Categories
редакцийн-нийтлэл

Хадгаламж зээлийн хоршоодын битүүмжлэгдсэн эд хөрөнгө хаачив?

Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын
асуудал өнөөдөр ч яригд­саар байна. Тухайн үед “Баян-Өндөр сан”, “Биз­нес кредит”,
“Бөөн цагаан нуур”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб кре­дит”, “Гэр хорооллын
ба­рилгажилт”, “Европын хөг­жил”, “Жигүүр инвест”, “Зиб”, “Итгэл сэтгэл ирээ­дүй”,
“Монгол торго”, “Нью болор оргил”, “Оюу алт”, “Си Эм Си”, “Хөрөнгө оруу­­лалт хөгжлийн
сан”, “Эрхэст инвест” зэрэг 29 хоршоо дампуурч, 9300 орчим хадгаламж эзэм­шигч хохирсон.
Хохирог­чид тэр үед эрх барьж байсан МАХН-ын үүдэнд олон сар өлсгөлөн зар­лаж, батлахыг
нь урж, үсээ хусч тэмцлээ хур­цаар илэрхийлцгээсэн билээ. Үүний хүчинд тэд хохирлынхоо
тавин хувийг эргүүлэн авсан ч үлдсэнийг нь одоо хүртэл авч чадаагүй байгаа.

Уг хэрэгтэй холбогдуу­лан 43 тэрбум
606.5 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн ч үүн дээр нэмэгдэх зээлдэгчийн авлагын
14 тэрбум төгрөг, 20 гаруй газар, таван лицензийг үнэлээгүй байдаг юм.

Хоршоод дампуур­лын ирмэгт ирж, иргэд сандралдаж байх үед хоршоодын
эзэд, “Бид дампуураагүй. Ашигтай хөрөнгө оруулалтууд хийж одоо үйл ажиллагаа явуулж
бай­гаа үйлчил­гээ­ний газруу­даа ажиллуу­лаад бариг­даж байгаа барилгадаа хөрөнгө
оруу­лалт хийнэ. Тэгээд орон сууцаа за­раад ол­сон мөнгөөрөө хадга­ламж эзэм­шигчдээ
хохи­рол­гүй бол­го­но” хэ­мээн өөр өөрсдийн­хөө бизнес төлөвлөгөөгөө та­нил­­цуул­сан
ч бүгдийг нь хо­морголон шоронд хий­гээд бүх хөрөнгийг нь хүчээр битүүмжилсэн.

Энэ талаар “Баян-Өндөр” хадгаламж
зээ­лийн хор­шоо­ны эзэн асан, хори­ход ял эдэлж байгаа С.Сам­бал­хүндэв “Эзнийг
нь шоронд хориод эд хөрөнгийг нь хуваа­гаад авчихсан” хэ­мээн манай сонинд ярилцлага
өгсөн нь голыг нь олж хэлсэн үг болсон.

Гэтэл битүүмжилсэн гэх үйлдвэрүүд,
эд  хөрөнгө, байр сав, машин тэрэг, газар
гээд бүхий л зүйл нь зах зухаасаа гээгдэж, дун­даас нь алга бол­соор байгаа аж.
Битүүмжлэгд­сэн “Бенз” маркийн машин явсаар “Эксель” болон өөрч­лөг­дөж сүүл­дээ
“Экселийн нэг хаалга л битүүм­жилсэн” болж хуви­раад байгаа аж. Нэг бай­гуул­­ла­гаас
нөгөө байгуул­ла­гад энэ хэргийг шийдэхээр өгө­хөд эд хөрөнгө нь ингэж тоног­дож,
гээгдсээр одоо тоо­той хэдэн л юм үлдээд байгаа юм байна.

Үүнд хохирогчид ихэд са­наа зовниж,
хэзээ энэ асуу­дал шийдэг­дэх бол хэмээн горьдлого тээсээр байна. Засаг солигдож,
байдал жаа­хан наашилсан ч энэ асууд­лыг чуулганаар хэлэлцэж, ирэх оны төсөвт хохирол
барагдуулах мөн­гийг суулга­хаас нааш санаа нь амрах­гүйг тэд ярьсаар.

Хохирогчдын эрх ашгийг хам­гаа­лах
“Шударга төв” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Оюунцэцэг “1937 оны хэлмэгдүүлэлтийн
хар сүүдэр одоо хүртэл ард түм­ний сэтгэлд байсаар байна. Тэр үед хайртай дотнын
хүмүү­­сээ алдсан хүмүүс өнөөд­рийг хүртэл төрдөө гомдсоор байгаа. Үүн шиг л үйл
явдал битгий болоосой гэж хүсч байна. Мөнгөө алд­сан хохирогч­доос маш олон хүн
сэтгэлээр унаж, амиа хорлож нас барсаар байна. Хохирогчид алдсан мөнгөө өнөөд­рийн
төгрөгт шилжүүлж авахыг хүсээгүй. Тухайн үед алдсан мөн­гөө л тэр тоогоор нь авахыг
хүсч байгаа. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, олон мянган хүнийг сэтгэлийн шаналлаас
гаргахыг төр зас­гаа­саа хүсч байна” гэлээ.

Тус байгууллагаас хохи­рогч­­дын дунд
судалгаа явуул­жээ. Судал­гаанд хамруулсан 700 хохи­рогч­дын гэр бүлд сэтгэл санааны
хямралаас үүдэлтэй нас барсан, амиа хорлосон 58 тохиолдол бүрт­гэгд­жээ.

Орон байргүй болсон 480, түрээ­сийн
байраар хоног залгуулж байгаа 405 айл бай­гаа бол айлаар хэсч амьдар­даг 68, ахан
дүүсийн­дээ тол­гой хоргодсоор яваа 45 айл байгаа гэнэ.

Хадгаламж зээлийн хор­шоонд мөнгөө
хадгалуулах саналыг гэр бүлийнхэндээ анх тавьж, ахан дүүсийнхээ мөнгө төгрөгийг
цуг­луулж, байр саваа зарж мөнгийг нь нэмэрлээд хадгалуулсан ч ийнхүү алдсан иргэд
одоо гэр бүлийнх­нийхээ дарамтад амьдарч, гэрээ­сээ хөөгддөг тохиолдол их байгаа
юм бай­на. Үүнээс болж хоёр тийш болсон гэр бүл судалгаанд орол­цогч­дын 10 гаруй
хувийг эзэлжээ.

Хохирогчдын ихэнх нь буюу 311 нь дээд
боловсрол­той хүмүүс бай­сан бол үр хүүхдийнхээ мөнгийг алдсан хөгшчүүл олон байгаа
юм.

Хүүхдүүдийнхээ мөнгийг хадга­ламж
зээлийн хор­шоонд хадгалуу­лаад алдсан хөгшчүүл гадаадаас хүүхэд нь залгахаар чих
нь хатуур­сан болж жүжиглэж “Миний хүү ээж нь сонсох оо байсаан. Мөнгө нь найдвартай
газарт байгаа” хэмээн ярьдаг гэнэ. Түүгээр ч барахгүй хүүхдүүд­тэй­гээ ярихаас эмээж,
чих­ний­хээ хэнгэргийг өөрөө цоолж дүлийрсэн настай хүмүүс ч бий гэсэн.

Хохирогчдын ярьж буй­гаар битүүмжилсэн
гэх олон мянган эд хөрөнгийг өнгөр­сөн хугацаанд зүй ёсоор нь зарж борлуулсан бол
өдийд бүгдийг нь өрнөөс гаргаад зогсохгүй цаана нь хангалт­тай хэмжээний хөрөнгө,
мөн­гө үлдэх байсан гэж байна.

Жишээ нь, “Бүтээн байгуу­лалт хөгжлийн
сан” хадга­ламж зээлийн хоршооны  7585Х дугаартай
зэс­ний ор­дын лицензийг л зарчихсан бол бүх хохирогчдын хохир­лыг барагдуулчих
хэмжээний хөрөнгө байж.

Өнгөрсөн жил “Шударга төв” ТББ-ынхан
хадгаламж эзэмшигч­дэд учирсан хохир­лыг төлүүлэхээр хураан авч битүүмжилсэн хөрөнгө­нөөс
үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчил­гээ, ашигт малтмалын тусгай
зөв­шөөр­лийн борлуу­лалтыг шалгуула­хаар хүсэлт гаргаж бай­сан.

Цагдаагийн байгуулла­гаас Шүү­х­ийн
шийдвэр гүй­цэт­гэх байгуул­ла­гад шилжих болон шийдвэр гүйцэт­гэлийн шатанд олон
эд хөрөнгө алга болжээ.

“Гэр хорооллын барил­га­жилт” хадгаламж
зээлийн хоршооноос хураагдсан Сүх­баа­т­ар дүүргийн нэгдүгээр хороо, нэгдүгээр төрө­хийн
зүүн талд байрлах “Кукахау­зинг” ХХК-ийн нэр дээрх 0060543 тоот үл хөдлөх хөрөн­­гийн
гэрчил­гээ­тэй нэг га газрын асуудал олны анхаар­­­лыг татдаг. Энэ газрыг зарсан
борлуулсан ямар ч үйл ажиллагаа болоогүй бай­тал дээр нь 12 давхар орон сууцны барилга
баригдчих­сан байгаа нь хэний ч нүднээ ил. Мөн тус хоршоо­ноос хураагдсан Ховд айм­гийн
Алтай сумын нутаг “Эр­гийн ус” нэртэй газар байрлах 596 гектар талбай бүхий Х7729,
А1151 тусгай зөвшөө­рөл­тэй гялтгануурын уур­хай, тоног төхөөрөмжийнхөө хамт ор
мөргүй алга болжээ.

“Баян-Өндөр сан” хадга­ламж зээлийн
хоршооноос хураасан Төв аймгийн Заа­мар сумын нутаг Гал­тад байр­лах 6882 А ашигт
малт­ма­лын тусгай зөвшөөрөл, Баянхонгор аймгийн Бөм­бө­гөр сумын нутаг “Гашуун
хар уул” нэртэй газар байрлах 10385 Х ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус тус алга
болсон.

“Бүтээн байгуулалт” хад­га­ламж зээлийн
хоршооноос хураагдсан Дорноговь айм­гийн Хөвсгөл, Улаан­бадрах сумдын нутагт байр­лах
“Баруун ширүүн”-ий 7585 Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Чингэлтэй
дүүргийн 18 дугаар хороо, Гүнт билгүүн-2210 тоотод байрлах битүү бетонон хашаа­тай
хоёр давхар тавил­га бүхий хувийн орон сууц, 240.3 м.квадрат газартайгаа үрэгдэж,
хэнд очсон нь тодор­хойгүй байгаа аж.

Харин Шүүхийн шийдвэр гүй­цэт­гэх
шатанд дуудлага худалдаа бүрхэг, хэрхэн худалд­сан нь ил тод биш, борлуулсан гэх
үнэ нь зах зээлийн бодит үнээс хэтэрхий доогуур худалдан борлуул­сан хөрөнгө бүр
ч олон бий.

“Гэр хорооллын барил­га­жилт” хадгаламж
зээлийн хоршооноос хураагдсан гурав­дугаар эмнэлгийн урьд байрлах 15х18 хэмжээтэй
дутуу баригдсан дөрвөн дав­хар барилгыг газрынх нь хамт 87.8 сая төгрөгөөр худалджээ.

Мөн тус хоршооноос хураагд­­сан Сүхбаатар
дүүр­гийн есдүгээр хороо, Алтайн гудамжинд байрлах 831 м.квад­рат газартай 150 сая
төгрөгөөр тогтоосон “Агч” агуула­хын барилгыг 2885 ширхэг 139.604 сая төгрөгийн
үнэтэй барилгын материал зэрэг хөрөнгө, газрынх нь хамт 85.8 сая төгрөгөөр худалдсан
байдаг.

Түүнчлэн Баянзүрх дүүр­гийн долдугаар
хороонд байр­лах 3614 ширхэг дагал­дах хөрөнгөтэй, 445.2 м.кв газартай дүнзээр барьсан
600 сая төгрөгийн үнэлгээтэй  “Россия” рестораныг
газрынх нь хамт хэдэн төгрөгөөр зар­сан нь өдий хүртэл тодорхой­гүй байгаа юм.

“Баян-Өндөр сан”-гаас хураагд­сан
Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байр­лах дөрвөн давхар үйлчилгээ, оффисын зориулалттай
“Пилс­нер” төвийг Үнэлгээний комисс дахин үнэлгээ хийж 2.800.000.000 төгрөгөөр тогтоос­­ныг
1.682.428.733 төгрөгөөр худалд­сан юм бай­на. “Өрнөлт-Од” ХХК-ийн Баян­зүрх дүүргийн
зурга­ду­гаар хороонд байрлах хүнс­ний захыг Үнэлгээний комисс 1.700.000.000 төгрөгөөр
үнэл­сэн ч анхны үнэ болох 687.573.950 төгрө­гөөр худалджээ.

Энэ мэтээр уг жагсаалт цааш нь хөвөрнө.
Тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг 200 саяар, зуун саяар үнэлэгдэх орон сууцыг тал үнээр
нь зарсан гэх үнэнээс дэндүү хол үйл явдал битүүмжлэгдсэн гэх эд хөрөнгөний эргэн
тойронд одоо ч үргэлжилсээр байна. Нийтлэлийн­хээ үргэлжлэлээр чухам ямар хүмүүс
эдгээр битүүмжлэгдсэн эд хөрөнгийг ямар аргаар өөрийн болгос­ныг өгүүлэх болно.

Хадгаламж зээлийн хоршоодоос битүүмжил­сэн
эд хөрөнгийг зах зээ­лийн бодит үнээс хэтэр­хий доогуур зарж, олон нийтэд дуудлага
худал­даа зарлалгүйгээр танил талдаа өгсөн баримт их бий. Угтаа бол би­түүмж­лэгдсэн
хөрөнгийг дууд­лага худалдаагаар оруу­лах 
ёстой. Гэвч ШШГЕГ-ынхан дуудлага худал­даа явуулах нэр төдий зүйл хийхдээ
үл хөдлөх хөрөнгийн ченжүүдтэй үгсэн тохирдог байсан тухай хууль хянал­тын байгууллагуу­дад
хандаж  байсан ба­рим­тууд ч бий. Энэ ажлыг
тухайн үед ШШГЕГ-ын Дотоод хянал­тын албаны мэр­гэжилтэн Р.Энх­тай­ван хариуцан
ажиллаж бай­сан. Хохирогчид дууд­лага худалдаанд орол­цох са­нал тавихад тэрбээр
ганц ч удаа зөв­шөөрч байгаа­гүй гэдэг.

Дуудлага худалдаанд дээрх ченжүүдээс
гадна ШШГЕГ-ын мэргэжилтэн, шийд­вэр гүйцэтгэгчдийн ах дүүс, найз нөхөд нь л орол­цож
хоорондоо үнэ хаялцдаг байсныг хадгаламж зээлийн хоршооны хохирогчид хэл­дэг.  Үүнийхээ дараа  жинхэнэ захиалагчдад нь зарж, дун­даас нь зуучилсны
хувиа авах явдал түгээмэл болсон.

Хураагдсан хөрөнгүү­дээс ер нь зах
зээлийн бодит үнээр зарагдсан объект байх­гүй гэдгийг ч өнөөдөр олон хүн хэлж байгаа
нь нууц биш. Дуудлага худалдаа нэрээр зарагдсан хөрөнгө хоёроос гурван гар дамжин
дамлагдаж байсан.

Тухайлбал, “Бүтээн бай­гуу­лалт хөгжлийн
сан” хадга­ламж зээлийн хоршооноос хураагдсан Сүхбаатар дүүр­гийн тавдугаар хороо,
Их өргөөний 14-10 тоот 180 м.квад­рат талбай бүхий зур­гаан өрөө орон сууц мөрдөн
байцаалтын шатанд 90 сая төгрөгөөр үнэлсэн ч 74 саяар зарагдсан байх жишээтэй.
“Европын хөгжил” хадгаламж зээлийн хоршооноос ху­раагд­сан Баянгол дүүргийн хоёрдугаар
хороо, 28-15 тоот гурван өрөө орон сууцыг 47.9 саяар бусдад зарсан байхад “Гэр хорооллын
барилга­жилт” хадгаламж зээлийн хоршооноос хураагдсан Сон­ги­нохайрхан дүүргийн
Эмээлт өртөөнд байрлах 80 сая төгрөгийн үнэтэй агуу­лахын байрыг 46.2 саяар, “Цэн-Алт”
хадгаламж зээлийн хоршооноос хураагдсан Сүх­баатар дүүргийн тавдугаар хороо,
35-5 тоот гурван өрөө 61 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг 45.1 саяар, “Баян Өндөр”
инвестийн байр мөр­дөн байцаалтын шатанд 446.4 сая төгрөгөөр, Үнэлгээ­ний комиссын
2008 оны ес­дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар 750 сая төгрөгөөр үнэлснийг 321.8
сая төгрө­гөөр зарагд­сан гэх мэтээр баримт хөвөрнө. 

Битүүмжлэгдсэн эд хөрөн­гө зөвхөн
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан болон тэдний танил талд очоод дууссан гэвэл
бас өрөөс­гөл ойлголт. Тухайн үедээ төрд өндөр албан ту­шаал хашиж байсан эрхмүү­дийн
гар хөл орсон байх сэжүүр олон. УИХ-ын 20 ор­чим гишүүний тухай ил далд барин тавин
авсан өгсөн гэх үл хөдлөх хөрөнгөний та­лаарх мэдээлэл ч явдаг. Гэвч энэ нь хадгаламж
зээлийн хоршооны дампууралд тэгс­хий­гээд намжсан. Уг нь Хад­га­ламж зээлийн хоршоод
дампуурах болсон шалтгаан хэн гэдэг эрхмүүд ямар хө­рөн­гө ямар хоршооноос ав­сан
гэдгийг хуулийн байгуул­ла­гууд шалгах боломжтой байв. Гэвч энэ олон асуудал, хоршоодын
дампуурлын уг­луур­гыг шалгаагүй хүн нь тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд
Ц.Ням­дорж гэж яригддаг. Түүний эсрэг хохирогчид тэмцэж,  холбогдох газруудад нь өгч байсан түүх бий.  Энэ хэргийг эхлүүлсэн гэх бас бусдын хөрөнгийг
төрийн дээрэм болгож харуулсан МАН-ын­хан засгийн эрх барьж бай­сан учир Ц.Нямдоржийг
шал­гах зоригтон байгаагүйг одоо ч  хэлдэг.  Ц.Нямдоржийг 
Увс аймгийн нутгийн зөвлөлийн дарга Г.Хийморсангийн зээл­сэн 232 сая төгрөгийн
зээлийг шүүгчидтэй үгсээд зээлийнх нь хэмжээний эхний оронг нь даруулаад 32 сая
төгрөгийн зээлдэгч болгож нэлээд их хэмжээний хөрөнгийг нь хү­чээр чөлөөлүүлсэн
гэх  ба­римт бий. Мөн хадгаламж зээлийн хоршоодын
битүүм­жил­сэн хөрөнгүүдийг цагдаа­гийн битүүмжлэлд байхад 1.6 тэрбумын 25 мянган
хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг ШШГЕГ-т хүлээлгэж өгөөгүй. Сүхбаа­тар дүүргийн есдүгээр
хороо, Алтайн гудамжинд байрлах 831 м.квадрат газартай 150 сая төгрөгөөр тогтоосон
“Агч” агуулахад байсан 2885 шир­хэг 139.604 сая төгрөгийн үнэтэй барилгын материалыг
шоронгуудын урсгал засварт зарцуулна хэмээн хувьдаа завшсан гэж хохирогчид үзэж,
түүнийг холбогдох газруу­даар нь шалгуулахыг хүсч байсан олон баримт нотол­гоог
энд дурдаж болно. 

Баянзүрх дүүргийн долду­гаар хороонд
байрлах 3614 ширхэг дагалдах хөрөнгөтэй, 445.2 м.кв газартай дүнзээр барьсан
600 сая төгрөгийн үнэлгээтэй “Россия” рестора­ныг газрынх нь хамт 360 сая­хан төгрөгөөр
заржээ. Үүнийг худалдаж авсан цаад эзэн нь Үндсэн хуулийн цэцийн ги­шүүн Н.Жанцангийн
гэр бүл. Энэ хөрөнгийг түүний эхнэр н.Насанжаргал өөрийн бол­гож, хажууд нь үйл
ажилла­гаагаа явуулж өнөөдрийг болтол бизнесээ цэцэглүүлж буй. Баянзүрх дүүрэгт
байр­лах бетонон хашаатай, гүний худагтай, цахилгааны шугам­тай, 4.4, 6.04 га хоёр
хэсэг газрыг зургаан жилийн турш нэг ч удаа дуудлага худал­даанд оруулахгүй дарж
бай­гаад нэгэн томоохон компа­нид тухайн үеийн хотын дар­га Г.Мөнхбаяр 600 саяар
шууд зарж байжээ. Үүнийг хохирогчид эсэргүүцэн зохих газруудад нь өргөдөл гаргаж
хэл ам хийсээр гурван тэрбум гаруй төгрөгөөр борлуулсан байна.

Томоохон барилга, үйлд­вэр, үйлчилгээний
төвүүд, хотын төвд орших газрууд хэдийнэ ямар нэг зам, сийм­хий­гээр эзэдтэй болоод
алга болжээ. Одоо хадгаламж зээ­лийн хоршоо гэхээр битүүмж­лэгдсэн хөрөнгөнүүдээс
үлд­сэн нь цагдаагийн байгуул­лага, шүүхийн шийдвэр гүй­цэт­гэх газар хоёрын хооронд
шилжиж ирэхдээ замхарсан, солигдож ирсэн хөрөнгөнүүд. Нэг ёсондоо хөрөнгө нэртэй
хэн ч авахгүй эд хогшил. Түүнийгээ өндөр үнэлчихсэн. Тэр үнэнд нь хэн ч авахгүй
ч  тийм эд хөрөнгө байгаа гэж цаасан дээр
бичиглэсэн урт жагсаалт болохоос үнэндээ “хог” төдий зүйл. Үлдсэн энэ хөрөнгийг
хэзээ, хэн, хэрхэн  борлуулж, хохирогчдын
хохирлыг барагдуулах нь тодорхойгүй.

“Гэр хорооллын барилга­жилт” хадгаламж
зээлийн хоршооноос хураагдсан Баян­зүрх дүүргийн дөрөв­дүгээр хороон дахь 1760 м.кв
газартай 42 ширхэг дагалдах хөрөнгөтэй 339.7 сая төг­рөгийн анхны үнэлгээтэй төмөр
хийцийн цех, “Залуу­чууд” зочид бууд­лын урд байр­лах 43-1 тоотын нэг давх­рын
288 м.кв 110.0 сая төгрөгийн анхны үнэлгээ­тэй “Шинэ бирж” нэртэй заал, тоног төхөөрөмжийн
хамт, 594 ширхэг хөдлөх хөрөнгө­тэй, 72.1 сая төгрөгийн анхны үнэлгээтэй “Хишигтэн
хэв­түүл” нэртэй барилга одоо ямар ч эзэнгүй байна. Мөн тус хоршооноос хураагдсан
Төв аймгийн Борнуур суманд байр­лах, төв замаас 120 метр засмал зам тавьсан,
205 нэр төрлийн тоног төхөө­рөмж­тэй Үнэлгээний комис­сын 2008 оны есдүгээр сарын
30-ны өдрийн хурлаар дахин үнэлгээ хийж үнийг нь 400.7 сая төгрөгөөр тогтоо­сон
“Манай гэр” зоогийн газар, замын буудал бүрэн тоногдож, хэнд ч хэрэггүй балгас болсон
нь нутгийнхны харамслыг төрүүлсээр.

Мөн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо,
Жаргалан хотхоны 4-16 тоотод байрлах 212 м.кв 22 нэр төрлийн тавил­га, төхөөрөмжтэй
137.7 сая төгрөгийн анхны үнэлгээ­тэй, Үнэлгээний комиссын 2008 оны есдүгээр сарын
30-ны өдрийн хурлаар дахин үнэлгээ хийж үнийг нь 250 сая төгрөгөөр тогтоосон зургаан
өрөө орон сууц, Дарханы Дархан суманд байрлах 600 саяын үнэтэй модны үйлдвэр хөсөр
хэвтэж байгаа аж.

Хадгаламж зээлийн хор­шооны нэр бүхий
үүсгэн бай­гуу­лагчид “Борнуур” ХК, “Да­ваан булаг” ХК, “Баялаг на­лайх” ХК-ийн
нийт хувьцааны тодорхой хувийг эзэмшдэг байжээ. Гэтэл мөрдөн бай­цаал­тын болон
шүүхийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд дээрх компаниудын хөрөнгийг  бүхэлд нь би­түүмжилж, үйл ажиллагааг нь зогсоосноос
үйлдвэрүүд нь эзэнгүйдэн, хөрөнгө нь то­ногд­сон байдалтай байгаа юм.

  
Хууль зүйн сайд Х.Тэ­мүү­жин­­гийн
тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэт­гэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээ­лийн хор­шоодын
төлбөр бараг­дуулах ажлын албаны үйл ажиллагаанд шал­галт хийх, цаашид авах арга
хэм­жээ­ний тухай санал боловс­руулах үүрэгтэй Ажлын хэсэг бай­гуулагдаад ажиллаж
буй. Энэ ажлын хэсэгт Хууль зүйн яам,  Шүү­хийн
шийд­вэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын мөрдөн бай­­цаах газар, Эрүүгийн цагдаа­гийн
газар, Шүү­хийн шинжил­гээний үндэс­ний хүрээ­лэн зэрэг хуулийн чигийн томоо­хон
газруудын тө­лөөлөл багтжээ.

Ажлын хэсгийн шал­гал­­тын явцад Хадгаламж зээ­лийн хоршоодын
төл­бөр бараг­дуулах ажлын алба­наас 2008-2011 онд зохион байгуулсан хол­бог­дох
дууд­лага ху­далдаанууд  хууль бус байсны
дээр хөрөн­гүү­дийг нэг байгууллагаас нөгөөд шил­жүү­лэхдээ дундаас нь дутаа­сан
олон хэрэг зөрчил гарс­ныг баримттайгаар нотолсон байна.

Жишээ нь, Баянгол дүүр­гийн дөрөвдүгээр
хорооны нутагт байрлах “Баян-Өндөр инвест” ХХК-ийн “Плиснер” төвийн барилга,
203.914.600 төгрөгийн үнэлгээтэй 7483 ширхэг хөдлөх хөрөнгийн хамт нийт 7484 ширхэг
1.369.639.600 төгрөгийн эд хөрөнгийг 2008 оны тав­дугаар сарын 3-ны өдөр Цаг­даа­гийн
ерөнхий газрын харь­яа Улсын мөрдөн бай­цаах газраас хүлээн авч, 2445 ширхэг
104.365.568 төгрө­гийн эд хөрөнгийг хүлээн аваагүй аж.

Гэтэл уг төвийн барилгыг албадан дуудлага
худалдаа­гаар Б.Золтуяа гэх хүн нэг тэрбум 600 гаруй сая төгрө­гөөр худалдан авч
өөрийн болгосныг хохирогчид эсэр­гүү­цэж байгаа юм. Учир нь энэ барилгын албадан
дуудлага худалдааны анхны үнийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамны хамтар­сан
Ажлын хэсэг 2.800.000.000 төгрөгөөр тогтоосон байжээ.

Мөн Баянзүрх дүүргийн Амгаланд байрлах
60400 мкв+40000 буюу 10 га газар, Баянгол 
дүүрэгт байрлах “Боса” төвийн дэргэд байр­лал­тай 254  м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, дутуу
баригдсан байр болон газ­рын хамт, “УБ Палас” барил­гын хажууд байрлах цогцол­бор,
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Россия” зоогийн газар, “Агч” агуула­хын
хөрөнгө, газар хэт доо­гуур үнэлгээгээр зарагдсан обьектуудын тоонд орж байна.

Хадгаламж, зээлийн хор­шоо­доос битүүмжилсэн
үйлд­вэр, эд хөрөнгө, газруудыг тухайн үед албадан дуудлага худалдаагаар худалдсан
Шийд­вэр гүйцэтгэх ажиллагаа хэр үнэн бодит болсныг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод
аудитын газар шин­жил­жээ. Үүгээр хадгаламж зээлийн зарим хоршооны үүсгэн байгуулагчдын
өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худал­дааны анхны болон дараа­гийн
үнийг тогтоохдоо Иргэ­ний хуулийн 177 дугаар зүй­лийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4, 43 дугаар зүйлийн 43.4-т заасныг
баримтлаагүй нь батлагджээ. Түүнчлэн аль нэг обьектыг дуудлага худал­даанд оруулахдаа
үнэлгээг нь зориулалтын байгуулла­гаар хийлгээгүй аж. Ганцхан компани Хөрөнгийн
үнэлгээ­ний төвөөр үйлчлүүлсэн байх жишээтэй.

Үл  хөдлөх 
хөрөнгийн  дуудлага худалдаа явуулах­даа
Шүүхийн  шийдвэр  гүй­цэт­гэх байгууллагын зарим шийдвэр гүйцэтгэгч
бүх мэдээл­лийг маш товчхон, гаргацгүй хөтөлдөг байжээ.  Үүгээр ч барахгүй ШШГ бай­гуул­лагаас шинжээч
томилох тухай шийдвэртээ ямар шин­жээ­чийг томилсон талаар  тодорхой этгээдийн нэр,  хаягийг бичдэггүй байсны зэрэгцээ, тэмдэглэлийг
гараар бичиж, зарим хэсгийг нь арилгагч буюу штрихээр дарж засварласан зэрэг зөрчил
илэрсэн байна. 

Нэг үгээр дуудлага худал­дааг зохион
байгуулах ажил­лагаа эхнээсээ л бүх зүйл нь бүдэг, стандартыг хангаагүй нөхцөлд
явагдаж байжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс
дууд­лага худалдаагаар зарагдсан хэд хэдэн обьектод үнэлгээ хийгээд Сонгинорхайрхан
дүүргийн 12 дугаар хороо, нэгдүгээр хороолол Энх­тай­ва­­ны өргөн чөлөө 95/2 А,
В, С блок, Баянгол дүүргийн хоёр­дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн урд байрлах
дөрвөн давхар үйл­чил­гээний зориулалттай “Плис­нер” төв, Баянзүрх дүүр­гийн 12
дугаар хороо Сөүл групп “Рояль Кастл” 103 дугаар байр 301 тоот зургаан өрөө орон
сууц гэсэн ийм гурван объектыг мэргэжлийн байгууллагаар дахин үнэлүү­лэх шаардла­гатайг
тогтоо­гоод байгаа юм. 

Харин Улсын мөрдөн бай­цаах газраас
хадгаламж зээлийн хоршоодын хохи­рогч­дын хохирлыг барагдуу­лах зорилгоор тус холбоо­ных­ныг
ял эдэлж байгаа хад­га­ламж зээлийн хоршоодын эзэдтэй уулзуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэт­гэх ерөнхий
газрын Тогтоол гүйцэтгэх газрын харьяа жирийн дэглэмтэй хорих 441 дүгээр ангид ял
эдэлж байгаа “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр,
“Баян-Өндөр сан” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч С.Самбалхүндэв, мөн
газрын харьяа Төв айм­гийн Баян сум дахь чанга дэглэмтэй хорих 415 дугаар ангид
ял эдэлж байгаа “Бүтээн байгуулалт, хөгжлийн сан” хадгаламж зээлийн хор­шооны үүсгэн
байгуулагч Т.Энхтөр, Булган аймаг  дахь онцгой
дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа “Бүтээн бай­гуу­лалт, хөгжлийн сан” хадга­ламж
зээлийн хор­шоо­ны үүсгэн байгуулагч Б.Баттөр нартай уулзуулжээ.

Уулзалтын үеэр Ж.Мэнд­баяр, С.Самбалхүндэв
нар мөрдөн байцаалт болон шүү­хийн шатанд бүртгэгдсэн эд хөрөнгө дутсан, Шүүхийн
шийд­вэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хад­га­ламж зээлийн хоршоодын төлбөр
барагдуулах алба нь хураагдсан эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доо­гуур
үнэгүйдүүлэн, дуудлага худалдаагаар танил талдаа зарж борлуулсан талаар гомдол ярьсан
аж.

Хадгаламж зээлийн хор­шоо­дын хохирогчдын
холбоо болон иргэд “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоо­ноос хураагдсан хөрөнгө
болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 36 дугаар байр­ны зоорийн давхарт байрлах
12 автомашины зог­соол, 32 дугаар байрны зоорийн давхарт байрлах 12 автомашины зогсоолыг
ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтай­ван, хадгалагч Э.Мэндбаяр нар бусдад түрээслүүлэн
ашиг олж завшсан,  Баянгол дүүргийн 16 дугаар
хороо “Боса” худалдааны төвийн дэргэдэх Орхоны 1-22-1 тоо­тод байрлах дутуу баригдсан
барилгыг ШШГЕГ-ын албан тушаалтан зарсан, “Баян-Өндөр сан” хадгаламж зээ­лийн хоршооны
битүүмжлэгд­сэн эд хөрөнгө болох Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах “Борнуур”
ХК-ийн хашаанд байсан 2000 ширхэг палкнаас ахлах шийд­вэр гүйцэтгэгч Р.Энхтайван,
шийдвэр гүйцэтгэгч Б.Бат­мөнх нар 726 ширхэг палкийг хувьдаа авч завшсан,Төв айм­­гийн
Борнуур сумын нутагт байрлах “Борнуур” ХК, “Даваанбулаг” ХК-ийн газар эзэмших захирамжуудыг
хууль бусаар хүчингүй бол­гож, бусдын нэр дээр шил­жүүл­сэн, шийдвэр гүйцэтгэгч
Б.Батмөнх нь “Борнуур” ХК-аас хураагдаж битүүмжлэгд­сэн эд зүйлийг “Хан борго­цой”
ХХК-ийн захирал Г.Түдэв­­доржид хариуцуулан өгөхдөө “Борнуур” ХК-ийн хуурамч гэрчилгээг
өгч, тамга хийлгүүлж ашиглуулсан, ШШГЕГ-ын ШГГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Туулхүү,
ахлах гүйцэтгэгч Н.Батсүх, шийдвэр гүйцэтгэгч Д.Оюунсүрэн нар “Глоб кредит” ХХК-ийн
захирал Ж.Энхбаярт шүүхийн шийд­вэ­рээр олгохоор шийдвэр­лэ­сэн 300.0 сая төгрөгөөс
шүүхийн шийдвэр гараагүй байхад нэр бүхий дөрвөн хүнд 50 сая төгрөгийг олгосон,
хадгаламж зээлийн хоршоо­доос хураагдсан 153 автома­шин одоо хэний дээр очсон, ямар
үнэтэй зарагдсан бол гэх 27 мэдээллийг Улсын мөрдөн байцаах газарт ирүүлж, шалгаж
өгөхийг хүссэн байна.

Тус газрынхан мэдээл­лүү­дийг нэг
бүрчлэн шалгаад ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтайван, шийдвэр гүй­цэт­­гэгч Б.Мөнхбат,
“Шинэ даваанбулаг” ХХК-ийн захи­рал С.Мөнхбат, Банк, хадга­ламж зээлийн хор­шоодын
төлбөр барагдуулах ажлын албаны дэд дарга Р.Буджав, шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтуяа
зэрэг хүмүүст холбогдох нийт долоон хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлчи­хээд
бай­гаа юм байна.

Хохирогчдын тэмцэл, зүтгэл ийн захаасаа
үр дүнд хүрч, тухайн үед төрийн тол­гойд байсан эрхмүүдийн гар хөл болсон эдгээр
нөх­дийг холбогдох газрууд нь шалгаж байгаад их ач холбог­дол өгч байна. Энэ хүмүүс
жинхэнэ захиалагчдынхаа нэрийг хэл­бэл, энэ хэрэг нийгэмд цочроо өгч, олон хүн шалгагдах
нь дамжиггүй.

Хохирогчид энэ удаагийн намрын чуулганаар
“Хохир­лыг эргэн төлөгдөх нөхцө­лөөр барагдуулах тухай” хуу­лийг хэлэлцэж, батлуулахад
хамгийн гол анхаарлаа хан­дуул­чихаад байна. Тэдний хувьд уг хууль батлагдаж, ирэх
оны төсөвт суулгабал олон жилийн тэмцэлд нь цэг тавьсан хэрэг болно гэцгээж байна. 

Хохирогчид “Бид мөнгө­ний төлөө тэмцээгүй.
Тэртэй тэргүй бид мөнгө, цаг, хугацаа эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирчихсон улсууд.
Хамгийн гол нь үнэн ялаасай. Бид МАХН-ыг төр барьж байх хугацаанд хүчтэй тэмцэл
хийж, батлахыг нь урж, төв байрных нь өмнө олон хоногоор өлсгөлөн зарласан нь цаагуураа
Ардчилсан засгийг гарч ирэхэд нэлээдгүй түлхэц болсон болов уу гэж боддог. Тиймээс
Шинэчлэ­лийн Засгийн газар бидний асуудалд шинэ өнцгөөс хан­даж, нааштай шийдэж
өгөх байх хэмээн залбирч байна”  гэцгээж байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Эдийн засгийг стратегийн хэмжээнд онцолсон айлчлал

Япончуудад нэг онц­лог чанар бий. Тэд бод­соныхоо дараа хийдэг
улс. Тэгвэл хэлэхээсээ өмнө бодож,  бодсоныхоо  дараа хийдэг япончууд бидэнтэй илүү өндөр түв­шинд
харилцахаар шийд­жээ. Хоёр орон иж бүрэн түншлэлээс стра­тегийн түншлэлийн ха­рилцаа
руу шилжиж бай­гаа нь өнгөрсөн өдрүүдэд Япон улсад айлчилсан Ерөнхий сайд Н.Алтан­хуягийн
айлчлалын гол үр дүн байлаа. Хоёр орны Ерөнхий сайд нар Мон­гол, Японы стра­тегийн
түншлэлийн дунд хуга­цаа­ны хөтөлбөрийг үзэг­лэсэн юм. Иж бүрэн түнш­лэл гэдэг нь
эн­гий­нээр бол бүх салбарт харил­цаагаа жигд хөг­жүү­лэх. Танилцах мая­гийн, ха­рилцааны
эхний жилүү­дэд ямар ч улс ор­нуудад байдаг шат гээд ойлго­чихож болно. Харин стра­тегийн
түншлэл бол өөр. Цөөхөн хэдэн улстай то­дор­хой салбаруудыг он­цолж байгаад ажил
хэрэгч, бодитой харилцаа өрнүүлнэ гэсэн үг. Япон Улс хориод улстай стра­тегийн түвшинд
түншил­дэг.

Харин манай хувьд дөрөв ор­чим  оронтой энэ түвшинд  харилц­даг. 
Дунд хугацааны гэдэг нь таван жилийн хугацаанд яг ямар харил­цаа өрнүүлэхээ
цаасан дээр буул­гаад гүйцэтгэх засаглалын тэр­гүү­нүүд нь гарын үсгээ зурж батал­чихаж
байна гэсэн үг. Энэ хөтөл­бөрт улс төр, эдийн засаг, хүмүүн­лэгийн гэсэн гурван
салбарт ингэж тэгж хам­тарна гэсэн заалтуудыг багтаасан.

Улс төрийн харилцаан дээр гэхэд манай
улс Японы сонирхлоо хандуулсан улсуудын нэг. Жишээ нь Хятад, Хойд Солонгостой ма­найх
гайгүй харилцаатай. Харин Японы хувьд эдгээр улстай харил­цаа сайнгүй байгаа. Манайхаар
дамжиж энэ хоёр том улстай харил­цах сонирхол, хэрэгцээ Япон Ул­сад бий. Зарим асуудлаар
хоорон­доо зохицолдсон бодлого явуулах зэрэг заалтууд хэлэлцээрт багтаад байгаа
юм. Хоёр орны хооронд итгэмжилсэн харилцааг шат ша­тан­­даа бий болгох нь улс төрийн
харилцааны голлох нуруу байна гэсэн агуулгатай заалт хэлэлцээрт тусаад байна.

Эдийн засгийн агуулгатай хэд хэдэн
заалт энэ хэлэлцээнд багт­сан гэж Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх онцолж байв.
Өөрөөр хэлбэл хөтөлбөрт онцол­сон заалтуудын хамгийн сонир­хол­той нь эдийн засаг  байсан юм. Өмнө нь бид арлын орон руу юм гуйж
очдог байсан бол энэ удаагийн айлчлалаас харилцан ашигтай хамтын ажиллагаа, бие
биеэ нөх­сөн түншлэл гэсэн үгс содон сон­согдож байлаа. Хэлэлцээрт туссан анхаарал
татахаар зарчмуудын нэг нь энэ. Монгол гэдэг улс Японы хувьд бизнесийн түншийн хэм­жээнд
хүрсэн нь “Суми­тома Мицүй”, “Мицүбиши”, “Марубени” зэрэг томоохон груп­пуудын ерөн­хийлөгч  нарыг Ерөн­хий сайдад ээлжлэн бараалхсанаас харчихаж
болохоор. Японд мөнгө нь  байна, бидэнд газрын
баялаг, хүн хүч байна, нийлүүлбэл хэн хэндээ ашигтай гэсэн дүгнэлтийг айлч­лалын
үеэр өрнөсөн яриа хэлэл­цээ­рүүдээс анзаарч болохоор байлаа.

Тавдугаар цахилгаан станц, Дарханы
газрын тосны үйлдвэр, Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудал зэрэг том төслүүд
дээр Японы толгой бизнесүүд гол орол­цоотой ажиллаж байгаа. Айлч­лалын үеэр гэхэд
л “Бэрэн” групп “Марубени”-тай гангийн үйлд­вэр байгуулах чиглэлээр гэрээ зурсан.
Гэрээнд гарын үсэг зурс­наар “Марубени”-гийн технологийг оруу­лах гэж байгаа энэ
компанид хоёр улсын Засгийн газар хооронд нэгэнт жим нь гарчихаад байгаа экспортын
гэрээний шугам нээлт­тэй гэсэн үг. Экспортын гэрээний шугамыг УИХ баталчихаад байгаа
билээ. Хар үгээр бол Японы компа­нийн технологийг эх орондоо оруу­лах гэж байгаа
Монголын компани Японы Засгийн газраас хүү, хуга­цаагаараа дотоодын зах зээлтэй
харьцуулахааргүй таатай нөхцөл­тэй зээл авах боломж нь нээгд­чихсэн. “Бэрэн” шиг
Японы техник, техно­ло­гиор Монголдоо үйлд­вэр­лэл хөгжүүлэх сонирхолтой олон компанид
энэ боломж нээлттэй. Яг одоо гэхэд 80-100 сая ам.дол­ларын хөнгөлөлттэй зээл авах
боломж бүрдчихээд байна. Цаашдаа төс­лүүд ашигтай хэрэгжвэл хэдийг ч зээлж болно
гэсэн тохироо хоёр улсын дунд бий. Япончуудын хувьд төмөр замын технологи дээр хам­тарч
ажиллах сонирхол байгаа нь Ерөнхий сайдыг намынхаа бай­ранд хүлээж авсан Шинзо Абэгийн
ЛАН-ынхны тавьсан сана­лаас харагдаж байв. Түүхэндээ ганцхан удаа төрийн эрхийг
алдаж байсан, одоо бол парламентынхаа хоёр танхимд үнэмлэхүй олонх болж Засгийн
газрын эрх мэдлийг атга­сан ЛАН-ынхан анх удаа гадаад улсын Ерөнхий сайдыг намын
байрандаа урьж, лекцийг нь ан­хаа­ран сонссон нь цаанаа эдийн засгийг стратегийн
түвшинд харсан айлчлал гэдгийг нь баталж байлаа. ЛАН-ынхан өргөн, нарийн  хоёр өөр царигтай төмөр замаар шил­жүүлэн ачих
ямар ч тоног төхөө­рөмжгүйгээр саадгүй зорчих техно­логийг туршиж, бараг л үйлдвэр­лэлд
бэлэн болгосноо дуулгасан юм. Манай улсын хувьд өргөн, нарийн царигийн асуудлаа
өнөө хэр ший­дэж чадаагүй байгааг тэд бодолц­жээ.

Айлчлалын үеэр манай талаас гангийн
үйлдвэрээс гадна зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуу­дал дээр Японтой хамтрах сонирх­лоо
илэрхийлсэн. Мөн дөрөв, та­ван цахилгаан станц дээр хамтран ажиллах сонирхлоо албаны
түв­шинд дуулгасан нь айлчлалын үеэр тавьсан онцлох саналуудын нэг байлаа. Таван
толгой дээр хувь эзэмших хүсэлтэй явдаг Япон­чуудад манай талаас Таван тол­гойн
дэд бүтэц дээр хамтраач гэсэн санал тавиад ирлээ. Одоогоор Таван толгой дээр станц
барих компани, мөнгөө тийш нь хийх хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажил ид үргэлжилж
байгаа. Эхний шатанд шалгарсан компаниудын нэг нь Японых. Тэгэхээр Таван толгойн
цахилгаан станц дээр Японы оролцоо өндөр байж мэднэ.

Япончуудын гол оролцоотой байхаар
өөр нэг төсөл бол метро. Одоогоор Засгийн газраас  төслийг нарийвчлах ажлуудыг эхлүүлээд байгаа. Айлчлалын
үеэр  өрнөсөн яриа хэлээний онцлох сэдвүүдийн
нэг нь метро байсан. Манай талаас тавьсан өөр нэг зүйл  гэвэл мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх
чиглэлээр хамтарч ажиллая гэсэн санал байлаа. Хөдөө аж ахуй бүтээгдэхүүнийг олон
улсын стан­дартын дагуу боловсруулж эколо­гийн цэвэр бүтээгдэхүүн экспорт­лохын
тулд технологи дээр хамтраач гэсэн саналыг тавиад ирсэн гэсэн үг. Хөдөөгийнхөн рүү
хандсан “Шинэ сум”, хотынхон  руу хандсан
“Гудамж” төсөл дээр ч өрнөх аж­лууд айлчлалын үеэр хөндөгдсөн. Хамгийн наад захын
гэгээтэй жи­шээ гэхэд дүүргүүдтэй холбогдож Туул голын  дагуу баригдах хурдны зам байв.

Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалаас
анзаарагдсан өөр нэг шинэ өнцөг гэвэл төр бүхнийг шийдэхгүйгээр хувийн хэвшилдээ
итгэж, боломж олгож, шаардлага­тай тохиолдолд бодлогоор дэмж­дэг япон хандлага дээр
толгой дохисон явдал байв. Япон ханд­лага гэж онцолсон нь учиртай. Японы Засгийн
газар ямар нэг том төсөлд дэмжлэг үзүүлье гэвэл эхлээд том бизнесмэнүүдээ суд­луулахаар
явуул­даг, дараа нь нөгөөдүүлээ толгой дохивол компа­ниудаа дэмжиж оролцдог. Ерөнхий
сайдын хэлсэн үг, тавьсан санал  зэргээс харахад
манай улс энэ чиг рүү хүчтэй орж буй нь анзаарагд­сан.

Айлчлалын үеэр хөндөгдсөн бас нэг
асуудал нь визний хөнгө­лөлт байв. Манай улс 2009 онд япон­чуудыг визгүй болгосон.
Харин бид 2020 оны олимпийн үеэр Япон руу визгүй, үгүй юмаа гэхэд илүү хөнгөлөлттэй
нөхцөлөөр виз авч Токиог зорих магадлал өндөр байна. Учир нь айлчлалын үеэр хөндсөн
анхаа­рал татахаар асууд­луудын нэг энэ байсан. Монгол-Япон, Япон-Мон­голын парламен­тын
бүлгүүдийн хооронд гэхэд л айлчлалын үеэр ийм яриа өрнөсөн юм. Гэхдээ нэлээд нааштай
уур амьсгал дунд УИХ дахь Монгол-Японы бүлгийн дарга Д.Эрдэнэбат Японы парламентчидтай
уулзса­ны­хаа дараа энэ талаар онцолж байв. Ерөнхий сайд ч айлчлалын дараа сэтгүүлчидтэй
уулзахдаа “Бид  Японы талд монгол иргэдийн
визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг авч үзээч гэсэн саналыг тавьсан. Бүр хэтдээ
визгүй болгох ч боломжтой гэж байна. Түүнээс өмнө манай иргэдийн визийн нөх­цөлийг
хөнгөлөөч гэсэн санал тавилаа” хэмээн онцолж байсан. Япон Улс биднийг эдийн засаг
нь тэлсэн, хөгжсөн улс учраас харил­цан ашигтай хамтаръя гэдгээ ал­бан бичгээр баталгаажуулсан
гэж албаныхан онцол байлаа. Тэгэ­хээр хөгжил 
нь гайгүй,  эдийн засаг нь дажгүй улсын
тоонд баттай орчихвол визний асуудал 2020 оны олимпоос өмнө нааштай­гаар шийдэгдэх
боломжтой байж мэдэх л юм.

“Хас” банкны толгойд байдаг Тэнгэр
санхүүгийн нэгдлийн 16 хувийн хувьцааг Японы компани авсан,  Японы “Мицүбиши” манай ураны хоёр ч том орд дээр
үйл ажиллагаа явуулдаг “Арево Мон­гол”-ын 34 хувийг эзэмшдэг, шилдэг банкнуудын
нэгд багтдаг “Сумито­мо Мицүй” Улаанбаатарт төлөө­лөг­чийн газраа нээсэн гэж ирээд  яривал хоёр улсын хооронд эдийн засгийн харилцааны
том   суурь аль эрт тавигдчихсан. Ерөн­хий
сайдын айлчлалын дараа илүү тодорхой ажлууд хийгдэж, том төс­лүүд хэрэг­жихээр байгаа.
Наад  захын үр дүн гэхэд Хөгжлийн  банк тун удахгүй Засгийн газрын батал­гаатайгаар
иенийн зах дээр дараа­гийн томоо­хон бондоо босгох  гэж байна. Манай сонин дараагийн дугаартаа  самурай бондын талаар   дэлгэрэн­гүй мэдээллийг хүргэх болно.

Үргэлжлэл
бий

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Э.Амарбат: Д.Загдсүрэнгийн хэргийг шүүхэд шилжүүлж, Н.Хүрэлсүх, А.Шоовдор, С.Батмөнх нарыг цагдан хорьж байгаа

Авлигатай тэм­цэх газрын Мөрдөн шалгах
хэлт­сийн дарга, комиссар Э.Амар­бат  нарын
албаны хүмүүс өчигдөр хэвлэлийн бага хурал хийл­гэж сүүлийн үеийн мэдээл­лийг олон
нийтэд өглөө. Тэдний өгсөн мэдээллээр АТГ өнөөд­рийн байд­лаар 8350 төрийн албан
хаагчийн хувийн ашиг со­нирх­лын урьдчилсан мэ­дүүл­гийг авснаас 7738-ынх нь мэдүүлгийг
хянан шийд­вэр­лэсэн гэнэ.

Мөн мөрдөн шал­гах ажлын хүрээнд гэмт
хэр­гийн тухай 247 гомдол, мэдээл­лийг хүлээн авч хянан шалгаад 54 мэдээлэлд нь
эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Мөн хугацаанд харьяал­лын дагуу 477 үйлдэлтэй 136 эрүү­­гийн
хэрэгт мөрдөн бай­цаалт явуулсан нь 2011 оны мөн үетэй харьцуулбал 23 хувиар өссөн
байна. Ингэх­дээ 29 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шүү­хэд шилжүүлс­ний
найман хэрэгт нь өнөөдрийн байд­лаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.

Ийн Авлигатай тэмцэх газ­раас
үйл ажиллагаа­ны­хаа талаар мэдээлэл өгс­ний дараа сэтгүүлчид сүүлийн үеийн ан­хаа­рал
татсан хэр­гийн талаар асуухад тус газ­рын Мөр­дөн шалгах хэлтсийн дарга Э.Амар­бат
хариулт өгснийг хүргэе.

-“Цэвэр агаар” сангийн захи­рал
Н.Хүрэлсүхтэй хол­­боотой хэр­гийг танай газар шалгаж эхэлсэн. Түү­нийг яг ямар
хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа юм бэ?

-“Цэвэр агаар” сангийн удирд­лагууд
энэ асуудалд холбоотой Байгаль орчин ногоон хөгжлийн яамны зарим албан тушаалтанд
холбогдох эрүүгийн хэрэг байгаа. Мөрдөн шалгах ажил­­лагаа явуулж байна. Эдгээр
хүмүүс нь агаарын бохирдлыг бууруулахад зориу­лагдах ёстой хөрөнгийг үгсэн хуйвалдаж
завшсан гэдэг үндэс­лэлээр шалгагдаж байгаа. Мөн өөрсдийн үүсгэн байгуулсан аж ахуйн
нэгжүү­дээр зарим ажлуудыг гүйцэт­гүү­лэх нэрийдлээр тухайн байгууллагадаа мөнгө
шил­жүү­лэн хөрөнгө завшсан. Хэргийн тухайд өнөөгийн байдлаар тав орчим тэрбум төгрөгийн
хохирол учирсан байна гэдгийг тогтоогоод бай­на. Нийслэл хотын агаарын бохирд­лыг
бууруулахад зо­риу­лагдах таван тэрбум төг­рөг “Цэвэр агаар” сангийн бо­лоод Байгаль
орчин ногоон хөгжлийн яамны зарим албан тушаалтны гараар орж тэд­гээрийн байр орон
сууц, унах унаа нь болж үлдсэн байх жишээтэй. Ийм байдал тог­тоогдсон. Мөрдөн байцаалт
үргэлжилж байна. Зарим хүмүүсийг цагдан хорьсон хэвээрээ байгаа.

-Төрийн банкны экс удпирд­лагуудад
холбогдох хэргийг мөн л танай газар шалгаж байсан. Мөрдөн байцаалт дууссан болов
уу?

-Төрийн банкны удирдла­гуу­дад холбогдох
хэргийг Авлигатай тэмцэх газар шал­гаж байгаад харьяаллын дагуу шилжүүлсэн байгаа.
Тэдгээр хүмүүс нь Төрийн банкны удирдлагаар ажил­лах­даа өөрсдөдөө тодорхой хэмжээний
давуу байдал үүс­гэ­сэн байдаг юм. Авлигатай тэмцэх газрын манай харьяал­лын асуудал
биш байна гэж үзсэн.

-Тэгвэл Эрдэнэс Таван тол­гой компанийн
гүйцэт­гэх захи­рал асан Б.Энэ­бишид холбогдох хэрэг ямар шатандаа шалгагдаж бай­гаа
бол?

-Ямар учраас мөрдөн бай­цаалт явуулж
байгаа вэ гэвэл тус ком­панийн удирд­лагууд үйл ажилла­гаандаа шаардагдах тоног
төхөө­рөмжийг худалдаж авахдаа Төрийн болон орон нутгийн хөрөн­гөөр бараа ажил үйл­чил­гээ
худал­дан авах тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл,
хууль зөрчиж зарим нэг аж ахуйн нэгжид давуу байдал үүсгэн тэдгээ­рээс чанарын шаардлага
хангаагүй бараа бү­тээг­дэ­хүүн худалдан аваад мөн хэмжээгээр хөрөнгө завшиж үрэг­дүүлсэн
гэсэн үг. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна.

-Саяхан Эрүүл мэндийн яам­ны Төрийн
нарийн бич­гийн дарга асан Н.Түмэн­дэм­бэрэлийг саа­туу­лан шалгаж байгаад сулла­сан
байсан. Түүнийг ямар нэгэн хэрэг хийгээгүй гэж үзсэн юм уу?

-Н.Түмэндэмбэрэл нарт холбог­дох хэрэг
манай газарт Улсын мөрдөн байцаах газ­раас харьяал­лын дагуу шил­жиж ирсэн. Улсын
клиникийн зарим эмнэлгүүдэд шаард­ла­гатай техник, тоног төхөө­рөм­жийг худалдаж
авахдаа Худал­дан авах ажиллагааны тухай хуулийг зөрчсөн ялд унаж байгаа юм. Нөгөө
талаар өөрийн үүсгэн бай­гуу­лал­цаж байсан аж ахуйн нэгжийг тендерт шалгаруулж
хө­рөн­гө мөнгө завшсан гэсэн эрүү­гийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Н.Түмэндэм­бэрэл
гэдэг хүн нь цагдан хоригдож байгаад сая­хан суллагдсан. Нэг үгээр хэлбэл цагдан
хорилгүйгээр мөрдөн бай­цаалтыг явуулах боломж­т­ой гэж үзээд гадуур шалгаж эхэлсэн
юм. Хэргийг эцэслэн шийдэхдээ ямар шийдвэр гаргахыг урьдчилан хэлэх боломжгүй байна.
Ямартаа ч эрүү­гийн хэргийг замхруулах, хэн нэгэн ял завших байдал гаргахгүй байх
тал дээр АТГ анхаарч ажиллаж байгаа.

-Н.Түмэндэмбэрэл нарт хол­богдох
хэргийн материал алга болсон гэж яригдах болсон. Үнэн үү?

-Манай газар дээр л лав ямар нэгэн
нотлох баримт үрэгдэж уст­сан зүйл байхгүй.

-УИХ-ын гишүүн Ё.От­гон­баяр болоод
түүний эхнэрт хамаарах хэрэг юу болж байгаа бол?

-Энэ хэрэгт холбогдох хэрэг одоогоор
Авлигатай тэмцэх газарт ирээгүй байна.

-Прокурорын газраас Ё.От­гонбаяр
гишүүний хэргийг Авли­гатай тэмцэх газар руу шил­жүүлсэн гэж мэдэгдээд байгаа?

-Миний мэдэж байгаагаар ийм хэрэг
манайд ирээгүй.

-Хөтөлийн цемент, шохой ком­панийн
захирал А.Шоов­дорыг цагдан хорь­сон нь ямар хэрэгт сэжиг­лэс­нийх вэ?

-Энэ хэргийг шалгаж бай­гаа. Хөтлийн
цемент, шохой ХХК-ийн удирдлагууд анх­наа­­саа үгсэн тохиролцож өөрсдөө аж ахуйн
нэгж үүсгэн байгуулаад тэр аж ахуйн нэгжээс сонгон шалгаруу­лалт­гүйгээр бараа худалдан
авч тэр хэмжээгээр өөрсдө­дөө давуу байдал үүсгэж төрийн компанийн хөрөнгийг завшдаг
байсан юм билээ. Хөтөлийн занар гэдэг компа­нийг үүсгэн байгуулсан гэсэн үг. Нөгөө
талаар үйлдвэрийг хэвийн ажиллагаатай байлга­хын тулд худалдан авалт хийдэг байж.
Ингэхдээ мөн л танил тал, ах дүүгийн холбоо­гоор ажлыг явуулж байсан үндэслэл тогтоогдож
бай­на. Зарим хүмүүсийг хэрэгт сэжиг­лэж цагдан хорьсон. Одоо ч үргэлжлүүлэн хорьж
байна. Эхлээд долоон хүнийг сэжиглэн шалгаж байсан бол өнөөдөр дөрвөн хүн хоригдож
байгаа.

-Харин Татварын ерөн­хий газрын
Хяналт шалгал­тын хэлт­сийн даргаар ажил­лаж байсан Ч.Гансүх нарт холбогдох хэргийг
шүүх нэмэлт мөрдөн бай­цаал­тад буцаасан гэл үү?

-Ч.Гансүх нарт холбогдох хэр­гийн
мөрдөн байцаалтыг дуусгаад шүүхэд шилжүүл­сэн. Ингээд анхан болон давж заалдах шатны
шүүхээс зарим зүйлийг тодруулах шаардлагатай байна гэж үзсэн учраас нэмэлт мөрдөн
байцаалтад буцаагаад бай­на. Нэмэлт мөрдөн байцаал­тын хэргийг дөнгөж сая хүлээж
авлаа.

-Бригадын генерал Т.Даш­дэлэг нарт
холбог­дох хэргийг хуулийнхан нууцалж байгаа гэх бол­сон?

-Дашдэлэг нарт холбог­дох хэр­гийн
тухайд улсын нууцад хамаа­рах асуудлууд байгаа учраас дэл­гэ­рэнгүй мэдээлэл өгөх
боломжгүй. Энэ хэргийг шалгуулахаар Таг­нуу­лын ерөнхий газарт шилжүүлсэн.

-Тэгвэл Т.Билэгтийг сул­ла­сан
гэдэг үнэн үү?

-Т.Билэгт нарт холбогдох эрүү­гийн
хэргийн мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байна. Энэ хүнд цагдан хорих, таслан сэргийлэх
арга хэмжээ авсан байснаа цаа­шид цагдах шаардлагагүй гэж үзээд гадуур шалгаж бай­гаа.
Хэргийн хувьд одоогоор мэдээлэх боломж­гүй байна. Ямартаа ч энэ хүн хэрэгт холбогдолтойгоор
шалгаг­даж байна.

-Иргэний нисэхийн ерөн­хий газрын
хуучин удирд­лагуудыг шалгаж эхэлсэн юм уу?

-Иргэний нисэхийн ерөн­хий газрын
удирдлагаар ажил­лаж байсан С.Бөтмөнх гэдэг хүнд хол­боотой хэрэг манай газарт хэд
хэдээн удаа шалгагдаж байсан. Зарим хэрэг нь гэмт хэргийн бүрэл­дэхүүнгүй учраас
бид чөлөөлж байсан удаатай. Гэхдээ одоо бид энэ хүнийг дахин шалгаж эхэлсэн. Батмөнхийг
цагдан хорьсон гэсэн үг. Шалгагдаж байгаа асуудал нь дарга байхдаа мөн л тендер,
сонгон шалга­руулалтыг хууль бусаар явуулж хөрөнгө шамшиг­дуул­сан байгаа юм. Мөн
Батмөнх­тэй холбоотой зарим хүн мөн­­гө угаасан байж болзош­гүй учир бүгдийг нь
цагдан хориод байна.

-Олимпийн хорооны ерөн­хийлөгч
асан Д.Загд­сү­рэнд хол­богдох хэрэг нэг хэсэг задраад сүүлийн үед дарагдлаа. Хэргийг
шалгах явцад ноцтой зүйл илэрсэн болов уу?

-Д.Загдсүрэнд холбогдох хэргийг мөрдөн
байцаах ажлыг дуусгаад яллах дүгнэлт үйлдүү­лэхээр нийслэлийн прокурорын газарт
шилжүүл­сэн байгаа.

-Ер нь өнгө, мөнгөтэй хол­боо­той
хэргүүдийн шийд­вэрлэлт удаан байна гэж шүүмжлүүлж байгаа. Зарим хэрэг замхарчих­вий
гэсэн хардлага ч байна?

-Эдийн засгийн гэмт хэр­гүүд тэр дундаа
ихээхэн эрх мэдэл бүхий албан тушаал хашиж байсан этгээ­дүүдтэй холбоотой хэргийг
шалга­хад хугацаа шаарддаг. Хэдий их эрх мэдэлтэй байна төдий чинээ гэмт хэрэгт
холбогдох магадлал нь нэмэгддэг. Тийм учраас шалгахад хугацаа их орж байна.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

А.Туяа: “Playboy”-д нүцгэн зургаа дахиж авахуулахгүй ээ

“Х-Түц” продакшны жүжиг­­чин
А.Туяатай ярилцлаа.

-Таны тоглосон “Single ladies”
кино нээлтээ хий­гээд удаагүй ч үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа гэсэн. Энэ талаар
яриа эхлэх үү?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигч
та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ямартай ч бидний уран бүтээл үзэгч ихтэй
байгаад сэтгэл хангалуун байна. Зун­жин ажилласан олон хүний хамтын бүтээл шүү дээ.

-Та хүүхэдтэй эмэгтэйн дүрийг бүтээсэн
байсан. Өөрийн тань хувьд  хүүхэд­тэй болж
жүжиглэнэ гэдэг амаргүй байсан байх?

-Тэгэлгүй яахав. Өрх тол­гойл­­сон
30 гаруй настай хүү­хэд­­тэй, менежер бүсгүйн дүрийг амилуул­на гэдэг нэг талаараа
хэцүү, нөгөө талаа­раа амархан юм шиг санагд­сан.

-Яагаад?

-Миний хувьд бодит амьд­рал дээр
100 хувь ганц бие эмэгтэй хүн. Хүүхэд төрүүлж үзээгүй эх хүн болж жүжиг­лэнэ гэдэг
чамгүй хүнд бай­сан. Харин нөхрөөсөө салсан ганц бие эмэгтэй хүнийг ямар­шуу­хан
амьдралтай байдгийг бага сага ойлгоно. Хүүхэдтэй мөртлөө нөх­рөө­сөө салчих­сан
найзууд бий. Тэгээд ч өнөөдөр бидний амьд­ра­лын эргэн тойронд гэр бүл салалт, нөхөргүй
хүүхэдтэй эмэгтэй гэхчлэн бодит дүр зураг олон болчихсон шүү дээ. Тиймээс ийм дүрд
ороход туршлага их байсан гэх үү дээ.

-Тэгэхээр тоглосон уран бүтээ­лээ
хараад үнэхээр надад иймэрхүү зүйл тохиолдвол яах бол гэсэн бодол төрж байсан уу?

-Үнэхээр тэгж бодогдсон шүү. Киноныхоо
дүрийг бүтээ­хийн төлөө өөрөөсөө шалт­гаа­лах бүх зүйлийг хийсэн. Заримдаа бүр хэт
дүрдээ орчих явдал байсан. Тэр үед бодит амьдрал дээр надад ийм явдал тохиолдвол
би яг л ийм шийдвэр гаргах байсан байх даа гэж бодогдсон. Кино­ны маань хүмүүст
хэлэх гээд байгаа санаа ч гэсэн ганц бие эмэгтэйчүүдийн амьдра­лыг л харуулах. Тийм
ч утгаа­раа 20, 30, 40 гэсэн гурван үеийн эмэгтэйчүүдийн дүрийг тус­га­сан. Хэдий
найзууд ч гэсэн насны ялгаатай өөр өөр зан араншинтай хүмүүс энэ­хүү уран бүтээлд
гардаг л даа. Ер нь энэ кино охид бүс­гүй­чүүд, эмэгтэйчүүдэд олон зүйлийг бодогдуулах
байх гэж найдаж байна. Ялангуяа залуухан охид юуны түрүүн гэр бүл зохиох гэж яаралгүй
ирээдүйд үүсч болох нөхцөл байдлыг сайтар бодолцох хэрэгтэй юм шиг санагдсан. Амьд­ралын
эрээнтэй ба­раан­­­­тай зүйл байдгийг ч мэдэх­­гүй гэр бүл болох нь эцэстээ салалтад
хүргэдэг юм байна гэдгийг ойлгох хэрэг­тэй. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр
гэр бүл болох­­доо сайтар төлөвлөх ёстой л гэж хэлмээр байна. Харин найз залуу бол
өөр хэрэг шүү дээ.

-Таны хувьд найз залуу­тай юу,
хэзээ гэр бүлтэй болохоо төлөвлөсөн үү?

-Одоохондоо найз залуу байх­гүй. Найз
залуу, нөхөр гэдэг асар ялгаатай ойлгол­тууд санагддаг. Нөхөртэй болохоо төлөвлөнө
гэж утга­гүй зүйл байх. Заяаны хань зам дээр гэж ярьдаг шүү дээ. Гэтэл нөхөртэй
болно гээд хайгаад, хичээгээд байвал бүр л хясдаг хорвоо. Хүн бүхэнд өөрийн гэсэн
хувь тавилангийн зураг байдаг гэдэг шиг Туяа тэгж л амьдрах ёстой гэсэн төөргийн
дагуу л явах байх даа. Цаг нь ирэхээр хүссэн хүсээгүй болох биз дээ.

-“Х-Түц” хамтлагийн тог­лол­­туу­даас
ч тэр, дэлгэ­цийн бүтээ­лээс харахад ч тэр та ихэвчлэн тачаангуй, секси дүрд тоглодог.
Амьд­рал дээрх А.Туяатай хэр ойр дүрүүд бол?

-Харин хүмүүс тэгж яриад бай­даг.
Эротик хүүхэн ч гэх шиг. Өмнө би ерөөсөө анзаа­раа­гүй явсан юм. Эргээд хар­сан
чинь тиймэрхүү стильтэй нэлээд хэдэн дүрд тогло­сон юм билээ. Амьдрал дээр эсрэ­гээ­рээ
ш дээ. Найзууд маань хэлэх байх. Даруухан талдаа. Гэхдээ хэлэх гэсэн үгээ хэнээс
ч айлгүй шууд хэлчихдэг. Дотроо хадгалаад шаналаад явдаг хүн би биш. Уран бүтээлч
хүн учраас шаардла­га­тай бол ямар ч дүрд хуви­рах чадвартай гэж би боддог. Тэрнээс
биш энэ дүр надад тохирохгүй юм байна, би чадахгүй гэж хэлэх эрх байх­гүй.

-Таныг хошин урлагт тохирох­гүй,
загвар өмсөгч болохгүй ч гэдэг юм уу шүүмжилж байсан удаа бий юу. Өөртөө тохирсон
зүйлээ хийхгүй гэсэн мэр сэр шүүмж­­лэл байдаг юм билээ?

-Тиймэрхүү яриа хааяа чих дэлсдэг
л дээ. Загвар өмс, хошин урлаг чиний хийх ёстой ажил биш гэдэг ч юм уу. Гэхдээ би
энэ мэргэ­жилд хайртай, дуртай учраас сон­голт хийсэн байж таараа шүү дээ. Тэрнээс
биш тэнэж яваад СУИС-д ороогүй нь тодорхой. Аль бага байхдаа “Х-Түц” хамтлагийн
Онон, Аглуу ах, Одончимэг эгч нарыг биширч ямар гоё жүжиглэдэг, авь­яас­тай хүмүүс
вэ гэж хүндэлж ирсэн. Тиймдээ ч их сургуу­лиа төгсөөд энэ продакшн­тай­гаа хувь
заяагаа холбо­сон­доо баяртай байдаг. Зарим танилууд загвар өмсөх­гүй юу гэж асууж
байдаг ч амьдралдаа би нэг ч удаа загвар өмсөгч болох юмсан гэж бодож байгаагүй.

-Үзэгчид “Шинэ үе” про­дакш­­ны
жүжигчин Алдар­маа та хоё­рыг их харьцуул­даг юм шиг санагддаг. Та хоёр чинь сайн
найзууд биз дээ?

-Тэгэлгүй яахав.”Шинэ үе” продакш­ны
Алдармаа, “Маск” про­дакшны Алдар, Драммын театрын Ганчимэг бид нар СУИС-ийн жү­жигч­ний
ангийг хамт төгссөн нэг ангийнхан. Тэр дундаа Алдар­маа бид хоёр сайн найзууд. Хааяа
уулзахаараа уран бүтээлийн талаар нэг нэгэндээ зөвлөгөө өгдөг. Харин  хүмүүс яагаад тал­цуулж бичээд байдгийг би ойлгодоггүй.
Адилхан л нэг хүсэл зорилготой ажлаа хийж яваа уран бүтээлч хүмүүс.

-Өөрийг тань “Playboy” сэт­гүүлд
нүцгэн зургаа таван сая төгрөгөөр зарсан гэж ярьдаг юм билээ. Энэ үнэн үү?

-Харин ийм яриа нэг хэсэг­тээ намайг
ороолоо. Ялангу­яа цахим мэдээллийн хэрэгс­лүү­дээр намайг тав сая төгрө­гөөр бараг
л биеэ үнэллээ гэсэн утгатай юм бичих бол­сон. Тус сэтгүүлтэй гэрээ бай­гуул­сан.
Гэрээний дагуу тодор­хой хэмжээний мөнгөөр зургаа ава­хуул­сан нь бол үнэн. Гэхдээ
хүмүү­сийн яриад байгаа шиг таван сая төгрө­гөөр тийм зураг авахуулна гэж юу байхав.

-Тэгвэл түүнээс ч их мөн­гө авсан
гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Гэхдээ энд хэлээд хэрэггүй
биз дээ. Залуу хүний хувьд ийм шийдвэр гаргасан нь монгол эмэгтэй­чүү­дийн хувьд
зоригтой алхам болсон байх л даа. Тэгээд л хүмүүс гэгээтэй гэхээ­сээ илүүтэй­гээр
муу талаас нь харж шүүмжил­сэн байх.

-Гэрийнхэн чинь яаж хүлээж авсан
бэ. Дахиад нүцгэн зургаа авахуулах санал ирвэл хүлээж авах уу?

-Би эцэг, эхээсээ тусдаа амь­дар­даг.
Ганцаараа амь­дар­даг болохоор бид хэн хэнийхээ амьд­ралд хөнд­лөн­гөөс тэр болгон
ороод байдаг­гүй. Би бол биеэ даасан эмэг­тэй хүн. Харин “Play boy” сэтгүүлд нүцгэн
зургаа мөн­хөл­сөн маань миний эхний бөгөөд эцсийн алхам.

-Аав, ээжийгээ танил­цуу­лах­гүй
юу?

-Миний аав геологич мэр­гэ­жил­тэй.
Харин ээж маань багш. Би эхээс дөрвүүлээ. Эгч, хоёр эрэгтэй дүүтэй. Эгч сан­хүү­гийн
мэргэжил­тэй, нэг дүү хуульч, бага дүү маань оюутан.

-Гэр бүлийнхэн тань уран бүтээлийн
тал дээр хэр дэмждэг вэ?

-Ер нь бол нэг их тэг, ингэ гээд байдаггүй
шүү.

-Хэд хэдэн кинонд амжилт­тай тоглолоо.
Цаа­шид кино урлагт урвана гэсэн бодол бий юу. Киноны санал хэр ирж байна?

-Ганц, нэг санал ирж бай­гаа. Миний
дуртай салбар учраас хошин урлагийг би хэзээ ч орхих­гүй. Харин уран бүтээлч хүн
тайз, дэлгэцийн уран бүтээлд алинд нь ч хөрвөх чадвартай байх ёстой гэж би боддог.
Киноны хувьд нэг сайхан эмэгтэй хүний амьдралыг өгүүлсэн дүрд тоглох юмсан гэж боддог.
Бүх зүйлийг тэгээс эхлүүлээд сайхан цэцэглэж байтал байр сууриа ал­даж навс доошлоод
эргээд өөрийн­хөө хүчээр сэхдэг тийм л амьдрал­тай дүрд тоглож үзмээр байна.

-Жүжигчин эмэгтэйчүүд үзүүл­бэр
бүр маш олон хувцас сольдог шүү дээ. Энэ бүх хувцсыг өөрсдөө авдаг уу?

-Тэгнэ. Найзууд асуудаг л даа. Та
нар ямар гоё, гоё хувцас өмсдөг юм бэ цаанаас нь өгдөг үү, нүүр буддаг хүн тусдаа
байдаг уу гээд асуудаг. Үнэндээ бол өөрийнхөө дүрд ямар хувцас хэрэгтэйг өөрөө л
худалдаж авч зохицуулна. Нүүрээ хүртэл өөрсдөө будна ш дээ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Японы бизнесмэнүүд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахыг Ерөнхий сайдаас хүсэв

Монгол Улсын Ерөн­хий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийж буй
ал­бан ёсны айлчлал үргэл­­­жилж байна. Ерөн­хий сайд энэ өдрийн айлч­лалаа арлын
орны биз­несмэнүүдтэй өглөө­ний цай ууснаар эхлэв. Дарханы газрын тосны үйлдвэрт
хөрөнгө оруу­лах гэж байгаа Марубе­ни, тавдугаар цахилгаан станцын төсөлд хамтарч
буй Сожиц, Францын Аре­ватай ураны төсөл дээр хамтрахаар гэрээ байгуулсан Мицүбиши
зэрэг Монголд хөрөнгө оруулах гэж бай­гаа том компаниудын төлөөлөл гүйцэтгэх засаглалын
тэр­гүүнтэй уулзсан юм. Тэд Ерөнхий сайдаас хөрөн­гө оруулалтын орчноо сайж­руулахыг
хүсч бай­лаа. Энэ үеэр Эдийн зас­гийн хөгжлийн сайд Н.Бат­баяр тэдэнд удах­гүй батлаг­дах
хөрөнгө оруулалтын шинэ хуу­лийн талаар тайлбарла­сан. Уул уурхайн сайд Д.Ганхуяг
Ашигт малт­малын хуулийн шинэч­лэлийг хойшлуулж бай­гаагаа энэ үеэр онцолж байлаа.
Ашигт малт­ма­лын одоогийн хуульд өөрч­лөлт оруулах мая­гаар асуудлыг шийдэх нь
хөрөнгө оруулалтын ор­чинд эерэг нөлөө үзүүлнэ гэж салбарын яам үзэж байгаа аж.

Гүйцэтгэх засаглалын тэргүү­нийг өчигдөр
Японы эрх баригч ЛАН төв байрандаа урьсан. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг шийдвэр
гаргах түвшнийхэн болон хувийн хэвшлийнхэнд Монголын эдийн засгийн өнөөгийн байдал,
хөрөнгө оруулалтын орчны талаар илтгэл тавьж, лекц уншсан юм.

Энэ өдөр Ерөнхий сайдад ЖАЙКА-гийн  ерөнхийлөгч А.Тана­да бараалхав. Засгийн газрын
зээлийг хариуцдаг энэ байгуулла­гынхан манайд олгодог хөнгөлөлт­тэй таван төрлийн
зээлээ үргэлж­лүү­лэх бодолтой байна. Санал болгох төслүүд үр ашигтай бол хэдийг
ч авч болно гэсэн байр суурьтай байгаа аж. Одоогоор энэ байгууллагын зээлээр Хөшгийн
хөндийн олон улсын нисэх онгоц­ны буудлыг барьж эхэлсэн билээ. Японы талаас уул
уурхай, зам, цахилгаан станц зэрэг томоохон төслүүдэд зээл өгөх сонирхолтой байна.
Тэдний  хөрөнгө оруулах сонирхолтой өөр нэг
салбар нь нийгмийн дэд бүтэц. “Гудамж” төс­лийн хүрээнд Туул голыг дагасан хурдны
зам барих төсөлд Наран улсаас хөрөнгө орж ирэх юм бай­на. Энэ замыг дүүргүүдтэй
холбо­чихвол замын түгжрэлийг шийдэх том алхам болох юм. Мөн гэр хороол­лыг цэвэр,
бохир усны сүлжээнд холбох, метро барих, шинэ сумууд байгуулах ажлыг ч ЖАЙКА-гийн
хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэхээр ярьж байна. Агаарын бохирдлыг бууруулах зорилготой
хэрэгжих шахмал түлшний үйлдвэр байгуулах хөрөнгийг тус байгуул­лагын зээлээр шийдэх
асуудал яригдаж байна.

Японы Засгийн газрын хөнгө­лөлттэй
зээл нь 0,3-0,75 хувийн хүүтэй байдаг. Хамгийн ихдээ 1.7 хувийн хүүтэй зээл олгодог.
Дөчин жилийн хугацаатай энэ зээлийн эхний арван жилд нь манай Зас­гийн газар ямар
ч хүү төлөхгүй. Уг байгууллагын хүрээнд хийгдсэн буцалтгүй тусламж Ботаникийн хүрээлэнгийн
хашаанд баригдах ЭМШУИС-ийн цогцолбор эмнэл­гээр дуусч байгаа ч хөдөө орон нутагт
дунд сургууль, цэцэрлэгүүд барих ажил үргэлжлэн хийгдэх гэнэ.

Ерөнхий сайд энэ  өдөр “Саму­рай” бондын чиглэлээр дэмжлэг үзүүлж
хамтран ажиллах Японы хувийн хэвшлийнхэнтэй Окүра зочид буудлын Аскот-1 танхимд
уулзалт зохион байгууллаа. “Саму­рай” бондын зөвшилцөл амжилт­тай болбол санамж
бичиг байгуу­лах юм. Дугаар шилжих мөчид тэдэнтэй хийх уулзалт дуусаагүй байлаа.

“САМУРАЙ” БОНДООС ЭНЭ ОНД БАГТАЖ
600 САЯ АМ.ДОЛЛАРТАЙ ТЭНЦЭХ ИЕН ОРЖ ИРНЭ

Ерөнхий сайдын Япон улсад хийж байгаа
айлчлалын үеэр болж буй анхаарал татахаар үйл ажил­ла­гаа­ны нэг нь Монгол Улсын
Хөгжлийн банк, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд харилцан ойлголцлын
санамж бичигт гарын үсэг зурах ёслол байлаа. Энэ санамж бичиг нь Японы зах зээлээс
босгох “Саму­­рай” бондын эхний том алхам гэж албаныхан үзэж байна.

Засгийн газрын босгох гэж байгаа
“Самурай” бонд болон уг санамж бичгийн талаар Хөгж­лийн банкны гүйцэтгэх захирал
Н.Мөнхбатаас тодруул­лаа.

-Хөгжлийн банк Японы Олон улсын
хамтын ажиллагааны банкны хооронд харилцан ойл­голц­лын санамж бичиг байгуу­лагдлаа.
Санамж бичигт гарын үсэг зурсан нь “Самурай” бонд босгоход ямар ач холбогдолтой
вэ?

-Санамж бичигт гарын үсэг зурсан нь
хоёр том ач холбог­дол­той. Нэг ач холбогдол нь бонд. Олон улсын хамтын ажиллагааны
банк Япондоо бол маш том санхүүгийн байгууллага. Хөгжлийн банктай төстэй, 100 хувь
Засгийн газрын бодлогын хүрээнд үйл ажиллагаа­гаа явуулдаг. Гарын үсэг зурснаар
энэ банкны санал болгож байгаа санхүүгийн бүх үйлчилгээний цэсэн дээр хамтарч ажиллах
боломжтой болж байна. Тийм үүд хаалга нээгд­лээ. Энэ ажлын маань өгөөж хувийн хэвшлийнхэнд
хамгийн түрүүнд тусах байх.   Японоос ямар
нэг тоног төхөөрөмж худалдаж авах ч юмуу, эсвэл Японоос том худалдан авалт хийх
гэж байгаа тохиолдолд Хөгжлийн банк, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хамтраад
аль болох хямд зардал өртөгтэй, урт хугацааны санхүүгийн эх үүсвэрээр хангах боломжтой
болж байна гэсэн үг. Үүнээс гадна “Самурай” бондын хувьд эхний том алхмаа хийсэн.
Хоёр тал хөрөнгийн зах зээл, тэр дундаа иенийн зах зээл дээр хамтарч ажиллах тохиролцоонд
хүрсэн. Тодруулж хэлбэл Монгол Улсын Хөгжлийн банк Японы до­тоо­дын иенийн зах дээр
“Самурай” бонд гаргахаар ажиллаж байгаа. Энэ бол манай банкны хувьд иенээр үнэлэгдсэн
бонд гаргаж байгаа анхны туршлага болно. Гэхдээ манайх өмнө нь хоёр ч удаа томоохон
үнэт цаас гаргах үйл ажиллагаанд оролцоод явж байсан болохоор тодорхой хэмжээний
туршлагатай. Тийм учраас энэ ажил маань амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.  Өнөөдрийн санамж бичиг энэ бондыг гаргахад их
түлхэц болно.

-Бонд хэзээ гарах бол?

-Энэ оны арванхоёрдугаар сардаа багтаагаад
гаргах зорилго­той ажиллаж байна. Мэдээж Япо­ны талын хамтрагчдаас нэлээд шалтгаална.
Ер нь бол ондоо амжаад гаргах боломж харагдаж байгаа.

-Хэдий хэмжээний доллар­тай тэнцэх
бонд гаргах гэж байгаа вэ?

-Мөнгөний хэмжээний хувьд боломжийн.
600 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бонд гаргах зах зээлийн боломж бий  гэж харагдаж байна.

-“Самурай” бонд валютын ханшид
эерэг нөлөө үзүүлэх үү?

-Бид энэ ажлыг шууд валютын ханштай
уяж харахгүй байгаа. Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн өнгөрсөн гуравдугаар
сард Монголд хийсэн айлчлал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийж байгаа
айлч­лалын үр дүнд хоёр тал хэд хэдэн томоохон төслүүд дээр хамтран ажиллахаар тохиролцоонд
хүрч байна. Энэ том төслүүдэд маань санхүүжилт хэрэгтэй болно. Нэг талаасаа Япон
улсын олон улсын хамтын ажиллагааны банк энэ санхүүжилтийн  томоохон эрхийг зохицуулж хийх боломжтой. Нөгөө
талаас Монголын Засгийн газар тодорхой хэмжээгээр хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлж энэ
төслүүдийг түлхэх шаардлагатай байгаа. Тэгэ­хээр бид “Самурай” бондын ач хол­богдлыг
энэ талаас нь харж байна. Тодорхой хэмжээгээр манай дотоо­дын системд нийлүүлэгдэх
юм бол ханшин дээр өөрийн гэсэн нөлөөгөө үзүүлэх байх.

-Иенийн зах дээр бонд гаргах нь
доллараар гаргахаас юугаа­раа ашигтай вэ?

-Дэлхийн хөрөнгийн зах зээл маш хөдөлгөөнтэй
л дөө. Олон улсын хувьд чөлөөт зах зээлийн зарчмаар явдаг. 2012 онд Чингис бондыг
гаргахад ам.долларын зах зээл таатай байсан. Яг одоо бол Америкийн төв банкны барьж
буй тодорхой бодлогоор долларын зах зээл арай илүү үнэтэй болж эхэлж байна. Японы
Засгийн газраас барьж буй тодорхой бодлогын үр дүнд иенийн хөрөнгийн зах зээлд нааштай
нөлөө үзүүлж байгаа. Бидний гол зорилго бол бол аль болох хямд зардал, сайн нөхцөлтэй
хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх. Тэр талаас нь харвал маш нааштай дүр
зураг  харагдаж байгаа. Ялангуяа хоёр орны
харилцаа дээд түвшиндээ ийм сайн байгаа нөхцөлд иенийн зах зээл Монголын хувьд их
сайн зах зээл.

-“Самурай” бондын хүү нь хэр байх
бол, хугацаагаа ярьсан уу?

-Хүүгийн хувь хэмжээг одоо­хондоо
хэлэх боломжгүй байна. Мэдээж бага хүүтэй боломжууд руу явж байгаа болохоор дотоодын
санхүүгийн зардлыг аль болох доош нь буулгах боломжтой доо­гуур түвшний хүү байх
болов уу. Хугацааны хувьд дунд, урт хугацааны байна.

-Японы олон улсын хамтын ажиллагааны
банк ямар зэрэг­лэл­тэй вэ. Бонд дээр илүү на­рийн тохироонууд хийгдсэн үү?

-Японы олон улсын хамтын ажиллагааны
банк ААА зэрэг­лэлтэй хамгийн найдвартай банк. Өнөөдөр санамж бичиг байгуулсан нь
зөвхөн эхлэл. Бондын илүү на­рийн юмнуудыг дараа нь тохирно.

-“Самурай” бондыг энгийнээр тайлбарлавал…?

-Зөвхөн Японы зах зээл дээр хөрөнгө
босгох хэлбэр юм. Япон өөрөө маш том эдийн засаг. Хөрөнгө хуримтлал нь асар их.
Японы эдийн засагт хуримтлагдсан нийт хадгаламж арван их наяд давсан гэсэн тоо гарч
байна. Энэ бол Америкийн эдийн засгаас том хэмжээ. Өөрийн тогтсон жаягаар ажилладаг
зах зээл л дээ. Энэ зах зээл дээр гадаад улсууд, тодорхой компаниуд иенээр эх үүсвэр
босго­дог. Иенийн эх үүсвэр босгоход хөгжиж буй Монгол шиг орнуудад Японы Олон улсын
хамтын ажил­лагааны банк баталгаа гаргаж дэмжлэг үзүүлдэг. Бид энэ тогтол­цооны
хүрээнд ажиллах юм бол манай улсаас гаргаж байгаа бондын хүү эрс буурч хугацаа нь
уртсах боломжтой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хадгаламж зээлийн хоршоодын битүүмжлэгдсэн эд хөрөнгө хаачив?

Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын
асуудал өнөөдөр ч яригд­саар байна. Тухайн үед “Баян-Өндөр сан”, “Биз­нес кредит”,
“Бөөн цагаан нуур”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб кре­дит”, “Гэр хорооллын
ба­рилгажилт”, “Европын хөг­жил”, “Жигүүр инвест”, “Зиб”, “Итгэл сэтгэл ирээ­дүй”,
“Монгол торго”, “Нью болор оргил”, “Оюу алт”, “Си Эм Си”, “Хөрөнгө оруу­­лалт хөгжлийн
сан”, “Эрхэст инвест” зэрэг 29 хоршоо дампуурч, 9300 орчим хадгаламж эзэм­шигч хохирсон.
Хохирог­чид тэр үед эрх барьж байсан МАХН-ын үүдэнд олон сар өлсгөлөн зар­лаж, батлахыг
нь урж, үсээ хусч тэмцлээ хур­цаар илэрхийлцгээсэн билээ. Үүний хүчинд тэд хохирлынхоо
тавин хувийг эргүүлэн авсан ч үлдсэнийг нь одоо хүртэл авч чадаагүй байгаа.

Уг хэрэгтэй холбогдуу­лан 43 тэрбум
606.5 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн ч үүн дээр нэмэгдэх зээлдэгчийн авлагын
14 тэрбум төгрөг, 20 гаруй газар, таван лицензийг үнэлээгүй байдаг юм.

Хоршоод дампуур­лын ирмэгт ирж, иргэд сандралдаж байх үед хоршоодын
эзэд, “Бид дампуураагүй. Ашигтай хөрөнгө оруулалтууд хийж одоо үйл ажиллагаа явуулж
бай­гаа үйлчил­гээ­ний газруу­даа ажиллуу­лаад бариг­даж байгаа барилгадаа хөрөнгө
оруу­лалт хийнэ. Тэгээд орон сууцаа за­раад ол­сон мөнгөөрөө хадга­ламж эзэм­шигчдээ
хохи­рол­гүй бол­го­но” хэ­мээн өөр өөрсдийн­хөө бизнес төлөвлөгөөгөө та­нил­­цуул­сан
ч бүгдийг нь хо­морголон шоронд хий­гээд бүх хөрөнгийг нь хүчээр битүүмжилсэн.

Энэ талаар “Баян-Өндөр” хадгаламж
зээ­лийн хор­шоо­ны эзэн асан, хори­ход ял эдэлж байгаа С.Сам­бал­хүндэв “Эзнийг
нь шоронд хориод эд хөрөнгийг нь хуваа­гаад авчихсан” хэ­мээн манай сонинд ярилцлага
өгсөн нь голыг нь олж хэлсэн үг болсон.

Гэтэл битүүмжилсэн гэх үйлдвэрүүд,
эд  хөрөнгө, байр сав, машин тэрэг, газар
гээд бүхий л зүйл нь зах зухаасаа гээгдэж, дун­даас нь алга бол­соор байгаа аж.
Битүүмжлэгд­сэн “Бенз” маркийн машин явсаар “Эксель” болон өөрч­лөг­дөж сүүл­дээ
“Экселийн нэг хаалга л битүүм­жилсэн” болж хуви­раад байгаа аж. Нэг бай­гуул­­ла­гаас
нөгөө байгуул­ла­гад энэ хэргийг шийдэхээр өгө­хөд эд хөрөнгө нь ингэж тоног­дож,
гээгдсээр одоо тоо­той хэдэн л юм үлдээд байгаа юм байна.

Үүнд хохирогчид ихэд са­наа зовниж,
хэзээ энэ асуу­дал шийдэг­дэх бол хэмээн горьдлого тээсээр байна. Засаг солигдож,
байдал жаа­хан наашилсан ч энэ асууд­лыг чуулганаар хэлэлцэж, ирэх оны төсөвт хохирол
барагдуулах мөн­гийг суулга­хаас нааш санаа нь амрах­гүйг тэд ярьсаар.

Хохирогчдын эрх ашгийг хам­гаа­лах
“Шударга төв” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Оюунцэцэг “1937 оны хэлмэгдүүлэлтийн
хар сүүдэр одоо хүртэл ард түм­ний сэтгэлд байсаар байна. Тэр үед хайртай дотнын
хүмүү­­сээ алдсан хүмүүс өнөөд­рийг хүртэл төрдөө гомдсоор байгаа. Үүн шиг л үйл
явдал битгий болоосой гэж хүсч байна. Мөнгөө алд­сан хохирогч­доос маш олон хүн
сэтгэлээр унаж, амиа хорлож нас барсаар байна. Хохирогчид алдсан мөнгөө өнөөд­рийн
төгрөгт шилжүүлж авахыг хүсээгүй. Тухайн үед алдсан мөн­гөө л тэр тоогоор нь авахыг
хүсч байгаа. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, олон мянган хүнийг сэтгэлийн шаналлаас
гаргахыг төр зас­гаа­саа хүсч байна” гэлээ.

Тус байгууллагаас хохи­рогч­­дын дунд
судалгаа явуул­жээ. Судал­гаанд хамруулсан 700 хохи­рогч­дын гэр бүлд сэтгэл санааны
хямралаас үүдэлтэй нас барсан, амиа хорлосон 58 тохиолдол бүрт­гэгд­жээ.

Орон байргүй болсон 480, түрээ­сийн
байраар хоног залгуулж байгаа 405 айл бай­гаа бол айлаар хэсч амьдар­даг 68, ахан
дүүсийн­дээ тол­гой хоргодсоор яваа 45 айл байгаа гэнэ.

Хадгаламж зээлийн хор­шоонд мөнгөө
хадгалуулах саналыг гэр бүлийнхэндээ анх тавьж, ахан дүүсийнхээ мөнгө төгрөгийг
цуг­луулж, байр саваа зарж мөнгийг нь нэмэрлээд хадгалуулсан ч ийнхүү алдсан иргэд
одоо гэр бүлийнх­нийхээ дарамтад амьдарч, гэрээ­сээ хөөгддөг тохиолдол их байгаа
юм бай­на. Үүнээс болж хоёр тийш болсон гэр бүл судалгаанд орол­цогч­дын 10 гаруй
хувийг эзэлжээ.

Хохирогчдын ихэнх нь буюу 311 нь дээд
боловсрол­той хүмүүс бай­сан бол үр хүүхдийнхээ мөнгийг алдсан хөгшчүүл олон байгаа
юм.

Хүүхдүүдийнхээ мөнгийг хадга­ламж
зээлийн хор­шоонд хадгалуу­лаад алдсан хөгшчүүл гадаадаас хүүхэд нь залгахаар чих
нь хатуур­сан болж жүжиглэж “Миний хүү ээж нь сонсох оо байсаан. Мөнгө нь найдвартай
газарт байгаа” хэмээн ярьдаг гэнэ. Түүгээр ч барахгүй хүүхдүүд­тэй­гээ ярихаас эмээж,
чих­ний­хээ хэнгэргийг өөрөө цоолж дүлийрсэн настай хүмүүс ч бий гэсэн.

Хохирогчдын ярьж буй­гаар битүүмжилсэн
гэх олон мянган эд хөрөнгийг өнгөр­сөн хугацаанд зүй ёсоор нь зарж борлуулсан бол
өдийд бүгдийг нь өрнөөс гаргаад зогсохгүй цаана нь хангалт­тай хэмжээний хөрөнгө,
мөн­гө үлдэх байсан гэж байна.

Жишээ нь, “Бүтээн байгуу­лалт хөгжлийн
сан” хадга­ламж зээлийн хоршооны  7585Х дугаартай
зэс­ний ор­дын лицензийг л зарчихсан бол бүх хохирогчдын хохир­лыг барагдуулчих
хэмжээний хөрөнгө байж.

Өнгөрсөн жил “Шударга төв” ТББ-ынхан
хадгаламж эзэмшигч­дэд учирсан хохир­лыг төлүүлэхээр хураан авч битүүмжилсэн хөрөнгө­нөөс
үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчил­гээ, ашигт малтмалын тусгай
зөв­шөөр­лийн борлуу­лалтыг шалгуула­хаар хүсэлт гаргаж бай­сан.

Цагдаагийн байгуулла­гаас Шүү­х­ийн
шийдвэр гүй­цэт­гэх байгуул­ла­гад шилжих болон шийдвэр гүйцэт­гэлийн шатанд олон
эд хөрөнгө алга болжээ.

“Гэр хорооллын барил­га­жилт” хадгаламж
зээлийн хоршооноос хураагдсан Сүх­баа­т­ар дүүргийн нэгдүгээр хороо, нэгдүгээр төрө­хийн
зүүн талд байрлах “Кукахау­зинг” ХХК-ийн нэр дээрх 0060543 тоот үл хөдлөх хөрөн­­гийн
гэрчил­гээ­тэй нэг га газрын асуудал олны анхаар­­­лыг татдаг. Энэ газрыг зарсан
борлуулсан ямар ч үйл ажиллагаа болоогүй бай­тал дээр нь 12 давхар орон сууцны барилга
баригдчих­сан байгаа нь хэний ч нүднээ ил. Мөн тус хоршоо­ноос хураагдсан Ховд айм­гийн
Алтай сумын нутаг “Эр­гийн ус” нэртэй газар байрлах 596 гектар талбай бүхий Х7729,
А1151 тусгай зөвшөө­рөл­тэй гялтгануурын уур­хай, тоног төхөөрөмжийнхөө хамт ор
мөргүй алга болжээ.

“Баян-Өндөр сан” хадга­ламж зээлийн
хоршооноос хураасан Төв аймгийн Заа­мар сумын нутаг Гал­тад байр­лах 6882 А ашигт
малт­ма­лын тусгай зөвшөөрөл, Баянхонгор аймгийн Бөм­бө­гөр сумын нутаг “Гашуун
хар уул” нэртэй газар байрлах 10385 Х ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус тус алга
болсон.

“Бүтээн байгуулалт” хад­га­ламж зээлийн
хоршооноос хураагдсан Дорноговь айм­гийн Хөвсгөл, Улаан­бадрах сумдын нутагт байр­лах
“Баруун ширүүн”-ий 7585 Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Чингэлтэй
дүүргийн 18 дугаар хороо, Гүнт билгүүн-2210 тоотод байрлах битүү бетонон хашаа­тай
хоёр давхар тавил­га бүхий хувийн орон сууц, 240.3 м.квадрат газартайгаа үрэгдэж,
хэнд очсон нь тодор­хойгүй байгаа аж.

Харин Шүүхийн шийдвэр гүй­цэт­гэх
шатанд дуудлага худалдаа бүрхэг, хэрхэн худалд­сан нь ил тод биш, борлуулсан гэх
үнэ нь зах зээлийн бодит үнээс хэтэрхий доогуур худалдан борлуул­сан хөрөнгө бүр
ч олон бий.

“Гэр хорооллын барил­га­жилт” хадгаламж
зээлийн хоршооноос хураагдсан гурав­дугаар эмнэлгийн урьд байрлах 15х18 хэмжээтэй
дутуу баригдсан дөрвөн дав­хар барилгыг газрынх нь хамт 87.8 сая төгрөгөөр худалджээ.

Мөн тус хоршооноос хураагд­­сан Сүхбаатар
дүүр­гийн есдүгээр хороо, Алтайн гудамжинд байрлах 831 м.квад­рат газартай 150 сая
төгрөгөөр тогтоосон “Агч” агуула­хын барилгыг 2885 ширхэг 139.604 сая төгрөгийн
үнэтэй барилгын материал зэрэг хөрөнгө, газрынх нь хамт 85.8 сая төгрөгөөр худалдсан
байдаг.

Түүнчлэн Баянзүрх дүүр­гийн долдугаар
хороонд байр­лах 3614 ширхэг дагал­дах хөрөнгөтэй, 445.2 м.кв газартай дүнзээр барьсан
600 сая төгрөгийн үнэлгээтэй  “Россия” рестораныг
газрынх нь хамт хэдэн төгрөгөөр зар­сан нь өдий хүртэл тодорхой­гүй байгаа юм.

“Баян-Өндөр сан”-гаас хураагд­сан
Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байр­лах дөрвөн давхар үйлчилгээ, оффисын зориулалттай
“Пилс­нер” төвийг Үнэлгээний комисс дахин үнэлгээ хийж 2.800.000.000 төгрөгөөр тогтоос­­ныг
1.682.428.733 төгрөгөөр худалд­сан юм бай­на. “Өрнөлт-Од” ХХК-ийн Баян­зүрх дүүргийн
зурга­ду­гаар хороонд байрлах хүнс­ний захыг Үнэлгээний комисс 1.700.000.000 төгрөгөөр
үнэл­сэн ч анхны үнэ болох 687.573.950 төгрө­гөөр худалджээ.

Энэ мэтээр уг жагсаалт цааш нь хөвөрнө.
Тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг 200 саяар, зуун саяар үнэлэгдэх орон сууцыг тал үнээр
нь зарсан гэх үнэнээс дэндүү хол үйл явдал битүүмжлэгдсэн гэх эд хөрөнгөний эргэн
тойронд одоо ч үргэлжилсээр байна. Нийтлэлийн­хээ үргэлжлэлээр чухам ямар хүмүүс
эдгээр битүүмжлэгдсэн эд хөрөнгийг ямар аргаар өөрийн болгос­ныг өгүүлэх болно.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Б.Батхүү: Урт нэртэй хуульд өөрчлөлт орвол алтны компаниудад боломж нээгдэнэ

Уул уурхайн яамны Бодлогын хэрэг­жил­тийг
зохицуулах газ­рын дарга Б.Батхүү­тэй ярилц­лаа.

-Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх
журмын тухай хуулинд ямар өөрч­лөлтүүд орж бай­гаа вэ?

-Урт нэртэй гэгддэг “Гол мөрний урсац
бүрэл­дэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт
малтмал хайх, ашиг­лахыг хориглох тухай хууль” 2009 оны долдугаар сарын 16-нд УИХ-аар
батлагдахад үүн­тэй хамт дагаж мөрдөх журмын тухай хууль гар­сан байдаг. Энэ хууль
гараад дөрвөн жил бол­сон хэдий ч хэрэг­жилтийн хувьд туйлын хангалтгүй байгаа.
Хэрэгжилт хан­галт­гүй бай­гаа нь хэд хэдэн шалтгаантай хол­боо­той. Нэгдүгээрт
гурван бү­сийн хилийн заагийг тогтоох ажлыг тухайн үед БОНХЯ хариуцаж бай­сан. Одоо
болтол хилийн заагийг тогтоогоогүй бай­на. Хуульд заас­наар ту­хайн тусгай зөвшөөрлийг
цуцлахдаа зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олго­вор өгснөөр цуцална гэсэн байгаа.

Хууль хэрэгжихгүй өдий хүрсэн шалтгаан
нь хууль нь ээдрээтэй гар­чихсантай холбоотой. Өмнө нь ийм хууль гара­хыг мэдээгүй
аж ахуй нэг­жүүд тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуу­лан ихээ­хэн хэмжээний
хөрөнгө оруулсан бай­сан. Иймэрхүү шалтгаа­ны ул­маас хэрэгжихгүй байсан юм билээ.

Одоо уг хуулинд нэ­мэлт өөрч­лөлт
оруулах­даа уг хууль нь зарч­мын хувьд байгаль орчноо хам­гаалах тухай тусгагд­сан
нь зөв гэж үзээд үнд­сэн хуулинд нь гар хүрээ­гүй. Харин хэрэгжүүлэх механизм нь
хүндрэлтэй байсан тул өөрчлөлт хийж байгаа хэрэг. Дагаж мөрдөх журмын тухай хуулийн
нэгдүгээр хэсэгт “Хуулийг дагаж мөрдө­хөөс өмнө олгогдсон тус­гай зөвшөөр­лийг хууль
батлагдсанаас хойш та­ван сарын хугацаанд цуц­ална” гээд заачихсан. Таван сарын
хуга­цаанд хилийн заагаа тогтоож цуц­алж чадаагүй тул уг заалтыг нь өөрчлөөд хууль
гарахаас өмнө хө­рөн­гө оруулсан, үйл ажил­лагаа явуулсан хилийн заагт хамрагдаж
байгаа 346 ашиглалтын лицензтэй байгууллагууд өргөдөл гаргаж болно гэсэн байгаа.

-Өргөдөл гаргах ком­паниудад шалгуур
тавьж байгаа юу?

-Мэдээж шалгуур үзүү­лэлтүүд бий.
Тухайн ордоо ашиглахдаа нөхөн сэргээх баталгаа гаргах, тэрхүү орд нь нөхөн сэргээлт
хийж хүрэхүйц хөрөнгө гаргах боломж­той юу гэсэн дүгнэлттэй байх ёстой. Мөн байгаль
орчныг нөхөн сэргээх баталгааг байршуула­хаас гадна дараа нь ахин мөнгө гаргах батал­гааг
нотлох ёстой. Уг шал­гууруудыг дааж байвал үйл ажиллагаа явуулах эрх олгоно. Эрх
олгохдоо гэрээ байгуулах юм.

-Гэрээний агуулгын тухай ярихгүй
юу?

-Гурван талт гэрээ байх юм. Нэг талаасаа
уул уурхайн асуулал эр­хэл­сэн төрийн захиргаа­ны бай­гууллага буюу Ашигт малтмалын
газар нөгөө талаас тухайн ком­па­ни, орон нутаг гурвал­сан гэрээ байгуулна. Гэ­рээ
хүчин төгөлдөр бо­лоод ирэх үед ийм үе шаттай­гаар ингэж ажил­лана, ийм ашигт малт­малыг
олборлоод төдий хэм­жээний ашиг олно. Ашгаасаа тэдэн төгрө­гөөр нь нөхөн сэргээлт
хийнэ гэсэн журмаар гэ­рээ байгуулаг­дана. Гэрээ байгуулаад үйл ажил­лагаа нь эхлэхээр
мэр­гэжлийн байгууллагууд, орон нутаг хяналт тавина. Тухайн газар нь ойтой байсан
бол Ойн тухай хуулийн дагуу нэг мод тайрвал 10 мод тарих зарчмаар үйл ажиллагаа
явагдах юм.

-Урт нэртэй хууль гарснаас болж
олон алт­ны компани хаал­гаа барьсан. Хуулинд өөрч­лөлт орсноор тэдэнд ямар нэгэн
да­вуу бо­ломж гарч байгаа болов уу?

-Уг хуулийн хүрээнд багтаж буй дийлэнх
ком­пани нь алтны ком­паниуд байгаа. Өнөөдөр алтны салбар нэлээд хүнд бай­далд орчих­­лоо.
Алт тушаалт өмнөх жилүүдэд 20 гаруй тонн байдаг байсан бол өнөө жил дөрөв, таван
тонн руу дөхөж байна. Өөрөөр хэлбэл алтны олборлолт огцом буураагүй ч Монгол банкинд
алт тушаадаг хэлбэр нь далд байдалд шилжчихсэн.

-Үүнд гэнэтийн аш­гийн 68 хувийн
татвар гээд нэлээдгүй зүйл нөлөөлсөн байх?

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар,
урт нэртэй хууль гэх мэт нөлөөлсөн зүйлс их байгаа. Харин одоо өргөн барьсан хууль
эдгээр компаниудад бо­ломжуудыг нээж өгч бай­гаа хэрэг. Гэхдээ бага нөөцтэй газрын
алтыг авах гэж гол мөрний урсацыг бохирдуулж, ойг сүйтгэх хэрэггүй гэсэн зарчмыг
баримтлах юм.

-Тэгэхээр гол мөр­ний урсац бүрэлдэх
эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны компа­ниуд
эргэн үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэх нь ээ?

-Тодорхой хэмжээнд нээгдэнэ.

Татвараа тө­лөөд,
олсон алтаа заавал Монгол банкинд тушаа­гаад, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж
чадах­гүй бол тусгай эрхийг цуц­лахаар нөхцөлд заасан байгаа.

-Алтны компаниу­дын
зүгээс ямар хүсэлт гаргасан бэ?

-Алтны компаниудын
зүгээс татвараа тогтвор­той, үйл ажилла­гаа явуу­лах процессыг ил тод байлгаад та
нар хяналтаа тавь. Бид үйл ажилла­гаагаа явуулъя гэсэн. Тэд Монгол банкинд алтаа
тушаая гэсэн байр суурь­тай байна. Төрийн зүгээс голын эх бүрэлдэх газар үйл ажиллагаа
явуулахыг харин хо­риг­лосон. Алтны компаниуд төр зас­гийн хувьд ойлголцол бий болсон.

-Өнөөдөр хичнээн
компани Монгол бан­кинд алтаа тушааж бай­на вэ?

-Сүүлийн тооцоогоор
30 орчим компани тав орчим тонн алт тушаасан мэдээ бий.

-Алтны худалдааг
нэмэгдүү­лэх хуулийн төслийн талаар танил­цуулахгүй юу?

-Монгол банкинд алт
тушааг­дахгүй байсан тул хуучин 68 хувийн татвар гэж байсныг цуцалсан ч үр дүн гараагүй.
Сүүлд нь өсөн нэмэг­дэх нөөц ашиг­ласны төлбөрийн хууль гарсан. Тэр нь нөөц ашиг­лас­ны
төлбөр дээр таван хувь нэмээд 10 хүртэлх хувийн татвар нэмэгдэж байсан нь нөлөөлсөн.
Алт төмрийн хүдэр, зэс шиг томоохон овор хэм­жээ­тэй биш тул хянахад төвөг­тэй байдаг.
Тийм учраас уг хуулийн төсөл дээр Монголбанкинд ту­шаа­­вал нөөц ашигласны төлбөрийг
бага болгож, өсөн нэмэгдэх буюу үнээс хамаарсан татвараас чө­лөө­­лөх тухай тусгагдсан.
Гол зорилго нь нууцаар яваад байгаа алтыг ил гаргах гэсэн явдал юм.

-Урт нэртэй хуульд
өөрчлөлт орсноор Мон­голын эдийн засагт нө­лөөлөх үү?

-Олон үр дүн гарна
гэж бодож байна. Нэгдү­гээрт урт нэртэй гэгдэх гацаанд орсон хууль бү­рэн хэрэг­жих
боломжтой. Хоёрдугаарт хоёр тийшээ хараад суучихсан алтны компани, иргэний нийгмийн
хөдөл­гөөнүүд хоорондоо хамтраад бие биенээ ойлгоод явах бо­ломжтой. Гуравдугаарт
төсөв дээр дээр ирэх ачаа­лал багасна. Өөрөө хэлбэл нөхөх олговор гээд компаниудын
нэхэж байгаа мөнгийг хуулийн­хаа дагуу улсын төсвөөс өгөхгүйгээр компаниуд нь өөрсдөө
үйл ажил­ла­гаа­гаа явуулаад нөхөн сэр­гээл­тээ хийгээд явна. Дө­рөвдүгээрт компаниуд
үйл ажиллагаа явуулс­наар татвар төлнө. Татвар төлж байгаа юм чинь мэ­дээж улсын
төсөвт нэмэр болно. Дөрөвдүгээрт хууль бусаар ажилладаг явдал үгүй болж эзэнгүй,
эвдэрч сүйдсэн газаргүй болох юм. Мөн хөрөнгө оруулах үгүйгээ шийдэж чадахгүй байсан
хүмүү­сийн эргэлзээ арил­на. Хуулийн хэрэгжилт то­дор­­хой болоод ирэхээр үйл ажиллагаа
нь сай­жирна гэх мэт олон сайн үр дүнд хүрнэ.

-Алтны салбарыг
ле­би­рал­чил­на гээд бай­гаа. Үүнийг хэрхэн хийх нь сонин байна?

-Үүнд олон санаанууд
бий. Эцсийн байдлаар шийдээгүй байна.

-Ямар санаанууд
явж байгаа бол?

-Хулгайгаар алтаа
гар­галгүй Монголбанкин­даа тушааж санхүү эдийн засгийн тогтвортой нөх­цөл байдлыг
хангах талын санаанууд бий.

-УИХ-ын ээлжит
бус чуулга­наар танай яам­тай холбоотой хуулиу­дыг хэлэлцэнэ. Үүн дээр яамнаас ямар
бод­лого барим­талж байна вэ?

-Уул уурхайн яамны
зүгээс гацаа үүсгээд буй хэд хэдэн зүй­лийн гарцыг олно. Судалгаанаас ха­ра­хад
уул уурхайн сал­барын хөрөнгө оруулалт багассан нь урт нэртэй хуультай холбоотой
гэж гарсан. Тийм болохоор урт нэртэй хуулийг цаашид ойлгомжтой болгоно.

Яамны зүгээс урт хугацааны
бодлоготой, хуулиа ойр ойрхон өөрчилдөггүй байя гэсэн хамгийн гол зорилгыг дэвшүүлж
байгаа. Уул уурхайн хувьд өнөөдөр хөрөн­гө оруулалт хийгээд маргааш аш­гаа авч чаддаггүй.
Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодло­гын баримт бичгийг УИХ-д өргөн бариад
байгаа.

-Урт нэртэй хуулиудын
заал­тууд нь чанга байх нь зөв гэсэн байр суурьтай хүмүүс бий. Гэтэл хуулийн чанга
заалтууд нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна гээд байгаа?

-Бид харьяалагдах
газар, ТББ-уудтай уулзалт хийсэн. Өнөөдөр бид урт нэртэй хуулийн зарчим зөв гэдэг
дээр санал нэгдсэн. Иргэдийн хөдөлгөөнүүдийн зүгээс гацаанд орсон зүйлсийг ярилцан
ойлголцох нь зүйтэй гэдгийг дэмжсэн. Үндсэн хууль өөрчлөгдөхгүй дагаж мөрдөр журмын
тухай хууль буюу өмнө нь олгогдсон энэ тусгай зөвшөөр­лүүдэд боломж гаргаж өгөх
юм. 

-Дагаж мөрдөх журмынтухай
хуулинд нинжа нар буюу хувиа­раа ашигт малтмал олборлогч нарын тухай тусгагдсан
уу?

-Нинжа нар буюу хувиараа
ашигт малтмал олборлогч нарын хууль эрх зүйн орчин бий болсон. Тэднийг алтны баялаг
орд дээр бус үйлдвэрийн аргаар ашигласан хаягдлаас та нар ашиглаж болно гэсэн байдлаар
гаргаж байгаа. Том уурхайнууд байгуулаад ажиллах боломжгүй газар тэд ажиллаж болно.
Өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ гэхээр уурхайнуудыг тас хориглочихоор өнөө газар
руу нь нинжа нар бүлэг болж дайрч орж байна. Зарим нөхцөлд тухайн лиценз эзэмшигч
компани хүрэл өөрөө нинжа маягаар олборлох сөрөг нөхцөлүүд гарч ирсэн. Тэгэ­хээр
энэ механизм буруу тул энэ хуулийн төслийг өргөн бариад байгаа юм.

-Хуулийн төсөл
хэрэгжээд эхэлбэл цаашид ямар эрсдлүүд гарч болох вэ?

-Алтны компани бага
хэмжээ­ний нөөцтэй газарт ажиллабал нөхөн сэргээлтэд хөрөнгө нь хүрэл­цэхгүй тул
нинжа нар орох асуудал гарч ирнэ. Тухайн компани цаашид энэ газрыг бид ашиглахгүй
гээд орхиод явах магадлалтай. Гэхдээ энэ бүхэн хуультай. Байгаль орчны тухай хуулиар
газрыг зөнд нь хаяж явахгүй, сэргээх хэрэгтэй гээд заасан. Тийм болохоор уг хүмүүст
нөхөн олговор өгөлгүй лицензийг цуцлана гэхээр хүндрэл, асуудал тулгарах болно.
Гэсэн ч бид тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд эргээд нөхөн сэргээлт хийх компаниуд байгаа
тул ингэж өөрчлөлт хийж байгаа юм.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Сайхан намаржиж байна уу?

Та, сайхан намаржиж байна уу.

Орчин үеийн залуус мэндэлж мэддэггүй. Мэндлэх ёсон гэж ямар
нарийн зүйл байдгийг анзаардаггүй хэмээн ахмадууд залуус, хүүхдүүд, үр ач нараа
чамладаг. Монголчууд бол хамгийн олон мэндчилгээтэй ард түмэн. Гэтэл одоо үед “Юу
байна”-аар мэндчилгээ нь дуусдаг болсон нь хүн бүхэнд далдхан харамслыг төрүүлдэг
байх.

Ялангуяа энэ тал дээр залуус ихэд шүүмжлэлд өртдөг л дөө.
Аргагүй ч юм. Найзуудтайгаа таараалдаад “Хаая. Юу байна” гэж мэндчилнэ. Эсвэл “Юутай”
гэнэ. Мессенжерт ороод “Hello” гэхээсээ илүүтэй “Hi” гэцгээнэ. Залуусын мэндчилгээ
ерөнхийдөө ийм л хэдэн үгсэнд эргэлддэг.

Сүүлийн арав гаруй хоног уулзсан, утсаар ярьсан найзууд, танилтайгаа
“Сайхан намаржиж байна уу”, “Намаржаа тавлаг уу”, “Ургац арвин уу” гэж мэндэллээ.
Зарим хүмүүст эдгээр мэндчилгээ маань жаахан хуучинсаг ч юм уу, өвөө эмээтэйгээ
гуч хүртлээ хамт амьдраад уусчихсан юм болов уу даа гэж бодогдсон ч байх.

Тэгтэл тэгсэнгүй. Найзууд маань утасны цаанаас “Сайхан намаржиж
байна. Сайхан намаржиж байна уу. За, танай гэрээр сонин сайхан юутай” гэцгээж байна.
Харин танилууд маань “Сайхан намаржиж байна. Ажил төрөл чинь тавлаг уу. Налгар намар
болж байна шүү, Б.Зангад гуайн өнөө дуулдаг дуу шиг” гэж ирээд л мэндчилж байна.

Тэгэхээр ахмадуудын яриад байдаг шиг залуус маань яадгаа алдчихаад
байгаа ч юм алга. Хэрвээ та “Хаая” гэвэл таны өөдөөс хүмүүс “Хаая” гэж л мэндчилнэ.
“Сайхан намаржиж байна уу” гэвэл “Намаржаа тавлаг уу” гэсэн таатай хариу мэндчилгээний
үг сонсоно.

Ингэхээр манай ахмадууд хуучны сайхан мэндчилгээний алт шиг
сайхан мөртүүдийг өдөр бүр амнаасаа унагаж байвал залуус, хүүхдүүд тань тэрийг уламжлан
авах болно шүү дээ. Тийм болохоор та бүхэн минь сайхан мэндчилгээнүүдээ залуус,
дүүс нараасаа биш өөрсдөөсөө эхлээд хайвал, дараа нь бид та бүхэнтэйгээ өдөр бүр
сайхан мэндчилээд сурчихна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Бямбадорж: Мөрдөн байцаалтын арга нь хэвээрээ байна

Монгол Улсын хүний эрхийн
үндэсний комис­сын дарга Ж.Бямба­доржтой ярилцлаа.

-Танай байгууллагад он
гарснаас хойш хич­нээн өргөдөл гомдол ирэв. Хэрхэн шийдвэр­лэж байна?

-Ер нь өргөдөл гомд­лын  тоо эрс нэмэгдэж байгаа. Хүмүүс өөрс­дийн­­хөө
эрх, эрх чөлөөг мэдэрдэг болж. Жаахан ч гэсэн эрх нь зөрчигдсөн тохиолдолд
холбогдох байгууллагад хандвал сэргэдэг гэдгийг мэддэг болжээ.

-Ямар төрлийн өргө­дөл гомдол
ирж байна вэ?

-Нийт гомдлын 70-80 хувийг ял шийтгүүлээд
хоригдож байгаа болон цагдан хоригдож байгаа 
хүмүүсээс ирүүлсэн бай­даг. Хэрэг нь шалгагдаж дуусаад шүүхээр шийд­вэр­лүүлж
байгаа хүмүү­сийн өргөдөл гомдол ч байна. Мөн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх
гом­дол нэлээд ирдэг боллоо. “Ажлаас халагдлаа, хө­дөл­мөрийн гэрээ бай­гуул­даггүй,
ажил дээр дарамт үзүүлж байна” гэх мэт гомдол ирж байгаа. Өнгөрсөн жил уул уур­хайн
асуудлаар нэлээд том хэмжээний хурал зо­хион байгуулсан. Тэр үеэр иргэд,
ялангуяа хө­дөө­гийн малчид их ирсэн. Уул уурхайн олборлол­тын үр нөлөөнөөс бо­лоод
эрх нь зөрчигдөж байгаа хүмүүс өргөдөл 
гомдол мэдүүлдэг.

-Хэрэг бүртгэл, мөр­дөн
байцаалтын явцад эрүүдэн шүүх аргыг хэ­рэглэж, хүний эрх ноц­той зөрчигдөж
байгаа талаар та өнгөрсөн до­лоо хоногт хэвлэ­лийн­хэнд мэдээлсэн. Хэрэг нь
цагаадсан хүмүүс эрхээ сэргээлгэхээр танайд ханддаг уу?

-Хэрэг бүртгэл, мөр­дөн байцаалт,
шүүхийн буруутай үйл ажиллагаа­наас болоод хохироод цагаадсан хүмүүс эрхээ
сэргээлгэхээр манайд ханд­даг. Ингэснээр тэд­ний зарим нь улсаас нө­хөн олговор
авсан то­хиолд­лууд бий. Жишээл­бэл, танай сонин дээр гарч байсан Орхон айм­гийн
иргэн Ням-Очир гэдэг залуугийн хэрэг байна. Хилс хэрэгт гүтгэгдсэн тэрээр
мөрдөн байцаал­тын үед зодуулан хөгж­лийн бэрхшээлтэй бол­сон. Түүний хэрэг
шүүхээр ороод 42 сая төгрөгийн нөхөн олговор авсан. Сэт­гэцийн өвчтэй болсон
Ням-Очир насаараа ээжийн­хээ асаргаанд явах­гүй. Тэр 42 сая төг­рөгийг ямар
насаараа идэх юм биш. Түүн шиг хэлмэгдсэнээ мэдээд сал­сан нь их юм гээд явж
байгаа хүмүүс олон бий. Харин хэлмэгдсэнээ 
мэ­дэх­гүй хүмүүс байгаа нь харамсалтай. Тэдгээр хо­хир­сон иргэд болон
төрийн үйл ажиллагааг буруу явуулж байгаа албан хаагчдад сургамж болоосой
гэсэндээ зарим хэргийн талаар мэдээл­дэг. Хэрэв ингэж хохирсон иргэн байгаа бол
Мон­голын төр танаас уучлал хүсч, зохих хэмжээнийхээ нөхөн олговрыг олгодог.
Харин бид зуучилдаг юм.

-Тэгвэл хэрэг бүрт­гэгч,
мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн бу­руутай ажиллагаанаас  иргэн хохирсон бол эд­гээр хүмүүст арга хэм­жээ
авдаг хууль байна уу?

-Эдгээр  албан ту­шаалт­ны буруутай үйл ажиллагаанаас
хохирсон иргэнд нөхөн төлбөр ол­го­дог хууль байдаг. Нөхөн олговрыг төсвөөс
өгдөг. Би үүнийг хоёр талтай гэж үздэг. Буруутай албан тушаалтнуудад хариуц­лага
тооцох нь зөв л дөө. Гэхдээ буруутайгаа нот­луу­лахгүй, яаж ийгээд хүнийг
буруутан болгох гэсэн хандлага гарах гээд байдаг. Иймд иргэн бу­руугүй гэдгээ
тогтоол­гоход бэрхшээл учирч болзошгүй. Хэрэв буруу­тай албан тушаалтанд
хариуцлага тооцох бол­бол нэг ч иргэн хохирс­ноо тогтоолгож чадахгүй байж мэднэ
шүү дээ.

-Ийм тохиолдолд ту­хайн иргэнийг
хамгаа­лахын тулд ХЭҮК ажил­лах ёстой биз дээ?

-ХЭҮК аль аль талыг нь харж,
мэдрэмжтэй хан­дахгүй бол хэцүү.

-Яагаад?

-Тухайлбал, “Ажил дээр намайг
дарамталж байна, цалин хөлс бага өгч байна, үндэслэл­гүй­гээр ажлаас халчихлаа”
гэх гомдлоор жишээ татъя. Үүнийг бид шал­гаад тогтоогоод үзэхээр эргээд нөгөө
ажилтанд сайнаар биш муугаар нө­лөө­лөх талтай. Хохирогч эргээд удирдла­гуудын­хаа
хараанд өртдөг. Ин­гэс­нээрээ бид тэр хүнд тус болж байна уу, ус болж байна уу.
Тухайн үедээ тус болдог. “Хохирогчийн эрх нь зөрчигдсөн байна, хөдөлмөрийн
гэрээ бай­гуул, цалинг нь өг” гэж албан тушаалтнаас шаар­­дана. Харин мар­гааш
нь өө хайж дахиад л дарамталдаг. Манайд ирсэн өргөдөл гомдлууд дунд ийм
тохиолдол олон. Хүний эрхийн мэд­рэмжтэй байх гэдэг на­рийн. Тэр мэдрэмжээрээ
эрх нь зөрчигдсөн иргэ­ний асуудалд хандах хэ­рэгтэй. Тэгэхгүй бол дан хууль
яриад л явах юм бол нөгөө хохирогчоо хавчлагад оруулчих тал­тай.

-Цагдаа хүчний бай­гууллага
эрүүдэн шүүх ажиллагааг явуулж бай­на гэсэн таны мэдээл­лийн хариуд Цагдаа­гийн
ерөнхий газраас мэдэгдэл ирүүлсэн гэсэн үү?

-ЦЕГ-ын Хэвлэл мэ­дээллийн төвийн
дарга Т.Сайнжаргал хурандаа надад мэдэгдэл өгсөн тухай мэдээллийг би сай­таас
олж харсан. Одоо­гоор надад албан ёсоор мэдэгдэл ирсэн зүйл алга. ЦЕГ-аас
“Манайд нэг ч иргэний гомдол ирээгүй” гэсэнд би маш их гайхаж байна.

Өргөдөл гомдлуудыг нягтлан
бүлэглэж байгаа. Бидэнд тодорхой барим­тууд байна. Тэр дунд за­рим нь
прокурорын мөр­дөнд очоод эрүү үүсчих­сэн хэргүүд ч бий.  Тийм байтал яахаараа бид­нийг ЦЕГ-ыг гүтгэж
байна, манайд нэг ч өргөдөл гомдол ирээгүй гэж мэ­дээлсэн байгаа юм бол.
Магадгүй сайт ташаа мэ­дээлсэн байхыг үгүйсгэх­гүй. Хэрэв ЦЕГ-аас надад
мэдэгдэл ирвэл мэдэгд­лийн хариуг хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр өгнө. Гэхдээ
тухайн албан тушаалтан, хохирсон ир­гэ­­ний тухай дурдагдахгүй. Тийм хэрэг
дахин бүү давтагдаасай гэдэг үүд­нээс мэдээлэх болно.

Хамгийн сүүлийн ганц жишээг танд
дуулгах уу. Өчигдөрхөн ХЭҮК Төв аймагт Хүний эрхийн өдөр­лөг арга хэмжээг зо­хион
байгуулсан юм. Энэ үеэр тус аймгийн Цаг­даагийн газрын үйл ажил­лагаатай
танилца­хад 2013 оны байдлаар 18 албан хаагчид холбог­дуулан хүний эрхийг зөрч­сөн,
эрүү шүүлт тул­гасан талаар Улсын Ерөн­хий прокурорын дэр­­гэдэх Мөрдөн бай­цаах
албанд гомдол гар­гасан байна. Тэдгээрээс дөрвөн албан хаагчид холбогдуулан
эрүүгийн дөрвөн хэрэг үүсгэн шал­гаж байгаа ба нэг хэргийг прокуророос яллах
дүг­нэлт үйлдэж шүүх рүү шилжүүлээд байна.

Цагдан хорих бай­ранд хийсэн
шалгалтаар нэг хүн хоригдох үедээ цагдаагийн албан хааг­чид резинэн болон ца­хил­гаан
бороохойгоор зодуулсан гэх мэдээлэл өгсөн ба түүний биед учир­сан гэмтлийн
гэрэл зургийг авч бэхжүүллээ.

-Эрүүдэн байцаах ажиллагааг
таслан зог­соохын тулд ХЭҮК ямар ажил хийж байна?

-ХЭҮК-оос УИХ-ын Хүний эрхийн дэд
хороо­ны дарга Д.Ганбаттай ярьж тохирсон юм байгаа. Энэ асуудлаар хэлэлцүү­лэг
зохион байгуулдаг ч юм уу. Тэгэхгүй бол бай­дал эвгүй болсон байна.

-Хэрэг бүртгэл, мөр­дөн
байцаалтын явцад эрүүдэн шүүх ажилла­гаа­ны ямар хэлбэр зон­хилдог юм бол. Иргэ­дийн
ирүүлсэн өргөд­лөөс нэр дурдахгүйгээр хэлэхгүй юу?

-“Намайг бичиг үсэг мэдэхгүйг
далимдуулж бичиг цаасан дээр гарын үсэг зуруулдаг”, “Чамайг шоронд хатаана”,
“Эхнэ­тэй чинь шоронд хийнэ.” Хэргээ хүлээхгүй бол ча­майг цонхоор шидчихээд
өөрөө үсэрсэн гэж хэлнэ”, “Өвчтэй ээжийг чинь шо­ронд хийнэ шүү гэж тул­гадаг”
гэх зэрэг мэдээл­лүүд ирээд байна. Цаг­даа­гийн ажил хүндийн хувьд хүнд. Гарсан
хэргийг ил­рүүлэх үүрэг нь тэдэнд ногдож байгаа. Цагдаа нар нэг юмны сэжүүр ба­риад
авдаг. Тэрийгээ ба­талгаажуулахын тулд ил­рүүлдэг арга бий. Харин манайхны олон
арван жил хэрэгжүүлсэн хэлбэр бол өөрөөр нь хэрэг хү­лээлгэж, нотлохыг оролд­дог.
Эсвэл ах, дүү төрөл, төрөгсдөөс нь мэдүүлэг авдаг. Энэ бол Монгол Улсын Үндсэн
хуулийг зөрчсөн явдал юм. “… өөрийн болон гэр бүлийн ги­шүүд, эцэг, эх, үр
хүүх­дийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, …Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүү­лэг
өгөхийг шаардах, мэ­дүүлэг гаргуулахаар ша­халт үзүүлэх, хүч хэрэг­лэхийг
хориглоно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь
халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн асар том заалт Үнд­сэн хуулинд бий. Олон
арван жил манайд ор­шин тогтнож байсан эрүү­дэн шүүх ажиллагааг халахын тулд
орсон заалт юм шүү дээ.

Га­даа­дынхан бол хэрэг ил­рүү­лэхийн
тулд уг хэргийн эргэн тойр­ныг нь судалж, хөдөлшгүй нот­лох баримтыг үндэслэн
буруу­тныг олж тог­тоодог. Харин манайх­ны шил­­дэг арга бол хамгийн тү­рүүнд
өөрийг нь барьж аваад өөрөөр нь яриулах. Эсвэл бусдаар яриулдаг. Тиймээс эрүү
шүүлтээс ангид байх, эрүү шүүл­тийн эсрэг байхыг олон улсын хүний эрхийн бай­гууллагууд
нэхээд, шаар­даад байгаа нь цаанаа учир холбог­дол­той. Энэ тал дээр их хатуу
байр суурьтай байж, хүн гэдэг талаас нь хандах ёстой. Гэтэл энд нэг мөрдөн бай­цаагч,
хэрэг бүртгэгчийн нэр гарахгүй. Харин Мон­гол Улсын Засгийн газар ийм үйл
ажиллагаа явуул­даг гээд олон улсад хардагд­даг. Эд­гээр нь үнэн гэж хүлээн зөв­шөө­рөх,
эсхүл худлаа гэж батлах зорилго алга. 
Ямар ч гэсэн ийм дохио энэ хүмүүс өгөөд байна.  Энэ үйл ажил­лагааг эрхэл­дэг төрийн албан
хаагчид дүгнэлт хийгээсэй л гэдэг үүднээс энэ мэдээллийг өгч байгаа юм.

-Эрүү шүүлт хэрэг­лэсэн албан
тушаал­танд хүлээл­гэдэг ха­риуц­лага байна биз?

-Хамгийн хориотой зүйл. Гэмт
хэрэг.

-Мөрдөн байцаал­тын үед сэжигт­нийг
зо­дож, дарамталдаг юм байна уу?

-Хааяа тийм зүйл гар­даг юм шиг
байна лээ. 2011 оны дөрөвдүгээр сард би Дор­ноговь, Говь­сүмбэр аймгуу­дын
хорих ангид шал­гал­таар яв­сан. Тэгэхэд нэг хориг­дол гомдол мэдүүлсэн юм. “На­майг
барьж ширээн дороо гав­ласан” гэж байсан. Бид түү­ний гомдлын дагуу проку­рорын
мөрдөнд өгсөн. Үүн дээр эрүүгийн хэрэг үүссэн сураг байна лээ. Энэ мэт хэргүүд
гар­даг.

-Сэжигтнийг эрүү­дэн шүүх,
хэрэг хү­лээл­гэхийн тулд зодож нүдэх байдал хаана гол­дуу гарч байна?

-Орон нутагт зонхилж бай­гаа.
Малын хулгайч нар их сүлжээтэй болчих­сон. Эрүү шүүлтэд өртсөн хүмүүс хул­гай,
дээрмийн хэрэгт холбогд­сон байдаг. Тэд 
чинь олуу­лаа ч бай­даг юм байна. Хэрэг хий­сэн хүн мөн үү гэвэл мөн
байдаг. Тэгээд л мөрдөн бай­цаагч нар хуучин ар­гаа хэрэг­лээд буруудаад байдаг
юм уу гэдэг ойл­голт төрөөд байгаа юм. Энэ бол хүн хэлмэг­дүүлж байгаа юм биш.
Хэрэг хийсэн хүнд буруу арга хэрэглээд байгаа юм. Бу­руу юмтай бу­руу аргаар
битгий тэмцээч ээ. Буруу юмтай хуулийн дагуу зөв аргаар тэмцвэл ялна.
Тухайлбал, саяхан согтуу жолоочид зодуулсан цаг­даагийн албан хаагчийн хэ­рэг
байна. Нөгөө согтуу жо­лоо­чийг ардаа суулга­чихаад машиныг нь цаг­даа жолоо­доод
явсан бай­на лээ. Гэтэл согтуу жолооч цагдаагийн хоо­лойг нь боосон байсан. Тэр
цагдаа магад­гүй амиа алдсан бол яах вэ. Өөрий­гөө аюулд оруулаад ин­гэж ява­хын
оронд тэр дор нь нэмэлт хүч дуу­дах ёстой. Би бол цагдаагийн албан хаагчийг
өмөөрдөг. Гэхдээ хуулийн дагуу ажил­лах ёстой. Энэ мэт хуулийн дагуу ажиллах­гүй
байгаагаас алдаа гарч байна.

-Орон нутгийн цаг­даа хүчний
байгуулла­гуу­дад 400 ширхэг эрүү­дэн шүүх сандал тараа­сан байсныг танай бай­гууллага
ил­рүүлс­ний дараахан эргүү­лэн та­тах асуудал яригд­сан. Энэ та­лаар танай бай­гууллагад
ха­риу өгсөн үү. Ер нь тэр сандал дээр хүн эрүүд­сэн зүйл байгаа болов уу?

-Манай ХЭҮК-ийн ги­шүүн П.Оюун­чимэг
орон нутагт шал­­­гал­таар явж байгаад илрүүлсэн юм билээ. Тэгээд гишүүний­хээ
бүрэн эрхийн хү­рээнд шаардлага тавь­сан. Хууль зүйн яаман дээр ажлын хэсэг
байгуу­лагдаж, эрүүдэн шүүх санд­лыг эргүүлэн татах ажиллагаа явагдсан байх аа.

-Гадаадад эрх нь зөр­чигдсөн
иргэдийн­хээ та­лаар ХЭҮК хэр­хэн ажиллаж байна вэ. Эр­хүүд манай нэг иргэн
амиа алдсан байсан. Мөн Т.Аятунгаа бүсгүй хамт­ран амьдрагчдаа охи­ноо алдаад
одоо сураггүй байна?

-Эрхүүд амиа алдсан иргэ­ний
талаар манайд ямар нэгэн өргөдөл гом­дол ирээ­гүй. Одоогоор ажил­лаа­гүй байна.
Т.Аятун­гаагийн охины хувьд нөгөө Чарльз гэдэг нөхөр олдохоо байсан. Бид Филип­пиний
ХЭҮК-т албан бичиг явуул­сан. Тэгээд тэн­дээс Канадад суугаа ЭСЯ-нд явуулсан
албан бичгийн­хээ хуул­барыг ирүүлсэн байна лээ. “Энэ хүн манайд алга. Танайд
байгаа сураг­тай” гэ­сэн тийм бичиг өгсөн байсан.

ХЭҮК гадаадад бай­гаа иргэ­дийн­хээ
эрхийг хам­гаа­лахад ан­хаар­лаа хандуул­даг. Гэвч гадаад оронд ажил­лаж
амьдарч байгаа иргэ­дийн­хээ араас мянга хашги­раад амжилтад хүрэхгүй. Ма­лайзад
амиа алдсан Ш.Ал­тан­­туяагийн хэрэг гэхэд хэрэг­сэхгүй болчих­лоо. Бид энд
дуугараад байдаг. Бичиг цаас ши­дэл­цэхээс өөр ямар ч ам­жилт олсонгүй. Бус­дын
до­тоод хэрэгт орол­цож болдог­гүйн жишээ энэ. Бид тэнд очоод мөр­дөн байцаалт
явуулж, шүүх боломжгүй. Тийм учраас манай иргэд га­даад оронд явахдаа үүнийг
бодолцох ёстой.

-Танай байгууллага хур­дан
морины унаач хүүхдүү­дийн асуу­­далд анхаарлаа хандуул­даг. Үүнтэй хол­бог­дуулан
УИХ-аас баталсан тог­тоол бий. Тог­тоолын хэ­рэгжилт ямаршуу байна вэ?

-“Монгол Улс дахь Хү­ний эрх, эрх
чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл”-ийн дагуу авсан олон арга хэмжээ
байгаа. Өнгөрсөн жилийн дуулиантай Уул уурхай, шавилин суудаг хүүхдүүд, хөгж­лийн
бэрхшээлтэй хүү­хэд сурдаг сургуу­лиу­дын асуу­дал орсон бай­гаа. Олон улсын
байгуул­лагуудаас Мон­гол Улсын Засгийн газарт өгсөн зөв­лөмжийн биелэл­тийн
явцын асуудал байгаа. Маш олон асуудлаар УИХ-ын Хууль зүйн байн­гын хороо
нэлээд томхон тогтоол гарга­сан. Энэ тогтоолд нэг чухал заалт орсон. ХЭҮК-оос
гар­га­сан зөвлөмж шаардлагыг бие­лүү­лээгүй албан ту­шаал­тан, бай­гуул­лагын
талаарх мэдээллийг ээл­жит илтгэлд оруулахдаа УИХ-д танил­цуулж бай гэж. Энэ
бол тун чухал заалт. Тиймээс бид зөв­лөмжийнхөө биелэлтийг зо­хих хэмжээгээр
бай­гуул­ла­гуу­даас шаар­даж байна. Ма­найд иргэдийн гомдлоос гад­на мэдээлэл
ирдэг. Энэ жи­лийн наад­муудад олон хүү­хэд бэр­тэж гэмтсэн байна. Мөн хоёр
хүүхэд нас барсан. НҮБ-ын хүүхдийн бай­гуул­лагаас хүний эрхийн байгуул­лагуудад
хүргүүл­сэн санамж, зөвлөмжийн дагуу холбогдох байгуул­лагуудад хүр­гүүлж ажил­ла­сан.
Гэтэл маш олон хүүхэд мориноос унасан ту­хай мэдээлэл байгаа. Зарим нь насаа­раа
хөгжлийн бэрх­шээл­­тэй болсон мэдээлэл ч ирсэн. Энэ талаарх нарийн мэдээлэл
цагдаагийн бо­лон эмнэлгийн бай­гуул­лагад ч алга. Бид уг нь Хүүхдийн төлөө
газар энэ ажлыг хийдэг байх гэж бодоод албан бичиг хүргүүлээд байгаа юм. Тог­тоол
маань наад­маас өмнө гарсан. Тэгэхээр холбог­дох албан бай­гууллагууд чиглэ­лийн­хээ
дагуу ажилласан байх. Шаардлагатай бол хүнд бэртэж гэмтсэн хүүхдүү­дийн эцэг
эхтэй уулзъя гэж байгаа. Тийм эцэг эх­чүүд байвал ирээ­­рэй гэж танай со­ниноор
дам­жуулж хэлмээр байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Хөдөө дэх шоронгийн засаглал буюу Монголын эмгэнэл

“Шоронгийн хулгар, нут­гийн овгор”
гэж хоч­логдох хүмүүс эцэстээ ямар уршиг балаг тарьд­гийг Говьсүмбэр аймгийн харьяат
Ж.Ганхуяг ха­руул­лаа. Ж.Ганхуяг шо­ронд байсан, хэний хэн­бу­гай­гаас ч айдаггүй,
хүн­тэй гар зөрүүлж байгаад хүчин мөхөсд­вөл хутгал­даг гэдгээ­рээ бусдыг айл­гасаар
нутаг­таа дураа­раа дургиж, дунд чөмгөө­рөө жиргэдэг болсон нэгэн. 

Даврах тусам нь дар­лаг­даж, далласан
газар нь ил гүйж, далайсан үед нь далд нуугдан, аргыг нь авах гэж аль л өнгөтэй
өөдтэй бүхнээ хөөр­хий Чойрынхон түүнд саймш­ран өгдөг, өргөдөг бай­сан. Түүний
энэ эзэрхий­лэн дарангуйлж, азарга­лан хар­гис­лах  нь эрээгээ алдаж, эцэстээ нийгмийг айдаст автуул­сан
эмгэ­нэлт хэрэг үйлдэгдэх уршиг дагуулж  байж.
“Аав”-ын үүд татаж, нарс­ны нааранд олон жил талхлагдсан хэн байлаа ч цаанаа л нэг
“шорон” санаа­тай болсон байдаг нь чонын үүрэнд өссөн хүний үр түүхий мах зул­гаадагтай
агаар нэгэн ажээ. Тэрээр найман жил шоронд суугаад бусдыг өрөв­дөж хайрлах, энэрэн
нигүүл­сэ­хийг умартсан чулуун зүрх­тэй, хүн дүрс­тэй нэгэн болж хувирсан байгаа
юм. Архи­наас хол байлгах гэсэн эхнэ­рээ төмөр царил, зээтүү, хүр­зээр зэвсэглэн
бүтэн яс үлдээл­гүй хэмхчин нүдэж, гавлыг нь няцалж хөнөө­сөн хэрэг үйлдэхээсээ
өмнө дэл­гүүрт чихэр ава­хаар зогсч байсан хүүх­дийн 300 төгрө­гийг бу­лааж авч
байсан нь жирийн л зүйл байжээ. Тэрч­лэн нутгийнхаа иргэ­дийн хөрөн­гөнд гар дүрж,
хүний юмаар хүүдэгнэж байсан нь түүний хувьд бол хүн ёсных юм байж. Ер нь хаа газарт
ингэж “шорон­гийн хулгар” хэмээн өөрийгөө цоллож хүний нийг­мээс өөрсдий­гөө тусгаарла­сан
нутгийн овгор, жалгын жаанууд хэзээ нэгэн цагт өөр­төө болон өрөөлд гай бол­соор
ирсэн. Овгордож бусдын юмыг өөрийн болгон булааж яваа хүмүүс бүхнийг азарга­лах
гэсэн авираа­саа болж хэн нэгний гарт өртөн бусдыг хэрэгтэн болгож эсвэл мөрөө­рөө,
амьдралын төлөө яваа нэгний цаг хугацааг дуусгавар болгох нь харамсмаар. Ж.Ганхуя­гийн
үйлдсэн хэр­гүүд, сая эхнэрээ балмадаар хөнөөсөн нь Монголын ний­гэмд байгаа зөвхөн
нэг эмгэнэл, нэг жишээ нь. Нутаг нутагт л шо­рон­­­гоор дамжсан Ж.Ганхуягийн ижлүүд
байна. Бүр хулгайн хэргээр хоёрхон жил нааран дээр хэвтсэн этгээдүүд наранд гарахаа­раа
хүний үнэрээ гээж нутаг нугынхаа иргэдийг айлгаж ичээж, эд хө­рөнгөд нь эзэн сууж
явдаг болжээ.

АТАМАН ТӨРӨӨГ АМЬСГАЛ ХУРАА­ХАД
УВСЫН ИРГЭД АЛГА ТАШИЖ БАЙЖЭЭ

Шоронгоос гарсан хули­гаа­нууд хөдөө
нутагт очоод хэрхэн авирлаж нутгийн удирдлагаас ч эрх мэдэл­тэй байдаг бас нэгэн
жишээг дур­дъя. 1990 оны эхэн үе шиг билээ. Увс аймгийг донсолго­сон нэг ата­ман
төрсөн нь Төрсайхан гэгч. Тэрээр хул­гай, хүчин, хүн зодсон хэргээр олон жил шоронд
суугаад нутагтаа очсон нь энэ. Очуу­таа л аймгийнхаа Засаг дар­гын маши­ныг булаан
унаж дэлгүүр хэсэн тооцоо төлбөр­гүйгээр архи, татаас авдаг болсон байгаа юм. Увсын
дэлгүүрүүдийн аль л өнгөтэй өөд­тэйг нь хаман авч айм­гийн­хаа Засаг даргын унааг
дөрөөлсөөр хэсэг хугацааг туулсан гэж байгаа. Энэ хооронд эр хүйстний чанараа гаргаж
нутгийн олон сайхан бүсгүйг доромжилж байсан байдаг. Увс аймагт түүний өөдөөс дуугарах
зоригтон гэж байсангүй. Хэрвээ түүнд сур­гаал айлдах болбол хулгана муурын сүүлээр
оролдоно гэгч болно. Тиймээс өг гэснийг нь өгч, далд ор гэсэн газарт нь зугтдаг
байжээ. Нутгийн буурьтай хөгшчүүл түүнд “хүн шиг бай” гэж хэлснийхээ төлөөсөнд зодуулаад
үлдсэн удаа ч олон тохиолдсон гэж байгаа. Ямар сайндаа айм­гийн дарга нь унаагаа
булаалгачихаад юу ч дууга­рал­гүй хэдэн жил болохов.

Түүний дарлал, дарамт­ыг Увсынхан
яс махаараа мэдэрч байсан цагт бас нэгэн атаман болох “хар” Тулгаа шоронгоос суллагджээ.
Төрсай­хан ч “хар” Тулгааг онгоцны буудал дээр тосч “Увсын дош минийх. Хол  бай” гэж хэлсэн аж. Тэгэхэд нь Тулгаа шинэхэн
атаман Төрсайханы амийг тэр дор нь тасалсан нь баярлууштай хэрэг болжээ. Энэ мэдээг
сонссон Увсын иргэд баяр­лах­даа уйлж, алга ташиж байсан байгаа юм. Хүмүүсийг ийм
болтол нь хашрааж бай­сан шоронгийн эрийн түүх төгсөхөд Тулгааг шүүн хэлэл­цэх болж.
Хуулиараа хүн хөнөө­сөн хүнийг цаазаар авах нь дамжиггүй. Ингээд Увсын шүүх нээлттэй
хурал­да­хад нутгийн иргэд нь Тул­гааг “хэрэгтэн биш. Гавьяатай хүн” гэж өмгөөлсөөр
бага ялтай мулталж байсан нь саяхан. 

Түүнчлэн Мөст сумын иргэ­дийг тэр
чигт нь чичрүүл­сэн хэрэг 1990 оны сүүлийн хагаст гарч байсан нь Ховд аймгийн Мөрдөнгийн
архивт хадгалаастай. Тухайн үед Ч.Эр­дэнэ­­сонины гурван хүүх­дийг хө­нөөж, зам
дээр хаясан хэрэг ман­дахад аав нь болох Ч.Эрдэнэсо­нинг сэжиг­лэн барив­чилсан
байдаг. Ер нь гэрчүүдийн мэдүүлэг, цаг хугацаа гээд бүх зүйл Ч.Эрдэнэ­сонин хэргийг
үйлд­сэн болохыг нотолж байж. Ингээд Ховдын шүүхээс цаазаар авах ял сонссон Ч.Эрдэнэсонин
Улаанбаатарт ирсэн ч хэргээ хүлээ­­гээгүй гэдэг. Ийн хэдэн жил болоход Ч.Эрдэнэ­сонин
хэргээ хүлээл­­гүй улмаар цайрсан байгаа юм. Хэргийг цай­руулахдаа эхнэр нь Ч.Эрдэнэсо­нины
дарамт­аас ангиж­рахын тулд гур­ван хүүгээ хөнөөгөөд нөх­рөө гүтгэсэн байж ч болох
гэдэг үндэслэлийг бий болгосон удаатай.

Энэ хугацаанд Ч.Эрдэнэ­сонин нутгийнхаа
захиргаа руу захидал бичиж “Мөст сумын иргэдийг бүг­дийг нь ална.  Би удахгүй” суллаг­да­на гэдэг зурвасыг илгээгээд
байж. Мэдээг сонссон Мөс­тийн иргэд ч тэр чигээрээ үймж, Ч.Эрдэнэ­сонинг ирэхээс
нь өмнө нутаг орноосоо дүрвэх тухай асуудал ч боссон байгаа юм. Учир нь нутгийн
иргэд түүнийг хэрэг­тэн мөн гэж шүүхийн өмнө гэрчилсэн нь түүнээс айхад хүргэжээ.
Харин нутгийн нэг хөгшин санал гаргасан нь дэмжиг­дэж нутгийн олон дага­сан байна.
Ингээд Ч.Эрдэнэ­сонинг суллагдаж ирэ­хэд Мөстийн иргэд хадаг барин угтаж, айл айлаас
өмч тасдан гэр барьж, нутаг чөлөөлөн өгчээ. Мөст сумын цаад биед байх хайрхан түүний
мэдэлд очиж төд удалгүй хэрэгтэн Эрдэнэ­сонин мянгат мал­чин болсон гэгддэг. Тэрээр
ийн мянгат малчин болсон нь мөнөөх шоронгийн атаман гэдэг хоч зүү­сэн­тэй нь холбоотой.
Тод­руулбал, Ч.Эрдэнэсонин өөрийн өмчилж авсан нутаг руу хүний мал орж ирвэл буцааж
өгдөггүй байсан аж. Адуу мал аа эрж, сурж ирсэн нэг­нийг “Хохь чинь. Энэ газар минийх.
Яах гэж малаа нааш нь явуулаад байгаа юм. Миний газрыг талхалс­ных нь төлөөсөнд
авлаа” хэмээ­гээд зодож, занчин буцаасаар мянгат Ч.Эрдэнэсонин гэх титэм зүүх болсон
удаатай.

Ийн шоронгоор дамжсан хүмүүс нутагтаа
хаан шиг амьдар­даг нь жам ёсных мэт болжээ. Өнөөдөр шоронд ордог, хүн алдаг, хуулиас
айдаггүй гэдгээрээ дарам­талдаг хүмүүс нутаг нутагт л байна. Монголын нийгэмд ийм
ил хэрнээ далд дарлал газар авсаар.

Л.МӨНХТӨР