Дэлхийн байгаль хамгаалах өдрийг орон даяар тэмдэглэж байгаа билээ. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Спортын бэлтгэлийн төв “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулав. Дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулсан уг тэмцээнд 400 гаруй тамирчин оролцсоноос 100 гаруй нь гадаадын тамирчин байсан юм.
“Улаанбаатар марафон 2013”-ын үеэр Монголд ирсэн
хамгийн хүндтэй зочин бол яах аргагүй марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтыг
эзэмшигч Кенийн иргэн Патрик Макау байлаа. Түүний хувьд НҮБ-ын Байгаль орчны
элч төлөөлөгчийн хувиар ирсэн аж. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
–Монгол оронд ирсэн анхны сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Миний
хувьд Монгол
оронд анх удаа ирлээ. Үнэхээр сайхан байна. Монгол орон Азийн төвд оршдог гэдэг утгаараа тэр үү өндөрлөг газрын сэрүүн салхи нэн таатай санагдлаа. Өмнө нь танай орны талаар ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Гэсэн ч НҮБ-ын элч төлөөлөгч тул тухайн орныхоо талаар мэдлэгтэй байхгүй бол болохгүй. Тэр утгаараа Монголын талаар судалгаа хийсэн. Монголоос хамгийн алдартай нь Чингэс хаан юм. Энэ агуу хүний тухай мэдэхгүй хүн дэлхий дээр байдаггүй байх. Цахим ертөнц хаа сайгүй хөгжиж байгаа болохоор интернэтийн талбараас Монголын тухай мэдээлэл авсан.
-“Улаанбаатар марафон“-ы талаар ямар бодолтой байна вэ?
-Зохион
байгуулалтын хувьд давгүй санагдлаа. Ер нь марафоны тэмцээн өндөр зохион байгуулалт шаарддаг. Энэ хүрээнд тэмцээн амжилттай боллоо. Монголд марафоны спорт өндөр хөгжөөгүй ч цаашид хөгжих боломжтой юм билээ. Монголын залуучууд эрүүл орчинд гүйх нь ихээхэн өндөр ач холбогдолтой.
–Удахгүй Берлинд дэлхийн аварга болно. Бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ?
-Тийм
ээ. Германы Берлинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Миний хувьд бэлтгэлээ базааж байгаа.
–Монголчууд дэлхийн алдартай марафончийг тэмцээнд уралдах болов уу гэж их хүлээсэн. Таныг ядаж бэлгэдлийн шугамаар гүйх байх гэж байлаа?
-Нислэг
саатаад марафоноос хоцорчихлоо. Би НҮБ-ын Байгаль орчны элч тамирчин. Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан Монголд зохион байгуулж байгаа тэмцээний хүндэт зочноор ирсэн. Тийм болохоор тэмцээнд оролцох бодол байгаагүй.
–Та хагас марафоны төрөлдөө дэлхийн рекордыг эзэмшиж байгаа байх аа?
-Тийм
ээ. Би 2010 онд Германы Берлиний марафонд 2:05:08 амжилтаар түрүүлж байсан. Харин дараа жил нь буюу 2011 онд уг марафоны тэмцээнээс 2:03:38 гэсэн амжилтаар дэлхийн рекордыг шинэчилсэн. Түүнээс хойш энэ амжилт эвдэгдээгүй байна. Энэ яах аргагүй миний бахархал юм даа.
–Кенийн тамирчид марафоны төрөлдөө дэлхийн шилдэг байдаг. Газар нутгийн онцлогоос шалтгаалдаг уу?
-Энэ
тухай хүмүүс их асуудаг. Кенийн тамирчдын марафоны төрөлд өндөр амжилт гаргаж байгаа нууц нь ганцхан хөдөлмөр байдаг. Марафоны төрөлд амжилт гаргая гэвэл өдөр бүр гүйж байх хэрэгтэй. Монгол, кени хүмүүс бүгд л ижилхэн бие хаа, булчин шөрмөстэй. Тийм болохоор заавал кени хүн гүйлтээр өндөр амжилт гаргадаг гэж ойлгож болохгүй. Хэн хичээсэн нь хөдөлмөрийн шимийг хүртдэг.
–Таны хувьд хэдэн жил марафоны спортоор хичээллэж байна вэ?
-Манай
орны хүүхдүүд багаасаа гүйдэг. Гэхдээ 18 нас хүрээд тэмцээн уралдаанд орж эхэлдэг. Би гэхэд 18 настай марафоны спортоор хичээллэж эхэлсэн. Одоо 28 настай гэхээр яг 10 жил гүйж байна. Анх 2003 онд олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Түүнээс хойш олон ч амжилт гаргаж дээ.
–Таныг Лондонгийн олимпийн марафоны төрөлд хамгийн хүчтэй өрсөлдөгч байна гэж байсан ч та оролцоогүй…
-Тамирчин
хүнд бэртэл гэж хамгийн том аюул байдаг. Миний хувьд бэртэлтэй байсан тул яах аргагүй олимпийг өнжсөн. Олимпод оролцоно гэдэг тамирчин хүн бүрийн хамгийн том мөрөөдөл байдаг. Тэр дундаа олимпийн аварга болох шиг сайхан зүйл байхгүй. Харамсалтай нь олимпийн наадамд өөрийн хурд хүчээ сорьж чадсангүй.
-2016 оны Рио де Жанейрогийн олимпод оролцох уу?
-Би
бэлтгэлээ хийж байгаа. Бэлтгэлээ хийж байхад учир нь олдох байлгүй дээ.
–Кени улс дотроо олон омог аймгаас бүрддэг гэсэн. Та аль омгийн хүн бэ?
-Манайд
43 омог байдаг. Би Кампа омгийнх. Манай омог эдгээр омог дотроо томоохонд багтдаг.
–Марафоны тамирчдын хувьд хоолны дэглэм барьдаг уу?
-Марафоны
тамирчин тийм хоол хүнс идэх ёстой гэсэн зүйл байдаггүй. Өөрийн идэхийг хүссэн зүйлээ идэж болно. Харин архи, пиво, тамхи зэргийг шууд хориглодог.
–Кенийн марафончид хүчтэй өрсөлдөгчид байдаг болохоор улс доторх өрсөлдөөн их байдаг биз?
-Энэ
үнэн л дээ. Кенийн аварга болсноос дэлхийн аварга болох нь нууцгүй хэлэхэд амар байдаг. Манай оронд марафоны шилдэг тамирчид олон байдаг тул өрсөлдөөн дээд цэгтээ хүрдэг гэхэд хилсдэхгүй. Тэдэн дундаас торойж гарна гэдэг гагцхүү тухайн тамирчны хөдөлмөрийн асуудал байдаг даа.
–Монголчууд хүү төрвөл бөх болно гэдэг. Харин Кенид хүү төрвөл гүйлтийн тамирчин болно гэдэг гэв үү?
-Тийм
шүү. Кенид ганцхан хүү ч гэлтгүй шинэ хүн мэндэлсэн бол гүйлтийн тамирчин болно гэж боддог. Манай оронд хөнгөн атлетикийн спорт өндөр хөгжсөн. Монголчууд бөхөө шимтэн үздэг бол Кенид хамгийн олон үзэгчтэй спортын төрөл бол марафон байгаа юм. Олон шилдэг тамирчидтай тул жил дараалан улсын аваргадаа түрүүлнэ гэсэн ойлголт бараг байхгүй. Энэ маш хэцүү. Мөн манай оронд бөхийн спортууд хөгжиж байгаа.
–Дэлхийн хамгийн олон үзэгчтэй хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спорт хэр хөгжсөн бэ?
-Ерөнхийдөө тааруухан. Бокс сүүлийн үед хөгжиж байна.
–Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Би
эхнэр гурван хүүхдийн хамт Кенийн нийслэл Найробид амьдардаг. Ой таван сартай хоёр ихэр хүүтэй. Том хүүхэд маань энэ сарын зургаанд таван нас хүрнэ. Манай эхнэр надтай адил хагас марафоны төрлийн тамирчин байдаг. Бид адилхан тамирчид тул бие биеэ ойлгоход амар байдаг.
–Хүүхдүүдээ марафоны тамирчин болгох уу?
-Үнэхээр
энэ спортод сэтгэл зүрхээ өгч чадвал тамирчин болоход нь цааргалах зүйл байхгүй. Хүүхдүүд маань өөрсдөө тамирчин болохгүй гэвэл эмч болгоно. Учир нь манай оронд эмч мэргэжилтэй хүн нэр хүндтэй байдаг. Тэгээд ч мэргэшсэн эмч нар манай оронд дутагдалтай байдаг юм.
–Та өөрийн амжилтаасаа цухас дурдахгүй юу?
-2005 оноос хойш олон улс, дэлхийн чанартай 20 орчим уралдаанд түрүүлсэн. Хоёрдугаар байр ч мөн олон бий. 2007 оны марафоны дэлхийн аваргаас ганцаарчилсан төрөлд хүрэл, багаараа алтан медаль хүртэж байсан. 2008 онд мөн энэ амжилтаа бататгасан.
–Таны хувьд хэдэн км–т уралддаг вэ?
-3000 метрээс 30 км зайд уралддаг.
–Манай орны хувьд олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдадаа мөнгөн урамшуулал олгодог болсон. Танай орны хувьд тийм урамшуулал олгодог уу?
-Мөнгөн
урамшуулал олгодог. Гэхдээ тэр нь танай орных шиг өндөр биш. Монголын тамирчин олимпийн наадмаас алтан медаль хүртвэл дөрвөн сая төгрөг өгдөг гэсэн. Энэ урамшуулал спорт өндөр хөгжсөн орнуудын урамшууллаас хавьгүй их шүү дээ. Монголын олимпийн хороо тамирчдадаа их анхаарал хандуулдгийн нэгэн илэрхийлэл нь энэ гэж бодож байна.
–Дэлхийн рекорд амжилт тогтоосон тамирчдад 100 мянган ам.долларын шагнал өгдөг. Таны хувьд өмнөх амжилтаа ахиулах боломж бий юу?
-Надад
нөөц хангалттай байна. Өмнөх дэлхийн рекордыг тогтоогоод 100 мянган ам.долларын шагнал авч байсан. Цаашид эдгээр амжилтаа ахиулна. Шууд өөрийн дээд амжилтдаа хүртэл гүйчихвэл ахин рекорд тогтоох боломжгүй болох тул хүмүүст тийм ч сонирхолтой биш болчихно. Тийм болохоор өөрийн рекордыг бага багаар олон удаа эвдэх болно. Өөрийн рекорд амжилтуудаа өөр хүнээр эвдүүлэх сонирхол алга.
–Рекорд амжилт олон тогтоовол таны урамшуулал ч их ирнэ гэсэн үг үү?
-Тэгж
ойлгож болно. Нэг удаа ханасан хэмжээндээ дэлхийн рекорд амжилт тогтоох бага багаар амжилтаа ахиулан рекорд тогтоох хоёрын хооронд асар их ялгаатай.
–Ямайка улс ойрын зайн гүйлтдээ дэлхийд ноёлдог. Тэгвэл холын марафоны төрөлд аль орны тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгчид тооцогддог вэ?
-Марафоны
төрөлд Этиопын тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чаддаг.
–Кени улсын хувьд марафоны өндөр зэрэглэлтэй тамирчид олон байдаг тул зам харгуй нь сайхан биз. Монголын замын талаар ямар бодолтой байна вэ?
-Манай
оронд энэ спорт өндөр хөгжсөн ч бэлтгэл хийх таатай орчин бүрдэж амжаагүй л байна. Монгол орны хувьд ч гэсэн гүйлтийн зам алга. Цаашид энэ тал дээрээ анхаарвал марафоноор хичээллэж буй олон хүүхэд амжилт гаргах байх. Тэд дэлхийн рекорд амжилт тогтоосон байлаа гэхэд гайхах зүйлгүй.
–Монголд Б.Сэр–Од гэж мундаг марафоны тамирчин бий. Түүнийг хэр мэдэх вэ?
-Яг
үнэнийг хэлэхэд би Монголын тамирчдын талаар сайн мэдэхгүй. Б.Сэр-Одын хувьд ганц хоёр тэмцээнд хамт уралдаж байсан гэсэн.
Э.ЭНХБОЛД