног, 14 хоног, сараар явна. Цаг агаарын
хүнд нөхцөлд ингэж явна. Эргэн тойронд нь урц овоохой шатаагаад, хулгай дээрэм,
буудалцаан болж байгаа тийм нөх­цөлд. Энэ нөхцөлд хүн ядрахгүй байна гэж байхгүй.
Үүрэг гүйцэтгээд явж байгаа хүмүүс гэр орноосоо хол. Ядрахаараа хүн л болсон хойно
уурлана шүү дээ.  850 хүнийг нэг хүн шиг  байлгана гэдэг хэцүү. Залуу гэр бүлүүд хоорондоо
муудал­цана. Нэг нэгнийгээ хардах сэрдэх юм гарна. Би хэлдэг байсан. Намайг утсаар
ярихгүй байвал сайн л явж байгаа юм байна гэж ойлго гэж гэрийнхэндээ хэл гэдэг байсан.
Ар гэрт нь зовлон гачигдал  тохиолдоно. Дуудаж
авчирч байгаад хэлэх гээд хэлж чадахгүй. Тэгээд ямар ч байсан хэлээд сэтгэл зүйд
нь дэмжлэг үзүүлж, ойлгуулдаг байсан.

-Ерөнхийлөгчийн хүүг явж бай­сан гэдгийг цэргүүд мэдэж байсан
уу?

-Манай цэргүүд бүгд мэдэж бай­сан. Ерөнхийлөгчийн хүүтэй мөр зэрэгцэн
үүрэг гүйцэтгэж байгаадаа их баяртай байсан. Гадныханд Ерөнхийлөгчийн хүү явж байсныг
нууцалж байсан л даа. Миний хувьд Ерөнхийлөгчийн хүүг их тэсвэр хатуужилтай, мэдлэгтэй
хүн байна гэж үнэлж байлаа.

Х.ЦЭНД-АЮУШ

 

Categories
редакцийн-нийтлэл

Д.Эрдэнэбат: МАН-ынхан сөрөг хүчин гэхээсээ илүү отон тоглогчид болж хувирсан

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай
ярилцлаа.

  ШИНЭЧЛЭЛ ХИЙХИЙН ТУЛД ХУУЧИН АРГА БАРИЛААР ЯВМААРГҮЙ
БАЙНА

  -Төсөв баталчихсан учраас УИХ-ын гишүү­дийн санаа амарчихаа
юу даа. Сүүлийн үед чуулган, байнгын хо­роонд суух гишүүдийн идэвх буурч,
хэлэлцэх асуудалгүй учраас хой­шиллоо гэх зүйлүүд сонсогдож байна?

-Гишүүдийн ирц бүр­дэхгүй байна гэдэг асууд­лаар их
улстөрждөг болж. Төрийн ордонд 50 гаруй гишүүн ажилдаа ирж бай­гаа. Тэгэхээр
ирц хан­галттай гэсэн үг. Ердөө арав гаруй гишүүн гадаа­дад томилолтоор явсан.

-Тэгвэл ирц яагаад бүрдэхгүй байгаа юм бэ. Танай намын нэ­лээд
гишүүн гадаадад явсан байна лээ?

-Мэдээж хэрэг
төсөв батлахын тулд УИХ үнэ­хээр ачаалалтай ажилла­сан. Гэхдээ үүнээс болоод
хуралдаа суухгүй байгаа юм биш.  Энэ
парламен­тад олонхийг бүрдүүлж байгаа гишүүдээс 30 га­руй хүн хуралдаа суухад
бэлэн. Цөөнхийн бүлгээс  арваад гишүүн
бэлэн. Асуудал юунд байна гэд­гийг аваад үзье. Одоо хэлэлцэж байгаа хуулийн
төслүүд дээр байр суу­рийн зөрчилдөөн бий уч­раас л тэр. Зарим  хуулиу­дад хандаж байгаа олон­хи болон
цөөнхийн ханд­лага өөр байна. Шууд хэлбэл Ардын нам отон тоглолт хийгээд байна.
Сүүлийн үед Ардын на­мын­хан сөрөг хүчин гэхээ­сээ илүү отон тоглогчид болж
хувирсан. Тэд “Олон­хийн ирц хүрэхгүй бол бид хуралдаа суух­гүй” гэсэн юм яриад
сууж байна. Бид улс орны хөгжлийг урагш нь явуу­лах юмсан гэж зүтгээд байдаг.
Энэ төрд үнэмлэ­хүй биш ч гэлээ олонхи 
болсныхоо хувьд “Шу­дар­га ёс” эвсэлтэй хам­тарч Засгийн газраа бай­гуулж,
шинэчлэл хийхээр зорьж явна. Энэ шинэч­лэлийг хийхийн тулд хуу­чир­сан арга
барилаар явмааргүй байна. Тий­мээс бид бодлогын цоо шинэ замыг сонгож, түү­гээрээ
ажлаа ахиулахыг хичээж байна. Гэвч харам­салтай нь энэ замд Ардын намынхан саад
болж, улс орныг хөгжүү­лэхийн эсрэг зогсч байна гэж ойлгогдож байгаа.

 -Та нар юун дээр зөр­­чилдөөд, санаа ний­лэхгүй гацаанд оруул­чихаад
байгаа юм бэ?

 -Ашигт малтмалын тухай
хуулиас Түгээмэл тархацтай ашигт малт­мал, Алтны ил тод байд­лыг бүрдүүлэх
тухай хуу­лийн төслийг салгаад, тусад нь баталъя гэхээр  зөрчилдөөн үүсчихээд байна. Бусад орны жиш­гийг
харахад элс хайрга­тай холбоотой асуудлууд Ашигт малтмалын хууль­даа байдаггүй.
Алт, мөн­гө, үнэт металлыг хадга­лах, худалдаалах асуу­дал нь ч тусдаа хуулиар
зохицуулагдсан байдаг. Тэгвэл манайд үгүй. Үүнээс болоод байр суурь, үзэл
бодлын зөр­чилдөөн үүссэн. Тэглээ гээд бид шинэчлэх алх­маасаа ухрахгүй.

-Хэн хэн нь буулт хийхгүй бол 
гацаа үр­гэлжилсээр улсын ажил орхигдох байх даа?

-Тэгвэл Монгол Улсыг ядуу байлгах сонирхол хаанаас, хэнээс
гараад байгаа юм. Бид яагаад өнөөдрийг хүртэл ийм ядуу байсаар байгаа юм бэ.
Яагаад гэвэл  зөвхөн намынхаа болон
хувийн эрх ашгаа дээдэлсэн энэ популист үйлдлүүд Мон­гол Улсын эдийн засагт гай
чирч байна. Үүнээс татгалзах цаг нь болсон. Урд, хойд хоёр хөршөө хар.
Хятад гэхэд алтны татвар нь хоёр, ОХУ-ын алтны татвар дөрвөн хувь байна. Гэтэл
манай алт­ны татвар арван хувь. Хоёр хөршийн алтны нөөц мянга мянган тон­ноор
хэмжигдэж байхад манай алтны нөөц ердөө 
таван тонн хүрэхгүй бай­на. Монголын алт нь бүгд гадагшаа урсаад гарч
байна. Ийм байхад хуу­лиа өөрчлөхгүй гээд яах юм. Монгол Улс үнэ цэнэ­тэй байж
ядуурлаас гар­на. Үнэ цэнэтэй байхын тулд газар доорхи  эрдэ­нээ өөрийнхөө авдарт хадгалж, түүгээрээ
дам­жуулан  валютын нөөцөө
нэмэгдүүлдэг  байх ёстой. Ингэж байж
хөгжлийн тухай ярина. 

-Алтны татварыг 2.5 болгосноор үнэхээр Монголбанкинд тушаах
алтны нөөц нэмэгдэх үү. Хүмүүс олборлосон алтаа Монголбанк руу бариад гүйгээд
байна гэсэн баталгаа нь юундаа байна…

-Нэмэгдэнэ гэдэгт ит­гэлтэй байна. Хэн ч гэсэн аль татвар
багатай газ­раа алтаа тушаана. Алт­ны  ил
тод худалдааны хуулийн төсөлд алтаа зөвхөн Монголбанкинд тушаасан тохиолдолд
татварыг 2.5 болгоё гэж байгаа юм. Оюутолгой бол тав юм билээ. Оюу толгой
Монголбанкинд алтаа тушаасан тохиол­долд хөнгөлөлт эдэлнэ. Тиймээс хуулиа
батлаад алтаа авах нь чухал. Хэрэв Оюутолгой үнэхээр ашгийн төлөө байгуул­лага
юм бол татварынхаа зөрүүг тооцоод алтаа тушаана биз.

-Гэхдээ хамгийн сүү­лийн мэдээгээр та­най бүлэг алтны тат­варыг
таван хувь бол­гох дээр тогтсон байна лээ?

-Харин тэгсэн байна. Таван хувь болголоо гэ­хэд хөрш орнуудын
тат­варын хэмжээнээс да­хиад л их болчихож бай­гаа юм. Энэ нь нутагтаа алтаа
аваад үлдэх батал­гаа болох уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс Засгийн
газраас анх оруулж ирсэн саналыг нь хэвээр хадгалах нь зөв гэж бодож байна.
Гэвч хэлэлцүүлгийн явцад асуу­дал яаж эргэхийг мэдэхгүй.

-Алтны татварыг 2.5 болгосноор Оюу толгойг хөнгөлж чөлөөлөх
нь  гэдэг хардлага Ардын намд байгаа л
даа?

-Энэ нь хэнд ашигтай юм. Оюу толгойн 1800 тонн  алт Монголд үлдэх нь бидэнд ашигтай юм уу,
үгүй юм уу. Ийм л эрх ашгийг бодож байгаа бо­лохоос Оюу толгойд ямар нэгэн
байдлаар хөнгө­лөлт үзүүлэх гээд улай­раад байгаа юм огт алга.  Ер нь ч уул уурхайн ком­па­ниудаас хамаарал­тай­гаар
хуулиа баталж бо­лохгүй. Дотооддоо ямар хууль гаргах нь Монголын л
асуудал.  Үүнийг улс төр болгоод, шахалт
үзүү­лээд ч хэрэггүй. Оюу тол­гой алтаа тушаахдаа та­ван хувийн татвар төлдөг.
Гэтэл үүнийг нь 2.5 бол­гож хөнгөлөх нь гэдэг зүй­лийг л Ардын намынхан яриад
байгаа. Ийм юм гэж юу байхав дээ.

-МАН-ынхан энэ хуу­лийг Оюу толгойтой хол­бож хардаад байгаа
учраас танай бүлэг аргаа барахдаа 2.5 биш таван хувь болгохоор болсон юм биш
үү. Нэ­гэнт л Оюу толгой таван хувийн татвар төлдөг учраас одоо маргах зүйлгүй
байх…

-Мэдэхгүй юм. Миний хувьд Засгийн газраас оруулсан саналыг нь
дэмжиж байгаа. Аливаа асуудлыг шинэчилье гэвэл бодит байдлаа улс төр, сэтгэлийн
хөөрөлгүй­гээр харах ёстой. Сүүлийн жилүүдэд алтны нөөц  эрс багасч, валютын нөөц хомсдсон. Тэгэхээр
мон­гол төгрөгийн үнэ цэнэ газарт унахгүй гээд яа­хав.  Байдал ийм болчи­хоод байхад МАН-ынхан “Та
нар валютын хан­шийг унагалаа” гэх. Тэгвэл алт болон валютаа Мон­гол­доо
цуглуулж, энэ байд­лыг засъя гэхээр “үгүй” гэх. Төсвөө хэм­нээд, орлогоо нэмэг­дүүлж,  эдийн засгаа тэлье гэхэд ч үгүй гэсэн хэрнээ
“цалин нэм” гээд дайрах. Сөрөг хүчин нь ийм хоёр гартай байж болох уу. Өөдрөг
улс орнууд эдийн засгийн бололцоондоо тулгуур­лаж, гадаадаас хүү бага­тай, урт
хугацааны зээл авъя гэдэг байх ёстой. Гагцхүү авсан мөнгөө юунд зарцуулах вэ
гэдэг дээр УИХ, Засгийн газрын  ухаалаг
хандлага чухал. Гэвч Монгол Улс зээл авах эрхээ сөрөг хүчний бойкотоос болж хяз­гаар­луулчихсан.
Өчнөөн бү­тээн байгуулалтууд хү­лээг­дэж байдаг.  Үнэхээр Ардын намынхны энэ үйлдэл улс орны
эрх ашгийн төлөө мөн үү гэдэгт эргэлзэж байна.

МОНГОЛОО ҮНЭ ЦЭНЭТЭЙ, ӨМЧТЭЙ БОЛГОХ БОЛОМЖ НЬ ЗЭЭЛ
ГЭЖ ХАРЖ БАЙНА

-МАН-ыг отон тог­лол­тоос нь гаргачихаж болдоггүй юм уу. Юун
төлөө олонхи билээ. Үнэхээр улс орны эрх ашгийн төлөө шийдвэр гаргах гээд
байгаа юм бол олонхиороо асууд­лаа шийдээд, ажлаа ахиулж болдоггүй юм уу.
Тэртэй тэргүй МАН-ын суудлын тоо цөөхөн шүү дээ?

-Бид ирцээ бүрдүү­лээд олонхи болоод асууд­лаа шийдээд явчи­хаж
болно. Хамгийн гол нь сөрөг хүчиндээ энэ бүхнийг ойлгуулахыг хү­сээд байгаа юм.
Цөөнхөө сонсч, уян хатан бодло­гоор төрөө авч явах хүсэл тэмүүлэл бидэнд өндөр
байна. Гэвч тэдэнд хүсэл алга. Зөвхөн намынхаа эрх ашгийг бодож байна.
Бүгдээрээ хамтраад улс орныхоо эрх ашгийн төлөө ажил хийе гэхээр “Та нар яагаад
татвар хөнгөлөх гээд байна. Хаа­наас нь мөнгө унагаах нь уу” гэх мэтээр хуучин
сэт­гэхүйгээрээ хардаж бай­на. Өнгөрсөн хугацаанд Оюу толгойн хөрөнгө оруу­лалт
Монгол Улсын эдийн засгийг  огцом өсгө­сөн
нь үнэн. Гэхдээ үндэс­ний аюулгүй байдлаа бид заавал тооцох ёстой. Аливаа
этгээд хөрөнгө оруулна гэдэг бол Мон­голд байршуулсан өм­чөө­рөө дамжуулж, захи­ран
зарцуулж, хараат болгоно гэсэн үг. Дотоод­доо алт, валютын нөөц­тэй байх
нь  манайд ашиг­тай. Дээрээс нь бид зээ­лээс
айх хэрэггүй. Гут­ранги үзэлтнүүд зээлийг “Хойч үедээ үлдээж бай­гаа өр” гэж
ярьдаг.  Мон­голын ирээдүйн төлөө гэх
нэрээр өнөөдрийн бо­ломжийг сүйтгэж болох­гүй. Өнөөдрийн боломж байхгүй болох
юм бол ирээдүйн талаар ярих ч шаардлага байхгүй бол­но. Тиймээс бид
зээлийг  Монголоо үнэ цэнэтэй болгох,
иргэдээ өмчтэй байлгах, баялаг бүтээгч­тэй болгох, дэд бүтцээ хөгжүүлэх,
үндэсний үйлд­вэрүүдтэй болох боломж гэж 
харж байна. Энэ нь бидний ирээдүйн хөгжлийн суурь нь юм. Харах өнцгийн
асар том ялгаа энд л байна. Ямар ч бизнес зээлээр босдог гэдгийг бизнес
эрхэлдэг хүн бүхэн мэднэ. Ингэж бий болгосон ашгаасаа зээлээ эргүүлж төлдөг.
Зээлээр бий болсон зүйл нь өөрийнх нь өмч болон үлддэг. Тиймээс Монго­лын өмч
Монголдоо үл­дэх  гарц нь урт хугацаа­ны
хүү багатай зээл. Гадаадын шууд хөрөнгө 
оруулалт бол гадаадынх л шүү дээ. 
Оюу толгойн гуравны хоёр нь бидний өмч биш болчихсон. Ийм байдлаар
бидний биш өмчүүд Монголоор нэг тарах юм бол Монгол Улс юу болж хувирах юм.
Тэгэхээр юундаа эхэлж ач холбогдол өгөх вэ гэдгээ олон талаас нь бодож,
анхаарах хэрэгтэй. 

-Оюу толгой Монго­лын өмч биш гэж хэл­лээ гээд маргаашнаас
таныг балбаад эхлэх байх даа?

-Яалт ч үгүй манайх 34, Рио тинто 66 хувийг эзэмшдэг нь үнэн
биз дээ.  Хэн үүнтэй зөрөлдөх юм. Харин
зэсийн үйлдвэрээ хөнгөлөлттэй зээлээр ба­риад, төр хувийн хэвш­лийн­хээ
түншлэлийг оруу­лаад явъя. Эцэст нь энэ үйлдвэр Монголын өмч болоод
үлдэнэ.  Үүнийг хийж чадахгүй юм бол улс
гэж байгаад яах юм бэ. Харамсалтай нь өнөөдөр бид үүнийг хийж чадахгүй байна.

-Таны энэ үгнүүд та­таж ядаж байгаа гадаад хөрөнгө оруулалтыг
үр­гээчих юм биш биз дээ?

-Гадаадын хөрөнгө 
оруулалт хэрэггүй гэж яриагүй. 
Гадаадын хө­рөн­гө оруулалт, зээл хоёрыг зэрэг л авч явах ёстой.  Гадаадын хөрөнгө оруулалт ашигтай биз­нест
өөрөө ороод ирнэ. Тэгээд ч хөрөнгө оруулал­тын орчныг сайжруулах хууль гарсан.
Энэ хуулийг намайг хэллээ гээд нураа­на гэж байхгүй. Эрсдэл юундаа байна
гэдгийг л тайлбарлаж байна. Га­даа­дын хөрөнгө оруу­лалт уул уурхайн салбарт
давамгайлж орж ирнэ. Учир нь уул уурхай, эрдэс баялаг бол дэлхий ний­тийн үнэ
цэнэтэй бизнес.  Тиймээс гадаадын хөрөн­гө
оруулалт манай баялагт эзэн суух юм бол Үндэсний аюулгүй бай­дал юу болох билээ
гэд­гээ давхар бодолцох ёс­той. Хэрэв гадны хөрөнгө оруулалтыг татвал Мон­гол
Улсын эзэмших хувь нь ахиу байх ёстой. Төрийн оролцооны эдийн засгийн боломж,
компани, хувь хүмүүсийн эдийн засгийн чадавхи дээр тулгуурлаж хийнэ. Тэгэхээр
бид эхлээд  өөрсдийгөө чадавхитай болгох
шаардлагатай. Тухайлбал, “Эрдэнэт” үйлд­вэрийн хувь эзэм­шил 51:49 байгаа нь
болж байна. Монгол Улс 51 хувийг эзэмшдэг. Тийм ч учраас олон жил Монгол Улсыг
тэжээлээ шүү дээ.

-Гэхдээ төрийн мэд­лийн хувь нэмэгдээд ирэхээрээ авлига, хүнд
суртал үүрлэж, ажил нь ахидаггүй дампуурдаг жишээ олон байна шүү дээ, Оюу
толгой, Таван толгойгоос эхлээд. Тэгэ­хээр уул уурхайн салбарыг  хувийн хэвш­лийнхэнд даатгачих хэрэгтэй юм
биш үү?

-Нэг зүйлийг бодмоор юм билээ. Үндсэн хуульд газар доорхи
баялаг ард түмний өмч гээд заачих­сан. Ард түмний өмч гэдэг нь Төрийн мэдэлд
байна гэсэн үг. Гэсэн ч Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг бо­ловсруулахдаа
уул уур­хайн салбарт хувийн хэвш­лийг түлхүү оруулна гээд тусгачихсан. Мэдээж
хэрэг нэг хэсэг нь хувийн хэвшилд очих ёстой. Нөгөө хэсэг нь төрийн оролцоо
давуу байх хэрэг­тэй гэж үзэж байна. 
Миний бодлоор төрийн оролцоог огт орхигдуулж болохгүй. Төрийн орол­цоо
байна гэдэг нь  ард түмний өмчийг төр
төлөөлж хийнэ гэсэн утга. Нөгөөтэйгүүр хувийн хэвшил ч энэ салбарт  орох ёстой. Гэхдээ үндэс­ний аюулгүй байдалд
яаж нөлөөлөх вэ гэдгийг давхар заавал тооцох хэрэгтэй.

-Эрдэс баялгийн сал­барт төрөөс баримт­лах бодлогоо баталсны
дараа уулс уурхайн сал­барын бусад хуу­лиу­даа гаргая гэдэг зүй­лийг МАН-ынхан
яриад байгаа?

-Монгол бодлогогүй явж ирж. Нэг салба­рын­хаа бодлогыг
цэгцлээд гаргачихъя гэхээр ухаан­тай хүмүүс гарч ирээд байх юм. Төрөөс баримт­лах
эрдэс баялгийн бод­логыг Засгийн газар оруулж ирлээ. Цаашид гаргах олон бодлого
бай­гаа. Тухайлбал, боловс­рол шинжлэх ухааны тө­рөөс баримтлах  бодлого гэж бий. Энэ яригдаж бай­гаа баримт
бичгүүд Мон­гол Улсын бодлого боло­хоос хэн нэгний лобби­гоор батлагдах бодлого
биш.

-Гацаа хэзээ арилж, хэдийд хуулиудаа батлах бол?

-Хуулийн төслүүдийг энэ чуулганаар баталж дуусгана.

ДЭЛХИЙН УЛС УТААНААСАА “АРДЧИЛСАН” АРГААР САЛЖ
БАЙГААГҮЙ

-Улаанбаатарын утаа­ны асуудал өвөл болохоор л яригдаж эхэл­дэг.
Энэ жил өмнөх жилүүдийнхээс харь­цангуй их байна гэж ярих боллоо. Утааг арилгах
талаар ямар бодлого барьж ажиллах вэ?

Бид Улаанбаатарын утааг багасгая гэж олон жил ярилаа. Өвөл
боло­хоор улстөржиж, эрх бариг­чид руугаа дайрдаг.  Үнэндээ Улаанбаатар хот хуаран болсон. Мон­голын
хүн амын 50 хувь энд шигдсэн. Улаан­баа­тарыг хот болгоё гэвэл үнэ цэнтэй,
зохион бай­гуу­лалттай хатуу төлөв­лөлттэй хот байх ёстой. Хотын иргэд
хариуцлага хүлээдэг байх ёстой. Бо­лох­гүй байгаа зарим асууд­лыг хуулиар зохи­цуулах
хэрэгтэй. Дэлхийн түүхэнд ямар ч улс хотын утаанаасаа салахдаа “ард­чилсан”
аргаар ший­дэж байгаагүй. Үүнийг хуулийн аргаар шийдсэн байдаг.

-Яаж?

-Английн Лондон хот яндангаас гарч буй утаа­ны хорт хийг
багасгах хяналтыг чангасгаж ян­дан­гуудыг хааж байсан. Гэхдээ үүнийг авч хэ­рэг­жүүлэхийн
тулд урьд­чил­сан нөхцөлийг нь төрөөс хангах үүрэгтэй. “Нийс­лэлийн цэвэр
агаарын тухай хууль”-ийг боловс­руу­лах, нүүрснээс хий боловсруулах үйлдвэ­рийг
зээлээр барих  ёстой. Үүнээс гадна
бид  автомашины дугуйны су­далгаа гар­гуулж
байгаа. Монголд импортоор ирж буй хэдэн хувь шинэ, хэдэн хувь хуучин дугуй
байгаа эсэхийг судалгаа явуулж байна. Тэдний хог хаягдлын асуудлыг хэр­хэн
шийдвэрлэж байгаа талаар судалгаа явуулж байна. Ихэнх нь зууханд  түлэгдэж байна гэсэн мэдээлэл байдаг. Бид
манай гэр л дулаан бай­вал боллоо гэж боддог. Яг үнэндээ хүний эрх гэдэг чинь
бусдын амьд явах эрүүл амьдрах эрхээр хязгаарлагддаг юм. Үүнийг ойлгох цаг
болсон. Тиймээс нэн түрүүнд ду­гуй шатааж байгаа зуух­ны янданг хориглох ёс­той.
Олон жил зуух тараа­лаа үр дүн нь хаана бай­на. Тиймээс бид үүнийг эрхзүй,
эдийн засаг, үйлд­вэрийн орчинд нь шинээр судалж, цаашид шийдэх хэрэгтэй.

-Юу юугүй янданг нь буулгах харгис бодлого биш үү. Хүмүү­сийг
хөлдөж үх гэлтэй нь биш?

-Тийм учраас нүүрснээс хий боловсруулах үйлдвэрийг Бага­нуурт
барьж, Улаанбаатар руу хийн хоолой татах ажлыг гурван жилийн дотор Засгийн
газар хийх ёстой. Үүний дараа Улаанбаатарт айлуудын янданг шат дараатай
буулгана. Ингэж байж бид энэ утааны асуудлыг шийднэ. Тиймээс үүнийг шахаж хийх
ёстой ажлын эхэнд тавьж байгаа юм. Ерөнхий сайд Хятад улс руу айл­чилж ирсэн үр
дүнтэй ажлын эхний нэг дохио нь гэж ч харж байна. Янданг цэгцэлсний
дараа гэр хо­рооллыг халаах олон арга байна. Цахил­гаанаар халааж болно. Цахил­гаанаар
халаавал төрөөс цахил­гаа­­ны төлбөр мөнгийг нь бодло­гоор шийднэ.

-Хятад улс зээл өгье гэсэн юм уу?

-Хятад улс ганцхан зүйлийг ярьсан. Ийм эдийн засгийн үр
ашигтай төсөлд урт хугацаатай  зээл
олгоход бэлэн гэдгээ мэдэгд­чихсэн. Гэтэл бид зээл авах гэхээр хууль ДНБ-ий 40
хувиас хэтрэхгүй гээд хязгаарласан байдаг.

-Нэгэнт хөдөөнөөс хотод шил­жигсдийг одоо хааш нь явуулах вэ?

-Улаанбаатар бол  улсын
нийс­лэл. Хүн болгон энэ хотод татвараа төлөөд амьдрах ёстой. Хэрвээ татвараа
төлөхгүй, яндангүй амь­дарч чадахгүй бол зэргэлдээх татвар авдаггүй, гэртээ
чөлөөтэй амьдраад малаа хариулж болох газарт амьдарч болно. Энэ эрхийг
хаагаагүй. Тэнд харьцангуй өөр нөхцөлтэй шүү дээ. Хөдөөнийхөн хөдөөдөө сайхан
амьдрах боломж байна. Харин төрөөс аймаг сумдын шинэчлэл буюу шинэ сум төслийн
хэрэгжилтийг шуурхайлах нь чухал.

-Тэгэхээр хөдөөгийнхөн “Бид яачихсан хүмүүс юм” юм гээд
гомдоллоод унана даа. Хөдөөгөө хөгжүүлээгүй байж шууд тэгж болох уу?

-Хөдөөгийхөн сумандаа амь­дар­маар байна гэвэл дэмжье.  Хотын татварын санд цугласан мөнгөө хотоос
нүүх иргэдэд  зо­риулъя. Хөдөө очиж
амьдар тэгвэл дэмжье гэдэг бодлого. Заа­вал амьдралын түвшин нь хүрэхгүй газар
ирчихээд зүдэрч явснаас төрсөн нутагтаа хөрөнгө чинээтэй хүн шиг амьдар. Энэ
нөхцөлийг нь бүрдүүлэхийн төлөө бид ажиллаж болно. Ингэж хэлс­нийхээ төлөө маш
их улс төрийн оноо алдах болно. Гэхдээ популист алхам хиймээргүй байна.

-Хөдөөгийнхнийг хот руу оруу­лахгүй. Айлуудын өмч хураана
гэдэг чинь хуучирсан алхам юм биш үү?

-Хэн дуртай нь байшингийн буланд очиж бие засдаг, гудам­жинд
нус, цэр, хогоо хаядаг, хаа дуртай газраа архи уудаг байдал хэтэрхий бүдүүлэг
юм. Тиймээс хотод амьдрах эрхийг нь хааж байгаа биш татвараа төлөөд ха­риуц­лагатай
амьдар гэж байгаа юм. Улаанбаатарын өртөг хөдөө орон нутгийнхаас их гэдгийг тоо­цож
орж ир. Улаанбаатарт гэрээ ачиж ирэн шинээр гэр хороолол үүсгэх боломжгүй
болсон. Ийм л шаардла­гыг тавьж хотын даацыг хэмжээнд нь барьж утааг багасгая.
Ардчилал бол хариуцлага. Хариуц­лагагүй ардчиллаар арав гаруй жил явж ирлээ.
“Ардчилал хүнийг эрхийн тэнэг болгоод байна. Аав, ээждээ эрхэлж өссөн эрхийн
тэнэг хүүхэд том болоод ямар хүн болдгийг мэднэ биз дээ” гэж хэлж байсан
сонгогчийн үг маань санаанаас гардаггүй.

-Төгсгөлд нь Р.Амаржаргал гишүүний тухай асууя.  Энэ хүн яагаад ийм шийдвэр гаргах болов. Та
юу гэж бодож байна вэ?

-Р.Амаржаргал гишүүн бид хоёр дотнын найз нөхөд. Гэлээ ч энэ
шийдвэрийн тухайд байр суурь өөр байж магадгүй. Анд маань олон жил парламентад
суусан туршлагатай гишүүн мөртлөө буруу л шийдвэр гаргачих шиг санагдаад байх
юм. Тийм учраас улс төрийн талаар сайн, муу бүхнийг мэдэрч байх ёстой хүний
нэг. Р.Амаржаргал бүлгийнхээ хуралд ядаж нэг удаа орж ирээд санал бодлоо
хуваалцчихсан бол би түүний өмнө хариуцлага хүлээж болно. Р.Амаржаргал
Ардчилсан намын өмнө хариуцлага хүлээхгүй байж болно. Гэхдээ Сүхбаатар дүүргийн
сонгогч, иргэдийн өмнө “Олон зүйл  хийнэ”
гэж энэ намын нэрээр гарч ирсэн гэдгээ бодох ёстой. УИХ-д олонхи болж байгаа
хэсэг энэ улс орны шинэчлэлийн төлөө сайн, муугаар хэлүүлээд ажиллаж байна.
Мэдээж алдаа, оноо байгаа.  Тэр болгоны
тоогоор ухарч болохгүй. Засгийн эрхийг барьж буй олонхид  нэг хүн дутуу байх нь бодлогоо хэрэгжүүлэх
боломжийг алдах эрсдлийг дагуул­на. Өөрийн саналаа хуваалцаж, халуун тогоонд
орж хэлэлцэж болохгүй бол хэрэлдээд ч болов суугаасай гэж хүсч байна. Р.Амар­жаргал
гишүүний асуудлыг ирэх долоо хоногт чуулганаар хэлэл­цэнэ. Харин түүнийг энэ
хугацаанд “бодооч” гэж байгаа юм.  Энэ
улс төрд чинь гундах, сөхрөх, хүсэл биелэхгүй байх олон асуудал гардаг. Тэр
болгоныг сөрж гарах тэнхээгүй юм бол яах гэж өдий болтол  бид хамт явсан юм. Надтай ижил бодолтой олон
хүн байгаа гэж найдъя.

-Хуучин Хувьсгалт намынхан намаа шүүмжилсэн хүнийг хөө­дөг
үзэгдлийг ардчилалгүй гэж шүүмжилдэг. Тэгвэл өөрийнхөө хүсэлтээр явах гээд
байгаа хүнийг суллахгүй зуураад бай­гаа АН-ын энэ үзэгдэл ч ардчилалгүй  байдал юм биш үү?

-Хүсэхэд хясах зүйл хорвоо дээр зөндөө байдаг юм. Хэн ч бай
ямар ч нөхцөлд үнэ цэнэтэй зүйлээ­сээ салах дургүй байдаг. Би Р.Амар­жаргал
гишүүний хувийн араншингийн талаар яриагүй. Түүний энэ танхимд байх мөн чанарын
тухай илэн далангүй хэллээ.

-Р.Амаржаргалыг гомдоож дургүйг нь хүргэсэн хүн нь таныг гэж
бичигдээд байсан?

-Р.Амаржаргал гишүүн бид хоёрын хувьд бие биедээ гомдох
шалтгаан  огт байхгүй.

 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Төв талбай ийм мөсөн гулгууртай болно

Нийслэл хот шинэ жи­лийн сүлд модоо өчигд­рөөс Чин­гэсийн талбайд
засч эхэлсэн бөгөөд энэ сарын 15-нд сүлд модны­хоо гэрлийг асаах юм бай­на. Түүнчлэн
төв талбайд хүүхэд, залууст зориул­сан мөсөн гулгуурын тал­бай барьж эхэлжээ. Энэ­хүү
мөсөн гулгуурын тал­бай мөн энэ сарын 15-нд нээгдэнэ. Одоо­гийн байд­лаар хашаа
хатгах ажил хийгдэж байгаа бөгөөд удахгүй мөсөн хучилтаа хийх юм байна. Энэ удаа
зүгээр нэг мө­сөн талбай хийх биш бүр цогц мөсөн гулгуурын төв барих нь.

Тодруулбал, хоёр хэсэг мөсөн талбайг жанжин Д.Сүхбаатарын хөшөөнөөс
урдхан талд бий болгох аж.  

Мөсөн гулгуурыг 195:35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд
20:40 метрийн харьцаатай байгуу­лах юм байна. Өвлийн улиралд гадаа эрт харанхуй
болдог. Тэгвэл мөсөн талбайг сүүлийн үеийн гэрлэн чимэг­лэлээр шөнөжин гэрэлтүүлэх
гэнэ. Хүүхэд залуус гулгахаар ирэхдээ дулаан байранд хувц­саа солиод гулгах болом­жийг
хүртэл бодолцож хувцас солих тав тухтай байрыг ха­жууд барихаар төлөвлөжээ. Мөн
түргэн хоолны цэг барих аж. Үүнээс гадна үзэгчдийн суудал, хогийн савыг зэргийг
нь шийдэж өгөх юм байна. Ямартай ч энэ өвөл гулгах дуртай хүүхэд залуус стан­дар­тын
шаардлагад нийц­сэн сүүлийн үеийн мөсөн гулгуур­тай болох нь. Энэхүү цогц талбайг
бари­хаар нийслэ­лийн Захираг­чийн ажлын хэсэг ажилдаа оржээ. Тэд хүүхэд, залуусын
чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүү­лэх орчинг ийн нэгээр нэмэхээр нэлээд завгүй
бай­гаа бололтой. Мөсөн талбайн үйл ажиллагааг ерөнхийдөө  Нийтийн үйлчилгээний Улаан­­баатар нэгтгэл хариу­цаж
ажиллахаар болсон бөгөөд талбай бүрт 3-4 ажил­тан ажиллах юм байна. Одоо­гийн байдлаар
үнэ ханшийг тодорхой шийдээгүй байгаа гэсэн. Харин аль болох нийс­лэ­лийн бүх хүүхдэд
хүртээмж­тэй байх талаас нь бодолцож тарифаа гаргах юм байна. Уг нь манайд өвлийн
улиралд олон мөсөн гулгуурын газар нээгддэг хэдий ч үйлчилгээ­ний шаардлагыг хангаж
ажил­лаж чаддаггүй. Адаг­лаад нийтийн бие засах газар­гүй байдаг. Тэгвэл энэ жилээс
хүүхэд, залуучууд тохилог, таатай үйлчилгээтэй мөсөн гулгуурт чөлөөт цагаа өнгөрүүлдэг
болох нь.

Д.ДАВААСҮРЭН