Улсын драмын эрдмийн театрын найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Чойнхорын Найдандоржтой ярилцлаа.
–Таны найруулсан “Эсрэг дурлал” жүжиг өнөө жилийн “Гэгээн муза” наадмын гран при шагнал хүртсэн. Эндээс яриагаа эхлэх үү?
-Өнөө жилийн “Гэгээн муза”-гийн гран приг хүлээж байсангүй. Учир нь залуу найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Гамлет” жүжиг тайзнаа тавигдсан. Уг жүжгийг маш амжилттай тавьж үзэгчдээс өндөр үнэлэлт авсан. Тийм болохоор би ч биш ихэнх хүмүүс “Гамлет”-д ихээхэн найдвар тавьж байлаа. Гэвч “Эсрэг дурлал” жүжиг маань гран при хүртдэг юм байна. Гэхдээ миний бодож байсан хүмүүс шагнал авсангүй. Ухаандаа, “Эсрэг дурлал”-ын хөгжмийн найруулга дээр ажилласан Морин хуурын чуулгын удирдаач Түвшинсайхан, мөн жүжигчин Жаргалсайхан, Баясгалан хоёрыгоо туслах эрэгтэй, эмэгтэй дүрээр муза авчих болов уу гэж горьдож байлаа. “Эсрэг дурлал”-ыг дорно дахины хүн төрөлхтний анхны роман гэгдэх “Гэрэлт Гэнжийн дурлал” туульсаас сэдэвлэсэн юм. Сэтгүүлч Б.Галааридын зохиолоор Монгол Японы найрамдлын 45 жилийн ойн хүрээнд тайзнаа тавьсан бүтээл шүү дээ.
-“Гэгээн муза” наадмын маргаашнаас л “Найруулагч Найдандорж, Наранбаатар нар албан тушаалын наймаагаар “Гэгээн муза“-г бие биедээ найр тавьж өгсөн” гэж байсан. Энэ үнэн юм уу?
-Н.Наранбаатар яалаа гэж надаас тэр албан тушаалыг худалдаж авах вэ дээ. Үүний цаана ямар ашиг байгаа юм. Театрын ерөнхий найруулагч хийснээрээ Наранбаатар юу хожих вэ. Ачаалал нь нэмэгдэхээс цалин нь нэмэгдэхгүй. Бид энэ ачааллыг залуу зандан насанд нь үүрүүлж байгаа хэрэг. Наранбаатар өнөөдөр ид хийж бүтээх зоригтой, толгой нь сийрэг яваа дээрээ энэ театрыг өөд нь татах хэрэгтэй. Мань мэтийн хөгшин юмнууд садаа болоод байх хэрэг алга. Б.Баатар бид хоёр хэлэх зүйлээ хэлээд явж байна. Тийм болохоор наймаалцах ямар ч эрх ашиг, сонирхол байхгүй. Эл ярилцлагыг уншиж буй хүн та хүний ёсоор энэ газар шороон дээр гишгэж байгаа бол хүний ёсоор амьдаръя гэж бодож байгаа бол амьдралаас үргэлж сайн сайхан бүхнийг нь олж харах хэрэгтэй. Зарим хүмүүс Н.Наранбаатар, Б.Баатар бид гурвыг хооронд нь талцуулах гэж янз бүрийн зүйл ярьдаг. Одоо тэр маргалддаг үе өнгөрсөн. Бид гурав зангидсан гар шиг болсон. Хэн юу ч ярьсан бид гурав театрынхаа төлөө зүрх сэтгэлээ өгөн ажиллаж байгаа. Ямар ч хүүхэн ирээд бид гурвын дундуур орж чадахгүй тийм л нарийн сэжимээр ажиллаж байгаа даа.
–Улсын дуурь бүжгийн эрдмийн театр долоо хоног бүр шинэ уран бүтээл тавьж байна. Гэтэл драмын театр жилдээ ганц хоёрыг л тавих юм гэсэн гомдол байдаг. Жилд таваас зургаан уран бүтээл тавих боломж байдаггүй юм уу?
-Дуурийн театр тийм олон шинэ уран бүтээл хийснийг би амьдралдаа мэдэхгүй юм байна. Шинэ уран бүтээл хийх, урын санд байгаа уран бүтээлийг тоглох гэдэг хоёр өөр ойлголт. Өнөөдөр манай театрын урын санд тоглоход бэлэн 30 гаруй бүтээл бий. Тэднийгээ байнга тоглож ч байгаа. Үүнийгээ бид шинээр тавилаа гэж хэзээ ч зарладаггүй. Ухаандаа хайрын өдрүүд, хайрын сар, үндэсний жүжгийн өдрүүд гээд тэмдэглэлт өдрүүдэд зориулан улирал, сараар нь уран бүтээлээ ээлж дараагаар нь үзэгчдийн хүртээл болгож байгаа. Харин нэг жилд хоёроос доошгүй өмнө нь Монголын тайзнаа тавигдаж байгаагүй эсвэл тавигдаад мартагдсан жүжгүүд болох “Ромео Жульетта”, “Гамлет” ч гэдэг юм уу олон жилийн өмнө тавигдсан жүжгүүдийг шинэ жүжигчдээр, шинэ найруулгаар, шинэ уран бүтээлийн баг ажиллаж хийдэг. Яахав зарим нэг театраас хөндий сонсогч, үзэгчид шинэ уран бүтээлийг тайзнаа амилуулах, урын санд байгаа бүтээлийг тоглох хоёрын ялгааг сайн ойлгодоггүй юм шиг байна лээ.
–Драмын театрын их ажлын хажуугаар “X ТҮЦ” продакшнтай хамтарч уран бүтээл хийж байгаа гэсэн үү. Драмын театрын зүгээс хувийн продакшнтай ажиллахыг зөвшөөрдөг юм уу?
-Би мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа. Миний хийж чадах ажил гэвэл багшилж, найруулж, тоглож чадна. Диплом, цол зэргээ авсан найруулагчийн энэ ажлаа ардчилсан чөлөөт Монгол Улсынхаа хаана ч би хийх болно. Үүнийг манай театрын зүгээс хөхиүлэн дэмждэг. Найдандорж гэдэг хүн жүжигчин, найруулагч байх нь хамаа алга. Цаг хугацаатай уралдаж ажиллах хэрэгтэй байна. Монгол хүн бүр өөрийн чаддаг зүйлсээ бололцоотой газар бүрнээ хийгээд байвал Монгол хүн болсных эх орондоо оруулж буй хувь нэмэр энэ л гэж ойлгодог. Намайг хэн ажилд урьж байна, миний толгойд ямар төсөл орж ирнэ тэр бүгдийгээ гүйцэлдүүлж байж миний сэтгэл амардаг. Тэгж л өөрийгөө амьд байгааг мэдэрдэг. Энэ мэтчилэн би уран бүтээлээсээ өөрийн аз жаргалыг бий болгодог. Уран бүтээлийн ард гарчихаад өөрийгөө хаана явааг, аль хэмжээнд үнэлэгдэж байгааг мэддэг. Тэгэхгүйгээр чимээгүй байгаад байвал үхсэнээс ялгаагүй биз дээ.
–Драмын театр улсаас мөнгө авч уран бүтээл тавьдаг. Хувийн продакшнууд өөрсдийн хөрөнгөөр уран бүтээлээ хийдэг. Тийм болохоор “Гэгээн муза” наадам хүч тэнцвэргүй тулаан болдог гэлцэх юм?
-“Гэгээн муза” мөнгөөр өрсөлддөг наадам биш. Чиний тоглосон жүжигт нэг төгрөг зарсан байна уу, нэг тэрбумыг зарсан байна уу гэдэг нь шүүгч нарт сонин биш шүү дээ. Чи оролцсон жүжигтээ ямар дүр бүтээсэн бэ гэдэг л чухал. Тухайн жүжигчин уран бүтээлч юм бол тэрхүү дүрийг бүтээхэд нэг төгрөг ч хэрэггүй. Харин авьяас, сэтгэл, чадвар л хэрэг болно. Тайз нь үнэтэй хийгдсэн үү, хямд боссон уу гэдэг огт хамаагүй. Харин тайзыг яаж урнаар нь сэтгэсэн нь сонин байгаа юм. Дэлхийн урчуудын дунд “Хэдий чинээ хүнд нөхцөлд, хэдий чинээ ядуу хомс байдалд уран бүтээлч ажиллана төдий чинээ тархи нь илүү ажиллаж, уран бүтээлийнх нь оюуны үнэ цэнэ өсдөг” гэж үздэг. Үүнийг л музагийн шүүгч нар шүүдэг байх.
Харин таны асуусан асуулт бол атаархсан, шалтаг тоочсон арчаагүй хүмүүсийн яриа болов уу гэж бодож байна. Энэ жил нэг хүний жүжиг гээд “Гэгээн муза”-д орж ирсэн. Тийм л сүрхий юм бол нэг хүний жүжиг хийгээд ороод ир л дээ. Чамд жүжигтээ өмсөх хэдэн хувцас олдоно. Болохгүй бол театруудаас гуйхад жүжигт хэрэгтэй юу ч олдож болно. Интернэт ухаад аяа сонго. Тэднийг эвлүүлээд тэр жүжгээ хийгээд өгөөч гэж хэлмээр байна.
–Драмын урлагт найруулагч Н.Наранбаатарын араас гарч ирэх залуус төдийлөн харагдахгүй юм. Мундаг найруулагчдынх нь нас явчихлаа даа?
-Би багшийгаа 50 настай байхад ганц хоёрхон жүжиг найруулан дөнгөж цухуйж байлаа. Найруулагчид тэр болгон санаан зоргоор төрдөг юм биш. Одоо найруулагч төрөхгүй ч байж магадгүй. Өнөөдөр дуурийн театрыг хар. Толгой цохьсон найруулагч байна уу. Дуурийн театрт мэргэжлийн найруулагч гэвэл Эрдэнэбаатар байна. Эрдэнэбаатараас өмнө Эрдэнэбулган гуай бий. Монголын театрт нэгэн цаг үед И.Нямгаваа, Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу гэдэг гурван хүн л хоорондоо өрсөлддөг байлаа. Тэр гурвын өрсөлдөөн шиг өрсөлдөөнийг би мэдэхгүй. Ухаандаа, тэднээс өмнөх үед ч найруулагч нарын хурц өрсөлдөөн байсан эсэхийг мэдэхгүй. Тэднээс хойшхыг ч мэдэхгүй. Б.Баатар бид хоёрыг хөгширчихлөө гэж бодож байж магадгүй. Тийм ээ бид хөгширсөн. Гэхдээ бидний араас Н.Наранбаатар гэдэг авьяаслаг залуу гараад ирлээ. Өнөөдөр театрыг толгойлж, үүрэх ёстой ачааг нь бид үүрүүллээ. Хийх ёстой ажлыг нь хийлгэж байна. Тийм болохоор бид сэтгэл амар тайван болчихсон. Н.Наранбаатарын араас ямар хүүхэд найруулагч болохыг ёстой бурхан мэднэ. Найруулагч гэдэг ном сурч олдог мэргэжил биш. Харин найруулагч гэдэг төрдөг мэргэжил байхгүй юу. Тэр хүнд төрөлхийн хүн чанар, зохион байгуулах чадвар, заах арга зүй, уран сэтгэмж байх хэрэгтэй. Энэ бүгдийг Калифорнийн их сургууль ч зааж чадахгүй. Сургууль бол онолоор зөв голдиролд оруулж өгдөг. Сайн найруулагчид төрөх байх. Тэгэхгүйгээр драмын урлагийн найруулагч тасрах байх гэсэн халаглал надад байдаггүй.
–Орон нутгийн театрууд гэж хэцүүхэн газрууд байх юм. Хааяахан Улаанбаатараас тэр найруулагч очсон жүжиг найруулж байна гэхээс өөр дорвитой зүйл сонсогдохгүй юм?
-Орон нутагт сайн баг хамт олон байна. Огт баггүй хоосон театрууд ч бий. Орон нутаг гэдэг бол төрийн бодлого төвөөс тасарчихсан газар. Нэг нам эрх бариад л урлагийн байсан үгүй нь хамаагүй өөрийн хүнээ тавьчихдаг. Төвийн театрууд ч тийм болох гээд байгаа нь надад анзаарагддаг. Монголчууд бид нүүдлийн соёлтой хэмээн дэлхийд бахархдаг. Гэтэл энэ нүүдлийн соёл устаж байна. Үүнтэй адил Монголын үндэсний соёл урлаг устах тийшээгээ хазайчих вий гэж санаа зовдог. Монгол хэлний яруу тансаг зүйлийг драмын театрын жүжгийг үзэхдээ хүмүүс мэдэрдэг. Монгол хүн үндэсний хувцсаа яаж өмсөж эдэлж хэрэглэдгийг үндэсний жүжгээс л харна. Драмын урлагийг улс анхаарахгүй, анзаарахгүй хаях юм бол маш том хэл соёл биднээс холдоно. Теарт гэдэг амьд ертөнц. Тайзан дээр тоглож буй жүжигчид, үзэгчдийн хооронд амьд холбоо үүсдэг. Жүжиг гэдэг зүрхнээс зүрхэнд, тархинаас тархинд хүрдэг болохоор хүн өөрт байдаг бүх мэдрэхүйгээрээ жүжигтэй холбогддог. Драмын театрыг төр засгийнхан зүгээр нэг үзвэрийн газар гэж ойлгодог. Энэ бол ёстой үгүй шүү. Монгол Улс гэдэг урлагаараа л танигдана. Нэг хэсэг манайхан орос хэлэнд бүр ууссан. Подизоор ороод лифтэнд суугаад ручкиэ онгойлгож гэртээ орон крантаа онгойлгоод ус авч плиткэн дээрээ косьтруулаа тавин ус буцалдаг гээд бид яриад сурчихсан. Энэ бол аймшиг. Үүн шиг бид англи, солонгос, хятадаар яриад унавал монгол хэл яах юм бэ. Мэдээж мөхнө. Монгол эр хүн гэж ямар байдгийг, монгол эх хүн гэж ямар байдгийг бид драмын урлагаас л харна. Тэгэхгүйгээр үзвэрийн газрын хэмжээнд авч үзвэл үүн шиг эмгэнэл байхгүй.
–Драмын урлагийг харин ч дэмжээд байгаа юм биш үү. 150 сая төгрөгөөр “Гамлет“-ыг ахин тайзнаа тавиулсан даа?
-Өнөөдөр төр засаг драмын урлаг гэхээсээ илүүтэйгээр уул уурхай руу анхаарал хандуулж драмын урлагт мөнгө хаяхаасаа илүү уул уурхайн техник авах гэдэг болж. Үнэндээ Монголын гурван сая орчим хүнээс сор болсон уран бүтээлчид нь Улсын драмын эрдмийн театрт байгаа. Бид өнөөдөр Цагаан Цэгмид гуайг алтан үеийн уран бүтээлч гээд хийсэн бүтээснээр нь шүтдэг. Хэрэв Цагаан Цэгмид гуай өнөөдөр амьд байсан бол 600 мянган төгрөгийн цалинтай л амьдарч байгаа. Ардын жүжигчин Гомбосүрэн, Цэвээнжав, “Шороот”-ын Цэвээн, Улаан малгайт, Арслан тайж өнөөдөр амьд байсан бол 500 гаруй мянган төгрөгийн цалинтай байх байлаа. Энэ цалингаар яаж амьдрах юм бэ. Алтан үеийн эдгээр жүжигчид гайхамшгийг бүтээж байсан шиг өнөөдрийн залуус мөн л гайхамшгийг бүтээж яваа. Эдгээр хүмүүс өнөөдөр 400 гаруй мянган төгрөгийн цалинтай байна. Энэ чинь тэгээд ариун явдал уу. Улсын их хурлын гишүүнийг дараагийн сонгуулиар ард түмэн мартдаг юм. Харин драмын урлагт амьдралаа зориулан яваа энэ хүмүүсийг бүтээсэн дүрээр нь, тэр авьяасаар нь хэдэн зуундаа монголчууд ярьдаг. Эд чинь тэгээд амьд бурхан биш юм уу. Ард түмэн шүтнэ гэдэг чинь амьд бурхан болсны гэрч бус уу. Сувд, Цэрэндагва, Мэндбаяр, Дамдин, Мягмарнаран, Сарантуяа, Жаргалсайхан, Болд-Эрдэнэ, Ганцэцэгийг ард түмэн шүтэж байна.
Энэ хүмүүс нийлээд уран бүтээл хийе гээд тэр 150 сая төгрөгийг гутлынхаа зулгийг эргэтэл театрын дарга Цэрэнсамбуу, дэд дарга Н.Сувд хоёр хүн болгоны улыг долоох шахам болж байж олж ирж байна. Өнөөдөр бид ингэж л амьдарч байна. Төр засаг ингэж л хандаж байна даа бидэнд. 150 сая төгрөгөөр жүжиг хийгээд цалин дээрээ хэдэн төгрөг нэмүүлэх гээд хөөцөлдөж байгаа юм биш. Харин чанартай уран бүтээл хүргэчихье гээд гуйлга гуйдаг. Түүнээс биш бид барилга барих гээд тендерээс хэдэн төгрөг унагаад үлдсэн хэдэн төгрөгөөр нь хогийн хэдэн байшин барьдаг хүмүүсээс өөр байхгүй юу. Ингэж л уран бүтээл хийдэг болохоор би гомддог, харамсдаг. Гэхдээ гомдож, харамслаа гээд яахав. Бурхан намайг үүнийг хий гээд би энэ мэргэжлийг сонгосон болохоор харамсахгүй. Найдандорж найруулагчаас өөр ажил хийж чадахгүй болохоор ингээд байгаа юм биш. Би эндээс л аз жаргалаа олохын тулд яваа. Түүнээс амьдрахын тулд өнөөдөр юу ч хийгээд явж болно. Би чадна гэвэл гарын ур, толгойныхоо ураар юу ч хийж чадна. Сайн төр байгаа бол хүнийг чаддаг юмыг нь хийлгэх хэрэгтэй.
–Өнөөдөр тэгээд хийж болохгүй байгаа юм уу?
-Хийж бүтээж байгаа хүмүүсийг төрөөс хөхиүлэн дэмжээсэй гэж хүсдэг. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гээд хүн байна. Ямар гайхамшигтай зохиолч билээ. Төр засгийнхан өнөөдөр арай ухаалаг байсан бол “Лхагвасүрэн гуай өнөөдөр танаас бид ганц зохиол л авна. Та бичээд л бай. Бичих бололцоог чинь Монголын төр хангаад өгье” гэвэл тэр хүн зохиолоо бичихээс өөр юу бодох вэ дээ. Саятангуудын хэмжээнд биш гэхэд жирийн хүн уран бүтээлээ хийгээд явчих нөхцөл байдлыг нь хангачих. Бичсэн зохиолыг нь төр өндөр үнээр худалдаад ав л даа. Б.Лхагвасүрэн гуай ахин төрөхгүй шүү дээ. Д.Нацагдорж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай ахин төрөөгүй шиг энэ хайран авьяас ахин төрөхгүй. Энэ хүнээр юм хийлгээд авчихбал Монголын оюуны ертөнц баяжина. Б.Лхагвасүрэн гуай шиг олон хүн байна. Салбар бүрийн шилдэг хүмүүсийг дэмжин ажиллаж чадвал түүгээр нь монголчууд хэдэн жил амьдарна. Хэдэн сайхан жүжигтэй болоод авчихбал монгол байтугай Ази тив амьдарчих юм. Гайхалтай зохиол биччихвэл, түүгээр нь кино хийвэл юун Холливуд, болливуд вэ. Тэд боль л доо болно.
–Өнөө жил ямар уран бүтээлүүд дээр ажиллахаар болоод байгаа вэ?
-Ямартай ч “Х ТҮЦ”-ийн “Сэрүүн хасын нууц” жүжиг маань өнөөдөр нээлтээ хийнэ. Найдандорж хүссэн газраа очиж жүжиг найруулдаггүй. Эхлээд тайз, жүжигчдээс эхлээд бүх зүйл хэрэгтэй. Би ганцхан хийж л чадна. Үүн дээр Улсын драмын эрдмийн театр надад бололцоо олгодог. Миний хувьд театртаа ирээд “Оролмаа”, “Эсрэг дурлал”, “Красногоровын төсөл”-ийг хийлээ. Надаас гадна Б.Баатар найруулагч “Ану хатан”, Н.Наранбаатар найруулагч “Парисын дарь эхийн сүм”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет”-ыг хийлээ. Энэ уран бүтээлүүд бүгд мөнгөний асуудалтай. Театрын удирдлагууд гуйлгачин шиг явж гуйлга түүлэг хийж, сайд дарга нарыг царайчилж хэдэн төгрөг батлуулдаг. Ингэж нэг хэдэн төгрөгийн сураг гарна. Тэгэхээр нь бид ажлаа эхэлчихнэ. Гэтэл өнөө мөнгө нь орж ирэхгүй. Өмнөх засгийн үед ийм байсан одоо ч мөн хэвээрээ байна. Энэ засгийн үед бүр их хүнд сурталтай болчихсон. Сая гэхэд л 10 сая төгрөгийн шагналын сантай орчин үеийн жүжгийн уралдаан зарласан. Үүнийг яам дэмжээд хамтарч хийе гээд унасан. Сайд ямар энэ жүжгийг тавих юм уу. Жүжгийг найруулагчид тавьдаг юм. Зохиолч хүн зохиолчийнхоо жүжгийг шүүдэг ямар ухаан байна аа. Найруулагч нарт давуу эрхийг нь өгөх хэрэгтэй. Тухайн зохиол жүжиг болох үгүйг найруулагч нар л мэддэг. Гэтэл одоо болтол мөнгө төгрөг нь алга л байна. Энэ мэтчилэн ядуу айлын гуйлгачин хүүхдийн амьдралаар Монголын авьяастнууд амьдардаг. Бид өөрсдийнхөө төлөө биш. Үзэгчдэд аятайхан юм үзүүлчих гээд тэдний өмнө, хойно орж сөгдөж, мөргөж, бөхийж, гутамшиг болж амьдарч байна даа.
Э.ЭНХБОЛД