Categories
редакцийн-нийтлэл

“Гуталгүй”

Хөдөө гадаа явж байхад сум орондоо дарга, даамлаасаа илүүтэй танигдсан хүн байдаг
даа. Саяхны нэг өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд томилолтоор явахдаа тийм
нэгэн хүнтэй таарсан юм. Түүнийг Сангидоржийн Мишигдорж гэдэг. Мишигдорж гуайг
нутгийнхан нь “Хүннү хүн” гэнэ. 70 шахаж яваа энэ буурлыг яагаад “Хүннү хүн”
гээд байгаагийн учрыг нь асуухад “Мань эр насаараа гутал өмсөөгүй хүн байгаа
юм” хэмээн нутгийнхан нь хэлж байлаа. Хааяа нэг хөдөөгүүр явж байхад хот хүрээ
орж үзээгүй ээ гэсэн хүмүүс таардаг. Мишигдорж гуай мөн л тэдний нэг ажээ.
Телевизээр хааяахан нэг нийслэлийнхээ тухай нэвтрүүлэг хардаг бол хот хүрээ
бараадъя гэсэн бодол төлийлөн төрдөггүй гэнэ. Салхи савир үнэртүүлсэн энэ л
буурал замын машин унаанд сууна гэж харин ч нэг үгүй юм аа. Тэгээд л хөл нүцгэн
таваргах дуртай гэж байгаа. Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн
Хайрхандулаан сумд руу бол зүгээр л эртхэн гараад алхчихна. Явах замдаа айлаар
орсон шигээ аажуу тайвуу алхахад маргааш нь сумын төвд хүрчихнэ. Замдаа таарсан
айлаас ааруул, хуруудхан цуглуулж цагаан шуудайгаа дүүртэл нь хийчихээд ирнэ. Цагаан
шуудай үүрсэн, өндөр бор, хөл нүцгэн өвгөнийг хүүхдүүд андахгүй. Дагаад л гүйнэ
дээ. Амин чухал хэрэгтэй мэт сум дамдан явж цуглуулсан ааруулаа хүүхдүүдэд
бүгдийг нь тарааж өгчихөөд одоо л нэг хэрэг бүтлээ дээ гэсэн нар салхинд
гандсан хүрэн дээлхийнхээ нударгаар хөлсөө шуударчихаад инээж суух нь түүний
жаргал гэсэн. Түүний хувьд насаараа ганц бие явсан юм билээ. Өөрийн гэсэн
зулайг нь үнэрлэх үргүй болохоор хүүхдүүдэд ингэж буян үйлддэг юмсан уу даа.

Хаврын дунд сар гаруут памбагар цагаан эсгийн гутлаа эгчийндээ үлдээчихээд
намрын адаг сар хүртэл “гуталгүй” аянаа эхлүүлнэ. Нутаг усных нь түүнийг мэдлэгтэй
гэдэг. Учир нь тэрээр Монголын болон сум орны түүхийг хэнээр ч заалгахгүй
ярьчихна. Зарим нэг нөхөд түүнийг шалгах гэж түүхийн ном барьж байгаад дундаас
нь асуухад шууд хэлээд өгчихдөг байна. Залуу зандан цагтаа түүнийг бяртай
байсан гэлцэнэ. 70 кг-ын тааран шуудайтай гурилыг үүрч аваад эгчийнх рүүгээ 15
км газар төвөггүй алхсаар хүргээд өгчихдөг байсан тухай нутгийн буурлууд ам
уралдан ярих. Мишигдорж гуайтай яриа дэлгэн суухуйд “Гутал өмсөнө гэдэг хэцүү.
Ядаж л байгаль дэлхийгээсээ холдож буй мэт санагдана. Түүний оронд хөл нүцгэн
өвс, чулуудаас байгалийн дулааныг мэдэрч явах нь сайхан. Гутал гэдэг эд чинь
шивэртэхээс эхлээд зовлон ихтэй золиг байна лээ дээ” гээд алсын барааг
саравчлан суух нь одоо хаашаа явах вэ гэсэн шиг санагдах ажгуу.

Насаараа хөл нүцгэн явсан болоод ч тэр үү хөлийн тавхай нь ширнээс дутуугүй
болсон байсан. Гэвчиг “гуталгүй”-н буянаар насаараа өвдөж үзээгүй юм билээ.
“Надад хууч өвчин гэж алга. Хамрын ханиад ч хүрч үзээгүй өвөө нь” хэмээн
инээмсэглэн явах. Түүний хувьд архи, тамхийг айхтар цээрлэнэ. Нарийнтээлийнхэн
энэ буурлыг залуу зандан цагаасаа эхлээд өнөөг хүртэл согтуу бүү хэл
үнэртүүлсэн явахтай нь таараагүй гэдэг. Халуун зунаар ноосон малгай, зузаан
цамцны гадуур дээл өмсөн яваа түүнийг танихгүй хүн харвал өвчтэй солиотой нэгэн
гэж ойлгож болох. Гэтэл зуны халуун өдрүүдэд дээлээ зузаалчихвал сэрүүхэн байдаг
юм хэмээн мушилзах өндөр хөх өвгөн Нарийнтээлийнхээ намхан шаргал толгодынхоо
дунд хүүхдүүдэд ааруул, ээзгий тараасан шигээ “гуталгүй” амьдарч явна.

Categories
редакцийн-нийтлэл

Стратегийн ордод оруулах нэрээр хийх луйврын тухай

Төр засаг стратегийн орд газар нэрээр долоон ордыг хурааж авах гэж байна. Хуулийн дагуу Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд  ашигт малтмалын томоохон ордуу­дыг судалж үзээд, ашиг орлого ихтэй, нөөц арвинтайг нь сонгоод ийм шийдэлд хүрч байгаа юм байх. Энэ тухайгаа тусгасан  тогтоолын төслөө УИХ-д өргөн барьчихсан, удахгүй хэлэлцэж батлах нь. Тэдний булааж авах гэж байгаа ордуудыг нэрлэе.   Эртнээс хэл аманд өртөөд байсан Ховд аймгийн Хөшөөтийн уурхай мэдээж энэ долоогийн эгнээнд багтана.   Цагтаа Байгаль орчны сайдаар ажиллаж явсан У.Барсболдын эзэмшилд байдаг хэмээн яригддаг уг нүүрсний уурхай нөөцөөрөө Таван толгойн дараа ордог гэж байгаа. Асар их нөөцтэй ийм ордыг ганцаараа эзэмшиж, олигархи боллоо гэж У.Барсболдыг  намын­хан нь ад үзэж, хөөгөөд явуулсан талтай. Ямар ч байсан албан ёсоор бол “Мон Эн Ко” гэдэг ком­панийн хөрөнгө оруулалт хийсэн энэ ордыг улс эзэмшихээр болж байх шиг байна.  

Стратегийн гэдэг харьяалалд авах  дараагийн орд  бол  Цайдам нуур.  Төв аймгийн Баян суманд оршдог уг ордоос хүрэн нүүрс олборлодог. Энэ орд өнөөдрийн байдлаар цөөнгүй эзэмшигчтэй. Тэдний  нэг нь лав УИХ-ын гишүүн асан  Ш.Сайхансамбуугийн дүү байгаа гэцгээдэг. Тэгэхээр “Наран­туул” компанийн багагүй хөрөнгө Цайдам нуурын ордод шингэсэн байж таарах нь.  Стратегийн ач холбогдолтойд тооцогдох гэж байгаа Гацууртын алтны орд бол “Бороо гоулд” компанийнх.  Харин ховор элементийн  Лугийн голын ордын ард Солонгосын компани байдаг гэнэ.  Халзанбүргэдэй, Мушгиа худаг, Хотгор гээд ховор элементийн хэд хэдэн ийм ордыг гадна дотны хөрөнгө оруулалттай  компани эзэмшдэг юм байна. Өнөөдрийг хүртэл дээрх ордуудыг тэд өөрсдийн хөрөнгөөр хайгуул­даж,  овоо мөнгө зарчихаад байгаа аж. Гэвч  төр эдгээр ордыг нэг хэсгийнх нь мэдлээс салгаж,   нийт олны өмч болгох юм гэнэ.  

Өнгөц харахад энэ шийдэл гоё харагдаж байна. Үнэхээр эх оронч шийдвэр юм шиг санагдаж байгаа юм. Монголынхоо баялгийг ард түмэнд эрх тэгш, ижил тэнцүү хувааж өгөх гэсэн төрийн зөв бодлого мэтээр харагдаж байна.   Манай дарга нар ч яг ийм өнцгөөс тайлбарлаж, ард түмэнд таалагдах гэж хичээж байгаа. Иргэний хөдөлгөөнийхөн ч үргэлж ингэж ярьдаг, үүнийг шаарддаг.  Үр дүнд нь үе үеийн   дарга нар  ашигт малтмалын ордуудынхаа 51 хувийг иргэддээ аваад өгчихлөө шүү гэж цээжээ дэлддэг. Ийм үг үйлдлээрээ олноо танигдаж, од  болчихсон яваа улстөрчид  бий.   Гэвч үнэн хэрэгтээ  баялаг хэзээ ч ард түмний өмч болдоггүйг  өнгөрсөн 90 жи­лийн түүх, туршлага хоёр монгол­чуудад харуулаад өгчихсөн.  Үүнийг манай өвөг дээдэс яс махаараа мэдэрчихсэн юм.

Харин дунд үеийн залуус энэ тухай сайн мэдэхгүй байж магадгүй. Тийм ч учраас тэдэнд зориулж улстөрчид ингэж ярьдаг биз.  Үнэхээр залуус “эрдэс баялаг тэр чигээрээ бидэнд ирнэ” гэж гэнэн тэнэгээр итгэдэг. Нэг хэсэг хүмүүс газар ухаж,  уудалсан алт, эрдэнэ­сээсээ өчнөөн мөнгө олоод байна. Тэр нөхдүүдийг баяжуулаад бай­гаа газруудыг төр засаг маань хурааж, стратегийн орд болгох юм байна.  Дараа нь ард түмэн бидэндээ эзэмшүүлэх нь. Монгол хүн бүр хагартлаа баяжина хэмээн алгаа ташин баярлан хүлээж авдаг. 

Чин үнэндээ тийм байсан бол  юм бүхэн, өмч болгон төрд данстай  явсан  өнгөрсөн  90 жилд монгол­чууд яагаад баяжаагүй хэрэг вэ.  Хоосон хонодог ядуучууд нь хэвээрээ, хот улс нь  дэлхийн хөгжлөөс хол хаягдсан чигээрээ одоотой золгосны учир тэгвэл юунд байгаа юм.  Ердөө л  тухайн үеийн дарга нар зөвхөн өөрсдөө өмчтэй  байсаар ирсэнд нууц нь оршиж байна.  Төр өмчтэй байна гэдэг нь дарга өмчтэй байхыг л хэлдэг ажээ. Тийм учраас бүх зүйл улсын мэдэлд байх тэр үед ард түмэнд өмч падлий байгаагүй. Харин дарга нар олны нүдэн дээр гарахаараа “Өмч бүхэн улсынх. Төр өмчтэй байна гэдэг бол түмэн олон өмчтэй байна гэсэн үг” хэмээн лоозондож итгүүлсээр иржээ.   Харамсалтай нь түүн шиг худлаа зүйл байгаагүй нь одоо  илчлэгдэж байна. Тэгвэл энэ үнэнийг өнөөдрийн дарга нар мэдэхгүй байгаа гэж үү. Бүгд  мэдэхийн дээдээр мэдэж, ойлгож байгаа.   Тэгсэн мөртөө яагаад нэмж долоон уурхайг стратегийн орд болгох гээд байна гэж үү.   Ердөө дахин хуваа­рилалт хийхээр улайрч байгаа юм.  Тэр нүцгэн үнэнийг нь Уул уурхайн ассоциацын ерөнхийлөгч Д.Дамба хэлчихсэн байна лээ. “Эрдэс баял­гийн хуваарилалтаас хоосон хо­цор­сон улстөрчид  төрийн нэрийг барьж, хувийн хэвшилд очсон ордуудыг салган авч дээрэмдэх оролдлого хийж байна.  Ордуудыг хурааж авсныхаа дараа  “Төрд очихоороо бурууддаг юм байна” гэж хэлээд буцаагаад хувьчилна. Тэр дундаас өөрсдөө хувь олж авна”  гэж ярьсан байна. 

Энэ үг үнэн. Улстөрчид өнгөр­сөн хугацаанд яаж улс төр хийвэл төрийн толгойд гараад ирэх бол. Яавал хүнд танигддаг болох уу хэмээн албан тушаал, авгай хүү­хэн, амбиц хөөцөлдөөд ухаангүй явж. Тэр  хойгуур нь овсгоотой хэд нь аль хэдийнэ алт эрдэнэсийн авдруудаа хуваагаад авчихсныг мэдэлгүй өнгөрсөн хэрэг. Ингэж хоосон үлдсэн хүмүүс одоо амсч чадаагүй бялуунаасаа хүртэж, хувиа авах гэж байна. Эх орон толгойлж яваагийн хэрэг юу билээ эрдэс баялгийн хишиг хүртэхийн тулд “шархаа” нөхөхөөр шаргуу  үзэж эхлэв бололтой. Стратегийн орд газрыг хурааж авах гээд бай­гаа­гийн жинхэнэ үнэн нь энэ юм.

 
Үнэн сэтгэлээсээ улсаа боддог байсан юм бол  тэд сая МИАТ-ийг  хувьчилчих байлаа. Гэвч тэгж чадаагүйг нь бодоход цаанаа далд санаатай нь илт байна.  Учир нь   МИАТ одоохондоо “туранхай” байгаа болохоор  хувааж идэхэд хүртээмжгүй санагдаж таараа. Тиймээс “Төрийн мэдэлд байсан нь дээр. Энэ бол ард түмний өмч” хэмээн уран үгээр уярааж байна. Ойрын хэдэн жилдээ  харзнаж, МИАТ-ийг  таргалуулныхаа дараа  хувьчилж, хувааж авах төлөвлөөг толгойдоо боловсруулчихсан суугаа нь ойлгомжтой.

Аливаа өмч төрд очиж байж ард түмнийх болдог гэсэн гоё нэрийн дор  өөрсдөө хувь авдаг улстөрч­дийн  увайгүй аргыг  ард түмэн одоо нэвт мэддэг болсон. Хамгийн сүүлд энэ аргаараа  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд өөрч­лөлт оруулах нэрээр хэвлэлийн эрх чөлөөг боомилохыг завдсан.  Бус­дын хөлсөө урсган байж бүтээсэн  өмч дээр хэн дуртай нь тоглож байх үүдийг нээж өгөхийг оролдсон юм.  Ийм байдлаар тэд  хувийн өмчийг нийтийн өмч болгочихоод дараа нь өөрсдийн  болгох оролдлогыг төрийн бодлого байлгахаар тооцоолж байна.    

Тэднийг ингэж улайрч байх хооронд улсын эдийн засаг,  ард түмний амьдрал золиосонд нь  хохирохоос өөр хэн ч хожихгүй.  Нэгэнт ийм эмзэг үе ирчихсэн бол  хувийн өмчитнүүд  яах  ёстой юм бэ.  Эв нэгдэлтэй байж,  хаанаас хэзээ ямар эрсдэл ирэх гэж байгааг мэдэж,  сонор соргог болох хэрэгтэй байна.  Эрх чөлөө гэдэг бол өмчтэй байхыг хэлдэг учраас түүнийгээ  хамгаалахын тулд сэрэмжтэй байх нь юу юунаас чухал болжээ.   Өнөөдөр Монголын ДНБ-ий 80-аад хувийг хувийн хэвшлийн компаниуд бүрдүүлж байна. Эрсдэл бүхнийг үүрч,  хамаг хүч чадлаа дайчлан  хөл дээрээ боссон хувийн  хэвшлийнхэн том ажил нугалж өгдөг. Тэгвэл улс тэдний өгч байгаа үр шимийнх нь хариуг барих л ёстой. УИХ-ын гишүүдийн  80 хувь нь бизнесийн­хэн байвал гараас гарах ажлын үр дүн их байх нь мэдээж. Энэ тухай чөлөөт хэвлэлийнхэн  өдөр болгон сануулж, бичдэг. Яагаад гэвэл мөнгөтэй хүн улстөрч байхын давуу чанарууд олон учраас тэр.  

 Мөнгөтэй, өмчтэй байхын зах зухаас мэддэг хүн төрд байж гэмээ­нэ хувийн өмчитнүүдийн төлөө дуугарч чадна. Эмх замбараатай эрх чөлөө бий болгож байгаа нь энэ гээд ядуу өрхийн амьжиргаа залгуулж, хөл дүүжлэх ганц унааг нь  солгой рультэй гэдэг шалтгаа­наар хураагаад байхгүй л байх хувийн өмчийн үнэ цэнийг мэддэг түшээд УИХ-д олон байна.  Өмчтэй байхыгаа эрх чөлөө гэж ойлгож, мэдэрч чадсан хүн л  тэдний төлөө тэмцэж чадна. Өмчид их, багын ялгаа байхгүй. Стратегийн орд нэрээр хувийн өмчийг хурааж авах асуудал дээр ч өмчтэй улстөрчид л энэ буруу гэж хэлж чадна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Үнэтэй Улаанбаатар, хямдхан Лондон

Улаанбаатарчуудын
үйлчлүүлдэг их дэлгүүрүүдэд тогтсон зэрэглэл байдаггүй

-“ЦЕНТРАЛ ТАУЭР”-Т БАЙРЛАДАГ БРЭНДИЙН ДЭЛГҮҮРЭЭС НЭГ ТОМ ДАРГЫН ХҮҮ САЯ
АМ.ДОЛЛАРЫН ХУДАЛДАА ХИЙГЭЭД ГАРЧ БАЙЖЭЭ-

Монгол Улс анх удаа олон улсын жижиглэнгийн худал­дааны “AT Kearney”-ийн жаг­саал­тад дээгүүр бичигджээ.  Өнгөрсөн жил аравт бичигд­сэн бол энэ удаа долоод жагсч рекорд тогтоов. Дэл­хийн хөгжиж буй жижиглэн­гийн томоохон зах зээл бүхий 30 орны жагсаалтад нэлээд дээгүүрт давхиж явна гэсэн мэдээ сонсохоор аятайхан ч юм шиг. Цаашлуулаад хара­хаар хөөрцөглөхөөр  шалт­гаан байхгүй  юм билээ.  “AT Kearney” 
хөгжиж буй Хятад, Бразил, Орос руу хараагаа чиглүүлсэн өрнөдийн томоо­хон компаниудад  жижиглэн­гийн худалдааны өсөлтөөрөө анхаарал татаж эхэлсэн Мон­голыг онил гэж зөвлөжээ. Энэ өсөлтөд нь дээд зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний  жижиг­лэнгийн худалдаа нөлөөл­сөн гэсэн тайлбарыг “A.T.
Kearney” менежментийн зөв­лөх пүүсийнхэн онцолсон байна лээ.  Манайх шиг жижиг зах зээлтэй улсын хувьд брэн­­­дүүдийн борлуулалт л дээгүүрт жагсахад нөлөөлсөн гэдгийг энэ зах зээлийг танд­даг “A.T. Kearney” -гаас гадна эдийн засгийн нарийн байту­гай наад захын ойлголтгүй хэн ч хөнгөхөн нотолчихно. Тэгэхээр дэлхийд тэргүүлээд байгаа энэ үзүүлэлтийн цаад ашиг нь Монголд биш, ал­дартай брэндүүдтэй дэл­хийн орнуудад ногдож байгаа гэ­сэн үг. Энгийнээр тайл­бар­лавал манай мөнгө гадаг­шаа урсч байна.

Эдийн засаг нь хөгжиж, тэлж  байгаа улсын нэг гэсэн ярианы завсар дэлхийн ал­дартай брэндүүд аль хэдийнэ ороод ирчихсэн гэх тайлбар дагадаг. Үнэхээр ч Louis Vuitton, Hugo Boss, Cartier, L\’Occitane,
Dunhill  гээд
яри­вал олон брэнд Улаан­баа­тарт үүдээ нээсэн. Захын брэндийн дэлгүүрт ороход л нэг бал 60 мянган төгрөг, нэг цүнх арав гаруй сая төгрөг болохоор жижиглэнгийн ба­раа­ны үнийн өсөлт өндөр гарахаас  аргагүй.  Брэндийн дэлгүүрүүдийн өндөр үнийг монголчуудын өнөөдрийн дундаж орлоготой харьцуу­лахад тэр бүр хүн аваад байхааргүй зах зээл. Гэхдээ л эдгээр дэлгүүр ашигтай учраас хаалгаа бариад га­раад явчихгүй байгаа. Тэгвэл тэр үнэтэй барааг нь хэн аваад байна вэ. Энэ асуултад хариулахын өмнө манайхны брэндийг чанар талаас нь харж сонголтоо хийдэг хэсэг аль дэлгүүрээр үйлчлүүл­д­гийг сонирхъё.

 ЛОНДОНГИЙН

“Marks & spenser”-ИЙН БАЙНГЫН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД НЬ МОНГОЛЧУУД

Манайхны давгүй алба хашдаг хүмүүс  Лондон хотын “Marks &
spenser” дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгчид. Гол үйлчлүүлэгчдийнх нь тоонд яамдын мэргэжилтэн, газрын дарга, сайд нар бас багтдаг гэсэн. Мэдээж дээр нь биз­нес­мэнүүд орно.  Тэд “Хан бүргэдэй”, “Скай”, “Централ таур”-аар барагтай л бол үйлчлүүлээд байдаггүй. Лон­дон яваад шоппингдсон нь хавьгүй хямдхан, бас дажгүй брэндийн чанартай хувцсыг янз бүрийн сонголтоор  ав­чих­даг учраас тэр. Дизайны шоу болдог, дизайныг тодор­хойлдог гэгддэг францчуу­даас тансаглал, дэгжирх­лээрээ илүүрхдэг Лондон манайхан шиг гоёх дуртай хүмүүсийн хувьд яг тохирох зах зээл гэдэг юм билээ. Тэгээд ч хувцасны чанарыг мэдэрсэн  хүмүүс Францыг биш Английг сонголт сайтай, хамаагүй сайн хувцастай  гэж онцолдог гэсэн.  Сонголт сайтай, манайхны вкуст таар­сан юм байгаад байдаг нь Лондонд олон үндэстэн амь­дардагтай холбоотой гэх нь ч бий. Манайхны голчилж үйлч­лүүлдэг “Marks
&  spenser” Лондондоо бол  зэрэг­лэлээ­рээ дөрөвт жагсдаг. Дээд зэрэглэл буюу хатан хааны үйлчлүүлдэг дэлгүүр нь “Har­rods”. Тэгээд Selfridges, Debenhams, дөрөв
дэх нь  “Marks & spenser”.

“Marks & spenser”-ийн байнгын үйлчлүүлэгч, манай­даа давгүй алба хашдаг хү­мүү­сийн нэгд ордог эрхмийн худалдаж авдаг хувцасны үнийг “Хан бүргэдэй”-тэй харьцуулъя. Хувцсаа Лон­дон­гоос авдаг энэ эрхэм  20-30 фунт буюу 40-60 мянгад гоёлын, чанартай, брэндийн цамц авчихдаг. Яг ийм цамцыг “Хан бүргэдэй”-гээс дор хаяж 200 мянган төгрөгөөр авна. Өмдөө 80-100 ам.долларт буюу 112-140 мянган  төг­рөгөөр авдаг.  “Хан бүргэдэй”-д яг ийм өмд 200-250 мянган төгрөгийн үнэтэй.  “Marks spen­ser”-ээс тун дажгүй костю­мыг дунджаар 560 мян­ган төг­рөгөөр авах боломж­той. Ха­рин эндээс яг иймийг 800 мянгаас нэг сая 500 мян­ган төгрөгөөр авна. Барууны ор­нуудад ид хямдралын үе гэж бий. Арваннэгдүгээр са­раас нэг­дүгээр сарын хоо­ронд очвол саяын хэлсэн үнэ 50-80 ху­виар хямдарна. Га­даа­даас худалдаа хийгээд сурчихсан хүмүүс яг энэ үеэр нь бөө­нөөрөө очиж шоппинг хийдэг.

МОНГОЛЧУУД ХҮНСЭНДЭЭ ОРЛОГЫНХОО 40 ХУВИЙГ ЗАРЦУУЛДАГ БОЛ ХӨГЖИЛТЭЙ ОРНУУД

Хүнсний хувьд ч  Улаан­баа­тарын үнэ Лондонтой эн зэрэгцэх юм уу, эсвэл давна. Амьжиргааны түвшингээрээ хамаагүй дор хэр нь бид Лондончуудаас дутахгүй үнэ­тэй хүнс хэрэглэдэг. Лондонд амьдарч байгаа хүн захаас үхрийн мах авлаа гэж бодо­ход нэг килограмм тутамд нь 6-8 ам.доллар төлнө. 8400-11200 төгрөг гэсэн үг. Манай зах дээр  нэг килограмм үх­рийн махыг 11800 төгрөгөөр зарж байгаа.  Манайх  дотоо­доосоо, малчдаасаа шууд авчирсан үхрийн мах хэрэг­лэдэг бол англичууд Авст­ралиас авчирсан үхрийн ма­хыг ийм үнээр худалдан ав­даг. “Скай” их дэлгүүрт  нэг килограмм чили усан үзмийг 18 мянган төгрөгөөр зардаг. Харин хамгийн сайн чанарын жимсийг Лондонгоос 10 ам.дол­­ларт буюу 14 мянган төгрөгт багтаагаад авчих бо­лол­цоотой. Нэг
судалгаа со­нир­хуулъя. Монголын дун­даж нэг айл орлогын­хоо 40 хувийг өдөр тутмын хоол хүнсэндээ зарцуулдаг гэсэн судалгааг Mercy corps Mongolia төвийн­хөн гарга­жээ. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудын нэг өр­хийн хүнсэнд зарцуул­даг тоо сарын нийт орлогынх нь 8-9 хувийг л эзэлдэг гэнэ.

Одоо англи, монгол хүний орлогыг харьцуулъя. Дундаж амьжиргаатай англи хүний сарын орлого нь 20-40 мян­ган ам.доллар. Харин манай жирийн ардын  дундаж ор­лого 300 ам.доллар. Бүр дээ­шил­лээ гэхэд 500-700 ам.дол­лар. Английн бүр то­пуудын цалин бол сая дол­лар гэж ярина. Манай топууд хэд авдгийг мэдэхгүй. “Оюу толгой”-н ТУЗ-ийн гурван гишүүнийг сардаа 30 мянган ам.доллар  авдаг гэж хэсэг хардсан, хамгийн дээд тоо гэвэл тэр л байх. Гэхдээ  тэр нь батлагдаагүй. Нэг тэг нэ­мээд биччихэж, 3000 шүү дээ гэх нь бий. Гэхдээ л 3000, 30000 аль аль нь манайдаа хол тоо.

Англи, Монголын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээг­дэхүүний орлогыг нь харь­цуулъя. Манай улсын нэг хүн амд ногдох орлого 3600 ам.доллар.  Гэтэл Англид энэ үзүүлэлт 60 мянган ам.дол­лар буюу 20 дахин их байдаг.

ҮНЭТЭЙ БРЭНДИЙГ ТЭГЭЭД ХЭН АВДАГ БАЙЖ ТААРАХАВ?

Брэндийг эрхэмлэдэг хэ­сэг нь ингээд гадаадаас ху­дал­­даагаа хийчихдэг юм байж. Тэгвэл “Централ тауэр”-т байгаа тэр үнэтэй брэндүүдийг хэн сонгоод бай­­на вэ. Брэндүүдийг ор­лого­той байлгаж, Монголоос гараад явчихааргүй дайны ашигтай ажиллуулаад бай­даг хэдхэн худалдан авагч байдаг гэнэ. Гарын арван хуруунд багтахаар дайны гэр бүл үнэтэй брэндүүдийн байн­­гын үйлчлүүлэгчид. Тэд болон тэдний хүүхэд л үе үе орж  худалдан авалт хийдэг юм байна. Нэг том брэндийн худалдагч “Манайхаар хү­мүүс ер нь үйлчлүүлдэггүй ш дээ. Үйлчлүүлдэг нь тоотой доо. Голдуу л том дарга нар үйлчлүүлдэг. Нэг удаа манай нэг үйлчлүүлэгчийн хүү бүр сая ам.долларын  худалдаа хийгээд гарч байсан” гэж ярив. Нэг удаагийн худалдан авалт­­даа тэрбум гаруй төгрөг зарцуулчих дайны хүн бай­гаад байхаар ашиггүй ажил­лана гэж юу байхав. Худал­дагчтай нь үг солилцсон тэр дэлгүүрт гэхэд л нэг удаадаа 100 сая, 500 сая төгрөгөөр үйлчлүүлээд гардаг үйлч­лүүлэгч хэд хэд байгаа гэсэн. Энэ дэлгүүрт нэг ээл­жийн боломжийн костюм 2-4 сая төгрөгөөр зарагддаг юм би­лээ. Нэг том брэнд манайд орж ирж нээл­тээ хийхдээ то­моохон компа­ниудын за­хирлууд, төрийн өндөр албан тушаалтнуудыг урьж л дээ.  Тэнд очсон нэг эрхэм 1000 ам.доллараар зангиа авсан гэж ярьж бай­сан. Хэрэг­цээ­ний хувцсаа Англиас авчих­даг учраас бэлгэдэл болгож авснаа сонирхуулж байв. Учир нь нээлтэд очсон хүн бүр юм худал­даж авах ёстой байж. Хам­гийн хямд нь 1000 ам.дол­ларын зангиа, тэгээд цаа­шил­сан үнэтэй бараа­нуудтай брэндийн дэлгүү­рийн нээл­тэд уригдсан том­чууд дажгүй худалдан авалт хийгээд гар­сан гэсэн. Нэрэлх­сэндээ, нэг удаа юм даа гэж авсан хэсэг байсан байх. Гэхдээ энэ дай­ны үнэтэй юм авахаар мөнгө манай дээд­чүүлд бэлээхэн явж байдгийг  энэ мэтийн худалдан авал­таас харчихаж болохоор. Сүүлийн үед тэр­бум, тэр­бумаар нь мөнгө хураагаад баригдсан төрийн албан ту­шаалтнуудын хэрэг олноо­роо илэрч байгаа. Ма­гад­гүй мөнгийг хөдөлмөрлөж биш, зүгээр л олчихдог ийм хэсэг бүлэг хүн нийгэмд үүс­сэн нь брэндийн дэлгүүрүү­дийн ашиг­­тай ажилладаг гол шалт­гааны нэг байж мэднэ.  Хэдэн зуун саяар худалдан авалт хийдэг брэндийн дэл­гүүрийн хүндэт худалдан авагчдын дунд энэ хэс­гийн­хэн жин дар­даг болов уу гэж хардахаар бодитой жишээ­нүүд хангалт­тай сонсогддог.

Монголчууд соёлын тал­даа Оросын нөлөө ихтэй. Тийм болохоор ч тэр үү гоёх дуртай. Нэр төр, байр суурь, моодны төлөө ямар ч үнэ төлөхөд бэлэн гэдгийг нь байраа зараад 9911-тэй ду­гаар авчихсан залуугийн жи­шээгээр тайл­бар­лачихаж бол­но.  Ийм онцлогтой оронд орж ирвэл амжилт олно гэд­гийг брэн­дүүд өчнөөн жилийн турш­лагаараа олоод мэдчих­сэн байгаа.  Тэгээд л жижиг зах зээлтэй ч талын Мон­голыг онилдог  хэрэг.

МОНГОЛД ОРЖ ИРСЭН БАРАА ЯАГААД ҮНЭТЭЙ БАЙДАГ ВЭ?

Олон шалтгаан бий. Саяын ярьсан сэдэвтэйгээ уяж яривал онцлохоор гурван шалтгаан байна.  Анг­лид гэхэд дэлгүүрүүд нь зэ­рэглэлтэй, тэр зэрэглэлийн дэлгүүрт ийм брэндийн юм төчнөөн долларын хавьцаа байна гэдгийг тооцоод гарга­чихаж болно. Манайд бол тиймгүй. “Хан бүргэдэй”, “Скай”, “Макс молл”, “Улаан­баатар” -ын аль нь нэг, хоёр, гуравдугаар зэрэглэлд орох нь тодорхойгүй. Ямар ч бай­сан гайгүй брэндүүд байгаа гэсэн там тум ойлголт­тойгоор л ийшээ зүглэдэг. Нөгөө дэл­гүүрүүдэд нь  юмаа зарж байгаа хүмүү­сийн үзэм­жээр тогтоо­сон үнэлгээтэй бараанууд өрөө­тэй байдаг. 

Дараагийн шалтгаан нь манайх чанарын стандартгүй улс. Юу ч оруулж ирээд, ямар ч үнээр зарахад асуудалгүй. Гадны улсын хамгийн чанар­гүй барааг нь хямд үнээр дарж ирээд эндээ үнэ хүргээд бор­луулах боломжтой зах зээл. Гадаадын ихэнх брэнд бүтээг­дэхүүнээ сайн, дунд, муу гэж ангилаад үйлдвэр­лэчихдэг. Наад зах нь  сни­кер­сийг гэхэд л цаад компа­ниас нь гурван зэрэг­лэлээр хий­дэг.  Харин ма­найд сни­керс л бол сникерс. Брэндүүд тухайн улсын онц­логт нь тохируулаад бүтээг­дэхүүнээ үйлдвэрлэх нь бий.  Жишээ нь “Ланд крузер”-ийг эрс тэс цаг ууртай орнуудад нэг өөр, халуун орнуудад бас өөрөөр үйлдвэрлэдэг. Мэ­дээж халуун орон руу гаргаж байгаа нь өртгийн хувьд хямд хийгдсэн гэдэг утгаараа арай бага үнэ­тэй гарч таарна. Ма­найд чана­рын стандарт энэ тэр гэж зо­воохгүй болохоор машин зар­даг нөхдүүд ха­луун орон руу гаргадагийг нь хямдхан оруулж ирээд үнэтэй зар­чихдаг гэж учир мэдэх хүн ярьж байсан. Брэн­дийн үнэ өсөөд, өгсөөд байд­гийн өөр нэг шалтгаан нь энэ.

Дараагийн шалтгаан нь гаднаас бараа оруулж ирэх гэж 20 гаруй шат дамжиж, өчнөөн юм болдог хил, гаа­лийн орчин. Нэг бараа оруулж ирэхийн тулд ийм олон шат дамжчихаар цаг хугацаа алдаж таарна. Ямар ч бизнесмэн “хэрвээ би энэ мөнгийг банкинд хадгалсан бол” гэж бодож байгаад үнээ оруулж ирснээсээ эрс өндөр тоогоор тогтоох нь тодорхой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ардчилал гарч амины сууцтай болгосон шиг…

Сүүлийн үед хүмүүсийн ам дамжин ярьж, нэг нэгнээсээ асууж сураглаж байгаа гол зүйл бол орон сууцны найман хувийн зээлд хэрхэн хамрагдах вэ гэсэн яриа. Орон сууцтай болмоор байна, агаарын бохирдлыг бууруулахад тустай энгийн боловч ашигтай арга иргэдээ орон сууцаар хангах явдал гэж байнга сонссоор ирсэн ч орон сууцны эрэлт дэндүү амин чухал асуудал байсаар ирсэн нь яг энэ өдрүүдэд тод харагдаж байна.

Үнэхээр аав ээжийн гэрээс тусдаа гарах сан, хадмын хаяанаас холдох сон, түрээсийн бус өөрийн гэртээ өглөөд сэрж байх юм сан гэсэн бодол олон залуу, идэр гэр бүлийнхний өдрийн бодол байжээ. Бас нийтийн дулаантай, дотроо жорлонтой байранд амьдрах сан гэсэн мөрөөдөл мянга мянган хүмүүсийн сэтгэлд байсныг энэ шийдвэр тод болгож өглөө. 2012 оны байдлаар Монголын хүн амын 23.8 хувь, нийслэлчүүдийн 40 хувь нь л орон сууцанд амьдардаг гэсэн тооцоо байдаг.

Орон сууцтай болохын тулд жилд найман хувийн зээлийн хүү төлөөд байвал бас ч гэж болж байна шүү гэсэн бодол хэн бүрийн толгойд ороод ирж байна. Төрөөс айл бүрт орон сууц бэлэглээд байхгүйгээс хойш ийм бодитой зээл л чухал. Америк хүний мөрөө­дөл тансаг хувийн сууц байдаг гэлцдэг. Тэр ч утгаараа АНУ-ын Засгийн газраас америк мөрөөд­лийг биелүүлнэ гээд байрны зээлийг хамаа замбараагүйгээр олгосноос ипотекийн хямрал үүсч, эдийн засгийн хямралыг дагуулс­ныг хүмүүс санаж буй биз ээ. Ажил хийж зээлээ төлөх боломжгүй хүмүүст байшин бэлэглээд байвал улс нь дампуурах эрсдэл байгаа учраас иргэнээ сайхан амьдруулна гэсэн утоп, үнэгүй саналаас татгал­захаас аргагүй. Харин иргэдээ дэмжсэн, бизнесийн байгуулла­гууд­даа дарамт үзүүлэхгүй бас төр засагт эрсдэл дагуулахгүй яг ийм шийдвэр л бидэнд хэрэгтэй байсан юм.

Засгийн газрын гаргасан “Орон сууцны ипотекийн ерөнхий нөхцө­лийг тогтоох журмаас харахад бодитой боломжийг иргэддээ олго­сон харагдаж байна аа. Мэдээж, урьд өмнөх зээлүүдэд хамрагдаж байгаагүйг шаардах нь зүйн хэрэг. Бас 10-30 хувийн урьдчилгаа нэхэх нь ч зүйн хэрэг. Тэгэхгүй бол АНУ шиг баахан айл шинэ бай­ранд нүүгээд орчихдог, төлбөрөө төлөх зүтгэл ч, сонирхол ч байхгүй бол босч яваа эдийн засгаа татаад унагачих нь ойлгомжтой юм. Засгийн газраас 10-30 хувийн урьдчилгааг шаардана гэж журамдаа заасан бол Монгол Банк хийгээд арилжааны банкууд нийлж ярилцаад бүгд 30 хувийн урьдчил­гааг авахаар болсон юм билээ. Энэ нь ч одоохондоо эрэлт нийлүүлэл­тээ барьж байх эрүүл шаардлага байхыг үгүйсгэхгүй юм. Тэгэхгүй бол хүн бүр 10 хувиа төлөөд байранд орох гээд байдаг, баригдсан барилгуудын үнэ тэнгэрт хадаад явчихвал эргээд асуудал үүснэ. Харин цаашлаад монголчууд маань эсгий гэрээ тохь тухтай сууцаар солиод, шат шатаар энэ хүрээ нь нэмэгдээд ирвэл Засгийн газар урьдчилгаа хувь дээрээ ч уян хатан хандаж эхлэх биз. Зөвхөн шинэ байр гэлтгүй, хуучны байруу­даас ч сонголтоо хийх боломжийг олгож байгаа нь хүмүүсийн са­наанд яв цав нийлж байгаа юм. Хэрэв 60 сая төгрөгөөр байр ава­хаар сонирхож байгаа бол урьдчилгааны 18 саяыг төлчих хэмжээний хуримтлалыг цуглуул­сан байх шаардлагатай. Энэ нь нэг ёсондоо тухайн хүн орон сууцтай болохоор зорилго тавиад ажил­лаж байсныг баталж байгаа хэрэг. 20 жил буюу 240 сарын хугацаанд үлдэх 42 сая төгрөгтөө зээл авна гэвэл сард 351 мянган төгрөгийг зээлдэгч төлөх ёстой. Сар бүр нэг өрөө байранд түрээсийн 300-400 мянган төгрөг төлөөд явж байсан хүмүүст өөрийн гэсэн орон байрныхаа төлбөрөөс хугаслаад явж байх шиг сайхан нь хаана байх билээ. Хорин жил айлын байр хэсүүчлээд юу ч үгүй үлдэхийн оронд өөрийн гэсэн голомтоо цэцэглүүлчихнэ гэдэг сайхан хэрэг. Харин дээрх хэмжээний зээлийг авах хүмүүсийн өрхийн орлого багадаа 700 мянга, баталгаатай гэвэл 800 мянган төгрөг байвал банкныхан ямар ч асуудалгүй зээлээ өгч орхих ажээ. Өнөөдрийн байдлаар энэ шаардлага тийм ч хэтийдсэн шалгуур биш билээ. Хэн хэнээ хонжиж монжихгүй, нэгнээ дэмнээд хамтдаа урагшлах бод­логыг төр засаг гаргадаг байх нь чухал. Өнөөдрийн ипотекийн найман хувийн зээлийг бүхий л арилжааны банкууд байж болох хувилбар гээд хүлээн зөвшөөрсөн байгаа. Үүнээс бага бол ашиггүй учраас энэ төсөл зогсох аюултай. Харин яг боломжит хувийн цэг нь энэ найман хувь бололтой юм.

Нэг талдаа жилийн 18 хувийн хүүтэй зээлийг олгож байсан банкуудын ашгийг хаасан мэт боловч нөгөө талдаа баталгаатай, баталгаагүй бүх зээлүүдээ Орон сууцны корпорацид арилжиж байгаа хэрэг. Хамгийн чухал нь ард түмэнд тэр ашиг нь ирж байгаа нь хамгийн чухал юм. Өмнө нь банкнаас жилийн 16.2 хувийн хүүтэй 44 сая төгрөгийн зээл аваад сар бүр байрны төлбөр, зээлийн хүүдээ 653 мянган төгрөг тушааж байсан танилд маань зээлийн хүүгээ бууруулах хүсэлтийг банкнаас нь тавьсан гэж байгаа юм. Гэрээгээ өөрчилснөөр сард 438 төгрөг тушаах болсон гэнэ. Засгийн газраас гаргасан жилийн найман хувийн орон сууцны зээл шинээр зээл авах хүмүүст ч биш бас энэ төрлийн зээлийг аваад явж байсан олон мянган хүмүүст бодитоор мэдэгдэж эхлээд байна.  Хамгийн сүүлд зээлийн төлөлт зургаан сар байх ёстой гэсэн хатуу болзлыг ч зөөлрүүлж байх шиг байна. Мөн 30 хувийг төлж чадахгүй гэвэл аав, ээжийнхээ хэн нэгний байрыг нэмж барьцаалаад бага хувийн урьд­чилгаа өгч болох боломж ч бий аж. Бас энэхүү зээлийн нөхцөлөөр орон сууц худалдан авах боломж­гүй иргэдээ ч орхилгүй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг боловс­руулан баталсан юм билээ. Тэгэхээр тэр хүмүүс ч бодлогын гадна үлдэхгүй нь.

Манайхан юм бүрийг хардаж сэрдэж, харлуулж бүдгэрүүлж хү­лээж
авах дуртай улсууд. Ашигтай санал, сайн санаачилгыг сайнаар нь хүлээж авахгүй гээд
яах юм. Найман хувийн зээлийг сонгуулийн шоу гэж тайлбарлах хүмүүс ч мэр сэр байна.
Хуучны нэг намын засаглалтай үе биш болохоор арилжааны банкууд өөрсдөд нь ашиггүй
бол юу гэж хүлээж авахав дээ. Гэхдээ олон нийт бүгдийг ялгаж, салгаж ойлгодог нь
сайхан юм даа. Улсын мэдлийн сууцанд амьдардаг гэж өөрсдийгөө бодож явсан олон мянган
өрхөд орон сууцыг нь үнэгүй хувьчилж өмчтэй хөрөнгөтэй болгосон АН-ынхан энэ асуудлыг
гаргаж тавьж байгаа учраас тэд илүү итгэлтэй ч байх шиг. Өнгөрсөн он жилүүдэд тэр
л орон сууц нь тэдний хувьд бодит өмч хөрөнгө нь болж ирсэн шиг дараагийн он жилүүдэд
найман хувийн хүүтэй зээлээр авсан байрнууд нь ч дэм болно гэдэгт эргэлзэхгүй байгаа
юм билээ.

Categories
редакцийн-нийтлэл

Он гарсаар 30 гаруй автомашин хулгайд алдагджээ

-ХЭДХЭН ХОНОГТ АРАВ ГАРУЙ АВТОМАШИН ХУЛГАЙЧИЙН ОЛЗ БОЛОВ-

Автомашины хулгайн хэрэг ихэссэн байна. Гадаа зогсоол дээр байгаа автомашинууд хулгайчид олзлогдох нь энүүхэнд болжээ. Бүр цоожтой гараашид нэвтэрч, дотор нь байгаа машиныг хулгайлсан гэх хэрэг цагдаагийн газарт бүртгэгдэх болсон гэнэ. Хулгайд алдагдсан автомашин эргэж бүрэн бүтэн олдох нь ховор аж. Учир нь хулгайч нар олзолсон машинаа задалж, сэлбэг болгон дамладаг байна. Ийм төрлийн бизнес хийдэг бүлэг хулгайчдыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс ил­рүүл­жээ. Гэмт этгээдүүд өөрийн гэсэн засварын газартай байсан аж. Хулгайлсан тээврийн хэрэгслүүдээ засварчдад аваачиж өгөөд будганд оруулан өнгө зүсийг нь өөрчлөөд худалддаг байсан гэх. Үнэд хүрэх тээврийн хэрэгслүүдийг ингэж төрөл арилжтал хувиргаж зардаг гэсэн. Дан ганц өнгө зүсийг нь өөрчлөөд зогсохгүй, ижил төстэй автомашины арлын дугаарыг нь авч, мэдэгдэхээргүй янзалж зах зээлд гаргадаг байсан байх юм. Харин арай хямд үнэтэй, манайд  элбэг байдаг автомашинуудыг задаргаанд  оруулж, сэлбэг болгон худалддаг гэх мэдээлэл байна.

НЭГ ӨДРИЙН ДОТОР ДӨРВӨН МАШИН ХУЛГАЙД АЛДАГДЖЭЭ

“Автомашинаа хулгайд алдчих­лаа” гэх дуудлага цагдаагийн бай­гуул­лагад бараг өдөр болгон ирэх болжээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд гурван автомашин хулгайд алдагдсан дуудлагаар цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажил­­лагааг үргэлжлүүлж байгаа юм байна.  Тэдгээр нь голдуу япон автомашин аж. Тухайлбал, Баян­гол дүүргийн IV хороо,  5а байрны гадаа гэгээн цагаан өд­рөөр 50-81 УБИ улсын дугаартай “Тоёота Раум” маркийн автомашин алга болжээ. Уг машиныг эзэн нь энэ сарын 12-ны 14 цагт байрныхаа гадаа орхиод гэртээ орсон гэнэ. Хэдэн цагийн дараа гараад иртэл машин нь ор сураггүй болсон байж.  Мөн тэр өдөр Сонгинохайрхан дүүргийн V хороонд “Зангад” дэл­гүү­рийн гадаа байсан 21-72 УНЛ улсын дугаартай “Sonata-5” мар­кийн машин алга болсон дуудлага цагдаад иржээ.  Жолооч нь дэл­гүүрт орохдоо машинаа асаалттай чигээр нь орхисноос ийн бусдын олз болсон байна. Мөн цоожтой гараашид байсан автомашин ал­дагд­сан хэрэг Баянгол дүүрэгт гарч. Машины эзэн өглөө ажил­даа ява­хаар гарааш руугаа очтол цоожийг нь эвдчихсэн, онгорхой байжээ. Харин дотор нь байсан “Гранд марк 2” маркийн суудлын авто­машин нь алга болсон байж. Жо­лооч урд өдөр нь машин­даа түл­хүү­рээ зоогоод орхисноос хул­гайч нар түвэггүйхэн авч одсон аж. Цагдаагийнхан хэргийн мөрөөр алдагдсан автомашиныг эрэн сур­валж­санаар хотоос зайдуу газраас олжээ. Гэхдээ бүрэн бүтэн биш, нэлээд тоногдсон байжээ.

Энэ сарын эхний долоо хоногт нийслэлд автомашины хулгайн хэрэг дөрөв бүртгэгджээ. Нэг өдөрт дөрвөн өөр дүүрэгт гарсан уг хулгайн хэрэг хэдхэн цагийн зө­рүүтэй болсон гэнэ. Баянзүрх дүүр­гийн XV хорооны VI байрны гадаа зогсоол дээр байсан  “Toyota
camry” 26-09 БӨТ улсын дугаартай ма­шин энэ сарын 6-ны 14 цагийн үед алга болжээ. Энэ нь ШУТИС-ийн оюутан Ө-гийн машин байж.  Мөн тэр өдөр албан байгууллагын хашаан доторх зог­соол дээрээс “Тоёота Корса” мар­кийн машин алга болсон байна. Иргэн Ж-гийн эзэмшлийн машин “Санкт­петр­бург” төвийн  хашаан доторх зог­соол дээр байжээ. Алга болсон уг япон тэрэг саарал өнгө­тэй бөгөөд 85-06 УБВ улсын ду­гаар­тай аж. Энэ өдөр мөн хоёр иргэн байр­ныхаа гаднаас автомашинаа алджээ.

Бас Баянзүрх дүүргийн XVI хорооноос иргэн Ц нь 76-17 УНГ улсын дугаартай “Toyoto
corolla” маркийн автомашинаа хулгайд алдсан байна. Уг хэрэг энэ сарын 12-13-нд шилжих шөнө болсон. Алга болсон машины хувьд шаргал өнгийнх аж.  Энэ хэргийн өмнөхөн “Этүгэн” зочид буудлын гаднаас өглөөний 07.30 цагт  хар саарал өнгийн “Тoyota Grand Mark II” автомашин
хулгайчийн олз бол­жээ. Уржигдар гэхэд Баянгол дүүр­гийн XII хорооны XXI байрны нэг­дү­гээр орцны гадна ил зог­соолоос ир­гэн Д-ийн эзэмшлийн мөнгөлөг “Toyota prime” авто машин алга болжээ.

Дээрх хэргүүд бол зургадугаар сар гарснаас хойш бүртгэгдсэн байдал. Өнгөрсөн  тавдугаар 31-ний  03 цагт Улиастайн аравдугаар байрны гадна байсан мөнгөлөг саарал өнгийн “Hyundai Sonata-6” 
маркийн 32-93 УНӨ улсын ду­гаар­тай автомашин хулгайд алдагджээ. Уг машины жолооч машиндаа түлхүүрээ зоолттой орхисноос бусдад эд хөрөнгөө алдсан байна. Тээврийн хэрэгслүүд алга болсон эдгээр хэргүүдийн мөрөөр цаг­даа­гийн байгууллага ажиллаж байгаа аж.

АЛГА БОЛСОН 30 ГАРУЙ АВТОМАШИНААС 17 НЬ ТОНОГДСОН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ

Урин цаг ирсэнтэй холбог­дуу­лан жолооч нар тэр болгон авто­ма­ши­наа дулаан гараашид оруу­лах шаардлагагүй болж бай­гаа. Энэ байдлыг далимдуулан урт гарт­нуу­дын ажил ундардаг болол­той. Олон цагаар эзгүй орхисон эсвэл асаалттай байгаа авто­ма­шинууд хулгайд өртөх нь элбэг гэж албаны эх сурвалж онцоллоо. Автомашин хулгайлж бизнес хий­дэг бүлэг хулгайчдын хулгайн арга нь тун нарийн байдаг гэх. Хэн нэгэнд автомашинаа худал­дахдаа түл­хүү­рээ олшруулаад авчихдаг юм байх. Ингээд машиныг нь ху­дал­даж авсан хүнийг судалдаг гэнэ. Зарсан машинаа дараа нь буцаж очоод  хулгайлчихдаг гэх мэдээлэл ч бий. Машиных нь түл­хүүр түүнд байгаа болохоор ямар ч асуудалгүй, эзэн нь юм шиг л унаад явчихдаг бо­лол­той. Тээв­рийн хэрэгслүүдийн түл­хүүр өөр хоорондоо таарахгүй. Тиймээс автомашинууд дөрвөн дугуйгаараа өнхрөөд хул­гайлагдсан байдлаас дүгнэхэд голдуу түлхүүр таа­руул­сан байдаг нь хэрэг мөрдөлтийн явцад тогтоогддог байна. Эсвэл олны хөл хөдөлгөөн багатай, бай­шин­гийн булан тохойд тавьсан тээврийн хэрэгслүүд хулгайд өрт­дөг аж. Зарим хулгайч тээврийн хэрэгслүүдийг өргөгчтэй ачааны машинд ачаад аваад явчихсан тохиолдол ч байдаг гэнэ. Хулгай­лагд­­сан тээврийн хэрэгслүүд дотор дохиоллын системтэй машин ч байсан аж. Хулгайч нарын хувьд дохиоллын систем тийм ч асуудал биш бололтой. Машинд хүрэхэд дохиолол дуугарвал аккумляторыг нь салгачихдаг байна.

Хулгайлагдсан автомашинууд олдохын хувьд олддог аж. Удаан хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсаны үр дүнд танигдахын аргагүй бол­чих­сон байдалтай олддог байна. Аль өн­гө­тэй, өөдтэй гэсэн бүхэн нь тоногд­сон байдаг аж. Эсвэл улсын дугаар нь өөрчлөгдөж, хэн нэгний өмч болчихсон байх нь ч бий. Нэгэн эмэгтэй “Ланд 80” мар­кийн авто­ма­ши­наа алджээ. Цаг­даад тэмдэг­лүүлж, удтал хай­сан боловч олдоо­гүй гэнэ. Жил гаруйн хугацааны дараа алдсан  маши­ныг нь өөр хүн жолоодож явахыг хараад таньжээ. Хөдөөний нэгэн иргэн уначихсан явж байж. Тэрээр уг машиныг ху­дал­даж авсан гэж үнэнээ өчжээ. Энэ мэт хулгай­лагд­сан тээврийн хэрэгслүүд хөдөө орон нутагт зарагддаг байхыг цагдаагийнхан үгүйсгэсэнгүй.

“Автомашины наймаа хийсэн хүмүүс хоорондоо мөнгө төгрөгийн  тооцоо дутуу хийгдснээс, эхнэр нөхрүүдийн эд хөрөнгийн мар­гаан­тай байдал, мөн иргэд өөрсдөө анхаарал болгоомжгүй байд­лаа­саа болж автомашинаа алдан эд хөрөнгөөрөө хохирч байна. Иймд жолооч нар харуул хамгаалалттай газар машинаа тавих, машиндаа дохиолол хийлгэх, орон сууцны иргэд СӨХ-той хамтран авто­ма­ши­наа гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачлага гарган жижүүрлэн манаж хонох шаардлагатай. Гэмт хэргийн та­лаар цагдаагийн байгууллагатай хамтарч аюулгүй орчныг бүрдүүлэх  хэрэгтэй. Тий­мээс хот­хон байраа­раа хамгаалалтын систем, камер дохиолол тавих, аюулгүй байдлыг хангах, иргэдийн амар тайван ажиллаж амьдрах нөхцөлийг бүр­дүү­лэх нь чухал. Үүний тул төсөв мөнгө, санхүүжилт бас хэрэг­тэй” гэж Нийслэлийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Цагдаагийн ахлах дэс­лэгч Б.Эрдэнэмөнх яри­лаа. Хэрэв таны машины дохиолол дуугарвал залхууралгүй шалгаж байхыг ч тэрбээр санууллаа. Хо­ром­хон зуур ч гэсэн автомашинаа асаалттай орхиж болохгүйг дээрх хэргүүд танд анхааруулга болсон биз ээ.

Автомашины хулгайн хэрэг нийслэлийн ихэнх дүүрэгт бүрт­гэгд­жээ. Өнгөрсөн онд 38  автомашин алга болсноос зарим нь олдсон гэнэ. Харин 2013 гарснаас 31 жолооч автомашинаа хулгайд алджээ. Хэргийн илрүүлэлт 60.7 хувьтай байгаа аж.

М.МӨНХ

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Хулан: Эх орон, Төр орноо босгоход Элбэгээ Ерөнхийлөгч л бидэнд хэрэгтэй

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт,
Болор цом“-ын хо­шой тэргүүн шагналт Ц.Хулан­тай ярилцлаа.

Хэдхэн хоногийн өмнө таАлтан зэгсний ангирномынхоо баярыг Явуухулангийн цэцэр­лэгт нижгэрхэн тэмдэглэлээ. Эндээс яриагаа эхлэх үү?

-Тэгье.
Манай үе, үеийн яруу найрагчид олуулаа тэгшхэн оролц­сон миний номын баярыг сэтгүүл­чид маань гярхай бөгөөд дотно сайхнаар хүлээн авч олон нийтэд хүргэсэнд би их баяртай байна. Уг нь миний санаа бол шинэ номоо рекламдахдаа чухал нь биш, Явуу­хулан найрагчийн цэцэрлэгийг жинхэнэ зориулалтаар нь ашиглаж эргэлтэд оруулах явдал, генара­торыг анх түлхэх явдал байсан.  Юу гэсэн үг вэ гэвэл, дэлхийн том хотуудын төв талбайд, найрагчдын цэцэрлэгт, онгоцны буудлуудад, вокзал дээр… найрагчид шүлгээ чөлөөтэй уншиж, зураач нар бичил үзэсгэлэнгээ дэлгэдэг ийм нэг дуурайгууштай уламжлалыг Мон­голдоо бий болгох санаа байгаад тэр маань анх удаа амжилттай туршигдлаа. Яруу найраг өөрөө “ашгийн төлөө бус байгууллага” гэдэг шиг эд. Гэхдээ энэ үеэр шинэ номынхоо гарын үсэгтэй худалдаа явуулж чамгүй орлого ч бас амрал­тын өдрөөрөө олчихсон. (инээв)

Яруу найрагчид үнэхээр олуу­лаа ирсэн. Тэдний дундаас тантай ямагтшөргөө­цөлдөжявдаг Б.Галсансүх ч том ягаан сарнайн баглаа танд өгч харагд­сан. Та хоёр эвлэрчихээ юу?

-Шинэ
номоо гаргахаас өмнө­хөн би үеийнхээ нөхдөд хандаж “Та нарт миний тухай хэлэх ярих сайн, муу үг байдаг бол бичээд өг, хэзээ хойно худлаа магтаж, эсвэл худлаа матаж гоншигнохгүй, хэн хэндээ амар гэсэн юм. Тэгээд нэлээд хэдэн хүний буюу дээш, доош, дэргэдэх  үеийнхний үг овоо цугларчихаар нь хэвлэчихсэн. Сайхан л байна, үеийн нөхөд л хүнийг хамгийн ойр, хамгийн сайн мэддэг болохоор гомдлын үг над дээр нэг их дусаг­наад байдаггүйг мэдэж авсан. Б.Галсансүх хүртэл “Миний Хулан бол жинхэнэ найрагч” гэж бичсэ­нээс харахад, бид муудалцдаггүй л байгаа биз дээ. Ерөөс яруу найрагч гэдэг бол авьяасын зардас юм. Хэн нэг улстөрчид шиг, хэн нэг баячууд шиг эрх мэдэл, эд хөрөнгө булаалдах юмгүй. Алдрын шалдан титэмний үнэ цэнийг ойлгодог болоод ч тэр үү, яруу найрагчид нэг нэгнээ хайрладаг, өршөөдөг гэдгийн л өчүүхэн жишээ юм даа.

Улстөрчид нэгнээхайр­лах­гүйбайх ид үе буюу, Ерөнхий­лөгчийн сонгуулийн тухай та ямар бодолтой явна вэ. Учир нь та дөрвөн жилийн өмнөх сонгуу­лиар ч тэр, ерөөс улс төрийн хүчнүүдийн томоохон сэлгээ, өөрчлөлтүүдийн үеэр ямагт бо­дол санаагаа илэрхийлж дуугар­даг байсан. Харин энэ удаа яагаад нам гүм байна вэ?

-Юуных
нь нам гүм байх вэ. Хуулиар хориглоогүй газраа дуу­гарч л явна. Гэхдээ нэг ийм юм байна. Төрийн албан хаагч нө­лөөл­лийнхөө хүрээнд буюу ажил олгогчийнхоо зүгээс хамт олондоо нөлөөлөөгүй бусад бүх тохиолдолд улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно гэдэг ч юм уу заалт, нэг ийм утга бүхий заалт сонгуулийн хуулинд нэмж оруул­бал зүгээр юм уу гэж харагдаад байх юм. Дуугүй хүн бүтэж үхдэггүй гэдэг үг байдаг ч эргэн тойронд худлаа яриад байх үед дуугармаар л болдог. Би ч тийм байна. УИХ-ын 2008 оны сонгуу­лийн үеэр нам намын нэлээд хэдэн улстөрчөөс “За харж байна уу. Хэдэн дуучин, хэдхэн яруу найрагч, хэдхэн сэхээ­тэншүү юмыг хуулиараа заазлаад хаячихаар энэ  нийгэм чиг барим­жаа­гүй болж, савлагаа ихдээд байна гэж харж байна уу гэж би амыг нь асууж байсан. Хот хөдөө­гийн хүмүүсийн холбогч гүүр бол­дог, худлаа ярихгүй, ярих ч эрхгүй мань мэтийн улс ингээд сонгуулиар дуугарах ч эрхгүй таг дуугүй болчи­хоор нийгмийн сэтгэл зүй тогтвор­гүйжээд, харин худлаа бурдаг өнөө хэд нь оодроод байгаа юм уу гэж харагдаад байна. Жишээлбэл, саявтархан манай нагац ах хөдөө­нөөс ирлээ. Нагац ах маань Бүрэн­гийнх. Хотоос үсрээд л 200 гаруй кило­метрт байдаг. Тэгтэл “Бүрэн нүү­чих­гүй л бол бүгдээрээ аваргадаа сонгуулиа өгнө өө” гэж байна. За, хүний сонголтыг улайм цайм заавар­даад байлтай нь биш гээд тэсээд л байлаа. Тэгсэн чинь, нагац ахын сонссоноор бол Элбэг­дорж  монгол хүн биш гэнэ. Тэгээд өгөхгүйгээр шийдсэн гэнэ. Хамаат­нууд нь хүртэл хятад гэдгийг нь илчилсэн гэж авч байна. Ийм хоц­рогдсон яриаг МАН-ынхан дахиад л хөдөөгүүр тарааж түгээж яваа юм байна л даа. Бүрэн сум бол хязгаар нутаг биш хотын хаяанд шахуу. Тэгвэл бүр алслагдсан орон нутагт сонгуулийн худал дэгс яриа гаарч байгаа юм байна л даа гэж бодлоо. Дээрх золбин яриаг нуудаг ор тас үгүйсгэх баримт хаа холын надад хүртэл байгаа. Манай нөхөр Д.Бат­баатар УБТЗ-д ажилладаг. Жолооч нь амралтаа аваад өөр жолооч түр ажиллахаар боллоо. Дэчинчулуун гэж өндөр бор залуу халгаж халгаж байснаа надад нэг юм ярьсан. Ховдын, тэр тусмаа Ерөнхийлөг­чийн маань нэг сум, нэг довны, бүр нэг удам угсааны залуу юм гэнэ ээ. Аав нь олон жил МАХН, одоогийн МАН-ын гишүүн явсан нөхөр,  нэрийг нь би мартчихаж, 2008 оны сонгуулиар “Цахиа гэдэг айлынх хилийн цаанаас, урдаас “нүүж ирсэн” ухааны юм ярьж балайрдаг өвгөн байдаггүй юу. Дэчинчулуун энэ өвгөний төрсөн хүү юм гэнэ. “Аав юу гэж балайраад шал худлаа юм яриад унав аа” гэж тэр уурлаад Ховд руу утасдаж, аймаар маргаан тэгэхэд гарсан байгаа юм. “Нэг нутаг усныхан төдийгүй найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс хүртэл зайгаа барьчихаад байгаа юм шиг санагдаад…” гэж Дэчин­чулуун жолооч ярьсан. “Аав чинь юунаас болоод ийм юм ярьсан юм бол” гэж намайг асуухад  “Хоёр зуун мянган төгрөг өгье” гэж МАН-ынхан нь хэлэхээр нь намын архаг гишүүн аав маань зохиогоод ярь­чих­сан гэсэн” хэмээн надад хэлсэн. Бүхэл бүтэн улс орон даяар ийм хөсрий яриа тарааж, намынхаа төлөө, хэдхэн халтар төгрөгийн төлөө төрсөн хүүгээ хүртэл хүний нүүр харах аргагүй болгож орхисон байдаг юм даа. Энэ мэтийн яриа байсан ч, эс байсан ч  Элбэгдорж  бол монгол шиг монгол, өөрийнх нь хэлснээр “Өндөр ууланд өссөн, эгэл малчны хүү”. Монголчуудын заяа хаячихаагүй л юм бол Элбэгээ Ерөнхийлөгч дахиад гарч л таарна.

Та дөрвөн жилийн өмнө Элбэгээ Ерөнхийлөгчийг дэм­жиж бүр шүлгээ хүртэл нийт­лүүлж байсан. Одоо энэ байр суурь тань хэвээрээ байгаа юу

-Мэдээж,
би Элбэгдорж Ерөн­хийлөгчөө дэмжинэ. Энэ хүнийг төрийн тэргүүн болсноос хойш миний, ер нь л олон хүний сэтгэл уужирсан. Төрийн жолоо эзэнтэй боллоо. Төрийг сульдааж, авлига, хулгай нүүрлэчихээд байсан тогтол­цоо дээрээсээ нурж эхэллээ. Ямар бузар муухай юм хийдэг байгаа вэ, МАН-ынхан. Харамс­маар, жигшмээр юм. Хүн шударга байж болдог, цалингаараа амьдарч болдгийг эх орондоо үзээд үхэх найдлага мань мэтийн хүмүүст төрдөг боллоо. Энэ маш чухал. Ерөнхийлөгчийн хэлсэн үг үзэл санаа болж, үзэл санаа нь үйл хэрэг болсоор байгааг бид дэргэ­дээс нь харж, дэмжиж, хэрэгтэй үед шүүмжилж ч чадаж байна. Ард­чилсан нийгэм гэж үүнийг л хэлдэг. УИХ-ын чуулганы нээлтүүдэд түүний хэлсэн үг цаг үеийнхээ хөтөч, луужин болдог. Зуун хувь өөгүй хүн, өөгүй улстөрч гэж мэ­дээж байхгүй. Элбэгээ Ерөнхий­лөгч хүнийхээ хувьд хар хорын санаа­гүй, хүнд их итгэнэ. Тийм болохоор шадар улс нь их л зөв, түүнд тэнцэж тохирсон өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай улс байгаасай гэж хүсдэг. Ерөнхий­лөг­чийнх болж ойлгогддог төрийн институциуд, ялангуяа шүүх, АТГ, хууль хянал­тынхан чадварлаг, шударга бай­гаа­сай гэж санагддаг. Ачиж байгаа улсынхаа араас ачиг­дахгүй байх тийм баталгаа бол өөрсдөө ч гар цэвэр, шударга байх явдал юм. Хоёрдугаарт, хэлмэг­дүү­лэлт гэж ярих, өөлөх өнцгийг хүмүүс өөрс­дөө бий болгохгүй байх ёстой юм байна л даа. Төрийн албан тушаалтан гар хөлийн үсгээ хаана юун дээр тавихаа мэддэг болох, хашир байх энэ тэрийг цаг үе бидэнд хэн хэнд маань сургамж болгож байна.

Улс төржиж талцах, хувь хүмүү­сийн захиалгаар хөдлөхгүй байх гээд шүүхийн шинэтгэлийн асар олон эерэг өөрчлөлтийг Элбэгээ Ерөнхийлөгч л цаашдаа хийж чадна. Галт тэрэг хөдөлчихлөө шүү дээ. Ерөнхийлөгчийн маань өнгө­рөгч дөрвөн жилд хийсэн, эхлүүл­сэн бүхэн зөвөөс зөв. Гагцхүү түүнийг доод улс нь хэрэгжүүлэх­дээ өндөр ур чадвартай, арга тактиктай байгаасай. Тэгж эс чад­ваас алдаа бүхэн Ерөнхийлөг­чийнх болж харагдана. Ерөнхий­лөг­­чөө дэмжье, цаана нь улс орноо хөг­жүүлье гэж бодож л байгаа юм бол хүн бүр дор бүрээ хичээх ёстой.

Таны шинэ номонд улс төрийн өнгө аястай шүлгүүд хэр олон орсон бэ. Заримаас нь уншигчдадаа хүргэж болох уу?

-Монголчууд аль юм болгон дээр эх орон, эх орон гэж цээжээ дэлдэх вэ. Найман зуун жил дар­лагдаж, хор­логдож, хийрхэж, тал­цаж ханалаа. Одоо больё. Эх орноос Төр орноо байгуулах цаг ирсэн. Оросоор бол Родина-гаас Отчизна руу явъя. Англиар бол Motherland төдийгүй Fatherland болгоё. Эх орон бол өвс ногоо, төрсөн гэрийн бууц, мал сүрэг, уул уурхай…Харин Төр орон бол энэ бүгдийг эзэгнэн хөдөлгөгч, хадга­лан хөгжүүлэгч. Эх орныхоо иргэ­дэд тэгш үйлчилдэг, тэгш өм­гөөл­дөг тийм хуулийн тогтолцоот, төрийн хүсэмжит дарангуйллыг Төр орон гэж хэлбэл болох болов уу. Ийм Төр орныг байгуулах хү­мүүстээ зориулж нэгэн шүлэг бич­сэн минь “Алтан зэгсний ангир” номд минь бас орсон байгаа. Түүнээсээ хэлье.

Голын нойтон хөвөөнд эртний хирэгсүүр…

Гоё хүрэн морь чинь тэнд, ногтоо чирээд идээшилнэ

Эх орон л гэж байсан, Төр орон гэж байсан юм уу?

Энэ хүрэн морь юу ч мэдэхгүй, би бас мэдэхгүй ээ

Шархайн шар талд дэрсэн толгой бөхөлзөнө

Шархадсан баатрын эцсийн бодол- ганц муу ижий нь л байсан байх…

Эх орон л гэж байсан, Төр орон гэж байсан юм уу?

Эртний баатар юу ч мэдээгүй, би бас мэдэхгүй ээ

Хаашаа л харна вэ хирэгсүүр… Эзэнт гүрний хирэгсүүр…

Халил хаданд орог бүргэд хо­шуу­гаа билүүдээд алсыг хараачлана

Эх орон л гэж байсан, Төр орон гэж байсан юмуу?

Энэ бүргэд юу ч мэдэхгүй, би бас мэдэхгүй ээ

Монголоо гэсэн нь үрэгдэж дуусдагийг л мэднэ

Морь, бүргэд, хирэгсүүр болсон биз ээ!

Эх орон л гэж байсан Төр орон гэж байх юм уу

Эцэстээ Монгол минь хаана хүрнэ

Би мэдэхгүй, Та бас мэдэхгүй ээ…

Энэ шүлгийн төгсгөл хэдийгээр жаахан гутрангуй аястай ч, цаг үе маань тийм юм. Ер нь хэзээ эх орончдын түүх өөдрөг, дарданхан байлаа даа. Ц.Элбэгдорж шиг улстөрч, хожмын нэгэн цагт түүхэн эх оронч болж дуудагдах цаг заа­вал ирнэ. Эх орон, Төр орноо босгоход Элбэгээ Ерөнхийлөгч л бидэнд хэрэгтэй. Үүнийг монгол­чууд бид өөрсдөө өнөөхөндөө зуун хувь хүлээн зөвшөөрөх тэнхэлгүй, ухааралгүй, цаг алдаж талцаад байгаа нь л гунигтай юм. Гэвч юм бүхэн аажуухан ч гэсэн урагшил­саар байна.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

“Хөвчийн Харыг хаа таарсан газраа өчиггүй бууд”

-КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЗУРГААН ТУЛ БАРЬСАН БАЙВ-

Гоёмсог цэцэгс битүү ургасан ой хөвч дундуур “Хөвчийн хар” бид хоёр дөрөө харшуулан яв­саар. Гүн ногоон өнгийг эмжин ургасан цэ­цэгс турьхан ишин дээрээ най­­ган ганхана. Тийм гэхийн аргагүй тан­саг үнэр хамар цоргих нь таатай мэдрэмж төрүүлэх ажээ. Өглөө нар ургахтай зэрэгцэн замдаа гарсан болоод тэр үү нарны гол­тойд шовх үзүүртэй ян сарьдаг уулсыг ардаа хийгээд авдаг байна шүү. Унаж яваа хонгор мори­ны ховилтсон зоон дээ­гүүр сувдарсан хөлс бөм­бөрч аяны уртад унаа­ширч байгаа бололтой толгой хаялан алхална. Одоо хоёр өндөр хадан байц бүхий уулын хэцээр давчихвал газрын уруу туушиндуулж өгнө. Гэхдээ модны захаас гарах болоогүй.

Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр гээд Хэнтийн нурууны баруун
хормой, зүүн талаараа Мөнгөнморьт, Дадал, Бин­дэр зэрэг сумын нут­гаар дамжин үргэлжил­сээр
хойд хилтэй залгаж байгаа энэ л хөвчид Мон­голын ан амьтдын ихэнх бий. Бас онгон
төрхөө хад­галж үлдсэн байгаль бий. Монго­лын цэвэр усны нөөц хүртэл Хэн­тийн нурууны
аль нэг сугаас ундарч байгаа юм. Амьдралынхаа 20 гаруй жилийг энэ хөвчид өнгө­рүүл­сэн
“Хөвчийн хар” буюу Д.Мяг­мар­сү­рэн ах­тай Хан Хэнтийн торгон ногоон хөвч дундуур
явсан нь Монголын ан амьтад устаж үгүй болж байгаа эсэхийг шалгах зорил­го­той.
Бас ийм тан­саг, байгалийн гоо үзэмж бүрэлдэж диваажин бол­сон нууцлаг газар Мон­голд
байдаг гэдгийг хүн бүр мэдэж аваасай хэ­мээх чин хүслийн дор нийслэлээс гарсан билээ.
Монго­лын ан амьтад устаж үгүй болоогүй юм байна. Харин эсрэгээрээ өсч үржиж эхэлжээ.
Таа­ралдсан амьтан болгон үр төлөө дагуулан явж байгаа нь ингэж хэлэхэд хүргэв.

Гэхдээ амьтдын тархац нь ху­миг­­даж, зарим нь Хэнтийн ну­рууны уул ус тэгширсэн их  хээлэнд  идээ­шин, нутаглаж байгаа нь энэ аж. Хэрэв буруу гартнууд Хан Хэнтийн нуруу руу буугаа үүрээд гарах юм бол дэлхийд ховордоод байгаа Мон­го­лын ан амьтад устаж үгүй болоход ойрхон, эгзэгтэй үе дээрээ байна. Үүнд төр засаг анхаарлаа хан­дуу­лахгүй бол сарын 200 мян­ган төгрөгийн цалинтай байгаль хам­гаа­лаг­чид бүгдийг нь даатгаж бо­лох­гүй санагдана.

Энд хүний буруутай үйл ажил­л­а­гаанаас болж 1996 онд их хэм­жээ­ний газар нутгийг хамарсан түймэр гарч байв. Бар чулууны голын хажуугаас эхлээд Бэрхийн даваа, Хонин нугын доод хормойн ногоон ойг цоргисон түймэр үгүй хийж байсан. Тэр түймрийн туурь шатсан модод ёрдойн хоцорчээ. Гэхдээ байгаль өөрийгөө нөхөн сэргээж зулзаган цагаан хус, Бар чулуу, Бэрхийн даваа, Хонин нуга орчимд сэвшээ салхинд туялзан байна. Мөн 2007 онд онцгой байдлын гал сөнөөгч нарын амийг авч одсон түймэр Хэнтийн нурууны ширэнгэн ойн дунд хэсгийг өм цөм болгосон. Эдгээр зүйлс хүний буруутай үйлд­лээс болсон. Хэнтийн нурууны шатсан модыг хуу цэвэрлэх цаг болжээ. Түймэрт автсан газраар хаа сайгүй шатсан мод тааралдах юм. Эдгээр унасан модыг цэвэрлэж нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд тарааж өгмөөр санагдав. Тэд өвлийн цагт тор модыг 1500 төгрөгөөр худалдан авч нэг л удаа гал түлж байгаа. Тэгвэл Хэнтийн нурууны зүүн доод хормой битүү унасан модоор дүүрэн. Түүнийг нь хэн ч авахгүй байж байна.

Чингээд үд хэвийхийн алдад “Хөвчийн хар” бид хоёр уулнаас буулаа. Ерөө голын эх хар цай шиг хүрэн өнгөтэй, гүүн зэлэндээ номх­роо­гүй, махалчихсан унага шиг их усан мэлмэрэн цовхчих ажээ. Тэр­тээ доор хэдэн жийптэй хүмүүс ирчихсэн голын захад дэгээ шидэн  загас барьж байгаа харагдлаа. “Хөвчийн хар” “Өө алдаг гарууд. Яг одоо хамаг тул шүүрчихсэн сууж байгаа” хэмээн ганцаараа яриад мориндоо ташуур өгөн давхив. Би ч түүний араас давхилаа. Нөгөө загас барьж байгаа хүмүүс бид хоёрыг очиход метр гаруй урттай зургаан тул аргамжчихсан сууж байв. Тэд загас сонир­хог­чид, аж­лаа­лаа тайлах зорил­гоор загас барьж байгаа хэмээн тайлбар тавих аж. Бүр компанийн захирал хэмээн нэрийн хуудсаа хүртэл үзүүллээ. Бид хоёр энд хог тарьж болохгүйг сануулаад “аргам­жаа­тай” байсан зургаан тулыг нь усанд та­ви­у­лаад гэрийн зүг хөдөлсөн юм.

Тэд хэдэн загас бариад, шинэ шөл уугаад хөдлөх зөвшөөрлийг “Хөвчийн хар”-аас авав.  “Хөвчийн хар” холоос зориод ирсэн соёлтой хүмүүсийг шөл уух загас барихыг нь зөвшөөрөхгүй бол болохгүй. Хууль яриад байвал амьдралд нийцэхгүй” гэж тайлбарлав. “Хөв­чийн хар”-ын гэр Хонин нугын дээд хавтгайд бий. Арав гаруй жилийн өмнө барьсан байшин нь  суулт өгөөд хүн амьдрах аргагүй болжээ. Тиймээс хураалттай байсан гэрээ  бариад байгаа аж. Түүний эхнэр Эрдэнэчулуун гэж инээд алдсан хижээл насны эмэгтэй цай хоол болоод л их зочломтгой ажээ. “Ма­най энд хүн амьтан ирэхгүй хэцүү. Хүү бид гурав өвөлд гадны хүний бараа огт харахгүй. Таван сард л сумын төв орно. Намар арван сар гээд хоол хүнсээ бэлдээд эндээ байдаг юм” хэмээн ярих.  “Хөвчийн хар” буюу Д.Мягмарсүрэнгийнх таван хүүхэдтэй. Том хүү нь Гер­маны том эрдэмтний хүргэн болоод явчихсан байна. Түүний дараахь хүү мөн л энд судалгаагаар ирсэн Германд сурдаг монгол охинтой айл гэр болоод Германд амьдар­даг болжээ.  Харин бага хүү М.Хи­шиг­бат Хүмүүнлэгийн их сургуульд сурч байгаа оюутан. Аавыгаа дагаж олон жил хөвч тайгаар явчихсан. Хаана ямар газар байдгийг ан­дах­гүй. “Хөвчийн хар”-ынх зундаа энд ирсэн улсуудад газарчилж мөнгө олдог байна. Харин өвөлдөө бай­галь хамгаалагчийн 200 мянган төгрөгөөр гурил будаагаа худал­даж аваад сумаас хэдэн бор гө­рөөс агнах зөвшөөрөл аваад хүн­сээ хангадаг байна. Тэднийхээс хамгийн ойрхон айл нь 60 кило­метрийн зайтай гэсэн. Буйд газрын буйд амьрал иймэрхүү. Тэд байгаль дэлхийгээ үнэн голоосоо шүтэж хамгаалдаг  юм билээ. Тэр чанар нь ан амьтад хийгээд Хэнтийн нурууны байгалийг хамгаалж бай­даг. Хүн бүр “Хөвчийн хар” буюу Д.Мягмарсүрэнгийнх шиг байгалиа хамгаалах сэтгэлтэй байдаг бол Монгол дэлхий дахинд онгон төр­хөт байгальтайгаараа алдарших байх гэдгийг жолооч ах ярьж явав.

Тэр оройдоо нийслэл рүү хө­дөл­лөө. Ерөө гол савнаасаа халин шуугих ажээ. Тэртээ модоор бүрх­сэн хөхөмдөг уулын орой манан­тан үзэгдэнэ. Нүдний үзүүрт бүр­тэл­зэх уулын цаад ониор давахад л байгалийн диваажин газарт хүрнэ. Тэнд маажиг борхон баавгай уулын энгэрт халиар идэж, бугын их сүрэг наранд биеэ ээн зогсч, хэрэм, булга зэрэг амьтад модноос мод дамжин гүйлдээд сүрлэг ханд­гай шүд хага ташим хүйтэн, тув тунгалаг булаг руу явж, хөвчийн улаан буурал сортой чоно салхи сөрөн яваа. Хан хэнтийн нурууны савдаг “Хөвчийн хар” биднийг “Аян­даа сайн яваарай. Хөвч хангай­даа дахин уулзъя” гэх бэлэгшээлтэй ерөөл тавин үдсэн юм. Гэрийн эзэгтэй араас сүүний дээж өргөж, ууланд унаж явсан ухаа хонгор морь гэдсээ нум болтлоо жав­хаа­тал нь татаж, үзэмж гоо толгойгоо гудайл­ган уяан дээрээ зүүрмэглэх ажээ. Энд бүх зүйлс үзэсгэлэн төгөлдөр.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Ботаникийн эрдэмтэд ЖАГСАВ

ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн Ботани­кийн цэцэрлэгийн хэсэг газарт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Шүүхийн цог­­цолбор” барихаар тө­лөвлөж буйгаас үүдэлтэй маргаан үргэлжилсээр байна. Энэ цэцэрлэг нь манай улсын ботаникийн шинжлэх ухааны су­дал­гаа, туршилтын цорын ганц түшиц газар юм. Ботаникийн хүрээ­лэн­гийнхэн цэцэрлэгээ авч үлдэхийн төлөө өнгөрсөн хоёрдугаар сараас эхэл­сэн эсэргүүцлээ үргэлж­лүүлсээр байна. Тэд Нийс­лэлийн засаг захир­гааг гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардаж Сүхбаатарын талбай дээр өчигдөр жаг­саал хийлээ. Тус хүрээ­лэнгийн Ботаникийн сек­торын эрхлэгч, доктор С.Жамьяан­сүрэнгийн мэ­дээлж байгаагаар, Бота­никийн цэцэрлэг 34,7 га газартай, үүний 24,5 га газрыг Хууль зүйн яам тэргүүтэй хоёр гурван газар ава­хаар Нийс­лэлийн засаг захир­гаанд хандан зөв­шөөрүүлээд байгаа юм байна.

Хэрэв дээрх 24,5 га газарт Шүүхийн цогцол­бор зэрэг барилга бари­лаа гэхэд нийс­лэлийн оршин суугч 5000 хүний нэг хоногт амьс­галах цэвэр агаарыг уст­га­хад хүрнэ гэсэн тооцоог жаг­сагчид хэлж байна.  Бота­никийн цэцэрлэг нь төрийн тусгай хамгаа­лалттай газар. Тиймээс Ботаникийн хүрээ­лэн­гийн Ботаникийн сек­то­рын эрхлэгч, доктор С.Жамьянсүрэн “Энэ газар дээр барилга барих эсэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараа нь УИХ-аар оруулж хуульд өөрчлөлт оруулж байж шийдэх учир­тай. Засгийн газар арай ч ийм шийдвэр гаргачихгүй байлгүй дээ гэж эрдэмтэд маань итгэж байна.

Өмнөх он жилүүдийн турш­лагаас үзэхэд, эрх бариг­чид зун болгоны долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд хамгийн болохгүй шийд­вэрүү­дийг сэмхэн гарга­чи­хаад тараад алга болчихдог. Ши­нэч­лэлийн Засгийн газар хуучны тийм бүдүүлэг луйвар, алдааг арай ч давтахгүй байх аа гэж Ерөнхий сайд Н.Алтанхуягт найдаж байна” гэж­ жагсаалын үеэр хэллээ. Тэр­бээр олонх сайдууд Ботаникийн цэцэрлэгийн газар дээр барилга барьж болохгүй гэсэн байр суурьтай байгааг онцолж байна. ЗГХЭГ-ын дарга МУ-ын сайд Ч.Сайханбилэг, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, БОНХ-ийн сайд С.Оюун, Зам тээврийн сайд А.Гансүх нар ийм байр суурийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захи­рагч, Улсын баатар  Э.Бат-Үүлд хүргүүлжээ. Жагсагчдын эсэр­гүү­цэл зөвхөн Х.Тэмүүжин сайдын төлөвлөгөөнд чиг­лээд зогссонгүй. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж буйн хүрээнд Баян­зүрх дүүргийн арванхоёр­дугаар хороо­ны нутаг дэвсгэр дээр хийх дахин төлөв­лөлтийн зураг дээр Ботани­кийн цэцэрлэгийн урд хэсгийн хоёр га газрыг зам талбай болгохоор зурчихсан байгааг мөн хэлж байна. Энэчлэн хоёр гурван талын хүсэл сонирхолд дээрх 24,7 га газраа эрдэмтэд алдахад ойрхон болжээ. 

Ургамал судлалын эрдэм шин­жил­гээ туршилтын энэ түшиц газар дээр Шүүхийн цогцолбор барих гэж байгаа тухай бичгийг Хууль зүйн яам өнгөрсөн хоёрдугаар сард ШУА-д ирүүлс­нээс хойшхи таван сар гаруйн хугацаанд эрдэмтэд сайдыг ба­рил­га барих сонирхлоосоо татгал­зах болов уу гэж горьдсоор ирсэн гэнэ. Гэвч ХЗЯ тус хү­рээлэнтэй нэг ч удаа харьцаа­гүй чимээгүй байгаа­гаас үзвэл Шүүхийн шийд­вэр гүйцэтгэх газрынхаа барилгыг барих гэсэн сэтгэл нь хэвээрээ байгаа юм байна гэж ойлгон “дол­ду­гаар сар”-аас өмнө амжиж Цэ­цэр­лэгээ авч үлдэхээр ийнхүү эсэргүүцлээ эр­чим­жүүлж буй юм байна. Эрдэмтэд маш их санаа зовж байгаа нь илт. Газраас нь  аваад эхэлбэл үлдсэнийг нь бүгдийг нь авна гэсэн үг. Нэг л орчих юм бол бүгдийг авах нь тодорхой гэж ярьцгааж байв.

Ботаникийн цэцэрлэгийг өөр газарт нүүлгэн шилжүүлж шинээр байгуулах боломж хэр вэ? Уудам Монгол нутагтаа алга дарам газар булаалдаж байхаар өөр газар цэцэрлэгээ нүүлгэн шилжүүлчихэж болдоггүй юм уу гэж С.Жамьян­сүрэн эрдэмтнээс асуу­лаа. Тэр­бээр хариуд нь болдоггүй юм. Яагаад Бота­ни­кийн цэцэрлэг хот дотор байх ёстой вэ гэвэл, хотын уур амьсгал, дуу чимээ стресс дотор мод ургамал дасан зохицож байж дараа нь шилжиж нутагшдаг. Түүнээс биш Дорноговь ч юм уу, хаа хамаагүй Хэнтийн нурууны орой дээр байгуулж болдоггүй учраас хотын дотор байх ёстой юм. Өнөөдрийг хүртэл Хотын нэг хүнд 4-5 метр квадрат ногоон байгууламжийн талбай ногдож байгаа юм. Энийг 16-20 хувь хүртэл нэмж 20-25 мкв талбай болгоно гэж Шинэлэлийн Засгийн газар зорилт тавьчихсан. Энэ зорилтоо эргээд үгүйсгээд Хууль зүйн сайд нь устгана гээд явж байна гэлээ.

Хотынхны мэдэж байгаа­гаар Ботаникийн хүрээлэнтэй хамтран олон улсын эрдэмтдийн баг жил болгон судалгаа, туршилт хийдэг. Ботаникийн цэцэрлэг нь энэ бүх судалгаа, туршилтын гол газар нь гэж жирийн оршин суугчдад хараг­даж л байдаг. Энэ олон улсын баг одоо хэрхэн хамтарч ажиллаж байгаа, Ботаникийн цэцэрлэгийн газрыг өөр зорилгод эзэмшүүллээ гэхэд хотын ногоон байгууламж ч дүүрч гэхэд шинжлэх ухааны та­лаа­саа ямар үр дагавар гарах бол гэж сонирхсон юм. “Манайд ногоон байгуулам­жийг эрхэлж байгаа олон газар бий. Соёолж гэх мэтийн болон хувь хүмүүс компаниуд нэлээд байна. Манайх бол энэ ургамлуудыг судалж ховор, хо­ворд­сон, нэн ховор, эмийн ашигт ургамлуудыг үржүүлэх ажлыг су­далж гүйцэтгэж байгаа юм. Мөн хотын ногоон байгууламжид тарьж болох ургамлуудыг судлаад сонгон шалгаруу­лаад, үүндээ үндэслэн тэрийгээ тарих агротехник стан­дар­тыг боловсруулж хотын захир­гаанд шилжүүлж өгдөг. Одоогоор бид хотын ногоон байгууламжид ургаж болох 50 зүйлийг судал­гаа­гаа­раа нотолж 16 стандартыг боловсруулж нийслэлийн Ногоон байгууламжийн газарт шилжүүлж өгсөн байгаа. Энд зөвхөн манай орны ургамал ургаад байгаа юм биш. Манайх Олон улсын ботани­кийн цэцэрлэгийн холбооны ги­шүүн орон учраас ОХУ-ын Эрхүү, Красноярск, Новосибирск, Улаан-Үд, Москва, Унгарын Ботаник цэ­цэр­лэг, Чехийн Ботаник цэцэрлэг, Тайванийн Ботаник цэцэрлэг, Фран­цын Парисын төв ботаник цэцэр­лэг, Канадын Оттава хотын ботаник цэцэрлэ­гүүдээс манайтай хамтран ажиллаж харилцан үр солилцдог. Солилцсон үрээ тарьж ургуулаад судалгаа туршил­тын мэдээллээ харилцан солилцдог олон улсын хэмжээний байгуул­лага учраас энэ цэцэрлэгийг авч үлдэ­хийн төлөө нийслэлийн оршин суугчид төдийгүй монгол хүн бүр саналаа Засгийн газарт хүргүү­лэ­хийг уриалж байна” гэлээ. Дэлхий нийтэд ботаникийн цэцэрлэг нь асар үнэ цэнтэй газар байдаг гэнэ. Олон улсын эрдэмтэд манай Бота­ни­кийн цэцэрлэгтэй хамтарч ажил­лах нийтлэг сонирхолтой байдаг юм байна. Учир нь Монгол орны ургамлыг судлах нь дэлхийг цөл­жил­төөс аврах гол үндэслэл гэж үздэг юм байна. Тиймээс БНХАУ-ын Өвөр Монголын нутаг, Төв Азийн төвд, олон экосистемүүдийн дунд оршиж байгаа манай орны ургам­лыг судлах, Монголын ботаник цэцэрлэгтэй хамтарч ажиллахыг дэлхий нийт тун өндөр түвшинд авч үздэг байна. Гагцхүү үүнд манай Засгийн газруудын өнөөд­рийг хүртэлх бодлого өөрийн үндэсний ч, дэлхий нийтийн ч тэр нийтлэг сонирхлын эсрэг яваад байна гэж Ботаникийн хүрээлэнгийн эрдэм­тэд гайхширч байна лээ. Жил ирэх тусам эрдэм шинжилгээнийх нь ажлын төсвийг таначихдаг гэнэ. Өнгөрсөн жил 8,5 сая төгрөгийн төсөв өгсөн бол энэ жил 4,9 сая төгрөгийн төсөв өгчээ. Ингэж ха­саад байгаа нь өмнөх Засгийн газруудын явуулсан бодлогын үргэлж­лэл бол энэ Засгийн газар Ботаникийн цэцэрлэ­гийг бүр устгая гэсэн төлөвлөгөө арай өвөрлөөгүй байгаа даа гэж жагсагч эрдэмтэд эмзэглэж яваа ажээ.

Н.ПАГМА
Гэрэл зургуудыг
Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Даян аварга Г.Өсөхбаяр: Бөх гэдэг дандаа давахын нэр биш шүү дээ

-МОНГОЛ ТӨРИЙН НААДМЫН ЗҮҮНИЙ МАГНАЙД БОСНО ГЭДЭГ САЙХАН-

Архангай аймгийн Бат­­цэнгэл сумын харьяат Монгол Улсын даян авар­га, гавьяат та­мирчин Гэ­лэг­жам­цын Өсөх­баяртай ярилц­лаа. Өнөө цагийн бөхийн маг­най болсон хүчит аварга­тай наад­мын бэлтгэл дээр нь очиж, Туул голын хө­вөөнд ярилц­сан юм. Өсөхөө аваргатай Буур Жамъян өвөөгөөс нь улбаа­лаад монгол бөхийн өнөөгийн өндөр­лөгт хүр­сэн бүхий л цаг үе, наад­муудынх нь ту­хай хөө­рөлд­сөн. Харин бид хоёрын яриа улс төрөөс бүр тодруул­бал, Ерөнхий­лөгчийн сонгуу­лиас ангид бол­сон гэдгийг тодотгох нь зөв болов уу.

 
Яриагаа наадмын бэлт­гэлээс эхэлье. Бэлт­гэл ерөнхийдөө жигд­рэх тал руугаа орж байна уу?

-Архангай
аймгийн “Бөхбилэгт” дэвжээний­хэн БХЯ-ны харьяа “Най­ман шарга” амралтад гу­рав дахь жилдээ бэлтгэлд гараад байна. Баянзүрх хайрханы­хаа өвөр, Туул голынхоо хөвөөг бараа­даад сайхан байна аа. Бөхчүүдийн бэлт­гэл сур­гуу­лилт, өнгө ерөн­хийдөө жигдрэх тал руугаа орчих­сон.

Энд чинь “Бөхбилэгт” дэв­жээ­нээс гадна, Сэлэнгэ, Өм­нө­го­вийн бөхчүүд байгаа. Дээр нь “Алдар” спорт хо­роо­ны тамирчид гээд ная шахам бөхчүүд байна даа.  Миний бие өмнө нь Сүүж уулын ам­рал­тад бэлтгэлд гардаг бай­сан. Монгол төрийн наадмын гур­ван түрүүг тэндээс хүртсэн бай­даг. Олон жилийн уламж­лалтай, бөхчүүдэд ээлтэй, энергитэй сайхан газар шүү. Налайхын ардхан байх “Най­ман шарга” маань ч ээл буя­наа харамгүй хайрлаж бай­гаа.

Танай галынхан өнгө­тэй байгаа нь мэдрэгдэж байна. Тантай зорьж ирж уулзсаных өвөөгийн тань тухай асууя. Буур аваргаас улбаалаад яриа хөөрөө маань ундарна даа?

-Өвөөг
минь бөхөд хайр­тай, бөхөө дээдэлдэг монгол түмэн мэднэ дээ. Ардын зас­гийн анхны аварга, монгол төрийн наадамд хоёр тү­рүүлсэн хүчтэн шүү дээ. Улсын даян аварга цол хүртэж, бүх Монгол даяар “Буур” хэмээн алдаршсан алдар цуутай, домог болсон бөх байлаа. Би бол тэр хүний ганц охиноос нь төрсөн хүү юм.Тийм л хүний үр удам болж, монгол бөх хэмээх түүх соёлын гайхамшигт ертөнцөд хөл алхаж нэр­тэй зүстэй яваадаа бахарх­даг. Өвөө минь бөхөд өндөр амжилт үзүүлснээс гадна хүнийхээ хувьд жудагтай, олонтой  явсныг нутаг нугынхан нь үе дамжин дурсацгаадаг. Миний бие өвөөгөө хүнийх нь хувьд ч, бөхийнх нь хувьд ч шүтэж биширч явдаг аа.

Буур аварга Тариат, Ца­хи­рын хүн. Харин та Бат­цэн­гэлд төрж, тэр ус нутгаар овоглодог. Таныг төрөхөд өвөө таньЛу гүний Вандан аваргын нутаг манай удамд нэг бөх хүү заяалаа. Ар­га­гүй ээ, Вандан аварга бол намайг төрийн наадамд анх дагуулж очиж байсан буян­тай хүнгэж ихэд бэлгэ­шээ­сэн гэдэг. Үүнээс ан­заа­­рахуйд аварга хүн цаа­наа­саа төрдөг юм байна, энэ хорвоо ертөнц дээр зүгээр ч нэг ирдэггүй юм байна гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлдэг шүү?

-Би
чинь дээрээ таван эгчтэй. Манай аав Тариатад сум нэгдлийн санхүү, эдийн засагчаар ажиллаж байгаад Батцэнгэл суманд томилол­тоор очжээ. Тэгэхэд өвөө минь ихэд баярлаж “Лу гүний Ван­дан аваргын маань нутаг ганц охинд минь хүү заяах байх аа” гэж хэлж байжээ. Үнэхээр өвөөгийн хүсэл биелж далан гурван оны өвөл миний бие Батцэнгэлд мэндэлсэн. Би чинь Батцэнгэлд эхийнхээ хэвлийд ирж байсан хүн юм. Батцэнгэл бол бөхийн өлгий болсон нутаг. Далан гурван онд би, далан долоон онд миний дүү улсын харцага Батбаяр төрсөн дөө. 1924 онд өвөө минь Архангай аймгийн наадамд “Монгол хүү” кинонд тоглодог Лундаа арслантай барилдаж түрүүлээд улсын наадамд зодоглох эрх олж авсан юм билээ. Тэгээд Ван­дан аваргыг дагаад хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө ирж зодогложээ. Анх зодоглосон жилээ Хал­хын гурван босоотой их шө­вөгт үлдсэн гэдэг. Тэр нь Вандан аварга, хан Хэнтийн босоо Самдан аварга, Хөвс­гөл нутгийн хүчит бөх босоо Шагдар нар байжээ. Босоо Шагдарыг нь их шөвөгт уна­гаад босоо Самдантай нь түрүү үзүүрт шалгаран тахи­маа өгсөн түүхтэй. Тэрээр далан есөн онд өөд болсон. Тэгэхэд би тав, зур­гаан нас хүрчихсэн байсан болохоор өвөөгөө сайн мэд­нэ. Эмээгээ ч мэднэ. Гарам­да­гий гэж сайхан буурал бай­лаа. Өвөө намайг цэцэрлэгт хүргэж өгөөд орой авдаг байв. Цэцэрлэгээс тарахад баав­гай­тай чихэр хоёрыг өгнө. Түү­ний нэгийг өвөөдөө өгдөг, тийм л хүүхэд байлаа. Тэгж л би гэдэг хүн Монголын домог болсон Буур аваргын өвөр дээр эрхэлж өссөн дөө.

Таныг алдар цуутай бөх болж, нэгэн цагт Монгол бөхийн дэвжээг чимнэ гэд­гийг өвөө тань зөнгөөрөө мэдэж байжээ. “Миний зээ хүүд тус дэм болооройхэмээн Мөөеө аваргад за­хиж үлдээсэн гэрээс ч бас бий дээ?

-Алсын
бодолтой, холч ухаантай хүн байсан нь Мөөеө аваргад захисан тэр гэрээсээс мэдрэгддэг. “Миний зээ хүүг хэрвээ бөх болоод гараад ирвэл тусалж дэм­жээ­рэй” гэж хэлсэн байгаа юм. Харин аав, ээжид болохоор “Хорин нас хүртэл нь барил­дуулж болохгүй шүү” гэж хэл­сэн байдаг. Бага балчиртаа бэртчих вий гэж бодсоных. Гайгүй шиг бие хаатай болох байх аа, сайхан барилдаад байвал барилдуулна биз ээ. Нэг их олигтой амжилт үзүү­лэх­гүй бол заавал барил­дуу­лах гэж шахаж шаардсаны хэрэггүй биз ээ хэмээн аавд аминчлан хэлж байсан ч гэдэг шүү. Ийм л сургамж захиасууд өвөөгөөс минь уламжлагдаж ирсэн дээ.

Танай аав Гэлэгжамц гуайнБуур аваргагэж сайхан ном байдаг. Уг ном­ноос аав тань монгол бөхөд ямар их хүндэтгэлтэй хан­даж ирсэн нь мэдрэгддэг. Бөхөд тэгж л чин сэтгэ­лээ­сээ хандсаны буян өөрт нь ирж аварга хүүтэй болсон болов уу. Та аавынхаа ту­хай, удам гарлынх нь тухай ярихгүй юу?

-Ерэн
гурван онд манай аймгийн 70 жилийн ой боло­ход аав “Буур аварга” гэсэн номоо гаргасан. Өвөөтэй дө­чөөд жил айл аймаг явж, амь нэг байсан болохоор маш сайн мэдэх хүн ерөөсөө ми­ний аав л даа. Бөхөд үнэ­хээр сэтгэл зүрхнээсээ хайртай, бөхийн ёс уламжлал, жаяг дэгийг гүн гүнзгий ойлгодог хүн шүү дээ. Өвөө аав хоёр хэн хэндээ бүр уусчихсан шиг санагддаг. Өвөөгийн байр байдал, зан төрх, олонтой явсан хүнлэг чанар тэр бүгд аавд минь хадгалагдсан. Хү­мүү­ний амьдралын тэрхүү нан­дин бүхнийг үр хүүхэд бидэндээ өвлүүлсэн, ийм л юм. Өөрөө Эрдэнэмандал сумын унаган хүн. Аав нь Цэвээн гэж морь сайхан уядаг, залуудаа барилдаж ч явсан, бөхийн цол морины цолыг гайхмаар дууддаг тийм хүн байсан. Би бас өвөөгөө мэд­нэ.        

Та Буур өвөөгийнхөө захиснаар хорин нас хүрч барилдсан уу?

-Тэгэлгүй
яахав. Арван хэдтэй байхдаа их спортоор хичээллэж байв. 1989 онд Архангай аймгийн төвийн есдүгээр ангид байхдаа олон улсын хэмжээний мастер Чой­­жилын Буян гэж баг­шийн­хаа бөхийн секцэнд орж, тэр хүний гараас спортын гараа­гаа эхэлсэн. 1990 онд арав­ду­гаар ангиа төгсөөд Улаан­баатар хотод ирсэн. Чөлөөт бөхийн залуучуудын улсын шигшээ баг гэж байлаа. Хө­дөө­гийн бор хүү намайг уг шигшээ багийн хамт олон багш дас­гал­жуулагчид хүлээн авч, ца­лин хөлс олгож бөхийн зам мөрийг минь эхлүүлсэн. За­луу­чуудын шигшээд гурав, дөрвөн жил бэлтгэл хийж сая нэг хүний гарын ая даахтай болсон доо. Тэгээд л ерэн гурван оноос үндэсний бө­хөөр хичээллэж эхэлсэн түүх­тэй.

Ерэн дөрвөн оны намар шиг билээ. Ш.Намхай, Ш.Лув­санжамбаа авар­гуу­дын нэрэмжит барил­даанд та залуу бөх шөвгийн дө­рөвт үлдэж, “Буур авар­гын зээ хүүгэж анх дуудуулж байсан санагдана?

-Тийм
шүү, тэгэхэд айм­гийн арслан цолтой, улсын цолонд хараахан хүрээгүй байсан. Тэр барилдааныг би бас сайн санаж байна. Ингэ­хэд намайг тавдугаар ангийн сурагч байхад манайд хуучин Соёлын яамны сайд байсан Пүрэвийн Даваасамбуу гуай очиж байв. Сүүлд Бөхийн холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан. Тэр хүн бөхийн төлөө зүрх сэтгэл, амь амьдралаа зориулсан нэгэн. Олон ч залуучуудыг бөхийн дэвжээнд хөтөлсөн байдаг. “Буур аваргын зээ байх ёстой” гэж л манайд очсон байх. Бүр эрж сурч байгаад очсоныг санаж бай­на. Дэвтэр дээр харан­даа­гаар миний өндөр, жин зэр­гийг тэмдэглээд, на­майг ха­райл­гаж, гүйлгэж үзээд явж байв. Тэрхүү 12 мөнгөний дэвтэр одоо ч на­дад хад­га­лаг­даж байдаг. Тэр хүний буянаар Залуучуудын шиг­шээ багийн тамирчин болж Нямдаваагийн Ганбаа­тар багшийнхаа гар дээр ирсэн түүхтэй. Ерэн онд ний­гэм цаг үеийн байдал, ард иргэдийн ахуй амьдрал ямар байлаа. Хөдөөнөөс дөнгөж ирээд байсан надад мөнгө төгрө­гөөс аваад гачигдах зүйл юу эс байх билээ. Гутлын үйлдвэ­рийн дарга Чимэд­рэг­зэн гэж манай Архангайн Өгий­нуу­рын хүн надад их тус болсон. Цалин хөлстэй болс­ноор амьдралд минь эргэлт өөрч­лөлт орж, бэлтгэл сур­гуу­лилт хийхэд ч урам зориг нэмэгд­сэн нь мэдээж. Энэ ач буяныг дандаа санаж, баяр­лаж яв­даг. Тэгэхээр би гэдэг хүн анх гутлын үйлдвэрийн бөх бай­сан байгаа биз. Энэ мэт олон сайхан хүний сэтгэл, итгэлийн дэмээр өнөөгийн өндөрлөгт хүрчээ.

Та ерэн таван онд Мөөеө аваргаар тав давж начин, улмаар шууд долоо даван заан цол хүртсэн. Өөрийгөө цолонд хүрнэ гэд­гээ мэдэж байв уу?

-Юм
гэдэг сонин л доо. Ерэн таван оны наадмын өмнөх Их сорилго барил­даанд миний бие одоогийн улсын гарьд И.Доржсам­буу­тай барилдаж байгаад мө­рөн­­дөө гэмтэл авсан юм. Тэгээд наадмын бэлтгэл дээр бараг л зодог шуудаг өм­сөө­гүй. Гэхдээ жилийн бэлтгэл маань ерөнхийдөө гайгүй байсан юм болов уу даа. Өмнөх жил нь дөрвийн да­ваанд Ж.Намжил­дорж хар­цагад унаж байсан. Цаг нар­гүй бэлтгэл хийж байж л амжилтад хүрэх юм байна гэдгийг ойлгосон нь мэдээж.

Ерэн таван онд намайг гуравт Ж.Чойжилсүрэн арс­лан, дөрөвт Ч.Гочоосүрэн заан гээд нутгийн минь бөх­чүүд амлаж даваа ахиулсан. Ингээд тавын даваанд Ж.Мөн­х­бат аварга амлаж улсын цолны босго алхуулж байлаа. Мөөеө аварга надад хэлдэг байсан.

Юу гэж?

-“Чамайг
дөрөв даваад гараад ирвэл би авна. Ер нь чи тавын даваа хүртэл бодох хэрэг байна уу. Зургаа, до­лоо­гийн даваагаа л бод. Зур­гаад Сумъяабазартай, до­лоод Гантогтохтой л тулна даа” гэж захиж байв. Нээрээ ч аваргын хэлсэн ёсоор би зургаад Сумъяатай, долоод Гантогтохтой тунасан даа. Тэр хоёртой барилдах сэтгэл зүй болоод барилдааныг Мөөеө багш тэгж ихээ эрт миний толгойд суулгаж өгсөн. Аварга гэдэг үнэндээ аварга л байдгийг тэгэхэд ойлгосон доо. Улсын өндөр цолонд хүрнэ гэдэг өөртөө итгэх итгэл төрж, басхүү хариуцлага хү­лээж эхэлдэг юм билээ. Үнэ­хээ­рийн баяр баясгалан ав­чирд­гийг мэдэрсэн. Заан цол­ныхоо тэмдгийг ээжийнхээ урлаж өгсөн хоргой эмжээр­тэй цэнхэр даавуун тэрлэгэн дээр зүүгээд алхаж явсны бахтайг хэлээд яахав. Мөөеө аварга тэргүүтэй бөхчүүд наадмын орой манайд ирж, хэдэн эгч нар минь цуг­ла­чих­сан. Ээж минь уйлаад л, аавын баярлаж байгаа гэдэг жигтэйхэн. Үүр цайтал ярьж хөөрч, айргаа ууж, наадмаа ярьж баяр бахдалд умбаж байснаа мартдаггүй шүү.

-“Зургаан залуу зааны үегээд л манайхан ярьдаг. Та хэд монгол бөхийн хөгж­лийг нэгэн түвшинд аваач­сан болов уу. Үнэхээр хэн хэнийгээ ирлэсэн хурц тон­го­ргууд байжээ?

-Хоорондоо
ана мана үзэлцэж, унаж давж явсан он жилүүдээ эргээд бодохоор сайхан санагддаг. Хүмүүс зургаан залуу зааны үе гэж хэлэхэд нь нэг л дотно санаг­дах нь бий. Үнэндээ монгол бөхийн дэвжээнд нэгэн үед яалт ч үгүй хамт гарч иржээ. Ухаандаа, 1994 онд Ц.Цэ­рэн­пун­цаг, Б.Гантогтох хоёр, да­раа жил нь би, ерэн зур­гаан онд манай Сумъяа, ерэн до­лоон онд А.Сүхбат, ерэн есөн онд Б.Ганбат гээд бүгд цуваад заан цол хүртэж бай­сан. Ин­гээд 2000 оны долоогийн даваанд Бат-Эрдэнэ аварга, Мөнх-Эрдэнэ арсланг амлаж бид зургаа тунаж байлаа. Тэгээд цолны эрэмбээрээ Пунцагаа Гантогтохыг, би Ганбатыг амлаж, Сүхбат Сумъяа­базар хоёр тунаж бай­сан. Яагаав, Сүхбат Сумъяаг нисэлттэй гар ачиж унагасныг манайхан мэднэ. Ерэн есөн оны зургаагийн даваанд Гантогтох, Сумъяа, Сүхбат бид дөрөв мөн л тунаж хүч шавхсан барил­даа­нууд болж байсан. Одоо бич­лэг энэ тэр харахад үнэн­дээ түргэн шуурхай барилддаг байж. Ямар ч олон угсраа мэх хийдэг байсан юм бэ. Өрсөл­дөгч нь хичнээн сайн байна тухайн хүн тийм хэмжээгээр амжилт үзүүлэх нь мэдээж. Бид бол нэгэн цагт монгол төрийн дэвжээнд хөл тавьсан минь аз л байхгүй юу. Үнэхээр хор шар буцалсан, өөрс­дий­гөө бүрэн шавхсан, тамир тэнхээгээ барсан, мориор бол хэн хэнийгээ тэлсэн тийм л тулаануудыг хийдэг байжээ. Уул нь бидний үед зургаан заанаас гадна Д.Бумбаяр, И.Доржсамбуу, Ч.Батзориг, М.Жамъянпүрэв, Ц.Мяг­мар­сү­рэн, О.Одгэрэл гээд бас л иртэй заан, начингууд бай­сан. Гэвч тэдэн дундаас бид зургаа хэн хэнийгээ “ураад” гарч ирсэн хэрэг л дээ.   

-2002 оны наадамд та анх түрүүлсэн. Есийн да­ваанд Б.Гантогтох гарьдтай барьц сонгож барилдаад түрүүлэхэд ард түмэн ша­вай­гаа ханатал баярлаж би­лээ?

-Би
чинь ерэн таван онд заан болоод 2002 он хүртэлх долоон жилийн хугацаанд заан цолтой зодоглосон. Ту­хайн он жилүүдэд наадамчин олон намайг түрүүлж арслан цолонд хүрнэ гэж битүүхэн хүлээдэг байж. Тэр хугацаанд би заан цолоо хоёр ч удаа баталсан байдаг. 2001 онд бүр найм давж шөвгөрсөн бай­даг. Барилдааныхаа ам­жилтыг харсан ч, үеийн­хэн­тэй­гээ өөрийгөө харьцуулсан ч надад боломж байна гэдэг нь мэдрэгдээд байсан л даа. Ингээд 2002 оны наадамд зодоглосон, түрүүлсэн. Бах­дам сайхан амжилт гаргасны дараа хүмүүс ихэвчлэн баяр хүргэе гэж хэлдэг.  Б.Ган­тог­тох­той үлдэж түрүүлсэн тэр жил хүмүүс “Баярласан шүү” л гээд байсан. Тэр үг надад их ойр, бүр нэг сэтгэл хөд­лө­хөөр сонсогддог байлаа. Олон түмний хүслийг бие­лүүлж, баяр бахдалыг нь тө­рүүл­нэ гэдэг сайхан юм би­лээ. Бөхийн дүрмийн дагуу Ган­тог­тохтой барьц сон­го­хоор шодоход миний талаар таардаг юм. Тэгтэл цэнгэлдэх тэр чигээрээ л шуугиад яв­чих­сан. Их үерийн ус шиг халгиад ирсэн нь мэдрэгдсэн шүү.

-2003, 2005 онуудад өөрийн найз Д.Сумъяа­ба­зар­тай үлдэж түрүүлсэн. Зарим нэг жил нь найздаа өгчихдөг ч юм билүү гэх бодол төрж байсангүй юу. Ер нь дотнын найзтайгаа төрийн наадмын түрүү бу­лаал­даж аварга цолны тө­лөө барилдах халгамаар биз?

-Сумъяатай
хот орж ирээд л үерхэж нөхөрлөсөн. Үй зайгүй найзууд. Гэвч наад­мын дэвжээн дээр яс үздэг хоёр доо. Хэзээ ч нэгэндээ буулт хийн худлаа барилдаж явсангүй. Түүний өөрийнх нь чанар, бөхийн жудаг ч юм уу даа. Надад нэг ч удаа “Найз­даа өгчихөөч” гэж хэлж үзээ­гүй юм. Түүнд би баярладаг. Хэрвээ хэлсэн бол хэцүү шүү дээ. Бид хоёрын дунд ямар­хан барилдаанууд болж байс­ныг наадамчин олон мэд­нэ дээ.

Та 2003 онд түрүүл­чи­хээд бөхийн дэвжээнд мөр­гөж байлаа, 2005 онд тү­рүүл­чихээд аавыгаа тэв­рээд уйлж байлаа

-2003 онд түрүүлж, үнд­сэн­дээ улсын баяр наа­дамд хоёр манлайлаад Монгол Улсын аварга цолонд хүрнэ гэдэг гайхамшиг. Энэ бол үгээр хэлэхийн, ямар нэгэн зүйлтэй зүйрлэхийн ч аргагүй зүйл юм даа. Үүнийг аваргууд л мэдэрнэ. Үндсэндээ, тө­рийн наадамд гурваас дээш түрүүлсэн хүмүүс л мэдэрнэ. Аварга гэдэг бол монгол бө­хийн оргил цол шүү дээ. Бага балчраасаа спортод хөл тавьж, хорин настай бөхийн зам мөр хөөж эхэлсэн ца­гаа­саа л улсын цолонд хүрчих юмсан хэмээн мөрөөдөж, тэмүүлж өдрийн бодол, шө­нийн зүүд минь болдог байв. Тийм ахуй цагт монгол төрийн наадамд түрүүлэн, бөхийн оргил цолонд хүрнэ чинээ бодоогүй нь мэдээж. Ёстой зүүдлээ ч үгүй явсан л байхгүй юу. Гэтэл яалт ч үгүй хоёр дахь түрүүгээ авч, улсын аварга цолонд хүрэхээр баяр­лахгүй яах юм бэ. Бүр хагартлаа баярлаж, олон түмний өмнө ямар үйлдэл хийж буйгаа ч мэдэхгүй шүү дээ. 2003 онд И.Доржсамбуу гарьд, А.Сүхбат аварга на­раар тунаж долоо, найм да­ваад үзүүр түрүүнд Д.Сумъяа­базар гарьдтай хүч үзсэн. Даваа бүрт л хүч шавхсан барилдаанууд гар­гаж аварга цолонд хүрч байлаа. “Би чинь өвөөтэйгээ ижил төрийн наа­дамд хоёр дахиа түрүүл­­лээ шүү дээ” гэж бодогдоход хоолой зангираад л явчихаж байгаа юм. 2005 он бол ми­ний бөглөө тайлагдсан жил байлаа.

-2004 онд табөхийн арангагэгддэг Пүрэв­жа­выг улсын цолгүй байхад нь тахимаа өгч байсан даа?

-Харин
тийм ээ. Тэр жил олимпод зодоглоно гээд жин их хасчихсан,чөлөөтийн тас­ралт­гүй ачаалалтай бэлтгэ­лүү­дэд хамрагдчихсан, бага­гүй тамирдчихсан байлаа. Тэгээд яалт ч үгүй Пүрэвжавт хутгуулаад унасан. Тийм л нэг бүтэн жил дотор минь бугшсан буглаа 2005 онд сэдэрсэн юм. Тэр жил бэлтгэл сургуулилт ч хуучнаараа сай­хан байлаа. Сумъяатайгаа үлддэгээрээ үлдэж дөрвөл­жин барьцнаас давуулж гуя­дах мэхээрээ давсан. Тэгээд л барагтайд нулимс гар­га­даг­гүй хүн чинь асгартлаа уйл­сан даа. Туг тойрчихоод зогсч байтал Хишигээ заан маань нулимсаа арччихсан, дээлийг минь бариад гүйгээд ирсэн. Тэгээд нутгийнхаа ах хүчит зааныг тэврээд уйлжээ. Энэ бүгдийг дараа нь л бичлэгээс харж байгаа хэрэг. Хишигээ заантай тэврэлдээд салтал аав минь бөөн баяр гүйгээд ирэхгүй юу. Тэгээд л аавын­хаа энгэрт нулимстай хацраа наагаад, аавыгаа дээр өргөн үнэндээ багтаж ядаж байсан. Аав минь түрүүлэх бүрт л гүйж ирж хүүгээ үнсдэг юм.

Биеийн хүч тэнхээнээс гад­на ухааны хүч, дотоод сэрэл сэрэхүй мэдрэмж  бөхөд их нөлөөлдөг шиг санагддаг. Ухаандаа, мэх хийх гэдэг ойлголт бол уран бүтээлч хүнд сэрхийтэл онгод орохтой ижил болов уу. Энэхүү бодлыг минь бататгаж та их өөр зүйл ярьдаг?

-Бөхийн
барилдааны яв­цад давж унах хугацаа бол ганц хоёрхон секундээр л хэм­жиг­дэх зүйл. Тэнд ерөөсөө л дотоод сэрэл мэдрэмжийн зүйл явагддаг. Хүмүүс дархан мэх гэж яриад байдаг. Энэ бол тухайн хүний бодол сэт­гэл­гээнд суулгасан мэдрэмж л юм. Уг мэхээ өөрийн бол­го­хын тулд мянган удаа дав­та­на. Ингээд ирэхээр хүний бие хар аяндаа өнөө мэхээ үйлд­дэг. Түүнээс өрсөлдөгч бө­хийн­хөө хөлийг авчихаад, эсвэл өрсөлдөгч бөхдөө хө­лөө алдчихаад “одоо тэгнэ дээ” гэж бодох хугацаа байх­гүй шүү дээ. Нэг л мэдэхэд дотоод мэдрэмжээрээ дараа­гийн мэхээ хийчихсэн, барил­даан хэдийнэ дуусчихсан байдаг. Монгол бөхийн мэх шинжлэх ухааны нарийн гар­гал­гаатай, түүнээ дагаад бө­хийн барилдаан мэдрэмж уялдааны холбоц байдаг нь ийм учиртай. Бүхий л зүйл цогц бүрдэж байж амжилтад хүрнэ. Түүнээс байгалиас заяасан бие хаа, хүч тэн­хээ­гээр дан ганц явна гэж байх­гүй. Тэгээд ер нь явж явж хүний өөрийн дайсан өөрөө л бай­даг. Бэлтгэл сургуулилтаа ду­туу хийх юм уу, зарим нэгэн өдөр завсардахад яалт ч үгүй л амжилт ухардаг. Бөхийн ам­жилт гэдэг бол өөрийгөө ялж дий­лэх ухаанаас эхэлдэг юм. Нөгөө талаас бөхчүүд бид чинь наадамчин олноо бясган зугаацуулж байдаг хүмүүс шүү дээ.

-2006 онд 1024 бөх зо­дог­лоход та есийн даваанд Сумъяабазар аваргад уна­сан. Хэрвээ давсан бол даян аварга болоод дараа нь тү­рүү­лэх­дээ дархан аварга болох бо­ломж бай­лаа. Тэр ба­рил­даа­наа дур­сах­гүй юу?

-Сумъяа
тэр жил үнэндээ онцгой байсан л даа. Би бол яалт ч үгүй л унасан. Хэрвээ Сумъяаг давсан бол даян аварга болоод дараа нь До.Ган­хуяг арслантай үлдэж түрүүлэхдээ дархан аварга болох боломж байсан л даа. Гэхдээ болоогүй ээ. Бөх гэдэг дандаа давахын нэр биш шүү дээ. 

Ингэхэд Их хурлын хэ­сэг гишүүдҮндэсний их баяр наадмын тухайхуульд өөрчлөлт оруулах санал гаргасан. Хэрвээ уг хууль батлагдвал та дар­хан аварга цолны болзол хангах юм. Үүнд ямар тайл­бар өгөх вэ?

-Р.Гончигдорж нарын ги­шүүд хууль санаачлаад явуулж байгааг мэдэж байгаа. Гэхдээ их л нарийн бодож боловсруулахгүй бол бо­лох­гүй. Ер нь улсын наадамд дөрөв түрүүлсэн бөхөд дар­хан аварга цол олгохыг Бө­хийн холбооны удирдлагууд ч, бөхчүүд ч хүлээн зөвшөөрч байгаа. Монгол бөхийн дээд цол болох дархан аварга цолтон төрөлгүй 23 жил болж байна. Дахиад хичнээн жил болохыг үгүйсгэх аргагүй.

Та 2009 оны наадамд дөрөв дэхээ түрүүлж даян аварга цол хүртэн, үндсэн­дээ Буур өвөөгийнхөө цо­лонд хүрсэн. Бас л бахар­хал шүү?

-Би
бол үүнийг маш ховор хувь заяа гэж боддог. Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн болов уу. Тэр жил До.Ганхуяг арслантайгаа үлдэж түрүүлсэн юм. Ганхуяг маань өмнөх жил нь түрүүл­чих­сэн байдаг, тэр жил тү­рүүл­бэл аварга болох гээд байдаг. Бас л амаргүй л бай­сан даа.

-2011 онд ерэн жилийн ойгоор наймын даваанд Ж.БатЭрдэнэ гарьдад уна­сан. Тэр жил та их  л өнгөтэй байсан?

-Уул
нь бэлтгэл сургуулилт тун сайхан байлаа. 2009 онд түрүүлээд, дараа жил нь үзүүр­лэ­чихсэн байсан үе шүү дээ. Гэвч ерэн жилийн ойн наадмын наймын даваанд Бат-Эрдэнэ гарьдад тахимаа өгсөн. Хөлд орохоор нь давуулсан юм, гэтэл нөгөө хөлөнд маань хутгаа мэх хийгээд тас гэдрэгээ явуул­чих­сан шүү. Мөөеө багш л их уурлаж “Ерэн жилийн ойн энэ наадамд чам шиг чанга уна­сан хүн алга” гээд загнаж билээ. Өнгөрсөн жил дөрвийн даваанд Сугаржаргал гэж залууд тахимаа өгсөн. 170 килограмм жинтэй, биеэ сул­ла­чихдаг, мэх хийх ч боломж­гүй хэцүү бөх байна лээ дээ.

Энэ жилийн наадмыг та хэрхэн харж байна. За­луу­чуу­даас хэнд нь итгэл хү­лээл­гэж байна даа?

-Наадам
сайхан болно. Хэн бэлтгэл сургуулилт сайн хийнэ тэр хүнд амжилт ирэх нь дамжиггүй. За тэгээд ту­хайн хүний од, амны хишиг, өм их нөлөөлдөг шүү. Гол нь залуучууд маань жудагтай байж, үнэнч шударга барил­даан үзүүлж, зуу зуун жилийн улбаатай үе үеийн хүч­тэ­нүү­дийн хөлс хүч шингэсэн мон­гол наадмын  ногоон дэв­жээ­гээ хүндэтгэх хэрэгтэй. Зөв бодолтой, зөв мөртэй, дэвжээ юундаа гүн хүн­дэтгэлтэй хан­даж, бөхөө дээдэлж, ес уламж­лалаа сахиж, наа­дам­чин олноо сэтгэл зүрхнээсээ хайрласан хүнд л наадмын од гийдэг юм даа. Үүнийг л хэлье, түүнээс тэр энэ сайн барилдана гэж нэр хэлэх хэцүү байдаг. Тавын даваа­наас л наадмын өнгө ерөн­хий­дөө мэдрэгдээд ирдэг. 

Олон түмэн танд да­хиад төрийн наадмын түрүү байгаа гэдэгт итгэдэг. Үүнд өөрөө ямар хариулт өгөх бол оо?

-За
яах вэ, хичээж зүтгэнэ ээ. Гол нь бэлтгэл сургуу­лил­таа л алдахгүй хийх маань чухал.

Ерэн дөрвөн оны наад­мын өмнөхөн Мөөеө аварга хөдөлмөрийн баатар цо­лоор шагнуулаад Дарийн Дам­дин аварга дээр очжээТэгэхэд Данигай аварга

Categories
редакцийн-нийтлэл

Нарийнтээлийн хөндийд “цагаан тариа” найгах болно

Д.ЦЭРЭНТОГТОХ АВАРГА, Ч.ДАВААДОРЖ ХАРЦАГА НАР БАГАДАА ОЙГҮЙ ХҮЧТЭЙ БАЙСАН ГЭЛЦЭНЭ

Нарийнтээл сумынхны нэгэн бахархал нь яах аргагүй төрийн наадмын түрүү бөхөөр дөрвөнтөө тодорч, таван удаа үзүүрлэн, 15 шөвгөрсөн Монгол Улсын гавьяат тамирчин Дашдоржийн Цэрэнтог­тох аварга мөнөөсөө мөн. Монгол Улсын улам нэмэх харцага, самбо бөхийн ОУХМ, Чогжинмөн­сөлийн Даваадорж, улсын начин Ж.Бат­мөнх, жүдо бөхийн Ази ти­вийн аварга Дагвадоржийн Төмөрхүлэг нар энэ нутгийн уугуул юм.
Ялангуяа дархан аварга Д.Цэ­рэнтогтох, харцага Ч.Даваадорж нар Шарга багийн тэр буйдхан хөндийд адуу дэлдэж, тугал бяруу өргөж явсан ажээ. Эдний тухай нутгийн нь хүмүүс магтан ярих дуртай. “Хар” аварга минь олон жил биднийгээ баясгасан даа. Харцага маань харин начин Г.Оргилболд­той мундаг барилддаг байсан бол хүү Төмөрхүлэг нь аавынхаа ший­рийг хатааж байна хэмээн бахар­хана. Д.­Цэрэнтогтох аварга багадаа гутал өмсөх дургүй хүүхэд байжээ. Түүнийг багад нь “Цэрэнтогтохоо чиний биеийн цагаан хэсгүүд аль вэ” гэхэд шүд, хөлийн тавхай хоё­роо үзүүлчихээд гүйгээд явчихдаг байсан тухай нэг голын хүмүүс нь ярингаа маг, маг инээнэ. Цэрэн­тогтох аварга багадаа биерхүү “хар” хүүхэд байсан гэнэ. Зайдан морь унан уурга гэж бүдүүн мод барьчихаад түүгээрээ адуу малдаа явдаг байсан аж. Аваргын хувьд багын барилдаанч нэгэн байсан бөгөөд үеийнхнийгээ даанч нэг дагуулахгүй мундаг бяртай байсан аж. Аваргыг багад ах нар нь барилдаад ч давдаггүй байжээ. Гэрийн гадаа үеийнхээ хүүхдүүд­тэй тоглоод гүйж байхад нь хөлийн чимээ нь гэрт сонсогддог байсан гэдэг. Гадаа пид пид хийсэн хөлийн чимээ гараа л бол Цэрэнтогтохоос өөр хүн байдаггүй байж. Аваргын аавыг нутгийнхан нь “хөл” Даш­дорж гэдэг байсан тухай нутгийнхан хэлсэн юм. Нэг их өндөр биерхүү, хар нөхөр л мал туудаг байсан гэнэ. Харин аваргын ээжийн ах нь Довчиндагва хэмээх барилддаг хүн байжээ. “Хар” авар­га наймдугаар анги төгсөн Баян­хонгорын барилгын ТМС-д яваад барилдаж эхэлсэн бөгөөд 1970 онд цэрэгт очсоныхоо дараа “Ал­дар” спорт хорооны тамирчин болжээ. Наадам болохоор нут­гийн­хан нь “араажив”-аараа бөхөө сонсож, цай сүүний дээжээ өргөдөг байжээ.
Харин Ч.Даваадорж харцага багын хүч тэнхээтэй хүүхэд байсан гэнэ. Монголын үндэсний бөхөд амжилт гаргасан хүчтэнүүдийн ихэнх нь луу жилд төрсөн бол харцагын хувьд 1964 оны луу жилтнүүдийн нэг билээ. Даваадорж гурав дахин хүнд ачааг торолгүй өргөөд явчихдаг хүүхэд байсан гэнэ. Түүнийг голынх нь хүүхдүүд “Хүзүүвчгүй хусуур” гэдэг байжээ. Голынхоо хүүхдүүдтэй барилдах­даа нэг л мэдэхэд хөл рүү орон өргөөд шидчихдэг байсан аж. Харцага жаахан хүүхэд байх­даа л аль хэдийнэ гэр бүл зохион цэрэгт яваад ирсэн халхгар эрчүү­дэд тахим буулгаж үзээгүй гэлцэх юм билээ. Тэрээр сумандаа найм­дугаар анги төгсөөд аймгийн тө­вийн сургуулийг төгсчээ. Даваа­дорж харцага дотуур байранд амьдардаг байсан гэнэ. Бакиалын зулаг, дээлийн сугаа ханзартал барилдаад явдаг байжээ. Харца­гын ангид сүрхий барилддаг хэд хэдэн хүүхэд байж. Цэрэнтогтох аваргын хамаатан Гансүх, Гомбо гээд мундаг хэдэн хүүхэд байсан гэнэ. Тухайн үед овойж барилдах буюу талцаж барилддаг байсан аж.
 

МЯНГААС ДЭЭШ МАЛТАЙ ИРГЭД Л САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖТОЙ ГЭНЭ

Тус сумын иргэдийн бараг л тал хувь нь мал аж ахуй эрхэлдэг аж. Сумаа тойрон нутагладаг малчид нь сүүлийн жилүүдэд хоршоо болон нэгдэх ажилд ханцуй шам­лан оржээ. Тус сумын Шарга ба­гийн мянгат малчин Дамдинсүрэн гуайтай уулзсан юм. Тэднийх 1990 оны эхээр мал дагаж эхэлсэн бөгөөд 1997 оноос хойш 1000-аас дээш мал тоолуулж байгаа гэнэ. Зуд турхан болдог ч гэсэн тэдний мал төдийлөн хоргоддоггүй нь малчны эрдэмтэй шууд холбоотой аж. Дамдинсүрэн гуайнх өнөө жил 400 орчим төл авсан ч төдий хэм­жээгээр нь цөөлжээ. Тэгэхгүй бол эхнэр хүү хоёртойгоо хамт байдаг тул хүн бүл дутдаг гэсэн. Хавартаа мал төллөх үеэр туслах малчин аваад бусад үед нь өөрөө малаа хариулдаг юм билээ. Хавар 400 гаруй ямаанаасаа 170 кг ноолуур авч түүнийгээ тушаахад 9 сая гаруй төгрөг болжээ. Дамдинсүрэн гуайнх долоон хүүхэдтэй тул аль юм хэрэгцээтэй байгаад нь тарааж өгөөд л таарах юм гэлээ. Мал мянга хүрэхээр идэх хонь олддоггүй гэсэн үнэн үү хэмээн тоглоом шоглоомын завсар асуутал хэсэг жуумалзса­наа “Энэ ч үнэний ортой шүү. Алийг нь төхөөрөхөө мэдэхгүй байж байгаад хөгшин хөвөөгөөс нь л гаргадаг” гэлээ. Тэднийх хавартаа малтай болох хүсэлтэй иргэдэд залуухан хургатай хонио тус бүрийг нь 160 мянган төгрөгөөр зардаг байна. Гэхдээ хөдөө амь­дарч буй хүмүүс мянгаас дээш малтай л байхгүй бол амьдрал хэцүүхэн дээ гэж байлаа. Цөөн малтай ир­гэдэд төдийлөн ашиг байдаггүй тухай ярьсан юм. Тэднийх малаа даган отроор яваа аж. Эрвийсэн хадтай уулын суганд ганц гэрээр оторлож яваа бөгөөд УАЗ 469 машин, хятад мотоциклийг гэрийн­хээ баруун талд сойжээ. Малдаа мотоциклиороо яваад байна уу гэхэд “Арай ч тэгж монго­лоо ал­даагүй байнаа. Манайх хэдэн адуутай. Хүү бид хоёр адуугаараа л малаа эргүүлдэг. Энэ хужаа “яаав”-аар сумын төв ороход амар байдаг юм хэмээн нарны гэрэлд солонгорон харагдах хар мото­циклио заав.
 

ЗАСАГ ДАРГА НЬ НАМЫН ТАЛЦАЛ БАЙХГҮЙ ГЭСЭН Ч ХАМГИЙН ИХ УЛСТӨРЖСӨН ГАЗАР ГЭВ

Сүүлийн үед сумдын Засаг даргын тамгын газар гэж найз нөхдийн ажлын алба болсон тухай яригдах болсон. Нарийнтээл сумын удирдлагууд нь МАН-ын нөхдүүд гэнэ. Энэ талаар сумын Засаг дарга О.Түмэнжаргалаас асуухад “Манайд тийм зүйл байх­гүй. Тэр бүү хэл улс төрийн намуу­дын талцал ч байхгүй. Харин АН-тайгаа хамтарч ажилладаг” гэсэн юм. Гэтэл сумын иргэдтэй уулзаж байхад өөр хариулт өгсөн. Хамгийн их улстөржсөн намуудын талцал ихтэй сум гэж манай сумыг л хэлэх байх гэцгээж байлаа. Засаг даргын там­гын газар руугаа ардчиллын төлөө гэсэн сэтгэхүйтэй хүн ороод ч хэрэггүй гэсэн юм. Тэдний хувьд сумынхаа тухай болж бүтэхгүй зүйлсийг ярьж болох ч сумын удирд­лагуудаасаа “айгаад байна” гэдгээ нуусангүй. Учир нь нэрээ нууцлаад ярьсан ч яаж ийж байгаад мэдчихдэг болохоор төсөл бариад орохоор дэмжихгүй байх гэлээ. Тус суманд ажлын байр цөөхөн тул иргэд төсөл авч ажиллах хүсэлтэй байдаг гэсэн. Сумын хэмжээнд 12 лиценз байдаг бөгөөд тэр нь 25200 га газрыг хамардаг гэнэ. Нутгийн иргэд лицензийг болиулах гэж маахайгаа эргэтэл явсан сурагтай. Сүүлд харин Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр эдгээр лицензүүд цуцлагдсан байсан гэв. Ундрах захиралтай Их хан уул компани газар нөхөн сэргээлт хийх нэ­рийдлээр газрын хөрсийг эргүүлж хаячихаад нэг л өдөр алга болоод өгсөн. Ундрах гэдэг нөхөр нь МАН-д том артай, сумын удирдлагуудын найз нөхөд болох тухай ярьж байлаа. Сумын иргэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гишүүнийг суманд нь ирэхэд “Та ард түмэн биднийг төлөөлөн УИХ-д сууж байгаа хүн. Бидний эрх ашгийг хамгаалж хууль бус зүйлсийг зог­соогооч ээ” гэхэд “Юу гэж хууль бус юм хийхэв дээ, эд нар” гээд хал­гаагаагүй аж. Одоогийн Засаг дарга Түмэнжаргал өмнө нь сумын дарга байсан Ц.Охинтогтох гэж хүний охин гэнэ. Ингэж үе улиран сонгогддог байдлыг болиулах хэрэгтэй хэмээн нэлээд бухим­далтай байлаа. Засаг даргын тамгын газрынхан нь ах дүү, хамаат­ны сүлбээгээр ажилладаг тухай ам уралдан ярьж байсан. Мөн УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарыг гишүүний суудлаас буулгахаар Баянтээгийн уурхай­гаар гарын үсэг зуруулж явна гэсэн шүү хэмээн байн, байн хэлж байлаа.
 

НАРИЙНТЭЭЛИЙН ЗАМ ДАГУУХ ГЭР ГУАНЗ АЖИЛЛУУЛЖ 30 ГАРУЙ ӨРХ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ БАЙНА

Сумын урдуур дайран өнгөрөх зам дагуу гэр, байшин хосолсон 30 орчим өрх бий. Төв замаас хазайн гэр гуанзнуудыг чиглэн ирэх машины дуунаар бүгд гэрийнхээ гадаа гараад ирнэ. Бүгд л манай гэрийн гадаа буучихаасай хэмээн битүүхэн дотроо хүлээдэг гэлээ. Нэг айлын гадаа машин очоод зогссон бол буцаад гэр рүүгээ орчихдог аж. Хүмүүс замын гэр гуанзнууд ашиг их олдог гэж боддог ч ачир дээрээ тийм биш юм билээ. Ямартай ч өлсч, даарсан хүмүүст буян болж дулаан гэр, хоол ундаар дайлдаг тул өөрсдийгөө буянтай ажил хийдэг шүү хэмээн бахархана. Төвөөс алс зайдуу болохоор хоол хийх материалынх нь өртөг өндөр байдаг гэсэн. Өртөг өндөр гээд хоолныхоо үнийг нэмчихээр байн­гын үйлчүүлэгчид нь гомдол мэ­дүүлдэг аж. Нарийнтээл сумыг дайран баруун таван аймаг руу машинууд явдаг. Би Нарийнтээл суманд ирээд хамгийн түрүүн танилцсан хүн бол эхнэртэйгээ гэр гуанз ажиллуулдаг Д.Баттулга байсан юм. Түүнийг хэн ч харсан жүжигчин Аситай андуурам ажээ. Нүд нь эргэлдсэн, харахаас сэр­гэлэн байрын тэрээр эхнэр Д.Даа­риймаа болон хүү, охины хамт амьдардаг юм билээ. Эднийх сүү­лийн таван жил гэр гуанз ажил­луулж байгаа гэсэн. Ямартай ч хоёр идэхгүй, хоосон хонолгүй явсны буянд гэр гуанзаа өргөтгөн байшин барьжээ. Таван жил хураа­сан мөнгөн дээрээ ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлээс таван сая төгрөг авч эл байшингаа босгосон бөгөөд удахгүй шинэ байшингийн найр хийнэ гэж байлаа. Гэр гуанз ажиллуулан амьдарч буй 30 орчим айлын тэрсхэн хэдэн жаалууд ёстой л нэг бужигнуулдаг юм билээ. Нэг хара­хад л нэг газар гүйж явна. Хэдэн гэрийн хооронд харин ч нэг яд­ралгүй гүйх юм аа. Эдгээр хүүх­дүүд байшингийн сүүдэрт сэрүүцэж байс­наа “Хүннү хүн ирлээ” гээд шуу­гилдлаа. “Хүннү хүн” гэж ямар хүнийг хэлээд байгаа юм бол гэтэл зүү гартаа цагаан шуудай, баруун­даа таяг гэмээр мод барьчихсан сахал үс нь ургасан, хүрэн дээлтэй хөл нүцгэн хүний зүг багачууд жирийлгэж байлаа. Д.Баттулга энэ манай сумын хүн байгаа юм. Гутал ерөөсөө өмсөнө гэж байдаггүй хүн дээ гэв. Өнөө “Хүннү хүн”-тэй та­нилцахаар боллоо. Түүнийг Санги­доржийн Мишигдорж гэдэг. Насаа­раа нутагтаа амьдарсан бөгөөд өдгөө 68 нас хүртлээ Улаанбаатар хот руу орж үзээгүй ажээ. Баян­хонгор аймгийн Өлзийт, Өвөрхан­гай аймгийн Хайрхандулаан сум­даар явсаар байгаад насан өндөр болжээ. Гэхдээ 70 гаруй км хөл нүцгэн дээр нь явганаар эдгээр сум­дад очдог гэлээ. Хамгийн холдоо Төв аймгийн Лүн суманд хоёр удаа очсоноос цаашгүй аж. Насаараа хөдөөгүүр хөл нүцгэн таваргасан болохоор хууч өвчин гэж байдаггүй гэсэн. Хаврын дунд сараас өвлийн дунд сар хүртэл хөл нүцгэн явдаг юм байна. Өвөл цасан дээр хөл нүцгэн хүний хөлийн мөр гарсан байвал “Хүннү хүн”-ээс өөр хэн ч биш ажээ. Тэрээр зун хөдөөгүүр явж шуудай дүүрэн ааруул үүрч ирээд сумын хүүхдүүдэд тарааж өгдөг тул хүүхдүүд түүнд маш сайн. Түүнийг залуу байхдаа 70 кг-ын шуудайтай гурил үүрээд 15 км газар амралгүй хээвнэг алхдаг байсан тухай гуанзныхан ярьсан юм. Тэдэнтэй ойр зуурыг хуучлан байхад хоёр агрономич маань намайг үдэж өгөхөөр ирлээ. Их хотын зүг хүлгийн жолоо залах гэж байх ахуйд агрономич  Д.Батцэнгэл, Р.Өлзийбат нар намар ирэхэд чинь Нарийнтээлийн хөндийд цагаан будаа найгаж байх болно хэмээн гар далласаар хоцорлоо.
 

Э.ЭНХБОЛД