Categories
редакцийн-нийтлэл

Хувийн өмчийг хураадаг үе хуучин нийгэмтэй хамт арилсан гэж бодсонсон

Байсхийгээд л түргэн үйл­чи­л­гээний
цэг буюу ТҮЦ-үүдийг хураана, буулгана гэдэг. 
Бараг л бүх Засгийн үед  ТҮЦ-үүдийн
эздийг айлган сандаргаж,  ар гэрээ тэжээдэг
амьжиргааны эх үүсвэрийг нь байхгүй болгох гээд зүтгэ­чих­дэг.  Олон айлын амьдралтай холбоотой энэ асуудалд  төр үргэлж дээрэнгүй, дураараа хандаж ирлээ. Дээрэлхэхэд
амар байдаг биз. Буулгахад ч амар байдаг бололтой. Иргэнээ боддоггүй төр байж болох
уу. Харин эсрэгээрээ томоохон компаниуд хууль зөрчвөл эс мэдэгч царайлаад өнгөрөх
нь элбэг. За тэгээд бөөсөнд хутга гэгчээр яасан ч олон байгууллага  ТҮЦ-т хяналт 
тавьдаг юм.  Нийслэ­лийн Засаг даргын
1997 оны А150 тоот захирамжаар хо­тын Ерөнхий архитекторын батлагдсан зураг төслийн
дагуу нийтийн тээврийн зог­соол дахь  түргэн
үйлчил­гээ­ний цэгүүд бий болж байсан. 2004 оноос Нийслэлийн ний­тийн тээврийн газарт
харь­яа­лаг­дах болов.  Тухайн газар үйлдвэр
үйлчилгээний гэрээ, газрын гэрээг нь хийдэг бол­лоо.  

Түүнээс хойш 2008 онд Нийтийн тээврийн
газар  MNS5879-2008 гэсэн стан­дар­­тын дагуу
үйл ажиллагаа явуулахыг  шаардахдаа хуу­чин
1997 онд байгуулагдсан ТҮЦ-үүдийг зөвшөөрөлгүй гэж үзээд шинээр зөвшөөрөл олгосон.
Хотын төвийг нэгдү­гээр зэрэглэл гээд  гол
уулз­ва­руудыг чөлөөлж, тэнд бай­сан  ТҮЦ-үүдийг
буулгажээ. Тэгээд шинэ стандартын дагуу пепси гэсэн бичиг, зураг бүхий  алаг ТҮЦ-үүдийг байр­шуулж байж. Ингэж явж бай­гаад
2010 онд хотын ерөнхий менежерийн тушаал гарч Нийслэлийн захирагчийн ажлын алба,
Нийтийн тээв­рийн газар, Худалдаа хөгж­лийн банк хамтран ажиллах гэрээг үндэслэн
100 байрш­лын зогсоолыг чөлөөл гэсэн байна. Энэ тушаал гарснаар  мэдэгдэх хуудас өгөөд хөөж тууж эхлэв. ТҮЦ ажиллуулдаг
хүмүүс ч  хэрэндээ л хөөцөл­дөж, тэмцсэн байдаг.
2008 оны стандартаар бол үйл­чил­гээний цэгтэй байна гэсэн  бол 2010 оны тушаал нь үйл­чил­гээний цэггүй стандарт
болсон. Тэр үедээ бас л хөөж туугаад үйлчилгээний цэггүй байна гэж  ад үзэв. 
Ингээд баахан хэл ам гарч,  бичиг цаас
барьсан хүмүүс  үймэл­дээд эхэлмэгц тэгэсгээд    ТҮЦ буулгах ажиллагаа нам бо­лов. Одоо хотоос
барьж бай­гаа бодлогоор бол  2020 он хүртэл
үйлчилгээний цэгтэй байхыг зөвшөөрөөд байгаа мэт. Ямартай ч үйлтэй хүмүүс санаа
амрах болоогүй байж.

2012 онд Э.Бат-Үүл  дарга ажлаа аваад тушаал гарга­сан. Нийслэлийн
авто замын ачааллыг бууруулах зорил­гоор нийтийн тээврийн зогсоол дээрх үйлчилгээний
цэгүү­дийг нүүлгэн шилжүүлэх ту­хай уг тушаалын гуравду­гаарт тусгажээ.   Үүнийг ёсоор болгохыг Дүүргүүдийн засаг дарга
нарт үүрэг болгосон байна. Энэ үед бас л ТҮЦ-ийнхэн эсэргүүцэж эхлэхэд хотын дарга  өөрөө санаач­лаад 2012 оны 10 дугаар сарын нэгний
өдөр түргэн үйлчилгээний цэг ажиллуул­даг иргэдийг хүлээн авч уулз­жээ. Тэрээр
“Энэ үйлчилгээ чинь иргэдэд хамгийн ойр үйлчилгээ байна, миний ту­шаал алдаатай
гарч, зал­руу­лах хэрэгтэй байна” гэж. Энэ уулзалтанд  Нийтийн тээв­рийн газрын орлогч дарга байсан.
Түүнд Э.Бат-Үүл  баа­тар “Стандартыг нь шинэ­чилж
гарга” гэж үүрэг өгчээ. Энэ стандарт гаргаад ирэ­хээр өөрсдийн хөрөнгөөр нийтийн
тээврийн зогсоо­луу­дад ТҮЦ-ээ ажиллуулж  
бол­но гэж иргэдэд хэлсэн байгаа юм.  
ТҮЦ ажиллуулдаг хүмүүс бөөн баяр болцгоож “Ёстой нэг зөв хүнээ сонгож” гэж
ам уралдан магтаад сэтгэл амар­сан байгаа юм. Гэтэл нөгөө шинэ стандарт нь ч гарсангүй.
Нийтийн тээврийн газрын хуучин удирдлагууд ч солиг­дов. ТҮЦ-ийнхэн энэ талаар дахин
хотын даргад хандаж, ямар стандарт мөрдөхөө асуу­сан боловч тодорхой хариу авч чадаагүй
байна.

2013 онд  хотын ерөнхий менежерийн шинэ  тушаал гарлаа. Тушаалд зөвшөөрөл­гүй 200 байршлыг
чөлөөлөх тухай тусгажээ.  ТҮЦ ажил­луул­даг
хүмүүс дахиад л хо­тын даргад бичиг цаас илгээж. Нэмэр болсонгүй.  Үүнтэй уялдсан мэт   2020 он хүртэл Нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний
дагуу хэрэгжүүлж  байгаа “Киоск төсөл”-ийн
тендерт шалгарсан гэх КИГ гэх ком­па­ни гарч иржээ. Нэг бүр нь 25 саяын үнэтэй сүрхий
гоё тайл­бартай стандартад нийц­сэн гэх 200 ТҮЦ захиалгаар нийлүүлнэ гэжээ. Байрлал
сайтай газарт байрлах  ТҮЦ-ийн эздэд “Танайх
захиалах­гүй бол өөр хүн энд ТҮЦ ажил­луулна” гэсэн байгаа юм.  Ингээд 
байтал “Хашаа” арга хэмжээний хүрээнд баахан ТҮЦ-ийг байсан газраас нь хүч
хэрэглэн хөөж эхлэв. Нэг эмэгтэй өөр лүүгээ бензин асгаж эсэргүүцээд нэмэр болол­гүй
хүчээр ТҮЦ-ийг нь буулгасан зураг ч хэвлэлүү­дээр гарсан. Чингэлтэй дүү­рэгт л гэхэд
19 ТҮЦ-ийг хүчээр буулгаад байгаа юм. Байр­ла­лаасаа шалтгаалаад ТҮЦ-ээс олох орлого
янз бүр байдаг юм байна. Үнэндээ иргэд албан ёсны зөвшөөрөл шинэ­чилж авах гэхээр
дүүр­гээс нь өгдөггүй юм байна. Баянзүрх дүүрэг л зөвшөөрөл олгосон гэх юм билээ.
За ямартай ч байнга айлган сүр­дүүлж, амар амгалан амьд­ралыг нь эвдэж байдаг энэ
ажиллагаа байсхийгээд л болдог.

Хувийн өмчийг хураадаг үе өнгөрсөн
шүү дээ.  Өнөө­гийн нийгэмд хамгаалах ёс­той,
хураавал тусдаа хууль гаргаж хураах ёстой байдаг. Хууль гаргаж хураахдаа тул­вал
нөхөн төлбөр төлдөг. Үндсэн хуульд энэ тухай тодор­хой заачихсан. Энэ тохиолдолд
ТҮЦ хураана гэсэн хууль гараагүй байгаа. Тиймээс иргэд хуулийн дагуу хөрөнгөө нэхэмжлэх
эрхтэй.  Өдөрт нэг сая төгрөгийн орло­готой
гэж бодвол жилд 360 сая,  багаар бодоход
20 жилд үүнийг үржүүлээд нөхөн олговроо олгочих.  Төр иргэ­ний­хээ амьдралыг өөд нь татахаас биш
болоод бол­гоод байгаа амьдралыг нь болохгүй болгож болох уу.

Мэдээж нийслэлийнхэн хотын өнгө үзэмжинд
анхаарч байгаа. Үүнд иргэд талархал­тай байна. Гэхдээ нэг зүйл асууя. Хот гоё байх
нь хэрэг­тэй юу, иргэдийн амьдрал сайхан байх нь хэрэгтэй юу.  Гоё хотод өлсгөлөн ядуу иргэд олшрох сайхан хэрэг
биш.  Хотоо гоё сайхан болгох гэж нэлээд олон
иргэнийхээ амьдралыг зөнд нь хаях гэж байгаа бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно
гээч болно.

Одоогийн эрх баригчид сөрөг хүчин
байхдаа ТҮЦ хураахыг  эсэргүүцдэг бай­сан.
Ард түмэн өмчтэй, хөрөн­гөтэй байхын төлөө тэмцэж, үгээ хэлдэг байлаа. Энэ нь эрх
барьснаас хойш өөрчлөг­дөө­гүй байлгүй дээ. Үүл баатар Нийслэлийг удирдаж  байна. Хийж бүтээж байгаа сайн сайхан бүхнийг
тань дэмжи­нэ. Гэхдээ та бүхний хэлээд байсан “Иргэдийн оролцоо­той төрийн бодлого
шийдвэр” гээч нь хаачив аа. Иргэд стандартаа гаргаад өгвөл өөрсдийн мөнгөөр нэг
ижил ТҮЦ-тэй болохыг зөвшөөрө­хөө удаа дараа мэдэгдээд байгаа шүү дээ. Ер нь өөр
улсад янз бүрийн жишиг бай­даг юм билээ. Судалж үзэхэд гэмгүй болов уу. Нэг супер­мар­кетын
эзнийг  баяжуулах уу, нэг хэсэг түргэн үйлчил­гээ­ний
цэгийг дэмжиж, иргэдээ ажилтай, орлоготой болгох уу гэсэн шийдлээр Япон улс ийм
асуудалд хандсан байна лээ.

Харин манайд болоод байгаа энэ үйл
явц хуучин хууль дүрмийн гажуудлаа эргэн харахыг сануулж бай­на. Гэхдээ л нийслэлийн
удирд­лага, Газрын алба, Нийтийн тээврийн газар, Мэр­гэжлийн хяналтын газар зэрэг  хариуцсан байгууллага нь Иргэдийн талд үүнийгээ
шийдэх биз ээ. Мөн дүрэм, журам, хууль гаргахдаа уял­даа холбоотой гаргаж байх­гүй
бол алийн болгон  хоо­рон­доо зөрүүтэй шийдвэ­рүүдээс
болж иргэд хохирч байх ёстой билээ.

Categories
редакцийн-нийтлэл

Д.Отгонбаяр: Анх биднийг урт үс, уранхай жинстэй тайзан дээр гарахад үзэгчид хөөж байлаа

“Хурд” хамтлагийн гитар­чин, ая зохиогч Д.Отгонбаяртай
ярилц­лаа. Тус хамтлагийнхан ирэх сарын 29, 30-нд 20 жилийн ойн тоглолтоо “UB
Palace”-д  тавих гэж байгаа юм.

-Юуны өмнө 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Энэ жил ойгоо тохиол­дуулж олон ч тоглолт хий­лээ шүү?

Баярлалаа. Монголын урла­гийн 20 жилийн түүхийг “Хурд” хамтлаг тасралтгүй бүтээлцэж, өөрсдийн
түүхийг мөн бичиж иржээ. Тиймээс энэ 20 жилийн ойг нэг өдөр тэмдэглээд өнгөрөөх
бус 2013 оныг дуустал төсөл боловс­руулж, үүнийхээ дагуу ажиллалаа. Өнгөрсөн гурав­дугаар
сард эмэгтэй­чүүддээ зориулж “Март-8”, цэргийн баяраар эрчүүддээ зориулж “Цэргийн
бодол” зэрэг олон тоглолт хийлээ. Энэхүү тог­лол­туудаа биднийг сонсдог, сонс­соор
ирсэн үнэнч фенүүд­дээ зориулж үнэ төлбөр­гүйгээр тогло­сон. Мөн саяхан Өвөр Монгол,
Эрдэ­­нэт, Дархан зэрэг хотуудад аялан тоглолтоо хийж орон нутгийн фенүүдтэйгээ
уулзаад ирлээ. Харин энэ удаагийн тоглолт бол жинхэнэ тэсрэлт байх болно.

-Яг ямар тэсрэлт байх бол. Уншигчдад сонир­хуу­лаач?

-Монголын ард түмэн мэдэх байх. Манай хамтла­гийнхан
их даруухан. Хийх ёстой уран бүтээ­лээ л хийхээс биш тэглээ, ингэлээ гээд шуу­гиан
тариад, гайхуулаад бай­сан юмгүй. 10, 15 жилийн ойн тоглолтоо ч тэр даруухан хийж
байсан. Харин 20 жил гэдэг бол багагүй хугацаа. 20 жилийн өмнө дөнгөж 18, 19 настай
байсан хөвгүүд өнөө­дөр нас биед хүрц­гээж, том боллоо шүү дээ. Үүнтэй адил уран
бүтээлийн сан ч мөн арвижсан байна. Тиймээс энэ удаа тоглолтдоо яахын арга­гүй хүч
өгч, их хариуц­лагатай хандаж байгаа.

-“Хурд” гэдэг хамтлаг 20 жилийн өмнө хэрхэн урлагт
хөл тавьж байснаа дурсах­гүй юу. Одоогийн өндөр­лөгөөс эргээд харахад бас л сонин
байдаг болов уу?

-Тэгэлгүй яахав. Эргээд бодо­ход их сайхан мэдрэмж
төрдөг. Урлагийн тайзаа орхил­гүй, банзан гитараа гараасаа салгалгүй явсаар нэг
л мэдэхэд 20 жилийг ардаа орхисон байна. 
“Хурд” хамтлаг тэртээх 1993 оноос эхлэн өнөөг хүртэл тасралт­гүй, ухралтгүйгээр
уран бүтээ­лээ туурвиж ирсэн бай­на. Анх манай хамтлагийнхныг уран­хай жинстэй,
урт үстэй, бөөн гинж, төмөр зүүчихсэн тайзан дээр гитар бариад гарахад үзэгчид мэл
гайхаж бүр “Тайз­наас зайл” гэж хөөж байлаа. Аргагүй ш дээ хүзүү, хоолойн­доо бөөн
төмөр зүүгээд өөрс­дийгөө рокууд гээд нэрлэ­чихсэн хүмүүсийг тухайн үеийн нийгэм
хүлээж авахад хүнд байлгүй яахав. Бид нар тайзан дээр гараад өөдөөс янз бүрийн хог
шидэж байхад л “Дөрвөн хөлтэй болж төр­сөн хөх чоно миний буруу юу…” гээд л дуугаа
дуулж байсан. Залуу хүмүүс их зориг­той байж. “Хурд” гэдэг хамтлагийг нийгэмд хүлээн
зөвшөөрөгдсөн, хэдэн мянган фентэй болгох болно гэж өдөр шөнөгүй зүтгэдэг бай­сан.
Үнэхээр тэр хүсэл мөрөө­дөлдөө бид хүрч чадсандаа баяртай  байна. Одоо “Хурд” хамтлаг өөрийн гэсэн орон зай,
үнэнч фентэй болсон байгааг харах, мэдрэх сайхан санагддаг шүү.

-Мэдээж өнгөрсөн хуга­цаанд хүлээн зөвшөөрөгд­сөн
хамтлаг болохын тулд амаргүй байсан байх. Нийг­мийн өөрчлөлтөөс авахуу­лаад л?

-Тухайн үед “Хөх чоно” дууг дуулаад гарч  ирэхэд жаахан урлаг ойлгодог, урла­гийн мэдрэмжтэй
нэг хэсэг нь үнэхээр энэ хамтлаг өөрч­лөлт, шинэчлэл авчирч байна гэж хардаг байсан.
Харин үлдсэн хэсэг нь хийх юм аа олж ядсан орцны хэдэн гитар­чид гэдэг нүдээр хардаг
байлаа. Яагаад гэхээр 1990-өөд онд хөлтэй болгон Эрээ­нээс бараа зөөж, Орос руу
гаргаж, тарваганы арьс хил давуулж бай­сан цаг. Урла­гийн томчууд хүртэл амьд­ралын
эрхээр ганзагын най­маанд орж байсан байх­гүй юу. Яг энэ үед манай хамтлагийнхан
хэн нь ч ганза­гын наймаа хийж, компа­нийн захирал болно гэж явалгүй банзан гитартаа
үнэнч үлдэж чад­сан юм. Бид өнөөгийн ирээдүйгээ үнэхээр харж чадсан хэрэг. Шант­рах
үе байсан хэдий ч хэзээ ч тайзаа орхиж, гитараа зарж иднэ гэсэн бодол төрж байгаагүй
юм шүү.

-Одоо ч гэсэн үү?

-Тэгэлгүй яахав. Магадгүй “Хурд” хамтлаг цаашдаа
20 жил, 30 жил байхыг үгүйс­гэхгүй. УИХ-ын гишүүн болж, компанийн босс болъё гэж
хэзээ ч бодож явсангүй. Зөв­хөн ийм уран бүтээл хийж, ингэж үзэгчдээ баярлуулъя
гэж амьдарч ирсэн.

-Танай хамтлагийг гэр бүлийн хамтлаг гэдэг. Ямар
учраас ах дүүст хамтлаг байгуулах  санаа төрөв
өө?

-Энэ их сонин түүхтэй. Би 1991 онд анх “Харанга”
хамт­лагт соль гитарчин байлаа. Нуулгүй хэлэхэд тэр үед надаас өөр мундаг гитар
тоглодог хүн байгаагүй. Ингээд 1992 онд басс гитар­чин Б.Наран­баатар, Д.Ган­баяр
ах бид гурав хамтлагаа байгуулж бэлтгэлээ эхэлж байсан. Манай бөмбөрчин Нааяа маань
бас хамгийн шилдэг гитарчин, манай дүү Отгонбаатар болохоор “Нисванис” хамтлагт
бөмбөр­чин хийдэг байсан. Тэгээд үнэхээр бид нар нийлж хамт­лаг байгуулах хэрэгтэй
юм байна гэж бодоод дүүгээ хамт­лагтаа авч гар нийлж байлаа. Бид нарыг гэр бүлээс
гадна заяагдсан урлагийг мэдрэмж  холбож байсан.
Ингээд бид гоцлол дуучны эрэлд гарсан. Цогоогоос өмнө эрэгтэй, эмэгтэй нийтдээ
87 дуучинг бид хамтлагтаа авах гэж шалгаж үзсэн байдаг юм билээ.

-Тийм үү. Тэгээд Цогоог яаж олж авав?

-Тухайн үед орон нутгаас хүр­тэл олон дуучин ирж
шал­гуулж байсан. Өвөрхангай аймгаас шал­га­­руулалтад оро­хоор тухайн үед ая зохиогч
Ишхүү ирж байсан юм. Ишхүү “Зураг шиг бүсгүй” дуугаа дуулж шалгууллаа. Тэгсэн “Соёл-Эрдэнэ”,
“Харан­га” зэрэг ах нар буюу жинхэнэ алтан үеийнхэн маань “Наадах чинь ёстой сайн
дуучин болно” гэдэг байгаа. Ингээд бид шалга­руулаад авах юм болж бай­тал яалт ч
үгүй Зүүнбаянгаас Цогоо маань цэргээс халаг­даж ирээд “Чоно-2” дууг дуулж шалгуу­лаад
үнэхээр гайхамшигтай дуулж, чадал­тай гэдгээ харуулсан. Ингэж л бид бүрэн бүрэлдэхүү­нээ­рээ
болсон юм даа.

-Тэгээд удалгүй “Цэр­гийн бодол” дуу гарсан байх
нь ээ?

-Тийм. “Цэргийн бодол” дууг манай Цогоо үнэхээр
ард түмэнд хүргэж чадсан. Одоо хүмүүсийн хайртай дуу хэвээ­рээ байна гэдэг бол гайхал­тай
авьяас. Цэргийн бодол дууны клип тухайн үед МҮОНРТ-ээр өдөрт 12 удаа цацагд­даг
байлаа ш дээ. Энэ үеэс л манай хамтлагийн мандан бадрах үе эхэлсэн. Тэгээд “Үнэгүй
юм”, “Чи минь байгаа болохоор”, “Арван гурван ааш”,  “Цоглог оюу­тан”, “Хайрын
сарнай” “Эх орон” дуунуудаа дуулж, метал рок чиглэ­лийн аязуу­дыг бөмбөрийн нүргээн­тэй
хослуулж, анх хурдан рок гэсэн төрлийг Монголын урлагт сэвэл­зүүлж чадсан юм.

-Сүүлийн үед амьд хөгж­мийн хамтлаг таны үеийг
бодвол их болж. Бараг ихэвч­лэн та нарын шавь биз?

-Би 1997 оноос эхлэн гита­рын сургалт явуулсан.
Энэ хугацаанд хөгжмийн мэдрэмж­тэй олон хүүх­дэд гарах гарцыг нээж өгсөн байх гэж
бодож байна. “Play time”, “Coken beat” хөгжмийн наад­муудад оролцож буй хамтлаг,
дуучдын бараг 90 хувь нь миний шавь байх шүү. Шинэ залуу уран бүтээлчид мэдээж заавар,
зөвлөгөө авах гээд байнга шахуу л ирнэ. Тэр болгонд нь би зөвлөгөө харамгүй өгдөг.

-Тоглолтодоо зориулж алтан пянз, гитар хийлгэж
байгаа гэж сонссон?

-Ер нь тоглолтдоо зориулж “Хурд”-ыг илтгэх цамц,
ном, барим­тат кино гээд олон зүйл хийж байна. Үүнээс хамгийн онцлогтой нь “Алтан
пянз”. 1970, 1980-аад оны уран бүтээлчид пянз гаргадаг байлаа. “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ”,
уртын дуучин Н.Норов­банзад гуайн пянз гаргаж байсан. Түүнээс хойш Монголд пянз
хийсэн удаагүй. Бид анхнаа­саа л алтан пянзаа гаргаж түүхэнд нэрээ үлдээ­хийг мөрөөд­дөг
байсан.Бидний мөрөөдөл одоо л биеллээ олж байна.

-Хэчнээн төгрөөр бүтэж байгаа бол?

-Одоохондоо нууц. Мэдээж өндөр гарч байгаа. Харин
“Хурд” нэртэй гитар 100 ширхэг захиал­гаар хийг­дэж байна. Хонконгт хийж байгаа.

-Энэ гитараа зарах юм уу?

-Бас л тодорхойгүй байна. Тоглолтын өмнө зарлах
бол­но. 20 жилийн турш бидэнтэй хамт бай­сан уран бүтээлчид, дэмжиж тусал­даг найз
нөхөд, үнэнч фенүүддээ бэлэглэх байх. Гэхдээ бид өмнө нь нийтэд зарлах болно. Мөн
энэхүү тоглолтдоо зориулж шинэ цомог, CD гаргаж байна. Мөн бүх 12 CD-нээс  орсон “Алтан-12” гэсэн нэртэй CD-гээ хэвлүүж байна.
Тоглолтын өмнө бэлэн болно.

-Тоглолтод хэдэн дуу дуулах бол?

-200 гаруй дуунаас шилэг­дэж 36 дуу дуулна. Дандаа
оргил гэсэн дуугаа дуулах болно.  Маш олон
хүний хүсэл мөрөөдөл энэ 20 жилд байгаа шүү гэдгийг харуулах болно.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Даваасүрэн: Төсөв тодотгоно, танана гэдэг нь эдийн засаг, бизнесээ хумиж буй нэг хэлбэр

УИХ-ын гишүүн, Төс­вийн байнгын хорооны дарга
Ц.Даваасүрэн­тэй ярилцлаа.

-Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж бай­на. Энэ
оны төсөв өмнөх онуудтай харьцуу­ла­хад ямар давуу талтай болсон бэ?

-Сүүлийн гурван жи­лийн төсөв өмнөх жи­лүүд­тэйгээ
харьцуулахад төсвийн зарлага жил бүр 20-23 хувиар өссөөр ирсэн. Тухайлбал, 2012
онд төсвийн зарлага 6.1 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 7.4 тэрбум төг­рөг болж
23 хувиар өссөн байгаа юм. Харин Зас­гийн газраас ирэх 2014 оны төсвийг төлөвлөж
оруулж ирэхдээ энэ өсөл­тийг хязгаарлаж өмнөх жилийн түвшингээс зар­ла­гыг 169 тэрбум
төгрө­гөөр бууруулж төлөвлө­сөн байна. Өөрөөр хэл­бэл, төсвийн орлого, зар­ла­гыг
эдийн засгийн тө­сөө­лөлтэйгээ уялдуулан бодитой төсөөлж төлөв­лөхийг эрмэлзсэн
ханд­ла­га ажиглагдаж байгаа юм.

-Чуулганы эхэнд Н.Алтанхуяг сайд 2014 оны төсвийг
батлахдаа хөөсөрсөн төсвийг зог­соох чиглэлээр ажил­лахыг онцгойлон хүс­сэн. Хэрэв
тэгэхгүй бол 50 ширхэг дунд сур­гууль барих мөнгөөр таван сургууль бари­хаар болж
буйг ан­хаа­руулсан. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмнөх жилийн түв­шиндээ 2014 оны төсвийг төлөвлөсөн учраас тэгж тайлбарлаж
болно.  Сүү­лийн жилүүдэд барилгын нэгж талбайн
үнэ асар өндөр хурдац­тай өсөж байгаатай уял­даад сур­гуулийн барил­гын төсөв
2-3 дахин өс­сөн байна. Энэ нь хоёр талтай байх шиг байгаа юм.
Үнэхээр нэгж өрт­гийн үнэ өссөн тал бий. Нөгөө
талаар зураг, төс­вийн компаниуд барил­гын ком­паниуд буюу гүй­цэт­гэгчийн за­хиал­га,
лоб­бид автаж зохиомол өн­дөр төсөв зохиох ханд­лага ч байгаа. Жишээ нь, 500 суудалтай
соёлын төвийн барилгын төсвөөс 250 суудалтай соёлын төвийн төсөв өн­дөр бол­сон
байна. Ийм буруу хандлага байж бо­лохгүй. Манай байнгын хороо­ноос ажлын хэсэг гараад
энэ чиглэлээр ажиллаж байгаа, удахгүй байнгын хорооны хурал­даанд та­нилцуулахаар
бодит нөх­цөл байдал тодорхой бол­но. Үнэхээр тийм хуу­рамч, зохиомол төсөв захиалгаар
хийдэг ком­паниуд байвал эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авна.

-Ирэх оны төсөвт үр­гүй зардлууд хэр танаг­даж
орсон бол. Тухайл­бал ямар, ямар зард­луудыг танасан бэ?

-Ирэх 2014 оны төс­вийг төлөвлөхдөө тэвчиж болох,
үр ашиггүй 329 тэрбум төгрөгийн урсгал зардлыг танаж төлөв­лө­сөн байна. Үүн дотроо
бараа, ажил үйлчилгээ­ний зардлыг 91.8 тэрбум төгрөгөөр, зээлийн үйл­чилгээний зардлыг
83.9 тэрбум төгрөгөөр, эд хогш­­лын зардлыг 3.1 тэр­бум төг­рөгөөр, томилол­тын
зард­лыг 1.4 тэрбум төг­рөгөөр, төвлөрсөн арга хэмжээний зардлыг 29.6 тэрбум төгрөгөөр,
сур­галт, хурал семина­рын зардлыг 1.3 тэрбум төг­рөгөөр тус тус өмнөх оны түвшингээс
буу­руу­ла­хаар төлөвлөсөн бай­гаа. Мөн Төсвийн хэлэл­цүүлгийн явцад манай байнгын
хо­рооноос гар­сан ажлын хэсэг болон УИХ-ын төсвийн шин­жил­гээний алба сүүлийн
жилүүдийн төсвийн өсөлт­­тэй уялдан гарч ир­сэн үр ашиггүй зардлуу­дыг бууруулах
тал дээр анхаарч ажил­лахаар төлөвлөж байна.

-МАН-ын гишүүд ирэх оны төсвийн төс­лийг эргүүлэн
татах байр суурьтай бай­гаа­гаа чуулганы үеэр мэ­дэгд­­сэн. Та цөөнхийн шийд­вэрт
хэрхэн хан­даж байгаа вэ, та?

-Өмнөх УИХ-ууд дээр ч цөөнхийн зүгээс ийм тайлбар
гаргаж л байсан. Ер нь бусад орны парла­ментын жишгийг хара­хад ч цөөнх нь маш сайн
төсөв оруулж ирсэн бай­на, хурдан баталъя гэдэг­гүй. Тиймээс энэ бол бай­даг л зүйл.
Харин авах ёстой сайн санал байвал түүнийг нь тусгаад л явна. Бид чинь Монгол гэдэг
нэг л гэрт багтаж түүнийхээ ирэх жилийн төсөв, зард­лын тухай л ярьж байна. Аль
нэг намын төсвийн тухай яриагүй. Тиймээс хамтдаа л шийдээд явна.

-Төсвийн зарлагыг 2013 онд 7.4 их наяд  гэж
тооцсоныг танаж 6.6 их наяд болгохоор тодотгол хийсэн байна?

-Тодотголын төсөл одоо­гоор гар дээр ирээ­гүй
байна. Төсвийн тогт­вортой байдлын хуулийн шалгуураар тодотгох нөх­цөл байдал үүссэн
бол Засгийн газар тодотгох саналаа оруулж ирэх жу­рамтай. Ер нь тодотгоно, танана
гэдэг бол сайн зүйл биш. Эдийн засгаа, бизнесээ хумиж буй л нэг алхам. Төсвийн зарлага,
та бидний цалин, хөрөн­гө оруулалт чинь ком­паниудын борлуулалтыг нэмэгдүүлдэг юм.
Тэр зар­лага багасахаар тэдний борлуулалт буурна, төлөх татвар нь багасна. Энэ бол
энгийн логик. Эдийн засгийн гол хүчин зүйлүү­дийн нарийн уялдааг сайн бодож алхам
хийх хэрэгтэй. Одоо бол тө­лөвлөгөө биелүүлэхийн төлөө явдаг эдийн зас­гийн тогтолцоо
биш. Өөрөөр хэлбэл, татварын орлогын төлөвлөгөөгөө багасгаад түүнийгээ бие­лүүлж
баясдаг тогтолцоо биш юм.

-МАН-ынхан эдийн засаг хүнд байгаа гэж дээр дооргүй
ярьж бай­гаа хирнээ цалин, тэтгэ­вэр, тэтгэмжийг нэмэх ёстой гэдэг. Ингэж болох
уу?

-Цөөнхийн зүгээс хийх ёстой ажил л даа. Харин
улс төр хийж бай­на гээд улс орныхоо яз­гуур эрх ашгийг хохи­роож болохгүй. Инфля­цитай
уялдуулж цалин хөлсний асуудлыг авч үзэж болно. Эдийн зас­гийн боломжоо харъя.

-Боловсролын сал­барт 34 тэрбум, эрүүл мэндийн
салбарт 44 тэр­бум, шинээр хөрөнгө оруулалт, ажиллах хүч­ний  зардалд 23 тэрбум
гэх  мэтээр урсгал зар­далд 400 тэрбум төг­рөгийг
тусгажээ. Үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Боловсролын салба­рын урсгал төсөв өмнөх жилтэй
харьцуулахад 78 тэрбум төгрөгөөр буюу найман хувиар өссөн бай­гаа нь ирэх онд улсын
хэмжээнд нийт 41 сур­гууль, 87 цэцэрлэг, 32 дотуур байр, 32 спорт заал шинээр ашиглал­танд
орохтой холбоотой. Тухайлбал, зөвхөн шинэ цэцэрлэгийн багш нарын цалингийн санд
7.4 тэр­бум төгрөг нэмж шаар­дагдах юм. Нөгөө талаар хүүхдийн тоо өсөж байгаа нь
зардал өсөхөд шууд нөлөөлж байна. Жишээ нь, хүүхдийн тоо өсөж байгаатай уялдаад
цэ­цэр­лэгийн хоолны зар­дал гэхэд 3.3 тэрбум төгрөг, сургуулийн дотуур байрны хоолны
зардал 891 сая төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байгаа. 

Эрүүл мэндийн сал­барын урсгал зардал 2014 онд
өмнөх онтой харьцуулахад 38 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бай­гаа нь эмнэлгийн тус­ламж
үйлчилгээний зар­дал нэмэгдсэнтэй хол­боо­той байна.

-Хөрөнгө оруулал­тын тухай болон Хө­рөн­гө оруулалтын
сангийн тухай хуулиуд батлагд­сан. Эдгээр хуулиуд хэрэгжсэнээр ирэх оны төсөвт хэр
зэрэг нааш­тай үр дүн гарах бол?

-Эдгээр хуулиуд хэ­рэг­жиж эхэлсэнээр эдийн засаг,
бизнесийн орчин сайжирч татварын орло­го нэмэгдэнэ гэж тооцож байна. Ер нь ирэх
жилээс эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч эхлэх байх.

-Ерөнхийлөгчийн Там­гын газрын дарга П.Цагаан,
Ерөнхийлөг­чийн зөвлөх Л.Дашдорж нар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах
хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барьсан. УИХ-ын чуулганы нэгдсэн
ху­рал­­даанаар төсвийн то­дотголыг өргөн барьж, хэлэлцээгүй байж ирэх оны төсвийг
хэлэлцэж болохгүй гэж гишүүд шүүмжилж бай­сан даа?

-Энэ өргөн барьсан хуулийн орон нутагт үзүү­лэх
нөлөөллийг сайн судалж үзэх хэрэгтэй бай­на. Жишээ нь, хүн амтай нь уялдуулан орон
нут­гийн хөгжлийн сангийн шилжүүлгийг хуваарила­хад хүрвэл дийлэнх хувь нь нийслэлд
хуваарилаг­дана гэсэн үг юм. Уг нь миний бодлоор төвлөр­лийг сааруулахын тулд орон
нутагт амьдрах нөх­цөлийг сайн бүрдүүлэ­хийн төлөө санхүүгийн дэмжлэг түлхүү үзүүлэх
нь илүү үр дүнтэй юм шиг.   

-МАН-ын бүлгийн зү­гээс Төсвийн хүрээний мэдэгдэлд
нийцсэн төс­вийг оруулж ирэх ёстой. Энэ удаагийн төсөвт урсгал зардлыг нэмэгдүүлсэн
байна гээд байгаа нь хэр үнэний ортой вэ?

-2010-2012 онуудын төсвийг харвал урсгал зардал
жилд дунджаар 22-43 хувиар өссөн байна. Харин 2013 оноос 10 хувь, 2014 онд найман
хувь болж өсөлт буурч байгаа. Төсвийн хүрээ­ний мэдэг­дэлд төлөвлөс­нөөс 29 тэрбум
төгрөгөөр буур­сан байгаа. 

-2014 оны төсвийг УИХ-аар хэлэлцлээ. Ги­шүүдийн
байр суурь­наас харахад төсөвт өөрчлөлт оруулах зүйлс нь юу юу байх бол?

-Төсвийн эхний хэ­лэл­цүүлгийн үед зарим нэг гишүүдийн
зүгээс “Ги­шүү­ний нэг тэрбум” гэдэг зүйлээ санагалзаж бай­гаа нь ажиглагдсан. Одоо
гишүүд нэг тэрбум төгрөг авч би тийм зүйл хийлээ гэж PR хийдэг зүйл өнгөр­сөн. Төсвийн
шинэ хуу­лиар энэ мөнгийг орон нутгийг хөгжүүлэх сангаар дамжуулан хуваарилж тухайн
орон нутгийн иргэ­дийн санал, хэлэл­цүүл­гээр шийдэж зарцуулдаг болсон. Энэ бол
зөв зар­чим юм. Гишүүний гэх тодотголтой энэ мөнгө­нөөс болж зарим гишүүн хэрэг
төвөгт холбогдсон асуудал ч гарсан. Тий­мээс цаашид иймэрхүү байдлаар төсвийн мөн­гийг
зарцуулж болохгүй. Харин тойргоос сонгогд­сон гишүүдийн тойрогт ажиллах зардлын
асууд­лыг намын жагсаалтаар сонгогдсон гишүүдтэй адилтгаж авч үзэж болохгүй. 

-МАН-ынхан эрүүл төсөв гаргахын тулд нэлээд нухацтай
хан­дах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Төс­вийн төсөл эрүүл бус гарсан байсан
юм уу?

-Ямар шалгуураар тэгж хэлсэн юм бол доо. Төсвийн
ерөнхий хөл дүнгүүд өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан талаас нь дүгнэвэл харин
ч эрүүл төсөв болсон. Өрийн шалгуураар авч үзвэл ярилцах зүйл бол байгаа байх. Тэр
нь эрүүл бус гэсэн үг биш юм. Олон улсын түвшинд гадаад өрийн дарамтыг долоон шалгуур
үзүү­лэлтээр тодорхойлдог. Үүний гурав нь нэгэн зэ­рэг муудвал өрийн дарам­­тад
орж байна гэж үздэг. Манай орны хувьд зөвхөн өр, ДНБ-ий харь­цаа л сэрэмжлэх түвшинд
ойртсон байгаа. Тиймээс одоогоор аюул нүүрлэ­сэн зүйл гадаад өр дээр байхгүй.

 Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Герман дахь монголчууд хамтарна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд  Берлин хотод  Штуттгарт дахь Монголын академчдын холбоо,  ХБНГУ дахь МУ-ын ЭСЯ болон бусад
байгууллагуудтай хамтран “Нэгдсэн сүлжээ” хэмээх арга хэмжээг зохион байгуулсан
юм. Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй
Элчин сайд Б.Даваадорж нээж үг хэлсний дараа 
Германд үйл ажиллагаа явуулдаг монголчуудын санаачлан байгуулсан 15-аад
ТББ-уудын төлөөлөгчид  ямар үйл ажиллагаа
явуулдаг талаараа дэлгэрэнгүй танилцуулав. Штуттгарт, Нюрнберг, Мюнхен хотуудад
“Солонго”,”Эрдэм”, “Од” монгол сургуулиуд нэлээд идэвхтэй үйл ажиллагаа
явуулдаг аж. Германд буй монголчуудын байгуулсан ТББ-уудын дийлэнх нь  улс орноо, үндэснийхээ соёлыг сурталчлах
чиглэлээр ажилладаг болохоо ярив. Түүнээс гадна Аахен, Фрейберг хотуудад байдаг
Монгол оюутнуудын холбоо уг арга хэмжээнд оролцож юм.

Ийнхүү хоёр ТББ-ууд төлөөлөгчид танилцуулга хийсний дараа ирээдүйд хэрхэн
бие биеэ дэмжин хамтран ажиллах талаар ярилцсан юм. Тус арга хэмжээг зохион
байгуулагчдын ярьснаар Германд буй монголчуудын санаачлан байгуулсан ТББ-ууд нь
бие биеэ мэддэг болж  тэдний хамтын
ажиллагааг зангидаж өгөх зөвлөл байгуулагдахаар болсон аж. Мэдээжийн хэрэг
ТББ-ууд нь санхүүгийн хувьд багагүй бэрхшээлтй тулгардаг тул тус арга
хэмжээгээр дамжуулан хэрхэн дэмжлэг авч болох 
талаар ч төлөөлөгчид  мэдэж авчээ.

Берлин
дэх сурвалжлагч Ю.Дэлгэрмаа

Categories
редакцийн-нийтлэл

С.Содбаатар: Хойд солонгосчууд одоо ч гэсэн ээжийг “Өмөни Цэрмаа” гэдгээр нь мэддэг

О.Цэрмаа, охин С.Оюунцэцэг БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сений хамт. 1989.01.16

Монгол Улс БНАСАУ-тай дипломат
харилцаа тогтоосны 65 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбоо­той­гоор
“Кимжөнирхва” нийгэм­лэг “Мөнхийн цэцэг” амьд цэц­гийн үзэсгэлэнг зохион байгуул­лаа.
Үзэсгэлэнгийн үеэр тус нийгэмлэгийн тэргүүн С.Содбаатартай ярилцсан юм.

-Таныг ээжийнхээ дурсгалд зориулж
энэхүү үзэсгэлэнг санаачилсан гэдэг. Ээжийнхээ тухай яриач?

-Миний ээж эгэл ардаас гарал­тай тогооч
хүн байсан. Бурхны оронд залраад гурван жил болж байна. Насаараа хүний төлөө зүтгэсэн
хүн дээ. 1950-иад онд БНАСАУ дайны хөлд нэрвэгдэж, тухайн орны нийгмийн байдал хүнд
нөхцөлтэй тулгарсан. Энэ үед манай хоёр улс хамтын хэлэлцээр байгуулж дайнд эцэг,
эхээ алдсан бүтэн өнчин хүүхдүүдийг Монголд авчирсан гэсэн. Тэр хүүхдүүдийг өсгөж,
өндийлгөх ажилд ээж гол үүрэг гүйцэтгэсэн.

-Өмнө нь ЭМЯ-д ажилладаг байсан
гэлүү?

-Тийм. Дайны хөлд эцэг, эхээ алдсан
тэр жаахан амьтдыг хоол­лож ундлах ахлах тогоочийн ажилд томилогдож л дээ. Уг нь
Эрүүл мэндийн яамны тогооч хийж бай­гаад дарга нарынхаа тушаалаар энэ ажилд хуваарилагдсан
байдаг.

-Тухайн үед хичнээн хүүхэд ирж
байсан юм бол?

-1953 онд юм байна. 2-5 насны эрэгтэй,
эмэгтэй нийт 200 хүүхэд ирсэн. Одоо  Зайсанд
хуучны хоёр шар байшин байдаг ш дээ. Тэнд хүлээж авч байсан. Монголын талаас, багш
сурган хүмүүжүүлэгч, тогооч гээд арваад ажилтан ажил­даг байсныг би санадаг. Бас
БНАСАУ-ын талаас хоёр орчуу­лагч эмэгтэй, 10 гаруй хүн хамт ирж байсан.

-Та тэр үед хэдэн настай бай­сан
юм бэ?

-Бараг тав, зургаан настай байсан
байх. Ямар ч байсан тухайн үед болсон зүйлийг сайн санадаг юм. Ээж зөвхөн хоол хийж
өгөөд зогсохгүй бүхий л ажилд тусална. Тэр олон хүүхдүүдийн хувцсыг угаана. Гар
нүүрийг нь угааж өгч, үсийг нь самнана. Өвдсөн үед нь хүртэл хажууд шөнөжин сахина.
Бараг бид нараас илүү анхаарал тавьдаг байсан.

-Дайны хүнд хэцүү, хоол унд олдохгүй
өлмөн зөлмөн байд­лаас дахиад тэс өөр уур амьс­галд дасан зохицоно гэдэг балчир
хүүхдүүдийн хувьд амаргүй бай­сан байх даа?

-Энэ тухайн ээж дурсаж ярьдаг байсан.
Тэр айхтар дайн дажинтай орноос ирсэн болохоор эхний хэдэн сар үнэхээр хүнд байсан
гэсэн. Их дуу чимээтэй машин тэрэг явахаар айгаад орон доогуур ор­чих­но. Аав, ээжээсээ
хагацсан нялх амьтад чинь шөнө болгон хар дарна, халуурна, унтахгүй уйлаг­на­на,
орондоо шээнэ гээд янз бүрийн л юм болдог байсан гэдэг. Ихэнх хүүхдүүд манай хоолонд
дасахгүй хордлого өгнө. Мах идэж чадахгүй гүйлгэнэ.  Уур амьсгал таарахгүй ханиад хүрнэ, хатгаа авна
гээд ер нь их эмзэг байсан гэдэг. Бас биеэр нь яр шарх туур­чих­сан нэлээд удаан
эмчилсэн юм билээ.

-Ихэвчлэн ямар хоол идэх үү?

-Тос, өөх багатай будаатай хуурга,
будаатай цай, сүүтэй будаа их амтархаж иднэ. Тэгээд нэг их удаагүй ээжийн хоолонд
дассан байгаа юм. Манай ээж чинь хачин сайхан хоол хийнэ. Өөрөө хийсэн хоол шигээ
хүнийг татах увидастай, буянтай хүн байсан юм. 

-Таны хувьд бага нас чинь тэр хүүхдүүдтэй
их холбоотой биз. Хэрхэн найзалдаг байв?

-Тэгэлгүй яахав. Туул голын эргээр
хамт зугаална. Голд сэлнэ. Тэр хүүхдүүдийн усан гахай нь надад гоё санагддаг байлаа.
Бүр крантнаас ус дүүргэж байгаад л тоглоно. Ямар сайндаа усан гахай­гаар нь тоглохын
тулд солонгос хүүхдүүдийн байрладаг дотуур байранд хааяа хонож ээждээ заг­нуулдаг
байсан.

-Яаж хэл, амаа ойлголцдог байсан
юм бэ?

-Зургаа, долоотой болоод ирэ­хэд нь
тэдэнд зориулсан тусдаа сургууль хүртэл байгуулсан. Мон­гол хэл заана. Тэдний насанд
сургуульд ямар хичээл заадаг, тэр бүх хичээлийг орно. Нэг ёсондоо солонгос хүүхдүүд
манай школоор сурч, амьдарч байсан байхгүй юу. Тийм болохоор ойлголцоно. Байн­га
хамт тоглоод солонгосоор ойр зуурын юм ярьдаг болчихсон юм. Эдгээр хүүхдүүдэд зориулсан
зуслан хүртэл Жигжидэд гарч байсан ш дээ.

-Тэгээд хэзээ нутаг буцсан юм бэ?

-1952 онд ирээд 1959 оны намар нутаг
буцсан. БНАСАУ  улс төрийн байдал намжиж нутаг
буца­хаар болсон юм. Тэднийг хүүхдийн зохиолч П.Хорлоо гуай, сургуу­лийн захирал
Долгормаа, ээж гурав хүргэж өгч байсан. Долоон жил хамт байсан хүүхдүүд чинь бүр
элэг нэгтээ болчихдог юм билээ. Салах гэж бөөн уйлаан болж байс­ныг санадаг. Солонгос
хүүхдүүд ээжийг Цэрмаа Өмөни гэж дууддаг байсан. Бүгд л миний төрсөн ээж гэцгээнэ.

-Одоо тэр хүүхдүүдтэй холбоотой
байдаг уу?

-Үгүй. Гэхдээ ээж гурван ч удаа БНАСАУ
очиж байсан. 30 жилийн дараа буюу 1989 онд тус улсад Ким Ир Сен Ерөнхийлөгчийн урилгаар
очиж байсан. Ким Ир Сен Ерөнхий­лөгч ээжтэй бараг 40 минут ярил­цаж “Дайны хүнд
жилүүдэд манай улсын өнчин өрөөсөн хүүхдүүдийг эхийн хайраар асарч хүмүүжүүл­сэн
танд Солонгосын ард түмний өмнөөс талархал илэрхийлье ” гэж хэлсэн гэсэн. Түүхэндээ
БНАСАУ ерөнхийлөгч Ким Ир Сен гадны ямар ч албан тушаалтан байсан тэгж удаан хүлээж
аваагүй гэдэг юм билээ. Ээжийг бүр хамгийн сайн найз гэж хэлсэн байсан. Тэгээд ээжтэй
тухайн үед манайд ирж байсан 10 гаруй хүүхэдтэй уул­зуул­сан гэсэн. Бүгд л сайхан
мэр­гэ­жилтэй, сайхан залуус болчих­сон ээжийг хараад уйлж, тэвэрч байсан гэж дүү
маань хэлдэг. Манай Оюунцэцэг дүү хамт явсан байхгүй. Тухайн улсын улс төрийн дэглэмтэй
холбоотой байх. Бидэнд тэр үеийн хүүхдүүдээс чинь тэнд тэд байгаа гэж хэлэхээс биш
нүүр тулж уулзуулдаггүй. Саяхан Ким Нам гээд 60 гаруй настай эмэгтэй байдаг гэж
дуулсан. Улс төрийн салбарт нэлээд том албан тушаал хашдаг хүн бий гэнэ лээ. Нөхөр
нь бас том улс төрч байдаг гэж дуул­сан. Бусдыг нь бол мэдэхгүй. Ямар­тай ч ээжийн
минь буян заяагаар олон хүүхдүүд сайхан амьдарч байгаа гэдэгт ямагт итгэлтэй бай­даг.

-Ээжийнхээ дурсгалыг яагаад заавал
энэ улаан цэцгээр илэрхийлэх болсон юм бол. Ямар учир утгатай цэцэг вэ?

-Энэ цэцгийг хайтан буюу мөн­хийн
цэцэг гэж нэрлэдэг. Мөнхийн амьдрал гэсэн утгатай. Үнэхээр сонин түүхтэй. Өөд болсноос
нь хойш ээжийнхээ төлөө ямар нэг зүйл хиймээр санагдаад болдоггүй. Тэгсэн нэг өдөр
энэ цэцгийг зүүдлээд. Ээж бид хоёр БНАСАУ-ын Ерөнхийлөгчөөр Ким Чен Ир байх үед
очиж байсан. Тэгэхэд мөнхийн цэцэг Ерөнхийлөгчийн ордны хаа сайгүй тавьсан харагд­сан.
Ээж хараад “Яасан гоё цэцэг вэ. Манайд ургах болов уу” гэж байсан юм. Тэр зүүдэнд
орсон хэрэг л дээ. Мөнхийн цэцгийг Со­лон­госын ард түмэн их дээдэлдэг.

-Төрийн тэргүүнтэй нь хол­боотой
гэж сонссон юм байна?

-Японы эрдэмтэн энэ цэцгийн үрийг
анх удаа хоёр өөр үрнээс гаргаж авсан гэсэн. Тэгээд Ким Чен Ир Ерөнхийлөгчид бараалхахдаа
бэлэглэж байсан юм байна. Тэр явдлыг бэлгэшээж бүхий л улс төрийн арга хэмжээ, тэмдэглэлт
баярт мөнхийн цэцгийг хүндэтгэн залдаг түүхтэй болсон гэсэн. Тий­мээс ээжийнхээ
хүслийг биелүүлж энэ цэцгийн үрийг авах саналаа одоогийн Ким Чен Ун Ерөнхий­лөгчид
захиагаар бичсэн юм. Энэ саналыг минь их сайхан хүлээн авч “Цэрмаа Өмөнигийн хүүд
үрсэлгээ явуул” гээд бараг 2000 үр өнгөрсөн жил илгээсэн. Хойд солонгосчууд одоо
ч гэсэн ээжийг минь “Цэрмаа Өмөни” гэдгээр нь мэддэг юм билээ.

-Ээжийн тань хоолыг идэхээр Цэдэнбал
дарга өөрийн биеэр ирдэг байсан гэсэн яриа бий?

-Миний ээж үнэхээр сайхан хоол хийнэ.
Зөвхөн монгол гэлтгүй орос, унгар хоол хийдэг байсан. Ээжийг 15 настай байхад Сүхбаа­тар
жанжны гэргий Янжмаа гуай анх Хөвсгөлөөс хотод авчраад тогоочийн мэргэжилтэй болгосон
юм билээ. Сайд нарын эмнэлэгт тогоочоор ажиллаж байхад Цэдэн­бал дарга ээжийн хоолыг
идэх гээд эмнэлэгт очдог байсан гэсэн. Тухайн үеийнхээ төр нийгмийн томчуудын хоолыг
ээж л хийдэг байсан.  Ямар сайндаа аав намын
үүрийн дарга ажилтай мөртлөө ар гэрийн бүх л ажлыг зохицуулдаг байсан.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Цэцэгчин Залуу

Гадаад хэргийн яаманд болсон үзэсгэлэнгийн үеэр.
Г.Батсүх цэцэг сонирхогчдын хамт

Мянга орчим гишүүнтэй болоод байгаа
“Хайтан” цэцгийн клубийн тэргүүн Г.Батсүх цэцэг сонир­хогч­дод төдийгүй бусад хүмүүст
“эрэлт­тэй” нэгэн. Түүнтэй уулзсан хэн боловч тийм, ийм цэцгийг яаж тарих вэ. Миний
тарьсан цэцэг үхэх гээд байна. Танай клубт яаж элсэх үү гээд л цэцэгтэй холбоотой
асуул­таар булж байгаа нь харагддаг юм. Түүнийг “Хайтан”-гийн Батсүх гэвэл андахгүй.

Тэрээр таван хүүхэдтэй айлын отгон
нь. Нэгдүгээр хорооллын 86 дугаар сургуулийг төгссөн хотын унаган хүүхэд юм. Үзэсгэлэн,
ху­далдаа, томоохон арга хэмжээний үеэр Г.Батсүхтэй олонтаа таарал­дахдаа ямар мэргэжилтэйг
нь ганц удаа ч асууж байсангүй. Агро ч юм уу, ургамал, ногооны чиглэлийн л мэргэжилтэй
болов уу хэмээн таа­магладаг байлаа. Гэтэл сэтгэл судлаач мэргэжилтэй байж. Дипло­моо
стрессээс гарах арга зам сэдвээр хамгаалж байсан Г.Батсүх хэдий хүний сэтгэл судлаач
ч одоо цэцгийн сэтгэл судлаач болчихоод байгаа нь энэ л дээ.

“Цэцэг хүнийг стрессээс гара­хад хамгийн
сайн нөлөө үзүүлдэг. Цэцэг тарихаар урам зоригтой болж, аливааг харах өнцөг гэгээлэг
болж эхэлдэг. Хүн, цэцэг хоёр амьд организм учир энергиэ солилцдог. Хайрлаж арчилсан
цэцэг өнгөлөг ургадаг. Цэцэг хүнээс анхаарал их шаарддаг. Яг л хүүхэд шиг. Цэцэгс
ч стресст ордог” хэмээн тэрээр цэцгийн талаар огтхон ч түгдрэхгүй ярина.

Наймдугаар ангид байхдаа өөр нэг ангийн
хаалгыг таттал үгээр хэлэхийн аргагүй өнгө үзэмжтэй, цаанаасаа л гэрэл гэгээ цац­руул­сан
өмнө нь хаана ч харж байгаагүй тийм гоё цэцэг цонхны тавцан дээр байхыг олж үзжээ.
Тэр цэцэг өөрийн эрхгүй сонирхлыг нь төрүүлээд “Хиймэл юм шиг амьд цэцэг бас байдаг
аа” хэмээн гайхаад өнгөрч. Энэ мөчөөс л түүнд цэцэг гоё санагдах болж, тэгээд хаана
л гоё цэцэг байна, түүний араас явдаг болжээ. Ингэж явахдаа цэцэг со­нирхдог олон
хүнтэй танилцаж, хобби нэгтнүүдтэйгээ харилцаа холбоо тогтоосон санж.

Г.Батсүх эхнэр хоёр охины хамт амьдардаг.
Эхнэр И.Пүрэвсүрэн нь түүний ажлыг хамгийн их дэмжиж хажууд нь байдаг туслагч нь.
Мэ­дээж бүхэл бүтэн клубийн тэргүүн учир гэртээ хоббигоороо маш олон цэцэг тарьж,
гэрээ чимжээ.

Сүүлийн үед цэцэг сонир­хогч­дын тоо
нэмэгдэхийн хэрээр гад­наас маш олон сортын цэцэг ав­чирч тарих болсон гэнэ. Гэсэн
ч Г.Батсүх тэр бүх цэцгийг нутаг­шуулах, үржүүлэх ажилд ханцуй шамлан орж алхам
тутамдаа су­ралцаж, энэ бүгдээсээ гишүүддээ хуваалцдаг ийм ажилтай цэцэгчин.

Г.Батсүх хайтан цэцэгт дуртай учир
2010 оны есдүгээр сарын 12-нд клубээ нээхдээ “Хайтан” хэмээн нэрийджээ. Хоббигоо
ажлаа бол­гочихсон учир хаана л гоё цэцэг байна. Тэр бүгдийг хайж олж үзэ­хийн тулд
заримдаа өдөржингөө интернэтээр “хэсэх” үе бий. Га­даадын гоё сортын цэцгүүдийг
Монголдоо авчирч, цэцгийн шинэ сортууд гаргаж, селекц хийж сурах­сан хэмээн мөрөөддөг
Г.Батсүх “Монголын минь тал нутаг тэр чигээр ногоон хоттой болоосой” хэмээн чин
сэтгэлээсээ хүснэ.

Цэцэг сонирхогчдын эгнээнд эрчүүл
хүч түрэн орж ирэх болсон. Эрчүүд “Хайтан” клубт элсч цэцэг тарих сургалтад сууцгааж
хам­тарсан үзэсгэлэнгээ хүртэл гаргаад амжсан. Уг клубийнхэн үүнээс гадна сая цэцгийн
үзэсгэлэн, фес­тиваль зохион байгуулж, Сүхбаа­тарын талбайг цэцгээр дүүргэж байсан
удаатай.

Г.Батсүх байнга л шинийг эрэл­хийлж,
шинэ соргог зүйл сэддэг хөдөлмөр залуу л даа. Уулзах бүрийд дандаа хийж бүтээх хүсэл
тээсэн зүйл ярьж, сайхан мэдээ дуулгадаг юм.

Цэцэгчин залуу маань ирэх жил бие
даасан үзэсгэлэнгээ гарах төлөвлөгөөтэй яваа юм байна. Бас “Цэцэг ба уран зураг”,
“Цэцэг ба бялуу” гэх мэт хосолсон үзэсгэлэн гаргах бодолтой гэнэ. Мөн арван жилийн
сурагчдын дунд “Цэцэгс уран зурагт” гар зургийн уралдаан ч зарлана хэмээн ярьсан
юм.

“Хосууд жилийн дөрвөн улир­лын турш
цэцэглэдэг нил цэцгийг унтлагын өрөөндөө байрлуулбал илүү таатай. Яагаад гэвэл хайр
нь энэ цэцэг шиг үргэлж цэцэглэж байхыг бэлгэддэг” хэмээн зөвлөсөн зочныхоо зөвлөгөөгөөр
энэ удаа­гийн булангаа өндөрлөе.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Эрдэнэбат: Буруу тооцоолол дээр суурилсан төсөв өнөөдрийг хүртэл явж байна

УИХ-ын гишүүн Ж.Эр­дэнэбаттай
ярилц­лаа.

 -Чуулганы нэгдсэн хуралдаанаар
2014 оны төсвийг хэлэлцлээ. Таны хувьд төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмнөх жилүүдийн алдаатай, бодит бус
төс­вүүдээс шалтгаалан 2014 оны төсөв ерөнхийдөө алдаа­тай болох шинжтэй байна.
2012 онд тэрбум орчим төгрөгөөр төсвийн тодотгол хийж байсан. Гэтэл энэ удаа
1.5 тэрбум төгрөгийн хасах тодотгол хийхээр төлөвлөжээ. Өм­нөх онуудынхаа алдаа­тай
төсөв баталсан тэр хэмжээний төсвийг бат­луу­лахаар төсвийн тухай хууль болгон өргөн
барь­сан байна. Энэ төсөвт би шүүмжлэлтэй хандаж бай­гаа. 2012 онд нэг ажлыг хийнэ
гээд хөрөнгө оруулалтад тусгаад явуулж байсан бол аж­лууд нь өнөө жил ахин тэдгээр
ажлыг хийнэ хэ­мээн орж ирж. Энэ мэтчи­лэн төсвийн хөөсийг бат­лаад явуулж байсан
бол үүнийгээ ахин батлах гэж байгаа нь харамсалтай.

-Та энэ удаагийн төсвийг өрөнд
оруулах төсөв болохоор байна хэмээн мэдэгдсэн нь ямар учиртай юм бэ?

-Энэ удаагийн төс­вийн тухай хууль
нь Мон­гол Улсыг ихээхэн хэм­жээний өрөнд оруулах төсөв болсон нь мэдрэг­дэж байна.
Өмнөх жилүү­дэд Засгийн газрын до­тоод бондуудын талаар хэдий хэмжээний бонд гаргаж
төсвийн алдагд­лаа нөхөх боломжтой вэ гэдгийг гаргаж тавьдаг байсан. Үүнд
600-700 тэрбум орчим төгрөг гар­га­даг байсан бол өнөө жилийн хувьд 1.4 их наяд
төгрөгийн дотоод зах зээлд өр тавина гэсэн төсвийн төсөл орж ирлээ. Засгийн газар
зөвхөн до­тооддоо нэг их наяд төг­рөгийн өрөнд орох өнгө аяс харагдаж байна. Мон­­гол
Улсын төсөв өр тавьж санхүүжилт гаргах­даа бус аль болох бодит эдийн засгийн өсөлтийн­хөө
боломжид тулгуур­ласан орлогоо олоод түү­гээрээ зарцуулалтаа гар­гадаг эрүүл механизмтай
болох хэрэгтэй. Жил бүр нэг их наяд төгрөгийн дотоод өр, 1.5 тэрбум ам.долларын
бондын өр нийлээд хэдэн тэрбум ч болох юм бүү мэд. Төс­вийн тогтвортой байдлын тухай
хуульд өөрчлөлт оруулна гээд оруулж ирж байна. Одоогийн хуулиар 2014 онд ДНБ-ий
40 хувь­тай тэнцэх хэмжээний өртэй байна гэсэн заалт байгаа. Эл тогтвортой байдлын
тухай хуулиа­раа 60 хувь болгоно гэсэн өөрчлөлт оруулж ирлээ. Монгол Улс бүтэн жилийн
турш салбар бүрээс ол­сон ашгийнхаа 60 хувьд өр тавина гэдэг жинхэнэ утгаараа өрийн
дарам­тад орох эхлэл тавигдана гэсэн үг. 

-Төсвийн байнгын хо­­рооны дарга
Ц.Да­ваа­сүрэн төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэх зүйл ярьсан байсан?

-Төсөвт тодотгол хийх­гүй бол сүүлд
тайлан тооцоогоо яаж гаргах юм. Түүнчлэн дараа дараа­гийн­хаа төсвийг яаж бат­лах
вэ. 2013 онд 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бол орлого нь
1.5 их наяд төгрөгөөр тасарчихсан байгаа үед хийсэн, хий­гээ­гүй ажил нь тодор­хойгүй
байна. Цаашид хийх ажил нь ч тодор­хой­гүй. Ийм байдалд бид 2014 оны төсвийг ба­тал­на
гэдэг хүндрэлтэй.

1.5 их наяд төгрөг гэдэг хэдэн жилийн
өмнөх хоёр жилийн төсөв. Гэтэл энэ их хэмжээний мөн­гөөр төсөв доголдчихоод байхад
тодотгол хийхгүй явчихвал яаж дараа да­раа­гийн үйл ажиллагааг явуулах юм. Тиймээс
төс­вийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай.

-МАН-ын бүлгийн зү­гээс ирэх оны
төсвийн төслийг Засгийн газар дахин засаж оруулах ирэх шаардлагатай гэ­дэг байр
сууриа илэр­хийлсэн шалтгаан нь юу юм бэ?

-2014 оны төсвийн тухай хууль нь Монгол
Улсын хэд хэдэн хуулийг зөрчин орж ирсэн. Жишээ нь 2015-2016 оны төс­вийн төсөөллийн
тухай хуулийг зөрчсөн. Тиймээс үүнийг өөрчлөх шаард­ла­гатай. Мөн Тогт­вортой байдлын
тухай хуулиа зөрчсөн. Хууль зөрчин хуулийн төсөл өргөн барьж буй тохиолдолд буцаах
эрх нь УИХ-д бай­гаа. Гэтэл эрх баригчид өмнө нь ийм жишиг бай­сан. Бид үүнийг ярилцаж
байх явцдаа гаргаж ирсэн хуулиндаа нийцүүлэн тухайн хуулийг өөрчилдөг байсан гэх
тайлбарыг өгч байна. Төр засаг нь өөрс­дөө хууль зөрччихөөд яаж ард түмнээ хууль
хэрэг­жүүлж ажилла гэж хэлэх юм бэ.

-Ирэх оны төсөв эрүүл гарахад ямар
ямар хүчин зүйлсийг өөрчлөх шаардлагатай байна вэ?

-Ирэх оны төсвийн хувьд 2-3 жилийн
өмнө эхэлсэн хөөсөрсөн байд­лаа залруулах ёстой. Бид урсгал зардлуудаа то­дор­хой
хэмжээний хя­налт­тай зарцуулах хэрэг­тэй. Урсгал зардлууд дээр бараа үйлчилгээний
өс­сөн зардлууд байна. Эд­гээр зардлуудаа танах нь зүйтэй. Магадгүй хөрөнгө оруулалтын
хувьд 1.5 их наяд төгрөгт хөрөнгө оруу­­лалт хийх шаард­ла­гатай юу гэдгийг судалж
үзэх ёстой. Уг нь бид ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөх хэрэгтэй. Эдийн засаг хөгжиж
дэвжих ёстой гэж харах нь зөв. Гэхдээ бодит амьдрал­даа нийцүүлэх ёстой юм.
2011 оны төсөв нь 2012 оны төсвөөс хоёр их наяд төгрөгөөр илүү байсан. Тэгвэл Монгол
Улсын эдийн засгийн оргил үе нь 2012 он байлаа. 17 хувь хүртлээ өссөн үед манай
орны төсөв өмнөх оны­хоос 600 орчим тэрбум төгрөгөөр л өссөн хэмжээ­ний орлого олсон.
Эдийн засаг 17 хувиар өсөхөд хоёр их наяд төгрөгөөр өмнөх оныхоос илүү орох ёстой
хэмээн буруу тоо­цоолсон. Буруу тооцоо­лол дээр суурилсан төсөв нь өнөөдрийг хүртэл
яв­чихлаа. Тэгэхээр Монгол Улсын эдийн засаг хэдий хэмжээнд яаж ч өслөө гэсэн хоёр
их наяд төг­рөгийн орлогыг гүйцэж орох хэмжээний өсөлт гарах нь маш төвөгтэй болчихоод
байна. Манай орны төсөв зардлаа баг­цалчихаад түүндээ таар­сан орлого тавиад бай­гаа.
Уг нь эсрэгээрээ бо­дит орлогоо тооцчихоод түүндээ таарсан зардлаа тавих ёстой.

-Чуулганаар та бон­дыг өр хэмээн
хэзээ­нээс нэрлэх вэ гэж Ерөн­хий сайдаас асууж байсан. Бондын өрийг төсөвт тусгасангүй
гээд байсан даа?

-Засгийн газар “Чингэс” бондыг гаргасан.
Ирэх жилээс  “Самурай” бонд авах юм шиг байна.
Эдгээр бондууд Монгол Улсын гадаад өр байхгүй юу. Өрийг хэн төлөх нь хамаагүй. Засгийн
газ­раас баталгаа гаргаад авчирсан бол Засгийн газар төлнө. Бондыг хэнд өгч, ямар
үйл ажиллагаа явуулсан нь хамаагүй. Энэ нь Монгол Улсын өр учраас төсөвт зайлшгүй
тусгагдах ёстой.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Ё.Цэрэндолгор: “Сүнжидмаа”-г хүмүүс яагаад нулимстай дуулдаг юм бэ…

Төрийн шагналт, ар­дын жүжигчин
хөдөл­мөрийн баатар Д.Лув­саншаравын хөгжим, УГЗ Ж.Бадраа агсны цом­нол “Сүнжидмаа”
дуулалт жүжгийг ҮДБЭЧ сэргээн тавьж, анхны тоглолтыг энэ долоо хоногт хийсэн билээ.
Анх тавигд­са­наа­саа хойш 33 жилийн дараа дахин үзэгчдэд хүрч байгаа уг дуулалт
жүжгийн ерөнхий най­руулагч УГЗ Ё.Цэрэн­долгорын ярилцлагыг хүргэе. Тэрбээр
1977 онд Ж.Вердийн “Тра­виа­та”, 1987 онд “Риго­летто” дуурийг ДБЭТ-ын тайзнаа тавьсан
юм.

-Та “Сүнжидмаа” дуу­­лалт жүжгийг
тайз­наа анх хэрхэн тавьсан бэ?

-Би энэ жүжгийг най­руулан тавих урилгыг
1980 онд хүлээж авсан юм. Тэгэхэд би Барил­гачдын соёлын ордны уран сайхны удирдагч,
Ерөнхий найруулагч, хор­­мейстр гэдэг гурван албан тушаалтай, 750 төгрөгийн цалинтай
бай­лаа. Ж.Бадраа гуай, Д.Лув­сан­шарав гуай хоёр “Сүнжидмаа”-г
тавьж өгөөч гэдэг саналыг тавь­сан. Би эхлээд зохиолыг нь уншлаа. Уншчихаад “Би
оролдоод үзье, та бүхэн дэмжээрэй” гээд хүлээж авсан. Дуулалт жүжиг учраас дуурьтай
ойролцоо. Энэ бол 1980 он. Тэр үед муу дуучин гэж байгаагүй. Дуучин болгон өөр өөрийн
гэсэн хэллэгтэй, аялгатай, нюанс­тай сайхан дуучид байсан. Миний “Сүнжид­маа” жүжгийн
Мянган гэ­дэг залууд Борхүү, Банз­рагч нар дуулж байлаа. Нэг нь залуу дуучин, нө­гөө
нь гавьяат жүжигчин байсан. Бадмаанямбууд Дэжидмаа гэдэг гоцлол дуучин, Сүнжидмаад
нэрт ардын дуучин Ариу­наа, Отгон нар дуулсан. Наваанд ардын жүжиг­чин Самбуу, Эрдэнэ­гом­бо
нар, Дэжидэд Намс­рай­жав, Энхтүвшин гэх мэтчилэн сайхан уран бүтээлчид тоглосон.
Би энэ жүжгийг хоёр бүрэл­дэхүүнтэйгээр тавьсан юм. Хоёр бүрэлдэ­хүү­нээр тоглодгийн
учир нь, намайг Орост сураад төг­сөхөд багш маань тэгж захиж зөвлөсөн л дөө. “Танайд
авьяастай хүмүүс олон байдаг. Жүжгийг нэг бүрэлдэхүүнээр гаргах нь төвөгтэй байдаг.
Хэн нэ­гэнд нь асуудал тулга­рахад нөгөө нь тоглож байх хэрэгтэй. Тиймээс хоёр бүрэлдэхүүнээр
та­виа­рай. Хоёр бүрэл­дэ­хүүнээр тавьсан бүтээл мөнхийн байдаг. Хоёр­дугаарт, маш
өрсөл­дөөн­тэй явагддаг учраас жү­жигчдийн ур чадвар ч их өсдөг. Олон жүжигчидтэй
ажиллах нь залуу хүнд их юм сурах боломж болж байдаг юм. Тийм учраас жүжгийг хоёр
бүрэл­дэ­хүүнтэй тавьж байгаарай” гэж зөвлөсөн юм. Тэгээд би “Сүнжидмаа”-гаа хоёр
бүрэлдэхүүнээр тавиад алдаагүй, оносон.

-Та дуурийн найруу­лагч. Үндэсний
дуулалт жүжиг анх удаа най­руу­лан тавих ямар байв?

-“Сүнжидмаа”-г тавьс­наар би ардын
урлагт ойртсон. Ардын дуу ямар их гайхамшгийг өгүүлдэг, ямар өргөн цар хүрээтэй,
дуучдын авьяас чадлыг сорьдог болохыг тэр үеэс л мэдэрсэн дээ. Ардын дуу бүжгийн
чуулгын Ерөн­хий бүжиг дэглээч нь зууны манлай бүжиг­ дэг­лээч Ц.Сэвжид гуай, уран
сайхны удирдагч нь ар­дын жүжигчин төрийн шаг­налт, хөдөлмөрийн баатар Дагвын Лувсан­шарав
гуай байлаа. Тэр үеийн гайхамшигтай бү­жиг­чид болох С.Сүх­баа­тар, Зоригоо, Цэрэн­над­мид
гэж байлаа. Энэ дуу­лалт жүжгийн хөгжмийн найруулга, найрал­жуул­гыг хийсэн хүн
бол манай Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, удирдаач, ардын жүжиг­чин С.Батчулуун
юм.

-Тэр үед үндэсний дуулалт жүжиг
тавьсан туршлага чуулгуудад хэр байсан бол?

-Аймгийн театруудад тавьж байсан эсэхийг
би мэдэхгүй. Ардын дуу бүж­гийн чуулгад анхны дуу­лалт жүжиг болсон. Ми­ний анхны
бүтээл, Ардын дуу бүжгийн чуулгын уран санд анхны дуулалт жү­жиг болж орсон. Тэр
үед жилд дөрвөн бүтээл хий­дэг байсан юм. Миний “Сүнжидмаа”-гийн юу нь гайхамшигтай
вэ гэвэл, ард түмэн өөрсдөө өнөөд­рийг хүртэл “Сүн­жидмаа”-г дуулсаар ир­сэн. Мэдэхгүй
хүн байхгүй. “Сүнжидмаа”-г үзэх гэсэн хүмүүс чуулгын кассыг бүччихдэг байлаа. Тасал­бар
эрсэн хүмүүс шав­ших­даг байснаас манай зохион байгуулагч цон­хоороо зугтаж гарч
бай­сан гэдэг юм. Ардын дуу бүжгийн чуулга ганц энэ жүжгээр  сарынхаа бүх орлогыг биелүүлж бай­сан үе бий.
Хоёр бүрэл­дэхүүнээр тоглоод бай­хад л тасалбар нь олдох­гүй тийм их үзэгчтэй бай­сан
хэрэг л дээ. Тэр үеийн үзэгчид маш оюун­лаг байжээ. Одоо бол тийм биш.

-Зураач нь хэн бай­сан бэ?

-Доржпалам гуай. Ер нь монгол хүн
ардынхаа урлагаар хүмүүжих ёстой. Харамсалтай нь сая “Сүн­жидмаа”-г зургаан удаа
тоглоход манай УИХ-ын гишүүдээс нэг нь ч үзсэнгүй.

-Үзэгчид ямархуу байв?

-Эхний таван тоглол­тод сайхан байсан.
ҮДБЭЧ нээлтийн тоглолт хийхдээ үзэгчдэдээ га­даад хяналт өгсөн. Манай урлагийн байгууллагууд
үзэгчдэдээ гадаад хяналт хэзээ ч өгч байгаагүй. Энэ бол ҮДБЭЧ-ын бас нэг том гавьяа.
Үзэгчид бол өөрийн дотоод уран сайх­ны зөвлөлөөс илүү хүчтэй шүүмжлэгчид бай­даг.
Тиймээс би ҮДБЭЧ-ын менежмэнтэд нь, уран сайхны удирдагчид нь захиргаанд нь баяр­ла­лаа,
та нар шинийг нээсэн шүү гэж хэлмээр байна.

-Та энэ жүжгийг хоёр өөр нийгэм,
өөр цаг үед тавилаа. Танд юу мэд­рэгдэв. Ялгаа байна уу?

-Ялгаа байлгүй яахав. Тэр үед аливаа
уран бү­тээл тоглоход заавал глав­литаар ордог байсан. Жавзан гэдэг эмэгтэй тол­гойлдог
байлаа. Бүх ур­лагийн байгууллагуудыг айлгадаг хүүхэн байлаа. Маш өндөр боловс­рол­той.
Тэр хүүхэн “үгүй” л гэвэл тоглохгүй. Тэр хү­нээр толгойлуулсан глав­лит гэдэг том
байгуул­лагаар орлоо л бол ту­хайн жүжиг концертыг үзэгчдэд толилуулах үүрэг­тэй.
Төв хороо, Улс төрийн товчооны гишүүд
шинэ уран бүтээл болго­ныг үздэг байлаа. Ердөө л, урлаг бол үзэл суртлын зэвсэг
мөн гэж тодор­хойлсон тийм үе шүү дээ. Гэтэл “Сүнжидмаа” уламж­лагдаж ирэхдээ хор­мой
хөнгөн хүүхэн, хөнгөн зантай хүрээний хүүхэн гэсэн ойлголт уламж­лагдаж ирсэн. Үнэн
хэрэгтээ тийм биш юм. Тэгэхээр “Сүнжид­маа”-г анх тавихад би улстөрийн хараат бай­сан
учраас илүү дутуу юм гаргаж болохгүй. Зохио­лыг нь өөрчилж болохгүй. Главлитад өгчихсөн
уч­раас зохиолоо ягштал баримтлах ёстой байсан.

-Наяад онд аль та­лаас нь онцолж
тавьсан бэ. Хүрээний хөнгөмсөг хүүхэн гэдгээр нь үү?

-Үгүй. Сүнжидмааг нэг их тоглуулаагүй.
Сүнжид­маа өөрөө тийм их зав­хай зайдан хүн юм уу гэж асуусанд Бадраа гуай ингэж
хэлсэн юм.  “Лууяа бид хоёрын бодож бай­гаа­гаар
Сүнжидмаа зав­хай хүн биш” гэж. Тэр бол өндөр боловсролтой, маш хөөрхөн, ер нь л
эмэгтэй хүний гоо сайхан бүрдсэн тийм л бүсгүй. Тэр хүүхний түүхийг нь судалъя гэхэд
Бадраа гуай “Чи түүх судлах хэрэггүй ээ. Энэ зохиолд Сүнжид­маа өөрөө “би… “гэж
дуул­сан нэг ч мөр байх­гүй. Сүнжидмааг дандаа хөндлөнгийн хүмүүс дуул­сан байгаа”
гэж хэл­сэн.

“Үүдэн шүдий нь унаад ирэхэд

Үзэж харах хүнгүй болно оо Сүнжидмаа
минь”
гэхчилэн дандаа хөндлөнгөөс дуулдаг.
Тэгэ­хээр Сүнжидмаа маш журамтай бүсгүй учраас олон хүнийг гомдоосон байх нь. Зарим
нэг нь гоморхсондоо муухай үгээр хэлж байжээ гэж ойлгож болох нь ээ дээ. “Сүнжидмаа”
бол гүн ухаа­ны дуу. Хүмүүс Сүн­жидмааг өнөөдрийг хүр­тэл дуулахдаа яагаад нү­дэндээ
нулимстай дуул­даг юм гээд бод доо.

-Тэгвэл өнөөгийн тай­зан дээр Сүнжидмаа
ямраар бууж байна вэ. Та жүжгээрээ юуг онц­лов?

-Бүсгүй хүний цэвэр ариун ёс суртахууныг
онцолж байна. Учир нь, таны хэвлийгээс үр төрнө. Хэдийгээр ардчилсан ний­гэмд эрх
чөлөөтэй амь­дарч байгаа ч та хэт эрх чөлөөрхөж болохгүй. Тэгээд хүсэл мөрөөд­лийн­хөө
төлөө тууштай бай гэсэн санаа л байгаа юм.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

Ирэх жилийн төсөв ийм байх нь

Ирэх оны төсвийн төс­лийг боловсруулж дуу­саад Засгийн газраас
УИХ-д өргөн барьсан. Үүнийг өчигдрөөс УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлж байна.
2014 онд манай улсын төсвийн нийт орлого зургаан их наяд 865 тэрбум, зарлага нь
долоон их наяд 275 тэрбум төгрөг байхаар төсөвлөгдсөн. Харин алдаг­дал нь 410.1
тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ нь төсвийн алдагд­лыг ДНБ-ий хоёр хувьд багтаана
гэсэн Төсвийн тогтвортой байдлын ту­хай хуульд нийцэж байгаа аж. Дэлхийн зах зээлд
зэс, алт болон уул уур­хайн эрдэс баялгийн бү­тээгдэхүүний үнэ хэд бай­на гэж тооцоолсноос
тө­сөв ямар байх нь шалт­гаалдаг гэдэг. Тэгвэл ирэх жилийн төсөвт зэсииг
6,242.0 ам.доллар, бо­ловс­руулсан нүүрсний үнийг 115.9 ам.доллар байхаар тусгажээ.
Уул уурхайн салбарынхан ирэх жил улсын төсөвт нэг их наяд 424 тэрбум төг­рөгийн
орлого оруулах юм байна. Харин Оюу толгой 161.5 тэрбум төг­рө­гийн орлого төвлөрүү­лэхээр
болжээ. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” 185.7 тэрбум төгрөгийн ашиг оруулахаар төлөвлөсөн
байх юм.

ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХЭД 200 ТЭРБУМ
ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Монгол Улсын төсвийг бүрдүү­лэгч гол
эх үүсвэр нь татвар. Гэхдээ ирэх оны төсөвт элдэв төрлийн татварын дарамт тусгагдаагүй,
хуучнаараа төлөвлөгдсөн юм бай­на. Манай улс гадагшаа экспорт­лох нэг баррель нефтийн
үнээ 99 ам.доллараар тооцож, төсөвт то­дор­хой хэмжээний орлого оруула­хаар тусгасан
байна лээ. Мөн Навигацийн орлогоор төсөвт 54.9 тэрбум төгрөг орж ирнэ хэмээн тооцоолжээ.
Энэ нь Монголын нутаг дээгүүр өнгөрөх нислэг бү­рээс авах төлбөр юм байна. Өмч хувьчлалаас
бага хэмжээний орло­го төсөвт ирнэ. Тухайлбал, Хөтө­лийн цемент шохой хувьцаат ком­па­нийг
хувьчилснаар 25 тэрбум төгрөгийн ашиг гарах юм байна. Түүнчлэн төрийн өмчит хувьцаат
компаниудын  ногдол ашгаас төсөвт орлого оруулахаар
тооцжээ. Энэ бол төсөвт суух татварын бус орлогууд юм.

Тэгвэл зарлага тал дээр энэ жил бүсээ
чангалах бодлого хэрэгжих бололтой. Зарим шаардлагагүй зардлуудыг танахаар болсон
бай­на. Тухайлбал, элдэв төрлийн эд хогшил худалдан авах, гадаад томилолтоор явах,
гадаадын зочид төлөөлөгчдийг урьж, сургалт семи­нар хийх ажлуудыг хязгаарлах гэнэ.
Цахилгаан, эрчим хүчний үнэ тариф нэмэгдэж байгаа учраас эрчим хүчний компаниудад
төсвөөс олгох татаасыг багасгаж байгаа юм байна. Үүний оронд цалин тэтгэв­рийг ирэх
оноос үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж, 200 тэрбум төгрөгийг хуваарилсан байна.
Мөн хүүхдийн 20 мянга, оюутанд сар бүр олгодог тэтгэлгийг үргэлжлүүлэн өгөхөөр болжээ.
Үүнээс гадна мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын 45 мянган төг­рөгийн
тэтгэлгийг их, дээд сургуулийн оюутнуудынхтай дүйцүүлж, 70 мянгад хүргэхээр болжээ.
Цааш­лаад боловсролын салбарт 34 тэрбум, эрүүл мэндийн салбарт 44 тэрбум, шинээр
хөрөнгө оруулалт, ажиллах хүчний  зар­далд 23 тэрбум төгрөгийг төсвөөс гаргахаар
тооцоолсон байна. Ажил­ласан жил, тэтгэврийн даат­галын шимтгэлээ нөхөн тооцуул­сан
70 гаруй мянган хүнд 31 тэрбум төгрөг олгохоор тусгаж. Арьс шир­ний урамшуулалд
ирэх онд төсвөөс 20 тэрбум төгрөг өгөхөөр тус тус төлөвлөсөн байна.

АЛЬ ДАРГАД ХЭДЭН ТӨГРӨГИЙН ТӨСӨВ
ХУВААРИЛАВ

Харин төсвийн ерөнхийлөн захирагчдад
ирэх жил ямар хэм­жээний төсөв хуваарилагдсаныг одоо сонирхуулъя. Ерөнхийлөг­чийн
тамгын газарт гэхэд 9.6 сая төгрөг, УИХ-ын даргад 22.9 сая төгрөг, Ерөнхий сайдад
118 сая төгрөгийн төсөв ногджээ. Төсвийн 34 ерөнхийлөн захирагч байдгаас ирэх жил
хамгийн их мөнгө Сан­гийн сайд Ч.Улаан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
нарт очихоор хуваарилагдсан байна. Тэд сайдын багцдаа тус бүр тэрбум гаруй төгрөг
авахаар бол­жээ. Харин Уул, уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд
Н.Батбаяр нарт бусдыг нь бодвол бага мөнгө хуваасан байна. Өөрөөр хэлбэл, Д.Ганхуяг
сайд 25.3 сая, Н.Батбаяр сайд 58.4 сая төгрөг тус тус авахаар болжээ. Бусад сайд
нарын хувьд 100-гаас дээш сая төгрөгийн төсөв авахаар багцдаа суулгасан байна. УИХ-аас
томилогддог төрийн байгууллагын дарга нар дотроос шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
хамгийн их буюу 46.4 сая төгрөгийг төсвөөс хуваарилуулж чадсанаар тодрох бололтой.
Харин СЕХ-ны даргад ердөө 900 гаруй мянган төгрөг ногджээ.

ХӨВСГӨЛ АЙМАГ ТӨСВӨӨС ХАМГИЙН
ИХ ДЭМЖЛЭГ АВАХ ЮМ БАЙНА

Орон нутгийн төсөв бие дааж байгаа
гэх боловч ирэх жил тэдэнд дэмжлэг өгөх хэвээрээ юм байна. Тиймээс аймаг, нийслэлд
ирэх жил төс­вөөс хичнээн төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсныг энд танил­цуулъя.
Нийт 17 аймагт 162.7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмж­лэгийг улсын төсвөөс олгохоор
төлөвлөжээ. Үүнээс хамгийн их дэмжлэгийг Хөвсгөл аймаг авахаар байна. Тус аймаг
нийтдээ 19.1 сая төгрөгийг төсвөөс хүртэх эрхтэй болжээ. Харин араас нь Өвөрхан­гай
аймаг орсон байна. Тэд­нийд 13.9 сая төгрөгийг төсвөөс дэмжлэг болгон өгөхөөр болжээ.
Архангай, Баянхонгор аймаг тус тус 12 сая гаруй төгрөгийг төсвөөс авахаар болж удаах
бай­руудад жагсчээ. Тэгвэл Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дорноговь аймаг болон Улаанбаатар
хотын хувьд улсын төсвөөс ирэх жил нэг ч төгрөгийн дэмжлэг авахгүйгээр зүтгэх нь.
Учир нь тэд өөрсдийнхөө олох орлогоо­роо бусад аймгийг хол хаяжээ. Нийслэлийн ирэх
оны төсвийн орлого гэхэд 459,1 тэрбум төгрөг байх гэнэ. Улсын төсвөөс бага дэмжлэг
авч буй аймгаар Булган тодрох нь ээ. Тус аймаг ердөө 2.4 сая төгрөг авах бол Сэлэнгэ
аймагт 4.4 сая төгрөг хуваарилагдахаар төсөвлөгджээ. Мэдээж энэ бол төсвийн төсөлд
тусгагдсан тоонууд. Харин хэлэл­цүүлгийн явцад гишүүд “Манай аймагт бага мөнгө хуваариллаа.
Ад шоо үзлээ” гэх мэтийн их хэрүүл үүсгэдэг жамтай. Үүний эцэст дээрх тоонуудад
өөрчлөлт орж магадгүй юм.

2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын
төсөл, арга хэмжээ, барилга байгууламж гэх урт жаг­саалт төсвийн төслийн хавсралтад
бий. 2013 онд хэрэгжиж амжаагүй ажлууд ирэх жил рүү шилжиж байгаа нь мэдээж. Тэр
бүхнийг тоочно гэвэл сонины хуудас хүрэл­цэхгүй биз ээ.  Хэдийгээр ирэх онд шаардлагагүй зарим урсгал зард­лыг
төсөвт танахаар байгаа ч хөрөнгө оруулалтын зардал дээр бүсээ чангалах бодлого барихгүй
юм байна гэж ойлгогдож байгаа. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад төс­вийн хөрөнгө оруулалтаар
хэрэг­жүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг обьект бүрээр нь ярьж, хөрөнгө
мөнгийг нь танах асуудал яригдаж магадгүй юм.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Монголчууд дэлхийд тэргүүлдэг технологиор оймс үйлдвэрлэж байна

“Made in Mongolia” гэсэн шошготой
брэндүү­дийн нэгд яах аргагүй ордог бүтээгдэхүүн бол  оймс. “Янмал”, “Гэр”, “Мон­гол оймс”, “Тод оймс”  компанийнхан оймс хийх техник технологиороо дэлхийд
Италийн дараа ордог солонгос маши­наар даавуун, ноосон, ноолууран, урт, богино гээд
төрөл бүрийн оймс үйлдвэрлэж байна.  Бид энэ
удаа оймсны үйлд­вэрүүдийг сурвалжилсан юм. Сурвалжлахаар оч­сон эхний газар маань
“Янмал” үйлдвэр. Мене­жер­тэй нь холбогдож байрш­лыг нь заалгаж аваад Хайлаастын
хоёр­дугаар буудал дээр оч­лоо. Хайх гэж цаг авсан­гүй. Зам дагуу барьсан гурван
давхар томоо гэгч тоосгон байшингийн гадна “Янмал” гэсэн хаяг хаджээ. Үйлдвэр нь
нэг давхартаа байрладаг юм байна. Хаа сайгүй 
оймс өрсөн цэлгэр өрөөнд за­луус завсар чөлөөгүй ажил­лацгааж байв. Дан залуус
ажилладаг боло­хоор хөгжим тавиад  өгчих­дөг
гэнэ. Хөнгөн хэмнэлтэй ая чанга дээр нь тавьчихсан ажиллаж өгч байна. Энд 60 гаруй
хүн ажилладаг юм байна.

“Янмал”-ыг анх байгуулсан
Лхаг­важав биднийг очиход байсан­гүй. Менежер В.Отгонболд бидэнд үйлд­вэ­рээ танилцуулсан
юм.  Лхаг­ва­жав эхнэртэйгээ Солонгост оймс­ны
үйлд­вэрт нэлээд хэдэн жил ажилласан гэнэ. Ирэнгүүтээ  гэрийнхээ нэг өрөөнд хоёр машин ажиллуулж оймс
хийж эхэлжээ.  Эхэндээ аятайхан амьдрахын
тулд эхэлсэн үйлдвэрлэл нь сүүлдээ өдөрт 10 мянган оймс өлхөн гарга­чих­даг том
үйлдвэр болтлоо өргөжжээ. В.Отгон­болд “Манай үйлдвэр 2006 онд бай­гуу­лагд­сан
гэхээр бараг найман жил болчихсон юм байна. Захирлыг анх гэртээ хийсэн оймсон­доо
шошго хадаад зах дээр очиход хүмүүс “Хятад оймсон дээр монгол ярлик наачихаад юундаа
худлаа хэлээд байгаа юм” гэж загнацгаагаад авахгүй байсан гэдэг. Тэр үеийг бодвол
манайхан их гоё болсон. Үндэсний үйлдвэр­лэл­дээ сэтгэлтэй, элэгтэй ханддаг болсон
шүү” гэж ярилаа.

“Янмал” үйлдвэр дээр  оймсыг дөрвөн дамжлагаар хийж байна. Эхний дамжлага
нь компьютер дээр загвар дизайнаа гаргах гэнэ. Үйлд­в­эрийн өрөөнд байгаа  хоёр компью­тер дээр оймсны хээ, хэл­бэр, хэмжээ,
өнгө энэ тэрийг нь зураад хийчихдэг аж. Тэгээд оймс хийх машин руугаа команд өгнө.
Команд авсан машин нь л оймсоо хийчихдэг юм байна. Машинаас гар­сан оймсны ердөө
урд хамрыг нь нийлүүлж оёх л дутуу. Ийм ид шидтэй машин бидний орсон тасал­гаанд
51 байна лээ. Оймсоо хэдэн өнгөтэй, ямар хээтэйгээс хамаарч утаснуудаа сүвлэчихнэ,
тэгээд л үлдсэн бүх ажлыг машинд даатгадаг аж.

Хоёр дахь дамжлага
дээр ажил­ла­даг машин  оймсны  урд хэсгийг ний­лүүлж оёх үүрэгтэй. Гуравдугаар
дамжлага нь  бэлэн болсон оймсоо уураар индүүдэх
гэнэ. Сүүлийн дамж­лага нь мэдээж шошго хадаж, уутлах. Нэг иймэрхүү процессоор бидний
өмсдөг оймс үйлдвэрлэгддэг юм байна. Сонир­хуулж хэлэхэд”Говь”, “Гоёо” зэрэг ноолуурын
үйлдвэрүүд эднийд захиалга өгч оймсоо хийлгэдэг юм билээ. Биднийг очиход “Алтай
кашемир”-ын оймсыг хийж байв.

Бүх машинаа Солонгосоос
оруулж иржээ.  Хөвөн даавуун оймс хийдэг утсаа
мөн Солонгосоос оруулж ирдэг гэнэ. Харин сарла­гийн хөөвөр, тэмээ, хонины ноос,
ямааны ноолууран оймсныхоо утсыг Хятадаас оруулж ирдэг аж. Эндээс авах гэхээр нэг,
хоёр дахин илүү үнэтэй байдаг болохоор урд хөршөөс импортолдог юм байна. Түүхий
эдээ гаднаас оруулж ирдэг болохоор валю­тын ханшийн чангарал бүтээгдэхүүнийх нь
үнэд нөлөөлжээ. Нэг оймсон дээрээ 200 төгрөг нэмсэн гэж менежер нь тайлбарлаж байв.
“Янмал”-ынхан утас ээрэх үйлдвэр байгуу­ла­хаар судалгаа хийж эхлээд бараг жил болжээ.
“Утсаа эндээ хийгээд эхэлбэл гадны нөлөөгөөр үнэ өснө гэсэн эрсдэлгүй болох гээд
байна” хэмээн В.Отгонболд бидэнд сонирхуулав.

Үйлдвэрийнхээ  хоёр давхарт нэрийн барааныхаа дэлгүүрийг нээжээ.
Томоо гэгч өрөөнд оймсыг төрөл төрлөөр нь өрчихөж. Урт, богино, элдэв өнгийн, зүсэн
бүрийн оймс өрсөн тавиуруудыг сонирхож жаал алхав. Үйлдвэрийн үнэ нь гадуур зардаг
үнээсээ хамаагүй бага юм. Хүүхдийн тэмээний ноо­сон оймсыг гэхэд энд 2400 төгрөгөөр
зарж байлаа. Эдний нэрийн бараа­ны дэлгүүр Хайлаастаас гадна хоёр газар ажилладаг
гэнэ. Нэг нь гуравдугаар эмнэлгийн чанх урд талд зам дагуу, нөгөө нь Зүүн дөрвөн
замын ойролцоо байдаг East худал­дааны төвийн урд талд байрладаг аж. Нэрийн барааны
дэлгүүртээ жижиг­лэнгийн, бөөний гэсэн хоёр үнээр үйлчилдэг юм байна. Гэхдээ жижиг­лэн­гийн
үнэ нь бөөний­хөө­сөө 200 төгрөгийн л зөрүүтэй 
юм билээ.

Эднийх Нарантуулын
цагдаа нар­тай хоёр жил хамтарч ажиллаж байгаа гэнэ. Учрыг нь сонирхоход В.Отгон­болд
“Хулгайн оймстой тэмцэх гэж тэр л дээ. Цагаан сараар “Монголд үйлд­вэр­лэв” гэсэн
шошготой янз бүрийн оймс гараад ирдэг юм.  
Урдаас хямдхан оруулж ирээд монгол хаяг наачихдаг. Чанаргүй оймсон дээр монгол
шошго наах нь үндэсний үйлдвэр­лэгч­дэд хортой. Бүр манай шошгыг урдаас оруулж ирсэн
тэмээ­ний ноос шиг өнгө оруулсан оймсон дээр хүртэл хадсан тохиол­дол гарсан. Уг
нь харахад ялгаа нь андашгүй л дээ. Гэхдээ ийм явдал гараад байх нь хэрэглэгчийн
сэт­гэл­гээнд нөлөөлөх эрсдэлтэй бай­даг” хэмээн хэлээд  толгой сэгсрэв.

Үйлдвэрийг сонирхох
зуур тэрээр  “Биднийг олонд таниулж зах зээлээ
олоход манайхаас оймс бөөндөж авч, зардаг наймаачид их тус болсон. Харин супермаркетууд
маань жаахан хүнийрхүү хандах гээд байдаг. Ойм­соо төрөл төрлөөр нь тавья гэхээр
зай байхгүй гэдэг хэрнээ импортын ойм­сыг өнгө өнгөөр нь төрөлжүүлээд дэлгэчих жишээний”
гэж яриагаа үргэлж­лүү­лэв. Скай, Номин, Миний дэлгүүр, Смарт худалдааны төв,
Everyday сүлжээгээр эдний оймсыг албан ёсоор борлуулдаг юм байна.

Оймсыг нь хувь наймаачид
ихээр авдаг гэж худал­дагч охин ярьж байв. Тэмээ, хонины ноосон оймснуудыг нь Орос,
Хятад руу их гаргадаг  аж.

Бидний орсон дараагийн
үйлд­вэр “Монгол оймс”. “Янмал”-ын ердөө хажууханд хоёр давхар тоосгон бай­шинд
үйлдвэрийн ажил нь өрнөдөг юм байна. Залгаа гурван давхар шар байшин саяхан өргөт­гөсөн
гэдгийг илтгэнэ. “Янмал”-ын захирлын дүү Ц.Отгонбаяр энэ үйлдвэрийн захирал нь. 2009 оны 12 дугаар сард “Янмал”-аас өрх тусгаарлажээ. Оймсны зах зээл дээр өрсөлдөөн
бий болгож, өөр өөрийн өнгөтэй брэнд бий болгох гэж өрс тусгаарласан гэнэ. “Монгол
оймс” үйлдвэрт хорь гаруй хүн ажиллаж байв. Хагас бүтэнд сайнд оюутнууд ажиллуулахаар
гуч гараад явчихдаг аж. “Өдөрт мянга гаруй оймс гаргачихдаг” гэж Ц.Отгонбаяр ярив.
Түүхий эдээ татдаг орнууд, үйлдвэрийн ерөнхий процесс “Янмал” шиг юм. Сүүлийн үед
супер­маркет, зах, худалдааны төвүү­дээр “Тод оймс” гэсэн шош­го­той оймснууд ихээр
зарагдах бол­сон. “Тод оймс” үйлдвэр ч гэсэн “Янмал”-аас өрх тусгаарлажээ. Ах дүү
гурав оймсны гурван том үйлд­вэ­рийг тус тусдаа толгойлж яваа юм байна. Энэ гурвын
гол ялгарах зүйл нь загвар дизайн гэнэ. Ц.Отгон­баяр “Манай гурван үйлдвэ­рээс гарсан
оймснуудыг хэн ч, хаа­наас нь ч харсан, аа энэ Тод оймсынх юм байна, харин энэ Янмалынх
байна шүү гэж ялгаж чаддаг. Бид ийм зорил­гоор л бизнесээ тус тусдаа эрхэлж байгаа
юм” хэмээн ярьж байлаа. “Монгол оймс” Оюу толгойн захиалгаар оймс нийлүүл­дэг аж.
Өвлийн цагаар захиалга нь ихэсдэг гэнэ.

Мөн л үйлдвэрийнхээ
байранд нэрийн бараа­ны дэлгүүр нээжээ. Оймсыг төрөл, өнгөөр нь ёстой л өрөх шиг
болжээ. Худалдагч Ариунгэрэл “Хүмүүс их орж ирдэг. Бас наймаачид бөөндөж авна. Нэг
дор 100-1000 ширхэг оймс худалдаж авдаг юм” гэж ярив. Ц.Отгонбаяр “Бид анх нэг сонир­хол­той
судалгаа хийж байсан юм. Хятад оймсыг нэг хүн сард хоёрыг өмсдөг байсан. Сард хоёр
гэсэн тоог хоёр сая долоон зуун мянган хүнээр үржүү­лэ­хээр овоо тоо гарна. Сая
бид бас судалгаа хийлээ.  Манай оймсыг авсан
хүн өвөл, зундаа  гурав, дөрвөн оймстой байхад
л болчи­хож байна. Чанар нь сайн учраас эдэлгээ сайтай байгаа хэрэг л дээ” хэмээн
ярьж байлаа. “Янмал”, “Монгол оймс”, “Тод оймс”-ынхон нийлээд оймсны зах зээлийн
15  хувийг л хангадаг гэнэ. 

“Монгол оймс”-оос
гараад “Тод өнгө” үйлдвэр рүү явлаа.  Долоон
буудлаар уруудаад явахад таардаг “Макс” супермаркетын хажууд үйлдвэ­рээ байгуулжээ.
“Янмал”, “Монгол оймс”-оо бодвол цомхон юм. Гэхдээ оймс хийдэг бүх л процесс энд
явагдаж байна. Өнгөр­сөн жил байгуулагджээ. Үүдээр оронгуут нэрийн барааны дэлгүүр
угтлаа. Оймснууд нь нөгөө хоёроо­соо тод өнгө, хурц шийдэлтэй хээ хуар, зураг чимэглэлээрээ
ялгарч байв. Хүүхдийн оймс гэхэд мики маус, хүн аалз, бэтмэн гээд хүүхэл­дэйн киноны
төрөл бүрийн зураг­тай юм. Ийм зурагтай оймснуудыг ээж, аавууд хүүхдүүддээ их авдаг
гэнэ. Үнэ нь үйлдвэрийн үнээрээ боло­хоор тун боломжийн санагдав. За тэгээд “Мон­гол
оймс”, “Янмал”-ын нэрийн барааны дэлгүүрт өрөөс­тэй тэмээ, хонины ноос, ноолууран
оймснууд ч төрөл бүрээрээ өнгө алаглаж байна. Биднийг очиход жар эргэм насны  эмэгтэй оймс сонирхоод зогсч байв. “Монгол­чууд
маань сайхан юм хийдэг болжээ.  Эмээ нь үндэсний
үйлдвэ­рээ  дэмжье гэж бодож явдаг хүн. Сая
хажуугаар нь өнгөрч яваад хаягийг нь хараад ороод ирлээ. Хачин сайхан дэлгүүр юм”
гэж магтаад авав. Б.Мядаг гуай энэ хавьд амьдардаг гэнэ.  

“Тод оймс”-ынхон өдөрт
6000-7000 оймс хийдэг юм байна. Гучаад ажил­тан­тай, оймс сүлжих 19 машинтай гэнэ.
Индүүний тасагт ажилладаг С.Өлзийбаяр “Би өмнө өмнө нь хятад оймс аваад өмсчих­дөг
байсан л даа. Үйлдвэртээ ажилласнаас хойш монгол ойм­сон­доо дуртай болсон. Хамаатнуу­д­аа
хүртэл монгол оймс руу урвуул­сан. Наад зах нь чийг татахгүй, цоорохгүй, эдэлгээ
сайтай. Хоёр  хүүхдэдээ хэдийг аваад өгчихсөн,
одоо хүртэл өмсөөд л байна. Уг нь оймс тэсгээдэггүй нөхөд байгаа юм” гэж хэлээд
инээв. Загвараа өөрс­дөө ярьж байгаад гаргачихдаг гэнэ. Зарим үед долоо хоногт нэг
удаа  загвараа шинэчлэх тохиолдол ч гардаг
аж. Дунджаар сард нэг удаа оймсныхоо загварыг шинэчилдэг юм байна.  

Бидний орсон сүүлийн
газар маань Бэлхэд байрлах “Гэр” оймсны үйлд­вэр. Гурав, дөрвөн жилийн өмнөөс бий
болсон энэ брэнд өнгөрсөн хавраас үйлд­вэ­рээ барьж энд төвхнөжээ. Ойм­соо “Янмал”
үйлдвэрт захиалга өгч хийлгэдэг байж. Бэлхийн хуучин эцэст зам дагуу үйлдвэрээ барь­жээ.
Бид­нийг очиход үйлдвэрийн байшингийн­хаа гадна талын дулаал­гыг хийж байв. Хоёр
давхар тоосгон байшин дотор ажил ид өрнөж байна. Мөн л Солонгос технологиор үйлдвэрлэлээ
явуул­даг гэж байлаа. Үйлдвэрлэлийн процесс нь “Янмал”-тай адилхан юм. Оймсоо өөрөө
нэхээд, сүлжээд гаргаад ирдэг ухаалаг машин эд­нийд 19 байна. Ирэх хавраас өргөтгөл
хийж машиныхаа тоог 30 болгож нэмэх бодолтой байгаа гэнэ. “Гэр” оймсны үйлдвэрийн
захир­лыг Ж.Ганбат гэдэг юм байна. Хүргэн ахтайгаа нийлж энэ үйлдвэрийг байгуулжээ.

Үйлдвэрт нь ороход
ажилчид ид ажиллаж байв. Оймс сүлжих машины хажууд оймс эргүүлж зогсоо  охинтой ганц, хоёр үг солилоо. Оюунаа гэж өөрийгөө
танилцуулсан энэ охин эднийд ажилд ороод долоон сар болж байгаа гэнэ.  Оймс эргүүлэх ажил хийдэг юм байна. Индүүдэх ажил
дээр ч дөр суужээ.

 Ж.Ганбат “Манай компани оймс нэхдэг утсаа Солонгосоос
оруулж ирдэг. Саяхан Туркээс сунадаг утас оруулж ирсэн.  Хорь гаруй 
хүн ажиллуулж байна. Сардаа 90 мянган оймс гаргаж байна.  Нэг хүн сард ганц оймс авна гэж бодоход л Улаанбаатарт
сардаа сая оймсны хэрэглээ байна. Гэтэл одоо ажил­лаж байгаа дөрвөн үйлдвэр ний­лээд
нийт хэрэглээний 20 хувийг ч хангаж чадахгүй байгаа. Тийм болохоор үйл ажиллагаагаа
өргөт­гөж, компаниа томруулах бодол бий” гэж ярилаа. Компаниа том­руулъя гэхээр
зээл олдохгүйн зовлон байдаг болол­той. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн шугамаар
өнгөрсөн хавраас зээл хөөцөлдөж эхэлжээ. Санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар өнөөг
хүртэл шийдэгдээгүй байгаа аж.  Арилжааны
банкнаас зээл ава­хаар хүү өндөр байдаг гэнэ. “Гэр” оймсны үйлдвэр 240 сая төгрөгийг
жилийн 22 хувийн хүүтэйгээр банк­наас зээлжээ.

Үйлдвэрийн байрандаа
нэрийн барааны дэлгүүрээ нээжээ. Бэл­хийн­хэн сүүлийн үед эднийхээс үйлдвэ­рийн
үнээр нь оймс их авах болсон гэнэ. Гадуур 18 мянган төгрөгөөр зарагддаг ноосон оймс
энд 9000 төгрөгөөр зарагдаж байв. “Би аавдаа хайртай”, “Би ээждээ хайртай” гэсэн
бичигтэй оймснуудыг нь хүүхдүүд их авдаг гэнэ. Зарим аав, ээжүүд ийм бичиг­тэй оймснуудыг
өнгө ижилсүүлж аваад нэг хөлд нь аавдаа хайртай, нөгөө хөлд нь ээждээ хайртай гэсэн
бичигтэйг нь өмсүүлчихдэг гэж Ж.Ганбат сонирхуулав.

Эдний нэрийн барааны
дэл­гүүр аравдугаар хорооллын “ХААН” банкны  
эсрэг талд байдаг юм байна. Супер­мар­кетуудаар ч бүтээгдэхүүнээ бор­луул­даг
байна.   Өнөөдөр  Улаанбаа­тарт бидний үйл  ажиллагааг нь сур­вал­жилсан дөрвөн үйлдвэрээс
гадна  “Сод оймс” гэдэг үйлдвэр  Чингэлтэйд тав, зургаан сүлжигч машинтайгаар дөнгөж
байгуулагдаад байгаа гэсэн. Цаашдаа ч оймсны үйлдвэр байгуулах зах зээлийн орон
зай байгаа гэж оймс үйлдвэрлэгчид ярьж байлаа.

Ц.БААСАНСҮРЭН