Categories
редакцийн-нийтлэл

Төмөр замын царигийн цаад утга нь эдийн засаг биш гэж үү?

Өмнөговьд төмөр замын далангийн бүтээн байгуулалт өрнөж
байна. Хятад гэсэн аварга зах зээлд
нийлүүлэх нүүрснийхээ хэмжээг өсгөж, хар алтнаасаа ахиухан мөнгө олох гэж төмөр
замын ажлыг эхлүүлээд буй. Өөрөөр хэлбэл төмөр зам барих цаад зорилго, сонирхол
 маань эдийн засаг. Салбарын яамны зүгээс
төмөр замаа бүдүүн царигаар барина гээд байгаа. Уг нь эдийн засаг талаа бодвол
Хятад руу шууд нарийн цариг тавих нь хаа хаанаа хэрэгтэй гэсэн тайлбарыг учир
мэдэх хүмүүс хэлдэг. Өргөн царигаар урд хөрш рүү төмөр зам тавибал шилжүүлэн
ачих гэдэг том ажил гарч ирнэ. Энэ тохиолдолд шилжүүлэх ачих талын бүх мэдэл
цаад талд шилжих юм билээ. Тодруулж хэлбэл Хятадын тал  юуг, ямар хэмжээтэй, яаж ачихаа мэднэ гэсэн үг.
Ухаандаа манайхаас нүүрсээ ачаад очихоор “Өнөөдөр ачих ямар ч боломж алга”
гэчихэд л асуудал үүснэ гээд ойлгочихож болно.

Саяхан зурагтаар
төмөр замын шилжүүлэн ачих ийм гоё байгууламж барина гээд үзүүлж байна лээ. Үзсэн
хүнд бол цэвэрхэн, саруулхан томоо гэгч байшинд  тоос шороо энэ тэр гэхгүйгээр  нүүрсээ шилжүүлэн ачаад  дажгүй юм гэж бодогдохоор эд харагдсан. Гэхдээ
ямар ч шилжүүлэн ачих байгууламж барилаа гээд манайхаас гарах нүүрсний хэмжээг
дийлэхгүй, эдийн засаг талаасаа бол ашиг хараад нэмэргүй  гэсэн тайлбар бас байна.

Төмөр замыг
аюулгүй байдалтай холбож ярьдаг хэсэг бий.  Төмөр замаар дамжаад цаад хөршөөс юу ч ороод ирж
магадгүй гэж сэжиглэх хүн олон байдаг. Дайраад ороод ирье гэвэл төмөр замтай
замгүй санаагаа хэрэгжүүлэх түмэн боломж XXI зуунд гараад ирчихсэн. Бид төмөр зам, үндэсний
аюулгүй байдал хоёрын дунд байдаг тэнцүүгийн тэмдэг аль хэдийнэ баларчихсан цаг
үед  амьдарч байгаа.

Ер нь тэгээд
төмөр зам бариад байгаагийн цаад утгаа эргэж харах ёстой юм шигээ. Бид мөнгө
олох гэж л,  Хятад гэдэг том зах зээл
дээр Орос, Австралиас дутахгүй экспортлогч болох гэж л төмөр зам барьж байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Зэс хайлуулах үйлдвэрийг гурав дахин хямд өртгөөр барих боломжтой

-ХҮХРИЙН ХҮЧИЛ ҮЙЛДВЭРЛЭХГҮЙГЭЭР ЗЭС ГАРГАЖ АВАХ ТЕХНОЛОГИЙГ  ХОЙД ХӨРШИД ХЭРЭГЛЭЖ БАЙНА-

Монголд одоо яриг­даж байгаагаас
гурав дахин хямд өртгөөр зэс хайлуулах үйлдвэр ба­рих боломжтой гэж Ашигт малтмалын
су­далгаа сурталчилгаа, мэдээллийн төвийн тэр­гүүн, металлур­гийн инженер Б.Мяг­мар­жав
хэлж байна. Түүн­тэй энэ сэдвээр ярилц­лаа.

-Монголд зэс хай­луу­лах үйлдвэр
барина гэж  гучаад жилийн өм­нөөс ярьж эхэлсэн
ч өнөөдрийг хүртэл ажил болоогүй л байна. Зэс хайлуулах явцад гарах хүхэр гол асуудал
бо­лоод байх шиг санагд­даг?

-Зэсийн баяжмалыг боловсруулах явцад их хэмжээний хүхрийн хүчил
гардаг. Хүхрийн хүчлийг боловсруулахын тулд эрдэс бордооны үйлдвэр ч юм уу дагалдах
химийн  үйлдвэрүүд хөгжих ёстой л доо.

-Бордооны үйлдвэр
барья гэхээр Хөвсгөлийн фосфоритыг ашиглаж таа­рах гээд байгаа. Ингэх нь  экологи талаасаа асуудал­тай гэдэг шүү дээ?

-Байгаль хамгаалах
хө­дөл­гөөнийхөн ийм асуудал ярьдаг. Гэхдээ л хүхрийн хүч­лийн хэрэглээ сүүлийн
үед  ихсэх төлөвтэй байгаа.

-“Эрдмин”-ээс өөр
хүх­рийн хүчил хэрэглэх ямар газрууд байгаа вэ?

-Таны хэлээд байгаа
“Эрдмин” үйлдвэр гэхэд жилд 3000 тонн хүхрийн хүчил хэ­рэг­лэдэг. Удахгүй  “Эрд­мин”-тэй төстэй нэг үйлдвэр ашиг­лалтад орох
гэж байгаа.  Хү­чин чадлаараа “Эрдмин”-ээс
4-5 дахин илүү.  Ингээд тоо­цохоор  12-15 мянган тонн хүхрийн хүчлийн нэмэлт хэ­рэг­лээ
үүсч байна гэсэн үг.  “Зэс эрдэнийн хувь”
гээд хэсэг хүн зэсийн хаягдал шороон дээр яриа үүсгэж   байсан даа. Тэд зөвшөөрлөө авчихсан. “Эрдмин”-ээс
1-2 дахин их хүчин чадалтай үйлдвэр ба­рина гээд явж байна. Уран баяжуулдаг үндсэн
түүхий эд нь хүхрийн хүчил байдаг. Энэ мэ­тээр хэрэглээ өсөх тооцоо бий. Өнөөдөр
бид хүхрийн хүч­лийг тонн тутмыг нь Хята­даас 320-360, Оросоос 230-250 ам.доллараар
авч бай­на.

-Таны хувьд эхний
ээл­жинд хэчнээн тонн зэс гар­гах үйлдвэр барих боломж­той гэж үзэж байгаа вэ?

-Өнөөдөр Эрдэнэт
520 мянган тонн зэсийн баяжмал экспортолж байна. Эхний ээлжинд баяжмалаа  хэдэн арван жил зөөсөн Эрдэнэ­тийнхээ баяжмалаас
цэвэр зэс гаргах үйлдвэр байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Эрдэнэтийн зэсийг боловс­руулна
гэвэл дунд зэргийн хүчин чадалтай үйлдвэр ба­ригдах юм. Мэдээж хүчин чадлаа дахин  өргөтгөж бол­но. Монголд металлургийн үйлдвэрийн
суурийг ийм мая­гаар бодитойгоор тавих шаард­­­­лага бий.

-Эрдэнэтийн баяж­ма­лыг
боловсрууллаа гэ­хэд хэч­нээн тонн цэвэр зэс гарах вэ?

-Зөвхөн Эрдэнэтийн
баяж­­­малыг боловсруулахад жил­дээ 108 мянган тонн зэ­сийн гулдмай гаргах боломж­той.
Ингэвэл тээвэрлэлтийн хэм­жээ дөрөв дахин багасна гэ­сэн үг. Нэг тонн баяжмалыг
хэрэглэгчдэд хүргэхэд 35-40 ам.доллар   зарцуулдаг.
Та­ван тонныг хүргэхэд  200 ам.доллар. Хэрвээ
цэвэр зэс болгоод гаргавал тээвэр­лэл­тийн зардлаас гэхэд л 15-20 сая ам.доллар
хэмнэх бо­ломжтой гэсэн тооцоо бий.

-Нэг тонн баяжмал
бо­ловс­руулаад  хэчнээн хэм­жээний хүхрийн
хүчил ял­гар­даг вэ?

-Нэг тонн зэсийн баямж­малаас
нэг тонн хүхрийн хү­чил үүснэ.  Тэгэхээр
520 мян­ган тонн хүхрийн хүчил үүснэ гэсэн тооцоо гарга­чихаж бол­но.

-Тэгвэл хэрэглээ
яаж ч өссөн гэсэн хүхрийн хүч­лийн илүүдэл гарах юм биш үү?

-Технологийн хувьд
хүх­рийн хүчил үйлдвэрлэх­гүй­гээр зэс гаргах технологи бий.

-Жишээ нь?

-Ванюковын зуух гээд
хайл­­мал дотор нь үлээлгэж хайлуулдаг зуух бий. Энэ  зуухны үндсэн процесс гад­наас дулаан шаардахгүйгээр
явагддаг. Шатаах процесст  нь хүчилтөрөгч
оролцдог. Авто хийн гагнуур гэж байдаг даа. Яг тийм зарчмын үндсэн дээр явагддаг
процесс. Нэ­лээд өндөр түвшинд судлагд­сан процесс. Энэ техноло­гиор бол хийг нь
ялгаад цэвэр хүхэр үйлдвэрлэх боломж­той.

-Хаана хэрэглэдэг
тех­но­логи вэ?

-ОХУ-ын Норильск гэж
хойд мөсөн далайн тэнд орш­дог, жилийн талд нь ха­ран­хуй, талд нь гэрэлтэй бай­даг
хот бий.  Тэр хотод  дэл­хийн никелийн 80 хувийг гаргадаг “Норникель”  гэдэг компани ажилладаг. Жилд нэг л удаа далай
гэссэн үед бүтээг­дэ­хүүнээ зөөдөг. Бе­рин­гийн хоолойгоор явж, нэлээд урт зам туулж  байж Азийн зах зээлд хүрдэг  онц­логтой газар. 

-“Норникель” манайх­тай
адил хүхрийн хүчил үйлд­вэрлэж болохгүй нөх­цөлд ажилладаг гэсэн үг үү?

-Тэгж хэлж болно.
“Нор­никель”-ийн хувьд бидний төлөвлөж ярьж байгаагаас өндөр хүчин чадалтай үйлд­вэр
л дээ. 500 мянган тонн зэс, 300 мянган тонн никель гээд бодохоор яах аргагүй том
хүчин чадал. Тэр утгаараа  их хэмжээний хаягдал
хий гар­даг. Тэр хийнээс цэвэр хүхэр гаргаад ч ашиггүй. Учир нь зөөх гэхээр зардал
нь их гарах гээд байдаг. Хятадад хүргэ­хийн тулд их зам туулах шаард­лагатай газар
л даа. “Норникель”-ийн хувьд  ял­гар­сан хийгээ
далд уурхайн нүх рүү шахчихдаг. Учир нь тэнд далд уурхай их байдаг. Бараг 100 жил
шахсан ч болохоор хангалттай нүхтэй газар. Ма­найд  бол ингэх шаардлага­гүй. Элементар хүхрээ ялгаж
аваад экспорт­лох боломжтой.

-Цэвэр хүхрийн
эрэлт зах зээлд хэр бол. Жишээ нь Орос, Хятадад?

-Эрэлт их. Үнэ нь
ч өндөр байдаг. Заавал бордоо үйлд­вэрлэхгүй гэвэл ингэж болно. Элементар хүхрийг
зөө­вөр­лөж худалдах бүрэн бо­ломж­той. Хэмжээний хувьд ч ав­саархан болчихдог давуу
тал­тай. Гурав дахин бага хэмжээ­тэй болж гардаг. Орос, Ка­захс­таны зах зээл дээр
гэхэд хүхэр олдохгүй, эрэлт ихтэй байна.

-Финландаас зэс
хай­луу­лах үйлдвэрийн  тех­нологи оруулж
ирэхээр бол­лоо гэж нэг хэсэг яригд­сан. Ер нь зэс хайлуулах үйлд­вэрийн технологийн
сонгол­тыг бид яаж хийх ёстой гэж та боддог вэ?

-Финландын компани
Мон­­голд зэсийн баяжмал хайлуулдаг үйлдвэр барьж өгөхөөр боллоо гээд хоёр улсын
Засгийн газар хооронд яриа хэлээ болж байсан. 
Маш өндөр өртөгтэй орж ирэх үйлдвэр. Өртөг нь өндөр бо­лоод ирэхээр зардлаа
нөхөж  чадахгүй гэдэг асуу­дал үүсдэг. Ийм
шалтгаан гараад ирэ­хээр л зэс хайлуу­лах үйлдвэр ажил болохгүй хойшлоод байгаа
юм. Хам­гийн зөв гарц бол дэлхий дээр байгаа тех­но­логийн олон хувилбараас сонголт
хийж, Монголд ашиг­тайг нь сонгох юм. Зэс хайлуу­лах үйлд­вэрийн хувьд тав, зургаан
шат дамжлагатай байдаг. Эхний шатыг нь Фин­ландтай, да­раагийн шатыг нь Оростой,
сүүлийн шатыг нь Хятадтай гэх мэтээр дамжлага бүр дээр нь өөр улсуудтай хамтрах
боломжтой. Ингэвэл өртөг нь ч бага гарна.

-Дамжлага бүрийг
нь өөр улсын технологиор хийж  болно гэж үү?

-Бүрэн боломжтой.
Оросыг гэхэд л бид хоцрогд­сон техно­логитой гэж ярьдаг. Үнэн хэрэг­тээ сүүлийн
15-20 жилд техно­логио бүрэн шинэ­чилсэн улс шүү дээ.

-Зэс хайлуулах
үйлд­вэрийн  дамжлагуудыг эн­гийнээр тайлбарлаач?

-Хамгийн эхний хариуц­лагатай
дамжлага бол зэ­сийн баяжмалаа хайлах. Зэсийн баяжмалд байгаа зэсээс бу­сад хольцуудыг
цэвэрлэх ажил гээд ойл­го­чихож болно. Зэсийн баяж­малд агуулагдаж байгаа 20 хувийн
зэсийн агуул­гыг 60-70 хувь болгох зорилготойгоор хийгддэг хай­лалт юм. Энэ чиглэлээр
Франц зэрэг хөг­жилтэй орнуудын сайн тех­нологи бий. Орост гэхэд со­нир­хол татахуйц
хоёр, гурван технологи бай­гаа. Дэлхийд хэрэглэж байгаа  зуухнууд сайн муу тал ихтэй. Ихэнх зуухнууд хүхэр
гаргаж авах асуудалд анхаарлаа хан­дуулаагүй байдаг. Гараад ирсэн хийгээр нь шууд
хүх­рийн хүчил үйлдвэрлэчихдэг. Боловсруулалтын түвшин, чанарын хувьд дутуу ч гэсэн
ОХУ-ын Ванюков зуухны хувьд хүхрийн асуудал арай өөр.  Бүх хүхрийн 60-80 хүр­тэлх хувь нь эхний шаталтын
үед алга болдог. Хийнд шилж­­дэг гэсэн үг. Тэр хийг цэвэрлээд элементар хүхэр гэдэг
элементийг ялгаж авдаг. Тэр хүхрээ саяын ярьсанаар гадагшаа экспортлох бо­ломж­той
Тэгэхээр үйлд­вэрийн эх­ний шатанд 60-70 хувийн зэстэй зэсийн суль­фитийн хайлш
буюу баяжмал гарч ирэхээс гадна ялгарсан хий­нээс эле­мен­тар хүхрийг гар­гаж авах
процесс давхар явагд­даг. Хоёр дахь дамж­лагад 20 хувь нь хүхэртэй, 80 хувь нь зэстэй
баяжмалыг  гүйцээж ша­таана. Бүх хүхэр нь
хөөгдөөд ноорог зэс гарч ирдэг. Энэ дамжлагад орж байгаа баяж­малын  хүхэр нь бага учраас элементар хүхэр гаргахад
ашиггүй. Дэмий нүүрс шатаа­хын нэмэр. Яг энэ шатанд бол шууд хүх­рийн хүчил үйлдвэр­лэх
хэрэг­тэй. Эрдэнэтэд зэс хайлуулах үйлд­вэр барилаа гэхэд хоёр­дугаар шатанд нь
үйлдвэр­лэж байгаа бага хэм­жээний хүх­рийн хүчлээр до­тоо­дын хэрэг­цээгээ хангачих
юм. Өөрөөр хэлбэл гаднаас им­порт­лох­гүй­гээр хэрэг­цээ­гээ шийдэх сайн талтай.

-Хэчнээн хувийн
зэсийн агуулгатайг нь ноорог зэс гэдэг вэ?

-96-98 хувийн агуулгатайг
нь ингэж нэрлэдэг. Шаард­лага хангахаар хэмжээний цэвэр зэс биш учраас гурав дахь
дамжлага буюу галын цэвэр­лэгээ рүү оруулдаг. Энэ ша­танд зэсийн  агуулга 
96-99.5  хувь болно. Дөрөв дэх дамж­лага
нь анод гээд чихтэй юманд цутгаж өгдөг. Хамгийн сүүлийн дамжлага нь цахил­гаан хи­мийн
цэвэрлэгээ. Элект­­роли­зэд оруулдаг гэсэн үг. Энэ дамжлагад орсон зэс  99.9 буюу өндөр цэвэр­шил­тэй, шууд хэрэглэдэг
цэвэр зэс болж гардаг.  Тэр зэсийг хай­луулаад
янз бүрийн диа­метр­тэй цэвэр зэс утас, зэс цувима­лууд үйлдвэрлэнэ.  Хүхэр ялгах, хүхэр зайлуулах гэсэн эхний хоёр
дамжлага л их хариуц­лагатай. Дараагийн шатных нь болохоор туслах маягийн дамжлагууд.

-Оросын технологи
Фин­ландынхаас чанараараа дутахгүй, үнэ нь бо­лом­жийн гэж та ярилаа. Үнэ өртгийн
хувьд хэр хямд бол?

-Бидний сонирхож,
ярьж байгаа хүчин чадал бол Эр­дэнэтэд түшиглэсэн 120 мян­ган тонн катодын зэс үйлд­вэр­лэх  үйлдвэр. 
Энэ үйлд­вэрийг  шууд технологиор авч,
түлхүүр хүлээлгэж өгөх зарч­маар ба­ри­вал хөгжилтэй ор­нуу­дын  өндөр техно­ло­гийн хувьд  460-500 
сая ам.доллар болно. Гэтэл Оросод үүнээс илүү хүчин чадалтай үйлдвэ­рийг
бос­гоход  150-180 сая ам.дол­лар зарцуулсан
байх жишээ­тэй.

-Оросын ийм тех­ноло­гийг
сонголоо гэхэд хөрөнгө оруулах сонирхолтой газар бий юу?

-Санхүүжүүлэх сонир­хол­той
газрууд байгаа. Хөрөнгө оруулалт татах бүрэн боломж бий.

Ц.БААСАНСҮРЭН

 

Categories
редакцийн-нийтлэл

Байгаль орчны төлөөх ТББ-ууд алт угаасан асуудалд холбогдох бололтой

-ХОНГОР СУМ ХОЁР ДАХИА ХОРДОХОД ОЙРХОН БАЙНА-

Дархан-Уул аймгийн Хон­гор сумын төвөөр хөл хөдөлгөөн багатай
хүнгүй шахам байна, энэ өдрүү­дэд. Ийн сумын иргэд суурингаа ор­хи­сон нь мөнөөх
цианит натри, мөн­гөн усны хороос дайж­саных биш. Бүр ч эсрэгээрээ цианит натри,
мөнгөн усны хор саар­маг­жиж ту­хайн бүс нутаг эрүүлжсэн, хэвийн болсон учраас нутгийн
иргэд тариа ногооныхоо ажилд гарцгаасан нь энэ гэнэ. Өнөө жил Хонгор сумын­хан
14 мянган га-д тариа, хоёр мянган га-д хүнсний ногоо тариа­лаад буй бө­гөөд эрчимжсэн
мал аж ахуйг түлхүү эрхлэх бол­сон сураг­тай. Мэргэж­лийн хяналтын бай­гуул­лага,
олон улсын корпу­сын шин­жээ­чид Хонгор сумын хөрсөнд судалгаа хийж одоогоос зургаан
жилийн тэртээ алдагдсан мөнгөн усны хор саар­маг­жиж, газар нутаг бүр­мөсөн цэвэршсэнийг
дүгнэл­тээр баталж байгаа аж.

Тиймээс нутгийн иргэд “Хонгорын хор
гэсэн улстөржилтийг дахин бүү хийгээч ээ” хэмээн хүсч байна. Үе үеийн сонгуулиар
“Хонгор хордож, хүн ам нь өдөрт хэдэн арваараа үхэж байгаа. Энд л төрийн анхаарал
хэрэгтэй байна. Бид энэ газрыг цэвэрлэнэ. Иргэдээ аварна” гэж ярьдаг ч яг үнэндээ
тухайн хэсэгт асгарсан мөнгөн усны хор бай­га­лийн эрхшээлээр, физик, химийн урвалаар
ууршиж алга болсон гэдгийг Хонгор сумын дарга нараас эхлээд иргэд нь хүртэл ярьж
байна. Дарга нарын, улстөрчдийн, төрийн анхаарал энд огт байгаагүй учраас одоо,
цэвэршсэн хойно нь “Бид л Хонгорыг аварлаа” гэж ярих хэрэг­гүй шүү хэмээн улстөрчдөд
бас анхааруулж байна лээ.

Харин Хонгор сумынхан өнөө­дөр төр
засгаас хүсэх ганцхан хүсэлттэй байгаа гэнэ. Тэр нь Хонгорын түүхийг давтаж хоёр
дахиа хордох аюулаас нь аврах тухай аж. Анх тухайн бүс нутаг мөнгөн усанд автаж
тэнд байсан амьд организмууд хордож байхад алт олборлогчдын нөлөөнд сүйд­сэн хэд
хэдэн орд газрууд бий. Тэнд өнөөдөр ч нөхөн сэргээлт хийгээгүй байгаа. Уг нь алтны
нөлөөгөөр сүйдсэн газруудад дөрвөн жилийн өмнө нөхөн сэргээлт хийлгэхээр компаниудыг
оруулж байсан ч нөхөн сэргээлт нэрээр алт олбор­лож, хууль бус ажиллагаа явуулс­наас
үүдэн бүгдийг нь хөөж гаргаж байжээ. Үүнээс хойш “Хонгор хор­той” гэсэн шошго зүүлттэй
байсан учраас нинжа нар, хууль бусаар алт олборлогчид цэрвэж ийшээ зүглэхгүй байсан
гэнэ. Гэтэл хор нь саармагжсан гэдэг мэдээ тархахтай зэрэгцэн хулгайгаар алт олбор­лог­чид
шавах болжээ. Энэ оны тав­ду­гаар сарын дунд үед байгаль хам­гаа­лагч Дарханбаатар
төв­тэйгээ холбоо барьж “Хүйтний голын ус бохирдож эхэлжээ. Цэхэр цөөр­мийн орчимд
алт угааж эхэл­сэн байж магадгүй” гэдэг мэдээллийг ирүүлсэн байна. Мэдээллийн мө­рөөр
сумын удирдлагууд болон байгаль хамгаалагчид шалгахад хоёр аж ахуйн нэгж, дөрвөн
иргэн Хүйтний голын Цэхэр цөөрөм, Бага ноён уулын орчмын зургаан цэгт алт угааж
байжээ. Битүү ширэнгэ, намаг балчгаар хүрээлэгдсэн энэ газарт морьтой хүн хүрэхэд
хэцүү байтал хүнд даацын автомаши­нууд, экскаватор, усан буу гээд алт угааж, шороо
зөөхөд зориулагдсан бүхнийг аваачин уурхайн чиглэ­лээр ажиллаж байсан байгаа юм.
Тэд хэзээнээс эхлэн ингэж алт угааж, хэдий чинээ ашиг олж, төрд ямар хохирол учруулсан
нь тодор­хой­гүй байгаа ч багагүй талбайг сүйтгэснээс нь үзвэл нэлээд удаан хугацаанд
ажилласан болох нь илэрхий байгаа аж. Бүр нөхөн сэргээлт хийгдээгүй байсан хуучин
нүхнүүдийг тэлж ихээхэн хэм­жээ­ний шороон овоолгыг үүсгэсэн байж. Шалгалтын хэсгийнхэн
тэ­дэнд шаардлага тавихад “Бид энд ажиллах эрхтэй. Бас нөхөн сэр­гээлт хийх юм.
Та нарт хамаагүй асуудал. Та нарын бүүр дээд дар­гаас чинь зөвшөөрөл авсан юм” гэж
үл тоомсорлож байжээ. Ингээд нийслэл рүү холбогдож дээрх мэ­дээл­лийг өгөхөд зургадугаар
сарын 12-нд байцаагчид очиж ажилласан байна. Тэд очсон да­руй­даа Цэхэр цөөрөм,
Бага ноён уулыг самнаж буруутай этгээ­дүү­дийг илрүүлэн техник технологийг нь лацдан
гурван ч хүнд эрүү үүсгэн авч явжээ. Эрүү үүсгэх болсон нь их хэмжээний мод устга­сан,
ус бохирдуулсан, хөрс сүйт­гэ­сэн, багагүй алт олборлосон гэдэг үндэслэлтэй аж.
Ийн ажиллахдаа мөнөөх Хонгорынхныг түгшээх болсон цианит, мөнгөн ус хэрэг­лэ­сэн
байж магадгүй байгаа гэсэн. Тэнд алт олборлож байсан дөрвөн иргэн нэг аж ахйн нэгж
нь Дархан-Уул аймгийнх бол нөгөө аж ахйн нэгж нь нийслэлээс очсон байна.

Яг энэ баривчлах ажиллагаа явагдаж
төвөөс ирсэн байцаагчид буцсаны маргааш буюу зургаду­гаар сарын 15 гэхэд Цэхэр цөөрөм,
Бага ноён уулын тухайн ордод 200 гаруй нинжа очсон тухай мэдээлэл иржээ. Бас хоёр
ч аж ахуйн нэгж байгаа сураг гарсан байна. Нинжа нарын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж
байгаа бөгөөд энэ байдлаараа удвал Төв аймгийн Заамар, Өвөр­хан­гай аймгийн Өлтийн
ам шиг болоход ойрхон байгааг нутгийн­хан ярьж байгаа. Хүйтний голын Цэхэр цөөрөм,
Бага ноён уулын хэсэг нь дэлхийд ховор үзэсгэлэн­тэй бөгөөд энд аялал жуулчлал зэрэг
экологид ээлтэй үйл ажил­ла­гаа явуулбал хөрсөн дорх алтнаа­саа ч үнэд хүрнэ гэдгийг
хэлж байна.

Уг нь нутгийн иргэд болоод байгаль
хамгаалагчид нь нинжа нар, аж ахуйн нэгжүүдээс газар нутгаа харамлан хөөж тууж байгаа
ч ширүүн эсэргүүцэлтэй тулдаг учраас яаж ч чадахгүй сумынхаа удирдлагуудаас тусламж
хүсчээ. Буу шийдэмтэй нинжа нар ч олон байгаа тухай мэдээллийг сумын Засаг дарга,
ИТХ-ын даргад ирүүл­сэн байна. Бага ноён уулын нөхөр­лө­лийн дарга Элдэв-Очир тол­гойлж
буй хүмүүстэй нь уулзаж “яв” гэдэг шаардлагыг тавихад “Та энэ асуудалд битгий оролц”
гээд ма­шинд нь 10 сая төгрөг оруулж ирсэн гэдгийг ч дарга нартаа хэл­сэн байдаг
юм байна. Бас нэг эмгэ­нэл­тэй мэдээ нь Хүйтний голын өнгө хувирч, ногоон болсон,
алт ол­бор­логч­дын орчимд химийн бодис, мөнгөн усны сав, зузаан гялгар цаас үзэгдэх
болсон тухай байв. Энэ нь алт угаахдаа химийн хорт бодис хэрэглэж байгаа байх гэдэг
харыг дагуулж буй. Түүнчлэн бай­галь орчны төлөөх төрийн бус байгууллагууд алт олборлох
ажил­ла­гаанд оролцож байна гэдэг мэ­дээ­лэл ч тархаад байгаа ажээ. Хүмүүсийн дам
сонссоноор “Бай­галь дэлхийнхээ төлөө” гэсэн утга­тай нэр бүхий төрийн бус байгууллагынхан
зарим компаниу­дад мэдээлэл өгч энд авчирсан гэж байна. Бас нинжа нарыг нааш нь
турхирч ирүүлсэн хэмээх яриа ч гарчээ. Хэрвээ олон нинжа ороод ирвэл хэн ч хөөж
хүчрэхгүй учраас уурхайн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүмүүст ашигтай гэж тооцоолж
буйнх гэж учир мэдэх хэлж байгаа.  Харамсалтай
нь энэ бүх мэдээллийг газар дээр нь очиж шалгах гэхээр сүүлийн өдрүүдэд тасралтгүй
үргэлжлэн орсон бороо­ны улмаас зам харгуй битүүрч, намаг балчиг ихэссэнээс хүрэхэд
бэрх болоод байгаа бололтой. Гэхдээ Хонгор сум, Дархан-Уул аймгаас ажлын хэсэг гарч
асуудал­тай нь газар дээр нь танилцаж, нинжа нарыг хүчээр тараах ажлыг зохион байгуулахаар
төлөвлөж байгаа гэсэн. Дээрх бүх мэдээллийг сумынх нь иргэд алт олборлож буй хэсгийн
малчин иргэдээс авдаг гэнэ. Тэнд ойролцоогоор 200 ор­чим малчин өрх аж төрдөг аж.

Энэ асуудлаар Хонгор сумын ИТХ-ын
дарга Б.Баярмөнхөөс дараахь асуултад хариулт авлаа.

-Хонгор суманд дахиад хи­мийн хорт
бодис хэрэглэж, алт олборлож байна гэдэг мэдээлэл тархаад байна. Сум орон нутгийн
удирдла­гын хувьд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Мэдээллийн мөрөөр ажиллаж байна.
Саяхан Хүйтний гол Цэхэр цөөрмийн орчимд алт олборлож байсан хүмүүсийг шалгалтаар
тогтоогоод гурван хүнд нь эрүү үүсгээд авч явсан. Байгаль орчны байцаагчид маань
бололцоот хүчин чадлаараа ажиллаж байна. Бид тариа ногооны тариалалтыг шалгаж дууссан.
Харин одоо яриг­даад байгаа алтны асуудлыг шал­гах гэж байна. Бороо их орж байгаа
учраас Цэхэр цөөрөм, Бага ноён ууланд хүрэхэд хүндрэлтэй байгаа. Бидний авсан мэдээллээр
200 гаруй нинжа, хоёр аж ахуйн нэгж тэнд очсон сураг байна. Тэд буу зэвсэгтэйн дээр
олон мэдээлэгчтэй байгаа сураг байсан. Шалгах гээд очихоор уул руугаа гараад зугтчих­даг
тал бий. Тэгэхээр нэг л өдөр гэнэтийн шалгалт оруулахгүй бол ухсан нүх үзээд буцах
магадлалтай байдаг.

-Байгаль орчны төлөө үйл ажиллагаа
явуулдаг ТББ, хүмүүс энэ асуудалд оролцсон гэсэн мэдээлэл байгаа?

-Алтны нөөц ихтэй газар юм билээ.
Өмнө нь олборлож байсан ч бас л их хэмжээний алт байдаг бололтой юм, одоо. Тэгэхээр
хү­мүүс ямар ч хамаагүй аргаар эн­дээс “юм” олох санаатай байх шиг байна. Харин
үйл ажиллагааг нь эсэргүүцэж очсон хүмүүст “юм” атгуулаад буцааж байна гэсэн мэдээлэл
ирсэн. Тэнд байгаль орчны төлөөх төрийн бус байгуул­лагыг төлөөлж Амгалан, Элдэв-Очир
гээд хэдэн хүмүүс очсон байна гэсэн. Амгалан гэдэг хүнтэй уулзаагүй болохоор тэр
хүн байгаль орчны төлөө яваад байгаа юм уу эсвэл тэдний гар хөл болоод бай­гаа юм
уу гэдгийг мэдэх арга байх­гүй байна. Газар дээр нь очиж шалгахаар асуудал тодорхой
бо­лох биз. Харин Бага ноён нөхөр­лө­лийн дарга Элдэв-Очир нинжа нарыг хөөхөөр очиж
толгой­логчид­той нь уулзахад машинд нь 10 сая төгрөг оруулж ирээд “Та чимээгүй
яв” гэж хэлсэн байсан. Элдэв-Очир гуай ч “Та бүхэн энэ мөнгөө нөхөн сэргээлтдээ
зарцуулаарай” гээд буцааж өгөөд явсан байна лээ. Ер нь тэнд хууль бусаар ажиллаж
буй хүмүүс байгаль орчноо хамгаалж очсон хүн бүрийн өөдөөс мөнгө бариад зогсч байна
гэсэн. Гэхдээ өөрсдөө очиж үзээгүй, хүний яриа сонссон учраас тэрэнд, тэдэн төгрөг
өгөх гэсэн гэж хэлэхэд хэцүү байна.

-Нинжа нарын дунд тавьж буй хяналт
байгаа юу. Яагаад гэнэт нинжа нар гараад ирэв ээ?

-Хяналт тавихад хүндрэлтэй байна.
Тэр газрын алтыг нь ава­хаас гадна байгаль орчныг нь сүйтгэж, мод бутыг нь устгаад
дууслаа. Нинжа нар гэнэт гарч ирсний тухайд гэвэл шалтгаан байгаа байх. Томоохон
компаниуд нинжа нарыг турхирч оруулаад хэр алттайг нь мэдсэний дараа ордыг нь булааж
авдаг гэх яриа гарсан байна. Үүнтэй ч холбоотой байж магадгүй. Бас сайн дураараа
нө­хөн сэргээлт хийе гэх хүн олшир­лоо. Ямар шалтгаанаар гэнэт нөхөн сэргээлт хийх
гээд байгаа нь бас л ойлгомжтой байх.

Хонгор сумын өчигдөр ба өнөө­дөр ийм
байна. Харин маргааш буюу ирээдүй нь алт, алт олбор­ло­ход ашигладаг хорт бодисоос
улбаалан өчигдөртэйгээ ижилхэн байх уу гэдэг асуултын өмнө буй. Бороо хур элбэгтэй
байгаа учраас Цэхэр цөөрөм, Бага ноён ууланд хүрэх 80 км зам тэр чигтээ балчиг ихтэй
болж хүссэн хүн бүр очих боломжгүй байгаа юм байна. Ннжа буюу хууль бусаар алт олборлогчид
өдөрт хэдэн арваараа энэ замыг туулан хүссэн газартаа очсоор байгаа ажээ. Тэнд яг
өнөөдөр хэдэн нинжа очоод байгаа, хэдэн ком­пани уурхайн хэмжээнд үйл ажил­лагаа
явуулж байгааг нутгийн удирдлагууд нь ч мэдэж амжаагүй байна.

Л.МӨНХТӨР
Гэрэл
зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Сонгууль ийм л боллоо

Сонгуулийн үр дүн гарлаа. Ардчилсан
Ерөнхийлөгчийг сунгаж ажиллуулахаар бол­лоо. Ард түмний олонхи нь ийн шийдэж. Сонгуулийн
өмнө “Сант марал”-ын судал­гаа Ц.Элбэгдорж 54, 
Б.Бат-Эрдэнэ 37, Н.Удвал 9 хувьтай байгааг зарласан.  Мөн “МРО” судалгааны төв хэд хэдэн сонгуулийн
өмнө судалгаа хийхдээ ханатай гаргаж бай­сан. Тус  төвийн судалгаа олон  нийтэд хүрээгүй ч хэвлэ­лийнхэн бидний олж мэдсэ­нээр
сонгуулийн өмнө   тэд­ний судалгааны дүн
“Сант марал”-аас нэг их хол зөрөө­гүй гарч ирсэн. “МРО”  судал­гааны төвийн дүнгээс хара­хад Ц.Элбэгдоржийг
53.6,  Б.Бат-Эрдэнэ  38, Удвал 8.4 хувьтай байна гэсэн.  Судал­гаа багцаатай байгааг сон­гуулийн үр дүн
харуулсан. Ерөнхийдөө судалгааны  дүн  5 функтээр хэлбэлзэж болдог гэж үздэг.  Тэгэхээр сонгуу­лийн үр дүн Ц.Элбэгдорж   50.22 хувиар ялалт байгуулж, Б.Бат-Эрдэнэ
41.48, Н.Удвал  6.51 хувийн санал авлаа. Хэдийгээр  хувь нь бага зө­рүү­тэй харагдавч  Ц.Элбэг­доржид  100 гаруй мянган хүн илүү санал өгсөн байгаа юм.   Н.Удвалын авсан саналыг  Б.Бат-Эрдэнийнх дээр нэ­мээд ч Ц.Элбэгдоржийн
авсан са­налд хүрэхгүй байна. Энэ бүгдээс харахад сонгуулийн өмнөх судалгааны дүнгүүд   шинжлэх ухааны үндэстэйг нотолж байна. Ямартай
ч сонгууль дуусч, нэр дэвшиг­чид маань урьд хийдэг, хийд­гээ л үргэлжлүүлэхээр болов.
Энэ удаа ялагчаар  Ц.Эл­бэг­дорж тодорсон.
Одоо бол хэн ялав гэхээс биш хэдэн хувиар ялав гэдэг тийм ч чухал биш. 

Өмнөх сонгуулийн ирц 73.59  хувьтай байлаа. Харин энэ удаа ирц 63.89 болж,
арван хувиар буурчээ.  Ерөнхийлөгчийн сонгуулийн
ирц жилээс жилд буурсаар байгаа нь ажиглагдав. 

Энэ сонгуулиар Б.Бат-Эрдэнэ аваргад
хувь хүнд  нь илүү санал өглөө.   Ард олны хайрлаж хүндэлдэг их аварга гэдгээрээ
чамгүй санал авчих шиг   боллоо. Энэ нь хувь
хүн талаас нь харж дэмжлээ гэсэн үг. Тэрээр чамгүй сайн өрсөл­дөгч байлаа. Түүнийг
ийм өндөр санал авахад  зүүн аймгийнхан их
нөлөөлсөн байх. Нутгархах үзэл үүнд хувь нэмрээ оруулж дээ гэж харагдлаа. Баруун
аймгаас дандаа Ерөнхийлөгч төрж байсан учир 
зүүн зүгээс  Ерөнхийлөгч төрүүлчихье
гэж бодсон байх талтай.    Б.Бат-Эрдэнэ аварга
хэрэв намын нэр хүнд нь сайн байсан бол яалаа ч билээ. Намын нэр хүнд унасан, өрсөлдөгч
гол нам АН  эрх барих хугацаан­даа тэдний
хорин жил хийгээ­гүйг хийж байгаа зэрэг олон хүчин зүйл түүний ялагдалд нөлөөлсөн
болов уу. Мөн намын томоохон лидерүүд аваргыг  
дэмжсэнгүй. Ёстой л бор зүрхээрээ яваад байсан. Хүссэн ч, эс хүссэн ч Ө.Энх­түвшин
намын даргын үүргээ биелүүлж түүнийг дагаж яв­сан байх.  Сонгуулийн өмнөх   фракцуудын дотоод зөрчил ч үүнд нөлөөлсөн болов
уу. Сонгуулиас хойш МАН-ын залуус намдаа шинэчлэл хэрэгтэй болсныг зарлаад эхэлснээс
энэ нь бүр ч тодор­хой болж байна. Ажиглагчид 
МАН-ынхныг аваргаар туг тахичихлаа гэсэн байр суурь илэрхийлж байгаа.

Манайхан сонгууль өгөөд сурчихаж.
Гэхдээ сонгогчийн боловсрол төдийлөн сайн биш байгаа нь бас л харагдаж байна. Хэн
улс орны төлөө юм хийж чадна гэдгээсээ илүү­тэй, олны танил хайрлаж хүндэлдэг хүн
гээд санал өгнө гэдэг бол  утгагүй юм. Яагаад
аваргыг дэмжиж байгааг нь асуухаар “Сайхан бөх, нү­дэнд дулаахан, гадныхан Монгол
Улсын Ерөнхийлөгч ямар сайхан хүн байдгийг харна” ч гэх шиг сонин тайл­бар хэлж
байгаа юм.  Ерөн­хий­лөгчид бөх хүн дэвшиж
болно л доо. Болохгүй юм огт байхгүй. Харин улс орныг удирдаж авч явж чадах уу,
гадаадад Монгол Улсаа тө­лөөлж чадах уу, авлигатай тэмцэж чадах уу гэдэг бол өөр
хэрэг  юм.   

Ерөнхийлөгчид нэр дэвш­сэн Н.Удвалын
хувьд Н.Энх­баярыг сонгуулийнхаа гол пиар болголоо. Нэг ёсондоо өрөвдүүлэх тактик
барилаа. “Намын дарга нь шоронд байгаа шүү” гэж өрөвдүүлээд л санал  авсан. Удвал энэ удаа анх удаа эмэгтэй хүн нэр
дэвшсэн гэдгээрээ онцлог байв.  Тэрээр ийм
том өрсөл­дөөнд эрчүүдтэй хүч үзсэн гэхэд үүргээ сайн биелүүлж оролцлоо. Улс орныг
удир­даж яваа хүчирхэг хүүхнүүд цөөнгүй ч манайхан ямартай ч энэ удаа эмэгтэй Ерөн­хий­лөг­чийг
сонгосонгүй.  Үнэндээ  олон хүний 
таамаглаж бай­санч­лан саналыг л Н.Уд­вал авлаа.

Ц.Элбэгдоржийн хувьд өмнө нь хийж
байсан ажлын үр дүн, АН-ын нэр хүнд зэрэг нөлөөлж   сонгогдлоо. 
Тэрээр дахин сонгогдсон нь ард тү­мэн өнгөрсөн дөрвөн жилд түүний хийсэн
ажилд сайн дүн тавьж, үргэлжлүүлэн ажиллуулах боллоо.  Мөн авлигатай хатуу тэмцэж эхэл­сэн нь нөлөөлсөн.
Нэр дэв­шүүл­сэн намын хүчин зүйл ч хүчтэй нөлөөллөө. Улс төр­чийн­хөө хувьд дэлхийд
Мон­голыг төлөөлж чадна гэдгээр нь харж сонгосон сонголт болов. Түүнд бүг­дээрээ
мэ­дээж дуртай байгаагүй. Тийм хүмүүс эсрэг намд нь санал өгсөн байх. Дээр нь авлигын
асуудлаас үнэндээ айж бай­сан. Б.Бат-Эрдэнийг дэм­жих хүсэлгүй ч Ц.Элбэгдоржийг
сонгохоос айж байсан хүн олон байх.  Зарим
хэсэг нь ч нэр дэвшигчдийн хувийн бо­ловс­ролыг харьцуулж, сон­гол­тоо хийсэн болов
уу.

Ерөнхийдөө сонгогчид хэнд саналаа
өгөхөө мэтгэл­цээ­ний өмнө ихэнх нь шийд­сэн гэдэгтэй эргэлзэх хүн байхгүй.  Харин эргэлзэж байсан хүмүүсийн хувьд мэт­гэл­цээн
баталгаажуулж өг­сөн. Анзаарч байхад Ц.Эл­бэг­дорж мэтгэлцээний үед нэ­лээд жолоогоо
татаж ярьж байсан.  Магадгүй  зөвлөгөөг сайн дагасан бололтой. Учир нь нөгөө
хоёр нь мэдээж яаж ч ярьсан түүний дайны ярихгүй, тиймээс хэт илүү харагдвал ард
түмний өрөвдөх сэтгэл эргэчихэж болзошгүй гэж үз­сэн байх.

Энэ удаа мэтгэлцээн дэн­дүү уйтгартай
байсан.   Олон жил явж ирсэн энэ арга хэл­бэр
нь мэтгэлцээн гэхээсээ илүүтэй асуултад ээлж да­раа­лан хариулсан  бай­дал­тай болов. Дунд нь нэг сэдэв өгөөд тэд
хоорондоо мэт­гэл­цэх ёстой байлаа. Гэ­тэл 
сэт­гүүл­чийн асуултад хариу­лаад л дууссан. 

Угтаа Б.Бат-Эрдэнэ авар­га авлигын
тухай  саналаа хэлэхэд Ц.Элбэгдорж “Би үүн­тэй
санал нийлэхгүй, энэ чинь ийм” гэж ярихад Н.Удвал бүр өөрөөр тэр хоёрыг үгүйс­гэж
ч юм уу, дэмжиж юм уу ярих хэрэгтэй байсан. Эсвэл Ц.Элбэгдорж өөрийн сана­лаа хэлэхэд
Н.Удвал, Б.Бат-Эрдэнэ хоёр дэмжих юм уу, үгүйсгэж гэх мэтээр жинхэнэ утгаараа мэтгэлцэх
хэрэгтэй байв. Хоорондоо маргаж мэт­гэл­цэхгүй, зүгээр л сэтгүүл­чийн асуултад хариулаад
байсан нь нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ, тэр асуудлыг хэрхэн шийдэх, хэн нь үнэ­хээр
улсынхаа төлөө ажил­лаж чадах зэргийг нь тод­руулж харуулахгүй  бай­лаа. Дараагийн сонгуульд мэтгэл­цээн гээчийнхээ
арга хэл­бэ­рийг өөрчлөхгүй бол сонгогч­дод төдийлөн нөлөөлөхөөр­гүй, ёс төдий зүйл
болж хуви­рах талтай.  Мөн сонгуулийн өмнө
ганцхан удаа биш, хэд хэдэн удаа мэтгэлцээн явуул­бал зохистой мэт.

Нэр дэвшигчид пиараар биш, мэтгэлцээнээр
хэн нь хэн бэ гэдгээ харуулчих ёстой юм. Пиарын хувьд МАН нөгөө нам руугаа хэт их
дайрсан, нэр дэвшигчээ сурталчла­хаас илүү нөгөө намынхаа нэр дэвшигчийг  өөлж,  гоо­чил­сон
нэвтрүүлэг,  мэдээ материалууд цацсан  нь тө­дий­лөн үр дүнд хүрсэнгүй. АН угаас бие
бие рүүгээ худал гүтгэлэг тараахгүй, аль болох шударга өрсөлдөх санал гар­гаж байсан
нь авууштай байв. Мэтгэлцээн болохын өмнө МҮОНРТ-ийнхнийг МАН, МАХН-аас нэр дэвшигчдийн
багийнхан нэлээдгүй сандар­гасан мэдээлэл байна. Тэд зохион байгуулагчдаас асуул­таа
өгөхийг шаардаж, тэр ч бүү хэл хөтөлж явуулах сэтгүүлчдийг нь ч голж шилсэн аж.

Сонгууль хэдийгээр гур­ван намаас
нэр дэвшигчийн хооронд болсон ч гол өрсөл­дөөн 
МАН, АН-ын нэр дэв­шигч­дийн дунд болсон. Гэх­дээ Н.Удвал үүргээ гүйцэт­гэсэн.
Өөрийн намтарт шинэ хуудас нэмсэн, улс төрийн туршлага суулаа. МАН хэдий­гээр Америк
стилиэр сонгуу­лиа хийх гэж оролдсон ч тэр нь монгол хөрсөнд буугаа­гүй­гээр барахгүй,
хэлбэрийг нь авснаас агуулга талдаа ал­даа гаргасан.  Мөн намын хуучинсаг  үзэл баримтлал нь сонгуулийн технологид нь муугаар
нөлөөлсөн. Харин АН маш шинэлэг, зөв такти­каар өрсөлдлөө.  

Ямар ч байсан сонгууль элдэв асуудал
дагуулсангүй, харьцангуй тайван сайхан болж өнгөрлөө.  Ялагдсан нам ялагдлаа хүлээн зөв­шөөрч, намын
залуу үе нь шинэчлэл хэрэгтэй болсныг албан ёсоор зарлалаа. Гэх­дээ зөвхөн хөгшчүүдээ
залуу­чуу­даар  сольсноор шинэч­лэл болохгүй.
Бодло­гын,  үзэл санааны шинэчлэл хийх хэрэгтэй
болжээ, МАН-д.  МАН бол том нам. Хэн ч үгүйс­гэхгүй.
“Үхсэн буурны толгойноос амьд ат айна” гэж үг бий. Хэдий хуучинсаг, хоц­рогд­сон
ч тэр том намын ноёрхол, өөрийн гэсэн дэм­жигчид байсаар байна.

Харин хэвлэлүүдийн хувьд  сонин, сайтуудыг Ерөн­хийлөгчийн сонгуулийн өмнөхөн
л  сурталчилгаа хийх хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лээс
хасчихсан ч хуулинд хориглоогүй учраас үүргээ гүйцэтгэж ажиллалаа. Хаа очиж мэдээллийг
тэнцвэртэй хүргэж,  хар муухай мэдээлэл цацахгүй
байсан. Сонин хэв­лэлийн мэдээллийн нөлөө хүчтэй хэвээр байгааг  энэ сонгууль харуулж өгсөн шүү.

Categories
редакцийн-нийтлэл

Ц.МӨНХБАТ: Миний хоолойны чадал Ф.Киркоровын хэмжээнд хүрнэ

Дуучин Ц.Мөнхбаттай ярилцлаа.

-Нэлээд хугацаанд уран бүтээл хийж харагд­сан­гүй. Одоо
юу хийж байна вэ?

-Хүний амьдралын жа­маар гэр бүлээ
бүтээх гэж тодорхой хугацаанд уран бүтээлээ хойш тавилаа. За­луу, тэгээд урлагийн
хүний ар гэр бат бөх байх хэрэгтэй гэж би боддог. Бат бөх гэр бүлийг бүтээх хамгийн
том хөшүүрэг бол санхүү. Мэдээж сэтгэл чухал л даа. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх
гэж хувийн бизнес эрхлээд явж байна. Ямар ч байсан худлаа хэ­лэхгүй, хулгай хийхгүй,
эх орныхоо газар шороог худал­дахгүй амьдарч байна.

-Бүл нэмсэн үү. Та чинь хоёр хүүтэй байх аа. Гэр­гийгээ
танилцуулахгүй юу?

-Тийм ээ. Хоёр дүрсгүй залуутай. Гэр
бүлийн маань хүн МУИС-ийг гадаад харил­цаа­гаар төгсч дипломатч мэр­гэжил эзэмшсэн
сайхан бүс­гүй бий. МИАТ-д ажилладаг.

-Дуучин М.Үүрцайх та хоёрыг хөгжмийн зо­хиолч Л.Балхжавын
шоунаас төрсөн уран бүтээлчид гэдгээр нь манай уншигчид сайн мэднэ. Тэр ч утгаараа
та хоёрыг хамтдаа  уран бүтээл хийгээсэй гэсэн
хүлээлттэй хүн олон байх шиг санагддаг. Үүрээ юу хийж байгаа вэ?

-Тэгэлгүй яахав. Балхаа ахын шоунаас
төрсөн анхны дуэтууд шүү дээ. Үүрээ маань ээж болсон. Одоо  хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа.
Бид хоёрыг хүмүүс  Монголд болсон дууны анх­ны
уралдаанаас төрсөн дуу­чид гэж их ярьдаг. Тухайн үедээ шоунд орж зоригтой­гоор гарч
ирсэн болохоор хүмүүс сайн мэддэг байх. Ийм тэмцээнд ороод амжилттай дуулж болох
юм байна шүү гэсэн урмыг олон залууст өгсөн байх гэж боддог юм. Харин өнөөдөр  шоу, урал­даан, тэмцээн их болчихож.

-Та хоёр дахиад дуулах уу?

– Үүрээ бид хоёрын  хувьд урлагаас бүр хөндийрөөгүй. Өнгөрсөн хугацаанд
зүгээр суугаагүй.Саячын өвөл гэхэд  бид хоёр
“Хайр гэрэлтсэн харц” дуугаа сонсогчдодоо хүргэсэн байгаа. Одоо хоёр дахь цомгоо
гаргахаар бэлт­гэж байна. 

-Цомог чинь  хэзээ
бэлэн болох вэ. Өнгөрсөн на­мар цомог гаргана гэж ярьж байсан санагдах юм?

-Одоогийн байдлаар зуун хувь бэлэн
болчихсон тав, зургаан дуу байна. Энэ эр­чээрээ цомгийн ажилдаа шамдах юм бол ирэх
намар гэхэд бэлэн болчих байх. Бидний уран бүтээлийг дэм­жиж, сонсдог та бүхэндээ
шинэ цомогоо толилуулах болно гэдгээ амлаж байна. Тодорхой шалтгааны улмаас цомгийн
ажил  удааширсан нь үнэн.

-Ямар шалтгаанаар хой­шилсон юм бэ?

-Шинэ цомог маань анхны цомог шигээ
болох гээд бай­сан юм. Цомогт багтаж байгаа 
дуунууд маань өмнөхөөсөө ялгарахгүй адилхан болчих гээд болж өгдөггүй. Гэтэл
бидний уран бүтээлийг тэсч, ядан хүлээж байгаа 
сонсогч­додоо нөгөө л дуулдаг дуугаа хүргэвэл муухай биз дээ. Фэнүүдийнхээ
урмыг хугалж, нэгэн хэвийн уран бүтээлээр хуурах сэтгэл, хүмүүжил бид хоёрт  байхгүй. Тиймээс Үүрээ­тэйгээ ярилцаад хэсэг хугацаанд
цомгийн ажлаа ор тас барихгүй байхаар шийд­сэн. Арай өөр өнгө аястай цомог хийхээр
шийдсэн.  Уран бүтээлч хүний хувьд шинэ санаа
маш чухал. Дуу­гаа бүтээхдээ үг нь ямар байх уу, одооны залуус ямар үг хэрэглэж
байна гэдэг дээр нэлээд анхаарсан. Үгийн сонголтыг амьд бие гэж бод­вол цохилох
зүрх нь. Ялангуяа Үүрээ дууны үгэнд их ач холбогдол өгдөг. Сайн ч сонголт хийдэг.
Хамтарч уран бүтээл хийнэ гэдэг нэгэн санаанд дуу нэгтэй нэгдсэний үндсэн дээр бүтээл
туурвихыг хэлдэг гэж би боддог. Тэр дундаа дуэт дуучид нэг гэр бүл шиг байх ёстой.
Өөрөөр хэлбэл  би уран бүтээлийнхээ хувьд
ч гэсэн айл гэрийг авч явах ноён нуруу нь. Тийм болохоор шинэ санаа оло­хоос эхлээд
бүх зүйл дээр санаачлагатай ажиллахыг хичээдэг. Шинэ дууны үг ба­риад Үүрээ дээр
очихоор заримдаа  шүүмжилнэ. “Ямар панаалтай,
худлаа үг вэ” гэж ирээд хайр найргүй шүүм­жилнэ шүү дээ. Үүрээгийн нөлөө байсан
байх, аль бо­лох амьдралд нийцтэй, үнэн үгээр дуугаа амилуулахыг хүсдэг болсон.
Угаасаа уран бүтээлч хүмүүсийн нэг үүрэг бол хүмүүсийн  мэддэг хэрнээ анзаардаггүй зүйлийг  уран бүтээлээрээ илэрхийлэх гэж боддог.

-Тэгэхээр Үүрээ, Мөнх­бат хоёр  энэ удаа фе­нүүд­дээ  уянгын хайрын дуунаас арай зүйлээр бэлэг барина
гэж ойл­гож болох уу?

-Тэгэлгүй яахав. Мэдээж хайрын дуугаа
дуулна. Гэхдээ хэдэн жилийн өмнө анх учирч буй залуусын хайр дурлал, үерхлийн тухай
дуулдаг бай­сан бол одоо арай өөр дуу дуулна. Дуундаа амьдрал шингээж дуулна. Бид
хоёр тус тусдаа өөрсдийн гэсэн амьд­ралтай аав, ээж болсон. Өөрөөр хэлбэл, намба
сууж, амьдралыг арай өөрөөр хар­даг боллоо шүү дээ. Тиймээс шинэ дуунууд маань хүртэл
гэр бүлийн утга учир юу байх ёстой, аз жаргалтай амьдрал гэж юу болох гээд илүү
өөр амьдралыг өгүүлнэ. “Нар атгасан амьдралын минь бэлэг, намайг дуурайсан хүү минь
хамгийн том бэлэг” гэж ирээд дуулна даа /инээв/.

-Саяхан та хоёрыг хамт­даа шинэ жүжгийн дуу дуулсан гэж
сонссон?

-Тийм ээ. Яруу найрагч, зохиолч Ш.Гүрбазар
ахын “Гэрээс” жүжгийн дууг дуулсан. Анх энэ жүжгийн дууг дуулаач гэсэн санал ирэхэд
нь зохиолыг нь уншиж үзсэн юм. Тэгсэн чинь маш их таалагдсан. Жүжиг маань бэлэн
нөгөөдрөөс үзэгчдийн хүртээл болж эхлэх байх. СУИС-ийн жүжигчний ангийг 2003 онд
төгссөн төгсөгчид энэ жүжигт  ангиараа тоглож
байгаа юм билээ. Арван дүр­тэй. Одоогоос арван жилийн өмнө яг арвуулаа төгссөн оюутнууд
олон жил уулзал­даагүй байж байгаад ойдоо зориулж жүжиг бүтээхээр шийдсэн юм билээ.
Хэдий цөөхөн хэд нь мэргэжлээрээ ажиллаж, бусад нь өөр өөрийн амьдралын зам мө­рөөр
явж байгаа ч оюутны ширээнд юу сурч мэдсэн, одоо болтол урлагтаа хайр­тай байгаа
гэсэн хүсэл тэмүүллээрээ уран бүтээл хийсэн. Олон жил уулзаагүй нэг ангийнхны уулзалтын
тухай өгүүлэх маш сайхан жүжиг. Дуу нь гэхэд л 
анд, нөхөрлөлийн утгатай гоё дуу.

-Та хоёроор дуугаа дуу­луулах ямар нэг шалт­гаан ч юм уу,
түүх бай­сан уу?

-Мэдэхгүй ээ. Бид хоёрын хоолойны
өнгө аяс жүжгийн зохиолтой зохицох байх гэж л бодсон байх. Үг нь хүртэл уянгын хэрнээ
энгийн аятай­хан. Жүжгийн зохиолтой танилцаад хэлэх гээд байгаа утга санаа нь таалагдсан.
Тэгээд шууд л бид хоёр дуу­лъя гэсэн. Удаан уулзаагүй нөхөд минь уярал асган
тэврэлдэхийн цагт хэлж амжаагүй бүхэн эзнээ хүлээн чимээлэх…
гэсэн үгтэй.  Үг нь үнэхээр таалагдсан. Яг л миний хэлэх гээд
байгаа бүх­нийг шүлгийн хэлээр хэлчих­сэн байсан. Би 14 жилийн өмнө арваа төгсч
байлаа.  Заримдаа ангийнхаа хүүх­дүүд­тэй
тааралдахаараа  “хэзээ ангиараа цугларах бол”
гэж ярьцгаагаад салдаг юм. Бид ч гэсэн уулзвал ийм гоё байх  болов уу гэж бодсон шүү. Дууг нь дуулахад л эрдмийн
өргөөнд шуугисан, гэнэн цайлган, дэггүй нас минь өөрийн эрхгүй нүдний өмнө урссан.
Тэгээд ч Гүрээ ахтай анх удаа драмын уран бүтээл дээр хамтарч ажил­лалаа. Энэ чиглэлээр
хэр хол явахаа мэдэхэд илүүдэхгүй байх гэж бодоод хамтарч ажилласан. Магадгүй хүмүүст
хүрээд хол явах ч юм билүү /инээв/. 

-Ингэхэд та СУИС төгс­сөөд хэдэн жил болж байна вэ?

-Найман жил болж байна. 2005 онд СУИС-ийн
дуулаа­чийн мэргэжлээр дүүргэж байлаа.

-Цаашдаа ганцаараа уран бүтээл хийе гэж боддог уу?

-Оросын дуучин Филипп Киркоровын уран
бүтээлийг голдуу сонсдог. Түүний өнгө аястай төстэй уран бүтээл хийхийг боддог.
Миний хоо­лойны чадал тэр чинээнд хүрнэ. Энэ утгаараа ганцаа­раа дуулсан нэлээд
хэдэн дуу бий. Гэхдээ  анхнаасаа дуэт дуулаад
олонд хүрсэн бо­лоод ч тэр үү хамтарч уран бүтээл хийхийг илүүд үздэг. Яагаад ч
юм нэг байхгүй болохоор айл эзгүйрдэг шиг санагддаг.

-Одоо уран бүтээлийн ажилдаа эрчтэй орсон юм чинь тоглолт
хийх үү. Манай урлагийнхан хэ­сэг нам гүм байж бай­гаад эргэн тайзнаа ирэхдээ тоглолт
хийдэг жишиг байдаг шүү дээ?

-Бие даасан тоглолтыг үзэгчдийн хүсэлтээр
хийдэг. Аяндаа хийх байх.

-Дуэт дуучдын хувьд хоорондоо нэр холбог­дох тохиолдол
гардаг. Энэ байдал та хоёрыг ч тойроогүй. Одоо тус тусдаа гэр бүл зохиосон ч хааяа
эхнэр тань хар­дах ч юм уу асуудал тулгардаг уу?

-Бид хоёрыг хамтарч уран бүтээл хийснээсээ
хойш гэр бүлээ зохиоцгоосон шүү дээ. Хэрвээ Үүрээ бид хоёрын хооронд ямар нэг харилцаа
байсан бол ингээд тус тусдаа амьдрал зохиогоод явахгүй байсан. Тийм болохоор бид
хоёрын гэр бүлийн зүгээс хардаж, сэрдэх ч юм уу ямар нэг  асуудал үүсгэдэггүй.

Д.ДАВААСҮРЭН