Мэргэжлийн сумогийн тавдугаар сарын Нацү башёд Монгол Улсын
гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал 15 давж түрүүлсэн. Ингэснээр Хакухо 25
түрүүнийхээ аравт нь нэг ч уналгүй түрүүлсэн цорын ганц сумоч болсон юм. Мөн
Асашёорюү Д.Дагвадорж аваргатай адил 25 түрүүтэй болсон. Хакухогийн хувьд
2007 оны тавдугаар сарын 30-нд тэрээр 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын
дөрөв дэх ёкозуна болсон
түүхтэй. Тэрээр өнгөрөгч долоо хоногт эх орондоо ирсэн.
Түүнийг Япон руу буцахаас нь өмнө уулзаж ярилцсанаа хүргэж байна.
–Тавдугаар сарын Нацү башёд нэг ч уналгүй түрүүлээд эх орондоо ирлээ. Сэтгэл тун хангалуун байгаа нь мэдээж дээ?
-Нацү
башё өндөрлүүлээд сумо бөхийн холбооноос тав хоногийн чөлөө авч эх орондоо ирэх учиртай байлаа. Гэтэл цаг агаарын улмаас нэг хоногоор нислэг саатсан. Нислэг саатсан тэр ганцхан хоног надад үнэхээр их хэрэгтэй байсан. Миний хувьд нэг хоног, магадгүй нэг цаг ч гэсэн эх орныхоо бүлээн шороон дээр гишгэж, цэнгэг агаарыг амьсгалах нь юу юунаас илүү эрхэм. Мэдээж эх орондоо ирээд аав ээж, Монголын ард түмэнтэйгээ уулзсандаа сэтгэл өндөр байлгүй яахав. Манай орны зун цаг гэдэг үнэхээр сайхан. Би нутагтаа яарсан хүлэг шиг нутаг орон руугаа цаг ямагт тэмүүлж байдаг. Сэтгэлдээ эх нутаг, элгэн түмнээ тээж явахад их энерги шингэдэг болов уу гэж санадаг. Болдогсон бол өшөө ч хэд хоночихмоор л байна шүү.
–Таныг бейсболын тамирчдыг Япон руу авч явахаар эх орондоо ирсэн гэж дууллаа?
-Миний
бие Монголын бейсболын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг. Эх орондоо уг спортыг түгээн дэлгэрүүлэхийн тулд сумогийн бэлтгэлийн хажуугаар цаг зав гарган ажиллаж байна. Долдугаар сард Токио хотноо өсвөрийн бейсболын аварга шалгаруулах олон улсын тэмцээн болно. Уг тэмцээнд өөрийнхөө нэрэмжит “Хакухо” багийн 24 тамирчин хүүхдийг авч явна. Монголд ирээд өсвөрийн тамирчидтайгаа хамт бэлтгэл хийж Монголын бейсболын ирээдүй болсон бяцхан тамирчидтай өөрийн санал бодлоо хуваалцлаа. Нөгөө талаас гэвэл би хэдэн жилийн өмнө Хакухо будаа тариална гэж ярьж байсан даа. Тэгвэл Хакухо будаа тариалах ажил биелэлээ олох гэж байна. Японы Хоккайдо арал гэдэг чинь Монгол оронтой цаг агаарын хувьд ер нь төстэй. Сэрүүвтэр газар байдаг юм. Дээр үед Хоккайдо аралд юун будаа ургахтай манатай байсан юм билээ. Ургасан ч гэсэн хүн идэхийн аргагүй тийм л будаа ургадаг байж. Харин сүүлийн жилүүдэд цаг агаар дулаарч байгаа тул Хоккайдогийн будаа маш чанартай ургах болсон. Тийм болохоор Өвөрхангай аймгийн тариаланч бүсгүйчүүд хэдэн жилийн өмнө Хоккайдо аралд очиж будаа болон бусад жимс жимсгэнэ хэрхэн тариалах тухай судалсан. Тэгвэл бүсгүйчүүд маань юу сурч мэдсэнээ эх орондоо амжилттай хэрэгжүүлж ноднин Өвөрхангай аймагт хүлэмжинд цагаан будаа тариалсан нь сайхан ургасан. Энэ жилийн хувьд Төв аймгийн Зуунмод хотод өөрийн гараар цагаан будаагаа суулгасан.
–Цагаан будаа тариалахад ус ихтэй талбай шаарддаг гэсэн. Таны хувьд будаа тарьж байхад ямар санагдсан бэ?
-Тэгэхэд
бүх ажлыг нь би өөрөө гардан хийсэн. Цагаан будаа суулгана гэдэг үнэхээр хэцүү юм аа. Барилддаг хүний булчин шөрмөс барилдахад л зориулагдсан байдаг тул ус ихтэй шаварлаг газар ажиллахад амар байсангүй. Одоо болтол биеийн хөндүүр гараагүй байна шүү.
–Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээнд хандив өргөсөн. Тэгээд ч зогсохгүй та нутгийн бөхчүүдтэйгээ барилдсан?
-Миний
хувьд Төв аймгийн Дүнжингарав дэвжээний бөхчүүдтэйгээ уулзлаа. Нутгийн маань бөхчүүд энэ сарын 15-наас наадмын бэлтгэлдээ гарах юм байна. Тийм болохоор өмнө нь дэвжээнийхээ бөхчүүдийн дунд сорилго барилдаан зохион байгууллаа. Бөхчүүдээ харахад сайхан байлаа. Өөрөө ч мөн үндэсний бөхөөрөө барилдаж хөлсөө гаргалаа.
–Таны хувьд улсын харцага Ө.Даваабаатар, начин А.Батмөнх, аймгийн хурц арслан Ч.Батчулуун гуравтай барилдлаа. Бөхчүүд хэр хүчтэй байна?
-Манай
бөхчүүд чинь мундаг шүү дээ. Таны хэлсэнчлэн дээрх гурван бөхтэй барилдаж сайхан энерги авлаа гэж бодож байна. Харцага, начин хоёрт өвдөг шороодсон ч аймгийн хурц арслан Ч.Батчулууныг давсан. Үндэсний бөх гэдэг үнэхээр өөр юм аа.
–Энэ жил нутгийнхаа бөхчүүдийг хэрхэн барилдах бол гэж бодож байна вэ?
-Бэлтгэлээ
сайн хийхэд болохгүй зүйл гэж хаа байхав. Өнөө жил нутгийн бөхчүүд сайхан барилдана гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд наадмын хоёр өдөр унахгүйг хичээн шүд зуун барилддаг.
–Таныг аавынхаа төрсөн нутаг болох Төв аймгийн Эрдэнэсант сумандаа их элэгтэй гэж дуулсан. Багадаа Эрдэнэсантаар их очдог байв уу?
-Эхээс
мэндлээд дөнгөж гурван сартай улаан нялзрай амьтан байхдаа аав ээж хоёртойгоо Эрдэнэсант суманд анх очиж байсан гэдэг. Түүнээс хойш их очсон. Гэхдээ зургаан настайгаасаа хойш аавын нутагт очиж байснаа сайн санадаг. Өмнө нь нас бага байсан тул сайн санадаггүй юм аа. Би чинь хотод төрж, өссөн болохоор зуны амралтынхаа хоёр сарыг Эрдэнэсантад өнгөрөөдөг байлаа. Багадаа морь унаж, тугал, ишиг хариулсан шиг амралтаа өнгөрөөдөг байсан. Хөдөөний хүүхдүүд ямар ажилтай байдаг билээ. Ус зөөж, аргал зөөхөөс эхлээд бүхий л ажлыг хийнэ шүү дээ. Батхаан гэж сайхан хайрхандаа гарч мөргөнө. Аавын нутгийн уул ус намайг түшиж явдаг байх аа. Тийм ч болохоор өнөөдрийн энэ амжилтын эзэн болсон болов уу.
–Эрдэнэсантад хамгийн сүүлд хэзээ очсон бэ?
-Уржнан
жил хамгийн сүүлд ус нутагтаа очсон. Ноднин Дундговь орчихоод буцахдаа нутгаараа дайраад гарсан. Өнгөрөгч жил хур бороо элбэг байсан болохоор зуншлага сайтай байсан. Энэ жил ч мөн сайхан байна гэдэгт эргэлзэхгүй байна. Би нэг сонирхолтой юм ярьж өгөх үү.
–Бололгүй яахав…
-Нэлээд
хэдэн жилийн өмнө Эрдэнэсант сумын сургуулийн 70 жилийн ой тохиосон юм. Тэр үед янз бүрийн тэмцээн уралдаан болж байсан. Тэгэхэд хүүхдийн барилдаан болдог юм аа. Гэтэл намайг хүүхдийн тоо гүйцээхийн тулд барилдуулсан. Тэгэхэд 32 хүүхдээс шөвгийн дөрөвт үлдэж байсан. Шагналд нь 70 жилийн ойн дурсгалын үг бичсэн аяга, үзэг балаар шагнуулсан. Хүүхэд гэхэд давгүй сайн барилдсан байгаа биз.
–Тийм байна. Тухайн үед таньтай барилдаж байсан хүүхдүүдээс аймаг, улсын цолонд хүрсэн бөх байна уу?
-Тэгэхэд
найман настай жаахан хүүхэд байсан болохоор ямар хүүхдүүдтэй барилдаж байснаа сайн санахгүй байна. Тэгээд ч багаасаа арлын орныг зорьсон болохоор тэр хүүхдүүдтэй ахин уулзаж чадаагүй. Энэ жил сумын маань 90 жилийн ой долдугаар сарын башётой давхцаж болох юм билээ. Уг нь башё дуусгаад цаг зав гарган ойдоо хүрэлцэн ирж нутгийн зон олонтойгоо баярыг нь хуваалцъя гэсэн амжихааргүй болж таарлаа. Тийм болохоор нутгийнхандаа 90 жилийн ой болон бүх монголчууддаа төрийн их баяр наадмын баярын мэндийг урьдчилан хүргэе.
–Та хамгийн сүүлд хэзээ төрийн их баяр наадмаа эх орондоо үзсэн бэ?
-Үнэнийг
хэлэхэд 10 гаруй жил төрийнхөө их баяр наадмыг үзэж чадсангүй. Багадаа бол аавыгаа дагаад л наадамладаг байлаа. Аав Тэрэлж, Сонгинын амралтад наадмын бэлтгэлд гардаг байсан. Тэгэхэд аавыг дагаад бэлтгэлд нь гарна шүү дээ. Одоо бол наадмын үеэр башё давхцдаг тул багынхаа тэр сайхан дурсамжийг эргэн санахад сайхан байдаг. Ноднин эх орондоо ирээд Сүхбаатар аймгийн наадмыг үзсэн. Монгол наадам гэдэг хаана ч байхгүй сайхан зүйл. Үнэхээр л баяр цэнгэлийн манлай гэж боддог. Жилдээ ганц болдог наадмаараа уяачид, бөхчүүд, харваачид маань өмнөх жилийнхээ алдааг засах учиртай. Тэдний хувьд ганцхан алдаа гаргахад л дараа жил болтол төрийнхөө наадмыг хүлээх болдог. Бөхчүүд маань уран хурц барилдааныг үзүүлж, хийе гэж бодсон мэхээ хийж урамтай сайхан барилдаарай гэж ерөөмөөр байна.
–Ж.Мөнхбат аваргын хурдан буянуудыг хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Д.Даваахүү гуай уядаг байсан. Таны хувьд хурдан морь унаж байв уу?
-Би
морь унах дуртай хүүхэд байсан. Ялангуяа хурдан морьдыг харж, дагах дуртай байв шүү. Хурдан морьны уяа сойлгыг алдуулчихна гээд тэр бүр хурдан морь унуулдаггүй байсан юм. Хааяа бол мэдээж хурдан морины нуруун дээр салхи татуулан дарцаглана шүү дээ. Намайг багад ах нар хүүхдүүдийг хооронд нь их барилдуулна. Тэр дунд нь би ч гэсэн тууж явалгүй яахав. Хүмүүс аваргын хүү гээд хүүхэд бүртэй барилдуулахад нь унаж, давж явсан болохоор багаасаа л өөрийгөө сэтгэлийн хат суусан байх гэж боддог.
–Аваргын хүү гээд танд хүндэтгэлтэй ханддаг байсан биз?
-Яалаа
гэж тийм юм байхав. Хөдөө ямар ч аваргын хүү байх нь хамаагүй. Гэрийн ажил сайн хийхгүй бол бага хоол иднэ гээд бүх хүүхдүүдтэй яг л ижил байсан.
–Эх орондоо жилдээ хэдэн удаа ирдэг вэ. Өвөл хоёрдугаар сарын эхээр ирчихээд явсан байх аа?
-Сүүлд
цагаан сарын өмнө хоёрдугаар сард ирсэн. Аавын бие тааруухан байсан тул уулзаж, хажууд нь байж байгаад буцсан. Харин энэ удаа Хөдөлмөрийн баатар, их аварга Д.Дагвадорж ахынхаа 25 түрүүлсэн амжилттай эн зэрэгцсэн түрүүг хүртээд ирлээ. Дагваа ахын энэ том амжилтыг давтана гэдэг гайхалтай юм.
–Нацү башёгийнхоо тухай ярихгүй юу. Эхнээсээ л өрсөлдөөнтэй, ширүүхэн болсон доо?
-Намайг
дэмждэг Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Миний хувьд тавдугаар сарын башёгийн 14 дэх өдөр озэки Кисеносатотой барилдсан. Бид хоёр нэг ч унаагүй башёг тэргүүлж байсан. Кисеносато мундаг бөх л дөө. Аваргын энтэй барилддаг юм. Башёг нэг ч уналгүй 14 даваатай хоёр бөх үргэлжлүүлсэн түүх 32 жилийн өмнө байсан юм билээ. Миний хувьд ч гэсэн анхны удаа ийм барилдаан хийсэн. Үнэхээр шийдвэрлэх барилдаан тэр байсан болохоор бүхий л хүчээ шавхан барилдаж давсан.
–Таны хувьд хоёр башё дараалан нэг ч уналгүй түрүүллээ. Сүүлийн хоёр башёд ямар тактикаар барилдсан бэ?
-Миний
хувьд энэ бөхтэй сэрвүүгээс барилдана. Харин тэр бөхтэй золгож барилдана гэсэн тактиктай бэлтгэл сургуулилтаа хийдэг. Энэ тактик үр дүнгээ өгч сүүлийн хоёр башёд түрүүлсэн юм болов уу даа. Би өнгөрөгч оны аравдугаар сараас шинжлэх ухааны профессортой найзууд болсон. Тэр найз маань надад бие физиологи талаас зөвлөгөө өгч эрүүл байх тал дээр анхаарч эхэлсэн.
–Таныг их уян хатан бөх гэж дуулсан. Энэ нь таны давуу тал гэх юм?
-Хүмүүс
уян хатан бөхчүүдийг бяр муутай гэж ярьдаг. Миний хувьд өөрийгөө бяртай гэж хэлэхгүй ч барилдааны үед тэсэрсэн бяр гаргадаг. Ер нь төмөр өргөөд хүчний бэлтгэл хийж байгаа үед бие хатуурах талтай. Тийм болохоор уян хатан байх нь амжилт гаргах нэг түлхүүр юм болов уу гэж боддог.
–Сүүлийн үед монгол бөхчүүдийг сумогоос шахах болсон гэх яриа цахим ертөнцөөр газар авах болсон. Үүн дээр та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Монгол
бөхчүүдийг сумогоос шахах болсон гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм билээ. Манай бөхчүүдийг сумогоос шахсан ямар нэгэн зүйл байхгүй. Үүнийг худал мэдээлэл гэж хэлмээр байна.
–Сумод барилдаж буй монгол залуус сүүлийн жилүүдэд өндөр амжилт гаргах болсон. Өөрийн орны бөхчүүдээ хэрхэн үнэлдэг вэ?
-Манай
залуучууд сүүлийн үед өндөр амжилт гаргаж байна. Д.Амгаа зааны хүү Сэйро Өнөболдын амжилт эрс дээшилж байгаа. Монгол хүүхдүүдийн идэж өссөн хоол, өвөг дээдсийн эрэмгий хүчирхэг чанар өдгөө ч амжилт гаргахад нь түлхүүр болж байгаа юм болов уу гэж хувьдаа боддог.
–Сумогийн түүхэнд нэг ч уналгүй 69 давсан Фүтүбаяма аварга байдаг. Таны хувьд 63 давж түүхэн амжилтын хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Энэ амжилтаа ахиулах боломж бий юу. Одоогоор та 30 дараалан даваад байгаа шүү дээ?
-Миний
хувьд шүтэж хайрладаг хоёр аварга байдаг. 1930-аад онд барилдаж байсан Фүтүбаяма аварга 69 дараалан давсан. Нөгөөх нь 1960-аад онд сумо бөхийн дэвжээнээ барилдаж домог болон мөнхөрсөн Тайхо аварга байсан. Тайхо аварга 32 түрүүлсэн амжилтаараа сумогийн түүхэнд өөрийн нэрийг мөнхөлсөн. Фүтүбаямаа аваргын 69 дараалан давсан түүхэн амжилтад би 63 дараалсан даваагаар тун дөхөж очсон.
–Хичээгээд барилдахад болохгүй зүйл байхгүй биз дээ. Энэ томоохон түүхэн амжилтыг монгол бөх эвдээсэй гэсэн хүлээлт тан дээр л тогтоод байна шүү дээ?
-Бэлтгэлээ
сайн хийгээд хичээгээд барилдахад болохгүй зүйл байхгүй л дээ. Гэхдээ ганцхан удаа дэвжээн дээр гар хүрэхэд л миний дараалсан ялалтууд байхгүй болно. Хуучин сумо бөх жилд хоёр башё зохион байгуулдаг байсан. Тийм болохоор Фүтүбаяма аварга гурван жил гаруй сумо бөхөд босоо байсан байгаа биз. Нэг зүйлд ихээхэн бэлгэшээж явдаг. Миний хүндэлдэг Фүтүбаяма аварга 69 дараалан давж байсан бол би 69 дэх их аварга болсоныгоо ярих дуртай. 69 гэдэг тоо чинь өөрөө хааш нь ч харуулсан 69-өөрөө байдаг их учиртай, бэлгэдлийн тоо байдаг болов уу хэмээн боддог.
Сумо бөх барилдаж аварга цолонд хүрсэн бүх бөхчүүдийн ганц мөрөөдөл Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг эвдэх байдаг. Энэ 32 түрүү бол 1960-аад оны сүүл 1970-аад оны эхэнд бий болсон рекорд юм. Энэ амжилт руу нэг ч юм уу хоёр түрүүгээр ойртох юмсан гэсэн хүсэл аварга болгонд бий. Уг рекордыг хагас зуун жилийн турш ямар ч аварга эвдээгүй. Тайхо аварга энэ оны нэгдүгээр сард бурханы оронд одсон. Их аваргыг сэрүүн тунгалаг байхад бид байнга уулзаж байсан. Миний хувьд их зөвлөгөө авдаг байсан тул их ойр байлаа.
–Танд 32 түрүүлэх нөөц хангалттай байх шиг санагддаг?
-Сумогийнхны дунд бэлтгэл хийлгэж өгсөн болон барилдааны тухай зааж зөвлөж байсан хүнийхээ амжилтад хүрч цаашлаад тэрхүү амжилтыг эвдсэн үед ачийг нь хариулж байгаа юм гэсэн яриа байдаг. Тэр утгаараа миний хувьд Тайхо аваргын амжилттай эн зэрэгцэхэд долоон түрүү дутуу байна. Тийм болохоор Тайхо аваргынхаа ачийг хариулах болно.
–Монгол Улсын заан Р.Давааням агсны хүү сумогийн отгон аварга Харумафүжи аваргын тухай ямар бодолтой байдаг вэ. Сүүлийн үед түүнд шахалт үзүүлэх боллоо гээд байгаа?
-Хүнд
од гэж байдаг юм. Харумафүжи аварга хоёр башё дараалан одтой сайхан барилдаж дараалан түрүүлснээр аварга цол хүртсэн. Аварга цол хүртсэн бөх хариуцлага өндөр байдаг. Тэр утгаараа ёкозуна гэдэг тэс өөр даваа юм. Озэки буюу арслан цолтой байхад найм даван 50 хувийн амжилтаа үзүүлээд байхад гайгүй байдаг юм. Харин аварга хүн гэдэг эсрэгээрээ унах эрхгүй юм аа. Тэр утгаараа Харумафүжи аваргад шахалт ирсэн байж магадгүй.
–Цагаан сар, наадмаар сумочид эх орондоо ирж амждаггүй. Япондоо уулзан золгоцгоодог уу?
-Цагаан
сарын үеэр элчин сайдынхаа яаманд очиж сайдтайгаа золгож, бусад бөхчүүдтэйгээ амар мэндээ мэдэн золгодог. Харин наадмаар уулзаж амждаггүй юм. Японд манайхан хаврын баяр гэж хийдэг. 2006 онд Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан ирж ая дуугаа өргөж байсан. Түүнээс хойш “Хурд” хамтлаг тэргүүтэй олон уран бүтээлчид ая дуугаа өргөж байлаа. Японд “Монгол сумочдын сан” гэж бий. Хаврын баярын үеэр үндэсний бөхийн барилдаан болдог. Түүнийг нь манай сангаас зохион байгуулдаг юм. Тэр баяр Японд Монголыг сурталчилсан том баяр болдог.
–Таны нэрэмжит “Хакухо сан” гэж бий. Сангийнхаа үйл ажиллагааны талаар ярихгүй юу?
-Манай
сан 2008 онд анх байгуулагдсан. Их бага гэлтгүй нийгмийн сайн сайхны төлөө Монгол руугаа хандсан арга хэмжээ хийж байна. “Хакухо сан”-г ах, эгч нар маань удирддаг юм. Сангийн зүгээс сумогийн ирээдүйн их аваргыг төрүүлэх үүднээс “Хакухо кап” гэж тэмцээнийг жил бүр олон улсын хэмжээнд зохион байгуулдаг. Сангийн зүгээс Монголд бейсболыг хөгжүүлэх тал дээр анхаарч байгаа бол хүмүүнлэгийн чиглэлээр эмнэлгүүдэд түрэгний тэрэг бэлэглэх зэрэг ажлууд хийгдэж байгаа.
Э.ЭНХБОЛД
Б.ЭНХБАТ