Categories
редакцийн-нийтлэл

Шувуун фабрик-Нисэх чиглэлийн автозамын нээлт боллоо

Шувуун фабрик-Нисэх чиг­лэлийн
22.5 км автозамын нээлт боллоо. Тууз хайчлах ёслолд Га­даад харилцааны сайд Л.Болд,
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн автозамын
газрын дарга Д.Нанзаддорж, Нийс­лэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал
ха­риуцсан орлогч Н.Гантөмөр тэр­гүүтэй алба­ныхан оролцсон юм. Тус автозамыг “Тотал
Инж” ком­пани өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн улсын төсвийн хөрөнгө оруу­лалтаар
барьж эхэлсэн байна. Өчигдрийн байдлаар суурь хучил­таа бүрэн хийж гүйцэтгэн авто­замын
хөдөл­гөөнийг нээсэн юм. Төсөвт өртөг нь 3.2 тэрбум бөгөөд 15 тэрбум төг­рөгийг
нь энэ оны хөрөнгө оруу­лалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу бүтээн байгуу­лалтын
ажил хийгджээ. Харин ирэх онд үлдсэн 15.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэн,
өнгө хучилт, Био комбинат, Шувуун фабрик орчимд явган хүний зам, гэрэлтүүлэг болон
дугуйн зам зэрэг бүтээн байгуу­лалтын ажил нь үргэлжлэх аж.

Хан-Уул дүүргийн арвангурав­дугаар
хороо буюу бидний нэрлэж заншсанаар Шувуун фабрик болон Био комбинат орчимд ойрол­цоо­гоор
60 гаруй мянган иргэн оршин суудгаас гадна гахайн фемер, шувууны аж ахуй, газар
тариалан эрхлэгчид голлон суурьшсан бүс юм. Шинэчлэлийн Засгийн газраас тус хороог
Улаанбаатар хотын дагуул хот болгон хөгжүүлж, улмаар нийслэлчүүдийн хэрэглээний
мал амьтны гаралтай хүнсний бүтээг­дэхүүн, өргөн хэрэглээний хүнсний ногоо бэлтгэлийн
бүс болгохоор төлөвлөжээ. Харин хотын төвтэй хатуу хучилттай автозамаар хол­богдсон
нь Улаанбаатарын дагуул хот болгон хөгжүүлэх суурь ажлын эхлэл болохыг арвангуравдугаар
хорооны засаг дарга Э.Бүрэнтөгс онцолж байсан юм. 

Нийслэлийн автозамын газрын дарга
Д.Нанзаддорж “Нийслэлийн төсвөөс асфальт бетон хучилтын хөрөнгийг нь зээлээр олгуулж,
хучилтын ажлыг нь цаг алдалгүй хийлгүүлсний хүчинд эхний хэсэг нь ийнхүү өнөөдөр
ашиглалтад орж байна. Ирэх оны долдугаар сард зам зураг төслийнхөө дагуу бүрэн ашиглалтад
орно. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёроос гурван жил дамнуулан байж хийддэг
ажлыг хагас жилийн хугацаанд амжуулчихсанд нь ихээ­хэн олзуурхаж байна. Өөрөөр хэлбэл
хагас жилийн хугацаанд ес, зарим эргэлтэн дээр 14 хүртэлх метрийн өргөнтэй,
22.5 км замын суурь хучилтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэж байгаа нь манай үндэс­ний
бүтээн байгуулагч компаниу­дын хүчин чадлыг харуулсан хэрэг боллоо. Одоогоор 75
хувийн ажил нь бүрэн хийгдчихсэн” гэсэн юм.

Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбатын
хэлснээр зам тавигдахаас өмнө Шувуун фаб­рикаас хотын төв рүү хоёрхон автобусаар
иргэдэд үйлчилдэг байсан гэнэ. Энэ нь иргэд хэрэв автобуснаасаа хоцорвол дараа­гийн
нийтийн тээврийг иртэл хоё­роос гурван цаг хүлээдэг бай­сан байна. Харин шинэ зам
ашиглал­тад орсноор Шувуун фабрикаас хотын төв хүртэлх маршрутыг богиносгож, Нисэх
хүртэл явдаг болгожээ. Ингэснээр иргэд Шувуун фабрик, Нисэхийн чиглэлд 400 төгрөгөө
төлөөд хагас цаг тутамд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой болжээ. Энэ долоо
хоногийн хорооны хурлаараа автобусны шугамыг Нисэхээс цааш хотын төв рүү оруулах,
ажил, хичээл сургууль эхлэх болон тарах үеэр үйлчлэх автобусныхаа тоог нэмэгдүүлэх
эсэхийг шийдвэрлэх гэнэ.

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл
“Энэ жил нийслэлд 282 км зам тавьсан. Энэ нь урьд өмнө байгаа­гүй өндөр үзүүлэлт.
Бүтээн байгуу­лалт эрчимжихийн хэрээр авто­замын чанар, стандарт дээшилж байгаа.
Үүний нэгэн тод жишээ нь Нисэхээс Шувуун фабрик хүртэлх 22.5 км автозам. Өнөөдөр
(өчигдөр) бид суурь хучилттай хэвээр нь ашиглалтад оруулж, ирэх хавар өнгө хучилтыг
нь хийх хүртлэх хугацаанд эвдрэл гарсан тохиол­долд “Тотал инж” компани өөрийн хөрөнгөөр
засч, янзлах юм. Ингэж хагас жил гаруйн хугацаанд хүй­тэн, халууныг “тэсвэрлэж”,
эвдрэл гарсан хэсгийг нь засч янзалсан сайн суурин дээр өнгө хучилтаа хийвэл үнэхээр
чанартай зам болно. Одоогоор зам доогуурх зарим шугам хоолойн ажил хийг­дэж байгаа
болохоор замын зарим хэсгийн суурь хучилтыг сэтэлсэн.  Үүнийг харчихаад иргэд чанаргүй зам барилаа, энд
тэнд нь хагарч, сэтэрчихэж гэж эндүүрэх тохиол­дол гардаг. Шугам, хоолойг суури­луулчихаад
хэсэг хугацаанд суулт өгч, нягтаршсаных нь дараа хучил­тыг нь хийдэг” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Залуусыг манлайлагч

Монголын
залуучуудын хол­боо­ны дэргэдэх Хөдөлмөрийн төв биржийн захирал Болдбаатарын Эрдэнэбатыг
“Өдрийн зочин” булан­­даа урилаа. Залуу хүний цог жавхлан, дайчин эрэмгий чанар
нэвт шувт ханхлуулж, бүтээн цогц­лооно гэх эрмэлзлээр залуусаа түүчээлэн хошуучилдаг
эл эрхэм сүүлийн үед Монголын нийгэмд тодроод байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газрын
гол бодлого нь “Ажилтай, орлоготой монгол хүн”. Энэхүү гол тэнхлэгийн хүрээнд олон
ч иргэн ажил төрөлтэй болж улс орны амьдрал буцлахдаа буцалж, урагшилж давшилж,
хөг­жиж дэвшиж л байна. Б.Эрдэнэ­бат Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирлаар
ажиллаж эхэлснээр улс орны ирээдүй бол­сон залуусыг нэгэн дор зангидаж, эх орны
бүтээн байгуулалтад гар бие оролцуулж байгаа.

Өнгөрсөн
зун намрын саруудад “Оюутнууд хөдөө илгээлтээр явж байна, тэр тэр байгууллагад ца­линтай
ажилд шамдлаа, Оюутол­гойн бүтээн байгуулалттай танилц­лаа, Хэнтий, Төв аймгийн
сумдад хашаа хороо барьж байна” гэх мэдээллүүд өдөр бүр цацагдан, нөр их ажлын амтанд
орсон залуу­сын хөлс дуслах мөчүүд, улс орны­хоо хөгжилд гар бие оролцож яваа дүр
зураг нь ард иргэдэд хүрч, нас тогтож яваа эрхмүүд хуучин цагаа, залуу идэр насаа
дурсаж эхэлсэн нь нууц биш юмсан. Ухаандаа, тариан талбай дээр ажиллаж байсан цаг
үе нь бодогдож, ногоо хураалтаар явж байсан наяад оны намрын дурсамжууд нь сэдэрч
байсан болов уу. Үүнийг өгүүлсний учир Залуучуудын хөдөлмөрийн төв бирж одоогийн
байдлаар гурван мянга гаруй залуусыг ажлын байраар хангаж, Монголын залуу үе хөдөлгөөнд
орж эхэлснийг хэлэх гээд байна л даа.

Б.Эрдэнэбат
захирал “Хөдөө нутагт ажиллаж байгаа залуусаа эргэж очих шиг сайхан зүйл байдаг­гүй.
Тэдний эрч хүч, эрмэг зоримог байдал өөрийн эрхгүй дотоод сэтгэлд тийм гэж хэлэхийн
аргагүй хүч нэмэх шиг болдог. Дээр нь тухайн байгууллага болоод аймаг, сумдын удирдлагууд
залуусаар минь бахархаж, “Монголын төр засаг, залуучуудын байгууллага ийм л ажил
эртнээс хийх байсан юм аа” хэмээн өгүүлэхэд нь үнэн­дээ бахтай санагддаг аа” гэж
хэлж байна. Нээрээ чиг тийм шүү, залуу­чуудын байгуллага маань нэг хэсэг залуусаа
улс төрийн нам дагаж “золбин” байдалд оруулан ам­бийц­тай, хэнээрхэлтэй, зүгээр
нэг эх орон, ард түмэн минь хэмээх хий хоосон уриа лоозонгоор амьд­руу­лагч болгон
амьдаар нь булшилж орхисон тал бий. Харин өнөөдөр ажилтай, орлоготой ирээдүйн төлөө
ирмүүн хүсэл тэмүүлэлтэй болгож байна. Үүнд л эл өдрийн зочны маань үнэ цэнэ орших
ажгуу.

Тэрээр
нэг хэсэг нам мам гэж баахан давхисан гэж байгаа. Залуу хүний итгэл үнэмшлээрээ
Ардчил­сан намын гишүүн болж, улмаар Булган аймагт намынхаа Үндэсний зөвлөлдөх хороонд
нэр дэвшин манаргаж явсан удаатай гэнэ. “Их хурлын гишүүн асан Ямааранзын Эрхэмбаяртай
үзэж байлаа ш дээ” гээд инээж байсан. Намын гишүүний хувьд ч юм уу, ерөөс ажил төрлийн
шугамаар ч юм уу, бүү мэдээ, ямар чиг байсан хорин хэдхэн настай залуу Чин­гэлтэй
дүүргийн Нийгмийн даат­галын хэлтсийн орлогч даргаар томио­логдон ажиллаж байсан
байна. Ингээд тэрээр залуу хүн сурч бо­ловсрох нь хамгаас чухал гэдгийг ойлгоод,
их эрт намд орох нь хий хоосон хэнээрхэхээс хэтрэх­гүй, хэн нэгний гар хөл болж
л улс төрд гарч ирнэ гэдгийг мэдэрсэн учир гадаг­шаа сургуульд явжээ. Солонгост
төрийн захиргааны удирдлагын чиглэлээр суралцан, Монгол Улсын их сургуульд улс төр
суд­лалаар магистрын зэрэг хамгаал­сан дээрээ тулгуурлан харийн нутагт докторын
зэрэг хамгаалжээ. “Залуу идэрхэн насан­даа гадаг­шаа явж суралцах нь юунаас ч эрхэм
юм билээ. Хувь хүний үзэл бодол харийн нутагт маш өөрөөр төлөвшдөг юм билээ. Бид
чинь Монголдоо байх юм бол хэн нэгнээ үргэлж доош хийсэн, хий хоосон цэцэрхсэн хүмүүс
л байдаг юм билээ ш дээ. Тэгээд сурч болов­сорсон юм байхгүй, нэг л амбийц­тай улс
төр хөөсөн, төр засгаа муулсан хүмүүс байдаг юм билээ” гэж үнэхээр л гадагшаа явж
галуу шувууны мах идээд ирсэн боловс­ролтой хүний үгээр хэлж байсан даа. Болдбаатарын
Эрдэнэбат эхээс хоёулаа гэнэ. Айлын том хүү, дороо нэг эмэгтэй дүүтэй ажээ.
2005 онд Монгол Улсын Их сургуулийг газрын менежмэнтийн чиглэлээр төгссөн байна.
Оюутан байхын л нийгмийн идэвхтэй, аливаа асууд­лыг арай нэг өөр өнцгөөс хардаг,
үзэл бодолдоо тууштай, хэний ч өөдөөс үг хэлчихдэг хэгжүүхэн нөхөр байж. Их сургуулийн
Оюутан конгрессийн даргаар ажиллаж, мянга мянган оюутнуудын итгэлийг хүлээн, сарын
төсөв нь бас ч үгүй томоохон мөнгө дуулдаж байх үед, тийм л эрх мэдэлтэй байсныг
үе үеийн төгсөгч анд нар нь дурсдаг юм билээ.

Гадаадад
сургууль төгсч, док­торын зэрэг хамгаалаад ирсэн түүнийг Монголын залуучуудын холбоо
итгэл хүлээлгэн Хөдөл­мөрийн төв биржийнхээ захирлаар томилсны үр дүн нь одоогийн
байдлаар 3000 гаруй залуус ажилтай, орлоготой болоод буй­гаар хэмжигдэж байна.
“Гадаадад сурахын зэрэгцээ ажиллаж хэдэн төгрөг цааш хийсэн юм. Түүнээс төсвийн
байгууллагад ажиллаж байгаа ижий аав хоёроосоо юу царайчлах билээ дээ, Их сургууль
төгсгөөд өглөө. Гадаадад явуулаад өглөө, болоо биз дээ. Цааш хийсэн хэдэн төгрөгөөрөө
наймын хувийн зээлд хамрагдан байртай болоод авлаа” гээд бахархалтай хэлж байсан.
Ийм л нэг залуусын ман­лайл болсон эрхмийг “Өдрийн зочин”-доо урьсан юм. “Өнөөдөр
Төрийн ордонд “Ажилтай орлого­той-Монгол залуу” чуулга уулзалт эхлэх гээд амьсгаа
дээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Тамгын газрын дарга П.Цагаан
уншина, Ерөнхий сайд Хятадын айлчлалаа өндөрлөж ирээд шууд оролцоно” гэж хэлээд
зочин маань Залуучуудын холбоо­гоо зорьсон юм.

Н.ГАНТУЛГА  

Categories
редакцийн-нийтлэл

29-ний өдөр “хоосон хэтэвч”-тэй очсон ч хонины махтай харина

Нийслэлийн 374 жи­лийн ойн баяраар
“Их хотын зад хямрал” нэр­тэй өргөт­гө­сөн худал­даа хот даяар зохион байгуу­лагдах
юм. Энэ талаар Нийслэлийн за­хираг­чийн ажлын алба­ны Хүнс худалдаа үйл­чил­гээний
хэлтсийн дарга О.Нарантуяа­гаас тод­рууллаа.

-Нийслэлийн өдөрт зориулж зад хямдрал­тай
худалдааг зохион байгуулна гэсэн. Худал­даанд хичнээн аж ахуйн нэгж оролцож, хэдэн
нэр төрлийн ба­рааг хэдэн хувийн хямд­ралтайгаар худалдах вэ?

-Нийслэлийн 374 жил­ийн ойн өдрийг манай нийслэлийн Засаг дар­гын
тамгын газар, Захи­рагчийн ажлын албанаас тэмдэглэхээр нэлээд олон ажлыг төлөвлөөд
явж байна. Өмнө нь нийс­лэлийн баярын өдрүүдэд зөвхөн төр захиргааны байгууллага,
харьяа агент­­лагийн хүмүүс баяр ёслол хийж, бие биедээ шагнал урамшуулал  гар­дуулж, хурал цуглаанд оролцох гэх мэтээр энэ
өдрийг өнгөрүүлдэг бай­сан. Энэ жилийн хувьд Нийслэлийн Засаг дар­гын санаа­чилгаар
иргэд­дээ ханд­сан үйлчилгээ явуулах нь зүйтэй гэж үзээд Нийс­лэлийн баяраар  Их хотын хямд­рал арга хэм­жээг зохион байгуула­хаар
томоохон аж ахуйн нэгж байгуул­лагуудыг уриалж уулзалт хийсэн.

Энэ дээр 50 гаруй аж ахуйн нэгж Нийслэлийн
Засаг даргын уриал­гыг хүлээн авч дэмжээд их хотын хямдрал худалдаанд оролцохоор
болсон. Их хотын хямдрал худал­даа аравдугаар сарын 29-нд 11.00 -19.00 цагийн хооронд
Чингэсийн талбайд болон нийслэлийн зур­гаан дүүргийн томоохон талбайд зохион байгуулна.

-Дүүргүүд дээр яг хаана хаана зохион
байгуулагдах вэ?

-Чингэсийн талбай дээр 11.00 цагт
эхэлнэ. Засаг дарга 12.40 цагт Их хотын хямдралын өдрийн нээл­тийг хийж, цамба өргөнө.
Мөн дүүргүүдийн Засаг дарга нар дүү­рэг дээрээ 13.00 цагт нээлтээ хийнэ. Хан-Уул
дүүр­гийн Засаг даргын тамгын газар “Яармаг” худалдааны төвд хямд­ралтай ху­дал­дааг
зохион байгуулна. Сүх­баа­тар дүүрэг XV хорооны өмнөх талбай дээр, Сон­гино­хайрхан
дүүрэг VI хороо, “Дүүхээ” төвийн урд талын талбай дээр, Баянгол дүүрэг XV хороо,
Энэбишийн гудам­жинд, Чингэлтэй дүүрэг XII хороо, “Нарантуул” худал­дааны төвийн
өмнөх талбай дээр, Баян­зүрх дүүрэг Жуковын талбай дээр зохион байгуулна. Нийтдээ
нийслэлд долоон газар хямдрал­тай худалдаа явагдана.

-Томоохон дэлгүүрүүд хямд­рал зарлах
уу?

-Томоохон сүлжээ дэлгүүр, албан газар
үйлдвэрүүд ажлын байран дээрээ хямдралтай худал­дааг зохион байгуулъя гэсэн. “Боса”
374 жилийн ойг тохиолдуу­лаад 374 нэр төрлийн бүтээг­дэхүүндээ 5-20 хувь хүртэлх
хямд­ралыг сүлжээ дэлгүүрүүдээр явуулна. “Миний дэлгүүр”, “Номин” дэлгүүрүүд мөн
хямдралтай худал­даа явуулна гэсэн. “Номин стан­дарт” барилгын материалын агуу­лах
чөлөөлөх худалдааг зохион байгуулна. “Таван богд” бараа бүтээгдэхүүнээ мөн 5-20
хувь хүр­тэл хямдруулна. “Мах маркет”, “Саян-Уул” компани нэлээд том арга хэмжээ
зохион байгуулж байна. “Мах маркет” 50 тонн мах махан бүтээгдэхүүнийг 30 хувийн
хямдралтайгаар дээр хэлсэн долоон талбай дээр худалдана. “Саян-Уул” 30 тонн махыг
30 хувийн хямдралтайгаар худалдана. Нийс­лэлийн баярын өдрөөр 20 мянган толгой малыг
нядалж нийслэлийн хөдөлмөрчдөд хямдралтай үнээр худалдахаар бэлэг барьж байна.  Ер нь нийслэлийн махны хангамж нэг өдөрт айл өрхийн
хэрэглээ нь 80 тонн байдаг. Хоолны газар рестораны хэрэглээтэйгээ нийлээд 120 тонн
болдог. Тэгэхээр нэг өдрийн нийслэлийн махны хэрэг­лээ 30 хувиар хямдарч нийслэлийн
иргэддээ бэлэг барьж байна.

-Бэлэн хувцасны хямдрал­тай худалдаа
болох уу?

-Ноос ноолуурын холбоо, Арьс ширний
холбоод энэ хямдралтай худалдааг дэмжиж олон ажил хий­хээр төлөвлөөд байна. Энэ
талбай дээр ноос ноолууран зарим нэг бараа бүтээгдэхүүн 30-70 хувь хүртэл хямдарна
гэж байна. Зарим нэг аж ахуйн нэгжүүд 15 мянган төгрөгөөр зардаг нэхий бээлийг
10 мянган төгрөг болж хямдруулна гэсэн. Ноолууран хувцас, барааны чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд ажлынхаа байр, сүл­жээ дэлгүүртээ “Их хотын хямдрал”
гэсэн лого зүүж байгаад хямдрал үзүүлэхээр бэлдсэн байна. Мөн “Nomads” хоолны газар
10-15 хувиар хоолны үнийг бууруулна.  Мөн
аж ахуйн нэгжүүд өөрсдөө санал санаачилга гаргаж төрөл бүрийн арга хэмжээг зохион
байгуу­лахаар төлөвлөөд байна. Жишээлбэл, “Макс групп” өнчин, асрамжийн газрын хүүхдүүдэд
бэлэг барина. Нэг хүүхдэд 500 мянган төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээж өгнө гэсэн.
ТҮК-ийн ажилчдад 300 гаруй бельги, Дарханы нэхий дээл, нэхий эдлэл бэлэглэнэ. Мөн
“Их хотын азтан” сугалааг зохион байгуулна. Загварын шоу болно. АПУ компани асар
майхнаар дэмжиж байгаа зэргээр  аж ахуйн нэгжүүд
чин сэтгэлээсээ энэ арга хэмжээнд ач холбогдол өгч оролцож байна.

-Хямдралын өдрийг цаашдаа зохион
байгуулах уу?

-Их хотын хямдралын өдрийг ганцхан
энэ жил биш уламжлал болгон тэмдэглэмээр байна. Жил болгоны нийслэлийнхээ өдрийг
энэ маягаар зохион байгуулдаг болооч. Хоёр гурван өдөр зохион байгуулдаг болооч  гэсэн саналууд ирж байна. Европын орнуудад их
хямдралтай өдрийг улс даяараа, хот даяараа дэмжиж зохион бай­гуулдаг. Хойтон жил
их хямдралын өдрийг бүр боловсронгуй болгож зохион бай­гуу­лаач гэсэн санал санаачилга
гаргаж байна л даа.

-Хямдрал хэр бодитой байх вэ. Энэ
дээр хяналт тавих уу?

-Хямдрал үнэхээр бодитой бол­но. Нийслэлийн
баяраар зохион байгуулж, нэгэнт ийм өргөн хүрээ­тэй ажил хийж байгаа учраас хямд­рал
бодитой байна гэдэгт итгэх хэрэгтэй. Тиймээс иргэд тэр дундаа захын гэр хорооллын
иргэд маань Их хотын хямдралд өргө­нөөр оролцож, өвлийнхөө бэлт­гэлийг базаагаад
аваасай гэж хүсч байна. Энэ утгаараа гэр хороол­луудаар хямдрал болох тухай зарлал,
урилгыг тараах гэж байгаа юм.

-Их хэмжээний мах зарна гэсэн.
Энэ махыг хаанаас оруулж ирж худалдах гэж байна вэ?

-“Саян-Уул” компани махны хоёр үйлдвэртэй.
Үйлдвэр­лэ­лийн­хээ аргаар өөрсдөө бэлдээд нийс­лэлийнхээ иргэдэд бэлэг барьж байгаа
юм.

-Чингэсийн талбай дээр хич­нээн
нэр төрлийн бараа хямдрал­тайгаар худалдах бол?

-Хямдралд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож,
өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдана. Зарим нь хоёроос гурван
асар майханд бараа бүтээг­дэхүүнээ худалдах юм. “BSB” сер­вис цахилгаан бараа, компью­терийн
худалдааг хоёр асраар 2-32 хувийн хямдралтайгаар зохион байгуулна. “Таван богд”
ам арчил­гааны зөвлөгөө өгөх, бүх бараа 10 хувь хямдарч гурван төрлийн бү­тээг­дэхүүн
авахад 50 хувь хямдар­на. “Дэвшил трейд” шинэ ургацын өргөст хэмх, улаан лооль  20 хувь, “Сүү” хувьцаат компани брэндийн бүтээгдэхүүнээ
үйлдвэрийнх нь үнээр өгч, мөн нийслэлийн азтанг тодруулна. “Хүчит шонхор” зах шинэ
махны хямдралтай худалдааг зохион байгуулна. Үсчин гоо сай­ханчдын холбооноос үс
арчилгаа, үс уналтын оношлогоог хийх, нэр бүхий салоноор 15-25 хувийн хямдралтай
үйлчлүүлэх эрх өгөх зэрэг арга хэмжээг Чингэсийн талбайд зохион байгуулна. Мөн ноос
ноолуур, гутал хувцасны 20  гаруй дотоодын
компани оролцох юм.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Өлзий-Орших: Цаг нь болохоор гитараа орхиод тайзнаас чимээгүй холдоно

Гитарчин, ая зо­хиогч Д.Өлзий-Орших
буюу Өөжгийтэй ярилц­­лаа. Тэрээр ирэх сарын 1, 2-нд “Best of Өөжгий”  тоглолтоо хийх гэж байгаа юм. Ингээд түүний ярицла­гыг
хүргэе.

-Тоглолт болоход хэд­хэн хоног
үлдлээ. Бэлтгэл хангагдчихсан уу?

-Хамтлаг, дуучидтай­гаа бэлтгэл хийгээд
зав­гүй л байна. Хамаг сэтгэл санаа зөвхөн тоглолт руу явчихсан. Долоо хоно­гийн
даваа гаригаас эх­лээд хамтлаг, дуучидтай­гаа хуваарь гаргачихсан үзээд л байна.
Мэдээж энэ тоглолт маань миний мөрөөдлийн нэг хэсэг учраас их ач холбогдол өгч,
багагүй сандарч байна.

-Таны тоглолтод хич­нээн уран бүтээл­чид
оролцох вэ. Зөвхөн  тоглолтод зориулж нэ­лээд
хэдэн шинэ уран бүтээл хийж байгаа гэж сонссон?

-Өөрийг тань ирэхээс өмнө поп дива,
МУГЖ Ж.Алтанцэцэгийн шинэ дуун дээр ажиллаж бай­лаа. Поп дивагийн маань шинэ цомогт
багтах, мөн миний тоглолт дээр дуу­лагдах дуу юм. Хэд хэдэн хуучны сайхан дууг гитар
дээр хөрвүүлж тоглоно. Ер нь “Best of Өөжгий” тоглолт манай рок, попын сор болсон
олон сайхан уран бүтээлчид оролцо­но.

-Таныг номер нэг ги­тар­­чин гэдэг.
Тэгэхээр рок попын “акул”-даа орох байх. Ер нь “акул” гэгддэг уран бүтээлч­дийн
тоглолт хэр зард­лаар босдог юм бэ. Таныг тоглолтоо хий­хийн тулд байраа барь­цаалсан
гэсэн яриа бай­на лээ?

-Ёстой тийм юм байх­гүй шүү. Би тэгж
барьцаа­лаад байх хөрөнгөтэй ч хүн биш. Яахав Монгол­доо нэр хүндтэй гэгддэг  хамтлаг, дуучдын тоглолт хамгийн ихдээ 50 сая
төг­рөгт босдог гэдэг л юм. Миний хувьд 1990 оноос хойш Монголын рок попын ихэнх
уран бүтээл­чидтэй хамтарч ажилла­сан. Тиймээс энэ урла­гийн олон сайхан нөх­дийнхөө
буянаар болчих байх.

Миний хувьд өөртөө тийм үнэлгээ өгөх
утгагүй. Харин би хамгийн шил­дэг гитарчин гэвэл  гитар­чин Дэмчигдоржийн Гал­сан­бат гэж хэлж чадна.
Харамсалтай өнөөдөр энэ эрхэм бидний дунд амьд сэрүүн байхгүй хэдий ч ард түмэн
надтай санал нийлэх байх. Да­раа нь “Харанга” хамт­лагийн гитарчин Ц.Энхман­лай
байна.

-“Соёмбо” хамтла­гаас анх гараагаа
эхэлж байсан байх аа. Та чинь “Никитон”, “Харанга” гээд жинхэнэ амьд хөгж­мийн анхдагчууд­тай
нэг тайзан дээр гарч явсан хүн шүү дээ?

-Үнэхээр л өнгөрсөн 20 жилийн хугацаанд
Мон­голын рок попын амьд домгуудтай хамт нэгэн тайз­наа тоглож, рок попын ертөнцөд
амьдра­лаа холбосон. Учрах ёс­той хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулзана гэдэг
шиг Өөжгий гитар­тай учрах ёстой болоод л өнөөг хүртэл гитараас салаагүй байх. Уг
нь би гитарчин болно гэж бод­дог­гүй байсан. Арван жилээ 24 дүгээр сур­гуульд дүүргэсэн
юм. Зур­га­­ду­гаар анги төгстөлөө хичээлдээ бусдаасаа та­сар­хай онц сурдаг бай­лаа.
Гэхдээ тооны хи­чээлд тийм ч дуртай бай­гаагүй. Геометрийн хи­чээлд нөхцөлгүй дуртай.
Бас уран зохиол түүхийн хичээлд сонир­холтой. Ямар сайндаа ээж на­майг МУИС-ийн
түүх юм уу,  хуулийн ангид ор гээд конкурстсан
чинь үсэр­чих­сэн. Тэр үед чинь хэр­вээ элсэлтийн шалгалтад уна­сан л бол дараа
жи­лийн шалгал­тыг хүлээ­хээс өөр аргагүй. Тэгээд л энэ хугацаанд хийх юм олдохгүй
“Соёмбо” хамт­лагт гитарчинаар ороод л юун сурах манатай, өн­гөр­­сөн. “Соёл-Эрдэнэ”
хамтлагийн гитарчин Д.Гал­­санбат надад гита­рыг мэргэжлийн түвшинд яаж сура­х­ыг
зааж өгсөн. Гитараа бариад л “Ха­ранга”, “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Никитон”, “Хурд”
зэрэг хамтлагууд хаана л явна би тэнд л явна. Тийм л хоббитой байлаа ш дээ.
-Эцэг, эхээ танилцуулахгүй юу. Гитарчин Өөжгий
л гэхээс аав, ээжийг тань тэр болгон мэдэхгүй юм байна?

-Миний аав насаараа цэргийн байгууллагад
ажилласан. Аав маань бурхан болоод нэлээд хэдэн жил болж байна. Харин ээж худал­дааны
байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо миний хүүг өсгөж байгаа буянтай
хүн бий. Би хүү, охин хоёртой. Эхнэр маань бүжигчин бүсгүй.

-Тэр үед гитар моодонд ороод яалт
ч үгүй гитарчин болов уу. Өөр хүчин үйл нөлөөлсөн үү?

-Угаасаа ганц тоглодог нь гитар. Намайг
арван жилийн сурагч бай­хад гитаргүй, хамтлаггүй орц гэж байхгүй. Манайх 40 мянгатын
байранд амьдардаг байсан юм. Болсон болоогүй бүгд л банзан гитар балбана. Би тэдний
л нэг. Гитар бол хамгийн амархан хөг­жим. Гитар тоглолоо гээд хажуу айл хана нүдэхгүй,
хаана ч аваад явахад авсаархан.

-Яагаад заавал орцонд гитар тоглодог
байсан юм?

-Орцонд орон зай ихтэй. Гитар тоглоод
дуулахад цуурайтаад  их гоё сонсогддог байсан
байхгүй юу.  Галсанбат, Энхманлай, Батчулуун
ах нарыг чинь жинхэнэ  шүтнэ. Тэдний дууг
дуулна. Дуурайж хувцаслана шүү дээ.

-Хаянхярваа гуайд зэмлүү­лээд тайзнаас
хөөгдөж байсан гэдэг юм билээ. Тэр хэдэн онд юм бэ. Тухайн юу болсон юм?

-1984 онд “Солонго” хамтлагт
байхад Батболд багш бидэнд хамтлаг чухам ямар байх ёстойг их зааж, зөвлөгөө өгдөг
байсан. 1987 онд байх аа нийслэлийн аварга хамт­лаг шалгаруудах тэмцээн болсон юм.  Тэмцээн болохыг сонсоод хөгжим сонирхдог гэсэн
баахан хүүхдүүд нийлээд хамтлаг бай­гуул­лаад авлаа. “Номин” хамтлагийн дуучин Раваа
агсан бөмбөрчнөөр, дуучин нь “Элькондор”-ын Цогоо, манай Томоо гээд найз, би басс
гитарчин гээд бараг долоо, наймуу­лаа хөлбөмбөгийн баг аятай  хамт­лаг байгуулаад өнөөх тэмцээнд орчихсон. Тухайн
үед  тайзан дээр “The Beatles” хамтлагийн
“Let it be” гээд дуулсан. Дараа нь “Сэтгэмж” гэж дуугаа дууллаа. Тэгсэн шүүг­чээр
сууж байсан Хаянхярваа гуай “Одоо болно. Та нар ор” гээд хөөгдөөд тайзнаас бууж
байсан.

-Юунаас болоод загнуулсан юм бэ?

-Яахав тэр үеийн хамтлагууд нэгэн
жигд ёслолын хувцастай тайзан дээр гардаг байсан юм. Гэтэл бид нар  ноосон цамц, жин­сэн өмдтэй тайзан дээр гарчихгүй
юу. Уг нь ижилсээд их дэгжин, ганган харагдаж байгаа нь тэр. Тэгсэн хөрөнгөтний
хоригдлуудын хувцас өмссөн нөхдүүд гээд загнуулдаг байгаа.

-МУГЖ Сарантуяагийн “Хай­рын бурхан”
дууны ая таных. Одоо ч хүмүүс амандаа аялсан хэвээрээ. Энэ дуу хэрхэн төрсөн юм
бэ?

-1996 онд. Нэг өдөр Ү.Хүрэл­баа­тар
найрагч надад нэг шүлэг өгөөд энэнд сайхан ая хийчих гээд. Тэгээд нөгөө шүлэг миний
халаас, гэрт нэлээд олон хонолоо. Тэгсэн дуу­чин МУГЖ Сарантуяа Сингапур явж шинэ
цомгоо бичүүлэх гэж байгаа гэдгээ хүнээр хэлүүлсэн байсан. Нэг хэсэг манайхан чинь
CD-гээ Сингапурт бичүүлдэг мод дэлгэр­чих­сэн байлаа ш дээ. Тэгээд би шөнөжин суугаад
ая бичлээ. Бич­сэн аяа өөрийнхөө муу жижиг магнитфондоо бичээд сонссон чинь тийм
ч муугүй шүү. Тэгэхээр нь гитараа үүрээд Сараагийнх руу гараад шидчихлээ. Ирээд
Сараад сонсгосон чинь таалагдсан. “Хай­рын бурхан” ингэж л төрсөн. Клип­ний эхэнд
бид хоёр “За гоё болж” гээд гарцгаадаг хэсэг байдаг ш дээ. Тэр чинь Сараагийн гэрт
байхгүй юу. Гэхдээ клип нь дуунаасаа жилийн дараа цацагдсан санагдаж байна.

-Тэр жил “Пентатоник” наад­маас
шагнал авсан  байх аа?

-Олонд хүрсэн их сайхан уран бүтээл
болсон. “Хайрын бурхан” дуугаараа Сараа шилдэг дуучин, би шилдэг ая зохиогч шагнал
авч байсан.

-Ер нь таны дуунууд тухайн дуучиндаа
их тохирсон санагд­даг. МУГЖ Ариунаа дуулдаг “Чи минь”, “Номин талст” хамтла­гийн
“Дурлаж бичсэн шүлэг” зэрэг сайхан дуунууд бий. Гэх­дээ таныг ийм ая байна гээд
бариад явдаггүй, уран бүтээл­чид таныг зорьдог гэдэг?

-Ер нь бол уран бүтээлийг цаг, минут
тутамд үйлдвэрлэнэ гэж байхгүй. Би үүнийг анхаарч ажил­ла­даг. Миний энэ дууг дуулаад
өгөөч гэж гуйж байсан тохиолдол ховор. Манай урлагийн хамт олон ихэнхдээ найзад
нь ийм шүлэг байна, тийм санаа байна гээд ирдэг. Тухайн хамтлаг, дуучинд ямар байвал
тохирох бол гэж их бодож байгаад уран бүтээл төрдөг. Уран бүтээлчид нь зориулж,
сэтгэл гаргаж хийсэн бүтээл л олонд их хүрдэг юм шиг санагддаг. Гэхдээ зарим дуу
үнэндээ зовж төрөх тохиолдол бий.

-Жишээлбэл?

-МУГЖ Т.Ариунаагийн дуулдаг “Харуусал
харамсал” дуунд ая хийх гэж зовсон. Би өөрөө тийм өөдрөг, гуниг гутрах ер нь дургүй
хүн. Гэтэл тэр дуу их гунигтай дуу. Би бүр хүчээр янз бүрийн юм бодож гуниж байж
ая хийсэн. Тухайн үед юу бодсон юм бүү мэд, шөнөжин л гунигтай байдалтай байхыг
хичээж билээ (инээв). Миний дуунууд гэгээлэг, хайр дурлалын сэдэвтэй байдаг шүү.
Тэгэхгүй бол хар бараан нийгэмд  уран бүтээлчид
нь хүртэл болохгүй, бүтэхгүй байна гээд байвал ард түмэнд уйтгартай байх болно ш
дээ. Анх дуу зохиоход хамгийн их түлхэц болсон нь манай “Хөх тэнгэр” хамтлаг байлаа.
Хөгж­мийн зохиолч “Хоовон” Энхбаяр, “Сахал” Пүүжээ ах, “Никитон”-ы Баачка. Мөн
“Титэм” хамтлагийн Оогий, Тайвнаа хоёр. Энэ удаа­гийн тоглолтод “Титэм”, “Хөх тэнгэр”
хамтлаг тоглоно.

-Таны үед дуунд хориг тавь­даг
байв уу. Тухайн үед улс төрийн сэдэвтэй дуу дуулахгүй гэдэг ч юм уу?

-1989 оноос хойш дуунд айхтар хориг
тавихаа больсон. Уран бүтээ­лийн хориг тавих нь нэг бодлын зөв, нөгөө талаасаа буруу
байсан гэж боддог. Хориг тавьснаар ая ерөө­сөө давхцаж байгаагүй. Харин өнөөдөр
нэг нэгнээсээ хуулж хуул­даг болж. Тухайн үед дууны үгт хувьсгал хийсэн хамтлаг
бол “Хонх” хамтлаг.  “Би ажилгүй хүн”, “Хонхны
дуу биднийг сэрээнэ”, “Рашаантын 18” гээд тухайн нийгэмд хэзээ ч дуулагдаж байгаагүй
тэр нийгмийн эмзэг сэдвийг хөндөн өөрөөр хэл­бэл “Хонхны дуу”-гаараа хувьсгал хийж
чадсан. Тэдний гаргасан замаар бүх хамтлагууд явж эхэл­сэн. Харин өнөөдөр монголын
рок попд жаахан ч гэсэн цензур бай­маар санагддаг. Тэгж байж л 1990 оных шиг дахин
давтагдашгүй, чанартай уран бүтээл төрнө. Харин чадалтай уран бүтээлчдийг урлаг,
цаг хугацаа өөрөө шалгуур болж өгдөг. “Харанга”, “Никитон”, “Хурд”, Т.Ариунаа, Сарантуяа,
Наран гээд монголын рок попын ертөнцөд хаад, хатад шиг явж ирсэн хүмүүс байна ш
дээ. Гэтэл адилхан урлагт хөл тавьчихаад замаасаа сураггүй алга болсон нөхдүүд ч
байна.

-Та 2003 оноос урла­гаас хөндийрсөн.
Тайзаа орхихоор шийдэж байсан юм уу?

-Миний үндсэн ажил гитар тоглох. Гитараа
ямар үед би орхих вэ гэхээр магадгүй цаг үе надад тэртэй тэргүй одоо чиний үе дуусч
гээд хэлээд өгнө. Тэр үед л би гитараа орхиод, тайзнаас чимээгүй холдоно. Тэрнээс
би ямар бөх биш одоо Өөжгий зодог тайллаа гэлтэй биш. 2003 онд хэсэгтээ уран бүтээл
хийгээгүй нь үнэн. Уран бүтээл хийх ямар ч урамгүй болсон.

-Яагаад?

-Нэг хэсэг рок поп уруудаж, нийтийн
дуу гээч том төрөл хүч түрж орж ирсэн. Хүмүүс рок поп, амьд хөгжмийг сонсохоо больсон.
Одоо харин огт өөр. Сая гаруй хүнтэй нийслэлийн хөгжилд рок, поп хөгжим заавал байх
ёстой юм болов уу. Манай рок попынхон ч уран бүтээл эрчимтэй хийж байна. Би ч гэсэн
энэ давалгаанаас хоц­рох­гүйг хичээж хэд хэдэн дуу бич­лээ. Ерөнхийдөө шинэ залуу
хамт­лаг дуучид надад маш их санал тавьдаг. Тэр бүр зав чөлөө олддог­гүй. Одоо харин
энэ тал дээр ан­хаарч ажиллана гэж бодож байгаа. Саяхан би “Номин талст”-ын “15
жил” гээд том төсөл дээр ажилла­лаа. Шинэ СD үнэхээр гоё болсон гэж бодож байна.
Удахгүй цомгийн нээлт хийх байх. Хэд хэдэн шинэ дуу багтсан. МУГЖ Ж.Алтанцэцэ­гийн
шинэ цомог дээр ажиллаж байна. Бас “Гурван охин” хамтлаг­тай хамтарч ажиллаж байна.
Тайз­ны арын эгнээний ажил бол маш чухал. Продюсер гэдэг бол өнөө­дөр маш эрэлттэй
болоод байна. Тэгэхээр 20 жилийнхээ үр дүнг одоо л гаргах хэрэгтэй биз дээ.

-Уран бүтээлээс хэсэг хөн­дий­рөхдөө
юу хийж байсан юм?

-Бааранд тоглож байсан. “Ники­тон”,
“Шар айраг”-тайгаа хамт бааранд л тоглож байлаа. Угаасаа найз нөхөддөө туслаад бизнес
хөөе гэвч надад тийм авьяас байх­гүй юм байх биш.

-Бааранд тоглоод хэдэн төг­рөг
авах уу?

-Ямар ч байсан бинзен, там­хины мөнгөө
болгоод л байдаг байсан.

-Таныг сүүлд 36 мянган ам.дол­лароор
гэдэсгүй их үнэтэй гитар авсан гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Худлаа. Надад тийм үнэтэй гитар авдаг
хөрөнгө ч байхгүй. Яахав арваад гитар бол бий. Хамгийн үнэтэй гитар дунджаар
3200 ам.доллар л байдаг ш дээ.

-Танд нэг алдартай ногоон гитар
байдаг байх аа. Ногоон өнгөтэй?

-Тэр ногоон гитар надад гом­дож, уур
нь хүрдэг байх. Энэ олон жил барилаа гэж. Дээрээс нь хачин ногоон өнгөөр будаад
гээд. Тэрийг анх гоё санагдаад фосфортдог ногоон өнгөөр будчихсан юм. Тай­зан дээр
цагаан гэрэл тусахаар ногоон будаг нь гэрэлтээд янзтай харагдана.  

-Дуучин Сэрчмааг Өвөрмон­гол нөхөртэй
нь таныг танил­цуул­сан гэдэг. Үнэн юм уу?

-Уг нь Сэрчмаа намайг 2009 онд Өвөрмонголд
болсон тоглол­тынхоо гитарчнаар аваачсан юм. Тэгэхэд нөхөртэйгөө намайг танил­цуул­сан.
Тэгсэн харин би айл гэр болгоод эргээд салгасан буруутан болчихсон л байна лээ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Мөнхбат: Би итгэл үнэмшлийнхээ төлөө тууштай зогсоно

МАН-ын нарийн бич­гийн дарга Ж.Мөнх­бат­тай ярилцлаа.

-Яриагаа таны Э.Бат-Үүл даргад бич­сэн ил захидлаас
эх­лэх үү. Яагаад ийм за­хиа бичих болов. С.Эр­дэнээ гуайн Н.Энхбаярт бичсэн шиг
хийцтэй юм билээ?

-Би Э.Бат-Үүл гэдэг хүнийг Монголын шилдэг сэхээтний
удам угсаа, ардчиллын дүр төрх гэж ойлгож хүндэтгэдэг бай­сан юм. Харамсалтай нь
хотын дарга болсноосоо хойш хийж буй үйлдлүү­дээрээ нөгөө их яриад байдаг ардчиллынхаа
үнэ цэнийг үгүйсгээд бай­гаа болохоор сэтгэл дун­дуурхан байдаг болсон. Хотын газар,
барилгын тендерийг төрсөн хүү­гийн­хээ ком­панид өрсөл­дөөнгүйгээр олгосон жи­шээг
хүн бүхэн мэдэж байгаа. Монголын мун­даг том зохиолчийн гэрт төрж, соёл урлагийн
үнэ цэнийг мэдэрч өссөн ат­лаа соёлын өв, урлагийн бүтээл, уран бүтээлчийн сэтгэлгээний
эрх чөлөө рүү эрээ цээргүй халдаж байгааг нь хараад урам хугарсан. Д.Нацагдор­жийн
ч байна уу, Д.Сүх­баатарын ч байна уу хө­шөө дурсгал гэдэг өөрөө урлагийн бүтээл.
Нөгөө талаасаа тухайн цаг үеийн­хээ үнэ цэн болж үлдсэн байдаг. Юм л бол буулгана,
нураана гэж түүх рүүгээ нулимж болох­гүй. 1921 онд ардын хувьс­гал хийж, улс орноо
тусгаар тогтнуулж, сэргэн мандуулж, босгож ирсэн өвөг дээдэс байгаагүй бол  өнөөдөр Э.Бат-Үүл хотын дарга, улсын баатар гэж
цээжээ дэлдэхгүй байсан нь тодорхой. Хөшөөг нь буулгаж, талбайг нь өөр­чилж болно.
Харин ард түмний зүрх сэтгэлд сүн­дэрлэсэн 
хөшөөг хэзээ ч нурааж чадахгүй л байх­гүй юу. Энэ хоёр хүний гавьяаг ганц
хөшөө, алга дарам газраар үнэлэхгүй шүү  дээ.
Түүх түүхээрээ, үнэн үнэнээрээ л үлдэнэ. Ингэж ард түмний үнэт зүйлийн эсрэг юм
хийгээд байгаа болохоор хотын дарга гэдэг хүний үнэ цэн ч өөрөө унаж байна.

-Ер нь сүүлийн үед юм л бол буулгана ну­раа­на,
барина хорино гэдэг болчихсон юм биш үү?

-Өнгөрсөн рүүгээ ну­лимж, өрсөлдөгчөө хэл­мэг­дүүлж,
өөрсдийгөө дөвийлгөхийг би ардчи­лал гэж бодохгүй байна. “Шинэ баян цээж өвчтэй”
гэдэг шиг баахан л дураа­раа дургиж байна даа, энэ эрх баригчид. Баян айлын эрхийн
тэнэг хүү эцгийнхээ буян дээр  тон­го­чиж
тонгочиж, алдсан хойноо тархиа шаадаг шиг юм болох вий л гэж бодох юм. Барина хори­но,
хална солино, хураа­на нураана л гэдэг болж. Ардчилал гэдэг чинь айдас, дарамт хоёр
юм болов уу гэж бодогдож эхэллээ шүү.

-Шинэчлэлийн Зас­гийн газар чинь шинэч­лэл хийгээд
байна гэж ярьж байгаа шүү дээ?

-Аливаа юм шинэчлэг­дэлгүй яахав. Шинэчлэл гэдэг
чинь угаасаа цаг хугацааны асуудал. Хүн ч гэсэн хуучин хүрмээ сольж шинэчилдэг л
биз дээ. Гэхдээ ядарсан орло­готой зүдэрсэн ардынхаа цалин тэтгэврийг нэмэх­гүй
хэрнээ халаасыг нь хоосолж, өч төчнөөн тат­вараар дарахыг шинэч­лэл гэдэггүй байх
аа. Хуруу хумсаа хуйхалж олсон хэдэн төгрөг нь мөнгө биш цаас болохыг, ах дүүс,
хүргэн базаа төрийн өндөр албанд томилж төсвийн мөнгө халааслахыг, бонд нэр­тэй
өр тавьчихаад хувийн­хаа компаниудад хувааж өгөхийг  шинэчлэл гэдэг­гүй байх. Магадгүй би хэтэрхий
нэг талаас нь хараад байж мэдэх юм. Гэхдээ аливаа юманд зарчим гэж байх ёстой. Би
их сургуулийн улс төр суд­лалын анги төгссөн хүн. Улс төрийн шинжлэх ухаанд ардчилал
гэдэг юмыг арай өөрөөр л заа­даг юм даа. Энгийнээр бол ард түмэн амьдрал сайхан
болж, айдас да­рамтгүй, эрх чөлөөтэй байхыг ардчилал гэж ойл­годог. Мьян­марын хүний
эрхийн төлөө тэм­цэгч Ан Сан Су Чи Мон­голын ардчиллыг дүр эс­гэ­сэн ардчилал гэж
дүг­нээд явсан. 

-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчил­гааны
ажлаар 21 айм­гаар явж ажилласан. Саяхан зүүн гурван айм­­гаар яваад ирлээ.  Ард түмэн юу гэж захиж байх юм?

-Дарга нар албан та­сал­­гааныхаа шагайв­чаар
харж, зөвхөн дөрвөн уулын дунд амьдрал бу­цалдаг мэт ойлгож байна. Гэтэл Монгол
Улсын алс баруун, зүүн хязгаар, говь хангай, хөдөөд асуудал тэс өөр байна. Эдийн
засаг талаас нь харахад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, цахилгаан, шатахуун
гэх мэт бүхий л зүйлсийн  үнэ өссөн. Оюу­тан
хүүхдүүдийнх нь сур­галтын төлбөр нэмэгдсэн гээд ард түмний нуруун дээр дарамт болж
ирж байгаа зүйл олон байна. Ажлаас халагдсан олон аав, ээж хэдэн хүүхдийн­хээ сургалтын
төлбөрийг яах вэ. Хүйтний ам наа­шилж байхад энэ өвлийг яаж барах вэ гээд зутруу­хан
явж байгаа нь үнэн. Итгэл эхлээд цөхөрдөг тэгээд сөхөрдөг гэдэг үг байдаг даа. Тэгвэл
олны итгэл цөхөрсөн, одоо сөх­рө­хөд ойрхон болжээ. Ардчил­лыг хэн нэгэн хү­ний,
аль нэгэн намын хувийн өмч мэтээр ханд­вал үнэхээр аюултайг бид харж байна. Төрд
сэтгэл­тэй, мэдлэг туршлагатай хүмүүс хэрэгтэй. Ийм л хүмүүс төрийн ачаа, улс орон,
ард түмний хувь заяаг үүрч явдаг. Өнөөдөр энэ ачаагаа үүрч чадах­гүй олон хүн төрд
шургал­чихаж. Төрийн албан хаагч­­­дыг улс төрийн шалт­­­гаанаар хоморго­лон халдаггүй,
намын харьяаллаар аливаа асуу­­далд ханддаггүй, тен­дер будлиантуулдаг­гүй, ард
түмний татварын мөнгөнөөс хумсалдаггүй байх ёстой гээд хууль ёсны шударга зарчмыг
ярьж тунхагладаг хүмүүс засаглал авснаас хойш үүнийхээ яг эсрэг явж байна.  Өнөөдөр Монгол Улс жинхэнээсээ нам төвтэй, дарга
төвтэй улс болчихлоо. Уг нь бол иргэн төвтэй байх ёстой. Эрх барьж буй намын фракцуудын
эрх ашиг улс орон, ард түмний эрх ашгаас дээгүүр тавигддаг болчихлоо. Үүнийг бо­лиу­лаач
гэж байна. Оюутны 70 мянган төгрө­гийг өгө­хөө болих гэж байна. 2012 оны сон­гуулиар
хү­ний хөгжлийн 21 мянган төгрөгийг 50 мянган төг­рөг болгоно гээд ярьж байсан.
Энэ мөнгө чинь дүнсэн тамхи, ганц тал­хаа яая даа гэж байсан хүмүүст нэмэр болж
бай­сан юм байна. МАН арай тулхтай, нуруу­тай нам юм даа гэдгийг хэлж байна.

-МАН засгийн эрх барьж байхад АН-ын зүгээс мөн
л иймэрхүү зүйлсийг хэлдэг бай­сан. Энэ зүгээр цөөнх болсон намын улиглал юм биш
үү. Ажил хийх гэж ядаж яваа АН-ынх­ныг Ардын намынхан арай л их өөнтөглөөд байна
уу даа гэсэн зүйл ажиглагдах боллоо?

-Өөнтөглөөд байх зүйл юу байхав. Үнэн үг хэлсэн
хүнд хүн өшөөтэй гэдэг дээ. Ардын нам 12 жил төр барихдаа алд­сан, оносон зүйл байгаа
л байх. Улс төрийн нам гэдэг чинь хүмүүсийн итгэл үнэмшлийн нэгдэл шүү дээ. Хаана
ч хүн л ажилладаг тул  тодорхой хэмжээний
алдаа дутаг­дал байж л таараа. Үүнийг би үгүйсгэхгүй. Хамгийн гол нь алдаагаа засдаг,
түүнийгээ дахин давтдаггүй байх хэрэгтэй. Алдаа гаргасан бол хү­лээн зөвшөөрч, уучлал
гуйж чаддаг байх ёстой. Энэ чинь улс төрийн том соёл, үнэлэмжийн асуу­дал байхгүй
юу. Үнэхээр болохгүй байгаа бол түү­нийг 
хэлэх нь зүй ёсны хэрэг биз дээ. Олон мян­ган төрийн албан хаагч­дыг намын
харьяалал гэдгээр нь, шинээр ирсэн хэн нэгэн даргад таа­лагд­сангүй гэдгээр нь ажлаас
хална гэдэг тэгш эрх, шу­дар­га ёсны зарчим биш. Оронд нь ах дүүгээ, хүр­гэнээ аваачиж
тавиад төрийн ажил явуулна гэ­дэг бүр ч байж боломгүй асуудал. Дээрээс нь Мон­голын
төр өс хонзон өвөр­­­лөдөг төр болон ху­вирч байна. Хичнээн олон хүмүүсийг хэлмэгдүүлж,
ардчиллын хичнээн олон үнэт зүйлийг уландаа гишгэж байна вэ. Өвөр­хан­гайн сонгуулийн  жи­шээг хар л даа. Олон хүн үүнийг эсэргүүцэж
хөхөө өвлийн хүйтнээр Сүхийн талбай, Арвайхээрийн гудам­жинд хүртэл жагс­лаа. Би
ч тэдэнтэй хамт байсан.  Ард иргэд нь сум,
аймаг, улсаараа эсэргүү­цэж бай­хад шүүхээр да­лайл­гаад сонгогдоогүй хүнийг Их
хурлын гишүүн болгочихож л байна.   Өнөө­дөр
Монголын шүүх, цагдаа, прокурор, хүчний байгууллага эрх мэдэлтэнд, банкны захи­рал,
архины үйлдвэрийн эзэнд үйлчилдэг болчи­хож. Энэ бүгдийг хэлэхгүй байх аргагүй юм.
Сүүдэр нь их л хортой тусна даа. Ялагдлын энэ цаг хуга­цаанд Ардын нам эрх барьж
байхдаа алд­сан алдаанаасаа сурал­цаж байна. Өнөөдөр МАН-ын хувьд хүнээр бол рент­гений
зургаа авахуулах, өвчнөө оношлох, түүний­гээ эмчлэх, эмчлэгдэхгүй эрхтэнтэй болсон
бол тэр эрхтнээ солих асуудлуу­даа ярих, ухаарах цаг хугацаа юм.

-МАН-ын XXVII Их ху­рал болох гэж байна. Уг хурлын
үйл ажиллагааг  намын гишүүд дэмжиг­чид гэлтгүй
Монголын ард түмэн чих тавин чагнаж байгаа. Танай нам улс төрийн голлох хүчний хувьд
хэрхэн шинэчлэгдэх бол гэсэн хүлээлт бий. Таны харж байгаагаар намын Их хурлаас
ямар асууд­луу­дыг шинэчлэн ший­дэж, ард түмэнд хэрэг­тэй ямар шийдвэр гарах бол?

-Улс төрийн намын шинэчлэл гэдэг тасралт­гүй үргэлжлэх
процесс юм. 1990-ээд онд хэсэг залуус намын шинэчлэ­лийн давалгааг эхлүүлж байсан.
2000 он гараад өнөөдрийн намын дарга маань намаа шинэчлэ­хийн тулд жигүүр бай­гуулж
байсныг санаж бай­гаа байх. Шинэчлэл хийнэ гэдэг нь хүн солих, хэдэн хүн рүү муу
муу­хайгаа чихэх, хэсэг хүмүү­сийн гоё сайхныг магтах асуудал биш. Зарчмын шинэчлэл
хийх хэрэгтэй. Манай намын зарчим, хүрэх зорилго, харагдах өнгө, өнцөг, үнэр, амт
нь тодорхой. Ардын нам гэдэг брэндийг хэрхэн олон түмэнд хүргэх вэ гэдэг асуудал
яригдана. Олон шатны сонгуулийн үр дүнгээс харахад Ар­дын намд итгэх ард түм­ний
итгэл буураагүй бай­на. Харин ч сонгууль бүрт нэмэгдэж байгаа. Гэхдээ бид ялагдсан
уу гэвэл ялагдсан. Ялагдалдаа бодитой дүгнэлт хийх ёс­той. Эрх ямбыг нь эдэлж чадсан
бол хариуцлагаа үүрч чаддаг системийг тогтоох хэрэгтэй. Тоглоо­мынхоо дүрмийг тодор­хой
болгож, шинэчлэх хэрэгтэй. Ямар дүрмээр тоглох нь мэдэгдэхгүй байж тоглоом тоглоно
гэж байхгүй. Бид  улс орны­хоо ирээдүйг тодор­хойл­сон
хөгжлийн хөтөл­бө­рийг хэлэлцэж батал­на.  

-Танай намын хүний нөөцийн асуудал эмзэг байгаа
юм биш үү?

-Манай намын өөр нэг асуудал нь яах арга­гүй хүний
нөөц. Сонгууль­тан гишүүд, энэ намын эрх ямбыг эдэлж буй бүх хүмүүст хүлээх хариуц­лага,
үүрэх ачаа гэж бий. Ачаагаа даахгүй байж эрх ямба эдлэх гээд байгаа бол уучлаарай
гэж хэлж сурах хэрэгтэй. Улс төрийн намын эцсийн зорилго сонгуульд ялах л байдаг.
Ардын нам ялаад байгаа бол болж байна. Сонгогчид А үнэлгээ өгч байгаа хэрэг. Гэтэл
өнөө­дөр манай намын үнэл­гээ эсрэгээрээ байна. Тэ­гэ­хээр бид сурлагын ча­нар юунаас
болоод муу­даад байгаа талаар ан­гийн­хаа хурлаар сайн ярилцаж, засах хэрэгтэй.
Намынхаа хурлаар са­лам зодолдоосой, гэрээ нураагаасай гэж, түүнийг нь алгаа ташин
хүлээж авах хүмүүс ч байна. Энэ удаагийн Их хурал хүмүү­сийн тиймэр­хүү бах тавыг
хангасан хурал битгий болоосой. Харин хүмүү­сийн хүсч буй өөдрөг, итгэл, тэмүү­лэл,
шинэ өнгө, үнэр, амттай, ши­нэч­лэл ханхалсан тийм хурал байгаасай хэмээн хүсэж
байна. Манай намд хүний нөөц, хариуцлагын тал дээр олон жил бугш­саар ирсэн тэр
бэтгийг хага татаж шахах ёстой.

-Сүүлийн үед танай намынхан янз бүрийн хэл аманд
их орох бол­лоо. Энэ хүний нөөцийн асуудалтай холбоотой юу?

-Гэнэтхэн хэн нь мэ­дэг­дэхгүй нөхдүүд дарга сайд
болоод явчихдаг. Дараа нь хэрэг төвөгт орооцолдчихсон, намын нэр хүндийг шаварт
хут­га­чихсан  бай­даг. Хэдхэн хүний сэтгэл­гүй
байдал, шуналаас болж бүхэл бүтэн нам, олон мянган хүний нэр төр, итгэл, үнэм­шил
сэвтэж байна. Цаашлаад энэ нь намд ч тэр, улс оронд ч тэр буруу жишиг тогтоож байна.
Харин одоо зөв жишиг, зөв зарчим тогтоох хэрэг­тэй. Хариуцлагыг нь ухаа­руулж, мэдрүүлж,
үүрүүлж чаддаг, болохгүй бол хариуцлага тооцож чаддаг болох ёстой. Ца­хилгаан шатаар
гэрлийн хурдаар шат ахидаг, кран­дуулж албан ту­шаалд очдог байдлыг таслан зогсооно.

-Ардын намын за­луус сүүлийн үед ах­мад үеэ үгүйсгэх
мая­гийн зүйлс ажиглагдаад эхэлсэн дээ?

-Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй.
Улс орны ачааг үүрч чадлынхаа хэрээр зүтгэж ирсэн хү­мүү­сээ үгүйсгэж болохгүй.
Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна гэж  их үнэн үг шүү. Өнөө­дөр парламентад хэн сө­рөг
хүчний дуу хоолой болж байгаа юм бэ, нөгөө л Ц.Нямдорж шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуу­лиар
21 аймгийг бүтэн тойроход хэн ихэнхэд нь хамт явав, нөгөө л Д.Лүн­дээжанцан, Д.Дэмбэрэл
нар байсан. Намын дарга маань чадлаараа л зүтгэ­лээ. Тэднээс суралцах юм маш их
байна. Гэхдээ ирж яваа цагийн салхийг бас яаж ч болохгүй шүү дээ. Хаврын ногоог
тасдсан ч ургана, тайрсан ч ургана гэдэг дээ. Спортод хүртэл үе гэж нэг юм бий.
Ардын намд хавар болж байна гэж би бодож байгаа. Сая манай нам сонгуульд ялаг­даж
нэг хэсэг цас зуд болох шиг боллоо. Удах­гүй цэцэг ногоо дэлгэрнэ. Тиймээс хаа хаанаа
үүний­гээ хүлээн зөв­шөөрч ойлголцох хэрэг­тэй. Тэгээд л цаашаа явцгаана даа.

-Та яриандаа ха­риуц­­лагын тухай дурд­лаа. Ха­риуцлага
алдсан намын удирдлагуудад хариуц­ла­гыг нь тооцох хэрэг­тэй хэмээн залуус зун­жингаа
л баалсан. Үүн дээр ямар байр суурь­тай байгаа вэ?

-Би хариуцлагыг хоёр янзаар ойлгодог. Эхлээд хүн
хариуцлагаа ухам­сар­лаж, ачаагаа үүрсэн шиг үүрэх ёстой. Ухам­сарлаж чадахгүй,
үүрч чадахгүй байгаа хүмүүст харин хариуцлага тооцох ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн
дараа залуу­чууд шинэчлэлийн асууд­лаар өргөх бичиг барьж Удирдах зөвлө­лийн хуралд
орж ирсэн. Хоёр сонгуульд дараа­лан ялагд­сан болохоор ха­риуц­лагаа үүрчихье гээд
намын Удирдах зөвлө­лийг би огцрохыг уриал­сан. Намын шинэч­лэлийг нөхөдтэйгөө эхнээс
нь санаачилж хамт явсан. Авч чадсан бол өгч чаддаг зарчим байх ёстой.

-Намын ахмадууд залуусын гаргаж буй санал зөв.
Гэхдээ на­мыг цаашид аваад яв­чих хэмжээний хүмүүс бий бил үү гэдэг дээр эргэлзээд
байх шиг?

-Энэ хоёр талтай юм аа. Манай нам 90 гаруй жилийн
түүхтэй. Ах зах­тай, эрэмбэ дараатай нам. Үүнийгээ алдаад байгаа ч юм алга. Хэдэн
залуучууд гарч ирчихээд ахмадуудаа түлхэж унага­чихаад сандал ширээ бүх зүйлийг
нь булааж авах гээд байгаа юм биш. Удирд­лагын асуудал яриг­даж байгаа юу гэвэл
яригдаж байгаа. Цаг хугацаа өөрөө лидерийг төрүүлдэг. Цаг хугацаа лидерийнхээ бод­лого,
зарчим, хэрэг­жүүлж буй үйл ажилла­гааг дагаж хөтлөгддөг, хөгждөг. Хүн төрөлхтний
түүхийн хөгж­лийн бүхий л үед ийм л байсан. Ардын нам бусад­тай харьцуу­лахад арай
илүү ухаарсан гэж бодож байна. Энэхүү ухаар­лаа одоо бодит ажил болгох, хэрэгжүүлэх
шаардлага байгаа юм. Бид илүү холыг харж до­тооддоо ойлголцох ёстой. Мөн ямар хүмүүс
ямар баг үүнийг хийх вэ гэдэг дээр гурван үеийн алтан зарчим яригдана. Бидэнд дадлага
туршлага, мэдлэг боловсрол, эрч хүч, зориг зүрх хэрэгтэй. Хамгийн гол нь энэ бүгдийг
зөв хослуулах нь чухал. Намын шинэчлэл гэдэг дарга цэргийн төлөөх тулаан биш. Үүнийг
хатуу ойлгох хэрэгтэй. Ажил хийе, асуудал шийдэл­цэе гэж зориглож байгаа залуусыг
боль гэж болох­гүй биз дээ.

-Ардын намд одоо ямар хүмүүс хэрэгтэй вэ?

-Бидэнд сэтгэлтэй хүн хэрэгтэй. Түүнээс биш нам
ялахаар албан ту­шаал, хэдэн төгрөг горилж ирдэг, сонгуульд нам нь ялагдаад ядрахын
цагт хаяад явчихдаг тийм амьтад хэрэггүй. Тэдэн­тэй, тэдэнгүй  Ардын нам сэргэхээ л сэргэнэ. Хаа байна, тэр олон
гялгар сайд дарга нар. Хаа бай­на тэр олон бялдуучид. Зовох цагт нөхрийн чанар танигдаж
байгаад харин олзуурхаж байгаа шүү.  Өнөөдөр
намынхаа тө­лөө, хамт олныхоо шийд­вэр, үнэт зүйлийн төлөө тэмцэж чаддаг тэмцэгч
хэрэгтэй. Шаардлагатай бол өөрийгөө золиосолж ч чадах эр зоригтой хүн л ачаа үүрнэ.
Бас намын удирдлагад шударга өрсөл­дөөн хэрэгтэй. Бид намын дотоод ардчилал, шударга
өрсөлдөөнийг хамгийн нэгдүгээрт тавих ёстой. Тэгэхгүй юм бол энэ нам шинэчлэгдэхгүй.
Намын шинэчлэлийг, энэ олон хүний ирээдүйг най­маалцах юм бол жинх­нээсээ гал гарах
байх даа. Хэдхэн хүнийг баас­тай бурхан шиг тахьдаг явдал үеэ өнгөрөөсөн. Бүх хүнд
тэгш боломж олгох хэрэгтэй.

-Таныг УИХ-ын ги­шүүн М.Энхболдтой дө­рөө харшуулан
намаа авч явна хэмээн нийт­лэлүүд гарч байна. Танай намын дараагийн лидер хэн юм
бэ?

-Тийм нийтлэл гарсан л байна лээ. Намын дар­гад
нэр нь явж байгаа хүмүүсийг улс төрд ча­нагд­сан цаг хугацаа, хувь хүний араншин,
мэдлэг боловсролоор нь үнэлэх хэрэгтэй. М.Энхболд дар­га намын даргад өрсөл­дөнө
гэдгээ илэрхийлсэн байна лээ. Гол нь хүнд цаг үед ачаа үүрье гэж бай­гаа сэтгэлтэйд
нь тэр хүнд талархах хэрэгтэй. Ер нь намд сэтгэлтэй хүмүүс л хэрэг болдог юм шүү
дээ. Өөр хүмүүс болно гэвэл шударгаар өрсөлдөнө л биз.   Их хурлын л шийдэх асуудал.    Өнгөрсөн замын­хаа өргөс бүхнийг түүж чаддагүй
юм аа гэхэд нэмж өргөс тариад бай­даг­гүй, хамтдаа халтайж явсан хэдэн бор нөхдөө
хаядаггүй, ачаа даах чад­вартай, зарчимтай тийм л хүн намын удирдлагад гарах нь
зүйтэй. Намын эв нэгдлийг зангидаж чадах хүн л хэрэгтэй.

-Тэгвэл Ерөнхий нарийн бичгийн даргад ямар хүн
байх ёстой юм бэ?

-Намын дарга, Ерөн­хий нарийн бичгийн дар­га хоёр
айл гэрээр яривал аав, ээж хоёр нь юм. Энэ хоёр хүн нэг зүг рүү харж, нэг зүг рүү
алхаж чаддаг, хамгийн гол нь гар сэтгэл нийлдэг байх нь чухал. Аав, ээж хоёр нь
хэрэл­дээд хоёр тийшээ хараад суучихдаг. Хэдэн муу хүү­хэд нь хэнийх нь талд орохоо
мэддэггүй, яваад орохоор цай ч үгүй, царай ч үгүй яндан нь холхиж  зэвхий даасан айл шиг байж болохгүй. Бие биеэ
нөхөж чаддаг, нэг нэг­ний­хээ төлөө явж чаддаг тийм л  байх ёстой. Шаард­лагатай гэвэл гал үүрч чаддаг
байх хэрэг­тэй. Манай намд дутагдаж буй нэг том зүйл нь тэм­цэх чадвар гэж боддог.
Удирдах зөвлөлийн ху­рал дээр Ц.Нямдорж ги­шүүн олон удаа хэлж байсан. Манай нам
тэм­цэх чадвараа алдлаа гэж. Бид эрх барьж байсан бол өөр хэрэг. Сөрөг хүчин болсон
үед хүссэн хүсээгүй тэмцэж л таарна. Гал үүрэх, гадаа гандаж, хөдөө хөхрөх, хатуу
ши­рүүнтэй тулах шаардлага тулгарна. Таван үг эвлүү­лээд хүнд хүргэчихдэг байхаас
авахуулаад ха­туу зөөлөн аргыг хамсан хэрэглэх гээд олон юм бий. Ерөнхий нарийн
бич­­­гийн даргын баримт­лах зарчмууд гэж байна л даа.

-Тэр нь таныхаар юу вэ?

-Генсекийн мөрийн хөтөлбөр гэж юу байхав дээ.  Намын дарга нь нэг мөрийн хөтөлбөтрэй, ген­сек
нь нэг мөрийн хөтөл­бөртэй бол өөр өөрийн­хөө хөтөлбөрийг хэрэг­жүүл­нэ гээд жинхэнэ
жон­хуу болно биз дээ. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга хүний баримтлах зарчим
гэж байнаа. Ерөн­хий дарга хүн гэдэг на­мын эрх ашгийг нэгдү­гээрт тавьдаг байх
ёстой. Тэнд генсек гэдэг хувь хүний ямар ч эрх ашиг, амбиц байж болохгүй. Эрх ашиг,
үнэт зүйлийн төлөө хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байж чаддаг уян хатан чанар­тай
байх хэрэгтэй. Ардын намд хэрэгтэй хүний нөө­цийн хэдэн зарчим байх ёстой. Олон
жил энэ намын төлөө тавхайгаа эргэтэл, таван төгрөгөө дуустал халтайтлаа зүтгэ­сэн
нөхдөө ямагт дээгүүр хүндлэх учиртай. Намын төлөө явж байгаад хэл­мэгдсэн, хилс
хэрэгт гүт­гэгдэж, дээрэлхүүлж, до­ромжлуулж буй хүмүүсээ хамгаалж, өмгөөлж чад­даг
байх хэрэгтэй. Харин амин хувийнхаа эрх аш­гийн төлөө явж байгаад асуудалд орвол
уучлаа­рай гэж хэлж чаддаг байх ёстой. Мөн намын генсек гэдэг ямар нэгэн барь­цаа­гүй
хүн байх ёстой. Дар­гын цүнхийг барьж, архи хундагалж явсаар албан тушаал ахиж дарга,
сайд болдог асуудал дахин битгий давтагдаасай гэж бодож байна.

-Барьцаагүй хүн гэд­гээ тодруулахгүй юу?

-Хүний өмнөөс үг хэлж чадахгүй, хөдөлж чадахгүй  цаанаа мөнгө­ний ч юм уу, хэсэг бүлэг хүний ч
юмуу, хууль бус ямар нэгэн юмны нө­лөөнд орсон барьцаатай байж болохгүй. Ерөнхий
дарга нь барьцаалагдаад эхэлбэл энэ нам хаашаа явах юм бэ. Хууль бус ямар нэгэн
зүйлд ороо­цолдоогүй байх ёстой. 

-Та яриандаа манай намд тэмцэгч дутагдаж байна
гэсэн. Хүмүүс таныг тэмцэгч гэж ярих юм билээ. Та өөрийгөө тэмцэгч гэж боддог уу?

-Тэмцэгч хүн гэдэг үнэт зүйлийнхээ төлөө, үнэний
төлөө бат зогсож чаддаг, шаардлагатай тохиол­долд намын хамт олноо өмгөөлж, хамгаалж
чад­даг тийм л хүн байдаг. Хамт олны үнэт зүйл гэдэг хувийн эрх ашгаас ямагт дээгүүр
байх ёстой. Түүний араас нийгмийн үнэт зүйл байдаг. Би 1999 онд хоёрдугаар курсийн
оюутан байхдаа МАН-д гишүүнээр элссэн. Түү­нээс хойш намын төлөө хөдөө гадаагүй
яв, хий гэсэнд нь явж зүтгэж ирсэн. Хариуд нь намаас нэг удаа яам, агентлаг, газрын
дарга гээд албан тушаал гуйж байгаагүй. Ямар ч даргын үед шүү. Яахав өөрийнхөө толгой­гоор
кино, концерт, жүжиг тавьж, найз нөхөдтэйгээ зах зээлийн жамаар тав гурван төгрөгийн
бизнес хийж хүнээс илүү гараад байхгүй ч бусдаас дутах­гүй өөрийнхөөрөө л амь­дарч
явна. 2005 оноос эхлэн Сүхбаатарын тал­бай, хөдөө орон нутгийн жагсаал цуглаанд
бүгдэд нь оролцож, жагсаалыг нь удирдаж ирсэн. Хамт олны үнэт зүйл, итгэл үнэмшлийнхээ
төлөө, энэ намын төлөө хэзээ ч, хаа­на ч жагсаж, үгээ хэлэхэд би бэлэн. Надад айгаад,
хэн нэгэн болон хэсэг бүлэгт барьцаалагдах барьцаа, өгөө аваа байх­гүй. Өөрийгөө
мундаг тэм­цэгч энэ тэр гэж хэлж мэдэхгүй юм даа. Намын нөхөд, олон түмэн өөс­дийнхөөрөө
дүгнэж байгаа байлгүй.

-Өөрийг чинь Хад­галамж банкны асуу­дал, казино
гээд л хааяа холбож бичих юм…?

-2006 онд намайг Ерөнхийлөгчийн тамгын газарт
ажиллаж байгаад намын залуучуудын хол­бооны генсек болсноос найман сарын дараа энэ
хэрэг босч ирсэн. Тэгээд л хууль журмынхаа дагуу шийдэгдэж холбогдох хү­мүүс нь
хариуцлагаа хү­лээсэн. Хэрэг нь 2000 оноос эхтэй гэдэг нь тог­тоогдсон. Ажлын шуга­маар
танилцаад найман сар болсон хүнд, тэр тус­маа хорин тавхан настай хүүд тийм их хэмжээний
мөнгө хүн өгөх үү. За­луучуудын холбоог дарж авахын тулд захиалгаар холбож бичүүлж
байсан нь тодорхой болсон шүү дээ. Би нэг л зүйлийг ам бардам хэлье. Надад хууль
бусаар идэж уусан нэг ч юм байхгүй.   Өнөө­гийн
соёлт нийгэмд кази­но гэдэг чинь хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг л орчин.
АНУ-д ч тэр, баруунд ч тэр амралтын өдөр казинод гэр бүлээ­рээ очиж л байна. Миний
хувьд ажлаа өгөөд сурч байх хугацаандаа кази­но­гоор орж гарч явсан. Улсын мөнгө
идэж, авлига авч тоглохоор албан ту­шаал би хашиж байгаа­гүй. Угаасаа надад тийм
их хэмжээний мөнгө ч байхгүй. Улсынхаа ерөн­хий­лөгчтэй хүртэл тэр газар таарч л
байлаа. Энэ чинь гэмт үйлдэл биш үү дээ, муушиг мэддэггүй эр хүн гэж ер нь байдаг
юм уу. Зориудаар муш­гиж харлуулах гэсэн хүнд бол шалтаг төдий л юм даа.

-Таныг намын нарийн бичгийн дарга, “Монголын үнэн”
сони­ны эрхлэгч, “Болор цом”-ын эзэн гэдгээр чинь хүмүүс сайн мэд­дэг. Ер нь ямар
мэргэ­жилтэй, хаана юу хийж явсан хүн бэ?

-МУИС-ийн улс төр суд­лалын ангийг улс төр судлаач
мэргэжилээр төг­сөөд 2007 онд АНУ-д очиж суралцсан. 2002 оноос УИХ-ын тамгын газарт
зохион байгуулагч, УИХ-ын даргын шадар туслах, Ерөнхийлөгийн тамгын газарт референт,
намын дэргэдэх залуу­чуудын холбооны Ерөн­хий нарийн бичгийн дар­га, намын улс төрийн
бод­логын байнгын хо­роо­ны дэд даргаар ажил­лаж байгаад л сониндоо ирсэн дээ. Яруу
найраг бол надад бурхнаас заяасан бэлэг.

-Та намынхаа их хур­лаар Ерөнхий нарийн бичгийн
даргад өрсөлдөх үү. Зарим хү­мүүс өөрсдийн пиараа  хийгээд эхэлчихсэн байна?

-Олон л хүн өрсөлдөх байх. Гэхдээ бие биеэ муулж,
нэгэн рүүгээ хөө цацаж, өөрийгөө товойл­гох гэсэн гэнэн үйлдлүү­дийг битгий хийгээсэй
гэж хэлмээр байна. Би 1999 оноос хойш энэ намын тогоонд буцалж яваа залуу хүний
хувьд өмнөх үе үеийн их хурлууд дээр ийм зүйл болж байсныг мэднэ. Их хурлын мар­гааш
нар манддагаараа л мандана. Ардын намын Ерөнхий нарийн бичгийн  дарга гэдэг намтраа чи­мэх сэтэр биш, намбайж
суудаг сэнтий биш гэдгийг би ойлгож байгаа. Бүх­нийг 2016 оны ялалтанд зориулж ажил
хийж, асуу­дал шийдэж, ачаа үүрч чадна гэвэл өрсөлдөх ёстой. Ардчил­сан Үндсэн хууль
болон намын дүр­мэнд заасан сонгох сон­гогдох эрхээ эдлэх нь миний эрхийн асуудал.
Би итгэл үнэмш­лийнхээ төлөө тууштай зогсоно.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Э.Бат-Үүл: Шаардлага хангасан ТҮЦ рүү хэн ч халдахгүй

“Өдрийн сонин” “Асуух эрхийн
танхим”-даа ТҮЦ ажиллуулдаг ир­гэ­дийн эрх ашгийг хөндөж хувийн өмчид нь төр
хал­даад байгаа тухай хэ­лэлцүүлэг зохион бай­гуулсан билээ. Гэтэл уг
хэлэлцүүлэгт хотын удирд­лагууд энэ чиглэ­лийн ажил хариуц­сан түшмэдийг урьсан
ч ирээ­гүй юм. Үүний дараа нийт­лэлч Д.Мөнгөндалай “ТҮЦ-ийнхэн та нарт жи­жиг­дээд
байгаа бол ард түмэн бас жижигдэх үү, хотын дарга аа” гэсэн нийтлэл бичсэн.

Манай сонин удаа да­раа энэ
асуудлыг хөнд­сөн нь ажил хэрэг болж, өчигдөр Нийслэлийн За­саг дарга бөгөөд
Улаан­баатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хангарьд” орд­ны 14 дүгээр давхарт
ТҮЦ-ийн бизнес эрхэлдэг 50 гаруй иргэнийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Э.Бат-Үүл дарга
тэдэнтэй юу ярьс­ныг хүргэе.

Э.Бат-Үүл: Та бүхэнд “Иргэн та дүүргийн нутаг
дэвсгэрт нийтийн эзэмш­лийн зам талбайд хол­бог­дох заалтуудыг зөр­чин,
зөвшөөрөлгүй, ариун цэвэр, стандартын шаард­лага хангахгүй, авто замын
хөдөлгөөнд саад учруулсан ТҮЦ, павильон, ил задгай гар дээрээс худалдаа эрхэлж
байна. Иймд уг ажилла­гааг зогсоож аравдугаар сарын 25-ны дотор өөрийн ТҮЦ,
павильо­нуудыг нүүлгэн авч ний­тийн эзэмшлийн зам тал­байг чөлөөлж өгнө үү”
гэсэн бичиг очсон байна. Миний гаргасан захирам­жаас өөр бичиг та нарт хүрсэн
байгаа биз. Ойл­гож байна уу.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Тийм байна. Өөр
байна. Ялгаатай юм байна.

Э.Бат-Үүл: Хураамжаа төлөө­гүй шалтгаанаар
буулгуулсан ТҮЦ байна уу.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Байх­гүй.

Э.Бат-Үүл: Байхгүй биз.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Байх­гүй. Хураамж,
татвараа тө­лөөд явцгаадаг.

Э.Бат-Үүл: Мэдээж бид хотын­хоо зүгээс шаардах ёстой арга
хэмжээгээ авна. Гэхдээ сая үнэхээр харамсмаар юм болжээ. ТҮЦ-ийг нь буулгаад,
эвдээд хаячихсан байх юм.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Бид­ний заримыг
уйлуулж, орилуулаад л буулгачихсан ш дээ, цагдаа нар.

Э.Бат-Үүл: Иргэдтэйгээ ярил­цаж, иргэдтэй хамтарч энэ ажлыг хий
гэж миний гаргасан захирам­жид орчихсон байгаа биз дээ. Гэтэл энэ ажлыг
нугалаад хаячих­сан, ийм л байдалтай байна.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Ажил­гүй болгоод
амьдралыг минь зогсоочихлоо. Одоо бид яах юм бэ.

Э.Бат-Үүл: Өнөөдөр би та нартай нэг бүрчлэн
уулзаж гомдлыг тань сонсъё гэхээр их түвэгтэй байна. Тэгэхээр одоо хэдүүлээ
хуулийнхаа дагуу л явахгүй бол дахиад л асуудал үүснэ. Дүүр­гийн­хээ Засаг
даргыг давж Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж бол­дог­гүй юм. Тийм учраас
та бүхэнд эхлээд дүүргийнхээ Засаг даргад өргөдөл гаргаж өг. Ойлгосон уу.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Ойлго­сон.

Э.Бат-Үүл: Тэгээд бид хэлэл­цээд тэр өргөдлийн
дагуу шийд­вэрээ гаргана. Та нар нэг юманд итгэлтэй байж болно. Ерөөсөө төрийн
захиргааны байгууллага, Засаг дарга бол та бүхнийхээ хууль ёсны ашиг сонирхол,
эрхийг хэрэг­жүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээдэг. Энэ үүргийг хүлээхдээ бид
ямар шаардлага тавих вэ гэхээр бусдын эрүүл аюулгүй бай­далд амьдрах эрхийг нь
битгий зөрчөөрэй. Зөрчвөл бид буулгаж л орхино. Асуудал байхгүй. Мэдэгдэх
хуудас өгөөд шууд буулгана. Ямар нэгэн өршөөл байхгүй. Яагаад гэвэл дарга
дургүй болохоор буул­гаад байгаа юм биш. Иргэдийнхээ эрүүл аюулгүй, тав тухтай
орчинд амьдрах эрхийг нь би хангах үүрэг­тэй байхгүй юу. Тэр үүргээ хэрэг­жүүлж
байгаа юм. Тийм учраас тэр эрх рүү нь халдсан хэнбугайд ч за­хиргааны зохих
арга хэмжээ авна.

ТҮЦ
гэдэг ийм нэр төрлийн үйл ажиллагаан дотор газрын харил­цааг хэрхэн зохицуулах
талаар зохицуулалт байхгүй байна. Үүнийг бид ИТХ-аар оруулж дүрэм журам
гаргахаас өөр аргагүй бай­на. Хэдүүлээ хоёр юм тохиръё. Тэгэх үү.

Нэгдүгээрт
та нар Засаг дарга­даа өргөдөл гомдол гаргах эрхтэй. Энэ өргөдөл гомдлоо гарга.
Болж байна уу.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Болж байна. Гэхдээ
өргөдөл гарга­хаар “Та нарт ямар ч газрын зөв­шөөрөл байхгүй гээд…”

Э.Бат-Үүл: Байж бай, би ярья. Та нарт газрын зөвшөөрөл байхгүй
байсан бол Нийслэлийн Засаг дарга яах гэж захирамж гаргасан юм бэ. Яагаад тэр
үед засаг захир­гаа захирамж гаргаад ТҮЦ эрхлэх зөвшөөрөл өгсөн юм. Хэрвээ ийм
үйлчилгээ эрхлэхийг хоригло­чих­сон байхад та нар очоод буучихсан бол буулгах
нь зүйн хэрэг болох байсан. Гэтэл Засаг дарга 2007 онд ТҮЦ эрхэлж болно гээд
захирамж гаргачихсан байна ш дээ. Энэ захирамж одоо хүчин төгөлдөр. Тийм үү,
үгүй юу. Ойлгосон уу.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Тийм, ойлгосон
(Нэгэн дуугаар ингэж хариулцгаав).

Э.Бат-Үүл: Тэр үед засаг захир­гаа нь харин газрын харилцааны
асуудлаа яах вэ гэдэг зохицуу­лалтаа хийж өгөх ёстой байсан.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Анх­наасаа төр
тавьж өгсөн ТҮЦ-ийг бид нар орон байраа зарж л худалдаж авсан шүү дээ.

Э.Бат-Үүл: Бүгд орон байраа зарсан юм уу.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Бүгд зарсан (Яаж
ТҮЦ-тэй болсноо тус бүртээ тайлбарлаж шуугилдац­гаав).

Э.Бат-Үүл: Хэдүүлээ зарчмаа тохиролцож авъя. Та нар өргөдөл
гаргаж өгөөгүй тохиолдолд би дүүргийн Засаг даргын захирам­жийг хүчингүй болгох
эрхгүй хүн шүү. Ойлгосон уу. Үүн дээр тохир­сон уу.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Тохирсон.

Э.Бат-Үүл: Одоо ингэж хуу­лийн­хаа дагуу л явъя.
Тэгэхгүй бол хаана хаанаа буруу ойлгодог явдлаа зогсооё. Харин хууль зөрч­вөл
өршөөлгүй гэдгийг л би хэлнэ.

Хоёрдугаарт,
энэ асуудлыг шийдэхийн тулд хэдүүлээ хамтарч ажиллая. ИТХ-аар ТҮЦ эрхлэх тухай
журам гаргая. Бүх дүрэм журмыг нь гаргана. Тэгэх юм бол энэ дүрэм журмууд нь
ТҮЦ эрхлэх үйл ажиллагааны хуульзүйн үндэслэл нь болно.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Тэр дүрэм журмаа
гаргахдаа иргэдийн оролцоотой…

Э.Бат-Үүл: Харин тэгэх гээд байна ш дээ. Одоо хэдүүлээ хам­тарч
Ажлын хэсэг байгуулаад та нарын саналыг авна. За юу.

Энүүхэндээ
гэж хэлэхэд ний­тийн эзэмшлийн зам талбайг чө­лөөлж, автобусны орчны тохижил­тод
уялдуулах шаардлага байна. Мөн ТҮЦ ажиллуулж байгаа орчныг сайжруулах шаардлага
бидэнд байгаа. Жишээ нь, наад зах нь бие засах газар байгуулах шаардла­гатай.
Тийм биз дээ. Энэ бүхнийг зөвхөн дарга нар шийдээд байхгүй. Та нартай ярилцаж
байгаад шийд­нэ. Хамтарч Ажлын хэсэг байгуул­на. Та нар энэ Ажлын хэсэгт орох
төлөөлөгчөө сонго. Ингээд тохир­лоо шүү.

Нэг юм
нэмээд хэлэхэд ТҮЦ-ийг та бүхэнд ашигтай, хотынхоо өнгө үзэмжид тохирсон
байдлаар бид шийдвэрээ гаргана. Навсайсан ТҮЦ байлгахгүй шүү.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Стандартыг нь
гаргаад өгчихвөл бид тэрийг мөрдөнө.

Э.Бат-Үүл: Бид нар навсайсан ТҮЦ байлгахгүйн
тулд стандартыг нь гаргана. Жишээ нь бусад хотуу­дад ТҮЦ байдаг. Хот дог зардаг
гээд л янз бүрийн үйлчилгээ байдаг. Манайд ТҮЦ ихэвчлэн битүү бай­даг. Энэ нь
хотын өнгө үзэмжид муу нөлөө үзүүлээд байна. Эрс тэс уур амьсгалтай учир задгай
байх бо­ломжгүй. Ийм зүйлүүдийг хангасан дизайн, зургийг гаргана. Тэгээд
ТҮЦ-ийн доторх үйлчилгээний стандартыг гаргана. Нэг ТҮЦ-т хүн нас барсан явдал
бий. Тийм ээ. Хаана билээ.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Тийм ээ. Талбайн
урд талд.

Э.Бат-Үүл: ТҮЦ-тээ хоногло­дог, өнждөг явдал байх ёсгүй. ТҮЦ-ээр
шагийн архи зардаг байж болохгүй.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Ёстой тийм юм
байхгүй. Байдаггүй ш дээ. Тэрийг ёстой зуун хувь хэлж чадна. Үнэхээр тийм юм
байхгүй. Хэвлэл мэдээллээр тийм худлаа юм цацаад байгаа байхгүй юу
(шуугилдацгаалаа).

Э.Бат-Үүл: ТҮЦ-ийн орчинд аюулгүй байдлыг хангасан,
эд хөрөнгийг хамгаалсан камер суулгана.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Стан­дартыг нь л
гаргаад өгчих. Түүний дагуу бид ажиллая.

Э.Бат-Үүл: Мөн нийтийн бие засах газар хэрэгтэй.
ТҮЦ-ийн хавь орчимд ийм газар байгуулна. Энэ бүгдийг щ уялдуулна.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Тийм ээ. Тэгэлгүй
яахав.

Э.Бат-Үүл: Тэгээд ийм дүрэм журамтай болохгүй бол та нар чинь
“Нэг дарга шийдвэр гаргалаа. Одоо яадаг бол” гээд л хүлээдэг. Намайг Засаг
дарга болсноос хойш энэ асуудал хоёр дахь удаагаа яригдаж байна. Та нар маань
өөртөө ажлын байр бий болгоод төрийн үүрэх ачаанаас үүрэлцээд амьдралаа авч
яваа нь үнэн. Та нарын бий болгосон ажлын байрыг ингээд дураараа нураагаад байж
болох­гүй ээ. Стандарт шаардлага ханга­сан ТҮЦ рүү хэн ч халдахгүй.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Яг тийм. Тийм
болгомоор байгаа юм.

Э.Бат-Үүл: Хэдүүлээ ийм иргэншсэн харилцаа руу оръё. Зөв
харилцаанд оръё.

Үүнийг
яаравчлуулъя. Та нар мэдээж хамгийн их яарч байгаа хүмүүс.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Яарч байна. Бид
амьдралаа алдах нь. “Киг” гэдэг хувийн компани 25 сая төгрөгөөр стандарт
хангасан гэх ТҮЦ шахаад байна. Зарим газар энэ ТҮЦ-ийг байрлуулчихсан байгаа.
ТҮЦ эрхлэгчдээс урьдчил­гаа мөнгө аваад захиалга аваад эхэлчихсэн. Худалдаж
авахгүй бол худалдаа эрхлүүлэхгүй гээд байгаа (ТҮЦ эрхлэгчид “Киг” гэх
компанийн талаар өөр өөрсдийн бодлоо ярьж, хэтэрхий үнэтэй ТҮЦ оруулж ирж
байгааг ам уралдан ярьцгаав)

Э.Бат-Үүл: Нэг тийм яриа гараад байгаа. Одоо
тэгэхээр бүгдээрээ дундуураа хүн оруулал­гүй. Шууд харьцъя.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд
:Орох гээд байна ш
дээ.

Э.Бат-Үүл: Мэдээж та нар бололцоо байвал аль
болох ТҮЦ-ээ сайхан байлгахыг л бодно шүү дээ. Яагаад гэвэл тийм болговол
борлуулалт сайжирна.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Мэдээж шүү дээ.
“Киг” компани дээр очиж тэр зарж байгаа ТҮЦ-үүдийг нь харсан. Таны
захирамжтайгаар ийм ТҮЦ оруулж ирж байгаа гэсэн ш дээ. Бадрал даргын гарын
үсэгтэй цаас ха­руул­сан. Зарим ТҮЦ эзэмшигчдээс тав, зургаан сая төгрөг хурааж
авсан. (Шуугилдац­гааж, хэн нь юу яриад байгаа нь мэдэгдсэнгүй. Ганц нэг хүн
“Манайхаан нэг нь ярья. Зэрэг зэрэг битгий шуугилд. Арай гэж нэг уулзаж байж.
Үр дүнгүй болчихвол яах юм” гэж байлаа).

Э.Бат-Үүл: Энэ чинь залилан­гийн хэрэг байна.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Гурав­дугаар
эмнэлгийн урд, “Ард” кино театрын буудал дээр “Киг” компанийнхан тэр ТҮЦ-ээ
байр­луул­чихсан байна лээ (“Киг” компа­нийн Хятадаас оруулж ирж байгаа 25 сая
төгрөгийн үнэтэй ТҮЦ-үүдийг хаана хаана байрлуулсныг хэлцгээв)

Э.Бат-Үүл: Энэ бүх асуудлуу­дыг хэлэлцэх төлөөлөгчдөө дундаа­саа
гаргаж өгөөрэй.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Бид Нийтийн
тээврийн зогсоолын үйлчилгээний цэгт ажиллагчдын Үйлдвэрчний эвлэлийн хороог
байгуулсан.

Э.Бат-Үүл: Энэ асуудлыг маш хурдан шийдье. Дүрэм
журамтай болоод авъя. Дүрэм журмынхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулъя.

Гэхдээ
би шаардлага дээрээ хатуу шүү.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Тэр тусмаа сайн.

Э.Бат-Үүл: Нэг юманд битгий эргэлзээрэй. Бидний ажиллаж байгаа
зарчим бол иргэддээ үйлч­лэх үүрэгтэй. Бид захирч, дарамт­лах ёстой юм биш. За
юу. Та нарыг хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлээд явж байхад бид нөхцөлийг нь хангах
ёстой. Үндсэн хуулинд ингээд заачихсан байгаа. Тийм учраас манай захиргаа
иргэддээ үйлчилдэг үйлчилгээний байгуул­лага болж байгаа юм.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Таны ингэж ярьж
байгаагаасаа ажил тэс өөрөөр явагдаад байна. ТҮЦ-ээ нураалгачихсан хүмүүс одоо
яах вэ. Бид стандарт батлаг­дана гээд л хүлээгээд байх уу.

Э.Бат-Үүл: Бид та нарт зөвлөж байна ш дээ. Уг нь нийслэлийн
Засаг дарга ингээд зөвлөөд бай­даг­гүй юм. Та нарын хуулийн мэдлэг үнэхээр
тааруу байна аа. Эвдэлж нураалгасан ТҮЦ-ийнхээ хохирлыг барагдуулахаар шүүхэд
нэхэмжлэл гаргасан уу.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
“Өд­рийн сонин”-д
болсон хэлэл­цүүл­гийн үеэр ирсэн албаны хүмүүс манайх ч мэдэхгүй, бид мэдэхгүй
гээд байсан.

Э.Бат-Үүл: Би та нарт ийм арга замаар явбал зүгээр юм гэж зөвлөж
байна. Дүрэм журам гар­чих­вал түүгээр л бүх юм явна. ТҮЦ-ийг буулгахаар болвол
шат дараал­сан арга хэмжээ авдаг байхгүй юу, уг нь. Түүнээс биш шууд очоод буль­дозердчихно
гэж юу байдаг юм.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Гурав­хан хоногийн
дотор л юутай, ийтэй нь бүгдийг нь хамаад хаячих­сан ш дээ. Анх Ардчилал ялаад
гарч байхад зурагтаар та ингэж ярьж байсан шүү дээ. Бүх дэлгүү­рүүд орой ес,
арван цаг гээд хаа­чих­даг байсан бол манай ардчил­лын буянаар ТҮЦ-тэй боллоо.
Одоо та гараад шөнө ч хамаагүй дуртай юмаа авдаг боллоо гэж ярьж байсан.

Э.Бат-Үүл: Миний ярьж байсан юмыг яасан сайн
санаж байна аа (инээлдэцгээв)

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Тоглоом биш шүү.

Э.Бат-Үүл: Тийм ээ. Тоглоом биш. Би тоглоогүй байна. Та нар
надтай хувийн гомдол, хувийн бодлоо яриад байх юм бол өнөө­дөржингөө л ярина.
Өмнө нь бид ингэж яриад тэр яриа хэрэгжээгүй, өнгөрчихсөн. Хоёр тийшээ салаад
явсан. Та нар ТҮЦ-ээ аваад үлдсэн. Та нар өөрсдөө мартсан шүү дээ.

ТҮЦ
ажиллуулдаг иргэд:
Мар­таагүй ээ. Бид
бүтэн жилийн турш явсан. Таны ажлыг доод албан тушаалтнууд тань цалгардуулаад
байна.

Э.Бат-Үүл: Би захиргааны нөхөдтэйгээ хариуцлагаа тооцно. Та нар
Үйлдвэрчний эвлэлтэй юм байна. Өргөдлөө хурдан гаргаа­рай. Ажлын хэсгээ
байгуулъя. Ингээд яриад суугаад байвал яриад л байна. Би одоо энэ асууд­лаар
Ажлын хэсгийн гишүүдтэйгээ ярих гээд байна. Тэдэнд ч алдаа оноо байна гэлээ.

Иргэд
өөрсдийнх нь асуудлыг шийдэхээр хүлээн авч нааштай хариу өгсөн Э.Бат-Үүл даргад
талархаж байгаагаа илэрхийлж алга ташсанаар уулзалт өндөрлө­сөн юм.

“Киг”
компанийн захирал Д.Мөнх­­­баттай холбогдож 25 сая төгрөгөөр зарж байгаа ТҮЦ-үү­дийнх
нь талаар тодрууллаа. Тэ­рээр “Э.Бат-Үүл даргын гарын үсэгтэй захирамжаар 24
цэгт ТҮЦ-үүдээ байрлуулаад байгаа. Тур­шил­тын журмаар байрлуулсан. Бид дөч
гаруй хүнээс ТҮЦ-ийн захиалга аваад үйлдвэрт хийлгэж байгаа. Захиалгаар үйлдвэрлүүлж
байгаа тэр ТҮЦ-үүдийг зөвшөөрөх­гүй гэвэл бид нар яах юм бэ. Би бор зүрхээрээ
яваа хүн. Хотоос ганц ч төгрөг аваагүй. Нийслэл хотынхоо хөгжилд зохих хувь
нэмрээ оруулах зорилт тавиад явж байгаа шударга зах зээлийн зарчмаар ажиллаж
бизнесмэн шүү. Хадгаламж зээ­лийн хоршоодыг хэсэг бүлэг хүмүүс дампууруулж
өөрсдөдөө ашигтай нөхцөл байдал үүсгэсэн шиг үйл­дэл манайх дээр давтагдах нь
уу гэж бодогдож байна” гэсэн юм.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Цогтбаатар: Их хурал ялалтын стратегийн суурийг тавих болно

МАН-ын Гадаад ха­рилцаа хариуцсан
на­рийн бичгийн дарга Д.Цогт­баатартай ярилцлаа.

-УИХ-аар улсын тө­сөв хэлэлцэж
байна. Танай намынхан нэ­лээд шүүмжлэлтэй хан­даж байгаа. Гэхдээ тэр байдал нь улс
орноо бодож байна гэхээсээ илүү удахгүй болох Их хурлаараа дарга болох гэсэн нөхдүүдийн
шоу юм шиг харагдаад бай­на. Та юу гэж бодож байгаа вэ?

-Манай намын бүлэг улс орныхоо хөгжил
дэвш­лийг сааруулахгүй байхыг эн тэргүүнд тавьж 
байгаа. Тиймээс аливаа асуудлыг дэмжих эсвэл шүүмжлэхдээ манайхан зөвхөн
улс орноо л бод­дог. Монголын эдийн зас­гийн өнөөгийн нөхцөлийг ажихад Засгийн газрын
үйл ажиллагаанд шүүмж­лэлтэй хандахаас өөр арга байхгүй. Ардчилсан намынхан ч өөрсдөө  шүүмж­лээд байгаа шүү дээ. Учир нь эдийн засаг
уруудах замдаа орчи­хоод байна. Иймд, сэтгэл зовнихгүй байх арга алга. Хэдхэн тоо
баримт аваад үзье л дээ. Өнгөрсөн жил 11 их наяд төгрөгийн хэмжээнд хүрсэн эдийн
засаг 17.5 хувийн өсөлт­тэй байсан. Гэтэл энэ өсөлт 11 хувь руу бууна гэдэг бол
бид бүтээж бо­лох байсан 600 орчим тэрбум төгрөгийн баял­гийг алдаж байна гэсэн
үг. Төрийн сүр хүчээр биз­несийг түрсээр бай­гаад гадаадын хөрөнгө оруу­лагчдын
итгэлийг алд­­чихаад байна шүү дээ. Жилдээ дөрвөн тэр­бум ам.долларт хүрдэг байсан
гадаадын хө­рөн­гө оруу­лалтын хэмжээ өнөөдөр хоёр дахин буур­чихаад байна. Алд­сан
хоёр тэр­бум доллар маань Мьян­март ажлын байр цалин хөлс болоод л явж байгаа байх
даа.

Үнэндээ гадаадын хө­рөнгө оруулагчдын
итгэл буурсаар Оюу Толгойн төсөлд ч сөргөөр нө­лөөлж эхэлсэн. 2009 оны эцсээр энэ
компанийн хувьцааных нь үнэ 30 ам.долларт хүрч байсан. Тэр үед манай улсын эзэмш­лийн
34 хувийн багц маань зургаан тэр­бум ам.долларт хүрсэн гэж болно. Гэтэл өнөөдөр
энэ багц дөнгөж хоёр  тэр­бум орчим ам.доллартай
л тэнцэж байгаа байх. Өөрөөр хэлбэл, бид ба­раг дөрвөн тэрбум ам.дол­лар алдчихаад
байх шиг байна.  Дээрээс нь Монгол дахь хөрөн­гөндөө
тулгуурлан гадаа­дын бирж дээр хөрөнгө босгосон бараг бүх ком­панийн хувьцааны үнэ
навс уначихлаа.  “Чалко”-гийн гэрээг шинэчлэх
гээд 20 сая тонн нүүрс гарга­даг байсан айл 10 хүрэх­гүй сая тонныг л гаргах болоод
байх шиг байна.

Мэдээж нүүрсний үнэ
унас­наас нэлээд алдаг­дал хүлээнэ. Экспортын хэмжээ нь нэмээд буур­чи­хаар давхар
цохил­тонд орж байгаа юм. Одоо­гийн буурсан үнээ­рээ ч гэсэн 20 сая тонноо болиод
10 сая тонн нүүрс гаргалаа гэхэд наад зах нь 300 гаруй сая ам.дол­лартай тэнцэх
орлогыг алдаж байна. Үнэ өсвөл алдагдал бүр өснө. Энэ бүх алдагдал зах зээ­лийн
хараат бус хэлбэлз­лээс биш харин засаг­лалын дутагдлаас болж байгаа юм. Энэ бүх
ал­дагд­лыг тооцоод үзвэл долоогоос дээш тэрбум ам.долларын гарз гара­хаар байна
шүү дээ. Юун нөгөө Чингэс бондын 1.5 тэрбум ам.доллар. Ийм их өр тавилгүйгээр өөрсдөө
болчихоор байж.  “Айлаас эрэхээр авдраа уудал”
гэдэг биз дээ. Мон­голыг 30 хувийн ядуурал­тай орон гэж үзвэл 900 мянган хүн бага
орлого­тойд тооцогдоно. Тэгвэл ийм их мөнгийг зүгээр алдаж байснаас хэрэг­цээт бүлэгтээ
хайр найр­гүй тараачихгүй яасан юм гэж харамсмаар байгаа юм. Тэгсэн бол нэг хүнд
8000 ам.доллар ногдо­хоор байсан. Сарын 21 мянган төгрөгөөрөө та­раа­сан ч хэдэн
арван жил тэр хишгийг хүртээхээр байсан шүү дээ. 

Түүнчлэн төсөвт тус­гагдсан
хөрөнгө оруу­лал­тын ажил дөнгөж 30 хувь­тай л байна гэсэн мэдээ байна. Тэгэхээр
цаана нь нийт төсөвлөгдсөн хөрөн­гө оруулалтын 70 хувьтай тэнцэх хүүгүй хөрөнгө
сул хэвтсээр байгаа гэ­сэн үг. Ийм байхад гад­наас хүү­тэй мөнгө зээлж хөрөнгө оруулаад
бай­гааг ойл­гохгүй юм. Бас төсвийн алдагдал нэг их наяд төг­рөг давсан гэсэн мэдээ
бий. 90-ээд оны сүүлээр манай ДНБ л ийм хэм­жээнд байсан юм шүү дээ. Талхаа талоноор
авч иддэг байхдаа бид чинь төсвийн ийм хэмжээний  алдагдалгүй байсан байх шүү.

Би эдийн засагч хүн
биш, тиймээс би багцаа тоо л ярьж байгаа юм шүү дээ. Харин эдийн засаг­чид дээр
дурдсан зүйл­сийг анхаарч үзээд ал­дагд­сан боломжийн өрт­гийн хамт нарийвчилсан
тооцоо хийвэл эвгүй л тоо гарах байх. 

-Танай намынхан
Их хурлаа хийх гээд бу­жигнаж, дуулиантай л байгаа бололтой. Гэх­дээ энэ хурлаар
юу ший­дэх вэ гэхээсээ илүү хэн хэн дарга бо­лох бол гэдэг нь хү­мүүс ч чухал байх
шиг байна…

-Олон түмний санаа
бодол гэдэг оломгүй да­лай шиг залуурдах арга­гүй эд л дээ. Дуулиан ихтэй байна
гэдэг нь үн­дэс­ний хөгжилд нөлөөлө­хүйц том нам гэдгийг л харуулж байгаа юм. Ма­най
намыг улс орноо хөг­жүүлж, ард түмнийхээ аж амьдралыг өөд татаж чадах нам гэдэг
итгэл үнэмшил олон түмэнд өндөр байдаг. Тэр ч үүд­нээсээ энэ удаагийн Их хурлаас
оновчтой үр дүн хүлээж байгаа байх. Хэн хэн дарга болох тухай яагаад хамгийн их
сонир­хоод байгаа юм. Энэ бол Монголд дарга нар л бүх­нийг шийдвэрлэж ирсэн өмнөх
тогтолцооны үеэс үлдсэн нийгмийн сэтгэл­гээтэй холбоотой байх. Амьдрал нэгэнт л
иймээс хойш ард түмэн улс орны  хөгжил хэмээх
гоё сэдвээр даргаа томилох санаагаа танай намынхан нуулгүй   шууд л “даргаараа хэнийг сонгох гээд байгаагаа
хэлчих” гээд асуугаад байх нь аргагүй. Олон түмэн гэлтгүй манай на­мын­хан, ялангуяа
залуу­чууд маань ирээдүйн удирд­лагын талаар илүү сонирхож байгаа нь ажиг­лагдаж
байна.

Гэхдээ бид дөрвөн  жилд  хуралддаг
Их хур­лаараа улс оронд тулгам­даад буй хурц асуудал, сорилтуудыг ярихгүй бол болохгүй
нь. Энэ нь хувь хүний асуудлаас хавьгүй илүү, хойшлуулшгүй чухал зүйл мөн. Иймд
бид юуны өмнө өнөөгийн нөх­цөл байдлаа нарийвчлан дүгнэж, өнгөрсөн сур­гамж, алдаа
онооныхоо дүгнэлтэд суурилан юуг, хэрхэн өөрчлөөд, ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ
эхэлж тодорхойлох нь чухал байгаа юм. Үүний үндсэн дээр сая өмнөө тавьсан зорилгоо
удирдлагын ямар багийн хүчээр хэрэг­жүүлж чадах вэ гэдгээ ярилцах учиртай. Манай
Их хурал энэ бүхнийг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Чухам та ямар
үр дүн хүлээж байгаа юм бэ?

-Санаа зовоосон, оновч­той
шийдчих юм­сан гэж бодож явдаг олон асуудал бий. Тэр бол­го­ныг ярина гэвэл цаг,
цаас их орно. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал, улс төрийн намуудын үйл ажиллагаа
аль аль нь нэг л явж өгөхгүй, мухардалд орсон юм уу даа гэж ажиг­лагддаг. Ардчилсан
нийг­мийн нэг онцлог нь ам­жилт, ололт нь хэнийх вэ, алдаа эндэгдэл нь юуных  вэ гэдэг нь ил тод, дүгнэлт өгөхөд амархан байдагт
оршдог шүү дээ. Өнгөр­сөн хорь гаруй жилийн хугацаанд манай нам дий­лэнхдээ төрийн
жо­лоог атгаж ирсэн ч гэлээ ажил үйлсэд нөлөөлсөн гадаад, дотоод хүчин зүйл их бий.
Ямар ч гэсэн  бид улс орны нийгэм, эдийн засгийн
өнөөгийн байдалд иж бүрэн дүг­нэлт өгөх ёстой. Тэгээд цаг алдалгүй эрчимтэй хөгжих
бодлогыг тодор­хой­лох учиртай. Намын ажлын тухайд гэвэл цаг үетэйгээ уялдуулан
үзэл баримтлалаа тодотгох хэрэгтэй. Дүрмээ цөөнх болсон үеийн үйл ажил­ла­гаанд
тохируулан ши­нэч­лэхдээ дотоод ард­чил­лыг хөгжүүлж, ёс зүйн хэм хэмжээг тогтоож,
на­мын анхан шатны бай­гуул­лагыг бэхжүүлэх 
олон асуудлыг чухалчлан авч үзээд шийдвэрлэх нь зүйтэй гэж боддог. Манай
нам ёс суртахуун, эв нэгд­лийн огт өөр түвшингийн манлайллыг намын до­тоод үйл ажиллагаандаа
болон нийгэмдээ нэвт­рүү­лэ­хийн төлөө зүтгэх цаг болж.

Ер нь анхан шатны
байгууллага жирийн ги­шүүдээ сонгуулийн үед л нэг ашиглаад, дөрвөн жил мартчихдаг
гажууд­лыг арилгах ёстой. Ма­най намын удирдлага болоод жирийн гишүү­дийн амьд холбоо
зарим тохиолдолд тасарчихаад байгаа мэт санагддаг. Өөр нэг гажуудсан асуу­дал бол
боловсон хүч­нийг шилж сонгох, өсгөж бойжуулах, үйл ажилла­гаанд нь бодитой үнэ­лэлт,
дүгнэлт өгөх ажилд оршиж ирсэн дутагдал юм. Бүхнийг бэлтгэгдсэн боловсон хүчин л
шийд­вэрлэж чадна. Аливаа сонгуульд ч, албан ту­шаалд ч хүнээ оновчтой сонгож чадаагүйгээс
ам­жилт олохгүй байх, албан тушаалд хүрсэн нөхөд маань намын хамт олны итгэлийг
хөсөрдүүлэх яв­дал газар авсан нь боди­той үнэн. Уг нь хүнийг таних ч амархан л
даа. Зөвхөн манай намын шийд­вэр гаргах меха­низм, хүн сонгох шалгуур үзүүлэлтүүд
байгаа дү­рэм журмаа хэрэгжүүл­сээр ирсэн практик зэр­гийг боловсронгуй болгох шаардлага
бий. За тэгээд хамгийн гол асуудал бол дотоод эв нэгдлийг хан­гах явдал юм. Эв нэгд­лийн
төлөө элдэв фракц, хувийн үзэл бодлоо хойш тавьж, нэг­дэн ажиллавал манай нам шиг
хүчтэй улс төрийн хүчин байхгүй л дээ. Товчхон хэлэхэд бид Их хурлаараа 2016 оны
сонгуульд ялах страте­гийн үндсийг тавих ёстой л гэж бодож байна.

-Ардын намын дар­га,
генсекээр тэр болох нь  гэдэг мэдээлэл биш­­гүй
цацагдаж байна. Хэдийгээр таны нэр ген­сект дуул­даж байгаа ч  өөрөө өнөөд­рийг хүр­тэл чимээ­гүй байлаа?

-Би өмнө нь хүчээ
со­риод үзсэн. Тэгээд үзүүр­лэсэн. Бөх хүнээр бол өвдөг шороодчихоод хаш­­­рах байсан
юм бол  эхнээсээ барилдахын ч хэрэггүй биз.
Түүнтэй л адил шүү дээ. Тиймээс би дахиад “зодоглоод” үзнэ. Манай нам сүүлийн хэд
хэдэн сонгуульд амжилт гаргаж чадаагүй. Хот, хөдөөд намын ажил олон талаар хүндэрлээ.
За тэгээд сөрөг хүчин болж ажиллах туршлага дут­маг, эгзэгтэй энэ үед на­мын гол
ажлыг нугалдаг генсекийн албыг хашна гэдэг амаргүй. Мэдээж  хүч чадал сорьсон ажил. Тийм байхаас ч аргагүй.
Ялангуяа  2016 оны УИХ-ын сонгууль араас нь  үргэлжлэх хэд хэдэн сонгуульд намаа ялуулах  хөрс суурийг ирэх хоёр жилд тавихын тулд хүн бүхнээс
хүчин чармайлт шаардах нь дамжиггүй.

-Д.Цогтбаа­тар
ген­секийн ажилд хэтэрхий зөөлдөнө. Улс төрийн туршлага муу­тай, дип­ломат хүн энэ
ажлыг хийж чадахгүй гэсэн дүгнэлт таныг да­гаж, басах хандлагатай байх шиг байна.
Та юу хэлэх вэ? 

-Аядуу зөөлөн гэдэг
чинь миний “өнгөлөн далд­лалт” байхгүй юу. Цааш нь битгий хэлээрэй. Монгол Улсын
дипломат албаны онцлог бол бид  өөрөөсөө бүх
талаараа (хөрөнгө мөнгө, хүн ам, улс төрийн нөлөөлөл, шинжлэх ухаан техни­кийн чадавхи,
зэр зэвс­гээрээ) харьцуулшгүй том улс орнуудтай ажиллах  шаардлагатай болдогт оршдог. Тийм учраас  дип­ло­­матууд оюун ухаан, шазуур залиараа энэ
дут­маг байдлыг тэнцэт­гэж ажилладаг юм шүү дээ. Манай нам сөрөг хүчин болчихсон,
хөлийн тэнц­вэр нь суларчихсан, бас дотроо хуваагдчихсан байгаа энэ үед харин ч
аливаа зүйлийн эвийг олж, учраа ололцдог дип­ло­мат хүний ур чадвар илүү хэрэг болж
ч болно.

Надад намын ажлын
ч, төрийн ажлын ч турш­лага бий. Төрийн ажил хийж явсан туршлага гэвэл улсын хэмжээний
хоёр салбарын удирдла­гад байлаа. Ерөнхийлөг­чийн зөвлөх, төрийн нарийн бичгийн
дарга, сайд зэрэг албан тушаа­лыг хашиж явлаа. Га­даад харилцааны сал­барт ажиллаж
байхдаа Далайд гарцгүй орнуу­дын судалгааны хүрээ­лэнг Засгийн газар хоо­рондын
байгууллага хэл­бэртэйгээр Улаанбаатар хотод байгуулах санаа­чилгыг гаргаж, 33 орноор
зөвшөөрүүлж байлаа. Энэ бол Улаанбаатарт төвтэй олон улсын анхны байгууллага болох
юм шүү дээ. Мөн гадаад бод­логыг эдийн засагжуулах хө­төл­бөр, баримтад суу­рилсан
шийдвэр гаргах тог­тол­цоо, Монгол, Аме­рик, Японы гурван талт зөв­лөлдөх уулзалт,
ЗХА-ийн тогтвортой байдлыг хан­гах бодлого, арга хэмжээ­нүүд гээд миний өөрийн санаачилсан
олон зүйл ажил хэрэг болон үргэл­жилсээр л явна. Мянганы сорилтын сангийн хөтөл­бөрт
Монгол Улсыг хам­руулах, Хөшигтийн хөн­дийн нисэх онгоцны буу­дал, нисэхэд байрлах
спорт цогцолборыг барьж эхлүүлэх зэрэг олон шийд­вэрийг холбогдох орны засаг төрөөр
дэм­жүүлэн гаргуулж л явлаа. Тамхины наймаа гэх дип­ломат албанд суурьшаад байсан  сөрөг үзэгдэлтэй шинэлэг үр дүнтэй арга хэрэгслээр
хатуу тэмцсэн туршлага ч бий.  Үүний үр дүнд
намайг Төрийн нарийн бичгийн дарга байхад Гадаад хэргийн яамны үндсэн дипломат хамт
олноос нэг ч хүн тамхи зөөсөн хэрэгт холбог­доогүй шүү. Яриад байвал олон юм бий
дээ. Байгаль орчны сайдаар ажиллах хугацаандаа ч олон зүйлийг шинээр эх­лүүлж, шийдэмгий
шийд­вэ­рүүд гаргаж байсан. Ингэж гаргасан шийдвэ­рүү­дийн зарим нь мөнгө­тэй хүмүүст
таалагддаг­гүй л байсан. Сайд байх­даа бат­луулсан багц хуу­лиуд Мон­голд ногоон
ши­нэ эринийг эхлүүлсэн.  Хуу­­лиуд багцаараа
бат­лаг­­­даж байсан нь Мон­го­лын парламентын түү­хэнд анх­ных юм байна лээ.  

-Намд ажилласан
туршлага гэвэл…

-2003 оноос намын
өндөр албаны хүмүүстэй ажиллаж ирсэн. Тэдний нийгэмд, намын хамт олонд болон олон
улсад хандсан бодлого үйл ажил­лагааг зохион бай­гуулж, хэрэгжүүлэхэд  гар бие ороцож байлаа.  Эдгээр нь бүгд л улс төр тэр дундаа манай намын
нэр хүнд, улс төрийн өнгө төрхийг зөв харуулахад чиглэсэн арга хэмжээнүүд байсан.
Ер нь сүүлийн арваад жилийн турш ма­най намын зүгээс бо­ловс­руулсан томоохон бодлого,
хөтөлбөрийн баримт бичгүүдийг бо­ловс­руулахад оролцож байсан. Аливаа намын нийгэмтэй,
сонгогчидтой харьцах гол механизмуу­дын нэг нь энэ шүү дээ.  Бичиг баримт боловсруу­лах, бодлогын үндэс­лэ­лийг
бэлдэх ажлыг ну­руун­­даа үүрч явдаг  хүн
нам дотор олонгүй бай­даг гэхэд болно. Сонгуу­лиас сон­гуульд бо­ловс­руулагддаг
мөрийн хө­төл­бөрүүд түүний суртал­чил­гаанд бүгдэд нь орол­цож ирлээ. Чин үнэнийг
хэлэхэд энэ намын хар, бор ажилд өөрийгөө дай­чилж явлаа.  Ард түмний мөрийн хө­төлбөрийн үнд­­­сийг бо­ловсруулсан
10 залуу­гийн нэг болсон­доо ч баяртай байдаг шүү. За тэгээд намынхаа төлөө жагсаал
цуглаан ч зохион байгуулалцаж, бас орол­цож явлаа. 

-Таныг  жагсаал, цуг­лаан зохион байгуулсан гэхээр сонин
сонсогдож байна л даа?

-2006 он бол улс төрийн
нэлээд идэвхтэй жил байсан. Тэр үед олон жагсаал цуглаан зохион байгуулагдаж байлаа.
Залуучуудын холбооны­хоо удирдах зөвлөлийн гишүүний хувьд бүх жаг­саал цуглааны
бодлого, хэрэгжилтэнд биечлэн оролцож явсан. Намын байр руу дайраад туг шатаачихсаныг
эсэргүү­цэж, хувийн хамгаалал­тын салбарт ажилладаг  найз нарыгаа дагуулж ирээд холбооны залуу­чуудтайгаа
хуучнаар “Лени­ний музейн” бай­ранд цуглаж, шөнөжин хуралдаж л байлаа. 

-Та МАН-ын Гадаад
харилцаа эрхэлсэн Нарийн бичгийн дарга. Энэ ажлыг авснаас хойш юу хийж амжуу­лав?

-Тодорхой ажлууд хий­­сэн
шүү. Өнгөрсөн оны намар Йоханнес­бург хотод чуулсан Со­циалист Интернацио­на­лын
хурлаас манай намын хоёр гишүүн уг байгууллагын удирдах өндөр албан тушаалд сонгогдлоо.
УИХ-ын ги­шүүн Сү.Батболд энэ бай­­гууллагын дэд ерөн­хийлөгчөөр, манай бага хурлын
гишүүн Д.Энх­жаргал Социалист Ин­тер­националын эмэг­тэй­чүү­дийн байгууллагын дэд
ерөнхийлөгчөөр сон­гогдлоо. Энэ байгуул­лагын Дэд ерөнхийлөг­чөөр ажиллаж буй хүмүү­сийн
дотор өөрийн улсын төр, засгийн тэргүүнээр ажиллаж буй олон хүн бий. Манай нэр дэвшигч
Пакистан,Непал,Иракийн төр засгийн тэргүүний алба хашиж буй хүмүүс­тэй өрсөлдөж
ялсан. Үүнд их л ажил орсон.  Дэлхийн 168
орны со­циал-демократ үзэл ба­римтлалтай улс төрийн нам, олон нийтийн бай­гууллагуудыг
нэгтгэсэн энэ байгууллагад манай нам арваад жил гишүүн­чилсэн ч ийм төлөөлөл­тэй
болоогүй байсан. Одоо энэ боломж нээгд­лээ.

-Та Сү.Батболдын
Засгийн газарт сайдаар ажиллаж байсан. Тийм болохоор тэр үү, таныг түүний хүн гэж
хардах нь бий. Та өөрөө юу хэлэх вэ?

-Би Н.Багабанди Ерөн­хийлөгчийн
зөвлө­хөөр ажиллаж байсан. Тэр үед намайг түүний хүн л гэдэг байсан. Дараа нь Н.Энхбаяр
Ерөнхий­лөгчийн зөвлөхөөр ажил­лаж байлаа. Бас л түүний хүн гэдэг байсан. Сү.Бат­болд
даргыг дэд сайд байхаас нь хамтарч ажил­лаж байсан. Бас л түүний хүн  гэдэг. Манай залуучуудтай намайг хам­татган  шүүмжилмээр болохоороо намайг МАСЗХ-ны хүн л гэдэг.  Цаашид өөр олон хүн, байгууллагатай  ажиллах байх даа. Тэр тоолонд тэрний хүн, энэний
хүн гэж яригдах байлгүй.  Энэ ярианууд намайг
ажил­лаж байгаа хүмүүстэйгээ эвсэг, хэл амаа ололцож урт хугацаагаар хамтран ажиллаж
чаддагийг харуулж байгаа болов уу. Гэхдээ хэн нэгний удирд­лагад ажиллалаа  гээд шударга зарчмыг умар­таж, аялдан дагал­даад
бусдаар  дөрлүү­лээд бай­­­даг­гүй гэдгээ
л хэлчихье.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Пунцагийн Бадарч: Уйлж дуулж, уярч хайрлаж, асч дүрэлзэж явсан он жилүүдээ бодохоор…

Монгол Улсын
ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн яриаг үргэлжлүүлэн хүргэж бай­на. Буурал
найрагчтай хүүрнэ­сэн ярианы эхний хэсэг өнгө­рөгч баасан гаригийн 253(4580) дугаарт
хэвлэгдсэн билээ.  

-Таныг айлын өргөмөл
хүү гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ. Тэр тухай та ярьдаг л даа. Гэхдээ дахиад л сонирхмоор
байна?
  

-Миний төрсөн эцэг
Молом цэрэгт мордоход, эх Дураал тулгар биетэй залуу бүсгүй хоцорсон юм гэнэ лээ.
Энэ бол 1939 оны намар оройн явдал. Эгч Цэенхорлоо “Миний дүү анхны цаснаар төрсөн,
цагаан сар гэхэд нэг муухан инээ­мэр аяддаг болсон” гэж нэгэнтээ өгүүлсэн. За даа,
ямар чиг байсан би гэдэг хүн хуучнаар Түшээт хан аймгийн Боржигон Цэц вангийн хошуу,
одоогийн Төв аймгийн Нял­га буюу Баянжаргалан сумын нутаг Хэрлэн голын баруун их
ай савд мэндэлсэн байгаа юм. Төрөөд удаагүй байсан намайг Хан Хэн­тийн аймгийн Батноров
чигийн хүн, харуулын гэгдэх Пунцагийнд өр­гүүлсэн байна. Үрчлэн авч энгэртээ нааж
өсгөсөн ачлалт ижий Цэгмид маань намайг хонины шарласан нэхийд боож хормойлоод гэртээ
харьж байсан гэдэг. “Ээж нь хүүгээ авчраад сар ч болоогүй байхад, нэг орой аргал
түүж яваад энэ хөөрхөн бурханыг олсон юм” гээд нэг гартаа бадар аяга барьсан хуруун
чинээ­хэн Бурхан багшийн хүрэл цутгам­лыг 
өгч билээ. Би одоо ч хадгалан, биенээсээ салгалгүй зүүдэг.

-Аав тань юу эрхэлж
байсан хүн бэ?

-Манай нутагт эсгий  мухлаг буюу сүйх тэрэгтэй айл хоёрхон байсны нэг
нь манайх, нөгөө нь Цэдэн гуайнх. Энэхүү мух­лаг тэрэг Хэнтий чигийн хийцсэн үү,
эсвэл ээж аав хоёр минь олон хүүхэд өсгөхийн совингоор нөгөөх харуул Эрээнцаваасаа
тэмээн хөллөгөө хөлөргөн өчнөөн уул, ус гэтлэн өнхрүүлж ирсэн эд юмсан уу, мэдэхгүй.
Цаг төрийн цөвүүнд цав суусан сэтгэлээ өвгөд эмгэд ямар дэлгэх биш. Яагаад тал нутагт
манайх ганцаараа тийм сүйхтэй байв гэж ааваас би шалгаагүй. Ер нь тэгээд аавын минь
намтар бүр­хэг. Сүүлд би сургууль соёл ажил төрөл гэхүйд гурван үеийн намтар шалахад
аав хэдэн үг унагасан нь “Багадаа Чойр, ганданд шавил­сан, ардын засгийн анхны жилүү­дэд
эдүгээ Баянцагаан суманд багийн дарга, дөчөөд оны сүүлч тавиад оны эхээр Баян­жаргаланд
малын эмч” гэсэн юм. Аавыг мал эмнэлгийн санитор байхыг би мэдэх юм. Тэр үеийн нэг
хөгтэй явдлыг дурсъя л даа.

-Тэгээч хө?

-Аав нэг өдөр сумаас
ирэхдээ холбоотой богцоороо дүүрэн ма­лын эм тариатай ирлээ. Ээж цай чанаж, би богцыг
нь уудалтал аав “Энэ бол норовсулпзол, пирмодон, анилгин, батлийзол” гэгчлэн ялга­лаа.
Тэгтэл нэг сонин халууны шил гарч ирэх нь тэр. Аав буцалж байгаа цайны халуун үзэхээр
шилийг дүртэл пяд гэж чимээлээд олон жижиг бөмбөлөг сүлээгүй цайн дээр хөвдөг байгаа.
“Ээ харла” гэж уулгалаад хаман авч цацчихаад цайгаа сүлсэн юм даг. Ээж минь үлээгээд
ч юм уу,  тарнидаад ч юм уу “хоргүйжүүлсэн”
биз. Тэр цайг ууснаас хойш би лав л жар гаруй жил амьд явна даа.

-Танай сумаас улсдаа
зартай
уяач, удамт
хүлгүүд төрсөн дөө?

-Аав минь уяа морьдын
тоосон дунд явсан хиймортой эр. Ардын хувьсгалын 25 жилийн ойн наад­маар Маршал
манай уяан дээр ирсэн юм гэнэ лээ. Төв аймгийн Нялга-Баянжаргалангаас дулаан Дамдинжавын
буурал, Галын хү­рэн, Даваанэрэнгийн хүрэн халзан гээд цуутай хурдан хүлгүүд баяр
наадмын чимэг, олон олон түрүү магнай болсныг түүх гэрчилнэ. Энэ алдарт уяачид аавын
анд танилууд байв. Ингэхэд манай аав ер агадж тэвддэггүй хүн байлаа. Нүүдэл суудал
болоход манайх л айлуу­даас хамгийн сүүлд хөдөлж, буухад бас л хамгийн сүүлд төвхнөж,
цагаан сараар айлын битүүлэг зөрөхөд манайх тахилаа ч өрж  дуусаагүй, буузаа ч жигнээгүй мунгинаж байдаг
сан. Тэгэвч үйлс бүхэн нь сайн сайхнаар бүтдэг буянтнууд байж дээ. Аав ээж хоё­рынхоо
хүүхдээ загнах, хоорондоо тар тур хийж байхыг нь би л лав мэдэхгүй. Ээжийг нас элэхэд
аав минь “Жаран жил ханилсан юмсан­даа, хөөрхий минь” гэж эхэр татан жаахан тайвшраад
“цаад шөнө би хөгшинтэйгээ хоёул ижилхэн ца­гаан морьтой майдар үзэж явна гэж зүүдэлсийм,
хагацахыгаа бас ин­гэж зүүдэлдэг юм байж дээ” гэж билээ. Би аав ээжийнхээ дурсгалд
“Хөөрхий”, “Эхийн сэтгэл” шүл­гүүдээ зориулсан даа.

-Сургууль соёлын
мөр хөөсөн үеэ дурсахгүй юу?

-Тавин гурван он буюу,
манай сумынхнаас харалган Жамбал гуай бид хоёр л гашуудан уйлж маршал Чойбалсан
“эцэг”-ээ алдсаны хой­тон жил би сургуулиа төгсч, дөрвөн аргын тоо нэмэх хасахтайгаа,
улирч хөөгдөлгүй, хоёр яс салсан ухаантай. “Чи мал маллах хүн биш, сургуульд яв.
Ах чинь цэргээс ирээд айл гэр болчихлоо. Эгч чинь гэрээ санаад урлагийн сургуулийг
орхиод ирлээ. Чи л хойшоо сургуульд яв” гэж аав хэллээ. Энэ “хойшоо яв” гэдэг үг
надад сонин санагдаад байдаг юм. Зөвхөн зүг чигийн хойшоо ч бас биш юм аа. Хойд
зүгт л шинэ цагийн эрдэм ном буй гэсэн давхар утгаас гадна Алтан гадас, Долоон бурх­аны
зүг юм. Тэгээд аавынхаа хэлс­нээр намрын халуун өдөр хөх ногооны униар тасраагүй,
морин зэрэглээнд тэмээний бөх тэнгэр тулах “Боржигоны бор тал”-аасаа Төгрөг нуурын
зүүн дэнж дээр гүүгээ барьсан цагаан гэр, сэтгэлд хир, биед сорви суулгалгүй өсгөсөн
ижий аав, эгч дүүсээ бүгдийг ну­лимс­тай орхиод сумын шуудан­гийн “Булуу” тэргэнд
сууж одсон доо. Дөрөвдүгээр анги хамт төгссөн зургаан хүүхэд явж билээ. Тэдэн дунд
хожим нь төрийн шагнал хүртсэн мэс заслын нэртэй эмч Дондов маань явж байсан сан.
Аав малын эмч Сэрээжаваас орос цэргийн даргын ширэн цүнх хо­ниор авч өгснийг хэлэх
үү, би гэдэг хүн сумынхаа Жамц төлөөлөгч шиг жигтэйхэн ганган амьтан явж бай­лаа.
Ингээд л бага балчир цагаа бодохоор өчигдөр юм шиг л са­нагдаж байна.

-Цоодол гуай, Сүрэнжав
гуай гээд та бүхэн ус нутгийнхаа өвгөд хөгшдийг уран зохиолын баатар шиг дурсдаг.
Бүр нэг дэргэд авчраад яриа хөөрөө, инээд наргиантай нь хүмүүсийн сэтгэлд үлдээж
орхих нь бий. Тийм л хөгшдийн тань тухай асуумаар байх юм?    

-Ав Буян гуай гэж
сайхан хөгшин байлаа. Одоогийн оношоор бол тал цус харвасан юм дагуу даа, тал бие
сулдуу их биерхүү, морьтой явж байхыг нь ажихад морь нь зургаан хөлтэй юм шиг харагддаг
сан. Гуншаадуухан дуутай, Долгорын Нямаагийн шүлэгт гардаг шиг хутга зүүсэн, гэзэг
сүлжсэн том улаан өвгөн. Ав гэдгийн учир нь чонын анчин Рааш гэдэг шиг чонын эрлэг
байж шүү. Би Буян гуайд их хайр­тай. Тэднийх манайхаас баруун­тай­гуур буюу Наранбулаг,
элэгний рашаан, Оорцог, Умбийгаар ну­таглана. Оорцогийн худгийн хон­хор дүүрч байвал
алаг голдуу адуугаа бүрэн байна гэж санаа нь амарна. Мундаг заргач хүн. Хааяа хааяа
лүгхийсэн том хар юм ирэ­хээ­рээ “Суман дээр шүүх “порхиор” ирж гэнэ, тэдэнтэй очиж
зар­гал­дана даа” гэж явдаг сан. Буян гуайн хөлсний алчуур гэж тийм гэхийн тэмдэггүй
тас хар юм байна даа. Тэрхүү “хар юм”-ныхаа буланд хэдэн ёотон, атга үзэм зангид­чихсанаа
надад өгнө. Миний Буян гуайд сайн байдгийг учир тэр л дээ. Мөн атигар Сайнбаяр гэж
өвгөн байлаа. Дандаа л хашгичиж, гуу­гачиж явдаг сан. Нэг удаа манайд ирээд гэрийн
гадна, морин дээ­рээсээ аавыг сураглалаа. Ээж “мэдэхгүй ээ” гэхэд, чи яахаараа мэддэггүй
юм гэж загнах аястай шүү. Тэгэхээр нь би тэрэгнээс уяатай байсан сонор гэдэг том
хар нохойгоо тавиад Сайнбаяр гуайн хойноос туу гэчихлээ. Сонор хар хурхийн морийг
нь өсгийлдөн хазаад, сүүлнээс зуураад өвгөнийг “нисгэчихдэг” байгаа. Сүүлд би нутагтаа
очоод Сайнбаяр гуайгаа­саа өршөөл эрье гэтэл уулсаа дэрлэчихсэн байсан даа. Бундуу
заан гэж бас л домог болохоор нөхөр байж билээ.

-Бас л танай Баянжаргалан­гийнх
уу?

-Тэгэлгүй яахав. Уг
нэр нь Буян­тогтох, заан гэдэг бөхийн цол бус тэнгэр мангар гэсэн утгатай гооч шоочийн
өгсөн нэр л дээ. Тэрээр хаанаас сурсныг бүү мэд, нэг их сайхан цуйван хийдэг сэн.
Цагаан сараар битүүлэг зөрүүлэхэд тэд­нийхээс цуйван л ирнэ. Бундуу үнэхээр тэнэг
хүн л дээ. Гэхдээ их ганган тэнэг юм аа. Наадмаар дэлийг нь сумлан зассан сайхан
хар морь унаж, нанжин гахай гөлөмтэй найман даруулгатай, мөнгөн хяртай эмээл тохож,
урт хулсан ташуур барина. Нэг удаа Бундуу ташуураа гээчихээд “миний дагуур алга,
дагуур алга” гэхэд нь аав ойлгохгүй уцаарлан, хот айлаа­раа өдөржин самнан байж
олсон юм даг. Бүх насаараа л ханьгүй явсан. Ер нь тэгээд хэн ч Бундуутай суухав
дээ. Би түүнд хайртай, нутгийн залуус даажин хийхэд нь зэвүүцэж, Бундуугаа өмөөрөн
зарим нэгнийх нь олмыг суллаж дараа нь алуулах шахдаг сан. Ийм л сайхан өвгөдөө
үе үехэн үгүйлэх юм аа. Хааяа уулзаж ярилц­маар, хацраа өгч үнсүүлмээр болох юм.
Гэтэл тэд минь аль эртээ буцчихсан байдаг. “Пунцагийн дэлдэн шар” наян нас руу хэвий­чихээр
арга ч байж үү дээ.

-Та чинь “Нууц
товчоо”-ны 750 жилийн ойн яруу найргийн наадамд түрүүлсэн. Хэрлэнгийн хөдөө аралд
Бат-Эрдэнэ аварга та хоёр л босоо байсан даа?

-Манайд хаанаас хэдийд
хэн авчирсныг бүү мэд, 1946 онд хэв­лэгдсэн хөх саарал хавтастай худам монгол үсгийн
Нууц товчоо байж билээ. Тухайн цагт хоршоонд ноос тушаасны мөнгөнд ном да­гуулж
өгдөг байсийм. Ийм замаар аав минь авчирсан болов уу. Эгч бид хоёр түүнийг уншиж
чадахгүй учир айлын хүн сөөдөг Дагва гуайгаар дуудуулна. Тэр хүн уг нь миний эцэг
Моломын ах юм. уг гарвал нь түвдээс нүүж ирсэн цагаач гэдэг. Үнэн худлыг нь хэн
мэдлээ. Үнэн бол би түвд ястай боржигон цустай болох шүү. Ер нь тэгээд ч нүүж ирсэн
түвд ястнууд Монголд нэлээд бий. Миний мэ­дэхийн алдарт зураач Намхай­цэрэн, зохиолч
Соронзонболд нар байна. Тийнхүү сөөнгө Дагва гуай­гаар дуудуулж суусан Нууц товчоо
минь надад ивээлээ хайрласан нь “Нууц товчоо” гэдэг шүлэг л дээ.

-Өмнөх ярилцлагадаа
“Есөн эрдэнийн орон” тэргүүт шүл­гүүдийн чинь тухай багагүй ярь­сан. Гэхдээ танаас
асуулгүй өнгөрч боломгүй хэд хэдэн сай­хан дуу бий. Ухаандаа, Дандар баатарт зориулсан
“Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа” гэж дуу байдаг. Ингэхэд Дандар гуайтай
та их ойр байжээ?

-Тавин нэгэн оны зун
аав ээж­тэйгээ Жанчивлангийн рашаан хүртэхээр нутгаасаа гарч явтал замдаа Төв аймгийн
Баян сумын наадамтай учирлаа. Уг наадмын шуугиан нь Дандар баатар, Хөхөө начин хоёр
барилдахаар ирсэн сураг байв. Арванхоёр настай хүү надад домогт Дандарыг харах хүсэл
гозолзолгүй хаачихав. Тэгтэл наадмын хоёр дахь өдөр Дандар баатрыг морьтой залуус
дайрч хөлийг нь бэртээсэн гэж дуулдав. Тэгээд барилдаагүй юм билээ. Наадам тарсны
орой бид олны хөлөөс зайдуухан гарч хонь гарган гэдсийг нь чанаж байтал морин төвөргөөн
тачигнаж, яах ийхийн зуургүй өнөө Дандар баа­тар чинь Хөхөө начны хамт ороод ирдэг
байна шүү. Аав архи за­даллаа. Гэтэл Дандар баатар ээжийн эгч хөгшнийг заагаад
“Би ийм ээжтэй байсан хүн. Нэг ч удаа болов амар заяаг нь үзүүлээгүй дээ. Дандаа
л дайтаж, байлдаж сэт­гэлийг нь шархлуулж явлаа” гээд уйлдаг юм. Тэгж анх Дандар
гуай­тай уулзаж, Монголын домог бол­сон баатар эрийг жаахан хүүхэд адил уйлахыг
нь нүдээр харсан хүн. 1976-1993 оны хооронд Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгад Утга
зохиолын эрхлэгч гэдэг албыг хашиж байх үедээ Дандар баа­тартай хөдөө аймгуудаар
олон явсан. Тэр тухай­гаа би “Дандар баатрын морин жолооч явлаа” гэж бичсэн түүхтэй.    

-“Унаган хайр”-аас
улбаа­лаад олон чиг дууны хөгжим бичсэн Гаадангийн Алтанхуяг таны “Цэцэгчний хүслэн”-д
бас л аатай ая хийсэн дээ?

-Наад дуу чинь их
сонин бүтсэн түүхтэй. “Цэцэгжүүлэх комбинат” ч билүү, тийм нэг байгууллагын хүүхэн
над дээр ирдэг юм. Нэрийг нь Энхцэцэг шиг санагдах юм. “Цэцэгчний тухай дуу хийгээд
өгөөч. Манайхан АСК-ын тэмцээнд оролцох юм” гээд ирдэг байгаа. Би уурлалаа. “Ах
нь тийм шүлэг бичиж чадахгүй ээ, ер нь тэгээд намайг зүгээр нэг АСК-ын шүлэг бичдэг
нөхөр гэж чи бодоогүй биз дээ” гээд жаахан адарчихлаа. Өнөө Энх­цэцэг маань бас
дуугүй байсангүй, та юун сүртэй юм. Нэг шүлэг бичээд л өгнө биз дээ гэдэг юм. Ингээд
хоёулаа хэрэлдэх дээрээ туллаа шүү. Үнэн сэтгэлээсээ гуйгаад байхаар нь падааны
цаасан дээр

“Алтан нарны цацрал
атган

Ариун хөрсөнд соёолон
найгасан

Амьдрал жаргалын
гэгээн бэлгэдэл

Алаг цэцэгс мөнх
дэлгэрэг

Энхэрхэн дэлбээг
чинь тааланхан

Эхийн хайраар чамайг
ургуулсан юм

Хаврын үдэш залуус
учрахдаа

Хайрын болзоонд
чамайг өргөнхөн

Сайхан үнэрт чинь
сэтгэл баясан

Саруул орчлонд
жаргаж яваг аа”
гэсэн
хэдэн мөр бичээд өглөө. Өнөөх маань аваад явсан. Харин яаж яваад Алтанхуягт оччихсон
юм, “Таны энэ шүлгэнд би ая хий­чихлээ. Та нэмээд нэг бадаг бичээд өгөөч” гээд ирж
билээ. Удаа ч үгүй “Цэцэгчний хүслэн” дуу төрж Дар­ханы соёлын ордны залуухан дуучин
Энхбатын дуулснаар ний­тэд түгсэн дээ. Энхцэцэгтэй хэ­рэлдэж байж бичсэн хэдэн мөр
ийм сайхан дуу болоод үе үеийн за­луусын сэтгэлд явна чинээ бо­доогүй л байхгүй
юу. “Хонгор нутгийн түмэндээ” гэсэн дуу маань ч ийм л түүхээр бүтсэн дээ. Манай
Хаянхярваагийн хөгжим шүү дээ. Хаян бид хилийн цэргийг сурталч­лах ажлаар Баянхонгор
явах гэж байтал манай хүн “нэг дуутай очих юмсан” гээд болдоггүй. Эхэндээ би дургүйлхлээ.
“Жалга болгон жасаа­тай гэдэг шиг аймаг бүхэн дуутай байх хэрэг үү, ёстой донгосно
биз” гэсэн юм л бодогдоод явчихлаа. Манай хүн бол намайг жаахан чаргуулдах янзтай.
Тэгэхээр нь найзынхаа урмыг бодъё доо гээд “Ганцхан насанд заяасан

Урсгал тунгалаг
Байдрагтаа

Газар үнэрлэн гүйсэн

Унаган хүлэг шиг
ирлээ

Хослон цэнхэртэх

Хангай говийн

Хонгор нутаг

Хонгор нутаг минь
ээ

Хосгүй тандаа хайртай” гэх мөртүүдийг билльярдны ширээн дээр
ум хум бичээд орж байлаа. Бараг л хонгор нутгийн сүлд дуу болсон байх шүү.

-Тантай ийн хөөрөлдөөд
дуу­сашгүй, ёстой л нөгөө булгийн ус ундарна гэдэг шиг. Ичинноров эгч та хоёр эрх
охин Бүжин­гийнхээ хүүтэй, басхүү ангир гэдэг мууртайгаа дөрвүү­лээ дулаахан амьдарч
байна. Энэ тухай өмнөх ярилцлагадаа өгүүлсэн нь бий. Гол нь өглөө хэдийд босч, орой
хэдийд унтаж буйг тань сонирхох гэсэн юм. Мөн сүүлд ямар бүтээл туурвиж байгааг
тань…?

-Ах нь дурсамжийнхаа
номыг бичиж сууна аа. Би чинь энэхэн насыг туулахдаа хичнээн ч сайхан хүмүүстэй
сэтгэлийн садан явсан юм бэ дээ. Тэр тухайаа л бичиж байна. Ер нь тэгээд уйлж дуулж,
уярч хайрлаж, асч дүрэлзэж явсан он жилүүдээ бодохоор өөрийн эрхгүй хоёр нүдний
нулимс мэл­мэрэх юм аа. Дээр нь ижий аав, ус нутгаа бодохоор зүгээр л асгар­чих
юм. Ичинноров бид хоёр яахав, хэрэлдэхдээ хэрэлдээд бараа ба­раандаа байж л байна.
Манай хүн чинь Дорнодынх юм. Олон жил ус нутагтаа очоогүй болохоор нутгаа жигтэйхэн
санана. Тэгээд нут­гийнхаа тухай муу үг дуулна гэж байхгүй. Саяхан манай Төв айм­гийн
цуврал сайхан боть гарлаа шүү дээ. Түүнийг хөгшиндөө харуу­лаад “Манай нутаг ийм
шүү дээ. Танай Дорнодод ийм байгаль, уул ус байна уу” гэж хэлээд уурыг нь хүргэж
арай л салсангүй. Өглөө би эртээ босч зохиолоо бичээд, хөгш­нийгөө босохоос өмнө
хар цайгаа чанаад, кофе энээ тэрээ най­руу­лаад сууж байна. Манайх ямар сүүтэй цай
уух биш. Тэгээд л ном шагайгаад суучихна даа. Номын хүчинд, хэдэн муусайн шүлгийнхээ
авшиг тарнийн хүчинд өдий зэрэг­тэй яваа хүн шүү дээ, би.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Шүдний загвар, дизайныг 3D хэмжээсээр компьютер дээр хийдэг болжээ

“Альфадент” шүдний эмнэл­гийн
эмч Б.Эрдэнэбаттай шүд­ний сүүлийн үеийн технологийн талаар ярилцлаа.

-Танайхыг компьютер дээр  3D хэмжээсээр шүд хийж байгаа гэж сонссон. Манайд
ийм технологи хэзээнээс нэвтэрсэн юм бол?

-Америкийн ийм технологи Монголд нэвтрээд
жил гаруй л болж байна. CAD-CAM систем гэж бий. Компьютерийн тусламжтай­гаар шүдний
дизайнаас эхлээд бүх зүйлийг хийдэг. Эхлээд шүдний хэв авдаг даа. Үүнийг тусгай
скайне­раар уншуулдаг. Тэгээд компьютерт оруулж 3D-гээр шүдний дизайн, загвараа
гаргадаг. Ингэсний дараа нөгөө загвараа зорох машин руу­гаа оруулна. Компьютерээс
машин руу команд өгч байна гэсэн үг. Тэгээд л нөгөө машин  автоматаар зорж бэлэн шүд гаргаад ирдэг. Өмнө
нь шүдний хэв авахаас эхлээд зорох хүртэл бүх зүйл гараар хийгддэг байсан. Тэр утгаа­раа
алдаа их гардаг байсан бол одоо алдаа гарна гэсэн ойлголт байхаа больсон.

-Технологио дагаад шүд хийдэг материалд
ч өөрчлөлт орсон уу?

-Мэдээж технологио дагаад өөрчлөгдөнө
л дөө.  Манай эмнэлэг гэхэд л zirkon гэдэг
материалаар хийдэг.  Дэлхий дээр ид хэрэглэж
байгаа материал л даа. Металлгүй гэдгээрээ онцлог. Сүүлийн жилүү­дэд дэлхий даяар
металлгүй мате­риал руу шилжиж байгаа. Металл­гүй материал хүний биед дасан зохицохдоо
металлаасаа илүү байдаг. Өнгөний хувьд металлтай шүд гоё болж  чаддаггүй бол метал­лгүй шүд нь илүү өнгөлөг,
бодит юм шиг байдаг. Өөр нэг давуу тал бий. Сүүлийн үеийн оношил­гоо­ны эмирай
(MRI) зэрэг аппара­танд оношлуулахад металл шүдтэй бол онош буруу гарах эрсдэл бий.
Металл нь соронзон долгионд нөлөөлдөг учраас тэр л дээ. Цул шаазан бол ямар ч нөлөөлөлгүй.

-Сүүлийн үед хүмүүс шүд суулгах
аргыг их сонгодог болж. Шүдийг авагдахгүйгээр суулгах ямар аргууд манайд нэвтрээд
байна?

-Нэг зүйлийг онцолж хэлэхэд Монголд
дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд шүд хийж байгаа. Гадны сайн технологиуд
ороод ирчихсэн. Дэлхий дээр авагд­даггүй шүд суулгах хоёр  арга бий. Хоёулаа манайд нэвтэрсэн. Нэг нь эрүүний
ясанд суулгаж хийдэг арга. Эрүүний ясанд ёзоор маягийн юм суулгаад 2-6 сар хү­лээс­ний
дараа шүдийг нь хийдэг.  Ясныхаа байдлаас
хамаараад хугацаа нь адилгүй байдаг. Мөн муудсан шүд болон ёзоорыг  аван­гуутаа шүд суулгаж болно. Түүнээс гадна өмнө
нь авахуулаад эдгэсэн шүдэнд ч шинээр шүд суулгаж болно.  Авагддаггүй шүд суулгадаг хоёр дахь арга нь шүдэн
дээр бэхлэх. Байгаа шүдэн дээр нь шинэ  шүд
бэхэлнэ гэсэн үг. Энэ тохиол­долд шүдийг өрөмдөж өөлж засаад хийсэн шүдээ дээрээс
нь углаж тогтоодог.

-Шүд суулгах хагалгаа хийл­гэхэд
эрсдэлтэй хүмүүс гэж байх уу?

-Суулгаж хийсэн шүдийг эмнэл­гийн
хэлээр бол имплант гэдэг л дээ. Имплант буюу зоодог шүдэн дээр хэд хэдэн асуудал
бий.  Нэг­дүгээрт ясны байдлыг харах хэрэг­тэй.
Хангалттай ясгүй бол хэцүү. Хөгшрөх тусам хүний яс хатан­гиршиж байдаг. Эрүүний
яснаас эхлээд асуудал гарч ирдэг л дээ. Гэхдээ үүнийг засах арга бас бий. Яс нэмж
өгөх арга байгаа. Өөрийнх нь яснаас авахаас гадна үйлд­вэр­лэсэн хиймэл яс хэрэглэх
тохиол­дол ч байна. Мөн тухайн үеийн биеийн байдлыг харах хэрэгтэй. Хүнд өвчтэй,
хавдартай, элдэв зүйлд  харшилтай хүмүүс эрсдэл­тэй
бүлэгт ордог. Шүдээ хавирдаг хүмүүс ч анхаарах хэсэгт багтдаг.

-Хүмүүс “Дахиж авах аргагүй шүд
хийлгэчихээр эмирай /MRI/ -д харуулж болохгүй, онош зөр­дөг” гэж ярьдаг. Энэ ямар
учир­тай юм бол?

-Өмнө ярьсантай яг адилхан шалтгаантай.
Дахин хэлэхэд MRI бол соронзон  туяагаар оношилгоо
хийдэг аппарат. Металлтай үед соронз нь татагдаж онош буруу гардаг тал бий. Имплантыг
хийдэг гол материал нь титаниум. Металл дээр соронз наалддаг бол титан дээр наалддаггүй.
Тэгэхээр ямар ч соронзон үйлчлэлд саад учруулах­гүй гэсэн үг. Имплант хийлгэсэн
хүн  эмирайгаар оношлуулахад асуу­дал гарахгүй. 

-Хүмүүс шүд суулгах эмчил­гээг
хэр хийлгэж байна?

-Манай зарим эмнэлгүүд имп­лант хийдэг
сайн компаниудыг сонгож бүтээгдэхүүнээ авчраад байгаа болохоор имплант хийлгэх хүмүүсийн
тоо жил ирэх бүр өсөж байгаа.

-Хаанахын ямар компани имплантаараа
илүү сайн бэ?

-Солонгос, Америк, Германы компаниуд
нэлээд сайнд тооцогд­дог. Манайх гэхэд л Солонгосын Оsstem, Америкийн Hi ossen компа­ниас
имплантаа авдаг.  Манайхаас гадна нэлээд хэдэн
том эмнэлэг энэ компаниудаас имплантаа авдаг юм билээ. Оsstem-ийн имплантыг Азид
хамгийн түгээмэл хэрэглэдэг. Нээгдээд хорь гаруй жил болсон учраас дэлхийн олон
орны шүдний эмнэлгүүд энэ компаниас имплант 
авдаг юм. Америкийн компанийн хувьд Оsstem шиг олон жилийн туршлагатай. Имплантын
компа­ниу­дын сайн эсэхийг хэр олон жил хийснээр нь үнэлдэг жишиг дэл­хийд бий.
Дор хаяж арван жил ажилласан компанийн имплантыг сонгож авах хэрэгтэй гэсэн бичиг­дээгүй
хууль үйлчилдэг.

-Шүд суулгах хагалгааг аж­лаа хийнгээ
хийлгэх боломжтой юу?

-Жижигхэн мэс ажилбарт ордог учраас
хагалгаагаа хийлгэчихээд ажилдаа шууд явж болно.  Буйлыг нээлээ, жаахан өрөмдлөө, суулга­лаа, буцаагаад
хаалаа, тэгээд л болоо. Хагалгааны дараа үрэвс­лээс  сэргийлэх болон өвчин нам­даах эм лууна. Хагалгааны
хугацаа ч урт биш. Нэгээс хоёр цаг л зарцуулна.

-Өрөмдөж шүд суулгана гэхээр их
өвдөлт мэдрэгдэх байх. Мэдээ алдуулахдаа нар­коз хийх үү?

-Хүмүүс өрөмдөнө гэхээр тэгж айгаад
байдаг юм. Наркоз хийх ямар ч шаардлагагүй. Шүд авч байгаатай адилхан хэсэгхэн газ­рын
мэдээ алдуулалт хийгээд л  болчихно. Шүд өрөмдөж
байгаатай адилхан мэдрэмж төрнө.

-Кофе ууж, тамхи татсанаас үүдсэн
шүдний шарлалт их байдаг. Ингэж шарласан шүдийг цайруулах ямар арга, технологи байна?

-Төрөлхийн, шинээр үүссэн шарлалт
гэж бий. Таны яриад байгаа шарлалт бол шинээр үүс­сэн нь. Шүдний паалан бол хатуу
эд. Молекул түвшинд харвал талс­туудаас бүрддэг. Талстууд дотор нь органик судал
явж байдаг. Шүдний шарыг хүчлээр цагааруулдаг арга бий. Шүдэн дээр хүчил түрхэхээр
шүдний талстыг сийрэгжүүлж  шар болгоод байгаа
бодисыг нь хөөс­рүүлж задлаад нааш нь гаргаад ирдэг. Энэ аргыг хэрэглээд арилах­гүй
бол наана нь паалан тавьж өгдөг. Давуу тал нь өнгийг нь засахаас гадна шүдний хэлбэрийг
засаж болно. Шүдэн дээр нь бүрж өгнө гэсэн үг. Зөвхөн харагдах нүүрэн хэсэгт нь
бүрэх, бүтэн бүрэх гэсэн хоёр арга бий. Манайхан голдуу  харагдах хэсэгтээ их хийл­гэдэг. Европчуудын хувьд
бараг араа нь хүртэл харагддаг болохоор бүтэн хийлгэх нь бий.

-Шүд пааландана гээд байгаа нь
манайхны сүүлийн үед их хийлгэх болсон “холливуд инээм­­сэглэл”-ийг хэлээд байна
уу?

-Тиймээ, энэ аргыг тэгж нэрлээд байдаг.

-Хаанахын ямар материа­лаар хийх
үү?

-Манай эмнэлэг гэхэд гоо сайхны шаазангаараа
дэлхийд ноёлж байгаа  Ivoclar vivadent гэдэг
компаниас шаазангаа  оруулж ирдэг. Германы
хажууд байдаг  Лихтенштейн гэдэг улсын компани
л даа.  Дэлхийд эхний гуравт жагс­даг компани
байгаа  юм.

-Шүдийг шаазангаар бүрэхэд үндсэн
шүдийг өрөмдөж, нимгэн болгодог гэсэн яриа байдаг. Ер нь үүнээс өөр ямар эрсдэл
бай­гаа вэ, хуурч унана гэж байх уу?

-Шүдэн дээр паалан наана л гэсэн үг
шүү дээ. Шүднээс бага зэрэг авах тохиолдол бий. Зарим тохиол­долд авахгүй. Авлаа
гэхэд маш бага авдаг. Хатуу юм идсэнээс болж 
эвдрэх гэмтэх тохиолдол гардаг. Тэр тохиолдолд мэдэгдэх­гүй­гээр нөхөх арга
бий. Ер нь эмнэлгүүд шүдний шаазанд арван жилийн баталгаа өгдөг. Баталгаа өгөхдөө
л ийм тоо тавьдаг болохоос учиргүй хатуу юм мэрж идээд байхгүй бол үүнээс ч урт
хугацаанд эвдэрч, гэмтэж, хуурахгүй байх боломжтой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Сайхансамбуу: Маш хүчтэй дуу чимээ гурван удаа сонсогдсон байна лээ

-ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ДЭГДЭЭХЭЙ ШИГ ХАЙРЦГАНД ХИЙЧИХСЭН АВЧ ИРЖ
БАЙГАА ЮМ БИШ ҮҮ-

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхан­самбуутай
ярилцлаа.

-“Нарантуул” худал­даа­ны төв
шатсанаас хойш нэлээд хугацаа өнгөрчихлөө. Галын шалт­гааныг тогтоо­гоо­гүй л
байна уу?

-Гал гарснаас хойш хоёр сар
болчихлоо. Гал юунаас болж гарсан ту­хай дүгнэлт гараагүй. Цаг­даа хүчнийхэн,
онц­гойгийнхонтой хамтарч ажиллаж байх шиг бай­на. Бидний зүгээс хэлдэг үгээ
хэлсэн. Гал өглөө үүрээр гарсан байдаг. Тэр үед захын түрээслэгчид түрүүчээсээ
ирчихсэн бай­­сан юм. Тиймээс олон гэрчтэй л дээ.

-Таны хувьд гал хаа­наас
гарсан гэж үзэж байгаа вэ?

-Гаднаас л тавьсан.  Өмнө нь манай захад гурван ч удаа гал гарч
байсан юм. Цахилгаан хэрэгсэл, газаас болж байлаа. Үүний нэгээс бус­дыг нь бид
өөрсдөө унт­рааж байлаа. Нэг удаа­гийнх нь галыг унтраах гэж гал команд дуудсан
байдаг. Гэтэл  сая гардаг гал ахуйн
чанартай га­лаас тэс өөр байсан. Өөрс­дөө унтраах ямар ч боломжгүй. 130 метрийн
урттай, 70 метрийн өн­дөр­тэй тийм том па­вильон Улаанбаатар хо­тод манайхаас
өөр газар байгаагүй шүү дээ. Тэгтэл энэ том битүү байшин ердөө 18 минутын дотор
л шатчихсан. Хэрэв ца­хил­гаан хэрэгслээс болж гал гарсан бол ийм хур­дан
хугацаанд том бай­шинг шатаачихгүй шүү дээ. Бага дээр нь унт­раачихна биз дээ.
Шин­жээчид ажиллаж байна. Дүгнэлтийг үнэн мөнөөр нь гаргах байлгүй. Сүүлд
аравду­гаар цайны газ­рын орч­моос ака бууны гурван ширхэг сумны хон­гио олд­сон.
Цэнхэр дээв­рийг зад буудаад дээшээ гар­чих­сан байсан.

-Дээвэр рүү нь бууд­сан гэж
үү?

-Үгүй ээ. Дээврийг ямар нэгэн юм
цөмлөөд дээшээ буудсан ором байгаа юм.

 

-Тэр нь юу юм бол. Газ дэл­бэрсэн
юм биш үү?

-Газ тэгж дэлбэрэхгүй л дээ. Юу
юм мэдэхгүй. Дээвэрт 20 гаруй см-ийн диамет­рийн хэмжээтэй нүх­нүүд  гарсан байсан. Ийм асуу­дал байгаа учраас
галын дүгнэлт удаж байгаа бо­лов уу. Түүнээс биш зү­гээр нэг цахилгааны хол­болтоос
болж гал гарсан бол дүгнэлт гаргах гэж ингэж удахгүй шүү дээ. Тэгээд ч
цахилгааны хол­болтын саатал үүрээр гарахгүй. Захын ажилчид  орой нь бүх зүйлээ унт­рааж, шалгадаг. Гал га­рах
вий гэхээс үхтлээ айдаг хүмүүс шүү дээ, бид. Тиймдээ ч орой бүх зүйлээ шалгаж,
дотор нь хоёр манаач үлдээхээс өөр яах юм. Галын дүг­нэлт яаж гарахыг хүлээ­гээд
байна. Хэрэв хүүхэд нохойн доог шиг хөгийн дүгнэлт гарах юм бол Үн­дэс­ний
аюулгүй байдлын зөвлөлд хандана. Мон­голын борчуудын цуглаж, амьдралаа
залгуулдаг ганц захыг шатаачихаад байхад яагаад ҮАБЗ авч хэлэлцдэггүй юм. Хам­гийн
олон ажлын байрыг манайх л бий болгож бай­на. “Эрдэнэт” үйлдвэр зургаан мянган
ажлын байртай юм гэсэн. Манайх түүнээс их шүү дээ. 

-Гаднаас гал тавь­сан юм бол
хэн байж таарах уу?

-Мэдэхгүй. Цагдаа нар тогтоох
байлгүй.

-Өглөө 05.00 цагт зах дээр
ирж, гал гарахад байсан тү­рээс­лэгчид юу гэж ярьж байх юм?

-Манай нэг түрээслэгч дотогшоо
нэг үхрийн гуя оруулж тавьчихаад ма­ши­наасаа дахиад мах авах гээд гарч ирэх
үед нь маш хүчтэй дуу чимээ гурван удаа сонсогдсон байна лээ. Тэр дуунаар
буцаад гүйгээд очтол дотор бөөн утаа униар болчихсон гал асч байсан гэж
байгаа. 

-Гал гарах үед өөр ямар хүмүүс
байсан юм бол?

-Манай хоёр манаач байсан.
Тэднээс цагдаа­гийн­хан мэдүүлэг авч байгаа.

-Тэд  юу гэж байх юм?

-Бид ямар мөрдөн бай­цаагч биш.
Тэднээс цагдаагийнхан  мэдүүлэг авч
байгаа.

-Та гал гарсныг хэдэн цагт
мэдсэн бэ?

-Өглөө 07.00 цагийн үед манай­хан
утасдаж хэлсэн.

-Гал гарах үеэр до­тор нэг
эмэгтэй нас бар­чихсан. Тэр ямар хүн байсан юм бэ?

-Цэвэрлэгч байсан. Ямар ч
зөвшөөрөлгүй­гээр өөрөө сайн дураараа зах дотор хоносон байна лээ. Тэр хүнийг
яах гэж хонуулснаа хоёр манаач хэлнэ биз. Уг нь зах дотор хүн хонуулах хориотой
шүү дээ. Бид юун төлөө тэр манаачдад цалин өгөөд хариуцлага үүрүү­лээд
ажиллуулж байгаа билээ. Захад яагаад хүн хонуулсан, гал юунаас болж гарсныг
хэлэх байл­гүй.

-Танай компани бо­лоод тү­рээс­лэгчид
хич­нээн хэмжээний хохи­рол амсав
аа?

-Бид найм орчим тэр­бум төгрө­гийн
хохирол амсаж байна. Шатсан балгасыг нь буулгаад, хог новшийг нь цэвэрлэж бай­­на.
Үүнд зарцуулж байгаа мөнгөний тоо та­лийж байна. Дээрээс нь захын орлого багасч
байна. Улсад өгдөг тат­вар ч татарч байна. Түрээслэгчид ч хохирсон. Захаас юмаа
цуглуулдаг байсан иргэд ч хохирлоо.

-Та ч хохирлоо…

-Тийм. Намайг хохир­сон гэдэг
утгаар нь бо­дох­гүй буруутгах л юм олох гээд байх юм. Би уг нь энэ хүмүүсийг
ажлын байраар хангаж, Мон­голд байхгүй бага түрээс авч байгаа шүү дээ. Өдрийн
2000 төгрөгийн түрээс төлдөг хүн ч байна. Өдөрт 2000 төгрөгийн наймаа хийхгүй
хүн гэж юу байхав дээ. Адаглаад нэг гутал зарсан ч 5000 төгрөг олдог юм байгаа
биз дээ. Хамгийн дээд талын түрээс төлдөг хүн л гэхэд 300 мянган төгрөг өгч
байгаа. Тийм учраас Нарантуул захын бараа, бүтээгдэ­хүүн хямд байна. Бусад
худалдаа­ны газ­рууд эндээс л бараагаа авч, үнэ нэмээд худалд­даг. Хэрэв Наран­туулын
түрээс нэмэгдээд, бараа­ны үнэ нь өсвөл дагаад Монголд юмны үнэ өсч таарна. Ийм
зүйл болгох­гүйн үүднээс өч­нөөн жил бага түрээсээр хүмүүсийг ажлын байраар
хангаад ирлээ.  Үүнийг манай томчууд тоож
үзэхгүй юм. Нарантуул муухай, за­ваан л гээд байхаас өөрөөр ойшоодоггүй. Ганц
ярьдаг зүйл нь хо­тоос гаргаж зайлуулна гэдэг. Аль ч хотын дарга ингэж хэлдэг.
Тэгж ярих юм бол тэр дуракуудыг юу ч үгүй явах үед нь би Монголд бүтээн байгуу­лалт
өрнүүлж байсан юм. Зах хязгаар зэлүүд, хог нов­шиндоо дарагдчих­сан газрыг
цэвэрлэж, ийм том зах барьсан хүн шүү. 

-Түрээслэгчид дааж давшгүй их
хохирол нэ­хэж байгаа гэх юм. Нэг уруулын будгийг най­ман мянган төгрөгөөр
үнэлсэн ч гэх шиг?

-Тийм зүйл байхгүй ээ. Намайг
түрээслэгчидтэй муудалцуулах зорилгоор яс хаяж байгаа байх. Лав бидэнтэй хийсэн
гэрээ, манайд гаргаж өгсөн зүй­лээс нь харахад тийм зүйл байхгүй. Тэгээд ч олон
түрээслэгчийн бэлэн мөнгө шатал­гүй гарч ир­сэн шүү дээ. Гал тааз­наас гарсан
учраас доо­шоо хүмүү­сийн барааг хуу хамж шатаагүй л дээ. Түрээслэгчид хохирлын
хэм­жээ­гээ тогтоогоод цаг­даад аваачиж өгсөн. Ма­найтай хийсэн гэрээнүүд нь ч
бий. Энэ бүхнийг харьцуулж байж хохир­лын хэмжээг бодитоор тогтоох байх.

-Түрээслэгчид даат­гал­гүй
байсан юм уу?

-Жил болгон даат­гуул­даг бай­сан
юм. Гэтэл өнгөрсөн тавдугаар сард даатгал нь дуусчихсан байс­ныг манай хариуц­ла­гагүй
нөхдүүд мэдээгүй учраас сунгуулаагүй юм билээ. Тэгэхээр Наран­туул шатсан нь
цэвэр компанийн хохирол бо­лоод хувирчихаж байгаа юм. Олон жил даатгал төлсний
хэрэг ч гар­сан­гүй. Манай хариуцлагагүй нөхдүүдээс л болсон хой­но одоо юу
ярихав дээ.

-Шатсан захын оронд шинэ
байшин бос­гох уу.  Дээрээс нь тү­рээс­лэгчдийн
хохир­лыг бараг­дуулж таарах нь ээ?

-Тэгнэ. Түрээслэгчид­тэйгээ хоёр
удаа уулзсан. Тэд “Бидний ажлын бай­рыг л буцаагаад босгоод өг” гэж байна лээ.
Би тэгье гэсэн. Арга ч үгүй юм. Хохироод үлдсэн гурав, дөрвөн зуун хүнийг аж­лын
байраар хангах хүн надаас өөр байх биш. Тэдний найдаж харж бай­гаа цорын ганц
хүн нь би л байна. Өнөөдрийн байд­лаар шатсан газрын хогийг нь зайлуулахад 300
гаруй сая төгрөг зар­цуулчихаад байна. Тэр бал­гасыг буулгана. Оронд нь шинэ
зах бари­на. Тэгэхээр хичнээн төгрөг гарах юм.

-Өнгөрсөн зун “На­рантуул”-ын
замтай хол­боотой маргаан дэг­дээд байсан. Үүний да­раахан зах шатчихсан шүү?

-Тэгсэн. Түрээслэгч­дийн машин
тавьдаг тал­бай дундуур нийтийн зам тавина гэсэн юм. Үүнд хэн дуртай байх
билээ. Сүү­лийн үед хараад байхад бүх зүйлийг хүчээр хийнэ гэдэг болжээ. Энэ нь
араа­саа юу ч дагуулж мэднэ шүү. Хүний хийсэн бүтээснийг шууд буулгана хураана
гэх юм. ТҮЦ-үүдийг ч буулгана гэж бай­на. Амьдрах гэж ядаж яваа хүмүүсийн
хоолтой нь ярьж яана. Маш олон бизнес эрхлэгчдийн дур­гүйг хүргэсэн юм хийж
байна шүү манай хот.

-Нарантуул захыг Б.Наран­хүү
шатаачих­лаа гэдэг яриа гарчих­сан байсан…

-Хүмүүс янз бүрээр л ярьдаг шүү
дээ. Би Б.На­ранхүүг танина. Надад гайгүй л байдаг. Сай­ханаа ахаа гээд баяр
ёслолоор мэндчилгээ ирүүлж байдаг юм. Олон жил ноцолдож байж тэнд нэг худалдаа­ны
төв бос­гоно лээ. Тэр бол манай борчуудын захаас нэ­лээд дээгүүр бэл бэнчин­тэй
худалдаа хийдэг хү­мүүст зориулсан газар байна лээ. 

-Тэгэхээр зах зээ­­лээ булаа­цал­дахгүй
гэж үү?

-Булаацалдахгүй ээ. Тэртэй тэргүй
эхний нэг, хоёр жил хүн цуглатлаа уддаг юм. Манайхтай, манайхгүй хоёр жилийн
дараа Б.Наранхүүгийн зах хүнээр дүүр­дэг бол­но. Тэр үед энэ олон зам­бараагүй
хүмүүсийг цэгц­лэх гэж би­дэнтэй адил­хан зовно доо. Зах ажил­луулна гэдэг тийм
амар юм биш. 

-Нарантуул захыг та анх яаж
байгуулж бай­сан юм бэ?

-1995 онд төсөл шал­га­руулалт
дуудлага ху­дал­даагаар орж,  49 сая
төгрөгөөр худалдаж авч байлаа. Тэр үеийн 49 сая төгрөг гэдэг бол хүн бол­гонд
байдаг мөнгө биш.  Дэнжийн мянгын зах
Улаан­баатар хотын хувьд асуудал болчихсон байсан үе л дээ. Айлуу­дын дунд
оршуулгатай газар байдаг. Хүн машин нь багтаж шингэхээ бай­чихсан үнэхээр хэцүү
нөхцөлтэй байлаа. Тий­мээс хотын захиргаанд өргөдөл өгч, шинэ зах барих газрын
зөвшөөр­лийг нь авсан. Тэр үед газрын алба байгаагүй. Хотын ерөнхий архитек­тор
зураг төслийг нь үзээд гарын үсэг зураад бол­чихдог байсан. Тэр үед барилга
барьдаг газар ч цөөн байсан. Би ганцаараа үзэж тарсаар байгаад 1999 онд дуус­гасан
шүү дээ.

-Газрын хэмжээ нь хэд билээ?

-26 га байх аа. Тэр үед хотын
дарга Ж.На­ранцацралт, Ерөнхий сайд М.Энхсайхан бай­сан. Тэд миний ажлыг
дэмжээд “Ээ дээ наад захаа богино хугацаанд бариарай” гэдэг л бай­лаа. 

-Та цэвэр өөрийнхөө хөрөн­гөөр
босгосон уу?

-Тийм. Улсаас сохор зоос ч
аваагүй. Германы банкнаас зээл авсан юм. 
Улсаас хийж өгсөн зүйл нь гэвэл Зүүн дөрвөн замаас ураг­шаа явдаг зам.
Дараа нь Нарны за­мыг тавьж өгсөн. Наран­туул гэдэг худалдааны төв баригдлаа.
Хотын дарга нь ч Наранцацралт гэдэг нэртэй. Зам барьж байгаа хүмүүс Их Наран
улс буюу япончууд юм  гэдэг утгаа­раа  Нарны зам гэж нэр­лэсэн түүхтэй  шүү дээ.

-Нарантуул захыг босгоход
хичнээн төг­рөг зарцуулсан бэ?

-Таван сая ам.дол­лараар энэ
захыг босго­сон. Зээлээр барьсан шүү дээ. Захаа анх байгуу­лах­даа хотын дарга
болоод Ерөнхий сайдтай “15 жи­лийн хугацаанд задгай чигээрээ байг. Түүнээс цааш
өөрчлөгдөх байл­гүй” гэж ярьж, тохиролцож байлаа. 

-Германы банкнаас яаж зээл авч
байв?

-Дэнжийн мянгын захыг үзүү­лээд
“Манайд захын асуудал хүнд бай­на. Тиймээс ийм шинэ газар том зах барих гэсэн
юм” гээд л авчихсан. Хү­мүүс ирж үзээд тусла­хаар шийдэж, гурван жилийн
хугацаатай зээл өгсөн.

-Хүү нь ямар байхав. Хуга­цаандаа
төлж чад­сан уу?

-Зээлээ төлөх гэж уд­сан. Зур­гаан
жил гаруйн хугацаанд төлж бараг­дуул­сан даа. Есөн хувийн хүүтэй зээл авч
байлаа. Тэгж л энэ захыг барьсан юм. Ингэж Дэнжийн мян­гын зах түүх болон үлдэж
байв аа. Харамсалтай нь 13 жилийнхээ ой дээр Нарантуул зах маань  шат­чихлаа.

-Нарантуул захын газрыг та
ямар хэлбэ­рээр эзэмшдэг юм бэ?

-60 жилээр эзэмших эрхтэй. Гэхдээ
эзэмших эрхээ тав, таван жилээр сунгадаг юм. Таван жил болоод хотын удирд­ла­гуу­дад
долигонож байж сунгана шүү дээ. Уг нь бол 60 жилийн эзэмших эрхтэй хүн тэгж
баймаар­гүй л байгаа юм. Өөрс­дөдөө долиго­нуулж, татаас татах гээд тийм журам
гаргачихсан байх­гүй юу. 

-Нарантуул захын асуудал ийм
байж. Танай намаар сонин юу байна вэ?

-Нийслэлийн намын хорооны дэд
дарга болс­ноос хойш үүрүү­дээр нэ­лээд явлаа. Манай намын гишүүд болоод дэмжиг­чид
их гом­долтой байна. 2009 оны Ерөнхий­лөг­чийн сонгуулиас хойш манай нам тувт
ялагдсан байна. Гишүүд үүнийг намын удирдлагуудтай холбож, тэднийг шүүм­жилдэг
юм билээ. Энэ намыг олон жил удирд­сан, намын нэрээр байн­га дарга болж явсан,
газ­рын наймаа, хээл ха­хуульд холбогддог нөх­дүү­дийг болиоч ээ гэдэг юм
билээ. Одоо залуу­чуу­дыг гаргаж ирвэл яасан юм гэж ярьдаг юм байна. Гишүүдийн
хэлж байгаа шүүмжлэлийг со­нин хэвлэлээр дамжуулж, нэр устай нь зөндөө хэл­сэн.
Тийм болохоор энэ хууччуул надад их дургүй байдаг гэнэ лээ.

-Та намын Их хурал­даа төлөө­­лөгчөөр
сон­гог­дов уу?

-Тийм үүрээс Их хур­лын
төлөөлөгчөөр сон­гогд­лоо шүү гэж хэлж байгаа юм л алга.

-Та өөрөө гүйхгүй бол тэд
сонгохгүй байх аа?

-Нийслэлийн намын хорооны дэд
дарга хүн чинь өөрөө гүйгээд байх нь хаашаа юм. Намын ажлыг нь сайжруулах гэж
өчнөөн л хө­рөнгө зарж байна. Намайг намаа, удирдлагуудаа шүүмжил­лээ гээд
уурлаад байдаг юм уу. Өнгөрсөн жил гэ­хэд л УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэлгүй
бас унагасан. Намын Их ху­ралд суух төлөөлөгч­дийг хайрцаглаж байна л гэ­сэн.
Үүр болгоноос дэг­дээхэй шиг хайрц­ганд хийчихээд аваад ирж байгаа юм биш үү.

-Намын даргын тө­лөөх тулаан
ширүүхэн л болж байх шиг байна…

-Өө харин тийм. Бие биетэйгээ
сонин хэв­лэлээр баахан байл­дах шиг боллоо. Ингэж байс­наа албан тушаал ху­ваах
болохоороо жигтэй­хэн найзууд болчихдог юм. 
Гэхдээ манай намын даргаар төрийн албан тушаалаар лаахай­даж,
хөрөнгөжсөн, наанаа улс орон, ард түмнээ гэдэг баг зүүчи­хээд, цаанаа өөр юм
ярьж суудаг хуучин нөх­дүүд битгий болоосой. Нэрлээд ч төвөг. Өөртөө хонзон
болгохын нэмэр юм. Залуучуудыг гаргаж ирээсэй. Аюурсайхан гээд сайхан залуу
байна. Манай Ж.Сүх­баатар, С.Бям­бацогт, Д.Хаянхяр­ваа байна, Н.Энхболд байна.
Элдэв муу цол чимэггүй энэ хүмүүс даруу­хан учраас  дээш нь гаргахгүй л дээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ