Categories
редакцийн-нийтлэл

Хэдүүлхэнээ хэл ам, хэрүүл шуугиангүй чимээ аниргүй сонгуульдаж байна

Монгол Улсад дөрвөн жилд нэг удаа болдог томоо­хон үйл явдлын нэг ид өрнөж байна. Монгол төрийн тэргүү­н­ээ сонгох энэ үйл явдал уг нь яавч нам гүм өнгөрөх зүйл биш л дээ. Гэхдээ Монголд сонгууль улам л нам гүмхэн, анир чимээгүйхэн хийгддэг боллоо. Уг нь ардчилсан хувьсгалын дараагаас монгол хүн жинхэнэ утгаараа сана­лаа өгч, сонголтоо хийдэг болсон. Тэр үед сонгууль тал, тал тийшээгээ салаалж мө­чирлөсөн, бүдүүн мод шиг байлаа. Салаа бүр дээр нь шувууд шулганалдаж, сайн муу бүгдийг нь сонгогчид дуулж, сонгуулийн сураг эр­тээс эхэлж, сонгуулиар ид буцалж, дууссан сонгуулийн анир удтал яригддаг байж билээ. Харин өнөө цагт ши­нээр батлагдсан Сонгуулийн хуулийн заалт бүрт хяргагдаж тайруулсаар сонгууль маань үр жимсээ ч өгдөггүй, навч нахиа ч байхгүй шувтан ёдор мод мэт болж дээ. Соёл урлаг, шашин шүтлэг, овоо тахилга, уралдаан тэмцээн, спортын арга хэмжээ, эмнэлгийн үйл­чил­гээ, хүүхэд багачууд, гурил будаа, ном сонин гээд салаа мөчир бүрээ таслуулчихаар нээрээ юу ч үлдэх вэ дээ. Аль болох нөлөөлөлгүй, шударга сонгууль хийнэ гэдэг санаа нь зөв боловч хууль баталдаг тэр хүмүүс аль болох өөрсдөдөө таатай, өөрс­дө­дөө боломж нээсэн тэр хувил­баруудыг сонгосоор байгаад хаврын дэлгэрч дэлбээлж байгаа мод шиг байсан чө­лөөт сонгууль маань навчаа байтугай мөчрөө гүвсэн на­мар оройн мод шиг болчих­сон байгаа нь энэ. Уг нь дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулиар хөдөө алсад амьдар­даг монголчууд маань алдартай дуучдыг амьдаар харах ганц боломж олдож, ном зохиолын захаас уншиж, хүүхдүүд санал өгдөггүй ч өөрсдөд нь зориулж хийсэн баярын ганц том эзэд болдог байсан сан. “Сонгууль боло­хоор нэр дэвшигчийн намтар багтаасан сонинууд ирэхэд “Өдрийн сонин”-ыхоо барааг хардаг сан. Хөдөөний бид­нийг өнөөх алдартай “Өдрийн сонин”-той сонгууль анх уул­зуул­даг байлаа. Одоо ч өн­гөрч дээ” гэж хөдөөний ун­шигч маань гомдол мэдүүлэн ярьсан нь оргүй зүйл биш ээ. Сонгуулиар нэр дэвшигчдийн тарааж байсан ном сонингууд олон хүний оюуны бүрэнхийд гэгээ татуулж, тэдний үр хүүх­дүүдэд номонд татагдах их буяныг хийснийг хэн үгүйсгэх билээ. Гэвч өөрийн өнгө бу­даг­тай өмнөх сонгууль алга болжээ. Үүнийг үе, үеийн улстөрчид үгүй хийсэн юм. Аль болох өөрсдөдөө амар хялбар байж болох бүх хувил­барыг шударга сонгууль зо­хион байгуулах нэрийн дор бэлтгэсэн. Хуучин хүмүүстээ ашигтай, шинэ тутам улс­төрч­дийг гаргаж ирэх болом­жийг хаасан хуулийн заал­туудыг шигтгэсээр. Энэ нь өөрсдөө суудал дээрээ удаан сууж, шинээр цус сэлбэхийг хаасан хэрэг л дээ. Хуучин улсад байтугай аймагт, аймагт бай­тугай сумынхны тал нь ч танихгүй хүн гараад ирж бол­дог байв. 2000 онд Л.Гүнда­лай гээд хөдөөд бай­тугай хо­тод хүн танихгүй Гер­ма­наас дөн­гөж шахам ирсэн залуу сон­гуулийн сурталчил­гааны үеэр нисдэг тэрэг хө­лөг­лөж явсаар байгаад га­раад ирж л байлаа. Энэ нь огт танигд­даг­гүй хүмүүст ч бо­ломж байсан гэд­гийн жишээ. Уг нь тэгш га­раан дээрээс өр­сөлдөж, сон­гогч­дод өөрийн­хөөрөө сон­гол­тоо хийх бо­лом­жийг өгөх нь шударга хэрэг. Алдсан оносон ч сон­гогчдод өөрийн­хөөрөө сон­гол­тоо хийх бо­лом­жийг олгож байгаа нь сон­гууль хэмээх модны амьд бай­гаа­гийн ба­талгаа болж байв.

Сайжруулсныг нь үгүйс­гэх­­гүй, гэхдээ бүгдийг болох­гүй бүтэхгүй гэж хассаар бай­гаад сонгууль болж байгаа нь ч мэдэгдэхгүй, үгүй нь ч мэдэг­дэх­­гүй юм болж.  Ямартаа л хэл амгүй, хэрүүл шуугиангүй хэ­дүүлхэнээ аниргүйхэн сон­гуульдаж байна даа гэхэв дээ. Заа­вал хэрүүл хийж, гэд­сэн­дээ хөлөө жийлцэнэ гээд бай­гаа юм биш. Энэ анир­гүй­хэн сонгуульд чинь ирж са­на­лаа өгөх хүн байна уу гэж эм­зэглэсэндээ ингэж бичиж бай­гаа юм. Улс төрийн том на­мууд асуудал ший­дэхдээ өвөр түрийндээ орж, хуй­вал­даанаар юуг ч хийж бол­но. Ха­рин хуйвалдаанд хуу­раг­даж, найраанд нийлдэггүй ганц юм сонгууль байдаг. Сон­гуульд ирц хүрэхгүй бол тэ­гээд л өнгөрөө. Татвар тө­лөгч­дийн мөнгөнөөс татаж, тө­рийн албан хаагчид дахин ажил­лахаас эхлээд зардал мун­дахгүй. Энэ удаагийн сон­гуулийн зардал 15,8 тэр­бум төг­рөгөөр батлагдсан байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүрэг болон хэсгийн хороо­дод 15863 хүн ажиллаж бай­на. Тэдэн дээр техникийн, бүрт­гэлийн, цагдаагийн алба хаагч­дыг нэмбэл явж өгнө. Сон­гуулийн хороодод ажил­лаж байгаа хүмүүс дээд тал нь 50, багадаа 40 хоног ажил­лаж байгаа юм билээ. Өнгөр­сөн УИХ-ын сон­гуулийн зар­дал 16,8 тэрбумаар батлаг­даж, тодорхой хувийг нь хэм­нэ­­с­эн байсан ч нэр дэвшиг­чийн хувь хүрээгүй шалт­гаа­наар СХД-т дахин сонгууль явуулахад 400 сая төгрөг зар­лагадаж байх жишээтэй. Орон нутгийн сонгууль яалаа даа. Ирц хүрээгүй аймгуудын 66 хэсэг, дүүргүүдийн 149 хэсэгт дахин санал хураалт явуулахад орон нутгийн төс­вөөс гарсан зардлаас гадна ул­сын төсвөөс таван тэрбум төг­рөг алга болж байх жи­шээтэй.

Үндэсний хэмжээний өдөр тутмын сонины хувьд бид сонгогчдын тодорхой хүрээлэлд судалгаа явуулж, тандалт хийхэд сонгууль бо­лох өдрийг мэдэж байгаа хү­мүүс алга, цаана чинь. Ялан­гуяа залуус сонгууль болох 26-ны өдрийг мэдэхгүй, харин амралтын өдөр бол­бол сал­хинд гарна гээд сууж байна. Харамсалтай ч гэсэн үнэн нь энэ. Улаан, цэнхэр гэлтгүй аль, аль улс төрийн хүчин үүн дээр анхаарал тавьж, Сон­гуу­лийн Ерөнхий хороо, сонин хэвлэлүүд, хувь хувьсгалгүй бүх байгууллага дор бүртээ хичээчихвэл уг нь зү­гээр юм­сан. Хариуцлагатай улс тө­рийн хүчнүүд нэр дэв­шиг­­чээ сурталчлахын зэрэг­цээ сон­гууль зургадугаар сарын 26-нд шүү гээд сануу­лаад авч байгаа харагдаж бай­на. Үүрэн телефоны ком­па­­ниуд са­налаа өгсөн хү­мүүст 1000 нэгж өөрсдийнхөө хө­рөн­гөөс шийдээд өгье гэ­сэн саналыг СЕХ-нд тавьсан нь дэмжигдэж байх шиг бай­на. Саналыг 1000 нэг­жийн тө­лөө биш өөрийн­хөө төлөө өгч бай­гаа гэдгээ мэддэг бол­тол нь ингэж л амь оруу­ла­хаас яах билээ. Салаа мөчир бүр дээр нь шувуу шаагилдаж бай­даг сонгуулийн модоо нүц­гэл­чи­хээр сонгууль хэзээ бо­лохыг мэдэх хүн цөөрчих юм даа.

Categories
редакцийн-нийтлэл

ХБНГУ дахь Монгол иргэд саналаа өгч эхэллээ

Хилийн чанадад амьдарч, ажиллаж буй Монгол Улсын иргэд
энэ сарын 14,15,16-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх юм.  Өнөөдөр ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны
байранд санал хураах хэсэг орон нутгийн цагаар 07.00 цагт нээгдсэн юм.  Герман дахь сонгуулийн санал авах ажлын
хэсгийн нарийн бичгийн дарга Г.Дөлгөөний ярьснаар саналаа  өгөх хүмүүсийг тавдугаар сарын 29-ний өдөр
бүртгэсэн аж. Үүнд нийт Монгол Улсын 63 иргэн 
бүртгүүлжээ. Орон нутгийн цагаар 09.30 цагийн байдлаар  15 хүн саналаа өгчихөөд байна.

Берлин дэх сурвалжлагч Ю.Дэлгэрмаа

Categories
редакцийн-нийтлэл

Монголын Элчин сайдыг мөнгө угаасан хэрэгт сэжиглэжээ

Монгол Улсаас ХБНГУд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваа­доржийн талаар тухайл­бал, мөнгө угаасан зэрэг элдэв яриа гарах болжсүүлийн үед хэвлэлийнхний анхаарлын төвд байгаа билээ. Үүнтэй холбогдуу­лан Германы  “B.Z.” –д гар­сан нийтлэлийг хүргэж байна.

Балдоржийн Даваадорж улс орноо төлөөлөхдөө үн­дэснийхээ хувцсаар гоёх дур­тай нэгэн. Гэвч дээл болон арьсаар чимсэн малгайгаа өмсөн ал­бан ёсны арга хэмжээнд хэр удаан орол­­цох юм бол?

Лайпциг болон Франк­фурт-ам-Майн хотод эдийн засагч мэргэжлээр суралцсан тэрбээр 2009 оны арваннэг­дүгээр сараас Берлин хотын Нидершөнэхаузэнд буй хар­шид суун ХБНГУ дахь Монгол улсын Элчин сайдаар ажил­лаж байгаа.

Улаанбаатарын хэвлэлийнхэн түүнийг гольф ихэд хор­хойтой тухай  бичицгээнэ. Эх оронд нь ч түүний талаар янз бүрээр ярьдаг аж. Харин одоо бол түүний хувьд бай­дал бүр ч ээдрээтэй боллоо. Берлиний прокурорын газарт буй баримтаар  түүнийг мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэж байгаа юм.

Германы нэгэн томоохон банкин дахь түүний хувийн данс руу 2012 оны нэгдүгээр сараас  аравдугаар сарын хооронд таван удаагийн үйлд­лээр нийтдээ 201.800 евро шилжүүлжээ. Мөнгө хаанаас үүдэлтэй нь тодор­хойгүй бай­сан. Түүнээс гадна Монгол нь Орос Хятад хоёр улсын хувьд мөнгө угаах хам­гийн тааламж­тай орон тул банкныхан Эл­чин сайдаас энэ талаар тод­руулахад “Мөн­­гийг Монголоос шил­жүүл­сэн бөгөөд хувьдаа ав­томашин авч Берлинд байх хугацаандаа амьжиргаандаа хэрэглэсэн” хэмээн тайлбар­ласан байна.

Гэвч банкныхан  итгэхгүй байгаа тул мөнгө угаасан байж болзошгүй хэмээн түү­ний эсрэг мэдүүлэг өгсөн бай­на. Германы тал Даваа­дор­жийг уг асуудлаар бай­цаах боломжгүй юм. Учир нь тэр­бээр дипломат бүрэн эрх эдэл­дэг. Тиймээс ч гурван долоо хоногийн дараа проку­рор уг хэргийг хаасан юм.

Харин Монголдоо бол  Элчин сайд уг асуудлаар хариуцлага хүлээх  бололтой. Учир нь тус улсад удахгүй мөнгө угаасан хэргийг ший­дэх  хууль батлахаар бэлтгэж бай­гаа гэнэ. Гэсэн хэдий ч Монгол нь хахуульд автсан оронд тооцогддог. Яг одоо­гоор тус улсын хариуцлагатай ажилт­нууд МИАТ хэмээх үн­дэсний компанитай холбоо­той хэрэгт холбогдоод бай­гаа. Мөн за­рим хариуцлага­тай ажилт­нууд нь гадаадад мөнгө угаа­сан хэргээр бу­руутгагдсан байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Берлин дэх ХБНГУ-ын ГХЯ-нд диплома­туудтай холбоотой 60-аад хэрэг бүртгэгджээ.

“B.Z.” Орчуулсан Ю.ДЭЛГЭРМАА

Categories
редакцийн-нийтлэл

Мөнгө угаасан гэх дуулианд нэр холбогдсон Элчин сайд б.Даваадорж ийн ярилаа

Монгол Улсаас ХБНГУд суугаа Онц бө­гөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржийн тухай сүүлийн үед хэв­лэлээр нэлээд бичигд­сэн. Үүнтэй хол­бог­дуу­лан түүнээс за­рим нэ­гэн асуудлаар тод­руул­га авсан юм. Б.Да­ваадорж гуай ярилц­лага өгөхдөө Гер­ман дахь хувийнхаа дансны хуулгыг үзүүлж байлаа.

Таны данс руу улс төрчид дөрвөн удаа­гийн үйлдлээр нэлээд хэмжээний мөнгө шил­жүүлж, угаасан тухай манай хэвлэлүүдэд би­чээд байна. Та яагаад энэ талаар тайлбар өгөх­гүй удав?

-Юуны өмнө хэлэхэд энэ талаар хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр
ихээ­хэн шуугиж байгааг би сайн мэднэ. Гэхдээ төрийн албын хаагчийн хувьд эхлээд
манай ГХЯ-наас тодорхой мэдээлэл гаргана гэж хүлээж бай­сан юм.

Гэтэл асуудал сүүлийн үед
улам даам­жирч энэ
хэрэгт манай хамт олон
болон гэр бүлийн хүмүүсийг
маань шууд оролцуулж байгаа
учраас би аргагүйн эрхэнд
тайлбар хийе гэж бодсон
юм. Ер нь гадаад
орнуудын Элчин сайдын яаманд
ажиллаж байгаа хэнд ч
гэсэн Улаан­­баа­тарт
байгаа ах дүү, танил
тал нь хувийн журмаар
тодорхой бараа мате­риал
Германаас захи­даг. Энд
яригдаад байгаа мөн­гө
миний танил, ху­вийн
хэвшлийн компаниу­дын хүмүүсийн автома­шин, гэрийн тавилга
захисан мөнгө. Миний хувийн
дансаар дамжин цааш төлбөр
нь хийгдсэн юм. Энэ нь
ямар нэгэн улстөрчийн мөнгө
угаах үйлдэл гэж бичээд
байгаа зүйлтэй огт нийцэхгүй.

Яагаад таны энэ асуудлыг дэвэргэж яриад байгаа юм бол. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Би
танд нэг зүйлийг чин үнэ­нээр хэлэхийг хүсч байна. Би Монгол-Германы харилцааны салбарт 20 гаруй жил ажиллалаа. 2009 оноос Элчин сайдаар томи­логдон ажиллалаа. Намайг уг албанд томилогдох үед “Энэ хүнийг Элчин сайдаар томилбол хоёр улсын харилцаа эрс муудна” гэж ярьж явсан хүмүүс байгаа. Энэ албан тушаалд зарим нэг хүн өрсөлдсөн. Гэтэл харин ч хоёр орны харилцаа сүүлийн гурван жилд эрс хөгжиж, өнөөдөр стра­тегийн иж бүрэн түншлэлийн хэм­жээнд хүрээд бай­гааг бүгдээрээ мэднэ. Энэ нь зарим хүмүүст таа­лаг­дахгүй байгаа бо­лолтой. Тий­мээс тэд одоо хүртэл иймэрхүү асууд­лыг улстөржүүлж дэвэргэсээр бай­гаа. Би энэ хүмүү­сийг сайн мэднэ. Би танд хувийн­хаа дансны хуулгыг үзүүлье. 2012 оны арав­ду­гаар сарын 24-нд хий­сэн гүйл­гээ­ний хуулбарыг та харж байна. Энд Монголын нэг компа­ниас шилжүүл­сэн мөнгийг та харж байгаа биз дээ. Мөн энэ мөнгийг цааш нь шилжүү­лэн авто­машин борлуулдаг компа­нийн дансанд орсныг та харж байна. Хэвлэлд бичээд байгаа шиг энэ хүн өндөр албан тушаалын улстөрч биш байгаа биз дээ.

 Ер нь гадаад орнуудын Элчин сайдын яаманд ажилладаг хүмүүс тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлдэг.  Би тэдний л нэг шүү дээ.  Тиймээс Монголд байдаг хүмүүс нэлээд үнэтэй зарим нэг барааг тодруулбал машин, тавилга авахад туслаач гэж хүсдэг. Ганц надад ч ингэж ханддаг юм биш.

Таныг ХБНГУын тодорхой байгууллагаас шалгаад байгаа гэж бичсэн шүү дээ.

-Хэрвээ
тэгж шалгаж байгаа бол зөвхөн Монголын ГХЯ-аар дамжин асуудлыг тавьдаг  журамтай.  Гер­маны талаас албан ёсоор ямар нэгэн асуудал хөндөөгүй гэж мэ­дэгдсэн гэдгийг манай ГХЯ албан ёсоор мэдэгдсэн. Гэсэн ч би энэ асуудлыг ХБНГУ-ын ГХЯ-ны хол­богдох хүмүүстэй ярьсан. Удахгүй  хариу  нь гарах байх. 

Элчин сайдын яам даат­галаа сольсон гэсэн бас нэгэн яриа гарсан байсан. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм.

-Өнөөдөр
манай ЭСЯ-ны авто­машинууд 100 хувийн баталгаа­тай даатгалтай болсон. Урьд өмнө “Allianz” компанид даатгуулж байс­наас хамаагүй хямдхан бөгөөд үйлчилгээ нь маш сайн “Aachen Mьnchener” гэдэг компаниар үйлч­лүүлэх болсон. Дашрамд дурдахад Германд улсын даатгал гэж бай­даггүй юм. “Allianz” бол хувийн л даатгалын компани. Сонинд бичсэн шиг манай ЭСЯ улсын даатгалаас больсон юм биш л дээ. Үүнийг манай Элчин сайдын яамны хамт олон сайн мэднэ. Хэнээс ч асуусан үүнийг хэлнэ.

Энэ завшааныг ашиглаад  таны ажлын талаар сонирхъё. Саяхан болж өнгөрсөн МонголГерманы Засгийн газар хоорон­дын хэлэлцээр болон Бундес­тагийн дэд Ерөнхийлөгч Э.Ос­валь­дын манай улсад хийсэн айлчлал ямар үр дүнтэй болсон гэж үзэж байна?

-Өнгөрсөн
тавдугаар сард хоёр орны харилцаанд маш чухал үр дүнтэй арга хэмжээ болсон. Нэг­дүгээрт Монгол-Германы Засгийн газрын хоорондын ажлын хэсэг, Монгол-Германы эдийн засгийн хорооны уулзалтуудаар олон чухал асуудлыг нааштай шийдсэн. Үүнд Монгол-Германы техноло­гийн хамтарсан их сургуулийг байгуулж энэ оны есдүгээр сарын нэгнээс анхны оюутнуудаа авахаар боллоо. Нүүрснээс шингэн түлш боловсруулах үйлдвэр, коксын үйлдвэрийн асуудлуудыг хоёр талаас маш эрчимтэй ярьж хамтын ажиллагааны чухал төслүүдээр тодорхойлж хамтран хэрэгжүү­лэхээр тохирсон. Мөн таны асуу­сан Э.Освальд айлчилж өмнө нь Засгийн газар болон хувийн хэвшил Засгийн газар хооронд яригдсан дээрх асуудлуудыг хууль тогтоох байгууллагын зүгээс дэм­жиж байгааг харуулсан. Ер нь хоёр орны харилцаа цаашид үргэлж гэрэлтэй, эрчтэй, эдийн засгийн маш тодорхой агуулгатай, стра­тегийн жинхэнэ гуравдагч хөршийн харилцаа болон хөгжинө. Эцэст нь хэлэхэд энэ онд багтаан манай Элчин сайдын яам Берлин хотын А зэрэглэлийн бүсэд байр­лах газар шинэ байрныхаа нээлтийг хийнэ. Энэ бол Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал.

Берлин дэх сурвалжлагч Ю.ДЭЛГЭРМАА

 

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Д.Цогтбаатарыг хууль бусаар хорьсон тухай НОЦТОЙ БАРИМТ ДЭЛГЭНЭ ГЭЛЭЭ

-ТҮҮНИЙ ЭХНЭР Ч.МАНДАХ ӨЧИГДӨР ЭНЭ ТУХАЙ СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ХИЙВ-

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга хурандаа Ц.Цогтбаатар баривчлаг­даад байгаа. Тэрээр ХБНГУ-ын иргэн М.Л.Клой­­­­­­­­­­­берийн алга бол­сон хэрэгт сэжиглэгд­сэн. Германдаа залилан хийж 13 сая евро луйвар­даж Монголд орж ирсэн М.Л.Клойбер нь хуран­даа Д.Цогтбаатартай дот­но харилцаатай бай­сан гэх мэдээлэл бий. Их хэмжээний мөнгөтэй бай­сан гадаадын иргэн одоо үхсэн амьд нь тодор­хой­гүй байгаа бөгөөд цаг­даагийнхан Д.Цогт­баа­тарыг холбогдуулан шал­гаж эхэлсэн мэдээлэл бий. Одоо ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулаг­даж буй Д.Цогтбаатарын гэргий Ч.Мандах, өмгөө­лөгч Г.Наранбаатар нар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Ч.Мандахын ярьснаар нөхрийг нь барьж хорьсон асуудал цэвэр гүжирдлэгийн шинжтэй гэж үзэж байна лээ.

Тэрбээр хэлэхдээ “Миний нөхрийн талаар огт баримт­гүй, хэт нэг
талыг барьсан тэнцвэргүй мэдээллүүд байн­га гарч байгаа учраас бодит үнэн ямар байгааг
олон тү­мэнд дуулгахаар би өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байгаа юм.

Миний нөхрийг баривч­лан хорьсноос хойш өнөөдөр найм дахь хоног нь болж байна. Анх баривчлах­даа надад дуулгаагүй, хувц­сыг нь солиулалгүй авч явсан. Одоо хүртэл би нөхөртэйгээ ямар ч холбоо бариагүй, уулзах хү­сэлт тавьсан ч хүлээж аваагүй. Миний олж мэдсэнээр хариуц­лагатай алба хашдаг, оршин суух хаяг нь тодорхой тийм хүнийг заа­вал барьж хорих шаардла­гагүй, гадуур шалгаад явах боломжтой юм билээ” гэсэн.

Д.Цогтбаатарыг өнгөрсөн гуравдугаар сард ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дар­гаар томилогдсоноос хойш төрийн нууц задруулсан хэр­гээр шалгах болсон билээ. Тэрбээр өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаасаа түр түд­гэлзэж, хууль хяналтын бай­гууллагад шалгуулан төрийн нууц задруулаагүй болох нь тогтоогдсон юм. Ийнхүү хэрэг нь шийдэгдэж, ажилдаа оро­хоор зэхэж байхад нь гадаа­дын иргэн алга болсон хэрэгт холбогдуулан, өнөөдрийг хүртэл хориод байгаа. Энэ тухай түүний эхнэр “Манай нөхрийг гуравдугаар сард Сөрөх тагнуулын газрын дарга болсон цагаас эхлэн байнга гүтгэж гүжирдсэн мэ­дээ­лэл цацагдах болсон. Энэ удаа барьж хорьсныг нь ч би үүнтэй холбон ойлгож байгаа. Энэ бол миний нөх­рийг ал­бан тушаалаас нь зайлуулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийг зорилготой ажил­лагаа гэж би хардаж байна.

Нөхөр маань төрийн нууц задалсан гэх хэрэгт өөрөө сайн дураараа албан тушаа­лаасаа түдгэлзэн шалгуул­сан. Шалгаад тэр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон тэр өдөр нь л огт өөр залилан­гийн хэрэгт сэжиглэн баривч­лан хорьсон. Тэгэхээр ямар ч аргаар хамаагүй манай нөхрийг баривчлан хорих зорилго тэдэнд байжээ.

Монголд найман жилийн өмнө буюу 2005 онд гадаа­дын иргэн алга болсон юм билээ. Түүнд л манай нөхрийг холбогдуулан шалгаж байгаа гэсэн. Яг тэр цаг үед нь манай нөхөр Москвад Холбооны аюулгүй байдлын академид сурч байсан болохоор ма­найх гэр бүлээрээ тэнд амь­дарч байсан. Үүнийг гэрч­лэх дөч тавин хүн бий. Би нэрсийг нь мөрдөн байцааг­чид нь гаргаж өгсөн. Төгсч ирэхэд нь ТЕГ-ын дарга ажилд нь авсан тушаал нь энэ байна. Он сар өдөр нь тодор­хой байгаа” гэж хэлээд 2005 оны наймдугаар сарын 4-ний өдөр Д.Цогтбаа­тарыг ажилд томилох тухай ТЕГ-ын даргын гарын үсэгтэй тушаалыг хэвлэ­лийн­хэнд харуу­лав.

Улмаар Ч.Ман­дах эмэгтэй нөх­рийн­хөө эрүүл мэнд, аюул­гүй бай­далд санаа зовниж байгаагаа дуул­гаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ТЕГ-ын удирд­лага нь энэ хэрэгт анхаар­лаа хандуулна гэ­дэгт итгэж буй­гаа уламжиллаа. Мөн түүний нөхрийг барьж хорьсон яв­дал хэт хууль бус, захиалгатай гэд­гийг хэлсэн. Хэрэв энэ хууль бус ажил­лагаа үргэл­жилсээр байвал тодорхой баримт мэдээллийг удахгүй нийтэд дэлгэж тавина гэж онцлов.

Харин өмгөөлөгч Г.На­ран­баатар “Хэргийн нөхцөл байдлын талаар бид мэдээ­лэл хийх эрх байхгүй. Яагаад гэвэл хэргийн мөрдөн бай­цаал­тын ажиллагаа яваг­даж байгаа учраас бодит нөхцөл байдалд дүн шинжил­гээ хийж үйлчлүүлэгчийн маань эхнэр мэдээлэл хий­лээ. Д.Цогтбаа­тарыг сэжигт­нээр татан цаг­дан хорих хугацаа нь энэ сарын 17-нд дуусна. Хэрвээ үүнээс цааш үргэлжлүүлэн цагдан хорьсон тохиолдолд бид зургадугаар сарын 18-нд дахин хэвлэлийн хурал хийх болно” гэлээ. Тэдний хэлс­нээр тэр өдөр илүү олон ноцтой баримтуудыг дэлгэх бололтой.

М.МӨНХ

Categories
редакцийн-нийтлэл

“Хөвчийн Харыг хаа таарсан газраа өчиггүй бууд”

Хатанцийн эх

Манай
Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатарын
Хэнтийн нуруугаар явсан цуврал сурвалжлагыг нэгтгэн х
үргэж
байна.

Монголын хойд хяз­гаар дахь битүү ой тайга руу явах томилолтыг со­ни­ны
редакциас өгөв. Өнгөрсөн сарын 31-ний өглөө
эртлэн нийслэлээс хөдөлсөн юм. Минжийн хангайн тайга,
Шарлан­гын нуруу, Их Хэнтийн уулсын баруун хойд хор­мой, Бага Хэнтийн уулсын
зулай дээгүүр хэд хоног явах гээд Сэлэнгэ айм­гийн Мандал сумын зүүн
хязгаар Хонин нуга руу явлаа. Зорьж очих гэж байгаа айлын гэрийн эзнийг
нутгийн, анчид “Хөвчийн хар” гэдэг. Ха­рин аав,
ээж  нь Д.Мяг­мар­­сүрэн гэдэг нэр хайр­ла­жээ. Гэвч түүнийг
энэ нэ­рээр нь тэр хавийн хү­мүүс барагтай таних­гүй.
“Хөв­чийн хар” гэх нэрээр нь төр засгийн
дарга нар бо­лоод гурван аймгийн до­лоон сумын иргэд тань­даг гэсэн.  20
гаруй жил Ханхэнтийн нурууны их ой, хөвч тай­гыг улсын хил хүртэл
нь энэ хүн хамгаалж байгаа.

“Хөвчийн хар”-ынх Сэлэн­гэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагаас
зуу гаруй ки­лометрийн цаана байх. Эх­нэр хүүгийнхээ хамт амьдар­даг. Хоёр хүү
нь Германд амьдардаг. Охин нь хүний хүн болоод
явчихсан болохоор бага хүү М.Хишигбатын хамт амьдарч байна.
Тавдугаар сарын сүүлч бороо хур эл­бэгтэй байсан учир зам саад ихтэй байх
ажээ, хонин нуга ороход. Энэ зүгт 1980-аад оны үед
Бэрлэгийн шорон байх үед хоригдлуудаар зам тавиулж
байжээ. Давчуу уулын амаар бүдэг бадаг гарсан замаар явах аж.
Ус шалбааг ихтэй болохоор сууж яваа машины дугуй байс­­гээд л хий эргээд
зогсоно.  Ингэж явсаар зорьсон айл­даа очлоо. Анх Хөвчийн хар
гэсэн нэрийг нь сонсоод том биетэй хүн байх нь хэмээн төсөөлж
явсан чинь өөдөөс 50 гаруй насны хүрэн
бор царайтай шавилхан биетэй эр тосч ирж уулзсан нь бодож, төсөөлснөөс
тэс өөр
байв.  Тэрбээр бидэнтэй мэнд мэ­дэлцээд нохой хорьж өгөв.
Тэдний хоёр нохой ойрд ма­шин тэрэгний бараа хараагүй бололтой.
Араа шүдээ арзал­зуулаад дайрах нь сүртэй. Хонин
нуга  Ерөө голын тулах эх чөлөөнд байдаг юм байна. Үүнээс
өөр
тэгш талбайтай газар энэ хавьд байдаггүй юм байна. Эргэн тойрон битүү
модтой уулс ногоорч хараг­даад цэв цэлмэг хөх тэнгэрт шувууд нисч хөхөөний
дон­годох дуу л сонсогдохоос өөр анир үгүй.  

 Гэрийн эзэгтэй цай цүй болох аж. Харин гэрийн эзэн
хоймортоо суучихаад гаан­саар тамхи нэрээд суугаад байх. Бид ч ирсэн зорилгоо
хэллээ. Тэгсэн өөдөөс “Чи тэгээд хэдэн өдөр
мориор ууланд явж чадах юм уу. Баргийн аавын хүүгийн яваад байдаг газар биш. Хөвч
тайга гэдэг чинь хүний хөл хүрээгүй газар их бий. Ууланд мориор
явж  чадна гэвэл одоо гараад морьдоо барилаа” хэмээн тулгаж асуулаа.
Би ч мориор  ууланд явж чадна хэмээн хэлж байгаа юм. Тэгсэн бо­соод гараад
явчихлаа. Гэ­рийнхээ гадаа байгаа адуу­гаа бөөгнүүлж байгаад суран бугуйл шидэж
морьдоо ба­риад хүү нь оосорлоод уяж гарлаа. Одоо ингээд шууд уул руу
мордох юм байх даа хэмээн бодоод хувцас хуна­раа бэлдэх санаатай зогсож байтал
“Өнөөдөр морьдоо барьж хонох гэж байгаа
юм. Гэрт орж цай уу” хэмээн гэ­рийн эзэгтэй хэлэв. Д.Мягмар­сүрэнг
танихгүй хүн бол нэ­лээд ширүүн
этгээд гэж хараг­дахаар юм. Үүнийг ч гэрийн эзэгтэй бидэнд хэлж
байв. Ингээд нэлээн орой боллоо. Маргааш өглөө үүр хаяараа­гүй
байхад хөвч рүү хөдлө­хөөр болж эмээл хазаараа зэхэж
гарлаа. Олом жирэм­нээс эхлээд бүгдийг нь сайтар шалгах ажээ.
Гэрийн эзэгтэй хоол хүнс бэлдэж байгаа бололтой. Дээр үеийн
бри­зентэн цүнхэнд давс, цай жижиг тогоо хийж харагдав. 
Аялагчдад зориулсан мешок хүртэл бэлтгэв.

Энэ үеэр
“Хөвчийн хар” буюу Д.Мягмарсүрэн ахтай
бид танилцаад байгаа. Түү­ний уул гарал нь Дундговь
аймгийнх. Гэхдээ түүний хүү­хэд нас Гандангийн дэнжид өнгөрсөн
аж. Хүүхэд
байхдаа аав, ээжийнхээ чихийг халуу­цуулсан  сүрхий амьтан
бай­сан гэнэ. Говь нутгийн гарал­тай хотын хүүхэд яаж яваад ой хөвчийг
хамгаалдаг бол­сон талаар асуулаа. Тэгсэн “Ах нь энэ их ой тайга дунд
амьдралынхаа 20 гаруй жи­лийг өнгөрөөжээ. Цэл залуу­хан байхдаа анх өвчтэй
эх­нэр, хүүхдүүдээ дагуулаад  Ерөөгийн
халуун рашаан  өвчинг нь анагаах увдистай гэж сонсоод ирж байлаа. Түү­нээс
хойш Ханхэнтий уулын хүн болоод байна. Энэ сай­хан уул ус
тэгширсэн ой хөвч  миний эхнэрийн өвчинг ор мөргүй
эдгээж өгсөн. Хэдэн жаахан хүүхдээ
орхиод бурх­ны орон руу явах гэж байсан хүн чинь одоо надаас бие сайтай
болчихсон байна. Буянтай, сайхан хангай даа” хэмээн ярив. Цаг нэлээд орой
болжээ. Цэв цэлмэг тэнгэрт одод ярайтал түгжээ. Сал­хины үзүүрээс
чийг сэнхийн үнэртэх нь цээж дүүрэн сэрүү­хэн агаар
амьсгалахад таа­тай байв. Улаанбаатарын тэнгэрт тэр бүр эсвэл
бараг харагддаггүй гэрэлт одод гүн цэнхэр тэнгэртээ сувд адил
гялтганах нь юутай сайхан. Маргааш эрт хөдлөх учир амарлаа.

ХУЛГАЙН АНЧДЫГ ХУУРЧ БАРИХ АРГА

03:00 цаг. Үүр хаяарах болоогүй.
Гадаа хав харан­хуй сар баруун тийш хэвий­чихжээ. Морио эмээллээд морд­лоо. Ерөө
голын эх  хоёр хоногийн өмнө орсон бороо­ноос болоод үерлэчихжээ.
Тунарсан их ус шуугиад байв. Их Хэнтийн нуруунаас Шар­луугийн гол, Бага Хэнтийн
нуруунаас Хонгийн гол нийлж Ерөө гол бүрэлддэг юм
байна. Энд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч
Н.Багабанди  Ерөнхийлөгч байхдаа жил бүр
ирж загас барьдаг бай­сан гэнэ. Бүр хамт явж байгаа Мийгаа ахтай
суучихаад архи задалж өдөржин голын эрэг дээр өнждөг
бай­сан гэсэн. Түүнээс хойш уг тохойг Бага­бандийн тохой гэдэг болжээ. Үүр
бүрэн
хаяа­раагүй боло­хоор үерлэсэн голоор гарна гэдэг амаргүй
юм. Д.Мягмар­сүрэн ах  зээрд халзан морио давираад ус руу шууд
орчих­дог юм байна. Араас нь ха­раад зогсоод байлаа. Тэгсэн зээрд морь нь хөл
алдсан уу, гол уруудан урсч гарлаа. 200 гаруй метр гол уруудан ур­саад сая нэг
юм гол гарч байгаа харагд­лаа. Би ч араас нь яваад орлоо. Унаж яваа тэвгэн хө­хөл­тэй
хонгор морь усанд “загас” бололтой. Үер­тэй бай­гаа голыг хөндлөн
зүсээд
гаталчихлаа. Эмээ­лийн хав­тас давсан их устай байв. Ингээд уулын ам өгсөөд
ма­цаад байлаа. Мийгаа ах бид хоёр өмнө хойноо ороод л уул өөд
өгсөхдөө
ам хуу­рай­гүй яваа. Ханхэнтийн ул­сын тусгай хамгаалалттай газрын
байгаль хамгаалаг­чаар ажил­лаад 17 жил болж байгаа гэнэ. 1990 оны үеэс
өдийг
хүртэл
байгаль хамгаа­лаг­чаар ажиллахдаа хүнд хэцүү,
халширмаар үетэй цөөнгүй таарснаа хэлж бай­на.

Тэрбээр 2000 оны эхэн үед хүмүүсийн амьдрал таа­руу буутай хүн
болгон ангийн эд эрхтэн худалддаг болсон цаг үед хууль бус анчидтай үзэж
тардаг байжээ. Хэнтийн нурууны уулаар хууль бус анчидтай ганц хүн
тэмцэнэ гэдэг амаргүй ажил байсан гэнэ. Ой хөвчөөр явахдаа буугаа үргэлж
авч явдаг гэнэ. Тэгээд хууль бус анчдын мө­рөөр мөшгиж яваад дээрээс нь орчихдог
байна. Эзэнгүй тайгад буугаар зэвсэглэсэн анчидтай халз таарсан то­хиолдолд 
ганцаараа ан хийж яваа хэмээн өөрийгөө 
худлаа танилцуулдаг байж. Тэгээд хамт ан хийж, буудах гэж байгаа амьтныг нь үргээж
өгөх
маягаар “найзлаад” авдаг байна. Ийн явсаар ан хийж байгаа нөхдүүдийн
итгэлийг олдог байна. Бас хаана гэр нь байдаг гэдгийг хүртэл мэдэж
аваад дараагийнхаа ажилла­гаанд ордог гэнэ. Дараагийн ажиллагаа гэдэг нь бууг
нь хураах ажил. Анчид отогтоо буудаллаад орой болохоор нь мориныхоо эмээлийг
авах­гүй өөр зүйл хийгээд суугаад байдаг байна.
Анчид буугаа нийлүүлээд босгож тавьчи­хаад морио аргамжиж байхад нь
буунуу­дыг нь шүүрч аваад морин­доо мордоод байгаль хамгаа­лагчийнхаа үнэмлэ­хийг
үзүүл­чихээд
зугтаачих­даг гэнэ. Араас нь яаж ч хөө­сөн морины сайнаар газар нутгаа
мэддэг учир тэднээс бултаж чаддагаа ярив. Ингэж олон хүнийг барьж өгчээ.
Цаг төр
ч өөр
болж хууль чангарч хулгайн ан эрс багасах үеэр модны хулгай ихээр гарах болж,
тэрбээр мөн л олон хоног ой хөвчөөр тэнэж, тэд­нийг хөөж,
үйлдлийг
нь зог­соохын тулд бүх аргаа хэрэг­лэдэг байснаа нуусангүй.
Гэхдээ одоо ч тэмцсээр, ирээ­дүйд үргэлжлүүлсээр
байхы­гаа тэрбээр ярьж явав. Бид­ний яваа энэ салбар уулсыг  уул уурхайн
16 компани ли­ценз эзэмшиж буй нэрээр ухаж эхэлсэн байна. Үүнийг
тухайн үеийн сайд, дарга нарт хэлж, лицензийг нь хү­чингүй
болгосон тухайгаа ярьж явахдаа сэтгэл нь хана­гар байгаа нь илт мэдрэгдэнэ.

УСАНД ОРСОН ХАНДГАЙТАЙ ТААРАЛДАВ

Өглөөний
нар тэртээд ха­рагдах уулсын сэтэрхийгээр тургиж мандлаа. Хөвч
тай­гаар явж байгаа хүн уулын орой дээгүүр
л явдаг юм бай­на. Эндээс л хууль бус анчид явж байгаа мөр олддог
гэнэ. Уулсын сугаар битүү манан татаад хоносон байв.
Шувууд жиргэх сонсогдоод хаа нэгтээ газраас хөхөө донгодох нь нэн таатай. Алд
хэртэй өндөр ургасан хөвдөнд
шүүдэр
унажээ. Гялтганасан усан дусал бөнжийгөөд наранд
гялбах нь болжморын нүд шиг тунгалагхан. Шүүдрийн
дуслаар ямар нэгэн амьтан явсан бололтой мөр зурайх аж. Д.Мягмарсүрэн 
ах харж байснаа амандаа “За нөгөөх чинь ганцаараа усандаа оро­хоор
явж байна. Араас нь очих уу” гэж учир битүүлэг зүйл асуулаа.
Би нөгөөх
чинь гэж юу юм бэ гэж асуутал “Хандгай харах уу гэж байна” гээд өмнө
гараад шогшуул­лаа. Хоёр ч даваа даваад нэг уулын орой дээрээс дуранд­лаа. Тэгж
байснаа “Тэнд усанд орж байна. Тээр доор модны захад” гээд дурангаа өгөв.
Бидний дурандаж бай­гаа уулын зүүн дор модны захад сэрийсэн том
амьтан нүдэнд тусав. Алхаж байгаа нь хүртэл сүрлэг
харагдаж аж. “Ойртож очиж болох уу” хэмээн асуутал “Энэ хөвчид 
үнэр
сонор сэрэмж л үйл­чилдэг. Наад хандгай чинь чи бид хоёрыг уулнаас бууж
амжаагүй байхад үргэчихнэ. Ойроос харах боломж үнэн­дээ
байхгүй”
гээд халгаа­сангүй. Бидний дурандсан амьтан бараан хандгай гэнэ. Эндээс
эхлэн бид хоёр ханд­гай гэдэг амьтны талаар яриа өрнүүллээ.  Монголын үндэс­ний
телевизийн “Аяллын цаг” нэвтрүүлгийг бэлтгэдэг Г.Ба­дамсамбуу
хэдэн жилийн өмнө энд ирж байжээ. Дөрвөн
жил Хэнтий, Хөвсгөлийн нут­гаар яваад хандгайн 
бараа хараагүй юм байх. Тэгээд аргаа барсан байдалтай энд ирж
хандгайн зураг аваад буцжээ. Ер нь сүүлийн үед Хандгайн
тоо толгой эрс ба­гасч байгаа талаар ярив.  Ингэж яваад хэд хэдэн сүрэг
бор гөрөөстэй
тааралдлаа. Энэ зун бороо хур элбэгтэй болохоор зуншлага сайхан,  ногоо ч
эрт ургажээ. Бор гө­рөөс ногоондоо цадаад ма­халчихсан
байгаа харагдана. Бидний бараанаар үргэн хаашаа ч юм сүрэглэн
одох нь гайхалтай үзэмжтэй. Туу­лай, могой зэрэг бол хаа сайгүй
таарах. Харалгүй өн­гөрөх нь ч байсан биз. Тон­шуулын
толгойгоо өвдтөл тонших чимээ, хөхөө
донго­дохтой зэрэгцэн анир гүмийг эвдэх ч цаанаасаа л сэтгэл
яруусгах тунгалагхан, дутуу юмгүй байгаль дэлхий үлдэж
хоцормоор тайван бөгөөд үзэсгэлэнтэй.

-ТЭР ХУУЛЬ БУС АНЧДАД 
ГУРВАН УДАА БУУДУУЛЖЭЭ-

Их үдийн алдад бид шүд хага ташим хүйтэн, тув тун­галаг устай булгийн эхэнд хүрлээ. Булгийн эх нар бараг үздэггүй шигүү ой модны нөмөрт хадан дундаас орги­лон хоржигнон цовхчино.  Өнгө өнгийн цэцэгс тэр хавийг улам ч үзэсгэлэнтэй хараг­дуулж, мориноос бууж хөл тавихаас ч хайран санагдуул­на. Эрээн цэцэгсийн дундаас өнгө өнгийн дэлбээ салхинд хийсэв үү гэтэл сүлжилдэн нисэлдэж, буцан цэцгийн дэл­бээнээ сууцгаах нь эр­вээхэй байв. Аглаг их ойн гүнийг амьд гэдгийг мэд­рүү­лэх эрвээхэй хийгээд элдэв шувуудын дуун, тэднийг энэ л орчинд уях сэрүү татсан тунгалаг усан. Энэ булгаас хөвчийн амьтад л цангаагаа тайлдаг юм байна. Үүнийг гэрчлэх мэт энд тэндгүй амьт­ны мөр зурайх ажээ.  Зурай­тал үлдсэн мөрүүдийг Д.Мяг­марсүрэн ах харж байснаа “За энд чинь юу вэ үнэг, чоно, туулай, гөрөөс, баавгай гээд олон амьтан чи бид хоёрыг ирэхээс өмнөхөн ус уугаад гарчээ. Энүүхэн хойд талын уулын энгэрээр дурандвал бүгдийг нь харж амжих юм биш үү. Одоо энгэрээ бараад­сан байгаа байх” гээд толгой­гоо шавшив.  Тэгснээ энд өвөл ирвэл бүр ч сүртэй юм үзнэ. Харзалсан булгийн сүр жав­хааг барагтай аавын хүү ирж чаддаггүй энэ тайгаас л мэдэрнэ шүү дээ гэв. 

Энд хэсэг зуур амраад цааш явах ёстой. Унаж яваа хонгор морь булгийн хүйтэн уснаас гүд гүд хийн залгилж, Д.Мягмарсүрэн ах бид хоёр ч довон дээр тонгойн хэвтээд уруулаа цорвойлгож байгаад уснаас уулаа. Өдөржин уулын хэц дамжин явсан бо­лоод ч тэр үү ам цангажээ. Үд хэвийх алдад дараагийн буудаллах газраа хүрчихвэл хэмээн ярилцаад цааш хө­дөл­лөө. Нэгэн уулын орой дээр гараад усанд орсон амьтдаа дурандаж гарлаа. Тэгсэн тээр доор модны хаяа­гаар улаан буурал үстэй, цээж томтой дэвхийсэн том чоно сэрийсэн эвэртэй халиун бу­га хөөж яваа харагдлаа. Хөөж яваа чоно идшиндээ хүрч ядаад л байна шүү. Модны чөлөө тойроод л нөгөөх буга зугтах.  Дурангаар тэндэх үйл явдал амьтдын тухай кино үзэж байгаа юм шиг л то­дорхой харагдах аж. Тэгж байснаа мод руу хар эрчээ­рээ давхиад орчихлоо. Бай­га­лийн хууль гэдэг энэ ажээ. “Хөвчийн хар” ахын хэлж буйгаар энүүхэн дор хаданд ангаа шахаж байгаад “үдийн зоог” барих нь тодорхой бол­жээ. Ер нь ой хөвчид байгаль дэлхийн хууль ан амьтанд үйлчилдэг нь жам. Аль эртэй бяртай нь амьд үлдэж, бяд муутай нь бусдын идэш болдог ийм л тайга. Талын чоно хөх саарал байдаг бол ой хөвчийн чоно улаан буу­рал сортой байдаг юм байна. Бас цээж том, сэрвээн дээрээ урт зогдортой сүрлэг амьтан. Ой хөвчийн чоныг ямар ч сайн анчин буудаж үл чаддаг гэнэ. Үнэндээ хүний бараа хараад л зугтаадаг, дов сон­дуулаас эхлээд байгаль нь өөрөө чоныг хамгаалах хэрэг­сэл нь болчихдог учир хөв­чийн улаан буурал чонын тоо толгой төдийлөн буураагүй аж. Тайгын гүн рүү лавших тусам л чоно гэгч амьтантай  таарах нь олшроод байх юм.  Мөн хөвч тайгын үнэг ув улаан өнгөтэй сүүл нь сэг­сийсэн амьтан байх аж. Онги хэмээх уулын бэлд ув улаан үнэгтэй халз таарсан юм. Халз ч гэж дээ тэр бидний замд гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга бол­сон. Үлгэр, домог, анчдын ярьдгаар сүүлээрээ өөрийгөө нэг хааж аваад л хаашаа ч юм одсон. Үнэг зэрэгтэй цөөнгүй таара­хаа Хөвчийн хар ахын ярианаас олонтаа сонссон тул түүний араас нэг их нэхэл бололгүй орхив.

ХӨВЧИЙН ХҮРЭН ЦӨӨРЧ, СИБИРИЙН ЦАГААН ШИЛТ ХАР БААВГАЙ ХИЛ ДАВАН ОЛНООР ИРЖЭЭ

Ингэж явсаар Хатанцын эх гэдэг газар руу очлоо. Эндээс хөвчийн хүрэн баав­гайн нутаг үргэлжилнэ. Баав­гай өдийд халиарт ордог үе нь. Сүүлийн жилүүдэд хөв­чийн хүрэн баавгай олноор устаж үгүй болж байгаа аж. Монгол Улс баавгайг 2002 онд тоолсон байдаг. Тэр тоол­логоор 246 баавгай Ханхэнтийн нуруу, Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдагийн нуруунд байна гэх албан ёсны тоо гаргаж байжээ. Гэ­тэл сүүлийн зургаан жилийн дотор 100 гаруй баавгайн эд эрхтэнг хууль бус анчид бус­дад худалдаалах гэж байс­ныг цагдаагийн байгууллага илрүүлээд байгаа. Хамгийн сүүлд гэхэд 273 ширхэг баав­гайн соёо урд хөршийн иргэн хилээр гаргах гэж байгаад баригдсан. Мөн гурван жи­лийн өмнө эхнэр нөхөр хоёр хилээр амьтдын эд эрхтэн гаргах гэж байгаад баригдсан. Тэдэнд 20 гаруй баавгайн эд эрхтэн явж байсан гэдгийг тогтоосон. Мөн өнгөрсөн жил гэхэд “Эмээлт” захын чен­жүүдээс  20 гаруй баавгайн эд эрхтэн гарч ирсэн. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас урд хөршийн хоёр иргэн баавгай өвчиж буй зураг хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр цацаг­дах болсон. Энэ мэтээс үзэ­хэд хөвчийн хүрэн баавгай дуусч байгаа гэхэд болно. Харин газар дээрээ ямар байгааг  Д.Мяг­марсүрэн ахаас асуулаа. Тэгсэн “Би чамд Монголын баавгайн тоо толгой өсч бай­гаа гээд сайхан мэдээ дуулгах уу” гэв. “Хөв­чийн хар”-ын хэлж буйгаар сүүлийн хоёр жил хойд хөршийн Сибирт хэд хэдэн удаа томоохон түймэр дэгдсэн байдаг. Үүнээс үүдэн хамаг зэрлэг амьтад нь Мин­жийн хангайн хилээр Мон­голд ороод ирчихсэн гэнэ. Тэр тусмаа Сибирийн цагаан шилт хар баавгай тайга хөв­чид олноор үзэгдэх болжээ. Бүр хоорондоо эвцэлд ороод Монголын хүрэн эвшнээс хоёр бамбарууш гарахад нэг нь хүрэн нөгөөх нь цагаан шил­тэй хар бамбарууш гарч бай­гаатай “Хөвчийн хар” хэд хэдэн удаа таарчээ. Түүний хэлж буйгаар Монголын хү­рэн баавгайн зан араншин дөлгөөн байдаг бол Сиби­рийн хүрэн баавгай их догшин араншинтай гэнэ. Баавгай өвөлжин ичээд хавар гарах­даа шоргоолжинд ордог. Ойн улаан шоргоолжоор арав гаруй хоног хооллоод дараа нь халиарт ордог гэнэ. Үүнийхээ дараа амьтан ба­рьж иддэг байна. Баавгай идшээ олж идэхдээ хөөж байгаа амьтныхаа араас нэгэн жигдээр уйгагүй хөөдөг байна. Нөгөө амьтан нь уул өөд хөөгдөж байгаад сүүлдээ бахардан баавгайн идэш болдог юм байх. Сүүлийн жилүүдэд баавгайг ичээнд нь байхад буудаж эд эрхтнийг авдаг болсон талаар ч ярьж байна лээ. Ийн ярилцаж яваад Хатанцын эхийн ба­руун үзүүрийн хадан цохион дээр  хүрэн баавгайтай саа­хал­тын дайны таарлаа. Морины тургих чимээ, хүний бараанаар өнөөх чинь мод руу яйвганатал гүйлээ. Бид ч араас нь хэсэг хөөж үзэв. Ой модонд гүйцэгдэхгүй алга болох аж. Холоос харахад удаан болхи хөдөлгөөнтэй харагдах боловч хурдтай амь­тан аж. Бидний эхний таарсан баавгай тоо толгой нь цөөрөөд байгаа Монголын хөвчийн хүрэн баавгай байв. Мөн уулын анчид сүүлийн жилүүдэд баавгайг ичээнд нь “нудрах” нь ихэсчээ. Энэ та­лаарх мэдээллийг дараа дэл­гэрэнгүйгээр хүргэх болно. Ой хөвчийн тайга  гэдэг өөрийгөө бүхэлд нь хамгаалж байдаг бололтой. Хэнтийн нуруунд өдгөө хүртэл хүссэн хүн очиж чадахгүй байгаа нэг шалтгаан нь урин дулааны улиралд ялаа шумуул явж болохоор­гүй их, бас намагтай байдаг учир морьтой, явганы алин ч хүрч чадалгүй замаасаа буц­даг гэнэ. Өвлийн улиралд энд цас ёстой үүлтэйгээ буучих­даг гэнэ. Цавцайсан цагаан цас хүний хэнхдэгээр тат­маар байдаг. Уулын оройгоор исгэрэх салхи нь  цасаа цохи­чихсон байдаг боловч хүн явж болохооргүй салхитай. Ха­вар, намрын улиралд торлог өвсийг нь гаталж чадах юм бол морьтой яваад байх боломжтой гэнэ.   

Нар уулын цаагуур хүү­шилж, уулын хөх шүүдэр буух үед  хонох газраа очлоо. Модон дунд уулын нөмөр газарт устай газар байх ажээ. Мориноосоо буугаад тэр хавиар хуурай модны мөчир түүж эхэллээ. Унтах газар хэдэн талаасаа нөмөртэй тэгш газар. Хоол цайгаа хийх гэж байгаа болохоор бид хоёр хоёр тийшээ модонд явсан юм. Удалгүй тэвэр дүү­рэн хуурай мөчир түүж ирэн жижиглээд гал түллээ. Хээ­рийн бор цай тогоон дотор даргитал буцлаад л гэрээсээ авч гарсан борцоо мөлгөр чулуугаар салбайтал нь нү­дэж гарлаа, “Хөвчийн хар” буюу Д.Мягмарсүрэн ах. Ийн хоол, цайгаа идэж уучихаад морьдоо аргамжаад амар­лаа. Бид хоёр энэ хугацаанд ам хуурайгүй яриад л байгаа.
 
ТОЛГОЙ ДЭЭГҮҮР СУМ СҮНГЭНЭЭД Л БАЙСАН

Тэрбээр “Би гурван удаа буудуулаад амьд гарсан хүн. Энэ уул хангай намайг хам­гаалж байдаг шиг байна лээ. Энэ балар ойд хэн нэгэн намайг алчихсан байхад хэн ч цогцсыг минь олохгүй шүү дээ. Тийм л хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байна” хэмээн ярив. Эндээс бид хоё­рын ярианы сэдэв буудуул­сан талаар хөвөрлөө. Хоёу­лаа тэнгэр ширтэж хэвтчихээд л яриагаа өрнүүллээ. Хөв­чийн харыг дуурайгаад би бас нэг өвч амандаа зуучихсан хэвтээ. “2000 оны зун судал­гааны оюутнууд дагуулаад уул руу гарсан юм. Би нөгөө­дүүлийн судалгаа хийж бай­гааг ажиглахын зэрэгцээ зам­чилж, бас зарим газраа эргэж байгаа санаатай. Тэгсэн су­далгааны хоёр дахь өдрийн орой нар арай жаргаагүй байхад гэнэт л буун дуу тас хийгээд л хэдэн талаас буу­даад эхэллээ. Миний тоо­цоолж байгаагаар дөрвөн хүн зэрэг буудаад байгаа юм. Нөгөө оюутнуудаа элэг дөр­вөөр мөлхүүлээд хадны цаа­гуур оруулаад өөдөөс нь гал нээлээ. Толгой дээгүүр л сум шун хийгээд байгаа юм. Бондгор чулууны ард байсан тулдаа амьд  гарсан. Миний өмнө байгаа чулууг хэд ч оносон юм бүү мэд. Хадан дунд байгаа оюутнууд “Хүн алчихлаа ш дээ” гээд орилол­доод байгаа. Намайг хөдөл­гөөнгүй нугдайгаад хэвтээд байхаар буудуулаад үхчих­сэн гэж бодсон байгаа юм. Нөгөө буудаад байгаа нөх­дүүд намайг буудчихлаа гэж бодсон уу,  сум нь дууссан юм уу модон дундуур морио унаад зугтаачихдаг юм бай­на. Миний шар хөдлөөд араас нь хоёр морио унаад гарсан. Тэр үед би энэ  хөв­чийн хүн. Эх нутагтаа муу­сайн хулгайч нарт буудуулах юм уу гэж бодогдоод шөнө­жин мөрөөр нь хөөгөөд өглөө гэгээ орох үед зам товчлон тоссон. Дээд талаас нь буу­дахад бэлэн зогсож байсан. Гэвч би тэдэн шиг алуурчин биш болохоор яаж ч чадал­гүй явуулсан. Би зулай дээ­рээс нь буудах боломж бай­сан. Гэвч тэгэлгүй зүгээр явуулсан. Ингэж ууланд анх удаа багахан дайн хийж үз­лээ. Тэр үед хулгайн анчдыг барьдаг ганц байгаль хамгаа­лагч нь би байсан. Сүүлд хэдэн жилийн дараа Мөнгөн­морьтод явж байгаад над руу буудаж байсан залуутай таар­сан. Түүний ахыг би ан хийж байхад нь барьж цаг­даад өгсөнд өс санаж намайг буудсан юм билээ” хэмээн ярив.

МОНГОЛ ХҮН ХЯТАД РУУ ХАРЖ УНТАХГҮЙ ГЭСЭН ҮЗЭЛ АМИЙГ НЬ АВАРЧЭЭ

Дараа нь мөн л Биологийн хүрээлэнгийн эрдэмтэнтэй 2002 ууланд долоо хоног судалгаанд нь газарчилжээ. Тэгээд нэлээд газрын уруу газар майхнаа бариад амар­сан байна. Хойшоогоо их уруу газар таарсан гэнэ. Хамт яваа  Биологийн хүрээлэн­гийн эрдэмтэн “Хоёулаа ураг­шаа харж унтах уу. Яаж ийм уруу унтах юм” гэжээ. Тэгээд урагшаа харж унтах гэж байснаа гэнэт л хойшоо харж унтмаар санагдаад хамт яваа хүндээ “Хэзээ Монгол хүн урагшаа харж унтаж байлаа. Үхсэн хойноо ч Хятад руу харж унтахгүй” хэмээн зө­рүүд­лээд хойшоо газрын уруу харж унтжээ. Тэгсэн өглөө үүр хаяарч байтал буун дуу тас хийгээд л явчих­сан байна. Өндийгөөд харсан хөлийнх нь доогуурхан, майх­ныг  нь бууны сум нэвт гарсан байжээ. Хоёулаа сандралдан хойд хэсгээрээ майхнаа хутгаар зүсч гарч зугтаасан байна. Хойшоо модонд ойрхон байсан учир мөлхөж явсаар аюулгүй газар очжээ. Буун дуу хэсэг дуугарч бай­гаад намжсан байна. Буудсан хүмүүсийн барааг ха­рахад мөн л хууль бус анчид байсан аж. Эргээд майхан дээрээ очиход буудсан этгээдүүд урагшаа толгойгоо харуулж унтсан байна хэмээн тоо­цоолж буудсан нь тодорхой байжээ. Өмсч явсан гутлын түрийг нь гурван удаа нэвт буудаж майхныг зургаан удаа цоо буудсан байжээ. Ингэж үхлээс хоёр удаа аврагдаж байсан байна. Гурав дахь нь 2005 онд гэнэ. Ганцаараа эргүүл хийгээд явж байтал хаанаас ч юм гэнэт буудсан байна. Гэхдээ оноогүй гэнэ. Тэрбээр ийнхүү гурвантаа буудуулсан ч, заримд нь ба­раг шүршүүлсэн тухайгаа ярингаа нэг нүдээ анин, нө­гөөхөөрөө шанага долоон одыг гярхай гэгч нь харж бай­гаа бололтой. Тэгснээ оддыг харах бүрт өөр байдаг юм. Байрандаа байгаад л байдаг хэрнээ харах бүрт хараад баймаар өөр гээд түрүүлгээ харав. Хөвчийн шөнийн бай­галийн хөг аялгуу цаанаа л анир гүм, нууцлаг.

Хөвчийн хар “Чи бид хоё­рын хажууханд, арав гаруй километрийн цаана  2008 онд Онцгой байдлын гал сөнөөгч­дийн МИ-8 онгоц осолдсон газар байгаа. Би осол болсон газрыг хамгийн анх олж бай­лаа. Энэ талаар маргааш ярья” гээд буцаж тэнгэр өөдөө ширтэн хэвтлээ. Түү­ний хө­дөлгөөн бүр амьдтын хөлийн чимээ хийгээд хол ойрыг сонордох мэт санаг­дана.

-Бидний үгэнд орсон бол хайран сайхан залуус
энэ тайгад амиа алдахгүй байсан даа-

Нар мандах болоогүй дөнгөж үүрийн цэгээн туяа
тусч байхад “Хөвчийн хар” сэрсэн юм. Бид хоёрын унтсан газраас холгүйхэн
аргамжсан морьд тургилаад  төө ургасан
нялх ногоон өвсийг шир шир хийн зулгаан идээшлэх аж. Уулсын цээжээр  битүү бүгээн манан буугаад хоножээ. Үүр
хаяарч байгаа болоод ч тэр үү уулын шувууд эцэж цуцахаа мэдэхгүй жиргэн шулганана. Хаашаа л харна гүн ногоон өнгө тунарсан
модот уулс дүнхийгээд, тэртээ манан татсан өндөр уулнаас хөхөө шувууны “гүүг
гүүг” хэмээн донгодох дуу сонсогдоно. Өнөөдөр уулын хэцээр явсаар Шарлангийн эх
рүү очоод эргэх юм. Шарлангийн эх гэх газар амьтдын диваажин нутаг гэсэн. Тэнд
буга, бор гөрөөс харайлдаж, уулын энгэрээр нь баавгай маажиганан гүйлдээд
дэлхийд тоо толгой  нь нэн ховордоод
байгаа хөх шаазгай шагширсан тийм нугад очихоор зорьсон юм. Нарны битүүд газар
дөхөхөөр өглөөнийхөө цайг уучихаад мордлоо. Мийгаа ах бид хоёр ар араасаа
цувран уулын хэц өөд мацаж яваа. Хангай газрын морь унаад гарсан бол өдийд хөх
мах нь чичрээд нэг ч даваа давалгүй зогсчих байсан биз.  Харин уулын морь өөр юм. Хавар эрт ногоо
идээд махалчихсан морь ямар ч амьсгаадалгүй явж байгаа нь энэ ууланд үрээ
байхаасаа “зүтгэсэн” болохыг илтгэх мэт.
Д.Мягмарсүрэн ахаас таныг  яагаад
“Хөвчийн хар” гэж дууддаг болсон талаар асуулаа. Тэрбээр уулыг цуурайттал инээснээ “Би энэ уулын хүн шүү дээ” гэв.
Тэгснээ төд удалгүй “Хулгайн анчид л өгсөн нэр шиг байгаа юм. Хотоос ирсэн хийгээд
нутгийн зарим хүн тэгж дуудахад эхэндээ эвгүй, дургүй хүрдэг байсан. Сүүлдээ ойр хавийн хүмүүс мэддэг болчихсон. Одоо Мягмарсүрэн гэвэл таних хүн бараг байхгүй. Хөвчийн хар гэвэл энэ хавийнхан
андахгүй” гэв. Бид хоёрт ярилгүй үлдээсэн зүйл бий. Тэр нь 2008 оны зургаан
сард ууланд гарсан түймрийг унтраахаар явж байгаад онгоцтойгоо осолдсон Онцгой
байдлын гал сөнөөгчдийн тухай.

Ми8 онгоцны
ослыг хүний цусн
ы үнэрээр
олсон гэнэ

“Хөвчийн
хар”  энэ талаар ингэж ярив. “2008 оны
зургаан сард миний хариуцаж байсан ойд битүү түймэр ассан. Тэр зун бороо
ороогүй хуурайшилт ихтэй байсан болохоор ууланд явж байсан хэн нэгний тавьсан
галаас болж хайран сайхан залуус амиа алдсан юм. Би гал тавьсан хүмүүсийг хууль
бус анчид гэж боддог. Тэд бугын цусан эвэр, засаа, чивэнд явж байсан хүмүүс
гэдэг нь гарцаагүй. Тэд л ууланд гарч, асаасан галаа унтраалгүй явсан нь
тодорхой. Нэг өглөө сэрсэн чинь түймэр битүү дэгдсэн байсан. Сумын Онцгой байдлын алба хаагчидтай ууланд газарчилж явлаа. Хоёр өдөр гал унтраах
гэж ноцолдоод барахгүй бүгд ядарсан амьтад. 
Түймрийн өөдөөс сөргүүлж гал тавиад арай гэж намдаагаад сөргүүлсэн галаа
цааш алдахгүйн тулд унтрааж байгаа юм. Түймэр дүрэлзэж байгаа ойгоос далавч зэрэг нь шатаж байгаа шувууд нисэж, шатаагүй газарт гал тавиад хүндхэн байсан.
Ингээд ойд гарсан түймрийг цучилд оруулаад энэ талаараа Онцгой байдлын ерөнхий
газарт станцаар  мэдэгдсэн. Тэгтэл өөдөөс
онгоц нисгэх гэж байгаа гэсэн. Бид онгоц нисгэх
шаардлагагүй галаа бүрэн унтраасан гэсэн боловч гал сөнөөгчдийг нисгэчихсэн байсан. Онцгой байдлын ерөнхий газартай холбогдчихоод
Ерөөгийн халуун рашаан орох гэж байтал тэнгэр муухайраад битүү манан татчихсан.
Тэгээд намирсан зөөлөн бороо шивэрч эхэлсэн. 
Тэр шөнөдөө ойд гарсан түймрийг унтраагаад хоносон. Тэгтэл маргааш өглөө
нь Онцгой байдлын ерөнхий газраас станцаар холбогдоод онцгоц очсон уу гэж
асуудаг юм байна. Бид ч ирээгүй гэдгийг хэлээд холбоо тасарсан. Төд удалгүй
дахин холбогдоод уулнаас бууж, Зүүнхараа
дээр хүрээд ир гэж үүрэгдэж байгаа юм. Зүүнхараа дээр маргааш орой нь яваад
очтол бөөн хэрэг мандчихсан Онцгой байдлын аврагчдын яваа онгоц ор сураггүй алга болчихсон байсан.
Эрлийн багийн дарга нар Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Минжийн хангай руу онгоц
нисгээд байгаа юм. Тэгэхээр нь яасан гэж тийшээ шувт явдаг юм бэ, наагуур хай. Гал гарсан тэр хавиар хай гэхээр
эрлийн багыг удирдаж байсан дарга Ерөө суманд аргал түүж явсан эмгэний дээгүүр
ниссэн байна гэсэн мэдээлэл ирсэн гээд тэр хавиар хайгаад байгаа. Үүнээс болж
цаг алдсан байхгүй юу. Бид маргааш нь орой нь Хонин нуга гарч замдаа хоноод нөгөөдөр нь ууландаа очсон. Өөрийнхөө
арав гаруй морийг унуулаад газраар хайж эхэлсэн. Нөгөө хүмүүс ууланд явж
чадахгүй болохоор нь чи бид хоёрын
хонодог уулын баруун хэцийг бариад явж байтал нэг сонин үнэр үнэртэх шиг
болсон. Ойд хөвчид явж байхдаа тийм үнэр огт үнэртэж байгаагүй содон үнэр
байхаар нь тэр зүг рүү явсан. Тэгсэн осол болсон газар дээр яваад орж байгаа
юм. Хүний цус тэгж эвгүй содон үнэр гаргадаг юм билээ. Ойртож очоод дурандлаа.
Амьд хүмүүс байгаа харагдсан. Мөн шүхэр дэлгэчихээд шүхэр доороо ослоос болж
амиа алдсан гал сөнөөгчдийг
эгнүүлээд тавьчихсан байсан. Нэг тэдэн дээр яваад очдог юм билүү гэж бодогдсноо
газраар явж байгаа хүмүүс осолдсон онгоцыг олбол түрүүлж очиж болохгүй. Нисдэг
тэрэг дуудах хэрэгтэй гэж хэлснийг санаад эргээд морио унаад чавхадчихсан.
Сандарсан амьтан хурдан л хэл дуулгах юм сан гэж бодогдоод морио эцтэл нь
давхисан байна лээ. Тэгээд анх би  ослын
газрыг олж, хэл дуулгасан. Нисдэг тэрэгтэй хамт ослын газар очиж байгаа юм. Хүн
харах аргагүйгээр гал сөнөөгчид нар амиа
алдсан байсан, хайран залуус. Битүү өтгөн
мананд төөрөөд онгоцныхоо элгээр хад мөргөчихсөн байсан. Онгоцын сэнс их бөх
байдаг юм билээ. Бүдүүн модыг
унахдаа хяргачихсан байсан. Бидний үгэнд
орж тэднийг нааш нь нисгээгүй бол осол болохгүй байсан” хэмээн ярьж явтал унаж
яваа морь гэнэтхэн давхийн үргээд бусгадаг байгаа. Золтой л уначихсангүй. Морь
юунаас болж үргэв гэсэн бидний хажуугаар зургаан торой дагуулсан бүл зэрлэг
гахай өнгөрсөн байжээ. Ар араасаа цуварчихаад дуугаран шогших аж.  Бодон нь жигтэйхэн том биетэй голийсон амьтан
сүргийн сүүлд явахыг олж харлаа. Намар болж 
өвсний сөл тасраад ирэхийн цагт чихчихсэн гахай шиг л биеэ дааж чадахгүй
болтлоо таргалаад бөндийсөн өөх болох нь тодорхой.

“Онцгой байдлын ерөнхий газрынхан 30 мянган төгрөгөөр шагнасан”

Ингээд “Ми-8” нисдэг
тэрэгний ослын талаар яриагаа өрнүүллээ. Таныг анх очиход ямаршуухан байдалтай
байсан бэ. “Би анх ослын газрыг олоод дараа нь 
эрлийн багийнханд мэдэгдээд явган явж байсан эмч нарын эм тариаг морин
дээрээ ганзагалсан. Бусад мориндоо Онцгой байдлын ерөнхий газрын багаж хэрэгсэл
бүгдийг нь ачиж явсан. Нэг моринд зуу гаруй килограмм ачаа ачсан байсан. Тэгээд хэсэг хүнтэй морио унаад ослын газар руу явлаа. Биднийг очиход нүд хальтрам дүр зураг угтсан. Ослоос амьд үлдсэн Цогоо гээд залуу баруун
гар нь онгоцны сэгэнд даруулчихсан амиа алдсан хүмүүс дунд хэвтэж байгаа юм.
Хажууд нь амьд үлдсэн хүмүүс гаргаж авах гээд ноцолдсон бололтой модоор хөшсөн
байсан. Бас Сүхбаатар, Ганжигүүр, Гавъяат нисгэгч Сугар, Бадамжунай нарын нүүр
ам бүхэлдээ цус болоод хатчихсан. Хөдөлж ч чадахгүй бидний бараанаар хашгираад
л байсан. Эр хүний нулимс хатуу
гэдэг дээ. Үхлээс аврагдсан тэд биднийг хараад бүгд уйлцгаасан. Эрлийн багийн
бид хэд ч уйлаад л. Нэг талийгаач залуугийн бөгс цээж дундуураа хуваагдчихсан, түрүүлгээ хараад өвс зулгаасан чигтээ өөд
болсон байсан. Түүнийг хараад үнэхээр
өр эмтэрсэн, одоо ч нүдэнд харагдаад байдаг юм.  

Амьд үлдсэн залуус ам нь цангаад хэцүүхэн
байдалтай байсан. Шар шөвгөр уулын тэр хавиар ус байхгүй ян сарьдаг уултай.
Таван цаг гаруй усанд явж байж халуун рашаан дээр очно. Эмч нарын авч явсан
өвчтөнд хийдэг дуслыг уулгасан. Бас өвдөлт намдаах байх гээд тэр дор нь спирт
өгөөд онгоцонд суулгасан даа. Монгол хүний тэр тусмаа эр хүний тэсвэр
тэвчээрийг тэр ослоос харсан. Бөгсөн бие нь мэдээгүй болоод босч чадахгүй
мөртлөө өвс зулгаан явсаар байгаад осол болсон газраас зуу гаруй метр яваад
хоол хийж идсэн байгаа юм. Бүр цээжин дээрээ махны мод тавьж байгаад
хэвтээгээрээ хөшиглөөд хоол хийж идсэн байсан. Үнэхээр нуруу нугас тархиндаа
хүнд гэмтэл авсан байсан. Аргагүй шүү дээ. Онгоц тэгж осолдсон байгаа юм чинь
дотор нь сууж явсан хүмүүс яаж тэсэх юм бэ.

Тэрбээр “Ах нь
иргэний үүргээ л гүйцэтгэсэн. Гэхдээ энэ хөвч тайгыг мэддэг тулдаа осол
гарснаас дөрөв хоногийн дараа орой
болж байхад ослын газар очсон юм. Хийж бүтээсэн гавъяа байхгүй ч гэсэн иргэн
Д.Мягмарсүрэн анх ослын газрыг олж бидэнд тус боллоо гэх үг тухайн үеийн дарга
нарын нэгнийх нь ч амнаас унаагүй. Өөрсдөө олсон юм шиг л ярьж
байсан. Түүнд гомдолтой явдаг. Миний энэ зүтгэлийг Хил хамгаалах ерөнхий
газраас үнэлж “Хилийн төлөө” медаль өгсөн шүү. Ослын дараа Онцгой байдлынхан 30
мянган төгрөгөөр шагнасан даа” хэмээн ярьж
явсаар зорьж очсон Шарлангийн нуруундаа
хүрэв.

Их
үдийн алдад очиход халиун бугын сүрэг модны чөлөөнд идээшилж байгаа харагдана.
Бугын зоо сортоод, дэрийсэн эвэртэй буга, нарийхан
шилбэтэй шөмбөгөр хошуутай согоо амар тайван. Сүргийн захад залуухан, богино эвэртэй хоёр буга мөргөлдөж, холгүйхэн
бор туулай дээр дээр үсрэн хаашаа ч юм бэ дэгдэх.  Энд зөвхөн уулын амьтад л оршин байдаг газар аж. Туулай, шилүүс, үнэг, чоно, баавгай, хандгай, бор
гөрөөс гээд хөвчийн ойд байдаг амьтан болгон энд бий. Шарлангийн өндөр хэц
дээрээс ан амьтдыг дурандахад алган
дээр тавьсан юм шиг л тодхон.
Тэрүүхэн дор уул сугаас булга урсан байгаа нь нарны гэрэлд мөнгөн утас
гялтганан байгаа шиг  үзэгдэнэ. Байгалийн
диваажин гэдэг энэ буюу.

Үргэлжлэл бий  

 

   

 

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Ё.Отгонбаяр 230 сая төгрөгийн авлига нэхжээ

УИХ-ын гишүүн Ё.От­гон­баярын эхнэр О.Эр­дэнэ­солонго, Эрүүл мэн­дийн сайд асан Н.Хүрэл­баа­тар нар хэдэн арван тэрбумаар хэм­жигдэх дуу­лиант хэр­гийн эзэд болоод байгаа. Тэдэнтэй зэрэгцээд их хэмжээний мөнгөтэй гадаадын иргэн алга болсон хэрэгт ТЕГ-ын Сөрөх таг­нуулын тас­гийн дарга Д.Цогт­баа­тар холбогдсон. Ул­сын мөр­дөн бай­цаах газ­раас тэдний хэргийн яв­цын талаар өчигдөр сэт­гүүлч­дэд мэдээлэл хий­­сэн юм.

Ё.ОТГОНБАЯРТ ДАРАМТЛУУЛСАН ХОХИРОГЧИЙН ХЭРГИЙГ ШАЛГАХ ЯВЦАД ЭХНЭРИЙНХ НЬНОИЛЭРЧЭЭ

УИХ-ын гишүүн Ё.От­гон­баярын эхнэрийн нэр дээрх дөрвөн банкны
26 дансаар мөнгө угаасан хэрэг сөхөгдөхөд тэрээр худлаа хэмээн улстөртэй холбон
тайлбарлаж бай­гаа. Тэгвэл Ё.Отгонбаяр БСШУ-ны сайд байхдаа бусдаас авлига нэхэж
дарамталсан нь тогтоогд­жээ. Энэ тухай өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд УМБГ-т иргэн
Ч гомдол гаргасан байна. Тэрээр Налайх дүүрэгт сургуу­лийн зориулалттай ба­рилга
барьжээ. Барилга нь ашиглалтад орж, Ул­сын комисст хүлээлгэж өгөх гэтэл Ё.Отгонбаяр
нэг хүнээр зуучлуулан 230 сая төгрөг нэхсэн гэнэ. Ингэхдээ тодорхой данс­ны дугаар
өгч, тийш нь шилжүү­лэ­хийг даалга­жээ. Ч түүний хэлсэн мөн­гийг өгөөгүй аж. Тэгтэл
Энхтайвны гүүрэн дээр явж байхад нь бүлэг хү­мүү­сээр зодуулж, “Ланд-200” маркийн
автомаши­ныг нь дээрэмджээ. Хохи­р­огч Ч-гийн гомдлын да­гуу УМБГ-ынхан шалга­хад
үнэн болох нь тогтоогджээ.

 Тухайн үед Ё.Отгонбаяр иргэн Ч-д санал болгосон дансыг шалгахад түүний эхнэр О.Эрдэнэсолон­гын нэр дээр байсан гэнэ. Улмаар түүний нэр дээр дөр­вөн банкны 26 данс байгаа нь илэрчээ. Ингэж О.Эрдэнэ­со­лонгын хэрэг мандсан байна. Түүний нэр дээрх дансууд руу 300 сая, 400 сая, 80 сая гээд их хэмжээний мөнгө хэсэг хуга­цааны зайтай ордог байж. Тэр их мөнгө хоёр дансаар салаалж, буцаж нэг­дээд төв банк руу орж бөө­нөөрөө гараад явсан байжээ. Хэн авсан нь тодорхойгүй энэ их мөнгөний асуудлыг нягт­ла­хын тулд зайлшгүй дансны эзнийг цагдан байцаах болс­ноо УМБГ-аас тайлбарлав. О.Эрдэнэсолонгын дансанд 400 гаруй сая ам.доллар байр­шиж байсан гэх мэдээ­лэл байсан. Тэгвэл түүний нэр дээрх дансуудаар 13.9 тэрбум төгрөгтэй тэнцэх га­даад валютын гүйлгээ хий­сэн болохыг анх цагдаагийн бай­гууллагаас мэдээлсэн гэж албаны эх сурвалж онцол­лоо. Энэ дүн бол сүүлийн дөрвөн жилийн хугацаанд О.Эрдэнэсолонгын нэр дээрх 26 дансаар явагдсан гүйл­гээ­ний нийлбэр гэв. “Ер нь мөр­дөн байцаах ажиллагаанд дандаа эргэлзээтэй, хоёр талын маргаантай тоо орж ирдэг. Тэгэхээр хөндлөнгийн аудит хийлгэж, шинжээчдийн баг томилон үнэн зөв мөнгөн дүнг тогтоодог. Бид О.Эрдэнэ­солонготой холбоотой энэ хэргийг шалгаж байна. Мөн­гө­ний хэмжээг бид мөрдөн байцаалтын үед шалгаж тог­тоох үүрэгтэй. Мөнгөн дүн буруу гараад хүн ял авбал алдаа болно. Тиймээс одоо шалгах ажиллагаа явагдаж байна. Яригдаж байгаа өн­дөр мөнгөн дүнг бид түрүү­чээс нь тогтоогоод эхэлж байна. Дампуурсан банкуу­дын дансыг шалгаж байна. Энэ бүх ажиллагаа проку­ро­рын хяналтан дор явж бай­гаа” гэж УМБГ-ын дарга цаг­даа­гийн хурандаа Ц.Батсүх онцоллоо. О.Эрдэнэсолон­гын биеийн байдлаас шалт­гаа­лан батлан даалтад  гар­гаж, гадуур байцаах хүсэлтийг түүний ар гэрийнхэн нь тавь­жээ. Тиймээс О.Эрдэнэсолон­гыг өчигдрөөс ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангиас суллаж, гадуур бай­цаа­хаар болсон байна.

Д.ЦОГТБААТАРЫН ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ ГЕРМАНААС ХОЁР МӨРДӨН БАЙЦААГЧ ИРЛЭЭ

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирэхэд нь баривчилсан юм. Түүний нууц хүүгийн гэрээс их хэмжээний валюттай сэйф нь алдагдсанаар Н.Хүрэл­баа­тар хэрэгт холбогдоод буй. Эрүүл мэндийн яамны Тө­рийн нарийн бичгийн дарга байсан Д.Түмэндэмбэрэлийн хэрэг шалгагдаж эхлэнгүүт Н.Хүрэлбаатар хил гарч зугт­саныг албаны эх сурвалж онцолсон. Ийнхүү эрэн сур­валж­лах ажиллагаа явуулж, Н.Хүрэлбаатарын хүүг хорьж цагдангуут эх орондоо буцаж  ирсэн юм байна. Түүний гэрээс хоёр сая 145 мянган юань гарч ирсэн баримт нь цагдаагийн байгууллагад байгаа аж.

Тагнуулын ерөнхий газ­рын Сөрөх тагнуулын дарга Д.Цогтбаатар нь Германы иргэн алга болсон хэрэгт холбогдоод байгаа. 2005 онд Монголд 13 сая евротой орж ирсэн Германы иргэн ор сураг­гүй болсон юм. Тэрээр Германдаа 2000 гаруй иргэ­нээс луйвар хийгээд зугтаж манай улсад ирсэн тухай өмнө бид мэдээлсэн. Уг хэ­рэгтэй холбоотойгоор Гер­манаас өчигдөр өглөө хоёр мөрдөн байцаагч ма­найд ирсэн байна.

Ийнхүү их  мөнгөний луй­варч­дыг манай цагдаагийн байгууллага илрүүлж байгаа энэ үйл явцыг зарим намын­хан улстөржүүлж байгаа. Ха­рин УМБГ-ын зүгээс “Мөрдөн байцаах ажиллагаа тодорхой хугацаанд үргэлжилдэг. Бид илэрсэн хэргүүдийн талаар нээлттэй мэдээлж байгаа. Сонгуультай холбоотой мөр­дөн байцаах ажиллагаа зогс­доггүй юм аа. Тиймээс зарим намуудыг бидний үйл ажил­лагааг улстөржүүлэх хэрэг­гүй” гэсэн юм.

М.МӨНХ

 

Categories
редакцийн-нийтлэл

Солонгосоос оруулж ирэх шатахууны борлуулалтаас хувь нэхсэн хүмүүсийн сураг гарч эхэллээ

Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан нарын бүлэг албан тушаалтан улсад  их хэмжээний хохирол учруулсан байж болзош­гүй хэрэг сөхөгдлөө. Тэд ямар аргаар хичнээн төгрөгийг хувьдаа хэрхэн завшсаныг эрэн сурвал­жиллаа.

“Монгол-93”
шатахуун үйлд­вэр­лэж байгаа “Пейтрочайна дачин тамсаг” компани Монгол Улсын Засгийн газартай “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулан үйл ажил­лагаагаа эхлүүлээд арваад жилийн нүүр үзлээ. Энэ гэрээний дагуу тус компани Дорнод аймгийн нутаг дэвсгэр болох Мэнэнгийн талд газрын тос олборлож байгаа. Газрын тос олборлох дэлхийн арван том компанийн нэг “Пейт­рочайна дачин тамсаг” нь 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалт­тай компани юм. Засгийн газартай хийсэн “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулагч тал орлогын 76 хувийг авдаг. Харин манайд үлдсэн 24 хувь нь оногддог. Гэтэл энэ хувиас Газрын тосны газрын хэсэг нөхдүүд хувьдаа завшиж байсан аж.

Д.АМАРСАЙХАН АУДИТЫН ШАЛГАЛТ ХИЙХ ГЭХЭЭР ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛДАГ БАЙСАН НЬ ИЙМ УЧИРТАЙ АЖ

“Пейтрочайна дачин тамсаг” компани Мэнэнгийн талд олон цоо­но­гоос газрын тос олборлодог. Тэгтэл Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан нарын хам­саатнууд нь “Пейтрочайна дачин тамсаг”-ийн хоёрхон талбайгаас олборлосон газрын тосны орло­гоос асар их хэмжээний мөнгө угаасан баримт байна. Тэр нь “Тосон уул 19”, “Тамсаг 21” талбай аж. “Тосон уул 19”-ийн хувьд газ­рын тос нь олгойдож байдаг тал­бай. Монгол Улсын анхны Ерөн­хийлөгч П.Очирбат уг цооногийн нээлтэд очиж, цагаан дээлнийхээ энгэрийг газрын тосоор мялааж байсан түүхтэй. Тийм нь л баялаг нөөцтэй газар юм.

Д.Амарсайханыг Газрын тосны газрын дарга байх үед дээрх хоёр талбайн орлогын 76 хувь нь Хятадын талд харин 23 хувь нь Монголын талд очдог байж. Угтаа Монгол Улсад 24 хувь нь ирэх ёстой. Гэтэл хариуцсан байгуул­лагын удирдлагууд нэг хувийг нь хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байх юм. Энэ мөнгөн дүнг нэгэн аудитын компани шалгаж, тогтоо­жээ. Аудитын байгууллага нь Газ­рын тосны газар болон “Пейтро­чайна дачин тамсаг” компанид 2005-2012 оныг хүртэлх хугацаанд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу олбоорлосон тосны хэмжээ, бор­луулалтын дүн, хасагдах зардал, талуудад ногдсон орлого зэргийн мэдээг хүснэгтээр албан тоотоор гаргуулж авчээ. Тэгтэл хоёр бай­гуул­лагаас өгсөн тоон мэдээнүүд хоорондоо нэлээд зөрүүтэй дүн гарсан байна. “Пейтрочайна дачин тасаг” компаниас өгсөн мэдээнээс Газрын тосны газрын ирүүлсэн дүн 417.026 баррель буюу 40.522.976 сая ам.доллараар дутуу байжээ. Тухайн үед дээрх хоёр байгуул­лагад хөндлөнгийн шалгалт оруу­лах гэхээр Д.Амарсайхан цээжээ­рээ хамгаалдаг байсныг Газрын тосны газарт тухайн цаг үед ажил­лаж байсан эх сурвалж дуулгав. “Засгийн газартай гэрээтэй компа­нид хэн дуртай нь шалгалт хий­дэггүй юм” гэхчилэн аудитын шал­галт хийх гэхээр эрс эсэргүүцдэг байсан гэнэ. Өөрийнх нь мөнгө угааж буй “но” илэрчих вий гэсэн­дээ хөндлөнгийн шалгалт оруула­хаас ийнхүү татгалздаг байсан ажээ.

ТЭР ИХ МӨНГИЙГ ХУВЬЦААНЫ ХУВЬ НЭРЭЭР ХУВЬДАА ЗАВШСАН УУ?

“Пейтрочайна дачин тамсаг” компаниас Хонконг дахь Шанхай банкны 12 орон бүхий тоот данс руу “SunWang” гэх компанийн нэр дээр хувьцааны ашиг хэмээн их хэмжээний ам.доллар шилжүүлдэг байсан байх юм. 2011 оны эхний найман сарын байдлаар л гэхэд “SunWang” компанийн нэр дээр 1.5 сая ам.доллар шилжсэн байна. Хамгийн сүүлд гэхэд 216 мянган ам.доллар Хонконгийн Шанхай банк руу оржээ. Ийнхүү “Бүтээг­дэхүүн хуваах гэрээ”-ний дагуу “Пейтрочайна дачин тамсаг” компанийн Тосон уул 19, Тамсаг 21 талбайгаас олборлосон газрын тосны борлуулалтын орлогоос Монгол Улсын Засгийн газарт ногддог 24 хувиас нэг хувь нь автоматаар Хонконг руу явдаг байжээ.

Хонконг бол худалдааны чө­лөөт бүс. Тэр утгаараа Д.Амар­сайхан нар тэнд компани байгуу­лан татварын дарамтгүй мөнгө угаах бүрэн боломж бүрдсэн бо­лол­той. Тиймээс гадаадын банкинд данс нээлгэн мөнгө гүйлгэж, улсын мөнгийг хувьдаа завшиж байсан байх юм.

Аудитын шалгалтаар Хятадын талын “Пейтрочайна дачин тамсаг” компани гэрээнийхээ дагуу ямар нэгэн асуудалгүй, үүргээ гүйцэтгэн ажиллаж байхад монголчууд маань өөрсдөөсөө идэж ууж байсан нь харамсалтай. Дээрх хэргийг Д.Амарсайхан дангаараа үйлдээгүй нь мэдээж. Түүний хөлд Газрын тосны газрын нягтлан гээд хэд хэдэн хүн чирэгдэх бололтой.

СОЛОНГОСООС ОРУУЛЖ ИРЭХ ШАТАХУУНЫ БОРЛУУЛАЛТААС ХЭН ХУВЬ НЭХЭВ?

Манай улс шатахууны хувьд ОХУ-аас бүрэн хараат гэхэд болно. Хямд төсөр шатахуун оруулж ирэх хоёрдогч улстай түншийн гэрээ байгуулах асуудал нэг хэсэг яригд­сан. Тэр нь БНСУ байлаа. Солон­госын талаас манайхыг хямд шата­хуунаар хангая гэх саналын хариуд салбарын тодорхой нэр бүхий албан тушаалтан хувь нэхсэн тухай мэдээлэл бий. Солонгосоос оруулж ирэх шатахууны борлуу­лал­таас хэдэн хувийн ашиг өгчих хэмээн шантаажилсан тэдгээр нөхдүүдийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэдэнтээ мэдэгдэж байв. Хоёр улсын хэрэгт хошуу дүрэн хувь хүртэх гэж айлын талыг шантаажилсан нөхдүүд Газрын тосны экс дарга Д.Амарсайхан нарын хүмүүсийн байсан гэх сураг дуулдав.

Манай улсад хямд шатахуун оруулж ирэх асуудалд Солонгосын талын хоёр компани өрсөлдөж байгаа гэх мэдээлэл байсан. Тэд Монголд шатахуун нийлүүлэх гэхээр хариуцсан салбарын тодор­хой албан тушаалтнууд мөнгө нэхэж байна гэж гомдоллосон байдаг. Энэ хэрэгт Газрын тосны газрын Борлуулалт хариуцсан албаны дарга Бадарчийн нэр нэг хэсэг дуулдсан. Тагнуулын ерөн­хий газар уг хэргийг шалгаж  байгаа талаар урьд нь бид мэдээлж байсан. Харин хэргийн эзнээр Д.Амарсайханы сураг гарлаа. Энэ хэргийн эргэн тойрондохыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтоох биз ээ.

Татвар төлөгч бидний мөнгийг ил цагаан иддэг байсан нөхдүү­дийн хэрэг ар араасаа ийнхүү илчлэгдэж байна. МАН-ыг Засгийн эрх барьж байх үед салбар бол­гонд айхавтар мөнгөний мангас байсныг хэн ч “мэддэггүй” байж. Хөшигний ард явагддаг тэдний мөнгө угаах луйвар нь хэрээс хэтэрч, ханаж цадахаа мэдэхгүй ард түмнээ мөлждөг байсан нь одоо илэрч байгаа. Идсэн уусан хэргээсээ эмээж, хил дамнан зугтах эрхмүүд ч цөөнгүй. Төрийн ажил хийж байсан хэд хэдэн хүний нэрс Интерполд бий. Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайханыг тун удахгүй Интерполоор эрэн сурвалжлах бололтой. Учир нь тэрээр хилээр гарсан бөгөөд одоо болтол хаана байгаа нь тодорхой­гүй байна. Түүн­тэй холбоотой хэргийн талаар албаны эх сурвал­жаас тодруула­хад “Д.Амарсайхан нарын хэргийг оны өмнөөс шалгаж эхэлсэн. Одоогоор мөрдөн бай­цаалт яваг­даж байна. Дэлгэ­рэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Сэтгүүлчид мухар сүсгээс ангид байж, шинжлэх ухаанчаар нийгмийг гэгээрүүлнэ

“Төр
нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж Үндсэн хуулинд бий. Төрийн бай­гууллага шашин, сүм хийдийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болох­гүй гэж бас заасан байгаа. Зарим үед энэ алдагдаад байдаг. Томоо­хон албан тушаалтнууд шашны үйл ажиллагаанд оролцож, үг хэлж, сурталчилж  харагдах юм. Шар дээл намируулаад гандан хийдээр явдаг нь ч байлаа. Дэргэдээ үзмэрч, төлөгчтэй нь ч байлаа. Ер нь бол манай төр шашны үйл ажиллагаа эрхлэхтэй адил үйл зөндөө хийсэн дээ.

Төр, шашин хоёр тусдаа.  Угтаа бол төр шинжлэх ухааныг хөгжүү­лэхэд анхаарч байх ёстой атал урсгалаар нь хаячихсан. Шинжлэх ухаанаа биш, шашнаа хөгжүүлээд улам дэврээгээд  байгаа. Эрдэмтэн судлаачид нь ч энэ тухай дуу­гарахаа больсон. Дээр нь сэтгүүл­чид ч хэт шашинжих, мухар сүсгээс ангид баймаар байна. Шашны дагнасан телевиз, хэвлэл нь үндсэн ажлаа хийгээд сурталчилдаг юм байгаа биз. Тэрэнд сэтгүүлчийн ч хэрэг угаас байхгүй. Сайн номлогч, менежмент хийдэг хүмүүс байхад л болох байх. Харин бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд ингэж шинжлэх ухаанч биш мэдээллийг олон нийтэд хүргэснээрээ нийгмийг төөрөгдөлд оруулж, илүү муу үр дагавар бий болгоод байгаа.  Хэрэв дэлхий сөнөх тухай яриаг телеви­зээр гаргаагүй бол хэн нэгэн нь нүх  ухаад ганцаар амьд гарах гээд тэмүүлэх үү. Зүв зүгээр ажлаа хийж явсан хүмүүс  зуслангийн байшин руугаа юм уу, хөдөө хээр гэр ба­риад гарцгаах уу. Угаас хүн тө­рөлхтөн сүйрчихсэн байхад амьд үлдээд хаа холдох билээ. Янз янзын л арга хэмжээ авсан дуул­дана лээ. Энэ зэрэгтэй өнгөрсөн нь болж. Нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн бол яахав. Ийм үед үймээн самуун их гардаг гэлцдэг. Үр дүн яах ч байсан билээ.

Хэрэг хүлээх чадваргүй гэх нэгэн бурхнаар бөөлжөөд, хэн ч харсан хүний биенээс гарамгүй том чулуу гаргалаа гэхээр нь сэт­гүүлч гүйж очоод, үнэмшээд, олон нийтэд цацаад байх нь эмгэнэл юм. Хэвлэлээр гарсан юм худлаа бай­вал дахиж хэвлэл мэдээлэлд итгэх итгэл алдарна. Тухайн үед шар хэмээх олон хэвлэл гарч байсан ч иймэрхүү баримтгүй, үнэмшил муутай мэдээ, мэдээлэл, сүнс,  босоо ороолон, хий үзэгдэл, чөт­гөр, шулмын тухай борлуулалтаа өсгөх гэж мөн ч их бичдэг байсан даа. Аяндаа  зах зээлээс шахагдаж тоотой хэд нь үлдсэн.

Хувь хүний шашин шүтэх эрх нь нээлттэй ч, бид  шинжлэх ухааны эрин зуунд амьдарч байгаа гэдгээ санах ёстой. Шинжлэх ухаан  гай­хам­шигтай нээлтүүдийг хийсээр байна. Тиймээс цэгцтэй ойлгол­тоор асуудалд ул суурьтай хандаж,   элдэв шашин, бөө мөргөл, хараал чатга, хий үзэгдэл, сүнс сүүдэр бичиж ярьж үзүүлж, олон нийтийг гэгээрлийн замд биш, мунхралын замаар явуулах хэрэггүй юм. Үүн­дээ өөрсдөө үнэмшээд явчихдаг сэтгүүлчид ч байна. Энэ байдал маань нийгэмд нөлөөлөөд байна л даа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нийгмийг гэгээ­рүү­лэгч байхыг  хэвлэлийнхэнд уриал­сан. Олон нийтийг гэгээрүүлэхийн тулд, мэдлэг мэдээлэл өгөхийн тулд ажилладаг болохоос сэтгүүлч бид харанхуй бүдүүлэг рүү чирдэг нь биш. Энэ талаар саяхан нэг  нийтлэлч бичсэн байна лээ. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ч шүүгчдийг мухар сүсгээр асуудалд хандахгүй байхыг анхааруулж хуулийн заалт хүртэл оруулж бай­гаа гэсэн. “Ийм шашинтай учраас энэ хэргийг ингэж болохгүй байнаа” гээд сууж болохгүй гэсэн үг. Хоёр залуу сайдын санал санаачилга, хэлсэн үгс чихэнд наалдацтай зөв байлаа.

Нэг хэсэг айл бүр ламтай бай­сан бол одоо айл болгонд  бөө байдаг болжээ. Үзүүлж харуулна гээд хэдэн төгрөгөө авч очоод эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон хүн олон байна. Өвдсөн хүн эмнэлэг бараадахын оронд шууд л илбэ шидийн хүчээр босч ирнэ гээд ийм л хүмүүсийг бараад­даг болж. Илбэ хүртэл хуурдаг гэдгийг мэдсээр байж шүү. Ид шид байсан бол ажиллаж хөдөлмөр­лөөд яах билээ.

Ингэж хэллээ гээд хүний шашин шүтэхийг боомилоод байгаа юм биш л дээ. Шашин шүтэх эсэх нь  тухайн хүний л хэрэг. Хувьдаа би огт шашингүй хүн биш. Гэхдээ шинжлэх уааанчаар хандахыг илүүд үздэг. Хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаях хэрэгтэй. Хүнийг хүмүүжүүлдэг сайхан сургаал, номлол бишгүй л бий. Буддын шашны тэргүүн Далай лам ч  ша­шинд XXI зууны хүн шиг хандахыг уриалаад байгаа. Шашин бол ёс суртахуун тогтоогч,  уламжлал, хүн төрөлхтөний соёлын маш том өвийг хадгалан үлдсэн байдаг. Шашны олон урсгал дэлхийгээр л нэг байна. Авах юм олон бий. Хаях юм ч олон. Буян нүглийг ялгахаас эхлээд муу үйл хийвэл болохгүй гэдгийг бүх шашин номлодог. Гэлээ гээд шашны асуудалд бид шинж­лэх ухаанчаар хандах ёстой. Өдөрт хичнээнээрээ нээлт хийгдэж байгаа шинжлэх ухаанд, бодит байдалд илүү итгэх нь дээр.  Ялан­гуяа олон нийтэд мэдээллийг хүр­гэх­дээ шинжлэх ухаанчаар хан­даач ээ гэж л хэлэх гээд байгаа юм.   

Тухайлбал Христийн шашны олон сайхан сургаал үгс байдаг ч зарим зүйл нь эргэлзээтэй санагд­даг. Ертөнцийн эзэн дэлхийг бий болгосон гэдэгт би л хувьдаа итгэх­гүй. Тэр эзнийг тэгвэл хэн бий болгосон юм гээд асуух зүйл бай­даг. Тийм агуу эзэн юм бол өөрийнх нь бүтээсэн Адам, Ева хоёр яагаад  диваажингийн цэцэрлэгийн жим­сийг үгэнд нь орохгүйгээр идчихдэг юм.  Бүтээл нь төгс болж чадаагүй юм биш үү гэх мэтээр олон зүйл эргэлзээ төрүүлж, асуулт хэвээр үлддэг. 

Нөгөө талаар зарим улс орны хамгийн хэцүү асуудал нь шашин болчихсон. Шашин хоорондын мөргөлдөөнөөс болж байнгын дайн дажинтай нь ч бий. Гэхдээ  шашныг үндэслэгч нар ч адилхан хүн байсан гэдгийг санаж байхад илүүдэхгүй. Зарим нь миний сур­гаа­лыг дагаагүй нь тамд унана гэх мэтээр ярьдаг бол өөр нэг нь шимтэн судалж, зөв гэж үзсэний үндсэн дээр дагаарай гэдэг. Нэг хэсэг шашин нь бусдыгаа огт хүлээн зөвшөөрдөггүй байхад өөр нэг нь бусдыгаа хүлээн зөвшөөр­дөг. Гэхдээ  аль ч шашны тэргүү­нүүд хүртэл шинжлэх ухааныг үгүйсгэж чаддаггүй.  

Бид шинжлэх ухаан нээсэн, баталсан зүйлд л итгэх хэрэгтэй үе ирчихээд байна. Сэтгүүлчдэд ун­шигчид итгэхээ байлаа. Улс төрч­дийн дараа ортлоо шүүмжлүүлдэг хүмүүс сэтгүүлчид болоод байна. Ёс суртахуунгүй л гэнэ,  мөнгө нэхдэг гэнэ. Дээр нь  нэмээд мунхаг харанхуйг сурталчлаад эхэллээ. Яг л “Хуучин хүү”-гийн хөмөрсөн то­гоонд буцаад оруулах мэт. Ямар сайндаа хэн нэгнийг шүүмжлэх, тэр хүний алдаа гаргасан талаар баримт­тай материал нийтлэхээр  “захиалгаар бичиж” гэж л ярина. Хэн нэгний тухай сайн үйл хийж байгаа, эсвэл сайхан амьдралын замналтай хүний тухай магтаал сайшаал бичвэл “мөнгө аваад бичиж байна” гэнэ. Энэ мэтээр сайнаар ч саараар ч бичсэн итгэхээ байж. Тэд зөвхөн баримтыг л хүсч байна. Тийм уншигч, үзэгчийн өөдөөс мухар сүсгийн ичгэвтэр юм  бичээд, үзүүлээд  байхаар юу болохов.

Нэгэн үе зах зээлийн ид ороо бусгаа цагт баахан ид шидтэн, харь гаригийнхантай уулзсан нөхөд гарч ирсэн. Хэвлэлийнхэн түүнийг нь мөн ч их дөгөөсөн дөө. Эцэстээ бүгд л худлаа болох нь батлагдсан. Тэр хачирхалтай “шидтэнүүдийн” үе өнгөрсөн дөө гэж бодож байтал сэтгүүлч хүн хээвнэг “Үнэмшихгүй байхын арга алга” гээд олон нийтэд цацдаг байгаа.

      Ямар ч үед ийм хүмүүс байж л байх юм шиг байгаа юм. Хялбар аргаар ашиг хонжоо хайх, алдар хүнд олох элдвийн зорилготнууд дуусах биш дээ. Манай сонин дээр ч бурхны элч, Чингэс хаан гэсэн нөхдүүд ороод ирдэг юм. Өөрийн­хөө даашинзыг ураад “хуулийнхан ингэлээ” гээд ирдэг нь ч бий. Итгэ­сэнгүй, үгээ хэлэх эрх олгосонгүй гээд загнана гээч. За тэгээд чөтгөр , шулам, сүнс сүүдэртэй уулзсан гэх нь ч бий. Гэхдээ бид өөгшүүлэхгүй аргалаад л явуулдаг. Ялангуяа хаврын цагт олширдог юм, ийм хүмүүс. Үүнийг ялгаж салгадаг, ухаан сэтгүүлчид хэрэгтэй л дээ.

Саяхан бас л нэг бөө  лекц уншина гэсэн зар яваад байна лээ. Мэдээллийн ивээн тэтгэгчээр нь зарим телевиз ажиллаж байгаа юм байх. Ингэх ямар хэрэг байна даа гэж бодогдож байлаа.

Мөн байгаль хамгаалах талаар хүмүүсийн идэвх ид сэргэж байгаа энэ үед мод, чулуу, могой хүртэл шүтээн болчих юм. Хамаагүй халд­вал чөтгөр,  шулам болдог юм байх. Бидний багад бол усанд сүү, цус усанд дусааж болохгүй гэдэг байв. Энэ бол байгалиа хайрлах өвгө­дийн сургаал байж. Өвгөдийн ийм уламжлалт сургаалыг одоо хэт мухар сүсгээр өөрөөр тайлбарлах болж. 

Сэтгүүлч бид нийгмийг гэгээрүү­лэхэд гартаа үзэг гэсэн зэвсэг­тэйгээр мордож болох ч олон нийтийн сэтгэл зүйгээр даажигнах эрх байхгүй билээ. Агуу их Данзан­равжаа ч ” Там там гэвч там хаанаас байхав, тамтаггүй явбал там чинь тэр буй за” гэж хэлсэн байдаг. Диваажин, там  гэдэг хаа нэг газар оршихоосоо илүүтэй та бидний дотор л байдаг. Нийтийг гэгээ­рүү­лэх замдаа мунхаг харанхуйг бит­гий санал болгооч, сэтгүүлчид ээ. Аль эртний хүн Данзанравжаа үүнийг  гэтэлчихсэн байж шүү дээ. 

 

Categories
редакцийн-нийтлэл

Зэс баяжуулах гурван үйлдвэртэй болох нь, одоо хайлуулах үйлдвэрээ баривал ямар вэ?

Оюу толгой энэ
баасан гаригаас урд хөрш рүү зэсийн баяжмалаа экспортолж  эхэлнэ. Өмнөговьд байгаа энэ баяжуулах
үйлдвэрийг канадууд барьсан. Оюу толгой энэ жил 600 мянган тонн зэсийн баямжал
экспортлохоор төлөвлөөд буй. Урд хөршийн гурван ч компани худалдан авах санал
ирүүлсэн гэх мэдээлэл цацагдаж байгаа. Төслийн зүгээс одоогоор худалдан
авагчидтайгаа гэрээ хийсэн гэхээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Нэг тонн
хүдрээс 500 килограмм орчим зэс ялгаж авна гэсэн тооцоо бий.  Баяжуулах үйлдвэр  өдөртөө 100 мянган тонн хүдэр боловсруулж
жилд 450 мянган тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай.

Зэс баяжуулах
дараагийн үйлдвэр бол монголчуудыг хэдэн арван 
жилээр  тэжээсэн Эрдэнэтийн уулын
баяжуулах үйлдвэр. Зэсээ баяжуулж экспортлоод удаж байгаа энэ үйлдвэрийг
оросууд барьсан. Дахиад цөөнгүй жил ажиллах нөөцтэй гэж ярьдаг.

Зэс баяжуулах бас
нэг үйлдвэрийг  Дорноговьд бариад  эхэлчихсэн. Цагаан суваргын орд гэдгээр нь
монголчууд андахгүй. Энэ үйлдвэр монголчуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай
баригдаж буй  гэдгээрээ анхны том бүтээн
байгуулалт  болж байгаа юм. МАК компанийн
зүгээс баяжуулах үйлдвэрээ хурдан хугацаанд барихын тулд урд хөршөөс мэргэжлийн
4000 гаруй ажилчин авчрах хүсэлт гаргасан, хэрвээ энэ хэмжээний ажилчид ороод
ирвэл   үйлдвэрээ 2015 оны эхний улиралд ашиглалтад
оруулна гэж байна. Өмнө нь зэс баяжуулах үйлдвэр барьсан туршлагагүй учраас
гаднаас мэддэг, чаддагийг нь авчирч Оюу толгой шиг хурдан бариулах бодлого
барьж байгаа юм билээ. Тэдний санаснаар болвол  хоёр жилийн дараагаас зэсээ баяжуулаад эхэлнэ.
Одоо ил уурхайн ажил ид явагдаж байна. Зэсээ баяжуулахаас өмнө дор хаяж сая
тонн хүдэр бэлэн байлгахын тулд ил уурхай үйлдвэрээсээ хор жилийн өмнөөс
ажиллаж эхлэх ёстой юм билээ. Тэгэхээр тун удахгүй Дорноговийн Цагаан суваргын
ордын хүдэр олборлолт эхэлнэ гэсэн үг.

Тэгэхээр зэс
баяжуулах гурван том үйлдвэр зэрэг ажиллаад эхлэх нь. Ийм үед яригдах ёстой нэг
өнцөг бол зэс хайлуулах үйлдвэр. Уг нь шинэ сэдэв биш л дээ. Эртнээс ярьсаар
ирсэн ч өнөөдрийг хүртэл ажил болоогүй. Шалтгааныг нь ганцхан үйлдвэрийг
түшиглээд тийм том үйлдвэр барьчихаар үйлдвэр босгосон зардлаа нөхөж чадахгүй
гэж тайлбарладаг. Гэтэл одоо гурвын гурван үйлдвэр зэрэг ажиллах нь тодорхой
болчихлоо.

Ц.БААСАНСҮРЭН