Categories
редакцийн-нийтлэл

Тэрэлжийн зам жуулчдыг хашрааж байна

Тэрэлжийн зам
улаан шороон дунд байна. Замыг нь засч байгаа гэнэ. Хуучин байсан засмалыг нь
хуулаад хаячихсан болохоор тэр үү шороо босч байгаа гэж жигтэйхэн. Зам засварын
ажил эрчтэй өрнөсөн юм анзаарагдсангүй. Энд тэнд зам засварын машин, киоск
өмссөн хүмүүс мэр сэр харагдана. Уг нь эхэлсэн л бол нийслэлд өрнөөд байгаа
замын ажил шиг хурдхан хийчихмээр.

 Жуулчдын том автобуснууд тэр тоосон дунд л
манаргаж явна. Зарим нь бүр битүү шороон дунд зогсчихсон, жуулчид нь гарч орж,
гайхацгаагаад  л… Хагас, бүтэн сайнаар
хүмүүс Тэрэлж рүү хошуурдаг болохоор амралтын өдрүүдэд бол шороо тоос нь бүр дийлдэхээргүй
босч байна лээ. Ямар сайндаа жуулчдыг авч яваа 
нэг хөтөч залуу “Манай автобусанд яваа хоёр франц өвгөний харшил хөдлөөд
хэцүүдэж байна. Нэг нь бүр битүү хар масктай л явж байна. Яг ид жуулчны цагаар
зам аа засна гээд ингээд бужигнуулчихаар жуулчдад яаж нөлөөлөх нь тодорхой. Анх
ирсэн хүмүүст бол сайхан сэтгэгдэл төрөхгүй шүү дээ, ийм улаан тоосон дунд
давхиад байхаар” гэж толгой сэгсэрэхэв.  

Жуулчдын байнгын
маршрутад багтдаг газар бол Тэрэлж. Монголд ирсэн жуулчин бүр Тэрэлжийг зорьдог
гэж хэлж болно. Жуулчдын багагүй хэсгийг эзэлдэг япон жуулчдын хувьд гэхэд л
байнга явдаг газар нь Тэрэлж. Тэд барууныхан шиг адал явдалтай аялалд
дурладаггүй.  Ихэвчлэн ахимаг насныхан
ирдэг болохоор тохитой, тухтай аяллыг илүүд үздэг. Улаанбаатарын замын үл ялиг
донсолгоонд л нүүрээ хачин болгож, гайхаад бөөн юм  болдог япончуудын хувьд Тэрэлжийн зам там шиг
л санагдаж байгаа.

Улаанбаатараас
Тэрэлж рүү явах зам уг нь бол тийм олон километр биш. Жуулчны оргил цагаас өмнө
дөрөв, тавдугаар сардаа амжуулаад янзалчихад болохгүй юмгүй газар. Заавал
жуулчны ид цагаар шороо манаргаж, Монгол гэж аймаар  хэцүү замтай, зам нь гэж бөөн шороо гэсэн сэтгэгдлийг
төрүүлэх хэрэг байсан юм болов уу.

Уг нь
хөндөгдөөгүй байгаль, задгай салхи, нүд алдам тал, нүүдэлчин ахуй соёл гээд
аялал жуулчлалын салбарт  дэлхийд брэнд
болгохоор зүйл  манайд олон бий. Байгаа
үнэт зүйлээ төлөвлөгөө, тооцоогүй эхэлсэн замын ажил энэ тэрхнээр
үнэгүйдүүлмээргүй л байгаа юм. 

Categories
редакцийн-нийтлэл

Хорт хавдартай 100 гаруй хүн туяа эмчилгээний аппаратанд орохоор хүлээж байна

-ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ АППАРАТ ДАХИЖ АВАХГҮЙ БОЛ ХОРТ ХАВДАРТАЙ ХҮМҮҮСИЙН
ЭМЧИЛГЭЭ ТАСАРЧ МЭДЭХЭЭР БАЙДАЛ ҮҮСЧЭЭ-

ХСҮТ-ийн туяа эм­чил­гээ­ний
аппарат эв­дэрсэн талаар хэв­лэ­лээр мэ­дээлж байгаа. Энэ талаар ХСҮТ-ийн Туяа эмчил­гээ­ний
тас­гийн эрхлэгч Г.Одон­туяагаас тод­руул­лаа.

 
-Эвдэрсэн гээд байгаа туяа эмчил­гээ­ний
аппаратыг хаана үйлд­вэр­лэсэн юм бэ?

-“Кобер жаро” буюу зай туяаны аппарат Мон­голд нэг бий. 2005
онд Олон улсын цөмийн агент­лаг,  Засгийн
газрын хамтарсан санхүү­жил­тээр суурилуулсан юм.  Чехийн “ЮЖП Прага” ком­па­ниас авсан. Аппа­рат
суурилаг­даад таван жил болоод зас­вар үйл­чил­гээ, хийг­дэх стандарт­тай. Тухайн
үед нийлүүл­сэн компани зас­вар үйл­чил­гээ хийлгэх гэрээ хий­гээгүй учраас цацраг
идэвхт туяа гар­га­­­даг аппа­рат­ын идэв­хжилт сулар­сан. Идэв­хжилт сулраад ирэхээр
өвчтөний эмчил­гээнд орох хугацаа өөрч­лөгд­дөг. Өөрөөр хэлбэл хууч­наар өдөрт
60 хүнийг хурдан эмчилдэг бай­сан бол тун нь суларч идэвх­жилт нь муудахаар  хү­ний­хээ тоог цөөлж 30 болго­сон. Мөн өмнөх
шигээ хурдан бай­хаа больж,  хугацаа нь удаашраад
явчихаж байгаа юм.

-Уг нь энэ аппаратанд өдөрт хичнээн
хүн орох стандарттай вэ?

-Дээд тал нь 35 хүн. Онош­логоо сайжирсантай
холбоо­той­гоор хав­дар­тай хүмүүс нэмэгдсэн. Тэр хэрээр ачаа­лал их байгаа учраас  бид аппаратыг хоёр ээлжтэй бол­гож өдөрт 60 хүнийг
сүүлийн хоёр жилийн турш  эмчилж байгаа.

-Аппарат өмнө нь эвдэрч бай­сан
уу?

-Олон удаа эвдэрч засварт орсон. Капитал
засвар ч хийгд­сэн. Жижиг гар удирд­ла­гын системд нь эвдрэл гарсныг хоёр удаа янзал­сан.
Саяын гэмтэл мөн л гар удирд­лагад гарсан байсан. Бид Чехээс инженер дуу­даж засвар
хийлгэсэн. Удирдлагаа шал­гуул­тал зүгээр гэж оношилсон. Түүний дараа аппарат маань
ажилд ороод дөрөв хоноод гар нь дахиад эвдэрчихсэн. Чех рүү  эвдэрсэн хоёр хуучин гараа өгч явуу­лаад засуулаад
хүлээж автал мөн л ажиллаад хоёр цаг болоод эвдэр­сэн. Өнөөдөр нөгөө нэг гараа хийгээд
08.00 цагаас эхлээд 14 хүний эмчилгээ хийгээд байна. Энэ аппаратын хувьд онцгой
цацраг идэвхит үүс­гүүр­тэй гэдэг утгаараа тээвэр­лэлтийн  онцгой нөхцөл шаард­даг.

-Нийлүүлсэн компани яагаад цаад
газартайгаа засвар үйлчил­гээний  гэрээ хийгээгүй
юм бэ?

-Тендерийн үнэлгээ, төсөвт нь засвар
үйлчил­гээний мөнгө огт тусаагүй юм билээ. Төсөвт ер суугддаггүй учраас л аппаратанд
асуудал гараад байна. Хавдар судла­лын төсөвт 
барилгын засвар үйлчилгээ гэсэн санхүүжилт л орж ирдэг. Тусгай аппаратын
засвар үйлчилгээ гэсэн төсөв огт байдаг­гүй. Иймээс л би­дэнд асуудал үүсээд байна.
Энэ аппарат эвдэр­лээ гэхэд Чехээс ирж л засаж өгөхгүй бол бид чадахгүй. Тэд ямар
үнэ хэлнэ, бид тэрүүгээр нь л засвар үйлчилгээгээ авч байна.

-Нэмж аппарат авахгүй юм уу?

-Энэ онд зайн туяаны аппарат­тай болно.
Тэгвэл хүлээгдэл, чирэг­дэл багасна. Шинэ байрны өргөт­гөлөөр манайд хамгийн сүүлийн
орчин үеийн шугаман хурдас­гуур гэдэг хоёр аппаратыг суурилуулах гэж байна. Авст­рийн
Засгийн газ­рын хөрөнгө оруулалтаар төсөл нь хэрэг­жи­нэ гээд хүлээгдээд байгаа.  Барилга байгууламжийнх нь асуу­дал удаашралтай
байна.

-Өнөөдөр гэхэд хэчнээн хүн эмчлүүлэхээр
хүлээж байна, цаана нь хэчнээн хүн хүлээж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар  53 хүн эмчлүүлэх гээд байж бай­на. Үнэ­нийг хэлэхэд
хүлээг­дэж байгаа 100 хүн бий. Мэдээж хэрэг аппарат хүлээг­дэж байх үед хүмүүсийн  амь нас эрсдэлд орсон. Умайн хүзүү­ний хавдрын
эмчилгээ­тэй явж бай­гаа хүнд ганц зайн туяатай 
эмчил­гээ гэж явдаг­гүй. Дотор туяаны эмчилгээ хийгдэж байгаа хүмүү­сийн
эмчилгээ бол тасраагүй. Яа­гаад гэвэл дотор туяа эмчил­гээ явагдаж байгаа. Бас химийн
эмчил­гээ нь явагдаж байна. Хагалгааны дараахь эмчилгээнд орох мөн тол­гой хүзүүний
гэмтэлтэй хүмүү­сийн эмчилгээ ерөнхийдөө тасарчихаад байсан. Аппарат маань эвдэр­­чих
вий гэсэн айдастай л байна даа. Бас хүнээ цөөлж байна.  Аппа­ратынхаа 
ачааллыг  ихэсгээд эвдэлж байхаар хүлээ­гээд
л бай­хаас яахав.

-Хичнээн хоног хүлээ­хээр байна.

-14 хоног. Чехийн “ЮЖП Прага” компани
л засаж чад­на. Манайхан эрэг шураг мултрах, утас салах зэрэг жижиг эвдрэлийг нь
засаад байгаа.

-Эмнэлгийн тоног төхөө­рөм­жийг
авах тендертээ засвар үйлчилгээг нь бодол­цох л ёстой юм байна даа?

-Тийм. Оруулж ирсэн компанид нь санхүүжилтийг
нь шийдэж өгч, засвар үйл­чил­гээг нь хариуцуулж байх­гүй бол хүндрэлтэй юм байна.  Энэ аппарат гэхэд нэг жилийн баталгаатай ирсэн.
Баталгаа нь дуусангуут гэрээгээ хий, бид засва­раа очоод хийчих­нэ гэчих­сэн юм
билээ. Анх­наа­саа ийм бодлогогүй юм хийсэн. 

-Одоо ачаалал бага өгвөл эвдрэл
нь арай гайгүй байж чадах болов уу?

-Ачааллыг нь багасгачи­хаар гайгүй
л дээ. Гэхдээ олон өдөр хүлээсэн хүмүүс, ар гэрийнхэн нь бухимдалтай хэцүү л байгаа.
Эм­нэл­гийн ажилчдын дарамт нэмэг­дэж байна. Аль болох ая эвийг нь олох гээд ажиллаж
байна. Ямар ч байсан цус алдаад байгаа хүмүүсээ түрүүлж оруулна. Энэ  мэтээр 53 хүнээ ая эвээр нь оруу­лах гээд л үзэж
байна. Өнөөдрөөс эхлээд 50 хүнээр хязгаар­лана. 
Шинэ аппара­таа энэ ондоо багтааж 
оруулж ирэх­гүй бол энэ аппарат эвдрэл­гүй ажиллана гэдэг бараг л худлаа
болчихлоо. Шинэ аппарат­ын хувьд тендер зар­ла­на, орж ирнэ, оруулж ирэх тээвэрлэлт,
суурилуулалт гээд бодохоор бараг гурван сар болно. Урьд нь зарлагд­сан тендер цуц­лагд­сан.
Одоо яамнаас удахгүй зарлана гэсэн. Тендерийн үнэлгээ­ний комист Эрүүл мэндийн яам­наас
л ордог. Манайхаас аж ахуй хариуцсан хүн ордог юм. Бид мате­риалыг нь бүрдүү­лээд
өгөх үүрэг­тэй. Манай тендерт эмийн тендер шиг олон компани ордоггүй, тоо­той хэд
нь л ордог, онцгой бүтээг­дэхүүн гэдгээ­рээ их олон үе шат дамжиж арай зардал өртөг
өндөртэйгөөр  оруулж ирдэг. Ноднингийн тенде­рийн
хувьд  тендерт оруулж ирсэн компаниудын үнийн
санал манай санал болгож байсан үнээс их бай­сан учраас цуцлагдсан юм. Эмч нарын
өвчтөнүүдтэй харил­цахад хүнд л байна. Сэтгэлээр унасан ар гэрийн­хэн болон бухимдалтай  хүмүү­сийг харна гэдэг хэцүү шүү дээ. 

-Аппарат засварлах төсөв байх­гүй
гэсэн. Аппаратаа засуу­лах мөнгөө хаанаас зохицуулсан бэ?

-Эрүүл мэндийн яамны нэмэлт төсвөөр
авсан. Дөрөв­дүгээр сард аппарат зогссон. Бид нэмэлт сан­хүү­жилтийг Засгийн газраас
ЭМЯ руу шилжүүлж  авсан.  Нийт 25 сая төгрөгөөр энэ засварыг хийлгээд байна.

Ц.БААСАНСҮРЭН

С.АРИУНЖАРГАЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ардын намын сэвсэн дээр орилогсод хэн бэ?

Ардын нам 2009 оны Ерөн­хийлөгчийн
сонгуулиас эхлээд сүүлийн таван сон­гуульд дараалан ялагдлаа. Үргэлж эрх баригч
байх юм шиг аашилж явсан энэ намын­хан өнөөдөр шалдаа бууж, газрын хөрснөөс бараг
арчигдчихлаа. МАН-ыг нэр­тэй, сүртэй явахад нь дагаж гүйсэн, толгойд нь явсан нөх­дүүд
хоолондоо хүрчихээд ор сураггүй алга болцгоосон. Одоо тэдэнд Ардын нам хэ­рэггүй.
МАН сонгуульд орол­цоно уу, ялагдана уу падлий ч байхгүй болоо биз.

МАН-ын лидер гэгдэж явсан эрхмүүд
өнгөрсөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намаасаа үстэй толгой­гоо барин зугтсан
гэсэн яриа бий. Ер нь ч нэр хүнд нь шороотой хутгалдаж, бараг сонгуульд ялагдах
нь тодор­хой болчихсон байсан  энэ намтай
хэн зууралдахыг хүсэх билээ.

Харин эзэнгүй газрын буг  галзуурна гэгчээр Ардын намын сэвсэн дээр залуу,
дунд, ахмад үеийн хэдхэн хүн дураараа орилолдож байх шиг байна. Намаа шинэчил­нэ,
өөд нь татна хэмээн өөр хоо­рондоо хэрэлдэж сууна. Ямар сайндаа улс төрийн туршлагагүй
хэдэн залуу ши­нэч­лэл ярьж цөс нь  хөөрөх­дөө
хүн бүхэн амарчихсан зуны назгай өдрүүдэд намын­хаа Бага хурлыг хийнэ гэж сагсуурахав. 

Тэдний нэг нь Н.Номтой­баяр. Алтны
магнатын амьд­рал мэдэхгүй энэ хүүд улс төрийн туршлагасаад байх юм байхгүй. С.Батболдын
Засгийн газрын үед мөнгө төгрөгөөр далайлгаж, дэд сайдын суудалд очсон гэж яригддаг
байсан шавилхан залуучуудын нэг гэдгийг нь 
эс тооцвол шүү дээ. Саяхнаас УИХ-ын гишүүн хэмээх сэтэр зүүж, хааяа цор цор
дуу­гар­даг болсныг нь улс төрийн туршлага гэхгүй байлгүй.

Ш.Отгонбилэг агсны хүү Содбилэг шавартай
хутгалд­сан Ардын намыг шинэчлэх юм гэнэ. Тулхтай, туршлага­тай яггүй улстөрч гэж
түүний аавыг хэлбэл хэн ч маргахгүй. Харин Содбилэгийн хувьд улс төрийн энэ халуун
тогоонд хэн билээ, юу билээ гэвэл хэн ч мэдэхгүй. Улс төрийн намын шинэчлэл гэж
чухам юу байдгаа ч ойлгож байгаа юм уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй энэ залуу сайн
аавын нэрээр улс төрд орсон гэгддэг. Үүнээс өөр сайн нэр, мундаг намтар түүнд үгүй.

Ж.Мөнхбат. Сүүлийн хэдэн жилийн  Ардын намын уналтад түүний оролцоо ч байсан.
“Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгийн хэрэг гэгчид Ж.Мөнхбатын нэр  хав­чуулагддаг. Энэ асуудал тухайн үеийн МАХН-ыг
хар будгаар цацсан. Үнэндээ Ар­дын намын нуралт энэ үеэс эхэлсэн гэхэд ч болно.

МАН МАХН байх үедээ Монголын ардчилсан
социа­лист залуучуудын холбоо­гоор дамжуулж боловсон хүчнээ бэлтгэдэг байв. За­луу­чууд
нь энэ холбоог албан тушаал, эд хөрөнгөнд хүрэх 
гүүрээ болгон ашиглаж бай­лаа. Ийм учраас хуучин Ху намын муу муухай бүхнийг
гүйцэтгэгчид нь сүүлд нэрээ сольсон энэ холбооноос гаралтай.

Харин Ж.Мөнхбат энэ хол­­бооны гишүүн
байсан. Тэгэхээр МАН-ын нэр төрийг гутаах үйл ажиллагаанд тэр анхнаас нь гар бие
оролцож явсан байж таараа.  Тэр   одоо ч МАН-ын нарийн бичгийн даргын албыг хашдаг.
Тий­мээс Ардын намын гутамшиг­тай, өрөвдөлтэй сонгуулийн ялагдлуудад тэр буруутай.
Намаа өнөөдөр ийм байдалд хүргэхэд хувь нэмрээ оруул­сан хүн шинэчлэл хийж, сайн
сайхан болгоно гэдэгт хэн итгэх билээ. МАН-ыг шинэч­лэх гээд байгаа залуусын зах
зухаас нь дурьдахад  ийм байна.

Энэ залуустай хамт Ардын намд үлдсэн
ахмад, дунд үеийнхэн дотор ч торойх лидер ховор болжээ. Дунд үеийнхнээс тод лидер
нь  С.Батболд, М.Энхболд байна гэж нэрлэж
магадгүй. Гэвч олигархи хэмээн цоллуулж муу нэр зүүсэн тэд олны өмнө ил гарч, хүний
өөдөөс ч эгцэлж харж чадахааргүй болт­лоо алдаа дутагдал гар­гасан нөхдүүд. Тиймээс
сүүлийн үед  намаасаа  дөлж,  
чимээгүйхэн шиг суухыг эрхэм болгосон. С.Баяр, У.Хүрэлсүх нарын тухай яриад
ч хэрэггүй.  Нүдэн балай чихэн дүлий гээд
амь амиа бодон намаа­саа зугтаасан хүмүүс. 
Тэгвэл МАН-ыг шинэчлэх залуустай хамт буйран дээрээ орилол­дож байгаа нь
хэн бэ.  Намаа толгойлж яваа Ө.Энхтүвшин,
Г.Занданша­тар л байна. Тэд­нийг лидер гэх үү, лойдор гэх үү хэмээн эргэлзэж суугаа
хүмүүс бишгүй бий байх.

Тийм бол ахмад үеийнх­нээс хэн байна
гээд харахаар парламентад буг болтлоо сууж, өнөөдөр үг нь үнэ цэнэ­тэйд тооцогдохоо
байтлаа үнэлэмж нь буурсан Ц.Ням­дор­жоос өөр хүн алга. Ийм л нөхдүүд өнөөдөр улс
төр мэдэх­гүй хэдэн залуутай хамт МАН-д үлджээ.

Тэд яагаад МАН-ыг ши­нэч­лэх гээд
байгаа юм. Сайн­даа ч биш гэдэг нь ойлгомж­той. МАХН байх үеэс МАН-ын толгойд  явж, хөлөө олж баяж­сан нөхдүүдийн орхиод явсан
орон зайг эзэлж, тэ­дэнтэй адил баяжихыг хүс­сэндээ шинэчлэл хэмээн хаш­гиралдаж
байгаа юм. Үгүй бол өөрсдийгөө бодоод намаа тэр чигт нь шалбаагт хаях хүмүүс. Гэхдээ
тэд энэ хор­воод үхснийг амилуулж бол­доггүй. Харин шинээр төрж аливааг шинээр байгуулж
болдгийг мэддэггүй гэж үү. Нэгэнт сэхэл авахаасаа өн­гөр­­сөн Ардын намыг босгох
гэж үйлээ үзэхийн оронд өөр шинэ нам байгуулаад явбал өлзийгөө өгч мэднэ. Тэгээд
ч  МАН-ыг сэргээлээ гээд энэ нийгэм хүлээж
авахад бэрх болчихлоо шүү дээ. Тэгэхээр Ардын намд үлдсэн ахмад, залуу гэлтгүй цөм
шаварт шигдсэн намаа хаяад хар толгойгоо бодвол яасан юм. 

Тэгээд ч Ардын намынхан шинэчлэл хийхээс
өмнө дотооддоо толхилцоод эхэл­сэн гэнэ лээ. Шинэчлэлийн тухай яриад яваа залуусаа
намынхан нь тийм ч таатай хүлээж авахгүй гэх. Хэлж байгаа үг, хийж буй үйлдлийг
намынх нь ахмадууд доог тохуу болгон элэглэж суугаа гэсэн. “Юу ч мэдэхгүй жаахан
хүүхдүүд 90 жилийн түүхтэй энэ том намыг шинэчиллээ юу” хэмээн даапаалж байгаа сурагтай.
Энэ нь ч сонгуу­лийн дараа болсон үйл явд­луудаас тодорхой харагдаад авсан.

Бага хурлаа долдугаар сарын 30-нд
хийхийг шаар­сан бичгийг нь МАН-ын удирдлагууд хүлээж авахдаа амыг нь дагаж хошгоруулж
байлаа. Гэвч ард нь “Та нарын санаснаар болно гэж юу байхав. Улс төр мэдэхгүй бацаанууд
хүн бүхэн амар­сан халуун зунаар хурал хийлгэх юм гэнэ” хэмээн дотроо инээж байсан
гэдэг. Тийм ч учраас Бага хурлыг тэдний хүссэнээс өөрөөр шийдэж, наймдугаар сарын
5-нд хийхээр тогтлоо. Намын дарга нараа хүссэнээрээ хө­дөл­гөж чадаагүйгээс болсон
уу, шинэчлэл хийхээр зориг­ло­сон залуус дотроо хэдэн хэсэгт хуваагдаж тараа та­ниу­лаад
эхэлсэн  дуулдана. Одоо ингэж байгаа хүмүүс
Ардын намыг шинэчлэх нь юу л бол. Тэгснээс шинээр намаа байгуулаад мөрөө хөөцгөө­сөн
нь дээр биш үү.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Зохиосон тоног, төхөөрөмжүүд нь таарахгүй байгаагаас утаагүй түлшний үйлдвэр ашиглалтад орохгүй байна

Нийслэлийн утааг ба­гас­гах үүднээс
өндөр өр­төг бүхий утаа бага ял­га­руулдаг түлшний үйлдвэр барих ажил эхлээд гурван
жил гаруй хугацаа өнгөр­чээ. 2010 оны долдугаар сараас эхэлсэн түлшний үйлдвэр одоог
хүртэл ашиг­­лалтад ороогүй бай­на. Уг нь өнгөрсөн жи­лийн есдүгээр сард ашиг­лалтад
бүрэн орох ёстой байсан.

II  дулааны цахилгаан станцыг
түшиглэн барьж буй дээрх бүтээн бай­гуу­лалт 20 тэрбум төгрөгийн өртөгтэй. Үүнээс
өчигд­рийн байдлаар 17 тэрбум төгрөгийг түлшний үйлд­вэр барих ажилд бүрэн зарцуулаад
байгаа юм байна. Утаа бага ялга­руулдаг түлшний үйлдвэр барих ажлыг “Намир” ин­вест
компанийн охин ком­пани болох “Аморе интер­нэшнл” ХХК, ОХУ-ын “Сиб­­термо” компанитай
хамтран хийж байгаа. “Аморе интернэшнл” ХХК-ийн захирал О.Болд­­баатар өнгөрсөн
жилийн зургадугаар сард “Ирэх наймдугаар сар гэхэд утаагүй түлшний үйлдвэр бүрэн
ашиглал­тад орно. Есдүгээр са­раас нийслэлийн иргэ­дийг утаагүй түлшээр хан­гах
болно” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээдэл хийж байв. Гэвч үйлдвэр одоог
хүртэл ашиг­лалтад ороогүй бай­гаа юм.

Энэ хугацаанд Нийс­лэ­лийн Засаг дарга
Э.Бат-Үүл эхлээд очиж угсралтын  ажилтай нь
танилцсан. Тэр үед “14 хоногийн дараа ашиг­лал­тад өгнө” хэмээн дээрх компанийн
захи­рал мөн л ам бардам өгүүлж байв. Ингээд утаа­гүй түлшний үйлдвэр ашиг­лалтад
орохгүй боло­­хоор нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ямар учраас утаагүй түлш­­ний үйлдвэр
ашиг­лалтад орохгүй байгааг өөрийн биеэр очиж шал­га­сан.  Тухайн үед тоног, төхөөрөмжийн тохир­гоо­ны ажилд
алдаа гарс­наас үүдэн хугацаандаа амжиж чадахгүй хэмээн тайлбарлаж байв. Мөн тэр
үед сарын хугацаанд ашиглалтад оруулна хэ­мээн амлалт өгөөд буцаа­сан. Гэвч одоо
хүртэл ашиглалтад ороогүй бай­на. Бүр төсөл хэрэгжүүлж буй компаниуд утаагүй түлш
үйлдвэрлэх үйлдвэ­рийн угсралтын ажил бүтэл­гүйтсэн хэмээн үйл ажиллагаагаа зогсоогоод
байгаа талаар бидэнд мэдээлэл ирсэн юм. Энэ талаар сурвалжлахаар “Аморе интернэшнл”
ХХК-ийн байранд очсон боловч энэ талаар мэдээ­лэл өгөхөөс эрс татгал­заж байв. Тиймээс
II ДЦС руу очлоо. Тэнд тус компа­нийн нэг ч ажилтан бай­сан­гүй. Төслийн ажил­чид
байхгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг тэнд байсан II ДЦС-ын ажилчид хэлж
байв.

Утаагүй түлшний үйлд­­вэрийн цогцолбор
барих төслийн хүрээнд үндсэн дөрвөн ажил хий­жээ. Нэгдүгээрт, жилд 210 мянган тонн
хагас коксж­сон шахмал түлш үйлд­вэр­лэх үйлдвэрийн барил­­­га, тоног төхөө­рөмж
суурилуулах, тур­шилт тохируулга хийсэн байна. Хоёрдугаарт, хий­сэн шахмал түлшээ
хад­га­лах агуулах барьжээ. Гуравдугаарт, “ДЦС-2”-ын зууханд өөрчлөлт хий­жээ. Төсөл
хэрэгжсэнээр станцын хэрэглэх нүүрс­ний хэмжээ ихсэх гэнэ. Тиймээс нүүрс буулгах
талбайг томсгох, шинэ­чил­сэн зууханд шаард­лагатай нүүрсээр ханга­хын тулд бутлагчийг
шинээр солих, өөрчлөх, дээр нь зуух руу өгч буй нүүрсний дамжуулагчийг өөрчлөх цогц
ажил хий­жээ. Эдгээр ажлын төсөвт өртөг нь 16.8 тэрбум төг­рөг. Үүнээс 2011 онд
83 хувийн санхүүжилт авч, 14 тэрбумыг барилга бай­гууламж барихад зар­цуул­сан байна.
II цахил­гаан станц одоо буталсан нүүрсээ дутуу шатаах юм байна. Тэгээд хагас коксж­­сон
нүүрсээ кон­вей­роор дамжуулан үйлдвэр рүүгээ буюу  том бункер рүү хийх зураг
төсөл гар­га­жээ. Үүний дараа дутуу шатсан нүүрсээ шингэн шил болон үнстэй хольж,
зуураад хэвэнд оруулан, хатаах цехээр дамжуу­лан хатаагаад агуулах руу дамжуулахаар
тө­лөв­­лө­жээ. Дээрх зураг төслийн дагуу шингэн шилний үйлдвэр тусад нь барьсан
байна. Бас ха­таах үйлдвэр хүртэл барь­жээ. Уг төслийн  хүрээнд II цахилгаан стан­цын цагт 75 тонн уур
үйлд­вэрлэх хүчин чадал­тай БКЗ-75 маркийн зуухыг өөрчилж шинэ өндөр хүчин чадал
бүхий зуух тавьжээ. Мөн хуучирсан тоног төхөө­рөм­жүүдийг сольжээ. Гэвч гол үйлдвэр
болох шин­гэн шил, үнс дутуу шатсан нүүрсээ хольж зуурах үйлд­­вэр одоо болтол ашиг­­лалтад
ороогүй бай­на. Үүнээс үүдэн улаан­баатарчууд энэ намар утаагүй түлш­ний үйлд­вэр­тэй
болох эсэх нь тодорхойгүй бай­на.

 

  Ч.ХҮРЭЛБААТАР
17 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ САЛХИНД ХИЙСГЭХ ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН УУ

Утаагүй түлшний үйлд­­вэр барих ажил
эхнээ­сээ хэл амтай бай­сан тухай хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр байнга бичиж буй.
Эх сурвал­жаас авсан мэдээллээр утаагүй түлшний үйлдвэр барих ажил эхнээсээ буд­лиан­тай
болсон гэнэ. Зас­гийн газраас утаагүй түлш­­ний үйлдвэр барих тендер зарласан аж.
Уг тендерт арав гаруй ком­па­ни оролцож ажлыг “На­мир инвест” компанийн охин компани
болох  “Амо­ре интернэшнл” ХХК шалгарсан.
Дээрх компа­ни ямар учраас тенде­рийн шалгаруулалтад тэнцсэн нь тодорхойгүй байдаг
тухай эх сурвал­жууд онцолдог аж. “Аморе интернэшнл” ХХК байгуу­лагдаад удаагүй,
өмнө нь бүтээн байгуулалтын ажил хийж байсан турш­ла­га байхгүй зэрэг олон зөрчилтэй
гэгддэг аж. Гэтэл ногоон гэрлээр тен­дерийн шалгаруулалтад тэнцэж, 17 тэрбум төгрө­гийг
халааслах эрхийг тухайн үеийн Эрдэс бая­лаг, эрчим хүчний сайд Д.Зоригт болон Засгийн
газрын Хэрэг эрхлэх газ­рын дарга Ч.Хүрэлбаа­тар нар олгосон байдаг.  “Аморе интернэшнл” ХХК-ийн захирлыг Ч.Хүрэл­­баатарын
хүн гэд­гийг мэдэх хүн олон. Мөн Увс аймгийн гарал­тай хүмүүс. Энэ утгаараа олон
хууль, журам зөрчиж  “Аморе интернэшнл” ХХК-ийг
тендерт ялахад томоохон үүрэг гүйцэт­гэсэн хэмээн зарим нь харддаг. Хууль зөрчиж,
албан тушаалаа урвуу­лан ашиглаж, тендер буд­лиантуулсан талаар УИХ-ын гишүүн асан
Ц.Батбаяр баримт дэл­гэж байсан.

ӨӨРСДӨӨ ЗОХИОСОН,  ДЭЛХИЙД ГАНЦХАН УТААГҮЙ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР

 “Аморе интернэшнл” ХХК утаагүй түлшний үйлд­­вэр
барих ажлаа эхлүү­лэхдээ үйлдвэр барих туршлага байхгүй учир ОХУ-ын “Сибтермо” компанитай
хамтран ажил­лаж эхэлжээ. Үйлд­вэр барих зураг төсөл зэрэг бүх зүйлсийг дээрх компанийн
мэргэжилт­нүүд хийж гүйцэтгэсэн байна. Үйлдвэрийг ямар технологиор, хэрхэн барих
талаар тухайн үед нэлээд асуудал болж байс­ныг зарим эх сур­валж ярьдаг байна. Ийм
төрлийн үйлдвэртэй улсаас туршлага судлах гэсэн боловч олдоогүй гэнэ. Тэгэхээр нь
“Сибтер­мо” компани ОХУ-ын нэ­гэн мужид үйл ажиллагаа явуулдаг утаагүй түлш үйлдвэрлэдэг
жижиг үйлд­вэ­рийн тоног төхөө­рөмжөөс санаа аваад өөрсдөө үйлдвэрийн тех­ник технологийг
зохиож эхэлсэн байна. Бүр за­хиал­га өгч тоног төхөө­рөмжөө хүртэл өндөр зардлаар
хийлгүүлжээ. Зарим нэг нүүрс бутлагч машин зэргийг урд хөр­шид захиалгаар хийл­гүүл­сэн
байна. Мөн ихэнх тоног, төхөөрөмжийг ОХУ-д хийлгэжээ. Ингээд урд, хойд хоёр хөршид
үйлдвэрлэсэн техно­ло­гио эвлүүлж, угсрах гэсэн боловч бүтэлгүйтсэн бай­на. Хоорондоо
таарах­гүй, төлөвлөснөөр ажил­лах­гүй байгаа тоног төхөө­­­рөмжийг сольж, дахин
хийлгүүлэх гэхээр хөрөнгө мөнгөний асуу­дал гарч ирээд байгаа гэнэ. Дээрх шалтгаанаас
үүдэн утаагүй түлшний үйлдвэр барих оролд­лого өнөөд­рийн байд­лаар бүрэн зогсчээ.
Хариуцагч бай­гуул­лагын зүгээс өнөөд­рийг хүртэл утаа­гүй түлш­ний үйлдвэр хэзээ
ашиг­лалтад орох эсэх талаар ямар нэг мэ­дээ­лэл хийгээ­гүй байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Ай бороо

Урд шөнө Улаанбаатар
минь бүхэлдээ үүлэн дунд хоножээ. Нарны бүдэгхэн туяа үүл нэвтлэх гэж аргаа
барах мэтэд нийслэлд маань нэгэн өглөө айлсав. Өрхний оосор даган бороон дусал
газарт унахдаа өвсний толгойд бутрах нь байгалийн зөн юмсан уу. Модон хашааны
орой дээр хэсэг болжмор бороонд норсон өд сөдөө гөвөх нь нэн таатай. Тэдгээр
болжморууд өдөө дэрвийтэл гөвсөний дараа бөмбөг адил бөөрөнхий харагдах. Тэднийг
хүү минь барьж авах гэж аргаа бараад эргэж харах нь бага насыг минь
санагдуулах.

Зузаан үүлсийн хаяа
өргөх мэт нарны туяа үл мэдэгхэн гийх ахуйд хот бүхэлдээ сэрэх мэт. Хажуу
хашааны Тулгаа “Атар өргөө”-гийнхөө машиныг хэзээ ирэх бол хэмээн янжуур асаан,
том цагаан шүдээ ярзайтал инээгээд цагираглан гарах утаагаа үүлсийн зүг үлээнэ.
Энэ утаа үүл болохгүй.

Бороо хааяа нэг ширүүсч,
хааяа татрах нь хаврын тэнгэрийг санагдуулах. Өнөөдөр Г.Эрхэмбаяр аварга минь
Сэлэнгэдээ аварга цолныхоо найрыг хийж байгаа даа гэж бодох ахуйд наадмын
барилдаанууд нь эрхгүй нэг санаанд бууна. Хүү минь отгон аваргын зургийг хараад
“Аварга, аварга” хэмээн бувтнана. Тэгснээ “Хэний бөх вэ, монгол бөхөө” гээд
сумын заан ахынхаа малгайг толгойдоо хэлтгийдүүхэн тавиад тэрүүхэн хавьдаа дэвж
байгаад дүүгээ үнсэхээр чавхдана.

Борооны дуслыг алгандаа
тосох гэж хичээх бүр надаас зугтах мэт газарт яарна. Магадгүй өвсний үндэс
тэтээж, эргэн ууршаад бороо болон орох биз. Тэр үед нь харин алгандаа заавал
буулгана даа гэх атгаг юм шиг хирнээ хүүхдийн гэмээр бодол төрнө. Энэхэн мөчид
цагаа харвал өглөөний 07:30 минут. Хашаанаасаа гараад явахад өглөө бүр
Сонсголонгийн дэнжээс гүйж явдаг өнөө залуу гүйсээр яваа харагдав. Бид
биенийхээ нэрийг мэдэхгүй ч өглөөний мэндийг хамгийн түрүүн биедээ хэлдэг
болоод жил тойром хугацаа өнгөрчээ. Тэр залуу хэзээ эртийн танил шиг минь санагдах
болсоор уджээ. “Залуу, бороотой өдрийн мэндээ хө, өглөө бүр л таарах юм даа.
Амрах болоогүй юу” гээд бороон норсон нүүрээ бэлтгэлийн цамцныхаа ханцуйгаар
шуудраад авлаа. Газрын хэвгий даган урсах усыг харайн гарсаар автобусны буудалд
хүрлээ. 13-181 дугаартай автобусанд хичнээн ч удаа суусан юм бүү мэд. Автобусанд
Н.Энхбаярын тухай яриа хүн хүний ам дамжин ярих сонстоно. Надад бол цонх даган
урсах бороо, үүлсийн хэвлийгээс нарны туяа газарт хүрэх гэж тэмүүлэх
мэт, надад бороон дусал л сонин байлаа.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Д.Батсайхан: Нэг өдөрт 30 тэрбум байтугай нийлээд ч ийм хэмжээний мөнгө гадагшлаагүй

“Хадгаламж” бан­кийг “Төрийн
банк”-нд шил­жүүлээд арав хонох гэж байна. Энэ хуга­цаанд хуучин “Хадга­ламж” банкны
үйлчлүү­лэгчид хадгаламжийн мөнгөө их хэмжээгээр татаж авч байна гэсэн мэдээлэл
хэвлэлээр ца­­­­цагдсан. “Тө­рийн банк”-ны захирал Д.Бат­сайханаас энэ талаар тодрууллаа.

-“Хадгаламж” бан­кийг “Төрийн банк”-нд шил­жүү­лэх үйл
явц ямар шатандаа явж  байна вэ?

-“Хадгаламж” банкийг “Төрийн банк”
руу шил­жүүлэх үйл явц нэг хоно­гийн дотор хийгдэж дуус­сан. Долдугаар сарын
22-нд шийдвэр гарсан. Дол­дугаар сарын 23-ны өг­лөө 09.00 цаг гэхэд шил­жих эхний  алхмаа бид амжилттай хийсэн. Дол­дугаар сарын
23-ны 09.00 цагаас эх­лээд бүх нэгжүүд хэвийн үйл ажил­лагаан­даа ор­сон. Өнөөд­рийн
байдлаар ха­рилцагчдын зүгээс ямар нэгэн гомдол санал гар­сангүй. Бүх сал­бар нэг­жүүд
хэвийн ажиллаж байна.

-“Хадгаламж” банк­ны өмнө үзүүлж бай­сан бүх үйлчилгээ­нүүд
хэвийн явагдаж бай­гаа юу?

-Бүх үйлчилгээ хэвийн явж байна. Та аль сал­бараар, ямар ажилтнаар,
ямар нөхцлөөр үйлч­лүүл­дэг байсан яг тэр хэвээрээ байгаа.

-Зарим
сонин хэвлэлээр
Төрийн банкнаас их хэм­жээ­ний мөнгө гадагшиллаа гэсэн мэдээлэл гарч
байна.  Ганцхан өдөрт гэхэд 30 тэр­бум төгрөг гадагшиллаа,  нийтдээ 117
тэрбум төгрөг гарсан гэх тоо байна.
Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Тийм зүйл огт байхгүй. Зарим хэвлэлээр яриад
бай­гаа шиг өдөрт 30  тэрбум, нийтдээ 117
тэрбум төгрөг гадагшилсан юм алга. Шил­жих үйл явц эхэлснээс хойш­хи долоо хоногийн
хугацаанд гадагшилсан гэдэг ташаа мэдээ­лэл болохыг хариуц­лагатайгаар мэдэгдье.
Харин ч нэмэгдэх урсгал ихтэй бай­на. Өчигдөр л гэхэд 3.5 тэр­бум төгрөгийн хугацаатай
хадгаламж нэмэгдсэн байна.

“Хадгаламж” банкыг “Тө­рийн банк”-инд шилжүүлсэн
энэ цаг хугацаа нь өөрөө онцлогтой үе байлаа. Амралт, аялал зугаалгын цаг эхэлсэн,
зургаан аймаг, 40 гаруй сумдад томоохон ойн баяр наадмууд болж байна. Хичээ­лийн
шинэ жил, найр наад­мын бараа татан авалт эхэл­сэн зэрэг мөнгөн урсгал гадаг­шилж
буй цаг хугацаа юм.

Өмнөх жилүүдийн энэ цаг хугацаанд ч мөнгө гадагшилж
байсан. Гэвч “Хадгаламж” банкийг “Төрийн банк”-инд шил­жүүл­сэн эхний дөрвөн өдөр
гадагш­лах урсгал бай­сан бол сүү­лийн гурван өдөр хадгаламж шинээр нээгдэх, хадгалам­жийн
хэмжээ нэмэг­дэх урсгал идэвхитэй байна.

-Өмнөх жилийн өдийд гадагшилснаас их мөнгө гарч
байгаа  учраас хэвлэ­лүүд их тоо тавьж мэдээл­сэн
байж болох уу?

-Харин ч өмнөх жилийн мөн үед гадагшилсан урсгал­тай
харьцуулбал шилжилт эхэлсэн эхний дөрвөн өдрийн гадаг­шилж байгаа мөнгөн урсгалын
дундаж  хэмжээ нийт хадгаламжийн 0.6 хувиас
хэтрээгүй. Тэгэхээр энэ бол банкинд хэвийн л байдаг үзэгдэл. Банкинд гадагшлах,
дотогшлох урсгалыг нэг хувийн дотор байвал хэвийн гэж үздэг.

Ер нь иргэд, харилцагчид банкны шилжих процесст
их тайван, хүлээцтэй хандаж байна. Ганцхан статистик тоо хэлье. “Төрийн банк”-ны
лав­лах утаснаас мэдээлэл авсан иргэдийн тоо “Хадгаламж” банкийг нэгтгэс­ний маргааш
өдөр 1502 бай­сан бол түү­нээс хойших өдрүү­дэд 936, 126, 51, 48 болж эрс буурсан
байна.

-Та зарим хэвлэлээр байр сууриа илэрхийлсэн. Саяын
ярьсныг чинь сонсо­хоор өмнө нь таны өгсөн мэдээллээс өөр агуулгатай болоод байна
л даа. Хэвлэ­лүүд хэлснээс чинь зөрүү­тэйгээр мэдээлээд байна уу, эсвэл танай банк
болон таны зүгээс зөрөөтэй  мэдээ­­лэл өгөөд
байна уу?

-Олон хэвлэл надад хан­даж ярилцлага, мэдээлэл
авч байгаа. Манай банкны хувьд олон нийтэд нээлттэй ажил­лаж байна. Асуусан асуултад
нь хариулаад л явуулсан. Гэтэл зарим хэвлэл хэлсэн мэдээллийн агуулгыг гажуу­дуу­лах
юм уу, эсвэл утгыг нь өөрчлөх зэргээр нийтэлсэн тохиолдол ганц, хоёр удаа гарсан.
Хэвлэлийн эрх чөлөө биз дээ гэдэг үүднээс хүлээц­тэй, хүндэтгэлтэй хандаж байна.

-Та өмнө нь ХААН бан­кинд олон жил ажилласан,
банкийг удирдаж байсан туршлагатай хүн. “Төрийн банк”-инд нэгтгэсэн “Хад­га­­ламж”
банкны хувьд улс орон даяар олон салбартай­гаараа ХААН-тай төстэй. Ийм онцлогтой
банкийг удир­­дахад өөр менежмэнт шаарддаг уу?

-Улс орон
даяар салбар­тай банкийг удирдаад явна
гэдэг бол бас нэг өвөрмөц менежмент л дээ. 
Энэ өвөр­мөц менежмэнтээс авч үлд­сэн туршлага маань цаашдаа энэ банкийг
аваад явахад хэрэг болох  байх. Би гурав дахь
банкиндаа ажиллаж байна. Өмнө нь ХААН  банк­наас
гадна “Хас” банкинд ажил­лаж байсан.  Банкны
системд арав гаруй жил ажил­лас­ныхаа дийлэнх хувийг ХААН банкинд
ажил­ла­сан байдаг.
ХААН банкинд салбарын захирлаас нь эхлээд орлогч захирал хүртэл арван
жил ажилласан.
Энэ хугацаанд  гадны олон удирд­лагатай хамтарч
бай­сан. Жишээ нь Япон, Англи, Америк захиралтай хамт ажил­лаж байлаа.
Энэ гурван
орны банкны системийн туршлагаас бага сага ч гэсэн хуваалцсан. Намайг
“Төрийн банк”-ны
удирдлагаар томи­лох­доо энэ туршлагыг маань харгалзаж үзсэн болов уу
гэж боддог.
ХААН  банкийг 200 гаруйхан салбартай байхаас
нь эхлээд 500 гаруй салбар­тай болох хугацаанд бүх шат­ных нь 
удирдлагад ажил­ласан.  Мэдээж энэ туршлага маань цаашид “Төрийн
банк”-ийг
амжилттай удирдан ажил­лахад тус дэм болно байх.

-Өнөөдрийн “Төрийн банк­”-ны гол үйл ажилла­гаа
хаа­шаа чиглэж байна, таны хамгийн их анхаарч байгаа ажил юу вэ?

-Хувийн банк хоёр хянал­тын дор үйл ажиллагаа
явуул­­­даг. “Төрийн банк” най­маас есөн хяналтын дор үйл ажиллагаа явуулдгаараа
онц­­лог­­той. Тэр утгаараа “Төрийн банк”-ны үйл ажил­ла­гаа харьцангуй ил тод,
нээлт­тэй байдаг. Тэр хэрээ­рээ эрсд­­лээс ангид байдаг. Эрс­дэл бага байдаг гэсэн
үг. Ер нь “Төрийн банк”-ийг ашгийн төлөө гэхээсээ илүү үйлчил­гээнд анхаарлаа түл­хүү
хандуулна. Иргэдэд үйл­чилж байгаа санхүүгийн үйл­чил­гээг аль болох шуурхай, элдэв
чирэгдэлгүй байлгахад гол анхаарлаа хандуулж ажил­­ла­на. Мөн шинэлэг хэлбэ­рийн
үйлчилгээнүүд нэвтрүү­лэх чиглэлд анхаарч байна. Хоёр дахь анхаарлаа хандуу­лах
өнцөг бол эрс­дэлгүй сан­хүү­гийн үйлчилгээ. Аливаа үйлчилгээ  эрсдэлгүй, санаа зовох зүйлгүй байх ёстой. Ямар
нэг эрсдэлгүй­гээр сан­хүү­гийн үйлчилгээг хүргэхийн тулд “Төрийн банк” илүү хариуц­лагатай,
дүрэм жур­маа мөрдөн ажиллах шаард­­лагатай гэж үзэж бай­гаа. Дүрэм журмаа биелүүлж,
ягштал барьж ажиллах нь бидний чухал зорилт болж байна. Дүрэм журмаа бие­лүүлж,
хариуцлагатай ажил­лаж байгаа банк урт хуга­цаанд тогтвортой амжилтад хүрч чаддаг.

 

Ц.БААСАНСҮРЭН

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Р.Нямсүрэн: МАН иймэрхүү байдлаар ажлаа явуулаад байвал арчигдах болно

УИХ-ын гишүүн асан Р.Нямсүрэнтэй МАН-д өрнөөд
буй шинэчлэ­лийн талаар ярилцлаа.

 

-Намдаа үүсээд бай­гаа “Ши­нэчилье” хө­дөл­­гөө­ний
талаар ямар байр суурьтай байна вэ?

-МАХН одоо МАН нэртэй болчихсон. На­мын хувьд
шинэчлэл гэдэг 20 гаруй жил ярьж байна. Даанч дорвитой шинэчлэлийн хийгээд үр дүнд
хүрсэн нь алга. Ши­нэчлэл гэдэг нэ­рийн дор хийгдсэн зарим ажил харин ч эсрэгээ­рээ
сөрөг үр дагавар авчирч мэднэ.

-Ямар?

-Үүнийг би ямар учир­тай хэлсэн бэ гэхээр сүү­лийн
таван сонгуульд МАН ялагдал хүлээлээ. Эдгээр таван сонгуулийн үед ч шинэчлэлийн
та­лаар ярьж байлаа. Шинэчлэл хийж байсан уу гэвэл хийж байсан. Намынхаа нэрийг
хүртэл солиод амжсан. Энэ бүгд шинэчлэл нэрийн дор үр дүн болж чадсангүй. Тийм болохоор
өмнөх шинэчлэлүүд амжилтад хүрсэнгүй гэсэн бодолтой байна.

-“Шинэчилье” хө­дөл­гөөний залуусын талаар ямар
бодолтой байна вэ?

-Одоогийн залуус шинэчлэл гэдэг нэрийн дор намыг
сэргээх, хүчир­хэг­жүүлэх тухай бодлого зорилготой явааг хэвлэ­лээс л харах юм.
“Ши­нэчилье” хөдөлгөөний залуус шинэчлэл хийж болно оо. Гэхдээ ямар цаг үед, чухам
юуг нь шинэ­чилж, үр дүн нь юу байх вэ гэдгийг дүгнэсэн байх ёстой. Залуучуудын
хувьд ийм шинэчлэл хий­нэ гээд цаасан дээр буул­гасан эсэхийг нь мэдэхгүй бай­на.
Ер нь бол намыг шинэчлэн өөрчлөх, ард түмэнд нь ойртуулах, ард түмний тусын тулд
үйл ажиллагаа явуулдаг бол­гох хэрэгтэй. Уг үйл ажил­лагаа нь ард түмэнд ач тусаа
өгдөг байх нь зайлш­гүй хэрэгтэй бай­гаа. Тийм болохоор энэ шинэчлэл ус, агаар мэт
хэрэгтэй байгаа тул ши­нэч­лэлийг дэмжиж бай­на.

-Шинэчлэлийг дан ганц залуус хийх бус та бүгд
ч гэсэн үүнд орол­цож болохгүй гэж үү?

-Шинэчлэлийг хийнэ гээд дан ганц залуучууд л шуугиад
байна уу даа гэсэн зүйл анзаарагдаж байгаа юм. Хүн тө­рөлхт­ний жам ёсны нэгэн зүйл
бол өнгөрсөн, одоо, ирээ­дүй гэсэн гурван цагийн хэлхээс дээр тогтдог. Үүнийг улс
төр, нийгэм, хүн дээр аваад ирэхээр ахмад, дунд, залуу үеийн нэгдэл байх ёстой.
Уг гурван үеийн хэлхээ хол­боог хэр бүрдүүлж байгаа юм бүү мэд. Ахмадуу­дынхаа үгийг
сайн сон­сож, тэдний зөвлөгөөг авахгүйгээр нэг хэсэг за­луус сэтгэлийн хөөрлөөр
шинэчлэл хийнэ гээд бужигнуулаад эхэлбэл тооноо засах гээд гэрээ нураадгийн адил
зүйл болно. Тэгж алиа алдсан зүйл болгохгүйн тулд сайтар бодох л хэрэгтэй.

-Та төр түшилцэж яв­­сан хүний хувьд ши­нэчлэлийн
шуурганд нам хэрхэн найгах бол гэсэн эмзэглэл төрөх юм уу?

-Улс төрийн намуу­дын сөргөлдөөн бие бие­ийнхээ
дээр гарах гэсэн эрмэлзлэл бий болчи­хож. Нөгөө талаасаа бод­лого нь тэр юм уу олон
жилийн түүхтэй Ардын намыг бүр улс төрийн тавцангаас арччих юмсан гэсэн хү­сэлтэй
хувь хү­мүүс, улс төрийн хүчин, нийгмийн хэсэг бүлгүүд байгаа байх. “Шинэчи­лье”
хөдөл­гөө­ний залуус тиймэрхүү бодолтой хү­мүүс дээр ташуур нэмээд намаа үгүйсгэлийн
үгүйс­гэл болгоод алга болгох вий дээ гэсэн болгоомж­лол төрж байна. Түүнээс ши­нэчлэл
бол МАН-д юу юунаас илүү хэрэгтэй байгааг бүгд хараад сууж байгаа.

-Намын шинэчлэ­лийг хэрхэн хийвэл үр дүнд хүрэх
бол. Ми­хайлд бодол бий гэдэг шиг танд ч бодсон зүйл байгаа л байх?

-Тэдний хэвлэлд өг­сөн ярилцлагыг уншихад арай
л хөнгөн хийсвэр хандаад байна уу даа гэсэн бодол төрөх юм. Улсын баяр наадам болох
гээд ямар ч хүн улс төр сонирхохгүй байсан үед намын Бага хурал хуралдуулна гэж
зүтгэс­нээс харахад арай л ог­цом хандаад байгаа са­нагдлаа. Үүнийг эхлээд бодож
цэгнэж байх хөд­лөх хэрэгтэй. Өчигдрийн сонгуульд бид ялагдчих­лаа. Өнөө­дөр бид
намаа шинэчил­нэ гээд ухасхийн ордог ажил бол намын шинэч­лэл яавч биш.

-Залуучуудын зү­гээс ахмадуудынхаа санал хүсэлтийг
хэрхэн сонсож байна вэ?

-Би Даш-Ёндон дар­га­тай тааралдсан. Тэр хүний
ярьж байгааг сон­соход ер нь залуучууд уулзаж, санал бодлоо солилцсон гэж байна
лээ. “Шинэчилье” хөдөл­гөө­ний залуус намын лиде­рүүдтэй санал бодлоо хуваалцах
нь нэг хэрэг. Намын жирийн гишүүд ард иргэд, намынхаа тө­лөө бүх насаараа зүтгэж
яваа үй олон ахмад үеийнхэн, дунд үеийнхэн сонгууль болоход намын төлөө жинхэнэ
утгаараа гүйж явдаг. Хүмүүсийн хард­гаар нохойд барьдаг мод нь шахуу болчихсон хү­мүүс
бий. Намын анхан шатны үүрт байгаа хүмүүсээс санал бодлыг нь авч, тэдний дэмжлэг­тэйгээр
ажиллах ёстой.

-Намын анхан шат­ны үүрүүдийн санал жинхэнэ амьдрал
дун­даас гарсан санал гэж боддог. Гэтэл яагаад үүнийг тоолгүй цөөхүү­лээ шийдээд
бай­гаа юм бол?

-Сүүлийн үед намын анхан шатны байгуул­лагаас
нам хөндийрсөн байж магадгүй гэж надад бодогддог. Намын нэр сольсон асуудалд ч би
шүүмжлэлтэй ханддаг. Намын нэрийг солиход 99 хувь нь зөвшөөрсөн гээд намын нэрийг
соль­сон. Намын нэр солиход 99 хувь нь зөвшөөрөөгүй гэж бодож байгаа. 51 хувь нь
зөвшөөрсөн бол дээ­дийн заяа байж мэднэ. МАН иймэрхүү байдлаар ажлаа явуулаад байвал
арчигдах болно. Шинэч­лэл хийж байгаа залуус хамгийн гол нь энэ мэт алдааг орвон­гоор
нь өөрчлөх л шаард­лагатай байна.

Намын анхан шатны нэгжид ажиллаж байгаа гишүүдтэй
ойрхон байж санал бодлыг нь сонсож гэмээнэ жинхэнэ утгаараа шинэчлэл хийгдэнэ.

-МАН-ын таван удаа­гийн сонгуулийн ялаг­дал намаа
хүнд цохил­тод оруулсан. Үүний бурууг хэнээс нэхэх ёстой вэ?

-Энэ таван удаагийн сонгуулийн дараалсан ялагдал
намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн алдаанаас болсон гэж боддог. Намынхаа ан­хан,
дунд шатных­наа­саа хөндий явсны хар гай байхгүй юу. Намын хур­лууд ил тод нээлттэй,
хү­ний үг, саналыг сонссон хэлбэрээр хийгдэх нь багассан юм болов уу гэж боддог
боллоо. Гэхдээ намын Бага хурлын ги­шүү­дийн яриаг сонсож байхад энэ бүхэн илт мэдрэгдэж
байгаа. Сүү­лийн үед намын томоо­хон хуралд оролцоогүй болохоор сайн мэдэхгүй байна.

-МАН-ын удирдла­гууд өөрсдийн хүлээ­сэн үүрэг,
хийх ёстой ажлаа хэр биелүүлсэн гэж дүгнэж байна вэ?

-Би үүнийг дүгнэж хэ­лээд яахав. Тэртэй тэргүй
бодит байдал тодорхой хариултыг нь өгч байна. Таван удаагийн сонгуу­лийн ялагдал
тэдний ажлаа хэр сайн хийсний дүн юм. Тийм болохоор тэднийг ажлаа хийж ча­даа­гүй
гэж дүгнэхээс өөр арга алга. Удаа дараа­гийн ялагдлууд тэднийг ажлаа сайн хийсний
гавьяа гэж хэлэх үндэс байхгүй байгаа биз дээ.

-Таны яриаг сонсож байхад шинэчлэлийн залууст
шүүмжлэлтэй хандаж байгаа хэрнээ дэмжиж буй өнгө аяс анзаарагдлаа…

-Одоохондоо би тэд­ний байдлыг хараад л сууж байна.
Шинэчлэл хийж байна гээд юм бү­хэнд навсганаж, салба­ганан гүйдэг нас өнгөр­чээ.
Үр дүнг нь харж л байя.

 

Э.ЭНХБОЛД

Д.АМАРТҮВШИН

Categories
редакцийн-нийтлэл

Ажиа гэгээн: Бурхны шашны ном, сургааль, ерөөлийг монгол хэл рүү орчуулан уншдаг болох хэрэгтэй

Хөх
нуураас то­дор­сон Ажиа Гэ­гээн Мон­голд цусны хорт хав­дартай хүүх­дийн эмнэ­лэг
барьж бай­гаа юм. Долоон давхар энэ эмнэлгийг барихад нэлээд их мөн­гө орж байгаа
аж. Ажиа гэгээн эмнэлгийн аж­лаа хүлээж авахаар Мон­голд зочлоод бай­хад нь түүнтэй
ярилц­лаа. Тэрбээр АНУ-ын Индиана мужийн Блүү­мингтонд “Монгол-Түв­дийн соёлын төвийн
тэргүүнээр морилон суугаа билээ.

 

-Монголчууд таны хийж байгаа том бү­тээн байгуулалтыг талархан
хүлээж авч байна. Юуны учир ийм буянтай ажлыг эхлүүлэх болов?

-Би бол Хөх нуурын Дээд монголчуудаас га­ралтaй монгол хүн байна.
1998 онд АНУ-д очсон. Улс төрийн асуудлаас болж гарсан юм. Түвдэд улс төрийн асуудал
хэцүү байгааг мэдэж байгаа байх. Одоо АНУ-д амь­дарч байна. 2006 оноос эхлээд Монголдоо
айл­чилж байгаа. Монгол их сайхан шүү. Би бага­даа жирийн монгол мал­чин айлд төрсөн.

Хоёр настай байхдаа Гүмбум хийдэд очиж суусан юм. Монгол­чууд Утай,
Гүмбум гэж сонсож бай­сан байх. Утай, Гүмбум хоёр хийд тусдаа газар байдаг юм. Утай
бол Бээжингийн хажууд байдаг. Гүмбум хийд Түвдийн нутагт байгаа. Мон­голд ирэхэд
мэдээж надад сайхан санагддаг. Эртнээс би Монголд ямар нэг юм хийж өгөх юмсан гэж
бодож байсан юм. Шавь нартайгаа өнчин хүүхдүүдийн асрамжийн газар айлчилж байсан.  Тэгээд надаас 
эмнэлэг барьж өгөхийг хүссэн. Эхлээд эмнэлгээ Яармагт барихаар болсон ч тэнд
эмнэлэг барихад дэд бүтэц, халуун ус байхгүй гээд олон асуудал гарсан юм. Тэгээд
тэр үед Эрүүл мэндийн сайд байсан С.Ламбаа надад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний
төвийн хашаанд эмнэлэг барих санал тавьсан. Тэнд хүүхдийн хавдар, цусны өвчлөл их
байдаг ч эмчилгээ оношлогоо бүрэн хийг­дэх­гүй, тулгамдсан асуудлынх нь нэг болоод
байгаа гэж тайлбар­ласан. Тэгээд тэнд эмнэлэг бари­хаар болсон юм. Өнгөрсөн жил
ирж эмнэлгийнхээ шавийг тавьсан. Энэ жил барилгын карказыг нь бариад дууссан байна.
Нийтдээ долоон давхар эмнэлэг баригдах юм. Эм­нэлэг маань хавдартай хүүхдэд зориулсан
50 ор,  нярай хүүхдийг эмчлэх 25 ортой. Нэг,
хоёр давхарт мэс заслын тасагтай гээд нэлээд том эмнэлэг болно. Ер нь ажил сайхан
бүтэж байна даа.

-Эмнэлэг барихад нэлээд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэсэн.
Эмнэлэг барих зардлыг хаанаас яаж гаргаж байгаа юм бол?

-Цэвэр хандиваар барьж бай­гаа. Ямар ч байсан Монголынхоо ард түмэнд
буян хийе гэж бодож байсан. Би АНУ-д арваад жил ажиллаж амьдарлаа. АНУ-д байгаа
монголчууд намайг сайн мэддэг, ном, ерөөл уншаад өг гээд ирдэг байлаа. Ирсэн олон
түмний номын өргөлийг хадгалж хурааж байсан юм. Энэ мөнгө 300 мянган ам.дол­лар
болсон байсан. Тэгээд эмнэлэг барихад хөрөнгө орууллаа. Дээр нь олон сайхан сэтгэлтэй
хүмүүс хандив өгсөн. Нийтдээ дөрвөн сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт
хийгдэх эмнэлэг юм. Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн захирал миний шавь
байгаа юм. Энэ хүн надад их тус хүргэж байгаа. Дээр нь Монгол Улсын Засгийн газраас
мөнгө гаргасан. Гэхдээ улсаас мөнгө гаргаж байгаа учраас заавал тен­дер зарлах ёстой
байдаг юм бай­на. Тендер зарлахаар миний хийж байгаа ажилтай нийцэхгүй хэцүү асуудал
гарч байна. Би барилгын компанийн захиралд бүх ажлаа даатгаж эхлүүлчихээд байхад
одоо дахин тендер зарлаж барилгын компани сонгох болсон. Тэгж таа­рах­гүй л дээ.
Тиймээс улсаас өгсөн мөнгийг тоног төхөөрөмж авахад зарцуулахаар болоод байна. То­ног
төхөөрөмжийн нэг хэсгийг нь аваад тавьчихсан. Миний хувьд эмнэлэгтээ өөрийнхөө хөрөнгө
болон хандиваар эмнэлгийн тоног төхөөрөмж авч байгаа. Эмнэлэг барихад АНУ-д байгаа
монголчууд бүгдээрээ л сэтгэлээрээ хандив өгсөн. Бага гэлтгүй 10, 20 ам.дол­лар
сэтгэлээрээ өгч байсан ч хү­мүүс бий.  Үнэхээр
сайхан санагд­сан. Монголын ирээдүй хүүхдүүд шүү дээ. Ирээдүйнхээ төлөө мон­гол­чууд
анхаарал тавьж, тэдний­хээ төлөө ихийг хийж бүтээвэл бүх юм сайхан болно. Мөн миний
гаргасан “Цагийг бэлгэдэгч наран чөлөө” ном худалдаанд гарсан. Энэ номын орлогыг
мөн сайн үйлсэд зориулж эмнэлэг барихад хөрөнгө оруулж байна.

-Таны намтрыг асуумаар байна. Хятадад олон жил хүнд ажил хийж
хэлмэгдэж байсан тухай мэдээлэл байдаг. Энэ талаараа эргэн дурсвал?

-Миний намтрыг гурван хэсэгт хувааж болох юм. Намайг хоёр настай
байхад Гүмбум хийдийн эзэн лам ирээд Ажиа гэгээний наймдугаар дүр байна гээд Гүмбум
хийд рүү авч явсан юм. Ажиа гэдэг үгийг тайлбарлахад Монголын зарим нутгийнхан аавыгаа
Ажиа гэж авгайлан дууддаг шүү дээ. Ажиа гэдэг чинь аав гэсэн утгатай. Би 1950 онд
төрөөд 1952 онд Гүмбум хий­дэд суусан. Хоёр настай хүүхэд хийдэд суухад хэцүү шүү
дээ. Тиймээс ээж, аав маань хамт явсан даа. Би ах, дүү арван нэгүүлээ. Хийдэд суугаад
ном сурч, олон багштай болсон. Багш нар маань Түвд хэлтэй. Аав, ээж минь мон­голоор
ярьдаг бай­сан. 1958 онд юм байна, намайг найман настай байхад Хятадын Засгийн газраас улс төрийн хө­дөлгөөн хийсэн
юм. Манай Монголд 1937, 1938 онд гарсан хөдөлгөөнтэй адил тэнд сүм, хийдүүдийг хааж,
лам хуврагуу­дыг барьж, шоронд хорьж бай­лаа. Манай Гүмбумд хоёроос гурван мянган
хүн байсан. Тэр дотроос Монгол лам гэхэд л 
600 байсан юм. Их эрдэм мэдлэгтэй гэвш, маарамба гэх мэт мундаг цолтой хүмүүс
олон байсан. Тэд­ний барихыг нь бариад, нутаг руу буцаахыг нь буцаасан даа. Ер нь
цаг үе тун хэцүү байсан. Багш нарыг маань ч бүгдийг нь шоронд хорилоо. Очих газаргүй ганцаараа үлдсэн намайг нэгэн
настай лам хажуудаа авч  Хятадын сургуульд явуулсан. Хувцсыг маань
хайчилж форм болгож өмсүүлээд сургуульд явуулсан даа. Ээж, аавыг минь ч их зовоосон.
Тэр цагаас хойш ээж, аавыгаа хараагүй их удлаа. Аав минь шоронд хоригдож, тэндээ
өөд болсон. Зовлон жаргал яривал их урт түүх бий.

1966 онд Хятадын соёлын хувьс­гал эхэлсэн. Тэр үед байдал бүр ч хэцүү
болж бүх хийд сүмийг нурааж, бурхан, номыг шатааж, сүйтгэсэн. Лам хуварга хүнийг
хүний тооноос хасч, чөтгөр гэж дууддаг байлаа. Би тэр үед арай шоронд яваагүй. Ажил
хийж бай­сан. Эрх чөлөөгөө хасуулаад 16 жил тариа тарьж суусан даа. Тэ­гээд
1986 онд Хятадын улс төрийн асуудал өөрчлөгдөж, тайвширч сайхан болсон. Сүм хийдийг
дахин сэргээж, намайг дуудан Хөх нуурын мужийн Бурхны шашны тэргүү­нээр томилсон
юм. Хөх нуурын Бурхны шашны үйл ажиллагаа нь Хятадын Засгийн газраас хамаарч, тэднээс хараат байсан. Тэгээд 1990 онд
Гүмбум хийдийг дахин сэргээж, хуучнаасаа илүү сайхан болгосон.

-Тэгвэл ямар шалтгаанаар АНУ руу гарсан юм бэ?

-Гүмбум хийдэд сууж чадахаа байсан шалтгаан их учиртай. Ма­най Түвд,
Монголд гурван том Богд гэгээнтэн байдаг. Нэг нь Дээрхийн гэгээнтэн
Далай богд,
хоёрдугаар богд Ванчин богд, гуравдугаар Богд
нь Монголын нутгаас төрсөн Өндөр гэгээн байна даа. Энэ гурван богд Түвд,
Монголд
адилхан нэр хүнд­тэй байдаг. Түвдэд Далай богд, Ванчин богд байна. Далай
богд таалал
болоход Ванчин богдод бүх юмаа даатгах ёстой. Ванчин богд таалал болбол
Далай богдод
бүг­дийг хариуцан даатгах ёстой бай­сан. 1989 онд Ванчин богд гэнэтхэн
таалал болсон
юм. Хятадын Зас­гийн газраас  Ванчин богдын хойд дүрийг тодруулахаар
хөдөлсөн.
Уг нь бол Далай богд тодруулах ёстой юм л даа. Тэгэхэд Далай богд хэлж
байсан юм,
“Энэ бол шашны асуу­дал болохоос улс төрийн асуудал биш” гэж. Тэгээд ч
нэмэр болоогүй.
Хятадын Засгийн газраас Ванчин богдыг
өөрсдийнхөөрөө тодруул­сан. Өөрөөр хэлбэл, Ванчин богд хоёр төрсөн.
Хятадын Засгийн газраас нэг богд, Далай богдын тэмдэглэсэн
бас нэг богд байгаа юм. Тэгсэн Хятадын Засгийн
газ­раас Далай богдын тэмдэглэсэн
богдыг зургаан настай байхад нь ээж, аавтай нь хөөж, алга болгосон. Одоо
хүртэл  ямар нэг сураг гараа­гүй байгаа. Хятадын Засгийн газ­раас
тэмдэглэсэн богдыг ард
тү­мэн, олон нийт хүлээж авахгүй шүү дээ. Тэгээд энэ үед надад хүнд
даалгавар өгсөн
юм.  Намайг Зас­гийн газраас тэмдэглэсэн Ванчин богдын багш нь бол
гэсэн.
Энэ ачаа надад хүнд байсан. Тиймээс 1998 онд Бээжингээс жирийн хувцас
өмсөөд хар
нүдний шил зүүж, сахал ургуулаад, дөрвөн шавьтайгаа онгоцонд суугаад
явсан. Хил
дээр баригдах аюул байсан ч азаар гайгүй өнгөрсөн. Тэгээд Далай богдын
төлөөлөгчид
Вашинг­тоноос холбоо барьж, би АНУ-д цагаачилсан юм. Багадаа Далай
богдтой уулзаж
байсан л даа. Тэр үеэс хойш 40 жилийн дараа Далай богдтой уулзсан маань
энэ. Далай
богд Хятадын Засгийн газарт их нэртэй
шүү дээ. Их хурлын дарга байсан. Би ч бас их нэртэй байсан л даа.
Хятадуудтай муу
харьцаатай байхыг хүсээгүй. Тэдэнтэй холбоо барьж, ярилцан, найрамдах
арга байгаа
эсэхийг эрэлхийлсэн. Тэ­гээд тэнд байхдаа Хятадын Засгийн газарт захиа
бичсэн юм. Тэр үед Хятадын Ерөнхийлөгчид  захиа явуулахад хариу ирсэн.
Ерөн­хийлөгч “Та
яагаад мэдэгдэлгүй явсан юм бэ” гэж асуусан. Би ч хариу захиандаа
“Хятадын бурхны
шашин чөлөөгүй байсан учраас гарсан. Далай багш буцаад өөрийн нутагтаа
буувал би
очиж болно” гэж бичсэн юм. Үүнд маань хариу ирүүлээгүй. Харин “Та юунд
хэлэх­гүй
гараад явсан юм бэ. Бид танд их итгэж байсан шүү. Таныг нуу­цаар гарч
явсанд сэтгэл
дундуур байна. Дахин чимээгүй  хүрээд ирвэл
хуучин шигээ тэргүүнээрээ байж болно” гэсэн. 
Би тэнд дахиж очихгүй. Далай богдын асуудал, Түвдийн асуудал, Монголын
асуу­дал  хурцаар 
тавигдаж, хэцүү байгаа. Тиймээс би буцаж очихгүй гэдгээ хэлсэн. Энэ
цагаас
хойш одоо хүртэл холбоо бариагүй. Одоо АНУ-д суухдаа ийшээ тийшээ их явж
багшилдаг.
Энэ жил би Англи явсан. Тэнд их сургуульд багшилсан юм. АНУ-ын Индианад
багшилсан.
Хятадаас гарсанаас хойш Монголдоо ирэх боломжтой болсон учраас бас ирж
очиж байна.
Монгол орноос гадна төрсөн нутаг­таа
очих санаатай байгаа ч улс төрийн асуудлаас болоод боломж гарахгүй
байна. Далай
богдыг дагаад Энэтхэгт  гарч байсан учраас
Энэтхэгт боломжийнхоо хэрээр буян хийж байна даа. Тэнд эмнэлэг,
сургууль, сүм барьсан.

-Монголд бурхны шашнаас гадна маш олон шашин дэлгэрч, сүм хийдүүд
бий болж байна. Ялангуяа залуучууд Есүсийн шашинг их шүтдэг болсон. Энэ талаар та
ямар бодолтой явдаг вэ?

-Би 2006 онд Монголд ирэх­дээ сүм хийд хэд байгааг асууж байсан юм.
Төв Гандангаас гадна 130-140 хийд байна гэж байсан. Харин Христийн сүм 200  байдаг гэж байсан. Өнгөрсөн жил Монголд хуралд
суухаар ирэхдээ бас асуу­хад, Христийн сүм 600, бурхны шашны хийдийн тоо 100 болсон
байсан. Энэ асуудалд зарим наст­нууд санаа зовниж байна лээ. Янз бүрээр тайлбарлаж
байсан л даа. Хүн ямар шашин шүтэхээ өөрсдөө л шийднэ. Тулган шаардаж болох­гүй.
Монголд Христийн шашны сүм олон болж өргөжиж байгаа нь шалтгаантай. Тэд ядарсан
хүмүүст тусалж, хоол хувцас өгч, хичээл зааж байсан учраас хүмүүс сонир­хож байна.
Монголд бурхны шаш­ныг лам нар дэлгэрүүлж байдаг. Монгол лам нар түвдэд сурч, түвд
хэлээр ном уншдаг. Энэ нь асуудал болж байна уу даа гэж бодож байна. Түвд номыг
орчуулахгүй уншиж байгаагаас номын утга учир, мөн чанарыг монголчууд ойлгохгүй учраас
бурхны шашин, монголчуудын холбоо холдоод байна. Гэтэл Христийн шашинд Библийг пастерууд
нь монгол хэ­лээр хүнд ойлгомжтой тайлбарлаж байдаг шүү дээ. Нөгөө талаар пастерууд
нь хүмүүстэйгээ цуг дуулж, бүжиглэн нээлттэй харьцдаг. Харин хүмүүс лам нартай жирийн
хүнтэй харьцаж байгаа шигээ ярилцдаггүй, дээшээ морил хэмээн хүндэтгэн харьцдаг.
Уг нь  бурхны номыг зөвхөн лам нар уншдаггүй,
жирийн иргэд ч гэсэн эх хэлээрээ уншиж, тэр гүн ухаанд суралцан, сэтгэлдээ бясалгал
хийдэг болбол сайн байна. Сайн үйлийг тэр чи­нээ­гээр үйлдэж, хүн хүнээ хайрлах,
байгалиа хайрлаж хүндлэх сэт­гэлээр хандвал бүр сайхан болно. Одоо ч гэсэн Монголын
сүм хийд их сайхан цэвэр байна. Ганц бурх­ны номыг түвдээс монгол хэл рүү орчуулдаг
болбол олон нийт өөрс­дөө бясалгал хийж, бурхны номыг ойлгож уншдаг болох тэр цагт
илүү сайхан болно доо гэж бодож бай­на.

 

Х.ЦЭНД-АЮУШ