Categories
редакцийн-нийтлэл

Нийслэлийнхэн “Вива сити”-д очиж салхилдаг болжээ

Яармагт, Туул голын урд дэнж дээр
сүндэрлэ­сэн “Вива сити” хороолол нийслэлчүүдийн зорин байж очдог газар болжээ.
Яагаад гэвэл энд агаар сайхан, дуу чимээгүй, хүс­сэн бүх үйлчилгээг нэг дороос авах
боломжтой цогцолбор хороолол бос­чих­сон. Залуусын гэх тодотголтой “Вива”-д
1600 гаруй залуу гэр бүл амьдарч байна. Нийтдээ арваад мянган хүн ам тогтмол ажиллаж
амь­дардаг гэж хэлж болно.

Байруудын нэг дав­хар нь тэр чигээрээ
үйл­чилгээний газруудтай. Хүнсний дэлгүүр, эмийн сангаас эхлүүлээд спор­тын бараа,
хүүхдийн хув­цасны дэлгүүр, жирэмсэн эхчүүдийн төв, фитнесс, кофе мухлаг, банк,
үсчин гоо сайхан, зоогийн га­зар, брэндийн дэлгүү­рүүд, пиццаны газар, хими цэвэрлэгээ
гээд бүгд бий.

Хүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх төв
энд ажилладаг учир эцэг эх­чүүд хүүхдээ гэрийнхээ хажууд өгчихөөд л ажил­даа санаа
амар явдаг аж.

Оршин суугчид бүгд хөнгөлөлтийн карттай.
Картаараа хороолол дахь ямар ч газраар орж хөнгөлөлттэй үйлч­лүүл­нэ. Эндхийн үйлчилгээ­ний
төвүүд зөвхөн “Вива”-гийнханд зориулагдсан гэж ойлгож болохгүй юм. Амралтын өдрүүд, баяр ёслолын үеэр нийслэлчүүд уг хорооллыг
зорьдог гэнэ. Дэл­гүүр хэсэнгээ эхнэр нь дуртай кофегоо оочилж байхад нөхөр нь шар
айрагны мух­лагт хөлбөмбөг үзнэ. Хүүхэд нь энэ үед тоглоомын төвд тоглож байх жишээний.
Манай­хан дээхнэ “Захаар гутлынхаа улыг эргэтэл яв­лаа” гэж ярьдаг байв даа. Харин
одоо үед тэгж тоос манаргатал “шогших” хэрэг алга. Хувцас, гэр ахуйн дэл­гүү­рүүдээр
хэсэнгээ үсчин орчихож болж байна. Уран зургийн галлерей сонирхож, гэрэл зургийн
студиэр орж болно. Жаахан ядарвал кофе шоп юм уу, пиццаны газар орно. Зуны цагт
задгай зас­сан ширээний ард суугаад мөхөөлдөс долоонгоо том дэлгэцээр сонирхолтой
тэм­цээн уралдаан үзнэ. Амрах, суух сандлуудыг хэд алхаад л байрлуулжээ. Бас хогийн
сав, тамхи татах цэгүүд ч элбэг. Бие засах газар ч хэд хэд байна. Иймээс дэлгүүр
хэсэхдээ ядарч, залхуурна гэх зовлонгүй. Заавал дэлгүүр орох гэж биш салхинд гарах
гэж энд ирдэг хүмүүс олон байдаг гэнэ.

Зуны саруудад энд байр хөлслөөд зусчихдаг
хотын­хон байдаг аж. Өвөлдөө Яар­ма­гийн гэр хорооллын айлуу­дын утаа урагшаа уул
руу сарничихдаг бол хотын утаа униар голоо дагаад уруудчих­на. Тийм болохоор энд
угаар үнэртээд байдаггүй гэнэ.

Энэ хороололд 150 гаруй аж ахуй нэг
үйл ажиллагаагаа явуулахаас одоогоор 80 орчим нь ажиллаж байгаа тухай “Viva
city” хорооллын Аж ахуйн нэгжүүдийн холбоо­ны дарга Д.Нямбаяр дуулга­лаа. Энэ бүсгүй
хорооллын­хоо бүтээн байгуулалтын талаар бахархан ярина. Хөгж­мийн аятайгаа уялдан
хөгжмийн хэмнэлийг мэдэрч янз бүрээр оргилдог “Ман­духай” усан оргилуур бол эндхийнхний
зундаа хажуу­наас нь холддоггүй, орой болтол суудаг газар нь гэнэ. Өвөл болоод хүйтэрсэн
учир хэдийн оргилуурын насос болон техникүүдийг хүйтнээс хамгаалдаг материалаар
баглачихаж. “Манай “Ман­духай” чинь их өндөр үнэтэй оргилуур учир даарчихна гээд
хуччихсан” хэмээн Д.Нямбаяр хошигнолоо. “Мандухай”-гаас гадна хэд хэдэн оргилуур
энд байдаг.

“Вива сити” хороолол бол эко гэдгээр
Улаанбаатарт байгаа бусад хорооллоос ялгагдана. Зүлэг, моддоор дотоод тохижилтоо
сайн бүр­дүүл­сэн учир хавар, намар­таа салхиллаа ч шороо тоос дэгдэхгүй. Хогийн
сав элбэг болохоор ганц ч хог ил хий­сэх­гүй. Зундаа хорооллын ажилтнууд зүлэг моддоо
өг­лөө оройдоо тогтмол усална. Айлууд өөр өөрийн гэсэн гэр бүлийн модтой. Ихэвчлэн
цонхныхоо харалдаа гэр бүлийн модоо суулгасан гэнэ. Цонхоороо модоо хараад  хавар, зундаа байнга анхаа­рал хандуулдаг аж.

Хотын төв дэх хороолол руу машинтай
орно гэдэг ямар хэцүү байдаг билээ. Нарийнхан замаар зөрөх гэж уртаас урт дараалал
үүсэх нь бий. Хотын төвийнхөн чинь машинаа орцны үүдэнд тул­гаж тавих гэж улайрцгаадаг
шүү дээ. Харин энд авто машины зогсоолын асуудлыг цогцоор нь шийдчихсэн бай­на.
Дулаан грааж барьж бай­на. Авто машины нэгдсэн зогсоолууд хорооллын хой­гуур байрлана.
Дэлгүүр хор­шоо руу талх, бараагаа зөөх буулгах машин тэрэг л гол замаар явах эрхтэй.

Тиймээс эцэг эхчүүд хүүх­дээ гадаа
тоглож байхад нь машин тэрэгт шүргүүлчих болов уу, согтуу галзуу жолооч нар хүүхдийг
минь айлгачих вий гэж санаа зовох зүйлгүй гэнэ.

Зун хороололд хүүхдүүд унадаг дугуй
унаж, дугуйт тэшүүрээр гулгаж, хойно байр­лаж буй тоглоомын талбайд өнждөг гэнэ.

Хяналтын цогц системтэй учир энд хулгай
зэлгий элдэв муу үйлдэл гарах нь бага. Гэхдээ яваандаа хороо болох чиглэлтэй байгаа
учир “Вива сити” хороололд цагдаагийн хэлтэс, өрхийн эмнэлэг бай­гуу­лагдахаар болжээ.
Цаг­даа­гийн хэсэг байрлах бай­рыг хэдийнэ бэлэн болгочих­сон байна. Цагаан шонхор­той
цагдаагийн сүлдтэй хаягтай байр байна билээ.

“Хүннү моол” гэж асар том цогцолбор
энд баригдаж бай­гаа. 2014 онд ашиглалтад орох уг төвд 3D кинотеатр, мөсөн гулгуурын
талбай гээд залуус хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байгуулагдах юм байна.

Ажил эхлэх, тарах цагаар энд багагүй
түгжрэл үүсгэнэ. Аргагүй шүү дээ. Дан залуус амьдардаг учир бүгд өглөө гэрээсээ
гарна. Хөл хүнд юм уу, нялх хүүхэдтэй бүсгүйчүүд, ач зээгээ харж байгаа эмээ өвөө
нар л үзэгдэнэ. Орой ажил тарах цагаар хороолол дахин хөл хөдөлгөөнд ум­бана. Баяр
ёслолын үеэр найрал хөгжим уянгын аяз хороолол даяар намуухан эгшиглэнэ. Дууны нэгдсэн
системтэй болохоор зар зар­лал тараахдаа айл бүрийн хаалгыг тогшиж, зар наах шаардлагагүй.
Өнөөх нэгдсэн хоолойгоор хүргэчихнэ. Хөл ихтэй баярын үеэр хүүхэд эцэг эхээсээ төөрвөл
нийтэд энэ хоолойгоор дуулгачихна.

Зундаа эндхийнхэн аж­лаа­саа ирээд
гаднаа шөнө дөл болтол суудаг аж. Гацуу­рын төгөл, сүүдрэвч, усан оргилуур, том
дэлгэц, сандал гээд тав тухыг хангасан бүхий л зүйл байгаа учир залуус орой болтол
сууж салхилдаг гэсэн. Хороололд нүүж ирж байгаа айлуудад “Оршин суугчдад зориулсан
гарын авлага” өгнө. Уг авлагад хот­хон дахь үйлчилгээний төвүү­д­ийн байрлал, хотхоны
эрхэм зорилго, санамж, зөвлөгөө, цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмж, ашиглал­тын
заавар, шаардлагатай үед залгах утасны жагсаалт зэргийг багтаажээ.

Оршин суугчдад хороол­лын захиргааны
зүгээс “Зүлэг ногоон байгууламжийг эв­дэлж гэмтээхгүй, хүүхдүүддээ задгай шат, машины
зам дээр тоглуулахгүй байх, ил задгай бие засахгүй, хогоо зориу­лал­тын саванд хийх,
22.00 цагаас хойш элдэв дуу шуу­гиан гаргахгүй байх, нохой, муураа салхилуулах үед
ялд­сыг нь авч хогийн саванд хийж, машинаа зөвхөн зориу­лал­тын талбайд тавих” гэсэн
хэний ч мөрдөж болох санам­жийг өгдөг юм байна.

Залуус өөрсдийн гараар тарьж ургуулсан
мод, зүлэг талбайдаа өөриймсөг сэтгэ­лээр ханддаг гэнэ. Мод зул­гааж байгаа хүүхдийг
хараад хэн нь ч зэмэлнэ.

Энэ амралтын өдрүүдээр тус хорооллынхон
шинэ жилийн гацуураа чимэхээр зэхэж байгаагаа дуулгасан юм. Өнгөрсөн ёолкоо их л
сайхан тэмдэглэж, нэгэн үд­шийг үр хүүхдүүдтэйгээ хөг­жөөнтэй өнгөрүүлжээ. Бүх оршин
суугчдаа халуун вино­гоор дайлж, салют буудуул­сан гэнэ.

Хотхоны хойно байдаг задгай театрын
дэргэд “Зүр­хэн” хөшөө босгохоор төлөв­лө­жээ. Хосуудын болзож, хайраа ичилж, хамтдаа
суух боломжийг бүрдүүлсэн тийм орчин байх юм байна. Бас гадны орнуудад байдаг хай­рын
цоожоо цоожлоод үлдээ­дэг тийм хашаатай байх гэнэ.

Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр
давхар улаан автобус, утасны бүхээг бүхий “London irish pub”-ийг харах гэж Дорнод
аймгаас хүмүүс ирж байсан тухай эндхийн оршин суугчид сонирхуул­лаа.

Ийм нэг шинэ соргог залуус гэлтгүй
нийслэлчүү­дийн ая тухтай орчинд амьд­рах нөхцөлийг бүрдүүлж, хүний төлөө хийсэн
бүтээсэн, харуулах юмтай хороолол нийслэл хотод байна. Бид энэ сурвалжлагаараа
“Viva city” болон MCS группийнхныг сурталчлахыг урьтал болго­сон­гүй. Хэрвээ бид
зориг хүч гаргаад хамтдаа зүтгэвэл стан­­дартад нийцсэн үйлчил­гээ, орчинтой хороололд
жин­хэнэ их хотын иргэд шиг ая тухтай амьдарч болдог юм байна гэдгийг эдний жишээн
дээрээс харж болох нь. Хотод маань бүтээн байгуулалт хаа сайгүй өрнөж байна. Нийслэ­лийн
бүсэд ийм жишигтэй хэдхэн хотхон барихад л Улаанбаатар хотын маань өнгө төрх нь
сайжраад ирнэ шүү дээ.

Дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг
гэгддэг Италийн Венец хотын алдартай гуд­муу­­дын архитехтур, дизай­наар гангарсан
“Вива сити” хотхоныхон шиг нэгдмэл байж, сайхан орчинд амь­дарц­гаавал болох л санж.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ё.Отгонбаяр: Та нар энэ асуудлыг битгий өдөө л дөө

УИХ-ын гишүүн Ё.От­гонбаяртай
ярилц­лаа.

-Оюутнуудад үн­дэс­ний тэтгэлэг
олгох асууд­лыг УИХ-аар хэ­лэлцэж гишүүд маргал­даад байна. Та энэ тал дээр ямар
байр суурь­тай байгаа вэ?

-Дээд боловсролын санхүүжилтийн тухай
хуульд оюутнуудад олгох үндэсний тэтгэлгийг на­рийн шалгуураар олгох асуудал дээр
гол маргаан үүслээ. Ер нь бол үндэс­ний тэтгэлгийг сурлагын амжилт, сургалтын чана­рыг
харж өгөх нь зарч­мын хувьд зөв. Гэхдээ сургууль төгссөн хүмүү­сийн 50 хувь нь эзэмшсэн
мэргэжлээрээ ажиллавал тэтгэлэг олгоно гэдэг зүйл яриад байна. Энэ бол  амьдралаас хол тасар­хай байна. Монгол Улсад
2011 оны байдлаар  жилд 80 мянган ажлын байр
бий болдог. Үүнээс дөн­гөж 17 мянга нь дээд бо­ловролтой хүмүүст тохи­ро­хоор байгаа.
Гэтэл жилд 35-36 мянган оюутан сургууль төгсч байна. Тэгвэл Монгол Улсад бий болж
байгаа ажлын байр нь төгсөгчдөө хангаж ча­да­хааргүй байгаа биз. Тэгэхээр худлаа
болж таарч байна. Гэхдээ хуу­лийн төслийн дараагийн хэлэлцүүлэг дээр хувь хэмжээг
нь засаад явчи­хаж болох байх.

-Хувийн хэвшлийн сургуулиудыг тэтгэ­лэгт
хамруулахгүй байх асуудлыг зарим гишүүд ярьж байна лээ. Та эсэр­гүүцэж байгаа юу?

-Үнэнийг хэлэхэд анх энэ хуулийг баталж
байхад бүх сургуульд тэтгэлэг олгох  ёстой
гэж зүтгээд байсан хүмүүс одоо өөр юм яриад байгааг гайхаж байна.

Хувийн хэвшлийн сур­гуулиудад тэтгэлэг
олгох­гүй гэдэг байр суурь байж болохгүй. Хувийн өмчийн цэцэрлэгийн нэг хүүхдэд
ногдох хувьсах зардлыг олгодог. Тэгвэл яагаад хувийн их, дээд сургуульд өгч болдоггүй
юм.

-УИХ-аар төсөв хэ­лэлцэж байна.
Арван­нэг­дүгээр сарын 15-наас өмнө төсвөө ба­талж амжихгүй юм шиг харагдаад байна.
Юун дээр гацчихаад байгаа юм бэ?

-Төсөв дээр гол мар­гаан дагуулаад
байгаа зүйл нь Төсвийн тогт­вор­той байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, 2014 оны
өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэх асуудал юм. Манай на­мын бүлэг өрийн хэмжээг
нэмэхгүй байх байр суурь­тай байгаа. Манай улс арав гаруй тэрбум ам.доллартай тэнцэм
хэм­­жээний рублийн өртэй байлаа. 
1949-1986 он хүртэл нийтдээ 40 жилийн хугацаанд ху­римт­лагдсан гэсэн үг.
Гэ­тэл одоо бараг нэг Зас­гийн газрын эрх барих хугацаанд гурав, дөрвөн тэрбум долларын
өр тавих болчихоод байна.  Ам. долларын ханш
1700 давчихаар өрийн хэмжээ улам нэмэгдээд байгаа юм. Гэхдээ бид бонд гар­гаж болохгүй
гэж хэлээ­гүй.

-Бонд гаргах ажил ирэх жил ч үргэлжил­сээр
байна. Тэр хэрээр манай өр нэмэгдэнэ гэ­сэн үг. Тэгэхээр хууль­даа өөрчлөлт оруулж
өрийн хязгаарыг ахиу­лахгүй бол төр засаг нь хууль зөрчигч болж ху­ви­рах байх.
Энэ нь нөгөө талаараа бонд гаргах үүд хаалгыг хаах юм биш үү?

-ДНБ өөрөө өсч бай­гаа учраас өрийн
хэмжээг хязгаарлах хэрэгтэй шүү дээ. Зарим УИХ-ын ги­шүүд “Бусад улс  орон ДНБ-ийхээ 100 хувьтай тэнцэх хэмжээний өр
тавь­чихсан байна” гээд жишээ татаад байна лээ. Монгол Улсын эдийн за­саг тэдэнтэй
харьцуулам­гүй, түүхий эдийн экспор­тоос хамааралтай учраас цохилтод орж мэднэ.
Эцэстээ өрөө төлж чадах­гүй болчихож магадгүй.  

-Хоёр намын бүлэг энэ асуудал дээр
тохи­ролцох хандлага байна уу?

-Ярилцаж байгаа. Одоо­хондоо эцсийн
тохи­ролцоонд хүрээгүй.

-Хөрөнгө оруу­лал­тын жагсаалтаас
зарим обьектуудыг хасч, нэ­мэх асуудал дээр 
ойл­голцчихсон уу?

-2013 оныхоо урсгал зардлаа нэмэхгүйгээр
цар­цаачихъя. Тэгвэл 170 тэрбум төгрөг гараад ирж байна. Үүний тодорхой хэсгээр
хөрөнгө оруулал­тын асуудлаа шийдээд үлдсэнээр нь цалин тэт­гэврээ нэмье гэдэг байр
суурьтай байгаа, манай нам. Одоо Засгийн газ­раас оруулж ирсэн Төс­вийн төсөл дээр
цалин тэтгэврийг нэмэхэд 200 тэрбум төгрөг зарцуулна гээд тавьчихсан байгаа. Үүнийг
нь хуваагаад үзэ­хээр цалин тэтгэврийг ердөө долоогоос найман хувиар өснө гэсэн
үг.  Гэвч 2012 оны дундаас хойш цалин тэтгэвэр
нэмээгүй шүү дээ. Тийм учраас цалин тэтгэврийг 30 хувиар нэмье гэдэг санал тавьчихаад
байгаа юм.

-Ерөнхий сайд өмнөх жилүүдэд батлагдаж
байсан төсвийг авли­гаж­сан төсөв гэж нэр­лэсэн. Таны сайд хийж явсан хугацаа ч
тэр үед хамаарах байх. Тий­мээс энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Үнэхээр авлигажсан зүйл байгаа бол
шалгах хэрэгтэй. Төсөвт тусгагд­сан обьектуудын төсөвт өртөг нэмэгдэж байгаа асуудлыг
шалгах нь зөв. Жишээ нь 2013 оны обьек­туудын үнэ өссөн шалтгаан гэвэл 2012 оны
тавдугаар сард барилгын төсөв бодоход хэрэглэдэг норм нормативыг өөр­чил­сөн хоёр
тушаал гар­сан байдаг. Үүнээс болж төсөвт суусан барилгуу­дын өртөг 100 хувь нэ­мэгд­сэн
шүү дээ. Үүний­гээ хянахгүйгээр хэн нэгэн хүн дураараа үнэ нэмээд байгаа юм шиг
ярих хэрэггүй л дээ. Тэгээд ч сайд хүн дангаараа төсөв зохиогоод байдаг­гүй. Төсөв
хийдэг тусгай эрх бүхий хэдхэн хүн бий. Тэдний хийсэн төсвийг хянах л үүрэгтэй.

-Ялангуяа таны ха­риу­цаж байсан
салбарт барихаар төсөвт тусга­сан сургууль, цэцэр­лэгүүдийн барилгууд өнгөрсөн жилүүдэд
яа­гаад дуусдаггүй мөртөө өртөг нь нэмэгдээд байв?

-Төсөвт суух обьектуу­дын зураг төсвийг
жи­лийн өмнө гаргадаг. Тий­мээс тухайн жилийнхээ ханшаар бодчихоор да­раа жил нь
үнэ  өсчихдөг. Бид байнгын хороон дээр энэ
тухай хангалттай ярьсан. Үнэ өртөг нь 30-аас дээш хувиар нэмэгд­сэн барилгуудыг
шалгах хэрэгтэй.

-Ардын нам шинэ даргатай боллоо.
Шинэ даргын эхний ажил Зас­гийн газрыг огцруулах гэдэг үнэн үү. Энэ тал дээр та
юу хэлэх вэ?

-Манай намын бүл­гийн дүгнэлт тодорхой
гарсан шүү дээ. Засгийн газрын үйл ажиллагаа хангалтгүй байна гэж үзсэн. Төсвийн
орлого нэг их наяд төгрөгөөр тасарч, хөрөнгө оруулалтын аж­лын явц дөнгөж 30 хувь­тай
байхад Засгийн газ­рыг хэн хангалттай ажил­ласан гэх юм. Гэхдээ Зас­гийн газрыг
огцруулах асуудал дээр би элдэв тайлбар хийгээд яахав. Хэвлэлийнхэн тэртэй тэр­гүй
таамаглаад бичиж байгаа биз. Бидний ярих ёстой чухал асуудал эхлээд төсөв байна.

-Намынхаа Их хур­лын талаар ямар
сэт­гэгдэлтэй үлдсэн бэ. Ямар ч байсан дарга нараа шинэчиллээ. Тэ­гэ­хээр та бүхний
яриад байсан шинэчлэл бүрэн утгаараа хийгдэв үү?

-Намын шинэчлэлийг дандаа хүнээр хардаг
нь буруу. Хэвлэлийнхний анхааралд хэн дарга, цэрэг болох нь чухал байсан байх. Гэтэл
бид Их хурлаараа хөгжлийн хөтөлбөрөө хэлэлцсэн. Намын мөрийн хөтөл­бөр­төө анх удаа
социал­демократ үзэлтэй нам гэж тодорхойллоо. Бид эх­лээд ардчилсан социа­лист үзэлтэй
гэж явж бай­лаа. Сүүлд нийгмийн ард­чилсан үзэлтэй гэж өөр­чилсөн  шүү дээ. Сая үзэл баримтлалаа дахин ши­нэ­чиллээ.
Мөн дүрэмдээ том өөрчлөлт орууллаа. Орон нутгийн байгуул­лагуудад эрх мэдэл олгох
асуудал тусгагдсан.

-Энэ өөрчлөлтүүд намын дарга нараа
со­лих асуудалд дараг­даад өнгөрөх шиг боллоо?

-Бид хөгжлийн хөтөл­бөрөө ярихдаа
Засгийн эрх барьж байгаа нам биш учраас тодорхой тоон зорилтууд тавиагүй. Хавтгайруулсан
халам­жийн бодлогоос татгал­зъя, эдийн засгийн хөгж­лийн асуудлуудад голлон юуг
анхаарах вэ гэх мэтийн зүйлүүдийг хөгж­лийн хөтөлбөрийн хү­рээнд хэлэлцсэн. Дүрэмд
нэлээд олон өөрчлөлт орсон. Хуучин байсан дүрэм эрх баригч намын үед баримталж байсан
дүрэм. Одоо бид сөрөг хүчин болсон учраас түүн­дээ нийцсэн дүрмийн өөрчлөлтүүдийг
хийсэн. Тухайлбал, Ерөнхий нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлөө тол­гойлдог
байсан бол одоо  намын дарга толгойлдог боллоо.

-Та малын хулгай­тай тэмцэхээр
болж байх шиг байна. Ямар учиртай хуулийн төсөл санаачлав?

-Эрүүгийн хууль шинээр орж ирж байгаа
учраас малын хулгайн гэмт хэрэгтэй холбогдсон заалтад өөрчлөлт оруу­ла­­хаар хэсэг
гишүүнтэй хамтарч хуулийн төсөл боловсруулсан юм. Мон­гол Улсад гарч байгаа хулгайн
гэмт хэргийн дөрөв­ний нэг нь малын хулгай. Үүнийг аваад үзэхээр малын хулгай хийсэн
хүмүүст оноодог ял нь хөнгөн. Тэнсэн юм уу зургаан сар хүртэл хугацаатай хоригдох
ял авдаг. Тиймээс малын хулгай зогсдоггүй. Тэгэ­хээр энэ ялыг хүндрүүлэх санаатай
өөрчлөлт оруулж байна. Хууль зүйн сайд хохирлыг барагдуу­лах чиглэлд гол анхаар­лаа
хандуулъя гэдэг санал хэлсэн байгаа. Энэ тал дээр нь анхаарч байна.

-Хүн болгоныг ямар нэгэн байдлаар
хэрэгт буруутгаж, шоронд хий­гээд байвал Монголд ажиллах хүн алга бо­лох вий гэсэн
бол­гоомж­лол бий. Тэр ч үүднээс шинээр бо­ловс­руулсан Эрүүгийн хууль харьцангуй
зөө­лөрч байгаа юм уу гэж ойлгосон. Харин та үүний эсрэг бодлоготой хууль оруулж
ирж бай­гаа хэрэг үү. Ингэж ойлгож болох уу?

-2002 оны Эрүүгийн  хуулиас малын хулгайн гэмт хэрэг гэдэг заалтыг
хасаад хаячихсан юм. Малын хулгай бол хөнгөн гэмт хэрэгт тооцогддог шүү дээ. Малын
хулгай­чид ял эдлээд гараад ирэхээрээ өөрийг нь барьж өгсөн гэрчээ дарам­талдаг.
Үүнээс нь болоод сүүлдээ малын хулгайд гэрч олдохоо байх хүндрэл үүсээд байгаа.
Үүнийг л цэгцлэх гэсэн юм.

-Нэгэнт уулзсаных танай эхнэр болоод
өөр­тэй чинь хамаатай яригдаж шуугиан та­риад байсан их хэм­жээний мөнгөтэй хол­боотой
хэргийн талаар асуухгүй өнгөрч болох­гүй нь. Энэ хэрэг юу болж байгаа вэ?

-Хэрэг шалгагдаж байгаа учраас ямар
нэгэн тайлбар хийх эрх надад байхгүй. Шалгаж дуусаг.  Энэ талаар ярихгүй гэдгээ хэвлэлийнхэнд зарласан
шүү дээ. Та нар битгий энэ асуудлыг өдөө л дөө.

-Уг нь хэргийн учир начрыг өөрөө
үнэнээр нь хэлээд өгвөл танд хэрэгтэй юм биш үү?

-Хэргийг шалгаж дуу­саагүй байхад
би олон юм яриад хэрэггүй.

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Сарангэрэл: Реклам хэрэггүй гэж мэдэмхийрээд байгаа нөхдүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл яаж санхүүжихийг хэлээд өг л дөө

УИХ-ын гишүүн Д.Са­­­ран­гэрэл­тэй
ярилц­­­лаа.

-Хэвлэлийн эрх чө­лөө­ний тухай
хуулийн төсөл яригдаж байна. Энэ талаар танаас асуух гэсэн юм. Мон­голын сэтгүүлзүйн
та­лаар та зөв дуугарч, тулхтай байр сууринаас ханддаг. Хэв­лэл мэ­дээл­­лийн хил
хяз­гаар­гүй байдал гэж яриг­даад байгаа. Ер нь тэ­гээд нэг улс орон хэв­лэлийн
хууль гаргах бо­ломж­гүй юм биш үү. Үүнтэй та санал хэр нийцэх вэ?

-Та нар маань хаа­наас “Хэв­лэлийн эрх чө­лөөний тухай хууль”
бат­лаг­дах гэж байна гэж сон­сов. Н.Батчимэг ги­шүүн­тэй энэ талаар са­нал со­лил­цож
үзсэн. Хэв­лэл, мэ­дээллийн хэрэгс­лийн удирд­­лага, уран бүтээлч­дийн тө­лөөл­лийг
орол­цуул­сан хэ­лэл­цүү­лэг явуулж байж шийд­вэр гар­гах ёстой гэж ойл­голц­сон
гэж бодож бай­гаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн
нарийн бич­гийн дарга Ж.Баярцэцэгтэй ч ярилц­сан. Ойрын үед энэ хуу­лийн төслийг
хэлэлцэх асуудал төлөвлөгдөөгүй гэж бай­сан. “Хэвлэл, мэ­дээл­лийн эрх чөлөөний
тухай хууль”-ийн төсөл өмнө нь УИХ-д орж ирээд буцсан. Салбарын ажилт­нуудын санаа
бодлыг аваагүй, хэвлэл мэдээл­лийн хэрэгслийн удирд­лага, уран бүтээлчдийн хооронд
үл ойл­голцол, таагүй уур амьсгал үүсгэ­хээр төсөл байсан уч­раас гишүүдийн ч, уран
бү­тээлчдийн ч дэмжлэг аваа­гүй. Хэвлэл мэдээллийн хэрэгс­лийн үйл ажиллагаа хууль
эрхзүйн орчноосоо болоод доголдоод байгаа зүйл алга. 1998 онд батлагдсан “Хэв­лэлийн
эрх чөлөөний тухай хууль” үүргээ биелүүлж сал­барын үйл ажиллагааг зохи­цуулаад
явж л байна. Өнөө маргаашгүй хууль гаргахгүй бол тулгамдаад байгаа асуу­дал үгүй
байна. Энэ салбарт ажилладаггүй хүмүүс л бид­ний өмнөөс санаа зовоод яваад байдаг
нь ер нь ойл­гомжгүй л байна.

-Редакцийн хараат бус байдал гэж
юуг хэлээд байна вэ?

-Редакцийн хараат бус байдал гэж сэтгүүлч,
уран бүтээлчид бие дааж эрхэлсэн ажлаа гүйцэтгэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл дарамтгүй
ажиллана гэсэн үг. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн ажилт­нууд, тэр дундаа сэт­гүүлч,
уран бүтээлчид чөлөө­тэй ажиллах боломжоор хан­гагд­сан байдаг. Сонины эрх­лэгч,
телевизийн захирлын дарамтанд ажилладаг цаг өнгөрсөн л дөө. “Өдрийн сонин”-ы нийтлэлч
Ж.Гангаа хуулийн төсөл яриг­дах үеэр бичсэн нийтлэлдээ “Тухайн хэвлэл мэдээллийн
хэрэгс­лийн сэтгүүлчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн хүмүүсийн олонлог байдаг
” гэж онож хэлсэн юм. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгс­лийн удирдлагын да­рамт­наас
уран бүтээлчдийг чөлөө­лөх маягтай юм яриад хагалж бутаргах хуулийн төсөл ба­риад
гүйлдэх нь ер нь ямар утгатай юм. Би өмнө нь ч хэлж байсан, одоо ч хэлье. Хэвлэл
мэдээллийн хэрэгслүүд ард түмнээ мэ­дээл­лээр хангах Үндсэн хуу­лиар хүлээсэн төрийн
үүргийг хуваалцаж байна. Ингэхдээ засгаас ганц ч төгрөг авдаггүй, дээр нь хэдэн
зуун ажлын байр бий болгоод явж байгаа гавьяатай салбар. Тиймээс ядаж гай болохгүй
байх нь хэвлэлд үзүүлэх төрийн дэмжлэг болно.

-Хэвлэл мэдээллийн хэ­рэгслүүд
реклам, зар сур­талчилгаагаар санхүүждэг. Гэтэл Хэвлэлийн хүрээлэн зэрэг ТББ-ууд
реклам хийх хэрэггүй гээд байх юм. Рек­лам­гүйгээр, зөвхөн захиа­лагч, үзэгчдийнхээ
тоогоор хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүд яаж үйл ажиллагаагаа явуулна гэж байгаа юм
бол. Нэг салбарт хүчин зүтгэж буй хүний хувьд та энэ асуу­далд ямар байр суурь­тай
байна вэ?

-Хувь хүний ч бай, бай­гуул­лагын
ч бай бусдын тогоо руу өнгийх нь өөрөө дэндүү ёс зүйгүй хэрэг. Тэгвэл рек­лам хэрэггүй
гэж мэдэмхий­рээд байгаа нөхдүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл яаж санхүүжихийг хэлээд
өг л дөө. Аливаа зүйлийг хориглох амархан харин альтернатив вариант гаргаад ирвэл
сая тэр хориглох үйлдэл нь утга­тай болно. Ер нь ямар ч дэмж­лэг үзүүлэхгүй атлаа
төрийн ачааг үүрэлцэж байгаа хэсгээ хааж боомилох явдал их бай­на. Харилцаа холбооны
зо­хи­цуулах хороо телевизүү­дийн рекламны цагт хязгаар тавьж байгаа нь ч буруу.
Их байна, төвөгтэй байна гэж үзвэл үзэгч тэр сувгийг эргүүлж л орхино. Зах зээл
нь, үзэгчид нь зохи­цуулах асуу­далд төр, засаг оролцоод илүү зардал гар­гаад л
байгаа хэрэг шүү дээ энэ нь.

-Мөн ТББ-ууд хэвлэ­лийн эздийн
хөрөнгийн асууд­лыг яриад байх юм. Тэдэнд тийм эрх бий юу?

-Ямар ч эрх байхгүй. Хэв­лэл, мэдээллийн
хэрэгслүүд бусад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн адил тат­ва­раа төлөөд үйл
ажилла­гаагаа явуулж байгаа. Тэгвэл архи дарс, бензин шатахуун, сургууль соёл юу
байдаг юм бүх салбарын эздийн хөрөн­гийг ч бас ярьж хэмжээ дам­жааг нь тогтооё л
доо. Яагаад хэвлэл мэдээллийн салбарт бизнес эрхлэгчдийг ялгавар­лан гадуурхаад
байгаа юм. Аль нэг салбарт давуу эрх олгох, ялгаварлан гадуурхах хуулиар хориотой.
Ийм л утга учиргүй, хууль бус үйл ажил­лагааг явуулах гээд улайраад байна. Дуугүй
суугаад байж болохгүй дээ, бид.

-Цалин, тэтгэвэр, тэтгэм­жийг
30 хувиар нэмэх сана­лыг танай намын бүлэг гар­га­сан. Улс орны эдийн засаг хүндэрлээ,
төсвийн орлого 1,5 их наядаар дутсан гээд байгаа хэрнээ ингэж цалин тэтгэвэр, тэтгэмжийг
ямар үндэслэлээр нэмж байгаа юм бол?

-Өнөөдөр олон түмэн төс­вийн алдагдал,
дотоодын нийт бүтээгдэхүүний гадаад өрөнд эзлэх хувь ямар бай­гааг сонирхохоос илүүтэй
амьдрал ахуйгаа яаж авч явах уу, цалин мөнгөө хэрхэн хүргэх үү гэдэг асуудал чухал
байна. Засгийн газар Монгол Улсын 2014 оны төсөвт цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг
нэмэхэд 200 тэрбум төгрөг төсөвлөөд орж ирлээ. Хам­гийн сүүлд 2012 оны 2.5 ду­гаар
саруудад цалин нэмсэн. Түүнээс хойшхи жил зургаан сарын хугацаанд инфляцийн түвшин
статистик мэдээллээр 9.9 хувьтай гэж мэдээлж бай­гаа ч бодит амьдрал дээр 30 хувьд
хүрчихээд байгаа та­лаар судлаачид хэлж байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгд­сэнийг
амьдралд ойр­хон бай­даг хэн ч гэсэн су­далгааны дүнтэй дүнгүй мэ­дэж байгаа асуудал.
Худал­даж авч чад­даг ч юмгүй болох нь иргэд. Байр сууц, түлээ нүүрснийхээ үнийг
яахаа мэдэх­гүй байна. Энэ нь цалин нэмэх нэг үндэс­лэл. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт
инфляци­тай уялдан цалин мөнгө нэмэх заалт бий. Тий­мээс нэмэх л ёстой. Хувь хэмжээ­ний
тухайд Үйлдвэрч­ний бай­гууллага тооцоо хий­сэн бай­на лээ. Цалин, тэтгэ­вэр, тэтгэмжийг
нэмэхэд Зас­гаас санал болгож байгаа 200 тэрбум төгрөг нүглийн нүдийг гурилаар хуурахтай
адил болох тоо тэд хэлж байна. Энэ мөнгөөр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ердөө
6-7 хувь нэмэх боломжтой. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг цалин, тэтгэвэр, тэтгэмжийг
30 хувиар нэмэх санал оруулс­ныг Нийгмийн бодлогын байн­гын хорооны хурал олон­хио­роо
дэмжсэн. Нэгд­сэн чуулганаар гишүүд дэм­жинэ гэдэгт найдаж байна.

-Цалин, тэтгэвэр, тэтгэм­жийг нэмснээр
инфляцийн түвшин нэмэгдэж таарна. Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн нуруун
дээр том ачаа болох юм биш үү?

-Засгийн газар цалин нэ­мэг­дэхээр
юмны үнэ өсчихдөг учраас нэг өдөр л мэдэгдэхгүй нэмчихнэ гэж байгаа. Тиймээс манай
бүлгийн гишүүд яг хэзээ нэмэхээ хэл гэж эрх баригчдаас шаардахгүй бай­на. Харин
ирэх оны төсөвт цалин хөлс, тэтгэвэр тэтгэм­жийг 30 хувиар нэмэгдүүлэх хөрөнгийн
эх үүсвэрийг суул­гачихвал нэг өглөө нар гарах байлгүй дээ. Инфляцийг зохис­той
түвшинд байлгах нь иргэдийн үүрэг биш л дээ. Барааны үнийн өсөлтөнд ч иргэдийн буруу
байхгүй. Ард иргэдээ амьжиргаатай байл­гах нь төр, засгийн үүрэг.

-Төрийн албаны 130 мян­ган ажилтан
бий. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэ­хээр тэдний орлого өснө. Харин цаана нь хувийн
хэвш­лийнхэн орхигддог. Энэ байдлыг яаж зохи­цуулж байгаа вэ?

-Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхээр
хувийн хэвшлийн­хэн хэлмэгдэнэ гэдэг үгтэй болж. Төр хэзээ хувийн хэв­шилд санаа
зовдог болоо вэ. Хувийн хэвшлийн мэдлэгтэй, мэргэжилтэй боловсон хүч­ний дундаж
цалин 600 мян­гаас дээш байгаа. Баян ком­па­­ни, банк санхүүд ажилла­даг өндөр зэрэглэлийн
ажилт­нуу­дын цалин хэдэн сая давсан.

-МАН-ын XXVII Их хурал болж өндөрлөлөө.
Таны хувьд УИХ-ын гишүүн бо­лоод анх удаа 
намынхаа Их хуралд оролцлоо. Энэ хурлыг та ямар болсон гэж дүгнэх вэ, санал
сэтгэгд­лээ хуваалцахгүй юу?

-Би өмнөх 26-р Их хурлын төлөөлөгч
байсан л даа. Энэ удаагийн их хурал турш­ла­га­тай, тулхтай улс төрийн хүчин улс
орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал ахуйг дээш­лүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэхээ
тодорхойл­сон баримт бичгүүдийг батал­лаа. Мянга мянган гишүүд болон дэмжигчдийнхээ
итгэ­лийг хү­лээ­сэн төлөөлөгчид ухаанаа уралдуулж санал бодлоо нэгтгэсэн түүхэн
их хурал болсон гэж бодож байна.

-Энэ удаагийн Их хур­лаар танай
намын удирд­лагууд шинээр сонгогдлоо. Таван удаагийн сонгуульд дараалан ялагдсан
улс төрийн ууган хүчний хувьд удирдлагууд солигдсоноор нам өөрчлөн шинэчлэгдэж чадах
болов уу?

-Гурван сонгуульд амжилтгүй оролцлоо
л доо. Шинэчлэл бол цаг үргэлж бүх салбарт шаардагдаж байдаг үзэгдэл. Шинээр сонгогдсон
удирдлага шинэчлэл хийнэ гэхээсээ илүүтэй цаг үеийн шаардлагад нийцсэн үйл ажиллагааны  хөтөлбөр, баримт бичгийг их хурлаар баталсныг
хэрхэн хэрэгжүү­лэ­хээс шинэчлэлийн үр дүн хамаарна. Эдгээрийг хэрэг­жүүлж чадна
гэж үзсэн хү­мүүстээ их хурал итгэл үзүүл­лээ. Тиймээс олонхийн санал нэгдэж сонгосон
удирдла­гууд­даа итгэхгүй байх шалтгаан алга байна.

-Таныг Сү.Батболдын фракцын хүн
гэдэг. Та фракц­даа хүчин зүтгэж бай­гаа юу. МАН-ын фракцуу­дын талаар янз бүрийн
л мэдээллүүд гарах юм. Үнэ­хээр нам доторх фракцууд хоорондоо хөлөө жийлцээд байна
уу?

-Олон хүн сайнтай муутай, ойн мод
урттай богинотой гэдэг. Үзэл бодол, ааш аран­шин гээд ижил төстэй байд­лаараа хүмүүс
ойр байдаг. Үүнийг фракц гэдэг эсэхийг мэдэхгүй. Сү.Батболд даргын үед намын удирдах
бүрэл­дэхүүнд байсан болохоор тэгж ярьдаг байх нь л дээ. Одоогоор манай намд албан
ёсны фракц байхгүй. Харин хувь хүний хувьд илэн далан­гүй яриа хөөрөө, хоорондын
итгэлцэл нам дотор дулимаг байна. Үүнийг задлах хэрэг­тэй гэвэл санал нэгдэнэ. Хүн
дагаж давхихаас илүүтэй өөрийн итгэл үнэмшлээр зөв бодож ярьж байгаа хэнийг ч бай
дэмждэг.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
редакцийн-нийтлэл

Б.Лхагважав: Бага хурлын гишүүдээс шоронгийн хаалга татаж магадгүй олон хүн байгаа

МАН-ын бүлгийн аж­лын албаны
зөвлөх Б.Лхагважавтай ярилц­лаа.

-Та МАН-ын Бага хур­лын ги­шүүнд
заал­наас нэр дэвшсэн ч дэмж­лэг авч чадсангүй. Бас бүлгийн ажлын ал­ба­ны зөв­лө­хийн
сууд­лаа өгөх гэж байгаа гэл үү?

-МАН-ын Их, Бага ху­рал хуралд­лаа. Ер нь сүүлийн 20-иод жил
тө­рийн дээр байгаа хүмүү­сийг олигархиуд гэж нэр­лэж ирсэн. Үүнийг бо­лиулъя гэж
хэсэг ярилаа. Гэтэл ерөнхий механизм нь өөр гэдгийг сая ойл­госон. МАН-ыг удир­даж
байгаа хүмүүс Бага хур­лаараа дархлаа хийчих­дэг юм байна. Тэгэхээр Их хурлаас Их
хурлын хоо­ронд хэн намыг удирдана түү­ний баг л бодлого, шийдвэр гарга­даг нь эмгэ­нэлтэй.
Бусад гишүүд нь юу ч санаачлаад дэмжиг­дэхгүй гэсэн үг. Сая л гэхэд шинэ дарга М.Энх­болд
өөрийн 310 хүний бүрэлдэхүүнтэй Бага хур­лыг бүр­дүүллээ. Ийм то­хиолдолд заал­наас
нэр дэвшээд ч боломж ол­дох­­гүй. Миний хувьд заал­наас нэр дэвшээд 400-гаад хүний
санал авсан юм.

Ер нь Бага хурлын гишүүнээр сонгогд­сон
ч би ажил­лахгүй гэж бодож байсан. Учир нь би бо­ловсон зан гаргаж, шинээр багаа
бүрдүүлж бодлогоо хэрэг­жүүлэх гэж байгаа намын даргад бололцоо олгох ёстой. Бас
УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба­ны зөвлөхийн ажлаа ч өгье гэж бодож байна.

-Яагаад?

-Яагаад гэвэл тэр хүн нэгэнт л бодлого
шийд­вэрээ хэрэгжүүлэх гэж байгаа юм чинь өөрийн хүнээ бүлгийн ажлын ал­банд тавина
биз. Тэгээд ч хамгаалалтын багаа бүр­дүүлчихэж байхад нь тоон дотор үсэг гэдэг шиг
би тэнд юу хийхэв. Бас үзэл бодлын хувьд ний­лэхгүй гээд намын дарга нь намайг Бага
хуралд сонгосонгүй. Тийм байтал нь би бүлэгтээ ажиллая гээд гүйгээд байх нь зо­химжгүй
байсан. Бас нэг зүйлийг хэлэхэд бидний социал­демократ үзэл гэж бий. Бүлгээс гарч
байгаа шийдвэрийг бүлгийн ажлын албаны зөвлөх нь аль болох социал­демок­рат үзэл
баримтлал дээр төвлөрүүлэх ёстой бай­даг. Социалдемократ үзэл эв нэгдэл, эрх чөлөө,
шударга ёсон дээр тогт­дог. Гэтэл МАН буюу ма­найхан эв нэгдлийг нь сугалж аваад
эрх чөлөөг нь хааж, шударга ёсыг нь тасалдуулаад байдаг гэмтэй. Тэгээд ч манайхан
1990 онд үзэл бодлоосоо урваж арваад жил үзэл бодлын эрэлд явсан. Мөөгөн дээр цуглах
биш олуулаа мөөг түүх ажил хийсэн гэсэн үг л дээ. Эцэст нь Үндсэн хуулийн Цэцэд
бүртгэлтэй намын үзэл, баримтлалыг дээ­рэмд­сэн бөгөөд дээрэмд­сэн үзэл баримтлалын­хаа
учрыг нь ойлгоогүй. Ийм байдлаар цаашаа ахина 
гэж байхгүй. Би бол зөв багт орж эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёсны төлөө
ажиллаж санхүү­гийн шинэчлэл хийх зорил­готой байгаа.

-Ер нь Их хурлыг ху­ралдуулсан
байдал тэр дундаа Бага хурлын гишүүдийг сонгосон үйл явц таны бухимд­лыг ихэд төрүүлсэн
бо­лолтой. Шинэ удирдла­гуудынхаа талаар ямар бодолтой байгаа вэ?

-МАН 200 орчим мян­ган гишүүнтэй.
Ингэж үзэл бодлоороо олуулаа эвлэлдэн нэгдсэний хү­чинд МАН-ын Их хурал боллоо.
Хурлыг хайр­цаг­ласан, хагалан бутар­гасан гээд сайн муу бүхэн л яригдаж байна.
Би түү­нийх нь гүнд ороогүй учраас яг хэн нь ямар хор найруулж, хэнтэйгээ тохи­ролцож
гүйснийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Бага хурлын 310 гишүү­нийг оруулж ирсэн, сонго­сон
байдлыг харахад улс төрийн хор явагдсан нь ойлгомжтой. Одоо нэг л зүйлийг хүсэх
үлдлээ. Сул улстөрч намын дарга бо­лоод хар массаар өөрий­гөө хамгаалуулах арга
хэрэглээгүй л байгаасай. Гэхдээ сая зөвхөн М.Энх­болдын гэдэг улс төрийн бүлэглэлийн
хүмүүсээр Бага хурал бүрдэж байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Ө.Энхтүвшингийн, С.Баярын,
Н.Багабан­дийн гээд бүлэглэлүүдийг тоглоомын 
гадна гарга­сан нь ирээдүй бүрхэг байгааг тод харуулж бай­на. Сүүлийн хэдэн
жил нийгмийг үймүүлсэн этгээдүүдийн цуглуулга шиг Бага хурал гараад ирлээ. Ийм байдлаар
удвал МАН сүйрнэ. МАН зөвхөн бүлэглэл фрак­цуу­дын нэгдэл дээр биш 92 жилийн тэмцлийн
үрээр боссон гэдгийг ойл­гох хэрэгтэй. Үүнийг ал­бан тушаал бусад эрх ашгийн хамгаалах
хэрэг­сэл болгож болохгүй.

-Та нэгэн цагт М.Энх­болдыг авлигачин
гэж цоллосоор огцруулж байсан. Гэтэл Сү.Бат­бол­дын үед ивээлд нь орсон гэж болно.
Гэтэл дахиад л М.Энхболдыг зүхээд эхэллээ?

-Би Бага хурал дээр хэлэхдээ,
“2016 онд бид өөрийн гудамжиндаа гэ­рэл асаахын тулд зовлон дундуур туучиж очно.
Энэ гурван жилд баяр баясал байхгүй. М.Энх­болд сон­гогдсоны мар­гааш нийг­мийн
сэтгэгд­лийг харахад 99 хувь нь хар мэдээлэл байна. Бид Их хурал тарс­ны мар­гаашнаас
эхлээд л энэ бүх хар мэдээлэл, шавар шавхайг арилгах гэж ажил­лана. Бас ирэх гур­ван
жилд саяын бүрд­сэн Бага хурлын бүрэл­дэхүү­нээс шоронгийн хаал­га татаж магадгүй
хүн олон байна. Нийг­мийн өмчөөс хэн нэгэн хумсалсан л бол өөрийн, хүний нам гэлгүй
шоронд яваасай гэж үнэхээр хүс­дэг. Бүг­дийнх нь оймсыг үзүүлэх ёстой, Н.Энхбаяр
гуайтай адил. Харин хэн нэгнийг МАН-ын гишүүн гэдгээр нь хавчиж шорон гянданд  хийвэл түүний төлөө тэм­цэх хэрэгтэй. Аль ч то­хиолдолд
зовлон дун­дуур туучиж гурван жилийг үднэ. Тиймээс бид хүчтэй тэмцэгч байх ёстой
л” гэж хэлсэн. МАН-ын нөхцөл байдал ийм л байна. Харин М.Энх­бол­дыг огцруулсны
тухайд гэвэл 2007 онд болсон үйл явдал. Тухайн үед иргэний хөдөлгөө­ний­хөн­тэй
хамтраад зөвхөн нэг талыг барьж ажиллаж байсан юм билээ. Харин өнөөдөр өөр өнцгөөс
нь харвал М.Энхболдын зөв гэж хэлж болохоор юм билээ. 1990 оноос хойш монголчууд
наймаа хий­гээд, бүтээгдэхүүн үйлд­вэрлээд мөнгөтэй бол­чихсон байсан. Авлигын асуудлыг
нь орхиод яри­хад М.Энхболд газрыг чөлөөтэй өгч эхэлснээр тэр их мөнгө Монголд үлдэж  өнөөдрийн Улаан­баатарын бүтээн байгуулалт болж,
ажлын байр болсон. Энэ өнц­гөөс харахад тэр хүнийг авлигачин гэж хэлж байс­наа бодох
хэрэгтэй болж байх шиг.

-Ж.Сүхбаатар ялагд­саны­хаа маргааш
твит­тер хуудсаараа Т.Ба­дамжунайг авлигачин. Шоронд суулгах хэрэг­тэй гэж бичсэн.
Оймсоо харуулах ёстой хүмүү­сийн нэг нь мөн үү?

-Нийтийн баялагт хуруу хумсаа дүрснийг
нь Ж.Сүхбаатар мэдэж бай­гаад гаргаж ирвэл сайн. Тэр бол түүний үүрэг. Харин хүнийг
улс төрийн гомдлоос болж гүтгэж бай­­вал буруу. Ер нь Н.Энх­баяраас өөр хүн оймсоо
үзүүлэлгүй гурван жил боллоо. Яагаад түүнээс өөр авлигачин олж чадахгүй байгаа юм.
АН, МАН-д хоёуланд нь тийм хүмүүс байгаа шүү дээ.

-Намын шинэ генсек удирдлагуудын
тухайд бас л тохироо хийгдсэн гэж байгаа. Ер нь МАН шинэчлэгдэж чадав уу?

-Ерөнхий нарийн бич­гийн даргын асуудлыг
намын дарга нь оруулж ирж шийдвэрлүүлдэг. Ганц шөнийн дотор Ж.Мөнх­бат халуун сэд­вийг
өөр дээрээ авч ялалт байгуулсан нь байж бо­лох л асуудал. Тэр битгий хэл намын даргын
ар гэрт гашуудлын үйл явдал тохиогоогүй байхад нь Б.Бат-Эрдэнэ гишүүн нэр дэвшсэн
ч гараад ирэ­хээр байсан. Золгүй яв­дал тохиолдчихоод бай­хад нь хүмүүс үзэл бод­лоо
уралдуулаад өрсөл­дөөд байх боломжгүй бол­сон. Нарийн бичгийн даргад өрсөлдөгчдийн
хувьд Д.Цогтбаатар гэж боловсролтой залуу нэр дэвшиж байсан. Гэхдээ Бага хурлын
гишүүдийн 270-280 нь хотын фрак­цын хүн байхад энэ хүн нэр дэвшиж өөрийгөө золихгүй
л дээ. Харин Ж.Сүхбаатар МАН-ыг эрх зүйн талаас нь дэмжиж туслая гэж бодож байсан
байх. Гэхдээ 310 хүний шийдвэрийг хэн нэгэн шүүмжлэх ёсгүй. Учир нь нэг бүлэглэл
үзэл бодлоо хэрэгжүүлэхийн тулд нө­гөө хэсгээ зольж байдаг. МАН-ын Их хурал ийм
л болсон.

Л.МӨНХТӨР

 

 

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Хэний ч биш хөрөнгөтэй, юуны ч биш нийгэмтэй улс болох нь дээ, янз нь

Гэмт хэргийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа.
Тэр хуулийн наймдугаар зүйлд үйл ажиллагаа явуу­­лах тусгай зөвшөөр­лийг хүчингүй
болгоно. (8,1) хуулийн этгээдийг татан буулгана. (8,7.1) хувьцаа, хөрөнгө, орлогыг
хураан авч төрийн өмчид шилжүүлнэ. (8,7.2) гэж заажээ. Энэ нь ардчилал зах зээлд
шилжиж орс­ноос хойш гарч байгаа хамгийн харгис хууль бо­лох нь тодорхой байна.
Харгис байгаад зогсохгүй Нэгдсэн Үндэсний бай­гууллагаас гаргасан Хү­ний эрхийн
түгээмэл тун­хагийн 17 дугаар зүйлд заа­сан “Хүн бүр дангаа­раа бо­лон бусадтай
хамт­ран өмч эзэмших эрх­тэй. Хэ­ний ч өмчийг дур зоргоо­роо хураан авч болохгүй”
гэсэн заалтыг зөрчиж бай­на. НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тун­хагийг энэ байгууллагын
гишүүн орнууд ягштал мөрдөж ажиллах үүрэг­тэй байдаг. Мөн баталж байгаа хууль журмаа
түүнд тохируулан гаргах ёстой. Тэгвэл Мон­гол Улс Үндсэн хуульдаа “хөдлөх үл хөдлөх
хө­рөн­гө шударгаар олж авах” мөн “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг
хориглоно” гэж оруулсан байдаг. Эдгээр өмч хөрөнгийн тухай Үнд­­сэн хуулийн заалтууд
нь Хүний эрхийн түгээмэл тунхагийн дээрх заалтуу­дыг зөрчөөд байгаа юм. Түгээмэл
тунхагт өмч эзэм­ших эрхтэй л гэж заасан. Түүнээс заавал шударгаар олж авах гэж
хэлээгүй. Энэ шударгаар гэдэг үг бол их хийсвэр үг. Шударга гэдгийг хэн тог­тоох
вэ.

Юуг шударга
гэж үзэх вэ гэдэг нь цаг үеэ дагаад үргэлж өөрчлөг­дөж бай­даг эд юм. За яахав шу­дарга
гэдгийг шүүх тог­тооё гэж үзье. Тэгвэл ма­най нөхцөлд шүүх нь ту­хайн цагт эрх барьж
бай­гаа хүчинд үйлч­лэх нь илүү магад­лал­тай байдаг нь нууц биш. Хэрэв шүүх ингэж
улс төржиж юм уу захиалгаар энэ хүний хөрөнгө олж авсан нь шударга биш байна гэж
үзвэл тухайн хүний хө­рөнгийг төр ху­рааж авах бүрэн боломж­той юм. Жи­­шээ нь
“МАК” компани гэж байдаг. Ма­най хам­гийн том компа­ниудын нэг болохоор нь жишээ
ав­лаа. Тэр компа­нийн эзэн тусгай бай­гууллагад уул уурхайн чиглэлээр ажил­лаж
бай­сан гэдэг. Тэгвэл шүүх захиалгаар энэ нө­хөр төрийн байгууллагад ажил­лаж байхдаа мэдээ мэдээлэл ашиглан хө­рөн­гө
олж авсан байна гэвэл яах вэ. Тэгээд энэ үйлдэл шударга биш гэж тогтоовол яах вэ
л гэж хэлээд байна. Бас нэг жишээ авъя. Сү.Батболд гэж манай том бизнес­мен байдаг.
Ерөнхий сайд байсан гэхээр хүн бүр мэднэ. Тэр БНМАУ-ын гадаад худалдаанд ажиллаж
байсан. Тэнд ажиллаж байхдаа мэ­дээл­­лээ ашиглаад “Чингэс” зочид буудлыг худалдаж
авсан байна. Энэ шударга биш гэж үзвэл бас л хураах уу гэх жишээтэй. Үндсэн хуу­лийн
нөгөө нэг заалт нь хууль гаргаж байгаад хүний хөрөнгийг хурааж болно л гэсэн заалт
шүү дээ. Эдгээр заалтууд нь Монголд хувийн өмч үүсч бий болоход саад болж эхэллээ.
Урьд өмнө нь бид Үндсэн хуулиар хувийн өмч хамгаа­лагд­сан гээд додигор байдаг байлаа.
Тэгээд ч ардчи­лал зах зээлийн нийг­мийн үндэс нь хувийн өмч учир ингэж хууль гаргаж
байгаад хураа­на чинээ санасан­гүй. Тэгвэл сүү­лийн үед улстөрчдийн ганц ярь­даг
зүйл нь хө­рөн­гө хураах, хувийн өм­чийг хууль гар­гаж өгөөд бусдад тараах, ний­гэмч­лэх
гэж л ярьдаг болов. Энэ бүх ярианы үндэс нь дээрх Үндсэн хууль дахь өмчийн тухай
хоёр заалт юм. Уг хоёр заалтыг да­руй­­хан Үнд­сэн хуу­лиас авах хэрэг­тэй байна.
Ху­вийн өмч бол ардчил­лын үндэс суурь билээ. Харин ард­чилал нь манайх шиг жижиг
буу­рай орны хувьд оршин тогтнох үндэс суурь юм. Ардчиллын амин сүнс нь чөлөөт хэв­лэл
гэдгийг бид бүхэн мэд­нэ. Тэгвэл энэ ардчил­лын амин сүнс болсон чөлөөт хэв­лэлийг
устгах ажиллагаа маш ухаал­гаар аажуухан эр­гэлт бу­цалтгүйгээр яваг­даж бай­на.
Монгол Улсыг хорлох гэсэн энэ санаа хаанаас гараад ямар мэр­гэн цэцэн бүр атаарх­маар
ухаалаг яваг­даж байхыг хараад гай­хаш тасрах юм. Мон­гол Улс бол жижиг орон. Тийм
ч учраас хүн ард нь их хартай байдаг. Бид­нийг хагалан бутаргах бид­нийг хуучин
юуны ч биш нийгэмд нь буцаан хаях гэсэн монголчуудад дур­гүй орнууд байдаг бол тэд
үнэн нарийн бөгөөд ал­сын бодолтой юм гэж хар­дахаас өөр арга алга. Монголчуудыг
ардчил­лын замаас нь гаргах ганц зөв арга бол чөлөөт хэвлэлгүй болгох юм. Тэг­вэл
тэр хүчин чөлөөт хэв­лэл рүү довтолсон. Эзэн, сэтгүүлч, хөрөнгө оруу­лагч гэж хагаралдуулсан.
Эзэн та нарыг боолчилж байна. Мөнгө өгөхгүй бай­на. Турааж аллаа. Хэвлэ­лийн эрх
чөлөө алга. Хэв­лэл мэдээлэл нэг хүний гарт байх ёсгүй. Хөрөн­гийг нь тарааж сэтгүүлч­дэд
өгнө. Сэтгүүл зүйд хөрөнгө оруулагчид бол адгийн амьтад, тэд энэ нийгмийн дайснууд.
Алт ухахгүй, архи нэрэхгүй, хэвлэл байхгүй бол цэвэр гартай, цэвэр сэтгэлтэй гэсэн
ойлголт нийгэмд бий болгосон. Энэ нь Мон­голын чөлөөт хэвлэл бо­лох хувийн хэвлэл
мэ­дээллийг саармагжуулж хүчгүйдүүлж, хэвлэлийн магнатуудыг бизнесээ хаях, тоохгүй
болгоход хүргэж байна. Хэрэв Монголд дургүй энэ хүчин ялах юм бол хэвлэл мэ­дээлэл
хэний ч өмч биш болно. Харин өөрсдөө өмчгүй болсон хэвлэлийн эрхлэгч нар нийгмийг
тэр чигт нь өмчөө тараахыг уриалж эхэлнэ. Яагаад гэвэл хүн өөрөө хохирвол өрөөлийг
ч бас хохи­роо­хыг чармайдаг нь жам юм. Миний хөрөнгийг та­раач­ихаад яагаад “АПУ”-гийн
хөрөнгийг ажилчдад нь өгдөггүй юм. “Алтан тариа” олон жил ажил­ласан ажилчдадаа
хувь өгөхгүй байна. Түүнийг хураа, “Мах импекс”-ийг малч­дад өг гээд л хэвлэл мэ­дээллээр
уриалж тур­хирч эхэлнэ. Энэ нь нийг­мийг бутаргаж давхар­гуудын хооронд дайн дэгдэхэд
хүргэх болно. Үр дүн нь юу болох вэ. Хэний ч биш өмчтэй, юуны ч биш ний­гэмтэй,
хоёр хүчирхэг да­рангуйлагч орны дунд дэлхийгээс хаягдсан до­рой буурай орон болно.
Лав л ардчилсан биш орон болно. Тэр бол ба­тал­­гаатай. Нөгөө Орос, Хятад хоёрт
гайхуулдаг ардчилал, дэлхийд та­нигд­сан гэж нүүрээ та­халж тодордог ардчилал устан
үгүй болно. Харин энэ дашрамд хэлэхэд нэг газар удаан ажил­ласан юм гээд тэр газ­раасаа
цалин авч байсан хүнд хувь хөрөнгө таслан өгч байсан түүх манай дэл­хий дээр л лав
байх­гүй. Тэгээд бүр төр нь хууль гаргаад хувийн хө­рөнгө мөнгийг нь тасдан өгсөн
түүх. Нийгмийн сэт­гэл зүйн ийм л инже­нерч­лэлийн өмнө бид тулж ирээд байна. Үүний
тод илрэл нь энэ Гэмт хэргийн тухай хуульд бай­гаа хө­рөнгө хураах тухай заалт юм.
Гэвч эдгээр заалтын талаар хэн ч дорвитой тайлбар өгөх­гүй байна. “Олон дахин гэмт
хэрэг үйлдвэл” гэсэн тайлбар сонссон. Лав л хэвлэл мэдээлэл бол нэр төр сэргээх
талаар шүү­хийн зарлан олон удаа авч байдаг. Тэгэх­лээр хам­гийн түрүүн сонин, сайт,
телевизийн тусгай зөв­шөөрөл хураагдаж таа­рах болов уу гэсэн айдас мэдрэгдэж байна.
Цааш­даа чухам хэрхэх талаар энэ хуулийг хийж байгаа нөхдөөс учрыг нь сонс­моор
байна. Эцэст нь хэлэхэд хувийн бизнес эрхэлж байгаа нөхдүүдээ сонор соргог байгтун.
Хуулийн заалтаар хөрөн­­гөө хураалгахгүйн төлөө нэгдэн ажиллагтун хэмээн уриалж
байна. Та бүхэн хувийн хэвлэл мэ­дээлэлтэй нэгдэж хувийн өмчөө хамгаалагтун. Хувийн
өмчгүй хүнд ч хувийн өмч хамаагүй ашиг­тай байдаг. Тиймээс хувийн өмчид хүн бүр
санаа тавих хэрэгтэй. Ир­гэд хувийн өмчөө
хам­гаалс­наар эрх чөлөөтэй болно. Та эрх чөлөөтэй байснаар энэ Монгол Улсад ардчилал
батал­гаажна. Ардчилал батал­гаажсанаар тусгаар тогт­нол маань баталгаатай болно.
Энэ бүгдийг чө­лөөт хэвлэл хоточ нохой мэт манана.

Ж.САНДАГДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Энхбаяр: Эмч нарыг турхирч, хүчээр халагдах өргөдлийг нь өгүүлсэн

Гэмтэл согог суд­лалын үндэсний
тө­вийн дарга Ц.Энх­баяр­тай ярилцлаа.

-Таныг ажлаа өгө­хөөр боллоо гэсэн
яриа байна. Сайдын тушаал гарсан юм болов уу?

-Аравдугаар сарын 30-ны өдөр Эрүүл
мэн­дийн сайд Гэмтлийн эм­нэ­лэг дээр ирж ажилла­сан. Бүтэн 12 цаг ажил­лаж, сайдын
зөвлөл ху­ралдлаа. Хурлаар ямар шийдвэр гарсан гэхээр, эмнэлгийн даргын да­раа­гийн
үүрэг гүйцэтгэг­чийг томилтол намайг ажлаа хийж бай. Энэ хуга­цаанд сайдын дэргэд
дэм­жин туслуулах баг ажиллуулъя гэсэн шийд­вэр гаргаад байж байна. Тэр болтол ажлаа
ха­риуц­лагатайгаар гүйцэт­гэж бай гэсэн.

-Эмнэлгийн даргаар томилогдсоноос
хойш нэлээд хүчтэй эсэр­гүүцэл, тэмцэлтэй тул­лаа. Яагаад таныг ингэж эсэргүүцсэн
бэ. Та хү­мүүстэй тийм нийц­тэй хүн биш юм уу, эсвэл хэн нэгний эрх ашиг хөндөгдөөд
байна уу?

-Гэмтэл согог судла­лын үндэсний төв
дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг би өөр өнцгөөс харж байгаа.

Гэмтлийн  эмнэлгийн хамт олон маш хүнд нөхцөлд ажилладаг.
Амьд­рал, үхлийн зааг дээр байгаа хүнд хүмүүсийг эмчилдэг. Энэ хамт олныг шүүмжлэхээс
илүү яагаад  ийм байдал үүсэхэд хүрэв гэдгийг
би өөр өнцгөөс харж байна. Намайг томилогдож ирэ­хээс өмнө миний эсрэг түр хороо
бай­гуу­лагд­сан байсан л даа. Яагаад Эрүүл мэн­дийн сайдын тушаалаар томи­лог­доод
ирсэн хүний эсрэг түр хороо байгуулагдав гэдэг нь өөрөө асуудал. Эм­нэлгийн эмч
ажилт­нууд надтай хөдөлмөрийн харьцаа үүсгэхээсээ өмнө эсэргүүцлээ илэр­­хийлнэ
гэдэг бол үндэслэл муутай сонин асуудал юм. Яагаад намайг хүчтэй эсэргүүцсэн бэ
гэдгийг энэ хугацаанд би ойлголоо. Гэмтлийн эмнэлэг дээр хэд хэдэн тулгамдсан асуудал
байсан. Тодруул­бал, тус эмнэлэг нэгдүгээр сараас хойш даргагүй нэлээд олон сар
эзэнгүй байлаа. Тэгээд зургадугаар сарын сүүлээр Жамбалжав дарга түр томи­логдоод
ажиллаж байсныг мэдэх байх. Даргагүй удаан байж байгаад даргатай болтол бас нэг
асуудал үүссэн юм. Гэмтэл согог судлалын эмнэлэг дээр Фран­цын Засгийн газрын тусламжаар
олон төсөл хэрэгждэг юм. Есдүгээр сарын дундуур Францын мэргэжилт­нүүд ирээд
5.5 сая евро­гийн хөрөнгө оруулалт хийхээр ярьсан байдаг. Энэ ажлаа эхлүүлэ­хээр
гадны мэргэжилт­нүү­дийг ирэ­хэд Жамбалжав дарга ажлаасаа халагдах тушаал аль хэдий­нэ
гар­чих­сан байсан. Жамбалжав энэ тухайгаа эмч нартаа мэдэгдэхгүй явснаас болоод
эмч нарын дунд бухимдал үүссэн. Яагаад гэвэл, үнэхээр энэ эмнэлэгт чухал шаард­лагатай
тоног төхөөрөмжүүд олон байдаг. Тэгээд гадаадын улс орнууд тусалъя гэхээр бүх эмч
маш өөдрөг сэтгэлтэй байж байтал дарга нь халагдсанаа хэлэхгүй нууснаас болж байдал
өөрчлөгдө­хөөр бухимдал үүсч л таараа. Бухимдалтай байхад нь дараагийн даргын томилгоог
хийсэн тул ийнхүү намайг эсэргүүцсэн гэдгээ эмч нар өөрсдөө надад хэлж байгаа. Тэднийг
дуудаад уулза­хаар “Таны оронд хэн ч ирсэн байсан бид ийм л маягаар хүлээж авах
байсан. Гэмт­лийн эмнэлгээр тоглоод байна л гэж бид бодсон” гэж хэлж байсан. Жам­бал­жав
дар­гыг яагаад ажлаа өгснөө хэлээ­гүй байсан юм бол гэдгийг судлаад үзэхэд, энэ
хүн нэгдүгээрт Авлига­тай тэмцэх газар хөрөнгө орлогын мэдүүл­гээ буруу өгсөн. Хоёр­дугаарт,
эмнэл­гийн гадаа талбайд нисдэг тэрэг буудаг газрыг өөрийн хувийн эмнэлгийн газар
болгоод авчихсан байсан. Энэ асууд­лаа­­саа болоод  ажлаасаа халагдсан байсныг эмч нар мэдэхгүй явж
байгаад гэнэт мэдсэн. Үүн дээр эмч нар маш их бухимдсан. Тэгээд намайг томи­лоход
бүүр их бухимдсан.

-Жамбалжав даргатай
хол­боо­той асуудал тантай хамаатай гэж үү?

-Эмч нар надтай нэг
өдөр ч ажлаа­гүй мөртлөө намайг эсэргүүцээд байгаа шалтгаан нь Жамбалжав дар­гын
үйл ажилла­гаа­тай холбоотой. Энэ хүн ажлаа­саа халагдахдаа  эмч нарыг миний эсрэг турхирчихаад яваад өгсөн.
Тэ­рээр Гэмтлийн эмнэлэгт хоёр гур­ван сар ажиллахдаа хэд хэдэн дэд захир­лыг томилсон
юм байна лээ. Өөрийнхөө томилсон хүмүү­сийг миний эсрэг турхирч, түр хороо гэдэг
юмыг байгуулчихаад яваад өгсөн юм. Энэ асуудлыг эмч нар өөрсдөө надад ярьж байна
лээ. Эмч нарын ажил хаялт, тэмцэл бусдын турхиралтаас болсон, дээр нь ямар нэг үндэслэлгүйгээр
эхэл­сэн учраас эмч нар одоо өөрсдөө байдалд орж, сүүлдээ яагаад тэм­цээд байгаагаа
ч мэдэхээ байсан. Эмч нар буруу зүйл хийснээ ойлгоод  байдал нам­жиж байтал бас нэг турхиралт гарч ирлээ.  Өөр нэг улс төрийн хүн болох С.Ламбаа зөвлөх гараад
ирсэн. Энэ хүн үүссэн нөхцөл байдал дээр улс төрийн тоглоом хийхийг оролдож байх
шиг байна. Тэрээр “Гэмтлийн эмнэл­гийн даргад заавал эмч хүн байх албагүй. Менежер  хүн байж болно. Би эмч хүн биш ч гэсэн эрүүл мэндийн
сайд байсан хүн” гэж ярьж байна. Эмнэлгийн үйл ажиллагаа­тай танил­ца­хаар сайдыг
ирж уул­зах үеэр нөлөө бүхий нэг доктор хүн С.Ламбааг дарга бол­гож өгөөч гээд уйлаад
байсан. Тэгээд орой нь телевизээр С.Ламбаа зөвлөх  өөрөө ярилцлага өгч байна лээ. Гэмтлийн эмнэлгийн
дарга  заавал эмч хүн байх албагүй гэж ярьж
байна лээ. Энэ мэтээр эмч нарын сэтгэл зүйгээр тоглож,  бухимдал дээр нь бухидал үүсгэж байна л даа.

-Жамбалжав эмчийг
таны эсрэг турхирсан гэдгийг яаж батлах вэ. Баримт байгаа юм уу. Тухайн үед Жамбалжавыг
дар­гын үүрэг гүйцэтгэгчээр томи­ло­ход мөн л тус эмнэлгийн эмч нар эсэргүүцэл үзүүлж
байсан шүү дээ?

-Энэ хүн маш олон
эмч нарыг ажлаас нь халагдах өргөдөл өгө­хөд хүргэсэн. 160 эмч, ажилтан халагдах
өргөгдлөө өгсөн шүү дээ. Энэ хүний турхиралтаар. Хэрвээ ажилтан ажил олгогчдоо ажлаасаа
чөлөөлөх өргөдөл өгсөн бол хуу­лиа­раа сарын дараа шийднэ. Хэрвээ сарын дотор ямар
нэг хариу өгөхгүй бол ажлын байрыг орхиж явж болно гэсэн хуулийн заалт байдаг. Аравдугаар
сарын 31-нд эмч нарын ажлаасаа халагдах хугацаа нь болсон юм. Тэрэнд нь би хоёр
удаа мэдэгдэл өгсөн. Та бүхний хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжгүй тул ажлаа үргэлж­лүү­­л­эн
хий гэсэн мэдэгдэл өгсөн бай­гаа. Миний хувьд эмч ажилтнуу­даа буруутгахаас өмнө  энэ хүмүүсийг турхирсан хүмүүст бурууг өгмөөр
байна. Эмч ажилтнууддаа хандаж хэлэхэд бүгдээрээ хүмүүсийн турхи­ралтад орж  болохгүй гэдгийг хэлмээр байна.

-Эмч нар таныг
хууль бусаар томи­логдсон гэж эсэргүүцээд бай­гаа юм байна лээ. Таныг сонгон шал­гаруулалтад
ороогүй гэж байсан…

-Гэмтлийн эмнэлэг
дээр одоо хүртэл сонгон шалгаруулалт явуу­лаа­гүй байна. Намайг томилохоос өмнө
л томилгоогоо хийгээч гэж эмч нар шаардаж байсан юм. Дараа нь сайд  намайг томилсон. Гэхдээ энэ томил­гоо сонгон шалгаруу­лалт­­тай
холбоо­гүй. Одоо хүртэл хэд хэдэн томоохон эмнэлэг дээр сонгон шалгаруулалт явуулаагүй
байна. Миний бие Гэмт­лийн эмнэл­гийн сонгон шалгаруулал­тад материалаа өгөөд хүлээгээд
байж байсан. Тодорхойгүй хугацаагаар сонгон шалгаруулалт саатсантай холбоотойгоор
эмнэлгүүдийг эзэн­гүй байлгахгүйн тулд сайд томил­гоо­гоо л хийсэн байхгүй юу. Сонгон
шал­га­руу­лал­тыг төрийн албаны зөвлөл хийдэг шүү дээ. Сонгон шалгаруулалттай хол­боогүй
томилгоо гэдгийг сайд ч хэлж бай­гаа, би ч удаа дараа тайл­бар­ла­сан. Сонгон шалгаруулалтыг
явуул­бал, би ороход бэлэн байна. Жам­бал­жав гэдэг хүн өөрөө асуудалтай байж байгаад
халагдсанаа хэлээ­гүй нуучи­хаад, дараагийн 
томи­логд­сон дарга нарт саад хийх 
зорилготой байсан нь илт байна. Хажуугаас нь Ламбаа гэдэг хүн орж ирээд турхирч  эхэллээ. Энэ асуу­далд яамны тодорхой албан тушаалт­нууд
ч оролцсон байгаа. Өөрийнхөө ажлын эсрэг далдуур юм зохион байгуулсан гэсэн. Тий­мээс
би эмч нартаа хэлж байгаа. Бүгдээрээ энэ асуудал дээр ухаа­лаг хандъя. Улс төрийн
ашиг со­нир­холд автахгүйгээр ажлаа хийе гэж уриалмаар байна. Би өөрөө тархи нуруу
нугасны  мэс заслын эмчээр 25  жил ажилласан хүн.

-Яагаад Ламбаа
зөвлөх таны эсрэг турхиралт явуулж байгаа юм бол?

-Өөрт нь ашиг сонирхол
байгаа юм болов уу гэж бодож байна. Үүнийг өөрөөс нь асуух хэрэгтэй байх. Ямар ч
байсан Ламбаа зөвлөхийг дарга болгож өгөөч гээд 
нэг хүн уйлаад байсан шүү.  

-Одоо энэ эмнэлэг
дээр таныг эсэргүүцэж байгаа хич­нээн эмч байна вэ?

-Намайг ажлаа авснаас
хойш эмч нар нэг өдөр ч ажлаа хаяагүй. Одоо эмч нартайгаа ойлголцсон гэж бодож байна.

-Эрүүл мэндийн
салбар сөнөж байна, тэр дундаа гэмтлийн эмнэлэг авилгын сүлжээнд автсан гэж ярь­даг
юм байна лээ. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Авлигын сүлжээнд
автсан тухай мэдээлэл иргэдээс ч ирдэг, энд ажилладаг эмч нараас ч ирдэг. Энэ бүхнийг
засч залруулахын тулд бид бүгдээрээ хамтарч ажиллаж хэрэгтэй. Ийм зөрчил байхгүй
биш байгаа.  Надтай нэг, хоёр сар биш, нэг
хоёр жил ажиллаад үзэх хэрэгтэй байна. Тэгээд ямар ахиц гарах нь уу, юу нь болохгүй
байна гэдэг нь мэдэгдээд ирнэ шүү дээ. Тэгээгүй 
мөртлөө л эсэргүүцээд байгаа нь эмч нар шахалтад орсных шүү дээ.

-Хэдий шахалт,
турхиралтад орсон ч гэсэн тангараг өргөсөн эмч нар улс төрийн нам шиг тэмцэл хийж
болдог юм уу. Тэдний ёсзүйн тал дээр юу хэлэх вэ?

-Би эмч болоод 24
жил тасралт­гүй ажил­лаж байна. Ийм юм өмнө нь үзэж бай­гаагүй. Өнөөдрийн энэ асуудал
дээр улс төрчид тоглочих­лоо л гэж бо­дож байна. Жамбал­жав эмчийн томил­с­он ахмад
эмч нар бусад эмчийг хайр­цаг­лаж барьчихаад хааш нь  гаргадаг­гүй. Нэг удаа 90 гаруй эмчийг зааланд
оруу­лаад хаалгыг нь  түгжиж байгаад хү­чээр
“ажлаасаа халагдах өргөдөл дээ­рээ гарын үсгээ зур” гэж хэлээд зу­руулсан байдаг.
Гарын үсэг зурж гарч ирсэн эмч нар “Биднийг хүчээр га­рын үсэг зурууллаа шүү. Маргааш
бид нар ажилдаа ирнэ. Нөхцөл байдлыг ойлгоорой” гээд өөсрдөө ярьж байсан. Энэ асуудлыг
би ойлгож байгаа.

-Эрүүл мэндийн
яамнаас гэмт­лийн эмнэлэг дээр ямар бодлого барьж байна вэ. Таныг цаашдаа ажиллуулах
сонирхол­той байгаа гэсэн үг үү?

-Эрүүл мэндийн салбарт
шинэч­лэл хийгээд эхэлчихсэн явж байгаа. Сайд томилсон хүнээ солих бодлого барих­гүй
байгаа. Гэвч өвчтөн барь­цаалаад энэ хүнээ л татаж авахгүй бол бид нар аж­лаа хаяад
явлаа гэж эсэргүүцэж, шаардлага тавьж бай­гаа эмч нарын асуудал амаргүй байсан нь
мэдээж. Эмч нар хэдий тийм шаардлага тавьсан ч 
цаанаа бол ажлаа хаяад явах бодолтой хүн нэг ч байхгүй. Бүгдээрээ л амьдрахыг
бодож байна. Одоо харьцангуй байдал тайван болж байна. Дахиад ямар нэг турхирал­тад
орж болохгүй шүү гэж эмч нартаа захимаар байна. Би өөрөө олон жил эмч хийсэн учраас
байдлыг ойлгоод эмч нарыгаа өрөвдөж байна. Шал дэмий зүйлээс болоод  ажлаасаа гарчих вий дээ. 

-Та энэ эмнэлэгт
хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөөд байсан бэ?

-Гэмтлийн эмнэлгийн
тусламж үйлчилгээг олон улсын стандартад дө­хүүлэхээр ажиллана. Эмнэл­гийн тус­ламжийн
чанар аюулгүй байдал дээр би нэлээд анхаарна. Тоног төхөө­рөм­жийн шинэчлэл хийх
хэрэг­тэй. Гадаад дотоодын харил­цаа, хам­тын ажил­ла­гааг дээш­лүү­лэх хэрэг­тэй.
Гурав­ду­гаарт эмч нарынхаа мэд­лэ­гийг дээш­лүүлэхэд анхаарна. Монгол хү­­ний амь
нас, эрүүл мэнд үнэтэй байх ёстой. Сайн үйлчилгээ авах ёстой.

-Таныг хууль бусаар
эмч нарыг ажлаас нь халсан гэж байсан. Хичнээн эмчийг ямар шалтгаанаар халсан юм
бол?

-Би томилогдсоноосоо
хойш нэг ч эмчийг ажлаас нь халаагүй.  Хүмүү­сийг
турхирахад гол үүрэг гүйцэтгэж байсан хэдэн 
хүн халагдсан. Гэхдээ би халаагүй. Өөрсдөө өргөд­лөө өгөөд “Одоо намайг халаад
өг, тантай  хам­тарч ажил­лах­гүй” гэж шаардсан.
Тэрнээс биш захиргааны саналаар би нэг ч хүнийг халаагүй.

-Эмч нар тангараг  өргөдөг. Тангараа зөрчсөн эмч нарын эмчлэх эрхийг
нь цуцалж болдог уу?

-Тангараг өргөсөн
эмч нар өвчт­нүүдээ орхиж болохгүй. Монгол хүн бит­гий хэл  дайснаа ч орхиж болохгүй. Яамны ёсзүйн хорооноос
эмчлэх эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг юм байна лээ.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Төрийн нарийн бичгийн даргын бодлогогүй үг

Саяхандаа, телевизээ асаатал “Блүүмберг”-т
нэгэн яамны төрийн нарийн бичгийн дарга  яриа өгч байна.  “Блүүмбэрг”-ийн сэтгүүлч “Монголын төр засгаас
хөрөнгө оруулалтыг үргээх бодлого барьсан учраас байдал хэцүүдлээ” энэ тэр
гэсэн дүгнэлт хэлж байснаа мань хүний бодлыг сонирхов. Гэтэл нөгөө дарга  “Нээрээ тийм юм ч болсон шүү” гэх маягийн
хариу хэлдэг байгаа. Зүй нь төрийг төлөөлсөн тэр эрхэм “Та буруу ярьж байна.
Монголын төр засгаас өнөөдрийг хүртэл ганц ч удаа ийм утгатай мэдэгдэл
гаргаагүй. Манай улс хөрөнгө оруулалтын эсрэг байгаа, тэднийг хөөх гэж
анхнаасаа бодож байсан юм гэсэн албан ёсны мэдэгдэл гаргаагүй. Монголын төр
засаг хөрөнгө оруулалтыг татахын төлөө ажилласаар ирсэн” гэсэн бол гадаадын
хөрөнгө оруулагчдад арай эерэг мэссэж очих байв. Төрөө төлөөлж ярьж байгаа нь
ийм бодлогогүй үг унагаад байхаар манай руу мөнгөө хийхээр сонирхож байсан улс
яах нь тодорхой.

Харин хөндлөнгийн
шинжээч, аль нэг эдийн засагч тэгж хэлсэн бол өөр л дөө.  Ямар ч хөрөнгө оруулагч тэдний үгийг дүгнэлт,
үзэл бодол гэж харна.  Харин төр
төлөөлсөн хүний үгийг бол төрийн албан ёсны байр суурь гэж ойлгоно. Төрийн
нарийн бичгийн дарга, судлаачийн мэдэгдэл хоёрын ялгаа нь энэ.

Дэлхийн банк
өчигдөр Монголын эдийн засгийн тоймыг танилцуулахдаа манайд орж ирж буй хөрөнгө
оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 46 хувиар багассан гэсэн тоо хэлж байна
лээ. Гэтэл өнгөрсөн оны мөн үе буюу 2012 оны 11 дүгээр сард хөрөнгө оруулалт
аль хэдийнэ хүрээгээ хумьчихсан байсан. Нөгөө алдарт стратегийн салбарт хөрөнгө
оруулалтыг зохицуулах хууль гараад хагас жил болчихсон, хөрөнгө оруулалт зогссон
шахуу  үе шүү дээ. Эндээс  хөрөнгө оруулалт ямар байгааг төвөггүй
харчихаж болохоор.

УИХ хөрөнгө
оруулалтын шинэ хуулийг батлаад багагүй хугацаа өнгөрч байна. Төсвөө хэмнэнэ
гэж ярьж суугаа Засгийн газар энэ хуулийн үр дүн удахгүй гарна гэж итгэж
суугаа. Гэхдээ  засгийг төлөөлсөн том,
жижиг дарга нар нь “Блүүмбэрг”-т нөгөө  төрийн нарийн бичгийн дарга шиг маягийн юм
яриад байвал хэцүү л дээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Мандах наран зүгт зорчсон эко аялал

Түрүүч нь ¹263 (4590), 266 (4593) дугаарт

Талын агуй гэж талд хэнд ч анзаарагдахгүй,
содон таних тэмдэг гэж байхгүй. Нутгийн хүмүүс л мэддэг байсан. Түүнээс холын гийчин
бол анзаа­рах ч үгүй л дээ. Одоо өөр болжээ. Агуйг түшиглээд “Талын агуй” жуулчны
бааз байгуулсан  М.Амга­лан гуай хамгаалж,
ар­чилж  байдаг аж.  Тиймээс замын хүн мэдэхгүй ма­шинтайгаа орчихоос
хам­­гаалж том хашаа барь­чихаж. Талын агуй алдарт Шилийн богд уулаас 14 километр
зай­тай. Одоогоор мэдэгдэж буй галт уулын гаралтай агуйнууд дотроос хам­гийн том
нь. Агуйн амаар ороход 1,4 метр  өргөн. Гэхдээ
эхний  танхим руу орохын тулд заавал мөл­хөж
явах хэрэгтэй болно. Минут хүрэхгүй мөлхөөд л зогсож явахаар том танхим өөдөөс угтана.  Нэлээд эртнээс нуралт үүсэх магадлалтай гэж ярих
болсноос хойш   хүмүүс болгоомжлох нь ихэссэн
юм шиг. Ямартай ч аяллын багийн зарим гишүүн талын агуйд оро­хоос татгалзав. Харин
бидний хэсэг нөхөд М.Ам­галан гуайтай хамт агуйг орж сонирхлоо. Эхний том танхим
45,6 метр урт, цааш үргэлжлээд ойрол­цоо­гоор таван танхим бий гэж үздэг юм билээ.
Агуйтай холбоотой янз бүрийн домог байдаг. Ямартай ч их урт гэдгийг нь гэрчлэх гэж
элдэв сонин яриа олон сонссон ч өөрийн биеэр үзэж мэд­сэн хүн байхгүй. Цаашлах тусам мөсөн унжлага бүхий танхим байдаг гэсэн.
Мөс хайлан  газарт унан хөлдөж тэр нь агуйн
өндрийн хэмжээг багасгаж байгаа тухай М.Амгалан гуай  ярина лээ. Ямар ч байсан судалж, хамгаалж, тордоход
анхаа­рах цаг  нэгэнт бий болсон нь тодорхой.
Энэ мэтээр удаан байвал байгалийн нэгэн гай­хам­шиг мөхөж үгүй болоход тун ойрхон
болсон байна лээ.

“Талын агуй” жуулчны баа­зын хашаанд
түймэр орж бас л сандаргасан  бололтой, айлын
хаяа хот тэр чигтээ харлажээ. Нутгийн залуус бай­­сан тулдаа хүн мал эндэл­гүй унтрааж
чадсан байна. Ингээд бид Эрдэнэцагаан сумыг зорилоо. Эрдэнэ­ца­гаан сумын нутаг
руу орж очи­ход Зотол хайрхан уул хо­лоос сүртэй харагдах бөгөөд хад, асга байц
эргэн тойронд нь олон.

Энд бас Н.Лутбаяр, С.Амар­тайван гээд
олон яруу най­рагч төрсөн учир Зотол хаан уул, нутгийн байгалийн өвөрмөц тогтоц,
түүх домгийн талаар олон сайхан дуу шүлэг төржээ. Одоо Эрдэнэ­цагааны Засаг дарга
С.Амар­тайван найрагч  эзгүй байсан учир биднийг
Засаг даргын орлогч Алдар угтлаа.

Егүзэр хутагттай холбоо­той түүхэн
газрууд энэ суманд олон юм. Эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, холбоотой баримт сэлт
музейд хадгалаг­даж буй. Хутагтын бясалгал хийж байсан агуйгаар мөн орж үзлээ. Адис
жанлав орш­сон энэ газар амар амгалан ноёлох мэт чимээ аниргүй бөгөөд бясалгал даяан
хий­хэд  хамгийн тохиромжтой нь илт. Эрдэнэцагаан
нэлээд хөгжил сайтай сум. Сумын сургууль Соёлын ордон, музей гээд их л орчин үеийн
хийц загвар  дизайнтай, жиг­тэй­хэн цэмцгэр.
Бид энэ сумын шинэ сургууль, соёлын газруудыг үзээд хөгжил хө­дөөд ирснийг магтан
ярьсаар аян замаа цааш үргэлж­лүүллээ.

Дараагийн очих газар Бичигтийн боомт.
Анх газрын тос зөөвөрлөх зориулалтаар  нээж
байсан энэ боомт одоо өргөжин тэлжээ.   Арав
гаруй хүнтэй жижигхэн газар нээг­дэж байсан бол 
одоо гурван зуу гаруй хүн ажиллаж амь­дар­даг томоохон суурин бол­сон байна.
Боомтын дарга Д.Гансүх ирсэн зочид бид­нийг хүлээн авч  ажлаа танил­цуулав. Байгуулагдаад хорь гаруй жил
болсон энэ боом­тоор гарч байгаа бүтээгдэ­хүү­ний 70 орчим хувь нь газрын тос. Үлдсэн
гучин хувийн 15 орчим хувь  нь барилгын материал,
үлдсэн хэсэгт нь хэрэглээний бараа бүтээг­дэ­хүүнүүд гардаг байна. Бичигт боомтыг
дараагийн Замын-Үүд болох цаг удахгүй болол­той.  Эзгүй шахам байсан энэ боомт одоо өргөжин тээх
боломж бололцоо их бий. Тиймээс зарим овсгоотой бизнес сэтгэлгээтэй хүмүүс энд газар
авч болох эсэх талаар сонирхоод эхэлсэн гэнэ. Хятадын тал ч газрын зөвшөөрлөө авчихвал
бид үйлдвэр бариад өгье гээд л гуйдаг байна. Бичигтийн боомтоор зорчигдын ихэнх
нь хятадууд. Аажимдаа энэ бай­дал өөрчлөгдөх байх. Учир нь энүүгээр төмөр зам, авто
зам удахгүй тавигдана. 2018 он гэхэд оршиг суугчдын тоо арван мянга гаруй болно
гэж тооцоолж байгаа юм билээ.

Бичигтийн боомт  ороод эндхийн шүтээн  гэх  Лхачин­вандад
ууланд очиж сүү өргө­лөө. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ уулнаа бугын сүрэгтэй
таарав. Харамсал­тай нь энэ сайхан амьтан заримдаа хил гараад явчих­даг бөгөөд тэр
үед нь алж устгах тохиолдол олон гэж байсан. Замдаа бид зээрийн сүрэгтэй олонтаа
таарсан билээ. Сүүлийн үед цөөрөөд байгаа эдгээр амьтдын хувь заяа хөөрхийлөлтэй
санаг­дав.

Тэндээс бид хилийн цаа­на Улиастай
хот руу явлаа. Угтаа бол хилийн цаана бай­гаа боомтууд. Хилийн наана нэг суурин,
хилийн цаана БНХАУ-ын Шилийн гол айм­гийн Улиастай хот байх.  Улиас­тай хотод бүхэл бүтэн аж үйлдвэрийн парк
бий бол­жээ. Тэд манайхаас авах юмаа тооцоолж шинээр нэмж үйлдвэр барьж байгаа юм
байна гэж хөтөч өвөр монгол залуугийн ярианаас ойлгов. Албан мэдээнээс харахад эндхийн
оршин суугчдын 30 орчим хувь нь өвөрмонгол иргэд гэж сонссон бол   өөрс­дийнх нь хэлж байгаагаар 70 орчим хувь нь  өвөр монгол­чууд гэх юм билээ. Хэдийгээр соёл
өв уламжлалаа авч үлдэх гэж хичээж байгаа ч дэлгүүр олон нийтийн газарт монгол хэл
мэдэх хүн бараг таарахгүй нь сонин.

Бид уламжлалт эмнэлэг,  сургууль, үйлдвэрийн газ­раар орж танилцлаа. Монгол
хэлтэй сургууль руу очиход хуучны социализмын үеийнх шиг сэтгэгдэл төрөв. Зочид
ирнэ гэж нэлээдгүй бэлджээ. Сургууль нь цэлгэр сайхан аж. Харин хүүхдүүд нь улаан
бүч зүүчихсэн. Охид нь үсэн­дээ туузтай. Тэднийг багачуу­дын хошууч гэж нэрлэх аж.  Дуу хураагч барьсан жижиг­хэн охин биднийг тосон
ирж “Манай сургуультай танилц­сан сэтгэгдлээ хуваалцаач” гэж ирээд л дуржигнууллаа.  Бас бидэнд шүлэг уншиж өглөө. Д.Цоодолын шүлэг
гэж хажуунаас нь нэг нь бидэнд хандаж хэлэв. Тэд манайхны яруу найрагч, зохиолч
урла­гийнх­ныг андахгүй юм.  Зарим ангид хичээллэж  байхад нь орлоо. Жигдхэн хувцас өмс­дөг­гүй бололтой.  Бас гаднаас зочид ирнэ гээд чамгүй бэлд­сэн нь
илт. Яралзтал босч ирээд мэндлэх аж. Сургуу­лийн гадаа биднийг ирэхэд Монгол Улсын
төрийн дуулал эгшиглэж байв. Бид энэ та­лаар гайхан ярилцаад өнгө­рөв. Харин буцах
үед биднийг дурсгалын дэвтэрт гарын үсгээ үлдээхийг хүсэ­хэд манай­хан бүгд хуучин
монгол бич­гээр гарын үсгээ зурж дурсгалын үг бичихэд ихэд гайхацгааж, монгол бич­гийн
хичээл заадаг юм уу гэж асууцгааж байна лээ. 

Ингээд бид уламжлалт  эмнэлгээр орлоо.  Уламжлалт бариа засал, зүү төөнүүр тавьж,  тан уулгаж эмчилдэг энэ эмнэлгийнхнийг эм тан­гаа  гадагш зарахыг хориг­ло­сон учраас дотооддоо л
зарж борлуулж , хэрэглэж болдог байна. Мөн тан хийдэг ургам­лаа өөрсдөө тариалдаг
нь анхаарал татаж байлаа. Эмнэл­гийн үүдэнд Наран­хуар хэмээх  үзэмчин хөгшин­тэй таарав. Бид амар мэндийг нь
асуулаа.  Жигтэйхэн ганган эмээ. Бид Монголоос
ирсэн хүмүүс байна гэтэл илтэд нүд нь гялалзаад “Ээ хөөрхий, яасан сайхан, яасан
сайхан” хэмээн давтан өгүүлсээр бүг­дийг нь үнслээ. Тэрээр нас сүү­дэр 68 хүрч байгаа
гэнэ.  Ойр зуур хэдэн үг солиод эмээ биднийг
гар даллан яваад өглөө.

Улиастайд харьцангуй бараа бүтээгдэхүүн
үнэтэй. Өдрөөс өдөрт шинэ барилга баригдаж, өргөжин тэлж бай­гаа аж.  Ийнхүү бид буцаад нутгийн зүг явлаа. Наран мандах
нутаг руу явж цааш хил гараад дахин нутаг руу­гаа явсан урт аян маань өндөр­лөж
байгаа нь энэ. Биднийг аяллыг дэмжин ту­сал­сан УИХ-ын гишүүн М.Зоригт, түүний бие
төлөө­лөгч Д.Болорцэцэг, “Сүхбаа­тар” клуб төрийн бус байгуул­лагын тэргүүн Д.Дэлгэрцогт,
аймгийн боксын холбооны тэргүүн Н.Ганибал, Сүхбаа­тар аймгийн уугуул С.Төмөр­хүү,
Мөнххаан сумын уугуул М.Чинболд, Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавх­лан,
Мөнххаан, Дарь­ганга, Эрдэнцагаан сумын удирдлага, Бичигтийн  боомт, Хилийн цэргийн Онгон, Эрдэн­цагаан сумдын
отряд, заставуудын удирдлага,  БНХАУ-ын ӨМӨЗО-ны
Шилийн гол аймгийн Улиас­тай хотын удирдлагуудад  талархал илэрхийлье. 

Гэрэл зургуудыг Г.АНЖИГАЙ

Categories
редакцийн-нийтлэл

Ам.долларын ханш тогтворжиж байна

-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЭКСПОРТОО НЭМБЭЛ ВАЛЮТЫН ХАНШИД ОГЦОМ
ӨӨРЧЛӨЛТ ГАРАХГҮЙ-

Манайх шиг ихэнх хэ­рэглээгээ гаднаас
импор­толдог улсын хувьд аме­рик долларын ханш 
чан­гарвал халаасан дахь хэдэд нөлөөлдөг. Ийм шалтгаанаар  ногоон валю­тын  ханш хүн бү­рийн сонирхолд байдаг. Бид энэ удаа  валютын ханш ямар байгаа, цаа­шид яахыг сурвалжилсан
юм. Эхлээд очсон газар маань “Найман шарга” валютын зах. Өдрийн 13.00 цагийн үед
очиход валютын захынхан ам долларыг 1709-өөс 1711 төгрөгөөр авч байв. За­рах ханш
нь 1713 төгрөг байлаа. Эхний орсон лан­гуун дээр тавь орчим насны эмэгтэй зогсч
бай­на. “Ам.долларын ханш өсч байна уу” гэж асуухад “Уг нь 1717 байсан юм. Гэтэл
сүүлийн өдрүүдэд буугаад байна ш дээ. Одоо бол 1713 төгрөг байна. Тогтворжих тал
руугаа ороод байгаа юм болов уу гэж олзуурхаад л сууж байна” гэв. Удсан ч үгүй ам.доллар
со­лиу­лах бүсгүй орж ирснээр бидний яриа дууслаа. Бүсгүй 400 ам.доллар солиулаад
гарав.

Дараагийн хэсгээр оро­ход гурван хүн
сууж байна. Зурагчин маань аппаратаа гаргаж иртэл  голд нь суусан залуу “Бид зургаа татуулмааргүй
бай­на. Зураг нь сонин хэвлэл дээр гарсан хү­мүүсийг ганц, нэгээр нь явж байхад
цохичих гээд хэцүү шүү дээ. Дээр ма­най нэг залуу ганцаараа явж байгаад толгой руу­гаа
дэлсүүлсэн. Тэр үед цүнх нь хоосон байсан болохоор мөнгө төгрө­гөөр хохирсон юм
байх­гүй л дээ” гэж хэлээд зур­гаа татуулахаас 
цааргал­лаа. Энд ам.долларыг 1709 төгрөгөөр авч 1713 төгрөгөөр зарж байв.
Бид­нийг ярилцаад сууж байтал нөгөө залуу 1709 гэсэн тоогоо 1711 төгрөг болгож өөрчлөв.
Авах, зарах  ханш нь байсгээд ингэж хэлбэлздэг
болол­той.

“Цаашид валютын ханш яахаар байна”
гэтэл баруун захад сууж бай­сан саарал цамцтай залуу “Бид яаж мэдэх вэ дээ. Сүүлийн
өдрүүдийг ажаад байхад нэмэгдэж гавихгүй байх аа” гэж хэлээд орж ирсэн хүнд үйлчлэхээр
босов. Эд­нийхээр үйлчлүүлж бай­гаа хүмүүсийг анзаарч хагас цаг хэртэй зогслоо.
Үйлчлүүлж буй хүмүү­сийн ихэнх нь вон, юань, доллар солиулна. “Най­ман шарга”-ын гадна талд зогсдог хувь хүмүүс ам.дол­ларыг
1713 төг­рөгөөр авч, 1714 төгрө­гөөр зарна гэцгээж байлаа. “Найман шарга”-ыг зорьсон
хүмүүсийн ихэнх нь ам.доллараа гадна талд нь үнэтэй авч байгаа хувь хүмүүст  өгөхгүй дотор ажил­ла­даг валютын наймаачдад зараад
байсан нь цаанаа учиртай гэнэ. Гар дээрээс валют сольж байгаа хүмүүс  их хэмжээний доллар со­лиулж байгаа хүмүүсээс
доод тал нь 80 мянган  төгрөг “зали­лах” нь
энүүхэнд аж. Тэр дор нь мэдсэн хүмүүст хэл үггүй мөнгийг нь нэмээд өгчихдөг гэж
бидэнтэй уулзсан хэд хэдэн ченж хэлж байлаа. Харин сүүлд мэдсэн нөхөд цагдаа, шүүхдээ
тулдаг бо­лол­той. Хуурамч доллар өгөх гэж байгаад баригдах тохиол­дол цөөн ч гэсэн
гардаг гэнэ. Саяхан гэхэд хуурамч доллар солиулах гэсэн бүсгүйг Чин­гэл­тэй дүүргийн
цагдаад хү­лээл­гэж өгсөн гэж бидний уулзсан валютын ченж ярьж байв. “Найман шарга”-ын
ченжүүд ам.долларын ханш нэг их өсөхгүй байх гэж ам нийлүүлцгээж байлаа.

Валютын ханш өсөхөөр  импортын голдуу  бараа зар­даг найман нэрийн барааны дэлгүүр, эмийн
сангууд бү­тээг­дэхүүнийхээ үнийг нэмэ­хээс аргагүйд хүрдэг. Валю­тын ханшаас болж
гаднаас орж ирдэг бараа бүтээгдэхүү­ний үнэ нэмэгдэж байгаа эсэ­хийг тодруулахаар
“Найман шарга”-ын цаахан байрлах Эм ханган нийлүүлэх төвөөр орлоо. Эмийн санч бүсгүй
“Сүүлийн үед нэг их нэмэгд­сэн юм байхгүй. Эм, эмнэл­гийн тоног төхөөрөмжийн үнэ
тогтвортой байгаа” хэмээн ярьж байлаа. Хэд хэдэн эм ханган нийлүүлэх төвөөр ороход
ийм агуулгатай хариу өгч байсан юм. Хотын төвд байрлах гурван ч хүнсний дэлгүүрт
ороход ам.долла­рын өсөлтөөс болж барааны үнэ нэмэгдсэн юм байхгүй гэцгээж байв.

Дараагийн орсон газар бол Занабазарын
музейн ойролцоох Худалдаа хөгж­лийн банк. Энд ам.долларыг 1677 төгрөгөөр авч,
1715 төгрөгөөр зарж байлаа. Арил­­жааны банкууд их хэм­жээ­ний доллар зарахгүй бай­гаа
учраас л долларын ханш өсөөд байдаг гэсэн яриа бас бий. Энэ яриа үнэн эсэхийг тандахаар
теллер дээр очиж “40 мянган ам.доллар авах гэсэн юм. 1715-аас арай доо­гуур үнээр
авах боломжтой юу” гэж асуув. Теллер охин “За би холбогдох хүнээс нь асуугаадхая”
гэж утсаар ярь­са­наа “1715 төгрөгөөс доош өгөхгүй гэнэ” гэсэн хариу хэл­лээ. “Өнөөдөртөө
гаргаж өгөх боломжтой юу” гэж лавлахад “Та захиалгаа өгөх хэрэгтэй. Өнөөдөртөө бэлнээр
шууд гарахгүй. Маргааш бол гар­чих­на. Хэрвээ та одоо заавал авна гэвэл манай төвтэй
хол­бог­дож болно” гэж хариулав. Өөр хэд хэдэн банкны салбар тооцооны төвөөр ороход
30-50 мянган ам.долларыг гар­гаж болно гэсэн хариу өгцгөөж байлаа.

Арилжааны банкуудын дараа Монгол банкин
дээр ирлээ.

Тус банкны Валют эдийн засгийн
газрын Сан­хүүгийн зах зээлийн хэлт­сийн захирал Ж.Батаагаас  хоёр асуултанд хариу авсан юм.

-Валютын ханш нэг хэсэг өсч байснаа
эргээд суларч байгаагийн  шалт­гаан нь юу
вэ?

-Сүүлийн долоо хоногийн турш ам.долларын
эсрэг төг­рө­гийн ханш 1724 төгрөг хүртлээ сулраад, ганцхан өдрийн дотор эргээд
14 төг­рө­гөөр буурч засагдаж бай­на. Өчигдрийн байдлаар л гэхэд Монгол банкны зарла­сан
ханш нэг ам.доллар 1702.28 төгрөгтэй тэнцэж байна. Төгрөгийн гадаад валют­тай харьцах
ханшийн бууралтын гол учир шалтгаан нь төлбөрийн тэнцлийн нөх­цөл байдал болж байгаа
юм. Өөрөөр хэлбэл, Монголд орж ирдэг валютын урсгал тат­раад, нөлөөлөл нь валютын  ханш дээр ирж байгаа. Мон­гол Улсын эдийн засгийн
гадаад орчин, нөхцөл байдал  2011 оны аравдугаар
сараас муудаж эхлэх шинж гарсныг бүгд мэдэж байгаа. 2012 оны сүүлээс Монголд орж
ирэх хөрөнгө оруулалт муудах хандлагатай болж ирсэн. Тэгэ­хээр сүүлийн долоон улирлын
турш дараалаад гадаад  эдийн засгийн орчны
сөрөг өөрчлөлтүүд Монголын эдийн засагт таатай бус нөлөөл­лийг авчирсан. Ийм орчинд
мэдээж эдийн засгийн эрсдлүүд үүссэн. Ялангуяа 2012 оны төгсгөлд нэлээд том, хямралын
эрсдэл байсныг тойрч гарсан. 2013 он гар­саар гадаад эрсдэл маань арилчихаагүй,
улам л нэмэгд­сэн. Монголд орж ирэх валю­тын урсгал татарсан байдал­тай л явж ирлээ.
Тэгэхээр цаашдаа бид яах вэ гэхээр энэ асуудлын гол учир шалт­гаан болсон төлбөрийн
тэнц­лээ л сайжруулах нь чухал байна.

-Төв банкнаас цаашид ямар арга
хэмжээ авахаар төлөвлөж байна?

Гадаад худалдааны энэ орчноос болоод  гарч байгаа богино хугацааны шокууд дээр Төв банкнаас
тодорхой хэмжээнд оролцоод ханшийн огцом хөдөлгөөнийг зөөлрүү­лэх, саармагжуулах
ажлыг хийж байгаа. Сүүлийн 3-4 сарын дотор ханш хэлбэлз­сэн хөдөлгөөн гарсан. Энэ
дээр тогтворжуулах арга хэм­жээ­нүүдийг авсан. Валютын дуудлага худалдаа тогтмол
явуулж, зах зээлд валют ний­лүүлж байгаа. Энэ талаарх мэдээлэл манай веб хуудас
дээр тогтмол мэдээлэгдэж байдаг. Цаашдаа ч энэ арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн явуулна.
Гэхдээ одоогийн ханшийн төвшнийг Монгол банк макро эдийн засгийн суурийг дагасан,
тодорхой нөхцөл байдалтайгаа уял­даа­тай, нийцтэй байна гэж харж байна. Төв банкнаас
эдийн засгийнхаа суурь нөх­цө­лүүдийг дагасан ханшийн хөдөлгөөний тренд ханд­ла­гын
эсрэг ажилладаггүй. Ха­рин огцом хөдөлгөөн үүсгэх­гүй байх тал дээр анхаарч байгаа.
Өөрөөр хэлбэл ханш өөрөө гадаад эдийн засгийн өөрчлөлтийн дотоодын эдийн засагт
нөлөөлөх нө­лөө­л­­лийг багасгаж өгдөг, эрсдлийг өөртөө шингээж авдаг. Тэр хэмжээгээрээ
нөлөөл­лийг нь зөөлрүүлж өгдөг автомат тохируулагч. Тэгэхээр энэ чиглэлээр нэгдү­гээрт
ханшийнхаа уян хатан бодлогыг үргэлжлүүлэх, 
хоёр­дугаарт экспортын бүх төрлөө дэмжиж, урамшуулах,  гуравдугаарт, 
хөрөнгө оруу­лал­тын орчныг сайжруулах, нэмэгдүүлэх хэрэгтэй.

Монголбанкнаас гараад  валютын ханшийг цаашид энэ хэвээр барихын тулд
яах ёстой вэ гэсэн асуултад эдийн засагчдаас хариу ава­хаар “Мандал женерал даат­гал”-ыг
зорилоо. Аналистууд ажиллуулж, эдийн засагт дүн шинжилгээ хийдэг тус  ком­па­нийн захирал Ө.Ганзориг “Хөрөнгө оруулалт
юм уу, экспортын орлогоор мөнгө орж ирж байж л  
асуудал шийдэгдэнэ. Учир нь энэ хоёр сувгаар ам.доллар орж ирдэг. Өмнө нь
долларын ханш өссөн нь ийм шалт­гаан­тай шүү дээ. Хөрөнгө оруу­лалт муудсан, экспортын
ор­ло­го багассан нь долларын ханш өсөхөд нөлөөлж бай­сан. Хөрөнгө оруулалтын хууль
гарсан нь сайн хэрэг л дээ. Гэхдээ гадаад ертөнцөд бид гадаадын хөрөнгө оруу­лалт
дээр ийм эерэг орчин бүрдүүлэхээр ажиллаж бай­на, манайд хөрөнгөө оруул­бал танд
ийм давуу талууд бий гэсэн  сурталчилгаа сайн
хийх хэрэгтэй. Тэгж байж хөрөнгө оруулалтыг татаж чадна” хэмээн ярив.

Хөрөнгө оруулалтад жин дардаг уул
уурхайн хөрөнгө оруулалт хэр болсон, ам.дол­ла­рын урсгал ямархуу бай­гааг сонирхохоор
Монголын хөрөнгө оруулалтын  корпо­раци буй
MICC-гийн ерөнхий­лөгч Д.Ачит-Эрдэнэд хандсан юм. Тэрээр “Энэ жил гадаа­дын хөрөнгө
оруулалт, тэр дундаа хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийдэг улс огцом багассан.
Хайгуулын чиглэлээр өмнө нь нэг сайн компани сард хоёр сая ам.дол­лар оруулж ирж
зар­цуул­даг байсан. Хайгуулын салбар гэж ярихад л жилд 100 сая ам.доллар орж ирж
бай­лаа. Одоо энэ тоо 10-20 сая хавьцаа л байгаа болов уу. Хөрөнгө оруулалтын хууль
гарсан ч Ашигт малтмалын хуульд ямар өөрчлөлт орох бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад
байна. Тэгэхээр шийдвэр гаргах түвшиндээ 
хөрөнгө оруулагчдын хүлээл­тэд бүрэн дүүрэн хариулт өгөх тал дээр анхаарч
ажил­лах хэрэгтэй байх. Хөрөнгө оруулалт зогсонги байгаа­гийн бас нэг шалтгаан нь
төр засгаас лиценз олголтыг хумих бодлого барьж буйтай холбоотой. Рио-той хийж эхэлсэн
хэлэлцээ хаашаа эргэх нь  ч хөрөнгө оруулагч­дын
хүлээж байгаа нэг том асуудал” хэмээн ярив. 
Хай­гуу­лын гол ажлыг нугалдаг өрмийнхөн ямархуу байдал­тай байгаа талаар  өрөмд­лө­гийн холбооны тэргүүн Цэвээн­жаваас сонирхоход
“Хайгуул тэр чигтээ зогссон шахуу болохоор өрөмд­лө­гийн компаниуд зогсонги бай­дал­тай,
бие биеэсээ ажил асуусан улс л байна. Учир нь 
хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна.  Өмнө нь “Арева Монгол” гэхэд л “Орд гео”, “Говь
гео” зэрэг компаниудыг өрмийн ажлаар хангаж байлаа. Таван толгой дээр гэхэд л хэд
хэдэн ком­па­ни ажиллаж байсан. Гэтэл өнөөдөр төмөр, нүүрсний өрөмдлөгүүд зогсчихоод
бай­на. Эрдэнэс таван толгойн өрөмдлөгөөс өөр ажил гар­сан­гүй” гэж байлаа.

“Одоогоор ам долларын ханш тогтвортой
байгаа ч хөрөнгө оруулалт, экспортоо нэмэгдүүлж, гаднаас аль бо­лох их хэмжээний
доллар оруулж ирэхгүй бол хэцүү байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Цаг алдалгүй энэ асуудлаа
шийдэж чадвал доллар амь­жир­гаанд нөлөөлтлөө чанга­рах­гүй байх боломжтой” гэж
ярих шинжээчид олон    байна.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл
зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

М.Найданхүү: Нийгэм хүлээж авахааргүй нэр хүнд муутай хүмүүс намын даргаар сонгогдчихлоо

МАН-ын “Шинэ хүч” хөдөлгөөнийг
үүсгэн байгуулагч, Норвегийн Амьдралын шинжлэх ухааны их сургуулийн эрдэм шинжилгээний
ажилтан, Хөгжлийн бод­лого судлаач М.Най­данхүүтэй ярилцлаа.

-Таны хувьд МАН-ын XXVII Их хуралд
орол­цохоор Норвеги улсаас ирсэн. МАН хэр шинэч­лэгдэв?

-Миний хувьд намын­хаа гурав дахь
Их хуралд сая оролцлоо. Гурван удаа Их хуралдаа орол­цохоор өөрийн зардлаар Норвегиэс
ирсэн. Гэхдээ эдгээр хурлуудад урил­гаар оролцсон юм. Энэ удаагийн Их хурлын шийд­вэрт
сэтгэл гонсгор буцаж байгаагаа нуугаад яахав.

-Яг юунд нь сэтгэл дундуур байгаа
юм бэ?

-Бид Их хурлын өмнө шинэтгэлийн, түүхэн
хурал болно хэмээн хэлж байсан. Гэтэл сая болсон Их хурлаараа хуучин удирд­лагуудаа
сонголоо. Шулуухан хэлэхэд нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчтэй адилхан
боллоо гэж дүгнэж байна. Яагаад ингэж хэлэв гэхээр манай намын нэр хүндэд муугаар
нөлөөл­дөг хүмүүс удирдлагад гарсанд үнэхээр сэтгэл гонсгор байна даа.

-МАН лидергүй бол­жээ гэдгийг батлаад
бай­гаа юм биш үү?

-Энэ байдлаас хара­хад тийм дүгнэлт
хийж болохоор харагдаж бай­гаа юм. Миний бодлоор намын олон мянган ги­шүүд дотор
МАН-ыг ард түмэнд ээлтэй, зөв жолоо­доод явах боловсон хү­чин хангалттай байна.
Харамсалтай нь тийм бо­ломжийг нь үргэлж хааж байдаг.

-Заалнаас нэр дэв­шиж орох боломж
бай­саар байтал яагаад нэрээ татсан юм бэ?

-Заалнаас нэр дэв­шиж байгаа үед Бага
ху­ралд гишүүн боломж бага байдаг. Өөр нэг шалтгаан байсан нь энэ удирдла­гууд­тай
хамтарч ажиллаж чадахгүй гэсэн байр суурь­тай байлаа. Манай намын шинэ генсек Ж.Мөнхбат
гэж нөхөр зун долдугаар сараас гэнэт намын шинэчлэл яриад эхэлсэн. Үүнийг нь би
эсэргүүцэн намын гишүү­дэд хандсан ил захидал илгээсэн. Намын дар­га Ө.Энхтүвшин,
генсек Г.Занданшатар нарт ха­риуцлага тооцно гэж бай­сан. Гэтэл хамт ажиллаж байсан
Ж.Мөнхбат тэр­гүүтэй нарийн бичгийн дарга нар ч хариуцлагыг үүрэлцэх ёстой. Тэд
нэг баг болон ажиллаж байс­наа мартсан юм шиг бай­на лээ. Би энэ Их хурлаас дараагийн
Их хурал хүр­тэл намынхаа хамгийн том сөрөг хүчин байх бол­но. Сөрөг хүчин байна
гэдэг нь намаа ча­нар­жуулах, бялдаржуулах зорилготой. Түүнээс биш надад албан тушаал
олд­сонгүй хэмээн гомдолло­сон зүйл байхгүй. 

-Намынхаа тогтвор­жилтын талаар
ямар үг хэлэх гэж байсан юм бэ?

-Бид намын төлөв­шилт, тогтворжилт,
төгөл­дөржилтийн тухай л ярих ёстой. Намын тогтвор­жилт гэдэг нь намын дар­гатай
шууд холбоотой. Сонгуулиас болж жил гаруй хугацааг үдсэн намын удирдлагуудаа солих
шаардлага байгаа юм уу, үнэхээр солих шаардлагатай бол ба­гаар нь огцруулах хэрэг­тэй
гэдгийг хэлэх гэж бай­сан юм. Намайг эсэргүүц­сэн өөр нэг шалтгаан нь Их хурлын
хоёр дахь өдөр үг хэлэхдээ манай намын ялагдлын гол шалт­гаан нь нийслэлийн дүүргүүдэд
байна гэсэн юм. Бодит байдал үнэ­хээр ч тийм байгаа. Нийс­лэлд намын рейтинг
40-42 хувьтай байна. Хэд хэдэн удаагийн УИХ, Ерөн­­хийлөгчийн сон­гуульд манай нам
нийс­лэлд ялагдал хүлээсэн. Ингэж хэлснийхээ төлөө зарим хүмүүсийн дургүйг хүргэсэн
ч зарим хү­мүү­сийнх нь талар­хлыг хү­лээж чадсан. Дур­гүй нь хүрсэн хүмүүс намайг
өөр хүн нэр дэв­шүүлэх нь гэж бодсон уу нэр дэвшүүлэх хурал­даан дээр үг хэлэх болол­цоог
хаасан.

-Намын шинэ удирд­лагууддаа яг
ямар өнц­гөөс та хандаж байгаа вэ. Эдгээр хүмүүс өмнө нь намдаа нэлээд хэ­дэн жил
болчихсон нам­даа нөлөөллөө бий бол­гочихсон хүмүүс шүү дээ?

-Намд болон намын удирдлагад олон
жил бол­сон хүмүүс ээлж дараа­лан намын дарга болж буй явц ажиглагдаж байна. М.Энхболд
дарга XXV Их хурлаас намын даргын ажлаа өгч байсан юм. Гэтэл сая дахин га­раад ирлээ.
Ж.Мөнх­батын хувьд нарийн бич­гийн даргаар нэлээд хэдэн жил ажилла­чих­сан. Нийгэм
хүлээж ава­хад нэлээд нэр хүнд муу­тай хүмүүс сонгогдчих­лоо.

-МАН-ын төлөө­лөг­чид мэдэхгүйдээ
энэ хүмүүсийг сонгочихов уу?

-Их хурлын төлөө­лөгч­дийг сонгох
анхан шатны сонгуулиуд нь хуй­валдааны байдалтай болдог юм уу даа. Тө­лөөлөгчид
хүртэл гэнэн юм даа. Нэр дэвшсэн хүнийг сонгох ёстой гээд л сонгочихдог. Өөр нэг
зүйл нь намын даргад нэр дэвшин өрсөлдөх бо­ломж­той Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар
нэрээ тат­чихаж байгаа юм. Тий­мээс М.Энхболд гарцаа­гүй гараад ирэх боломж нээлттэй
болчихож бай­гаа хэрэг.

-Их хурлаас өмнө намын даргад өрсөл­дөнө
хэмээн нэр нь яриг­даж байсан хүмүүс нэрээ татсан. Энэ нь ямар шалтгаантай бай­сан
юм бэ?

-Би үүнд шүүмжлэл­тэй хандаж байгаа.
М.Энх­болд даргын ар гэрт тохиолдсон эмгэ­нэлийг хуваалцаж байгаа нэг хэлбэр. Нөгөө
талаас намын болон ард түмний эрх ашиг хамгийн тү­рүүнд тавигдах ёстой. Намын даргад
нэр дэвш­сэн хүмүүс хулчгар байна. Үүнээсээ болоод л нэрээ татсан хэрэг. Хэрэв тэгж
л нэрээ татах байсан юм бол үүнийгээ эрт хэлж байх нь зүйтэй. Эртхэн хэлчихсэн бол
магадгүй би намын даргад нэрээ дэвшүүлэх байсан. Га­даа­даас урилгаар орол­цож байгаа
хүмүүст үг хэлэх эрх нээгддэггүй гэд­гийг энэ Их хурлаас мэд­лээ.

-Энэ удаагийн Их ху­рал түүхэн
хурал болж чадсангүй гэдэгтэй санал нийлэх үү?

-Мэдээж түүхэн хурал болж чадаагүй.

-Их хурлын гол алдаа юундаа байсан
бэ. Их хурлаас өмнө энэ хүн намын дарга, ген­сек болно хэмээн ярьж байсан нь биелэлээ
ол­лоо?

-Би намдаа сэтгэлтэй, зүтгэлтэй, итгэлтэй
бай­даг. Хэзээ нэгэн цагт ма­гадгүй ирэх Их хурлаар иймэрхүү хуйвалдааны шинж чанартай
зүйлс цэгцрэх байх хэмээн бо­дож байна. Намын төлөө­­лөгчдийг сонгох тал дээр алдаа
бий. Зарим хүмүүст намын Их хуралд ирэх, Бага хуралд сонгог­дох нь хувь хүний ганга­рааны
асуудал болсон нь харагдсан. Их хуралд төлөөлөгчөөр орж ирчи­хээд үг хэлэхгүй, санал
хэлэхгүй тэгсэн хэрнээ Бага хуралд хуйлрал­даад гүйлдчих юм. Гэтэл шударга байсныхаа
төлөө, үгээ хэлснийхээ төлөө зарим хүмүүс нь Бага хурлын гадаа үлд­чих­дэг нь харамсалтай
санагдлаа. Үүнийг яагаад хэлэв гэхээр бид гадаа­даас гурвуулаа ирсэн. Нэгэнд маань
мандат өгөөд, Шведээс ирсэн залуу бид хоёрт үг хэлэх эрхтэй урилга өгч байна гээд
хуурчихаж байгаа юм.

-Их хурал өндөрлөс­ний дараа та
намынхаа ирээдүйг хэрхэн тө­сөөлж байна вэ?

-Эдгээр хүмүүст дүн тавих хамгийн
том шал­гуур нь 2016 оны УИХ-ын сонгууль. Хэрэв сон­гуульд ялагдвал мар­гааш­наас
нь шинэ зо­хион байгуулалтаар тэм­цэх болно.

-МАН Их хурлынхаа өмнө хөгжлийн
бод­ло­гоо боловсруулахын тулд судлаач, эрдэмт­дийн дунд уралдаан зарлахад нь та
түрүүл­сэн. Таны боловсруул­сан хөтөлбөрөөс хөгж­лийн бодлогод тусгагд­сан уу?

-Миний Их хуралд ач холбогдол өгч
ирсэн гол асуудал нь хөгжлийн бод­лого тодорхойлох бай­сан. Үүн дээрээс л намын
төлөвшилт, төгөлдөржилт гэдэг нь гарч ирэх ёстой. Намаас зарласан урал­даанд “Алтан
дунджийн нийгмийг бүтээн бай­гуулъя” гэсэн хөтөлбө­рөөр оролцон тэргүүн байрт шалгарсан.
Шаг­нал болгож өгсөн мөнгийг нь намдаа цаашид нь амжилт хүсээд өгье гэсэн бодолтой
байгаа. Бид хөгжлийн бодлогодоо л анхаарал хандуулах хэ­рэг­тэй. Эх орноо Скан­диновын
орнууд шиг хөг­жүүлье.

-Их хурлын өмнө дарга, цэргийн
суудлын төлөөх хор найрагдаж байна хэмээн яригдаж байсан. Танд мэдрэгд­сэн үү?

-Надтай тэр талаар яриа хөөрөө хийсэн
хүн байхгүй. Харин орон нут­гаас ирсэн болон нийс­лэлээс оролцсон хүмүү­сийн бодлогод
тусгагдсан байж магадгүй гэдэг нь сонголт хийж байгаагаас нь анзаарагдсан. Их хур­лын
дүнг харахад хур­лаас өмнө хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр яриг­даж байсан хүмүүс
намын удирдлагад га­раад ирлээ. Үүнээс хара­хад тиймэрхүү зүй бус зүйлс явагддаг
юм шиг байгаа юм. Үүнийг бид нуулгүй хэлж байх ёстой.

-Та намын Бага хур­лын гишүүдийг
сонгох хэлбэрт ямар бодолтой байгаа вэ?

-Намын Бага хурлын гишүүнийг сонгохын
тулд дээрээс нэр оруулж ирдэг. Тэр нь цаанаасаа захиалагдсан тул төлөө­лөгчид түүнийг
нь дугуй­лаад гаргах үүрэгтэй. Өнөө­­дөр энэ өрсөл­дөөнийг нээлттэй болгоё. Заалнаас
нэр дэвшүүл­дэг асуудлыг болих хэрэг­тэй. Эхний ээлжинд нэр дэвших сонирхолтой бүх
хүмүүсийг бүртгээд түү­нийгээ аймаг, дүүргээр нь хуваасны дараа квотынх нь дагуу
өрсөлдөөн явуул­сан нь дээр юм шиг. Намын Бага хурлын гишүүд 310 байгаа нь учир
дутагдалтай. Харин Бага хурлын гишүүдийн тоог нэмж өрсөлдөөнийг бий болгох нь чухал.
Бага хурлаас УИХ-д нэр дэв­ших хүмүүс тодордог. 300 хүнээс сонгогдох 500 хүнээс
сонгогдох хоёрын хооронд ялгаа бий. Бага хурлын гишүүдийн тоог 600 болгон улиралдаа
нэг сая төгрөг төлж чадах хүмүүсийг оруулах хэрэг­тэй. Эндээс орж ирсэн мөнгөөр
намынхаа ан­хан шатны үүрүүдийг сан­хүүжүүлье. Энэ хэм­жээний мөнгө төлөх чад­вартай
Бага хурлын гишүүн болох хүсэлтэй хүмүүс их байна. Их хурал болон Бага хуралд төлөөлөгч
болох, намын Удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлэх байдал үнэн­дээ хаагдмал байгааг хэлэх
нь зүйтэй.

Э.ЭНХБОЛД