Categories
редакцийн-нийтлэл

М.Зоригт: “Голомт” банкны дийлэнх хувьцаа одоо ч Бодь группийн мэдэлд байгаа

УИХ-ын гишүүн М.Зоригттой ярилц­лаа.

  -Та буруу рультэй автомашины импортыг зогсоох тухай хуулийн
төсөл санаачилсан. Яагаад энэ асуудлыг оролдож эхлэв?

-Яг өнөөдөр энэ санааг бодоод олчихсон юм биш. Гурван сарын
өмнө хэсэг нөхдийн хамт ярилцаж байгаад санааг дэвшүүлсэн. Ин­гээд асууд­лыг
УИХ-д хууль болгон өргөн ба­рихаасаа өмнө Засгийн газрын саналыг сонсо­хоор
хүсэлтээ тавьсан байгаа. Удахгүй Засгийн газар саналаа ирүүлэх байх.

-Хуулиараа зохи­цуу­лаагүй ч амьдрал дээр машинтай иргэдийн
70 орчим хувь нь буруу рультэй автомашин хүлэглэдэг. Энэ асууд­лыг тооцож үзэв
үү?

-Нийт авто машины бараг 70 хувь нь буруу рультэй байна. Шууд
хэл­бэл Монгол Улс дээлээ эргүүлж, энгэрийг нь бу­руу харуулж өмсдөг хүү­хэд
шиг л болчихож. Үүнийг нэгэнт л олж хар­сан юм чинь зөв голдрилд нь оруулах
ёстой гэж үзээд хуулийн төслийг сэдсэн. Асуудал нэгэнт эрчээ авч олны анхаа­ралд
орсон учраас хэлэл­цээд зөв шийдлийг гаргах байх.

-Хууль батлагдаад хэрэгжлээ гэж үзье. Тэг­вэл зөв рультэй ав­томашиныг
хаанаас хэн оруулж ирэх юм?

-Нэг зүйлийг
хэлэхэд замын хөдөлгөөний дү­рэмд ямар нэгэн өөрч­лөлт орохгүй. Буруу тал­даа
рультэй автомашин замын хөдөлгөөнд оролц­­догоороо оролцо­но. Гамтай хэрэглэдэг
нэг нь 10-20 жил ч буруу рультэй автомашинаа унаж бол­но. Бас бизнес эрхлэгч­дэд
нь боломж олгож 2015 оны нэгдүгээр са­рын 1 хүртэл хугацаа ол­гож байна.

Энэ хугацаанд биз­нес эрхлэгчид хуу­лийн дагуу нийлүү­лэгч­дэдээ
шаардлага тавих, худал­дан авагчаа хуульд ний­цүүлэн сонгох гэх мэт ажлыг хийх
боломж гарч байгаа юм. Нөгөө талдаа энэ асуудал нэгэнт л төрийн шийдвэр учраас
Засгийн газарт хугацаа олгож байгаа юм. Ав­то­машин импортлогчидтой уулзаж
хэлэлцээр хийх ёстой. 2015 он гэдгийг энэ төрлийн асуудалд хол­боотой хугацаа
гэж ойл­гох ёстой. Бүтэн жилийн хугацаанд тэр байтугай зохицуулалтыг хийж болно
шүү дээ.

-Баруунаас машин импортолбол тээвэр­лэлтийн зардал нэмэг­дэхийн
зэрэгцээ нас­жилт нь ч харьцангуй их байдаг шүү дээ. Япон ч гэсэн зөв рультэй
авто­машиныг үйлдвэр­лэх­дээ захиалгаар хийдэг учир өртөг нь ч гэсэн нэмэгдэх
байх?

-Зөв талдаа рультэй автомашин зөвхөн Евро­пын зах зээлээс
нийлүү­лэгдэнэ гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Японы үйлдвэрлэгчид Солон­госын
зах зээлд зориулж манайд орж ирж байгаа автомашинуудыг зөв талд нь рультэйгээр
үйлд­вэрлэдэг. Солонгост очоод үзэхэд манайд за­раг­даж байгаа буруу руль­тэй
автомашин тэнд зөв талдаа рультэй ижил­хэн үнэтэй байдаг. Биз­нес эрхлэгчид
маань хял­бар дөт аргаар ажиллаад байгаагаас биш зах зээл нь байж л байна.

-Солонгосын зах зээ­лээс гадна машин импортлох сувгийг хаа­нах
гэж тодорхойлж бай­гаа юм бэ?

-Би өөрөө судалсан зүйл алга. Бусад су­дал­гааны
байгууллагуудаас ирүүлж байгаа мэдээл­лээс үзэхэд ОХУ-ын за­рим боомтоор автома­шин
оруулахад 40 хувь нь зөв талдаа рультэй байна. Хятадын Тяньжин боомт ч
ялгаагүй.

-Тухайлбал таныг “Моннис”-той холбож ярьдаг. Бас Солон­го­сын
бизнесменүүд танд нөлөөлсөн юм биш биз. Тэгэхээр бусдын бизнесийн амыг хуу­лиар
нээж өгөхөд хэдэн төгрөгөөр үнэлдэг юм бол. Шууд хэлбэл та энэ хуулийг
санаачилс­наараа хамтрагчаасаа хэдэн төгрөг авч байгаа вэ?

-Энэ асуудлыг хөнд­сө­нөөр ямар эсэргүүцэл ирэхийг би мэдэрч
бай­сан. Гэхдээ яагаад өнөөд­рийг хүртэл Засгийн газар хийгээд улстөрчид нь энэ
асуудлыг хөнддөггүй юм гэж бодох болсон. Энэ бүхэн мэдээж нэр төртэй нь
холбоотой учраас тэд дуугүй байдаг. Тэр улс төр, нэр хүндийг бодоод байвал
цаашид энэ асуу­дал үргэлжилсээр ба­руун гарын дүрэмтэй ч 100 хувь буруу
рультэй машин хэрэглэдэг болж ч мэднэ. 70 хувь гэдэг аюулын дохио асчихсан
байна гэсэн үг. Тиймээс би зүгээр л зориг гарга­сан. Зөвхөн энэ асууд­лаар 1000
гаруй мессеж, твиттер, фэйсбүүк хууд­саар ирсэн саналыг эерэг, сөргөөр нь
жагсааж үзлээ. Тэгэхэд иргэдийн санал 50:50 хувиар тэнцэж бай­на. Нэгэнт ороод
ирчих­сэн автомашин явдгаа­раа явна, гэхдээ энэ асууд­лыг цэгцлэх болсон байна
гэдэгтэй хүмүүс санал нэгдэж байна. Биз­несийн захиалга гэдгийг би үнэхээр
бодож бай­сан­гүй. Шууд хэлбэл тийм зүйл огт болоогүй. Зүгээр л цэгцэлье гэсэн
са­нал­тай байгаа юм. Миний санааг сайн тунгаавал хэн нэгнийг нь илүүд үзэж,
хэн нэгнийг хавчин гадуурхсан өнгө аяс байх­гүйг ойлгоно. Тэгээд ч бүгдэд нь
ижил боломж, ижил нөхцөл олгож бай­на. Намайг “Моннис”, Со­лонгосын машин үйлд­вэр­лэдэг
бас нэг үйлд­вэртэй холбож ярьдаг. Гэхдээ “Моннис” үнэтэй шинэ машин оруулж
ирдэг юм билээ. Тэгэхээр худалдан авах зах зээл, хэрэглэгчид нь өөр өөр байдаг.
Төмрийн хаяг­дал­тай холбоотой Г.Бат­хүү гишүүн хууль санаач­лахад, Э.Бат-Үүл
дарга буруу рультэй авто­маши­ныг хязгаарлах гэхэд иргэд оволзож байсан. Харин
өнөөдөр тийм бай­дал ажиглагдахгүй бай­гаа нь харин ч би асууд­лыг эхийг нь
эцээж тугалыг нь тураахгүйгээр шийдэх гарц олчихсон байж болох. Зөвхөн ийм
гаргалгаагаар асуудал шийдэгдэх байсан ч юм билүү.

-Тантай холбоотой бас нэг асуудал байна. “Бодь” групп дээр
ямар асуудал үүсч, та нар хэрхэн шийдвэрлэв?

-Би бизнесээсээ хол­дож, хөндийрөөд олон жил болж байна.
2004-2008 онд УИХ-ын гишүүн байснаа түүнээс хойш аймагтаа амьдарч хөдөл­мөрлөж
байгаад сая да­хин гишүүн боллоо. Тийм учраас бизнесийн өдөр тутмын үйл
ажиллагаанд төдийлөн оролцдоггүй. Төлөөний хүнээрээ дам­жуулж мэдээллийг авдаг
байсан. Яахав хувь ний­лүүлэгчдийн хооронд бага зэрэг асуудал бай­сан юм шиг
байна билээ. Гэхдээ өнөөдөр бүх зүйл шийдэгдсэн. Ер нь Бодь группийн хувьд
Монгол орон зах зээлд шилж­сэнээс хойш гарч ирсэн хувийн, сайн группүүдийн нэг
ш дээ. Олон мянган харилцагчтай, олон мян­ган ажилтны ар гэрийг авч явдаг.
Нийгмийн өмнө маш том хариуцлага хү­лээж, эдийн засагтаа дор­витой хувь нэмэр
оруулж буй чадварлаг хамт олон. Энэ хамт олон хамтдаа байна уу байна, ажлаа
хийж байна уу байна. Ийм л байна.

-Хувь эзэмшигчдийн хооронд ямар асуудал үүссэн гэж. Тэр асууд­лаа
“Бодь” групп, “Го­ломт” банкийг салгас­наар шийдсэн гэсэн үг үү. Д.Баягалан та
хоёр “Голомт” банкийг эзэм­шиж үлдсэн сурагтай?

-“Бодь” групп бол “Голомт” банкийг үүсгэн байгуулагч.
“Голомт” банк­­ны дийлэнх хувьцаа “Бодь” группт байдаг. Одоо ч хэвээрээ байгаа.
Хувь нийлүүлэгчдийн хоо­ронд шилжилт хөдөл­гөөн гарч байна уу, үгүй юу. Түүнээс
үл хамаа­раад “Голомт” банк энэ бүхнээс ангид явж байдаг. Бие даасан, нэр нөлөө
бүхий, Монгол Улсын банк санхүүгийн байдлыг тодорхойлогч болон хэвийн ажиллаж
байна. Хувь нийлүүлэгчдийн хоо­ронд яг юу болсныг нарийн мэдэхгүй байна. Саяхан
би зурагтаар Из­раи­лийн Ерөнхий сай­дын ярилцлагыг үзлээ. Сэтгүүлч түүнээс
АНУ-ийн Обама та хоёрын харилцаа яаж байна. Таны утсыг сүүлийн үед Обама
авахгүй байна гэсэн гэж асуухад тэр хүн “АНУ, Израиль хоёрын чин зорилго нэг.
Нэг зо­рилготой, нэг ажил хийж байгаа хүмүүсийн хоо­ронд гэр бүлийн хүмүүс шиг
цай тойрсон маргаан байдаг.  Тийм л зүйл
болж байгаа. Бид хоёр дуртай үедээ утсаар ярьдаг” гэж хэлж байсан. Бодь груп­пийг
үүсгэн байгуулж бай­хад бидний тавьж байсан зорилт хэвээрээ байна уу, хэвээрээ
л байна. Бид ядуу орны чинээлэг хү­мүүс байхын төлөө яваа­гүй. Бид чинээлэг
улсын дундаж иргэн байхыг хүс­дэг. Бодь группийн эх­лүүлсэн олон ажил бусад бүх
компаниудад соёл болж түгсэн. Ажил хийж байгаа хүмүүст яриа хөөрөө үүсч л
таарна. Огт ажил хийдэггүй хүнд ярих юм юу ч олдохгүй шүү дээ.

-“Голомт” банкны хувьд ямар нэгэн са­вал­гаа үүсэхгүй гэж бат­тай
хэлж чадах уу?

-Ямар ч банк байна, эзэд нь хэн байна үл ха­маа­раад банк
санхүүгийн байгууллага тогтвортой  байх
хууль эрх зүйн орчин нь тогтвортой болсон. Эрх зүй нь “Голомт” бан­кийг Л.Болд,
М.Зоригт, Д.Баясгалан нарынх биш харилцагчдынх болго­чих­сон. Гагц сайн муу
менежментийн тухай асуу­дал л яригдана. Гэх­дээ менежментийн баг нь хамгийн
чадварлаг гэдгийг хэлмээр байна.

-Өмч хувааснаас хойш та бүхний харил­цаа ямар байна?

-Бид байдгаараа л байна. Чуулганы хурал­даа­ны үеэр Болд ах
бид нар байнга л харьцаж байна. Баясаа бид хоёр ч уулзаж л байгаа. Юу нь
болохгүй гэж.

-Д.Баясгалан “Го­ломт” банкаар их хэм­жээний мөнгө угаадаг
байсан. Хууль бус олон үйлдлийг 1.2 сая ха­рил­цагчийнхаа итгэ­лийг эв­дэж
хийсэн учраас үүс­гэн байгуулагчдын дунд маргаан үүссэн гэх мэдээлэл байна.
Үнэн үү?

-Монгол Улс хөгжлийг зорьж байвал банк, сан­хүүгийн
байгууллага тогт­вортой байх ёстой. Төр банк санхүүгийн байгуул­лагыг сайн
дэмжихийн зэрэгцээ, түүн шигээ тас­ралтгүй чанд хяналтыг хийж байх ёстой. Хянал­тын
систем бүх зүйл нь байгаа. Хянадаг хүмүү­сээс мөнгө угаасан гэдэг үг гараагүй
тохиолдолд тийм зүйл байхгүй л гэж ойлгох ёстой. 

-Мөнгө угаасан уч­раас олон улсын Ауди­тын шалгалт оруулсан
юм биш үү?

-Жил бүр л шалгалт хийлгэдэг. Хүсвэл дахиад шалгалт хийлгэсэн
ч бол­но. Болдог процесс болд­гоороо л болсон байсан.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Хавдрын эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна

“Хавдар
судлалын энэ хэдэн эмчийг хара­хаар өрөвдмөөр ч юм шиг, бахархмаар ч юм шиг.
Гайхамшигтай улс гэхээс өөр хэлэх үг өвөөд нь алга даа. Өвөө нь өчиг­дөр 30
грамм ус уусан. Өнөөдөр 60 граммыг уулаа. Маргааш 100 грамм. Амьд яваа на­сан­даа
усыг ийм амттай бай­даг гэж мэдрээгүй явжээ. Хорь хоногийн өмнө хоёрын хоёр
эрхтнээ хав­дартай гэж сонсоод шаналж суусан хүн чинь өнөөдөр хоол иднэ гэж
яриад сууж байна шүү дээ” гэж  ярих
Далантай гуай 66 настай. Бидэнтэй ярьж эхлэхэд нүдэнд нь нулимс цийлэгнэж байс­наа
сүүлдээ хацрыг нь даган урсаж эхлэв.

Далантай гуай ходоод, улаан хоолойн залгаа хэсэгтээ хавдартай
гэсэн оноштой ир­жээ. Арваад хоног юу ч идээгүй гэнэ. Манай сонин энэ удаагийн өдрийн
сурвалжлагаа Хавдар судлалын үндэсний төвөөс бэлдсэн юм. Далантай гуай бидний уулзсан
анхны өвчтөн. Үүдээр нь ороход л дүүрэн хүн угтав. Үзүүлэх дугаараа хүлээж байгаа
бололтой. Бидний зорьж очсон газар мэс заслын тасаг. Хорт  хавдартай гэсэн онош сонссон хүмүүс энд ха­галгаа
хийлгэдэг. Үүдээр нь мөн л дүүрэн хүн. Биднийг тэнд байх дөрвөн цагийн хугацаанд
үүдэнд нь  суух хүмүүсийн тоо нэмэгдсэн үү
гэхээс хасаг­даа­гүй. Эмчийг ийш тийш ява­хад өвчтэй хүнийхээ талаар ганц, хоёр
үг ч болтугай солих гэсэн хүмүүс ч нэлээд хараг­дана. Зарим нь бараг л үүдний сууд­лаас
босохгүй, тэндээ хооллож, дотор байгаа хүний­хээ биеийг асууж, өчнөөн ца­гаар суудаг
нь илт.

Үүдэнд суух нэг бүсгүйгээс эмч нараас хүн байгаа эсэхийг лавлахад
“Сая Эрдэнэ-Очир эмч харагдсан. Их сайн эмч. Өрөө нь тэр байна” гэж зааж өгөв. Хавдар
судлалын үндэс­ний төвийн Мэс заслын клини­кийн удирдагч гэсэн хаягтай өрөө рүү
яваад орлоо. Я.Эр­дэнэ-Очир эмч саяхан хагал­гаанаас гарч ирсэн бололтой, хагалгааныхаа
хувцастай сууж байв. Биднийг очихын өмнө ходоодны хавдрын хагалгаанд ороод гарч
иржээ. Залгуулаад өөр эмч улаан хоолойн хавд­рын хагалгаанд орсон гэнэ.  Гарч ирэхээр нь Я.Эрдэнэ-Очир эмч дахиад хагалгаанд
орох юм байна. “Хагалгаанд орох хүн их байгаа ч ганцхан өрөөтэй боло­хоор ээлжлэхээс
өөр арга бай­даггүй. Манай төв чинь дөрвөн тасагтай. Дөрвүүлээ тус тусдаа нэг нэг
л хагалгааны өрөөтэй. Өмнө нь хоёр байсныг харин ч тохижуулж байгаад дөрөв болгосон
юм” хэмээн яриад “Хагалгаанаас өмнө ам­жуу­лаад 
хэдэн үг сольё. Надад тэрнээс өмнө ч хийх ажил бай­на” гэж хэлээд хагал­гааны
хувцсаа солив.

Үүдэнд суугаа бүсгүй “Эр­дэнэ-Очир эмчийг хүмүүс хо­доо­дондоо
мундаг  гэж ярьдаг юм билээ” гэсэн учраас
ходоод­ны хорт хавдрын өвчлөл хэр байгааг сонирхлоо. Зөвхөн ходоодны хавдрын  хагалгааг гэхэд л долоо хоногт 15-20 орчим хүнд
хийдэг гэнэ. “Хо­доодны хавдар өндөр байгаа. Өчигдөр үзлэг хийхэд  60 орчим хүн хагалгааны хуваарь хү­лээгээд сууж
байна. Цаана нь шинжилгээний бичиг энэ тэрээ 
бүрдүүлж байгаа хичнээн хүн бийг мэдэх аргагүй шүү дээ” гэж байна. Улсын
хэмжээнд жилдээ 700 орчим хүн ходоодны хавд­рын шинэ бүртгэлд бүртгэгддэг гэнэ.
500 орчим нь хавдар судлалын төвд хандаж, 400 орчим нь хагалгаанд ордог байна. Зөвхөн
ходоодны хав­дар дээр гэж ярихад их өндөр тоонуудыг Эрдэнэ-Очир эмч хэлж байв.

Сүүлийн үед ходоодны хавд­­раар хандаж байгаа өвч­төнүүдийнх дийлэнх
нь хүндэр­сэн хойноо буюу гурав, дөрөв­дүгээр үедээ ирж байгаа аж. Я.Эрдэнэ-Очир
эмч “Зарим үед бүр тав, зургадугаар үе гэж байдаг бол тэр шатандаа хүр­сэн байх
гэмээр хүндэрсэн хойноо ирдэг” гэж толгой сэгсэрч байв.

“Хавдраа хүндрүүлэхгүй эрт илрүүлэх арга бол жил бүр урьдчилан
сэргийлэх үзлэгт хамрагдах. Ходоодны хавдар гэхэд л хожимдсон, хүндэрсэн үедээ л
шинж тэмдэг нь илэрдэг” гэж тэрээр ярьж байлаа. 
Я.Эр­дэнэ-Очир эмчээс нэг сонин статистик сонсов. Манай улсын эрчүүд  хавдрын өвчлөлөөрөө дэлхийд хоёрт, харин бүсгүй­чүүд
дэлхийд гу­равт жагсдаг юм байна. Хавд­рын өвчлөл 2007 оноос хойш эрс өсөөд явчихсан
гэнэ. Ар­ваад жилийн өмнө  бол хав­дартай
хүн ховор байжээ.

Ходоодны хорт хавдрын өвчлөл элэгний хавдрын дараа ордог байна.
Улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөхний хорт хавдрууд эдний араас жагсдаг
гэж эмч нар онцолдог. 

Хавдар судлалын үндэсний төв саяхан ХААН банктай хам­тарч  21 аймагт хавдрын үзлэг хийж 1000 орчим эрт үеийн
хавдар илрүүлжээ. Бүр Хөвс­гөлд байдаг гэр бүлийн залуус хоёулаа ходоодны хорт хав­дар­тай
байсан нь илэрчээ. Азаар тэдний хавдар нэгдүгээр үедээ байж. Одоо эмчлүүлээд эмчтэйгээ
байнгын холбоотой, сайхан амьдарцгааж байгаа гэнэ. Хавдраар өвчилсөн хү­мүү­сийн
насыг тандахаар 50-65 насныхан нэлээд байдаг 
гэж Я.Эрдэнэ-Очир эмч ярьж бай­лаа. Наяас дээш  гарсан хүн хавдраар өвчилсөн тохиолдол бараг л
ажиглагдаагүй гэнэ.

Хүмүүс  өвчнөө хүндрүүлж
ирээд байгаагийн нэг гол шалт­гаан нь  бөө,
лам нар гэж  Я.Эр­дэнэ-Очир эмч  онцлов. Лам, бөө гэсээр байгаад өвчнөө хүндрүүлж
хагалгаанд орс­ныхоо дараа ч мэргэн түргэн хүмүүстээ хир халдаадаггүй гэнэ. Орой
болохоор будаа  цацах, арц уугиулах гэх мэтээр
тэрүүхэндээ ёслол хийгээд унадаг  аж.

Эмчээс  нэг гэгээтэй мэдээ
сонсов. Гурав, дөрөвдүгээр үед орсон хэрнээ эмчилгээ хийл­гээд сайхан амьдарч яваа
хүн тоолшгүй олон гэнэ.  “Манай мэс заслын
эмч нарт  хийж чадахгүй хоёр төрлийн л мэс
ажилбар бий. Бусдыг нь бид өөрсдөө эндээ хийж бүрэн чадна. Гадагшаа эмчлүүлнэ гэж
гүйх шаардлага огт байхгүй” гэж тэрээр ярилаа. 

Дууны эрхтэн  буюу хоолойг
хавдартай үед авахаас аргагүй байдаг бололтой. Ярихыг хүс­сэн хүмүүс хоолойндоо
дуу сэргээх аппарат маягийн юм тавьдаг аж. Тэрийг тавих мэс засал хийлгэх хүсэлтэй
хүмүүс гадагшаа явдаг юм  байна. Аппарат нь
байвал хийдэг мэс ажилбар нь тийм хэцүү  эд
биш гэнэ. Хиймэл эрхтэн хийлгэх улс бас гадагшаа явдаг байна. Өмнө нь энэ хоёроос
гадна нойр булчирхайн толгой хэс­гийн хавдрыг авах мэс ажил­барыг манайд хийдэггүй
байж. Харин одоо бол дотооддоо хийдэг болчихож. Гурван жи­лийн хугацаанд зуу гаруй
хүнд хийж, үр дүнгээ тайлагнаж байж хийх боломжгүй мэс заслаас хасуулжээ.

 Хавдрын мэс засалчид  ходоодны хавдартаа  л мэргэш­сэн гээд байдаггүй, ямар ч эрхтний хавдрын
хагалгааг хийдэг юм билээ.  “Ганц  ходоод гэхгүй, таваас долоон эрхтэн тайрах үе
ч гардаг. Нээгээд үзсэний дараа нөгөө эрхтэнд үүссэн цус шүүрч байгаа хавд­рыг дараа
больё гээд хаахгүй шүү дээ. Авч таарна. Цоорсон хавдар байгаад идсэн хоол нь хэвлийгээр
нь  тарсан бол яах юм. Яаж ийж байгаад л авна”
хэмээн Я.Эрдэнэ-Очир эмч  яриад цагаа харав.
Дараагийн ажилдаа яарч байгаа нь илт.

Ярианыхаа төгсгөлд “Ийм хүнд ажил хийдэг эмч нарын цалин хэд байдаг
юм бол” гэж асуулаа. “Би эдэн дундаа нэ­лээд нэмэгдэлтэйгээр хамгийн өндөр цалинг
нь авдаг хүн.  Миний сарын цалин 870 мянган
төгрөг” гэж байна. Сүүлийн үед байгуулагдаж байгаа хувийн эмнэлгүүд улсын эмнэлгийн
аль сайн эмч нарыг түүгээд эхэлжээ. Өндөр цалин ам­лахаар сонголт хийхэд ч хэцүү
биш байдаг бололтой. “Танд ажиллах санал ирсэн үү” гэхэд толгой дохиж байна. “Та
тэгээд яая гэж бодож байна” гэхэд “Энэ янзаараа бол багаа аваад явна. Ер нь тэгээд
амьдралаа бодох цаг ирсэн гэж боддог. Ерээд оны хэцүү үеэс өнөөдрийг хүртэл бидний
үеийн ажилдаа дуртай  хүмүүс эрүүл мэндийн
салбарыг энэ дайтай авч ирсэн. Би үеийн эмч нараа баатрууд гэж боддог юм” гэснээр
бидний яриа дууслаа.  

Бас нэг зүйл хэлэхэд сүү­лийн үед аль болох илүү цагаар ажиллуулахгүй
байх чиг ирээд байгаа гэнэ. Өвчтөний ачаал­лаа дийлэхгүй байхад  ийм сануулга ирээд байгаа нь хө­рөн­гө төсөвтэй
холбоотой бо­лолтой. Цаанаасаа тэгж хэлсэн гээд цагтаа тараад явчихаж чаддаггүй
нь эмч нар, өвч­төнүүдийн  ярианаас илт ан­заа­рагдсан.
Өвчтнүүд хүнд­рэхээрээ л эмчээ дуудна, тэр тоолонд нь л ирчихсэн явж байдаг гэсэн.  

Эмчийн өрөөнөөс гараад зөвшөөрөл авч хэд хэдэн өрөө­гөөр орлоо.
Эхний орсон өрөөнд үүдэнд таарсан бүсгүй сууж байна.  Ээжийгээ сахиж байгаа гэнэ. Хажууд нь ярихгүй
гээд тусдаа ярих юм болов. Ээжийнх нь ходоод өнгөрсөн зунаас  эвгүйрхээд үзүүлтэл хавдрын эцсийн шатандаа орсон,
хавдар үсэрхийлсэн гэх онош сонсчээ. Бээжин рүү хоёр, Япон руу хоёр удаа  явж шинж­лүүлжээ. Сүүлдээ хориод лам, тав зургаан
бөөд үзүүлж. Нө­гөөдүүл нь хорт хавдар биш, хагалгаанд орж болохгүй  гэж баахан хугацаа алдуулжээ. Тэгээд л хагалгаанд
орж. Бүх эрхтэнд үсэрхийлсэн байсан болохоор 
нээгээд л хаажээ. Гурван сарын нас үлдсэн гэж хэлжээ. Хавдар нь үсэрхийлсэн
хүмүүст химийн эмчилгээ хий­дэг ч энэ удаа тэгж зовоох  хэрэггүй гэж эмч нь зөвлөсөн гэнэ. Ээждээ хавдрынх
нь талыг авсан гэж хэлсэн учраас тусдаа ярья гээд байж.  “Хавдраа ава­хуул­сан хүмүүс нүдэн дээр л сэргээд
ирдэг юм байна.  Эр­дэнэ-Очир эмч ээжтэй яг
л тэр  хүмүүстэй адил харилцаж амьд­­рах урам
өгч байгаа. Бу­сад хүмүүстэй адил эмчилгээ хийж, удахгүй эдгэнэ гээд бай­хаар хүн
их сэргэдэг юм байна. Одоо ээж амьдрахын төлөө зүтгэж байгаа. Ээж шиг минь ямар
ч найдваргүй болсон хүмүүс их байдаг юм байна. Ходоод өвдөөд байвал үзүүлэх ёстой
гэдгийг энд ирээд ойл­голоо. Уг  нь доод давхарт
гучин насандаа тийм шинжилгээ, дөчтэйдөө ийм шинжилгээ өгөх ёстой гээд бичиг хадчихсан
байна лээ. Эндэхийн эмч нар ямар хэцүү нөхцөлд хэчнээн мундаг ажил­ладгийг энд хэвтэж
эмчлүүлсэн хүмүүс л мэдэрдэг юм байна” гэж бүсгүй ярив. Стрессээс болж ходоодны
хорт хавдар туссан хүмүүс нэлээд байдаг бололтой. Эмч нар өвчтнүүдэд хятад жимс
идэхгүй байхыг зөвлөдөг аж.

Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын тасагт хэвтэж байгаа
хүмүүсийн дунд залуу хүмүүс  ч цөөнгүй хараг­даж
байв. Энд хэвтэж байгаа 29 настай бүсгүй гэхэд л ходоодоо авхуулах  мэс засал хийлгэжээ.  Аав нь дөрвөн сартай хүүхдийг нь хөхнөөс нь хүчээр
гаргаж хөдөө аваад явжээ. Ээж нь охиноо сахиж байгаа гэнэ. Жирэмсэн байхад нь хавдар
нь идэвхжсэн аж. Ийм тохиолдол мэр сэр гардаг юм  байна.

Дараагийн өрөөнд ороод ярилцсан хүн маань Я.Дагий­бал гуай.  Хөхний хавдрын нэгдүгээр шатандаа ирж хагал­гаа
хийлгэжээ. Усанд орж бай­гаад тэмтэрч үзээд сэжигтэй санагдахаар нь эмнэлэгт ханд­сан  гэнэ. Дагийбал гуайн өрөө­нөөс гарч яваад Баян-Өлгий­гөөс
эхнэрээ эмчлүүлэхээр ирсэн Көчершин гэдэг хүнтэй таарав. Эхнэр нь ходоод арван хоёр
нугалаа гэдэсний завсраа хавдартай ирээд хагалгаанд оржээ. Тэрээр “Би ийм олон хүн
хавдартай байдаг гэж огт бо­доогүй. Бидний гол алдаа юу гээч. Санаанаасаа онош та­виад
тэрэндээ итгээд яваад байдаг. Эхнэрээ анх хавдартай гэхээр нь их айсан.  Гэтэл боломж байдаг юм байна. Манай эмч нар мундаг
юм байна. Хүн үхээд дараа төрөл олно гэдэг дээ. Тэгдэг эсэхийг мэдэхгүй. Харин энэ
насандаа үхээд дахин амьдарч байгаа мэт мэдрэмжийг үхлийн өмнө ирчихээд эрүүл болохдоо
мэ­дэр­дэг. Тийм мэдрэмжийг энэ хүмүүс өгч чадаж байна. Уулз­сан хүн бүрдээ л хавдраас
битгий айгаарай, манай эмч нар мундаг юм байна гэж хэл­мээр санагдаад байгаа.   Ах нь эхнэртээ сэтгэлийг нь зовоохгүй гээд хавдартай
гэж хэлээгүй. Шархлаа үүсээд дөнгөж хавдар болох гэж байж гэчихсэн. Одоо дажгүй
болсон юм чинь заавал тийм айхтар зүйл хэлж үйм­рүүлээд яахав” гээд биднийг эхнэрийнхээ
хэвтэж байгаа өрөөнд дагуулж оров. Эхнэр нь дусал залгуулчихсан инээмсэг­лээд хэвтэж
байв. Маулия гэж өөрийгөө танилцуулсан эмэг­тэйн бие эрс сайжирсан нь царайнаас
нь илт анзаарагдаж байлаа.

Дөнгөж хагалгаанаас га­раад хэвтдэг өрөөнд  50-60 насны дөрвөн хүн хэвтэж бай­на. “Үүнээс
олон ортой бол хагалгааныхаа тоог нэммээр л байна” гэж Я.Эрдэнэ-Очир эмч ярьж байсан.
Тоног төхөө­рөмжийн шинэчлэл, бага төс­вөөс 
эхлээд асуудал ихтэй Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал ийм, өвчтөнүүд
нь ийм сэтгэгдэлтэй  байна.  Төсөв гэснээс 
хавдрын хагал­гаа өртөг өндөртэй, нэг хагал­гаа гэхэд л цөсний зуун хагал­гааны
зардлаар бүтдэг юм билээ. 

 Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Зээлжих зэрэглэл Монголыг долларгүй болгох нь

“Мoodys” энэ оны дө­рөв­дүгээр сард
анхаарал татахаар нэг мэдэгдэл хийснийг бидний олонх нь анзаараагүй. Гаргасан үнэлгээ,
хэлсэн сануулга бүрийг нь дэлхийн мөн­гөтэй эрхмүүд анзаарч сонсдог энэ байгууллага  “Ирж буй 12-18 сарын хугацаанд Монголын сан­хүүгийн
систем муудах эрсдэлтэй” гэж зарлаж байв. Өнгөрсөн хавар ингэж зарласан гэхээр ирэх
хавраас байдал эвгүй­дэж магадгүй гэсэн үг. “Мoodys”-ийн үнэл­гээгээр Засгийн зээлжих
зэрэглэл өнөөдөртөө B1 байгаа. Өнөөдөртөө гэдэг нь учиртай. Үнэлгээний байгууллагууд
нөхцөл байдал өөрчлөгдөнгүүт дахин үнэлгээ хийж, зэ­рэг­лэлээ шинэчилдэг.  B1  бол
ерөнхийдөө муудаж байна гэсэн үг. ААА, ВВВ бол хөрөнгө оруулахад боломжийн улсуудад
өгдөг үнэлгээ. ААА бол бүр сайн. BBB, BB гээд уруудаж явсаар  B1 дээр ирнэ гээд бодохоор санаа амрахаар үзүүлэлт
биш л дээ. Үнэлгээний байгууллагууд өнөөд­рийн байгаа байдал, хэтийн төлөв гэсэн
хоёр төрлийн үнэлгээг Засгийн газар болон компаниу­дад өгдөг. B1  гээд байгаа нь  Монголын засаг хэр байсны үнэлгээ. Хэтийн төлөв
дээр сайн дүн тавиагүйг дээр хэлсэн.  “Мoody\’s”
Хонконгийн хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгосон “Mongolian mining cor­poration”-ийн
зээлжих зэрэглэлийг бууруулж, Caa2 гэсэн ангилалд багтаасан гэх мэдээлэл саяхнаас  хэвлэлээр цацагдаж байна. Хөрөнгө оруулагчдын
хувьд аль эрт сонссон мэдээ л дээ. Үнэлгээг нь бууруулсан шалтгаанаа “2013 оны хоёрдугаар
хагас болон 2014 онд “Mongolian Mining Cor­poration”-ийн бэлэн мөнгөний тэнцэл зээлтэй
холбоотой шаардлагуудыг биелүүлэх хэмжээнд хүрэхээргүй байна” гэж тайлбарлажээ.

“Mongolian Mining Corporation”-д өгөөд
буй Caa2  гэсэн үнэлгээг  энгийнээр 
эрсдэлтэй гээд ойлгочихож болно. Гаргасан бонд нь үнэ цэнэгүй болсон гэсэн
үг. Энэ компанид итгэж мөнгөө зээлж болохгүй шүү гэсэн дохиог хөрөнгө оруулагчдад
өгч байгаа хэрэг. Харин эсрэгээрээ  үнэлгээ
сайн гарвал нөхцөл сайтай зээл олдох магадлал өндөрсдөг. 

Аль нэг компани, Засгийн газруудын
зээл авч, зээлээ эргүүлж төлөх чадварыг л зээлжих зэрэглэл гээд байгаа юм.

Энэ үнэлгээг голчилж хийдэг,  дэлхийн үнэлгээний зах зээл дээр  монополь байр суурьтай  гурван бай­гууллагын нэг нь “Мoody\’s”.  Нөгөө хоёр нь Standrad&Poor\’s,  FitchRatings. 
Энэ гурвын үнэлгээ ер нь дөхүү гардаг. Тэгэхээр манай үнэлгээ тийм ч сайн
биш гэсэн үг. Хөрөнгө оруулагчид бонд гаргаж байгаа компани, Засгийн газарт итгэж
мөнгөө оруулах эсэхээ эдний үнэлгээг харж байж шийддэг. Сая  үнэлгээ нь буурдаг “Mongolian mining
corporation” гэхэд л өнгөрсөн оны гуравдугаар сард 600 орчим сая ам.долларын бондыг
8.7 хувийн хүүтэйгээр  таван жилийн хугацаатайгаар  гаргаж байв. Тэр үед “Mongolian mining
corporation”-д Standrad & Poor\’s B+, Moody\’s B1 гэсэн үнэлгээ өгч байсан юм.
Тодруулж хэлбэл үнэлгээ тогтоодог аваргууд мөнгө зээлж болно гэсэн дохиог  хөрөнгө оруулагчдад өгсөн хэрэг.  Харин одоо бол “эдэнд мөнгөө өгч болохгүй шүү”
гэчихлээ. Цаашлаад Засгийн газрын зээлжих зэрэглэл буурах, хөрөнгө оруулагчдын мөнгө
буюу долларын урсгал хаагдах эрсдэл өндөр байгаа гэж  судлаачид сануулж байна. Ямар эрсдэл байгааг бичихийн
өмнө “Мoodys” тэргүүтэй үнэлгээний аваргууд зэрэглэл тогтоохдоо яаж ажилладгийг
сонирхуулъя. Мэдээж олон шалгуур үзүүлэлтийг харж таарна. Тэр дундаа эрсдлийн үнэлгээг
маш нарийн явуулна. Нөхцөл байдлыг ихэвчлэн 
the worst case scenario буюу хамгийн муу тохиолдолд гэсэн байр сууринаас
авч үздэг. Үнэлгээг улс орны онцлог, салбарын эрсдэл, бизнесийн эрсдэл, санхүүгийн
эрсдэл гэсэн ерөнхий чигийг барьж тогтоодог.  

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ДУРГҮЙ САЙД 

 

“Мoody\’s” тэргүүнтнүүд гадаа­дын хөрөнгө
оруулалтын со­нирхлыг хамгаалж, урьдчилан анхааруулга өгөх үүрэгтэй ажил­ладаг.
Манайд хоёр гол асуудал бий гэж шинжээчид хэлдэг. Эхнийх нь өрийн огцом өсөлт, хоёр
дахь нь гадаадын хөрөнгө оруулалтдаа хандаж буй хандлага. Хөрөнгө оруулалтын орчныг
эхлээд онцолъё. Сүүлийн үед гадны улсуудад Монголд хөрөнгө оруулах сонирхолтой эрхмүүдийг
цуглуулж, Монголын төрийг төлөөлсөн эрхмүүд 
хөрөнгө оруулалтын таатай орчин  амлаж
байгаа нь олзуурхууштай. Гэхдээ дэлхийн уул уурхайн акулуудын нэг, дэлхийн хэмжээний
стандарт мөрддөг “Рио”-той ясаа цайтал үзэлцэнэ гэж ярьдаг Уул уурхайн сайдтай Монголд
хөрөнгө оруулагчид шууд ороод ирнэ гэхэд хэцүү. Баттай хэлэх зүйл гэвэл  “Энэ хүнийг сайд байх үед лав мөнгөө оруулахгүй”
гэж хөрөнгө оруу­лагчид өөр зуураа ярьдаг. Саяхан Сингапурт болсон Монголын хөрөнгө
оруулалтын  чуулга дээр Оюу толгойн гүйцэтгэх
захирал Грэйг Киннел төслийнхөө хоёр дахь санхүүжилт хэзээ ший­дэгдэхийг мэдэхгүй
гэж хариулна лээ. Цаг хугацааны шалгуур давсан, хүчирхэг түншлэл бий болж байж Оюу
толгой ашгаа өгнө гэж хөрөнгө оруулагчдад хэл­чихээд гарч явсаныг хэвлэлээс харчихаж
болно.   Грэйг Киннелийн хэлсэн шиг хүчирхэг
түншлэл өнөөдрийн хувьд лав байхгүй. Засаг, Рио хоёр хэлэлцээрийн ширээний ард Улаанбаатар,
Лондонг хэсч хэдэнтээ суугаад ч гавьтай шийдэлд хүрээгүй. Салбарын сайд нь Оюу толгой
гэдэг том төсөлдөө дургүй янзаараа. Хонконгийн хөрөнгийн биржээс мөнгө босгож уул
уурхай хөгжөөгүй Ховдын хязгаарт зам, уурхай барьж мөнгөө зарлагадсан  “Мо Эн Ко” байна. Стратегид оруулж ч магадгүй
гэж айлгаад бүх ажлыг нь зогсоочихсон.

Өнөөдөр яахаа мэдэхгүй хэдэн хүн  уурхай дээрээ биш, оффистоо сууцгааж байна. Сая
гэхэд л УИХ-ын хэдэн гишүүн нь занар дээр баахан мөнгө оруулчихсан Амери­кийн “Жени
ойл”-ийг гайхашралд унагачихсан. Занараа ашиглана гэж баахан хайгуул хийлгэж мөнгийг
нь үрчихээд “Ерөөсөө занараа  боловсруула­хаа
боли­лоо” гэж байх жишээний. Газрын ховор элементийн хайгуулд бас хэд хэдэн гадны
компани оруулж ирж мөнгийг нь үрүүлчихээд стратегид оруулна, тэгж байж ашиглах эсэхээ
шийднэ гэчихэж байгаа юм.  Хөрөнгө оруулалтын
орчин дээр энэ мэт таагүй жишээ ярья гэвэл өчнөөн баримт бий. Хөрөнгө оруулагчдад
итгэл төрүүлье гэвэл ядаж л гаргасан алдаануудаа засмаар байна.

Зээлжих зэрэглэл дээр Монгол тааруухан
дүн аваад байгаа нь  саяхны нөлөөлөл биш.
Өнгөрсөн оны тавдугаар сард Стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах
тухай гэсэн нэртэй хууль гаргаж, хазгай гишгэж эхэлснээс үүдэлтэй.           Хөрөнгө оруулагчид таатай орчны дараа
дэд бүтцийн хөгжлийг хардаг. Баялгаараа мөнгө олох манайх шиг улс  баялгаа зөөгөөд гаргах төмөр замтай бол тэдэнд
өөр харагдана. Хувийн хэвшлийнхэн нэг хэсэг 
Хятад руу хөрөнгөөрөө төмөр зам тавихаар 
идэвхтэй ярьж байсан ч төр дундуур нь ороод юу ч үгүй болгосон. Үр дүнд нь
өнөөдөр өргөн, нарийн  аль ч цариггүй сууж
байгаа. Төрөөс болсон жишээ гэвэл бас л  өчнөөн
бий. Ингэсгээд орхиё.

МОНГОЛ ӨРӨНД ДҮҮЖЛЭГДЭХ ҮҮ?

Зээл өгч болохгүй улс шүү гэсэн анхааруулгыг
авах дөхөөд буй өөр нэг шалтгаан нь гадаад өр. Казинод донтсон нөхөр байдаг даа.
Улайрчихаараа өөрийгөө нь тавиад тоглочихож мэдэхээр тийм донтой нөхдийг Лас Вегасаас
өчнөөнөөр нь харж болно. Яг ийм дон  манай
засгаас харагдаад байна. Хөгжлийн банкны бонд, Чингис бондыг гаргаж олсон  хоёр тэрбум орчим ам.доллараа үрж өгч байгаа.
Одоо  Самурай бонд гаргана гэцгээж буй. Төсвийн
тогтвортой байдлын хуулиар бол засгийн өр ДНБ-ий 40 хувиас хэтэрч болохгүй. Гэтэл
манай өр 2012 оны байдлаар гэхэд л ДНБ-ий 63 хувьд хүрсэн гэх статистик бий. Энэ
оны хувьд өнгөрсөн жилийнхээс өндөр, дараа жилийнх бүр өндөр гарна. Өрийн хямралд
орсон улсуудын жишээг эргэн харцгаая.

Оросын 1998 оны өрийн хямрал байна.
Өр нь  ДНБ-ий 50 хувь хүрснээс болж хямрал
эхэлж байсан. Аргентиний 2000 оны хямрал гэхэд л өрийн хэмжээ нь ДНБ-ийх нь 55 хувьд
хүрсэнээс үүдэлтэй.   Монгол  Улс  өрөндөө
дүүжлэгдэх эрсдэл өндөр бий гэж эдийн засагчид хэлж байна.

Байдал ийм байхад дахиж бонд гаргах
амар биш. Ирэх жилийн хувьд бонд гаргах ямар ч боломж харагдахгүй байна. Өнөөдөр
үүсчихээд буй байдал   арай эерэг болсон хойно,
зээлжих зэрэглэл ахиж, Оюу толгой урагшилсны дараа  “Чингис” бондынхоо үлдсэнийг авна, самурай бонд
гаргана гэж яривал өөр хэрэг. 

Баялгийн хараалыг тун  энгийнээр тайлбарлавал  баялгаа эдийн засгийн хөгжил, иргэдийнхээ амьжиргааг
сайжруулахад ашиглаж чадахгүй будилаад буйг 
хэлээд байгаа юм. Баялгийн хараалын  
эдийн засагт сөргөөр нөлөөлж болох сувгийн нэг нь өрөндөө дүүжлэгдэх гэж
эдийн засагчид хэлдэг. Өрийн  хямралд орсон
улсуудын жишээг харахад Монгол гэдэг улс өрөндөө дүүжлэгдэхэд тун ойрхон иржээ гээд
дүгнэчихэд нэг их хол зөрөхөөргүй байна.

Одоо нэг л гарц бий. Тэр нь хөрөнгө
оруулалтыг татаж, наашаа орж ирэх долларын урсгалаа нэмэгдүүлэх. Хөрөнгө оруулалт
ойрын үед шууд нэмэгдэхгүй байх эрсдэл, бодит байдлыг өмнө тайлбарласан. Өөр бэрхшээл
ч бий. Өмнө нь сайдын хандлага энэ тэр гээд дотоод шалтгаанууд тооч­сон бол гадаад
шалтгаан гэж айхав­тар юм бас байна. Сүүлийн үед Евро бүсийн хямрал намжих тал руугаа
орж, хөгжилтэй ул­суудын эдийн засаг сэргэж эхэлсэн. Ийм шалтгаанаар хөрөнгө оруулагчид
өнөөдрийг  хөгжилтэй улсуудад хөрөнгө оруулахад
хамгийн сайн үе гэж онцолж байгаа юм билээ. Мөнгөтэй эрхмүүд ши­нээр гарч ирж буй
зах зээлээс хөгжилтэй орны зах зээл рүү “ур­ваад” эхэлчихэж. Харин хамгийн ашигтай
төслүүдээ эхэлж санхүү­жүүлж, ядаж л урагшаагаа шууд гардаг төмөр замтай болж, цахил­гаан
станц энэ тэрээ барьчихвал  хөрөнгө  оруулагчид биднийг арай   өөрөөр харж эхэлнэ.                                                                                   

МУИС-ийн эдийн засгийн сургуулийн
багш, доктор Б.Эрдэнэбат “Эдийн засгийн тооцоо судалгаа хийх чадвараараа манай улс
дэлхийн 196  улсаас 161-д жагссан. Гэтэл бид
түүхэндээ хамгийн чухал шийдвэрүүдээ өнөөдөр гаргаж байна. Тэгэхээр чадавхиа сайжруулахад
анхаарах цаг яах аргагүй ирсэн” хэмээн ярилаа. Бас л анхаарахаар өнцөг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Б.Мөнхдорж: Би хүүхдээр бизнес хиймээргүй байна

Төрийн шагналт, ардын жүжигчин,
найруулагч Б.Мөнх­доржтой ярилцлаа.

-Та “Хөх гацуурхан” теат­раа жилийн
өмнө бай­гуулсан байх аа. Уран бү­тээл нь овоо жигдэрч эхэлж байна уу?

-“Хөх гацуурхан” театр студи гэж нэрлэгдэх
албан ёсны гэрчил­гээ авсан өдөр маань 2012 оны наймдугаар сарын 24-ний өдөр. Театрын­хаа
нээлтийг зохиолч Ц.Тү­мэн­баярын “Мөрөөдлийн үзэг” гэдэг жүжгээр өнгөрсөн жил хийсэн
юм. Үүнээс хойш нэг жил өнгөрлөө. Энэ хуга­цаанд бид дахиад юу хийхэв гэдэг асуудал
гарч ирсэн.  Бэрхшээлтэй талууд бий л дээ.
Байр байдаггүй. Тамга тэмдэг нь гар цүнхэнд явж байдаг. Байгаа газ­рынхаа коридорт
ажлаа явуулдаг. Өөрийн гэсэн тайз байхгүй учраас Хүүхдийн ордон, Улаан­баатар чуулга
гэсэн газруудаар тоглолт хийдэг. Энэ газрууд бидэнд сайхан хандаж дэмжиж, бидний
үйл ажилд тусалж байдагт талар­хаж явдаг. Энэ жил хүүх­дүүдийн сайн мэдэх “Чоно
ба долоон ишиг” үлгэрээр Мэнд­сайхан гэдэг жүжгийн зо­хиолчоор жүжиг бичүүлж хүүх­дийн
жүжиг тавилаа. Өн­гөрсөн ням гаригт анхныхаа тоглолтыг хийлээ. Байр сав­гүй учраас
цугларсан газар­таа суургуулилтаа хийж энэ жүжгээ гаргалаа. Жүжгээ Хүүх­дийн ордонд
нээсэн. Хүүхдийн ордны Нямсүрэн багштай драмын дугуй­лан­гийн хүүхдүүд энэ жүжгийн
ишигнүүдэд тоглож байгаа. Хүүх­дүүд их амжилттай оролц­сонд бас талар­хаж байна.
Ордны захиргаа бо­лон багш нарт мөн талархаж байна.

Одоо бид хоёр дахь жүж­гээ энэ сарын
30-нд Хүүхдийн ордонд нээх гэж байна. Хүүх­дийн нэрт зохиолч С.Михал­ковын “Бардам
туулай” гэдэг жүжиг. Үүнийг бид их өвөрмөц хэлбэрээр хийлээ.

-Хүүхдийн ордны тайз, үзвэ­рийн
танхим нь драм, дуулалт аль ч төрлийн жү­жиг тоглоход бололцоотой юм уу?

-Ер нь боломжийн. Гайгүй шүү.

-“Хөх гацуурхан” теат­раа байгуулахдаа
та гар­цаагүй нийг­мийн шаард­лагыг олж харсан байх. Хэдийгээр шаардлага хэ­рэгцээ
их байгаа ч болол­цоогоо та бодож үзсэн биз дээ?

-Энэ бол ерөөсөө л нийг­мийн хэрэгцээ
шаардлага. Хүүхдэд зо­риулсан уран бү­тээлийн хэрэгцээ, бүр анхаа­рал хандуулахаас
арга­гүй онцгой нөхцөл үүсчихээд бай­гаа юм. Нэгэнт зорьсон учраас ирээ­дүй гарцаагүй
сайхнаар босох ёстой.

-Урын сангийн бодлого  ямархуу чигтэй байгаа вэ?

-Бид драмын жүжгээс гадна хүүхдийн
цуврал теле жүжгийн төрөлд хандаж бай­на. Оросын хүүхдийн зохиолч Носовын “Үл мэдэх
ба түүний нөхөд” романаар телевизийн цуврал жүжиг хийхээр бэлтгэл ажилдаа орчихоод
байна. Энэ сарын 30-ны өдөр болон арванхоёрдугаар сарын 1-нд “Бар­дам туулай”,
“Чоно ба долоон ишиг” жүжгээ тоглоно. Энэ хоорон­доо бид теле жүж­гийн бэлтгэлдээ
ороод явж байна. Цааш нь бид тав зур­га­дугаар сард “Улаан мал­гайт” гэдэг хүүхдийн
алдартай зохио­лоор жүжиг тавихаар бас бэлгэлээ хангаад явж байна. Төлөвлөж байгаа
жүж­гүүд нэлээн байна. Дунд ан­гийнханд зориулаад “Төмөр ба түүний нөхөд” зохиолоор
бас жүжиг тавихаар зохиолыг нь гаргах талаар эхний ярилц­лагаа хийлээ.

-Сонгодог юм уу үндэс­ний уламжлалт
төрөл хэл­бэрийнхээ хажуугаар орчин үе рүү хандах хандлага нь ямар байх бол?

-Орчин үе рүү хандах ханд­лага бидэнд
бий. Шинээр төрж байгаа жүжгийн зохиолчидтой ажилла­хаар ярьж байгаа юм бий. Зохио­лын
сонголт дээр бид янз бүрийн зохиол гаргаж ирж байна. Жишээ нь, сонгодгууд руугаа
нэлээн түл­хүү ханд­сан. Митерлингийн “Хөх шу­­вуу” гэдэг алдартай зохиолыг жүжгийн
зохиолын хэлбэрт оруу­лаад мөн л бэлтгэлээ хийж байна. Үлгэрийн хаан гэж ярьдаг
Евгений Шварцын “Цасан хатан” гэсэн гайхал­тай жүжгийн сонгодог зо­хиолын орчуулгыг
нь хүлээж аваад байна. Андерсений дараахь хүн шүү дээ. Эрдэнэ­билэг гэдэг хүн орчуулсан.

-Хуучны Хүүхэд залуу­чуу­дын театрын
жүжгүү­дээс эргүүлж сэргээх үү?

-Хуучны жүжгүүдийн ма­те­риа­лууд
нь одоо байхгүй. Бид өөрс­дийн гэсэн юмаа хийнэ. Өөрийн гэсэн зорилго статустай
учраас. Ирээдүйн үзэгчдийг бэлдэнэ гэдэг их том зорилго бидний өмнө байгаа юм.

-Нийгэмд амьдрах соёл, оюу­ны боловсрол
гэж хүн бүр эзэмш­вэл зохих үнэт зүйл байна. Энэ бүхнийг хүүхдийн театраас эхэл­нэ
гэж үзээд байгаа юм л даа?

-Ер нь улс орон бол эхлээд хүнээ бэлдэх
ёстой юм. Хүнээ төлөвшүүлж, ний­гэмд амьдрах зүг чиг ханд­лагыг тогтоохын тулд урла­­гаар
дамжуулж тогтоож төлөв­шүүлдэг юм. Үүнд хүүхдийн теат­рын нөлөө их. Хамгийн том
суурь нь. Ингэж XXI зуу­ныхаа үзэгчдийг бэлтгэх, тэр ертөнц рүү оруулах бэлтгэл
нь хүүхдийн театраас эхлэх ёстой юм.   

-Танд одоо ямар най­руу­лаг­чид
байна?

-Хэд хэдэн залуучууд бай­на. Дараагийн
жүжигтээ ажил­луула­хаар бэлтгэж бай­гаа найруулагч бол Амар гэж залуу байна. Өнгөр­сөн
жил “Ричард ван” жүжгээр диплом хамгаалсан. Маш сайн, со­нир­холтой уран бүтээлч.
Ма­най жүжгүүдийн орчуулга хийж байгаа Эрдэнэбилэг ч оюуны өндөр боловс­ролтой хүн.

-Хүүхэд, залуучуудын театр үзэгчдэдээ
сонгод­гоор суурийг нь тавьж дараа нь орчин үеийн төрөл хэл­бэр рүүгээ орох нь хэр
зөв бэ?

-Сонгодгоор сууриа тавих нь хамгийн
зөв. Сонгодог дотроо бүр үндэсний сонго­дог дээр, үндэсний үлгэр домгууд дээр суурилах
юм бол нэгдүгээрт, хүүхдэд үн­дэс­ний үзлийг төлөвшүүлэх, үндсээ мэдэх, эх хэлээ
таних бололцоог нээж өгч байгаа юм. Ер нь театрын нэг зорил­го нь энэ. Аль ч улс
оронд эх хэлээ театраас сонсч байдаг. Үндэсний хэлийг үндэсний жүжгийн зохиолуудаар
хүүх­дүү­дэд хүргэж байж эх хэлээ таньж мэдэж, авч үлдэх гол хэрэгсэл болж байгаа
юм. Тийм учраас жүжгийн зохио­лын сонголт бас нарийн төвөг­тэй. Бид нар сонгодог
болон үндэсний жүжгүүд, үндэсний бусад бүтээ­лүү­дийг түлхүү хийх бодолтой байна.

-Үндэсний сонгодог бүтээлд түлхүү
хандана гэж та түрүүн хэллээ. Үлгэр домгийн сан мэдээж бараг­дашгүй их. Харин манай
орчин үеийн утга зохиолд хүүхдийн бүтээл ховор байх аа. Энэ нөхцөлд та зорилгоо
яаж хэрэгжүүлэх бол?

-Ховор ч гэсэн байгаа юм. Гагцхүү
тэднийгээ авч хэрэг­жүүлсэн юм бараг алга. Утга зохиолд хүүх­дийн зохиолын хувь
нь бага байгаа юм. Манай хууччуулын бичсэн хүүхдийн сайхан жүжгүүд цөөхөн ч гэсэн
одоо ч эргээд харахад маш хэрэгтэй юм­нууд байна. Жишээ нь, Д.Нам­даг гуайн “Нэг
ангийнхан”, Л.Ванган гуайн “Ач хүүгийн зүүд” гээд байж байна. Эд нарыг өнгөр­сөн
жил төгссөн манай ангийнхан “Оюутан” театртаа тавьсан юм. Тэгэхэд тэр жүжгүүдийг
өнөөгийн хүүх­дүүдийн хэрэгцээг хан­гахаар хийж болох юм байна гэж би харж байсан.
Энэ мэтийн жүжгүүд гарч ирэх л юм билээ. Дээрээс нь бид залуучуудаар бичүүлнэ. За­луу­чууд
нь хэлний их соёлын суурьтай байх хэрэгтэй. Мон­голын үндэсний утга зохио­лын өргөн
мэдлэгтэй бай­маар байгаа юм. Тэгж байж хэлний сангаас шүүрдэхэд хэрэгтэй. Тууль­сын
жүжиг хүүхдийн театрын жүжигчдэд маш их нэмэр болно гэж би бодож байгаа юм. Ийм
хэлбэрээр бас ажиллана.

-Зөвхөн жүжгийн зохиол гэлт­гүй,
ямар ч хэлбэрийн зохиолыг тайзных болгох, бүжиг, хөгжим болон бусад урлагтай синтез,
модерни­заци хийх зэрэг боломж ялангуяа хүүхдийн театрт илүү тохиромжтой биз дээ?

-Жүжигт модернизаци хийж болно. Бүжгэн
жүжгийн хэлбэрт орохгүйгээр хөдөл­гөөний хэлбэр дээр модер­низаци хийх, пластик
хэлбэ­рээр яруу найргийг тавьж болно. Бид нар том зохиолч­дын яруу найргаар ийм
бү­тээл хий бодол байна. Омар Хайяамын шүлгүүдээр бүтээл тавих бодол төрөөд явж
л байна. Яруу найраг өөрөө хөгжим. Тавилттай уншла­гын театр гэдэг чинь сонсгох
л зориулалттай байдаг. Үгийг нь сонсоод л хүн таашаал авч байдаг. Сонсголонтой байх,
тэгээд их оюунлаг байх энэ тал руу бид бас туршина. Хүүхдүүдэд яруу найргийг сонсгох,
яруу найргийн ид шидийг яаж театрын орон зайн хэлбэрт оруулж гаргаж тавих вэ гэхчилэн
уран бүтээ­лийн эрэл хайгуул янз бүрийн хэлбэрээр “Хөх гацуурхан” театрт хийгдэнэ.

-Том найруулагч хүүх­дийн театрыг
босгох гэж байгаа нь үнэхээр баярла­маар. Ямар л бол ямар хэл­бэр төрлөөр ажиллах
бо­лол­цоо танд шинээр гарч ирж байх шиг байна, тийм ээ?

-Өргөн боломж олгож бай­на. Хүүхэд
өөрөө их фантас­тик ертөнц шүү дээ. Дандаа уран сэтгэмж явж байдаг. Хүүхдийн ертөнцийн
тэр сэт­гэлзүйн, гоо сайхны таашаа­лыг бүрдүүлэхэд бидний сэт­гэл зүй бас түүнд
нь ойрхон байх ёстой юм. Тэр фантастик ертөнцийг бий болгох, хүүх­дэд өөдрөг үзэл
санааг суул­гаж өгөх, гэгээн бодол санаа­тай байхад нь хүүхдийн театр том суурь
нь болж байдаг. Энэ үүднээсээ хүүхдийн теат­рын урын сангийн бодлого ч их том байх
учиртай.

-Сүүлийн жилүүдэд хүүх­дэд зориулсан
бүтээл гарч байгаа ч ихэнхдээ шаард­лага хангахгүй бү­тээ­лүүд гарч байна. Хүүх­дүүд
сурах бичгээсээ эх­лээд урлаг хүртэл маш доогуур түвшний бүтээгдэ­хүүн хэрэглэж
байна. Та энэ тал дээр яаж анхаарах вэ. Муу зохиолоос татгалзана биз дээ?

-Заримаас нь татгалзана. Зари­мыг
нь шинэчилнэ. Театрт уламж­лалаа шүтэх гэж нэг том юм бий. Уламжлалыг олж харсан
нөхцөлд тэнд заавал шинэ юмны санаа төрж байдаг юм. Тиймээс театрын уламжлалд шинээр
хийх зүйл зөндөө байдаг. Харин муу зохиол бол өөр асуудал. Уран сайхны, гоо зүйн,
эх хэлний доогуур түв­шинд хийж байгаа бол аян­даа мөхнө. Ер нь бодлого барина гэдэг
бол тэр театрын жүжигчдийг өсгөхийн ха­жуу­­гаар үзэгчдийн оюуны чад­варыг нэмэгдүүлэх,
ялангуяа бага насны хүүхдүүдийн өөдрөг гэгээн сэтгэл санааг тэр хэвээр нь хадга­лахын
тулд ямар бүтээл хийх юм гэдгээ олж товлох асуудал юм. Түүнээс биш “хүүхдийн” гэсэн
юм бүхнийг барьж авахдаа биш. Мон­голын­хоо зохиолч­доос үүнийг олж харах, үлгэр
туульсаас ч үүнийг олж харж товлох нь чухал. Энэ бол юуны эрлийн сав. Энэ сангаас
шүүрдэхийн тулд бид өөрсдөө сэтгэлгээний асар өргөн цар хүрээ­тэй, маш тансаг сэтгэлгээгээр
хан­дах шаардлагатай болж байна. Уран сайхны ертөнц гэдэг бол шал өөр ертөнц учраас.

-Анхны тоглолтоо хийж байгаа шинэ
жүжгүүдийн­хээ тайз, хувцас зэргийг яаж хийв? 
 

-Ёстой л дипломын жүжиг хий­дэг шиг
хэмжээний юмаар хийлээ. Манай жүжигчин хүүх­дүүдийн ар гэрийнхэн, зарим хүүхдийн
аав таван зуун мянган төгрөг өгч байх жишээтэй. Манай ойр төр­лийн нэг хүн бас нэг
сая төгрөг өгч байх жишээтэй. Ийм замаар л тайз, хөгжим, хувцас хэрэглэл гээд бүх
юмаа хий­сэн. Санхүүжилт олох өөр нэг арга нь төсөл бичиж яам там­гын газруудад
орох. Гэлээ гээд тэр төсөл нь хэзээ шал­гараа билээ, мөнгө нь хэзээ ороо билээ.
Хугацаа их алд­даг учраас бид өөрсдийнхөө дотоод нөөц бололцоог шав­хаж, жүжиг тавиад
гаргаж байхдаа да­раа­гийнхаа жүж­гийг бэлдэх мая­гаар явж бай­на. Энэ хүүхдүүд
ца­лин мөн­гөгүй л ажиллаж байгаа шүү дээ. Дараа нь тоглолтынхоо ор­ло­гоор шагнал
урамшуу­лал өгдөг.

-Хүүхдийн гэсэн тодот­гол­той жүжиг,
бусад тог­лолт хийхдээ сургуу­лиу­даар дамжуулаад тасал­бараа “шахдаг” байдал их
түгээмэл. Очоод үзэхээр их муу жүжиг байж байдаг. Танайх үүн дээр ямар байр суурьтай
байна?

-Бид ийм арга хэрэглэ­мээр­гүй байгаа
юм. Хүүхдээр бизнес хий­мээргүй байна. Хүүхдийг өөрсдийг нь төлөв­шүүлэх, өөрсдийг
нь хүн бол­гох гэж байж тэд нарт зо­риулсан жонхуу зуураад явж байна гэдэг байж
боломгүй. Би тийм бодлого баримаар­гүйгээр барахгүй, сургуу­лиуд ирж тоглооч гэж
хүссэн нөх­цөлд очиж тоглоно уу гэхээс очоод танайд тоглоно, тэдэн хүүхэд цуг­луул
гэх мэтийн яриаг би зөвшөөр­дөггүй. Сур­гуулиудтай их зөв ойл­голцох ёстой. Бидний
менежмент өөрөөр явж байна. Одоогоор бид алдагдалтай явж байна. Хүмүүс намайг жаахан
тэнэг гэдэг юм шиг байна лээ. Зах зээл гэдэг зах зээл. Гэхдээ зах зээлийг дагаж
зохисгүй арга хэрэглэх нь онцгүй. Өчигдөр бид жүжгийнхээ нээлтийн үеэр үзэгч хүүхдүүдээс
хэд хэдэн ярилцлага авсан. Хүүх­дүүд их сэтгэл хангалуун байна лээ. Ийм юм үзэж
баймаар байна гэсэн сэтгэл­тэй л гарч байна лээ.

-Театр урлаг угаасаа хүмүүн­лэгийн
ухаан. Гэтэл театраас үндсэндээ тө­сөөр­чихсөн бүхэл нэг үе нийгэмд насанд хүрэгч­дийн
эгнээнд шилжээд араас нь дахиад нэг үе өсч өндийж байна. Тэгэхээр танай театрт маш
хурд­тай ажил­лах шаардлага тулгарч байна уу?

-Төсөөрчихсөн байсан учраас өчигдөр
хүүхдүүдэд их таашаалтай байлаа л даа. Тэгээд бодохоор бидний ха­риуц­лага их нарийн,
айхтар юм байна.

Монгол телевизийн “Ан­гийн драм” гээд
нэвтрүүлгийг би шүүж үзлээ. Ноднин. Шүүг­чээр сууж байхдаа энэ театр гарцаагүй хэрэг­тэй
болжээ гэж мэдэрсэн. Тэр хүүхдүүд өөрсдийнхөө санаачил­гаар бага боловч юм хийж
байна л даа. Гэтэл дандаа амьдралын хар барааныг харуулж бай­сан. Нэг бол хөгжлийн
бэрх­шээлтэй, нэг бол нэн ядуу айлын зовлон, нэг бол эцэг нь архичин хүүхдийн зовлон,
хагас өнчин хүүхдийн хувь заяа, нэг бол хужаа орж ирсэн иймэрхүү л юм орж ирж байгаа
юм. Гэгээлэг юм тэр хүүхдүүдэд алга. Арван жилийн хүүхдүүд шүү дээ тэд. Нийгэм асар
том дарамтад орчихсон байна. Сэтгэлгээг нь хүртэл хоногийн хоолноос өөр юмгүй болгочихсон
бай­на шүү дээ. Тиймээс барьж авч байгаа сэдвүүд нь дандаа эмзэг­лэсэн юмаа барьж
авсан байна. Энэ хүүхдүүдийг юу ийм гутранги болгочихов. Эд нарыг чинь уриа­лан
дуудаж, хөглөж хөгжөөж байх театр байхгүй учраас тэр шүү дээ. Гарцаагүй хүүхдийн
юм бүх­нийг байлгаж байж бид ирээ­дүйн иргэ­дээ төлөвшүүлж чадна.

Н.ПАГМА  

Categories
редакцийн-нийтлэл

Г.Ханхүү: Хэрвээ би идэж уусан бол цугтаа л халагдмаар юм

МҮОНТ-ийн зарим уран бүтээлч,
алба нэгд­лийн дарга нарыг санхүүгийн зөрчилтэй эсэхийг нь Дотоод аудит нь эхнээс
шал­гаад дуусч байгаа. “Hey hey”, “Нэг минут нэг сая” зэрэг нэвтрүүл­гээрээ хүмүүст
та­нигд­сан хөтлөгч, сэт­гүүлч Г.Ханхүүг нэгд­лийн дарга нь ашиглаж, нэр дээр нь
хувийн ком­пани байгуулж, мөнгө угаадаг байсан гэх мэ­дээлэл гарсан. Энэ талаар
Г.Ханхүүтэй уулзаж тодрууллаа.

-Таныг гадаадад байх хоогуур МҮОНТ-д
томоохон асуудал үүсч олны анхаарлыг тат­лаа. Та өнөө өргөх би­чигт нь гарын үсэг
зур­сан уу?

-Зурсан. Тэр үйл яв­дал өрнөдөг долоо
хоно­гийн пүрэв гаригт нь билүү дээ, албад цуглаад хурал хийцгээсэн. Тэр өдөр нь
би ирсэн. Гурван хуудас бичиг байсан. Бүгд тэрэн­тэй нь танилцан дэмжиж гарын үсгээ
зурсан юм байгаа юм. Үүнээс болж гадагшаа зугтсан юм байх­­гүй. Бямба гаригт нь
хувийн болон албаны ажлаа амжуулах гээд га­даг­шаа явсан. Гадаадад байхдаа сайтуудаар
гар­сан мэдээллүүдийг унш­сан л даа. Би дунд нь орж зохион байгуулаад гар­даад хийж
байгаа юм шиг ойлголтыг Ч.Даваабаяр захирал ярилцлагадаа хэлсэн байна лээ.
Тэгэ­хээр энд тийм юм байх­гүй гэдгийг хэлье. Уран
бү­тээлчид бүгдээрээ санал нийлээд гарын үсэг зур­сан. Тэр дунд нь би бай­сан. Хэлээд
байгаа зүйл нь “Нэг минут нэг сая” нэвтрүүлгээр идэж уудаг гэж бичсэн байлаа. Би
өөрийгөө нохойд барьдаг мод нь болсон юм уу даа гэж ойлгосон шүү дээ. Түүнээс биш
бидний хоо­ронд муудах сайдах тийм зүйл байхгүй. Уран бүтээлийн тал дээрээ л уулзаж
ярьдаг.

-Таныг хөтөлдөг нэвт­рүүлгүүдээрээ
за­рим томоо­хон компа­нийг сур­тал­чилж олсон мөнгөө хувь­даа авдаг. Энэ нь олон
нийтийн телевизийн хуу­лийг зөрч­дөг гэж тайлбар­ла­сан?

-Анх тайз заслын мөн­гийг телевизээс
гар­гаж хийсэн. Нэвтрүүлгийн гол утга нь долоо хоног бүр хэрвээ авч чадах юм бол
сая төгрөгийг бэлнээр нь өгдөг учраас теле­визээс долоо хоног бол­гон байнга сая
төгрөг юм уу, зуу, хоёр зуун мянган төгрөг гаргуулах боломж­гүй. Ийм учраас хамтран
ажиллах байгууллагаа сонгосон. Ч.Даваа­баяр захирлыг ирэхээс өмнө Ц.Оюундарь захиралтай
ярьж хийж эхлүүл­сэн нэвтрүүлэг л дээ. Тэгээд хамтран ажиллах бай­гуул­лагаа олох
гэж бид өөрс­дөө хөө­цөл­дөж гүйдэг бай­сан. Гэрээ хэлц­лийн асуудал нь манай телевиз
дээр хийгд­дэг байсан. Ийм нэвтрүү­лэг хийж байгаа гэдгийг анх “Ариун”, “Пепси”,
“Кока кола” дэмж­сэн. “Кока кола” нэг жилийн гэрээ­тэй­гээр ажилла­сан. Анхны хамтран
ажилла­сан компаниуд бол эд нар. Гэрээ нь телевиз дээр хийгд­дэг байсан. Эндээс
биднээр дамжаад ялагчдаа мөнгийг нь гардуулдаг. Үүн дээр л дал­дуур идэж уусан байж
магад­гүй гэсэн таамаглал гаргасан байх.

-Өөрийг чинь ингэж хардсанд та
хувь хүнийхээ хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Өргөх бичигт хүмүүсийн гарын үсэг
зурсан хүмүүсийн эхэнд миний гарын үсэг явж байсан байж болох юм. Энд тэнд л хүмүүс
гарын үсэг зураад байсан байхгүй юу. Зарим айж, эмээсэн хүмүүс нь тэр бичигт гарын
үсгээ нууж бичсэн ч байж болно. Надад айх юм байгаагүй. Хаашдаа л зурж байгаа учраас
гарын үсгээ зурсан. Нэг хувь нь Ч.Даваабаяр захиралд очсон тухай ярилцлагаас нь
ойлго­сон. Тэгэ­хээр миний нэр байсан болохоор өширхөх тиймэрхүү зүйл байсан юм
болов уу. Тийм учраас идэж уудаг гэх нэрэнд нь орсон байх.

-“Нэг минут нэг сая” нэвт­­рүүл­­гийг
МҮОНРТ-ийн Дотоод аудит шалгасан гэсэн. Тийм үү?

-Тийм. Шалгагдаад угаа­саа хариу нь
гарчихсан байгаа ш дээ.

-Шалгалтаар Ч.Даваа­баярын хэлээд
байгаа шиг зөрчил илэр­сэн юм уу?

-Хэрвээ би идэж уусан бол цугтаа л
халагдмаар юм.

-Аудитын албан ёсны хариуг танд
танилцуулсан юм уу?

-Дуусаагүй байгаа. Энэ бол эхний удаа
орж байгаа зүйл биш ээ. Өмнө нь хоёр, гурван ч удаа орсон. Манайх чинь шинэ дарга
нар ирэхээ­рээ ингэж аудитаар оруулдаг. Миний нэвтрүүлгүүд орж байсан. Гэхдээ тэнд
асуудал байхгүй.

-Ч.Даваабаярыг МҮОНТ-ийн багийг
хууллаа. Алба, нэгдлийн дарга нар Г.Хан­хүү шиг залуу сэтгүүлч­дийн нэрийг ашиглаж
хувийн компани байгуулж мөнгө угаадаг хууль бус үйлдлийг нийтэд дэлгэлээ гэж үзэх
хүмүүс байна?

-Энд мөнгө угаагаад байх асуу­дал
ерөөсөө байхгүй ш дээ. Манайх чинь арилжааны телевиз биш. Зар сурталчил­гаа нь хуулиа­раа
хоёр хувь гэж явдаг. Тэгэхээр хуулийн­хаа хүрээнд л явдаг. Бид нар санхүүгийн асуудалд
орол­цох эрх ч байхгүй. Боломжгүй зүйл. Баг хуулаад ч байх зүйл байхгүй. Бид нар
багны ард байдаггүй. Ил л явж бай­гаа. Уран бүтээлүүд маань ил л явж байгаа. Тийм
болохоор багсаад байх юм байхгүй. Хүмүү­сийн сайтад бичсэн сэтгэгдэл юу гэнэ вэ.
Тэр бол хамаа байхгүй. Бид ч гэсэн найз нөхдөөрөө, хэн нэгнээр ч бичүүлж болох л
байхгүй юу. Надад тийм шаардлага байхгүй.

-Энэ асуудалд Ч.Даваа­баяр, түүний
эсрэг тэмцээд байгаа уран бүтээлчид ч өөр өөрийн гэсэн хариулт, няцаалт өгч, холбогдох
газруудад нь ханд­чихаад байна. Гэтэл таныг анзаа­рахад нэлээд тайван, уужуу байгаад
байх шиг?

-Тэр гарын үсгүүдийг хара­хад л ойлгомжтой.
Уран бүтээл­чид л нэгдээд даргаа сольё гэсэн зүйл байгаа. Нэг талаас ажлаа өгөхгүй
гэж байгаа нэг хүн байгаа, нөгөө талаас хамт олон байгаа.

Үүн дээр мэдээж хариуц­ла­гыг нь ярих
гэхээр албадын дарга нар бүгд хүмүүсээ хурал­дуулаад ший­дэгд­чих­сэн зүйл учраас
албадын дарга нар дээр нь тохогдох хэм­жээнд байгаа. Би уран бүтээлч­дийнх нь нэг
учраас уран бүтээлч­дийн­хээ дунд байхаас биш толгой­лоод, зохион байгуулаад, өөрөө
идэж уучихаад уначих гээд байгаа зүйлгүй. Ийм боло­хоор сандрах зүйл алга.

Би ирсэн өдрөө жаахан эмзэг­лэ­сэн
л дээ. Олон хүн байхад хоёр гурван хүний нэрэнд дунд миний нэр явж байсанд эмзэгээр
хүлээж авсан. Гэхдээ ирээд хамт олон­той­гоо уулзаад ийм учир начиртай ийм үйл явдал
болоод өнгөрлөө гэдгийг сон­соод бас нэр бүхий уран бүтээлчид өөрсдийнхөө байр суурийг
илэрхийлж хурал зохион байгуулж байхад нь би давхцаад явах шаард­лагагүй.

Хариу нь гараад ажлаа өгөх нь өгөөд
үргэлжлүүлээд ажиллах нь ажлаа хийгээд явж байгаа. Ийм хов живийн юманд аль болох
оролцох­гүйг хичээдэг л дээ.

-Таныг нэгдлийн дарга­тайгаа мөнгөний
асуудлаас болж муу­дал­цаад гар зөрүүлж, улмаар гадагшаа явсан гэх мэдээлэл бий.
Энэ үнэн үү?

-Хэрэлдэж зодолдсон юм байх­гүй. Маргаан
бол бай­сан. “Дөрвөн урилга” нэвт­рүүлэгт манай телеви­зэд харь­яалалгүй Ганжавхлан
гэдэг залууг хөтлөгчөөр ажил­луул­­сан. Манайд гаднаас хөтлөгчдийг авч ажиллуулах
боломжтой л доо. Түүнийг ийн ажиллуулахыг ганц би ч биш манай уран бүтээлчид, найруу­лагчид
ярилцаад “Гад­наас Ганжавхланг ажил­луулъя” гээд оруулж ирсэн. Гэтэл тэрээр өөр
телевизэд нэвтрүүлэг хийгээд эхэлсэн. Манай удирдлагуудаас “Олон нийтийн телевзизээр
гарч байгаа хүн өөр телеви­зээр гараад байх нь хэр зохимж­той вэ” гэсэн зүйл ярихад
нь төслийн хүрээнд ийм ажил хийж байгаа, дахиж өөр юман дээр гарахгүй гээд учрыг
нь тайлбарласан. Үүн дээр л жаахан маргаан гарсан. Түүнээс биш зодолд­сон, хэрэлдсэн
юм болоо­гүй. Одоо энэ дэвэргээд байгаа асуудлын талаар тэгэхэд а үсэг ч дурдагдаагүй.
Уран бүтээлийн шинжтэй маргаан байсан. Цаг хугацаа нь ойрхон л байж таарсан­даа
л хүмүүс тэгж ойлгосон байх.

-МҮОНТ-ийг хүмүүс нийлээд ингээд
хувьдаа завшаад шам­шиг­дуулаад байгаа бол ерөөсөө хувь­чилъя. Менежментийг нь өөрчилье
гэх хувилба­руудыг хүмүүс дэмжээд эхэллээ?

-Тийм юм байхгүй ш дээ. Би Японд сурч
байсан. Теле­виз, сэтгүүл­зүйн салбарыг тодорхой хэмжээнд судалсан л даа. NHK телевизийг
та бид мэднэ. Олон нийтийн теле­виз. Гэхдээ айл бол­гон татва­раа төлдөг. “NHK-д
үзэх юм байхгүй” гэж хүмүүс бас ярьж л байдаг. Үндэснийхээ соёл, өв уламж­лал гээд
бүгдийг NHK гар­га­даг. Тэрийг нь тодорхой хэмжээний хүмүүс үзэх юмгүй гэж ярьдаг.
Олон нийтийн статус нь угаасаа тийм шүү дээ.

Хөдөө орон нутгийн сурвалж­ла­гыг
хэн явж хийдэг вэ, манай теле­ви­зийнхэн явж хийдэг. Өв уламж­лал, ёс зан­шил, жүжиг,
баримтат кино, аяллын нэвтрүүлэг гээд дурд­вал манайд олон нэвтрүүлэг бай­даг. Хүссэн
хүсээгүй аль ч оронд ийм телевиз байдаг учраас байх л ёстой.

Энэ телевизийг хувьчлах, хувьч­лах­гүй
гэдэг тал дээр хэн ч яриад өөрчлөх зүйл биш байх гэж бодож байна. Мань мэтийн мэдлээс
хэтэрсэн асуудал.

-Хэрвээ хувьчилна гэвэл та дэмжих
үү?

-Дэмжихгүй. Юу гэж дээ. Олон нийтийн
телевиз байх ёстой. Энд идэж уугаад байх тийм мөнгө төгрөг байдаггүй. Хурааж авдаг
1500 төгрөгийг л бид нарыг ууж иддэг гэж хүмүүс ойлгоод байх шиг.

-Танай телевизийн уран бүтээлчид
“Бид нар идэж уугаад эндээ шигдэх гээд байгаа юм биш ээ. Багахан цалингаараа амьдардаг,
уран бүтээлч сэтгэ­лээ­рээ нэгдсэн хамт олон” гэж тайлбарлаж байсан?

-Тийм шүү дээ. Яг ний нуугүй ярихад
намайг энд ажилласан таван жилийн хугацаанд өндөр цалинтай санал тавьсан газрууд
бай­сан. Энэ миний мөрөөдөл. Үндэсний телевизэд ажил­лана гэдэг нэр төрийн хэрэг
учраас эндээ ажиллана. Миний гол зорил­го бол хүмүүст цэнгүүлэх зорилго­той нэвтрүүлэг
хүргэнэ. Аль болох хар бараан зүйлүүдээс хол байя гэж нэвтрүүлгүүдээ хий­дэг. Ирээ­дүйд
ч хийгээд явна. Тийм учраас бид нарт идэж ууж боломж байхгүй гэдгийг л мэдэх хэрэгтэй.

Хувийнхаа зүгээс хэлэ­хэд, манай нийгэмд
бухимдал их байгаа шүү дээ. Өглөө гарч яваад гэртээ орж ирэхэд ямар их бухимдал
дунд явдаг билээ. Гэтэл гэртээ ирээд телевизээ үзэхээр дахиад бухим­дал байвал хүн
яаж тэсэх юм бэ. Би мэдлэг мэдээ­лэл өгөхгүй ч гэсэн тэр хүн тухайн агшинд стрессээ
тай­лаад инээж хөөрөг гэдэг утгаар нэвтрүүлгүүдээ хийдэг. Цаашдаа ч хийх болно.
Энэ бүхнийг зөв, буруу­гаар ойл­гож байгаа хүмүүс зөндөө л байгаа аж. Гэхдээ аль
болох эерэгээр нь хүлээж авахыг хүсч байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

“Сургуулийн эргүүл” журамд эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор заажээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн
“Иргэдийг нийтийн эргүүлд гаргах” гэсэн заалтыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын дарга
Д.Баттулга сургуу­лийн орчинд үүрэг гүйцэтгэх “School police” эргүүлийн ажиллах
журмыг баталсан. Энэхүү журам нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч­дыг гэмт
хэргээс урьд­чилан сэргийлэхэд эцэг, эхчүү­дийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх
зорил­готой бөгөөд журмын хэрэгжилтийг тухайн сургуу­лийн захиргаа бүрэн хариу­цаж
ажиллах юм. Аав, ээжүүд эргүүлийг хоёр ээлжээр буюу 07.30-13.30, 13.30-19.00 цагт
хийж байгаа юм. Харин эргүүлд гарахад ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай
чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийжээ. Хэрэв аав, ээжүүдэд цалинтай чөлөө
олгохгүй бол тухайн байгууллагын удирд­лагад Монгол Улсын Захир­гаа­ны хариуцлагын
тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээ
ног­дуу­лах гэнэ. Хүүхэд, багачуу­даа аливаа гэмт хэрэг халд­ла­гаас хамгаалахад
төр захир­гаа, хууль хяналтын байгууллага, сургуулийн удирд­лага, багш, эцэг, эхчүү­дийн
хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэж албаныхан үзэж байгаа юм. 2000 сурагчдаас авсан
судалгаагаар “Хүүхдүүд хамгийн ихээр хаана гэмт халдлагад өртөж байна вэ?” гэсэн
асуултанд 28 хувь нь сургууль дээрээ, 24 хувь нь сургууль, гэрийнхээ ойр гудамж,
талбай, орцонд гэж хариулжээ. Мөн насанд хүрэгчдээс авсан санал асуулгын дүнд “Таны
хүүхдийн сурдаг сургуулийн орчинд аюулгүй орчин хэр зэрэг бүрдсэн гэж та үзэж байна
вэ?” гэсэн асуултанд судалгаанд оролц­сон нийт 500 хүний 255 буюу 51 хувь нь дунд
зэрэг, 200 буюу 40 хувь нь хангалтгүй гэж хариулсан байна. Сургуулийн эргүүлийн
журмыг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Сургуулийн эргүүл “School
police” журам

Журмын зорилго:

*Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд сураг­чид
гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэр­гий­лэх
ажилд сурагчдын эцэг, эхийг татан оролцуулах замаар эргүүл зохион байгуулахад оршино.

Эрх зүйн үндэслэл:

*Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол
Улсын хуулийн арванхоёр­ду­гаар зүйл “Гэмт хэргээс урьд­чилан сэргийлэх ажилд иргэ­д­ийг
татан оролцуулах”, 12.1.1 хэсэгт “Иргэдийг ний­тийн эргүүлд гаргах” гэсэн заалтыг
үндэслэн сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “School police” эргүүлийн ажиллах журмыг
Нийслэлийн Иргэ­дийн Төлөөлөгчдийн хурлын дарга энэ оны арав­ду­гаар сарын 25-ны
өдөр баталсан.

Давуу тал:

*Сургуулийн орчинд “School police” эргүүлийн үүрэг
гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно.
(Тус журмын 1.3 заалт)

Удирдлага зохион байгуулалт:

*Ерөнхий
боловсролын сургуулийн удирдлага сур­гууль болон түүний орчинд ажиллах “School
police” эргүү­лийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлага зо­хион байгуулалтаар хангаж
хяналт тавин, тасралтгүй явагдах нөхцөлийг хангаж ажиллана.

*Ерөнхий
боловсролын сургуулийн захирал тухайн хичээлийн жилд сургуулийн орчинд эргүүлийн
үүрэг гүйцэтгэх сурагчдын эцэг, эх (асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн хуваарийг
гар­гаж батлан эргүүлд ажиллах иргэдэд урьдчилан арван хоно­гийн өмнө мэдэгдэнэ.
Эргүү­лийн хуваа­рийг хичээ­лийн өглөөний ээлж (07.30-13.30 цаг), өдрийн ээлж
(13.30-19.30 цаг)-т тус бүр хоёр хүн гарахаар зохион байгуул­на.

*Нутаг дэвсгэрийн цаг­даа­гийн байгууллага, сургуу­лийн
удирдлага эргүүлд ажил­лаж байгаа сурагчдын эцэг, эх (асран хамгаалагч, харгалзан
дэмжигч)-д мэргэ­жил, аргазүйн дэмжлэг туслал­цаа үзүүлж, гэмт хэрэг, зөрчлийн талаарх
мэдээлэлд шуурхай очиж ажиллана.

Эргүүлийн үйл ажил­ла­гаа, тавигдах шаардлага:

*Сургууль болон түүний орчинд ажиллах “School
police” эргүүлд 18 насанд хүрсэн, согтууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлд­мэл
хэрэглээгүй, сэтгэцийн өвчингүй, эргүүлийн үүрэг гүйцэтгэх эрүүл мэндийн чадвартай
сурагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг урьдчилан гарга­сан хуваарийн
дагуу ажил­луул­на.

*Эргүүлийн үүрэг гүйцэт­гэх иргэн энэхүү журамтай
урьдчилан танилцаж сур­гуу­лийн нийгмийн ажилтан, жижүүр багшаас зааварчил­гаа авч
“School police” гэсэн хантаазыг өмсөж эргүүлд ажиллана.

Эргүүлд ажиллаж бай­гаа иргэн дараахь үүрэг хүлээнэ:

а/Сургуулийн бүсэд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд
холбогдох, өртөхөөс урьд­чи­лан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.

б/Хичээл орох болон тарах цагуудад сурагчдыг сургуулийн
орчинд байгаа (сургуулийн бүсэд хамаарах) замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход дэмжлэг
үзүүлнэ.

в/Хичээлийн завсарла­гаа­­наар сургуулийн орчинд
болон сургууль дотор эргүү­лийн үүрэг гүйцэтгэж Монгол Улсын хууль тогтоомж болон
сургуулийн дүрэм журамыг мөрдөх талаар шаардлага тавьж ажиллана.

г/ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
сургуу­лийн зүгээс болон Хууль сахиу­лах байгууллагаас зохион байгуулж буй ажил,
арга хэмжээнд идэвхтэй оролцоно.

д/ Сургуулийн удирдлага, анги даасан багштай харил­цан
тохиролцсоны үндсэн дээр сурагчдад хууль тог­тоомж, мэргэжлээ сонгох зэрэг чиглэлээр
яриа таниул­га хийж болно.

е/ Эргүүлийн үүрэг гүйцэт­гэх хугацаанд сургуулийн
орчинд гэмт хэрэг, захиргаа­ны зөрчил гарсан тохиол­долд мэдээллийг цагдаагийн байгууллагад
нэн даруй мэдээлнэ.  

ё/ Эргүүлийн үүрэг гүйцэт­гэ­т­гэх хугацаанд
“School police” хантаазыг бохир­дуулж, гэмтээхгүй өмсөж хэрэглэж эргүүлийн үүрэг
гүйцэтгэх хугацаа дуусахад ажилласан талаарх илтгэх хуудсыг бичиж хантаазын хамт
сургуулийн нийгмийн ажилтан болон жижүүр багшид өгнө.

Хориглох зүйл:

*Эргүүлд ажиллаж байгаа иргэн үүрэг гүйцэтгэх
хуга­цаан­даа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж иргэд, хүүхдүүдтэй зөв боловсон
харьцах ба төрийн байгуул­ла­гын ажилтны нэр барьж хууль бус үйл ажиллагаа явуулахыг
хориглоно.

*”School police” эргүүлд ажиллах иргэн хүндэтгэн
үзэх шалтгаангүйгээр таслахыг хориглох бөгөөд хэрэв хуваа­рийн дагуу эргүүлд ажиллах
боломжгүй болсон тохиол­долд энэ талаар сургуулийн удирдлагад гурав хоногийн өмнө
урьдчилан мэдэгдэнэ.

Хариуцлага:

*Эргүүлийн үүрэг гүйцэт­гэж байгаа иргэн үүрэг
гүйцэт­гэх хугацаандаа халдлагад өртсөн тохиолдолд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчи­лан
сэргийлэх тухай хуулийн /22-р зүйлийн/ холбогдох заалтын дагуу төрөөс хохирлыг барагдуулна.

*Эргүүлийн үүрэг гүйцэт­гэ­хээс санаатай зайлсхийсэн
тохиолдолд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүй­лийн
32.1 дэх хэсэгт (Иргэ­дийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ
бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоом­жийн дагуу гаргасан шийдвэ­рийг зөрчсөн
бол) заасны дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулна.

Х.ЦЭНД

Categories
редакцийн-нийтлэл

Р.Амаржаргал: Би аль хэдийнэ шийдчихсэн

Төрийн
байгуулалтын байн­гын хорооны өчигдрийн хуралдаанаар Тэмдэглэлт өдөр, нийтээр тэмдэглэн
өнгө­рүүлэх баярын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах, Нийтийн албанд, ний­тийн
болон хувийн ашиг сонирх­лыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байв.  Хуралдаан эхлэхэд УИХ-ын гишүүн Р.Амар­жаргал
гишүүн Төрийн байгуулалтын байн­гын хорооны даргад хандан “Би УИХ-ын гишүүнээс чө­лөөлж
өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Яагаад хэлэлцэх­гүй байна. Энэ асуудлыг хэ­лэлцэхийн
төлөө байнгын хорооны удирдлага ямар нэгэн алхам хийсэн үү. Өнөө­дөр асуудлыг хэлэлцэж
өгөөч. Миний мэдэхгүй асуу­дал өрнөсөн үү” гэсэн хүсэл­тийг гаргалаа. Байнгын хо­роо­ны
дарга А.Бакей “Амар­жаргал гишүүн УИХ-ын даргын нэр дээр өргөдлөө гаргасан. Байнгын
хорооны хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн тодорхойлдог. Даргын
дэргэ­дэх зөвлөлийн хуралд хэ­лэлц­сэн. Одоохондоо хэлэл­цэх болоогүй байна” гэсэн
нь багагүй маргаан дагуулав. Ингээд тухайн үед гишүүд ямар байр суурь илэр­хийлс­нийг
тайлбаргүйгээр хүргэе.

Р.Амаржаргал: Одоохон­доо болоогүй байна гэсэн юу гэсэн үг юм бол.

А.Бакей: Холбогдох дар­га нараас асуусан нь дээр.
Миний ойлгож байгаагаар та Ардчилсан намаас сонгогд­сон гишүүн. Сонгогч олон түмний
мандат байгаа. Үүнийг хувь гишүүнийхээ хувьд тун­гаан бодох байх гэж үзсэн байх.

Р.Амаржаргал: Намайг бодох хугацаа олгож байгаа юм бол би аль хэдийнэ
бод­чих­сон. УИХ 76 гишүүнтэй. Тэднийг төрийн түшээд гээд өргөмжилчихсөн байдаг.
Харин хүмүүс асуудал тавьж байхад УИХ-ын удирдлага болоод байнгын хорооны удирдлага
ойшоож үзэхгүй байна. Түргэн шуурхай хэ­лэл­цэх нь зөв гэж бодож байна уу.

-Р.Гончигдорж: Байнгын хорооны дарга толгой дааж шийдэхгүй. Бас мэдэхгүй.
Р.Амаржаргал гишүүн та ху­ралд суудаггүй болохоороо мэддэггүй байж магадгүй.

Р.Амаржаргал: Үүнд тайл­бар, тодруулга өгөх со­нир­холгүй
байвал миний хү­сэлтийг хэлэлцэж өгөөч ээ гэж хүсч байна. Санал хураалгаж өгнө үү.

А.Бакей: Одоо мөрдөг­дөж хуулиар төдий хугацаанд
хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн тодорхой хуулийн зохицуу­лалт байхгүй байна. 

Р.Гончигдорж: Р.Амар­жар­гал гишүүн өөрөө өөрийн­­хөө
хүсэлтийг хэлэл­цүү­лэхээр санал оруулж бай­гаа нь сонирхлын зөрчилтэй учраас энэ
удаа хэлэлцэх боломжгүй.

О.Баасанхүү: Энэ чинь ямар сонирхлын зөрчил байдаг
юм.

Д.Эрдэнэбат: Р.Амар­жар­гал гишүүн өөрийнхөө асуудлыг хурдан шийдүүлье
гэж яарч байна. Би бодохдоо төрд орж гарах асуудал цен­зуртай, өндөр хариуцлагатай
байх ёстой гэж боддог.  Бушуухан гаргая гэдэг
дээр яаран санал хураах хэрэг байна уу. Мөн энэ долоо хоногийн төлөвлөгөөнд энэ
асуудал тусгагдаагүй. Заавал тусга гэсэн заалт ч байхгүй. Гэхдээ ойрын хугацаанд
хэлэлцэх нь зөв. Тиймээс энэ баасан гаригт даргын зөв­лөлийн хуралдаанд албан ёсоор
оруулаад явах нь зүйтэй гэж үзэж байна.

Н.Батцэрэг: Ийм асууд­лыг хурдан шуурхай шийдээд явсан
жишиг бий. Тэгэхээр анхаарах нь зүйтэй байх.

М.Энхболд: Р.Амар­жар­гал гишүүн өөрийнхөө асууд­лыг
хэлэлцэж өгөхийг хүсч байгаа нь зүй ёсны шаард­лага. Энэ хүсэлтийг нь байн­гын хороо
шийдээд УИХ-д ороод шийдэгдэнэ. А.Бакей дарга та АН-аас сонгогдсон хүн гээд нам
дээрээ асуудлыг ярих гэж байгаа юм шиг байх юм. УИХ-ын асуудлыг нам руу татаж оруулах
нь зохимжгүй. Уг нь өнгөрсөн долоо хоногт асуудлыг хэлэл­цэ­хээр даргын дэргэдэх
зөвлөл баталчихсан л байсан шүү дээ.

Ийн УИХ-ын
гишүүн Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ татгалзах тухай хүсэлтийг хэлэлцэх эсэхийг
шийдэхээр санал хураахад байнгын хорооны олонх дэмжсэнгүй. Асууд­лын дараа тэмдэглэлт
өдөр, нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд өөрчлөлт оруу­лахыг байнгын хороо дэмжиж
УИХ-ын гишүүн З.Батзан­дангийн санаачилсан Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд
өөрчлөлт оруулах төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хуулиар оффшор бүсэд данс эзэмшихийг
хориглож, төрийн түшээд гадаад эхнэр, нөхөртэй байхыг хориглохоор тусгасан байв.
Гэвч байнгын хорооны гишүүд уг асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн.

Л.ТӨР

Categories
редакцийн-нийтлэл

М.Батчимэг: Гадаад харилцааг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн хувь нэмэр чухал

УИХ-ын гишүүн М.Батчимэг­тэй
ярилцлаа.

-Манай оронд Зүүн хойд Азийн эмэгтэй
парламентчдын чуулга уулзалт боллоо. Уг хурлаас ямар үр дүн гарсан бэ?

-Юуны өмнө бүс нутгийн орнуу­дын парламентын
гишүүд нэг дор цуглаж хуралдсан нь эхний том үр дүн. Зүүн хойд Азийн бүс нутгийн
орнууд улс төрийн тогтолцоо ха­рил­цан адилгүй, мөн газар нутгийн, түүхэн, соёлын
гээд олон шалт­гаанаар өөр хоорондоо зөрчилтэй, тэр бүр бүс нутгаараа нэгдэн цуг­лаад
байж чаддаггүй. Энэ удаагийн чуулга уулзалт магадгүй бүс нут­гийн эмэгтэй парламентчдын
анх­ны чуулга уулзалт гэдгээрээ ихээ­хэн онцлог байсан. Хятад, Орос, Хойд болон
Өмнөд Солонгосын парламентын эмэгтэй гишүүдийн төлөөлөгчид оролцлоо. Харин Японы
парламентын төлөөлөгч дотоод шалтгааны улмаас орол­цож чадаагүй ч манай санаачилгыг
дэмжиж мэндчилгээ ирүүлсэн.

Хуралд оролцогчдын зүгээс “Монголын
эмэгтэй парламентчид маш чухал санаачилга дэвшүүлж, манлайлал үзүүлж чадлаа. Энэ
санаачилгыг дэмжиж, цаашид үргэлж­лүүлэх хэрэгтэй. Нэг удаа­гийн уулзалт хийгээд
дуусгах бус, цаашид бүс нутгийн хэмжээнд эмэгтэй парламентчдын сүлжээ болгон өргөжүүлэх
нь зүйтэй” гэж байсан нь зохион байгуулагч бидэнд их урам өгсөн. Бид энэ уулзалтыг
нэг удаагийн ажил биш, урт хугацааны хүчин чармайлтын эхлэл гэж харж байна. Цаашид
энэ санаачилга үргэлжилж тогтмолжиж чадвал монголчууд бидний зүгээс, түүний дотор
эмэгтэйчүүд бидний зүгээс бүс нутгийн энх тайван, хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр
болно. Монгол Улс бусдын гар харж тусламж хүсдэг төдий биш, харин бүс нутагтаа,
олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхт улс байгаасай гэж бид бүгдээрээ хүсдэг
шүү дээ.

-Эмэгтэйчүүдийн хурлыг Ерөнхийлөгчийн
санаачилгаар зохион байгуулсан гээд байгаа?

-Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд
айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Зүүн хойд Азийн олон улсын харилцааг хөгжүүлэхэд
чиглэгдсэн Улаан­баатарын яриа хэлэлцээний меха­низмуудыг дэмжин хөгжүүлэхийн төлөө
байгаагаа хэлсэн. Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг санаачилж
зохион байгуулж байгаа нь манай эмэгтэйчүүдээс Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж,
үүнд оруулж байгаа хувь нэмэр гэж хэлж болно.

-Энэ чуулга уулзалтын гол онцлог
гэвэл та юу хэлэх вэ?

-Бүс нутгийн төлөөлөл нэгэн дор цуглаж,
хамтдаа энх тайван, хөгжлийн тухай ярьж байгаа нь өөрөө онцлог бөгөөд чухал гэдгийг
хэлсэн шүү дээ. Чуулга уулзалтын үеэр Өмнөд, Хойд Солонгосын төлөөлөгчид Монгол
Улсад хамт хуралд оролцож байгаадаа таатай байгаагаа хэлж байлаа. Түүгээр ч зогсохгүй
нэгдмэл Солонгос үн­дэстний ирээдүйн төлөө байгаагаа илэрхийлж байсан. Бусад орны
төлөөлөгчид ч энэ төрлийн арга хэмжээг бүс нутгийн бүх оронтой найрсаг дотно харилцаатай
Мон­гол Улсад зохион байгуулах нь хамгийн тохиромжтой юм гэж байс­ныг онцгойлон
дурдмаар байна.

-Хуралд оролцогч бусад ор­нуу­дын
эмэгтэй парламентчид шийдвэр гаргах түвшний хэм­жээнд нөлөөлөл үзүүлж чаддаг болов
уу?

-Өмнөд Солонгос 2012 оны Ерөнхийлөгчийн
сонгуулиар анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болсон. Үүнтэй холбоотойгоор тус улсад
шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байна. ОХУ-ын Холбооны
хурлын Холбооны зөвлөлийн дарга буюу манайхаар бол Улсын Их Хурлын дарга нь эмэгтэй
хүн байдаг. Хятадад Ардын төлөөлөгчдийн их хурлын гишүүдийн 23 хувь нь эмэгтэйчүүд
байгаа нь Зүүн хойд Азидаа хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Манай улсын хувьд
2012 оны сонгуулиар УИХ-д анх удаа 11 эмэгтэй гишүүн сонгогдож, бид улс нийгмийнхээ
хөгжилд тустай зүйл хийхийн төлөө бүгд л хичээн ажиллаж, үр дүнгээ ч өгч байна.

Энэ удаагийн арга хэмжээ нь Монголын
эмэгтэйчүүд зөвхөн гэр бүл, нийгмийн асуудалд анхаарал хандуулах бус, бүс нутгийн
энх тайван, хөгжил дэвшилд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг оролцоо, байр суурийг ахиулж,
гадаад ха­рил­цааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна гэдгийг харуулсан гэж бодож
байна.

-Чуулганы үеэр эмэгтэйчүү­дийн
боловсролын асуудлыг хөндөж байсан. Манай орны эмэгтэйчүүд бусад орнуудаас боловсролын
түвшингээрээ илүү гэж байсан даа?

-Монголын эмэгтэйчүүд бо­ловс­ролоороо
дэлхийн дундажтай харьцуулахад, бас бүс нутагтаа ч дээгүүрт ордог гэдгийг НҮБ-ын
төлөөлөгч онцлон дурдаж байсан. Ер нь Зүүн хойд Азийн эмэгтэй­чүүдийн боловсролын
түвшнээр дэлхийд харьцангуй дээгүүрт тоо­цогддог. Гэхдээ тодорхой хэмжээ­ний дэвшил
гарсан хэдий ч цаашид их  ажил хийх шаардлагатай
байна гэдгийг оролцогчид сануулж бай­лаа. Эмэгтэйчүүдийн боловсролд хийж буй хөрөнгө
оруулалтыг нийгмийн ирээдүйн сайн сайхны суурь гэж үздэг. Эцэг хүн өрх гэрээ авч
явдаг бол эх хүн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж, тэдэнтэйгээ хамгийн ойр байдаг. Тиймээс
эмэг­тэй хүн хэдий чинээ боловсролтой байна, үр хүүхдийн ирээдүй, ний­гэм төдий
чинээ сайхан, гэгээлэг болно.

Мөн хурлын үеэр ярьсан өөр нэг чухал
асуудал нь боловсролын асуудлаас гадна иргэний боловсрол байлаа. Монгол Улс НҮБ,
ЮНЕСКО-оор иргэний боловсролыг дэмжих хоёр том тогтоол санаачилж батлуулсан. Үүгээрээ
олон улсын хэмжээнд манлайлж байгаа орон.

-Сүүлийн 20 жилийн хуга­цаанд манай
парламентад хамгийн олон эмэгтэй гишүүн 2012 оны сонгуулиар бүрдсэн. Та бүхний ажил
хэр байгаа вэ?
       

-Энэ удаагийн парламентад эмэгтэйчүүдийн
эзлэх хувь өмнө­хөөс хавьгүй нэмэгдсэн. Гэхдээ би УИХ-ын 11 эмэгтэй гишүүнийг олон
гэж бодохгүй байна. Манай улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэй­чүүд. Улс төр гэдэг
улс нийгмийн амьдрал, тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө үйл ажиллагаа
байх ёстой. Улс төрийг эрх мэдэл олж авахын төлөө өрсөлдөөний талбар гэж харвал
хэт явцуу болно. Иймээс бидний амьдралд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд эрэгтэй
нь ч, эмэгтэй нь оролцож байж асуудлын шийдэл илүү зөв болно. Өрх гэрийн амьд­ралтай
адил. Эмэгтэйчүүд бидний оролцоо гэр бүлийн, нийгмийн сайн сайхны үйлсэд төдийгүй
гадаад харилцаа, аюулгүй байд­лын салбарт ч хэрэгтэй. Бид ингэж л итгэж, гар хумхилгүй
зүтгэж яваа. Тодорхой үр дүнгүүд гарч байгаа гэж бодож байна. Цаашдаа улс төр дэх
эмэгтэйчүүд улам олон болоосой гэж боддог.

-Өнгөрөгч долоо хоногт Хилийн боомтын
тухай хууль нэгдсэн чуулганаар орж ирж нэлээд ширүүхэн хэлэлцүүлэг явагдсан. Боомтын
тухай манайхны бодол ямар байгаа бол?

-Хилийн боомтын хуулийн гурав­ны нэг
дээр санал хураагд­сан. Санал хураалт энэ пүрэв гаригт үргэлжилнэ. УИХ-ын ажлын
хэсэг хуулийн төслийг нэлээд сайжруул­сан гэж бодож байна. Төсөл дээр ажиллах үед
“боомт” гэж юу болох талаар манайхан нэгдмэл ойлголт­гүй байгаа нь анзаарагд­сан.
Боомт бол зөвхөн хилээр гарах гарц биш. Нэг талаасаа Монгол Улсын хилээр нэвтэрч
буй аюулгүй байдлын хяналтын бүс, нөгөө талаасаа эдийн засгийн чухал ач холбогдолтой
бүс юм. Үүгээрээ боомтын асуудал бол аюулгүй байдлын ч, хөгжлийн ч асуудал. Улсынхаа
үүд хаалга болсон боом­тын хөгжлийг төрөөс нэгдсэн бодло­гоор зохицуулж байдаг газар
байх ёстой. Тиймээс боомтын газрыг улсын тусгай хэрэгцээний газар болгож, боомтын
захиргааг байгуулан боомтын бүсийн аюул­гүй байдал, нэгдсэн төлөвлөлт, хөгжлийн
асуудлуудыг сайжруу­лахаар хуульд тусгасан байгаа.

-Боомтын хууль батлагдаад хэрэгжээд
эхэлбэл хилийн наанаа ядуу буурай, харин хилийн цаанаа хэд хэдэн өндөр хөгжилтэй
Эрээнийг бий болгох юм биш биз гэсэн болгоомжлол байна?

-Энэ бол буруу ойлголт. Өнөөд­рийг
хүртэл боомтын бүсийн хил хязгаарыг тогтоогоогүй, орон нут­гийн бөөрөнд хавчуулж
орхисон, нэгдсэн захиргаа гэж байхгүй явж ирснээс манай боомтууд өөдтэй хөгжөөгүй.
Тэгэхэд Замын-Үүдийн цаана байгаа Эрээнд энэ бүх зохион байгуулалт нь байдаг. Бүр
боомт хотын статустай. Төвийнхөө бодлогоор хөгжиж ирсэн. Манайх бол боомтоо Замын-Үүд
суманд даатгаад орхисон шүү дээ. Энэ хууль батлагдсанаар энэ бүх байдал өөр болно.

Э.ЭНХБОЛД

 

Categories
редакцийн-нийтлэл

Хонгор нутгийн хоёр сум хөгжлөөрөө аймгийн төвөөсөө дутахааргүй болно

Хэзээ ажиллаж бай­сан нь үл мэдэгдэх эв­дэрхий
уурын зуух, бал­гас болсон соёлын төв, сургууль. Хүн амьдардаг үгүй нь мэдэгдэхгүй
хууч­ны барилгууд.  Сумын төв гэхээр л ийм
дүр зураг толгойд өөрийн эрхгүй бууна. Монголын 21 айм­гийн 360 гаруй сумын алинд
нь ч очсон иймэр­хүү өнгө төрх угтдаг гээд хэлчихвэл нэг их буруу­тахгүй байх. Харин
Баян­хонгор аймгийн Баянлиг сумаар ороход дээрх бод­лууд тархинаас ул мөргүй арчигдах
нь тэр. Шөнийн 03.00 цагийн орчимд тус сумын нутаг дэвс­гэрт бидний хэдэн нөхөд
дөрөө мулталлаа. Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй сумын төвийн амьдралыг олж харах
нь битгий хэл хажуугаар нь олохгүй зөрөөд явсан тохиолдол олонтаа. Тэгвэл энд арай
өөр. Төвийн зам дагуу гэрэлтэх цэлийсэн гэрэл сумын төвийг бага ч гэсэн гэрэлтүүлнэ.

Цөлжсөн 
газраар олон зуун километр давхиж яваад Баян­лиг суманд ирэхэд бараг л аймгийн
төвөрхүү том сууринд ирсэн юм шиг санагдсан. Тус суманд бүтээн байгуулалтын ажил
ид өрнөж байна. Энэ жилээс “Шинэ сум төсөл” хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд
Баянхонгор айм­гийн Баянлиг, Бууцагаан хоёр сумыг сонгож хөгжлийн цоо шинэ түвшинд
хүргэхээр зорьсон аж. Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн албан ёсоор бүтээн байгуулалтын
ажлыг эхэлжээ. Баянлиг сумаас мянгат малчин олон төрж гарсан. Мал ихтэй , тэр дундаа
тэмээ ихтэй сум гэдгээрээ алдартай. Тэгвэл уг сумын урдхан хоёр, гурван давхар нийтдээ
зургаан барилга сүндэр­лэжээ. Энэхүү барилгын ажлыг “Их модун”, “Ти ти энд би” компаниуд
хамтарч гүйцэтгэж байгаа аж. Захир­гаа, 20 ортой эмнэлэг, 640 гаруй хүүхдийн багтаамжтай
сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, соёлын төв гээд цогц
бүтээн байгуулалтыг бий болгожээ. Одоогоор бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай явж
байгаа бөгөөд он гаргахаас өмнө дуусгахаар шамдаж байгаа гэнэ. Барилгыг зөвхөн Канад
модоор, Канад технологийн дагуу барьж байгаа аж. Харин барилгад хэрэг болох төмөр
арматурыг Дарханаас авчирч байгаа юм байна. Цаг, хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг
бодож өөрсдөө цементээ зуурч, элстэй холиод эргэн тойрон дахь явган хүний зам болон
авто зам тавьжээ. Замаа дагаад бүрэн гэрэлтүүлэг хийсэн харагдсан.

Канад нь манай оронтой уур амьсгалын хувьд төстэй
учраас иргэдэд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй гэнэ. Учир нь иргэдийн дунд мод амархан
галд шатдаг, салхи их сийгдэг гэх яриа бий. Тэгвэл “Их модун” компанийн захирал
Б.Цогтсэргэлэн үүнийг үгүйсгэж байна. Тэрээр “Энэхүү Канад мод нь галд тэсвэртэй,
дулаанаа удаан хадгалах давуу талтай. Хавартаа элсээр шуурч угалз босдог энэ нутагт
ч хамгийн тохиромжтой, найдвартай барил­гын материал юм” гэв. Аймгийн төвөөс хамгийн
алслагдсан энэ сум урагшаа 200 километр дахиад Шивээ хиагтын боомттой хиллэх хэдий
ч Барилгын модоо Канадаас оруулж ирэхдээ Хятадаар дам­жуулж авчирдаг юм байна. Ингэх­дээ
Хятадад үйлдвэрийн дамжла­гаар оруулж Монгол руу гаргадаг гэнэ. Уг нь бүтээн байгуулалт
оноос өмнө дуусах төлөвлөгөөтэй байсан ч хилээр модоо авчрах гэж хоног алддаг байна.
Тиймээс өөрсдөө үйлдвэртэй болоод Канадаас шууд модоо авчирвал цаг хугацаа, эдийн
засгийн хувьд ч асар их хэмнэлт хийж болохыг инженерүүд ярьж байна лээ. Өглөөний
жихүүн жавар хацар хайрч, амнаас гарах уур агаарт тэр дороо сарних үеэр ч тэндхийн
ажилчид ажралгүй ажлаа хийж байгааг харахад иргэн хүний хувьд бахадмаар. Учир нь
ажилчдын нэлээд хувь нь орон нутгийн иргэд гэсэн. Ажлын тохилог байр, эрүүл мэндийн
найдвартай орчин, үр хүүхдийнхээ сурч боловсрох таатай орчинг бий болгохын тулд
эцэг, эхчүүд гар бие оролцож байгаа аж. Зургаан барилгыг тойроод хүүх­дийн тоглоомын
талбай, бялдар­жуулах дасгалын талбай, хөлбөмбөгийн талбай байгуулжээ. Биднийг очих
үеэр сурагчдын дунд хөл бөмбөгийн тэмцээн болж байсан бөгөөд шинэхэн зүлэгжүүл­сэн
талбайд наймдугаар ангийн сурагчид хөлбөмбөг тоглож, зураг­таар л харж байсан хөлбөмбөгийн
талбай нь суманд нь бий болсонд баяртай байгаагаа ам уралдан ярив. Тэд хөлбөмбөгт
дуртай хэдий ч элсэн бужигнуулан бөмбөг өшиглөхөөс хэтэрдэггүй гэнэ. Мөн сүүлийн
үеийн спорт төв шинэ барилгуудын яг гол хэсэгт баригдаж байна лээ. Хараахан барилгын
гадна ажил дуусаагүй харагдсан. Харин бүх цахилгаан, уурын зуух, халуун хүйтэн усны
системээ холбочихсон бэлэн болгочихсон байсан. Цэвэр усны нөөц сумын төвд ойрхон
байхгүй учраас хайгуул хийж байж 800 метрийн холоос усаа татаж байгаа юм билээ.

Баянлиг сумаас 300 гаруй километр зайтай Бууцагаан
сум мөн “Шинэ сум төсөл”-д хамрагд­сан. Баянлиг сумыг бодвол барил­гын ажил арай
хожуу эхэлжээ. Гэхдээ ирэх оны гуравдугаар сар гэхэд бүтээн байгуулалтын ажил дуусна
гэсэн. Барилгын зураг төсөл яг ижилхэн. Эмнэлгийн орны тоо, сургуулийн багтаамж
гээд. Яагаад гэхээр Бууцагаан сум, Баянлиг сум тус тус 3500 орчим хүн амтай аж.
Малчид болоод сумын төвдөө амьдардаг айл өрхийн тоо ч ойролцоо гэсэн.  Бууцагаан сумын хувьд баруун бүсийн дамжин өнгөрөх
өртөө гэгддэг болохоор цаашдаа сумынхаа  хөгжлийг
аймгийн түвшин, түүнээс ч илүү гаргахаар Засаг дарга Ч.Энхдалай нэлээд ажил хийж
байгаа бололтой. Нутгийн иргэд ч хичээл зүтгэлтэй гэдэг нь харагдаж байсан. Сумандаа
талхны цехтэй. Өдөртөө 150 ширхэг талх, 100 гаруй нарийн боов үйлдвэрлэж гаргаад
сумынхаа хэрэгцээг ханга­чихдаг гэсэн. Түүнчлэн оёдлын цехтэй. Наанадаж захаас бэлэн
дээл аваад байхгүй хямд төсөр дээл тэндээсээ худалдаад авчихна. Тус сумын иргэн
Б.Цолмон гуай насаараа гагнуур хийсэн бөгөөд шинэ бүтээн байгуулалтын ажилд цалин
хөлс авахгүйгээр тусалж байгаа юм билээ. Бүр нутгийн ахмадуудаа уриалаад хавар мод
тарихаар төлөвлөсөн байна лээ. Б.Цолмон гуай “Сумын хөгжилд төр засгаас анхаарч
том бүтээн байгуу­лалт бий болгож байна. Нутгийн иргэд бид үнэхээр нар гарч байна.
Хэзээ биелэхгүй гэж бодож байсан паартай байшин, паалантай жорлонтой болж болох
ойрхон байна. Тиймээс бид ч гэсэн хүний өгсөн юмыг алгаа тосоод зүгээр авч суухаар
хуруу нэмэрлэх юмсан гэж хичээж байна” хэмээн их сэтгэл хангалуун ярьж байсан.

Үнэхээр ч бидний мэдэх сумын амьдрал орчин цагийн
төрхөндөө орж эхэлжээ. Гэхдээ дээрх хоёр сумыг нийтдээ 20 тэрбум төгрөгөөр ийн шинэ
сум болгож байгаа. Гэтэл нийслэлд хэдэн тэрбумаар ганцхан барилга бариад зогсч байна.
Хөдөөд хотоос ялгагдах нь ард түмэн нь амар амгалан, замын түгжрэл, элдэв стресс
гэж алга. Гагцхүү тэд хотын хөгжил дэвшил рүү тэмүүлж байсан бол одоо хаяанд ирлээ.
Хоёр сумын хэмжээнд 50 гаруй айл Канад модоор хувийн хаус бариулах хүсэлтээ өгөөд
байгаа гэсэн. Тэд­нийг ипотекийн зээлд хамруулах бодолтой байгаа бөгөөд урьдчил­гаа
15 сая төгрөг өгөөд хотынхноос дутахааргүй тансаг харштай болчихно. Малчдын хувьд
хоёр давхрынхаа цонхон дээрээс  хээрт бэлчээрлэх
малаа дурандаад суух цаг ойрхон байна. Засгийн газрын зүгээс ирэх оны төсөвт “Шинэ
сум төсөл”-ийн хүрээнд арваад суманд мөн ийм бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн
байна. 

 Д.ДАВААСҮРЭН 

Categories
редакцийн-нийтлэл

Ямар чиг байсан “янтгар” хатад минь зарга шүүж байсан нь дээр юм шиг байна

Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уул­залт
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнгө­рөгч хоёр өдрийн турш болж өндөрлөлөө.
Манай төрийн түшээ бүсгүйчүүдийн санаа­чилгаар зохион байгуулагдаж буй уг чуулганд
хойд, урд хөрш орнууд болох Орос, Хятад болоод Өмнөд Солон­гос, Хойд Солонгосын
пар­ламентын эмэгтэй төлөөлөг­чид оролцсон. Мөн Японы эмэгтэй парламентчид  ирэх байсан боловч тодорхой шалт­гааны улмаас
амжаагүй бөгөөд илгээлт явуулж хүн­дэтгэлтэй хандсан байна. Монголчууд өөрсдийгөө
дэл­хийд гайхуулах бас нэгэн томоохон үйл явдал нь энэхүү чуулга уулзалт боллоо.
Өөрийн­хөө үзэл санааг шууд тулган шаардаж байгаа юм биш шүү. Болоод өнгөрсөн үйл
явцаас харахад тийм сэтгэгдэл төрж буй хэрэг. Олон улсын шинжээч, улс төр судлаач,
нэртэй төртэй зүтгэлтнүүд чуулга уулзалтын талаар санаа оноогоо хэлэх биз ээ. Харин
нэг зүйлийг онцлоход, яагаад ч юм энэ дэлхий дээр монголчууд бид эмэгтэйчүүд, эхчүүдээ
хүнд­лэн дээдэлж, бүсгүй хүний ухаан, монгол хатдын суу билгийг ярьж, бичиж, биширч
ирсэн ард түмэн юм. Түүхийн буурал улбааг аваад үзье л дээ. Хүннүгийн үед ямар байсныг
мэдэхгүй. Эзэн Чингэс хааны үеэс хацар гоо хатдын эрх мэдэл хийгээд түүхэнд товойж
тодорсон зүйл зөндөөг хэн хүнгүй мэ­дэх юм. Алунгоо эхийн сур­гаалиас аваад Өүлэн
эх, Бөртэ Үжин, Сорхугтан хат­наар дамжин Мандухайгаар үргэлжлэх домогт бүсгүй­чүү­дийн
дотоод сэтгэлийн их хүч, шантаршгүй эр зориг, зөө­лөнд зөөлөн, хатууд хатуу хандаж
ирсэн ухаанд Мон­голын тусгаар тогтнолын үнэ цэн оршиж байсан гэхэд хэтийдсэн болохгүй
байх.

Үнэндээ Монголын ард түмэн шиг эхчүүдийнхээ хүнлэг
энэрэнгүй сэтгэлийг эрхэмлэн, үеийн үед охид бүсгүйчүүдээ хайрлан хүндэт­гэж ирсэн
улс орон Ази тивд бүү хэл дэлхийд ховор шиг санагдана. Ойроос нь Хятад, Солонгос,
Японоор жишээ авъя. Япон, солонгос харчууд охид бүсгүйчүүддээ нэг их хүндэтгэлтэй
хандаад бай­даггүй. Нэг л хүйтэн хөндий харилцаж байгаа харагддаг. “Гэрийн эзэн,
угсаа залгамж­лах хүү” гээд эрчүүдээ учиргүй магтаад өргөмжлөөд байд­гийг бид өнөө
олон сериа­лиудаас нь орой бүр үзэж байгаа. Хятадууд ч мөн ялгаа­гүй дээ, бас нэг
тиймэрхүү л инзааны байдалтай байдаг. Сүй тавьдаг учир, эх эцэгт нь сүйний мөнгө
гэж өгдөг боло­хоор гэр бүлийн нандин харил­цаа хийгээд хүндэтгэ­лийн зүйл нь бага
байдаг байх. Бараг л “Би чамайг худалдаад авчихсан” гэдэг утгаар харилцдаг байх.
Харин монголчууд бол өөр. Эмэгтэй хүнийг жинхэнэ эх хүн гэдэг утгаар нь дээдэлдэг.

Ер нь тэгээд зөвхөн монгол залуучууд л охид бүсгүйчүүдээ
дээдлээд, оюун ухаан хийгээд авьяас чадвар царай зүс, бие галбирыг нь бишрээд байгаа
ч юм биш ээ.

Дэлхийн бүх л орны эрчүүд монгол хүүхнүүдэд татагддаг.
Ухаандаа, Герман, Франц, Англи, Япон, Солон­гос, Хятадын харчууд манай бүсгүйчүүдтэй
гэр бүл болох гэж ёстой л амь тавин зүтгэцгээх нь түүний баталгаа нь болж өгч байгаа
юм. Мон­гол хүүхнүүдэд тийм нэг эрмэг зоримог чанар, нүдний гал дөл, авьяас чадвар,
амбийц, гэр бүлдээ хүндэтгэлтэй хан­дах гээд бидний мэдэх, эс мэдэх олон чанар хадгалагд­даг. 

Харин энд нэг юм хэлчи­хэд манай хамел жулдрай­хан
тэгээд архичин харчуудыг дэлхийн гоо бүсгүйчүүд огт­хон ч тоодоггүй л байхгүй юу.
Америк гэргийтэй, герман, франц, хятад гэргийтэй эрчүүд өнөөдөр хаана байна.  Тэгж нэг их дуулдаад бай­даггүй. Харин хуучин
хүрээ­ний харчууд  хятад хүүхнүү­дээс аваад,
орос, гуулин, пийлэн гэх зэрэг орны  сайхан
сайхан бүсгүйчүүдийг өөрийн болгож явсан түүх байдаг бололтой юм билээ. Их На­цаг­доржийн
“Хөөрхөн хэлтэй чамтайгаа, хөгжилдөн суух сайхан” гэх шүлгийн мөрүүд түүнийг гэрчилдэг.
Хятадаар шулганаад байх нь мань эрд хөөрхөн санагдаж байсан л даа. Гадаадад урлаг
соёлын боловсрол эзэмшсэн таван хэлтэй, тал дүүрэн адуу мал­тай  хүрээ гангачуул өнөөгийн хамел эрчүүдийн дэргэд
ширээ ат шиг харчуул байсан байгаа л даа. 
Одоо нэг ёсон­доо жинхэнэ Юндэн Гөөгөө­нүүд байж дээ гэх бодлыг төрүүлж цагаан
атаархал хөдөлгөх юм.

Эл бүгдийг Зүүн хойд Азийн эмэгтэй парламенчдын  чуулган Монголын төрийн түшээ хатагтай нарын санаа­чилгаар
болж буйтай  холбог­дуулж бичиж буйг та анзаарч
байгаа нь дамжиггүй. Бид дэлхий дахинд хэд хэдэн зүйлээр гайхуулах юмтай улс юм.
Тодруулбал, Монгол ард­чилсан улс гэдгээрээ дэлхий дахинд гайхагддаг. Манай төрийн
тэргүүнийг ардчиллын тугч гэж дэлхийн өндөр хөгжилтэй нөлөө бүхий улс орнуудын удирдлагууд
хү­лээн зөвшөөрч, олон улсын томоохон уулзалт, НҮБ-ын чуулган зэрэгт хүндэтгэн хү­лээн
авдаг. Түүний баталгаа нь Ардчилсан орнуудын хам­тын нийгэмлэгийн их хурал Монгол
Улсын нийслэлд өнгө­рөгч хавар болсон байх жишээний. Мөн Монгол Улс бол хүний эрхийг
эрхэмлэн дээдэлдэг гэдгээрээ дэлхийд гайхуулдаг. Одоо бол эмэг­тэй­чүүдийн эрхийг
машид хүндэтгэдгээрээ дэлхийд гай­хуулах хэрэгтэй болоод бай­на. Үүнийг саяын чуулган
гэрч­лээд өгч байгаа юм биш үү.

“Ямаан толгой ямбанд ордоггүй

Янтгар хатан зарга шүүдэггүй” гэж үг бий. Энэ
бол атаархаж үхэх гэсэн нэг муу доожоогүй эрийн зүгээр л  толгой холбоод  хэлсэн 
төдий үг юм. Нэг их ардын үгсээд байх ч юм байхгүй.  Ачир дээрээ зарга заалхай ч гэж юу байдгийг мэдэхгүй
нэг муу эрхийн тэнэгийг хойш нь түлхээд л өөрөө зарга шүүж эхлээ л дээ. Тэрэнд нь
атаар­хаж үхэх гэсэн юм л дээрх үгийг гаргаа. Ер нь тэгээд ардын үг гэж байдаггүй
байх шүү. Хэн нэгэн цэцэрхсэн нөхрийн толгой холбосон үгийг бусад нь цээжлээд л
тэр нь ардын гэх тодотголтой болчихдог юм шиг. Олны дунд яваад байдаг дээрх зуугуул
үгтэй холбогдуулаад хэлэхэд монголчууд бид авгай хүүх­нүүдээ хэзээнээсээ толгой
дээрээ гаргасан улс даа. Тэгээд буруудсан нь хаана байна. Хөдөөгийн эрчүүд наймаа
арилжаа хийх, нүү­дэл суудал  зэрэгт эхнэрүү­дийнхээ
л амыг харж байдаг. Ахуй амьдрал нь хэрхэн явж буйг эрчүүдэд анхаарах сөхөө гэж
байдаг болов уу. Монгол эрчүүдэд чинь архи уух гэж нэг их том, зав зай өгдөггүй
ажил байдаг юм. Түүнийгээ л амжуулж байна уу гэхээс ажил төрөл гэх юманд ухаан санаагаа
сатаа­руулах зав хэнд байхав дээ.

Гэргийнхээ л амыг харж бүхий л эрх мэдлээ түүнд
тушаасан байдаг даа. Оюутан хүүхдээ сургууль соёлд оруулах, төлбөр тооцоог нь тушаах,
цэрэгт яваад ирсэн нэгийг нь гэр бараатай болгох энэ бүгдэд эхчүүдийн нөлөө л тусч,
хүүхнүүдийн гар хөл хөдөлж байж ажил бүтдэг нь манайд  үнэндээ бичигдээгүй хууль болж дээ.

Хөдөө гэлтгүй төв суурин газарт ч хүүхнүүд л амьдра­лаа
залгуулж, ачааны хүн­дийг үүрч явна. Айл өрх бүрийг айлын дайтай авч яваа тэд улс
орныг яг л тэгж эмх цэгцтэй, хувирч хуйс­ганахгүй, хэлсэн үгэндээ эзэн болж авч
явах нь мэдээж. Ганцхан жишээ татахад, зо­хиолчид гэж золигийн хүмүү­сийг Удвал
гуайн ухаан л тэр олон жил залж ирсэн гэдэг. Ийм л нэг бүсгүй хүний ухаан, аливаад
голчтой нуруулаг чанар Монголын төрд хэзээ­нээсээ үгүйлэгдсээр ирсэн.

Яваандаа Монгол Улс эмэгтэй төрийн тэргүүнтэй,
эмэгтэй Ерөнхий сайд, Их хурлын даргатай болох байл­гүй дээ. Үүнийг манай саарал
ордонд өрнөсөн эмэгтэй пар­ламентчдын чуулга уулзалт бас л хэлээд өгөх шиг боллоо.
Бүсгүйчүүдийг сүүлийн үед ихэд амбийцтай болсон гэж ярих болсон. Амбийцтай байх
нь өнөө цагт их зөв зүйтэй алхам шиг харагддаг. Амжил­тад хүрэхийн гол тэмүүлэл
нь амбийц нь байлгүй . Эрчүүд бид амьдрал дээр ямар билээ дээ. Долоо хоногийн турш
бүрэн ажиллаж чаддаг билүү. Таван өдөр сайхан ажиллана. Ёстой л нэг чигээрээ зүтгэнэ.
“Үгүй ээ, мөн сайн ажиллаж байна шүү” гэж хэлэхтэй зэрэгцээд л архи уугаад алга
болно. Утсаар ярихад “Би ядарч туйлдатлаа хэдэн өдөр зүтгэлээ, ганц өдөр яагаад
амарч болдоггүй юм” гээд хэрэлдээд эхлэх нь хөөрхийлөлтэй. Хэдэн өдөр ажилласандаа
ялархаж бай­гаа нь тэр, үнэндээ бол ачаа­ны хүндийг үүрч сураагүй хэтэрхий нялгануур,
нялцгай байгаа нь л тэр байхгүй юу.

Тэгэхээр улс орон минь цаашдын хувь заяагаа бод­сон
ч, айл өрх бүр аз жаргал­тай, гэгээ гэрэлтэй сайн сай­хан амьдралаа бодсон ч “янтгар”
хатад минь зарга шүүж байсан нь дээр юм шиг байна аа.  Атаархуу нэг эрийн зүгээр нэг толгой холбоод хэлчихсэн
үг үеэ өнгөрөөсөн байна шүү.

Н.ГАНТУЛГА