Categories
редакцийн-нийтлэл

Л.Энх-Амгалан: Эрх ашгийн эрэмбэ дараалал байдаг бол Монголынх хамгийн түрүүнд байх ёстой

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан­тай ярилц­лаа.

-УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө. Харамсалтай нь ганц ч хууль
баталж чадсан­гүй. Уг чуулганд та ямар дүгнэлт өгөх вэ?

-Ээлжит бус чуулганы гол зорилго Монголын нийгэм, эдийн засагт
үүсээд буй өнөөгийн нөх­цөл байдалд үнэлэлт дүг­нэлт хийх, үүнээс гарах арга зам
нь юу байх вэ гэдгийг хүлээх байлаа. Уг чуулганы үеэр МАН-ын зүгээс са­нал тавьж
хур­лын дар­гын захирам­жаар гарга­сан ажлын хэс­гийн дүг­нэл­тийг сонсох шаардла­га
тавьсан. Энэ ажлын хэсэг Монгол Ул­сын га­даад, дотоод орчинд үүсээд буй нөхцөл
бай­далд дүн шинжилгээ хий­хээр байгуулагдсан юм. Угтаа ажлын хэсгийн дүг­нэлт тавдугаар
сард гар­чихсан. Тэрхүү дүгнэл­тийг тухайн цаг үед нь сонсчихсон бол өнөө­дөр үүсээд
буй нөхцөлөөс арай бага өртгөөр гарах бо­ломж байлаа. Үүнийг чуул­ган дээр бус Эдийн
засгийн байнгын хороон дээр сонсоод өнгөрч буй нь учир дутагдалтай бай­гаа юм.

Ээлжит бус чуулга­наар таван хуулийн төсөл өргөн барьсан. Эдгээр
хуулиудыг ярихын тулд төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бод­ло­гын бичиг баримтыг
гаргачихаад алт, зэс, нүүр­сэн дээр ямар бодло­го явуулахаа тодорхой болгочихсон
бол ард иргэд, УИХ-ын гишүүд, Засгийн газарт ч ойл­гомж­той байх байв. Гэтэл хоорондоо
уялдаагүй, зөв зохион байгуулалт төлөвлөгөөгүйгээр хийсэн байна. Хөгжлийн бодло­го­гүй
явж ирсний гай нь ингэж гарч ирж байгаа юм. Эдийн засгийн хямрал нөгөө талаасаа
том бо­ломж байдаг. Улс­ төрийн хоёр нам ойлгол­цох цаг болчихжээ. Эрх ашгийн эрэмбэ
дараалал гэж байдаг бол нэгдүгээрт улс орны эрх ашиг байх ёстой. Монгол Улсын эрх
ашгийн үүднээс бид ойл­голцох цаг нь болсон. Чуулганы нэг давуу нь цаашид зөвшилцлийн
хэлбэр рүү орох уур амьс­галыг бий болгож чадсан. Гэхдээ тодорхой хүлээсэн үр дүнд
энэ удаагийн ээл­жит бус чуулган хүрч чад­сангүй.

-Цаашид бид яах ёс­той вэ. Ниргэсэн хойноо хашгираад байгаа юм
биш үү?

-Асуудлуудыг дэс да­раа­тай шийдэх ёстой. Өнөөдөр Монголын ний­гэм,
эдийн засагт ямар нөхцөл бүрэлдчихээд бай­на. Үүнийг бид хямрал гэх үү, хүндрэл
гэж үзэх үү. Манай намынхны ярьж буйгаар энэ нь хямрал болж таараад байгаа. Харин
засаг барьж буй намынхны ярьж буйгаар хүндрэл гээд байна. Гэхдээ хямрал нь байна
уу, хүндрэл нь байна уу хамаа алга. Бид үүнээс гарахын тулд хамтдаа ажиллаж байна.
Хамгийн гол нь улс төржсөн байр суурийг барихгүй байгаа гэдгийг хэлье. Бидний цаана
ганцхан эрх ашиг байгаа тул нийгэм, эдийн засгийн нүдээр харж то­дорхой шийдэл гаргах
хэрэгтэй. Шийдэл гар­гахын тулд бодлогуудаа тодорхойлох шаардла­га­тай. Бодлогуудаа
үе шат­тай авч хэрэгжүүлэн, УИХ юу хийх вэ, Засгийн газар юу хийх вэ гэдэг нь тодор­хой
байх хэрэгтэй юм. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед УИХ улс оронд үүссэн
нөхцөл байдлын талаар УИХ-ын тогтоол, хэрэг­жүү­лэх ажлын төлөвлө­гөөг баталж байсан
прак­тик бий. Энэ нь тухайн үед бодитой үйл ажил­ла­гаа болж чадсан. Учир нь УИХ-ын
тогтоол нь сайн гарч, Засгийн газарт өгсөн үүрэг чиглэл нь нарийн төлөвлөгөөний
дагуу явагдсан тул хям­ралаас бага өртгөөр гарсан. Ийм бодит турш­лага байхад үүнийгээ
бид авч хэрэгжүүлэх ёстой. Энэ хүрээндээ Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө
оруулалтын сан­гийн тухай хууль орж ирж байгаа бол бид батлаад явъя гэсэн байр суурьтай
байсан.

-Хөрөнгө оруулал­тын тухай хууль гадна, дотнынхны хамгийн том
хүлээлт байлаа. Үүн дээ­рээс хөрөнгө оруу­лагчдын итгэл сэр­гэх томоохон боломж
байв уу?

-Нийгэмд маш том хү­лээлт үүсчихээд байгаа. Хөрөнгө оруулалтын
ту­хай хууль сайн гарч чад­вал эдийн засгийн хям­ралаас гарах эхний гарц юм. Гадныхан
өнөөдөр Монголд хөрөнгө оруу­лах итгэл нь алдарчих­лаа гээд байгаа. Нэг жилийн дотор
1.8 тэрбум ам.дол­лартай тэнцэх хө­рөнгө оруулалт буурчих­сан. Хэрэв энэ мөнгө Мон­голд
орж ирсэн бол өнөөдрийн нөхцөл бай­дал өөр байх байлаа. Энэ мөнгөөр олон тооны ажлын
байр бий болгож, худалдан авалт хийгдсэн бол бид боломжоо ал­дах­гүй байсан. Одоо
ал­дагдсан боломжоо хэр­хэн олж авах вэ гэдэг нь Хөрөнгө оруулалтын тухай хууль
байсан. Уг хуулийг хүмүүс янз бү­рээр ярьж байгааг сонс­лоо. Зарим нь бүр лобби
хийгээд хэдэн том оли­гархи компанийн төлөө­лөл УИХ-аар батлуулах гээд байна. Жижиг,
дунд үйлд­вэрийнхнийгээ харж үзсэн­гүй гээд байна лээ. Үндэсний томоохон ком­па­ниудаа
дэмждэг бод­ло­го аль ч улс оронд байдаг зүйл. Өнөөдрийг хүртэл үндэсний томоо­хон
компаниудаа дэмжих төрийн бодлогогүй явж ирлээ. Харин жижиг, дунд үйлдвэрийг дэмжих
тухай хууль гээд баталсан. Уг хуулиар татварын хөнгө­лөлт чөлөөлөлт нь явж байгаа
юм. Хөрөнгө оруу­лалтын тухай хууль нь гадаадын, дотоодын гэж ялгаварлахаа больё,
оруул­­сан хөрөнгө оруу­лал­тын хэмжээнээсээ шалт­­гаалан хөрөнгө оруу­­­лалтын
тогтвортой байх хугацаагаа тодор­хойлъё, энэхүү хууль нь Хөрөнгө оруулалтын тухай
хууль мөн юм бол хөрөнгө оруулагчдаа тат­варын бус замаар яаж дэмжих эсэхийг тодор­хойл­сон
хууль болох бай­сан.

-Уг хуульд бол­гоомж­­лохоор зүйлс байна уу?

-Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдан гарснаар одоогийн хүчин
төгөлдөр байгаа хуулиу­даас хөрөнгө оруулалтын орчин нь дордож болох­гүй. Одоо хөрөнгө
оруу­лал­тын орчинг юугаар тогтворжуулж байна гэ­хээр уул уурхайн салбарт томоохон
хэмжээний хө­рөнгө оруулсан хүмүү­сийн хөрөнгө оруулалтын татварыг тогтворжуулж
өгч байна. Энэ бол ямар нэг татварын хөнгөлөлт биш. Гэтэл томоохон ком­па­ниуддаа
татварын хөн­гө­лөлт үзүүлээд жижиг, дунд компаниуддаа тат­ва­рын хөнгөлөлт өгөхгүй
байна гэсэн яриа гараад байгаа. Хөрөнгө оруу­лал­тын тухай хууль тат­варын хөнгөлөлт
өгдөг хууль биш юм. Харин тат­варын тогтворжуулалтын тухай хууль гэдгийг санах хэрэгтэй.
Том, жижиг хө­рөн­гө оруулагч аль алинд нь татварын тогтвортой байдал хамгийн чухал.

Гадаад, дотоодын хө­рөнгө оруулагчид Мон­голын татварыг өндөр
гэж хэлэхгүй байна. Хамгийн гол нь татварын орчин тогтворгүй байна гээд байгаа юм.
Олон улсын байгууллагуудаас хийсэн судалгаагаар манай хө­рөнгө оруулалтын бод­ло­го
тодорхой бус бай­гаагаас шалтгаалан хө­рөнгө оруулалтын орчин муудаад байна гэдгийг
хэлсэн. Уул уурхай эдийн засагт нь голлох үүрэгтэй 100 гаруй улс байдаг. Эдгээр
улсаас уул уур­хайн салбарт явуулж буй бодлого нь хурдан өөрч­лөгддөг, тогтворгүй
орчин­той улсын жагсаал­тад Монгол Улс 80 дугаар байрт орсон явна. Тэгсэн хэрнээ
уул уурхайгаа хөгжүүлнэ гээд байгаа, бодлого нь тодор­хой бус байгааг анхаарах хэрэг­тэй.
80 дугаар байрт явна гэдэг том дохио. Энэ нөх­цөл байдалд хөрөнгө оруу­лагчид ийм
дохио өгч байгаа тул үүнээс яаж гарах тухай ээлжит бус чуулганаар хэлэлцэх байсан.

-Засаг барьж буй нам бидний үгийг хү­лээж авахгүй байна гэсэн
гомдлын үгс та­най намаас гараад бай­гаа…

-Бидний үгийг хүлээж авч байна. Эдийн зас­гийн хямрал нүүрлэ­чих­лээ
гэдгийг тэд ойлгосон. Мөн төсөв хүндэрчихлээ, орлого буурчихлаа гээд төсвийн тодотголыг
оруулж ирнэ гэдгийг Ерөн­­хий сайд албан ёсоор мэдэгдчихлээ. Тий­мээс хүссэн хүсээгүй
бид­ний тавьсан шаардлага биелэлээ олж эхэлж бай­на гэж ойлгоод байгаа. Төсвийн
тодотголоо оруулж ирэх ёстой. Орлого нь 1.8 их наяд төгрөгөөр тасарчих­сан үүнийг
оруулж ирье гэж Ерөнхий сайд мэ­дэгд­сэн нь манай намаас тавьсан шаардлагуудыг үе
шат­тай­гаар авч байна гэж ойлгож байна. Эдийн зас­гийн хямрал гэдэг аль нэг намын
оноо цуглуу­лах асуудал биш. Хям­ра­лаас гарах нь ард түмний эрх ашиг байх ёстой.
Бид нэг завин дээр хөвж яваа. Тийм болохоор завиа хөмрүүлэх хүсэл хэнд ч байхгүй
биз.

-“Чингэс” бондын мөн­­гийг үр ашиггүй зар­цууллаа гээд байна.
Сая­­хан Ерөнхий сайд Японд айлчилснаар “Са­му­рай” бондын су­раг гараад эхэллээ.
Эд­гээр бондын асуу­дал дээр ямар байр суурь­тай байгаа вэ?

-Өр тодорхой хэмжээ­тэй байх ёстой. Түүнээс биш дааж давшгүй өрийн
дарамтад ард түм­нээ оруулж болохгүй. То­дорхой нөхцөлтэйгээр хэдэн жилийн дараа
эргэн төлөгдөх хүүтэй зээл авч байна гэсэн үг. Харин зээл, хөрөнгө оруу­лалт хоёр
тусдаа зүйл. Хөрөнгө оруулалт гэдэг нь төр ямар нэгэн эрсдэл хүлээдэггүй, гадаад,
до­тоодын хөрөнгө оруулаг­чид өөрсдийн хөрөнгөөр эрсдэл хийж баялаг бү­тээж байгаа.
Үүнийг дагаад олон ажлын байр бий болдог. Энэ бол хө­рөн­гө оруулалт. Хөрөнгө оруулалтыг
бид дэмжиж байх ёстой. Өрийн асууд­лыг бид болгоомжтой авч үзэх хэрэгтэй. Ирээ­дүйд
эдийн засагт ямар хүнд­рэл дагуулж ирэхийг бо­долцох нь зүй­тэй. Олдсон бүгдийг
нь зээлээр аваад байж бо­лохгүй. Олон улсын бай­гууллагуудаас манай зээл­жих зэрэглэ­лийг
буу­руулаад байна. Энэ нь “Монгол итгэл хүлээх нөхөр биш байна шүү” гэдгийг хэлээд
бай­гаа юм. Хуучин бидэнд бага хувийн хүүтэй зээл өгөх боломж байсан бол цааш­даа
Монгол Улсын улс төрийн эрсдэл нь өндөр байгаа тул зээл олговол өндөр хүүтэй зээл
олгоно гэдэг ч юм уу иймэрхүү сануулгыг өгөөд байна гэсэн үг. Төс­вийн тогтвортой
байдлын тухай хуулиар ДНБ-д эзлэх өрийн хэмжээ гэж байх ёстой. Үүнээсээ давж болохгүй.

-“Урт” нэртэй хуу­лийг хэлэлцэ­хээр бол­сон. Мөн бусад хуулиуд
дээр ямар байр суурь­тай бай­на вэ?

-“Урт” нэртэй хуулийн үзэл санаа нь зөв. Тийм болохоор бид дэмжиж
байгаа. Манайд ямар нэ­гэн хууль гарахад орчноо тогтворгүй болго­чихдог. Өнөөдөр
уул уурхайн салбарт үүсээд буй энэ нөхцөл байдлаас эрт орой хамаа­гүй хэзээ нэгэн
цагт гарах ёстой. Энэ тал дээр гарц хэрэг­тэй. Төрийн санаачилга байх ёстой. Ард
нь олон зуун компани, хүмүүсийн эрх ашиг бай­гаа тул төр үүнийгээ эргэж харах зүйтэй
гэж бодож байна. Хувийн хэвшлийн сал­баруу­­даа байлгаад байж болохгүй. Үндсэн­дээ
600 тэрбум төгрөгийн нөхөн олговрын асуудал гарч ирлээ. Төрийн мөнгө гэдэг татвар
төлөгчдийн мөнгө байдаг. Татвар төлөгч­дийн мөнгөөр тэр нөхөн олговрыг олгож болох­гүй.
Хууль гарахаас өмнө ямар нөхцөл байдал бай­сан. Хууль гараад ямар нөхцөл бий болсныг
дүн шинжилгээ хийгээд то­дор­хой шийдлүүдийг аль аль нь авч гарч ирэх ёстой юм.

-Эдийн засаг хямра­хад нөлөөлсөн гол хү­чин зүйлс дээр та ямар
бодолтой явдаг бэ?

-Хөгжлийн бодлого­гүй явсан нь эдийн засаг хямрахад нөлөөлсөн
нэг хүчин зүйл. Дунд болон урт хугацаанд монгол­чууд тохиролцоод хөгж­лийн бодлогоо
тодор­хойл­сон бол хямралаас аятайхан гарчих байсан. Улс төрийн зөвшилцөл байгаагүйн
улмаас хям­рал хүчээ авсан. 2012 оны сонгуулиар байгуу­лагд­сан УИХ дээр өнөөд­рийг
хүртэл зөвшилцье гэсэн хүсэл эрмэлзэл бай­сангүй. Засгийн газраас хөрөнгө оруулалтын
тал дээр авч явах бодлого тодорхой бус байлаа. Энэ гурван алдаа эдийн засгийг ийм
болгочих­лоо.

-Гадны хөрөнгө оруу­­лалт хэзээнээс сэр­гэх бол. Хугацааны хувьд
хэр удах бол?

-Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагд­са­ны маргаашнаас нь хөрөнгө
оруулалт орж ирнэ гэж байхгүй. Хүний итгэл олно гэдэг цаг хуга­цаа­ны асуудал. Буурсан
итгэлийг сэргээх асуудал бидэнд тулгараад байна. Хууль сайн гарч чадвал хөрөнгө
оруулалтын итгэл сэргэнэ. Өнөөдрийн баталж буй хууль алдах эрхгүй хууль гэж бодож
байна. Энэхүү хуулийг үндэсний зөвшилцлийн хэлбэрээр гаргавал үр дүнд хүрэх болно.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Хотын экс удирдлагуудын газар наймаалцсан хэргийг шалгаж эхэллээ

Олон жил яригдсан газрын наймаа, үүнийг
тойрсон авли­га, хээл хахуулийн асуудлыг Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт
хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж эхэлжээ. Энэ хэргийг санамсаргүй шалгаж эхлээгүй бөгөөд
холбогдох хүмүүсийг байцаагаад зургаа хонож байгаа сурагтай. Хууль бусаар олгогдсон
газрын асуудлыг цэгцлэхээр жилийн өмнөөс холбогдох байгуул­лагууд ажиллаж шат дараа­тай
арга хэмжээнүүдийг авч эхлэхэд нэлээд бэрхшээл тулгарч эхэлсэн байна. Эхлээд өнгөрсөн
гуравдугаар сард нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган хууль бусаар олгогдсон
газ­руудыг хурааж авахаар болж ажлыг гүйцэтгэхэд “АН-ынхан ард түмнийхээ өмчийг
булааж эхэллээ” гэсэн яриа гарч байсан. Энэхүү яриаг хууль бусаар газар авсан болоод
өгсөн хүмүүс гаргаж ийм байдлаар иргэдэд ойл­гуулсан гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаж
байна. Ингэж хууль бусаар олгосон газрыг цэгцлэх ажил нэг хэсэг гацсан ч нийслэлийн
Өмчийн харилцааны газар буюу хуу­чин Газрын албаны санхүү, тайлан тооцоо, баримт
сэл­тийг нягталж үзэхэд хотын экс удирдлагууд газрын наймааг нэг бус удаа хийж төрд
ихээ­хэн хэмжээний хохирол учруул­сан нь тогтоогджээ. Ийн Эрүүгийн цагдаагийн Эдийн
засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хэргийг шалгаж эхэлсэн нь энэ гэнэ.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Г.МӨНХБАЯР
НАРТ 240 УДААГИЙН ҮЙЛДЭЛТЭЙ ХАВТАСТ ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

Хотын мэр асан Г.Мөнх­баяр, НИТХ-ын
дарга Т.Билэгт зэрэг долоо, найман хүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд нийт
240 удаа­гийн үйлдэлтэй гэсэн тодотголтой хавтаст хэрэг үүсгэсэн сураг байна. Үүн
дээр нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Бат­баярын нэр ч нэмэгдэж бай­гаа
бололтой. Мөн нийс­лэ­лийн Газрын албаны дарга асан Ц.Сундуй, Газрын алба­ны дэд
дарга асан одоогийн Өмчийн харилцааны газрын Хуулийн хэлтсийн дарга Э.Ариун­гэрэл,
Үнэлгээ, төл­бө­рийн хэлтсийн дарга Д.Дашцэцэг гээд хэрэгт шууд холбогдох хүмүүсийн
нэрс эхнээсээ гарчээ.

Хэрэгт холбоотой хүмүү­сийн нэр үүгээр
тогтохгүй бөгөөд газар авсан компа­ниудын удирдлагуудыг ч албан тушаалтанд авлига
өгч төрд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн шалгаж эхлэх бололтой. Одоогийн
байдлаар газрын төлбөр хэлбэрээр төрд орох байсан 280 орчим тэрбум төгрөг хувь хүмүүсийн
халаас руу орсон гэж үзэж байгаа аж. Ийн Газрын албанд мөнгө орсон нэг ч баримт
үлдээгүй­гээс гадна Хотын мэр асан Г.Мөнхбаярын гарын үсэгтэй газар олгох захирамж
л архивт хадгалаастай байгаа юм байна. Тэрчлэн Барилга, хот байгуулалтын сайдын
тогтоосон газрын үнийг үндэс­­лэн дуудлага худалдаа, тендер, сонгон шалгаруулалт
явуулсан нэг ч баримт байдаг­гүй аж. Уг нь газрыг олон нийтэд нээлттэй хэлбэрээр
тендер зарлан олгох хууль­тай байдаг ч Г.Мөнхбаяр мэрийн үед энэ хууль нэг ч удаа
хэрэгжиж байгаагүйг эх сурвалж өгүүллээ. Төрд төл­бөр төлөлгүйгээр газрыг аж ахуйн
нэгж, иргэд үйлчил­гээний зориулалтаар өмчлөн авах эрхгүй бөгөөд тэд ажлаа гүйцэлдүүлэхийн
тулд арга сэдсэн байдгийг хэлэх хүмүүс байгаа юм. Тэдний сэдсэн арга нь төр, аж
ахуйн нэгжүүд хоршиж газар  эзэмших тухай
тогтоол гэж байгаа. Нэг үгээр хэлбэл нийслэлийн Засаг даргын Тамгын газар, газрыг
хувь хүмүүстэй хамтран эзэм­шигч болно гэсэн үг аж. Тэгэ­хээр аж ахуйн нэгжүүд газрын
төлбөр төлөх шаардлагагүй болох юм байна. Гэхдээ энэ зарчмаар өгсөн газрыг нь судалж
бичиг баримт барин, нэр зааж хөөцөлдөхөд нийс­лэ­лийн мэдэл огт байдаггүй бөгөөд
бүх газар  100 хувь аж ахуйн нэгжид шилжсэн
бай­даг бололтой. Бидэнд ирсэн мэдээллээр Хан-Уул дүүрэгт 160 хэсэгт ийм байдлаар
газар олгосныг тогтоогоод байгаа гэнэ. Ихэнхийг нь Нисэх, Яармагийн зам дагуу олгосон
бөгөөд томоохон компаниуд энэ хэсгийн газрыг Засаг дарга асан Г.Мөнхбая­раар захирамж
гаргуулан авчээ. Сонгинохайрхан дүүр­гийн 22-ын товчоо, Баянзүрх дүүргийн Баянзүрхийн
тов­чооны зам дагуу ч газар олгох захирамж гаргаж аж ахуйн нэгжүүдэд өгсөн нь тогтоогд­сон
байна. Мөн Богд уулын дархан цаазат бүсэд газар эзэмших эрх олгож, захирамж гаргасан
байж магадгүйг эх сурвалж өгүүлж байгаа юм. Тэд нэг удаагийн захирам­жаар доод тал
нь 10 га газар олгодог байж. Гэхдээ төрд нэг ч төгрөг оруулдаггүй байсан бөгөөд
төлбөрийг өөрсдөө авсан нь бараг тогтоогдоод байгаа гэнэ.

Өөрөөр хэлбэл нийслэ­лийн Засаг дарга
асан Г.Мөнх­баяр, НИТХ-ын дарга Т.Билэгт нар аж ахуйн нэгжид газар олгох захирамж
гаргаж Ц.Сундуй, Э.Ариунгэрэл, Д.Дашцэцэг гурав хэргийг гүйцэлдүүлж 240 удаагийн
захирамжаар 240 хэсэгт 2400 орчим га газар олгожээ. Ийн төлбөр болох 280 тэрбум
төгрөг нь Газрын албаны дансанд ороогүй бөгөөд хувьдаа завшсан гэж ярих хүмүүс байгаа.
Газрыг худал­даалахад тогтоосон хамгийн доод үнийг жишиг болгон тооцоход ийн
280 тэрбум болж байгаа гэсэн.

Энэ хэргийг дөрвөн жилийн хугацаанд
гүйцэл­дүүл­сэн бөгөөд хамгийн анх 2008 онд төр, аж ахуйн нэгж хамтран газар эзэмших
захи­рамж гарч байжээ. Ийнхүү 200 орчим аж ахуйн нэгж 280 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх
газрыг ямар ч төлбөр төлсөн баримтгүйгээр авчээ. Үүн дотор 100 сая, тэрбум төгрө­гийн
төлбөр төлөх ёстой байгууллага ч байгаа юм байна.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Алтайн нурууны цаадах гурван сумын нутгаар…

Ховд аймгийн Алтай сум

-НҮҮЖ ИРЭЭД УДААГҮЙ БАЙГАА АЛТАЙ СУМЫН БҮХ ЗҮЙЛ ШИНЭ-
   
Захчин ястнуудын эх өлгий нутаг Ховд
аймгийн Алтай сум. Гурван мянга хол давсан хүн амтай Алтай сум гурван жилийн өмнө
Хөх үзүүр гэх газраас Бодончийн хав­цалын баруун талын хавтгай Боом ам хэмээх газарт
нүүж ирээд бай­гаа юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн хэдэн жил Монгол Улсад буурь сэлгэн
нүүсэн сум Алтай сумаас өөр байхгүй. Бүр нүүхдээ 30 гаруй километр нүүсэн гэж байгаа.
Шинэ нутагт буугаад удаагүй байгаа Алтай сум хэрхэн төвхнөж байгаа, иргэдийн аж
амьдрал хэрхэн өрнөж байгааг сурвалжлахаар Булган сумаас Алтай сум руу хө­дөллөө.
Алтай сум Булган сумаас 90 гаруй километрийн зайтай ажээ. Урд талаараа БНХАУ-ын
хилээр заагладаг уг суманд биднийг очих үед хоёр айл нүүж ирж байгаа харагдлаа.
Чиргүүлтэй “Зил 130” машины тэвшин дээр хашаагаа ачаад портер маркийн ачааны машин
дээр гэрээ ачсан байв. Харин нөгөө айл нь Ярантын боом­тоор хил давах гэж байсан  “Хово” маркийн ачааны машинаар бай­шин, хашааныхаа
банзыг ачаад, дээр нь гэрээ овоолоод ачсан байгаа харагдав. Дээрх хоёр айлын нүүдэлтэй
Ховд аймгийн Цэцэг суманд үйл ажиллагаа явуулж байгаад түр зогсолт хийгээд буй Хөшөөтийн
уурхайн засмал замаас хойшоо Алтай сум руу салах гэж байхад нь таарсан юм. Алтай
сумын иргэн Баяржаргал, Мөнхсайхан гэх хоёр айл хуучин сумынхаа туурин дээрээс нүүж
ирж байгаа нь энэ аж. Тэдэнтэй мэнд мэдэлцээд, сум орон нутгийн талаар хөөрөлдлөө.
Мөнхсайхан гэх 40 орчим насны залуу “Боомна аманд манаа сумнаахан нам нүүж ирчкээд
байтал мануус шинэ ир­жайнай. Сумнаан өврийн гудам­жинд газар өгч байниш. Тэнд нам
буудаг санаатаал. Сумнаас зааж өгсөн тэр газар нь нам сургууль, Засаг дарганаан
тамгаан газраас ойрхон санж л. Көк үзүүр гээд хуучин сумна ор газраасаа нүүеэ гэсэн
чинь  манай кокшин аав нүүх гүва гээд зөрайд
тэгээд ингээд өнайдрийг күргэж байнаш. Саянаа зун өнгөрээд мануус 49 хоногааг нь
гүйцээгээд ирж байнайм” хэмээн ярив. Харин Баяржаргал гэх 30 хүрэх гэж байгаа болов
уу гэмээр залуу “Сумнаа хуучин сургуул, цэцэрлэг, закиргаа, эмнэлэг гээд бүх барилгыг
экнээс нь буулгаад экэлчиклээ. Аймагт дуудлага кудал­даа зарлаад авсан кампаан буул­гаад
авч байгаа гэнэш. Ирдэг өвлөөс наана Алтай сум байсан гэмайр туурь үлдчик шиг кэвтэй.
Ирэк кавар тэр кавийн когийг цэвэрлэк юм гэсэн гэж боддуу” хэмээн ярив. Захчин,
торгууд яст­нууд хоорондоо ярихаар халхчууд ойлгоход бэрх.

Тэдний ярьж буйгаар сумын захиргаанаас
эхлээд сумын айлууд тэр чигтээ нүүчихээр эвгүй байсан гэсэн. Одоо хуучин суман­даа
хэдэн хөгшин үхэр, малтайгаа амьдарч байгаа юм байна. Ирэх жилээс сумын төвийн цаана
байх багийн төвийг Хөх үзүүрт нүүлгэж ирэхээр болжээ.

“ЗА САЙХАН АМРУУЧ, КӨВӨН” ХЭМЭЭН
МЭНДЭЛДЭГ АЖЭЭ

Ийнхүү 20 гаруй километр шороон замаар
давхиад Алтай сумын төв рүү ороод ирлээ. Сумын урд хэсгээр олон айл шинээр ха­шаа
хатган бууж байгаа харагдлаа. Энд тэндгүй хашааны шон суулгах нүх ухаж байгаа хүмүүс.
Мөн мото­цикль унасан залуус сумын төвөөр сүлжилдэн давхих ажээ. Гудамжны үзүүрт
хоёр гурваараа зогсох захчин үндэсний хувцастай ахимаг насны хүмүүс зогсох нь сонин.
Ер нь захчин ястнууд их үндсэрхэг үзэлтэй байдаг бололтой юм. Нут­гийн хөгшчүүлтэй
очиж уулзхад өөдөөс мэнд мэдэхдээ хэзээний таньдаг хүн шиг “За сайхан амрууч, көвөн”
хэмээн мэндлэх. “Сайхан амарсан уу” гэж  хүнтэй
мэнд мэ­дээд заншчихсан юм билээ.  Нут­гийн
залуусын өмсөж эдэлж байгаа зүйлс бусад сумынхаас ялгагдаад байх зүйлгүй. Гэхдээ
Алтайн ну­руунд цас орж намрын сэрүүн унасан болохоор хөдөөнөөс мото­цикльтой орж
ирсэн залуус захчин ястны дээл өмсчихсөн байх аж. Алтай сумын иргэд Булган сумын
залуус шиг үнэтэй машин унаад байхгүй нэвс навс хийсэн УАЗ, Пургон, 69 гэх зэрэг
хойд хөршид үйлдвэрлэсэн машин  унадаг юм
билээ. Нутгийн ахмад настай хү­мүүс “Сүүлийн үед закчин ястны дээл кувцас өмсөкий
күн ковордоод байх юм. Сургуульд ороогүй күүк­дүүд көгшид л өмсөж байна” гэж ярих. 

СУМ ТӨЛӨВЛӨЛТ САЙН ХЭРЭГЖИЖ БАЙНА

Боомын ам гэх газар Алтайн нурууг
даваад төв зам дагуу байх учир Үенч, Булган цаашлаад хил давах гэсэн машин дайран
өнгөр­дөг болжээ. Үүнээс үүдэн жилийн дөрвөн улиралд хүн амьтны бараа харахгүй шахам
байдаг байсан Алтай сум хүний хөл хөдөлгөөнд дарагджээ. Бүр арав гаруй цайны газар,
дэлгүүр, дугуй засварын газартай болж төвхнөжээ. Гурван мянга гаруй хүн амтай сумын
40 гаруй айл өрх дээр дурдсан төрлүүдээр үйл ажиллагаа явуулж амьжиргаагаа дээшлүүлэх
болжээ. Мөн Үенч сумын захчин ястнууд Алтай суманд шилжин ирэх болсон гэнэ. Нүүж
ирээд удаагүй болохоор Алтай сумын бүх зүйлс шинэ. За­хир­гаа, сургууль, эмнэлэг,
цэцэрлэг, гээд бүгдийг улсын хөрөнгөөр шинээр бариад өгчихсөн байх аж. Мөн айл өрхүүдийн
байшин, хашаа гээд бүгд шинэ. Нүүхээсээ өмнө сум төлөвлөлтийн зураг төсөл гаргачихсан
юм байна. Тийм боло­хоор дэлгүүр гэхэд гэр хороолол  сумын захиргаа, сургууль зэргийн­хээ дунд байх
юм. Бүх дэлгүүрийг дээвэртэй барих сумын Засаг дар­гын тогтоол хүртэл гаргасан байна.  Тэгэхгүй бол нутгийн иргэд бай­шингаа барихдаа
дээвэр барилгүй ёотон шиг дөрвөлжин юм барьчих­даг гэнэ. Тийм төрлийн дээвэргүй
дөрвөлжин байшин хилийн цаа­дах суурингаар дүүрэн байдаг гэсэн. Харин цайны газрыг
сумын­хаа төвийн зам дагуу байрлуулжээ. Бусад сумын хувьд газар төлөв­лөлт байхгүй,
хаана, юу байгаа мэдэгдэхгүй болчихсон байдаг. Тэгвэл шинээр нүүж ирсэн сум бүгдийг
графикийн дагуу шийджээ. Хогийн жалга, бурхан болоочдоо нутаглуулдаг газраа хүртэл
сонго­чихсон байх юм. Сургуулийн до­туур байр цэцэрлэг, эмнэлгийн хөнжил, гудсыг
хүртэл бүрэн шинэчилсэн байна. 

Алтай сумын захиргааны бай­раар орлоо.
Сумын Засаг дарга нутгийн иргэдээ дагуулаад аймгийн төв явсан гэнэ. Харин Засаг
даргын орлогч Д.Ринченханд гэх эмэгтэй биднийг угтан авч уулзсан юм. Алтай суманд
өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам ялсан гэнэ. Засаг дарга болоод орлогч
нь хоёулаа эмэгтэй. Сумын орлогч дарга “Анх нүүж ирж байхад дээр үеийн нэгдэл шиг
л байлаа. Сумын Засаг даргын Тамгын газар, цагдаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг бүгд
гэр барьчихсан. Хулдаасан хэвлэл дээр хаягаа бичээд гэрийнхээ бүслүүрт уячихаад
үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Гурван жилийн өмнө нүүж ирэхэд албан газруудын барилга
бүгд ашиглал­тад ороогүй байсан. Тэгээд гэр барьсан хэрэг. Харин одоо овоо тохижоод
байна. Захиргааны үүд­нээс эхлээд сумын төв талбай зэрэг бүх газрынхаа үүдэнд талбай
байгуулах гээд их ажил эхэлж байна. Сумын айл болгонд улсаас нүүхдээ зарцуул гэж
зуун мянган төгрөг өгсөн . Эхлээд  нутгийн
иргэд эсэргүүцэж байснаа төр захиргааны бүх байгууллага нь нүүгээд ирэхээр араас
өөрсдөө нүүгээд ирцгээдэг юм билээ. Тэгээд төвхнөж аваад байна” хэмээн ярив.

Харин сумын иргэд сум нүүсэн талаар
янз бүрийн санаа бодолтой байв. Г.Баянмөнх гэх иргэн нүүдэл болон шинэ байшин барих
зэрэгт 20 гаруй сая төгрөг гаргасан гэж ярьж байна. Бүх зүйлс шинээр эхэлж байгаа
болохоор өмхийрсөн намаг шалбаагтай газраас сэрүү­хэн дэнж бүхий газарт буусандаа
сэтгэл хангалуун байгаа гэдгээ хэлж байсан. Харин нутгийн ахимаг насны иргэд “Өсч
төрсөн нутгаа орхиод хүний хөлийн газар буучихлаа, гэмт хэрэг тасрахгүй гарах байх”
зэрэг ярьж байна лээ.

АЖИЛГҮЙ ЗАЛУУС УУЛНААС ҮНЭТ ЧУЛУУ
ТҮҮЖ МӨНГӨ ОЛДОГ

Алтай сумын иргэдийн ихэнх нь мал
аж ахуйгаар амьдралаа болгодог байсан юм билээ. Гэвч гурван жилийн өмнөх зуднаар
50 гаруй айл малгүй болоод сумын төвөө барааджээ. Тэд амьжир­гаагаа дээшлүүлэх мал
байхгүй. Дээр нь эрхэлсэн ажилгүй боло­хоор тэтгэмжийн мөнгөөр амь зуу­даг юм байна.
Алтай суманд ядуу айл өрх олон юм билээ. Гудамжаар гундуухан хувцас хунартай иргэн
цөөнгүй таарах аж.

Бодончийн ам хавиар утаат болор,  мана, геологийн янз бүрийн насны чулуулаг хурдастай
холбоо бүхий ховор, холимог, үнэт металл болон хагас эрдэнийн чулуу гялтгануур,
давсны нөөц бүхий орд илэрцүүд элбэг байдаг юм байна. Нутгийн залуус тэдгээр чулуу,
эрдэсийг түүдэг ч үнэд хүрэх нь цөөн учир амьдралд нэмэр болох нь бага хэмээн ярьж
байсан юм. Нутгийн залуус уулнаас түүсэн янз бүрийн үнэт чулуугаа аймгийн төв оруулж
килограммыг нь мянган төгрөгөөр өгдөг гэсэн. Бодончийн голоос өнгөрсөн хавар ус
татаад сумынхаа баруун хаяагаар урсга­жээ. Сумын баруун талын тэгш талбай дээр ойн
төгөл байгуулж, ногоо тарих юм гэнэ. Гэвч Алтай суманд өнгөрсөн хавар хүнсний ногоо
тарьсан нэг ч айл байхгүй гэсэн. Үржил шимт говийн баян бүрд бүхий газраас машинаас
шороо зөөж хөрсжүүлж байгаад ногоо тарих гэнэ. 

Нар хэвийхэд шинэхэн төвхнө­сөн буйд
сумын хөл хөдөлгөөн эрс татарч, хаа нэгтэй нохой боргох, байшин, гэрүүдийн цонхоор
цахил­гаан гэрэл ёлтойхоос өөр үзэх юмгүй эл хуль болох аж.  Энд нүүж ирэхээс өмнө буюу Алтай сумынхнан хуучин
бууриандаа байхдаа цагийн хуваарийн дагуу дизель моторын тусламжтайгаар цахилгаантай
залгадаг байсан аж. Нүүдэл суудал хийхийн өмнөхөн нь харин Хятадаас цахилгаан татаж,
24 цагийн гэрэлтэй болсон байна. 21 дүгээр зуунд лааны гэрэлтэй аж төрдөг байсан
Алтай сум шинэ газарт нүүж ирээд хөгж­лийн тухай ярьдаг болжээ. Сумын удирдлагууд
сум хөгжүүлэх мөн­гөөр хийх ажлынхаа төлөвлөгөөг гарга­сан гэсэн. Энэ Засгийн газрын
хугацаанд ийм ийм юм амжуулна, дараагийнхад нь ингэнэ гээд тусгайлан төлөвлөжээ.

3000 гаруй иргэнээ эд хөрөнгө, мал
хуйтай нь “ачаад” шинэ газар төвхнөсөн Алтай сумынхан одоо нүүдэл, суудлын тухай
биш тохи­жих, хөгжихийн тухай ярьж байна. Гэвч Алтай сумын иргэдэд ажлын байр үгүйлэгдэж
байна. Хөдөл­мөрийн насны зуу зуун залууст хийх ажил, эрхлэх хөдөлмөр алга. Уулзсан
хүн бүр “Хийх ажил л хэрэгтэй байна. Бусад нь болж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл,
бизнесийн болоод бусад үйл ажил­лагааг манай суманд үүсгэх, өргөжүүлэхэд төрөөс
дэмжихийг уламжилж өгөөрэй” хэмээн захиж байв.

Үргэлжлэл бий…
Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Алтайн нурууны цаадах гурван сумын нутгаар…

-ЦАГДААГИЙН АМИНД ХҮРСЭН ХЭРГЭЭС ҮҮДЭН БУЛГАН СУМАНД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХАД
ИЙМ ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖЭЭ-   

Түрүүч нь ¹ 232 (4559), 233 (4560) дугаарт

Цагдаагийн албан хаагчийг дунд сургуулийн хүүхэд
буудаж амь насанд нь хүрсэн хэрэг Ховд айм­гийн Булган суманд өнгөрсөн хавар гарсан.
Дэд ахлагч Д.Төмөрчөдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад харам­салтайгаар амиа алдсан
хэрэгтэй холбогдуулан Булган суманд анх удаа онц байдал зарлаж, гудамж болгоноор
буутай цагдаа, цэрэг тагнуулын ажилтнууд холхиж, сэжиг бүхий хүмүүс явж өнгөрвөл
шалгах, албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэн
тохиол­долд буудах хүртэл арга хэмжээ авах тушаалтайгаар ажиллаж байсан аж. Мөн
хил хааж, бүх замд шалгалтын баг ажиллаж байсан гэнэ. Энэ талаар нутгийн иргэд янз
бүрээр ярих юм. Гэхдээ онц байдал зарлах үед ямар байсан хийгээд уг хэргийн талаар
нутгийн иргэд ийн ярив.

Булган суманд торгууд болон казах үндэстэн, ястнууд
аж төрдөг. Айл өрх олон байдаг тул цагдаа­гийн хэлтэс байгуулсан юм байна. Хэрэг
гарах үеэр уг хэлтэст Ш.Баа­тар­хаан болон Баянмөнх, Бекболд нар ажиллаж байсан
юм байна. Харин хэрэг гарахаас долоо хоно­гийн өмнө амиа алдсан Д.Төмөр­чөдөр тус
суманд хуваарийн дагуу иржээ. Дэд ахлагч Д.Төмөр­чө­дөрөөс бусад цагдаа казах үндэст­ний
гаралтай байсан гэнэ.

2012 оны арванхоёр сараас эхлэн Булган сумын дэлгүүрт
хул­гай орох гэмт хэрэг олон гарсан байна. 50 гаруй дэлгүүрт хулгай орсон юм байх.
Хулгайч нар ихэнхдээ дэлгүүрээс чихэр, жимс, бэлэн мөнгө зэргийг хулгайлдаг байсан
аж. Дэлгүүрийн эзэд энэ талаар цагдаа нарт мэдэгдэж, хэрэгтнүүдийг хурдан барьж
өгө­хийг сануулдаг байсан гэнэ. Гэвч цагдаа нар “Удахгүй хэрэг илэрнэ. Бид хэргийн
араас мөшгиж байгаа” гэсэн хариулт өгөхөөс өөр 
ямар нэгэн дорвитой зүйл хийдэггүй байсан тухай нутгийн иргэд ярьж байв.
Хулгайч нар ч ээлж дараалан хулгайгаа хийсээр байжээ. Хэрэг гардаг орой буюу дөрөвдүгээр
сарын 2-ны шөнө дэд ахлагч Д.Төмөрчөдөр сумынхаа баар, зочид буудлаар эргүүл хийж
явсан гэнэ. Тэгээд “Булган Түшиг” гэх зочид буудалд яваад ортол бууд­лын ажилтан
байхгүй бага насны хүүхэд үүдэнд нь сууж байсан аж. Буудлын үйлчлэгч эмэгтэй хүүхдээ
ажил дээрээ орхиод ойрхон байх дэлгүүр рүү яваад удалгүй эргэж иржээ. Буудлын үйлчлэгч
эмэгтэйд “Хүүхдээ орхиж явж болохгүй. Буудалд согтуу хөлчүү хүн байгаа юу, агсан
тавьж байна уу” хэмээн асуугаад зогсч байтал гар утас нь дуугарч том албан тушаалтнаас
үүрэг авч байгаа бололтой “За, одоо очлоо” гэж хэлээд гараад явжээ. Ш.Баатархаан
болон Баян­мөнх, Бекболд нарын өгсөн мэ­дүүл­гээр Булган сумын төв “Бүрэн” хүнсний
дэлгүүрт хулгай орж бай­сан. “Бүрэн” хүнсний дэлгүү­рийн хувьд бусад дэлгүүрээс
том,  орлого ихтэй байсан гэнэ. Мөн тэр хавьд
цайны газар болон дэлгүүр олон ч эрт хаадаг болохоор шөнийн цагаар хүний хөл хөдөлгөөн
бага байдаг юм байна. Үүнийг хулгайч нар мэдэж байсан болохоор “Бүрэн” дэлгүүрийг
ухаж байсан нь сүүлд тогтоогдсон. Урт гартнуудыг цагдаа нар үйлдэл дээр нь барьсан
байдаг. Цагдаа нар дэлгүүрийн гадаа очоод дэд ахлагч Д.Төмөр­чөдөрийг ор гэсэн байдаг.
Төмөр­чөдөрийг хаалгаар оров уу, үгүй юү буун дуу тасхийж, газар унасан гэсэн хэмээн
нутгийн иргэд ярьж байв. Энэ талаар “Гурван казах гаралтай цагдаа монгол цагдаагаа  гадуурхаад түрүүлээд оруулчихсан юм байна лээ.
Тэгээд шинэ цагдаа ороод буудуулсан” хэмээн иргэд ярих аж.

Дэд ахлагчийг буудуулсан шөнө Ховд аймгийн цагдаагийн
хэлтсээс 40 гаруй цагдаа иржээ. Мөн хилийн цэрэг болон цэргийн ангийн албан хаагч
нар эргүүлд гарсан байна. Аймгийн цагдаа нар ирээд удаагүй байхад хотоос нис­дэг
тэрэгтэй цагдаа, тагнуулын албан хаагч нар иржээ. Бүгд л хар багтай хуягласан хувцастай
бай­сан аж. Буу үүрсэн тэд гудамж болгоны үзүүрт зогсчихоод гэрээ­сээ гарч ирсэн
хүн болгоныг шалга­сан байна. Сумын захиргаанаас бусад бүх албан газрын үйл ажил­лагааг
зогсоож, цагаан хоолойгоор “Онц байдал зарласан учир иргэд гэрээсээ гарч болохгүй.
Хэрэв гэрээсээ гарвал бичиг баримтаа авч гар, биеийн байцаалтаа ямар нэг эсэргүүцэлгүйгээр
шалгуулахыг анхааруулж байна” хэмээн зарлаж байсан гэнэ. Мөн өмнө нь гэмт хэрэгт
холбогдож байсан ер нь архи, дарс уудаг сумын залуучуу­дыг бүгдийг нь баривчилж
сургуу­лийн спорт зааланд цуглуулаад  эхнээс
нь байцаалт авч эхэлсэн байна. Булган сумаар хуягт машин давхиад ногоон алаг хувцастай,
хар баг өмсч, буу үүрсэн хүмүүс холхиод гудамжаар явж байгаа хүнийг “Зогс, гаргаа
өргө” гэж байгаад нэгжлэг хийсний дараа хаашаа явж байгааг нь асуугаад явуулдаг
байсан аж. Ийм байдлаар онц байдал зарласан гурав хоногт Булган сум ямар ч хөл хөдөлгөөнгүй
болж сумын иргэд гэрээсээ ч гарч чадахгүй хэцүүдсэн гэнэ. Гурав хоног тасралтгүй
хэргийн араас мөрдсөний хүчинд дунд сургуу­лийн гурван хүүхэд хэргийг үйлдсэн болохыг
тогтоосон байдаг. Булган сумынхны ярьж буйгаар дэлгүүрээс хулгай хийж байсан гурван
хүүх­дийн нэг нь цонхны хагархайд гараа зүсч цусны толбо үлдээсэн байна. Түүнийг
нь шинжилгээнд өгөөд илрүүлсэн гэнэ. Мөн үнэрч нохойгоор гэрийн ханан пийшинд нуусан
байсан бууг илрүүлжээ.  Ингээд Ховд аймгийн
Баянсуудал багт оршин суудаг Хурамхаан овогтой Саягас, Хызер­беак овог­той Сапаргали,
Хапаар нарыг баривчилж хот руу авч явсан юм байна. Саягас нь Сапаргали, Хапаар нартай
үеэлүүд. Цагдаа­гийн амь насанд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүүхдүүдийн гэрийнхэн  сумын төвийн урд талд ногоо тарьж амьдардаг юм
байна. Амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд юм билээ.

Дээрх хэргээс үүдэн казах за­луу­сыг нутгийн залуучууд
зодож, танхайрах хэрэг хэд хэдэн удаа гараад байгаа аж. Булган суманд байсан цагдаа
нарыг Ховд аймгийн төв рүү татаж Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж байсан цагдаа
нарыг Булган суманд томилжээ. Сумын цагдаа нарыг ажиглаад байхад өндөр биетэй залуус
байх юм билээ. Цагдаа нарын хангалт ч хэрэг гарснаас хойш сайжирчээ. Дөрвөн сараас
хойш хулгайн гэмт хэрэг нэг ч удаа гараагүй байна. Харин танхайрсан хэрэг арав гаруй
бүртгэгджээ. Мөн Булган суманд сум дундын шүүх болон прокурор үйл ажиллагаа явуулж
байна лээ. Удахгүй хуучин байр­наас  шинэ
байр руу нүүх гэж байгаа юм байна. Цагдаагийн хэлтэс, шүүх, прокурор  байдаг болохоор ямар нэгэн гэмт хэрэг гарахад
хурдан шуурхай шийдвэрлэдэг гэж байна лээ.

 “ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХОЁР ХҮҮХЭД САЯХАН МАНАЙ ДЭЛГҮҮРТ
ОРЖ ИРСЭН”

Бид хэрэг гардаг “Бүрэн” дэл­гүүрийн эзэдтэй уулзсан
юм. Дэл­гүүрт сууж байсан эмэгтэй “Хавар гардаг айхтар хэргээс болж хүнд байдалд
ороод байгаа. Хэрэг гар­сан дэлгүүр гээд хүн бүр бэргээд орж ирэхгүй наадам хүртэл
орлого байхгүй хэцүүдсэн. Саяхнаас гай­гүй болоод байна. Хэрэг гарснаас хойш манай
дэлгүүр бүх хаалга үүд, цонхоо солиод байгаа. Цонхондоо хаалт төмөр хүртэл хийлгэсэн.
Хэрэгт холбогдсон хүүхдүүд чихэр, боов зэрэг амттай зүйлс хулгайлсан байсан. Тэр
гурван хүүхдийн хоёр нь саяхан орж ирээд гарсан.  Юу ч ярихгүй зогсож байснаа гараад явчихаж байна
лээ. Хүмүүсийн ярьж байгаагаар цагдааг буудсан хүүхэд үлдээд нөгөө хоёрынх нь хэрэг
цагаадсан бололтой юм. Нэг  хүүхдийнх нь аав
энэ хавиар архи уугаад л яваад байдаг юм билээ” хэмээн ярив.

Хоёр жилийн өмнө Булган сумын дунд сургуулийн
217 хүүхэд үдийн цайнаасаа хордож байжээ. Тэдний хоёрынх нь бие одоог хүртэл олигтой
тэнхрээгүй байгаа аж. Бүр нэг хүүхэд нь чихрийн төрлийн зүйлс идэхээр хоолны хордлогод
орж бөөлждөг болсон байна. Бие нь үргэлж өвддөг бол­сон охин сургуулиасаа гарч гэртээ
хэвтэж байгаа юм байна. Тэд напе­лион торт идсэнээс хордлогод орсон байдаг. Бид
охины аав, ээжээс энэ талаар асуух гэсэн боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан
юм.  

БАЙТАГ УУЛАНД АЛТ ГАРЧ
ЭХЭЛЖЭЭ

Булган сумын Цоохор нуур, Байтаг уулын хил орчимд
алт гарч эхэлжээ. Сумын ажилгүй залуус бүгд тэнд алт ухаж байгаа гэнэ.  Баг болон алт ухаж байсан найман залуу энэ зун
хоёр килограмм алт олж сумаар нэг яриа болжээ. Тэд хадтай газар ухаж байтал гэнэт
алтны судалтай таарчихсан юм байх. Тэд алтаа хотод ирж тушаа­сан гэх бөгөөд тус
бүр 30 гаруй сая төгрөгтэй болж, амьдрал нь дээ­шилсэн тухай иргэд ярьж байв.

Булган суманд гадна дотнын зочид ирэхэд үйлчилдэг
“Заяа” нэртэй зочид буудлын эзэн алт худалдан авдаг болжээ. Байтаг уулын орчимд
өдгөө ч алт их хэмжээгээр гарч, сумын иргэд тийшээ явсаар байгаа аж.

Энэ талаар хоёр зуун грамм алт олсон гэх Б.Нармандахтай
цөөн хором ярилцлаа.

 

-Алт хэр гарч байна даа. Та нарыг Хилийн цэргийнхэн
алт ухаж байгаа газраас хөөдөг гэсэн үнэн үү?

-Байтаг ууланд алт сайн гарч байна. Би гурав хоног
яваад сая гаруй төгрөгтэй ирлээ. Ер нь хадан­даа их алт байх шиг байна. Даанч хилийн
бүс нутаг гээд Хилийн цэргийнхэн тийшээ оруулахгүй, багаж, хэрэгсэл хурааж авчихаад
байх юм. Уг нь тийшээ орчихвол бурзайх гээд байна. Ер нь нутгийн залуус бөөн бөөнөөрөө
явж байна. Ганц нэгээрээ явж байгаа хүн байхгүй шүү. Ихэнх нь л бурзай­гаад ирдэг.
Хоосон ирсэн хүн ер нь байхгүй. Өнгөрсөн хавар хоёр удаа их том алт олсон. Нэг нь
1.5 килог­рамм нөгөөх нь хоёр килограмм. Их хэмжээний алт олсон залуус хот руу мөнгөө
үрэх гээд яваад өгсөн. Сумын төвд хашаа байшин хүртэл бариулж байна лээ.

-Бусад сумаас алт ухахаар хүмүүс ирж байна уу?

-Алтны сургаар бусад сумаас хүмүүс олноороо ирж
байна. Алтаар амьдралаа авч явж байгаа хэсэг айл өрх бий болсон. Биднийг хилийн
бүсэд орсон болохоор хил зөрчиж байна гээд байдаг юмаа. Олуулаа яваад очихоор зүгээр
оруулчихдаг мөртлөө цөөхүүлээ очвол хамаг юм хурааж аваад, хөөж туугаад байдаг юм”
гэв.

Үргэлжлэл
бий

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Алтайн нурууны цаадах гурван сумын нутгаар…

Ховд аймгийн Булган сум арван мянга
гаруй хүн амтай. Аймагтаа хам­гийн олон хүн амтай тө­дийгүй хөгжил сайтай сум. Хүний
олноо дагаад эдийн засгийн хувьд ч боломжийн. Зөвхөн энэ суманд 200 гаруй хүнс­ний
дэлгүүр, 50 гаруй цайны газар үйл ажилла­гаа явуулдаг юм билээ. Мөн баар цэнгээний
га­зар ч олон байх. Булган суманд 2009-2010 оны өвөл сүүлийн 60 жил унаа­гүй их
цас орсон гэнэ. Үүнээс болж 250 мянган мал тоолуулж байсан сум зудны дараа жил зуун  мянга гаруй малтай үлд­сэн байна. Үүнээс үүдэн
олон малчин айл өрх хотоо харлуулж, сумын төв бараадсан гэнэ. Харин одоо эргээд
мал нь өсч, 150 мянган тоо тол­гойд хүрээд байгаа аж. Зуд болдог 2009 оны өвөл бод
малын хэнх­дэгээр татсан цас орсон юм байх. Газар нутгийн хувьд говийн бүсэд ха­маарагддаг
болохоор тачир өвстэй аж. Цас их орсноос 
мал бэлчих ямар ч боломжгүй болжээ. Нам­рын хадаж авсан өвсөө өгөөд л хавар
цөөн хэдэн малтай үлдсэн бай­на. Бүр хотоо харлуулж нэг ч малгүй үлдсэн олон малчин
байгаа гэсэн. Тэд эхнээсээ малжиж эхэл­жээ. Бүх малаа зуданд өгчихсөн малчдыг мал­жуу­лах
төсөл хүртэл хэрэгжиж эхлээд байгаа юм байна.

Нутгийн иргэд таван хошуу малын үр
шимийг хүр­тэ­хээс гадна газар тариа­лан­гаар амьдралаа болгодог. Тэр тусмаа төмс
хүний ногоо, жимс айл бүрийн орлогын эх үүсвэр болчихдог юм билээ. Айл болгон хашаандаа
хүнс­ний ногоо болон жимсний мод тарьчихсан байх. Хавар Булган голынхоо эрэг дээр
хүнсний ногоог төрөл төр­лөөр нь тариад, намар ба­руун аймгуудад борлуулдаг иргэн
олон. Булган голоос ус татаад ногооныхоо талбайг зунжин услачихдаг юм билээ. Бороо
орохгүй байсан ч байн­гын услагаатай боло­хоор ургац алдана гэж байх­гүй. Намар
арвин ургац ху­рааж аваад баруун аймгуу­дын сумдаар яваад борлуул­чихдаг гэнэ.

Мөн сумын төвийн хойд талд 1950 оноос
жимс тарь­сан түүхтэй. Булган голоо дагаад 50 гаруй га газарт жимс ургадаг талбайтай
бол­чихсон. Энэ бүгдээс амьд­ра­лын­хаа хэрэгцээний мөнгийг олоод байдаг гэнэ.

Харин гурав дахь амь­жир­гааны эх
үүсвэр нь хилийн боомт. Ярантын хилийн боомт ойрхон байдаг учир  нутгийн залуус БНХАУ-ын Үрүмч хотоос  барилгын 
мате­риал болон цагаан бу­даа, цахилгаан бараа оруулж ирдэг. Түүнийгээ цааш
нь борлуулдаг гэж байгаа. Бүр нийслэлийн иргэдийн цагаан будааны хэрэгцээний ихэнх
хувийг Булган сумын хэд хэдэн ченж хангадаг гэж бай­гаа. Угаалгын машин, будаа агшаагчаас
эхлээд олон төр­лийн цахилгаан барааг Бул­ган сумаас хямд үнээр авах боломжтой  юм билээ. Мөн “Нарантуул” захаас ОХУ-д үйлдвэрлэсэн
чихэр, жимс­ний чанамал зэргийг хил да­вуулж 
БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Алтай аймгийн Чингэл сум,  Такешикений 
боотмын иргэ­дэд худалдаалдаг байна.

Булган сумаас төрөн гар­сан олон иргэн
хотод чинээ­лэг амьдардаг гэж сумын иргэд ярьж байна лээ. “Таван богд” группын захирлаас
эхлээд “Номин холдинг” ХХК захирал Шагдарсүрэн гээд бизнесийн салбарын олон томчууд
Булган сумаас төрөн гарсан байдаг аж.  Тэд
сумын­хаа хөгжилд анхаарал хан­дуулж, цэцэрлэгт хүрээлэн, хилчин баатруудын хөшөө
дурсгал, тоглоомын талбай, усан оргилуур зэрэг цөөнгүй бүтээн байгуулалт  хийж өгсөн байна лээ.

Мөн сумынхаа дундуур засмал зам тавиад
гэрэл­түүлэг хийчихсэн. Удахгүй Засаг даргын Тамгын газрын  хажууханд Шатрын ордон барих гэж байгаа юм билээ.  Мөн усан оргилуурын хажууд Увш хааны хөшөө барьчих­сан,
сүүдрэвчтэй сандал, тэрийгээ тойрсон мод, хий­мэл нууртай цэцэрлэгт хүрээлэн нутгийн
иргэдийн очих дуртай газрын нэг болжээ.

СУМЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХДЭЭ ӨГЧ ЧАДААГҮЙ
ИРГЭД БУХИМДАЛТАЙ БАЙВ

Тус сум нэгдүгээр арван жилийн сургуулиас
гадна шинэ цогцолбор сургуультай болоод удаагүй байгаа аж. Тиймээс сургуулийн хувьд
ачаалал гэсэн асуудал яриг­дахаа больжээ. Харин цэцэр­лэ­гийн насны хүүхдүүд орон
тоогүйгээс “албандаа” мор­дож чадахгүй хэцүүхэн бай­гаа  аж. Энэ жил 800 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах
ёстойгоос 500 нь хамрагд­жээ. Цэцэрлэгийн байр 200 гаруй хүүхэд хүлээж авах хүчин
чадалтай юм байна.  Гэвч бүх боломж бололцоогоо
ашиглаж, нэг ангид 40-50 хүүхэд авч, гэр цэцэрлэг хүр­тэл нээсэн ч байдал ийм байгааг
онцолж байв. Бүр авлига өгөөд ч хамаагүй хүүх­дээ цэцэрлэгт явуулмаар бай­на гэх
ээж, аавууд цэцэр­лэ­гийн эрхлэгчийг “ээрсээр” байгааг ярьж байв.  Харин цэцэрлэгийн эрхлэгч О.Түмэн­жаргал “Ирэх
жил сургуульд орох бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулаад байна. Тэгэхгүй бол нэгдүгээр
ангид орох хүүхдүүд хүнд байдалд орно. Энэ жилийн хувьд 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт
хамруулах ямар ч боломжгүй болоод байна. Үүнийг эцэг, эхчүүд ойлгох хэрэгтэй. Манай
гэр цэцэрлэгийн гад­нах орчин хөрсний бохир­дол­той байна, ямар нэгэн халдварт өвчин
гарах магад­лал өндөр гэж аймгийн Мэр­гэж­лийн хяналтын газраас дүгнэлт гаргаад
байгаа. Уг нь хуучин цэцэрлэгийн  барилга
бий. Их засвар хийгээд, засаж, янзалбал ашиглаж болох ч улсаас  төсөв мөнгө баталж өгөхгүй байгаа” гэв.  Биднийг Булган суманд очих үед олон эцэг, эх хүүхдээ
цэцэрлэгт хамруулж чадахгүй байна хэмээн хандаж байсан юм.

ЭМНЭЛЭГ “ХУУЛЬ ЗӨРЧИХӨД” ХҮРЧЭЭ

Мөн тус сумын эмнэлгийн асуудал хүндхэн
байна. Шөнө нь төрсөн эмэгтэйг өглөө нь гаргах, мэс засал хийсэн хүнийг хоёр хонуу­лаад
гэрт нь буцаалаа гэх мэт гомдол олон гарч байв. Үүний дагуу бид сумын эмнэлэг дээр
очлоо. Эмнэлгийн хаал­ган дээр Ховд аймгийн Мэр­гэж­лийн хяналтын газрын байцаагчийн
гаргасан дүг­нэл­тийг наасан байгаа харагд­­лаа. Байцаагчийн дүг­нэл­тээр “1957
онд ашиглал­тад орсон Булган сумын эмнэл­гийн барилгыг цаашид эмнэлгийн зориулалтаар
ашиг­­лах боломжгүй” гэх утга бүхий эмнэлгийн үйл ажил­лагааг зогсоох тухай шийдвэр
байлаа. Олон жил болсон барилга ханандаа цууралт өгч, бороо орох болгонд дээврээсээ
ус гоожоод, хана, тааз, шал зэрэг нь мөөгөн­цөрт­сөн байдалтай байв. Тус  эмнэлгийн хувьд эмч болон боловсон хүчин, тоног
төхөө­рөмжийн хувьд аль ч сумын эмнэлгээс дутахааргүй аж. Алтай, Үенч, Булган, Хилийн
цэрэг, боомтын ажилчид болон түүгээр өнгөрч буй иргэдэд үйлчилдэг болохоор ачааллаа
даахгүй хэмжээнд хүрчээ. Анх 35 хүний ортой байгуулагдаж байсан бол өдгөө 40 гаруй
хүн байнга хэвтэн эмчлүүлдэг болжээ. Сүүлийн үед Булган суманд амьдарч байгаа казах
үндэст­нүүдийн эмэгтэйчүүд олноор төрөх болжээ. 
Ихэнх залуу гэр бүл 3-4 хүүхэдтэй болж байна гэж эмч  нар ярьж байв. Бүр 14 хүүхэдтэй айл хүртэл байгаа
гэсэн. Үүнээс үүдэн төрөлт Булган суманд 
нэмэгд­­жээ. Гэтэл эмнэлгийн барилга үйл ажиллагаа явуу­лах боломжгүй гэх
мэргэж­лийн байгууллагын дүгнэлт гарсан байдаг. Тиймээс шинэ эмнэлгийн байр битгий
хэл сураг ч байхгүй учраас “хууль зөрчин” өвчтэй иргэдэд үйлч­лэ­хээс өөр арга бидэнд
алга, иргэдийг харж байгаад үхүү­лэл­тэй нь биш. Эмнэлэг ажил­­лах боломжгүй ээ
гээд гадаа төрүүлэлтэй нь биш хэмээн эмнэлгийн дарга О.Батбаатар ярвсан.    

БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ТЭНГЭРТ
ХАДЖЭЭ

Алтайн нурууны цаана орших гурван
сумын дэлгүү­рийн бараа, бүтээгдэхүүн хотынхоос өндөр  үнэтэй. Нийслэлийн алслагдсан дүүр­гийн хүнсний
дэлгүүрт 1400 төгрөгөөр  борлуулдаг 0.33 литрийн
ундаа гэхэд гурван мянган төгрөгөөр худал­даалж байх жишээтэй. Тамхи, архи, пиво
гүйлгээ ихтэй бараа учир мөн л өн­дөр үнээр иргэдийн гарт хүрч байна лээ. Цайны
газруудын хоол мөн л өндөр үнэтэй юм. Бүх хоол таван мянган төгрөг­нөөс дээш. Яран­тын
боомт руу явж байгаа машин болгон Булган суманд дээрээс хоол, цай идэж уугаад гардаг.
Мөн нутгийн иргэд цайны газраар үйлчлүүлэх нь элбэг тул ийм өндөр үнэтэй байдаг
энэ. Өөр нэг шалтгаан нь мах өндөр үнээр худалдаалж байгаатай холбоотой юм байна.
Булган сумаас хот руу явлаа гэхэд 30 гаруй цаг явдаг. Замын зар­дал нь 120 орчим
мянган төгрөг болдог байна.

Бага, их улаан давааны замыг зассан
болохоор  өв­лөөс бусад улиралд хот руу машинаар
саадгүй явах боломж­той болжээ. Засмал зам барих ажил хоёр жилийн өмнө эрчимтэй
байсан бол өнөө жил дорвитой юм хийгээ­гүй гэнэ. Ер нь хотоос алс­лагд­сан орчинд
амьдарч бай­гаа иргэд өдөр, шөнөгүй хөдөл­­мөрлөхгүй бол нэн  ядуу айл өрхүүдийн эгнээнд орчих гээд байдаг гэмтэй
гэнэ. Хөдөө орон нутагт ажлын байр хомс дээрээс нь бараа ,бүтээгдэхүүний үнэ өндөр
болохоор “Хөдөө, орон нутаг ялангуяа алслагдсан сумдын иргэд асар их тэвчээр, хатуу­жил,
хөдөлмөрөөр амьдар­даг” хэмээн тодорхойлох нэгэн ч байв.  

Монгол Улс эдийн засгийн хямралд орлоо
гэхэд хамгийн түрүүнд хямралд орох газар 
холын аймаг, сумд байдаг гэнэ. 2009 онд эдийн засгийн хямрал боллоо гэхэд
Булган сумын иргэдийн амьжир­гаанд хамгийн түрүүнд нөлөөлж байсан гэнэ. Хотод өргөн
хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж эхэллээ гэх худал мэдээлэл телевизийн
мэдээгээр гара­хад маргааш өглөө нь бүх дэлгүүр худалдаалж буй зүй­лийн­хээ үнийг
нэмж байжээ.

Монголын баруун хязгаар дахь сумын
амьдрал иймэр­хүү сонин сайхантай байх аж. Гудамж талбайгаар нь тор­гууд хувцас
өмсөж, цагаан алчуур зангидсан өндөр нас­тай хүмүүс явах, хар өнгөтэй жийп унасан
залуус тоос татуулан давхих нь энгийн үзэгдэл. 
Булган суманд өнгөр­сөн хавар онц байдал тогтоосон. Тэр нь дунд сургуу­лийн
хүүхдүүд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн аминд хүрсэн явдал. Тухайн үед Булган
суманд болж өнгөр­сөн үйл явдал болоод тус сумын иргэдийн амьдрах аж байдлын талаарх
сонир­хол­той мэдээллийг уншигч та бүхэнд маргаашийн дугаа­раараа хүргэх болно.

Э.ХҮРЭЛБААТАР

 

Categories
редакцийн-нийтлэл

Хээрээс 30 сая төгрөг олоод эзэнд нь буцааж өгчээ

Ах Ч.Гансүх

-МӨНГИЙГ НЬ ОЛЖ ӨГСӨН ХҮНД БАЯРЛАХЫН ОРОНД УУРЛАЖ ТАВЛАЖЭЭ-

Хөвсгөл аймгийн Баян­зүрх сумын
иргэн Ч.Гансүх хөдөө зам дээр хаягдсан 30 сая төг­рөгийг олж эзэнд хү­лээлгэн өгч
сайн үйл бүтээжээ. Түүний ах Ч.Батцэнгэлээс энэ талаар тод­рууллаа.

-Дүү тань их мөн­гө олоод эзэнд
нь өгсөн гэсэн. Юу болсон юм бэ?

-Хөвсгөл аймгийн Баян­­зүрх сумын харьяат Чулууны Нямаагийн төр­сөн
ах Ч.Батцэнгэл гэж хүн байна, би. Би Баянзүрх дүүргийн 23 дугаар хо­роонд оршин
суудаг. Ма­найх эхээс арван гурвуу­лаа. Нямаа бол манай хамгийн бага. Дүү маань
энэ оны найм­дугаар сарын 4-нд буюу ням гаригт Улаан-Уул сум руу зур­гаа, долуулаа
бэр гуйхаар хадаг яндар бо­лоод явсан юм. Тэгээд Өлийн даваа даваад явж бай­гаад
гурван замын бэлч­рээс хар цүнхтэй юм олж л дээ. Эхлээд хар цүнх хараад юу юм бол
гэж бодоод өнгөрчи­хөөд, ер нь үзье гээд эргэж ирсэн байгаа юм. Яагаад хээр цүнх
орхисон байдаг би­лээ гээд очтол хар цүн­хэн дотор ногоон саванд хий­сэн лацтай
банкны мөнгө бай­сан гэсэн.

Сэжигтэй, ноцтой мөнгө  шиг санагдахаар нь  цагдаад аваа­чиж өгье гэж шийдээд лацыг нь хөдөлгөөгүй
аваад явж байтал мотоцикльтой хүн ирээд “Зам дээ­рээс хар цүнхтэй юм олов уу” гэж
асуусан байгаа юм. Тэгэхээр нь “Үгүй. Юу байсан юм” гэж асуутал нөгөө хүн “Хувцастай
цүнхээ хаячихаж” гэхээр нь сэжиг  улам лавширсан
хэрэг. Тэгээд мэдэхгүй гэж хэлээд явуулчихаж. Тэр хүнээс салаад  явж байгаад Улаан-Уул сумыг хариуц­сан цагдаагийн
дарга, хошууч цолтой хүнтэй замдаа таарсан байгаа юм. Тэр цагдаа аймаг орох гээд
хоёр хүнтэй явж байсан гэсэн. Тэгээд тэдэнтэй уулзаад “Ийм мөнгө оллоо. Энэ хүн
цүнхтэй хувцсаа хаясан гээд байна. Энэ хүний мөнгө мөн үү” гэж асуусан юм билээ.

-Мөнгөө хаясан хүн хаана байсан
юм бол?

– Тэгээд цагдаад ууттай юмыг нь өгөөд
тоолтол 30 сая төгрөг байсан юм билээ. Ямар учиртай мөнгө юм гэтэл Төрийн банкны
мөнгө гэсэн. Мөнгө хаясан мотоцикльтой хүний эхнэр нь сумын Төрийн банкны захирал
юм байна л даа. Эхнэ­рийн­хээ ажлын мөнгийг авч яваад хаясан хэрэг. Тэгээд цагдаагийн
дэргэд мөнгийг нь бүрэн эсэхийг шалгуулсан байгаа юм. Хээр уулз­сан учраас тухайн
үед гарын үсэг энэ тэр зураагүй гэсэн. Цагдаа шагнал урамшууллаа тохирчих гэж хэлээд
явсан юм билээ. Мотоцик­льтой хүн сумын төв дээр ирчихээд нэг хонь аваарай гэж хэлээд
сал­сан гэж дүү ярьж байсан.  Тэгэхээр нь
“Хониор ч яахав дээ,  Эргээд явах гэсээр байтал
хоёр гурав хоно­чихно” гээд буцахдаа уулзахаар тохирсон юм билээ. Буцахдаа нөгөө
эртэй уулзаад “Хонь аваад яах вэ. Аймаг орох 30 гаруй литр шатахуун хийгээд өгчих”
гэж хэл­жээ. Хөдөө шатахуун ховор эд шүү дээ. Хонь 100 гаруй мянган төгрө­гийн үнэтэй
байгаа бол 30 гаруй литр шатахуун 50 гаруй мянган төгрөг болно. Тэгсэн нөгөө эр
“Үгүй чадахгүй. Тэгж яривал  чи хүний мөнгийг
олж авчихаад надад өгөх­гүй цагдаад мэдэгдсэн. Яах гэж цагдаад мэдэгдсэн юм бэ”
гэж хэлсэн байгаа юм. Манай дүү ч гомдож, дургүй нь хүрсэн юм байгаа биз, аймаг
руу давхиад иржээ. Аймаг дээр ирээд Төрийн банк орж уулзаад “Танай банкны мөнгийг
би олж өглөө. Хууль журмаараа бол олсон мөнгөний арван хувийг нь шагнал болгож өгдөг
юм байна ш дээ” гэж хэлжээ. Тэгсэн чинь “Манай банк мэдэхгүй. Мөнгө хүлээж авсан
хүн нь шийднэ” гээд таг чиг болсон байна. Тэгээд би хотын Төрийн банкинд хэлбэл
яадаг юм бол, яагаад хүнд тус болж байхад уурлаж, загнаад хүүхдийн дургүйг хүргэдэг
байна гэж бодоод өнгөрсөн тав дахь өдөр Төрийн банкны аймаг хариуцсан хүнтэй нь
уулзлаа. Төрийн банкны Хөвсгөл аймгийг хариуцсан менежер байж байна. Намайг өргөдлөө
бичээд өг гэхээр нь бичээд өгчихлөө.  Хариуг
нь өнөө маргаашгүй хэлээд ший­дэж өгнө гэхээр нь сая очлоо. Гэтэл нөгөө менежер
миний бичиж өгсөн өргөдлийг өнөөдөр даргадаа өгсөн гэнэ. Асуудал шийдэгдтэл хэд
хонох байх гэж байна.

 -Танай дүү 
юу хийдэг вэ?

 -Манай ах дүү нар бүгд хөдөө мал дээр байдаг. Би
л хотод амь­дарч байгаа юм. Дүү маань машин тэрэг засдаг. Шагнал мөнгө авах нь чухал
биш ч бас хүний мөс чанар гэж муухай болжээ. Цаашдаа дахиад ийм юм гарахгүй байгаасай
гэж бодоод танай сонинд хандаж байгаа юм.

-Эхнэртэй нь уулзсан уу. Баярлалаа
ч гэж хэлээгүй хэрэг үү?

-Сэтгэлээрээ мөнгийг нь олоод өгч
байхад баярлалаа гэж хэлэх нь байтугай юм болсон гэсэн. Хэрвээ мөнгөө хаяад олоогүй
бол алдсан хүн арван тамтай, олсон хүн ганц тамтай гэдэг шиг тэр нөхөр өөрөө л өрөнд
орно шүү дээ. Суман дээр иртэл нөгөө мотоцикльтой залуу эхнэртэйгээ зогсож байсан
гэсэн. Манай хэд дотроо их л юм бодож, за одоо сүйд болоод гэртээ оруу­лаад хүлээж
авах байх гэж бодсон гэсэн. Гэтэл нөгөө эр чинь авгайдаа “Эд нар чинь нөгөө мөнгө
олж өгсөн хүмүүс ш дээ” гэж хэлчихээд тоохгүй байсан юм билээ. Тэгэхээр нь “Сумын
төвөөс шатахуун олдохгүй байна, шатахуун л хийгээд өгчих өөр хүсээд байх юм алга
даа” гэж хэлтэл бүр юу ч сонсоогүй хүн шиг царайлсан гэж байгаа.   Тэгэхээр нь манай хэд өөрсдөө шатахуун олж хийгээд
Өлийн даваан дээр явж байтал нөгөө мотоцикльтой эр араас нь ирж харагдаж л дээ.
“За одоо л ирж байна. Зогсоод юм ярих гэж байгаа юм болов уу” гэж бодоод овоон дээр
зогсоод хүлээтэл хажуугаар нь нэг сигналдчихаад 
давхиад өнгөрсөн гэсэн. Тэгэхээр нь манай дүү  “30 сая төгрөг бага мөнгө биш шүү дээ. Энэ их
мөнгийг олж өгч, сайн санаж байхад өстэй юм шиг хандаад байх юм” гэж гайхаад явсан
байгаа юм. Миний бодлоор тэр нөхөр цагдаад хэл­сэнд уурлаад байгаа юм уу даа. Ер
нь тэр их мөнгийг олчихоод асуусан хүнд нь шууд май гээд өгч болохгүй шүү дээ. Одоо
хүний чанар мууд­сан цаг. Ямар нэг гэмт хэрэг, хулгай дээрмийн юм байхыг үгүйсгэхгүй.
Цагдаад хэлэхгүй бол болохгүй. Тэр байтугай 30 мянган төгрөг олсон байсан ч май
гээд өгөх хүн ховор болсон цаг. Хотын хүмүүс үнэтэй гар утсаа хаяад л байдаг. Олоод
авсан нь ховор байдаг ш дээ.

-Бараг хоёр сарын өмнө бол­сон
явдал байна. Тухайн үедээ хөөцөлдөж амжаагүй юу?

-Тэр үед манай дүүгийн эхнэ­рийнх
нь аав бурхан болоод ажил явдал гарсан болохоор хэл яриа үүсгээд яахав гэж бодсон
юм байна лээ. Угаасаа шагнал өгөхгүй хэрүүл хийхээр хүмүүс байсан учраас тэгсхийгээд
орхисон гэсэн.

-Мөнгөө хаясан айлын хүмүү­сийг
огт таньдаггүй байсан уу?

 -Танихгүй. Ямар ч байсан тэр эхнэр, нөхөр хоёр
хоёулаа мянгат малчны хүүхдүүд юм гэсэн. Тэр мөнгийг хаясан байсан ч олоод төлчих
дайны баян айлын хүүхдүүд юм гэнэ лээ. Манай дүүг “Чи явдаг хэлдэг газраар нь яваад
юм олж авна гэвэл яваад үз” гэж даналзсан байгаа юм. Ингэж хэлсэн үгэнд нь манай
дүүгийн дургүй нь хүрсэн юм билээ.  “Хувь
олж авах нь яамай. Нэрээ сэргээж авмаар байна” гэж байна лээ. Мөнгө олсон  хэрэг манай Хөвсгөл аймагт анх гарч байгаа биш
л дээ.  Өмнө нь бас банкны мөнгө алга болж
байсан гэсэн. Төрийн банкны сумын зузаат­галын мөнгийг нэг нөхөр авч яваад дөрөв
хоног алга болсон гэсэн. 40 сая төгрөг байсан юм байх. Мөнгө авч явсан нөгөө хүн
нь банкны  мөнгийг айлд орхичихоод ангийнхантайгаа
нийлээд Эрдэнэт рүү яваад өгсөн байсан. Энэ хэргийн дараахан  манай дүү банк­ны 30 сая төгрөгийг олж өгч байгаа  нь энэ юм.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Монголчууд “хадны завсар”-аас гарч чадах эсэх нь өөрсдөөс нь шалтгаална

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
саяхан Япон улсад айлчлаад ирсэн билээ. Уг айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхий
сайд нар “Монгол Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг үзэглэсэн
юм. Судлаачдын үзэж буйгаар энэ нь Монгол, Японы харил­цаа “иж бүрэн түншлэлээс
стратегийн түншлэл”-ийн харил­цаа руу шилжиж байна гэсэн үг. Иж бүрэн түншлэл гэдэг
нь бүх салбарт харил­цаа­гаа хөгжүүлэх, үндсэндээ харилцааны эхний үе шатууд гэсэн.
Харин стратегийн түнш­­лэл бол өөр. Хоёр улс маань улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн
салбарт хам­тарч ажиллана гээд Засгийн газрын тэргүүнүүд нь тийнхүү гарын үсгээ
зураад баталгаа­жуул­чихлаа.

“Монгол Японы страте­гийн түншлэлийн
дунд хуга­цаа­ны хөтөлбөр” гэх энэхүү гэрээг одоо энгийнээр тайл­бар­лах гэж оролдъё.
Ард түмнийхээ ахуй амьдрал, улс орны хөрсөн дээр буулгаад үзье л дээ. Ямар учир
жан­цан­тай гэрээг Ерөнхий сайд Японы талтай хийчих вэ гэхээр ийм юм. Стратегийн
түншлэлийн гурван тулгуур бодлогын нэгд эдийн засаг зүй ёсоор орж байна. Тод­руул­бал,
Япон улс манайхтай эдийн засаг уул уурхайн сал­барт нягт ажиллахаар болж, бааз суурь
нөхцөл байдал нь бүрдээд байна. Энгийнээр хэлэхэд, манайд хөнгөлөлт­тэй нөхцөлөөр
зээл өгөөд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэр­лүүлнэ. Тэгээд эцсийн бүтээг­дэ­хүүнийг нь
худалдаж авах, мөн нааш цааш нь худал­дахад туслалцаа үзүүлнэ гэсэн гэрээ хийчихээд
ирлээ.  Үүнийг наад захын жишээ болгон төмөр
дээр аваад үзье. Төмөр агуулсан чулууг олборлож ган хайлуулах үйлд­вэрт аваачин
боловс­руу­лаад ган цутгадаг. Ган гэдэг бол эцсийн бүтээгдэхүүн. Гантай байхад бид
барилгын салбар буюу бүтээн байгуу­лалт­даа толгой өвдөх зүйлгүй болоод ирнэ. Мөн
тэр үйлд­вэр­лэсэн ганг нь Япон худал­даж авна гэсэн үг. Ерөнхий сайдын айлчлах
үеэр Наран улсын томоохон компаниу­дын төлөөлөл ээлж дараалан биечлэн уулзсан байдаг.
Дар­ха­ны газрын тосны үйлд­вэрт хөрөнгө оруулах гэж байгаа “Марубени”, тавду­гаар
цахилгаан станцын төсөлд хамтарч буй “Сожиц”, Францын Ареватай ураны төсөл дээр
хамтрахаар гэрээ байгуулсан “Мицүбиши” зэрэг Монголд хөрөнгө оруулах гэж байгаа
компаниудын төлөөл­лүүд, дэлхийн нэртэй толгой бизнесмэнүүд юм.

Тэд Ерөнхий сайдаас хөрө­н­гө оруулалтын
орчноо сайжруулж, тодорхой болго­хыг хүсээд Монгол Улстай цаашид хамтарч ажиллахад
бэлэн гэдгээ хэлсэн. Тухайн үеэр “Бэрэн” групп “Мару­бени”-тай гангийн үйлдвэр байгуулахаар
болсон. Уг гэрээ хэлцэлтэй холбогдуулж Японы Засгийн газраас урьдын­хаараа бага
хүүтэй, урт хугацаатай зээл олгохоор болсон билээ. Тэрхүү хөнгө­лөлт­тэй зээлийн
үр шим болон арлын орны техник, технологийн хүчинд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Тэгээд өөрсдийн зээл тус­ламж хөрөнгө мөнгөөр үйлд­вэр­лэгдэж, боловсруулагдаад
гараад ирсэн бүтээгдэхүүнийг япончууд худалдаад авчихна. Манайх гангийн үйлдвэрээс
гадна зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудал дээр Япон­­той хамтрах сонирхлоо илэрхийлсэн.
За тэгээд ца­хил­­­гаан станцын ажил байна. Таван толгой дээр хувь эзэм­ших хүсэлтэйгээ
япон­чууд илэрхийлдэг. Тэгвэл сая Мон­го­лын Засгийн газраас Таван толгойн дэд бүтэц
дээр хамт­раач гэсэн санал тавь­сан. Энэ нь яваандаа коксж­сон нүүрс болоод хүрэн
нүүрс­­ний хувь заяатай хол­бог­дож эхлэх нь мэдээж. Ингэж л Монголын эдийн засгийн
салбарыг япон­чууд хөдөлгөөнд оруулж, шинэ шатанд гарган хувьсал хийх эхлэл тавигдлаа
гэж хэлж бүрэн болох юм.

Уул нь монголчууд бид амихандаа бүтээгдэхүүн
үйлд­­вэрлээд дэлхийн зах зээлд гаргах гэж үздэг. Гэвч хойд, урд хоёр хөрш маань
тоож авахгүй болохоор үйлд­вэр­лэсэн бараа маань тэгээд л хог болж хоцордог нь га­шуун
үнэн. Ийм нэг гачаал, гачигдлаас л биднийг арлын орныхон аварч байна уу даа. Үүнтэй
уялдуулаад хэлэхэд, бид “Хадны завсар хавчуу­лагд­сан халиуны зулзага хөөр­­­хий
дөө” гэж мөн чиг олон жил дуулж байна. Чингэ­сийн эзэнт гүрэн мөхсөнөө­сөө хойш
ялангуяа Тогоонтө­мөр хааны буцаж ирснээс хойш ингэж дуулж байгаа болов уу гэж би
боддог юм. Яагаад ингээд өрөвдөлтэй нь аргагүй дуулаад байдгийн цаад учрыг тайлбарлах
нь илүүц биз дээ. Ерөөсөө л хөрштэй­гээ холбоотой шүү дээ.

Орос, Хятад гээд дэлхийн хэт том гүрний
дунд аж төрж суугаа үндэстэн билээ, мон­гол­чууд. Энэ хоёр том гүрний дунд бид бүхэн
ёстой л халиу­ны зулзага шиг явж ирлээ. Мөн эдгээр хоёр гүрний ааш авираас болж
Чингэсийн Мон­­голын мандах бадрах, мөхөн доройтохын эх үндэс тавигддаг. Ядах нь
ээ, хоёр хөрштэйгээ олон жилийн дайн тулааны түүх гэж бий. Эл бүгдээс улбаалан хойд,
урд хоёр хөрш маань монголчуу­дыг тэгтлээ мандан бадраа­хыг боддоггүй, үгүйдээ л
гэхэд болгоомжлох сэтгэлгээ аль алинд нь байж л байдаг. Цаг мөнхөд айл хөрш явж
ирсний хувьд сөнөөхийг бас бодоод байдаггүй л байлгүй дээ. Ерөөсөө нэг тиймэрхүү
үлгэн салган аж төрүүлэхийг хүсдэг юм шиг ээ.

Тэгвэл “халиуны зулзага” монголчуудыг
туулж ирсэн хавчигдмал амьдралаас нь гаргаж, үндсэндээ хадны завс­раас нь суга татахыг
япончууд эрэлхийлээд байгаа юм биш үү. Туурга тусгаар Монголын ард түмний “хав­чуу­лагдсан
хад”-наасаа гарч хөгжиж дэвшихийг манай гурав дахь хөрш Япон дэмжиж байна. Эл бүгдийг
бодогдуул­сан, улс орноо хөгжил цэцэг­лэл­тийн шинэ эринд аваач­сан түүхэн гэрээг
Ардчиллын Засгийн газар, Алтанхуяг сайд хийгээд ирлээ. Одоо бид асуудалд ухаантай,
ултай суурьтай хандах учиртай. Нам замаар талцаж, би чи-дээ хүрч жижигхээн загнах
эрхгүй. Улс орныхоо ирээдүй хөгжил дэвшлийг бодоод нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх
цаг иржээ. Төр засгаас томоо­хон бизнесмэнүүдээ дэмжиж уул уурхайн салбарт оруулж
ирмээр байна. Японы толгой компаниудтай харилцаагаа улам лавшруулж Монголдоо ган
гэдэг шиг эцсийн бүтээг­дэхүүн үйлдвэрлээд дэлхийн зах зээлд гаргадаг болмоор байна.
Хувийн хэвшлийнх­нийг ч энэ чигт сайн татан оролцуулах шаардлага тул­гар­чээ. Энэ
бүхнийг хувийн хэвшил л нуруун дээрээ үүрч чадна. Япончуудын манай Засгийн газартай
хийсэн стра­тегийн гэх уг гэрээ зүгээр нэг амаар яриад өнгөрөх зүйл биш шүү. Бид
бүхний хуучин ярьдаг үлгэр шиг зүйл биш гэдгийг хаана хаанаа бодолцох хэрэгтэй.
Үүний бэлээхэн жишээ гэхэд “Япон, Хятадын хоорондын харил­цаанд гарсан зарим нэг
асуу­дал хоёр талын ерөнхий байдалд нөлөөлөх ёсгүй. Хоёр орны хувьд найрсаг харилцаа
нэн чухал юм” гэх утга бүхий мэдэгдлийг Японы Засгийн газар Гадаад харил­цааны яамаараа
дам­жуулж Япон, Хятадын най­рам­дах гэрээнд гарын үсэг зурсны 35 жилийн ойгоор мэдэгдсэн
билээ. Япон улс Хятадтай  найрсаг харил­цаа­тай
байж л хятадууд манай бүтээг­дэхүү­нийг хилээр саад­гүй нэвт­рүүлж хүлээн авна биз
дээ. Тэр бүх зүйл дээрх мэдэгд­лээс харагдаж, бүр цаанаа бол Монголын Зас­гийн газар­тай  байгуулсан гэрээ бодит ажил гэдгийнх нь баталгаа
болж өглөө. Япон бол Орос улстай найрамдал харилцаа­ны түншлэлтэй билээ. Тэгэ­хээр
Орос руу бүтээгдэхүүн гарахад асуу­дал­гүй байх. Ийм л бүтээн байгуулалтын шинэ
үеийг арлын орныхон бий болгож өглөө.

Дахиад хэлэхэд монгол­чууд бид өөр
хоорондоо намаар талцалгүй, хөдөл­гөөнүүдийнхээ хөөрцөглөлд авталгүй баймаар байна.
Монгол Улсад Монгол гэсэн ганцхан нам, Монголын гэх ганцхан төрийн бус байгуул­лага
байх хэрэгтэй. Үндсэн­дээ улс орны бодлогыг зан­гид­сан бүтээн байгуулалт, хөгжил
дэвшлийг дэмждэг, баялаг бүтээж яваа нэгнээ буу тулгаж рекэтлэх биш тэдэнд гүүр
гарц нь болдог төрийн бус байгууллага буюу иргэ­ний хөдөлгөөнтэй болох нь зөв юм.
Алийн болгон бага хаадын хядалцаан шиг бие биенээ үгээр хядаж, санаа­чил­сан ажлыг
нь унтрааж, тэнэг муйхраар эсэргүүцэж байх вэ. Монгол гэх нэрийн дор, Монгол гэх
ганцхан намын дор бүгдээрээ нэгдэц­гээе. Тийм цаг үе ирснийг Шинэчлэлийн Засгийн
газ­рын Япон улстай байгуулсан гэрээ харууллаа, нөхөд минь.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Алтайн нурууны цаадах гурван сумын нутгаар…

-БУЛГАН СУМ НААДМАА НАМАР ХИЙДЭГ-

Алтайн нурууны сүр­лэг өндөр уулсын
баруун талд Ховд аймгийн Бул­ган, Үенч, Алтай гэсэн гур­ван сум өртөө шахуу га­зарт
хаяа залган оршин буй. Улаанбаатар хотоос 1800 километр хол ба­руун хил Байтаг уулын
наад хөндийд. Булган сумынхан Булган голоо бараадан аж төрөх. Үенч сумынхан Үенч
голын хөвөөн дээр, Алтай сум гурван жилийн өмнө их нүүдэл хийгээд Бодон­чийн голын
эрэг дээр буу­чихсан. Намрын шаргал өдрүүдийг хадлан тэжээ­лээ бэлтгэх, тариа ногоо,
жимсээ хураах, найр наа­дам хийж, морь, бөх ба­рил­дуулах зэрэг ажил­тай­гаар өнгөрөөж
байна. Алтайн нурууны баруун дор байх гурван суманд амьдрал хэрхэн “буцалж” байгааг
сурвалжлахаар томилолт өвөртлөн зорь­сон юм.
Ховд аймгийн Булган суманд дээр үеэс
л онгоц буудаг байсан юм байна. Одоо бол долоо хоногт нэг удаа онгоц ирээд буцна.
Арван мянга хол давсан хүн амтай боло­хоор онгоцоор явах хүн мундахгүй болжээ. Булган
сум биднийг очих үед хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Малчин айл өрхүүд нь зуслан­гаасаа
нүүж ирээд, Алаг толгойн урд өвөр Дашваанжил уулынхаа наад дор Булган голын эрэг
дагуу, өвөлжөөнийхөө хажуухан намар­жиж байна. Наймдугаар сарын сүүлчээр хадсан
өвсөө өвөлжөөн дээрээ бухалдчихсан. Нутгийн малчид “Өнөө жил  цас их орчихгүй бол өвлийг өнтэй сайхан давна”
гэж яриад сууж байна лээ.

Харин сумын ойр тойрны но­гоо­чид
хавар тариалсан ногоогоо хураачихсан. Баруун аймгуудад төмс хүнсний ногоогоо худалдаа­лаад
эхэлчихсэн. Бүрэн гүйцэд болсон жимсээ хурааж байсан юм.  Булган сум наадмаа намар хийгээд бүр сурчихсан
юм байна. Зундаа наадам хийх гэхээр малчид 200 гаруй километрийн цаана зуслан руугаа
гарчихдаг учир наадам хийх боломж байдаггүй гэсэн. Бид Бул­ган сумынхан наадмаа
хийх өдөр очиж таарлаа. Тиймээс намар хийдэг сумын наадам хэрхэн болж өнгөрдөг талаар
сурвалжлагаа эхэлсэн юм. “Жороо морьтойгоо нийлээд долоон насны морь урал­дуулах
гэнэ. Нутгийн дөрвөн залуу нийлээд дундаасаа 20 сая төгрөг гаргаад “Торгууд түмний
хишиг 2013” гэсэн том наадам зохион байгуулж байв. Түрүүлсэн моринд нэг сая төгрөгийн
бай өгөх гэнэ. Морины бай өндөр гэдгийг хаа байсан мянга гаруй километрийн цаана
байх Өвөрхангай аймгийн уяачид дуулчихсан зориод иржээ. Уралдуулахаар авчирсан морьд
дунд даншиг наадамд түрүүлсэн даага ачигдаж ирсэн сураг дуул­дав. Завхан, Говь-Алтай,
Ховд аймгийн сумдаас олон морь урал­дахаар ирсэн гэнэ. Ховд аймаг Улаанбаатар хотоос
нэг цагийн зөрүүтэй. Хотод аль хэдийнэ нар мандчихсан байхад энд үүр дөнгөж хаяарч
байх. Наадам хоёр өдөр үргэлжилнэ. Эхний өдөр сүргийн манлай азарганы уралдаан болов.
Зургаан цаг гэхэд бүртгүүлээд дуусчихсан байх ёстой гэнэ. Тий­мээс Ярантын боомтын
наахна байх Бор толгой дээр бүртгэл хийж эхэллээ. Булган сумынхан Ховд аймгийнхаа
наадмын айраг, түрүүг жил бүр хүртдэг гэсэн. Сүүлийн жилүүдэд Монголын зүүн хязгаар
болох Сүхбаатар аймаг, Дорнод аймгийн Хөлөнбуйраас хүртэл хурдан удмын адуу үнэ
цохиж авсан байна. Ихэнх уяач аймгийн алдарт уяачид олгодог тэмдэг бүхий залаатай
малгай өмссөн байх ажээ. Азарганы уралдаанд 70 гаруй хурдан бүртгүүлжээ.

Булган сумын удирдлагууд өнөө жилийн
сумын баяр наадмаар морь дагах хүсэлтэй иргэд 500 мянган төгрөгөөр дагах эрх авах
тогтоол гаргачихсан байна. Энэ нь уралдаж байгаа морьдыг цөөн машин дагуулах гэсэн
далд санаа юм байх. Тэгсэн ч Булган сумын “Ланд 200” унасан залуус таван зуун мянган
төгрөг бэлнээр өгөөд морь дагах эрх аваад байгаа харагдлаа. Ер нь Булган сумынхан
чинээлэг хүмүүс гэдэг нь унаж байгаа машин болоод өмсөж зүү­сэн хувцаснаас илт харагдах
ажээ.

Зурхайн наахна уралдах азар­ганы бүртгэл
хийгдсэн болохоор цаашаа хоёр километр туугаад л эргэх ёстой. Хурдан морь унаач
хүүхдүүдийн олонх нь олон наа­дамд уралдчихсан болохоор хаш­лаж байгаа гэж жигтэйхэн.
Морь тууж байгаа хүмүүс загнаад байхад л явахгүй гэдийгээд байх. Тууж байгаа хүмүүс
машинаар шахаад байхад л явахгүй эргэж зугтаах гээд сандаргах. Тэр болгонд тууж
бай­гаа хүмүүс “Муусайн чонын хоол­нуудаа эргэх болоогүй байна. Чонын бэлтрэгнүүдээ
яваачээ. Битгий чоно санаа гаргаад байгаа­рай” гээд л загнаад байх ажээ. Арай гэж
зурхайндаа хүрээд азарга тоос татуулан эргэлээ. Хамт явсан уяачид хоорондоо “Манай
хүүхэд түрүүнд гарсан байна. Ёстой чонын хүүхэд. Сайн чоно юм” гэж ярих. Тэднээс
ямар учраас хүүхдүүдээ ингэж дуудаад байгааг сонирхон асуулаа. Тэгсэн жолооч ах
“Манай нутгийнхан хүүхдүүдээ чоно гэж дуудаад байгаа нь хийморьтой амьтантай зүйрлэн
далдуур бэлгэшээж байгаа юм” гэв.

Булган сумын газар нутгийн ихэнх нь
уул хад. Азарганы урал­даанд гадны морьд түрүү айргийг нь авсан байв. Сумын төвөөс
арав гаруй километрийн цаана болсон морины уралдааныг үзэхээр олон хүн иржээ. Бүр
80 гаруй насны болов уу гэмээр хоёр хөгшин ухаа хонгор морь ижилсүүлэн хөх торгон
дээлээр гангарсан нь содон хараг­даж байлаа. Мөн сумын төвөөс том оврын автобус
иргэдэд үнэгүй үйлчилж байгаа юм байна. Сумын болон Ховд аймгаас ирсэн цагдаа нар
наадмын өдрүүдэд  их л ачаа­лалтай ажиллаж
байх шиг санагд­сан. Хавар энэ суманд дунд сургуу­лийн хүүхдүүд цагдаа буудсан хэрэг
гарсан. Үүнээс хойш цагдаа нар их сайн ажиллаж байгаа тухай хүн бүр л ярих аж. Наадмын
өдрүү­дэд ямар нэгэн эмх замбараагүй зүйл ажиглагдахгүй байна лээ. Азарганы уралдааны
дараа их насны морьдын урал­даан болсон юм. Их насны морь улсын хилийн торонд тулах
шахаад эргэх ажээ. Ийнхүү гурван насны морь урал­дуулаад нар баруун тийш хэвийж
байхад сумын төвд байх цэнгэлдэх орж бөхөө эхлүүлэн бүрэнхий болтол барилдуулах
юм. Жил бүрийн наадмаар цэнгэлдэхдээ гэрэл тавьж байгаад харанхуйд бөхөө барилдуулдаг
юм байх. Харин энэ жил эрт буюу Улаан­баатар хотын цагаар 21:10 цагт дөрвийн даваагаа
дуусгалаа. Энэ жил Ховд аймгийн наадамд Булган сумын залуу бөх Бадамгарав үзүүрлэн
аймгийн цол хүртсэн гэнэ. Тэр залууг ирэх жил улсын цол авах болов уу гэж нутгийн
хүмүүс найдлага тавьж байгаа юм билээ.

НУТГИЙН ЗАЛУУС ҮҮР ЦАЙТАЛ БҮЖИГЛЭВ

Ингээд эхний өдрийн наадам дуусав.
Харин залуусын хувьд  соёлын төв орж наадмын
эхний өдрийн концерт үзээд дараа нь төв талбай дээрээ бүжиглэх хөтөлбөр­тэй. Бид
ч сумын шөнийн амьдрал хэрхэн өрнөж байгааг уншигч олонд хүргэх үүднээс гараад
“намир­сан” юм. Булган сумын иргэдийн ихэнх нь торгууд ястан.  Өвөг дээдэс нь Чингис хааны торгон цэргүүд байсан
учир торгууд хэмээн нэрлэх болсон гэгддэг. Сумын  наадмын хөтөлбөрийн дагуу концерт болов. Ихэнх
нь торгууд нутгийн дуу эгшиглэнэ. “Торгууд нутгийн сэвгэр”-ээс эхлээд “Минжит булган”
гээд л энэ сум 20 гаруй дуутай болжээ.

23:40 цагт Булган сумын авто­машин
зогсдог талбай дээр хэдэн талаасаа гэрэл тусгав. Тэгж байснаа портер машины тэвшийг
тайз болгож, сумын соёлын төвд дэвсээтэй байсан жижиг улаан дрожийг дэвслээ. Соёлын
төвийн эрхлэгч залуу дуу өсгөгчөөс эхлээд өнөө оройны шоунд хэрэгтэй бүхнийг аль
хэдийнэ авчирсан бололтой. Чөлөөт бүжгийн аяыг энэ хавийн дуу чимээг эвдэж, тэрүүгээр
яваа залуусыг урих гэсэн шиг чангахан тавилаа. Гурван ч ая явлаа. Талбайд бүжиглэх
хүн байхгүй, хэдэн биенээсээ ичээд байгаа бололтой зогсоод байх. Тэгж байснаа бөөн
зогсож байсан залуус нэгэн саарал дээлтэй залууг бүжгийн талбай руу түлхэхэд нөгөөх
нь буцаж зүтгээд л инээд наргиан болж байгаа харагдана. Дахиад хоёр ч ая явлаа,
бүр мон­гол бүжгийн ая тавилаа. Тэгж бай­тал Соёлын төвийн эрхлэгч чанга яригчаар
“Бүжиглэхгүй юм бол тарцгаана уу, манай сумынхаан” гээд загнах янзтай хэлж байна.
Намрын орой салхи сэрчигнээд сэрүүхэн ер нь хөдлөхгүй зогсоод байвал жиндэх шинжтэй.
Тэгсэн тэр оройны шоу тоглолтыг нээж дунд эргэм насны хоёр эмэгтэй намбалаг гэгч
эргэлдэн бүжиглэв. За ингээд бүгд нүүр хагарч бүжиглэж эхэллээ. Нутгийн залуус хоорондоо
“Бааган гуайн том охин  аятайхан сэвгэр болжээ”
гэж ярих. Мөн “Боожоо ахын сэвгэр уулын согоо юмаа” гээд л инээлдэх. Залуу­сын  харцыг булаагаад байгаа хоёр эмэгтэй намжирдаад  хэн биднийг урих юм бол гэсэн шиг зогсож байгаа
харагдана. Өнгөр­сөн хавар их сургуулиа төгсөөд сумандаа багшаар ажиллахаар ирцгээсэн
сураг дуулдана. Залуус бөөн бөөнөөрөө алга болоод удалгүй сархад сэнгэнүүлчихсэн
эргэж ирэх. Оройн шоунд ирсэн тэд нүүр хагарцгаасан бололтой. Тойрог болж байгаад
л чөлөөт бүжиг бүжиглэх. Бүжгийн дундуур соёлын төвийнхөн ээлжлэн дуулах ажээ. Ийн
үргэлжилсээр үүрээр дууслаа. Архи ууж халамцсан залуус хоорондоо зодолдож хэрэг
төвөг гаргачих гээд цагдаа нарын ажлыг шалгасан зүйл сум бүрийн наадмын орой гарчих
гээд байдаг. Харин Булган сумын цагдаа нар шөнөжин эргүүл хийж хоносон юм. Засаг
даргын Тамгын газартай хамтраад халамцуу агсам согтуу тавих гээд байгаа нөхдүүдийг
гэрт нь хүргэж өгөх зэрэг шуурхай арга хэмжээг авч байна лээ. Мөн суманд үйл ажиллагаа
явуулж буй дэлгүүрүүдийг эрт хаалгажээ.

 Өглөө болж соёолон насны морьд бүртгүүлэх үед шөнө
бүжгийн талбайд бүжиглэж байсан залуу хусуур сойзоо бүсэлчихсэн морь унаж байгаа
хүүхдэдээ за­хиас хэлээд гүйж яваа харагдана. Наадам ямар нэгэн будлиангүй, хэрүүл
маргаангүй сайхан болж өнгөрсөн юм. Аймгийн шинэхэн заан түрүүлж, Мөст сумын аймгийн
начин үзүүрлэж, Булган сумын наадам харанхуй шөнө дуусав. Баруун хязгаар нутгийн
сумын наадам иймэрхүү өнгө аястай болдог ажээ.

Үргэлжлэл
бий

  Э.ХҮРЭЛБААТАР 

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ын их хурлаар юу хэлэлцэж, даргаар нь хэн сонгогдох вэ

Ардын нам аравдугаар сарын 27-нд намын
XXVII их хурлаа хийх гэж байна. Энэ удаа намын дүрмийн өөрч­лөлт, бүтцийн өөрчлөлт,
намын даргаа солихоос эх­лээд чамгүй олон асуудал хэлэлцэнэ.  Хурал ч нэлээд хэд хоног  үргэлжлэх нь дам­жиг­гүй. МАН хэмээх томоохон
институцийн хувьд дарга,  удирдлага нь хэн
байх, намын ерөнхий нарийн бич­гийн дарга хэн болох, Удир­дах зөвлөлийн гишүүд хэн
байх нь анхаарал татаж бай­гаа. Тиймээс энэ талаархи мэдээллийг уншигчдадаа хүргэе.

Намын их хуралд бэлтгэх комиссын дарга
М.Энхболд өнгөрөгч Бага хурлаар ирэх сард 
болох Их хурлаа 720 гаруй төлөөлөгчтэйгөөр  хурал­­дуулахаар санал оруул­сан боловч дэмжлэг
аваагүй бөгөөд 1134 төлөө­лөгч­тэй хуралдахаар олон­хийн санал авсан билээ. Энэ
нь үүр болгоноос нэг төлөө­лөл Их хуралд төлөөлөгчөөр сонгогдоно гэсэн үг.

Төлөөлөгчийн тоог ийнхүү нэмсэн нь
элдэв хор найруул­гаас зайлсхийх, хайрцаглаг­да­хаас сэргийлэх, шинэчлэл ярих үед
илүү олон хүн байл­гах сонирхлоос үүдэлтэй байх. 

 Намын Их хурлаар хэн сонгогдож МАН-ыг удирдах эрх
авах вэ. М.Энхболд, Н.Энх­болд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Баяр гээд л хувилбарууд
яригдаж байна. Мөн цоо шинэ хүн заалнаас дэвшүүлэхийг  үгүйсгэхгүй.

Хамгийн боломжит хувил­бар нь М.Энхболдыг
гэж намын нөхөд нь ярилцаж байна. Тэрээр энэ намыг удирдаж байсан туршлагатай хүн.  Мөн С.Баяр, Ө.Энхтүв­шин, У.Хүрэлсүх нартай тохи­роо­гоо
нэгэнт хийж,  нөгөө­дүүл нь түүнийг дэмжихээр
гар өргөчихсөн гэсэн мэдээ­лэл байна. У.Хүрэлсүх хэдий­гээр намын дотоод асуудалд
төдийлөн оролцохгүй байгаа ч гадаадаас ирэхдээ бүлэг­лэ­лүү­дийн удирдлагуудтай
бүгд­тэй нь уулзаад явсан гэнэ. Өөрийн хүмүүстээ тэрээр хэн нэгнийг дэмжих даалгавар
өгөөгүй гэх мэдээлэл бас бий.  Харин эргэлзээтэй
байгаа нь С.Батболдын фракц. Тэд М.Энх­болдыг намын даргад өрсөлдвөл хариуд нь
“Намын ерөнхий нарийн бичгийн даргаар  манай
хүнийг болго” гэсэн шаардлага тавиад бай­гаа. Тэдний зүгээс М.Энхбол­дод Д.Цогтбаатарыг
санал болгосон. С.Батболдын буюу  Орост сургууль
төгсөгчдийн энэ бүлэг хотынхныг бодвол доороо хөлгүй. С.Баярын хувьд  ганцаарчилсан тоглолт хийхгүйн тулд С.Батболдтой
санаа оноогоо хуваалцана. С.Баяр өөрийгөө дэвшиж магадгүй гэсэн мессэжийг хаяулчихаад
цагаа тулахаар  С.Батболдын хүмүүсээс санал
болгож  ч мэдэх талтай. Учир нь тэд хэнээс
ч илүү ойлголцдог. Хэрэв М.Энхбол­дыг намын дарга болгоно гэж үнэхээр гар өргөчихсөн
бол ерөнхий нарийн бичгийн дар­га, Удирдах зөвлөлийн бүрэл­­дэхүүн дээр нарийн тохироо
хийнэ.

Тиймээс С.Батболд өөрийн санал болгосон
хүнийг М.Энхболд хүлээж авахгүй бол өөр арга хэрэглэ­хээр  бэлтгэл ажилдаа орсон байна.  Тэрээр 
төлөөлөл болох хүмүүсээ орон нутгийн намын үүрүүдээр явуулж, талдаа элсүүлэх  тухай  яриа
өрнүүлж яваа. М.Энхболдын удирдаж буй хотын фракцын хувьд өнөөдөр нам дотроо хамгийн
том нь. Хотын 150 үүрээс тус бүр хоёр төлөөлөгч Их хуралд орж ирнэ гэж үзвэл нийт
300 төлөөлөгч халаа­санд нь бэлэн байгаа гэсэн үг. Мөн бусад фракцуудын төлөөл­­лийг  ч өөртөө татчих­на гэсэн төлөвлөгөөтэй бай­гаа.
Үүнийгээ бодолцон анх­наа­саа 720 төлөөлөгчийг хотын фракцаас санал болго­сон байх.
Эсрэгээр нь үүнийг анзаарсан өөр бүлэглэлүүд төлөөлөгчийн тоог нэмэх санал оруулсан
биз. 

М.Энхболд намын дарга боллоо гэхэд
багаа яаж бүр­дүү­лэх нь сонин. Удирдах зөвлөл, нарийн бичгийн дар­га нарыг шинэ
хүмүүсээр бүрдүүлэх болов уу. Тухайл­бал Удирдах зөвлөлийн бүрэл­­дэхүүнд Ж.Сүхбаатар,
С.Бямбацогт, Ж.Энхбаяр,  Д.Цогт­баатар нарын
нэр цэвэр залуус багтах магадлал өндөр. Угаас тэднийг багтаа оруулснаар гадна талаасаа
ч энэ нь зөв харагдах буй за. М.Энхболд хэдийгээр занга­ра­гийн хувьд том, намдаа
хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн ч түүнийг намын дарга бол­лоо гэхэд МАН шинэчлэгдсэн
мэт харагдахгүй гэж ярих хүмүүс бас байна. Гэхдээ түүнийг өнөөдрийн  МАН-ын томоохон лидерийн нэг гэдэг­тэй хэн ч маргахгүй
биз.

Н.Энхболдын хувьд нам­даа хүлээн зөвшөөрөгдсөн,
дайсан багатай, чадварлаг зохион байгуулагч хэдий ч   хувь хүний хувьд маш зөөлөн хүн. Тиймдээ ч Их
хурлын төлөөлөгчдийг хайрцаглаж өөрийнхөө төлөө санал өгүү­лэх гэж хор найруулаад
явах нь юу л бол.  Түүнийг намын даргад санал
болгох хамгийн магадлалтай хүн бол С.Баяр. 

Ц.Нямдорж  харин хүчир­хэг гэж хүлээн зөвшөөрөгдөх хүн ч
түүнд дургүй хүн олон. Учир нь түүний хатуу чанга үг тэр бүр хүмүүст таалагдаад
байдаггүй. Д.Лүндээжанцан ч  яригдаж буй хүмүүсийн
дунд нэр нь явж байгаа ч энэ удаа төдийлөн дэмжлэг авахгүй болов уу. Намын даргад
нэр яригдсан дээрх хүмүүсээс гадна заалнаас зохион бай­гуу­лалттайгаар нэр дэвшүү­лэх
магадлал бас яригдаж байна. Нэг үгээр хэлбэл хуй­вал­дааны бус замаар төлөө­лөгчөө
сонговол заалнаас огтоос төсөөлөөгүй хувилбар гараад ирэх магадлалтай гэж таамаглаж
буй. Энэ нь явцгүй ч гол өрсөлдөгчийн санал хуваах хортой.    Энэ хурлаар МАН шинэчлэгдэх ёстой гэж ярих хүн
олон боловч эрс шинэчлэл хийнэ гэдэг угаас худлаа. Тэгээд ч хуучны лиде­рүүдээс
нь илүү гарах шинэ сонголт өнөөдөр энэ намд алга. Намын ерөнхий нарийн бичгийн даргад
Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар нар яригдаж байна.   
Д.Цогт­баа­тарын хувьд үе, үеийн намын даргыг Ерөнхий сайд болоход нь зөвлөхөөр
ажил­лаж, сайд, төрийн албанд чамгүй олон жил ажилласан. Н.Багабандийг Ерөнхийлөгч  болоход гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж бай­сан
бөгөөд  сайн дипломатч.  Гэвч  намын
ажил сайн  хийх эсэх нь эргэлзээтэй. Намын
дотоод ажил, гал тогтоотой төдий­лөн зууралдаад бай­гаа­гүй.  Ямартай ч С.Батболд түүнийг ерөнхий нарийн бич­гийн
даргад санал болгоход  М.Энхболд хариуд нь
хэрхэн хүлээж авсан нь тодорхойгүй. Өнөөдөр энэ намд гарч ирж байгаа дараа үеийнхний
том төлөөлөл  Д.Цогтбаатар яалт ч үгүй мөн
боловч намын ерөнхий нарийн бичгийн дар­гын суудалд суух эсэх нь тодорхой бус. Хэн
ч намын дарга боллоо   гэсэн   түүнийг Удирдах зөвлөл болон на­мын удирдлагын
бүрэл­дэ­хүүнд оруулах магадлал тун өндөр. Ж.Сүхбаатарын хувьд аль нэг фракцад албан
ёсоор харьяалагддаггүй, хэн нэгний хүн гэж яригдаж байсангүй. Ямартай  ч намын ахмад үе, залуу үеийнхэн хүлээн зөв­шөөр­дөг
нэгэн.  УИХ-ын гишүүн байхдаа санаачилж батлуулсан
хуулиуд нь ч хий багатай сайн болсон байдаг. Нэг талаас нэр цэвэр нөхдийн нэг. Одоо
намын их хурлын дүрмийн шинэчлэлийн аж­лын хэсгийг ахалж байгаа юм билээ.  Одоогоор намын нарийн бичгийн даргын ал­быг хашиж
байгаа тэрээр намын дотоод ажлыг удир­дан зохион байгуулах тал дээр туршлагатай
хүн.  Гэхдээ намын дарга хэн болох, Удир­­дах
зөвлөлд хэн багтах зэргээс шалтгаалж ерөнхий нарийн бичгийн даргаар хэн тодрох нь
тодорхой болно. Удирдах зөвлөлд өөрийн хүнээ аль олон оруулах нь бүлэглэлүүдийн
хувьд  чухал.    Хүлээн зөвшөөрөгдсөн томоо­­хон бүлэглэлүүдээс
гадна, төдийлөн олонд мэдэг­дээд байдаггүй жижигхэн бүлэглэлүүд МАН-д бий. Тэд­нийг
өөртөө татах нь томоо­хон бүлэглэлүүдийн 
тоглоо­мын дүрмийн нэг хэсэг бо­лоод байгаа. 

Намын нарийн бичгийн дарга нар бол МАН-д дэндүү олон бий. Үүний
тоог энэ хурлаар мөн цөөлөх аж. Одоо­гоор МАН-ын Их хурлыг угтан иймэрхүү л найруулга
явж байна. Цаг тултал зарим нэг нь өөрчлөгдөх байх. Зарим нь ярьсан хэлснээсээ буцах,
юм амласанд нь найр тавих гээд их зүйл өрнөнө. Одоогоор МАН  дотооддоо иймэрхүү л ая зантай, өрсөл­дөөн, хор
найруулга ихтэй байна. Ирэх нэг сарын хуга­цаанд ч энэ байдал улам даамжирна.

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Элбэгдорж: Мал аж ахуй, газар тариалан өсөн нэмэгдэж байдаг баялаг юм

Монгол Улсын Ерөн­хийлөгч
Ц.Элбэгдорж өн­гөрөгч баасан гаригт Төв аймгийн Баянцогт, Баян­чандмань суманд
ажил­лалаа. Энэ үеэр зарим аж ахуйн нэгжийн үйл ажил­лагаатай танилцаж Хүй долоон
худагт зохион байгуулж буй шилмэл мал, амьтдын үзэсгэ­лэнг сонирхсон юм.

Төрийн тэргүүний хам­гийн эхэнд
очсон га­зар Төв аймгийн Баян­цогт сумын нутагт улаан­буудайн тариалан эр­хэл­дэг
С.Ганчимэг захирал­тай “Гуна” компани бай­лаа. Уг компанийг Монгол Улсын
гавьяат агрономич Ц.Сүрэнхорлоо үүсгэн байгуулжээ. Тус компани өнөө жил 500
га-д улаанбуудай тариалсан байна. Хур бороотой бай­гаа тул тариа хураалтын ажил
жигдэрч амжаагүй байсан. Өнөө жил удаан­буудайн чанар өмнөх жилүүдээс сайн
байгаа гэнэ. Цаг агаар тогтуун байвал 10 хоногт багтаан хурааж дуусна гэж
байлаа.

Газар тариалангийн аж ахуй эрхэлж
буй иргэд, компаниудад тулгарч буй нийтлэг бэрхшээл нь техник тоног
төхөөрөмжийн асуу­дал байгаа гэв. “Гуна” компани гэхэд 30 жилийн өмнөх ОХУ-ын
“Нива” комбайнаар тариагаа хурааж байсан юм. Цаашлаад төр засаг энэ тал дээр
анхаарч удаан хугацааны зээлээр тоног төхөө­рөмж тариаланчдад худалдаалбал
цаашид хүндрэл гарахгүй хэмээн гавьяат агрономич Ц.Сүрэнхорлоо хэлж байлаа.

ҮХААЯ-ны газар тариалангийн
бодлогын хэрэгжилтийг зохицуу­лах газрын дарга Н.Ринчинсэнгээ “Энэ жил цаг
агаарын нөх­цөлөөс шалтгаалан тарианы болц 7-10 хоногоор оройтож бай­гаа. Удаан­буудайн
цавуулаг, цар­дуул, шилэн­цэр гээд буудайд бай­даг үндсэн микро элементүүд сайн
байгаа тул гурилын үйлдвэрүүдээс гарах гури­лын чанар сайн байна. Ямартай ч
өнөө жил 274 мянган га талбай­гаас 404 мянган тонн буудай хураан авах
урьдчилсан баланс гараад байна. 320 мянган тонн буудайг дотоодын хэрэгцээнд ний­лүүлж,
44 мянган тонн буудайг дараа жилийн тариалалтдаа авч үлдэх юм байна. Одоо
буудайн үнийг ярьж байгаа бөгөөд урам­шууллыг төсөвт тусга­сан” гэд­гээ Монгол
Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржид танилцуу­лав.

Төрийн тэргүүн тариаланчдад ихээр
тулгамддаг тарианы агуулах хэр хүр­тээмжтэй байгаа талаар асуусан юм. Тариалан
эрхлэлтийг дэмжих сан 146 мянган тоннын багтаамж­тай, гурилын үйлдвэрүүд 245
мян­ган тонн, тариаланчид өөрсдөө 100 гаруй мянган тонн, нийтдээ 440-450 мянган
тонн буудай агуу­лах хэмжээний агуулах бэлдсэн. Японы тусламжаар Төв аймгийн
Угтаалцайдам суманд энэ сардаа багтааж 36 мянган тонн буудайн шинэ агуулах
ашиглалтад оруулна гэдгийг холбогдох салба­рынхан хэллээ. Цас борооноос өмнө
амжиж тариагаа хурааж аваарай хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Баянцогт сумын
нутаг үйл ажил­лагаа явуулж буй “Зургаан хошуу” компанийн гахайн ферм рүү явсан
юм.

Одоогоор 400 үндсэн мэгжтэй, 3500
толгой гахайтай үйл ажилла­гаагаа явуулж байгаа гэнэ.

Жилд 360 тонн мах бэлтгэх
зарчмаар үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн юм. Нийс­лэлийн хэмжээнд гахайн
махны эрэлт их байдаг тул цаашид үйл фермээ өргөжүүлэх төлөвлө­гөөтэй байгаа юм
байна. Зах зээлд гахайн мах борлуулахын зэрэгцээ үрж­лийн чиглэлээр аж ахуй эрх­лэгч­дэд
цэвэр цусны болон Гете­розис Иоркшир, Ландрасс, Дурок үүлдрийн бүх насны гахай
худал­даалж байгаа гэсэн. Фермийнхээ хажууханд байрлах тэжээлийн үйлдвэртээ
хоногт 40 тонн гахай, тахиа, үхрийн бүрэн найрлагат багсармал тэжээл
үйлдвэрлэж, фермийнхээ хэрэгцээг зургаан төрлийн тэжээлээр бүрэн хангадаг
болсон. Эдгээр гахайнууд нь биеэр нэлээд том юм билээ. Гахайн дундаж жин 100 кг
хэмээн ажилтнууд нь ярьж байв.

“Зургаан хошуу” гахайн ферм­тэй
танилцсаны дараа Төрийн тэргүүн Баянчандмань сумын Сүүл­­цагаан гэдэг үйл
ажилла­гаагаа явуулж буй “Баянчандмань милк” компаниар зочилсон юм. Биднийг
очиход фермийн эзэн Б.Ванчиг угтан авлаа. Уг компани сүүний чиглэлийн аж ахуй
эрхэлдэг бөгөөд сүүгээрээ элгэн тараг хийж нийслэлийнхний хэрэг­цээнд ний­лүүлж
байгаа гэсэн. “Баянчанд­мань милк” компани 120 гаруй толгой үнээтэй бөгөөд 50
нь Францын Монтбиллиард үүлд­рийнх аж. Үнээ тус бүрээс өдөрт 25 литр сүү авдаг
юм байна. Эдгээр үнээнүүд нь Монголд ирээд удаа­гүй байгаа ч цаг уур орчин
нөхцөл­дөө дасаж байгаа. Цаашид өсгөн үржүүлэх боломжтой гэсэн юм. Үнээ тус бүр
нь таван сая төгрөгийн үнэтэй бөгөөд Францаас тус бүрийг нь таван сая төгрөгөөр
тээвэрлэн авчирсан байна. Нийтдээ нэг үнээ­ний зардал нь 10 сая төгрөгт багтаж
байгааг Төрийн тэргүүнд дуулгалаа. Уг 50 үнээ нь Францаас ирэхдээ усан хээлтэй
ирсэн бөгөөд эхнээсээ төлөө өгөөд эхэлсэн байсан. Биднийг очиход хоёр тугал хашаанд
хэвтэж байсан нь Монт­биллиардын эхний үр төлүүд гэж байлаа. Хоёр настай гэхэд
нас бие гүйцсэн шараас том биетэй байгаа нь олон хүний анхаарлыг татаж байв.

Одоогоор эдгээр үхрүүдээ
зохиомлоор хээлтүүлж байгаа. Цаашид бух оруулж ирэхээр төлөвлөж байгаагаа
дуулгасан юм.

Эко ногоон тэжээлийг төмөр
шкафанд соёолуулж үхэртээ өгдөг нь гэсэн. Мөн фермийн байранд нь үхэрүүдэд
массаж хийдэг төхөө­рөмж байлаа. Үхэрүүд түүнийг очиж шөргөөхөд массажны аппа­рат
нь ажиллаж үхрийн биеийг маажих үед цусны эргэлт сайжир­даг гэж байсан юм.
Ингэснээр сүүний гарц ч дээшилнэ гэв.

Мөн үхрийнхээ аргалаас био газ
гаргаж фермээ болон өөрсдийн амьдардаг байраа шалнаас нь халаачихдаг юм байна.
Энэ мэтчи­лэн сүүлийн үеийн олон дэвшилтэд зүйлс тэнд бий болжээ. 

Түүний дараа Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүй долоон худагт эхэлсэн “Шилмэл мал-2013” үзэсгэлэнд
очлоо. Үзэс­гэлэнг ҮХААЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Монгол
Улсад мал эмнэлэг, үрж­лийн алба байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд зохион
бай­гуулж байгаа тухайгаа зохион бай­гуулагчид хэлж байв. Шүлхий гар­сан аймаг
болон хил залгаа хоёр аймгаас бусад бүх аймгаас 40 гаруй үүлдэр, омгийн 600
орчим мал, нийслэлийн дүүргүүдээс 20 орчим арвин шимтэй үнээ, гахай, шувуу,
туулай, сарлаг, тэмээ үзэс­гэлэнд оролцож байсан. “Шилмэл мал-2013”
үзэсгэлэнгийн үеэр жороо морьдын уралдаан, ардын урлагийн тог­лолтууд явагдаж
байв. Үзэсгэлэнг үзэж сонирхсоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж
хэвлэлийнхэнд яриа өгсөн юм. Тэрбээр “Монголын ХАА, мал аж ахуйд хэд хэдэн
онцлог бий. Эдгээр нь үргэлж өсөн нэмэгдэж, үржиж байдаг баялагууд юм. Нэг
талаас Монгол уламжлал, ёс зан­шил, ахуйг авч явдаг гэж ойлгож болно. Манай
ХАА-н салбарын нэг онцлог нь хамгийн том ажил олгогч. Монголын хүн амын 40 хувь
нь мал аж ахуй, газар тариалангийн сал­барт ажилладаг. Өнөөдөр уул уурхай гэж
яриад байгаа ч тэднээс хавьгүй илүү ажил олгож, олон хүний амьжиргааг залгуулж
байна. Өмнө нь өндөр хувьтай байдаг байсан. Одоо ч мөн адил.

Сүүлийн үед эдийн засаг хүн­дэрч
байна, хэцүү байна гээд бай­гаа. Үүнээс гарах гарц нь бид өөрсдийнхөө баялагт
тулгуурлан түүнийгээ цаашид үйлдвэрлэл болгох хэрэгтэй. Эдийн засгийн
хүндрэлээс гарах гарц нь үйлдвэр­лэл байгаа юм. Тийм боло­хоор мал аж ахуй,
газар тариа­лангийн сал­бар хамгийн их ашиг авч ирэх салбар болоод байна. Мах,
сүү, улаанбуудай, жимс жимс­гэнээрээ ард түмнээ хангаад илүү гарсныг нь
худалдаалах юм бол өөрсдийн чадах зүйлээ гаднаас авахгүй байх нөхцөл бий болно.
Доллар, валютыг гаднаас олдог болох гол бодлого үүнд явж байгаа юм. Ста­тис­тик
харж байхад 500 тэрбум төгрөгийн ХАА-н бүтээг­дэхүүн гад­наас авч байна. 400
гаруй сая ам.доллар гэдэг бол асар их мөнгө. Энэ мөнгө гадагшаа гарч байгаа юм.
Цаашид бид мал аж ахуй, газар тариалангаа дэмжвэл 400 гаруй сая ам.долларыг
гадаг­шаа алдахгүй байх боломжтой.

Өнөө жил газар тариалангийн хувьд
гарц гайгүй сайн байгаа. Тариагаа хугацаанд нь хураагаад авчих боломж байна.
Салбарын яам болон Нийслэл ЗДТГ анхаарал хандуулж ажилласан байна гэдгийг цохон
тэмдэглэх нь зүйтэй. Цааш­даа бид ХАА-н салбартаа онцгой анхаарал хандуулан
ажил­лах ёстой. Төр засгийн зүгээс тодорхой дэмжлэгүүдийг үзүүлэх ёстой гэдэг
дээр анхаарал хан­дуулна. “Шил­мэл мал-2013″ үзэсгэлэн дэд бүтэц нь бий болсон
Хүй долоон худагт болж байгаа нь сайшаалтай юм. Манай залуус, хүүхдүүд ялангуяа
нийслэлийнхэн ирж бид ямар уламжлалтай билээ гэдгээ мэдэж мал сүрэгтэйгээ танил­цах
боломж Хүй долоон худагт байна гэдгийг хэлье” гэсэн юм. Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Төв аймагт ажилласан томилолт энэ хүрээд өндөрлөлөө.

Э.ЭНХБОЛД