Categories
редакцийн-нийтлэл

Газаар явдаг 7000 машинд авто хий түгээх станц хүрэлцэхгүй байна

Хийн түлш буюу газ түгээх станцууд
ачааллаа дийлэхгүй болоод удаж байна. Жолооч нар газ авах гэж нийслэлийн нэг захаас
нөгөө зах руу түгжирч очоод хэдэн цагаар дугаарлан зогсож, цаг заваа бардаг болсон.
Шалтгаан нь, Улаанбаатарт ердөө зургаан газ түгээх станц байдаг юм. Харин газаар
явдаг автома­шин нийслэлд долоон мянгыг давжээ. Улсын хэм­жээнд авч үзэхэд 15 мянган
хэрэг­лэгч байгаа аж. Хэрэглэгчид олон байхад газ түгээх станц хүрэл­цээгүй байгаа
асуудлыг сур­вал­жилсан юм. Манай улсын Засгийн газраас 2002 онд газан хөдөл­гүүр­тэй
авто­маши­ны Онцгой албан татва­рыг тэглэсэн билээ. Агаарын бо­хирд­лыг бууруулах,
бай­галь экологид ээлтэй хэмээн хийн хөдөлгүүртэй авто­машин түл­хүү оруулж ирэх
бодлогоор ийнхүү татвараас чөлөөлс­нөөр сүүлийн хэдэн жилд хийн хөдөлгүүртэй авто­ма­ши­ны
тоо эрс нэмэгджээ.  Гэтэл өнөөдөр улсын хэм­жээнд
энэ салбарт  “Юнигаз”, “Дашваанжил” гэх хоёр
ком­па­ни л автогаз ний­лүүлж байгаа юм байна. Жолооч нарын хувьд хийн станц хүрэл­цээгүй
байгаа шалт­гаа­ныг янз бүрээр тайлбарлаж байна. Нэг компани давамгай байдлаар зах
зээлийг нь эзлээд бусдадаа боломж олгодоггүй гэж ярьдаг юм байна лээ. Ялангуяа
“Юнигаз” компани ганцаараа газан түлш оруулж ирэх эрхтэй гэж шүүмжилж байна. Тиймээс
газ оруулж ирж нийлүүлдэг компаниудын байр суурийг сонссон юм. Удахгүй шинээр хэд
хэдэн газ түгээх станц ашиглалтад орох гэж байгаа аж. “Дашваанжил” компани шинээр
таван станц барьж байгаа гэнэ. Мөн “Горгаз” компани хоёр станц барьж байгаа аж.
Тус компанийн Толгой­тод баригдаж байгаа станц тун удахгүй ашиглал­тад орох бол
компанийнхаа төв байрны дэргэд мөн нэг станц барьж байгаа хэмээн мэдээллээ. “Юнигаз”
компани Таван­шард шинээр нэг станц сая­хан ашиглалтад оруулсан бөгөөд бас орон
нутагт шинэ салбаруудаа нээхээр төлөв­лөжээ. Дээрх  ком­па­ниу­даас гадна газын чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг зургаан ком­па­ни бий. Нийтдээ арваад компани энэ чиглэлээр биз­нес эрхэлдэг
байна. “Монгаз” компанийн захи­рал н.Энэбиш ийн ярилаа.

-Газаар явдаг машин олон болсон
байна. Гэтэл газ түгээдэг станц нь  цөө­хөн
учраас жолооч нар олон цагаар дугаарлан бухим­­даж байна. Танай компа­нид автогаз
нийлүүлэх төлөв­лөгөө байгаа юу?

-Газ түгээх станц барихаар хөөцөлдөж
үзсэн. Станц барих газар олдохгүй байна. Газар авах гэхээр мөнгөтэй баян компаниуд
нь үнэ цохиод  барилга барьчихдаг. Хэрвээ
газар байвал станц бари­хад ямар ч асуудал алга. Тэгвэл иргэд бухимдалгүй болж,
ачаалал буурах нь мэдээж. Улсаас агаарын бохирдлыг бууруулж утааг багас­гахаар олон
ажлыг хэрэгжүүлж буй. Үүний нэг нь газаар явдаг 
автома­шин олноор нь оруулж ирэх бодло­го барьж ажилласан. Автомаши­нууд
нь олон болоод иртэл газ түгээх станц нь цөөхөн учраас эрэлтээ гүйцэхгүй байна.  Тий­мээс одоо Хотын захиргаа­наас газ түгээх станц
барихад зориулж  газрын асуудлыг нь шийдэж
өгөх хэрэгтэй байна. Одоо улсын хэм­жээнд хоёр компани л автогаз нийлүүлж байна
шүү дээ. Уг нь  бүх компани адилхан л ОХУ-аас
газ оруулж ирж байгаа учраас станц барихад амархан байгаа юм.

-Энэ салбарт нэг ком­па­ни давуу
эрх эдэлж моно­поль үүс­гэж байна гэсэн шүүмжлэл бай­даг л даа?

-Н.Энхбаяр Ерөнхийлөг­чийн үед “Юнигаз”
компани онцгой эрх­тэй­гээр ганцаараа автогаз ний­лүүлж байсан. 2007 оноос хойш
бүх компа­нид энэ эрх нээлттэй болсон. Нэг компанид ганцаараа давуу эрхтэй байснаас
болж цаг хугацаа алдаж, ийнхүү бусад ком­па­ниуд одоо энэ бизнес рүү оръё гэхээр
газар олдохгүй асуудал болж бай­гаа юм гэж тайлбарлалаа.

Нийслэлийн хэмжээнд хам­гийн
олон хийн түлш­ний станц ажиллуулж бай­гаа “Юнигаз” компанийн Бизнес хөгжлийн албаны
захирал Л.Болдбаата­раас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд танайх хийн
түлш түгээдэг хич­нээн станцтай вэ. Ачаа­лал их байгаа гэсэн. Өдөрт хичнээн тонн
газ борлуул­даг вэ?

-Сая манайх Таваншард нэг станц барьж
ашиглалтад оруул­лаа. Үүнтэй нийлээд одоо нийслэ­лийн хэмжээнд нийтдээ зургаан станц
үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутгийн хувьд, Дар­ханд нэг, Багануур дүүрэгт
тус бүр нэг гээд нийтдээ найман станц шингэрүүлсэн хийн түлш борлуулж байна. Бор­луу­лалтын
хэмжээ бол ком­па­нийн нууц учраас мэдээлэх боломжгүй.

-Жолооч нар газ авах гэж урт дараалал
үүсгэн бухим­далтай байдаг болж. Танайх станц нэмж барих уу?

-Ачаалал их байна. 24,00 цагаар ажиллаж
байна. Нийс­лэлийн “Цэвэр агаар” сан­гаас станц барих олон төсөл хөтөлбөрүүд хэрэг­жүүлж
бай­гаа юм байна лээ. Өнгөрсөн жил зургаан станц барих тен­дер зарлагдаад “Дашваан­жил”
компани шал­гар­сан ч одоо хүртэл станцаа бариа­гүй байна. Станц барьж бай­гаа гэсэн
мэдээлэл бай­даг. Одоогоор дөрвөн стан­цын барилгын ажил явагдаж бай­гаа гэсэн.
Яг хэзээ дуусч, хэзээ ашиг­лалтад орох хугацааг би мэдэхгүй байна. Манайхыг станц
барихад улсаас  тусалж дэмжсэн зүйл алга.
Өөрс­дийн­хөө хөрөн­гөөр станц барьж байгаа. Манай гадаа­дын хөрөнгө оруулалттай
компани учраас хөрөнгө оруу­лагч байгуул­лагаар станц бариулж байна. Тэр­нээс биш
төр засгийн зүгээс дэм­жиж тусалж байгаа юм байхгүй.

-Улсаас ямар дэмж­лэг хэрэгтэй
бай­даг юм бол?

-Ер нь дэмжлэг шаард­лагатай байна.
Станц бари­хад даралтат сав зэрэг материалууд нь үнэтэй бай­даг. Жирийн нэг станц
барих­тай харьцуулахад дөрвөөс тав дахин их хөрөнгө шаар­дагд­даг. Энэ жил манайх
хэд хэдэн салба­раа ашиглалтад оруулчихлаа. Дархан, Бага­нуур дүүрэгт тус бүр нэг
станц ашиглалтад орууллаа. Энэ ондоо багтаагаад Эрдэнэтэд газан түлшний станц ашиг­лал­тад
оруулахаар ажиллаж байна. Бас 22-ын товчоон дээр нэг станц барихаар ажиллаж байна.

-Станц барихад газрын асуу­дал
хүнд байна гэсэн тайлбарыг бусад ком­па­ниуд өгч байсан. Танайд хүндрэлтэй зүйл
байдаг уу?

-Байлгүй яахав. Газ өөрөө аюул­­тай
гэдэг утгаараа хотын төвд газар өгөхгүй байгаа. Нөгөө талаар станц барьж үйл ажиллагаа
явуу­лах гэхээр дүрэм стандарт нь хатуу. Одоо манайхны мөр­дөөд байгаа дүрэм стандарт
нь нэлээд хоцрогд­сон  стан­дарт байгаа юм.
Энэ дээр өөрчлөлт оруулах шаард­ла­га бай­гаа. Газын чиглэлээр үйл ажилла­гаа явуулдаг
бай­гуул­лагууд нэг­дээд холбоо байгуулсан. Хол­боо­гоороо дамжуулаад салбарынхаа
яаманд саналаа хүргүүлдэг л дээ. Одоо ажиллаад явж бай­гаа байх. Нийслэлийн хувьд
хотын төвд хийн станц барих­гүй гэсэн байр суурьтай бай­гаа. Цэвэр агаар сангаас
“Дашваанжил”-ыг тендерт оруулж, газар өгсөн байна лээ. Хийн чиглэлээр үйл ажил­ла­гаа
явуулдаг ком­па­ниуд улсаас тусламж аваа­гүй байх. Хотын зах руугаа Нисэх, Яармаг
орчимд хийн станц барих газар олгох юм шиг байна лээ.

-“Юнигаз” компани шин­гэ­рүүл­сэн
хийн түлш ган­цаа­раа оруулж ирэх  эрхтэй
гэсэн шүүмж­лэл байдаг. Үүнээс болоод бусад газын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
компа­нид эрх олгогдохгүй байгаа гэх юм?

-Газын чиглэлээр үйл ажилла­гаа явуулдаг
компани бол ганцхан “Юнигаз” биш. “Дашваанжил”, “Горгаз”, “Мон­газ”, “Экогаз”,
“Газ сервис” гээд байж байна. Авто газийн чиглэлээр үйл ажил­ла­гаа явуулж байгаа
нь “Юнигаз”, “Даш­ваан­жил” хоёр юм. Тиймээс манайх ганцаараа үйл ажиллагаа явуу­лаа­гүй
учраас моно­поль­дож байна гэж хэлэхгүй. Би “Дашваанжил” компанийн борлуулалтыг
мэдэхгүй бай­на. Гэхдээ  60, 40 хувьтай үйл
ажиллагаа явуулж байгаа  болов уу гэж бодож
байна. Нөгөө талаар байгууллагууд­тай харьцдаг зах зээлд манайх арав хүрэхгүй хувь­тай
үйл ажиллагаа явуулдаг. Өр­хийн зах зээлд үйл ажилла­гаа­гаа огт явуулдаггүй. Яагаад
манайхыг моно­польдож  байна гэснийг ойл­гохгүй
байна.

-Тодруулбал, “Юнигаз” ган­цаа­раа
станц барих эрхтэй, бусад ижил төрлийн үйл ажил­лагаа явуулдаг компанид боломж гардаг­гүй
гэсэн яриа байгаа юм?

-Тийм юм байхгүй. Нээлт­тэй шүү дээ.
“Дашваанжил” компани автога­зын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. “Горгаз” байгуулла­гуу­дад
газ зарж л байна.

-Орон нутагт  клонк байх­гүй байгаа нь том асуудал болж байна.
Тэнд газаар ажилладаг автомашин явах боломжгүй байна. Орон нутагт клонк барих уу?

-2014 онд орон нутагт клонк барихаар
төлөвлөж, судалгаа хийж байна. Манайх бизнесийн бай­гуул­­­лага учраас оруулсан
хөрөн­гө оруулалтаа нөхөх ёстой. Тиймээс эхлээд судалгаа хийж байгаад хичнээн клонк
барихаа шийднэ л дээ.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

А.Алтансүх: Байгаа доллараа гамнаж байж л монгол төгрөг чангарна

Монголын банк бус санхүүгийн
байгуул­ла­гуудын холбооны ерөн­хийлөгч А.Алтан­сүх­тэй  ярилцлаа.

-Монгол төгрөг хан­шийн уналтаараа
дэл­хийд толгой цохиж бай­на. Банк бус санхүүгийн байгууллага бол валю­тын арилжаанд
оролц­дог тодорхой хэсэг. Төг­рөгийн сулралын гол шалтгаан нь юу вэ?

-Тодорхой шалтгаа­нуудын улмаас дэлхийн
олон орны үндэсний мөн­гөн дэвсгэртийн ам.дол­лар­тай харьцах ханш суларсан л даа.
Гэхдээ дунджаар 2-3 хувиар л  суларсан. Хамгийн
ихдээ арван хувь. Энэтхэгийн  рупи, монгол
төгрөг хоёр л огцом доошилж, бүр хорин хувиар сулраад байна. Хоёрхон сарын дотор
20 гаруй хувиар савласан нь сайн биш харин ч маш муу үзүү­лэлт. Гол шалтгаан нь
ерөөсөө л эдийн засаг. Энэтхэгийн эдийн зас­гийн байдал хүнд, эмзэг хэсэг нь хөрөнгөтэй
хэс­гээ­сээ хэт тасарсан. Ер нь үндэсний валютынх нь ханш суларсан орны  бага орлоготой хэсэг нь улам туйлддаг. Төгрөг
суларсан шалтгааны нэг нь гадаад худалдааны тэнцлийн зөрүү. Гаднаас ам.доллараар
авах нь ихэсч, гадагшаа ам.дол­лараар зарах нь эрс ба­гас­сан учраас төгрөг су­ларсан.
Өөр нэг шалтгаан нь гадаадын хөрөнгө оруу­лалтын уналт. Гурав дахь шалтгаан нь дотоо­дын
зах зээл дэх  төгрө­гийн нийлүүлэлт. Орон
сууцны зах зээл рүү гур­ван триллион төгрөг нийлүүлсэн. –Төгрөгөө сулралаас аврах хамгийн бодитой гарц гэвэл  юуг онцлох вэ?

-Азийн хөгжлийн банкнаас сая­хан зохион
байгуулсан хурал­дааны үеэр ирэх жилүүдэд дэл­хийн, тэр дундаа Азийн үйлдвэр­лэл
сэргэхгүй гэсэн таамаг яригдаж байна лээ. Тэгэхээр түүхий эдийн экспортоосоо ам.доллар
их хэм­жээ­гээр олно гэдэг лав л нэг, хоёр жилдээ бүтэхээргүй асуудал бол­чихож
байгаа юм. Гадаадын хөрөн­гө оруулалтыг  дэмжих
асуудал шийдвэр гаргах түвшинд яригдаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ ажлын үр
дүн дор хаяж таван жилийн дараагаас гарч ирнэ. Гараад явчихсан хөрөнгө оруулалт
хууль батлагдангуут маргааш нь ороод ирэхгүй нь тодорхой. Тэгэ­хээр ойрын жилүүдэд
төгрөгөө илүү сулруулахгүй байх бодитой гарц бол нэгэнт ороод ирчихсэн валю­таа
тогтоон барих. Ингэхийн тулд импортыг орлох үндэсний бүтээг­дэхүүнээ дэмжих хэрэгтэй.
Ам.долларын ханш өсөх нь үндэс­ний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд сайн гэж байгаа нь
нэг талаасаа тийм байж болох ч нөгөө талаас нь харвал өрөөсгөл ойлголт л доо. Дотоодын
үйлдвэрлэгчид сав баг­лаа боодол, түүхий эдээ эргээд гадаадаас доллараар авдаг.
Тэгэ­хээр ямар ч тохиолдолд юмны үнэ өснө.

Дотоодын үйлдвэр­лэгч­дээ яаж
дэмжвэл төгрөг чангарна гэж та бодож байна?

-Эхлээд импортоор орж ирж байгаа ямар
бүтээгдэхүүний  түү­хий эд нь Монголд байна,
юуг нь бид хэр хэмжээгээр хийж чадах вэ гэдгээ ширээ тойрч суугаад ярих ёстой. Тэгээд
энэ жил  төчнөөн тонн даршилсан өргөст хэмх
үйлдвэр­лэнэ, үйлдвэрлэсэн өргөст хэмхээ зарахын тулд импортын өргөст хэмхний татварыг
төчнөөн хувиар нэмнэ гээд тооцчих хэрэгтэй. Дараа жил нь даршилсан өргөст хэмхний
үйлдвэрлэл нэмэгдэж таарна аа даа. Тэр үед нь Вьетнамаас орж ирж байгаа даршилсөн
өргөст хэмхний экспортын татварыг дахиад хэдэн хувиар нэмчих хэрэг­тэй. Даршилсан
өргөст хэмхээ дотооддоо үйлдвэрлэж зах зээлээ бүрэн хангаж гүйцэх тэр үед гад­наас
өргөст хэмх орж ирэхээр­гүй болгох нөхцөл бүрдсэн байх учир­тай. Ийм  нөхцөлийг 
бүрдүүл­сэн татварын шаталсан бодлого явуу­лах шаардлага бий.  Энэ бол гадагшаа гарах валютын урсгалыг хаах ойрын
хугацааны том бодлого.

Жижиг дунд үйлдвэрийн сан, арилжааны
банкуудаар дотоо­дынхоо үйлдвэр­лэгч­дэд зээл өгч байгаа ч хүрэл­цээ, олдоц дээрээ
асуудал­тай байдаг. Тэгэ­хээр таны яриад байгаа гарц ажил болоход богино хугацаанд
хэрэгжих боломжгүй байх?

-Таны хэлээд байгаа ортой л доо. Жижиг
дунд  үйлдвэрийг дэм­жих чиглэлээр арилжааны
банк болон сангуудаар дамжиж байгаа зээлүүд яг жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх хүсэлтэй  хүмүүст тэр бүр очдоггүй. Банкуудад барьцаа гэж
том босго бий. Сангууд болохоор том компаниуддаа онцолж зээл өгөөд байдаг. Хөрөнгийн
эх үүсвэр нь ч тийм том биш шүү дээ. Үйлд­вэр­лэл эрхлэхийг үнэхээр хүсч байгаа
хэсэгт зээл өгөх өөр гарц бий. Тэр нь банк бус санхүүгийн байгууллагууд. Учир нь
банк бус санхүүгийн байгууллагууд  жижиг,
дунд бизнес эрхлэгчдийн 60 хувьд нь хүрч үйлчилдэг. 390 мянган харилцагчтай,
320 гаруй тэрбум төгрөг эргэж байна. Үүний 70 гаруй хувь нь банк бус байгууллагуудын
өөрийнх нь хөрөнгө. Ийм тогт­вортой санхүүгийн 
байгууллагаа ашиглах хэрэгтэй л дээ. Найман хувийн орон сууцны зээл хэрэгтэй
хөтөлбөр. Гэтэл энэ хөтөлбөрийн үр дүнд байртай хүн л байртай болж байна. 30 хувийн
урьдчил­гаагаа төлж чадахгүй хүн олон бий. Зарим банк бүр 50 хувийн урьд­чилгаа
авч байгаа. Тэгэхээр хөрөн­гөтэй иргэдэд хөнгөлөлттэй санхүү­гийн үйлчилгээ хүрээд
байна гэсэн үг. Жижиг дундуудыг дэмжих бага хүүтэй зээл нь ч ялгаагүй. Том компаниудад
очоод байгаа гэж дээр хэлсэн. Жижиг, дунд үйлдвэр­лэгч­дийг хөгжүүлэх зээлийг банк
бусаар  дамжуулах бүрэн боломжтой. Най­ман
хувийн  зээл дээр гэхэд л хашаа байшинг хаусжуулах
хөтөл­бөрийг зэрэгцүүлж гаргаж ирээд байрны урьдчилгаа төлөх боломж­гүй хэсгийг
нь хамруулмаар байгаа юм.

Энэ төрлийн зээл олго­ход банк
бус санхүүгийн байгуул­лагуудын чадал чансаа хэр вэ гэсэн асуудал гарч ирж таарах
байх?

-Банк бус санхүүгийн байгуул­лагууд
нийт хөрөнгийн хэмжээ­гээрээ банкны салбарын хоёр хувийг эзэлдэг  ч өөрийн хөрөнгийн хэмжээгээрээ 20 орчим хувийг,
үүн дотроо дүрмийн сангийн хэмжээ нь 45 хувийг эзэлж байна. Энэ бол бага тоо биш.
Өөрөөр хэлбэл банкны салбарыг бодвол банк бус санхүүгийн байгууллагууд нь харь­цангуй
эздийн өмчид тулгуурласан эрсдлээ хариуцах тодорхой эзэн­тэй байдаг. Энэ ч утгаараа
үйл ажиллагааны болоод харилцагчид хүргэх эрсдэл гэсэн ойлголтоос хол л доо.

Сая долларын ханш огцом өсөхөд
банк бус сан­хүү­гийн байгууллагууд нөлөөл­сөн гэх мэдээлэл нэлээд цацагдсан. Та
үүнтэй санал нийлж байна уу?

-Санал нийлэхгүй байна. Валю­тын нийт
арилжааны  цөөхөн хувийг банк бус санхүүгийн
бай­гуул­лагууд эзэлдэг. Банк бус сан­хүү­­гийн байгууллагууд Монгол банкнаас явуулдаг
дуудлага худал­даанд оролцдоггүй.  Арил­жааны
банкуудын валют  худалдан авах болон зарах
ханш 30-50 төгрөгийн хооронд хэлбэлзэж  бай­гаа.  Харин  банк
бус санхүүгийн байгууллагын худалдан авах, зарах ханш  2-5 төгрөгийн хооронд хэлбэлздэг.  Өөрөөр хэлбэл бид иргэдээс  харь­цангуй өндөр үнээр авч, бага үнээр зардаг.
Харин арилжааны банкууд Монгол банкинд захиалгаа өгч харьцангуй бага үнээр валют
худал­даж авдаг  хэрнээ иргэдээс  доллар авахаа­раа бүр доошоо үнээр авдаг. Өнөө­дөр
/өчигдөр/ гэхэд Монгол банк ам.доллараа арилжааны банкуу­дад 1654 төгрө­гөөр зарсан
байгаа юм. Гэтэл өнөөдөр /өчигдөр/ арилжааны банкууд иргэдээс  1580 төгрөгөөр ам.доллар авч байна. Эндээс валютын
зуучлалын үйл­чил­гээг хэн нь сайн гүйцэтгэж байна вэ гэдгийг харчихаж болох байх.
Иргэдийн хувьд ийм шалтгаа­наар  банк бус
санхүүгийн байгуул­лагыг сонгодог.  Ийм байлаа
ч банк бус санхүүгийн байгууллагууд валютын ханшийг хөөрөгдөхөд хүчтэй  нөлөөлж чадах­гүй.

Сүүлийн үеийн тоог харахад
248 банк бус санхүү­гийн бай­гуул­лага байдаг гэсэн статистик байна. Валют арилжаанд
тодор­хой хэм­жээнд нөлөөлөхөөр зах зээл биш үү?

-Таны саяын онцолсон банк бус байгууллагуудаас
98 нь валют арилжаа эрхэлдэг юм. Эдний 39 нь зөвхөн валют арилжаагаар төрөлж­­сөн
үйл ажиллагаа явуул­даг.  Эндээс харахад шууд
нөлөөл­дөг гэж хэлэх боломжгүй л дээ.

Арилжааны банк, банк бус санхүүгийн
байгуул­лагын валю­тын ялгаатай ханшуудыг яаж ойртуулах вэ. Ер нь валютын ханшийг
ямар аргаар зах зээ­лийн жам руу нь оруулбал зүгээр бол?

-Монгол банк хяналт золхи­цуулалтандаа
байдаг арил­жааны банкуудын хүрээнд л асуудлыг шийддэг. Банк бусууд санхүүгийн зохицуулах
хороонд харьяа­лагд­даг учраас арилжаанд оролцох боломжгүй байгаа юм. Уг нь хоёулаа
санхүүгийн байгууллага, хоёулаа валют арилжаанд орол­цох тусгай зөвшөөрөлтэй гэдэг
утгаараа  банк бус санхүүгийн байгууллагуудад
дуудлага худал­даанд оролцох боломж бий. Санхүү­гийн зохицуулах хороо, Монгол банк
хоёр ажлын уялдаа холбоогоо сайжруулчихад л болох  асуудал. Ингэвэл арилжааны банкуудын доллар авч,
зараад байгаа ханшийн зөрүү ойртоно. Уг нь Монгол банк арилжааны банкуудад доллар
зарж, худал­даанд оролцох эрхийг нь өгчихсөн юм чинь энэ зөрөөг багасга гэсэн шаардлага
тавих эрхтэй. Зах зээлийн агуулгаас нь харсан ч гэсэн Монгол банкнаас   үнэтэй биш ам.доллар авдаг хэрнээ иргэдээс авахаараа
тэрнээс доод ханшаар авч болохгүй. Валютын дээд, доод ханшийн зөрүүг ядаж 10 төгрөг
рүү оруулах тал дээр Монголбанкнаас шаардлага тавьж ажиллах хэрэгтэй.

 Валютын ханшийг шийдэх өөр нэг арга бол валютын
бирж байгуу­лах. Мэргэшсэн санхүүгийн бай­гуул­­лагууд, тусгай зөвшөө­рөлтэй этгээдүүд
үйл ажиллагаанд нь оролцох боломжтой тийм 
биржийг байгуулчих хэрэгтэй. Томоо­хон төлбөр тооцоог валю­таар хийдэг улсууд
суудлаа эзлээд  дуудлага худалдаанд  оролцоод эхэлбэл зах зээл дээрх валютын  бодит ханш гараад ирнэ. Өнөөд­рийн хувьд зөвхөн
хаалттай орчинд, үндсэн­дээ арилжааны банкууд дунд нь зуучлагчийн маягтай яваад
байна л даа. Валютын бирж байгуулахад заавал тусгайлсан хууль гаргах хэрэггүй. Журмаар
зохицуулчихад л болох асуудал байгаа юм.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Гэр нь эзэнгүй байсан ч хашааг нь буулгаж ачлаа

-ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР БУУЖ, ХАШАА ХАТГАСАН ИРГЭДИЙН ГАЗРЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛЛӨӨ-

Баянзүрх дүүрэгт хууль зөрчиж, дур
мэдэн хашаа хатгасан, мөн ний­тийн эзэмшлийн зам тал­байд зөвшөөрөлгүй барь­сан
ТҮЦ, чингэлгүүдийг албадан чөлөөлөх ажил өрнөлөө. Дүүргийн Өмч газрын харилцааны
ал­ба­­ны ажилтнууд дөрвөн хэсэгт хуваагдаж цагдаа­гийн албан хаагчдын хам­таар
дүүргийнхээ нутаг дэвсгэрээр явж, албадан чөлөөлөх ажлыг гүйцэт­гэсэн юм. Эхний
очсон газар бол Баянзүрхийн гүүр даваад Туул голын эрэг орчимд зөвшөө­рөл­гүй буусан
айлууд байв. Энд ойролцоогоор 20 гаруй айл хашаа хатгаж, гэрээ барьжээ. Дүүргийн
ажилтнууд очингуутаа хамгийн эхний хоосон хашааг нураагаад ачиж эхлэв. Хэн гэдэг
хүн хашаа хатгасныг газрын албаныхан эрж сурсан­гүй шууд ажилдаа оров. Ямар ч байсан
маш олон удаа мэдэгдэх хуудас та­раа­жээ. Өмнө нь хоёр ч удаа ирж зөв­шөөрөлгүй
хашаа хатгаж гэр барь­сан эндхийн айлуу­дыг чөлөөлж бай­жээ. Газрыг нь чөлөөлөөд
долоо хо­нохгүй шөнө дөлөөр ирээд хашаа, гэрээ барь­чихдаг байна. Тиймээс тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас хамгаалалтын
бүс татаж, төмөр торон хашаа хатгасан байна. Гэсэн ч иргэд төмөр хашааг нь нурааж
бай­гаад гарц гарган, хашаагаа хатгажээ. Өчигдөр 12.00 цагийн үед очиход зөвшөө­рөлгүй
буусан айлуу­дын ихэнх нь эзэнгүй байсан юм. Гэр нь эзгүй байсан ч бай­цааг­чид
хашаа­нуудыг шууд нурааж ачиж байв. Буул­галтын ажлыг гүй­цэт­гэж бай­сан байцаагчид
ийн ярилаа. “Албадан газар чөлөөлс­ний дараа иргэд ажил дээр ирж хэл ам хийх нь
хамгийн хэцүү байдаг. Хашаа­гаа нураалгаж ачуул­­сан иргэд дүүргийн газ­рын албан
дээр ирж бай­цаагч­дыг хэл амаар дором­жилж орилж хашгирч, хөлөө жийж хэвтээд үнэхээр
их хүндрэл учруул­даг. Бид нийс­лэлийн Засаг дарга, дүүргийн Засаг даргын захирамж,
хууль тогтоом­жийг л мөрдөж ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Нэгэнт л зөвшөө­рөлгүй
газар буухыг хориглосон учраас иргэд өөрсдөдөө төвөг чирэгдэл болж хашаа хатгах
хэрэг­гүй гэдгийг сануул­­маар байна” хэмээв. Туул голын хам­гаа­лал­тын бүсэд хашаа
хат­гасан дээрх айлуу­дын ихэнх нь эзэнгүй байсан ч хамгийн захын нэг айлд 50 гаруй
насны эмэгтэй байв. Тэрбээр “Манайд мэдэг­дэх хуудас өгөөгүй. Албадан буулгалаа
гэхэд очих газар байхгүй. Одоо яая гэхэв дээ” хэмээн асуудалд дөжирсөн бай­дал­­тай
хандан гэр рүүгээ орлоо. Газрын албаныхан буул­гасан хашааг ачаад жур­мын хашаанд
аваачих гэнэ. Иргэд хашааныхаа банзыг журмын хашаанаас авахын тулд газ­рыг албадан
чөлөөл­­сөн зард­лыг төлөх ёстой бай­на. Энэ асуудалтай холбоо­тойгоор өчигдөр Баян­зүрх
дүүр­гийн Өмч газрын харил­цааны албаны дарга Н.Бат­сүх хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр  “Дүүр­гийн нутаг дэвсгэрт хууль зөрчиж,
газар эзэмшиж ашиг­ласан, ний­тийн эзэмшлийн зам тал­байг хааж хашаа барьж, чин­гэ­лэг,
ТҮЦ ажил­луулж байгаа зөрчил олон байна. Дээрх зөрчлүүдийг арилгах  зорил­гоор тодорхой арга хэмжээ­нүүд авч ажиллаж
байна. Тодруулбал, газ­раа зориу­лалтын дагуу ашиг­лаа­гүй, дуудлага худалдаа, төсөл
сонгон шалга­руу­лал­тын жур­маар олгогдоогүй, газрын төлбөрөө төлөөгүй, хориг­лосон,
хязгаар­ласан бүсэд Газрын тухай хууль болон холбогдох журмыг зөрчиж олгосон газруудыг
дүүргийн Засаг даргын захи­рамжаар газрын эзэм­ших эрхийн гэр­чил­гээг хүчингүй
болгох мөн газрыг нь чөлөө­лөх арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн зөвшөөрөл­гүй
газар ашиглах судалгааг бид гаргаад байна. “Хашаа” арга хэмжээний хүрээнд нийтийн
эзэмшлийн зам талбайд зохих бай­гууллагын зөв­шөө­рөлгүй газар ашигласан аж ахуйн
нэгж байгуул­лагуу­дын газрыг чөлөөлж байна. Үүнээс гадна газар эзэмшиж ашигладаг
иргэн, аж ахуйн нэгжүүд газ­рын төлбөрөө төлөөгүй удсан зөрчил олон байна.  Төлбөрөө төлөөгүй байгуул­лагуу­дын нэрсийн жагсаалтыг
гаргасан бөгөөд есдүгээр сарын сүүлийн долоо хоногт багтааж төлж бараг­дуулахгүй
бол арав­дугаар сарын 1-нээс эзэмших гэрчилгээг цуцлах болно гэд­гийг мэдэгдье.
Иргэн аж ахуйн нэгжид анхааруулж хэлэхэд, манай дүүргийн алба хүн цөөнтэй. Гэсэн
ч  зөвшөө­рөлгүй хашаа, барилга барь­сан иргэдийн  газрыг төлөв­лө­гөө­нийхөө дагуу хэзээ мөд­гүй
очиж албадан чөлөөлнө. Тэгэ­хээр манай газар дээр бай­цааг­чид ирэхгүй, чөлөө­лөхгүй
өнгөрчих байх гэсэн юм байхгүй. Тиймээс зөвшөө­рөлгүй газар дээр дур мэдэн буусан
иргэд аж ахуйн нэг­жүүд өөрсдөө газраа чөлөө­лөхийг хүсч байна”  хэмээн мэдээл­лээ. Хэвлэлийн хур­лын дараа тэрбээр
сэтгүүлч­дийн асуултад хариулав.

-Хорих 461 дүгээр ангийн ард иргэд
олноороо суурь­шиж, хашаа, гэр бариад удаж байна. Энэ айлуудын газрыг чөлөөлөх үү?

-21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт
хуучин ганц худгийн орч­моор зөвшөөрөлгүй айлууд буусан байгаа. Дүүр­гийн Өмч газрын
харил­цааны албанаас шаардах хуудас өгч газар чөлөөлөхийг мэдэгд­сэн. Шаардлагын
дагуу газар­ чөлөөлөөгүй тохиол­долд албадан чөлөөлөх ёстой. Тус дүүрэгт оршин суудаг
иргэдээс газрын албанд хүсэлт гаргасан бай­даг. Энэ газрыг бидэнд олгож өгөөч гэсэн
хүсэлт ирсэн. Манай­хаас зохих журам, хуу­лийн дагуу хүсэлтийг нь улам­жилж хүргүүлсэн.
Хэрвээ тус газрыг иргэдэд эзэмшүү­лэх шийд гарвал зохих хууль ёсны дагуу иргэдэд
эзэм­шүүлэх болно. Тиймээс одоо газар олгох шийдвэр гаргаа­гүй байхад иргэд тэнд
очиж  байршиж байгаа явдал бол газар зохион
байгуулах хуу­лийн зөрчиж байгаа гэсэн үг. 

-Баянзүрх дүүрэгт иргэ­дэд өмчлүүлэх
хэчнээн га газрын нөөц байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд иргэдэд олгох
газрын нөөц хомс байна. Нийслэлийн Ерөн­хий төлөвлөгөө­ний газ­раас нийслэлд 52
байр­шилд иргэдэд иргэний ахуйн зориу­лалтаар газар өмчлүүлэхээр төлөв­лөгдсөн.
Үүнээс манай Баянзүрх дүүрэгт  15 байр­шилд  газар олгогдохоор Ерөнхий төлөв­лөгөөнд тус­гагд­сан
байгаа. Тодруул­бал, Баянзүрх дүүрэгт 20, IX 
хороо­ны газар нутаг буюу иргэдийн ярьж сурснаар Улиас­тай голын дагуу
1232 га газарт иргэдэд 0.07 га газар өмчлүүлэхээр тусгагд­сан бай­гаа. Одоогоор
тус газар нутагт судалгааны ажил яваг­даж байна. Юуны өмнө дээрх газарт зөвшөөрөлгүй
буусан аж ахуйн нэгж, иргэдийн газ­рыг чөлөө­лө­хөөр шаардах хуудас өгсөн байгаа.
Газрыг нь чөлөөлөөд хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дараа зохих журмын дагуу
газар олгоно. Хуучин цахил­гаангүй, замгүй, дэд бүтэцгүй байсан ч газар олгодог
бай­сан. Одоо тэгэхгүй. Эхлээд дэд бүтцийг нь шийдээд цахил­гааныг нь шийдсэний
дараа иргэдэд газар олго­хоор төлөвлөж байна.

-Шилжилт хөдөлгөөн хий­сэн иргэдэд
газар олгох­гүй байх шийдвэр гар­сан байх аа?

-Нийслэлийн Засаг дар­гын захи­рамж
гарсан байдаг. Энэхүү захирамж нь нийс­лэлд 2013  оны тавдугаар сарын 30-наас өмнө шилжиж ирсэн
иргэдэд газар олгоно  гэсэн шийдвэр юм. Энэ
шийд­вэрийг баримтална. Учир нь тухайн газар нутагтаа, хороон­доо удаан амьдарч
байгаа иргэд нь өөрсдөө газраа авч чадаагүй байхад бусад дүүрэг, аймаг сумаас шилжиж
ирсэн иргэд газар авчихдаг гэсэн шүүмжлэл ирдэг. Тиймээс дээрх асууд­луудыг бодол­цож
нэлээд нарийн зохицуулалт хийж газар өмчлүүлнэ.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Хувийн өмчийг төр хамгаалах ёстойгоос халдах эрхгүй

Үндсэн хуулийн 16.3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө
шударгаар олж авах, эзэм­ших, өмчлөх өв залгамж­луу­лах эрхтэй. Хувийн өмчийг хууль
бусаар хураах, дайч­лан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн
зайлшгүй хэрэг­цээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор,
үнийг төлнө.   Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй
байхыг заасан.  Иймд    өмч эзэмшигчид шүүхийн өмнө тэгш  эрхтэй байж таар­на. Их хөрөнгөтэй нь илүү их
эрх эдэлж, бага хөрөнгөтэй нь бага эрх эдэлнэ гэсэн  зарчим хаана ч байдаггүй. Тэр тусмаа их хөрөнгөтэй
нь шүүхийн өмнө өөрт ашигтай шийдвэр гаргуулж, бага хөрөнгөтэй нь хохирч үлдэх ёсгүй.
Дээрх зарчмууд сүүлийн үед алдаг­даад байгаа.  
Ялангуяа төрийн өмчит компаниуд олноор бий болсон нь үүнийг  алдагдуулахад хүргэж байна. Зүй нь төр болон өмчлөгч
Үндсэн хуулийн  заалтаар тэгш эрхтэй байх
ёстой юм.

Төр ямар субьект  билээ. Төр хууль санаачилдаг, хууль хэрэгжүүлдэг,
хэрэгжилтийг хянадаг субьект. Хууль, стан­дартыг хэрэгжүүлдэг хянадаг үүргээсээ
хальж, харсан бол­гон руугаа үсчээд байгаагийн гор нь хөрөнгө оруулагчдыг нүүр буруу­ла­хад
хүргэсэн. Ингэж бизнестэй хутгалдаж, компани, 
аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай зууралд­санаар  төвлөрсөн төлөвлө­гөөт эдийн засгийн бичил хувилбарыг
бий болгоход тулаад байна. Төр оролцоод ирэхээр л хувийн хэвшлийн үйл ажиллагаа
дампуурч эхэл­дэг. Гэтэл гадаад, дотоо­дын аль нэг компанитай хамт­ран ажиллаж эхлээд
л дараа­хан нь 68 хувийн татвар, 100 саяас дээш хөрөнгөтэй бол зөвшөөрөл авна ч
гэх шиг шаардлага тавьж хууль бат­лаад эхэлдэг. Сүүлийн үед энэ бүр даамжирч өмчтэй
бүхэн рүү дайраад байх бол­сон. Санаачилж, баталж байгаа хууль, журмууд нь  яг ийм өмчийн эсрэг, хүний мэдлэг боловсрол, хөдөлмөр
зүтгэлээрээ бий болгосон баялаг руу нь дайрсан шинж­тэй байгаа. Амьтан хүртэл өөрийн
гэсэн үүрэндээ халда­хад эсэргүүцэл үзүүлдэг. Оготно хүртэл цуглуулсан хөеөгөө  хамгаалдаг. Зөгий хүртэл цуглуулсан балаа харамладаг.
Зүгээр л байга­лийн энэ хуулийг манай төр зөрчөөд сууж байна. 

Зах зээлийн 
нийгмийг сонгохдоо Монголын төр хамгийн түрүүнд иргэнээ өмчтэй болгосон.
Газартай, байртай, малтай болцгоосон. Бизнес эрхэлж хэдэн төгрөг хуримтлуулж компани
бай­гуул­сан нь барилга байгуу­ламж босгож, зарим нь уул уурхайн лиценз эзэмших
болов. Гэтэл төр компаниу­дын өмч рүү сүүлийн үед хэт их халдаж, тэр байтугай иргэдийнхээ
өмчид шууд л булаан эзлэгч шиг дураараа авирлах болов.  Төр компа­ниу­дыг хохи­роож өөрсдөө хожоод байх
болсон. Ялан­гуяа төр хувийн  компанитай хамтар­сан
тохиолдолд энэ бүр илүү ажиглагдана. Энэ нь Үндсэн хуулийн тэгш байх, иргэд нь өмчтэй
байх  зарч­мыг зөрчиж байгаа хэрэг юм.  Угтаа  ард­чил­сан
нийгмийн үндсэн зарчмуудын нэг төр өмчөө хувийн хэвшилдээ байн­га шилжүүлж байдаг.
Ачааны хүндийг тэгж хувийн хэвшил­дээ үүрүүлснээр улам л амар хялбар болдог. Манайд
эсрэ­гээрээ,  жинхэнэ холион бан­тан хутгаж
орхи­дог. Үүнээс үүдэлтэй бизнес эрхлэгчдэд айдас бий болж байна. Угтаа төр оролцохүй
байх тусам бизнес эрхлэгч, хувийн ком­паниудад илүү сайныг бүтээх  боломж бүр­дэ­нэ. Тэд ч ингэж төрөөс хүсдэг.
“Биднийг мөрөөр нь ажил хийлгээд, амьдралаа босгоод, ажилч­даа цалин­жуулах боломж
олгооч. Зүгээр л тайван орхиод өгөөч”  гэж
гуйх бол­сон. Хамгийн гол нь өмчид хэт халдах болсны үр  дүнд шудар­га өрсөлдөөн гэдэг зарчим алдагдаж
хүчтэй нь булаадаг буруу тогтолцоо бий боллоо.

Угаас манайд хувийн өмч ямар ч баталгаагүй байдаг.
Энэ нь социализмаас үлдсэн хамгийн бараан талуудын нэг.   Тэр үед өмчтэй хүн гэж байгаагүй, бүгдийг нийгэм­чилж,
адилхан байх ёстой гэж шаарддаг. Одоогийн төрд байгаа хүмүүс  тийм нийгмээ санагалзаад байна уу гэлтэй санагдах
болов. 

Хувийн өмчийг огт тоодог­гүй, хүссэн нь булааж,
нурааж байдаг болсон. Зөвшөөрөл­гүй барилгуудыг нураана гэдэг. Нэгэнт барьчихсан
арван хэдэн давхрыг нураа­гаад хэнд ашигтай юм. Барьж эхлэхэд нь төр хаана байв.
Зөвхөн барьсан компани, хувь хүн төдийгүй байр захиал­сан иргэд хохироод эхэлдэг.
Барихаас нь өмнө болиулаагүй байж, барьж дууссан хойно нь нураана гэдэг  утгагүй. Эсвэл хувьдаа өмчтэй бүхнийг нийгмээрээ
үзэн яддаг. Мөнгөтэй хүн болгон олигархи нэр зүүж, өмчтэй хүн бүхнийг хулгайч гэж
сэрдэх  болов. Шударгаар мөнгө олсон хүн нэг
ч байхгүй гэж нийтэд итгүүлж, тэрэнд итгэсэн ард түмний нүдэн дээр төр төмөр нүүрээ
хувийн хэвшлийнхэн болон хувийн өмчтөнүүдэд гаргадаг. Хуульд заагаагүйгээс бусад
тохиол­долд хувийн өмч рүү халдах учиргүй. Сүүлийн үед өмчтэй, мөнгөтэй  хүнийг нийтээрээ үзэн яддаг болов. Үзэн ядуу­лах
зүйлийг нь төр өөрөө хийгээд байна л даа. 
Баян хүн л бол луйварчин, дээрэм­чин, олигархи нэр зүүдэг. Өөрийнхөө хөдөлмөрөөр
хуруу хумсаа хугалах шахам байж өмчтэй болсон, мөнгө­тэй болсон хүн олон. Гэтэл
тэднийг төрөөс төрсөн тэр­бумт­нуудтайгаа хутган ойл­гуул­даг. Ингээд л өмчтэй бүхэн
буруу замаар баяжсан гэж ойлгодог.

Коммунист нам нь эрх барьдаг гэх Хятадад хүртэл
хувийн эзэмшил газраа өгөх­гүй гэж хэдэрлэсэн нэг эмэг­тэйн газрыг тойруулаад зам
тавьсан байдаг. Японд нисэх онгоцны буудлын ойролцоох газраа өгөхгүй гэж зүтгэсэн  өвгөний өмчид төр халдаж чадалгүй тэр хүний эрхийг
хүндэтгэн нисэх буудлынхаа бүтээн байгуулалт, зургийг өөрчилж өмчилсөн газрыг нь
тэнд нь үлдээж нисэх буудлаа барьсан байдаг. Иймэрхүү жишээ олон л доо. Хувийн өмч
бол хувийн өмч гэдэг ойлгол­тыг энэ жишээнүүд тодоос тод батлаад өгч байна.  Гэтэл Монголд өмчид халдах  боломж­гүй байвал хууль­чилж,  байгаад хувийн өмч рүү халддаг.

Манайхан өөрсдийгөө их
улстөрждөг гэцгээдэг.  Улс­төр­жихгүй байх
боломж алга л даа. Өдөр тутмын амьдралд нь өмд гутал, талхных  нь үнэ хүртэл бүгд төрөөс хамаа­рал­тай. Зүгээр
мөрөөрөө хөдөл­мөр­лөөд хүн шиг амьдаръя гэхээр улс төр нь оролдоод байхаар яах
ч билээ дээ.   Төр ингэж хөдөлмөрлөдөг,  юм бүтээдэг хэсгийнхээ хамгийг булааж нураасаар,
дээрэмд­сээр байвал бүгдийг тэжээдэг систем рүүгээ л ухарна гэсэн үг. Ингэж булааж,
дээрэмдэж тоноод байвал хэн өмчтэй байхыг хүсэх юм, ямар ком­пани гаднаас ирж хөрөнгө
оруулалт хийх юм.

Categories
редакцийн-нийтлэл

“Гал үндэстэн”-ий гранат Төрийн ордныг ийм болгох байлаа

“Гал үндэстэн” хол­боо­ныхны ашигласан
галт зэвсгийг хаанаас гаргаж, тэдний гарт хэн өгснийг хүчнийхэн бараг илрүүлсэн
сураг дуул­да­на. Шууд хэлбэл “Монгол Улсын төлөө зүтгэе” ТББ-ын тэргүүн, офицер
Г.Болд­баатар байлдаа­ны зориулалттай грана­тыг олж ирсэн нь тодор­хой болж байгаа
сураг­тай. Тэрээр амьдралын­хаа 25 жилийг зэвсэгт хүчинд алба хашиж өнгө­рүүлсэн
бөгөөд зэвсэгт хүчний анги салбаруудад найз нөхөд олон гэх. Энэ танил талын хүрээгээ
ашиг­лаж байлдааны зэвс­гийг цуглуулсан байх магадлал өндөр байсныг хууль, хяналтынхан
шал­гажээ. Ер нь “Байлдааны зориулалттай галт зэвс­гийг зөвхөн нэг л газраас гаргуулан
авч болно” гэд­гийг Улсын онцгой комис­сын Нарийн бичгийн дар­га М.Энх-Амар нэгэн
хэв­лэлд өгсөн ярилцлагадаа дурдсан нь энэхүү мэ­дээллийг бататгаж байна. Тэгээд
ч “Гал үндэстэн” холбоонд Г.Болдбаа­тараас гадна хэд хэдэн тэтгэвэртээ гарсан офи­цер
байдаг бөгөөд “Мон­гол Улсын төлөө зүтгэе” ТББ нь чөлөөнд гарсан цэргийн албан хаагчдаар
гишүүнчлэлээ бүрдүүл­сэн байдаг аж. Тийм учраас тэд ийнхүү ядаж төвдөх зүйлгүй байл­даа­ны
зориулалттай галт зэвсгүүдийг цуглуулсан бололтой. Ийм хүрээлэл, найз нөхдийн холбоо­гоор
Монгол Улсын дар­хан хилийн аюулгүй байд­лыг хамгаалахад зориу­лагдах байлдааны
зэвсэг, хувь хүмүүсийн гарт орсон нь тодорхой болж байна.

Энэ үйл явдал нь Мон­гол Улсын зэвсгийн
наймаа ямар ч хяналтгүй явагддаг, хэрхэн газар авсныг давхар харуул­лаа. Хэдэн сая
жилийн нягтаршил, дагтаршил­тай 100 метрийн радиус бүхий газрыг ганцхан хор­мын
дотор хумхын тоос болгож орхидог тротил ч Монголын зах зээлд гу­рил, будаа шиг арилжаа­лагддаг
болжээ. Налай­хын нүүрсний уурхайгаас эхлээд бүхий л уул уур­хайн компаниуд тротил
тэсрэх бодисыг ашигла­даг гэж байгаа. Уг нь Галт зэвсгийн хууль, бусад хуулийн зүйл
заалтаар энэхүү бодисыг тусгай зөвшөөрлийн дагуу ашиг­лах ёстой байдаг аж. Гэтэл “Гал үндэстэн”
холбооныхон энэхүү бодисыг их хэмжээгээр олж аван хад­галж, улмаар гэгээн цагаан
өдрөөр олон хөлийн газар тавьж нийгмийг цочроолоо. Тэд тротил тэсрэх бодисыг уул
уурхайн компаниас шахалт дарамтаар авсан байж болох талтайг учир мэдэх хүмүүс хэлж
байна. Ер нь уул уурхайн компаниудтай байнга харьцдаг Ц.Мөнхбаяр нар шиг хүмүүсийн
гарт тро­тил тэсрэх бодис хялбар орох нь ойлгомжтой гэдгийг зарим эх сурвалж өгүүллээ.

Энэхүү бодисын 250 граммын хэмжээтэйгээс
нь хоёр ширхгийг “Централ таур”-ын ойролцоо дэлбэл­сэн бол уг барилга нуранги болохоос
гадна нөлөөлөл нь Сүхбаатарын талбайн төвд хүрэх хэмжээний аюул тарих байж. Адаглаад
л “Гал үндэс­тэн” холбооныхны байршуул­сан тротил нь “Централ таур”-ын доод давхруудын
шилэн хана, даацын багана зэрэгт нөлөөлж улмаар нурах магад­лалтай байсныг тэсрэх
бодистой харьцаж сурсан шинжээчид хэлж байна. Уул уурхайн яамны урд талбай­гаас
олсон нь мөн л ийм хэмжээний хор уршиг дагуу­лах байж. Ямар сайндаа л уул уурхайн
компаниуд экска­ватор бусад тоног төхөөрөм­жийнхөө ухаж дийлэхгүй газрыг тротилоор
дэлбэлдэг байхав.  Гэхдээ энэ бодисыг очлуур
болон галаар асаа­гаагүй тохиолдолд дэлбэрэх боломжгүй байдаг аж. “Гал үндэстэн”
хөдөлгөөнийхөн өнгөрсөн даваа гаригт энэ төрлийн хоёр тэсрэх бодисыг Уул уурхайн
яамны урд талбайн цэцгийн мандал, “Централ таур”-ын баруун хаалганы хогийн саванд
тус, тус тавьсан гэж байгаа. Хэрвээ энэ үед хэн нэгэн хогийн сав руу татаж байсан
тамхины ишээ унтраалгүй­гээр хийсэн бол ямар хэмжээ­ний хөнөөл дагуулах байсан нь
ойлгомжтой юм.

Галт зэвсгийн мэдлэгтэй хүмүүсийн
хэлж буйгаар Ф1 гранат нь “Гал үндэстэн” холбооныхонд зургаан шир­хэг байсан бөгөөд
гар грана­тын төрөлдөө дундаж хүчтэй нь буюу мөн хэмжээний хөнөөл дагуулдаг ажээ.
Ц.Мөнхбаяр нар нэг ширхгийг нь л Төрийн ордны хаалга руу шидсэн бол ойролцоох
25 метрийн радиус дахь бүх амьд биет устах аюултай байж. Шууд хэлбэл гранатыг шидсэн
хүмүүс ч өөрсдөө өртөнө гэсэн үг аж. Улмаар Төрийн ордны үүдэн хэсгийн 25 метрийн
радиус бүхий газар үнсэн товорго болно. Дайн байлдаанд орж байгаа цэргүүд Ф1 гранатыг
хориг­лож тулалдахдаа ашигладаг бөгөөд цаад тал нь 50 метрийн газарт шидэхгүй бол
өөрсдөө өртдөг гэдгийг цэргийнхэн хэлж байна.

Харин РГД5 маркийн гра­нат нь давшилтын
зориу­лалт­тай. Цэргүүд дайснуудаа илүү олноор нь хоморголон устгахын тулд энэ тэсрэх
бодисыг ашигладаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэллээ. Шууд хэлбэл уг гар бөмбөг
50 метрийн радиус бүхий газар дахь амьд биетийг устгахаас гадна ширэм, үртэс нь
үүнээс ч хол үсэрдгийг цэргийн мэргэжилтнүүд хэлж байна. Үүнээс нэг ширхгийг нь
“Гал үндэстэн” холбооныхон ашигласан бол тухайн үед Төрийн ордны үүд орчмоор байсан
бүх хүмүүс өртөж асуудал гамшгийн хэмжээнд хүрч яригдах байж. Ийн “Гал үндэстэн”
холбооныхны өөдөөс нүцгэн гартайгаар дайрсан Төрийн ордны хамгаалагчдын “тэнэг”-ийг
гайхах хүмүүс олонтаа таарлаа. Хэрвээ үймээн шуугиан дэгдэх үед хий буу тавих биш,
нэг гранат өөдөөс нь шидчихсэн бол асуудал өнөөдөр өөрөөр яригдах байжээ. Тэрчлэн
зэвсгийн наймааг хянах ёстой газар, буу сум, гранат, танкаа тоолох ёстой зэвсэгт
хүчний анги нэгтгэлүүдийн хэрхэн ажлаа хийдгийг хүн бүр гайхаж байна. Ямартаа ч
Ц.Мөнхбаяр нарын өдүүлсэн хэргийг тойрсон асуудлыг төр анхааралдаа авах цаг нь болжээ.

“Гал үндэстэн” холбоо­ныхны авч явсан,
энд тэнд байрлуулсан тэсрэх бөмбө­гийн тухайд байдал эвгүйтсэн бол ийм аюул тарих
байж. Байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг, уул уурхайн тэсэлгээний бодис зэргийг
олж өгсөн хүмүүсийг хүчний байгууллагынхан саатуулж эхэлсэн сурагтай. Тэднийг террорист
үйл ажиллагааг зэвсгээр хангасан гэж үзэж байгаа бололтой юм. Мөн энэ бүх зэвсэг,
тэсрэх бодисыг “Гал үндэстэн” холбооныхон авахын тулд халааснаасаа хангалттай хэмжээний
мөнгө гаргасан байна гэдэг мэдээ­лэл ч ирлээ. 
Буу сумных нь тухайд 7х64 маркийн сум 60 гаруй, гар бууны сум найман ширхэг
байжээ. Тэдний барьж ирсэн гурван буу нь хадга­лал­тын горимын дагуу ашиг­ласан
нөхцөлд 50, 100, 200 метрт салхины хүч, бусад үелзлээс үл хамааран байгаа алдалгүй
онодог гэнэ. Уг буу­нууд нь хувь хүний өмчлө­лийнх байж магадгүй гэх мэдээллийг
өгөх хүн ч байгаа юм.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Согтуу цагдаа айлын гэр дайрч, хоёр хүүхдийг нь гэмтээжээ

Цагдаа согтуугаар ма­шин барих нь
гэмт хэрэг биш, тэдний энэ үйлдэл энгийн үзэгдэл болсон шүү дээ гэж иргэд ярих болжээ.
Уг нь тэд нар ард түмний аюулгүй байдал, амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн
төлөө ажиллана хэмээн тангараг өргөсөн хүмүүс. Гэтэл согтуу цагдаа маши­наар айлын
гэр дайрч, хоёр хүүхдийг нь гэмтээ­сэн хэрэг энэ сарын 9-нд гарчээ.

Энэ хэргийг цагдаа­гийн газраас ихэд
нуу­цалж, хэрэг үйлдсэн цаг­даагийн ахлагч О.Лувсан­доржийг 10-ны өдөр аж­лаас нь
шууд халсан байна.

Тэр өдөр юу болсон талаар тодруулахаар
На­лайх дүүргийг зорилоо. Уулзсан, тааралдсан хүн бүр л “Согтуу цагдаа айл дайрсан
хэрэг гарсан ш дээ. Тэр айл тэнд байгаа” гээд л зааж өгцгөөв.

Налайх руу ордог төв замын зүүн гар
талд байр­лах “Очир” үйлчилгээний төвийн дэргэдэх хүнсний дэлгүүртэй өнөөх дай­руул­сан
айл зэргэлдээ юм байна. Нүүрний хашаа гэсэн үг л дээ.

Тэднийхийг хайж ядаад байх зүйл огт бай­сангүй. Хашааных нь нэг
хэсгийг шинэ банзаар нөхжээ. Хашаанд байсан хоёр гэрийн баруун та­лынх нь шинэ бүрээстэй,
бас шинэ хаалгатай харагдлаа. Гэрийн урдхан баахан эвдэрч хэмхэрсэн эд хогшил, хана,
хаалга ор, ширээний салж уна­сан хөл, шүүгээ­ний шур­гуулга харагда­на.

Гэрийн эзэн Д.Даваацэрэнтэй уулзлаа.

Хэрэг оройны долоон цагийн үед гарсан
байна. Д.Даваацэрэн, отгон хүүгээ дагуулаад нэг найзтай­гаа гэр рүүгээ орохоор хашааны
хаалгаа онгойлгоод хэд алхтал айхавтар дуу чимээ гараад явчи­хаж. Юу болов гээд
эргээд харвал нэг машин хашааг нь дайраад хэцний бүдүүн модон шонг хуга мөргөөд
золтой л тэднийг дайр­чи­хаагүй байна. Бүгд хажуу тийш үсэрцгээж, отгон хүү нь энэ
үед хол шидэгдсэн гэнэ. Асар хурдтай явсан машин тэр чигээрээ явсаар гэрийнх нь
хаалган тус газар мөргөж, нэвт цааш орсноо гэрийн баруун талаар гарч ирээд хажуу
айлынх нь хаалганы харалдаа очоод зогсчээ.

Д.Даваацэрэн гэрт байсан 17 настай
охиноо яасан бол гээд отгон хүүгээ ч харах сөхөөгүй хугарч, эвдрээд сүйдчихсэн хаалга
гэж хэлэхийн аргагүй үйрсэн юман доогуур шургаад оржээ. Охин нь осол болох үед зурагт
үзэж байжээ. Хажууд нь байсан өндөр хөргөгч түүнийг дарчихсан байж. Аав нь хөргөгчийг
холдуулаад охиноо гаргаж авсан байна. Өрхийн тэр­гүүн юу болоод өнгөрснийг ухаарах
сөхөөгүй цочролд орчихсон зогс­тол хавь ойрынх нь хүмүүс цуглаж бөөн дуу шуугиан
болжээ.

Жолоо барьж явсан цагдаа машинаасаа
бууж ирээд шоконд орчихсон байдалтай, юм хэлж чадахгүй зогсч байжээ.

Д.Даваацэрэн “Хүйтний ам наашилсан
энэ үед гэр орноо сүйдлүүлсэндээ үнэхээр гомдолтой байна. Охин маань тархиндаа доргилт
авсан. Хүүгийн маань бие гайгүй болсон. О.Лувсандорж гэх тэр цагдаа тухайн өдөр
хүний машин барьж явсан юм билээ. Хойно нь гурван хүн сууж явсан. Машины эзэн хойно
нь сууж байсан гэсэн. Манай гэрийг дай­раад тэр чигээр хоймор руу явчих байсан юм
билээ. Харин машины эзэн хойноос нь гараа оруулж ирээд жолоог мушгиад баруун гар
тийш хүчтэй эргүүлж машиныг гэрээс гаргасан” гэлээ.

Ахлагч О.Лувсандоржийн ар гэрийнхэн
хохирогчидтой ирж уул­заад зах дагуулж гарч, гэрийн таван хана, хаалга, бүрээс,
хашаа­ны банз авч өгчээ.

Гэрийн эзэгтэй Д.Чинбат сур­гагч багш
бөгөөд хувиараа ажил эрхэлдэг нэгэн. Түүний нөхөр Д.Даваа­цэрэн саяхнаас уурхайд
ажиллаж эхэлсэн аж. Эднийх дөр­вөн хүүхэдтэй юм байна. Д.Чинбат Өндөрширээтэд сургагч
багшийн ажлаар явж байгаа бөгөөд түүнтэй утсаар холбогдсон юм. “Тэр цагдаа­гийн
ах дүү хамаатан садан бид­нийг дагуулж яваад гэрийн хана, хаалга авч өгөх гэж бөөн
хэл ам болсон. Манай гэрийн хана уг нь бургас байсан. Гэтэл тэд нар “Үнэтэйг нь
сонгох гээд байна” гээд уцаарласан. Тэгээд манайд ирчи­хээд “Та нар харин ч азтай.
Хэмхэр­чихсэн хог новшоо зуун хувь шинэч­лүүлчихлээ” гэж тавласан. Бид өнөөдөр эрүүл
мэнд, сэтгэл санаа­гаа­раа хохирчихоод байна. Тэр цагдаад “Бидний хохирлыг бараг­дуул­чих.
Чамтай өөр юм ярихгүй гэсэн. Өөр түүнээс юу ч гуйгаагүй” хэмээлээ.

Хэргийн гэрчүүд “Машины араас гурван
хүн бууж ирээд хоёр нь согтуу цагдаагийн мөрдэсийг нь хуу татаад, дүрэмт хувцсыг
нь хуйлаад далд хийчихсэн” гэж ярь­жээ. Мөн хэрэг гарах үеэр замын хажууд зогсч
байсан хөлсний тэрэг­ний жолооч нар “Нэг машин маш хурдтай давхиж ирээд айлын хашаа
руу орчихсон. Бид юу вэ, онгоц шиг л нэг юм шунгинаад өнгөрчихлөө гээд араас нь
очсон” гэлээ.

Хэргийн газар дээр дуудлагаар ирсэн
цагдаа нар “Хэргийн газарт шинжээч ирж үнэлгээ хийнэ. Гэр рүү битгий ойрт” гэжээ.
Тэр шөнөө шинжээчийг нь хүлээгээд гадаанаа хоножээ. Намрын сэрүү хэдийнэ ороод,
голын ус зайрмагтдаг бол­сон энэ үед эднийхэн гурав хоно­гийн турш шинжээчийг хүлээгээд
гэрийнхээ гадна амьдарчээ.

Д.Чинбат “Бид боломжийн амьд­ралтай
хүмүүс байсан бол хүүхдүүдээ эмнэлгийн бүрэн шин­жил­гээнд хамруулж, томографийн
зураг авахуулчих л байсан. О.Лувсандорж уг нь бидэнтэй хол­бог­дож хохирол барагдуулна
гэсэн чинь чимээгүй болчихлоо. Утас руу нь залгахаар “Ямар ч мөнгө байхгүй. Эхлээд
тэр машины хохирлыг барагдуулаадахъя” гэдэг болсон. Машины эзэн нь өдөр шөнөгүй
дагаж яваад машинаа засуулсан гэсэн. Би тэгж явах завтай хүн биш болохоор ингээд
хохироод явж байна. Тангараг өргөсөн цагдаа нь ингэж байгаа юм чинь одоо энэ нийгэм
юу болж хувирах вэ. Уг нь тэр цагдаа залуухан л хүүхэд шиг байсан юм” гээд “Охин
маань осол болсноос хойш хэд хоног цочро­лын байдалд байж, хүчтэй халуур­сан. Охин
энэ жил оюутан болсон болохоор сая даваа гаригаас хичээлдээ явж эхэлсэн. Төрийнхөө
цагдаагаар амар амгалан байсан гал голомтоо сүйтгүүлэн, гэр орноо яйруулж хүүхдүүдийнхээ
эрүүл мэндээр хохирчихоод байгаадаа маш их гомдож байна” гэж ярилаа.

Ахлагч О.Лувсандорж нь Налайх дүүргийн
цагдаагийн хэлт­сийн хэв журмын цагдаа юм байна. Тухайн өдөр хүний машин барьж явжээ.
Хэргийн газарт ирсэн цагдаа түүний согтолтын зэргийг үзээд хохирогчдод “О.Лувсандорж
1.35 хувийн согтолттой байна” гэжээ. 

Д.Чинбат хэрэг болсны дараа 30-40
минутын хойно гэртээ ирээд маш их цочирдсон байна. Гэрийн­хэн нь байгалийн гамшигт
өртчих­сөн юм шиг л байдалтай, айдастай нүдээр угтжээ. Тэрээр цагдаагийн хэлтэст
2-3 цагийн дараа очоод “Одоо миний нүдэн дээр тэр цаг­даа­гийнхаа согтолтын зэргийг
тогтоо. Дахиж үлээлгэ” гэсээр бай­гаа шалгуултал 1.84 хувийн согтолттой гарчээ.

Хохирсон гэр бүлийнхэн “Цаг­даа цагдаагийнхаа
төлөө л ажил­ла­даг юм билээ. Биднийг хамгаа­лахын төлөө юу ч хийгээгүй хэрнээ тэр
цагдаагаа өмгөөлсөн өнгө аястай үгс хэлцгээж “Бид ажлаа хийж байна. Бидний ажлыг
битгий заа гэж зандарсан” хэмээн халаг­лаж сууна. Гэрийн эзэгтэй “Би ээж, эхнэр
хүний хувиар хагалуулсан аяга, тавагнаасаа эхлүүлээд эд хогшлынхоо хохирлыг барагдуул­на
гэсэн бол болох л байх. Гэхдээ охины минь эрүүл 
мэнд юу юунаас илүү чухал байна. Хэрэг болсны дараа эмнэлэгт охиныг минь
хүргээд тариа хийгээд хоёр цагийн дараа л гаргачихсан” гэв.

Отгон хүү нь ослын улмаас өвдөгтөө
гэмтэл авчээ. Эмч нар “Өвдөгнийх нь зөөлөн эд гэмтсэн” гэж онош тогтоосон байна.
Хүү хэд хоног доголж байгаад “Одоо гайгүй болчихлоо. Тэгж байгаад өөрөө эдгэчих
байх” гээд сургуульдаа явж эхэлсэн гэнэ.

Гэрийн гадаа баахан эвдэрсэн эд хогшил
харагдана. Ширээ, шүүгээ, ор нь эвдэрчихэж. Хүүхдүүд орныхоо матрасан дээр унтаж
байгаа гэнэ.

Осол болсноос хойш хүүхдүүд оройн
цагаар их түгшүүртэй байдалтай байдаг болж. Төв замаар бүдүүн яндантай машин юм
уу, машины хүчтэй хаазлах дуу сонсохоор л бүгд огло харайгаад босч дэрсэнд хярсан
туулай шиг л хавь орчныхоо чимээг чагнаж айдаст автдаг болсонд аав нь их харамсч
байлаа.

Энэ хэргийн талаар Налайх дүүргийн
цагдаагийн жижүүрт гарч байгаа цагдаагаас тодруулах гэсэн боловч ганц ч үг унагасангүй.
Асууж, лавладаг газраас нь асуу гэхээс өөр юу ч хэлсэнгүй. Цагдаа нар “Тийм хэрэг
болсон юм уу. Сонсоогүй юм байна” гэцгээж байлаа.

Энэ хэргийг Улсын ерөнхий прокурорын
дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байгаа аж. О.Лувсандоржтой утсаар холбогдож
“Тэр өдөр юу болсон юм бэ. Та тийм их согтуу байсан юм уу” гэж асуувал “Надад ярих
боломж алга. Прокурор дээр байцаалт өгч байна” гэлээ.

Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Эдийн засаг сэргэх нь

Сүүлийн үед
хөрөнгө оруулалт буурлаа, эдийн засаг хэцүүдлээ, нүүрсний  үнэ шалдаа уналаа, төгрөг суларлаа  гэх мэт таагүй мэдээлэл шил дарж байгаа.
Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн үйл явдал, шийдвэр гаргагчдын байр суурийг
анзаарахад тун удахгүй эдийн засгийн  гэгээтэй мэдээллүүд урсаж мэдэхээр байна. Одоо
хуралдаж байгаа ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй  асуудлуудыг 
тоймлоод харвал бүгд л эдийн засгийн 
чигийнх. Урсгал нь саарсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрч нь
суларсан эдийн  засгийн  өсөлтийг эерэг дүр зурагтай харагдуулах  хуулийн төслүүдийг хууль тогтоогчид хэлэлцээд
эхэлчихлээ.

 Эдийн засгаа сайжруулахад анхаарсан
хуралдаанууд сүүлийн өдрүүдэд үргэлжилж байна гэхэд болно. Ээлжит бус
чуулганаар хэлэлцэхээр товлож, хэлэлцүүлгийг нь эхэлсэн анхаарал татсан хуулийн
төслийн  нэг нь Хөрөнгө оруулалтын тухай
шинэ хуулийн төсөл. Хөрөнгө оруулалтыг хамгаалах агуулгатай энэ хуульд мөнгөө
Монголд оруулахыг сонирхож буй бизнесмэнүүдэд таалагдахаар хэд хэдэн заалтыг  тусгаад 
байгаа. Энэ хууль батлагдсаны дараа хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдад төр
зөвшөөрөл өгнө гэсэн ойлголт алга болно. Монголд   хөрөнгөө оруулах гэсэн хувийн хөрөнгө  оруулалттай ямар ч компанийг бүртгээд л  болоо. Өмнөх хуулийн хөрөнгө оруулагчдыг
хамгийн их үргээсэн заалтыг УИХ ингэж  засаж байна. Төрийн өмчийн компаниудын хувьд төрөөс
зөвшөөрөл авах гэсэн босго бий. Гэхдээ оруулсан хөрөнгөнийх нь хэмжээгээр
тогтвортой байдал амлах хугацаа хувийн хэвшлийнхэнтэй адил. Монголын эдийн
засагт оруулах   мөнгө ихсэх хэрээр Монголын
төрийн тогтвортой байдал  амлах  хугацаа уртсах заалтыг багтаасан энэ хуулийг хөрөнгө
оруулалтыг татах том боломж гэж шинжээчид харж байна.

Монгол банкинд
тушаадаг алтыг бараг л  алга болгосон нэг
хууль бий. Уншихад ухаанд буухааргүй олон үгнээс бүрдсэн нэртэй учраас Урт
нэртэй гээд товчилчихсон.  Тэр нэрээр
нь  хүмүүс  мэддэг нэг хууль хэрэгждэггүй хуулийн тоог
нэгээр нэмсэн.  Гэтэл энэ хууль
батлагдсаны дараа Төв банкинд ирэхээ больсон алтыг дэлхий  валют гэж ойлгодог. Валют ихтэй улс хүчирхэг
гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрдөг.  Дэлхийн
улс орнууд   энэ чигийг барьж, энэ жишгээр урагшилж яваа. Япон,
Хятад улсууд дэлхийн толгой улсын тэргүүнд яваад байдгийн бас нэг шалтгаан нь бусдаасаа
их алт авдарлаж  чадсаных. УИХ ийм
зорилгоор урт нэртэй хуулиа эргэж харъя, зөвшөөрлийг нь хураагаад авчихсан
компаниудаас хариуцлагатай ажиллаж байгаагийнх нь зөвшөөрлийг буцааж өгье гэж байгаа.
Эдийн засгаа   дэмжсэн бас л нэг том
алхам.  

“Энэ хуулиуд
гарлаа ч Ашигт  малтмалын хууль яаж
шинэчлэгдэх нь тодорхойгүй учраас бид хөрөнгөө хийнэ гэсэн шийдвэрийг шууд
гаргахгүй” гэж уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид эргэлзэж байсан. Тэгвэл
тэдний эргэлзээг тайлсан мэдэгдлийг Уул уурхайн яамны зүгээс удаа дараа хийгээд
байгаа. Тэд Ашигт  малтмалын хуулинд  бүрэн шинэлчлэл  хийхийг яарахгүй, өөрчлөлт хийх маягаар л гар
хүрнэ гэж мэдэгдсэн. Тэгэхээр ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа төслүүд
батлагдчихвал  эдийн засаг сэргэх нь
бараг л тодорхой байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Эдийн засгийг стратегийн хэмжээнд онцолсон айлчлал

Япончуудад нэг онц­лог чанар бий.
Тэд бод­соныхоо дараа хийдэг улс. Тэгвэл хэлэхээсээ өмнө бодож,  бодсоныхоо 
дараа хийдэг япончууд бидэнтэй илүү өндөр түв­шинд харилцахаар шийд­жээ.
Хоёр орон иж бүрэн түншлэлээс стра­тегийн түншлэлийн ха­рилцаа руу шилжиж бай­гаа
нь өнгөрсөн өдрүүдэд Япон улсад айлчилсан Ерөнхий сайд Н.Алтан­хуягийн айлчлалын
гол үр дүн байлаа. Хоёр орны Ерөнхий сайд нар Мон­гол, Японы стра­тегийн түншлэлийн
дунд хуга­цаа­ны хөтөлбөрийг үзэг­лэсэн юм. Иж бүрэн түнш­лэл гэдэг нь эн­гий­нээр
бол бүх салбарт харил­цаагаа жигд хөг­жүү­лэх. Танилцах мая­гийн, ха­рилцааны эхний
жилүү­дэд ямар ч улс ор­нуудад байдаг шат гээд ойлго­чихож болно. Харин стра­тегийн
түншлэл бол өөр. Цөөхөн хэдэн улстай то­дор­хой салбаруудыг он­цолж байгаад ажил
хэрэгч, бодитой харилцаа өрнүүлнэ гэсэн үг. Япон Улс хориод улстай стра­тегийн түвшинд
түншил­дэг.

Харин манай хувьд дөрөв ор­чим  оронтой энэ түвшинд  харилц­даг. 
Дунд хугацааны гэдэг нь таван жилийн хугацаанд яг ямар харил­цаа өрнүүлэхээ
цаасан дээр буул­гаад гүйцэтгэх засаглалын тэр­гүү­нүүд нь гарын үсгээ зурж батал­чихаж
байна гэсэн үг. Энэ хөтөл­бөрт улс төр, эдийн засаг, хүмүүн­лэгийн гэсэн гурван
салбарт ингэж тэгж хам­тарна гэсэн заалтуудыг багтаасан.

Улс төрийн харилцаан дээр гэхэд манай
улс Японы сонирхлоо хандуулсан улсуудын нэг. Жишээ нь Хятад, Хойд Солонгостой ма­найх
гайгүй харилцаатай. Харин Японы хувьд эдгээр улстай харил­цаа сайнгүй байгаа. Манайхаар
дамжиж энэ хоёр том улстай харил­цах сонирхол, хэрэгцээ Япон Ул­сад бий. Зарим асуудлаар
хоорон­доо зохицолдсон бодлого явуулах зэрэг заалтууд хэлэлцээрт багтаад байгаа
юм. Хоёр орны хооронд итгэмжилсэн харилцааг шат ша­тан­­даа бий болгох нь улс төрийн
харилцааны голлох нуруу байна гэсэн агуулгатай заалт хэлэлцээрт тусаад байна.

Эдийн засгийн агуулгатай хэд хэдэн
заалт энэ хэлэлцээнд багт­сан гэж Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх онцолж байв.
Өөрөөр хэлбэл хөтөлбөрт онцол­сон заалтуудын хамгийн сонир­хол­той нь эдийн засаг  байсан юм. Өмнө нь бид арлын орон руу юм гуйж
очдог байсан бол энэ удаагийн айлчлалаас харилцан ашигтай хамтын ажиллагаа, бие
биеэ нөх­сөн түншлэл гэсэн үгс содон сон­согдож байлаа. Хэлэлцээрт туссан анхаарал
татахаар зарчмуудын нэг нь энэ. Монгол гэдэг улс Японы хувьд бизнесийн түншийн хэм­жээнд
хүрсэн нь “Суми­тома Мицүй”, “Мицүбиши”, “Марубени” зэрэг томоохон груп­пуудын ерөн­хийлөгч  нарыг Ерөн­хий сайдад ээлжлэн бараалхсанаас харчихаж
болохоор. Японд мөнгө нь  байна, бидэнд газрын
баялаг, хүн хүч байна, нийлүүлбэл хэн хэндээ ашигтай гэсэн дүгнэлтийг айлч­лалын
үеэр өрнөсөн яриа хэлэл­цээ­рүүдээс анзаарч болохоор байлаа.

Тавдугаар цахилгаан станц, Дарханы
газрын тосны үйлдвэр, Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудал зэрэг том төслүүд
дээр Японы толгой бизнесүүд гол орол­цоотой ажиллаж байгаа. Айлч­лалын үеэр гэхэд
л “Бэрэн” групп “Марубени”-тай гангийн үйлд­вэр байгуулах чиглэлээр гэрээ зурсан.
Гэрээнд гарын үсэг зурс­наар “Марубени”-гийн технологийг оруу­лах гэж байгаа энэ
компанид хоёр улсын Засгийн газар хооронд нэгэнт жим нь гарчихаад байгаа экспортын
гэрээний шугам нээлт­тэй гэсэн үг. Экспортын гэрээний шугамыг УИХ баталчихаад байгаа
билээ. Хар үгээр бол Японы компа­нийн технологийг эх орондоо оруу­лах гэж байгаа
Монголын компани Японы Засгийн газраас хүү, хуга­цаагаараа дотоодын зах зээлтэй
харьцуулахааргүй таатай нөхцөл­тэй зээл авах боломж нь нээгд­чихсэн. “Бэрэн” шиг
Японы техник, техно­ло­гиор Монголдоо үйлд­вэр­лэл хөгжүүлэх сонирхолтой олон компанид
энэ боломж нээлттэй. Яг одоо гэхэд 80-100 сая ам.дол­ларын хөнгөлөлттэй зээл авах
боломж бүрдчихээд байна. Цаашдаа төс­лүүд ашигтай хэрэгжвэл хэдийг ч зээлж болно
гэсэн тохироо хоёр улсын дунд бий. Япончуудын хувьд төмөр замын технологи дээр хам­тарч
ажиллах сонирхол байгаа нь Ерөнхий сайдыг намынхаа бай­ранд хүлээж авсан Шинзо Абэгийн
ЛАН-ынхны тавьсан сана­лаас харагдаж байв. Түүхэндээ ганцхан удаа төрийн эрхийг
алдаж байсан, одоо бол парламентынхаа хоёр танхимд үнэмлэхүй олонх болж Засгийн
газрын эрх мэдлийг атга­сан ЛАН-ынхан анх удаа гадаад улсын Ерөнхий сайдыг намын
байрандаа урьж, лекцийг нь ан­хаа­ран сонссон нь цаанаа эдийн засгийг стратегийн
түвшинд харсан айлчлал гэдгийг нь баталж байлаа. ЛАН-ынхан өргөн, нарийн  хоёр өөр царигтай төмөр замаар шил­жүүлэн ачих
ямар ч тоног төхөө­рөмжгүйгээр саадгүй зорчих техно­логийг туршиж, бараг л үйлдвэр­лэлд
бэлэн болгосноо дуулгасан юм. Манай улсын хувьд өргөн, нарийн царигийн асуудлаа
өнөө хэр ший­дэж чадаагүй байгааг тэд бодолц­жээ.

Айлчлалын үеэр манай талаас гангийн
үйлдвэрээс гадна зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуу­дал дээр Японтой хамтрах сонирх­лоо
илэрхийлсэн. Мөн дөрөв, та­ван цахилгаан станц дээр хамтран ажиллах сонирхлоо албаны
түв­шинд дуулгасан нь айлчлалын үеэр тавьсан онцлох саналуудын нэг байлаа. Таван
толгой дээр хувь эзэмших хүсэлтэй явдаг Япон­чуудад манай талаас Таван тол­гойн
дэд бүтэц дээр хамтраач гэсэн санал тавиад ирлээ. Одоогоор Таван толгой дээр станц
барих компани, мөнгөө тийш нь хийх хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажил ид үргэлжилж
байгаа. Эхний шатанд шалгарсан компаниудын нэг нь Японых. Тэгэхээр Таван толгойн
цахилгаан станц дээр Японы оролцоо өндөр байж мэднэ.

Япончуудын гол оролцоотой байхаар
өөр нэг төсөл бол метро. Одоогоор Засгийн газраас  төслийг нарийвчлах ажлуудыг эхлүүлээд байгаа.
Айлчлалын үеэр  өрнөсөн яриа хэлээний онцлох
сэдвүүдийн нэг нь метро байсан. Манай талаас тавьсан өөр нэг зүйл  гэвэл мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх
чиглэлээр хамтарч ажиллая гэсэн санал байлаа. Хөдөө аж ахуй бүтээгдэхүүнийг олон
улсын стан­дартын дагуу боловсруулж эколо­гийн цэвэр бүтээгдэхүүн экспорт­лохын
тулд технологи дээр хамтраач гэсэн саналыг тавиад ирсэн гэсэн үг. Хөдөөгийнхөн рүү
хандсан “Шинэ сум”, хотынхон  руу хандсан
“Гудамж” төсөл дээр ч өрнөх аж­лууд айлчлалын үеэр хөндөгдсөн. Хамгийн наад захын
гэгээтэй жи­шээ гэхэд дүүргүүдтэй холбогдож Туул голын  дагуу баригдах хурдны зам байв.

Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалаас
анзаарагдсан өөр нэг шинэ өнцөг гэвэл төр бүхнийг шийдэхгүйгээр хувийн хэвшилдээ
итгэж, боломж олгож, шаардлага­тай тохиолдолд бодлогоор дэмж­дэг япон хандлага дээр
толгой дохисон явдал байв. Япон ханд­лага гэж онцолсон нь учиртай. Японы Засгийн
газар ямар нэг том төсөлд дэмжлэг үзүүлье гэвэл эхлээд том бизнесмэнүүдээ суд­луулахаар
явуул­даг, дараа нь нөгөөдүүлээ толгой дохивол компа­ниудаа дэмжиж оролцдог. Ерөнхий
сайдын хэлсэн үг, тавьсан санал  зэргээс харахад
манай улс энэ чиг рүү хүчтэй орж буй нь анзаарагд­сан.

Айлчлалын үеэр хөндөгдсөн бас нэг
асуудал нь визний хөнгө­лөлт байв. Манай улс 2009 онд япон­чуудыг визгүй болгосон.
Харин бид 2020 оны олимпийн үеэр Япон руу визгүй, үгүй юмаа гэхэд илүү хөнгөлөлттэй
нөхцөлөөр виз авч Токиог зорих магадлал өндөр байна. Учир нь айлчлалын үеэр хөндсөн
анхаа­рал татахаар асууд­луудын нэг энэ байсан. Монгол-Япон, Япон-Мон­голын парламен­тын
бүлгүүдийн хооронд гэхэд л айлчлалын үеэр ийм яриа өрнөсөн юм. Гэхдээ нэлээд нааштай
уур амьсгал дунд УИХ дахь Монгол-Японы бүлгийн дарга Д.Эрдэнэбат Японы парламентчидтай
уулзса­ны­хаа дараа энэ талаар онцолж байв. Ерөнхий сайд ч айлчлалын дараа сэтгүүлчидтэй
уулзахдаа “Бид  Японы талд монгол иргэдийн
визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг авч үзээч гэсэн саналыг тавьсан. Бүр хэтдээ
визгүй болгох ч боломжтой гэж байна. Түүнээс өмнө манай иргэдийн визийн нөх­цөлийг
хөнгөлөөч гэсэн санал тавилаа” хэмээн онцолж байсан. Япон Улс биднийг эдийн засаг
нь тэлсэн, хөгжсөн улс учраас харил­цан ашигтай хамтаръя гэдгээ ал­бан бичгээр баталгаажуулсан
гэж албаныхан онцол байлаа. Тэгэ­хээр хөгжил 
нь гайгүй,  эдийн засаг нь дажгүй улсын
тоонд баттай орчихвол визний асуудал 2020 оны олимпоос өмнө нааштай­гаар шийдэгдэх
боломжтой байж мэдэх л юм.

“Хас” банкны толгойд байдаг Тэнгэр
санхүүгийн нэгдлийн 16 хувийн хувьцааг Японы компани авсан,  Японы “Мицүбиши” манай ураны хоёр ч том орд дээр
үйл ажиллагаа явуулдаг “Арево Мон­гол”-ын 34 хувийг эзэмшдэг, шилдэг банкнуудын
нэгд багтдаг “Сумито­мо Мицүй” Улаанбаатарт төлөө­лөг­чийн газраа нээсэн гэж ирээд  яривал хоёр улсын хооронд эдийн засгийн харилцааны
том   суурь аль эрт тавигдчихсан. Ерөн­хий
сайдын айлчлалын дараа илүү тодорхой ажлууд хийгдэж, том төс­лүүд хэрэг­жихээр байгаа.
Наад  захын үр дүн гэхэд Хөгжлийн  банк тун удахгүй Засгийн газрын батал­гаатайгаар
иенийн зах дээр дараа­гийн томоо­хон бондоо босгох  гэж байна. Манай сонин дараагийн дугаартаа  самурай бондын талаар   дэлгэрэн­гүй мэдээллийг хүргэх болно.

Үргэлжлэл
бий

  Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хадгаламж зээлийн хоршоодын битүүмжлэгдсэн эд хөрөнгө хаачив?

Түрүүч нь ¹222(4549), 
¹223 (4550)
дугаарт

Хууль зүйн сайд Х.Тэ­мүү­жин­­гийн
тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэт­гэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээ­лийн хор­шоодын
төлбөр бараг­дуулах ажлын албаны үйл ажиллагаанд шал­галт хийх, цаашид авах арга
хэм­жээ­ний тухай санал боловс­руулах үүрэгтэй Ажлын хэсэг бай­гуулагдаад ажиллаж
буй. Энэ ажлын хэсэгт Хууль зүйн яам,  Шүү­хийн
шийд­вэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын мөрдөн бай­­цаах газар, Эрүүгийн цагдаа­гийн
газар, Шүү­хийн шинжил­гээний үндэс­ний хүрээ­лэн зэрэг хуулийн чигийн томоо­хон
газруудын тө­лөөлөл багтжээ.

Ажлын хэсгийн шал­гал­­тын явцад Хадгаламж
зээ­лийн хоршоодын төл­бөр бараг­дуулах ажлын алба­наас 2008-2011 онд зохион байгуулсан
хол­бог­дох дууд­лага ху­далдаанууд  хууль
бус байсны дээр хөрөн­гүү­дийг нэг байгууллагаас нөгөөд шил­жүү­лэхдээ дундаас нь
дутаа­сан олон хэрэг зөрчил гарс­ныг баримттайгаар нотолсон байна. Жишээ нь, Баянгол дүүр­гийн дөрөвдүгээр хорооны нутагт
байрлах “Баян-Өндөр инвест” ХХК-ийн “Плиснер” төвийн барилга, 203.914.600 төгрөгийн
үнэлгээтэй 7483 ширхэг хөдлөх хөрөнгийн хамт нийт 7484 ширхэг 1.369.639.600 төгрөгийн
эд хөрөнгийг 2008 оны тав­дугаар сарын 3-ны өдөр Цаг­даа­гийн ерөнхий газрын харь­яа
Улсын мөрдөн бай­цаах газраас хүлээн авч, 2445 ширхэг 104.365.568 төгрө­гийн эд
хөрөнгийг хүлээн аваагүй аж.

Гэтэл уг төвийн барилгыг албадан дуудлага
худалдаа­гаар Б.Золтуяа гэх хүн нэг тэрбум 600 гаруй сая төгрө­гөөр худалдан авч
өөрийн болгосныг хохирогчид эсэр­гүү­цэж байгаа юм. Учир нь энэ барилгын албадан
дуудлага худалдааны анхны үнийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамны хамтар­сан
Ажлын хэсэг 2.800.000.000 төгрөгөөр тогтоосон байжээ.

Мөн Баянзүрх дүүргийн Амгаланд байрлах
60400 мкв+40000 буюу 10 га газар, Баянгол 
дүүрэгт байрлах “Боса” төвийн дэргэд байр­лал­тай 254  м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, дутуу
баригдсан байр болон газ­рын хамт, “УБ Палас” барил­гын хажууд байрлах цогцол­бор,
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Россия” зоогийн газар, “Агч” агуула­хын
хөрөнгө, газар хэт доо­гуур үнэлгээгээр зарагдсан обьектуудын тоонд орж байна.

Хадгаламж, зээлийн хор­шоо­доос битүүмжилсэн
үйлд­вэр, эд хөрөнгө, газруудыг тухайн үед албадан дуудлага худалдаагаар худалдсан
Шийд­вэр гүйцэтгэх ажиллагаа хэр үнэн бодит болсныг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод
аудитын газар шин­жил­жээ. Үүгээр хадгаламж зээлийн зарим хоршооны үүсгэн байгуулагчдын
өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худал­дааны анхны болон дараа­гийн
үнийг тогтоохдоо Иргэ­ний хуулийн 177 дугаар зүй­лийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4, 43 дугаар зүйлийн 43.4-т заасныг
баримтлаагүй нь батлагджээ. Түүнчлэн аль нэг обьектыг дуудлага худал­даанд оруулахдаа
үнэлгээг нь зориулалтын байгуулла­гаар хийлгээгүй аж. Ганцхан компани Хөрөнгийн
үнэлгээ­ний төвөөр үйлчлүүлсэн байх жишээтэй.

Үл  хөдлөх 
хөрөнгийн  дуудлага худалдаа явуулах­даа
Шүүхийн  шийдвэр  гүй­цэт­гэх байгууллагын зарим шийдвэр гүйцэтгэгч
бүх мэдээл­лийг маш товчхон, гаргацгүй хөтөлдөг байжээ.  Үүгээр ч барахгүй ШШГ бай­гуул­лагаас шинжээч
томилох тухай шийдвэртээ ямар шин­жээ­чийг томилсон талаар  тодорхой этгээдийн нэр,  хаягийг бичдэггүй байсны зэрэгцээ, тэмдэглэлийг
гараар бичиж, зарим хэсгийг нь арилгагч буюу штрихээр дарж засварласан зэрэг зөрчил
илэрсэн байна. 

Нэг үгээр дуудлага худал­дааг зохион
байгуулах ажил­лагаа эхнээсээ л бүх зүйл нь бүдэг, стандартыг хангаагүй нөхцөлд
явагдаж байжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс
дууд­лага худалдаагаар зарагдсан хэд хэдэн обьектод үнэлгээ хийгээд Сонгинорхайрхан
дүүргийн 12 дугаар хороо, нэгдүгээр хороолол Энх­тай­ва­­ны өргөн чөлөө 95/2 А,
В, С блок, Баянгол дүүргийн хоёр­дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн урд байрлах
дөрвөн давхар үйл­чил­гээний зориулалттай “Плис­нер” төв, Баянзүрх дүүр­гийн 12
дугаар хороо Сөүл групп “Рояль Кастл” 103 дугаар байр 301 тоот зургаан өрөө орон
сууц гэсэн ийм гурван объектыг мэргэжлийн байгууллагаар дахин үнэлүү­лэх шаардла­гатайг
тогтоо­гоод байгаа юм. 

Харин Улсын мөрдөн бай­цаах газраас
хадгаламж зээлийн хоршоодын хохи­рогч­дын хохирлыг барагдуу­лах зорилгоор тус холбоо­ных­ныг
ял эдэлж байгаа хад­га­ламж зээлийн хоршоодын эзэдтэй уулзуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэт­гэх ерөнхий
газрын Тогтоол гүйцэтгэх газрын харьяа жирийн дэглэмтэй хорих 441 дүгээр ангид ял
эдэлж байгаа “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр,
“Баян-Өндөр сан” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч С.Самбалхүндэв, мөн
газрын харьяа Төв айм­гийн Баян сум дахь чанга дэглэмтэй хорих 415 дугаар ангид
ял эдэлж байгаа “Бүтээн байгуулалт, хөгжлийн сан” хадгаламж зээлийн хор­шооны үүсгэн
байгуулагч Т.Энхтөр, Булган аймаг  дахь онцгой
дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа “Бүтээн бай­гуу­лалт, хөгжлийн сан” хадга­ламж
зээлийн хор­шоо­ны үүсгэн байгуулагч Б.Баттөр нартай уулзуулжээ.

Уулзалтын үеэр Ж.Мэнд­баяр, С.Самбалхүндэв
нар мөрдөн байцаалт болон шүү­хийн шатанд бүртгэгдсэн эд хөрөнгө дутсан, Шүүхийн
шийд­вэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хад­га­ламж зээлийн хоршоодын төлбөр
барагдуулах алба нь хураагдсан эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доо­гуур
үнэгүйдүүлэн, дуудлага худалдаагаар танил талдаа зарж борлуулсан талаар гомдол ярьсан
аж.

Хадгаламж зээлийн хор­шоо­дын хохирогчдын
холбоо болон иргэд “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоо­ноос хураагдсан хөрөнгө
болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 36 дугаар байр­ны зоорийн давхарт байрлах
12 автомашины зог­соол, 32 дугаар байрны зоорийн давхарт байрлах 12 автомашины зогсоолыг
ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтай­ван, хадгалагч Э.Мэндбаяр нар бусдад түрээслүүлэн
ашиг олж завшсан,  Баянгол дүүргийн 16 дугаар
хороо “Боса” худалдааны төвийн дэргэдэх Орхоны 1-22-1 тоо­тод байрлах дутуу баригдсан
барилгыг ШШГЕГ-ын албан тушаалтан зарсан, “Баян-Өндөр сан” хадгаламж зээ­лийн хоршооны
битүүмжлэгд­сэн эд хөрөнгө болох Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах “Борнуур”
ХК-ийн хашаанд байсан 2000 ширхэг палкнаас ахлах шийд­вэр гүйцэтгэгч Р.Энхтайван,
шийдвэр гүйцэтгэгч Б.Бат­мөнх нар 726 ширхэг палкийг хувьдаа авч завшсан,Төв айм­­гийн
Борнуур сумын нутагт байрлах “Борнуур” ХК, “Даваанбулаг” ХК-ийн газар эзэмших захирамжуудыг
хууль бусаар хүчингүй бол­гож, бусдын нэр дээр шил­жүүл­сэн, шийдвэр гүйцэтгэгч
Б.Батмөнх нь “Борнуур” ХК-аас хураагдаж битүүмжлэгд­сэн эд зүйлийг “Хан борго­цой”
ХХК-ийн захирал Г.Түдэв­­доржид хариуцуулан өгөхдөө “Борнуур” ХК-ийн хуурамч гэрчилгээг
өгч, тамга хийлгүүлж ашиглуулсан, ШШГЕГ-ын ШГГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Туулхүү,
ахлах гүйцэтгэгч Н.Батсүх, шийдвэр гүйцэтгэгч Д.Оюунсүрэн нар “Глоб кредит” ХХК-ийн
захирал Ж.Энхбаярт шүүхийн шийд­вэ­рээр олгохоор шийдвэр­лэ­сэн 300.0 сая төгрөгөөс
шүүхийн шийдвэр гараагүй байхад нэр бүхий дөрвөн хүнд 50 сая төгрөгийг олгосон,
хадгаламж зээлийн хоршоо­доос хураагдсан 153 автома­шин одоо хэний дээр очсон, ямар
үнэтэй зарагдсан бол гэх 27 мэдээллийг Улсын мөрдөн байцаах газарт ирүүлж, шалгаж
өгөхийг хүссэн байна.

Тус газрынхан мэдээл­лүү­дийг нэг
бүрчлэн шалгаад ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтайван, шийдвэр гүй­цэт­­гэгч Б.Мөнхбат,
“Шинэ даваанбулаг” ХХК-ийн захи­рал С.Мөнхбат, Банк, хадга­ламж зээлийн хор­шоодын
төлбөр барагдуулах ажлын албаны дэд дарга Р.Буджав, шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтуяа
зэрэг хүмүүст холбогдох нийт долоон хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлчи­хээд
бай­гаа юм байна.

Хохирогчдын тэмцэл, зүтгэл ийн захаасаа
үр дүнд хүрч, тухайн үед төрийн тол­гойд байсан эрхмүүдийн гар хөл болсон эдгээр
нөх­дийг холбогдох газрууд нь шалгаж байгаад их ач холбог­дол өгч байна. Энэ хүмүүс
жинхэнэ захиалагчдынхаа нэрийг хэл­бэл, энэ хэрэг нийгэмд цочроо өгч, олон хүн шалгагдах
нь дамжиггүй.

Хохирогчид энэ удаагийн намрын чуулганаар
“Хохир­лыг эргэн төлөгдөх нөхцө­лөөр барагдуулах тухай” хуу­лийг хэлэлцэж, батлуулахад
хамгийн гол анхаарлаа хан­дуул­чихаад байна. Тэдний хувьд уг хууль батлагдаж, ирэх
оны төсөвт суулгабал олон жилийн тэмцэлд нь цэг тавьсан хэрэг болно гэцгээж байна. 

Хохирогчид “Бид мөнгө­ний төлөө тэмцээгүй.
Тэртэй тэргүй бид мөнгө, цаг, хугацаа эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирчихсон улсууд.
Хамгийн гол нь үнэн ялаасай. Бид МАХН-ыг төр барьж байх хугацаанд хүчтэй тэмцэл
хийж, батлахыг нь урж, төв байрных нь өмнө олон хоногоор өлсгөлөн зарласан нь цаагуураа
Ардчилсан засгийг гарч ирэхэд нэлээдгүй түлхэц болсон болов уу гэж боддог. Тиймээс
Шинэчлэ­лийн Засгийн газар бидний асуудалд шинэ өнцгөөс хан­даж, нааштай шийдэж
өгөх байх хэмээн залбирч байна”  гэцгээж байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Аминд хүрсэн “танец”

Саяхан хойд Солонгосын гурван бүжигчин
хүүхэн  тайзан дээр танец хийлээ. Социализмын
үед бүжгийг танец гэж хэлдэг байсан юм гэнэ лээ. Ээж маань ингэж ярьдаг юм. Эмээ,
өвөө ч ингэж хэлдэг байсан гэсэн. Тэр  гурван
хүүхний тайзан дээр хийсэн бүжиг манай DNN.MN сайт дээр  гараад удаж бай­гаа. Хүмүүс ч харсан байлгүй.
Хойд солонгосчуудын хувьд л үзэж харамгүй, нүүр улайл­гаж, нүдээ тагламаар “эротик”  бүжиг болсон байх.   Үнэндээ хойд Солонгос шиг хэт социа­лист орны
хувьд хагас нүцгэл­сэн хүүхнүүд олны өмнө тане­цалж, тэр нь дэлхий нийтээр цацагдаж
байгаа анхны тохиол­дол  биз.  Тийм учраас хэт эмзэглэн хүлээн авсан нь гарцаагүй.

Харин аль хэдийнэ ард­чил­лын замаар
туулаад ир­сэн, эрх чөлөөтэй, даяаршсан дэлхий нийтийн хувьд энэ бүжиг нь ердөө
бүжиг төдий зүйл байлаа.  Манайд бол дунд
сургуулийн битгий хэл цэцэрлэгийн хүүхдүүд ч энэ  дайны бүжиг хийчихдэг бол­сон цаг.  Богино банзал мэтийн хувцас бол бүжигчин байтугай
жирийн хүүхнүү­дийн өдөр тутмын өмсгөл болчихоод байна. Гэтэл  хойд Солонгосын гурван хүү­хэн хоёр талдаа оноотой
энгийн нэг богино банзал өмссөн харагдсан. Ядаж бай­хад сүүлийн үеийн хэллэгээр
“эмээ бандашка” өмсчихсөн юм. Тэгээд үе үе хөл, гуяа өргөх нь хойд солонгосчуудыг
нүдээ таглахад хүргэм ичмээр үйлдэл болсон бололтой. Тэд ийм “завхай зайдан” бүжиг
хийснээрээ хойд Солонгосын ард түмнийг  садар
самуунд уруу татаж, муу муухай зүйлийг дэлгэрүүлсэн. Ёс суртахуунд харш юм хийлээ  хэмээн буруудаж цаазын ял сонслоо. 

Хөөрхийлөлтэй энэ бүс­гүй­чүүд уг
нь дэгүүрээ хүрэм өмсч, энгэр цээжээ битүүлсэн байна лээ. Сүүлд нэг нь дээ­гүүрх
хүрмээ тайлж шидсэн нь  нүцгэлсэн гэдэг ялд
унах шиг болсон. Энүүхнийг нүцгэлсэн гэж үзвэл манайхаас эхлээд дэлхийн хотуудын  шөнийн цэнгээний газруудын тайчих үзүүлбэр юу
болж хувирах бол. Ардчилсан Монгол Улсад лав юу ч биш. Харин БНХАУ, БНАСАУ зэргийн
улсуудад  байж боломгүй зүйл. Үүнийг л социализм
гээд байгаа юм.

“Эмээ бандашка”-тай бүжиг­лэснийхээ  төлөө цааз­луулна гэдэг санаанд багтам­гүй аймшиг.  Энэ хорвоо ертөнц дээр хүн төрлийг олно гэдэг  зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтохтой адил
гэлцдэг. Ийм хувь тохиолоор ганц олдсон амьдралаа бусдын эрхшээлээр орхих нь даанч
харуусалтай.  Гэвч социализмын үед ийм л байсан
гэнэ лээ. Санал ний­лэх­гүй  болгоны толгойг
цавч­даг. Үзэл бодлоо хэлсэн бүхэн эсэргүү, дайсан болж явсан тухай  өнгөрсөн түүх өгүүлдэг. Өдгөө социализмыг диваажин
байсан мэтээр үгүйлэн санаж, эргэн сэргээх нь зүйтэй хэмээн ярьдаг мон­гол­чууд
цөөнгүй.  Социалист хэвээрээ үлдсэн хойд Солон­госын  дээрх жишээ энэ хүмүүст нэгийг бодогдуулах биз
ээ.

Яагаад   социалист нийгэм шиг сайхан зүйл байгаагүй тухай
тэд байнга ярина вэ. “Социализмын үед бүх зүйл эмх цэгцтэй, жин тан. Улс орон хөгжиж
байсан  гэдэг нь бодит үнэн мөн үү. “Социа­лизмын
үед одоогийнх шиг сэтгэл сэрт хийлгэм, хэрцгий гэмт хэрэг  гардаггүй байлаа”  хэмээн социализмыг шүтэн бишрэгчид одоо ч  ярьдаг. Харамсалтай нь тэр үед гэмт хэрэг гардаггүйдээ
биш.  Юу ч болж байсан нууж чаддаг, бодит
муу муухайг хүчээр сайн сайхан болгон хараг­дуулж,  ард түмнээ хуурд­аг байсныг  хүмүүс мэддэггүйдээ ингэж ярьдаг юм болов уу. 

Ямартай ч үзэл бодол нийлэхгүй, үг
сөрсөн хэн бүхний үсийг нь огтолж, өмдийг нь тайрдаг үе манайд байсан. Энэ нь даамжраад
социализм  улам хөгжсөн бол  Монгол Улс одоогийн БНАСАУ болж хувирах бай­лаа.
Үсийг нь огтолж, өмдийг нь тайрдаг байсан үеэсээ бид нэг л шат ахивал үг дуугүй
толгойгоо цавчуулдаг болох байв. Болоод байх ч юу бай­хав. Бараг энэ үеийг туулаад
гарсан даа. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр гэм зэмгүй хэдэн мянган хүнийг лам, хар
гэлтгүй буудан хороож, хүн овоолго босгож байсан нь социализмын тарьсан гай. 

Угаасаа социалист гэгдэж байсан орнуудын
харгис­лалын гашуун түүх өнөөдөр ч хүн төрөлхтнийг сэртхийлгэ­сээр байна. 1950-иад
онд Улаан Кхмер гэж өөрсдийгөө нэрлэдэг Камбожийн комму­нист нам Засгийн эрхийг
авч, хүн төрөлхтний түүхэнд хам­гийн харгис аллага үйлдэж, ард түмнээ амьдын тамд
яаж унагасан нь түүхэнд тод үлдсэн байдаг. Улаан кхмер­чүүд эмнэлэг, сургуулийг
тэр чигээр нь хорих газар болгон ашигладаг. Тэгж яривал  шоронг музей болгочихоод үзэгчдээс мөнгө хурааж
орло­го олдог байсан  хэрцгий түүх бий.

Манай урд хөрш Хятадын  тод жишээ байна.  Их удир­дагч Маогийн үед социализм жинхэнэ утгаараа
цэцэглэж, яргалал тамлал ямар байд­гийг энгийн иргэдэд яруу тодоор харуулж байсан
гэдэг.  Мао Зедун  бослого гаргасан тариачдыг тамлан зодож бай­­гааг
хараад хамгийн ихээр баясан бахархдаг нэгэн байж. Түүний эрхшээлд Хятад улсад социализм
ноёрхож байх үед ард түмэн нь алга дарам газар, аяга будаа илүү авсныхаа төлөө хядуулж,   санаанд ч оромгүй  хэрцгий 
тамлалыг амсдаг байсан гэлц­дэг. Мао үүнийг л социа­лизмын амин сүнс нь гэж
үзэж, улангассан алчуурчдад чанга дуугаар “Алах хэрэгтэй, алах шиг сайхан юм үгүй”
хэмээн хашгирч, урам зориг өгдөг байсан тухай 
хүн үнэмш­мээргүй  үүх түүх бичигдэн
үлдсэн байдаг.

Хүн бүхэнд эх орноосоо  урвагч хэмээх нэр хоч зүүгээд хөрөнгийг нь хурааж,
яргалж тарчлаасны эцэст   толгойг нь тасддаг.
Энэрч өршөөлөө гэхэд  давстай усанд живүүл­дэг.
Эсвэл  чулуугаар нүүлгэж,  амьдаар нь арьсыг нь өвчдөг хатуу цаг зөвхөн социализ­мын
үед байжээ.   Эх орноо­соо урвагчдын ар гэрт
адил­хан өршөөл үгүй. Нялх нярай хүүхдийг ч тасчин хаяж,  худагт шиддэг байсан  гашуун түүх 
социализмтай холбоотой. Одоо ч энэ харгислал социа­лист орнуудад байсаар
бай­гаа нь гунигтай. Ийм нийгмийг эргүүлэн авч ирэхийн тулд өнөөдөр социализмыг  маг­тан дуулагчид манайд ч бай­саар байна уу.

Энэ нь хувийн өмчийг үзэн ядаж, баялаг
хуримтлуулж, хөрөнгөтэй бологсдыг элд­вээр зүхэгсэд,  нийтийн өмч­тэй болохыг хүсэгсдээр илэрч байна.   Тэднийг социализ­мыг шүтэн бишрэгчид гэж үзэхээс
өөр арга алга. Ийм үзэл бодолтой хүн Монголд олон байна. Бүр заримдаа Засгийн газар
нь ч ийм сэдэл­тэй шийдвэрүүд гаргадаг болж. Баялаг бүтээгчдээ хараан зүхсэн,  хааж хавчсан бодлого хааяа төр засгаас цухалзах
болжээ. Энэ бол социалист нийгмээс тасарч үлдсэн гай яах аргагүй мөн. Тиймээс хувийн
хөрөнгийг үзэн ядах сэтгэлгээнээсээ бүрэн салж, капитализм руу­гаа эргэлт буцалтгүй
орвол яасан юм. Эс тэгвээс  нэг л мэдэхэд
бүсгүйчүүд нь тайзан дээр даашинзтай бүжиглэх эрхгүй болчихсон. Хөлийнхөө шилбийг
ил гаргасныхаа төлөө цаазлуулахдаа тулчих­сан явах вий. Тэр цагт  юун жагсаал цуглаан хийж, үг хэлж, үзэл бодлоо
ч илэрхий­лэх. Тэр тухай бодох ч хэрэг­гүй болно.  Эрх чөлөөний төлөө  жагсаж цугласан оюут­нуу­дыг танкаар дайрч, газар­тай
нь тэгшилсэн Хятад улсын түүхийг давтана. 
Үхсэн удирдагчийнхаа араас нулимс унагасангүй гээд ядар­сан иргэдээ цаазалдаг
хойд Солонгостой ижил болох вий.  Ийм болохгүйн
төлөө сонор сэрэмжтэй байц­гаая. Аав, ээжийн сайны жишээ болгож яриад байдаг социализм
гэдэг нь жинхэнэ­дээ энэ гэнэ лээ шүү.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ