Categories
редакцийн-нийтлэл

С.Дамдин: Жүжиг тавина гэдэг нийгэмд оюун санааны тэжээл өгч байгаа хэрэг юм шүү

Монгол Улсын гавьяат жүжиг­чин
С.Дамдин гуай­тай ярилцлаа. Драмын урла­гийн тайзнаа хамт­ран ажиллаж ирсэн жүжиг­чид,
шавь нар нь түүнд зориулан хүндэтгэ­лийн тоглолт хийхээр болжээ. Тоглолт маргааш
UB Palace-т болох юм байна.

-Таныг тоглолт хийнэ гэсэн мэдээлэл
байна. Ямар тоглолт хийх гэж байна вэ?

-Би их урлагтай амьдра­лаа холбоод
50 жил болж байгаа юм. Оюутан цагийн дөрвөн жил дээр УДЭТ-т дөчин зургаан жил ажил­лаад
тавин жил. Сая би театртаа хүсэлт тавилаа. Бие хаа гайгүй байгаа дээрээ нутаг орондоо
очиж агаар салхинд гардаг юм уу даа, Одоо ингээд би театраасаа явъя даа гэж хэлсэн
юм. Тэгээд манай Болд-Эрдэнэ “Шинэ үе”, “Өн­гөт инээд”, “Х ТҮЦ” продакш­ны залуу­чуудтай
ярилцаад эд нар маань надад зориулж хүндэтгэлийн тоглолт хийж өгье гэж ший­дэц­гээжээ.
Та дуучидтайгаа ярь гэлээ. “Ха­ран­га” хамтла­гийн Лхагва­сү­рэн гэж сайхан дуучинтай
эхлээд ярилаа. Өө тэгэлгүй яахав, Дамдин гуай. Би Дэл­гэр­мөрөн, Амараа хоёр дүү­гээ
дагуулаад очъё гэлээ. “Чингэс хаан”-ы Жаргал­сай­хан, гавьяат жүжигчин поп Сарантуяа
нартай ярилаа. Өө, тэгье тэгье гэлээ. Ариу­наа­тай ярьсанд нэг тоглолт­той байгаа,
давхацчихгүй бол тэгье л гэсэн боловч тоглолт нь нэг өдөр байж таарч байх шиг байна.
За, тэгээд манай нутгийн Амгаа зааны охин Ширмэнтуяа оролцоно гэсэн. Тэгээд надтай
хамт ажиллаж ирсэн дунд, залуу үеийн жүжиг­­чид маань оролцох юм. Ингээд миний төрсөн
нутаг Булган аймгийн Бугат сумын нутгийн зөвлөл дэмжээд хүн­дэт­гэ­лийн тоглолт
хийхээр боллоо.

-Та тэгэхээр төрсөн нутаг­таа суурьшина
гэж бодож байгаа юм уу?

-Үгүй үгүй. Ирж очин бай­на. Тэнд
манай хүүхдүүд, ах дүү нар байна.

-Драмын театр дэлхийн сон­годог
жүжгүүдийг өөрийн тайз­наа ид босгож бүтээж байсан жар далаад оны үед та театрт
оржээ. Тэр бахар­хам орчин нөх­цөлд хөл тавихдаа та хэдэн настай байв?

-Энэ хооронд би зуун тавиад жүжгийн
гол, туслах дүрд тоглосон байна.

– Намдаг, Ойдов, Ванган нарын шинэ
шинэ жүжгүүд, дэл­хийн сонгодог том том жүжгийг дараалан тавьсан нь нийгмийн оюуны
боловс­ролд маш том шинэтгэлийг авчирсан байж таарна. Жаран хоёр гурван оноос хойшхи
арав гаруй хориод жилийн ажил байжээ. Олон нийтийн хандлага чухам ямар байсан бэ?

-Жүжиг тавина гэдэг чинь нийгэмд оюун
санааны тэ­жээл өгч байгаа хэрэг юм  шүү дээ.
Хүмүүс үзсэн жүжгийнхээ дүрээс сурал­цана гэж том юм байдаг. Түүнээс биш бие бие­нээ­­сээ
илүү гарах гэж, өрсөл­дөх гэж жүжиг тавьдаг­гүй.  Би бол сонгодог жүжгүү­дийн бага сага дүрүүдэд
тоглосон. Ер нь би монгол төрхийн жүжигчин л дээ. Тийм боло­хоор үндэсний жүжигтээ
их тоглосон, монгол талын дүрүү­дийг нэлээн хийсэн. Намдаг гуайн жүж­гүүд гэхэд
л тэр чигээрээ түүх шүү дээ. Үндэсний соёл, заншил бүх юм жүжигт нь байж байдаг.
“Арын албаныхан”, “Ээдрээ”, “Цэрэн хаа­чив”, “Шинэ бай­шинд” гээд жүжгүү­дэд нь
тоглолоо.  “Маш нууц”, “Буцах хаяг” гэхчилэн
үндэс­ний сай­хан сайхан жүжгүүд­дээ тоглосон.

-Таны багш хэн бэ?

-Ч.Лодойдамба гуайн эх­нэр, ардын
жүжигчин Долгор­сүрэн шүү дээ. Их хүнлэг сайхан сэтгэлтэй хүн. Ер нь тэр үед сэтгэл
муутай, бие биедээ тусалдаггүй хүн байгаагүй юм.

-Тантай нэг үед театрт орж ирсэн
залуучууд хэн хэн байв?

-Багшийн дээдийн дра­мын ангийн хоёр
дахь төгсөл­төөр би орж ирсэн. Анхны мэргэжлийн жүжигчнээр бэлт­гэгдсэн Мэндбаяр,
Лхамхүү, Бужгар, Буриадын гавь­яат жүжигчин Зориг эд нар 1963 онд,  дараа нь Цэрэндарьзав, Жарантав, Латиф, Шагдар­жав
бид хэд 1967 онд орж ирсэн юм.

-Дэлгэцэнд бүтээсэн шилийн сайн
эрийн дүрээ та хэрхэн үздэг вэ. Ер нь кинонууддаа сэтгэл хэр хангалуун байдаг вэ?

-Олон түмэн намайг “Их замын эхэнд”
киноны дүр Хөх чоноор маань нэрлэсэн л дээ. Зарим хүмүүс “Сайн байна уу, Хөх чоно
гуай” гэдэг. Дамдин гэдэг нэрийг минь мэдэлгүй мэндэлчихээд “Уучлаарай таны нэр
хэн билээ?” гэх жишээтэй. Түүхэн кинонуу­дад голдуу тоглосон доо. Эргээд харахад
гурван ч нийгмийн нүүр үзлээ.

-Гурван нийгмийн нүү­рийг үзэхэд
аль нь танд тааламжтай санагдана вэ?

-Мэдээж өнгөрсөн социа­лист нийгэм.
Орохгүй гэсээр байхад намайг сургуульд хөөж оруулсан. Ээжийгээ ганцааранг нь малтай
нь орхихгүй гээд би сургуульд оролгүй арван нас хүрсэн. Арван жил сур­гуульд сурах­даа
дотуур байранд нь бай­лаа. Дараа нь Багшийн дээ­дийн кино драмын ангид дөрвөн жил
сурсан. Оюутны цалин 200 төгрөг дээр нь сайн сурсны нэмэг­дэл ний­лээд 320 төгрөгийн
цалин­тай сурч төгссөн. Төгсмөгц театрт ирээд 500 төгрөгийн цалин авч эхэлсэн. Тиймээс
би тэр цаг үедээ баярлаж явдаг юм. Ардчилсан нийгэмдээ ч баяр­лаж л байна. Хүний
ажил, амьдралыг, алдсан оносон аль алиныг нь ялгаж салга­даг энэ нийгэмд би баярлаж
явдаг. Надад гавьяат цол хүртээсэн.

-Сүүлийн жилүүдэд та теле­визийн
уран зохиолын нэвт­рүү­лэгт зохиол нэлээн уншлаа.  Кинонд тоглов уу?

-Жил болгон л ганц хоёр кинонд орох
юм. Тэр болгоны нэрийг нь ч тогтоож чадсан­гүй, дүрийнхээ нэрийг ч сайн тогтоохгүй
юм. Одоо би Онц­гой байдлын тухай хорь гаруй ангитай нэг кинонд Намхай гэдэг хүний
дүрд тоглож бай­на. Тэгээд энэ хүндэтгэлийн тоглолтоо “Шилийн сайн эр Хөх чоноос
гэрийн сайхан өвөө Намхай болт­лоо” гэсэн нэрээр нэрлэж байна.

Та тоглолтын тасалбар авах бол
96091940 дугаарт хандаж болох юм.

Н.ПАГМА  

Categories
редакцийн-нийтлэл

Хэвтэрт ортлоо зодуулсан багшийн эрүүл мэндийг 15 мянган төгрөгөөр үнэлжээ

Цэцэрлэгийн эрх­лэгч нь багшаа
зодож хүнд гэмтээсэн хэрэг Говь-Алтай аймгийн Тонхил суманд гарчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр
сард болсон уг хэргийн хохирогч Р.Таня Улаан­баатар хотод олон сар эмнэлэг, сувиллаар
явж биеэ тэнхрүүлээд сая­хан нутаг буцжээ. Үр хүүхдүүд нь энэ хэр­гийг шийдүүлж,
буруу­тай этгээдүүдэд ха­риуц­лага тооцуулахын тулд сумын Засаг дар­га, аймгийн
Засаг дарга, шүүх, цагдаа гээд хө­лөө хүрэх бүх газраар явж байгаа аж. Түүний охин
Т.Шинэбаяртай уулзаж энэ талаар ярилцсан юм.

-Болсон явдлын та­лаар тодорхой
ярихгүй юу?

-Энэ хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын
1-нд Говь-Алтай аймгийн Тон­хил суманд болсон. Ма­най ээж Тонхилын цэцэр­лэгт багш
ажилтай. Цэ­цэр­лэгийн эрхлэгч Р.Эр­дэнэ нь ээжтэй минь адил­хан тавь гаруй насны
эмэгтэй хүн.

Ээж минь тэр өдөр 32 хүүхэдтэй ангидаа ажил­лаж байсан гэсэн.
Тэгтэл эрхлэгч нь өрөөндөө дуу­даж оруулаад мөнгөн аяганд цэлэлзтэл архи дүүргээд
“Уугаадах” гээд өгсөн байгаа юм.

-Тэр өдөр ямар нэг тэм­дэглэлт
баяр болж байсан юм болов уу?

-Баяр тэмдэглээгүй. Өрөөн­­дөө согтуу
байсан гэсэн. Өгсөн архийг нь уулгүй “Би өнөөдөр 32 хүүхэдтэй ажиллаж байна. Чи
ажил ямаршуухан байна гэж асуу­даг­гүй мөртлөө яагаад архи уу гээд байгаа юм бэ”
гэж хэлсэн гэсэн.

Ээжийг минь “Ажлын байр тавьж өгдөг”
гэж зоддог гэсэн. Хоёр дахь удаагаа зодсон нь тэр.

Өнгөрсөн жилийн есдү­гээр сард “Ажлын
байр тавьж өг” гэж зодсон гэсэн. Миний ээж яагаад ч ажлын байраа өгөх шаардлага
байхгүй. Тэт­гэ­вэрт гарах нас нь болоогүй, өөрөө жар хүртлээ ажиллана гэсэн хүсэлтэй
байгаа. Ээжийг минь барьж аваад “Ажлын байр тавьж өг. Зайл п… минь” гээд хөөдөг
гэж байгаа байхгүй юу.

-Хэзээнээс ингэж да­рам­талж эхэлсэн
юм бол?

-2011 оноос эхэлсэн бай­гаа юм.
2011 онд Р.Эрдэнэ эрхлэгч өрөөндөө дуудаад өргөдөл бичүүлсэн гэсэн. “Чиний нэр дээр
5.8 сая төгрөг ирсэн байна. Энэ мөнгийг ав. Одоо авахгүй бол эргээд ол­дох­­гүй
шүү” гээд байхаар ямар ч багш хүн эрхлэгчийн­хээ үгэнд итгэнэ биз дээ. Энэ жил бас
таван сая төгрөг өгөх гэсэн байгаа юм. Ээж тэр үед надтай утсаар ярьж “Надад эрхлэгч
маань цувуулаад мөн­­гө өгөөд байх юм. Ямар учиртай мөнгө юм бол. Миний охин яваад
асууж мэдээч” гэлээ. Би Боловсрол шинж­лэх ухааны яаманд очоод холбогдох хүмүүстэй
нь уулз­сан чинь “Танай ээжид 2011 онд ямар ч мөнгө өгөх ёсгүй байсан. Тэр ямар
учиртай мөнгө вэ. Харин энэ жил буюу 2013 онд тэтгэвэрт гарах хүмүүсийн нэрсийн
жагсаал­тад ээжийн чинь нэр Говь-Алтайгаас иржээ. Тэтгэвэрт гарахад нь өгөх тэтгэмжийн
19 сая төгрөг батлагдчихсан байна. Ийм л мөнгө энэ жил батлагдсан. Түүнээс өмнө
ямар ч мөнгө улсаас төсөв­лөөгүй” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь болсон бүх үйл
явдлыг АТГ-т бичээд өгсөн.

-Тонхилын цэцэрлэг улсынх биз дээ.
Гэтэл хувийнх мэт л байдаг бай­сан гэж нутгийнхан ярилц­даг юм билээ?

-Тонхилд ганцхан л цэцэр­лэг байдаг.
11 ажилтных нь дөрөв нь Р.Эрдэнийнхэн. Р.Эрдэнэ өөрөө эрхлэгчээр нь ажиллаад хоёр
бэр, төр­сөн дүүгээ ажиллуулдаг. Ийм хууль бус юм байна аа. Үүнийг шалгаад өгөөч
гэж АТГ-т шалгууллаа. Тэгтэл өнөө мөнгийг нь тогтоогоод гаргаад ирсэн.

Р.Эрдэнийн тэтгэвэрт гарах эрх нь
2011 онд үүссэн юм билээ. Тэр үед тэтгэмжийн мөнгө 18 сараар бодогддог байж. Дараа
оных нь тавду­гаар сард хууль өөрчлөг­дө­хөөр болоод 36 сар болсон. Сарынх нь хэмжээ
нэмэгдэ­хээр авах мөнгөн дүн нь нэмэг­­дэнэ дээ. Тэр бүхэн л Р.Эрдэнэд ашигтай санаг­даад
ээжээр минь хүчээр өргөдөл бичүүлээд өөртөө ирсэн мөнгийг шилжүүлсэн байгаа юм.
Гэтэл хууль ёсоор авах тэтгэмжийн мөнгөнөөс нь эдгээр хууль бус мөнгүү­дийг нь хэдийнээ
хасчихсан байна. Ийм хууль бус үйл ажиллагаа болоод байхад Говь-Алтайхан яагаад
гаргаж ирэхгүй байгаа юм бэ. Дарга нар нь хоорондоо холбоо сүлбээтэй. Даргын суудалдаа
арав, хорин жил суучихсан хүмүүс. Нэгэн дээр нь яваад орохоор нөгөөхөө хаацайл­сан
улс. Иргэдээ хүлээж ав­даг ганц ч хүн байхгүй байна.

-Аймгийн Засаг дарга­даа хандсан
уу?

-Ээжийгээ хэвтэрт ортлоо зодуулчихсан
байсныг хараад би тэсч чадаагүй. Бүх л газарт өргөдөл гаргасан. Боловсрол соёлын
газрын­хан “Очиж шалгалт хийсэн. Ноцтой алдаанууд илэрсэн учир Р.Эрдэнийг ажлаас
нь халуулъя” гэсэн хүсэлтээ Засаг дарга Ш.Амгаланбаярт хүргүүлсэн. Гэтэл сая есдүгээр
сар хүртэл өнөө хүсэлт нам зогссон. Ингэхээр чинь би ээжийгээ зодуулчихсан хүн,
иргэн хүний хувьд шударга юмны төлөө зүтгэнэ биз дээ. Залуу хүн байна даа.

Засаг даргатай утсаар ярьсан чинь
“Юу яриад бай­гаа юм бэ. Чи муу новш. Хаана тийм зодоон болсон юм. Би мэдэхгүй байна”
гэж аймаар муухай харьцсан. Утсаар ингэж л ярьж байгаа юм. 55 мянган хүний толгойг
хариуцаад Засаг даргын ажил хийгээд сууж байгаа хүн биз дээ. Өдий болтол ганцхан
иргэнийхээ асуудлыг шийдэж чадахгүй байгаа байхгүй юу. Бид нар тэр хүнд итгээд дөрвөн
жил ажиллуулчихаад дахиад сонгосон. Энэ хүний уг гарал нь манай сумын хүн байхгүй
юу. Тавын таван жил биднийг төлөөлж байгаа энэ хүнийг сумын иргэд нь тань­даг­гүй.
Очиж хурал зөвлөгөөн хийдэггүй.

Ерөнхийлөгчийн сонгуу­лийн үе таарчихсан
байсан юм. Тэр үеэр би телевизийн шууд нэвтрүүлэгт энэ талаар цухас дурдаад маргааш
нь хэвлэлийн хурал хийлгэхээр болчихоод байлаа. Тэгтэл ээж минь “Ш.Амгаланбаярын
эхнэр нь утасдаж байна аа. Танай охин чинь телевизэд ярилцлага өгөөд байна. Энэ
асуудлыг зогсоогооч ээ. Сон­гууль болж байгаа болохоор бидэнд хэцүү байна. Нэр төрөө
сэвтүүлмээргүй байна” гэж ярьж байна гэсэн. Тэр хүний нэр хүнд бидний эрүүл мэнд
аминаас дээгүүр юм гэж үү. Ээж минь “Миний охин түр хүлээгээд үз. Эхнэр нь учир­лаад
гуйж байна. Маргааш­наас асуудлыг чинь хөөцөл­дөж өгье гэнэ” гэхгүй юу. Би ээжийнхээ
үгэнд ороод түр хүлээсэн. Гэтэл өнөөдрийг болтол ямар ч хариу байдаг­гүй. Таг болчихсон.
Эхнэр нь сонгуулийн өмнө ярьж байс­наас огт өөр зүйл яриад “Яахаараа Амгаланбаяр
та нарын асуудлыг шийддэг юм. Наад асуудлыг чинь бид нар хөөцөлдөх ёс байхгүй” гэж
харьцаж байна.

-Цэцэрлэгийн эрхлэгч Р.Эрдэнэ гэж
ямархуу хүн байдаг юм бэ?

-Энэ хүн уг цэцэрлэгт багшаас нь эхлүүлээд
эрхлэгч болтлоо арав гаруй жил ажилласан хүн. Р.Эрдэнийн дунд хүүгийн эхнэр нь өмнө
нь сургуульд ажиллаж бай­гаад тэнцэхгүй гэсэн шалтгаа­наар халагдчихсан. Тэгтэл
тэр бэрээ цэцэрлэгтээ ажилд оруу­лаад яваандаа ээжийн минь оронд тавих санаатай
байсан юм билээ.

-Р.Эрдэнэ эрхлэгч аж­лаа хийж байгаа
юу?

-Ажлаас нь халчихсан. Ажлаа хийхгүй
байгаа. Би яагаад өнөөдөр гомдолтой яваад байна гэхээр миний ээж амьдралынхаа
32 жилийг бусдын үр хүүхдийн төлөө явчихаад эцэст нь эрүүл мэн­дээрээ хохирчихоод
байна. Гэтэл энэ хүний амь нас, эрүүл мэндийг ердөө 15 мян­ган төгрөгөөр үнэлж байна.
Ээжийг минь зодсон Р.Эрдэ­нийг цагдаагийнхан “Жижгээр танхайрсан” гээд 15 мянган
төгрөгөөр торгоод л явуул­чихсан.

-Тухайн үед танай ээж ямар гэмтэл
бэртэл авсан юм бэ. Биеэ хамгаалах боломж байгаагүй гэж үү?

-Р.Эрдэнэ эрхлэгч том биетэй хүн.
Би архи ууж үзээ­гүй болохоор мэдэхгүй юм. Архи уучихаар хүч тэнхээ орчихдог юм
шиг байгаа юм. Ээж маань “Тогооч, манай ангийн туслах багш хоёр орж ирээгүй байсан
бол ээж нь өнөөдөр ингээд байж байхгүй байсан” гэж ярьсан. Намайг хотоос яваад очихоор
ээж минь гүйж ирээд тосдог. Гэтэл хэвтэрт орчихсон хүлээж бай­гааг нь хараад сэтгэл
эмтэр­сэн. Намайг шөнийн гурав, дөрвөн цагт унаанаас буухад хүртэл тосоод гараад
ирдэг хүн, гарч ирэхгүй боло­хоор эвгүй л байдаг юм билээ. Гэртээ яваад ортол ээж
минь бүр хачин царайтай болчих­сон хэвтэж байсан. Ээжийгээ хараад цурхиртал уйлтал
“Энэ зэрэгтэй байгаа минь их юм. Хэрвээ туслах багш, тогооч хоёр орж ирж намайг
авраагүй байсан бол чи өнөө­дөр миний оршуулгын ажлыг хийх гээд л ирэх байлаа. Хатуу
хэлэхэд ийм байна” гэж хэлсэн.

Ээж маань зодуулсан ту­хай­гаа надаас
нуусан. Нуу­гаад хэлэхгүй байсан. Сумаас таньдаг хүн маань утасдаад “Ээж чинь зодуул­чихсан,
хэв­тэрт орчихсон. Миний дүү ирэх юм биш үү. Ээж нь энд хэцүү байна ш дээ. Өнчин
ишиг шиг. Эрдэнэ авгайд хоёр удаа зодууллаа” гэж хэлсэн.

-Өмнө нь зодуулахдаа мөн хүнд гэмтэл
авсан юм болов уу?

-Р.Эрдэнийх дэлгүүр ажил­луулдаг.
Дэлгүүрийнхээ нэрээр Хятадаас бараа татаж оруулж ирээд Мэргэжлийн хяналтын ямар
ч актгүйгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд өнөөх бүтээгдэхүүнүүдээ шах­­даг гэсэн. Муухай
наалд­чих­сан ирисийг хүүхдүүдэд өгөөд байхаар нь ээж тэрийг нь авч яваад Захиргаан
дээр очоод “Ийм ирис өгөөд байна. Шар өвчин гарахаар бидэн дээр л бууж, бидний буруу
болдог. Үүнийг хяналт шин­жил­гээнд өг. Шаардлага хан­гаж байгаа юм уу” гэж хэлсэн
байна лээ. Ингэснийх нь төлөө Р.Эрдэнэ “Чи бай­гуул­лага дээр болсон зүйлийг Захиргаан
дээр очиж ярилаа” гээд зодсон байгаа байхгүй юу. Тэгэхэд сая зодуулд­гаа­саа бүр
аймаар зодуулсан байсныг манай нутгийнхан ярьсан. Ээж минь зодуул­чи­хаад гэр рүүгээ
явж байхдаа тааралдсан хүнд “Би цемен­тэн дээр уначихлаа” гэж хэл­сэн гэсэн. Тэр
болгоныг нуу­гаад л өнгөрдөг байж. Хөдөө­ний хүмүүс чинь айдас­тай шүү дээ. Жижигхэн
газар, ажлаас халчих болов уу, яах бол гээд л хүн амьтны хэл амнаас эмээнэ.

-АТГ-аас энэ хэргийг шал­гаад ямар
хариу өгсөн бэ?

-Би энэ бүхнийг судлахын тулд өөрөө
хуулийн мэдлэгтэй байх шаардлагатай болсон. Би Авлигын эсрэг хуулийг эхнээс нь дуустал
нь уншсан. Хуулийг нь уншихаар энэ хэрэг эхнээс аваад бүгдийг нь зөрччихсөн байсан.
Албан тушаалаа урвуулан ашиг­ла­сан, ашиг сонирхлын зөрчил­тэй, тамга тэмдгээ ашиглаад
өөрийн нэр дээрх мөнгөө хүн рүү хүчээр шилжүүлсэн гээд их зөрчил байсан. АТГ-ын
Цэдэн-Иш гэдэг мөрдөн бай­цаагчид энэ хэрэг ирсэн. Тэр хүн ээжийг минь дуудаж уулз­сан.
Шалгаж байна л гээд байдаг байлаа. Гэтэл дараа нь тодруултал хэрэгсэхгүй болгоод
явуулчихсан гэсэн. Тэгэхээр нь би “Наад хэрэг чинь танай хуулиудыг эхнээс нь аваад
бүгдийг нь зөрч­чих­сөн байна. Яагаад хэрэг­сэх­гүй болгочихов оо” гэсэн чинь “Мэдэхгүй.
Хэрэгсэх шаард­ла­гагүй хэрэг байсан даг” гэж хариулсан.

-Тухайн үед шүүх эм­нэл­гээр гэмтлээ
тодорхой­луулсан уу?

-Ээжийгээ зодуулсны мар­гааш нь би
хотоос сумын мөрдөн байцаагч руу залгаж энэ тухай хүсэлт тавьж, гэм­тэл бэртлийнх
нь зургийг аваарай. Баримт нотолгоо хэрэгтэй гэсэн чинь “Тийм үү. Зургийг нь авах
шаардла­гатай байдаг юм уу” гэж инээж тавласан. Тэгэхээр нь арван жилд сурдаг дүү
рүүгээ яриад ээжийн биед нь гарсан бүх шарх сорви, хөхрөлт няцрал­тын зургийг аваарай.
Эгчид нь хэрэгтэй шүү гээд зургийг нь авахуулсан юм.

55 мянган хүнтэй Говь-Алтай аймагт
би ээжийгээ эмчлүүлэх гээд очиход улсын эмнэлгийнх нь эхо ажил­лахгүй байсан. “Эвдэрчихсэн.
Янзалж чадах хүн байхгүй” гэж сууцгааж байна. Хувийн ганц эмнэлэгт нь өглөө най­ман
цаг гучин минутад очиход дөч, тавин хүн дугаарлаад зогсч байсан. Тэгээд ээжийгээ
үзүүлсэн чинь “Зөөлөн эдийн гэмтэлтэй. Элгэндээ гэмтэл авсан байж магадгүй. Тийм
учраас дотор эрхтэнээ сайн ажаарай” гэсэн. Ээж маань уг нь их тайван хүн. Гэтэл
одоо маш их цочирдолтой. Жаа­хан л юмнаас цочдог болсон байна лээ. Одоо даралтын
эмгүйгээр амьдарч чадахаа байсан. Байнгын түгшүүртэй.

Р.Эрдэнийн оронд очсон хүн нь ээжийг
минь энэ сарын 1-нээс ажлаас нь халсан гэх тушаал гаргачихсан. Учрыг нь лавлатал
“Өмнөх эрхлэгч хоёр ч удаа ээжийг чинь халах тушаал гаргачихсан байсан байна” гэж
хэлсэн. Ээжийн тэтгэмжийн мөнгө­нөөс одоо 2.6-хан сая нь л үлдчихсэн байна гэсэн.

-Тэтгэмжийн мөнгөнөөс нь урьд нь
өгсөн хууль бус мөнгөний дүнг хасчихсан гэсэн үг үү?

-Тонхилын цэцэрлэгийн нягтлан Баясгалан
гэх эмэг­тэй­тэй уулзаад “Та нар яагаад ээжийн тэтгэмжийн мөнгийг өгөхгүй байгаа
юм бэ. Тэр та нарын хармаанаас гарах гэж байгаа юм биш. 32 жил ажиллачихсан наад
хүнийг чинь төр нь үнэлээд “Баярлалаа, багш аа. Бид танд талархаад энэ мөнгийг өгч
байна” гээд өгч байгаа мөнгийг та нар яагаад өөрс­дөөсөө өгч байгаа юм шиг муухай
аашлаад байна вэ” гэтэл “Үгүй ээ. 19 сая төгрөг ч биш. 21 сая төгрөг ээжийн чинь
нэр дээр ирчихээд бай­на. Түүнээс 12 саяыг нь Р.Эрдэнэд өг гэж аймгаас мэдэгдсэн”
гэж тайлбарласан. Би энэ талаар бүх албан бичиг баримт, төсвийн мате­риал­тай танилцахад
Р.Эрдэнэ гэдэг энэ хүний нэр дээр 2013 онд улсын төсвөөс ганц ч төгрөг тусгагдаагүй
байна лээ. Бүх юм ингээд ил болоод баримттай, нотол­гоо­той байхад Говь-Алтайн бүх
дарга, цэргүүд яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ. Би Говь-Алтайд очоод зарим нэг
хүн­тэй уулзаад энэ бүх байдлаа хэлсэн чинь “За даа  миний дүү, наадах чинь хэцүү дээ. Манай аймагт
иргэдийн асуу­дал бол асуудал биш байдаг. Ямар нэгэн дарга цэрэг тань­даг хүн байж
л наад асуудал чинь шийдэгдэнэ” гэсэн. Үнэ­хээр ч тийм юм билээ. Говь-Алтайд хүмүүсийн
амьдрал маш хүнд байна. Хүмүүс хууль эрхзүйн талаар ямар ч мэдлэггүй байна. Үйлд­вэрч­ний
эвлэл гэж байхгүй. Шууд ардчилал гэж хэн ч мэдэхгүй байна. Иргэний танхим гэж тэндхийнхэн
дуулаагүй юм байна. Иргэн хүн ороод үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлэх ганц ширхэг
ширээ, сандал алга. Ийм л байдалтай байна, тэнд.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Цемент хомсдолд ороогүй, эрэлт ихтэй байна

Гурвалжингийн гүү­рийг зорилоо. Учир нь иргэдийн дунд цемен­тийн
үнэ нэмэгдсэн, хомс­дол бий болсон зэрэг яриа тархжээ. Үүнтэй хол­боотойгоор Гурвалжин­гийн
гүүрт байрлах це­ментийн бөөний цэгүү­дээс сурвалжлагаа бэлтгэ­сэн юм. Хуучин
44 гэсэн нэр­тэй цемент зардаг чин­гэлгүүд татан буугд­жээ. Зөвхөн гүүрний зүүн
талд байрлах том бето­нон ха­шаанд вагоны чин­гэлгээс шууд худалдааг явуул­даг болж.
20 гаруй чингэлэг цементтэй вагон зогсчээ. Чингэлэг бүр эзэн­тэй юм байна. Эхний
чингэлгээс төгсгөл хүр­тэл өөр өөр эзэнтэй бөгөөд дараагийн вагон ирсэн ч энэ дугаараа
эзэд нь хү­лээж авдаг байна. Толгой чингэлэг нь хаалт­тай бай­сан учраас дараа­гийн
хэд хэдэн чингэлгээр явлаа. Нээлттэй чин­гэ­лэг бүр дээр 10 минут тутамд цемент
авах гэсэн машин тасрахгүй ирэх аж. Ингээд ченж Г.Батаатай цөөн хором ярилцлаа.

-Яг одоо цемент хэдэн төгрөгийн
ханштай байна вэ?

-Нэг тонн цемент дунд­жаар 220 мянган
төгрөгийн үнэтэй. Эндхийн ченжүүд бүгд л ийм ханштай байгаа даа.

-Энэ бөөний үнэ үү. Тонноос дээш
цемент авбал үнээ буулгах уу?

-Хэр их авахаас л шалт­гаал­на даа.
Хоёр тонноос дээш авбал жаахан ярьж хөөрөөд тонныг нь 195-205 мянган төгрөгөөр зарж
болно.

-50 кг-ийн савлагаатай ирдэг юм
байна. Шуудай­гаараа хэд гэхэв?

-Нэг шуудай нь 9-12 мянган төгрөг.

-Гадуур цементийн үнэ нэмэгдлээ
гэж яриад байх юм. Үнийн хувьд хэр тогт­вортой байгаа вэ. Сая зарим ченжүүд өчигдрөөс
үнэ бууж байна ч гэх юм?

-Тийм ээ. Тонн нь 250 мянга хүрээд
байсан цемент өнөөдөр 220 мянган төгрөгөөр зарагдаж байна. Энэ ха­шаанд тонныг нь
240 мянгаа­раа зарж байгаа газар ч байж л байна.

-Юунаас болоод үнэ нэмэгд­сэн юм
бэ?

-Юань, доллар өссөн уч­раас цементийн
үнэ нэмэгд­сэн. Хил гаалийн татвар хүр­тэл нэмэгдчихсэн юм билээ. Одоо харин ханш
бага зэрэг буусантай холбоотойгоор цементийн үнэ буурсан байх.

-Цемент өдөрт хэдэн вагон ирдэг
юм бэ. Нэг чин­гэ­лэгт хичнээн тонн цемент ирдэг бол?

-Бараг 50, 60-аад вагон орж ирдэг.
Нэг чингэлэгт 64 тонн цемент багтдаг юм.

-Эрэлт их байна уу. Өдөрт хэр их
цемент зараг­даж байна вэ?

-Өнгөрсөн сараас эхлээд эрэлт их байгаа.
Өдөрт гур­ван чингэлэг цемент зарах тохиолдол ч бий.

-Тэгвэл цементийн хомс­дол үүссэн
гээд байгаа нь худлаа хэрэг үү?

-Тэгэлгүй яахав. Өчнөөн чингэлэг дүүрэн
цемент бай­гааг чи харж байгаа биз дээ. Үнэ өссөн нь ханштай л хол­боотой байх.

Биднийг тэнд байх хуга­цаанд хоёр
ч чингэлэг цемен­тээ зараад дуусчихав. Энэ бол үдийн 13.00 цагийн үе. Тиймээс энэ
вагоноо буцаа­гаад дараагийн вагоноо хүлээж авах гэнэ. Өдөрт цемент ачсан вагон
гурван ч удаа ирдэг юм байна. Хэрэг­лэг­чид вагоны чингэлэг дээ­рээс шууд цементээ
ачуул­чих­даг байна. Нэг чингэлэг дээр 3-4 хүн ажиллаж хараг­дав. Тэд өдөрт 10 орчим
чингэлэг цемент ачдаг бөгөөд нэг тонныг нь 2000 төгрөгөөр бодож ченжээсээ цалин
авдаг гэсэн. Портер машинтай цемент авахаар ирсэн 40 орчим насны эрэгтэй таарав.
Гурван тонн цемент авахаар болж худалдагч залуутай тохироод мөнгөө бэлэн тоолж өгч
байгаа нь харагдав. Хоёр удаа зөөх юм гэнэ. Ачигч нар машинаа чингэлэгтэй тулган­гуут
яах ийхийн зуургүй 1.5 тонныг аччихав. Тэрээр ху­вийн­хаа машинаар барил­гын компаниудад
цемент болон хайрга, элс зөөж халтуур хийдэг гэнэ. Сүүлийн 14 хоног тасралтгүй олон
ч ком­па­нид цемент зөөсөн аж. Ямар ч байсан өдөр бүр л цемент элбэг байсан талаар
ярив. Гэхдээ энэ сарын эхээр хоёр гурав хоног өмнөхөөс цөөн вагон цемент буужээ.
Энэ хугацаанд л цементийн үнэ нэмэгдсэн байна. Учир нь Хятадын баяр гээд хилээ хаа­сан
байсан учраас энд бага зэргийн хомсдол үүсчээ. Энэ нь цементийн үнэд хүрэх хэмжээний
хомсдол биш аж. Гол нь хил нээгдэх үеэр Эрээнд байр­лах цементийн үйлдвэ­рүүд нь
үнээ нэм­чихсэн юм байна. Тодруул­бал, үйлдвэ­рээс нь нэг тонн цементийг 260 юаниар
бодож авдаг байсан бол 320 юань болтлоо нэмэгджээ. Харин манайд нэг чингэлэг нь
дунджаар 140 мянган төгрөгөөр орж ирдэг байсан бол одоо 150-160 мянган төгрөгт ирдэг
болжээ. Тиймээс ченжүүд ирсэн үнэ дээр 20-50 мянган төгрөг  нэмж зардаг байна. Ченжүүдийн ярьж байгаагаар
цемент өнөө жил өнгөрсөн жилийнхээс эрэлттэй байгаа гэнэ. Жил ирэх бүр барилга,
бүтээн байгуулалтын ажил төрөөс зохицуулалттайгаар өргөжих болсонтой холбоотой юм
байх. Зуны улиралд эрэлт бага байсан бөгөөд ихэнх хүмүүс амарчихдаг. Харин есдүгээр
сараас ид ажил эхэлсэн бололтой. Эрэлт ихсээд ирэхээр наймаачид ч үнийн хөөрөгдөл
бий болгох тохиолдол бий гэнэ.

“Цементийн бизнес эрх­лэгч­дийн холбоо”-ны
тэргүүн Б.Баатар “Цементийн үнийг Барилга, хот байгуулалтын яам, ШӨХТГ, барилгын
мате­риал нийлүүлдэг аж ахуй нэгжүүд гурвалсан гэрээний тусламжтайгаар өнгөрсөн
есдүгээр сар хүртэл барьж чадсан. Уг нь энэ гэрээний дагуу аравдугаар сар дуустал
барилгын материалын үнийг тогтвортой байлгах, ком­па­ниу­дад үнээ нэмэгдүүлэхгүй
байх нөхцөлтэйгээр хөнгө­лөлт­тэй зээл олгосон шүү дээ. 379 тэрбум төгрөгийн хөнгө­лөлт­тэй
зээлийн гэрээ. Гэвч биднээс шалтгаалахгүйгээр цементийн үнэ нэмэгдсэн. Тэрнээс хомсдол
үүссэн зүйл байхгүй. Төмөр замын­хан ачиж буулгах ажиллах хүчнээс болоод хил дээр
жаахан удааширсан. Мөн Хятадын баяр гээд хилээ хаа­чих­сан хэд хоногт цемент оруулж
ирэх боломжгүй бай­лаа. Харин юань, ам.доллар өссөн нь энэ үнийн өсөлтөд яалт ч
үгүй нөлөөллөө. Хэдий юань, ам.долларын ханш багагүй бууж байгаа ч гэсэн нэмсэн
хэмжээндээ хүртэл буугаагүй шүү дээ. Тиймээс цементийн үнэ нэмэгдсэн нь үнэн. Өчигдрөөс
наймаачид цементээ тонныг нь 195 мянган төгрөгөөр зарж бай­на” гэсэн  тайлбар хийв. Дээрх зээлийн журмаар нэг ком­па­нид
ойролцоогоор 100 сая төгрөг олгосон бололтой. Монгол, Оросын хувь ний­лүүл­­сэн
Улаанбаатар төмөр зам компанид ч мөн барил­гын материалыг төмөр за­маар зөөж байгаа
хэмээн мөнгө өгсөн сурагтай. Гэвч ийн цемент­ийн үнэ багагүй үнээр нэмэгджээ. Хэдий
буур­сан гэх боловч гэрээний дагуу нэг тонн цементийн үнэ бөөн­дөө 165 мянга бол
жижиглэн­гээр тон­ныг нь 175 мянган төгрөг гэж талууд гарын үсэг сурсан. Харин өчигдрийн
байдлаар нэг тонн нь 195-220 мянган төгрөгөөр зарагдаж байна. Энэ нь саяхан нэмэгд­сэнээс
буугаад байгаа эцсийн үнэ. 100 айлд байрлах жижиг­лэн­­гийн худалдаачид килог­рам­мыг
нь 300 төгрөг, 50 кг-ын шуудайтайг нь 13000 мянган төгрөгөөр зарж байна.

Тулгарч болох эрсдлийг бодоод импортлогчид
их хэм­жээ­гээр нөөцлөх гэхээр мөнгө санхүүгээс гадна хадгалах газаргүй болчихдог
гэнэ. Тэг­лээ ч цемент нь нунтаг бүтээг­дэхүүн болохоор бороо, шорооноос хамгаалах
гээд үйлдвэрлэснээсээ хойш гур­ван сарын дотор ашиглах зориулалттай байдаг аж. Жилд
3-4 сая тонн цементийн хэрэгцээ гардаг учраас манайд үйл ажиллагаа явуул­даг Хөтөлийн
цемент шохойн үйлдвэр нь энэ эрэлтийн хэд­хэн хувийг л хангах хүчин чадалтай байдаг
гэнэ. Харин шинээр Дорноговь, Ховд аймагт барихаар төлөвлөсөн цементийн үйлдвэрүүд
ашиг­лал­тад орчихвол заавал Эрээний цементийн үйлд­вэ­рийн аманд унахгүй дотоо­дын­хоо
хэрэгцээг хангах чадал­тай болох аж.

Д.ДАВААСҮРЭН
Гэрэл
зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хэвлэл мэдээллийн зөвлөгөөнийг хэн зохион байгуулж, хэн оролцож, ямар шийдвэр гаргав

Саяхан хэвлэл мэдээллийн удирдах ажилтны
үндэсний хоёр­ду­гаар зөвлөгөөн болж өнгөрөв. Зөвлөгөөн дээр нөгөө л улиг бол­сон
зүйлээ ярилаа. Хувийн хэвлэл мэдээллийг нийгэмчилнэ. Ядаж дөрвөн хүн байж нэг хэвлэл
мэдээл­лийг удирдвал зүгээр юм. Яагаад гэвэл эзний цензур арилна. Хэвлэл мэдээлэл
Засгийн газрын цензурт, хөрөнгө оруулагчийн цензурт, эзний цензурт юм хийж чадахаа
болив. Хэвлэл мэдээллийн хөгжил зогсож сэтгүүлчдийн нэр хүнд муу байна. Тэдний цалин
хөлс бага гэх зэргээр ярилцаж хэвлэлийн эрх чөлөөний хууль бол ганц аврал гэцгээлээ.
Бас энэ удаагийн нэг нэмэгдсэн зүйл бол редакци буюу сэтгүүлч реклам зар сурталчилгаа
хийж болохгүй гэж үзсэн. Энэ зөвлөгөөнийг ямар хүмүүс зохион байгуулав гэвэл Хэвлэлийн
хүрээ­лэн зохион байгуулаад Сэтгүүлч­дийн эвлэл, Радио Телевизийн академи, Телевизүүдийн
холбоо, Өдөр тутмын сонинуудын холбоо,  Сайтуудын
холбоо хамтран зохион байгуулж оролцов. Оролц­сон хүмүүс нь хэвлэл мэдээллийн удирдах
ажилтнууд. Гаднаас нь энэ бүхнийг харахад ямар ч өөгүй, Монголын хэвлэл мэдээллийнхэн
бүгд л оролцсон мэт. Тэгээд хэвлэл мэдээллийн удирдах ажилтнууд хөрөнгөө нийгэмчлэх  тухай шуугил­даад л, түүнийг нь хэвлэл мэдээллийн
төрийн бус байгуул­ла­гууд нь за яах вэ та нар ингэж үзэж байгаа бол  гэж тэмдэглээд  л. Мөн цаана нь хэвлэл мэдээллийн тухай хууль
гаргах гэж зовчихсон гишүүд нь “бас л нэг ажил удлаа” гээд л. Ийм л нэг хурал зөвлөгөөн
болоод өнгөрчихсөн мэт харагдаад байна аа даа. Үгүй дээ, жинхэнэдээ зүгээр л хэвлэл
мэдээллийн буурин дээр хаягдсан хэсэг нөхдийн хорслоо тайлах ээлжит жүжиг л болоод  өнгөрлөө. Гэхдээ энэ жүжиг чөлөөт хэвлэлийн хөгжилд
их хорлонтой, түүнийг хойш татсан зүйл юм.

Манай хэвлэл мэдээллийн төрийн бус
байгууллагууд яг жин­хэн­эдээ яаж байгуулагдсан, юуны төлөө явж байна вэ. Эдгээр
ТББ- дыг хэвлэл мэдээлэлд өндөр албан тушаал хашиж байсан нөх­дүүд өөрсдөө байгуулсан.
Тэгээд дарга нь болоод явж байгаа. Гэхдээ тэр өндөр албан тушаалаа  социа­лиз­мын үед хашиж байсан хүмүүс. Тэгээд
зах зээлийн нийгэмд шил­жи­хэд тэд өөрсдийн анхигүй байд­лаас болж хоосон хоцорсон.
Тэд зөвхөн өөрсдөөсөө болж л хоосон хоцорсон. Гадны ямар ч шалтгаан тэнд байхгүй.
Өвчин зовлон тусаа­гүй, нам эвлэлээр ялгаварлаагүй. Тэд хэвлэл мэдээллийн мэргэжлийг
голцуу хойно Зөвлөлтөд эзэмшиж салбартаа “акул” байсан хүмүүс. Харин юм хийгээгүй
л байхгүй юу. Зүгээр ярьдаг хүмүүс байж дээ гэж харагдаад байдаг. Энэ ерөнхий зохион
байгуулагч Хэвлэлийн хүрээлэн бол Дани улсын Засгийн газраас чөлөөт хэвлэлийг Монголд
бий болгох зориулалттай бэлгэнд ирсэн олон нийтийн байгууллага. Тэд Монголд чөлөөт
хэвлэлийг бий болгоход тэгж их нэмэр тус болсон юм болов уу даа. “Чөтгөртэй” хэвлэ­лийг
л бий болгосон байх. Дан шар хэвлэлийг л дэмжихээс бус  үндэс­ний хэмжээний том ямар хэвлэл бий болгосон
юм бэ. Сонин хэвлэх үнэ гэхэд тухайн сонинд ямар ч ашиг гарахааргүй өндөр үнээр
хэв­лэ­дэг. Тэд үнээ буулгаж байсныг мэдэхгүй юм байна. Бүтэн сар хэвлэнэ гэж гуйхад
гурван төгрөг хямдруулж өгч байсныг л мэднэ. Ийм хэдэн байгууллага сүүлийн хоёр
гурван жил хэвлэлийн эрх чөлөөний хууль гаргана гэж  шуу­гиж давхиад байдаг боллоо. Гаргах гээд байгаа
хууль нь ямар хууль вэ.  Эзэн редакцидаа орж
болохгүй. Эзэн нийтлэл, нэвтрүүлэгт  орол­цох­­гүй.
Редакцийг эзэн мөнгөөрөө ажиллуулна. Редакци хүн гүтгэж буруу зүйл хийвэл эзэн хариуцна,
харин сэтгүүлч хариуцахгүй. Сэтгүүлч хүн гүтгэхэд ялгүй гэх зэрэг заалттай хууль.
Эзэн хэвлэл мэдээллийн байгууллагаас 33 хувиас илүүг эзэмших эрхгүй, мөн одоо байгаа
хөрөнгөө ах дүү авгай хүүхдэдээ хувааж өгч болохгүй  гэдгийг хажуу­гийн саналаар оруулж өгөх юм гэсэн.

Хэвлэл мэдээллийн ТББ-ын   ерөнхий санаа бол насаараа хэв­лэл мэдээлэлд
явсан биднийг хоо­сон байхад энэ муусайн баячууд телевизтэй байхдаа яах вэ дээ гэсэн
шүд зуулт л байна. Мөн хувийн хэвлэл мэдээллийг 
ингээд  нийгэмчилчихвэл надад хувь
оног­дож таарна гэсэн горьдлого энэ бүхний цаана байгаа болов уу. Эдгээр шүд зуулт,
мөн хоосон хоцорсондоо бачуурсан бачуурал, бас нийгэмчлэлээс юм хүртэж магад­гүй
гэсэн горьдлогоос болж  Монголд сүүлийн хорин
жил хөгж­сөн чөлөөт хэвлэл устах аюулд ороод байна. Эдгээр ТББ-ын  гаргаж 
байгаа хувийн хөрөнгө, хувийн хэвлэл мэдээллийг үзэн ядсан шийдвэр нь хувийн
хэвлэл мэдээлэлд тодорхойгүй байдал үүсгэж энд орох  хөрөнгө оруулал­тыг бүрэн зогсоож чадсан.

Харин өнгөрсөн  хорин жилд хэн хэн хувийн хэвлэл мэдээлэлд хөрөнгө
оруулж чадав. Лу.Болд, Ажнайн  Д.Бат-Эрдэнэ,
Женко Х.Баттул­га, Шунхлайн Г.Батхүү, Мон-Уран Б.Наранхүү, Гацуурт Л.Чинбат. Эдгээр
хүмүүс л байгаа. Сүр болгоод зарлаад байх ч юм байхгүй. Харин телевиз, сонин, сайтын
чанар чансаа ямар сайн болсон билээ. Өрсөлдөөн ч бий болж байна. Төрөлжиж ч байна.
30-аад мянган сэтгүүлч ажиллаж байна. Энэ бүхэн хөрөнгө оруулалт байвал хэвлэл мэдээлэл
хөгжиж чаддагийн баталгаа юм.

Манай  хэвлэл мэдээллийн ТББ-д  архи нэрэх, алт ухах хэвлэл мэдээлэлтэй байх гэмт
хэрэг гэж туж улиглаж байна. Энэ бүгдийг дөгөөдөг улстөрчид цаана нь олноороо байгаа
нь мэдээж. Тэд хэвлэл мэдээлэл бол зэвсэг гэдгийг мэддэг. Тийм учаас хэвлэл мэдээ­лэл
бужигнаж байвал өөрсдөд нь юм олдож магадгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Олохын тулд
ч Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль гэгчийг гаргаж ирчихээд анаад сууцгааж байна.
Тэгээд хэвлэл мэдээллийн удирдлагууд өөрсдөө хуралдаад хөрөнгө нийгэмчлэх нь зөв,
хөрөнгө оруулагч муухай шившгийн юм, реклам зар суртал­чилгаа шиг адгийн юм алга  гээд уриалга гаргаад байна гэж үү. Үүн шиг худал
юм байгаагүй.

“Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч,
Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэн  энэ
хэвлэл мэдээл­лийн удирдах ажилтны зөвлөгөөнд 
очоогүй. Дуулаа ч үгүй байх, бодвол хөдөө гадаа мод тарина гээд ярьж бай­сан.
Түүндээ  яваа байлгүй. “Өд­рийн сонин”-ы орлогч
эрхлэгч, төрийн соёрхолт нэрт зохиолч Б.Цэнддоо бас тэр зөвлөгөөнд байгаагүй. “Зөвлөгөөн
болсийм уу. Чи тэнд байв уу, юу ярьчихваа” гэж 
надаас сүүлд асууж байсан. Мон­голын хамгийн анхны хувийн өдөр тутмын сонин,
нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн үүсгэн байгуулсан “Өнөөдөр” сонины эрхлэгч Б.Нан­динтүшиг
тэнд байгаагүй. Монголын өдөр тутмын томоохон сонин болох “Үндэсний шуудан”-гийн
эрхлэгч,  сэтгүүл зүйн томоохон зүтгэлтэн
Б.Ганболд л лав байгаагүй. Орлогч эрхлэгч Г.Отгонбаяр нь ч очоогүй. “Зууны мэдээ”
сонины эрхлэгч, эзэд ч байгаагүй. Хамгийн анхны хувийн телевиз ТВ-25-ыг үүсгэн байгуу­лагч,
хөрөнгө оруулагч Н.Шүр хатагтай тэнд байгаагүй. Хамгийн анхны чөлөөт хэвлэл “Сэрүүлэг”-ийн
үүсгэн байгуулагч эзэн, эрхлэгч Баярмөнх, 
“Хүмүүс” сонины  үүсгэн байгуулагч
эзэн, эрхлэгч Хадбаа­тар нар ч харагдаагүй. “Улс төрийн тойм” сонины эрхлэгч эзэн
нэрт сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, “Өд­рийн шуудан” сонины эрхлэгч нэрт сэтгүүлч, яруу
найрагч Р.Энхтуяа буюу Эмүжин очоогүй. “Өглөөний сонин”-ы эрхлэгч нэрт сэтгүүлч
Л.Нинжжамц байгаагүй. МОНРТ-ийн захирал М.Наранбаатар бас бай­гаа­гүй. Монголын
Радиогийн захи­рал Цэрэн-Очир, ТВ-9-ийн эзэд, ТВ-5-ын эзэн УИХ-ын гишүүн Д.Саран­гэрэл
бай­гаа­гүй. News.mn-н захи­рал Тэмүү­лэн, Medee.mn-ын Отгон­­­баяр, Zindaa.mn-ийн
Чулуун­загд болон бусад олон олон сай­туудын эзэн байгаагүй. Мөн эд бүгдийн хөрөнгө
оруулагч нар нь очоогүй.

Эдгээр эрхмүүдийг л Монголын хэвлэл
мэдээллийн байгууллагын удирдагчид  гэнэ биз
дээ. Эдгээр нэр алдартай эрхлэгч сэтгүүлчид зэрэг эрхэм хүмүүс, дээр нь хөрөнгө
оруулагчид нь очоогүй байхад ямар юмных нь үндэсний чуулган байх юм бэ. Тэгээд тэнд
хэн очсон байх вэ. Дандаа гүйцэтгэх дунд тушаа­лын  албан хаагч нар очсон бай­сан. Мөн албаны дарга
нар ч харагдаж байв. Хөдөөний телеви­зийн дунд тушаалын дарга нар л байсан. Тэгээд
эдгээр хүмүүс эзэн, эрхлэгч, хөрөнгө оруулагчдаа төлөөлөх эрх бий юу. Мөн тэдний­хээ
хөрөнгийг нийгэмчлэх  гэх мэт зүйлийг ярих
ёс суртахууны болон хууль эрх зүйн чадамж бий юу. Дээр дурдсан “Хэвлэлийн эрх чөлөөний
тухай хууль” гэгч нь яригдаж байснаараа батлагдах юм бол Үндсэн хуулийн олон заалт
зөрчиж байгааг эдгээр хүмүүс ер нь анзаарч байна уу. Хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг
нийгэм­чилж бусад хүмүүс булааж авах нь Үндсэн хуулийн Хоёрдугаар бүл­гийн Хүний
эрх, эрх чөлөө гэсэн зүйлийн 16-ын гурвын 
“хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэм­ших, өмчлөх, өв зал­гамжлуулах
эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Мөн “…хувийн
өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө”. Тавдугаар зүйлийн
хоёрт “… Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэл­бэ­рийг хүлээн зөв­шөөрч,
өмчлөг­чийн эрхийг хуулиар хамгаална.” Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн нэгд “Монгол
Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хоёрт
“…Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн олон зүйл заалтыг зөрчихөөр байна.  Хамгийн ноцтой нэг зүйл нь дээрх зөвлөгөөн нь
нэр зээлдэн хууран мэхэлж байгаа юм биш үү. Хэвлэл мэдээллийн удирд­ла­гууд очоогүй
байхад очсон мэтээр төөрөгдүүлэх нь хууран мэхлэлт биш үү. Ер нь тэгээд хэн эдгээр
зөвлөгөөнийг зохион бай­гуулсан хүмүүст хэвлэл мэдээл­лийн эздийн өмнөөс шийд­вэр
гаргахыг зөвшөөрсөн юм бэ. Хэвлэл мэдээллийн эзэд ч бас энэ тал дээр анхаарал болгоомжтой,
сонор соргог баймаар юм. Хуучин бол эдгээр ТББ юу дуртайгаа ярьж, мэдэгдэл хийж
байдаг байсан. Тэднийг хэвлэл мэдээллийн бай­гуул­лагууд тоож авч хэлэлцдэггүй байв.
Тэгвэл эд нарын энэ дэмий донгосолт одоо айхтар хор уршиг дагуулж мэдэхээр болоод
байна. Өнгөрдөг жил анхдугаар зөвлөгөөн хийв гээд хэвлэлийн эрх чөлөөний  хуулийг гаргаад ирсэн. Энэ ямар хууль болоод байгааг
дээр өгүүл­сэн. Одоо дахиад хэдэн дунд тушаалын удирдах ажилтан цуг­луул­чихаад  эзэн ирэв, тэгээд зөвшөөрөв  гэж худал хэлэн дахин  нөгөө хуулиа гаргахаар санаархаж байна. Энэ хууль
дээр дурдсан Үндсэн хууль зөрчихөөс  гадна
мөрдөгдөх боломжгүй хууль гэдгийг яагаад анзаарахгүй байна вэ. Хэвлэл мэдээллийн
ТББ-ууд болон УИХ-ын гишүүний уланга­сан батлуулах гэж мөрөөдөж бай­гаа хууль Монголд
ажиллаж байгаа гадаадын хэвлэл мэдээллийн бай­гуул­лагуудад үйлчлэх үү. Ёстой гонжийн
жоо байлгүй. “Блүүмбэрг” телевизийнхэнд манай хууль ийм, танай хэвлэл мэдээллийн
байгуул­лагын  30-аас илүү гарсан  хувийг бид авна. Заавал дөрвөн хүн эзэн нь байх
ёстой гээд   зогсож байх юм уу. Гадаадад байгаа
монголчуу­дын цахим сайт байна. Та нар редакцидаа орж болохгүй шүү. Заавал редакцитайгаа
гэрээ хий гээд байж байх уу. Эцэст нь хэлэхэд манай хэвлэл мэдээллийн энэ олон ТББ-ууд
ганц сэтгүүлч цалин­жуулж үзсэн үү. Ганц сэтгүүлчийн цалин олгож үзээгүй байж эзэд
нь олон болбол болно гээд байдаг нь ямар учиртай юм бэ. Эзэн олон болохлоор тэд
сэтгүүлчээ цалин­жуу­лах юм уу хаашаа юм. Хөрөнгө оруулагчаас нь салгачихаад, дээрээс
нь редакци реклам хийж болохгүй. Харин олон эзэдтэй л байвал болоод явчихна гээд
бай­гаа нь үнэхээр амьдрал мэдэхгүй хүмүүсийн бодол юм гэхээс өөр яалтай. Бас нэг
юм байна. Монголд гурваас  дээш эзэнтэй байгууллага
дампуурдаг нь бичигдээгүй хууль юм. Та бүхэн бод доо. Хэдүүлээ нийлээд сайхан аваад
явж байгаа байгууллага ер нь манайд байгаа юу. Хэвлэлийн байгууллага дор хаяж дөрвөн
удирдлагатай байх нь зүйтэй гэснийг нийтлэлийн эхэнд хэлсэн. Редакцид нэг эзний
эрх ашиг үйлчилдэг байсан бол одоо дөрвөн эзний эрх ашиг үйлчлэхээс өөр ашиг тус
энд бий юу.

 Хэвлэл мэдээллийн ажилтны
үндэсний зөвлөгөөн гэж ийм л юм боллоо доо. Ийм хууль зөрчсөн элдэв мэдэгдэл зэрэг
зүйлийг хийж нийгэмд нөлөөлж хувьдаа нэг жаа­хан эрх ашиг олох гэсэн төрийн бус
байгууллагуудыг цаашид байлгах хэрэг байгаа юм уу. Эдгээрийг хориглосон хууль баталсан
ч яадаг юм бэ. Бас нэг гол зүйл нь хувийн хэвлэл мэдээллийн эзэд сонор соргог баймаар
байна. Тэд хаана юу болж байгааг мэддэг, бас өөрс­дийн хэвлэл мэдээлэл дээр хөрөнгө
нийгэмчлэх, хөрөнгө мөнгөтэй хүмүү­сийг элдвээр баалах зэрэг нийтлэл, нэвтрүүлгийг
гаргахыг болиулмаар юм.

Categories
редакцийн-нийтлэл

О.Нямдаваа: Их эзэн Чингэс хааны алтан ургийн 23 дахь үеийн хөгшин Энэтхэгт амьдарч байна

Зүүн гар талаас эхнийх нь Бахуур Шах Зафарын зээ хүү, гурав дахь нь Налим Мирза Чангези, хажуу талынх нь түүний эхнэр. Баруун гар талаас (сууж буй нь) судлаач О.Нямдаваа

Чингэс хааны
байгуулсан Их Монгол Улс дэлхийн талыг эзэл­сэн тухай түүхэнд тэмдэг­лэгдсэн нь
бий. Тиймээс хөх толбот Монгол гарал угсаат­нууд бөмбөрцгийн өнцөг булан бүрт одоо
ч амьдарсаар байгаа билээ. Чингэс хааны удмынхан, Их Монголын эзэнт гүрний үе залгамжлагчдын
үр хүүхдүүд Энэтхэг улсад амьдардаг аж. Тэдэнтэй Дэлхийн монгол гарал үүстэнгүүд
төвийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан,  Энэтхэгтэй өөрийн­хөө амьд­ралыг  40 орчим жил холбосон, доктор О.Нямдаваа очиж
уул­заад сонирхолтой барим­­­тууд­тай иржээ. Түүнтэй ярилцлаа.

-Чингэс хааны удмын
хүний талаар хоёулаа яриагаа эхэлье. Та тэднийг яаж олж уулзсан юм бэ?

-Би Энэтхэгт суугаа
Монгол Улсын Элчин сайдын яаманд 15 орчим жил ажиллахдаа атташе­гаас эхлээд Элчин
сайдаар ажил­лаж байсан юм. Тиймээс Энэтхэ­гийн олон салбарын хүмүүстэй найз нөхөд.

Намайг Төрийн албаны
зөвлө­лөөс зохиосон  олон улсын хурлыг  зохион байгуулж байх үеэр Делид ирэхийг хүссэн.
Тэд “Таны сонир­хоод байсан хүнийг бид олчихлоо, хүрээд ирэх үү” гэсний дагуу  Энэт­хэгт очиж хоёр долоо хоног судал­гаа хийсэн.  Энэ удаагийн миний Делид очсон ажил их бүтэмжтэй
байж олон сонин хүнтэй уулз­сан. Танилтай бол талын чинээ гэдэг ардын маань сургаал
яасан үнэн юм бэ гэж би бодсон шүү. Чингэс хааны удмын хүнээс гадна Их Монголын
(Могулын) эзэнт улсын сүүлчийн хаан Бахадур Шах Зафарын зээтэй уулзсан шүү. Мөн
Акбар хааны үед Сангийн сайдаар ажиллаж байсан хүний үр удамтай бас танилцсан. Тэд
бие биеэ мэддэг холбоотой амьдардаг юм билээ.

Чингэс хааны удмын
хүнийг Насим Мирза Чангези гэдэг. Тэрээр 104 настай. Эхнэр нь 96 настай. Тэд зургаан
хүүхэдтэй юм билээ. Хоёр хүүтэй. Нэг хүү нь Пакистанд, нөгөө нь түүнтэй хамт амьдарч
байна.  Насим Мирза Чангезийн тухай Энэтхэгийн
томоохон хэвлэ­лүүд онцолж “Чингэс хааны удмын цорын ганц хүн”, “Чингэс хааны удмын
9000 ховор номтой хүн” зэрэг нийтлэлүүд хэвлэгдсэнийг тэд надад үзүүлж байсан. 

-Тэрээр Чингэс
хааны хэд дэх үеийн хүн гэнэ. Хэнээс гаралтай вэ?

-Чингэс хааны  23 дахь үеийн хүн. Чингэс хааны хүү Толуй хаан,
түүний хүү Хүлэгү хааны удам угсааны хүн гэсэн үг юм. Түүний хүү Сикандра Чангези
нь 24 дэх үе нь болж байгаа юм.

-Чингэс хааны цэргүүд
дэл­хийн талыг дайлаар мордож байхдаа Төв Азид голдуу суурьш­­­сан гэдэг. Харин
Насим Мирза Чангезийн дээд үеүд яаж
яваад Энэтхэгт нутаглах болсон юм бол?

-Хүлэгү хааны удам
угсааныхан Монголоос гараад Төв Азиар дам­жин Афганистан, Иранд очиж хаан­­­­чил­­­сан
түүхтэй. Энэтхэг,  Пакис­­тан нэгэн улс байхад
Акбар хааны үед Энэтхэгийн Агра хотод түүний албанд өндөр алба хашиж байсан бөгөөд
хожим нь Оарангзэб хааны үед  Делид ирж суурьшсан.
Өнөөг хүртэл тэр л байшиндаа амьдарч байгаа.

-Түүнийг Чингэс
хааны удмын хүн гэх ямар нотолгоо баримт байв?

-Би Насим Мирза Чангезитэй
уулзахдаа “Та надад өөрийгөө Чин­гэс хааны удам гэдгээ батлан үзүүлэх  зүйл байгаа бол түүнийгээ үзүүлнэ үү” гэхэд жаахан
тулгамдаж бодсоноо эхлээд ургийнхаа бич­гийг үзүүлсэн.

Тэр ургийн бичиг нь
хүн төрөлх­төн үүсэн бий болсноос хойш хөтлөгдсөн байгаа юм. Уг ургийн бичиг Перс
хэлээр бичигдсэн бөгөөд баталгаажуулсан байсан. Түүнийг латинаар галиглан үзүүлэ­хийг
хүсэхэд Чингэс хааны дараахь 24 үеийг харж байгаад орчуулан бичиж өгсөн юм. Би жаахан
дав­раад Чингэс хаанаас өмнөх 24 үеийг бичээд өгөхийг хүсээд бичүүлж авсан. Надад
дүрс бичлэг нь байгаа.  Мөн гэртээ олон зураг
байрлуулж удмаа танилцуулсан л даа.

Чингэс хааны удам
угсааны хүн Энэтхэг, Төв Азийн оронд байгаа. Тэд ургийн бичгээ устгаагүй хад­галж
байгаа гэдэг бодол миний сэтгэлд үргэлж байсан. Ганцхан цаг хугацаа боломжийг хүлээж
байсан. Өнөөдөр  түүнийг сонирхох, чөлөө­тэй
тавих цаг нь ирлээ. Тэгээд хүсэлтээ гаргасан маань тэр л дээ.

-Тэр тухайгаа сонирхуу­лах­гүй
юу?

-Намайг эхлээд Могулын
эзэнт гүрний хааны удмын хүнтэй танил­цуул­сан. Тэр хүн Энэтхэгийн Уттар Прадеш
мужид амьдардаг. Түүгээр дамжуулан Чингэс хааны удмын ургийн хүн, Акбар хааны үед
Сан­гийн сайд байсан хүний удамтай танилцуулсан. Түүнийг Навааб Шах Мохаммад Шуайб
Хаан гэдэг өрдийн нэгэн Энэтхэг улсын иргэ­ний амьдралаар амьдардаг хүн юм билээ.
Ирээдүйдээ их итгэлтэй байж Бахадур Шах Зафарын нэрэм­­жит дээд сургууль байгуулан
ажиллана гэсэн.

-Ургийн бичиг таны
судалсан түүхтэй хэр зэрэг таарч байна вэ. Тухайлбал, Чингэс хааны удам угсааг тэмдэглэсэн
Нууц товчоо­той харьцуулж үзвэл…

-Чингэс хаанаас эхлээд
Абагу хаан хүртэл таарч байгаа юм. Чингэс хааны удмын тухай Казахс­таны нэгэн түүхчийн
бичсэн ном байдаг. Тэрээр Чингэс, Толуй, Хүлэгү, Абагу хааны тухай бичсэн нь энэ
ургийн бичигтэй яв цав таарч байсан боловч түүнээс хойших хүмүүсийг тэр хүн бичээгүй
байсан. Тэр ургийн бичгийн  номыг Нууц товчоотой
харьцуулахад түүхэн он цагууд болон хаадын нэлээд нэр таарч байсан. Монголын түүхчид
үүнийг судалж үзэх хэрэг­тэй болов уу.

-Насим Мирза Чангезид эрт дээр үеэс өв уламжилж ирсэн Монголын
гээд тодотгочих зүйл байсан уу?

-Тэр талаар сонирхож
асуусан л даа. Гэтэл хашир тулгамдаад юугаа үзүүлэх вэ гэдгээ бодоогүй байсан. Дараа
тухтай ярилцахад юм гарах байх гэж бодож байгаа.  Авдраа нэлээд ухаж, ухаж байгаад бүр ёроолоос
нь эртний эдлэл гээд хоёр гуравхан  зүйл гаргаж
ирсэн. Надад хэт хутга чинжаал үзүүлсэн л дээ. Хэт хутгыг эрт дээр үеэс монгол эрчүүд
бүсэн­дээ зүүсээр ирсэн. Тэр хэт хутга дээр монгол маягийн хээ хуар сийлсэн байсан. Мөн эртний ваар савнууд бас үзүүлсэн. Бурханы ном, кораны ховор судрууд ч түүнд
байна лээ. 

-Шашин шүтлэг,
зан заншлын хувьд ямархуу хүмүүс байна вэ. Тэднээс Монгол угсаатан гэх таних тэмдэг
байна уу?

-Монголоос гараад
олон зуун жил болсон болохоор гаднах төрх, хэл иргэншил, шашин шүтлэг, зан заншлаас
нь монгол гэх юу ч үнэртэхгүй байсан. Харин түүний зүрх сэтгэлд Чингэс хаан байсан.
Миний биеэр монгол цус гүйж байгаа. Цусаа шалгуулахаар Англи явуулсан гэсэн шүү.
Одоо бол ерөнхийдөө лалын шашинтай болсон юм билээ.

-Чингэс хааны удмын
хүн гэдгээрээ хэр зэрэг бахархаж байх юм?

-Маш их бахархаж байсан.
Нэлээд буйд газарт амьдардаг болохоор “Би Чингэс хааны удам угсааны хүн” гээд цээжээ
дэлдээд байдаггүй. Тэгээд ч нас дээр гарсан хүмүүс шүү дээ.

-Тэд Монгол орны
тухай хэр­хэн төсөөлдөг гэнэ. Манайд ирэх хүсэл эрмэлзэл байдаг юм уу?

-Тэд Монголыг Могулстан
гэдэг. Монголд ирэх маш их хүсэлтэй,  сонин
хэвлэлд гарсан зүйлүүдийг амтархан уншдаг талаараа ярьсан.

-Та Энэтхэгт очоод
Могулын эзэнт гүрний өв залгамж­лагч Бахадур Шах Зафарын удмын хүнтэй уулзсан гэж
түрүүнд хэллээ. Одоо түүний тухай  ярилцъя.

 -Их Монголын эзэнт улсын хаадын тухай дэлхий дахинд
андах­­­гүй. Бабур хаан, Хумаюн хаан, Акбар хаан, Жахангир хаан, Шахжахан хаан,
Оурангзеб хаан гээд түүхэнд нэрээ мөнхөлсөн хаад бий. Оурангзеб хаанаас хойших хаадын
хүч суларсан. Бүх Энэт­хэ­гийн хэмжээний том хаан байсан нь задраад муж болгонд
хаадтай болсон. Тэр үед хаан ширээнд суусан 17 хааны 14 дэх нь Бахадур шах Зафар
хаан. Тэрээр англи­чууд­тай байлдсан. Англичууд 1857 онд Энэтхэгийг эзлэхээр ороод
ирэхэд нь мань хүн бүх хаадыг цуглуулаад Энэтхэгийн эрх чөлөө­ний төлөө тэмцсэн
Их Монголын эзэнт гүрний сүүлчийн хаан. Тэгтэл дайснууддаа ялагдаж, Бирми улс руу
цөлөгдсөн байгаа юм. Тэрээр 31 охин 16 хүүтэй байсан гэдэг. Тэднээс ганц хүү нь
л үлдсэн. Бахадур Шах Зафар хаан Бирми рүү цөлөгдөхөөсөө өмнө ганц хүүдээ өөрийнхөө
хаан ширээг залгамжлуулчихсан байсан юм. Тэд хамтдаа цөлөгдсөн ч хожим хүүгээ зугтаалгаж
чадсан. Харин өөрөө 85 насандаа өөд болсон. Одоо Энэт­хэгт Бахадур Шах Зафарын нэртэй
гудамж талбай бий. Түүний хаан ширээг залгамжилж байсан хүү­гийнх нь хатдаас нь
дандаа охин төрсөн гэдэг. Тэр охиных нь хүүтэй би сая Энэтхэгт уулзсан юм. Навааб
Шах Мохаммад Шуайб монгол хүнтэй төстэй зүйлгүй. Мөн түүнээс гадна Их Монголын эзэнт
гүрний үед сайд, дарга хийж бай­сан хүмүүсийн хүүхэдтэй ч уулзсан дээр дурдсан.
Тэд Монгол гарал угсаатай гэдгээрээ тун их бахарх­даг бөгөөд манай улсад айлчлан
ирэх хүсэлтэй юм билээ.

-Бахадур Шах Зафар
хаан маш олон хатантай байж. Тэгэ­хээр Навааб Шах Мохаммад Шуайбыг түүний удам угсааных
гэж яаж батлах юм бэ?

-Бахадур Шах Зафар
хааны өв залгамжлагч хүү нь түүнийг өөрийн­­хөө зээ болохыг нотолсон гэрээслэл нь
байдаг. Навааб Шах Мохаммад Шуайб энэ тухайгаа ном болгосон байна лээ. Түүний Монго­лын
эзэнт гүрний удмын хүн гэдэг нэртэй номд удам угсааных нь талаар дэлгэрэнгүй бичсэн
байсан л даа. Мөн алдарт Таж Махалыг миний аав улсын мөнгөөр бариа­гүй, өөрийнхөө
хөрөнгөөр босго­сон. Тэгэхээр энэ миний өмч байх ёстой гэсэн нь анхаарал татсан.
Тэгээд Исламын хуулиар Таж Махалыг өөрийнхөө өмч болгуул­чихсан байгаа юм. Лалын
хуульд бол Оросын Туркменстанаас Энэт­хэг хооронд байгуулсан бүх юм чиний хөрөнгө
гэсэн байдаг. Тэр утгаараа Таж Махалыг өөрийн болгосон юм билээ. Гэхдээ Энэтхэ­гийн
хуулиар энэ асуудал нь шүүх дээр байгаа гэсэн. Одоо Бахадур Шах Заферын нэрээр дээд
сур­гууль байгуулах гээд Боловсролын яаманд хүсэлт тавьсан байна лээ.

-Монголчууд эрт
дээр үеэс буддын шашин шүтэж ирсэн. Гэтэл дээрх хүмүүс яагаад энэ шашнаа уламжлан
хадгалж чадаа­­­гүй юм бол?

-Цагаадай хааны удам
Төв Азид очоод лалын шашинтнуудтай холилдсон байдаг. Тэгээд Зарим нь лалын шашин
хүлээгээд авчихсан байгаа юм. Тухайн үед 
лалын шашинтай монгол хаад ч байсан. Иранд Өлзийт хаан исламын шашинд орсон
түүхтэй.

-Та өнгөрсөн баасан
гаригт “Балбын монголчууд” гэдэг номын­­­хоо нээлтийг хийлээ. Бал­ба улсад монгол
угсааны хич­нээн хүн амьдарч байна вэ?

-Балба улс 25 сая
хүн амтай. Монгол угсаатнууд тэдний 40 гаруй хувийг эзэлдэг. 61 ястан үндэс­тэнтэй.
Үүний 50-иад үндэстэн нь Монгол гаралтай хүмүүс юм. Тэр дунд Магарчууд, Таручууд
гэсэн хоёр үндэстэн байгаа. Магар­чуудын хувьд Хүннүгээс гарал үүсэлтэй. Тэд манай
тооллын 450-иад оны үед Ази тивд тэр дундаа Энэтхэг рүү орсон байгаа юм. Энэтхэгийг
эзэлж аваад Балба руу орсон. Түүнээс 3000 жилийн өмнө Монголын Хэрэйд аймгийнхан
Балбад ирсэн. Тэд Балбын эзэн хаанаар 500 гаруй жил хаан­чил­сан. Хоёрдугаарт нь
Таручууд гэж байгаа. Таручуудаас бурхан баг­шийн гарал үүсэл бий болдог талаар эрдэмтэд
бичсэн байдаг.  Монголын Таручуудаас бурхан
багш гаралтай гэснээрээ онцлог­той. 

-Ингэхэд та яагаад
Балбын монголчууд гэж онцлоод байдаг юм бэ?

-Балбын монгол гарал
угсаат­нууд өөрсдийгөө монгол гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд “Монголын дуу хоолой”
гэдэг сэтгүүлтэй. “Мон­го­лын зүрх сэтгэл” гэсэн хамтлаг бий. Мөн жил болгон “Мисс
монгол” гэдэг тэмцээн зохион байгуулдаг. Тийм хүмүүсийг чи цаашаа бай гэж хөөж болохгүй
биз дээ.

-Зан заншил, хоол
хүнсний хувьд монголчуудтай хэр ойр вэ?

-Тэр тал дээр яг л
бидэнтэй адилхан. Хурдан морь уралдаж, бөх барилдаж, сур харван эрийн гурван наадмаа
хийдэг. Тэнгэр бурханаа шүтэж, уул овоогоо тахи­на. Цайныхаа дээжийг хүртэл өргө­дөг
гээч. Балбын монголчууд нүүд­лийн соёл иргэншилтэй, хөдөө аж ахуй эрхэлдэг. Сарлагийн
сүүгээрээ бяслаг шахаж, шимийн архи нэрж, идэшнийхээ махыг борцолдог нь хүртэл адилхан.
Гэрийн эд хогшил нь цоохорлосон хээтэй. Хөгжмийн зэмсэг нь ч ижил. Хүмүүсийнх нь
нүүр царайны хувьд ч монгол хүн гэсэн үг. Тэд Монгол болж төрсөн­дөө бахархдаг.
Би “Балбын мон­гол­чууд” номондоо банхар нохой­ны тухай онцолсон байгаа. Учир нь
Балбын монголчууд банхар  тэжээ­дэг. Банхар
бол монголчуудад маш их үүрэг гүйцэтгэсэн. VII зууны үед манай лам нар Энэтхэгийн
Гима­лай руу шавилан суралцахаар зорихдоо банхраа дагуулж явсан гэдэг. Агуйд хоноглохдоо
нохойгоо­роо үүдэндээ мануулахад  ямар ч араатан
ойртож чаддаггүй байсан гэдэг.

-Балбын монголчуудын
ний­гэмд эзлэх байр суурь нь ямар вэ?

-Тус улсын сайд дарга
нар гээд удирдах албан тушаалтнууд нь энэтхэг гаралтай хүмүүс байдаг. Монгол угсаатнууд
хүн амын 40 гаруй хувийг эзэлж байгаа боло­хоор өөрсдөө удирдах албан тушаа­­лыг
тэнцүү барих бодлоготой байгаа. 

-Тэдний ярианд
монгол хэл­тэй ойролцоо дуудлагатай үг бий юу?

-Энэ хүмүүс өвөр монголчууд
биш, халимаг, буриадууд биш. Тэд маш олон жилийн өмнө Монголоос гарсан болохоор
хэлээ март­чих­сан. Харин ёс заншил нь байж байна. Ер нь тэд монгол гэдгээрээ гарч
ирэх тун сонирхолтой.

-Амьдралын түвшин
нь ямар­хуу вэ?

-Тийм ч сайн биш.
Тааруухан амьдралтай. Тэдэн дунд ухаантай, боловсролтой хүмүүс олон бий. Зарим нь
АНУ. Англид байгаа.

-Балбын монгол
угсаат­нуу­дын нэрийн хувьд?

-Бурханы шашин шүтдэг
боло­хоор нэрнүүдийн хувьд яг ижилхэн. Лхам, Дорж, Даваа, Сүрэн гээд л манайхантай
адил. Мөн хөх толбо­той, судсаар нь монгол цус гүйж байгаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Зочид буудлын цонхоор 58 настай эр унаж амиа алджээ

Зочид буудлын цон­хоор хүн унаж амиа алд­сан хэрэг энэ сарын
4-нд буюу өнгөр­сөн баасан гаригт 17 цагийн үед Сүх­баатар дүүргийн найм­дугаар
хорооны нутаг дэвсгэрт гарчээ. Хүмүүн­лэгийн ухааны их сургуу­лийн хажууд байр­ладаг
“Кибер” компьютер худал­дааны төвийн дөрвөн давхарт байр­ладаг зочид буудалд уг
хэрэг гарсан байна.

Хэрэг болсон газарт очлоо. “Кибер”
төв хэдий компьютерийн худалдааны төв гэдэг нэртэй боловч энд компьютерийн үйлчил­гээ,
худал­даа нь нэг, хоёрдугаар давхартаа төлөвлөрдөг бол гурав­дугаар давхарт нь караоке,
дөрөв­дүгээр дав­харт нь зочид буудал ажил­лаж байна. Харин доод дав­хар буюу подвальд
компью­тер тог­лоо­мын газар, лом­бард, каноны үйлчилгээ, зоо­гийн газар, түргэн
хоолны газрууд ажилладаг. Их сур­гуу­­лиу­дын дунд байрлаж, олны хөлд дарагддаг,
хөл ихтэй газар.

Болсон хэргийн талаар энд ажилладаг
хүмүүсээс тодруулахад “Нэг эрэгтэй хүн буудлын цонхоор үсэрсэн гэсэн. Оройн цагаар
тийм хэрэг гарсан болохоор анзаа­раагүй ээ. Буудалд орсон хүмүүс хоорондоо маргал­даад
нэгийгээ цонхоор түлх­сэн гэж л дуулдсан” гэсэн мэдээлэл өглөө. Түргэн хоол­ны газрын
ажилчид “Хогоо асгах гээд гарсан чинь цагдаа­гийнхан ирчихсэн байсан. Тэр нас барсан
хүнийг энд ажилладаг, лангуу ажил­луул­даг хүмүүс харсан ш дээ. Ногоон цамцтай,
настайвтар хүн харагдсан. 50 эргэм насны л хүн байх шиг байсан. Өрөөндөө хэдүү­лээ
байсныг мэдэхгүй” гэлээ.

Уг төвийн зүүн талын байр­ны орц баруун
талдаа буюу хэрэг болсон газар руу харжээ. Уг байр­ны орцны жижүүр “Тэр өдөр би
байгаа­гүй. Ирсэн чинь л хүмүүс “Буудлын цонхоор хүн унаад нас барчихлаа” гэж яриад
байсан. Хэрэг оройхон, бүрэн­хийд болсон гэсэн байх аа” гэлээ.

Эндхийнхний яриагаар дөрөв­дүгээр
давхарт байр­ладаг буудал архичдын үүр гэнэ. Голдуу архинд толгой­гоо мэдүүлсэн,
хоног төөрүү­лэх гэсэн нөхөд л энэ бууд­лаар үйлчлүүлдэг аж. Хоно­гийн зургаан мянган
төгрө­гийн үнэтэй болохоор ямар­хуу хүмүүс үйлчлүүлдэг нь тодорхой гэцгээж байлаа.

Хэрэг гарсан буудал руу орлоо. Нэг
бүсгүй өрөө­нүү­дийг цэвэрлэж байна. Зүүн тал руу харсан цонх­той өрөө­нүү­дийн
алинд нь ч орж хонож болно гэнэ. Өрөөнүүд­тэй нэг бүрчлэн танилцлаа. Лацдаж, хааж
хориглосон өрөө ганц ч алга. Хүссэн өрөөгөө сонго гээд “Хоно­гийн 15 мянган төгрөг”
гэлээ. Цонх­нууд нь жижгэвтэр ч салхивч нь хүн багтчихаар юм. Бууд­лын хүлээн авагч
бүсгүйгээс болсон хэргийн талаар асуу­хад “Ерөөсөө тийм хэрэг болоо­гүй” гээд өөр
ямар нэг зүйл ярьсангүй. Өрөөнийх нь цон­хоор хүн унаж амиа алд­сан ч энэ буудлынхан
юу ч болоогүй юм шиг үйл ажил­лагаагаа явуулж байна. Хананд нь дотоод журам, үнэ
тарифаа наачихаж. Гэтэл “Zoom” зочид буудлын дотоод журам гэсний хажууд “Юниар”
зочид буудлын үнэ тарифыг танил­цуул­сан цаас хадчихсан байна. Хоёр өөр нэртэй зочид
буудал гэж ойл­гог­­дохоор. Тарифыг нь хар­вал орны тооноосоо хамаарч хоногийн
15-25 мянган төгрө­гийн үнэтэй буудал аж.

Энэ буудалд ихэвчлэн архи­дан согтуурах
гэсэн хүмүүс л бөөн бөөнөөрөө ордгийг уг төвд худал­даа эрхлэгчид ярьж “Дөрөвдүгээр
давхрын буудал ч дээ, ёстой хэрэг­гүй газар. Архичид л цугладаг” гэж ярьсан юм.

Зочид буудал уг төвийн хамгийн дээд
давхар буюу дөрөвдүгээр давхарт үйл ажил­лагаа явуулдаг. Уг буу­дал хэдий дөрөвдүгээр
дав­харт байрладаг ч нэгдүгээр давх­рын подваль нь бүхэлдээ ил гарсан учир талийгаач
таван давхраас унаж нас барсан гэсэн үг.

Албаны эх сурвалжийн мэдээлс­нээр
буудлын цон­хоор унаж нас барсан хүн 58 настай, эрэгтэй хүн байжээ.

Тухайн өдөр 17 цагийн үед цагдаагийн
газарт “Зочид буудлын дөрөвдүгээр давх­рын цонхоор хүн уналаа” гэсэн дуудлага ирсэн
байна. Дуудлагаар очиход Архан­гай аймгийн харьяат, 58 настай Д гэгч согтуурсан
үедээ унаж барсан байдалтай байжээ. Цагдаагийнхан хэргийн газар ирж ажиллах үед
хэргийг хар­сан зарим гэрчүүд “Зочид буудлын салхивч жижигхэн. Тэрүүгээр хүн үсэрч
амиа хорлоно гэж байхгүй. Зориу­даар л түлхэж гаргаагүй бол тэр цонхоор хүн уначихгүй
байх. Өрөөндөө олуулаа байсан гэсэн” гэж ярьж бай­жээ. Уг хэргийг цагдаагийнхан
шалгаж, хамт байсан хүмүү­сийг нь байцааж байгаа юм байна.

Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Э.Эрдэнэжамьян хүнээрээ л байгаа юм байна

Н.Энхбаярыг хаан шиг явах үед  мөн ч олон далд­ганагч, дагалдагч байсан даа.
Тэрээр өөрөө ч олон хүнийг их улс төр рүү татаж авчирч байлаа. Харин одоо тэд бүгд
нүүр буруулжээ. Цагтаа тэд гэрийнх нь үүдэнд, ажлынх нь өрөөний үүдэнд “Даргаа,  даргаа” гэлцээд  гэрийнх нь шалыг угаагаад өгөхөд бэлэн зогсдог
байсан шүү дээ. Сайн явахад садан мундахгүй гэж үг бий. Н.Энхбаярын хамаатан гэж
хэлүүлэхдээ тултлаа дагаж давхидаг тэр хүмүүс харин хаачив. Одоо бол түүнийг таньдаггүй
юм шиг нуруугаа харуулаад арилж орхисон. 
Нэр холбогдох вий гэж үхтлээ айцгаана. Өнөөдрийн МАН-д түүний улс төр рүү
хөтөлсөн олон хүн бий. Түүний хүчээр сайн сайхан яваа нь олон. Маш олон залуусыг  дэмжиж байсан. Гэвч тоотой хэдэн хүн л шоронд
ороход нь эргэж очсон юм билээ. Ө.Энхтүв­шин, Ж.Сүхбаатар хоёрыг эргэж очиход нь
тэрээр “Та хоёр хүнээрээ байгаа юм байна” 
гэж хэлсэн гэдэг. Хүн л болсон хойно дотроо хүлээж, харж л суусан байх. Хамтран
зүтгэж явсан хуучин андуудаасаа эргээд ирэх болов уу гэж хүлээж суух үед нь тэд
очсон нь тэр.  Гэхдээ жаргалтай үеийнх нь
нөхөд одоо ч  нүүр буруулсан хэвээ­рээ явна.

Ерөнхийлөгчийн суудлаа­саа буугаад
хожим нь МАХН гэсэн МАН-ын голоод хаясан нэрийг авсныхаа дараа Н.Энхбаяр гэдэг хүн
улс төрд дахин гарч ирсэн. Тэгэхдээ өөрийн тойрон хүрээлэгчдийг бага ч болов цуглуулж
чадсан. Тухайлбал,  Хууль зүйн  дэд сайд Э.Эрдэнэжамьян,  УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Эрүүл
мэндийн сайд Н.Удвал,  Шадар сайд Д.Тэрбишдагва,
Сангийн сайд Ч.Улаан,  Байгаль орчны дэд сайд
Б.Тулга гэсэн эрээ­вэр хураавар хэдэн  нөхөд.   Тэдний ихэнх нь Н.Энхбая­рын хүчирхэг үед гудамжинд
лааз өшиглөөд л явж байсан.  Зарим нь намдаа
гомдоод Н.Энхбаярыг дагахаас өөр гарцгүй болсон биз. Нөгөө хэсэг нь хэний ч мэдэхгүй
нөхдүүд. Хаанаас яаж цуг­луулсан юм, хэн мэдэхэв. Гэнэт л баахан нөхөд гараад ирсэн.
Гэхдээ хаан шиг үед нь биш, ядарч зүдэрч хэн ч биш байх үед нь тэд хамт байсан.
Тэднийг олон сул талтай гэж шүүмжлэх хүн олон. Нэг зүйлд тууштай, нэг хүнд үнэнч,
хувиршгүй байгааг нь харин сайшаамаар байна. Тэд хэн байх нь хамаагүй, хүн байгаа
нь чухал байна. 

Хөлийг нь гозолзуулаад аваад явахад
зарим нь уйлаад л, зарим нь диван­тайгаа хөмрүүлээд л бөөн юм болж байлаа. Бүр өгч
явуу­лахгүй гээд зодолдож байсан.  Н.Энхбаярын
төлөө өлсгөлөн зарлаад сууж байлаа. Зовж явахад нөхрийн чанар таниг­дана гэдэг дээ.
Н.Энхбаярыг ингэж доройтох үед үнэнч үлдсэн дээрх хэдэн нөхөд Ардын намыг унаж байх
энэ цаг үед албан тушаал хашаад явж байна. Үнэнч байсных нь шагнал тэр болов уу.  Хорвоо өөрөө энэ бүхнийг дэнсэлдэг.  Бурхан шиг ява­хад нь нөхөр­лө­чихөөд буг болсон
ч үнэнч байж л тэр жинхэнэ нөхөрлөл байна. Түүнээс сайн явахад нь нөхөрлөөд муу
явахад нь нүүр буруулахыг нөхөрлөл гэхгүй л дээ.  Насан туршдаа биесээ дэмжээд явдаг тийм нэгэн
нөхөрлөлүүд байдаг. Ямар ч үед үнэнч тийм нөхөрлөл өнө удаан оршдог.

Тэгвэл Н.Энхбаярыг дагасан хэдэн нөхөд
түүнийг ийм сул дорой болчихсон үед хамгаалж, өмгөөлж, хашгирч, өлсөхгүй байж болох
л бай­сан.   Тэгэхгүй байж болох л байсан.
Тэртэй тэргүй шоронд орж байгаа хүнийг өмгөөлөөд өмөөрч хаш­гираад яах юм. Тэгсэнгүй
гэж Н.Энхбаяраас өөр хэн ч хэлэхгүй байсан. Б.Тулга гэж туслах залуу цүнхийг нь
барьж гүйгээд даргаасаа болоод баригдаж, хоригдож үзлээ. Гэвч нүүр буруулаагүй.
Одоо тэрээр Байгаль орчны дэд сайд болчихоод данал­заж байгаа. Э.Эрдэнэжамьян байна.
Хууль зүйн дэд сайд энэ залуу итгэл үнэмшлээрээ Интерполд захидал бичжээ. “Н.Энхбаярын  дүү Н.Энхтуяа болон Б.Хуяг нарыг  хамт эрэн сурвалжлахыг зогсоож өгнө үү”  гэсэн агуулгатай захидал бичсэнээсээ болоод шүүхийн
хаалга татаад явж байгаа.  Сайдаасаа хүртэл
нуугаад захидал бичсэн нь сарын дараа мэдэгдээд сүйд болсон л доо. Бүгд л түүнийг
хүн алчихсан юм шиг адалсан, муулсан.    

Үеийнх нь залуус хаашаа л бол хаашаа
урваж байхад тэд үнэнчээрээ үлдсэн. Залуу насандаа ийм итгэл үнэм­шилтэй, зоригтой
байна гэдэг муу чанар биш. Бас энэ залуугийн үйлдлээс хүн  чанар мэдрэгдээд байна.  Дагаж явсан хүн нь ажил албагүй болох үед дахиад
нэг даргыг дагаад л намирчихдаг.  Бүх зүйл
хувьсан өөрчлөгдөж байдаг. Нэг өдөр хүчирхэг байсан нэгэн дараа нь сул дорой болох
өдөр бий. Э.Эрдэнэжамьянгийн хувьд Н.Энхбаярыг өмгөөлж захи­дал бичлээ гэдгээсээ
илүүтэй монгол хүн монгол хүнээ өмөөрөөд гадаадын бай­гууллагад захидал бичсэн нь
анхаарал татаж байгаа юм. Нэг дэд сайд байтугай иргэ­нээ өмөөрч ингэдэг билүү.
“Тэгж болохгүй, асуудал үүснэ” гэж мэдэж байсан л байж таараа. Гэхдээ үнэнч чанар,
Н.Энхбаярыг өмгөө­лөх сэтгэл нь дийлээд ийм үйлдэл хийсэн байх. Өөрий­гөө бодсон
бол магадгүй ийм үйлдэл хийхгүй байсан биз.

Өнөөгийн залуус боловс­ролтой болж.  Зүс царай, хувцас энэ тэрдээ анхаардаг ч болж.   Нэг л муухай чанар байдаг. Үнэнч зан чанар л
дутдаг. Харин дээрх залууст тэр чанар үлдэж. 
Тиймээс  энэ Э.Эрдэнэжамьянг  сай­наар хэлмээр санагдав. Тэр Н.Энхбаярт үнэнч,
түүний төлөө албан тушаалыг эс хайхарч, бичиж. 
Тэр нь ганц Н.Энхбаярт ч тус болоод зогсоогүй өөр олон хүнд тусаа өгсөн болов
уу. Интер­пол руу ингээд биччих хүн тэр бүр олон билүү. Тиймээс Э.Эрдэнэжамьян ч  хүнээрээ байгаа юм байна шүү гэж бодогдлоо.  Шүүхдээд 
байх яг энэ үед нь гэнэт өмгөөлж хамгаалж бичлээ гэж зарим хүн гайхах биз.
Гол утга нь үнэнч байдал, нөхөрлөлийн тухай өгүүлэх гээд л Э.Эрдэнэ­жамьянг жишээ
татсан хэрэг.

Н.Энхбаярын энэ хүнд хэцүү үе эргэн
тойронд нь байгаа хүмүүсийн хэн хэн бэ гэдгийг ялгаад салгаад,  өглөө. Энэ нь ч сайн биз. Цагтаа тусалж явсан
хүмүүс нь бүгд хаяад зугтаасан тухай дээр хэлсэн. Тэдэн шиг хүмүүсээс хол байх хэрэгтэй
юм байна гэдэг сургамж бас бидэнд үлдлээ.

 

Categories
редакцийн-нийтлэл

Н.Энхболд: Улс төрийн хариуцлагадаа санаа зовдог хүмүүс улс төрд байх ёстой

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энх­болдтой ярилцлаа.

-Өнөөдрийн (өчиг­дөр) чуулганаар Хөрөн­гө оруулалтын
болон Хөрөнгө оруулалтын сан­­гийн тухай хуулийг баталлаа. МАН-ын бүл­гийн зүгээс
тавьсан шаард­лагууд багтаж чадав уу?

-Ээлжит бус чуулга­наар хэлцэгдсэн таван хуулиас
эхний ээлжинд баталсан байх нь эрх­зүйн орчныг бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөн­гө
оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд хэрэгтэй гэж үзээд намын бүлгүүд санал нэгдсэн.
Манай намын бүлгийн ажлын хэсэг уг хуулиуд дээр идэвх­тэй оролцсон. Үүн­тэй холбоотойгоор
хуу­чин мөрдөгдөж байсан Хөрөнгө оруулалтын ту­хай хууль. Стратегийн ач холбогдол
бүхий газарт хөрөнгө оруулах тухай хуулиуд хүчингүй болж байгаа. Эдгээр хуулиудыг
эерэг дохио өгсөн хуу­лиуд боллоо гэж хувьдаа бодож байна. Одоо хуу­лийг хэрэгжүүлэх,
зохион байгуулах ажлуудыг сайн хийх хэрэгтэй. Хууль бат­лагдсаны маргаашнаас хөрөнгө
оруулагчид шууд орж ирэхгүй.

Хөрөнгө оруулалт гэ­дэг баталгаатай итгэлийн асуудал.
Нэг л зүйлд сэт­гэл дундуур байна даа.

-Юунд тэгтлээ сэт­гэл дундуур байна гэж?

-Татвартай холбог­дол­той хуулиуд шинээр бий болбол
тэр хуулиуд нь үйлчлэхгүй байхаар энэ хуулийг зохицуулсан байвал зүгээр байсан юм.
Гэхдээ байнга биш. Тогт­вортой байдлыг нь хангаж олгосон гэрчилгээнийхээ хүчинтэй
хугацаанд үйлч­лэхгүй байсан бол хө­рөн­гө оруулагчдад илүү итгэл найдвар төрүүлэх
хууль болох байсан болов уу гэсэн саналыг бүлгийн зүгээс оруулсан. Харам­сал­тай
нь уг санал их хурлаар дэмжигдсэнгүй. Дараа дараагийн татвар­тай хууль тогтоомжид
ан­хаарах хэрэгтэй. Хуучных шиг 68 хувийн татвар гэдэг шиг зүйл гараад байхгүйгээр
эрхзүйн орч­ныг бүрдүүлэх уур амьс­галыг дараагийн хуулиу­дад тусгаж болох юм гэж
үзээд хойш нь тавилаа.

-Тэгвэл анх удаа бат­лагдаж буй сангийн тухай
хуульд ямар өнц­гөөс хандаж байна вэ?

-Сангийн тухай хууль өмнө нь манайд байгаа­гүй.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын аж­лыг төсвийн мөнгөөр бус хувийн хөрөнгийг
ихээхэн хэмжээгээр татаж оруу­ла­хад ашиглаж болох меха­низмын тухай хууль бол­лоо
гэж ойлгож байгаа. Энэ хууль манайд хэрэг­тэй. Яагаад гэхээр сүү­лийн үед төр эдийн
засаг, бизнесийн салбарт дэн­дүү их хутгалдаж орох болсон. Эдийн засгийн өсөлт буурснаас
болж ДНБ, нийт төсөв дотор Засгийн газрын эзэлж буй байр суурь нэмэгдээд жинхэнэ
баялаг бүтээгч хувийн хэвшил салбарын эх орны хөгжилд оруулж буй хувь хэмжээ буурч
байгаа нь буруу зүйл. Энэ талаас нь аваад үзэхээр Хөрөнгө оруулалтын сан­гийн тухай
хууль нь хө­рөн­гө оруулагчдыг татаж оруулах хөрөнгүүдийг эдийн засгийн эргэлтэд
оруулах, төр хувийн хэвш­лийн түншлэлийн хү­рээнд бүтээн байгуулал­тын эдийн засгийн
өсөл­тийн асуудлуудыг шийдэ­хэд зөв ашиглаж зөв ойл­гуулахад хэрэг болох хууль хэмээн
харж байна. 

-УИХ-ын ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар
ямар бодолтой байгаа вэ?

-Эдийн засаг өнгөр­сөн нэг жилийн хуга­цаанд эрс
муудсан. Зас­гийн газрын хэдэн сай­даас өөр эдийн засаг сайхан байна гэж хэлэх хүн
бараг байхгүй байх. Бид эдийн засаг муу бай­гаасай гэж хүсээд байгаа­даа биш юм.
Мөнгө сан­хүү болоод төсвийн гүй­цэт­гэл тал дээр анхаа­рахгүй байхын аргагүй болчихсон.
Тиймээс Зас­гийн газрыг эртхэн төс­вийн тодотголоо ярья, болохгүй байгаа зүйлээ
эртхэн ард түмнээс нуул­гүй үнэнээр нь хэлээд хамтдаа зүтгэе гэсэн са­на­лыг өнгөрсөн
долду­гаар сарын сүүл найм­дугаар сарын эхээр ээл­жит бус чуулганыг хурал­дуулах
шаардлагыг тавь­сан. Даанч хүлээж аваа­гүй. Тэгээд  намрын чуул­ган эхлэхээс
хоёр долоо хоногийн өмнө ээлжит бусаар хуралдсан бо­ловч эдийн засгийн хүнд­рэлтэй
асуудлыг ярих бус өөр зүйл дээр анхаарлаа хандуулсан. Өөрөөр хэл­бэл эдийн засгийн
хүнд нөхцөл байдлаас урьдчи­лан сэргийлэх арга хэм­жээ авахад ээлжит бус чуулган
дорвитой үр дүн үзүүлсэнгүй. Яахав хэлэл­цэх хуулиудаа урагш нь ахиулсан.

-УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр МАН-ын бүлэг
нээлттэй хурал­даж, Уул уурхай болон Эдийн засгийн хөгж­лийн яам, Монголбанк, Үндэсний
статистикийн хорооноос мэдээлэл авсан. Өнөөдөр ямар үр дүнд хүрсэн бэ?

-Холбогдох яам, бай­гууллагуудаас манай бүлэг
нээлттэй мэдээлэл авсан. Бидний хийсэн дүгнэлт зөв юм байна гэдэг ойлголтыг тэндээс
авсан. Яагаад гэхээр ста­тис­тикийн хороо, Мон­гол­банкны зүгээс хэлж байгаа зүйлүүд
биднийх­тэй бараг нийлж байгаа юм. Тооны хувьд ойрол­цоо. Тэгээд яаж тайл­бар­лаж
байгаагаас нь асууд­лын зөрүү харагдаад бай­на л даа. Нэг хэсэг нь энэ тоог харчихаад
сай­хан байна гэж хэлээд байдаг. Нөгөө хэсэг нь энэ тооны ард юу байна вэ гэдгийг
хэлээд байгаа даа л гол зорилго нь оршиж байгаа. Уг нь УИХ-ын даргын захирамжаар
бай­­гуулагдсан ажлын хэсэг байгаа шүү дээ. Энэ ажлын хэсгийн гаргасан эдийн засгийн
гадаад, дотоод орчинд үүсээд байгаа нөхцөл байдал, түүний Монголд нөлөө­лөх байдал,
сөрөг эерэг дагавар, цаашид авах арга хэмжээний асуудлыг эртхэн УИХ-аар сонссон
бол хэрэгтэй байсан. Ажлын хэсэгт УИХ-ын 15 гишүүн болоод мэргэж­лийн хүмүүс нухацтай
хийсэн дүгнэлт манай бүлгийн дүгнэлттэй ойрол­цоо гарсан. Эдийн засгийн хүнд байдлаас
урьдчилан сэргийлэх дээр цаг алдаад байна шүү дээ. Одоо тэр дүгнэл­тийг УИХ-аар
нээлттэй хэлэлцэх ёстой.

-Сүүлийн үед танай намынхан Монголбанк руу нэлээд
анхаарал хандуулж шалгалт хийх хэрэгтэй гэж бай­сан. Та нарын хүсэл бие­лэлээ олж
байх шиг байна?

-Урьд нь манай бүлэг Монголбанкны мөнгөний бодлого дээр шалгалт хийе
гэсэн санал тавьсан. Харамсалтай нь хүсэл­тийг хүлээж аваагүйн ул­маас мөн л цаг
алдсан. Харин сая УИХ-ын дар­гын захирамжаар ажлын хэсэг гарч ажилдаа орж байх шиг
байна. Төв банк­ны үйл ажиллагаатай танилцах ажил тийм ч амархан дуусах ажил биш.
Ажлын явцад олон нарийн ширийн тоонууд ярих ёстой. Шаардла­га­тай гэж үзвэл үр дүнг
нь хаалттай хуралдаанаар ч хамаагүй хэлэлцэх ёстой. Үнэхээр бид өнөөдөр ийм байдалтай
болчи­хоод байгаа юм байна. Нөөц маань багасчихсан, гадаадын хөрөнгө оруу­лалт буусан,
ханш огцом өсөөд байгаагийн шалт­гаан нь энэдээ байна гэдгийг гаргахгүй бол бүр
дордож мэднэ. Ядаж шийд­вэр гаргагчдын түв­шинд ойлголцох шаард­ла­гатай. Ер нь
банк, мөн­гө санхүүгийн бодлого бол хүмүүсийн итгэл хү­лээлт дээр тогтдог бизнес
юм. Монголбанк дээр бол бидэнд шаардлагатай тоо баримт байгаа. Үүнийг баталгаажуулах
хэрэгтэй. Энэ тоог яриад эхэлбэл банк, санхүүгийн­хаа зах зээлийг хямрал руу түлхчих
юм болов уу гэсэн болгоомжлол бай­на. Энэ шалгалт бол үнэн бодитой шалгалт болно
гэж бодож байна. Эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт өгөх ажлын хэсэг, Монголбанкинд
орж бай­гаа шалгалтын ажлын хэсэг хоёрын дүнг хамт­раад төсвийн асуудал ярихын өмнө
УИХ хэлэл­цэх ёстой.

 

-Ажлаа хийх гэж мөрөө­рөө яваа эрх баригч на­мынх­ныгаа
албаар үгээр мохоох гэж ардын намын­хан болохгүй, бүтэхгүй бай­на гээд байгаа юм
биш үү?

-МАН-ынхан үг хэлэхээр л “Наа­дуул чинь худлаа
хэлж байна” гэчихээд “Бид сайн ажиллаж бай­на” гээд байгаа шүү дээ. Ер нь хэн нь
үнэн хэлж вэ гэдгийг цаг хугацаа харуулах байх. Бид чинь нэг хоёр жилээр амьдарч
байгаа хүмүүс биш шүү дээ. Дараа жил гэж байна. Төсөв гэж байна. Оны эцсээр төсвийн
гүйцэтгэл гарч ирнэ. Цаа­шил­бал сонгууль гэж байгаа.

-Төсөвт тодотголын тал дээр байр сууриа илэрхий­лэх­гүй
юу?

-Батлагдсан зарим тоог нь өөрчлөх л асуудал гарна
уу гэхээс эдийн засгийн хүндрэ­лээс боди­той­гоор гарч чадахгүй. Төсвийн хариуцлагын
хууль, Төсвийн са­хил­га батын хууль гээд олон хуу­лиуд байгаа. Хэрэв одоогийн бат­лагдсан
үзүүлэлтээр Засгийн газ­рын ажлыг дүгнэвэл огцрохоос аргагүй дүр зураг гарна. Төсвийн
алдагдал 1,5 тэрбумд хүрэх гэж байна. Дотоодын нийт бүтээгдэ­хүүнд эзлэх өр, төсөв
дотор эзэлж байгаа зарлагын хэмжээ замба­раа­гаа алдсан. Харин 2014 оны төсвийг
бид үнэхээр зөв хийх ёстой. Улс маань одоогийнхоо илүү хүнд байдалд орчихвол юун
намуудын нэр хүнд манатай болно. Бидний яриад буй чадахгүй сайд­тайгаа хариуцлага
тооц гээд бай­гаагийн цаана эднийг огцруулаад дараагийн Засгийн газарт нь хамт­раад
сууя гэсэн санаа бидэнд огтхон ч байхгүй. Манай нам бүтээлч, идэвхтэй сөрөг хүчин
байна гэдэг л байр суурьтай байгаа шүү дээ.

-Одоо урт нэртэй хуулийг хэлэлцэнэ. Уг хуулийн
дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тал дээр ямар байр суурьтай байгаа
бол?

-Манай бүлгийн албан ёсны байр суурь их тодорхой.
Байгаль орчин, ус, ой модтой холбоотой энэ хууль бол үнэхээр хүний амьдрах орчин,
байгальд ээлтэй орчинг бүрдүүлсэн байх ёстой. Ээлжит бус чуулганаар оруулж ирсэн
хуулийг харахад өөрчлөлт оруулаагүй ч дагаж мөрдөх журамд нь нэмэлт өөрчлөлт оруулаад,
түүгээрээ дамжуулаад үндсэн хуулийнхаа утгыг алдагдуулах агуулгатай төсөл орж ирсэн.
Ийм байж болохгүй. Шаардлагатай гэж үзэж байгаа бол үүнийг тал талаас нь ярилцаж
үзэх хэрэгтэй. Тэгээд ч өнгөрсөн баасан гаригт хуралдсан УИХ-ын даргын зөвлөлийн
хурал дээр энэ асууд­лыг нухацтай ярья. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хүмүү­сийг
оруулж, яригдаж байгаа бүх газарт боломжтой бол очиж үзээд, бүгдээрээ нэг жигд ойлголттой
болцгооё гэсэн юм. Нэг хэсэг нь байгалиа хамгаалж эх оронч болох гээд, нөгөө хэсэг
нь улсаа хөгжүүлж эх оронч болох гээд байгаа юм алга.

Энэ хууль маань өөрөө биелэгдэх явц нь их удаан
байсан. Тэр хооронд нийгэмд эсрэг, тэсрэг байр суурь бий болчихсон учраас нэгдсэн ойлголттой
болоод цааш нь хэлэлцүүлээд явахгүй бол бо­лох­гүй. Түүнээс биш огт өөрчлөхгүй яг
энэ чигээрээ байж байх ёстой гэсэн юм байхгүй. Өөрчлөх шаард­лагатай гэж үзвэл бид
хамгийн түрүүнд байгаль орчинд ээлтэй байх ёстой гэдгийг л харгалзаж үзнэ. Ер нь
явж явж Урт нэртэй хуульд хамрагдаж байгаа газруу­дын дийлэнх нь шороон орд бай­даг.
Шороон ордыг ухалгүйгээр Монгол Улсын хөгжлийг хангах  өөр бололцоо бидэнд
байгаа. Тэгэхээр ухахгүй бол хөгжихгүй гэсэн ойлголт байхгүй. Бүлгүүдийн хооронд
ярилцаж байгаа зүйл гэвэл сайн үзье, ойлголцъё гэсэн байр суурьтай байгаа.

-Эдийн засгийн  хямралын  шинж илэрсэн
энэ цаг үед олон улсын хэмжээнд татварын  ямар  бодлого баримталдаг бол?

-Улс орны онцлогтой холбоо­той асуудал. Эдийн
засаг, төсөв нь ямар бүтэцтэй юм, түүндээ тохир­сон ямар арга хэмжээ авбал нөх­цөл
байдлаас түргэн гарах вэ гэдэг л асуудал тавигдана. Тэрнээс өнөөдөр нэг хуулинд
өөрчлөлт оруулаад өргөс авчихсан юм шиг маргааш бүх юм сайжирна гэсэн ойлголт байхгүй.
Үүнийг нь мэд­сээр байж урт хугацаанд өөрчлөлт оруулахгүй яваад байна гэдэг харин
ард түмний өмнө хийсэн гэмт хэрэг болж хувирна. Манай эдийн засаг өвөрмөц бүтэцтэй.
Манай улсын орлогын дийлэнх хэсгийг уул уурхай бүрдүүлж бай­на. Хөрөнгө оруулагчдын
хэцүү гэж үзэж байгаа зарим нөхцөл байдлыг нь хөнгөлөх гэж Монгол Улсын төр засаг
үзэж байгаа юм байна. Хоёр­дугаарт, ойр ойрхон татварын орчноо өөрчлөөд байх нь
ашиггүй юм байна.  Гуравдугаарт, гүйцэт­гэх засаглалын зүгээс явуулж бай­гаа
бодлого хөрөнгө оруулагчдад ойлгомжтой зөв байхгүй бол буруу зөрүү мэдээллээс болж
нөхцөл байдал амархан дорддог юм байна гэдгийг ойлгосон хуулийн хэлэл­цүүл­гүүд
явагдаж байна гэж ойлгож байгаа. Дөрөвдүгээрт, манай төсөв өнгөрсөн сонгуулийн 
дараа Зас­гийн газрыг маш том данхар бүтэц­тэй болгож, төсвийн зарлагыг нэ­мэг­дүүлээд,
төсвөөс гадуур баахан мөнгийг тооцоо судалгаагүй зарс­наас болж энэ хүндрэл бэрхшээл
үүссэн гэж бид үзэж байгаа. Татва­раараа оролдохоосоо өмнө энэ зүйлүүдээ эхэлбэл
анхны бодитой үр дүнгүүд гарах болно.

-Өмнөх онуудад 1.5 их наяд төгрөгөөр улсын төсөв
тасарч байсан уу. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Өмнө нь ингэж ихээр улсын төсөв тасарч байгаагүй.
Хариуц­лага хүлээхдээ тулбал Засгийн газар хариуцлагаа хүлээнэ. Бид ардчилсан нийгэмд
амьдарч бай­на. Улс төрийн хариуцлага гэдэг өөрөө том хариуцлага юм. Улс төрийн
хариуцлагадаа санаа зовдог хүмүүс улс төрд байх ёстой. Түүнээс биш яахав дээ сонгуулиас
сонгуулийн хооронд явдаг. Дараа­гийн сонгууль надад хамаагүй гэсэн үзэл байх ёсгүй.
Хэрэв тийм бол улс төр рүү ойртох ч хэрэггүй. Яагаад төсөл тасалдав гэдэг дотор
олон шалтгаанууд бий. Одоо бидэнд байгаа мэдээгээр бүтээн байгуулалтын тендерийн
асууд­лууд байна. Сүүлийн үед тендер үнэхээр замбараагүй болсон. Хэзээ нэгэн цагт
энэ бүхэн ил болно.

-МАН-ын их хурал энэ сарын 27-ны өдөр болно. Уг
хуралд оролцох төлөөлөгчдөө үүрээсээ сонгохын тулд нэлээд мар­гаан­тай байгаа гэв
үү?

-Их хурлын бэлтгэл ажил хэвийн явагдаж байна.
Энэ сарын эхээр намын их хуралд төлөөлөгч сонгох анхан шатны хурлууд үүрүү­дэд болно.
Намын удирдах зөвлө­лөөс гаргасан журмаар гишүүд өөрсдийг нь төлөөлж чадах хүнээ
сонгоно. Амралтын өдрүүдээр ихэнх газрууд гишүүдээ сонгочих байх.

-Их хурлаар дараагийн на­мын дарга хэн болох вэ
гэсэн марафонд таны нэр өндөр рей­тингтэй байна. Та МАН-ын дараа­гийн дарга болоход
бэлэн үү?

-Яриагаа хоёулаа ингээд дуус­га­сан нь дээр байх.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Монголын ёс зүйт хакериуд дэлхийн “Cyber olymp”-д дөрөвт оржээ

“Hawk” багийн гишүүд зүүн гар талаас Б.Батжаргал, Б.Мөнхжаргал, Б.Төрбат, Э.Өлзийбуян, М.Батмөнх, А.Мөнхболд

-“Windows Vista” ҮЙЛДЛИЙН СИСТЕМТЭЙ, “Pentium Duo” КОМПЮЬТЕРЭЭР МОНГОЛЫН
ХАКЕРИУ ДЭЛХИЙД ДӨРӨВТ ОРЖЭЭ-

Гурав­­ дахь жилдээ зохион бай­гуу­лагдсан
“Cyber olymp” хэмээх дэлхийн ёс зүйт буюу “white hat” хакерийн тэмцээнд Монголын
Үндэсний дата төвийн прог­рам­мист, мэдээллийн технологийн инженерүүдээс бүрдэх
“HAWK” баг амжилттай оролцон дөрөвдүгээр байрт шалгарчээ. Тэд тэмцээнээ амжилттай
дуусгаад өнгөрсөн баасан гаригт эх орондоо иржээ.

Үндэсний Дата төвийн захирал Д.Энхцогтой ярилцлаа.

-Дэлхийн ёс зүйт хакеруудын тэмцээнд танай байгууллагын
баг тамирчид амжилттай орол­цон дөрөвдүгээр байрт шалгар­санд баяр хүргэе.

-Баярлалаа. Бидэнд бүр дэл­хийн аварга болох боломж
бүрэн байсан гэдгийг давхар хэлэх нь зүйтэй байх.

-Тэгвэл яагаад чадсангүй вэ?

-Унасан бөхөд шалтаг мундах­гүй гэдэг шиг шалтаг
тоочих нь хаашаа юм. Гэхдээ дэлхийн хэм­жээ­ний нэр хүндтэй энэ тэмцээнд манай баг
тамирчид анх удаагаа оролцож байгаа гэх утгаараа турш­лага дутсаныг би үгүйсгэхгүй.
Хам­гийн гол нь компьютер, тоног төхөө­рөмжийн хувьд үнэхээр хоцрогдсон байсан.
Үндэсний Дата төв 2009 онд байгуулагдахад л тусламжаар олгогдсон хэдэн зөөврийн
компью­терээ аваад “Cyber olymp”-д орол­цохоор явсан. Тэдгээр компюьтер чинь
“Windows 7” гарахаас өмнөх “windows Vista” үйлдлийн систем­тэй, i3, i5,
i7,  процессор гарахаас өмнөх “Pentium
Duo” байхгүй юу. Тэдгээрийнхээ рам, CPU зэргийг чадлынхаа хирээр нэмэгдүүлсэн л
дээ. Тэглээ гээд Голландын түрүүл­сэн багийнхны хэрэглэж байсан компюьтер шиг төгс
байж чадахгүй нь мэдээж. Тэдний хэрэглэж байсан тоног, төхөөрөмж нь үнэхээр төгс.  Багийн гишүүн бүр сүүлийн үеийн хүчин чадал сайтай
компьюте­руудтай. Ямарваа өгөгдөл өглөө гэхэд багийн гишүүд нь биш прог­рамм нь
өмнөөс нь хийчихэж байх жишээтэй. Манай тамирчид зарим өгөгдлийг компьютертэй оруулсан
ч гэсэн хүчин чадал нь хүрэхгүй учраас давхар өөрсдөө оролцож байж гүйцэтгэж байлаа.
Хүний гар хичнээн хурдан хөдөллөө ч секун­дэд хэдэн мянган үйлдэл хийхээр програмчлагдсан
компьютерээс хурдан байж чадахгүй нь мэдээж. Ийнхүү манай тамирчид дэлхийн аварга
шалгаруулах сүүлийн шатанд хугацаа алдсан тал бий.

-Уг нь “HAWK” баг Ази тивээс нэгдүгээр байраар
гарч ирсэн гэл үү?

-Тийм ээ. Энэхүү тэмцээний эхний гурван шат нь
онлайнаар бүсчилсэн байдлаар явагдаж сүү­лийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд
орох багуудаа шалга­руулдаг. Монголоос эхний шатанд арваад баг оролцсоноос гурав
нь хоёрдугаар шатанд орох эрхээ авсан. Эхний шатанд дэлхийн хэмжээнд 667 баг оролцсоноос
Ази тивээс 167 баг оролцсон юм. Ийнхүү гуравдугаар шатнаас буюу Ази тивээс Үндэсний
Дата төвийн дэргэдэх “HAWK” баг нэгдүгээр байраар шалгарч гарч ирсэн. Өнөө мэдээллийн
технологийн хөгжлөөр шилдэгт тооцогддог Энэтхэг улсын баг чинь Ази тивдээ хоёрдугаарт
буюу манай багийн дараа гишгэсэн. Ийнхүү тив бүрээс шалгарсан шилдэг зургаан багтай
дэлхийн аваргын төлөө хүч үзэхээр АНУ-ын Атланта хотыг зорьсон юм. Хойд болон өмнөд
Америкийн тус бүр хоёр, Европ тивийг төлөөлж Гол­лан­дын хоёр баг, Ази тивийг төлөөлж
Монгол, Энэтхэгийн болон Австрали тивийн төлөөлөл зэрэг нийт долоон баг оролцон
аваргаа шалгаруулсан. Голландын баг дахин аваргалсан.

-Тэгэхээр мэдээллийн аюул­гүй байдлын тал дээр
Монгол Улс дэлхийн тавцанд гарсан гэж хэлж болох нь ээ?

-Яг тийм. Тэмцээнд дэлхийн мундгуудтай өрсөлдөн
дөрөв­дү­гээр байрт шалгарсан гэдэг бол манайх дотооддоо мэдээллийн аюулгүй байдлын
талаар боловсон хүчнээ богино хугацаанд хэр үр дүнтэй бэлтгэж чадсаны илрэл. Тийм
ч учраас “HAWK” багийн зургаан гишүүний тав нь ШУТИС, МУИС-д тус тус мэдээллийн
аюул­гүй байдлын чиглэлээр суралцаж төгссөн байдаг. Дээр нь өнгөрсөн зун “Мэдээллийн
аюулгүй байд­лын өдөрлөг”-ийг гурав дахь жил­дээ өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулсан
бөгөөд үүнд Ази ном­хон далайн бүсийн кибер довтол­гоо­той тэмцэх байгууллага орол­цон
бидэнд өндөр үнэлгээ өгсөн. Дээр нь Үндэсний аюулгүй байд­лын зөвлөл биднийг дэмжин
ажил­ладаг зэрэг нь бид дэлхийн тав­цанд амжилт гаргах үндэс нь бол­сон.

-Мэдээллийн аюулгүй байд­лын төв байгуулах асуудал
ямар шатандаа явж байна вэ?

-Хятадад фейсбүүк, youtube бай­даг­гүй. Оросод
бол зарим цахим сайтыг ажиллуулдаггүй. Энэ мэт­чилэн улс орнууд зарим цахим сайтын
сүлжээг дотооддоо нэвт­рүүлэлгүй хориглож байгаа нь тухайн улс үндэстэн мэдээллийн
аюулгүй байдлын тал дээрээ онц­гой анхаарч байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл орон
болгоны онцлогийг харгалзан ямар мэдээл­лийг нууцлах, ямрыг нь хамгаалах, ямар мэдээллийг
нь өглөө гэхэд хэрхэн хяналт тавих зэргээ шийд­дэг. Энэ тухай тодорхой бодлого хүртэл
боловсруулсан. Энэ бол дэлхийн жишиг. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн
шийд­­вэ­рээр мэдээллийн аюулгүй байдлын төв байгуулахаар болсон. Тус төв нь төрийн
болон хувийн хэвшлийн нийлсэн байгууллага байх юм. Тэд мэдээллийн аюулгүй байдлыг
хангах тал дээр зөвлөмж, санамж бичиг боловсруулах юм.                

Энэхүү дөрвөн үе шаттай явагд­­даг “Cyber olymp”
дэлхийн ёсзүйт хакерийн тэмцээн хэрхэн явагдсан талаар хүргэе.  Эхний шатанд банкны системийн доголд­лыг шинжлэх
даалгавар өгсөн байна. Баг тус бүр өгөгдсөн хуга­цаанд банкны ажилтны буруутай үйл
ажиллагаанаас ямар мэдээлэл алдагдсан болон тэрхүү системийн алдааг хэрхэн засах
талаар зөвлө­гөө өгсөн байна. Харин хоёрду­гаар шатанд багуудын оношилсны дагуу
серверээ шинэчилсэн байна. Тэгээд тус шинэчлэгдсэн серверт хакерууд ямар “нүх сүв”-ээр
нь нэвтэрч, нууц мэдээлэл авч боло­хыг шинжлээд дахин хамгаа­лал­тын системийг нь
сайжруулах даал­­гавар өгсөн байна. Шалгар­сан багууд   даалгаврыг нь ёсоор гүйцэтгэж, системийн бүрэн
байд­лыг эцсийн байдлаар хангасан байна.

Ийнхүү дараагийн буюу гурав­дугаар шатанд дахин
шинэч­лэн, аюулгүй байдлыг нь хангасан тэр­хүү системээ дахиад “хакердаж” нэвтрэн
орох даал­гавар өгсөн байна. Энэ даал­гаврыг Монголын баг өгөгдсөн гурван цагийн
хуга­цаанд нь гүйцэт­гэл өндөртэй хий­сэн учраас нэгдүгээр байраар буюу Азийн аваргаар
шалгарч шууд дэлхийн аваргын төлөө Европ, Америк, Австрали тивээс шалгар­сан зургаан
багтай хүч үзэхээр болжээ. Дэлхийн авар­гын төлөө эзэнгүй сервер рүү долоон баг
нэгэн зэрэг нэвтрэн орж, нэгнээсээ өрсөн серверүүдийг эзлэх даал­гавар байсан байна.
Нэгэнт эзэл­сэн тохиолдолд бусад багийнханд “хакердуулж” алда­хаас хамгаалах ёстой
байж.  

Дашрамд дуулгахад “Мэдээл­лийн аюулгүй байдал”-ын
тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэх гэнэ. 

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Мягмарсамбуу: С.Зоригийг Ерөнхий сайд болох гэж байхад нь хөтлөлцөж гүйгээд яахав гээд тэр өдөр хамт яваагүй юм

Монголд ардчилсан хувьсгал
ялахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гавьяа­тай хүмүүсийн нэг бол Санжаасүрэн­гийн
Зориг агсан билээ. Тэрээр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан тэр өд­рөөс
хойш 15 жил өн­гөрчээ. Талийгаа­чийн дотнын нөхөр Ш.Мяг­мар­сам­буутай ярилц­лаа.

-Та С.Зориг агсантай анх яаж
танилцаж бай­сан бэ?

-Биднийг талийгаа­чийн ах
танилцуулж бай­сан юм. Тухайн үед би “Новести Монголия” со­нинд ажиллаж байлаа.
Анх 1989 оны шинэ жи­лээр С.Зоригоос ярилц­ла­га авч танилцаж билээ. Ингээд
1990 оноос хойш холбоотой байж дээ. Тэр жил ардчиллын хөдөл­гөөн Монголд өрнөж,
би хэвлэлд ажиллаж байсан хүний хувьд С.Зориг агсанд тус болох үүднээс сонин
энэ тэр хийгээд хамтрах болсон юм.

-С.Зориг агсан ард­чиллын
төлөө зүтгэж байхдаа ямар албан ту­шаал хашиж байв?

-МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сур­гуульд аспирантурт
сурч байсан юм байна. Тэр­нээс өмнө хотын эвлэ­лийн хороонд зааварлагч байсан.
Анд нөхөр маань хорвоогоос одоод 15 жил боллоо. Энэ бол тийм ч богино хугацаа
биш. Шинэ үеийнхэн өснө, түүх шинээр бичигдэх магад­лал өндөр. Одоо арван
жилийн хүүхдүүд С.Зориг гэж  хүний
тухай,  энэ хүн юугаараа гавьяатай юм бэ
гэдгийг  төдийлөн мэ­дэх­гүй. С.Зориг бол
Мон­голын нийгмийн инфор­ма­цийг өөрчилсөн хүн. Коммунист дэглэмийг ха­ла­хад
гол үүрэгтэй бай­сан. Ардчилсан хувьсга­лыг удирдаж байсан хү­мүү­сийн нэг.
Тэрбээр ард­чилсан хувьсгалаас хойш улс төрд идэвхтэй орол­цож байлаа. УИХ-д
сон­гогдож, улс орны амьд­ралд чухал нөлөөтэй, асуудлыг шийдэхэд гар бие
оролцсон юм. С.Зори­гийн хамгийн гол гавьяа зүтгэл нь мон­гол­чуудыг ардчилсан
нийгэм рүү удирдаж оруулсан явдал.

Тиймээс энэ хүн мон­гол­чуудын
хувьд мартаг­дах ёсгүй. Ардын хувьс­га­лыг үндэслэгч Д.Сүхбаа­тар жанжны талаар
хүн бүр мэддэг шиг С.Зориг тийм л байх ёстой.

-Түүнийг олон хүн­тэй нөхөрлөж
байгаагүй гэлцдэг юм билээ. Харин та дотнын найз нь байсны хувьд дурсам­жаасаа
хуваал­цахгүй юу?

-С.Зориг Орост сур­гууль төгссөн
хүн. Тэр утгаараа оросоор онигоо ярьдаг найз нар нь бус­даас арай дээр байсан
юм байлгүй (инээв). Түү­нийг тойрон хүрээлэгчид нь гэвэл, унш­сан ном
зохиолуудынх нь зах зу­хаас мэддэг хүмүүс бай­сан гэх үү дээ.  Мань эр байнга өдрийн тэмдэг­лэл хөтөлдөг
байлаа. Тун цэгц­­тэй хөтөлнө. Хүнийг маш сайн сонсдог,  яриа­наас нь санаа гаргаж чад­даг хүн байсан
юм. Хүнд буруу санадаг­гүй тийм л аядуу хүн байж билээ.

-Тэгвэл тойрон хү­рээ­лэг­чид
гэвэл танаас өөр хэн хэн байсан бэ?

-Их сургуулийн багш нар, шатрын
ахмад мас­те­рууд гээд олон хүнтэй танил нөхөд байсан. Бас ардчилсан хувьсгал
яла­хад хамт зүтгэсэн хүмүүс байна. Харин ойр дот­нын тэр нь тийм гээд явсан
хүн байхгүй. Азаар бид ха­жууд нь байсан болохоор одоо дотнын хүмүүсийнх нь
тоонд орж байгаа юм.

-Монголчуудын хувьд С.Зориг агсан
“Шулуун шударга зан­тай хүн байсан” гэж үнэ­лэгддэг. Түүнтэй ойр байснаараа та
илүү дүгнэх байх…

-Тийм шүү. Монгол­чууд түүнийг
тэгж үнэлдэг. Найз нөхөдтэйгөө 100 грамм хөнтөрчихдөг, бүгд­тэй нөхөрсөг
харилцдаг бай­лаа. Жишээлбэл, О.Даш­­балбар агсантай хамт хөөрөлдөж сууж бай­­сан
нь санаанд тод­хон бууж байна. Хүнд муу юм хийе гэж огт боддоггүй байсан.
Өөрийнхөө дот­нын хүмүүст тун тусархуу хүн байж билээ.

-С.Зориг агсны хэл­сэн “Би
монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн үг нь бараг афо­ризм болж дээ?

-Энэ үгийг дүү С.Оюу­ны­­­гаа
Чехэд сурч байхад нь бичсэн захи­дал­даа дурдсан байдаг. Тэгэхэд ардчилсан
хувьс­гал эхлээ­гүй байсан юм. Ер нь дүүдээ ахын сур­гаал хайрлаж, ирээдүйн үйл
хэргийг нь зөвлөж сурга­даг байсан юм уу даа. С.Зориг гэдэг хүнийг монголчууд
мартахгүй байхын утга учир нь  “Би монгол
хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн үг гэж боддог. Монгол­чууд бидний
саруул ухаанд итгэж байсан түү­нийг мар­тахын аргагүй юм. Яахав он цагийн явцад
мартаг­нана гэвэл ардчилсан хувьсга­лаа мартаж бай­гаа­тай адил болно доо.

-Та талийгаач нөх­рийн­хөө
хөшөөнд жил болгон хүндэтгэл үзүүл­­дэг. Жирийн өд­рүү­дэд зорьж очдог уу.
Хажуугаар нь өнгө­рөхөд ямар сэтгэгдэл төрдөг бол?

-Хааяа замын хажуу­гаар явж
байхдаа хөшөөг нь харж, хамт байсан сайхан үеүдээ дурсдаг даа.

-С.Зориг агсан Мон­го­лын улс
төрийг юу гэж дүгнэж, ирээдүйгээ хэр­хэн хардаг байв. Хэрэв тэр хүн өнөөдөр
амьд сэрүүн байсан бол  манай улсын
өнөөгийн нөхцөл байдал ямар байх байсан гэж та боддог вэ?

-Одоогийн сууж бай­гаа хүмүүсээс
хамаагүй туршлагатай, шилдэг улс­төрч байх бай­сан. Миний санахад, банк­ны
асууд­лаар УИХ-ын гишүүд шөнөжин хурал­даж байж билээ. С.Зориг “Бид ямар банк­ны
мэргэжилтнүүд биш, ингэж хамаагүй ярьцгааж байхаа больё” гэж хэлсэн юм. Тэгтэл
дараагийнх нь хүмүүс “Уучлаарай” гэсэн үгээр яриагаа эхэлсэн нь санаг­даж
байна. С.Зори­гийн хувьд иймэрхүү нөлөө байсан л даа. Харин одоо тэр лидер
хүний зай Мон­голын улс төрд дутаг­даж байна. Удир­даад, зохион бай­гуу­лаад
явах хүн гэвэл, гадаадад нэр хүндтэй Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж л байх шив.
Гэхдээ мань эр байсан бол Н.Алтанхуяг энэ тэр­тэй зүйрлэхгүй л хүн бай­сан гэж
боддог. С.Зори­гийн сэтгэх хүрээ, асуу­далд хандах хандлага нь өөр юм даа.
Тиймээс түү­ний улс төрийн орон зай өнөө­гийн нийгэмд дутаг­даж байна.
С.Зоригийн хэлсэн үгэнд “Нийгмийн зэрэг дэвийн давхаргуу­дын ашиг сонирхол нэн
түрүүнд тавигдана. Харин хувь хүний ашиг сонир­х­лыг хамгийн сүүлд тавих ёстой”
гэсэн байдаг. Тийм зарчмаар явж байж улс орон хөгжих ёстой.

-Их сургуульд хи­чээл зааж
байсан боло­хоор шавь олонтой биз. С.Зориг гэдэг хүний үйл хэргийг
үргэлжлүүлээд аваад явах бэлтгэсэн гарын шавь гэж бий юу?

-Өө, шавь олон. Үйл хэргийг нь
үргэлж­лүү­лээд аваад явах хүн гэвэл дүү С.Оюун л байна даа. С.Оюун гишүүний
хувьд мэдлэгтэй, чадвартай, биеэ даасан бодолтой хүн. Улстөрчид биеэ даа­сан
бодолтой байх хэрэг­тэй. Гэхдээ тэр нь нийгэм­дээ харшлахгүй байх ёстой.

-Та С.Зориг агсантай хамгийн
сүүлд ямар яриа өрнүүлж байв?

-Санахгүй байна. Түүний ойр
байсан хүмүүс бие бие­дээ саад болох­гүй, өөр өөрсдийнхөө ажлыг хий­гээд явдаг
бай­сан. Бие биенийхээ дэмж­лэгийг авдаггүй байсан гэх үү дээ. Намайг “Зас­гийн
газ­рын мэдээ” сони­ны эрх­лэгч болоход ту­хайн үед хүмүүс С.Зо­ригийн дэмж­лэг­тэй
тэр албан тушаалд очсон гэж харддаг байсан байх. Үнэн хэрэгтээ М.Энх­сай­хан
Ерөнхий сайд болс­ны­хоо дараа намайг томилсон юм. Учир нь сонгуулийн үеэр сайн
ажилласан болохоор энэ хүн ажиллаж чадна гэсэн­дээ тэр. Тухай үед би
дургүйлхэж, С.Зоригт хэлж байсан юм. 
“Намайг яах гэж ийм ажилд тавь­чи­хав” гэтэл “Хүн өөрт чинь ажил санал болгоод
найдаж байгаа бол ажил­ла” гэлээ. Тэгээд л би ажиллахаар шийдсэн юм.  Хэрэв ажиллаж чадах­­­гүй бол сольчихно
биз  гэсэн бодолтой байв. Ингээд С.Зориг
маань 1999 онд Япон руу явах­даа нэг ярилцлага өгсөн байдаг. Тэр ярилцлага­даа
“Зас­гийн газрын мэдээ сони­ныг өөрчилж чадсан хүн” гээд л намайг магтсан байна
лээ. Мань эр хэн нэгнийг дээш нь зүтгүүлнэ гэсэн бодолгүй хүн бай­сан. Тийм
санаа С.Зоригт огтхон ч төрөхгүй. Хэрэв одоогийн сайд дарга нар шиг бай­сан бол
бид аль нэг яаманд нэг, нэг дарга хийгээд л, чадна, чадна гээд явж  байх байсан биз.

-Түүнийг бусдын гарт амиа
алдахаас өм­нөх арван жилийн хуга­цаанд нэг ч өдөр дэргэ­дээс нь холдож байгаа­гүй
хүн бол таныг гэх юм билээ. Хурлаас тараад гарч ирэхэд нь хүртэл хамт явдаг бай­сан
гэдэг. Харам­сал­тай хэрэг гардаг тэр өдөр та яагаад түүний дэргэд байсангүй
вэ?

-Ерөнхий сайд болох гэж байсан
түүний хажууд  хөтлөлцөж гүйгээд яахав
гэж бодоод бид хамт бай­гаагүй юм. Түүнд бодож сэтгэж, суух юм байдаг байх гэж
бодоод тэр өдөр бид хол байсан юм.

-С.Зоригийг Ерөнхий сайд
болохын нэг хоно­гийн өмнө хороосон тухай мэдээлэл байдаг. Та үүнд ямар хариулт
өгөх вэ?

-Тухайн үед Ерөнхий сайдын
суудлаас Да.Ган­болдыг Ерөнхий­лөгч до­лоон удаа буцааж бай­сан шүү дээ. Тэгээд
зөв­шил­цөл хийгээд С.Зо­ригийг Ерөнхий сайд бол­гох гэж байсан юм шиг байна
лээ. Маргааш нь энэ асуудал орж ирнэ гэж байтал харамсалтай хэрэг гарсан. Харин
хэрэг гардаг орой бид ажил дээрээ байсан юм. Со­нин­­оо хийгээд байж байтал
түүнийг хороосон тухай сонсоод итгээгүй. Маш хүндээр хүлээж ав­сан. Түүнийг
мартъя, мар­таг­нуулъя гэсэн бодол­той хүмүүс байж болно л доо. Гэхдээ
монголчууд С.Зо­ри­­гийг хороосон хэрэг илрээсэй гэж хүс­дэг. Гэтэл яагаад,
ямар шалтгаа­наар хэн хөнөө­сөн нь тодорхойгүй, нууц чигээ­рээ үлдэж байна.
Түүнийг хөнөө­сөн нь цаагуураа өөр зорилготой байсан. Эрүү­гийн гэмт хэрэгтний
гарт азгүй тохиолдлоор үрэг­дээгүй байх.

-Тийм шүү. Монго­лын ард түмэн
ч, ар гэрийнхэн нь ч тийм л бодолтой байгаа болов уу?

-Тийм учраас хэрэг илэрдэггүй
байх.

-С.Зориг агсан бус­дын гарт
амь үрэгддэг тэр өдөр ямар ажилтай явж байсан бэ?

-Тэрээр талийгаач Пү­рэв­дорж
гуайнхаар орно гэж байсан юм. Мар­гааш нь талийгаачийг нутаг­луулах байлаа.
С.Зориг тэр комиссынх нь дарга байсан. Тэгээд орой 22.00 цагийн үед ар гэ­рээр
нь ороод гарсан байдаг юм. Тэдний хоё­рын гэр зэргэлдээ шахам. Тэгээд талийгаач
Пүрэв­дорж гуайнхаас гараад гэртээ ороод бусдын гарт амиа алдсан даа.

-Тухайн үед С.Зори­гийн үхэлд
олон хүнийг хардаж сэрдэж байлаа. Э.Бат-Үүлийн малгайг гэрт нь байсан ч гэх
шиг. М.Энх­сай­хан алсан гэж хэлэх хүн ч байлаа. АН төрд байгаа цагт энэ хэрэг
илрэхгүй гэж ярих нэгэн ч байсан. Гэвч МАН-ынхан эрх барих үед ч энэ хэрэг илэр­сэн­гүй.
Та энэ хэр­гийг юунаас болсон гэж хард­даг вэ. Илрэх бо­лов уу?

-Үүнийг хэлэхэд их хэцүү юм аа.
Энэ талаар таавар алга. Хэрэг гарсны дараахан “Монголын нэг өдөр” сонинг эрхлэн
гар­гаж байсан Даваадорж олон таавар, таамаг­лал­тай дугаар гар­гаж билээ. Анд
нөхөр маань өөд бо­лоод 15 жил болж байгаа учраас олон хүн хэргийг ил болоосой
гэж хүсч байгаа байх. Улс тө­рийн утга агуулгатай бай­сан бол илрэхгүй биз дээ.
Хэрэгт холбогдож байсан хүмүүсийн хувьд батал­гаа­гүй мэдээлэл. Хэрэв
баталгаатай байсан бол нэлээд том асуудал бо­лоод явах байсан биз. Талийгаачийн
гэрээс Э.Бат-Үүлийн малгай гарч ирсэн гэдэг мэдээлэл хэргийн анхаарлыг өөр тийш
нь хандуулах бай­сан байх.

-С.Зориг агсан Ерөн­хий сайд
болох тухай­гаа танд ярьж байв уу?

-Үгүй ээ. Тэр тухай огт ярьдаггүй
байсан. Бид “Да.Ганболдыг Ерөнхий­лөгч буцаагаад байна, дараагийн хүн чи юм шүү
дээ” гэж С.Зоригт тоглоом шоглоомоор хэл­дэг бай­лаа. Тэгтэл огт тоодоггүй
байсан. Ерөн­хий сайдын алба бол хүн бүр шүүрч аваад хийчих­дэг ажил биш шүү
дээ.

-Та С.Зориг агсны ар
гэрийнхэнтэй уулзалд­даг биз дээ?

-Ах дүү хоёртой нь л холбоотой
байдаг. Та­лий­гаачийн ээж Ерөн­хий­лөгч Н.Багабандитай уул­заж, хэргийг
илрүүлж өгөхийг хүсч байсан даа. Гэвч хүүгийнхээ үхлийн буруутныг мэдэж чадал­гүй
хорвоогоос явсан даа хөөрхий минь.

-Эхнэртэй нь хол­боо­той
байдаг уу?

-Тааралдахаараа мэнд­­лээд
өнгөрдөг дөө.

-Тэрээр хэргийн та­лаар яагаад
одоо бол­тол дуугардаггүй юм бол. Тэд хэзээ танил­цаж байсан бэ?

-Талийгаач эхнэр Булгантайгаа
1991 онд танилцаад гэр бүл болж билээ. Хэргийн дараа гэрээр нь орж гарахаас
хэцүү байсан учраас тэгс­гээд холдсон. Булганы хувьд хэргийн газарт бай­сан
болохоор ярихад хэцүү байх нь мэдээж. “Хэрэгтэн ямар царайтай байсан” гэхээс
өгсүүлээд асуусан асуултад нь яаж хариу­лахав дээ.

-Хэргийн явцын та­лаар танд
ямар мэдээ­лэл байдаг вэ?

-Одоо шалгаж л бай­гаа байх. Он
жил өнгөрөх тусам улам бүдгэрэх байх. Гүйцэтгэгчид нь байхгүй болно, гэрч
байхгүй болно.

-С.Зориг агсантай хамт
өнгөрүүлсэн ар­ван жилийн хуга­цаанд таны сэтгэлд үлд­сэн дурсамжаар яриагаа
өндөрлөе.

-Шатар тоглох дуртайг нь  хэн хүнгүй мэднэ. Би хааяа түүнийг хожчихно
оо. Мань эр шатар тоглох­доо сайн. Тоглодог хүмүү­сээ ихэнхийг нь хожно шүү.
Бас гитар тоглож дуулдаг байсан. Урд талынх нь шүд хугарсан нь Орост оюутан
байхдаа регби тоглож байгаад хугалсан юм гэсэн. Ээж, ах дүү нартаа тун халамж­тай,
ахмад хүмүүстээ хүн­дэт­гэлтэй ханддаг байсан даа.

М.МӨНХЦЭЦЭГ