Categories
редакцийн-нийтлэл

ГЕГ-ын ажилтны хүү хилээр мансууруулах бодис оруулж ирээд баригдлаа

-ХИЛ ДАМНАН МАНСУУРУУЛАХ БОДИС ХУДАЛДААЛДАГ ТОМООХОН СҮЛЖЭЭ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН  ТЭЭВЭРЛЭГЧ ГЭДГЭЭ ТЭР ХҮЛЭЭЖЭЭ-

ХХЕГ-ын Хилийн таг­нуулын газрын албан
хаагч нар өнгөрсөн сарын 30-ны өдөр Дор­но­говь аймгийн За­мын-Үүд дэх авто замын
шалган нэвтрүүлэх боом­тоор “Marlboro” тамхины хайрцагт 0.976 грамм АСЕ буюу мөс
гэх ман­сууруулах үйлчилгээтэй бодис оруулж ирэх гэж байсан Монгол Улсын иргэн Б-г
илрүүлэн, саа­туулсан байна. Албаны эх сурвалжаас авсан мэ­дээллээр дээрх хэрэгтэй
холбогдуулан хил дам­нуулан мансууруулах бо­дис худалдаалдаг томоо­хон сүлжээ бүхий
залуу­сыг илрүүлж байгаа гэнэ. Б нь БНХАУ-ын Эрээн хотоос уг хар тамхийг тосон авч,
Замын-Үүд дэх авто замын шалган нэвт­рүүлэх боомтоор нэвт­рүү­лэн Улаанбаатар руу
хүргэх үүрэгтэй тээвэр­лэгч гэдгээ хүлээгээд бай­гаа гэнэ. Мөн хар тамхи, мансууруулах
бодис зэр­гийг удаа дараа хилээр тээвэрлэсэн хэмээн мэ­дүүлжээ. Б өөрийгөө ман­сууруулах
бодис тээвэр­лэгч хэмээн цагдаа нарт мэдүүлээд байгаа. Түү­нийг мансууруулах бодис
хэрэглэдэг байж бол­зош­гүй хэмээн үзэж цусыг нь шинжилгээнд явуулаад байгаа юм
байна. Мөн хэнээс авсан Улаанбаа­тар хотод очоод хэнд өгөх гэж байсан зэргийг мөрдөн
байцаалтын яв­цад тодруулах ажил хийг­дэж байгаа юм байна. Албаны эх сурвалжийн
онцолж буйгаар дээрх хэрэгтэй холбогдуулан 40 гаруй хүнийг саатуулж магадгүй гэнэ.
40 гаруй хүн дотор олны танил хүмүүс ч байгаа аж. Энэ долоо хоногоос баривч­лах
ажиллагаа эхлэх гэнэ. Мансууруулах бодистой
хол­боо­той хэрэг сүлжээ бүхий гэмт хэрэг 
байдаг бөгөөд нийлүүлэгч, тээвэрлэгч, борлуулагч, хэрэглэгч гэсэн дамжлагатай
байдаг. Замын-Үүдийн боомтоор тамхины хайрц­ганд мансууруулах бодис нэвтрүү­лэх
гэж байгаад баригдсан Б нь байнга хилээр нэвтэрдэг байжээ. Түүнийг Замын-Үүдийн
гаалийн байцаагч нар авч яваа эд зүйлсийг нь шалгалгүй шууд нэвтрүүлдэг байсан юм
байна. Хилээр нэвтрэх болгондоо мансууруулах бодистой явдаг байсан бололтой. Мөн
чинээ­лэг амьдралтай айлын хүүхэд юм байх. Эх сурвалжийн хэлж буйгаар Гаалийн ерөнхий
газрын Аудит хяналт, шалгалтын хэлтэст нэлээд дээгүүр албан тушаал эрхэлдэг хүний
хүүхэд юм байна.

ХАР ТАМХИЧИД ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАНД
ДИЙЛДЭХЭЭ БАЙСАН ГЭВ

Өөр албаны эх сурвалжаас авсан мэдээллээр
мансууруулах бодис худалдаалдаг хэд хэдэн бүлэглэл цагдаа нарт баригдаад байгаа
гэнэ. Дээрх бүлэглэл дунд хил дамнаж худалдаа хийдэг 46 хүн холбогдсон хэргийг шалгаж
дуусаад прокурорт шилжүүлжээ. Өнгөрсөн есдүгээр сараас энэ сарын эхэн хүртэл 20
гаруй залуус мансууруулах бодис хэрэглэж байгаад цагдаа нарт баригдсан байна. Тухайлбал
“Манай дүүд хар тамхи татуулах гээд байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад
есдүгээр сарын 15-нд нэгэн иргэ­нээс ирсэн байна. Уг дуудлагын дагуу харьяа дүүргийн
цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж шал­га­хад Чингэлтэй дүүргийн XIII хороонд
“Ард 17” зочид буудалд хэсэг залуус мансууруулах төр­лийн бодис хэрэглэж байжээ.
Тус зочид буудлын хоёр давхарт Сүх­баа­тар дүүрэгт оршин суух 24 настай эмэгтэй
Э, Б, С, Х нарын хамт мансуурсан байдалтай байс­ныг нь саатуулсан байна. Мөн Баянгол
дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр XVII  байранд
насанд хүрээгүй хүүхдүүд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хэрэг гарчээ. Тодруулбал,
14 настай А, 15 настай Т, 16 настай Т, М нар олсны төрлийн ургамал буюу кан­на­бис
татаж байгаад цагдаагийн ажилтнуудад саатуулагдсан бай­на. Уг хэргийг  УМБГ-ын
Хар там­хи, мансууруулах бодистой тэмцэх хэлтэст  шалгаж  байна. Ман­суу­руулах бодис хэрэглэгчдийн тоо
өдрөөс өдөрт нэмэгдэж зуун мянгад хүрсэн гэх. Мансуурагчид цагдаа нарт үнэхээр дийлдэхгүй
болсон гэдгийг албаны эх сурвалж онцолж байв.

Э.ХҮРЭЛБААТАР             

Categories
редакцийн-нийтлэл

Мандах наран зүгт зорчсон эко аялал

Дарьганга  өмнөхөө­сөө өөр болжээ. Жижиг­хэн энэ сум их хөлийн
газар болсон нь илт. Нут­гийн айлууд хашаа хороо барьдаггүй, гэрийнхээ гадаа аргал,
хомоолоо овоолоод хаячихдаг бай­сан юм. Одоо их л суурин­шиж, бас л жишиг хороо­лолтой
болж, ижилхэн өнгөөр жигдэрсэн хашаа­нууд ярайж байх юм. Сумын хойд энгэрт алтан
овоо дүнхийж, үзэсгэлэнт  байгалиа улам тодотгон
дүнхийж, аль галавын эртний түүх өгүүлэн байх аж. Хүүхэд байхад очиж золгодог байсан
нутгийн хөгшчүүл цөөрчээ. Харин идэр залуу явсан ах нар хижээл эрчүүд болцгоож.
Аргагүй биз дээ. Эрвээ­хэй, царцаа хөөж хөл нүцгэн таваргаж явсан үе аль эрт ард
хоцорсон бай­­хад эд нарыг маань ч он цаг элээлгүй яахав. Танил айлын жаахан хүүх­дүүд  мотоцикль уна­сан том залуус болж хөн­дөлдөөд,
шинээр нээгд­сэн баахан дэлгүүрийн үүдээр хотоос ирсэн уугуул биднийг сонирхон харж,
хоорондоо нэгийг хэлэлцэн зогсох аж.  Хуу­чин
хүү хул морин дээр хатируулсаар ирдэг үе өнгөрчээ. Орчин үед мото­цикль дээр л хөн­дөлсдөг
болж. Хаа газар энэ унаагаар  малаа хариу­лах
юм.

Бид хуучин цагт Дарьгангын амралт
гэдгээрээ алдаршсан гэр амралтанд  үдлэв.
Багад байсан  сайхан сийлбэртэй,  модон тавил­гатай тансаг гэрүүд өнгө зүс тааруу­хан,
хуучирч мууджээ. Жуулчид холхих энэ газрыг яагаад ингэж тордоогүйг огт ойлгосонгүй.
Зах зээлд ороогүй ганц газар энэ л байх шиг. Биднийг энэ тэрхнийг ярин суух зуур
сумандаа багшилж явсан   Д.Дугарсүрэн гуай
ирж уулзлаа.

Саарал дээл, бүрх малгайгаар гоёсон
тэрээр залуу байхдаа төлөв­лөгөө биелүүлэх гэж ан ав хийдэг байж. Тиймээс өөрийгөө
“Байгальд өртэй хүн” гэж хэлэв. “Өрөө төлөх”-ийн тулд байгаль орчноо хамгаалж  чамгүй ажил хийдэг юм байна.   Тэрээр 
өндөр настнуудаа уриалаад Алтан овоог тойруулж 108 суварга босгохыг  эсэргүүцэж, 108 мод тарьжээ. Мөн тарвага ховордоод
байгаа энэ үед хоёр тарвага нутагшуулсан нь одоо долоо болчихож. Түүний өрнүү­лээд
байгаа бас нэг ажил нь Дарь­ганга сумаа бааргүй сум болгох гэнэ. Тиймээс архи уудаг
“болохгүй” нөхдийн дунд уралдаан зарлажээ. Хэд хэдэн болзолтой. Жилийн хугацаанд
архи уухгүй, тавьсан болзлыг биелүүлсэн эхний арван зургаан хүнийг Хамрын хийд рүү
аялуулжээ. Дараагийн ээлжинд дахиад л арван зургаан хүн явах юм байна.   Бид түүнээс асуулаа. “16 гэдэг тоо ямар учиртай
юм” гэж. Тэрээр “Нэг микро автобусанд төдий тооны хүн багтдаг учраас” гэв. Түүнтэй
энэ мэт нутаг орны сонин хуучийг яриулсаар бид цааш аян замдаа гарлаа. 

Эндээс бид Ганга нуурын зүг явж хунгийн
чуулган үзсэн юм. Энэ талаар тусад нь бичих тул Ганга нуураас Ламтын застав хүрсэн
аян замын тэмдэглэлээ хүргэе. Ламт уулын нэрээр нэрлэгдсэн уг зас­тавт бид оройхон
хэрд хүрч ирлээ. Зам зуураа бид цэрэг армийн сэдэвтэй сайхан дуунуудаар эвлүү­лэг
хийн дуулж  заставынханд бяцхан урлагийн тоглолт
бэлт­гэлээ.

Монгол Улсын зүүн хил,  Онгоны отрядын Ламтын заставт бүрий тасарсан үед
бид ирлээ. Монгол Улсын торгон хил амгалан угтлаа. Цэрэг татлага саяхан дуу­саад
шинэхэн цэргүүд торгон хилээ манахаар ирцгээжээ.

Биднийг угтан бов бор цэрэг гүйхээрээ
ирэн, өөрөөс нь гарамгүй цовоо чанга хоолойгоор 
“Амрыг эрье” хэмээн ёслоод  учир явдлаа
тайлбарласны эцэст цааш илтгэ­лээ. Түүний тэвхийтэл ёслох нь хүндлэм сайхан санагдав.
Эх орноо манаж буй цэрэг эр.  Түүнд маш том
хариуцлага эх орон нь үүрүүлсэн.

Заставынхан хүний мөрөөс болсон байдаг
хойно, зочид ирнэ гээд чамгүй бэлдчихэж. Бид ч “Хил амгалан уу” гэсээр тэдэнтэй
уулз­лаа. Яагаад ч юм сэтгэл хөдлөм, хачин мэдрэмж.  Гадаа жиндүүхэн, салхитай, чив чимээгүй. Тэнгэрт
түмэн одод тодоос тод.  Заставын байр уур
савсуулсан халуун, сай­хан хоолны үнэр хамар цоргино.   Цэргүүд дүрэмт хувцсаа цэмцгэр­хэн өмссөн ч гадуураа
дулаан шинельгүй байх аж.   “Та нар гадуур
хувцсаа яачих аа вэ” гэхэд “Хангалт ирээгүй байгаа, гэхдээ бид дотуу­раа үстэй хүрэмтэй”
гэв. Тэр хүй­тэнд мэдээж даарч л байгаа байх. Цэрэг хүн ингэх л ёстой юм шиг тэд  тоомжиргүй хариулсан ч бидэнд бол тоож анзаарахаар
санагдав. 

Оройн хоолны дараа  Соёл хүмүүжлийн танхимд нь биднийг хүлээж авлаа.
Мэдээж энэ хооронд уулын орой дээр цэргүүд алсыг анирдан хилээ манан  зогсож байгаа.  Соёл хүмүүжлийн танхим их л давчуухан. Энэ мундаг
эрсийг яаж багтаадаг юм гэлтэй. Хоймор­тоо Монгол Улсын Ерөнхийлөг­чийн зургийг
хадаж, ханаараа дүүрэн дүрэм журам, мөн үе үеийн Монгол Улсын баатруудын   хөр­гийг он дараалуулан өлгөжээ. Мэдээж  ганган хөгжим, хана дагуу­лан байрлуулж. Бүсгүйчүүд
нь даашинзаа өмсөн жигтэйхэн гоё­чи­хож. Хаа очиж  халуунд халж, хүйтэнд хөрч эрчүүдтэй мөр зэрэг­цэн
хил дээр ажиллаж амьадрч байгаа гэхэд гоо сайхан, залуухан бүсгүйчүүд.   

Заставын дарга үг хэлсний дараа шууд
л хөжим эгшиглэв.  Хүүхэд байхад энэ заставуудаар
явахад удирдалгууд нь нэлээд ахимаг насны хүмүүс байсан бол одоо их л залуужжээ.
Хорин хэдтэй шижигнэсэн залуус гэр бүл,  үр
хүүхэдтэйгээ хил манах хүндтэй үүргийг гүйцэтгэдэг болж. 

Хөгжим эхэллээ.  Байсхийгээд л цэнгээнт бүжгийн ая эгшиглэнэ. Задгай
цагаан, хүмүүн төрөлхтө­ний танил ая эгшиглэж байснаа гэнэт “Ганнам стайл” гээд
л будил­чих юм.  Танхим хэдийгээр жижиг­хэн
ч тохь тух, цэвэр цэмцгэр бай­дал гэж ярих юм алга.

Хэдийгээр алс хил ч гэлээ энд амьдрал
өрнөж байна. Хэдхэн  сартай болов уу гэмээр
жаахан хүүхдээ харах хүнгүйгээс аваад иржээ. 
Бяцхан жаал гэнэт ирсэн гийчдийг гайхан харах аж. Энэ үед  бид ч тэдэнд бэлтгэсэн  тоглолтоо үзүүлж, алга ташилтаар мялаал­гаад хил
дээрх  чимээгүй, нам гүмийг   дуу хуураар хөглөж өгөөд энэ өдрийн арга хэмжээ
өндөрлөв. Хугацаа хэдий бонинохон ч бүгд л 
сэтгэл хангалуун байв. Чухал алба хашиж байгаа тэднийг удаан уяхыг хүссэнгүй,
бид ч амарцгаалаа.    Заставын дарга  биднийг нар ман­да­хаас өмнө  хилийн багана дээр дагуулж очив. Баганын цаад
талд Хятадын хил, наад талд  Монгол Улсын
маань дархан  хил.  999 гэсэн дугаар бүхий Монгол Улсын­хаа хилийн
баганад бид хүндэтгэл үзүүлж, гайхамшигт эх орон минь үүнээс нааш бий  гэж бахархалтай­гаар ярилцан, нулимс унаган  дуулц­гаав. Энэ бол аяллын маань мартагдашгүй
нэгэн мөч. Ингээд торгон хилийн зааг дээр байдаг Шилийн богд уул руу явцгаалаа.

Эх орны маань торгон хил хилээ манан
зогсох цэрэг эрс  маань үүрэгт ажлаа үргэлжлүүлэн
тэндээ үлдэж бидний аялал цааш үргэлжлэв.

Шилийн богд уул алсаас сүр бараатайхан
харагдаж, Бидний хөтөч Бадарч гуай шилийн сайн эрсийн домог хүүрнэлээ. Шилийн сайн
эр Торой бандийн хайрт бүсгүй Шармааны дууг энэ үед Болороо маань уянгатайхан дуулж,  аяллын багийнхан маань тэр нэгэн цаг үеийг сэтгэлдээ
бүгд өөрсийн­хөөрөө төсөөлөн явцгаалаа. Би л хувьдаа Болороогоо Шармаан гэж  ийм л үзэсгэлэнтэй, цээл хоолой­той, ялдам нэгэн
дарьганга бүсгүй байснаар төсөөлсөн шиг Шилийн богддоо очлоо. 

Шилийн богд сайн эрс нуугдаж,  хоргодох олон агуйтай л даа. Тэр л олон агуй хонгилд
арван тавны цагдаа нараас нуугдаж, мөн аян замын алжаал тайлдаг байсан биз.

Уулын энгэр бэлээр аядуу чиг оройгоор
нь  салхи ихтэй байдаг юм. Шилийн богдод гарахад   талын салхи тааваараа үс гэзгээр тоглон, хацар
хорсгон үлээнэ. Томоос том улаан наран нүд ирмэх зуур тал нутгийг тэр чигээр гийгүүлэн
ман­дах тэр агшин юутай гайхалтай.    Эх оронд
минь өглөө болоход нар эндээс ингэж л манддаг. Шилийн богдын орой дээрх овоог бид
хүндэт­гэлтэй тойроод дараагийн ажилдаа шамдлаа. Бид байгалийн сайхныг зүгээр нэг
гайхан бишрэх гэж ирээгүй. Шилийн богд уулыг минь шилэн овоо болтол нь архины шилээр
даржээ. Бид тэр орчмыг цэмцийтэл цэвэрлээд ууталсан хогоо барин бэлээс зайдуухан   хогийн цэгт аваачиж хийлээ. Салхи ихтэй байхад
салют буудуулж байгаа хүмүүстэй таарч бид баа­хан зэмлэв. Тал газар хуурай салхи
ихтэй энэ үед л түймэр гарах магадлал өндөр учраас тэднийг зэмлээд дахиж ингэж болохгүйг
сануулав.

Хөтөч Бадарч ах ч тэдгээр хүмүү­­сийн саваагүй энэ үйлдэлд их
л хилэгнэв.  Ингээд бид бэлд бууж ирэхэд хөтөч
маань олон мянган мод тарьсан Шилийн богдын бэлд биднийг авч ирлээ.  Нэг гэр 
бүлийн хэдэн хүн олон арван мянган мод тарьсан аж.  Хэнээс 
ч мөнгө нэхэж гуйлгүй  өөрсдөө ингээд
тарьчих­сан нь сайхан санагдлаа. Эндээс бид тал нутгийн нэгэн гайхамшиг талын агуй  үзэхээр аяллаа үргэлжлүүлэв.

Categories
редакцийн-нийтлэл

Хоол ундны үзэсгэлэн худалдаа анх удаа нээгдлээ

Хоол ундны анхду­гаар үзэсгэлэн худалдаа
өчигдөр “Мишээл экспо” төвд нээгдлээ. “UB food and beverage” нэртэй уг үзэсгэлэнг
Монголын то­гооч нарын холбоо, Мон­голын мастер тогоочдын холбоо, Монголын мэр­гэжлийн
бартендерийн холбоо, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний хөгжлийн төв хамтран зохион бай­гуулж
байна.

Зохион байгуулагчид “Хүнсний салбарын
бай­гуул­лага, хувь хүмүүсийн үйл ажиллагаа, бүтээг­дэхүүн болон үйлчилгээг олон
нийтэд таниулан сурталчилж, иргэдэд хүнс­ний эрүүл ахуй, аюул­гүй байдлын талаар
мэд­лэг түгээхэд энэ үзэс­гэлэн худалдааны зорил­го оршино” хэмээн тайл­бар­ласан
юм.

Хоол, унд хийж, бэлтгэхэд юу хэрэгтэй
вэ. Тэр бүгдээр үзэсгэлэнгийн танхим дүүр­чээ.

Талх нарийн боов, бялуу, кекс хийхэд
хэрэгтэй хөөлгөгч, сийрэгжүүлэгч, чанаржуулагч, хүнсний будаг зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг
оруулж ирдэг “Бурханбуудайн хишиг” ком­па­нийнхан үзэсгэлэнгийн тан­химын үүдэнд
лангуугаа засчихаж. Бялуу, кекс дагнан хийдэг цехүүд эдний оруулж ирдэг бүтээгдэхүүнийг
ихээр сонирхож байгаа аж. “Every­day” сүлжээ дэлгүүрийнхэн япон хоол амтлагч, амттан,
шоколадаа танилцуулж бай­на. Япон амтлагчаар шимийг нь тааруулсан шөл уулгаж, бүтээгдэхүүнийхээ
амт чанарыг тайлбарлана.

“Милая” сүлжээнийхэн гоём­согоор чимэглэж,
нүд хужирлам сайхан харагдах бялуунуудаа сонирхуулж бай­гаа бол “Ubean” кофе шопийнхон
төрөл бүрийн хольцтой кофегоор хүмүүсийг дайлж байлаа.

“Мах маркет”-ийнхан бү­тээгдэхүүнүүдийнхээ
дээжийг дэлгэжээ. Хүмүүс эдний гер­ман технологиор утсан га­хайн махыг ихэд таашаах
аж. Худалдагч нь “Германаас ирсэн технологич өөрөө га­хайн махаа утдаг юм” хэмээ­лээ.
“Anu sales” компани жимс, амин дэмээр баяжуул­сан цэвэр усаа танилцуул­лаа. C,
B6, B12 амин дэмүү­дээр баяжуулсан жимсний амттай ус нь дархлааг сайж­руулахад тустай
гэнэ.

Хөвсгөл, Сэлэнгээс авчир­сан загас,
жимстэй лангууны дэргэд хүмүүс бөөгнөрц­гөө­нө. “Хөвсгөлийн утсан загас байна. Амт
нь ч гоё доо. Жинхэнэ байгалиараа бай­гаа” хэмээцгээж байлаа.

Хөвсгөлөөс үзэсгэлэнд оролцохоор ирсэн
эмэгтэй­чүүд нөөшилсөн цагаан за­гас, утсан загас бас цаа буга, сарлагийн эврээр
хийсэн хундага, түлхүүрийн оосор зэргээ нийслэлчүүд худалда­хаар авчирчээ.

Сэлэнгийн Зүүнбүрэн сумаас оролцогчид
цуунд дарсан сармис, чацаргана, үхрийн нүд, аньс, мойл, утсан загас гээд экологийн
цэвэр бүтээгдэхүүнтэй ирсэн байна.

Ургамлын тос, жигнэмэг, чихэр, гоймон
будаа, бяслаг, амтлагч  гээд хүнсний бүхий
л нэр төрлийн бүтээгдэхүүн энд борлуулагдаж байна. Хүнсний үйлдвэрлэл, ний­тийн
хоолны тоног төхөө­рөмж, гал тогооны хэрэглэл, цахилгаан барааны үзэсгэ­лэн худалдаа
ч өрнөж байна. Цайны газар, ресторануудад бэлтгэгч их чухал үүрэгтэй. Бэлтгэгчийн
ажлыг хөнгөвч­лөх ногоо хэрчигч “S-cook” брэндийн төхөөрөмжийг то­гооч нар их сониучирхана.
Бүх төрлийн ногоог таны хүс­сэн хэмжээгээр хэрчээд зориулалтын вакум уутанд савлан
хүргэдэг юм байна, эднийх.

“Монтуул” компанийнхан өөрсдийн гараар
эх орондоо үйлдвэрлэдэг нэрс, тоор, хад, бөөрөлзгөнө, гүзээлзгэнийн чанамлаа амтлуулж
байна. “Жэм Ритэйл” компанийнхан японы  нэг
номерын ногоон цай оруулж ирдэг юм байна. Сахаргүй цайнууд нь ханиад томуунаас сэргийлдэг,
сэтгэл санааг тайвшруулдаг, цусан дахь сахарын хэмжээг буу­руулж, даралт ихсэхээс
сэр­гийлдэг аж. Гахайн аж ахуй­гаар дагнан үйл ажиллагаа явуулдаг “Монгол порк”
брэн­дийн өндөр чанартай, амттай гахайн махыг хүмүүс худал­даж авч байлаа. Гахайн
махыг хүнсэндээ хэрэглэх нь олон талын ач холбогдолтой гэнэ. Хоол боловсруулах эрхт­­ний
тогтолцоо, амьс­галын зам, уушгийг цэвэрлэж, элэг, тархины мэдрэлийн системийг идэвхижүүлдэг
аж.

Монголын хоолзүйчдийн найрамдал холбооныхон
хүмүүст зөвлөгөө өгч байна. Та ямар хоолыг яаж, хэдийд идэх вэ. Ямар өвчний үед
юуг яаж ямар цагийн хуваарийн дагуу хэрэглэх вэ. Хоолыг яаж хадгалдаг вэ гээд хүн
бүрт хэрэгтэй мэдээллийг өгч, хүс­сэн асуултад хариулах аж. Монголын мастер тогоочдын
холбооныхон “Master cook” мэргэжил сургалтын төвдөө элсэлт авч бүртгэж байв. Мэргэжил,
ур чадвар дээш­лүү­лэх, талх нарийн боовны сургалт, уул уурхай, аялал жуулчлалын
сургалт, зөөгч бармен, ахлах, ерөнхий тогоо­чийн онол аргазүйн сургалт, орон орны
хоолны төрөлжсөн сургалт, гэрийн эзэгтэй нарт зориулсан сур­галт гэсэн чиглэлүүдтэй
аж. Гэрийн эзэгтэй нар Ази хоол, Европ хоол хийж сурахаас гадна сонирхсон хоолыг
нь хийж сургадаг юм байна.

Манай томоохон ресто­ран, хоолны газрууд
өөрс­дийн хийдэг амтат хоолоо үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочдод амсуулна. Хоолны
амталгаа хийхэд 1000-3000 төгрөгийн үнэтэй. Манайхан гриллдсан мах, шарсан мах­ны
орцтой хоолнуудыг амт­лах гэж дугаарлацгаана.

Бялуу, кексэнд дуртай бүсгүйчүүл бүгдээс
нь амсч үзнэ. Өдрийн цайгаа уух гэж үзэсгэлэнг зорьж ирсэн хү­мүүс ч байлаа. “Сайхан
хоол идлээ”, “Бялуу ёстой гоё бай­лаа”, “Загасны махтай, сүүлд идсэн тэр хоол ч
үнэхээр амттай” гэцгээнэ.

Мастер тогоочийн хоол хэрхэн хийхийг
ажиж, хийсэн хоолыг нь идэхийн тулд гэр бүлээрээ яваа айлууд ч байлаа.

Үзэсгэлэн маргааш өндөр­лөх юм. Үзэсгэлэнгийн
үеэр олон арга хэмжээ зо­хиог­дохоор төлөвлөгджээ. Монгол туургатны аварга тогооч
шалгаруулах тэмцээ­ний шилдгүүд өнөөдөр тод­рох бол Монгол Улсын шил­дэг бартендер
шалгаруулах тэмцээн маргааш болох аж.

Монгол туургатны аварга тогооч шалгаруулах
тэмцээнд тогооч нар орчин үеийн мон­гол хоол, гахай, шувууны махан хоол, загас,
тэнгис, далайн бүтээгдэхүүнээр хийх хоол, бялуу чимэглэх урлаг, хоолны урлаг гэсэн
төрлүү­дээр өрсөлдөж байгаа юм.

Нээлтийн үеэр тогооч нар жимсээр элдэв
төрлийн зохиомж хийж өрсөлдсөн юм. Үзэгчид тогооч нарыг шийгуа, хулууг хэрхэн сийлж,
зорж амьтан, цэцэгс хийж байгааг ажиглаж зогсоно. Тогооч нар мужааны багаж мэт хайрцаг­тай
багаж хажуудаа дэлгэж тавьчихаад жимсээ сийлнэ. Маш няхуур хөдлөх аж.

Анх удаа зохиогдсон уг үзэсгэлэн,
худалдаанд Мон­голын нэртэй, алдартай мас­тер тогооч нар хүрэлцэн ирсэн байлаа.
Нөгөө талаар энэ үзэсгэлэнг үе үеийн тогооч нарын цугларалт болж байна гэж хэлж
болох нь. Өндөр малгай, цагаан өмс­гөлтэй мастер тогооч нар зөвлөж, залуу тогооч
нар нь таваг, сав, хутга, сэрээ зөөж, их л хөл хөдөлгөөнтэй байна.

Өнөөдөр мастер тогоо­чийн хийсэн гарын
хоолны дуудлага худалдаа, хоолны талаар мэдлэг олгох үнэгүй сургалт, “Хэн хамгийн
их хот­дог идэх вэ” уралдаанаар үзэсгэлэн худалдаа үргэлж­лэх юм.

Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

 

Categories
редакцийн-нийтлэл

Хорлоогийн Уртнасан: Заримдаа сүрдэж, зарим нэгийг нь сүрдүүлж явлаа

Төрийн шагналт, ардын жү­жигчин,
зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасантай ярилцлаа.

  -Та сонсогчдодоо асар хүн­дэтгэлтэй
ханддаг гэж өмнө нь нэг ярилцлагадаа хэлж байсан. Харин Монголынхоо болон гаднын
үзэгч сонсогчдоосоо та юу анзаарч байв?

-Би бол сонсогчдод асар хүн­дэт­гэлтэй
байдаг. Миний ид дуулж байсан үеийн сонсогчдыг өнөөд­рийнхтэй яаж харьцуулж болохов
дээ. Өнөөдөр “Учиртай гурван толгой”-г би үзээгүй одоо очоод үзчихье гэж очдог нэг
ч хүн байхгүй болов уу даа. Энэ удаад ямар Юндэн дуулах нь вэ, ямар Нансал­маа дуулах
нь вэ гэж очдог болсон байна. Миний өмнөх үеийнхэн дуулж байх үед дуурийг орчуулгаар
дуулдаг байсан. “Ээ, гончигсүм минь…” гээд дуулахад л манайхан нирхийтэл инээлддэг
байсан үе. Мэддэг ярьдаг ганц хоёр үг нь дуулдахаар инээлддэг л байсан хэрэг. Тэр
бол Хайдав гуай, Загд­сүрэн гуай эд нарын монголоор дуулж гарч ирсэн тавин жилийн
өмнөх үе л дээ. Харин би мон­голоор дуулж байгаагүй. Оросоор дуулдаг болсон үед
нь дуулсан. Би 1981 оноос эхэлж дуулсан гэ­хээр 33 жилийн өмнө анхны дууриа
дуулж байжээ. Загдсүрэн, Хайдав нарын мастеруудаас 19 жилийн дараа гарч ирж байлаа.
Тэр үед гадаадын үзэгчид мэдээж боловсролоороо толгой дээр байл­гүй яахав. Ядаж
л “Евгений Оне­гин”-ийг тоглоход романыг нь унш­чихсан, Онегин гэж хэн билээ, Ленский
гэдэг чинь хэн билээ, Татьяна, Ольга нь хэн билээ гэдгийг ядаж уншаад ойлгочихсон
хүн ирээд суух өөр шүү дээ. Би дэлхийн таван том театрын нэг Оросын “Большой театр”-т
дуулж байлаа. Тэнд “Чио Чио сан”, “Тос­ка”, “Онегин”-д дуулсан. Үнэхээр их ч сүрддэг
байсан. Яагаад гэвэл, тэндэхийн үзэгчид чинь хоёр зуу гаруй, гурван зуугаад жилийн
түүхтэй театрын үзэгчид. Гэтэл би хориодхон жилийн түүхтэй теат­раас очиж байгаа
шүү дээ. Очих очихдоо би гэдэг хэн билээ дээ. Хөөрхий, нэг саальчин ээжийн л охин
очиж байгаа шүү дээ.  Хоёр гурван зуун жилээр
хүмүүжчихсэн, тоглож байгаа улсууд нь өндөр мэргэжлийн, тийм олон үе дамж­сан, жинхэнэ
элит улсуудын дунд ганцаараа очоод зогсч байна гэдэг төсөөлөхөд ямар байх вэ. Тэр
бол ойлгомжтой.

-Сандарч байв уу?

-Сандрах гэдэг бол тун ч бага бөгөөд
энгийн үг юм даа. Юу ч гэх юм бэ. Хэлж мэдэхгүй байна. Их сүрдмээр, маш нүсэр юман
дотор яваад орчихож байгаа юм л даа. Нэг ангайхад л шүүмжилнэ, хоёр ангайвал бүр
юу гэж хэлэх бол. Гадна тал минь орос хүүхэнтэй адилхан байна уу, япон хүүхэнтэй
адилхан байна уу, итали хүүхэнтэй адилхан байна уу бүү мэд ээ. Тэр мэтээс авахуулаад
миний толгой дотор юм юм холилдоод л явчихаж байгаа юм. Ер нь хүний толгой гэдэг
ихээхэн багтаамжтай юм билээ. Тэр болгоны ард ганцхан юм бод­догддог юм даа. “Би
чинь монгол хүн шүү. Миний ард миний театр байгаа. Миний театр бас л сайн театр
шүү. Надад Чулуун багш юу гэж хэллээ, Лхасүрэн багш юу гэж хэллээ, Эрдэнэбулган
найруулагч юу гэж хэлж байлаа” гэж бодоод л орно шүү дээ. Анх удаа Орост уригдлаа.
“Чио Чио сан”-д уригд­сан юм. Дараа нь дөрвөн жил дараалан явж дуулсан л даа. Тоска,
Татьяна хоёрт уригдсан. Ингээд би гурван жүжгээр дөрвөн жил тэр театртай хамтарч
тогло­лоо. Тэр театрын гоцлол дууны ангийн дарга Анатолий Архьянов гэж өвгөн байлаа.
Цагтаа дуулж байгаад тэтгэвэртээ гарсан, өвгөн ч гэж дээ жар дөхсөн хүн байсан юм
биз дээ. Тэр хүн “Орост Шальяпин мэндэлж дуурь гэдэг тодорсон юм. Монголд та мэндэл­сэн
юм байна аа” гэж зүйрлэж хэлж билээ. Миний номон дээр ч тэгж бичихэд нь нөгөө айж
сүрдэж байсан хүн чинь машид их омогшиж баярлаж байв даа. Тэгэхэд миний портнёр
Оросын ардын жүжигчин Владимир Пепков гэж хүн байв.  Алдарт Ирина Архиповагийн нөхөр. “Большой театр”-ын
Бага тайзан дээр сургуулилт хийнэ. Жүжгээ давтаад өвөр дээр хэвтэ­хээр нь би бүр
дагжчихаж байгаа юм чинь. Гэсэн ч хийж байгаа урлагаараа ойлголцоод, тэр том хүмүүс
намайг тоогоод харьцаад ирэхээр бага зэрэг тайвширдаг юм билээ. Өглөө нь удирдаач
нь “За, хоёулаа хүмүүсээ цуглатал дуулж байя” гээд өөрөө шууд төгөлдөр хуураа тоглоход
би гэдэг хүн бүр дөрвөн нүдтэй болтлоо гайхаж байгаа юм аа. Эхний сургуулилт дээрээс
гараад ирэхэд хамт дуул­сан улсууд маань “Ёстой сайн сопрано байна, браво” гэж ирээд
л баяр хүргэнэ. “Большой театр” дотроо нэг том цайны газартай. Тэр нь гоё гэж жигтэйхэн.
Тэнд явж байгаагаа үгүй мөн их аз заяа гэж бодож байгаа юм аа. Диваажин гэдэг газар
очсон хүн л тэгж баяр­лах байх. Тэд нартай хамт цайны газарт нь хооллож, нэг лифтээр
явж, сургуулилтын зааланд хамт ороод л. Нүүр буддаг өрөөнд нь нөгөө мундаг ардын
жүжигчин Тамара Зинявская орж ирээд л. Нэг өрөөнд хоёулаа сууж будаад л. Ээ гэгээн
минь, олдохгүй хувь заяа гэж бодож байгаа юм чинь. Тэгж сүрдэж, заримдаа омогшиж,
зарим нэгийг нь сүрдүүлж, Монголд ийм дуучин байна шүү, Монгол гэдэг чинь дуурийг
ингэж хөгжүүлчихсэн юм байна шүү, бидний ганц мэддэг Чингэсийн Монгол биш юм байна
шүү гэдгийг үзүүлж харуулж  явлаа. Түүнээс
хоёр жилийн дараа Оросын бүх хотуудаар явж тоглосон юм даг.

-Хэдийгээр социалист сис­темийн
орнууд ч гэлээ та бол аялан тоглолт гэдгийг жинхэнэ утгаар нь хийж байжээ. Аян замд
сонин содон адал явдал мөн тохиол­доно биз?

-Гав ганцаараа л явна шүү дээ. Нэг
төмөр чемодантай. Чемоданаа чирээд ганцаараа явахад хил дээр янз бүрийн бэрхшээл
тохиолддог юм. Болгарт нэг тоглочихоод Оросын хил рүү ороод иртэл паспортыг маань
үзчихээд “Та хаанахын хүн бэ” гэж байна. “Мон­голын хүн” л гэлээ. Үзэж үзэж байснаа
“Үгүй ээ, та Албаний хүн байна. Хаагуур дамжиж Албаниас орж ирсэн бэ?” гэнэ ээ.
Би бүр гайхчихсан. Миний паспорт дээр “албан паспорт” гээд биччихсэнийг “Албани
паспорт” гээд ойлгочихож. Тэгж хил дээр ороогдож байлаа. Нөгөө төмөр чемоданаа чирч
явсаар сүүлдээ хамаг төмөр нь хугарч нугараад ирж билээ. Хоёр жил гаруй чирэхэд
л элэгдчихэж байгаа юм. Очсон газраас нэг үйлчлэгч орчуулагч өгдөг юм. Орост очихоор
надад нэг эмэгтэй үйлчил­нэ. Тэр эмэгтэйг орос хүн гэж бодоод байсан чинь одоо манай
энд амьдардаг юм билээ. Тэр үед Москвад ажиллаж байж. Нөхөр нь ЭСЯ-ны худалдааны
газар хавь­цаа ажиллаж байсан, ер нь орос хүн. Монголоос хүн очихоор орчуул­ганд
явдаг юм байна л даа. Их ч анхаарал халамж тавина.  Одоо тэр хүнтэй нэг уулзах юм сан гэж бодох юм.

-Та хэдэн настай байв, тэр үед?

-Гучин хэдтэй л байж. Орчуулагч маань
дөчин хэдтэй л байсан болов уу. Зөвлөлтийн жүжигчид тэр үед маш том хэмжээнд явдаг
бай­лаа. Үйлчлэгчидтэй, хөгжимчид­тэйгөө явна. Над шиг хувцсаа чирээд явна гэсэн
ойлголт байхгүй шүү дээ. Гэтэл би онгоцоор ч явж чадахгүй. Галт тэргээр л явна.
Олдож байгаа мөнгө нь тэр. Москва хүртэл тав хоног санжиганаад л явдаг сан. Гэхдээ
дуулж байсан театрууд маань сайхан байсаан. Ленинградад(одоогийн Санкт-Петрбург),
Москвагийн “Большой театр”-т, Кремлийн ордонд дуу­лаад л. Дэлхийн номер нэг Чио
Чио сан Мария Бьешеев гэж Оросын ардын жүжигчин байлаа. Дэлхийн номер нэг Чио Чио
сан шүү дээ. Молдав хүн. Тэр хүний тайзан дээр очиж дууллаа. Тухайн үеийн СССР-ийн
Дээд зөвлөлийн гишүүн ч билүү тийм том дуучин л даа. Давхар өрөөтэй, тэндээ зочин
хүлээж авдаг, мөн усанд ордог өрөөтэй, нүүр будгийн өрөөтэй. Өрөөнд нь намайг оруулж
хувцаслууллаа. Дэлхийн номер нэг Чио Чио саны өрөөнд нь тухлаад л, өөрийнх нь парикийг
өмсөөд л, өөрийнх нь портнёртой би дууллаа. Портнёр нь ч мундаг хүн. Тоглолтын дараа
нөгөө том хүн чинь надад баяр хүргэж үнсээд, ямар гоё Чио Чио сан бэ, танд ёстой
их баярлаж байна гээд л. Хувцас сольж өгдөг хүн бол хаалга цохиод ороод ирэхгүй
шүү дээ, Үүдний өрөөнд л сууж байна. Хувцас солих боллоо, нөгөө хүн орж ирээд их
болгоомж­тойгоор “Уучлаарай та Монголоос ирсэн гэсэн. Танаас нэг юм асуучих уу”
гэж байна. Тэг ээ тэг гэлээ. Хувцаслах зуураа асууж байна, “би арван хоёр гурван
настай байхдаа Монголд байсан юмаа. Миний аав Оросын консулд ажилладаг байсан юм.
Би таныг Монголын дуучин гэж сонсоод танаас нэг юм асуух гээд бодоод байсан юм.
Та төвөгшөөх­гүй бол надад хариулахгүй юу. Тэр үеийн Улаанбаатар том том овоолсон
хогтой, тас харанхуй, маш олон зэрлэг нохойтой хот байсан. Та үнэхээр монгол хүн
мөн үү. Тэндээс ийм дуучин ирнэ гэж би төсөөлөхгүй байна” гэж байна. Маш аяархнаар,
их эмээсэн байдалтай асууж байгаа юм. Би хэллээ. Уучлаарай, та манай оронд дахиад
нэг очих цаг болсон байна даа, та наад өндөр өндөр хогтой,  олон нохойтой хот гэсэн сэтгэгдлээ засах болсон
байна аа. Та манайд очоорой. Би Улаанбаатарын Дуурийн театрын дуучин хүн байна гэсэн
чинь “Би таныг гадаадад дуулдаг монгол хүн юм байх л гэж бодлоо. Яагаад гэвэл, тийм
газраас ийм дуучин ирнэ гэж ерөөсөө санаанд багтахгүй байна” гэж ярьсан. Тэгээд
бодоход уран бүтээлч хүн бол өөрийнхөө нэрээр явдаггүй. Намайг Уртнасан гэж сонин
дээр бичихгүй шүү дээ. Монголын дуучин ирээд гадаад төрхөөрөө ч, дуулж байгаа намба
төрхөөрөө ч жинхэнэ Чио Чио сан гэдгийг үзүүлээд явлаа гэж тэр үеийн хэвлэлүүд бичиж
байсан.

-Гаднын хамтран тоглогчид­тойгоо
та одоо харилцаатай байдаг уу?

-“Большой театр”-ын Пепков одоо ч
надад цомгоо явуулдаг юм. Бичсэн номоо ч явуулдаг. Би ч Пепковт ном, цомгоо явуулдаг.
Глинкийн уралдаан гэдэг чинь Пепковын тэргүүлдэг уралдаан юм. Эхнэр нь Ирина Архипова
гэж Орост маш их нэртэй төртэй хүн бий. Глинкийн уралдааныг эхлээд эхнэр нь тоглойлдог
байсан. Одоо бол нөхөр нь, Пепков толгойлж байгаа. Тэр манай дуучдаар надад ном,
цомгоо өгч явуулдаг юм. Монголоос хүүхдүүд очихоор “Манай Уртнасангийн нутгийнхан,
Уртнасангийн хүүхдүүд” гэж л ярьдаг хүн. Бид одоо хүртэл сайхан харилцаатай байдаг.

-Манай ДБЭТ-т гаднаас уран бүтээлчид
ирж үе үе тоглох болсон. Ялангуяа балет байна. Америкаас, Оросоос гэхчилэн. Саяхан
Эрхүүгийн симфони оркестр ирж тоглосон, үнэхээр гоё дуугардаг юм байна. Дараа нь
балет ирлээ. Ер нь Оросын академийн гайхамшиг нь юундаа байдаг юм бэ?

-Оростой найзалж нөхөрлөж найрамдаж
байсан үеийн хүн болохоороо намайг хуучинсаг ойлголтоор хэлж байна гэж хүмүүс бодох
байх. Гэвч мэргэжлийн хүрээнд бол Оросын дэг сургууль, Оросын барил, сонгодог тавил
гэдэг бол ялангуяа балетаар дэлхийд аргагүй дээгүүр ордог. Одоо багшилж байгаа манай
багш нарын хэмжээ бол хуучин Орост, Болгарт сурсан барил. Өөрөөр хэлбэл, Европын
дэг жаяг зонхил­сон ийм дэг жаягт суралцсан багш нар байна. Би гэхэд л эндээ дөрвөн
жил сурчихаад дараа нь Болгарт гурван жил сурсан. Мэргэжлээ дээшлүүлж Болгарын Кристофф
Бернбург гэж их том багшийн удирдлагад сурсан. Болгар бол манайх шиг дуучин ард
түмэн. Тэр дундаа байгалиасаа заяасан сайхан дуучидтай. Бараг номыг нь сурсан дуучид
гэлгүй гудамжнаас хүн аваад дуулахад бэлэн тийм л дуучин ард түмэн л дээ. Оросын
хувьд, яаж хүний хоолойг хөгжүүл­дэг юм, яаж сонгодог дэг жаягийг барьдаг юм,  яаж балетад техник сайтай хүнийг бий болгох юм
гэхчилэн бүх талаараа хоёр гурван зуун жил хөгжчихсөн школь. Ерөө­сөө цаад талын
баруун Европоос хоцрохгүй. Үргэлж тэргүүлж байсан. Тийм учраас Оросын бүх театр
нь тээр дээр байдаг. Баруун Европыг бол би бодохдоо шүүмж­лэлтэй хандаж байгаа юм.
Тэнд байнгын ажиллагаатай театр байх­гүй. Харин Орос, Болгар манайх сонго­дог театрыг
байнгын ажилла­гаатай явуулж байна. Энэ хоёрт маш том ялгаа гарч ирдэг юм. Европт
жилээр гэрээ хийчихдэг. Нэг сарын “Чио Чио сан”-г би очиж дуулна, хоёр дахь сарынхыг
өөр хэн нэгэн хаа нэгтээгээс очиж дуулна. Ингэж гадна дотноос дуучид аваачиж дуулуулдаг.
Найрал дуучид нь ч мөн л тоглолт болохоор л цугладаг.  Гэтэл сонгодог урлаг гэдэг маань бэлтгэл сургууль,
дэг жаяг алдагдахаараа л юу ч биш болж хувирдаг юм шүү дээ. Тэр ч байтугай энэ талаар
сургасан алтан сургаал байна. “Нэг өдөр сургуульгүй байвал чи өөрийгөө мэднэ,  хоёр өдөр сургуульгүй байвал хажуудах хүн чинь
чамайг мэднэ, гурав дахь өдрөө чи сургууль хийхгүй юм бол үзэгчид чамайг хүлээж
авахгүй” гэсэн ийм хатуу сургамж байдаг.

-Оросын сонгодог урлаг гүйцэтгэх
түвшиндээ ч эрс ялгарах өндөр түвшинд байсаар байгаа нь хэт хатуу зарчим барьдагтай
нь холбоотой юу. Одоо их чөлөөтэй, янз бүрийн туршилт их хийх юм л даа. Зарим орнууд
жүжигчдээ биеийн галбир талаас нь онцолж гаргаж 
ирэх нь ч байна?

-Оросууд өндөр түвшинд бай­гаад байдаг
нь хэтдээ ч биш, зар­чимдаа ч биш юм. Дэг сургуульдаа байгаа юм. Бүр үндэснийх нь
байнгын суурьшсан,  уламжлалт дэг жаяг байгаа.
Түүнийгээ л алдах­гүй байна. Баруунд сонгодог юмыг орчин үеийн тавилаар тавьж бай­на.
Америкт бүр ч тийм. Эд нар туршилт л хийгээд байгаа юм.  Гэтэл сонгодог бүтээл сонгодгоо­роо л байж хүнд
хүрдэг шүү дээ. “Евгений Онегин” тоглоход Онегин жинсэн өмдтэй гарч ирэх жишээтэй.
Үгүй бол “Хунт нуур”-ын хар хунд эрэгтэй хүн, цагаан хунд эмэгтэй хүн гаргаж байх
ч шиг.

-Цаг зуурын л юм, тийм ээ?

-Цаг зуурынх. Энэ бол цаг үеийн нэг
урсгал төдий юм. Тэр урсгалаас чинь дэг жаягаараа яваа нь шилэгдээд л үлдээд байгаа
юм чинь. Дэлхийн сонгодог гэдэг чинь хэдэн зуун жил хүний оюун санаагаар шүүгдээд
шүүгдээд үлдчихсэн юм. Түүнийг хичнээн өөрчлөх тусам хүнээс улам бүр холдоно. Яг
байгаагаар нь хийх юм бол хүний сэтгэхүйд яв цав бууж байгаа амьдралын тусгал юм.
Амьдралын алтан фонд байгаа юм, тэнд чинь.

 

Н.ПАГМА

Үргэлжлэл бий

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Ломбо: Хоёр улсын уламжлалт харилцаа шинэ нөхцөл байдалд өргөжин хөгжинө

Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дор­жийн
БНАСАУ-д хийж буй тө­рийн айлч­лал хийж байгаа. Айлч­лалын та­лаар Онц бө­гөөд бүрэн
эрхт Элчин сайд, Ний­гэм, улс тө­рийн шинж­лэх ухаа­ны доктор Ж.Ломбо­той ярилцлаа.

-Манай улсын Ерөн­хийлөгч БНАСАУ-д
айл­чиллаа. Манай хоёр ул­сын харилцааны түү­хэн замнал хэрхэн үр­гэлжилж ирсэн
тухай сонирхуулахгүй юу?

-Монгол Улс болон БНАСАУ эртний уламж­лалт харилцаатай орон.
Манай улс ЗХУ-ын да­раа­­гаар 1948 онд Умард Солонгостой дипломат харилцаа тогтоосон
түүх­тэй. Хоёр орон харилцан тус­гаар тогтнолоо хүлээн зөвшөөрч, дипломат ха­рилцаа
тогтоож, 1951 онд хоёр талдаа Элчин сай­дын яамдаа нээсэн юм. Өнгөрсөн хуга­цаанд
хоёр орны харилцаа улс төр, соёл урлаг, эдийн засаг, худал­дааны гээд бүхий л салбарт
хөгжиж ирсэн. Янз бүрийн түүхийн нуга­чааг даван туулсан гэхэд болно. Умард Солонго­сын
Удирдагч Ким Ир Сен манай улсад 1956, 1988 онд айл­чилж бай­сан. Түүнээс хойш
2007 онд БНАСАУ-ын төрийн тэргүүн, Ардын дээд хур­лын тэргүүлэгчдийн дар­га Ким
Ён Нам айлчилж бай­лаа. Харин манай ул­саас 1956 онд Ю.Цэдэн­бал дарга, 1986 онд
Ж.Бат­­мөнх дарга, 2004 онд Ерөн­хийлөгч Н.Бага­банди, 2003 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр
нар БНАСАУ-д айлчилсан юм. Энэ удаад Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж өндөр хэмжээний төрийн
айлч­лал хийж байна. Үүнчлэн хоёр орны төр засгийн тэргүүтнүүд, Гадаад хэр­гийн
сайд нар тогтмол айлчилж байсан. Дээр дурдсан айлчлалуу­дын үеэр хоёр орны эрх зүйн
үнд­сийг бататгасан, олон арван гэрээ хэлэлцээр байгуулсан байдаг. 1990-ээд онд
социалист систем задрахад хоёр орны эрх зүйн үндсийг өнөөгийн олон улсын харилцааны
нөхцөл байдалтай уял­дуу­лан шинэчлэх, өөрч­лөх, засварлах шаард­лага гарсан юм.
Үүний үндсэн дээр мөн Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээ­рийг шинэчлэн байгуулсан.

-Ерөнхийлөгчийн хувьд төрийн тэргүүнээр
хоёр дахь удаагаа сонгогдоод гадаад оронд хийж буй анхны төрийн айлчлал БНАСАУ.
Айлч­лалын зорилго, ач холбогдол нь юу байв?

-Тийм ээ, Ерөнхийлөгчийн гадаад улсад
хийж буй анхны айлчлал нь энэ юм. Умард Солон­госын хувьд ч шинэ удирдагчтай болсноор
тус улс гадаадын төрийн тэргүүнийг анх удаа хүлээн авч байгаагаараа онцлогтой.  Энэ үйл явдал бол манай хоёр улсын уламжлалт харилцаа
сайн байж ирсний нэг илрэл билээ. Энэ удаагийн айлчлалд  талууд ихээхэн  ач холбогдол өгч байгаа.

Манай Ерөнхийлөгч айлч­ла­лын­хаа
хүрээнд хоёр орны худал­даа эдийн засаг, соёл, зам тээв­рийн салбарт хамтран ажиллах
баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ мэтчилэнгээр хоёр орны харил­цаа дээр үеэс
уламжлагдаж ирсэн бөгөөд өндөр дээд хэмжээ­ний яриа хэлэлцээ  тасралтгүй 
явж ирсэн түүхтэй.

Айлчлалын гол зорилго хоёр талын харилцааг,
өнөөгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан боди­тоор өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн
гэж үзнэ. Энэ нь бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд ч эерэг нөлөө үзүүлнэ.
Манай улс Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй, тогтвортой байд­лыг бэхжүүлэх талаар
санал са­наа­­чилга гаргаж байгаа юм. Тий­мээс цөмийн зэвсэггүй статус, бүс нутгийнхаа
аюулгүй байдалтай холбоотой манай зүгээс юу хийж болох талаар тайлбарлаж, Умард
Солонгосын цөмийн асууд­лаар зургаан талын гэрээ хэлэлцээг сэргээх энэ чиглэлээр
ямар хэл­бэрээр хамтран ажиллах талаар санал солилцох байх аа.

-Умард Солонгосын удирдагч нар
гаднаас ирсэн зочид, тө­лөөлөгчид хийгээд төрийн тэр­гүүнүүдийг тэр бүр биечлэн
хүлээж авч уулзаж байгаагүй. Энэ удаад манай Ерөнхий­лөг­чийг хүлээж авч уулзах
болов уу?

-Тус улсын үндсэн хуулинд Ардын дээд
хур­лын тэргүүлэгчдийн дарга нь төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэнэ гэсэн байдаг.
Тиймээс төр засгийн дээд хэмжээний төлөөлөгчдийг  Ким Ён Нам дарга хүлээн авч уулздаг. Харин Ерөнхийлөгч
Ким Ир Сенээс хойш Ким Жөн Ир, Ким Жөн Ын нар Солонгосын хөдөл­мөрийн намын дарга,
Солонгосын ардын армийн дээд командлагчаар ажиллаж ард түмний дунд удир­дагч гэж  нэрлэгддэг. 
Ким Жөн Ын дарга сонгогдоод удаагүй байна. Энэ хугацаанд гаднаас манай Ерөнхийлөгчийн
хэмжээний өндөр хэмжээний төлөөлөгчид очсонгүй. Манайх анхных нь болж байна.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр Солонгосын
хилийн зурва­саар явлаа. Манай Ерөнхийлөг­чийг цэрэггүй бүсэд аваачсан явдалд та
ямар ач холбогдол өгч байна вэ?

-Умард,Өмнөд Солонгосын хилийн зурвас
болох Панмүнжомд  манай Ерөнхийлөгч очиж танилц­сан
байна лээ.  Хоёр улсын хилийн зааг болох цэрэггүй
бүсээр урьд өмнө нь гадаад орны төрийн тэр­гүүн тэр бүр тус улсад айлчлахдаа очиж
байгаагүй. Энэ нь Солон­госын хойгийн болон бүс нутгийн байдалтай бодитой танилцахад
тус­тай төдийгүй, маргаантай асууд­­лыг эв зүйгээр зохицуулахад зохих нэмэр болно
гэдэгт итгэж байна. Мөн Ерөнхийлөгч маань Панмүн­жомын ойролцоо байдаг Монгол хатны
булшинд очиж хүн­дэт­гэл үзүүлсэн байна лээ. Энэ  нь Монгол, Солонгосын эртний түүх­тэй холбоотой
чухал газар юм.

-Тэр хатны тухай түүхэнд юу гэж
тэмдэглэсэн байдаг юм бол?

-Солонгосын Гонмин хааны хатан нь
монгол эмэгтэй байжээ. Хатан 30 гаруй насандаа төрөхийн хүндрэлээс болж өөд болсон
аж. Хаан, хатандаа маш их хайртай байсан гэдэг. Тиймээс хатныхаа бунхны нь зургийг
өөрөө зурж, байгуулсан бөгөөд насан эцэс­лэхдээ хатныхаа бунхны хажууд ор­шуулаарай
хэ­мээн гэрээсэлсний да­гуу хүсэлтээр нь болгосон тухай түүх байдаг. Хаан, хатан
хоёрын бун­хан нэг дор байдаг бөгөөд доо­гуураа холбоо­той гэдэг. Монгол хат­­ныг
амьд сэрүүн байхад Солон­гос улс дайн дажингүй, амар амга­лан байсан тухай  тэмдэглэсэн байдаг.

-Дээр дурьдсанчлан социа­лист систем
задрахаас өмнө манай хоёр улсын харилцаа өргөн байжээ. Айлчлалын үр дүнд  уламжлалт харилцаа маань хэрхэн сэргэж, өргөжинө
гэж та харж байна вэ?

-1990 он хүртэл социалист систем задрахаас
өмнө хоёр орон улс төр, эдийн засаг, соёл, хүмүүн­лэгийн салбарт өргөн харилцаа­тай,
хамтран ажиллаж ирсэн. Түү­нээс хойш нэг хэсэг харилцаа маань зогсонги байдалд орсон
ч  сүүлийн жилүүдэд сэргэн хөгжих алхам хийгдэж
байна. Ер нь хоёр орон түүхэн уламжлалт харил­цаатай сацуу, газар нутгийн хувьд
ойр оршдог, Орос, Хятад гэсэн их гүрэнтэй хиллэдэг, хөгжиж байгаа орнууд зэрэг адил
төстэй зүйлүүд нэлээд бий. Иймэрхүү адил төстэй зүйлүүд их учраас хамтын ажил­лагааг
хөгжүүлэх боломж ирээдүй байдаг. Энэ бүх­нийг бататгах үүд­нээс бүс нутгийн харилцааны
нөхцөл байдалтай уялдуулж, хоёр талын харилцааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан
хөгжүүлэх боломж байна. Тиймээс Солон­госын шинэ удирдлагатай яриа хэлэлцээ явуулж,
харилцааны эрх зүйн үндсийг бататгасан баримт бичиг байгуулах зэргээр хамтран ажиллаж
байна. Тухайл­бал, нэлээд олон бизнесийн төлөө­лөл Ерөнхийлөгчийн айлчлалд багт­лаа.
Өнгөрсөн есдүгээр сард Пхеньян хотноо хоёр орны Засгийн газар хооронд эдийн засаг,
шинж­лэх ухаан техникийн салбарт хамт­ран ажиллах Зөвлөлдөх комиссын ээлжит хуралдаан
Пхеньян хотноо боллоо. Манай талаас Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй
албаныхан оролцож,  эдийн засгийн хамтын ажилла­гааны
асуудлаар санал солилц­сон.

-Хоёр орны улс төрийн харил­цаа
өндөр түвшинд тасралтгүй явж байна. Хамгийн гол нь эдийн засаг худалдааны харилцаагаа
яаж бататгах вэ?

-Энэ бол тун чухал асуудал болоод
байгаа. Улс төрийн яриа хэлэлцээнээс гадна бодитой хам­тын ажиллагаа хэрэгтэй. Ер
нь хоёр тал эдийн засаг худалдааны  хамтын
ажиллагааг харилцан ашигтай агуулгаар баяжуулан хөг­жүүлэх боломжтой тийм, хэрэгцээ
ирээдүй бий. Уламжлалт харил­цаа­гаар манайх Солонгосоос ца­гаан будаанаас өгсүүлээд
хүнсний бүтээгдэхүүн гээд нэлээд их бараа импортолдог байсан. Харин Солон­гос руу
ноос, ноолуур, арьс, шир түүхий эд экспортолдог байлаа. Гэтэл системийн задрал болж,
Умард Солонгост эдийн засгийн хүндрэл бий болсон нь  гадаад худалдаа, эдийн засгийн харилцаанд ч нөлөөлсөн.
Одоо улс төрийн харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаагаар бэхжүүлэн сэргээж хөгжүүлэх
боломж бүрэн байна. Хоёр тал энэ чиглэлээр хамтарч ажиллах тухай яригдаж байгаа.
Хэн хэнийх нь ч ашиг сонирхол байна.

Манай улс далайд гарцтай болох хамгийн
дөт зам бол Солон­госын хойг байгаа юм. Солонгосын хойгоор дамжиж  Түмэн голын сав газар, Расоны чөлөөт эдийн зас­гийн
бүсээр дамжин далайд гарц­тай болох боломж бий. Мөн  Умард Солонгосын усан боомтуудыг хөнгө­лөлттэй
нөхцөлөөр ашиглах бо­ломж ч нээгдэх юм. Харин Умард  Солонгосын талаас манайхаас уул уурхайн түүхий
эдээ импорт­лох, мал аж ахуй, газар тариа­лангийн салбарт хамтран ажиллах боломж
байгаа. Солонгост ямааны аж ахуйг хөгжүүлэх санал санаа­чилга байдаг. Энэ мэтчилэн
хоёр талын хамтын ажиллагааг хөгжүү­лэх боломжууд байна л даа. Үүнээс гадна Умард
Солонгос ажиллах хүчний нөөцөөр баялаг. Манайд зам тээвэр, барилга, хөнгөн үйлдвэрийн
салбарт тэдний хүмүүс ажиллаж байна. Солон­госчууд мэдлэг боловсрол, ур чадвар,
зохион байгуулалттай байдлаараа манай хувийн хэвш­лийнхний сонирх­лыг татаж, тэдэн­тэй
хамт­ран ажиллах боломж байдаг юм. Энэ асуудлаар ч хоёр улсын хоо­ронд нэлээд зүйлүүд
яригдаж байгаа.

-Боловсролын салбарт хоёр орон
хэрхэн хамтран ажиллах боломж байна вэ?

-Дээхнэ үед оюутан, мэргэжилт­нүүд
солилцдог байсан. Дайны үед Хойд Солонгосын 200 хүүхдийг манайх авчирч, долоон жил
сургаж, хүмүүжүүлсэн түүхтэй. Мөн 30 оюутныг хөдөө аж ахуйн салбарт сургасан. Одоо
ч гэсэн хоёр улсад харилцан суралцдаг цөөхөн оюу­тан бий. Мөн хэл соёлоо судлахад
хамтарсан судалгаа хийх, Монгол хатны домгоор кино хийх асуудал хүртэл яригдаж байсан
л даа. Ер нь соёлын салбарт өргөн харил­цаатай. Жил болгоны дөрөвдүгээр сард Ким
Ир Сений төрсөн өдөрт зориулж “Нарны баяр” гэж болдог. Манай урлагийнхан дандаа
орол­цож тэргүүн байруудыг нь авч байсан.

-Хоёр улсын зээл туслам­жийн асуудал
ямархуу түвшинд явж байна?

-Хоёр улс эдийн засгийн харил­цаатай
явж байхдаа зээл тусламжийн талаар хамтран 
ажил­лаж байсан. Жишээлбэл, дайны үед манайх Солонгост нэлээд хэмжээний тусламж,
үзүүлж, 220 гаруй мянган  толгой мал, дулаан
хувцас, хоол хүнс явуулж байсан. Солонгосын тал ч манайд цаг агаарын хүндрэл бэрхшээл
гарвал тусламж үзүүлдэг байлаа. Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын сургуу­лийг иж
бүрнээр нь байгуулж өгсөн. Одоо болтол сургуулийн урсгал засварыг хийж, кабинетыг
нь  тохижуулдаг. Боломжийн хэрээр тусламж
дэмжлэг үзүүлдэг.

-Хойд Солонгос шинэ удир­дагчтай
болсноор тус улсын хөгжил дэвшил хэрхэн өөрчлөг­дөж байна вэ. Та БНАСАУ-д Элчин
сайдаар ажиллаж байсан хүний хувьд илүү сайн дүгнэх байх?

-БНАСАУ 1950-1953 оны дайнд үнсэн
товрого болтлоо сүйрсэн. Тэрнээс хойш хэтийн төлөвлөгөө­тэй хөгжсөн. Солонгосын
ард түмэн бол дайн үзсэн, колоний дарлалд орж байсан их хатуу­жилтай, хөдөлмөрч
хичээнгүй ард түмэн учраас богино хугацаанд сэргэн босч, идэвхтэй хөгжиж бай­гаа.
Энэ онд  улс тунхагласных нь болон дайны ялалтын
60 жилийн ой боллоо. Тэрнийг дагасан бүтээн байгуулалтууд хөгжиж, том том үйлдвэр,
байгуулагдсан. Хөдөө аж ахуй, газар тариалан хөгжүүлэхэд анхаарч байна. Пхеньян
хот орчин үеийн өнгө төрхөөр хөгжиж байгаа. Солонгос биеэ дааж хөгжинө гэсэн үндсэн
бодлого дээр тулгуурлан хадааснаас өгсүүлээд уул уурхайн тоног төхөөрөмж, машин
техник, усан онгоцоо өөрсдөө үйлдвэр­лэдэг.

БНАСАУ манай коксжих нүүр­сийг хамтран
ашиглах, шөрмөсөн чулуунаас хөвөн гаргаж, монгол хонины ноостой хольж, сайн чанарын
даавуу хийх асуудлыг Ким Ир Сен дарга манай улсад айлчлах үед ажил хэрэг болгохоор
ярилцан тохирч  байлаа. Шөрмөсөн чулуу­наас
хөвөн гаргаж авах технологи нь зөвхөн Хойд Солонгост байдаг. Манай 20 оюутныг Солонгосын
химийн үйлдвэрийн дээд сургуульд сургасан. Тухайн үед системийн задрал болж энэ
асуудал ажил хэрэг болж чадаагүй. Харин одоо сэргээх талаар ярьж байгаа юм билээ.
Ер нь хоёр улс уламжлалт харилцаагаа хөгжүүлэх сонирхол аль аль талд байгаа. Хамгийн
гол нь  улс төрийн өндөр түвшний харилцааг
эдийн засгийн хамтын ажиллагаагаар бэхжүүлэх нь чухал гэдгийг дахин  тэмдэглэмээр байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
редакцийн-нийтлэл

Х.Болорчулуун: Яагаад нэг аймгаас сонгогдсон гишүүд тэмцэлдэгч байх ёстой юм

УИХ-ын
гишүүн Х.Бо­лорчулуунтай ярилц­лаа.

-Саяхан
Н.Номтой­баяр гишүүн мэдээлэл хийсэн. Уг мэдэгдэлдээ УИХ-ын гурван гишүүн, Засгийн
газрын нэг ги­шүүн “Мунзуй” Нямдор­жийн ард байгаа гэж байсан. Тэр гурван ги­шүүний
нэг нь таныг байх гэж ярьцгааж байна?

-Н.Номтойбаярын
мэ­дэгдэл хийж байгааг хар­сан. Уг хэргийн цаана УИХ-ын гишүүд байгаа гэдэг юу л
бол доо. Ном­тойбаяр гишүүний уг асуу­далд би холбогдол­гүй ээ. Хүмүүс Н.Номтой­баяр
гишүүн бид хоёрыг Дорнод аймагт нэг тойрогт өрсөлдөн УИХ-ын ги­шүүн болсон болохоор
тэгж санагдаж байгаа юм болов уу. Бид УИХ-ын сонгуулийн үеэр шударга, хар хоргүй
өр­сөлдсөн хүмүүс. Тиймээс ямар нэ­гэн асуудалд нэр холбог­дох шаардлага байхгүй.

-Н.Номтойбаяр
ги­шүүн та хоёр одоо ямар харьцаатай байдаг вэ?

-Бидний
хувьд УИХ-ын сонгуулийн өмнө, түү­нээс хойш ч жирийн харь­цаатай байгаа. Түүнээс
зарим нэг хүмүүсийн бо­дож байгаа шиг муу харь­цаа байхгүй ээ. Бид энгийн, зөв харьцаатай
хэвээр байгаа гэдгийг хэлмээр байна. Манайх­ны дунд нэг сонин зүйл анзаарагддаг
юм.

-Тэр
нь юу гэж?

-Нэг аймгаас
сонгогд­сон хүмүүсийг өрсөлдөгч мэтээр хардаг явдал юм. “Яагаад нэг аймгаас сон­гогдсон
хүмүүс хоорон­доо өрсөлдөгч тэмцэл­дэгч байх ёстой гэж” гэд­гийг буруу ойлголттой
яваа хүмүүсээс асуумаар санагддаг. Иргэдийнхээ сайн сайхны төлөө ажил­лана гэж амлалт
өгч гарч ирсэн хүмүүс сонгогдсон тойрогтоо ажил хийхгүй бие биенээ хэмлээд суу­на
гэдэг байж болохгүй зүйл гэж боддог юм.

-Та
бизнес эрхэлдэг байж байгаад улс төрд орж ирсэн хүн. Сүүлийн үед улс төрд бизнес­мэнүүд
ихээр орж ирс­нээр улс төр утгаа ал­даж байна гэж ярьцгаах болж. Үүн дээр та ямар
байр суурьтай байдаг вэ?

-Энэ үгийг
ямар хүмүүс хэлдэг вэ гэхээр амьд­ралдаа материаллаг баялаг бүтээж үзээгүй цагаан
гартнууд, цагаан захтнууд л хэлдэг байх. Бидний ардчиллын заг­вар болгох дуртай
Аме­рикт гэхэд сенатын ги­шүүд нь голдуу өөрийн хувийн амьдралаа цэг­цэл­чихсэн,
улс орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй хөрөнгөтөн, бизнес­мэнүүд л байдаг. Улс төрд
шударга хөдөл­мө­рөөрөө материал баялаг бүтээж нийгэмд танигдан, ард түмнийхээ захиал­гаар
орж ирсэн бизнес­мэн байхад заль мэх луйв­раар хөрөнгөжсөн олон түмнийг хуурах,
мөн­гөөр түрэх замаар сон­гогдсон хүмүүс ч мэр сэр байна. Улстөрчид ч дот­роо мөн
хоёр янз байдаг гэж боддог юм.

-Таныхаар
улс төр­чид дотроо ямар хоёр янз байдаг юм бэ?

-Анхнаасаа
амьдра­лын зам нь төрөөр явсан шударга нэгэн байхад нам, улс төрөөр олон жил дагнан
баялаг бүтээхгүй мөртлөө буруу гараар хэмжээгүй баяжсан улс төрчид байна. Үүнийг
би хувьдаа хуурамч улс төрчид гэж боддог. Ийм хүмүүс бэртэгчин байдаг бөгөөд ард
иргэд, эх орны язгуур эрх ашгаас өмнө хувийнхаа эрх ашгийг ямагт урьтал болгодог.
Тэдний балгийг улс орон, ард иргэд маань хангалт­тай амслаа гэж бодогддог юм.

-Өнгөрөгч
оны төс­вийн тодотголыг саяхан баталсан. Төсвийн хө­рөнгө оруулалтаар хийг­дэх ажил
ихээхэн тасарсан гээд байгаа. Үүн дээр ямар бодол­той байгаа вэ?

-Татварын
орлогын төлөвлөгөө нэг их наяд гаруйгаар тасарч, хөрөн­гө оруулалтын гүйцэтгэл хүйтний
ам наашилчих­сан энэ үед тавин хувьдаа ч хүрээгүй байгаа нь шүүмж­лэлийн бай болж
байна. Мэдээж энэ нь Засгийн газрын ажлын зохион байгуулалт, цаг хугацаатай уралдаж
амжуулах ажлын хурд зэрэг зүйлүүдээс шалт­гаалж байгаа нь дамжиг­гүй. Түүнээс гадна
нэгдсэн төсвийн тухай хууль төс­вийн байгууллагын удирд­лага санхүүжил­тийн хууль
зэрэг нь зах зээлийн нөхцөлд зөв голдиролоор явах хөгж­лийн урсгалыг боогдуулж байна.
Манай улс зах зээл ардчиллын замыг сонгосон мөртлөө нийт мөнгөн урсгалын 45 ху­вийг
эзэлж байгаа төсөв нь босоо удирдлагатай, хуучин нийгмээсээ бүрэн салаагүй байна.
Өөрөөр хэлбэл төвлөрсөн төсөв­тэй төлөвлөгөөт эдийн засгийн систем үйлчил­сэн хэвээр
байгаа санагд­даг.

-Одоо
төсөв дээр юу нь буруу болоод байгаа вэ?

-Төвлөрсөн
төсөвтэй төлөвлөгөөт эдийн зас­гийн систем үйлчилсэн хэвээр байгаа тул татвар мөнгийг
дээш нь татаж аваад дахин хуваари­лалт төвдөө буюу яам дээр хийгдэж байна. Энэ нь
аймаг, дүүрэг, сумдад оновчтой хуваарилалт болж өгдөггүй. Тиймдээ сургуулийн дотуур
байр­гүй суманд их засвар гээд тавигдчихсан, Өвөрхан­гайд дуусчихсан барил­гад дахин
мөнгө хуваа­рилчихсан, нэг гол дээр баригдах хоёр гүүр нэг тэрбум гаруй төгрөгөөр
зөрүүтэй байх зэрэг зүй бус зүйлс олон гарч бай­гааг хүмүүс мэдэж байгаа байх.

-Тухайн
аймгаас сон­гогдсон гишүүд нь нутаг орондоо хөрөнгө оруу­лалт татах гэж тэгж байгаа
юм биш үү?

-Аймаг,
сум ч УИХ-ын гишүүд нь ч тойрогтоо ихээхэн хэмжээний хө­рөн­гө оруулалт оруула­хыг
хичээхээс биш дараа­гийнх нь үр ашиг, нийгэмд хүртээмжтэй байдал, түү­ний хяналт
зэрэг байхгүй болж дээ. Өөрөөр хэлбэл улсын өмч эзэн хоёр анхан шатандаа холдож
хүйтэн хөндий болсон. Иймдээ ч аймаг сумд бие даан өрсөлдөн уралдаж, цэцэглэн хөгжих
боломж муу учраас орон нутгаас нийслэл рүү чиглэх их нүүдэл үргэлжилсээр бай­на.
Үүнийг л даруй шийдэх хэрэгтэй.

-Та
газрын тосны хуу­лийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж бай­гаа. Энэ хууль ши­нэч­лэгдэн
гарснаар ямар өөрчлөлт үр дүн гарах вэ?

-Манай
орон 1991 онд баталсан Газрын тос­ны тухай хууль нэртэй 13 зүйл бүхий маш товч­хон
хуультай улс. Энэ нь улс орон болоод хөрөнгө оруулагчдын өнөөдрийн эрх зүйн харьцааг
бүрэн зохицуулж чадахгүй бай­гаа. Газрын тосны хууль шинэчлэгдэн гарснаар Монгол
Улс, хөрөнгө оруу­­лагчид харилцан ашиг­тай байх нөхцөл бүрэл­дэхээс гадна орон
нутагт газрын тосны орло­гоос үлдэх өгөөж нэмэгдэнэ. Газрын тосны үйл ажиллагаа
нь газрыг ухаж эргүүлэхгүй ч гэсэн маш их өргөн уудам нутаг эзлэн үйл ажиллагаа
явуул­даг. Энэ нь байгаль орчин болоод тэнд амь­дарч буй ард иргэд, мал амьтны амьдралын
нөх­цөл хэв байдалд сөргөөр нөлөөлдөг.

-Яг
энэ байдал Дор­нод аймагт болоод бай­сан байх аа?

-Сүүлийн
ганц жишээ хэлэхэд Дорнод аймгийн­хан Петрочайна дачин тамсаг компанийг бай­галь
орчинд бохирдол үүсгэж хор хохирол уч­руулсных нь төлөө бараг гурван жил, гурван
шатны шүүхээр заргалдан явсан. Үүний хүчинд 1.3 тэрбум төгрөгийг авч чадсан юм.
Газрын тосны тухай хууль чамбай сайн гарснаар үйл ажиллагааны эцэст хор хохирол,
маргаан гарах явдлаас сэргийлэх хууль зүйн орчин нөхцөл үүснэ. Тэрчлэн Дорнод аймгийн
нутгаас гэхэд өдөртөө 1000 гаруй тонн түүхий тос экспортод гар­гадаг мөртлөө
2012 онд ердөө 90-хэн сая төгрөг усны төлбөрөөс орон нутгийн төсөвт орсон гээд бод
доо. Үнэхээр харам­саар санаддаг юм. Харин хууль шинэчлэгдсэнээр гадныхан өрөм тосыг
нь аваад орон нутагт хусам нь үлддэг байдал арилна. 

-АН,
МАН, Шударга ёсны эвсэл гээд олон хүнтэй томоохон бүл­гүүд парламентад ажил­­­лаж
байна. Бие дааг­­чид хууль батлах, асуудлыг шийдэхэд хү­чин мөхөсдөж байна уу?

-Өмнөх
парламентыг бодвол бие даагчид ган­цаардаад байх асуудал байхгүй гэхэд болно. Парламентад
байгаа бие даагч гурван гишүүн “Бие даагчдын зөвлөл” байгуулан ажиллаж байна. УИХ-ын
даргын бодло­гын зөвлөлд, бүл­гүүдийн дарга нартай адил зөвлөлийн ахлагч албан ёсоор
орж ажил­ладаг. Бид УИХ-д намыг бус жирийн иргэдийг тө­лөөлж ажиллаж байна. Тиймээс
бие даагчдын зөвлөл “Монгол хүний төлөө” гэсэн уриатайгаар долоо хоногийн даваа
гариг бүр тухайн долоо хоногт Улсын Их Хурал, байнгын хороо, ажлын хэсэгт хэлэлцэгдэх
хуу­лийн төсөлд ямар байр суурь чиглэл баримталж ажиллахаа албан ёсоор хэвлэл мэдээллийнхнээр
дамжуулан иргэд, олон түмэндээ мэдээлж бай­гаа. Мөн цахим хэрэгс­лээр дамжуулан
батлаг­дан гарах хуулиудын тө­сөлд иргэдийн санал, бодлыг хүлээн авч тусган, оролцоог
нь нэмэгдүүлэ­хээр болсон.

-Бие
даагчдын давуу тал юу вэ. Намын харьяалалтай гишүүд бүлгийн нэгдсэн байр сууринаас
асуудалд хандахгүй бол хэцүү мэт санагддаг л даа?

-Бие даагчдын
хам­гийн гол онцлог, өвөрмөц давуу чанар бол намын хатуу хайрцганд бариг­дан амаа
үдүүлж, хэлэх гэснээ хэлж чадахгүй байх зовлон үгүй юм даа. 

-МАН-ын
Их хуал өндөрлөлөө. Уг намын хурлын талаар та ямар бодолтой байгаа бол?

-МАН-ын
Их хурал урь­дын адил олон хүн­тэй, зардал чирэгдэл их­тэй л болчих шиг. Намын даргынх
нь илтгэл ч гэсэн сонины хэдэн нүүрийг эзэлсэн өмнөх 17, 18 дугаар Их хурлын үеийг
л санагдуулж байна. Хам­гийн олон гишүүдтэй МАН шинэчлэгдвэл Мон­гол Улсад л хэрэгтэй.
Ха­рин сайн шинэчлэгдэнэ гэдэгт жаахан итгэл муу­тай байгаагаа нуугаад яахав. Аливаа
нам, ком­пани тэр бүү хэл өрх гэр ч гэсэн гэрийн эзэн, нэг номерийн хүнээсээ гол­лон
шалтгаалж амьдрал, ажил үйлс, ирээдүй нь тэгширдэг жамтай. Би энэ том намуудын дарга
нар болох хүн улс орны эрх ашгийн төлөө өөрийн хувийн эрх ашиг, амьд­ралаа зольж,
зориулж чадах хүн болоосой гэж хүсдэг. Цаашид ч ингэж бодсоор яваад дуусах биз.
Миний сэтгэлд нэг үзэл баримтлал байдаг л даа.

-Үүнийгээ
та ху­ваал­цахгүй юу

-С.Зориг
агсны хэл­сэнч­лэн эрх ашгийн эрэмбийн хувьд эхлээд улс орны дараа нь намын, бүлгийн,
хувийн гэсэн дараалалтай байх ёстой гэсэн үзэл баримт­лалыг би дотроо бодож явдаг.
С.Зориг гэдэг хүн аргагүй ухаантай, жинхэ­нэ улстөрчийн сэтгэлийн үг, сургаал гэж
бодогд­дог юм.

Э.ЭНХБОЛД