Засгийн газар иргэддээ төрийн сүлжээг ойртуулж, элдэв чирэгдлийг багасгахын тулд Төрийн үйлчилгээний цахим машиныг ашиглалтад оруулсан. Одоогоор нийслэлийн хэмжээнд ийм 17 машиныг суурилуулаад байгааг албаныхан нь зарласан.
Энэ сарын 19-нд эдгээр машинууд албан ёсоор ажиллаж эхэлсэн юм. Баянзүрх дүүрэгт “Сандэй плаза”-гийн эсрэг талд “Хос” худалдааны төв, Офицеруудын ордон, Хужирбулангийн үйлчилгээний төв гэсэн гурван газарт энэ машиныг байрлуулжээ. Харин Баянгол дүүрэгт ганц байрлуулсан нь Төмөр замын вокзалын тасалбар түгээх төв дотор байна.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-ын тойрог дахь “Номин” худалдааны төв, Мэдээлэл технологийн үндэсний парк, Төв шуудан, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, Хан-Уул дүүргийн үйлчилгээний төв, “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Яармагийн дэнжийн үйлчилгээний газар, Чингэлтэй дүүргийн 17-ын дэлгүүр, “Тэнгис” кино театрт уг машиныг тус тус суурилуулжээ.
Иргэд төрийн үйлчилгээний цахим машинаар хэр их үйлчлүүлж байгаа талаар сурвалжиллаа. Бас уг машинтай яаж харьцаж, хэрэгтэй мэдээллээ олж авдгийг сонирхсон юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Төрийн үйлчилгээний цахим машиныг
“ТҮЦ” машин хэмээн товчилж танилцуулж байгаа. Гэхдээ төрийн үйлчилгээг шуурхай
үзүүлэх ийм машиныг гэр хороолол дунд эсвэл автобусны буудал дээр байдаг ТҮЦ-тэй
адилтгаж арай л боломгүй аж. Яагаад гэвэл энэ машинаас та иргэний үнэмлэхийн
лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт гээд олон төрлийн баримтыг төрийн
алтан соёмботой толгойтой албан бичгээр нь гардаж авах юм.
Ерөнхийдөө ийм үйлчилгээ бий болсныг иргэд дуулсан ч төдийлөн үйлчлүүлэхгүй байгааг машинуудыг суурилуулсан газар, үйлчилгээний төвийнхөн ярьж байлаа.
Банкнуудын бэлэн мөнгөний машинтай зэрэгцүүлээд тавьчихаар зарим хүн “Энэ юу вэ. Аль банкны АТМ бэ” гэж хүртэл асууж байгаа гэнэ.
Уг машины дэргэд зогсч иргэд хэрхэн үйлчлүүлж байгааг сонирхвол тоож, анзаарч байгаа хүн бараг алга. Сонирхоод ирж үзэж байгаа хүмүүс “Иргэний үнэмлэхийг минь залгичихвал яана. Тэгэхийнхээ оронд очиж авдаг газраас нь тодорхойлолтоо авъя”, “Гэнэт тог, сүлжээ нь тасарчихвал яах юм бэ” хэмээн ойр зуураа ярилцана.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-ын тойрог дахь “Номин” худалдааны төв дотор байрлуулсан Төрийн үйлчилгээний цахим машинаар бараг хүмүүс үйлчлүүлэхгүй байгаа аж. Сүлжээ нь тасраад мэдээлэл авах боломжгүй байлаа. “Сүлжээ нь гацаад байгаа юм шиг байна лээ. Дэлгэцэн дээрх мэдээлэл нь идэвхжихгүй байна. Иргэний үнэмлэхээ битгий хийгээрэй. Гацчихаж магадгүй” гэж ойр орчмын хүмүүс нь болгоомжлууллаа.
Нэгэн залуу “Би вокзал дээр байгаа ийм машинаар үйлчлүүлээд гомдол, санал бичдэг хэсэгт нь хүртэл орж юм бичсэн ш дээ. Болж байна лээ” гэлээ.
Та энэ машинаас иргэний үнэмлэхийн лавлагааг 1000, оршин суугаа газрын тодорхойлолтыг 500, төрийн бүртгэлийн лавлагааг 1000, гэрлэлтийн бүртгэл, гэрлэлт бүртгэлгүй, гэрлэлт цуцлуулалтын бүртгэлийг тус бүр 1000 төгрөгөөр тус тус авч болох юм байна. Бас санал хүсэлт, өргөдөл, гомдол өгөх хэсэгт хандаж, яам, агентлаг, төрийн байгууллагын хэнд ч өөрийн үгээ хүргэж болох юм байна. Мөн удахгүй энэ машинаар цахилгааны төлбөрөө төлж, хэвлэлээ захиалах боломжтой болох аж.
Та уг машинаар яаж үйлчлүүлэхээ мэдэхгүй сандарч, айх зүйл огт үгүй. Бүхнийг яаж хийхийг нэг бүрчлэн үйл хөдлөлөөр нь автомат хариулагч зааж өгдөг юм байна. Бас үйлдэл тус бүрийг дугаарлачихсан байна лээ.
32-ын
тойргийн “Номин” худалдааны төв доторх Төрийн үйлчилгээний цахим машин сүлжээгүй байсан учир бид Төмөр замын вокзалыг зорилоо.
Түм түжигнэж, бус бужигнасан газар болохоор тэнд л хүмүүс уг машинаар үйлчлүүлж байгаа байх гээд очсон юм. Гэтэл тэр машиныг анзаарч байгаа хүн бас алга. Хажууд нь байх банкны бэлэн мөнгөний машинд дугаарлацгаацна. Төрийн үйлчилгээний машинаар хүмүүс хэр үйлчлүүлэхийг хүлээж нэлээд зогслоо. Ганц ч хүн тийш зүглэсэнгүй. Арга буюу бид өөрсдөө тэр машинаар үйлчлүүллээ. Эхлээд санал хүсэлт, өргөдөл гомдол өгөх хэсэг рүү орж Ерөнхий сайдад хандан 32-ын тойргийн “Номин” худалдааны төв дэх цахим машины сүлжээ тасраад байгаа тухай гомдол бичээд илгээчихлээ.
Оршин суугаа газрын тодорхойлолт авах хэсэгт дарлаа. Автомат хариулагч “Та хоёр дугаартай хэсэгт иргэний үнэмлэхээ хийнэ үү” гэлээ. Хоёр дугаартай хэсэгт нь үнэмлэхээ шургуулбал “Та тав дугаартай хэсэгт зааврын дагуу хурууны хээгээ шалгуулна уу” гэлээ. Баруун гарын долоовор хуруугаа заасан хэсэгт хүргэвэл улаан лазерын гэрэл гялс хийлээ. Тэгтэл иргэний үнэмлэхийг минь буцаагаад гаргачихав.
Ингээд төлбөрөө бэлэн эсвэл картаар төлөх эсэхийг лавлаж байна. Төгрөг хийх есдүгээр хэсэгт 1000 төгрөг хийчихсэн чинь буцаагаад гаргачихлаа. 500 төгрөг өгөх ёстой юм байна. Ингээд 500 төгрөг шургуулсан чинь татаад авчихав. Автомат машин “Та 10 дугаартай хэсгээс тодорхойлолтоо авна уу” гэж хэдэнтээ хэлээд гаргаад ирлээ. Тодорхойлолт гараад ирэв. Зурагчин бид хоёр өнөө тодорхойлолтоо үзээд “Яасан сайхан юм бэ. Соёмбо нь алтадчихсан юм шиг, ёстой хүндэтгэлтэй байна шүү” гэж ярилцаад зогсч байтал хажуух АТМ-д дугаарлаж байсан хүмүүс бид хоёрыг тойрч зогсоод тал талаас “Энэ юу юм бэ. Яаж наад тодорхойлолтоо гаргаад ирэв” гээд тал талаас асууцгааж гарлаа. Чадах чинээгээр л тайлбарлаж “Бид ч анх удаа энэ машинаар үйлчлүүлж байгаа юм” гэж үнэнээ хэллээ. Тэгтэл хүмүүс цүнх, халаасаа уудлаад түрийвчээсээ цахим үнэмлэхээ гаргаж ирээд Төрийн үйлчилгээний цахим машинд дугаарлав.
Настай хүмүүс “Яасан гоё юм. Ёстой аятайхан юм гээч” гэцгээнэ.
Нэгэн бүсгүй иргэний үнэмлэхийн лавлагаагаа авахаар машинд иргэний үнэмлэхээ хийлээ. Биднээр зааварчлууллаа, үйлдэл нэг бүрийг. Машинаас өөрийнх нь цээж зурагтай мэдээлэл цаасан дээр гараад иртэл өнөө бүсгүй сэтгэл нь догдолж “Юун хөөрхөн юм бэ. Ийм амархан гэж үү” гэж уулга алдана. Тэгтэл ойр хавьд байсан хүмүүс бид хоёрыг уг машиныг ажиллуулдаг, эсвэл хариуцсан хүмүүс нь гэж ойлгов бололтой дөхөж ирээд элдвийг асууцгаана.
Хэрвээ та энэ машинаас мэдээлэл авахад бэлэн мөнгөгүй бол картаа уншуулаад тооцоо хийж болох юм шүү. Төлбөрийн баримтад нь ямар төрлийн үйлчилгээ авсныг тэмдэглэчихсэн байдаг юм байна.
“Иргэдэд
үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ” төслийн хүрээнд нийтдээ 120 ийм машиныг улс даяар суурилуулахаас эхний ээлжинд 74-ийг нь байрлуулах бөгөөд 36-г нь нийслэлд, үлдсэнийг нь аймгуудын төвд байрлуулахаар төлөвлөөд байгаа аж.
Та уг машинаас дээр өгүүлсэн лавлагаа, тодорхойлолтоос гадна Татварын ерөнхий газрын дөрвөн төрлийн лавлагаа үйлчилгээг авах боломжтой. Төрийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүргэх цахим машин ийнхүү ажиллаж байна. Харин ард иргэд энэ үйлчилгээний талаар төдийлөн сайн мэдээлэлгүй байгаа нь анзаарагдлаа.
Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН