Categories
редакцийн-нийтлэл

Л.Раднаасүрэн: Шатахуун импортлогч 13 компанид 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон

-“ЖАСТ ОЙЛ” КОМПАНИД ОЛГОСОН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ МОНГОЛ БАНК БУЦААЖ
АВСАН УЧРААС ХҮНДРЭЛ ГАРСАН БАЙЖ МАГАДГҮЙ ГЭНЭ- 

Зарим компани ша­тахууны­хаа
үнийг нэ­мээд байгаа. Энэ та­лаар Газрын тосны газ­рын хангамжийн хэлт­сийн дарга
Л.Раднаа­сүрэн­гээс тодрууллаа.

-Хоёр компани шата­хууны үнээ нэмлээ.
Юу­наас болж үнээ нэмсэн тухайгаа тайлбарласан уу?

-“Магнай трейд” ком­па­ни шата­хуу­ны үнээ 50 төгрөгөөр нэмсэн.
“Маг­най трейд” компани “Жаст ойл” компанийг худалдаж авсан тул “Жаст ойл” ком­па­ни
мөн шатахууны үнээ нэмсэн байна. Бусад ком­па­­ниуд үнээ нэмээгүй. Уул уурхайн яам,
Газрын тосны газрын удирд­ла­гууд “Магнай трейд” ком­панийн­хантай өнөөдөр­төө багтаж
уул­залт хийж, шалтгааныг нь тодруу­лах байх.

-Шатахууны нөөц хангалттай  гэсэн тайлбарыг албаныхан өгч байсан. Энэ үнэн
үү. Шатахууны үнэ нэмэгдсэн шалтгаан хомс­дол­той холбоотой юу?

-Нөөц хангалттай байгаа. Өн­гөр­сөн
оны мөн үетэй харьцуулбал хоёр дахин их нөөц байна. Хомс­дол үүсээгүй. Үнэ нэмэгдэх
шалт­гаан энэ оны зургаа, долдугаар сараас эхлээд 1400 төгрөг байсан валютын ханш
наймдугаар сарын сүүлээр 1700 хүрч, есдүгээр сард ч нэмэгдлээ. Нийтдээ 260 төгрөгөөр
валютын ханш өссөн. Бид шата­хуу­наа валютаар худалдаж авдаг. Тиймээс валютын ханшийн
өсөлт шатахууны үнэд нөлөөлөх гол хүчин зүйл юм. Үүнийг Засгийн газраас тогтвортой
байлгахын тулд тухайн үед нь зохицуулах арга хэмжээ авч ирсэн. Шатахууны жижиглэнгийн
үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг Уул уурхайн яам, Монголбанктай хамтраад хэрэг­жүүлж
байна. Энэ бүхний үр дүнд өнөөдрийг хүртэл шатахууны үнэ нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй.
“Маг­най трейд” компани өнгөрсөн амралтын өдрүүдээр 50 төгрөгөөр нэмснийг эс тооцвол
шүү дээ. Энэ асуудлаар тухайн компанийн удирд­лагуудтай уулзаж ярилцаад ямар нэг
шийдвэрт хүрэх байх.

-Нефть импортлогч компа­ниу­­дад
улсаас дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээлэнд хамруул­сан. Хөнгөлөлт авсан компаниуд
шатахууны үнэ нэмэхгүй гэсэн гэрээ хэлцэл хийсэн гэсэн. Шата­хууны үнээ нэмсэн
“Жаст ойл”, “Магнай трейд” компани хэлцэл хийгээгүй юм уу?

-Өнгөрсөн оны арванхоёрду­гаар сараас
Монголбанк, Засгийн газраас дэд хөтөлбөрүүдийг хэрэг­жүүлсэн. Тодруулж хэлбэл үнэ
тогтворжуулах хөтөлбөрүүд хэрэг­жүүлж байгаа. Энэ хөтөлбөрүүдийн хүрээнд хөнгөлөлттэй
зээл олго­сон. Банкны зээл жилийн 15, 16 хувийн хүүтэй байдаг бол хөнгө­лөлттэй
зээлийн хүү нь дөрвөн хувь. Ийм зээл олгож санхүүгийн дэмжлэг үзүүлэх маягаар үнэ
тогт­воржуулах хөтөлбөрийг хэрэг­жүүлж байна. Шатахуун импорт­логч 13 компанид харилцагч
бан­каар нь дамжуулж нийтдээ 120 сая ам.долларын зээл олгосон байгаа. Нэг жилийн
хугацаатай зээл олгоод явж байна. Энэ зээлийг нефть импортлогч компаниудад олгос­ноор
гадаад төлбөрийн тооцоо хийх санхүүгийн эх үүсвэр нь нэ­мэгд­сэн. Мөн зээлийн хүүгийн
зардал нь буурсан гээд олон талын ач холбогдолтой ажил болсон л доо. Графикаас харахад
хөнгө­лөлт­тэй зээл олгож эхэлсний дараа импортлогч компаниудын шатахуу­ны нөөц
огцом нэмэгдсэн байдаг. Өнгөрсөн жилүүдэд улсын хэм­жээнд ердийн хэрэглээ гэхэд
15 хоногийн нөөцтэй байдаг байсан. Энэ жилийн эхний есөн сарын байдлаар ердийн хэрэглээ
30-35 хоногийн нөөцтэй байна. Нөөцтэй холбоотойгоор компаниуд шата­хуу­ны үнийг
нэмэх асуудал байхгүй гэсэн үг. Гадаад хилийн үнэ, валю­тын ханш, Сирийн болон Египе­тийн
хямрал зэрэгтэй холбоотой­гоор дэлхийн зах зээл дээр түүхий тосны үнэ нэг баррель
нь 114 ам.дол­ларт хүрч байсан. Сүүлийн үед нефтийн үнэ бууж тонн нь 107, 108 ам.доллар
болоод байна. Гадаад зах зээлийн эдгээр хүчин 
зүйл манайд шууд нөлөөлдөг. Бид ОХУ-ын “Роснефть” компанитай томьёогоор үнэ
тогтоодог болсон. Өмнө нь ОХУ-ын нэг компанийн хэлсэн үнээр нь л авдаг байсан юм.
Тэр компаниуд нь үнээ ямар үндэс­лэлтэйгээр нэмсэн нь тодорхойгүй байдаг байсан.
Үүнийг арилгаж, хоёр талдаа ил тод болгоё гэж яриад дэлхийн зах зээлийнхээ зарчимд
уялдуулж томьёолдог болсон. Одоо дэлхийн зах зээлд түүхий нефтийн үнэ буурвал Орос
нефтийн хилийн үнэ бууж байгаа.

-Монгол АИ-93 шатахуун ний­лүүлж
байна. Энэ нь хэр үр дүнтэй ажил болж байна вэ?

-Монгол АИ-93 шатахууныг хам­гийн
анх 6000 тонныг оруулж ирсэн. Монгол АИ-93 зах зээлд маш сайн нэвтэрч байна. Импорт­логч
компаниуд захиалгаа сар сард нь нэмэгдүүлээд явж байна. Жи­шээл­бэл, есдүгээр сард
нийтдээ 15500 тонныг Хятадаас авсан байна. Хятад улс маш том зах зээлтэй. Монгол
Улсын хэрэглээ маш өчүү­хэн хэсэг нь учраас манай улсыг хэзээд бүрэн хангах боломж­той
гэсэн үг. Би өөрөө Хятадад очиж үйлдвэртэй нь танилцсан. Маш сайн чанарын шатахуун
бай­на лээ. Шинжилгээ­гээр Монгол АИ-93 бол манайд одоо худалдаж байгаа АИ-95-тай
актан нь адил­хан шахуу тийм сайн шатахуун байсныг хар­сан. “Жаст ойл” компани татан
буугдаж, шатахуун түгээх стан­цуу­дыг нь “Магнай трейд” компани худалдаж авсан.
Үүнтэй холбоо­тойгоор, “Жаст ойл” компанид олгосон байсан хөнгө­лөлт­тэй зээ­лийг
Монголбанк бу­цаа­гаад авсан. “Жаст ойл” компани манай зах зээлийн дөрвөн хувийг
эзэлдэг. Хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдах­гүй яг зах зээлийнхээ зарчмаар валютыг
зах зээлийнх нь ханшаар авч байна. Тэгэхээр “Маг­най трейд” компанийн нэг салбар
болсон “Жаст ойл” энэ мэт байд­лаас болж яалт ч үгүй үнээ нэмэ­хээс өөр аргагүй
байдалд орсон юм болов уу гэж харж байна. Тэрнээс биш бүх компанид хөнгөлөлттэй
зээл өгсөн. Ямар нэг байдлаар ялгасан юм байхгүй. Долоо, найм, есдүгээр сарын зохицуулалт
хийсэн. Одоо аравдугаар сарын зохицуулалт хийгдэнэ. Төрөөс цаашдаа ч зохи­цуу­лалт
хийж, хөнгөлөлттэй зээл олгоно гэдгээ импортлогч компа­ниудад хэлсэн байгаа. Компаниуд
ч хүлээж байгаа байх. Тэгэхээр шатахууны үнэ тогтвортой байж чадна гэж хэлмээр байна.

-Төрөөс зохицуулалт хийж байна
гээд хэт шатахууны үнийг барьж байна гэсэн шүүмжлэл байгаа?

 -Шатахуун бол стратегийн онцгой бүтээгдэхүүн. Бүх
бараа бүтээгдэхүүний суурь үнийг бүрдүү­лэгч болдог. Энэ утгаараа тодор­хой хэмжээний
төрийн хяналт зохицуулалтан дор явуулахаас өөр ямар ч аргагүй байдаг. Дэлхийн зах
зээлийн нөхцөл байдал хилийн нефтийн үнэ буурах үед компаниуд тодорхой хэмжээний
ашиг олж байна. Хүнд үед нь тухайн компа­ниуд нийгмийн хариуцлагаа хүлээх ёстой.
Ашиг олох үедээ олоод, олохгүй үедээ олохгүй байх асуу­дал байх ёстой. Монгол Улсын
шатахууны хангамжийг хариуцан тусгай зөвшөөрөл аваад улсын өмнө үүрэг хариуцлага
хүлээгээд явж байгаа учраас тэр. Ашиг оло­хоо­соо илүү нийгмийн хариуцла­гатай байх
ёстой. Тэр утгаараа төр засагтайгаа нийгмийн хариуцлагаа ухамсарлаад хамтарч ажиллаж
байгаа гэж ойлгож байна. Яамнаас шатахууны үнийг хэт бариагүй. Зээл тусламж олгох
маягаар хам­тарч ажиллаж байгаа. Цаашдаа ам.долларын ханш буурахгүй, дээр нь гаднаас
авч байгаа хилийн үнэ нэмэгдээд байвал зах зээлтэй нь уялдуулж шатахууны үнийг бага
хэмжээгээр нэмнэ. Ер нь шат­а­хуу­ны үнийг хамаагүй барьж болдог­гүй. Хүчээр барьсаар
байгаад компаниуд нь хүнд байдалд орох тийм асуудал гарч байсан. Шата­хууны үнийг
тогтвортой байлгана гэдэг нь үнийг огт өөрчлөхгүй, хөдөлгөхгүй гэсэн үг биш. Огцом
100, 200 төгрөгөөр нэмэгдүүлэхгүй­гээр барих юм.

-“Магнай трейд” компанитай уулзаад
ямар шийдэлд хүрэх вэ. Шатахууны үнийг бууруулах уу?

-Төр засгаас ийм ийм арга хэмжээ авна,
та нар эргүүлээд үнээ буулга гэдэг байдлаар ажиллах байх. Тиймээс бусад нефть импорт­логч
нар үнээ нэмж барьцах зүйл байхгүй.

-Хөнгөлөлттэй зээл, туслам­жийг
ямар байдлаар өгдөг юм бэ. Зээл авахад валютын өсөлт нөлөөлж байна уу?

-Импортлогч компаниуд банкин дээр
очоод валютынхаа ханшийг урьдчилж тохирч байна. Жишээл­бэл, банкин дээрээ очоод
“Манай компани одоо байгаа шатахуунаа борлуулаад нэг тэрбум төгрөгтэй болчихно.
Тэр мөнгөөрөө танай банкнаас ам.доллар аваад мянган тонн шатахуун авах юм. Гэхдээ
одоо биш шатахуун авах үедээ буюу аравдугаар сарын 10-нд вальют авна. Аравдугаар
сард танайхаас авах валютын ханшаа тохирчихъё. Өнөөдөр ам.доллар 1630 төгрөгийн
үнэтэй байна. Энэ үнээр валютаа авна. Хэрвээ сарын дараа ам.доллар 1700 болчихсон
байсан ч гэрээнийхээ дагуу 1630 төгрөгөөр авна” гэсэн хэлцэл хий­дэг. Зарим компани
доллар 1400 байхад нь наймдугаар сард 1400 төгрөгөөр нэг сая ам.доллар авна гэсэн
урьдчилсан хэлцэл хийсэн байгаа. Урьдчилаад тохирсон учраас валютын ханшийн өсөлт
импортлогч нарт хамаагүй болчи­хож байгаа юм. Иймэрхүү байд­лаар зохицуулалт хийж
ажиллаж байна.

-Нефть импортлогч 13 компа­нид
өгсөн хөнгөлөлттэй зээлээс аль аль компани хичнээн сая доллар авсан тухай мэдээллийг
дэлгэрэнгүй хэлж өгөхгүй юу?

-Зээлийн мэдээлэл Монгол банкинд байгаа.
“Жаст ойл”-оос бусад нь бүгд авсан даа.

Х.ЦЭНД-АЮУШ

 

Categories
редакцийн-нийтлэл

Нийслэлийн хуучин удирдлагуудын хэрэг нэмэгдэж, хамрах хүрээ нь өргөжиж байна

Г.Мөнхбаяр нарын нэр бүхий хүмүүсийг шал­­гаж эхэлснээс хойш
компаниуд газар авс­ны­хаа төлбөрийг хийж эхэл­жээ. Өнгөрсөн долоо хо­но­гийн хугацаанд
Нийс­лэлийн өмчийн ха­рил­­цаа­ны газар, хууч­наар Газ­рын албаны дан­санд 1.5 тэрбум
төгрөг төвлөр­чээ. Засаг дарга Г.Мөнх­баярын үед нийт 280 тэр­бум төгрө­гийн үнэлгээ
бүхий газрыг 250 орчим аж ахуйн нэгж ямар ч мөнгө төлөлгүйгээр авс­ны дэргэд
1.5 тэрбум төгрөг өчүү­хэн мэт боловч сүүлийн арав орчим жилд Газрын албаны дансанд
богино хугацаанд орж ирсэн хамгийн их мөнгө болж тодотгогдоод байгаа бололтой. Гэхдээ
энэ мөн­гийг 10-20 тэрбум төг­рөг төлөх ёстой “Торгон хэлхээ”, “Би Энд Си Эйч Өү”
гэх мэт томоохон байгуул­лагууд өгөөгүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Харин газрын
төлбөрт 10-20, 100-150 сая төгрөг төлөх ёстой жижиг гэх тодотголтой байгуулла­гууд
төлбөрөө хийжээ. Ийнхүү Нийслэ­лийн өм­чийн харил­цаа­ны газарт, газар авсны­хаа
төлбө­рийг байгуул­ла­гууд төлж эхэлсэн нь Засаг дарга асан Г.Мөнх­баяр, НИТХ дар­га
асан Т.Билэгт, Газ­рын албаны дарга асан Ц.Сандуй, дэд дарга асан Э.Ариун­гэрэл,
Орлого, бүрдүүлэлтийн хэлтсийн дарга асан Д.Даш­­цэцэг нарын хоо­ронд хэрүү­лийн
алим болоод бай­гаа гэнэ.

Учир нь дээрх нэр бүхий хүмүүс хуулийн
байгуулла­гынх­ныг өнгөрсөн жилүүдэд аргалж байсан шигээ энэ хэргийг хамтдаа ажрахгүй
давна гэж тооцоолж байж. Гэтэл хууль бусаар газар авсан компаниудын удирдла­гууд
авлига өгсөн ялд унахаа­саа эмээж хэргийг нь илчилж, газрынхаа төлбөрийг хийгээд
эхэлжээ. Үүний сацуу тухайн үед нийслэлийн удирдлагуу­дын халаасанд хийж байсан
мөнгөө нэхэх, “наад хэргээ өөрсдөө аргалаарай” гэх мэт дарамтыг компаниудын зүгээс
илгээх болж. Энэ бүх­нээс үүдэн өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хамтдаа байж
хэдэн зуун тэрбум, их наядаар тоологдох үнэлгээ­тэй газрыг хууль бусаар ол­гож үүнтэй
тэнцэх хөрөнгийг хувьдаа завшсан гэгдэж буй хотын Газрын албаныхан хөлөө жийлцэж
байгаа сураг­тай. Өнгөрсөн жилүүдэд ав­сан авлигынхаа мөнгийг ком­па­ниудад буцааж
олгох бол­бол хэнийхээ халааснаас гаргах вэ гэдэг хамгийн том асуудал нь болж байгаа
юм байна. Зөвхөн энэ л асууд­лаас болж олон жил дарга цэрэг, найз нөхдийн холбоо­той
явсан дээрх нэр бүхий хүмүүс “би, чи”-дээ тулж “чи төл, би чадахгүй” гэж нэгнээ
далдуур муулан явааг эх сур­валж өгүүлж байна. Бас хэв­лэл мэдээллээр гарч байгаа
мэдээллийг зогсоох кампанит ажлыг Д.Дашцэцэг, Э.Ариун­гэрэл нар удирдан эхлүүлсэн
ч энэ нь амжилт муутай болж, зөвхөн өөр, өөрийнхөө нэрийг гаргуулахгүйн төлөө хэн,
хэн нь ажилласан нь эцэстээ өширхөл болж сүү­лийн хэдэн өдөр хоорондоо уулзахаа
ч байсан гэдгийг ойр тойрных нь хүмүүс хэллээ.

Тэрчлэн Г.Мөнхбаяр, Т.Билэгт, Ц.Сандуй
нар АН-ынханд халаагаа өгөхдөө “өмнөх хэргээ аргалж, энэ хэдэн жилийг өнгөрүүл”
гэж Д.Дашцэцэг, Э.Ариунгэрэл нарт үүрэгдэн Өмчийн харил­цааны газарт даргын албан
тушаалд үлдээсэн нь  тус болоогүйд тэд бухимдацгааж
эхэлсэн байна. Уг нь Д.Даш­цэцэг, Э.Ариунгэрэл хоёр энэ үүргээ эхний нэг жил овоо
сайн биелүүлж Э.Бат-Үүл даргын хураах захи­рамж гаргасан компанийн газрыг шүүх дээр
эсрэг дүг­нэлт гаргуулан А үнэлгээ авахуйц ажиллаж байж. Үүнээс өмнө мандсан бас
нэг асуудлыг хав дарж найр наа­дам хийх дээрээ тулж байсан тухай мэдээлэл ч байна.
Шууд хэлбэл одоо мандаад  байгаа 280 тэрбум
төгрөгийн цаана үүнээс их хөрөнгө мөнгөний асуудал байгаа гэсэн үг.

Гэтэл яалт ч үгүй хэргийг нь Эрүүгийн
цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шал­гаж эхлэ­хэд Э.Ариунгэрэл,
Д.Даш­цэцэг нарын хүчин мөхөсд­жээ. Уг нь Э.Ариун­гэрэл нь хойно сургууль төгсч
хуулийн мэргэжил эзэмсэн нэгэн бөгөөд Монголын цаг­даа, шүүх, прокурор, ШШГЕГ-т
хүртэл гар хөлтэй, нөлөөлж чадна гэдгээрээ данайж ямар ч асуудлыг аргална гэдэг
байсан нь хуулийн байгуул­ла­гын шинэчлэл яригдсан өнөө үед амжихгүйд хүрсэн бололтой.
Ийнхүү аль, аль талдаа уруудан доройтсон нийслэлийн хуучин удирд­ла­гууд болон хуучнаар
Газрын албаныхан өнөөдөр нийтээ­рээ бултах биш зөвхөн дан ганц хар толгойгоо хэргээс
мултлахын тулд ажиллаж эхэлсэн байна. Энэ хүмүүстэй хамт хуучнаар Газрын алба­ны
Ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга М.Дунгармаа, Газар өмчлөлийн асуудал хариуцсан
ахлах мэргэжил­тэн Ё.Энхээ, хуульч Цолмон нарыг байцааж байгаа гэсэн.

Тэдний өдүүлсэн хэргийг дахин сануулахад
хууль бусаар нийслэлийн гурван дүүргийн 240 хэсэгт 24 сая метр квадрат газрыг
250 аж ахуйн нэгжид ямар ч үнэлгээ төлбөр авалгүйгээр, сонгон шалгаруулалт, тендер
зар­лал­гүйгээр өгсөн байгаа юм. Ингэхдээ хуулийн цоорхойг ашиглан “төр, хувийн
хэвшил хоршин ажиллана” гэсэн захи­рамжийг гаргадаг байсан байгаа. Үнэн хэрэгтээ
олго­сон газарт нь бага боловч төрийн оролцоо байдаггүй байсан нь одоо илэрсэн.

Түүнчлэн Г.Мөнхбаярыг нийслэлийн Засаг
даргаар ажилласан дөрвөн жилд Т.Билэгт, Ц.Сандуй, Э.Ариун­гэрэл, Д.Дашцэцэг нар
хотын А зэрэглэлийн бүсэд байх хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн газрыг
хувийн компаниудад өмч­лүүлж, байшин, барилга ба­риул­сан хэргүүд нь ч илрээд  байгаа гэнэ. Одоогоор хүүх­дийн тоглоомын хэдэн
тал­байг хувьд шилжүүлж барилга бариулсан нь тодорхойгүй байгаа ч иргэдийн гомдол
санал дээр тулгуурлан үзэхэд өндөр тоо гарах магадлалтай байгаа аж. Баянгол дүүргийн
III, IV  хороолол, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар
дүүргийн XI хороололд нийтийн эзэзмш­лийн талбайд барилга барих зөвшөөрөл олгосон
гэх мэдээллүүдийг иргэд ирүүлж байгаа. Ийн хүүхдийн тоглоо­мын талбай, олон нийтийн
эзэмшлийн газрыг хувьд шил­­жүүлснийхээ дараа тэд өөрсдийн хөрөнгөөр өндөр, өндөр
барилгууд бариулж өөр хүний нэрээр эзэмшлийн гэрчилгээ авдаг байсан гэх мэдээлэл
ч байгаа юм.  Тэр ч бүү хэл Засаг дарга асан
Г.Мөнхбаяр Хөдөө аж ахуйн яамны өөдөөс харсан 44 дүгээр байрыг ашиглалтын шаардлага
хангахгүй гэдэг үндэслэл гаргуулан дүн өв­лийн хүйтэнд оршин суугчдыг нь хөөж туун,
тог цахилгааныг нь таслан байж шинээр барил­гын ажил эхлүүлэх шийд­вэрийг гаргаж
байсан нь ч хуудуутай, хууль бус байс­ныг эх сурвалж өгүүлж байна. Ер нь нийслэл,
дүүргийн үе үеийн Засаг дарга нар нийслэлийн газрыг зарж хөлж­дөг нь нууц биш байсан.
Үүндээ бага, дунд албан тушаалтнуудыг татан орол­цуулж, хувийн компаниудын талд
асуудлыг шийдвэрлэдэг байсан энэ хэрэг ихээхэн өргөн хүрээг хамарч байгаа. Бизнесменүүд
болон нийслэ­лийн нэр бүхий удирдлагууд, дүүргийн газрын алба, Засаг дарга нар гээд
ойролцоогоор 300 гаруй хүнээс мэдүүлэг авах нь тодорхой болсон байна. Мөн 1990 оноос
хой­ших нийслэлийн үе үеийн удирдлагуудыг газрын асуу­далд холбоотойгоор шалгах
тухай мэдээлэл ч өчигдрөөс хойш тархлаа. Ямар сайндаа л МАН-ын залуус “М.Энхбол­д­ыг
энэ хэрэгт холбогдуулан шалгана гэдэг нь үнэн үү. Хэрвээ шалгавал цаад хүн чинь
давж гарч чадах уу. Үүнийг эртхэн мэдэж намын­хаа Их хурал дээр дэмжих эсэхээ шийдэх
гэсэн юм” хэмээн Эрүүгийн цагдаагийн газраар орж, гарч байхав.

ГАЗРЫН ТӨЛБӨРТ ТЭРБУМААС ДЭЭШ
ТӨГРӨГ ТӨЛӨХ ЁСТОЙ КОМПАНИУД

Тэрбумаас дээш төгрө­гийн үнэлгээтэй
газрыг үнэгүй авсан хорь орчим компани, хувь хүн байна. Жагсаалтын эхэнд Монголын
морин спорт, уяачдын холбоо байх юм. Тэднийх Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд
10.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 18 га газрыг хэдэн жилийн өмнө авсан ч өнөөдрийг
хүртэл төлбөрийг нь төлсөн баримт алга. Бас “Грийт ЭдэнВайс” гэх компани Баянзүрх
дүүр­гийн 20 дугаар хороонд 84 га газар авч төлбөр болох 9.2 тэрбум төгрөгийг төлөлгүй
өдийг хүрчээ. “Импайрланд” компани ч мөн л Г.Мөнхбаяр Засаг даргын захирамжаар Хан-Уул
дүүргийн 10 дугаар хороонд 20 га газар гаргуулан авч 2.2 тэрбум төгрөгийн төл­бө­рийг
төлөөгүй нь хуулийн­ханд ороогдох шалтаг болж байна. Иргэн А.Янжинлхам, Ж.Тэмүүжин,
нар мөн л Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт тус бүр 10 га газар
авч нийт 2.7 тэрбум төгрөгийг хэнд, хаана, хэзээ тушаасан нь тодор­хой­гүй байгаа
бол А.Буяндэлгэр гэгч нэгэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд 16 га газрын
1.7 тэрбум төгрөг төлөх ёстой аж. Энэ мэтчилэнгээр “Органик” компани Хан-Уул дүүргийн
10 дугаар хороонд 17.6 га газрын 2.3 тэрбум төгрөг, “Алтан ар тэвш” ком­пани Хан-Уул
дүүргийн 14 хороонд 150 га газрын 9.9 тэрбум төгрөг, “Дасон” ком­па­ни Хан-Уул дүүргийн
14 хороонд 150 га газрын 9.9 тэрбум төгрөг, “Техник кастле” компани Хан-Уул дүүргийн
16 дугаар хороонд 10 га газрын 1.3 тэрбум төгрөг, “Субутын гэгээ” компани Хан-Уул
дүүр­гийн 10 дугаар хороонд 100 га газар авсны 6.6 тэрбум төгрөг, “Сэлэнгэ ургац”
компа­ни Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 20 га газрын 1.7 тэрбум төгрөг, “АЧинскай”
компани Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд 84 га газрын 1.1 тэрбум төгрөгийг тус
тус төлөх ёстой байна.

Ийн14 аж ахуйн нэгж дээр асуудлыг
шүүхэд нийслэлийн хэмжээнд 80 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Эрүүгийн
цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс яагаад энэ мөнгө орох
ёстой дансан­даа ороогүйг шалгаж, хэн нь төрийн өмчийг завших сэд­лийг гаргасныг
эхний ээлжинд тогтоохоор шалгаж байгаа юм.

Л.МӨНХТӨР
Үргэлжлэл бий

Categories
редакцийн-нийтлэл

Аав аа, Зориг гэж хэн юм бэ?

Өнөөдөр С.Зориг агсаны
хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.

1998 оны аравдугаар
сарын 2-нд түүнийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг бүрэлгэсэн билээ. Түүний
үхлийг улс төрийн аллага байсан гэдэгтэй олон хүн санал нэгддэг ч энэ хэргийг
чухам хэн үйлдсэн бэ гэдэг нь одоо ч илрээгүй, оньсого хэвээр байгаа. С.Зориг
агсаныг амиа алдаад гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхэд гучин
мянга гаруй хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа. Тэр үед болсон энэ
үйл явдал одоо ч Монголын ард түмний сэтгэлд хадгалагдаж “Энэ хэрэг хэзээ илрэх
бол” гэсэн далд асуулттай тулгардаг байх.

Гаднаас нэртэй үзмэрч,
зөн билэгч гэгдэх хүмүүс ирэх тоолонд “С.Зоригийн хэрэг хэзээ илрэх вэ” гэсэн
асуултыг манайхан асууцгаадаг.

Уг аллага болоод 15 дахь
намартайгаа золгож байна. Мартагдах дөхөөд байгаа энэ хэргийг С.Зоригтой хамтдаа
мөр зэрэгцэн явсан журмын нөхөд, ар гэрийнхэн нь нийтэд сануулахын тулд төрсөн
өдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд, бас нас барсан энэ өдрөөр хөшөөнд нь цэцэг
өргөдөг. Нэг үгээр С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх ёслол боловч нөгөө утга нь
түүний аминд хүрсэн этгээдийг олохыг шаардсан өдөр гэж ойлгож болно.

Өнөө өглөө болсон
С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын хажуугаар аавынхаа гарнаас хөтөлж явсан
охин хөшөөн дээрх “С.ЗОРИГ. Монголын ард түмнээс” гэх бичгийг олж уншчихаад
“Аав аа С.Зориг гэж хэн юм бэ. Бас нэг Сүхбаатар юм уу” гэж асуусан нь чихэнд
содон сонсогдов. Дунд сургуулийн бололтой энэ охин арван хоёр, гуравтай л
байсан байх.

Үр, үндэс соёолж, хуучин
навчис эхэлж унадаг хорвоогийн жамаар та бидний амьдрал үргэлжилсээр байна.
Дараа жилийн энэ өдөр аав, ээжээсээ ингэж асуух хүүхдийн тоо дахиж л нэмэгдэнэ.
Тэдний буруу биш л дээ.

Чингэс хааны хөшөөг
хараад “Энэ хүн Сүхбаатарын аав нь юм уу. Хоймортоо суучихаж” гэж асуудаг
бидний хойч үеийнхэн хэдэн жилийн дараа С.Зоригийн хөшөөг хараад “Энэ хэн юм
бол” гэсэн асуултыг өөрөөсөө асуух нь дамжиггүй юм.

Хүүхэд бүр заавал
С.Зориг агсаны аллагын талаар мэдэх албагүй л дээ. Гэхдээ нийгмийн эс, нэг эд
болж торниж буй бидний хойч үеийнхэн үүх түүх, нийгэмд болж буй үйл явдлын
талаар хангалттай биш ч өөрийн гэсэн хэмжээндээ мэдлэгтэй байх ёстой.

Тэднийг ийм байхад эцэг
эх, багш нар нь хамгийн их нөлөө үзүүлж, ярьж тайлбарлах хүмүүс сэн, уг нь.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Нүргээнтэй Нью-Йорк

Өнгөрсөн долоо хоногийг АНУ-д өнгөрөөлөө.
Америкийн хамгийн том, дуулиан, шуугиантай Нью-Йорк хотод хэд хонолоо. Тэнд  дэлхийн улс гүрнүүдийн Ерөнхий­лөгч, Ерөнхий сайд,
Гадаад хэр­гийн сайдууд цугласан юм. Үнд­сэндээ дэлхийн ихэнх улс орон энэ өдрүүдэд
“эзэнгүй” байсан гэхэд болно. Учир нь жилд нэг удаа болдог НҮБ-ын Ерөнхий Ассамб­лейн
чуулган уламжлал ёсоороо хуралдаж, ах дүүсээрээ цагаан сараар нэг золгодог шиг л
орон орны төр засгийн тэргүүнүүд уул­заж бужигналдлаа. Манай Ерөн­хийлөгчийн хувьд
АНУ-ын Ерөн­хийлөгч Барак Обаматай хамт хурал даргалсан. НҮБ-ын индэр дээр нэг өдөр
хоёр удаа гарч үг хэллээ. Дэлхий нийтийн анхаар­лын төвд байгаа сэдвүүдээр өөрийн
улсын байр суурийг жин­тэй­хэн шиг илэрхийлээд ирлээ. Энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий
Ас­самб­лейгаар юу хэлэлцэж, манай улс ямар байр суурь илэрхийлсэн тухай мэдээллүүдийг
цаг тухайд нь уншигчдадаа хүргэсэн гэж үзээд алгасчихъя.

Бөмбөрцөг дэлхийн зургаан тэрбум хүний
дийлэнхийнх нь мөрөөдөл болсон Америк бол хуучин цагийг бодвол монголчуу­дын хувьд
“сонин” биш болчихсон биз ээ. Гэхдээ анх удаа очсон над мэтийн сэтгэлд холын Нью-Йорк
нүргээнтэй санагдлаа.  Тэнд өглөө, оройдоо
жихүүн салхитай, дан цамцтай гүйхэд чичрэм байна лээ. Харин навчис шарлаагүй, ногоо­ноороо
байхыг бодоход намар цаг хаа ч байсан юм. Бороо хур нь ч татарсан юм уу даа, өнгөрсөн
өдрүүдэд лав үзэгдсэнгүй. Нью-Йоркийг АНУ-ын худалдаа, санхүү­гийн төв гэлцдэг.
Хувцас загварын нөлөөтэй хотуудын нэг ч гэдэг. Тийм  учраас хүүхнүүд Нью-Йоркоос гангарааны хувцсаа
авахаар хошуур­даг тал бий. Хэдийгээр хамгийн өртөг өндөртэй хот ч гэлээ Америкийн
бусад хотуудын хүүх­нүүд амралтын өдрөөр зөвхөн Нью-Йоркт ирж дэлгүүр хэсдэг гэж
байгаа. Америк хүүхнүүд  хээ шаа­гүй, гартаа
таарснаараа хувцасла­чихдаг.  Бүр ажил хэргийн
хослол дээр пүүз жийчихсэн явах нь элбэг. Тэгвэл Нью-Йоркийн хүүхнүүд тэр шонхруудаас
арай өөр, хээнцэр гэж яригддаг. Үнэхээр ч маяг моодтой хувцасладаг нь үнэн юм. Гэхдээ
ганган хээнцэр азиудыг яаж гүйцэхэв. 

Нью-Йоркчууд нэг бодлын соёл­той сайхан
зантай, нөгөө талаас их зантай хүмүүс юм. Таньдаг, таньдаггүй хамаагүй гу­дам­жинд,
лифтэнд хаана л таарна малилзтал мишээж, 
мэндлэх, үдэх урлагт гарамгай. Харин үйлчилгээ­ний соёлд тиймхэн. Ялангуяа
азиудад хандах хандлага нь дорд. Наймаа хийе гэсэн азиудыг үл тоож, даапаалах нь
цаанаа зэвүүн. Дээрээс нь хүн, машин хоёр нь байх ёстой хэмжээнээсээ хэтэр­чихсэн
мэт  төвөгтэй санагдах аж. Нью-Йоркт машины
бөглөрлөөс гадна хүн түгжрэл гэж нэг асуудал байна. Бужигнасан түмний хаш­гиралдаанд
чих ядармаар төвөг­тэй. Ялангуяа алдарт Бродвейн гудамжинд бол өдөр бүр баяр ёслол,
багт наадам болж байдаг юм уу гэлтэй. Энд тэндгүй үлгэрийн баатрууд нь “амилчихсан”
зургаа татуулна. Тэр бүр нь нэг ам.долларын үнэтэй. Хичээл, сургууль, баяр ойртсон
өдрүүдэд манай Нарантуул зах л нэг тийм шахцалдаантай байдаг даа.

Тэнгэр баганадсан урт чацтай барилгуудаараа
Нью-Йорк алдар­тай хот. Тэр өндрүүд хоёроор дутчихаад байсан. Есдүгээр сарын
11-нд террористуудын гарт үрэг­дэж нурсан тэрхүү ихэр цамхгийн туурин дээр босгож
байгаа хоёр өндөр ашиглалтад ороход бэлэн болчихсон харагдана лээ. Ийнхүү түм түжигнэж,
бум бужиг­насан Нью-Йоркт манай Ерөн­хий­­лөгч НҮБ-ын чуулганд оролц­сон юм. Тэрээр
энэ үеэр Германы канцлер Ангела Меркельд дахин сонгогдсонд нь баяр хүргэж утсаар
ярих мөчид сэтгүүлчид хамт байж таарсан билээ. Үүнээс өмнө Ерөн­хийлөгч бидний хэдэн
сэтгүүлчтэй цөөн хором хэрхэн буу халсныг элдэв хачиргүйгээр хүргэчихье.

Сэтгүүлч: Обама та хоёрын хамт сууж байгаа зурагнууд Амери­кийн
хэвлэлүүдээр их гарсан байна лээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тийм үү. Ирэх жилийн НҮБ-ын Ерөнхий Ассамблей их чухал
болно. Учир нь 2015 оны мянганы хөгжлийн зорилтуудыг авч хэлэл­цэнэ. Энэ зорилтуудын
төслийг би гаргалцсан л даа. Монголын хувьд энэ зорилтуудын гурав нь биелсэн. Нийт
12 зорилт байгаа шүү.

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн: Германы канцлер Ангела Меркель одоо холбогдоно гэж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Өө тийм ш дээ. Германы сонгуульд 44 хувийн санал авчихвал
ялсанд тооцогдчихдог. Меркель 41.7 болчих­лоо. Ингээд гурав дахиа сонгогдлоо. Меркель
сая сайн дэмжлэгтэй байна лээ. Аль намтай эвсэх үү гэдгээ л шийдэх байх. За тиймээс
эгчтэйгээ баяр хүргээд нэг ярьчихъя.

Сэтгүүлч: Та сонирхолтой уулзалтуудаасаа яриач.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Зөндөө зөндөө. Протоколд орсон улсуудын тухай л ярина.
АНУ-тай бид ил тод байдлын гэрээ байгуулж байгаа. Энэ талаарх мэдээл зүгээр л байх.
Тэгээд Нью-Йоркийн тухай нэвтрүүлэг хийхгүй юу.

Ер нь бол есдүгээр сарын 1-нд ангидаа
цуглаж байгаа хүүхдүүд шиг л болчихдог юм байна. Ерөн­хий Ассамблейн чуулганы нээлтэд
өглөө 07.00 цагаас очих байсан. Гэхдээ 09.00 цагаас очиход яг л таарч байна лээ. 

Сэтгүүлч: Цагтаа цуглахгүй дээ гээд хашир явжээ. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тийм. Америк руу сэтгүүлчдийг сургалтад явуулаад байгаа
хүмүүстэй та нар уулзсан уу. Энэ сургалтын хугацааг сунгая гэж ярьж байна. Гурван
сараар явуулж, мастерт сургаж болж байна. Энэ сургалтуудын зардлыг Тамгын газраас
гаргадаг гэж бодож байна уу.

Сэтгүүлч: Дандаа гадаад мэдээнийхэн явсан байх шүү, тэр сургалтад.
Явсан сэтгүүлчид юм сураад ирдэг юм билээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Залуу багш нарын сургалт нь бас их зүгээр юм билээ. Үүнийг
дэмждэг юм уу гэж бодоод байна. Та нар эндээс зургаа авахуулаач. Би буусан буудлынхаа
цонхоор зураг аваад твиттерт жиргэчихсээн. Шилэнд өөрийгөө тусч байгааг мэдэхгүй
халаадтайгаа зогсч бай­гаад авахуулсан зургаа твиттерт тавьчихсан байна лээ.

Сэтгүүлч: Та хамгийн их дагагч­тай юм билээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тийм. Сургуулийн хүүхэд бүр фэйс­бүүкт ордог юм билээ.
Есдү­гээр сарын 1-нд хичээл зааж байхдаа хүүхдүүдээс асуусан чинь бүгд гараа өргөж
байна лээ. Их гайхсан шүү.

Сэтгүүлч: Танай хүү Суданд алба хааж байгаа байх аа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тийм. Гэхдээ нийгэм итгэж хүлээж авахгүй байх шиг байгаа
юм.

Сэтгүүлч: Тантай их адилхан шүү дээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Би цэрэгт байсан үеэ зүүдлээд байдаг юм. Тэгэхээр Суданд
байсан үе нь мартагдахгүй  л дээ.

Сэтгүүлч: Та Ерөнхийлөгчийн­хөө тангаргийг өргөөд сандал дээрээ
суухдаа нэг их санаа алд­сан. Тэгэхэд юу бодсон бэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хоёр дахь удаа тангараг өргөхдөө туршлагатай болчихдог
юм билээ. Бараг хөтөлбөрөө ч хараагүй шууд гарчихсан шүү дээ. Гэнэт хүмүү­сийн өмнө
гарч ирээд би чинь тангараг өргөх гэж байгаа бил үү гэж бодсон.

Зөвлөх Л.Пүрэвсүрэн: Обама өчигдрийн хурал дээр их тайван байна лээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Нүүр нь цонхийчихсон байсан. Өчигдөр харин тос даагаад
л өнгө­тэй байна лээ. Тэрээр ийн хууч хөөрсний дараа Ангела Меркель­тэй утсаар ярьсан
билээ. Ангела Меркель Ерөнхийлөгчийн баяр хүргэсний хариуд “Би Монголд очих юм уу,
та Герман руу ирэх юм уу” хэмээн хатагтай Ангела манай Ерөнхийлөгчөөс асууж, эвсэл
байгуулахаар зэхэж суугаагаа илэрхийлсэн билээ.

Үргэлжлэл
бий

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Олигархиудын дунд огиж байхаар одоо ингээд больчихвол яасан юм бэ?

Сүүлийн үед Их хурлын гишүүд ялангуяа залуу гишүүд
ганцаараа тодрох гэж янз бүрийн арга чарга хэрэг­лэх болжээ. “Манай нам муу­хай,
олигархиудаар дүүрсэн. Намын бодлого надад таа­лаг­­дахгүй байна. Би бол шудар­га
хүн, ард түмнийхээ төлөө зүтгэж яваа” гээд эхлэх юм. Тэдний ийм байдал улс төр бужигнаанд
орж хавар, намрын чуулган эхлэх, улс орны цаашдын хувь заяаг шийдсэн олон чухал  хуулиу­дыг хэлэлцэх үеэр бүр илүү­тэй анзаарагдах
боллоо. Нийг­мийн бүхий л давхарга фокусаа саарал ордон руу тусгасан үед “ажлаа”
хийхээ тэд эрхбиш  мэднэ. “Яг энэ сиймхийг
ашиглаж үгээ хэлэх хэрэгтэй” гэх зарчмаа аль эртнээс тодорхойлчихсон байгаа. Тэгээд
нэг их шударга царайлсан хүмүүс сонин, теле­визэд ярилцлага өгч наанаа эх орон,
ард түмэн минь гэсэн атлаа цаанаа өчүүхэн эрх ашиг, нэр төрийн  төлөө  ажиллаж
эхэлж байгаа нь яалт ч үгүй анзаарагдах нь бий.

Их хурлын танхимд иймэр­­хүү төрийн түшээд байгааг
ний нуугуй хэлье л дээ. Ж.Батзандан, Г.Уянга, С.Ганбаатар нарын залуу гишүүдээс
дээр өгүүлсэн өнгө аяс, өнөө л шударга царайл­сан хуурамч төрх илүүтэй мэдрэгддэг.
Намтайгаа, намын бүлэгтэйгээ өглөө орой өдөр шөнөгүй дайтсан,  шударга ёсны төлөө тэмцсэн тэгээд тусыг эс олсондоо
машид зовцгоосон, зовлон­той хүмүүс л байх юм. 
“Би үнэндээ нам дотроо ганцаар­даад байна. Бүгд миний эсрэг боллоо. Миний
эсрэг байна гэдэг чинь ард түмнийхээ эрх ашгийн эсрэг байна гэсэн үг биз дээ” гэх
утгатай мессе­жийг зогсоо зайгүй нийгэмд хаяж өөрсдийгөө сурталчилж эхэлсэн. Тэднийг
иймэрхүү зүйл яриад эхлэхээр иргэний хөдөлгөөнийхөн ханддаг, үйлдвэрчний эвлэл юм
уу, төрийн бус байгууллага бай­гуу­лаад жижигхээн эрх ашгийн төлөө, баялаг бүтээж
ажилтай, орлоготой Монго­лыг бий болгож буй хувийн хэвш­лийнхний эсрэг тэмцэ­хээр
санаа шулуудсан хэдэн нөхөд ирнэ. Даруйхан бүс­лээд авна. Хуулийн төсөл санаачлахыг
санал болгоно. Ингээд Уянга, Батзандан, Ганбаатартангууд иргэний хөдөлгөөн, үйлдвэрчний
эвлэ­лийнхэнтэйгээ нийлж аваад намынхаа эсрэг, төрийн­хөө эсрэг, ард түмний сайн
сайхан амьдралын эсрэг тэмцээд эхэлнэ дээ. Үүгээрээ тэд өөрсдийгөө тодроод бусад
түшээдээсээ ялгараад байна гэж боддог байх. 
Өнөө “дуулсан дуундаа өөрөө уяраад” гэдэг шиг. Үнэндээ эрх баригчдын эсрэг
зоримог­хон хэлж буй үг, хийж буй үйлдэл нь залуу гишүүдийг нийгэмд тодруулдаг л
даа. Гэтэл аливаа зүйлийн наад цаадахыг ойлгодог, учир мэдэх, юунд ч болов ултай
суурьтай ханддаг хүмүүст  “шударга” түшээдийн
аяг ааш үнэндээ инээдэм шүү дээ. Жүжиг гэдгийг нь бүгд мэдэж байгаа. Хий хоосон
зүйл, зүгээр л дүр эсгэлт гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Захын хүн гадарлах болсон.
Харин “нялх Сэнгүм”-үүд маань үүнийг мэдэж баймаар юм. Өөрсдийгөө буруу замаар явж,
маш богино зайны өнөө маргаашийн улс төр хийж байна гэдгээ ухаармаар юм. Огт ухаарахгүй
байгаа нь хачирхалтай, хатуухан хэлэ­хэд эмгэнэлтэй юм даа.

Хамтран зүтгэгч зорилго нэгт нөхдөө муу муухайгаар
дуудах, олигархи энээ тэрээ гэж цоллох нь наанаа улс төр гэж цайруулавч хүн ёсныхоо
хувьд   энэ нь увайгүй зан. Эгэл жирийн амьдрал
дээр энэ нь дэндүү увайгүй, ёс зүйгүй  болж
хувирдаг. Ерөөс тийм ч харагддаг. Энгийнээр жишээ аваад үзье. Нэг ширээ­ний ард
нэгэн санаа бодол­той сууж үзэл бодлоо хуваал­цан, ажил төрлийн гэрээ хэлэл­цээр
хийж гэмгүй сай­хан нөхдийн хүрээнд сэтгэл нэг байчихаад тухайн өрөө­нөөс гарангуутаа
хамтран зүтгэгчээ хулгайч дээрэмч­нээр нь дуудаж, хүний адаг мэтээр яриад байвал
тэр хүн өөрөө ямар харагддаг билээ. Тийн хэлж ярьж буй хүнийг бусад нь яаж хүлээж
авах уу. Өөрийг нь л “ёстой хүний адаг юм даа, үүнтэй нөхөрлөвөл алуулах нь байна
шүү” гэж бодоод өнгөрнө биз дээ. Хүмүүний амьдралын бичиг­дээгүй хууль бол энэ.

Түүн лүгээ адил эрхэм төрийн түшээд минь Их хур­лын
танхимд нүүр нүүрээ харж, тохой нийлүүлж суу­гаад Монгол төрийн төлөө итгэл, сэтгэл,
зорилго нэг гэчихээд хоёрхон алхаад нэгийгээ олигархиар нь дуу­даж “Монгол төр,
Монголын ард түмний  эсрэг явж байна” хэмээн
хэвлэл мэдээллээр зарлахын хэрэг байна уу даа. Ядахад эргээд уулзах нүүр гэж нэг
юм бий дээ . Эл бүг­дийг өгүүлсний учир саяхан Батзандан гишүүн өдөр тут­мын нэгэн
сонинд өгсөн ярилц­лагадаа “Олигархиуд юу ярихыг сонсох гэж би бүлгийнхээ хуралд
суудаг” гэж ярьсан байна лээ. Тэгээд намынхаа олигархиудын дунд ихэд огиудас нь
хүрч бөөлжис нь цутгаж байгаа маягийн юм хэлсэн байна лээ. Гэхдээ өнөө олигархиудаа
бас нэрлэчихэж чадахгүй байна лээ. Эрхэм гишүүний огиудсыг хүргэж бөөлжсийг нь цутгуулж
бүлгийн хуралд суухад чимээгүйхэн тамлаж буй нөхдүүд  хэн байж таарах уу. Ардчилсан намаас  төрд тодорхой хэмжээний алба хашиж дээр нь төрийн   мөн­гөөр хөрөнгөжсөн гэх хүмүү­сийг хэлнэ байх
даа.  Тэгэх­лээр ардчилсан намын  бая­чуу­даас нэрлэх нь зөв болов уу.  Гэхдээ эдгээр нөхөд төрийн мөнгөөр баяжиж олигар­хи
болсон гэдэг нь  одоохондоо мэдэгдээгүй бай­гааг
хэлэх нь зүйтэй болов уу. Ардчилсан намын нөхдөөс арай бэл бэнчинтэй нь гэвэл Д.Зоригт,
Г.Батхүү, “Ажнай”-н Бат-Эрдэнэ, “Женко” Баттул­га, “Мон-Уран”-ы Б.Наран­хүү, Лу.Болд
энэ хэд лав орно байх. Та хэд хажууд чинь хүн огиудсаа барьж ядан суугааг ер нь
анзаардаг уу. Ардчил­лын төлөө цохилох зүрхтэй юм гэж, аргагүй байдалд орж орон
шоронгийн хадаас болох нь гэж, залуу хүний зүрх зоригийг нь мохоогоод яах вэ гэж  намдаа элсүүлээ байх. Тэгж ч үзэж нөмөр нөөлөг
болж одоо хүртэл хажуудаа авч яваа биз. Гэтэл та нар ингэж өөрчлөгдсөн юм уу, танай
залуус та нараас ийм өөр юм уу.

Харин  журмын
нөхдөө олигархиар цоллон огиудсаа хүргэж байхаар эрхэм залуу түшээд минь Их хурлын
танхимаа орхиод өгвөл яасан юм бэ. Намынхаа бүлгийн хуралд суухгүй юм бол та гишүүн
байгаад яах вэ. Намын батлахаа даргадаа өгчихөөд Их хурлын гишүү­ний үнэмлэхээ хууль
жур­мынх нь дагуу хураалгачи­хаад гудмандаа гарвал зүгээр бус уу. Өөрийн хүсэлтээр
Их хурлын танхимыг орхиж болно шүү дээ. Тэр эрх таны өмнө нээлттэй байгааг эрх биш
мэднэ байлгүй дээ. Хэр­вээ гишүүнээсээ татгалзаж чадахгүй юм бол жүжиглэхээ болих
хэрэгтэй. Шударга царайлсан хуурамч дүр эсгэн бусдаасаа ялгарах гэсний, өөрийгөө
тодруулах гэсний хэрэг байхгүй.

Шударгад ч хэмжээ бий. Хэмжээ нь хэтэрсэн шудар­гуу­дын
түүхийг бид хэтэрхий их мэднэ дээ. Ардын хувьс­га­лын шударга гарууд эх эцгээ ногоон
малгайтанд барьж өгдөг тухай, тэднийгээ энэ хорвоогийн муу муухайгийн туйл байсан
тухай ярихыг бид уншиж байсан. Киноноос үзэж байсан. Залуу гишүү­дийн шударга зүтгэл
тэр гашуун түүхийг санагдуулаад байх юм. Ямар ч ялгааг би олж харахгүй байна. Ардын
хувьс­галд үнэнч байх, Ард түмний төлөө хөдөлгөөнд үнэнч байх хоёрын ялгааг. 

Өөрийн итгэл үнэмшил, бас ч үгүй зорилго чиглэлдээ
хөтлөгдөн намын гишүүн болж улмаар Их хурлын тан­химд суух дархан эрхтэй бол­сон
бол намынхаа шийдвэ­рийг үг дуугүй дагах, даалгав­рыг нь биелүүлэх  эрхтэй. Энэ бол эрхэм түшээдийн үүрэг. Гишүүдэд
бүлгийнхээ хуралд сууж бодлого тодорхойло­хоос аваад өөр олон ажил байна шүү дээ.
Монгол төрийн ажил ар араасаа ундарч байгаа нь мэдээж. Дахиад хэлэхэд, бүлгийн хуралд
сууж бодлого ярих гэж улс орныхоо хувь заяаг ший­дэл­цэх гэж та намын гишүүн болж,
улмаар Их хурлын сон­гуульд өрсөлдсөн юм байгаа биз дээ. Тэгчихээд дараа нь журмын
нөхдийнхөө эсрэг, намынхаа эсрэг зогсоож байж болохгүй байх аа. Намаа жийж өөрсдөө
тодор­но гэдэг хоцрогдсон асуудал. Харин одоо чинь намаараа нийлж, бүлгээрээ хэлэлцэж
аливаа асуудалд ул суурьтай ханддаг цаг ирээд байна.

Н.ГАНТУЛГА