Categories
редакцийн-нийтлэл

Ш.Ариунтунгалаг: Сэтгүүлчдийн баяраа тэмдэглэж байх хойгуур Засгийн газар биднийг ажилгүй болгочихлоо

Гуравдугаар сарын 6-нд буюу Монголын үндэс­ний сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойн баяраар Шинэчлэлийн Засгийн газар, Харилцаа холбоо­ны зохицуулах хороо­ноос есөн телевизийг хаасан.

“Монсинема”,
“VIP home shopping”, “Music­box”, “Шонхор”, “MBO”, “MDS”,
“ZMS”, “Соёмбо”, “ITV” гэсэн есөн телевиз хаагдсанаар 300 гаруй сэтгүүлч ажилгүй болоод байна.

“ITV” телеви­зийн­хэнтэй энэ талаар ярилцлаа.

Ш.АРИУНТУНГАЛАГ: СЭТГҮҮЛЧДИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙХ ХОЙГУУР ЗАСГИЙН ГАЗАР БИДНИЙГ АЖИЛГҮЙ БОЛГОЧИХЛОО

-“ITV” телевиз үйл ажиллагаагаа явуу­лаад хэдэн жил болж байгаа вэ?

-2004 оноос гадаад, дотоод худалдаа эрхэлж байгаад 2005 оноос эфирээ цацаж эхэлсэн. Манайх 2011 онд бүх тех­ник технологио шинэ­чилж, одоо HD формат руу ороход ганцхан прог­рамм шинэчлэх үлдээд байгаа.

Өдөрт хэдэн цагийн нэвтрүүлэг бэлтгэж, үзэгч­дэд хүргэдэг вэ?

-Ойролцоогоор 20 ца­гийн нэвтрүүлэг хүргэдэг. Нийт нэвтрүүлгийн маань 80 хувь нь home shopping, үлдсэн хорин хувьд нь чөлөөт мэдээллийн хө­төл­­бөрүүд хүргэдэг.

Харилцаа холбоо­ны зохицуулах газраас хэдний өдөр ирж шал­галт хийсэн юм бэ?

-Нэгдүгээр
сарын 5-ны өдөр. Тэр өдөр бямба гариг байсан. Ажлын өд­рөөр биш амралтын өд­рөөр ирж шалгадаг нь ч ямар учиртай байсан болоо.

Ачаалалтай ажиллаж бай­­гаа болохоор амралтын өдрөөр шалгаж байгаа, нэг телевизийг шалгахад тав, арван минут биш 4-5 цаг зар­цуул­даг болохоор ингэж таарч байна гэж тайл­бар­лац­гааж байсан. Тэднийг ямар дагаж явсан биш үнэн хэлж байгаад нь яаж итгэх вэ дээ.

Танайхаас тэгээд чухам ямар зөрчлүүдийг ил­рүүл­сэн юм бэ. Ахуйн хүрээний зөрчил байсан юм уу?

-Нэгдүгээр
сарын 15-наас гуравдугаар сарын 1-нийг хүртэл манай телевизийн тусгай зөвшөөрлийг түдгэл­зүүл­сэн. Энэ хооронд бид зөрчлөө арилгаж эфирээ хаал­­­­гүй, нэвт­рүүл­гүү­дээ үзэгч­дэд хүргэж үйл ажил­ла­гаагаа хэвийн үргэлж­лүүл­сэн.

Сурталчилж буй бараа бүтээгдэхүүний 20 хувь нь үндэсний үйлдвэрлэгчийнх байх ёстой гэсэн шаардлагыг шалгалтынхан манайд тавьсан.

Манай телевиз анх Со­лон­госын хөрөнгө оруу­лалт­тайгаар байгуулагдаж, солон­гос захиралтай байсан. Өн­гөр­сөн оны долдугаар сард солонгос захирал нутаг бу­цаад энэ телевизийг мон­гол­чуу­дад бэлэглэлийн журмаар өгсөн юм. Анхнаасаа л гадаа­дын хөрөнгө оруулалттай байсан учир бид Солонгосын барааг сурталчилдаг байлаа.

Харин одоо монгол захи­рал­тай болсон. Шал­галтынх­ны шаардлагыг биелүү­лэ­хийн тулд үндэсний үйлд­вэр­лэгчидтэй хамтарч ажил­ла­хаар уйгагүй л зүтгэж, олон үйлдвэр, байгууллагын хаал­гыг татаж хамтрах хүсэлт тавиад гандан буурахгүй л гүйсээр байна. Манай теле­виз зөвхөн Улаанбаатар хо­тод цацагддаг болохоор үн­дэсний үйлдвэрлэгчид хам­рах нь хүрээ бага гээд хамтрах сонирхолгүй байх юм. Ийм нэг асуудалтай тул­гар­ч­ихаад байна.

Шалгалтаар бараа бү­тээг­д­эхүүнийг хөтлөгч студид тайлбарладаггүй гэж дүг­нэ­сэн байна лээ. Манай хөтлөг­чид ихэнх бараануудаа тайл­бар­лаж, сурталчилдаг. Харин ч энэ тал дээр манайх маг­тууш­тай шүү. Үнэн байдлыг ингэж гуйвуулж дүгнэсэнд гайхаад байгаа юм. Ямар үндэслэлээр ингэж дүгнэж, зөрчил гэж үзсэн юм бол оо.

Зориулалтын шал, дуу тусгаарлагч хана, цахил­гаа­ны утасны асуудалтай гэж дүгнэсэн. Шалгалт ирэх үе нь манай телевизийн нүүдэл суудалтай давхцсан.

Бэлэглэлийн журмаар те­леви­зийг аваад холбогдох газруудаар нь явж бичиг цаас­ны ажил хийсээр байгаад аравдугаар сар хүрсэн юм. Ингээд албан ёсоор Монго­лын талд “ITV” телевиз шил­жээд бид хуучин түрээсийн байрнаас нүүгээд одоогийн байрандаа ирсэн. Энэ байр нь хувийн барилга. Эфирээ доор байрлуулсан. Дээд давх­рын нэг өрөөнд студи маань бий. Өнгөрсөн арван­хоёр­ду­гаар сарын эхээр кабелийн холболтын ажил эхэлсэн. Уг нь манай талаас бүх ажил жин тан болчихсон байсан. Харин нөгөө байгууллагууд маань холболтын ажлаа эх­лүү­лэх гээд цаг алдсан. Ин­гээд кабелийн холболтын ажил ч дуусаад бид ч дуу, дүрсээ шалгах ажлаа эхлүү­лээд байтал Харилцаа хол­бооны зохицуулах хороо­ноос шалгалт ирсэн. Хэрэв шалгалт долоо ч юм уу арван хоногийн дараа ирсэн бол тэдний зөрчил гээд байгаа тэдгээр зүйлсийг бид хийчих байсан. Угаасаа л хийхээр тө­лөв­лөчихсөн байсан ажлууд шүү дээ.

Одоо бол ямар ч зөрчил­гүй. Бүх зөрчлөө арил­гачих­сан.

Гуравдугаар сарын 6-ны өдөр сэтгүүлчдийн баярын өдөр байсан. Энэ өдрөөр ийм шийдвэр гар­гаж, телевизүүдийг хаас­ныг зориуд хийсэн үйл­дэл гэцгээж байна?

-Ер
нь энэ бол буруу. Төр засаг ард түмэндээ нээлттэй байя гэвэл ийм байж болох­гүй. Энэ ёстой ойлгомжгүй явдал боллоо.

Харилцаа холбооны зо­хи­цуулах хорооныхон  гурав­дугаар сарын 1-нд найман тоот тогтоол гаргасан юм билээ. Манайд 6-ны 10 цагт 22 минутад “Илэрсэн зөрч­лийг цаг тухайд нь бие­лүү­лээ­гүй” гэдэг шаардлага авчирч өгсөн. Гэтэл манайх хоёр­ду­гаар сарын 25-нд зөрчлөө арилгасан талаар зургаан тоот албан бичгээ Харилцаа холбооны зохицуулах хо­роонд хүргүүлсэн юм.

Шалгалтын явцад бас нэг зүйлийг зөрчил гэж үзсэн. Хэрэглэгчийн санал хүсэл­тийг хүлээн авах дэвтэр, са­нал гомдол барагдуулах жу­рам байхгүй байгааг зөр­чил гэж үзсэн. Манай байгууллага шинэ захиралтай болж, удирд­­лагын түвшинд нэлээд өөрчлөлт орсон. Үүнийг да­гаад байгууллагын дүрэм, журамд ч өөрчлөлт ордог. Бид хуралдаж нэгдсэн журам, дүрмээ хараахан гаргаагүй байсан. Бас манайхыг байрш­лаа сольсон талаар мэдэгдээгүй гэж буруутгасан. Гэтэл бид телевизээ одоо­гийн байр руу нүүж ирсний дараа байршил, утас харил­цаа, хаяг гээд бүхий л шаард­лагатай зүйлсээ мэдэгдсэн. Гэтэл мэдэгдээгүй гээд бай­сан.

Танайх хичнээн сэт­гүүлч, ажилтантай вэ?

-20 гаруй сэтгүүлч, ажил­чинтай. Манай телевиз жижиг ам бүл л дээ. Гэхдээ нэг өдрийн дотор 20 гаруй хүн ажилгүй болчихлоо. Төр за­саг маань яагаад ингэж шу­дар­га бус хандаж байгаа юм бэ. 300 сэтгүүлчийг гуд­манд гаргачихлаа шүү дээ. Энэ сэтгүүлчдийн цаана хичнээн хүний ам ангайгаад хүлээж байгаа бол. Олон айлын амьжиргааны асуудал хэцүү байдалд хүрчихлээ.

Бид зөрчлөө аль болох боломж бололцоогоороо ба­раг­дуулсан. Эдгээр зөрчлийг шууд л за гэж хэлээд арил­га­чихгүй. Тодорхой хэмжээгээр хугацаа шаардана. Уг нь хоёр­­дугаар сарын 22-ны өдөр зөрчлөө арилга гэсэн л дээ. Бид боломжоороо л цаг нартай уралдан байж зөрч­лөө барагдуулаад 25-ны өдөр албан бичгээ илгээсэн нь тэр. Бид зөрчлөө болол­цоогоороо арилгаад албан бичгээ явуулаад байхад яагаад чив чимээгүй байж байгаад ийм олон хүнийг ажилгүй болгочихож байгаа юм бэ гэж төр засгаасаа асууя.

Гуравдугаар сарын 6-ны өдөр та бүхэн баяраа тэмдэглээд телевизээ хаагд­саныг ч мэдээгүй юм байна лээ шүү дээ?

-Тэгсэн.
Бид уг нь баяр ёслолын л байдалтай сэтгэл өөдрөг байсан. Үнэндээ тэр өдөр телевизээ хаагдсаныг мэдээгүй. Сэтгүүлчдийн бая­раа тэмдэглэж байх хойгуур Засгийн газар маань биднийг ажилгүй болгочихлоо. Үнэ­хээр сонин үйл явдал болж байна. Энэ бүхэн чухам юунаас болоод байгааг хэлэх арга алга. Улс төрөөс болоод байгаа юм уу, ойлгомжгүй юм.

Үнэндээ маш их тул­гам­даад байна. Уйлах энүүхэнд байна. Өчигдөрхөн ажилтай байсан бол өнөөдөр ажил­гүй­чүүдийн эгнээнд орлоо, бид. Цаашид юу хийж амьдралаа авч явах юм бэ. Амьдрах, ажиллах нөхцөл боломжийг минь хаачихлаа.

Үнэндээ чөлөөт хэвлэлийг хаана гэдэг чинь Засгийн газрын хийх ажил биш. Ард түмэн, үзэгчдийн л хийдэг ажил баймаар юм. Тэгтэл яагаад засаг төр маань үзэгч­дийн ажлыг хийгээд байгаа юм бэ. Ойлгомжгүй зүйл их байна.

 

“ITV” ТЕЛЕВИЗИЙН ЗАХИРАЛ Т.УРАНБОЛОР: БИД ШҮҮХЭД ХАНДАНА

Ямар үндэслэлээр та­най телевизийг хаасан юм бэ?

-Манай
телевизэд шал­галт хийгээд гурван зөрчил байна гэсэн. Бид зөрчлөө арилгаад хоёрдугаар сарын 25-нд Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичиг хүргүүлсэн. Гэтэл тэр­нээс хойш ямар ч чимээгүй байж байгаад гэнэт л теле­ви­зийг маань хаачихлаа. Манай телевиз дээр ирж зөрчил арилгасан байдалтай танил­цаа­гүй байж шууд хаачих юм. Үүнд гомдолтой байна. Бид энэ талаар шүүхэд хандахаар төлөвлөөд байна.

Телевизийг тань хаасныг хэзээ мэдсэн бэ?

-Танаас
л дууллаа. Ер мэдээгүй байсан. Нэвт­рүүл­гийг дамжуулдаг холбогдох газрууд нь бидэнд энэ талаар мэдэгдээгүй. Бид цацаж бай­гаа байх гээд л нэвтрүүлгээ хийж байсан.

Манай телевиз 2005 оноос үйл ажиллагаагаа эх­лүүл­сэн туршлагатай бай­гуул­лага. Телевизэд байх шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Өөрийн гэсэн байртай. Анх­наа­саа л home shopping-ийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсан телевиз. Ийм зүйл болсонд үнэхээр гайхаж байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Америк сар

Хөл тавих зайгүй атал хүн бүр л Ерөнхийлөгчөө олоод харчих санаатай түлхэлдэнэ

АНУ-тай дипломат харилцаа тогтоосон 25 жилийн өмнөөс эх­лээд л улаан паспорт өвөртөлсөн монголчууд Америк тивийг зорих болсоор олон оныг үджээ. Одоо АНУ-д байдаг монголчуудын гурав дахь үеийнхэн очиж байна гэхээр үнэхээр л он цаг улиран одсоор. “Холын Америк ойртож байна” хэмээн парик Жагаа хэмээн үзэгч олондоо хүндлэгдсэн сэтгүүлч АНУ-ын тухай нэлээд олон цуврал нэвтрүүлэг хийснийг хүмүүс одоог хүртэл ярьдаг. Магадгүй Аме­ри­кийн тухай анхны сэтгүүл зүйн дорвитой бүтээл тэр байсан байх. Тэр цагаас хойш дэлхийн хүмүү­сийн очиж үзэхийг мөрөөддөг энэ улс руу манайхан ч олноороо очсон доо. Төрийн тэргүүн, Их хурлын дарга, Ерөнхий сайд нарын удаа дараагийн уулзалт айлч­лалаар ч сэтгүүлчид явж олон сайхан нийтлэл сурвалжлага бэл­дэж ирж байсаан. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур АНУ-ын нийслэл Вашингтонд 14 сэтгүүлч очсон нь, очих очихдоо нэг сарын хугацаатай суралцахаар очсон нь урьд өмнө байгаагүй тохиолдол боллоо. Урьд нь сурвалжлах аж­лаар, салхинд хөөгдсөн хамхуул мэт очдог байсан бол энэ удаад цаг тавиухан бас англи хэлний мэдлэ­гээ дээшлүүлж, сэтгүүл зүйн чиглэ­лээр туршлага судлах зорилготой мордсон хэрэг л дээ.

Бид Вашингтоныг зорихдоо жилийн биш ээ, дөрвөн жилд нэг удаа хамгийн их ачаалалтай бай­даг үеэр нь очиж таарсан юм. Шууд Вашингтонд буух онгоцны тасал­бар байхгүй, хэд хэдэн хотоор дамжих л рейс таараад байсан нь аргагүй байжээ. Ерөөсөө л дэлхий нийтээрээ АНУ-ын Ерөн­хий­лөг­чийн тангараг өргөх үйл явдлыг хараачилж, америкчууд үүнийг л сонирхдог учраас арга ч үгүй юм даа. Тэнд очоод анзаарч байхад америкчуудын хувьд олонхийн саналыг аваад гараад ирчихсэн Ерөнхийлөгчөө гойд хүндлэн үздэг юм байна, бас АНУ-ын Ерөнхий­лөгч гэдэг энэ улсын дэлхийд өөрсдийгөө тунхаглах нэрийн хуудас нь болж байдаг учраас өөрсдөө ч өргөж байхаас аргагүй гэж ойлгодог юм байна гэж анзаа­рагдсан билээ. Бид тангараг өргөх ёслолын ажиллагаанаас зургаа хоногийн өмнө Вашингтонд очсон юм. Сургууль, оюутны байр хоё­рын­хоо хооронд зам жимээ ч бүрэн олж амжаагүй явах үед хам­гийн их анзаарагдсан зүйл бол Вашинг­тоны хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн явдал байв. Энд тэндээс автобус автобусаар хүүхдүүдээ дагуулсан багш нар ирж, бас том том уут үүрсэн хар авгайчууд гу­дамж дэл­гүү­рээр хэсэх нь Вашинг­тонд шинэ­хэн “суурьшиж” байгаа миний нүдээр харахад л лав энд­хийнх биш гэдэг нь илт. Капитол Хилл гэж нэрлэгддэг Конгрессийн ордон байрлах толгодоос холгүйхэн Ва­шинг­тоны дэд бүтцийн гол цэгүү­дийн нэг болох Юнион Стейшн буюу манайхаар хуучны Тээврийн товчоо шиг авто болон төмөр замын төв сүлжээ оршдог. Танга­раг өргөх ёслолыг үзчихээд өдөр­төө буцах хэдэн зуун мянган хүн энэ өдрийн ачааллыг зүй ёсоор нэмж байлаа. Америкийн хам­гийн том бахархлын нэг бол тэнд та ёстой хар байна уу, шар байна уу, Ази байна уу, Африк байна уу ялгалгүй ханддаг гэгчээр газрын зураг бариад явж байгаа надаас хүртэл Америкийн иргэн нь зам асуух юм даа. Онцлог нь би арай хэд хоногийн өмнө Вашингтонд ирж, харин АНУ-ын тэдгээр иргэд анх удаа улсынхаа нийслэлд тө­рийн тэргүүнийхээ тангараг өргөх ёслолд оролцохоор  ирж. Тэгэхээр би зам зааж өгөх нь миний үүрэг ч юм болов уу гэж бодохоор. Танга­раг өргөх ёслолын ажиллагаанаас хоёрхон хоногийн өмнө тэндхийн томоохон худалдааны төвийн нэг давхрын хоолны хэсэгт сууж бай­тал гурван сайхан хар авгай ирлээ дээ. Дүүрэн уут сав болчихсон бас энгэрээсээ манайхны мандат гэдэг дөрвөлжин цаасыг унжуулчихсан. Тэд дэлгүүрээр хэсээд нэлээд алжаасан нь илт. Улсынхаа нийс­лэлд ирсэн хүүхнүүд болсон хойно дэлгүүр хоршоо хэсэлгүй яахав, хаана аятайхан юм хямд байгааг ярилгүй яахав. Үнэнийг хэлэхэд тэр гурвын нэгийг нь би сүүл болтол эрэгтэй гэж ойлгоод байсан юм л даа. Дуу нь баргил, үс нь мярнууз­лаад урт ургуулахын аргагүй уч­раас жижиг­лээд тайр­чихсан. Гэхдээ бусад­тайгаа хаана юу хямд байгааг ам булаалдаж яриад байгаа тэр төрх байдлаас нь эмэгтэй гэж ойлгогд­сон л доо. Тэд Тенниси мужаас ирцгээжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр яг тэдэнтэй адил хар нөхөр сон­гогдож, тангаргаа хоёронтоо өргөх гэж байгаа баярт үйл явдалд оролцохыг түүхэн үүргээ гэж үзсэн учраас тэд ийн хөл хөөрцөг болж яваа нь ярианаас илт. Тэгээд л “Обамагийн зурагтай футболик тэр дэлгүүрт 12 доллар гэж байна, өөр газарт 15 байсан ш дээ. Бүх Ерөн­хийлөгч нарын зурагтай таваг тэндээс л авбал хямд. Хүүе надад Мишелийн зурагтайг хараарай” гээд ам хуурайгүй ярих нь баахан тэнэж ирээд хөлөө амраах гээд ирсэн яг тэр үеийнх нь яриа л даа. “Нарантуул” зах дээр сүүдэрт зог­сон­гоо тэр лангуунаас энийг хямд авлаа гээд нэг нэгэндээ хэлж өгч байгаа манайх хөдөөний хүүхнүүд мэт харагдана. Би ч тэднээс дутах­гүй амьхандаа яриаг нь сонирхож, бас англи хэлний сонсголын хи­чээ­лээ хийж байгаа нэртэй хэрэгт дурлаж байв.

Багийн маань хоёр бүсгүй “Та­ныг яаж ажлаа хийдгийг харсан шүү” гээд намайг шоолоод байсан нь дээд давхраас цахилгаан ша­таар бууж явахдаа хэрэгт дуртай мэргэжил нэгтэн нь хөдөөний хар хүүхнүүдийн аманд орчих шахаад сууж байсныг харсных бололтой.

Үнэндээ ч би нөгөө гурвын аманд нь орж болдогсон бол ороод, гардагсан бол гарахаар сууж байсан маань үнэн л дээ. Нөгөө хоёрыгоо бодвол хамаагүй гэгээтэй царайтай, гэхдээ эрүү ам нь тэднээсээ хамаагүй урт негр бүсгүй яалт ч үгүй Мишелийн улаан фэн бололтой. Тэр хоёртоо Ми­шель­тэй холбоотой юмыг захиж байснаа энгэртээ байгаа мандатаа барьж аваад л “Би Мишельд хайр­тай” гээд үнсэх нь тэргүүн хатагтайн зурагтайнх аж. Үнэхээр л тэдний хувьд хар арьст Ерөнхийлөгч тан­га­раг өргөхөөр болж, хар арьст эмэгтэй улсын тэргүүн хатагтай гэгдэж, хоёр жаахан хар охин бас л улсынхаа хамгийн чухал хүүхдүүд болж байгаа нь энэ насны нь бахар­хал бололтой. Ер нь Барак Оба­магийн Ерөнхийлөгч болсон он цагуудад харууд нэлээд хамраа сөхсөн талаар америкчууд өөрс­дөө ч хэлдэг. Обама ч цус, яс нэгтэн тэдэндээ ажлын байр гаргах тал дээр ихээхэн санаачилгатай ажил­лаж, гудамж талбайн зохи­цуу­лагчаас эхлээд дундаж ажлын байруудыг олноор гаргасан гэдэг билээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн танга­раг өргөх ёсло­лын ажиллагааны талаар Вашинг­тонд байхдаа газар дээрээс нь сурвалжилж хүргэсэн болохоор  олныг нуршилгүй товч­лон дурдъя. Энэ гүрний хамгийн том баяр болсон АНУ-ын 44 дэх Ерөн­хий­лөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнгөрсөн нэг­дү­гээр сарын 19-21-ний өдрүүдэд явагд­сан. Уг нь арваннэгдүгээр сард болсон сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон АНУ-ын Ерөн­хийлөгчийн тангараг өргөх ёсло­лын ажиллагаа нэгдүгээр сарын 20-нд болдог. Гэхдээ ням гаригт таарсан тул нэгдүгээр сарын 21-нд буюу Мартин Лютер Кингийн өд­рөөр хийхээр зарласан байсан юм. Мартин Лютер Кинг бол арьсны үзлийн эсрэг тууштай тэмцэж, хар, шар гэлтгүй адилхан нэг газар сурч, хооллох сайхан цагийн та­лаар “Надад мөрөөдөл байна” (I have a dream) хэмээн
тунхаглаж, бас сайн цаг  иртэл бид тэсэх болно хэмээн “Бид даван гарах болно” (We\’ll shall
overcome) гэсэн алдарт ишлэлүүдээ хэлж байсан. Америкчууд хар арьстнуудаа боол­чилдог байсан тэр зэрлэг үеийг халж Ерөнхийлөгч Авраам Лин­кольн “Эрх чөлөөний тунхаг”-ийг гаргаснаас яг зуун жилийн дараа Мартин Лютер нарын тэмцэгч хар арьстнуудын тэмцлийн үрээр хоёр дахь тунхаглал гарч харууд, цагаа­нуудын хоолны газар гэж тусдаа байхаа больж, нэг ангид суралцаж, автобусанд хар нь цагаандаа суудал тавьж өгдөг байсан үе ард хоцорсон билээ. Гудамж талбай­гаар Обама бас Мартин Лютерийн зургийг барьсан хар арьстан том том залуучууд хөөр болж орилж байгаа нь анхаарал татна. Тэдний байгаа байр байдлаас хар арьстан дахиад Ерөнхийлөгч болчихлоо ш дээ гэсэн бардамнал илт. Уг нь тэртэй тэргүй арьсны өнгө ямар байх нь хамаагүй тэр даяараа Ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолыг тэмдэглэн өнгөрүүлж сүйд болж байхад тэр нь илүү л санаг­даж байлаа. Өнгөрсөн наадмаар П.Бүрэнтөгсийг түрүүлэхэд наа­дам­чин олон шинэ арслантай бол­лоо гээд баярлаж байхад, Увс нуур бөхийн дэвжээнийхэн “Увс нуур” дуугаа дуулж, нэг тиймхэн сэтгэгдэл төрүүлж байсныг Вашинг­тоны гуд­ман дахь хар залуу сануу­лаад авах шиг. Дөрвөн жилд нэг удаа болох энэ өдрүүдэд АНУ-ын метроны зарим шугамуудыг хааж, тусгай горимоор ажилладаг. Бас харуул хамгаалалт хачин чанга болдог юм билээ. Арга ч үгүй юм даа. Тангараг өргөх ёслол болох хэсэг рүү оро­хын тулд авч яваа цүнхнээсээ эхлээд бүгдийг нь нарийн шалгуулж байж босго дав­сан. Алим жүрж хүртэл оруулдаггүй нь шидчихнэ гэж байгаагийнх юм болов уу гэж таамаглаж байлаа. Шүхэр, шингэн зүйл гээд ерөөсөө цаашаа аваад орчихмоор зүйл бараг байхгүй дээ. Гэхдээ юу, юуг зөвшөөрөхгүйгээ нарийн бичээд урьдчилан тараа­сан байдаг болохоор аваад очсон бол таны хохь, хогийн сав руу л хийнэ гэж мэд. Гарч ирээд авахын зуургүй дүүрсэн хогийн савнуудыг цэвэрлэчихдэг юм бай­на лээ. Өм­нөх удаагийн тангараг өргөх ёслол болох өдөр бороотой байсан, ха­рин энэ удаа бороо, цасгүй гэж олон америк олзуур­хаж байсан нь ч аргагүй байж. Хэрэв бороо орж байсан бол яана. Шүхэртэй орох эрхгүй хойно. Мет­ронд хөнжлөө биеэрээ ороо­сон нөхөд яваад байсан нь хашир гарууд байжээ. Хэдийгээр дулаа­хан байх нь гэгдэж байсан ч тав зургаан цагаар гадаа болох арга хэмжээн дээр зогсоход хөнжилтэй хүмүүст атаархмаар байсан шүү. Яагаад ч юм эхлээд дандаа харууд нь энэ ёслолын ажиллагаанд ач холбогдол өгч ирэх юм биш биз гэсэн бодол төрж байсан нь очсон хойно дорхноо алга боллоо. Ёстой хар, цагаан, шаргүй, хөгшин хөвөө­гүй, нялх хүүхдээ хүртэл дагуулаад яваад очжээ. Бас ухаан алдаад уна­чих­сан байгаа хүн харагдана. Эргэн тойрны ганц хоёр хүн нь, эмнэлэг цагдаагийнхан анхаарал тавьж бусад нь Ерөнхий­лөг­чийн­хөө хэлэх үгийг сонсох “үндсэн ажилд”-аа л анхаарна. Эгнүүлээд тавьсан жор­лон дээр гарч, Обама­гаа харах гээд хуванцар явуулын жорлонг түжигнүүлж өгөхөд дотор нь байгаа хүмүүс ч аргагүй дээ гэсэн шиг тоох ч үгүй юм. Энэ чинь л Аме­рик юм даа гэж бодогдож байлаа. Тэнд байгаа хүмүүс Ерөнхийлөгч нь тангарагаа өргөж байгаа үйл яв­далд ихээхэн ач холбогдол өгч, тэр хүнийгээ жигтэйхэн шүтэн биширч байгаа нь илт анзаарагдаж бай­сан. Манайхан бол ч зэрэгцэж зогсонгоо л өөлчих гээд байдаг улсууд шүү дээ.  Тэнд нэгэнт та саналаа өгч дэмжсэн л бол, та дэмжээгүй ч дийлэнх олонхи дэмж­сэн л бол тэр Ерөн­хийлөгч гэсэн суурь ойлголт сүрхий гэгч нь суусан байдаг бо­лол­той.

АНУ-д дөрвөн жилд нэг удаа болдог Ерөн­хий­лөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр Вашингтон хот нэг иймэрхүү өнгө будгаар сүлэгд­дэг ажээ.

Үргэлжлэл бий.

 

 

Categories
редакцийн-нийтлэл

З.Ядмаа: Хүний амьдрал гэдэг нүүдлийн шувуу шиг юм

-ЗОХИОЛЧДЫНХОО ГЭГЭЭН ЦАГААН НАРГИАН ДУНД ЯВЖ ИРЛЭЭ ДЭЭ-

Монголын зохиолчдын эвлэ­лийн шагналт шог зохиолч, яруу найрагч Заяатын Ядмаатай ярилц­­лаа. Тэр бүр олны өмнө ил гарч бүтээл туурвил хийгээд өөрийнхөө тухай яриад байдаг­гүй эл эрхэм Зохиолчдын бай­гуул­лагын гал тогоог дөч ша­хам жил түшихдээ Явуу, Эр­дэнэ, Гайтав, Чимидээс аваад үе үеийн бурхадтай ах дүү, багш шавийн ба­рилдлагатай явсан билээ. Тэ­рээрЗохиолчдын гэ­гээн шог“, “Зохиолчид инээлдсэн он жилүүдзэ­рэг шог хошин зохиол мөнЯн­ги­рын цэнхэр уулс“, “Их үдийн говь“, “Сэт­гэлийн гэрэлт бүс­гүйзэрэг яруу найргийн номууд­тай.

Таныг чинь Зохиолчдын хо­роонд далаад оны эхээс аваад л зүүлттэй байсныг хүмүүс хэл­дэг. Тэгэхээр хэдэн онд анх босгыг нь алхаж байв. Тэрхүү дурсам­жаа­саа хуваалцвал со­нин байх болов уу?

-Далан дөрвөн оны долдугаар сарын найманд юм аа. Би гэдэг хүн Сономын Удвал  даргын тушаа­лаар Зохиолчдын хороонд ирж байлаа шүү дээ, базарваань. Хү­мүүс намайг сүрхий том зохиолч л уригдаж ирсэн мэтээр ойлгож бай­гаа байх. Гэвч би чинь нягтлан бодогч хүн. Хорин­хоё­ругаар авто­баа­зын ахлах нягтлан сөөсгөр залууг Зохиолчдын хороо нягт­лан­гаараа авч байсан түүхтэй.

Ядмаа зохиолчийг бүхий л насаараа зохиолчдын хорооны дансыг барьсныг уншигч олон гадарланаХарин та бол данс барих нэрээр зохиолчдоо шог­лож суусан хүн дээ?  

-Би чинь Санхүүгийн техни­ку­мыг хорин настай залуу төгсөөд Өмнө­говь аймгийн захиргаанд ху­ваа­ри­лаг­д­аж байлаа. Тухайн үедээ бас л утга зохиолд зүрх сэтгэлээ өгч явсны илрэл биз дээ, өмнийн говийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Тэгтэл жараад оны дун­дуур Зохиолчдын хороо­ноос зо­хион байгуулсан утга зохио­лын өдрүүд Өмнөговь аймагт зохиог­дохоор болдог юм аа. Хотоос С.Уд­вал дарга, Б.Явуухулан, С.Эр­дэнэ, Д.Пүрэвдорж, Б.Бааст, С.Даш­­дэндэв гээд олон зохиолчид очлоо. Би бол яахав, эхлэн бичигч л байсан. Гэхдээ л Пүдо (Дэн­дэ­вийн Пүрэв­дорж агсныг хэлж бай­на) багшийнхаа хараанд өрт­сөн шиг байгаа юм.  Сүүлд мэдэх нь ээ,  22 дугаар автобааз руу Пүдо багш Удвал даргын гарын үсэгтэй албан тоот хэд хэдэн удаа явуулж байж намайг зохиолч бурхдын  бөө­рөнд авчир­сан түүхтэй. Тухайн автобаазын дарга нь Баясах гэж хүн байлаа. Ц.Лоохууз нарын хэ­рэгт холбогдож байсан хүн л дээ.

Ахлах нягтлангаа тийм ч амар тавьчихаагүй байна даа?

-Үгүй яахав дээ. Намайг Өм­нө­говиос ирээд байхад тэр хүн бааз­даа авсан. Тиймээс явуулах дургүй байж л дээ. Удвал гуайн нэрээр Пүрэвдорж гуай мундагдаж байж л авсан байгаа юм. Зохиолчдын хо­роонд ирэхэд Хайдав­дан­зан­гийн Цэвээн гэж сайхан буриад хөгшин санхүүг нь хариуцаж бай­сан. Тухайн цагт Зохиолчдын хо­роо гэдэг чинь шат дүүрэн цэцэг­тэй, шал дүүрэн хивстэй, өрөө бүрээр нь зохиолчид дүүрсэн ор­дон байлаа шүү дээ. Урьд өмнө нь би тийм газар орж үзсэн биш. Наран тал руугаа харсан цацлын халбага шиг гурван давхар байшин байсан даа. Удвал гуай дарга, Түдэв гуай орлогч, Тарваа гуай “Цог” сэтгүүлийг, Эрдэнэ гуай “Утга зохиол” сонинг, Явуу яруу найр­гийн зөвлөлийг, Пүрэвдорж утга зо­хио­лын фонд, Ц.Мөнх гуай шүүмж судлал, Л.Чойжилсүрэн гуай үргэл­жил­сэн үг, Бааст гуай залуу зохиолч­дыг хариуцаж бай­хад нь би нягтлан­гаар орсон юм. Тэр том том зо­хиол­чид­той нэг дор ажиллана гэдэг бурхнаас өгсөн шагнал юм даа. Анх ороход би хамгийн залуу нь байлаа. Хог цэвэрлэж, туг хатгахаас аваад бүх зүйлд тохоон томилогдоно.  Харин наяад оны дундуур О.Даш­бал­бар, Х.Мэргэн, Н.Энхбаяр, Л.На­ран­гэ­рэл, Р.Нарантуяа, Ц.Энхбат нар ирж хойноос (Горькийн сур­гууль) ирээд би гэдэг хүн өдөр тутмын ажлаас чөлөөлөгдсөн түүхтэй.

Зохиолчдыг шоглодгоо та нэг л ярихгүй байна даа. Илт тойроод байх чинь?

-Би ганцаараа тэр бурхдыг чинь шоглоод байсан юм биш. Зарим нь нэгнээ хэргээр явуул­чи­хаад яалт ч үгүй баригдахдаа “Ядмаа л тэгж байна лээ” гээд намайгаа бариад өгчихдөг шиг байгаа юм.

-“Буурал анчны домоггэж хүн бүгдийг элэглэсэн нэг най­раг­лал бий дээ?

-Түүнийг чинь Пүрэвдорж багш, Дооров хоёр гаргасан юм. Жаран есөн онд шүү дээ. Тэр жил Зохиолч­дын хорооны 40 жилийн ой бол­сон. Өмнөговь аймгийн Утга зохио­лын нэгдлийн эрхлэгчийн хувьд би гэдэг хүн уригдлаа. Дуу­рийн театрт бая­рын хурал болсон санагдана.  Рин­чен гуай, Дамдинсүрэн гуай­гаас аваад бүх л аваргууд байсан үе. Архангайн О.Цэнд бид хоёр “Улаан­баатар” зочид буудалд нэг өрөөнд хамт байлаа. Тухайн үеэр л “Буурал анчны домог”  гарсан даа.

Бямбын Ринчен шиг буурал анчин

Жүгдэрийн Дамдин шиг их буугаа үүрээд

Бабын Ахтаан шиг бүргэд мөрөндөө суулгаж

Бөхийн Бааст шиг хав нохойгоо дагуулаад…” гээд эхэлдэг шүү дээ.

Ахмадуудын тухай дурсаач. Явуу, Эрдэнэ, Гайтавөөр хэн ч байж болно?

-Дурсвал бүгдийг нь л дурсмаар байна. Тэр аваргуудыг чинь мөн­хийн юм шиг л бодож явж дээ. Хүний амьдрал гэдэг нүүдлийн шувуу шиг юм даа. Бид чинь хавар, зуны хэдэн сар ирээд буцаж буй шувууд юм уу даа. Далан дөрвөн онд Удвал гуай эмэгтэйчүүдийн байгууллагын  ажил руу яваад өглөө. Түүний оронд Л.Түдэв гуай дарга боллоо. Нэг өдөр Түдэв даргын үүдэнд Явуу сууж байх юм. “Та энд юу хийж байгаа юм” гэхэд, дарга намайг дуудаад гэж байна. Уучихсан байгаа нь царайнаас нь илт ээ, улаа бутраад л. Гэвч сонин зажилчихсан сууна. Даргадаа үнэр­­түү­лэхгүй гэж тэр шүү дээ. Да­лаад он чинь Явуугийн жинхэнэ мандаж байсан үе биз  дээ. Энгэр­тээ төрийн шагналын тэмдэг гялал­зуу­л­чихсан дорнын их найрагч тийм л жудагтай байсан.  Дарга нараа тэгж л хүндэтгэж байсан. Одоо бол манай зохиолчид ямар болсныг мэдэхгүй юм аа.

Танаас Пүрэвдорж, Дооро­вын тухай асуулгүй өнгөрч бо­лом­гүй л байх юм?

-Дооровыг өнгөрсний дараа Х.Зандраабайдытай хамтарч “Дэл­гэр­хангай уулан дээрээс дэлхий харсан Дооров” гэсэн ном гаргаж байлаа. Миний санаачилсан ном л доо. Хоёр гурван жил хөөцөлдөж байж гаргасан юм даг. Дараа нь Пүрэвдорж гуайн тухай дур­сам­жийн ном хийсэн. “Тэнгэрлэг най­рагч” гэсэн ном. Түүнээ гар­га­чи­хаад Төр­бат, Зандраабайды бид гурав аваа­чиж өгч байв. “Та нар хэдийдээ ийм ном гаргачихав” гэж өвгөн багш минь ихэд баярлаж байсан. Ингэж л би багшийнхаа амьдад номон сувар­га босгосон хүн юм. Үхсэн хойно нь магтаад хэрэггүй, амьд дээр нь баярлуулах шиг сайхан юм үгүй гэдгийг тэгэхэд бие сэтгэлээрээ ойлгож байлаа. Дооров өрөөндөө духайчихаад л пал пал хийтэл  инээ­гээд, ганган трубээрээ тамхиа нэ­рээд, хөдөө гадааны голдуу хүмүүс тойруулаад ихэд баясалтай хөхин сууж байдаг сан. Мань хүн бусдыг явуулах, хошин яриа хөөрөө гаргах­даа цаанаа л нигууртай. Ямар сайндаа Горький төгсөж ирсэн зо­хиолч­доос өөрийнхөө зохиосон изм-ын тухай асуугаад бантанг нь хутгаж байхав дээ. “Цаана чинь “сунтагизм” гэж нэг сүрхий нэр томъёо, утга зохио­лын изм гарчээ” гээд өнөө хэдийгээ байдалд оруул­чих­на. Нэг удаа  Д.Пүрэвдорж гуай­гаас асуудгийн даваан дээр Эрдэнэ гуай “Чи бит­гий нохойтоод бай л даа” гээд болиулсан гэдэг. Сүүлд багш энэ тухай “Дооров хэрвээ надаас тэгж асуусан бол би баараггүй худлаа ярина. Үзсэн юм шиг л гөрөх бай­сан” гээд инээд алдаж байсныг санаж байна.

Зохиолчдынхоо хөгжөөнтэй явдлуудаас ярихгүй юу. Уншигч олон танаас тийм л зүйл хүсэх нь мэдээж?

-Жамсрангийн Лодой гэж үг газар гээдэггүй, егзгөр буриад хөгшин байлаа. Лодой зохиолч нэг удаа бууз хийхээр үхрийн толгой шулсан байгаа юм. Тэр нь өдөр­жин­гийн юм болж л дээ. Оройхон хэрд гэргий нь уурлаад “Лодой минь дээ чи арай л удаж байгаа юм биш үү” гэхэд, идэж байгаа юм биш боло­хоор болохгүй байна ш дээ гэж учирласан удаатай. Бас мань хүн нэг удаа Их дэлгүүрт оочерлож байж. Тэгтэл халаасанд нь гар ороод ирж. Чанга гэгч нь атгаж аваад Лодой гуай “За хүү минь чи байтугай өвгөн би өөрөө мөнгөө олохгүй байна аа. Энэ золигийн халаас нь цоорчихож ээ” гэж үнэ­нээ хэлсэн гэдэг. Одоо Пүрэвдорж багштай холбоотой түүх ярья.  Мань хүн Сэлэнгэ аймагт очиход Хас­ба­зар гэж дарга угтаж авсан байна. Тэр чинь жараад оны сүүл үе. Пүдо багш өнөө даргад “Танай нутгийн тухай нэг аятайхан шүлэг байна. Та сонс­сон уу” гээд ингэж уншсан байгаа юм.

Мохоорын үнэр ханхалсан

Модон байшинд төрсөн би

Моодон сүүлтэй гахайгаа

Морио гэж хайрладаг

Модон торхтой бараашигаа

Эхийнхээ сүү шиг санадаг

Монхор хамартай аавыгаа

Папа гэж дууддаг гэжээ. Сэ­лэн­гийнхнийг олон зүйлээр дайруулж хэлсэн хэрэг шүү. Өнөө дарга “Би огт сонсоогүй юм байна” гэснээ гэнэт  түсхийтэл инээсэн гэдэг шүү. Харин Пүрэвдорж багшийг Горькийн сур­гуульд явахад  Лам­за­вын Ванган гуай “За би чамд сайн сураарай, олон сайхан шүлэг найраглал би­чээ­рэй, утга зохио­лын олон нөхөдтэй болоорой гэж хэлэхгүй. Харин чи Москвад зам хөндлөн гарахдаа хоёр талдаа таван бүдүүн орос авгайтай л гардаг юм шүү” гэж аминчлан захисан байдаг. Пунцагийн Бадар­чаас “Болор цом” наадамд хэн хэн шүлгээ уншив гэж нэг нь асууж л дээ. Тэгэхэд нь буурал найрагч

Өвгөн Дооров халирч уншив

Өндөр Цоодол хөлөрч уншив

Бавуугийн Лхагвасүрэн шатаж уншив

Барнангийн Доржпалам шартаж  уншив

Шаравын Сүрэнжав хөл хальтарч уншив

Шагдарын Уянга хэл хальтирч уншив

Дарьгангын Дашбалбар давшилж уншив

Дэрэнгийн Чимэддорж дэвсэлж уншив

Баргын Дулмаа шил гялалзуулж уншив

Бямбажавын Энхтуяа гуя гялалзуулж уншивхэмээн
тэр дор нь хариулжээ. Энэ мэт зохиолчдын шогийг яривал барахгүй ээ.

П.Пүрэвсүрэн зохиолч угаал­гын машинд бараашиг эс­гэ­сэн гэх яриаг бас л та гаргасан санагда­на?

-Би гаргах юу байхав, болсон явдал юм чинь. Төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэн, “Тоншуул”-ын зураач Арнайн Гүрсэд хоёр нэг “юм” зохицуулъя гэтэл мөнгө нь дутжээ. Тэр даруй хоёул нэг арга бодож олсон байгаа юм. Байгаа мөнгөөрөө түргэн исгэгч, элсэн саахар аваад Пүрэвсүрэнгийнд очжээ. Тэдний шинэхэн аваад бай­сан угаалгын машинд буцал­сан ус хийгээд саахар, исгэгчээ хий­чи­хэж. Тэгээд цаг орчим нижиг­нүүлж байгаад гайгүйхэн шиг шуу­гиулж аваад өнөөхөө ууж суусан түүхтэй. Ийм л золигийн хүмүүс дээ, ма­най­хан чинь.    

Та бол Дундговийн Дэл­гэр­хан­гай сумынх. Олон зохиолч төрсөн нутаг даа?

-Өө тэгэлгүй яахав. Мань мэт шиг амьтад нь багтахгүй л дээ. С.Буян­нэмэх, С.Дашдооров, за тэгээд Дарамын Батбаяр гээд явна. “Ардын элч”-ийн Ариунаа буюу гавьяат Цэвэлсүрэн, “Морьтой ч болоосой”-гийн Гончиг буюу гавьяат Батсүх, мөн алиалагч Батсүх, морины Нан­сал­маа гээд манайхаас чинь хичнээн ч гавьяат төрсөн юм бэ дээ. Сүүлд нь миний бие зохиолч нөхдөө дурсах гэсэн юм. Дэмбээгийн Мягмар гэж агуу хүн байлаа. Түүний “Найрын ши­рээ­ний ууц” гэдэг ганцхан жүжгээр л Улсын драмын театр жилдээ сая төгрөг олсон гэдэг. Мөнгө хатуу цагийн сая төгрөг гээд бодохгүй юу. Тэгтэл өнөөдөр гэргий хүүхэд нь айлын царай харж, бараг гудманд шахуу амьдарч байна. Мөн Жиг­жидийн Бямбааг дурсмаар байх юм . “Үнэний хорвоо”, “Хорвоогийн өнгө” гэх номуудтай хүн. Яг энүү­хэн­дээ хэлэхэд өвгөн ахад нь уулзах зо­хиол­чид өдөр ирэх тусам л ховордоод байх юм аа. Зон-Пай-Жингийн Бат­тул­га гэж бас л сонин зохиолч байсныг манайхан мэднэ. “Хөх тэнгэр” романаас аваад ту­хайн үедээ шуугиантай дедектив зохио­лууд бичиж байсан хүн шүү дээ. Түүнийг далаад оны эхээр Түдэв дарга хороонд дуудаад но­мын санчаар ажиллуулж байсан. Бид хоёр нэг өрөөнд суудаг бай­лаа. Орос авгайтай байсан хүн. Дараа нь түүнээсээ салаад залуу­хан хүүхэн­тэй суугаад Дархан явсан. Тэгээд бараа тасарсан даа. Горький төгсч ирсэн хүн шүү дээ. НАХЯ-нд ажил­лаж байсан. Мөн Нанзадын Надмид гэж сайхан хөгшин байлаа. Түүнийг дурсах нь бүү хэл мэддэг хүн өнөө­дөр ховор болжээ. Тэрээр Зохиолч­дын хо­роонд жижүүр хийж байхдаа “Хү­лээс алдарсан нь” зохио­лоо бичсэн юм шүү дээ. Бид бурхны оронд хэдийнэ одсон бурхдыгаа хаа нэг дурсаж, зохиол бүтээлийг энд тэнд ярьж, гэргий хүүхдүүдтэй нь уулзаж ойр дотно байх хэрэгтэй. Ах нь ингэж л боддог оо.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Батболд: Төрийн жинхэнэ албан хаагч шиг ажиллана

Байгаль орчин, но­гоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдтой ярилцлаа.

Төрийн нарийн бич­гийн даргын ажилдаа жинхэллээ. Үүрэг гүй­цэтгэгчээр нэлээд хуга­цаанд ажилласан бо­ло­хоор ажилтайгаа та­нил­цана гэх зүйл бай­гаагүй болов уу?

-Би
бол байгаль орч­ны салбарт шинэ цэрэг биш. Энэ салбарт 20 жил ажилласан учраас ажил­тайгаа танилцана гэсэн ойлголт байхгүй. Өнгөр­сөн хугацаанд бүтэц, зо­хион байгуулалтын хувьд өөрчлөлтийн шинж ча­нар­тай механик ажлууд нэлээд байсан учраас энд анхаарлаа хандуул­лаа. Тухайлбал, байгаль орчны салбарын хоёр агентлаг татан буугдсан. Манай яам чиг үүргийн яам болсонтой холбоо­той улсын үйлдвэрийн хоёр газар байгуулагдсан гэх зэргээр хөдөлгөөнтэй байлаа. Харин одоо бид бодлогынхоо асуудалд орж байна. Засгийн газ­рын мөрийн хөтөлбөр дотор хүний аюулгүй орчинд амьдрах тухай том бүлэг бий. Тэнд бид­ний хийх ажлыг дурайтал бичээд өгчихсөн байгаа. Үүнээс гадна иргэдийн дунд асар их хүлээлттэй асуудал олон бий. Ирэх долоо хоногоос эхлээд тэр асуудлуудаас нэг нэ­гийг ээлжлэн авч бод­логын түвшинд үзэж, шийд­лийг нь оло­хоор зар­­лаж байх болно. Тиймээс хийх ажил их байна.

Та байгаль орч­ны салбарт хэр удаан ажиллаж байгаа юм бэ?

-Байгаль
орчны иргэ­ний зөвлөл буюу иргэний нийгмийн байгууллагад 20-иод жил ажилласан. Байгаль орчны төрийн ажилд хяналт тавьж, бу­руу байвал шүүмжилсээр ирсэн. Зарим тохиолдолд төрийн бус байгууллагад төрийн байгууллагаас ч давуу зүйлүүд байдаг. Би төр, төрийн бус  бай­гуул­лагын түншлэлийн сал­барт ажилласан. Миний гол хийсэн юм бол төрийн бус байгууллагыг хүчир­хэгжүүлье гэдэг оролд­логыг хийж байлаа. Бай­галь орчны төрийн бус байгууллагуудын хол­боог толгойлж байлаа, байгаль орчны иргэний зөвлөл гэж хэн ч хүлээн зөвшөөрөгдсөн байгуул­лагыг бий болоход хүчин чармайж явсан. Урт нэр­тэй хууль гарахад нө­лөөл­сөн байдаг. Цөмийн хаягдлыг Монголд булш­луулахгүй гэж тэмцэж байв.

Ногоон хөгжлийн яамыг Монголоо ногоон улс болгохын төлөө ажил­лана гэж хар ухаа­наар бодож болох юм. Үнэндээ чиг үүргийн хувьд яаж ажиллах вэ?

-Ногоон
хөгжил гэдэг бол байгаль экологид халгүйгээр, байгалийн нөөцөд тулгуурлаад ард иргэд, нийгэмд ашиг тус­тай бодлогын загварыг хэлж байгаа юм. Дэлхий нийтээрээ өнөөдрийг хүр­тэл хөгжиж ирсэн заг­вар нь өөрөө өөрийгөө сүйтгэхэд чиглэгдэж бай­сан. Өөрөөр хэлбэл, газ­рын гүнд ороод хуримт­лагдсан нүүрстөрөгч бү­хий нэгдлийг ухаж гар­гаад шатааж энерги бий болгон амьдардаг энэ хэлбэр бол хүрэн эдийн засаг, хүрэн амьдралын хэв загвар. Нефть, нүүрс зэрэг нь агаар бохирдуул­даг, байгаль орчинд хал­тай, уур амьсгалыг өөрч­лөх хэмжээнд хүртэл хор­той шүү дээ. Энэ бол бид­ний бий болгосон эдийн засаг, амьдрал. Дэлхий нийтийн энэ ханд­лагыг өөрчлөх гэж байгаа юм. Бидний гаргаж байгаа энерги нар, сал­хины гэх мэтээр хоргүй байх ёстой. Технологи нь байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөл­төд дасан зохицсон заг­варыг ногоон хөгжил гээд байгаа юм. Ой модоо огтлохоо, гол ус бохир­дуулахаа, нүүрс түлэхээ больё л гээд байна. Ногоон эдийн засгийн нэг том үндэслэл нь хэмнэлт байдаг. Жишээ болгоод хэлье. Бид компьютераар юм бичиж, албан бичиг хөтлөхдөө бичгийн цаас­ны нэг тал дээр том үсгээр тарааж бичдэг. Тэгвэл үүнийг хэмнээд үсгийн хэмжээг нэгээр багасгаад, бичгийн цаасны ар өвөр­гүй бичвэл тэр хэрээрээ асар их мод хэмнэж бай­на гэсэн үг.  Энэ хэмжээ­гээ­рээ байгалиа сүйтгэдэг зүйлүүд нь багасна. Ногоон эдийн засаг гэдэг бол ийм өчүүхэн зүйлээс эхэлдэг юм. Монголд ийм санаачилга нь байгаа учраас Ногоон хөгжлийн яамыг байгуулсан юм шүү дээ. Үүнийг хийхийн тулд зөв бүтэц тогтолцоо, судалгаа шинжилгээ хэрэг­тэй байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам чиг үүргийн яам болс­ны ач холбогдол юунд байдаг гээч. Бусад яамд эдийн засгийн хичнээн ашигтай ажил юм уу тө­сөл хэрэгжүүллээ гэхэд тэр нь байгаль орчинд халтай байвал манай яам хориг тавьдаг эрх дархтай болно гэсэн үг. Үүний төлөө бид явж байна.

Энэ тухай өмнө нь ч зөндөө ярьдаг байсан. Гэвч та бүхэн энэ өөрч­лөлтийг дөрвөн жилдээ багтаагаад хийж чадах болов уу?

-Чадна.
Энэ сэдвийг Монгол Улсын хувьд олон жил ярьсан байж магадгүй. Гэхдээ шинэч­лэлийн Засгийн газар, шинэ баг, шинэ хүмүүс энэ ажлыг хийе гэж зорьж байна. Хөгжлийн том ханд­лагыг өөрчилнө гэ­дэг бол улс төрийн намын хүсэл эрмэлзлэл байдаг. Түүнээс биш зүгээр нэг мундаг сайд гарч ирээд хийчихгүй л дээ. Ер нь Монголд бүх салбарт суурь шинэчлэл хэрэгтэй болчихоод байгаа юм. Монгол Улсын эдийн за­саг хүн рүү чиглэж байсан бол одоо ногоон эдийн засаг руу шилжинэ гэж шинэчлэлийн Засгийн газар л хэллээ шүү дээ. Өмнө нь байгаль орчны яам гэж байгаль хамгаа­лахаас бусад ажлыг хий­дэг яам байсан биз дээ. Одоо бол тийм биш. Би­дэнд энэ шинэчлэл, өөрч­лөлтийг хийе гэсэн хүсэл тэмүүлэл байна.

Төрийн нарийн бич­гийн дарга гэдэг төрийн жинхэнэ албан хаагч. Тиймээс улс төрийн намд харьяалалгүй байх ёстой байх аа?

-Хуулиараа
бол тийм. Гэвч бодит амьдрал дээр төрийн нарийн бичгийн дарга нар үргэлж улс­төр­тэй холбоотой явж ирсэн. Аль нэг намын гарал уг­саа­гүй хүн хэзээ төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байсан юм. Хууль хэрэгжихгүй байна шүү дээ. Тиймээс төрийн албаны шинэчлэлийг хийх ёстой. Гадаадын орнуудад төрийн нарийн бичгийн дарга төрийн жинхэнэ албан хаагч бай­даг. Төрийн нарийн бич­гийн дарга нь улс төрийн албан тушаалтан байдаг улс зөндөө юм билээ. Үүний аль нь бидэнд чухал вэ гэдгийг шийдэх ёстой. Төрийн алба гэдэг иргэдэд үйлчилдэг ний­тийн алба байх ёстой.

Таны гарал угсааг яривал АНынх. Өмнө нь бол МАНынхан тө­рийн нарийн бичгийн дар­гыг төрөөс мөнгө саах албан тушаал бол­гон хувиргаж байна гэ­сэн шүүмжлэлд өртдөг байлаа. Таны хувьд ийм байдлаар ажиллахгүй биз дээ?

-Намын
эрх ашгийг өргөн хүрээтэй ойлгох ёстой. Ардчилсан засагт  ард түмэндээ амласан амлалт бий. АН сонгуу­лийн үеэр “Монгол хүн” гэдэг хөтөлбөр дэвшүүл­сэн. Энэ хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч байлаа. Одоогийн Зас­гийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг ажил хэрэг болгох тал дээр төрийн жинхэнэ ал­бан хаагч шиг ажиллана. Түүнээс биш намчирхсан улс төрийн үйл ажил­ла­гаа хийхгүй. Хэрэв төрийн албаны хууль өөрчлөг­дөөд төрийн нарийн бич­гийн дарга төрийн жин­хэнэ албан хаагчаас гад­на улс төрийн албан тушаал­тан байна гэх юм бол өөр  хэрэг.

Тэгэхээр та улс тө­рийн албан тушаалтан байхыг дэмжээд байгаа юм уу?

-Одоо
яригдаж байгаа хуулийн өөрчлөлтийн талаар хэлж байна шүү дээ. Хуучин бол төрийн албыг төрлийн алба бол­го­чихсон байсан. Одоо бол төрлийн албыг төрийн алба болгохын төлөө явж байна.

Үүрэг гүйцэтгэгч бай­сан төрийн нарийн бичгийн дарга нарт зо­риулсан  шалгуур тавьж байж жинхэлсэн гэдэг асуудал ч мэр сэр яриг­даад байна лээ

-Мэдэхгүй.
Миний хувьд шалгуур нь өндөр байсан. Төрийн албанд ажилласан туршлагатай, магистраас дээш зэрэг­тэй, англи, орос хэлтэй. Биологийн чиглэлийн мэр­гэжилтэй гэх зэргийн шалгуур байсан. Энэ шал­гуурыг бүгдийг нь хан­гасан.

Төрийн нарийн бич­гийн дарга бол дэд сай­даасаа илүү эрх мэдэл­тэй гэсэн яриа бий. Та тэр эрх мэдлийг мэ­дэрч байна уу?

-Төрийн
нарийн бич­гийн дарга яамныхаа хүний нөөцийн асуудлыг мэддэг. Хэнийг ажилд авах, хэнд ха­риуцлага тооцох уу гэдэг нь эрхлэх асуудлын хү­рээнд бий. Санхүүгийн асуудлууд төрийн на­рийн бичгийн гарын үсэг­тэй явдаг. Энэ үүднээс нь дэд сайдаас илүү эрх мэ­дэлтэй гэж ярьдаг болов уу. Ер нь төрийн нарийн бичгийн даргын ажил их байдаг юм байна. Гадаад дотоодод яамыг сайд тө­лөөлнө. Хэрэв сайд эзгүй бол төрийн нарийн бич­гийн дарга төлөөлдөг байхгүй юу. Энэ утгаараа төрийн нарийн бичгийн даргын ажил хариуц­ла­га­тай ачаалал ихтэй л дээ.

Тэгэхээр та бүтцийн өөрчлөлт хэр хийсэн бэ?

-Энэ
өөрчлөлтийг сая ардчилсан Засгийн газар хийсэн шүү дээ. Бодлогын яам байсныг хэрэгжүү­лэгч яам болгож өөрч­лөөд, хоёр агентлагийг нь татан буулгасан байгаа. Миний хувьд нэг л хүнийг ажлаас нь чөлөөлсөн.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Манайхан наадам, цагаан сараар л алтаар гангардаг

Мартын наймны баяраар эрчүүд эмэгтэй­чүүдэд цэцэг, дурсгалын зүйл өгдгөөс гадна алт, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт бэлэглэх нь бий. Гурав­дугаар сар гарснаас хой­ших хэдхэн хоногт дэл­хийн зах зээл дээр алтны үнэ өсч, нэг унци буюу 31.1 грамм алт 1579 ам.дол­лараас 1583 ам.дол­­ларт хүрээд байна. Монголбанк өчигдөр нэг грамм алтыг 70861 төг­рөгөөр авч байлаа.

Алтны өсөлт манай­ханд, ард иргэдийн худал­дан авалтад хэрхэн нөлөөлдгийг сонирхож сурвалжилсан юм.

“Зоос
гоёл”-ын алт, мөнгөн эдлэлийн худал­дагч нар “Алтны үнийн өсөлтийг анхаарах хэрэг­тэй байдаг. Дэлхийн зах зээл дээр алтны үнэд өөрчлөлт орвол бид да­гаад эдлэлүүдийнхээ үнэд өөрчлөлт оруулна. Тэгэхгүй бол алдагдал ордог. Маш эмзэг бизнес учир эдийн засгийн мэдээ­лэл сайн авдаг” гэцгээж байлаа. Алт,  монетны үнийг өөрчлөх эсэхийг компанийн удирдлагууд шийдээд худалдагч­да­даа үүрэг өгдөг юм байна. “Зоос гоёл”-ын худалдагч Ц.Дүүрэнжаргал “Алтны үнэ өсч байна уу, буурч байна уу гэдэгт анхаарал хандуулдаг. Мөнгө алтаа дагадаг. Алтны үнэ өсвөл мөнгө дагаж өсдөг” гэлээ. Тэрээр энэ дэлгүүрт ажиллаад жил гаруй болж байгаа гэнэ. Түүний лангуун дээр мөнгөн хослол, монетон бөгж, алтадсан цаг өрөөстэй.

Тэрээр “Эмэгтэйчүүдийн баяр болох гээд одоо л бор­луулалт эхэлж байна. Сая гэхэд л нэг залуу найз бүс­гүйдээ зориулж мөнгөн хослол аваад явлаа. Мартаар алт, монет гэхээсээ илүүтэй мөнгөн ээмэг, бөгж, гинжийг илүү сонгодог” гэсэн юм.

Манайд Сингапур, Турк, Тайланд, Монгол, Энэтхэг, Хятад гэсэн олон орны мөн­гөөр хийсэн эдлэл зарагддаг. Гэхдээ Монгол, Турк мөнгөөр хийсэн ээмэг бөгж зонхилдог юм байна.

Хар бараан өнгөтэй мөн­гийг хар мөнгө гэдэг. Ийм мөнгийг цалин цагаан мөнгө­тэй харьцуулбал илүү бөт бөх гэх нь бий. Харин энэ нь буруу ойлголт гэдгийг Ц.Дүүрэн­жаргал хэллээ. Хийц, грам­маараа л ялгагддаг болохоос биш ижилхэн л мөнгө аж. Тэрээр Арабын нэгдсэн Эмират улсаас оруулж ирдэг “Домино” брэндийн 22-24 кратын алт, монетоор бүрсэн цагнуудаа танилцууллаа. Лангуунд нь тавигдсан хам­гийн үнэтэй цаг тус брэндийн сваровский шигтгээтэй, чулуун нүүртэй, 23 кратын алтаар бүрсэн эрэгтэй хүний бугуйн цаг. Үнэ нь 250 мянга. Түүнтэй ярилцах зуур бүрмэл цагуудыг худалдан авагчид ихээр сонирхож, үнэ ханшийг сонсч, хямдралтай эсэхийг нь тодруулж байлаа.

Үнэт эдлэлийн худалдаг­чид алт, монет, мөнгийг унци нэгжээр бус лан, цэнгээр хэмжиж яриад хэвшчихсэн байдаг юм байна.

Харин алт үнэт эдлэлийн “Эрдэнийн гоёл” дэлгүүрийн худалдагч баяр дөхөхөөр л худалдан авалт ихэсдэг, монголчууд загвар, хийцийг нь харж байж сонголт хийдэг болсон тухай ярилаа.

Алт үнэт эдлэлийн “Мөн­гөн завъяа” дэлгүүр хөл хө­дөлгөөн ихтэй байлаа. Ан­заа­раад байхад мөнгөн эдлэл зарж байгаа лангуун дээр л охид, бүсгүйчүүд хоёр гурваараа очоод баярын гоё­лоо сонгож байлаа. Харин алт, монетон эдлэл, мөнгөн аяга мэтийн лангуунууд дээр ганц нэг л хүн очоод үнийг нь сонирхох.

Сваровский шигтгээтэй, гоёлын чулуун шигтгээ, нүдтэй мөнгөн ээмэг, бөгж, зүүлт одоо их гүйлгээтэй байгааг уулзсан худалдагч бүр ярьж байлаа.

Алт, монетон эдлэл даг­наж зардаг худалдагчид ойрд орлого багатай сууж байгаа аж. Учир нь манайхан цагаан сар, наадмаар алтан эдлэл худалдан авч, гангардаг юм. Алт, монетон эдлэлийн лангуунуудынхан сая цагаан сарын өмнө гүйлгээ сайтай байж их л урамтай ажил­лацгааж. Харин одоо Март болох гэж байгаа учир мөн­гөн эдлэлийн лангууныхны ажил эхэлжээ. Тэд гайгүй орлого олж байгаа бол алт, монетон эдлэлийн худалдагч зарим өдөр ганц нэгхэн бараа зардаг бол за­рим­даа хоосон буух ч тохиол­дол байгаа гэнэ. Үүнийгээ дэлхийн зах зээл, алтны үнийн өсөлттэй огтхон ч холбохгүй юм. Угаас цагаан сарын дараа алт, монетон эдлэлийн худалдаа буурдаг аж. Жилийн жилд л ийм байдаг байна.

Гэхдээ яахав бусад өд­рүүдийг бодвол Март, цэр­гийн баяр, Эх үрсийн баяраар харьцангуй дажгүй орлого олно.

Алт, үнэт эдлэлийн худал­дагчаар арав гаруй жил ажил­ласан Н.Долгорсүрэн гуай­гаас зарим зүйлийг тодруул­сан юм. Киноноос харж бай­хад дээр үеийн хүмүүс алт, мөнгөн зоос, эдлэлийг хуу­рамч эсэхийг нь үлээж чихэн­дээ нааж сонсож шалгаж бай­гаа нь харагддаг. Бас алт, мөнгөн эдлэлийг хазаж, до­лоож ч байх шиг тохиолдол­той таарч байсан удаатай. Энэ бүхнийг түүнээс лавлаж сонирхлоо. “Алт, мөнгөн эд­лэл авахдаа юуны түрүүнд сорьц болон улсын үйлдвэ­рийнх нь тэмдгийг шалгах ёстой. Би олон жил худалдагч хийхдээ янз бүрийн л хүнтэй таарч байсан. Алдартай дарх­чуул алтыг үнэрлээд л хуурамч уу, үгүй юу гэдгийг мэдчихдэг юм. Тэр дархчуу­лаас “Алт ямар үнэртэй вэ” гэж асууж л байлаа. Хуурамч алтнаас төмөр үнэртдэг гэсэн” гэж Н.Долгорсүрэн гуай яриад “Харин би шууд хараад л алт мөн үү, үгүй юу гэдгийг мэддэг. Бас алган дээрээ алтан эдлэлийг тавиад дэн­сэлж үзээд л мэднэ” гэлээ.

Олон жилийн өмнө нэгэн дэлгүүрт хамт ажилладаг байсан худалдагч нь эртний эдлэл худалдан авдаг байж. Тэр хүн эртний алт, мөнгөн эдлэлийг үнэрлэж үзэж байж л худалдан авахаа шийддэг байсан гэнэ. Эртний хэт хутга, хөөрөг, авдрын булангийн мөнгөн хамгаалалт гээд юу ч байсан үнэрлэнэ. Алтыг ин­гэж маш сайн мэдэрч, өвөр­мөц шалгадаг хүмүүс одоо ч мэр сэр тааралддаг тухай тэрээр нэмж ярьсан юм.

Мөнгөн эдлэлтэй харь­цуул­бал монет, алтан эдлэл гүйлгээ бага. Энэ нь үнэ ханш­тай нь ч холбоотой байдаг гэнэ. Худалдан авагчид орж ирээд алтан эдлэл авахаар бол эхлээд загвар хийцийг хараад дараа нь хаанахын алт вэ гэж лавладаг байна. Тэгээд үнэ ханш нь таарвал хямдруулаад авна. Түүнээс биш алтны үнэ өсөөд байна уу, буураад байна уу гэдэгт огт анхаардаггүй, тоодоггүй гэ­сэн.

Гэхдээ эдийн засгийн чиг­лэлээр ажилладаг юм уу, нярав, нябо мэтийн мэргэ­жилтэй зарим хүмүүс “Сая хэдэн сар алт айхавтар өсөв өө. Одоо нэг хэсэгтээ буурна гэсэн. Тийм болохоор нүдэл­сэн бөгжөө авъя” гэсээр ороод ирэх тохиолдол байдаг аж. Гэхдээ бараг мянгад нэг гэсэн. Манайхан Монголын­хоо алтаар хийсэн эдлэлийг нэг их сонирхдоггүй байна. Хийц загвар нь сонирхолтой биш, сүүжин, навчин гэсэн улиг болсон цөөхөн загвар­тай гээд залуус тоохгүй.

“Мөнгөн
завъяа”-д одоо гүйлгээтэй байгаа бараа нь гоёлын чулуун болон сва­ровк­сий шигтгээтэй мөнгөн эдлэлүүд. Том, жижиг, хөх, ягаан, цагаан, улбар шар гээд янз бүрийн шигтгээтэй хараа булаам мөнгөн ээмэг бөгж­нүүд хийц загвараасаа шалт­гаалаад өөр өөр үнэтэй бай­на. Хүмүүс ер нь загварыг л чухалчилж бараагаа сонгож байгаа аж. Дараа нь Урт цагаан болон хуучнаар Хүнс­ний нэгдүгээр дэлгүүрийн ойр орчимд үйл ажиллагаагаа явуулдаг дэл­гүүрүүдээр орлоо.

Мартын наймны баяртай холбоотойгоор эрчүүд, за­луус орж ирээд мөнгөн хос­лолын үнэ их асууж байгаа гэнэ. Алтан, монетон эдлэ­лийн гүйлгээ зун, наадам, намрын дунд сар хүртэл “унтамхай” байдаг тухай ярив.

Урт цагаанд алт авдаг ченжүүд “Алтны үнэ хэлбэл­зэлтэй байсан ч томоохон дэлгүүрүүд тэрийг дагаад үнээ өөрчлөөд байдаггүй. Яахав сардаа нэг удаа л үнээ хөдөлгөж байгаа харагддаг. Харин алтны үнийн өсөлтөд гярхай хандаж, өөрчлөлтийг нь дагадаг хүмүүс бол бид шүү. Одоо чинь гэр орондоо алт хадгалдаг хүн байдаггүй. Бурхан бүтээлгэх юм уу, ээмэг, бөгж болгож хадгалдаг. Алт байгалиараа байснаас бүтээл болбол илүү үнэд хүрдэг” гэцгээнэ. Тэд нэг грамм алтыг дунджаар 70-71 мянган төгрөгөөр худалдан авч байгаа юм байна.

Харин хотын төвд ажил­ладаг ломбардууд нэг грамм алтыг 68-75 мянган төгрөгийн хооронд худалдан авч бай­гаа аж. Ийм их хэлбэлзэлтэй байгааг “Алтны үнэ зах зээл дээр хэлбэлзэлтэй байгаа болохоор тэр” гэж тайлбар­лаж байв.

Ченжүүд мэдээллийн хэ­рэгсэл, банкуудын мэдээл­лийн самбар, бие биенээсээ алт, мөнгөний ханшийн мэ­дээл­­лийг шуурхай авдаг бол ломбард ажиллуулдаг хүмүүс зурагтын мэдээний доогуур урсдаг алтны цаг үеийн мэдээнд анхаарал хандуулж хэдэн төгрөгөөр худалдан авахаа зохицуулдаг аж.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ынхан мэндчилгээгээрээ хэлмэгдсэн олныг дахин шархлуулав

МАН байгуулагдсан баярын өдрөөр тус намын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Зан­даншатар нарын намынхаа гишүүд, дэмжигчид, журмын нөхдөдөө хандан гаргасан мэндчилгээ олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж, бас хүмүүсийн эгдүүцлийг тө­рүүлж байна. Уг мэндчил­гээнд “Ардын нам ард түмнээ удирдан манлайлж, Монгол орноо гал усны гашуун зов­лон­гоос гэтэлгэн, эрх чөлөө­тэй, тусгаар тогтносон, бүрэн эрхт улсыг байгуулж “зуугийн нэг нь дутуу бичигтэй, зур­гаагийн нэг нь дуганд олбог­той” байсан монголчуудыг бие эрүүл, ухаан саруул бол­гож, энх цагийн бүтээн бай­гуулалтыг санаачлан өр­нүүлж, атрыг эзэмшин орчин үеийн үйлдвэр, хот сууринг сүндэрлүүлж, их Нацаг­дор­жийн хэлснээр “хуучин Мон­голыг шинэ Монгол”, “хуучин хүүг шинэ хүү” болгон өөрчил­сөн билээ” хэмээн дурджээ. Монголчуудын бараг нэгэн зууны түүхтэй холбогдох улс төрийн намын хувьд хийж бүтээсэн нь ч багагүй, хэлмэг­дүүлж орхидуулсан нь ч бас байдаг. Харин олон нийтийн дургүйцэн хүлээн авч байгаа нь “зургаагийн нэг нь дуганд олбогтой” байсныг болиул­сан тухайгаа сануулсан явдал юм. Зургаагийн нэг нь дуганд байсныг болиулсан тухай энэ сэдэв бол мон­голчуудад тун эмзэг хөндүүр. Монгол хүн нэгнээ үзэл бодол, баримтлал, ёс жаяг, шүтэх эрх чөлөөнийх нь төлөө гадуур­хаж хүний ёсноос гадуур там­лан хороож байсан түүх бол бидний хамгийн гунигт түүх билээ. Үүнийг аль болох мартаж, хайртай нэгнээ алд­сан хүмүүсийн хагацлыг сэд­рээхгүй, тэр хүнд өдрүүдэд хавчигдан гадуурхагдаж, бас тэр хэлмэгдүүллийн улмаас амьдралын зам мөр нь тэс өөр болсон хатуухан хувь заяг нь сануулахгүй байх нь чухал баймаар юм. Гэтэл тэрхүү хэлмэгдүүллийг гардан хий­сэн тус намын энэ цагийн удирд­лагууд ойн мэнд­чилгээн дээрээ яг үүнийгээ онцлон дурдсан нь харам­салтай. Тэгэхээр зургаагийн нэг нь дуганд байсныг үгүй бол­гохын тулд өч төчнөөнөөр нь сүм дуган хийд шатааж, олон мянган халуун амийг хороосон гэдгээ ингэж зарлах хэрэг байсан юм болов уу. 1922 оноос 1990-ээд оныг хүртэлх хугацаанд 36 мянга орчим хүн улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн байдаг. Тэр дунд 17 мянган лам хув­раг шийтгэгдсэний 14 мянгыг нь буудан хороосон юм. Бас нийгмийнхээ боловсролтой, сэхээрэлтэй уншиж мэдсэн хүмүүсийг нь сорчилж хэл­мэгдүүлсэн талаар түүхчид бүгд л хэлдэг. Дуганаас нь гаргах гэж мянга мянгаар нь хороож бас мянга мянгаар нь айдас хүйдэст автуулан хөдөөд хар болгон суулгаж байсан тэр гунигт явдлыг нь энэ баярын өдрөөрөө бахдал болгон сануулах хэрэг бай­сан юм болов уу даа. Мон­голчуудын итгэл бишрэл, сү­сэг сүжрэлээрээ өргөж босго­сон Мэгжид Жанрайсэгийг хэсэгчлэн харийн газар руу зэвсгийн үйлдвэрт явуулсан байдаг. Буяны үйлийг тохуур­хаж байгаа мэт бурхныг нь их бууны сум хийхээр явуулж байхад нэг талаас айдаст автсан нөгөө талдаа буддын сургаалыг дагадаг монгол­чууд толгой гудайн өнгөрүүлж байлаа. Аливааг хүлцэж өнгө­рүүлэх ёстой гэдэг бурхны шашных нь ч онцлог биз. Лалын шашинтнууд бурхан шүтээнийг нь үгүй хийх бай­тугай их зөнч Мохамедийг нь шоглон зурлаа гээд сүйд болохоо шахдаг. Коран суд­рыг нь урлаа гээд бөмбөг тавихаа дөхдөг шүү дээ. “Нэг хацрыг чинь алгадвал нө­гөөгөө тавьж өг гэдэг” Хрис­тосын шашинтнууд ч цагаа тулахаар тийм зөөлөн аядуу байхгүй. Манайхаас өөр газарт энэ мэт мэдэгдлийн дараа аюул болох байсан байлгүй. МАН-ынхны аз боло­ход манайхан эгдүүцэн дургүйцэж байгаа ч эсэр­гүүцлийн жагсаал хийж асуу­дал үүсгэхдээ аажуу тайвуун хүмүүс юм даа. Улс төрийн тулхтай хүчин гэдэг атлаа МАН-ынхан энэ удаад тун бүдүүлэг алдаа хийлээ. Намын удирдлагууддаа үгийг нь бэлдэж өгөгсөд, зөвлөхүүд нь уран гоё үг бичиж өглөө гэж санаж байж болох ч энэ бол монголчуудын сэтгэлийг сэм­лэсэн гунигт түүх, энэ намынхны ичиж, нууж явах ёстой алдаа нь юм. Атрын аяныг сайшаан дурдсан ат­лаа нэгдэлжих хөдөлгөөний талаар ган ч хийгээгүй байсан. Нэгдлийн талаар ярьчихвал өмч хөрөнгөө ний­гэмчлүүлж, хоосон үлдсэнээ хүмүүс дурсч, бас малыг хувь­чилж өгсөн АН-ын талаар саначих учраас дурдаагүй байж болох юм. Яг үүн шигээ л зургаагийн нэгийг дуганаас гаргаснаа орхичих байлаа даа.

Учир мэдэх хүмүүс “Ком­мунистууд олноороо дар­виж хөөрөхөөрөө хяналтаа алд­даг. Яг тэрүүгээрээ ийм алдаа хийлээ дээ” гэх нь сонстож байна. Дэлхийд хуучны ком­мунист намууд бүрэн утгаа­раа татан буугдаж шинээр дараа, дараагийн намууд байгуулагдсан түүх өдгөө ч үргэлжилж байгаа. Харин манай МАН татан буугдал­гүйгээр шинэ цаг ахуйд баг, арьсаа солин амьдарсан. Яг л тэр хэвээрээ яваагийн ба­тал­гаа нь мэндчилгээндээ үүх түүхээ сөхөн гаргаж, хэлмэгд­лийн сүүдэрт дайрагдсан хүмүүсийг дахин шархлуулж байна. Зүй нь үүнийхээ төлөө ард түмнээсээ уучлалт гуйж, бас ерээд онд татан бууг­даагүйн алдааг ч сөхөн ярих хэрэгтэй юм. Гэвч МАН олон жилийн турш эрх бариад энэ тухай ярих боломжгүй бай­лаа. Одоо бол сөрөг хүчин болсон учраас бүр бодохын ч эцэсгүй болов.

Уг нь коммунист нэрээсээ салчихсан байсан бол одоо­гийн гишүүдэд нь ч, дараа дараагийн дэмжигчдэд нь ч хэрэгтэй байсан юм. Дор хаяж мэндчилгээн дээрээ энэ мэт алдаа гаргахгүй байлаа.

Одоо нэгэнт сөрөг хүчний намаа татан буулгах тухай ярих байтугай санахын ч аргагүй учраас энэ яриа хэсэгтээ нам жим байж таарна, тэгээд ч эрх баригч хүчний хувьд сөрөг хүчнээ муу муухай нэртэй, хүч султай байлгахдаа дуртай байдаг учраас АН-ынхан ч МАН-аа муу нэртэй, луу данстай нь байлгахыг хүсч байгаа болол­той юм. “Манай намын 11 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа” гэж  нэгэн гишүүн нь ярилцлага өгсөн байна лээ. Эндээс нь харвал эрх баригчид нь ч сул дорой байлгах хүсэл их байгаа байх нь, бас нөгөө талаас нь хар­вал яагаад хэрэгт холбогддог улсууд юм гэсэн логик дараа­лал гарч ирж л байгаа юм.

Юутай чиг энэ нам ком­мунист түүхээсээ
салж, бас энэ мэт алдаа эндэгдлээ мэнд­чилгээндээ бахархал мэт дурдаж ард түмнээ шарх­луулж, доромжлохгүй байх нь хүмүүст хүргэх
хамгийн энэ­рэнгүй мэндчилгээ
байх байлаа.

Categories
редакцийн-нийтлэл

“Халтар царайт”-ын Стрелита нуугдмал нэгэн

Каракасийн чинээлэг айлын хүү Мигиел Ангел Гонзалес ядуусын хо­роол­лын, сонин зардаг үзэсгэлэнт охин Стре­литад анхны харцаар дур­лана. Тус хотын нэр нөлөө бүхий баян айлын том хүү гудамжны халтар царайттай хайр сэт­гэ­лийн холбоотой болсон нь бүх үйл явдлын эхлэл, зангилаа, учир утга бол­дог. Хэдий хайр дурлалд нь саад бэрхшээл, зовлон гуниг, салалт, мэхлэлт тохиолддог ч хосууд эцэст нь уулзаж, үлдсэн амьд­ралаа хамтдаа өнгөрүү­лэхээр болж буйгаар “Хал­тар царайт” кино дуусдаг.

Телевизийн олон ангит “Халтар царайт” кино 1992 онд Венесуэ­лийн телевизээр гарч тухайн үедээ шуугиан тарьсан.

Энэ кино англи, орос, монгол, филиппин хэл дээр орчуулагдсан бөгөөд Монгол, АНУ, Филиппин, ОХУ зэрэг улсуудын томоохон телевизүүдээр гарсан байна.

 

“Халтар
царайт”-ын Стрелитад тоглосон Венесуэл, АНУ-ын жүжигчин Соня Элеонора Смит удам дагасан жүжигчин. Ээж Илеа­на Жаке нь 1947 онд Германд төрсөн бөгөөд Венесуэлийн ал­дар­тай кино жүжигчдийн нэг юм. Тэ­рээр ганц хүүхэдтэй, тэр нь Соня Смит.

Соня драмын театр, кино зураг авалт руу ээжийгээ дагаж очдог байсан нь жүжигчний мэргэжил, амьдралыг сонгоход нөлөөлжээ.

Соня Смит 1972 онд Пеньселваны мужийн Филадельфи хотод төржээ. Эцэг эх нь түүнийг багад нь хоёр тийш болсон бөгөөд Илеана Жаке охиноо дагуулаад Венесуэлд буцан иржээ. Соня испани орчинд өссөн учир испаниар чөлөөтэй ярьж, бас герман, англиар ярьж, бичдэг юм байна. Коллежид сэтгэлзүйн чиглэлээр суралцдаг байхдаа “Халтар царайт” кинонд тоглосон нь түүнд маш их нэр алдрыг хайрлаж, жүжигчний амьд­ралыг эргэлт буцалтгүйгээр сон­го­ход “ташуур” болжээ. 12 нас­тай­гаа­саа кинонд тоглож жүжигч­ний замналаа эхлүүлсэн ч түүнд жин­хэ­нэ амжилт, олонд танигдсан алдар хүндтэй болоход “Халтар царайт” кино нөлөөлснийг Вене­суэлийн урлаг судлаачид нэгэн дуугаар хэлдэг байна.

“Халтар
царайт”-ын Стрелита­гийн дүрийг амьдруулснаар Соня зөвхөн Венесуэлийн жү­жиг­чин гэгдэхээ больж олон улсад алдартай болсон юм. Холливудад данстай жүжигчин бүсгүй маань гуч гаруй уран сайхны кино, арваад жүжиг, телевизийн олон ангит гучаад кинонд гол болон туслах дүр бүтээгээд байгаа аж. Тэрээр одоо энэ оны сүүлээр дэлгэцэнд гарах “Маридо Эн Алгүлэр” гэх цувралд тоглож байгаа юм.

Айлын ганц охин, ээжтэй­гээ хоёулхнаа амьдардаг байсан нь эрх дураараа гэхээсээ илүүтэй аливаад хэрсүү хандаж, зорьсон­доо хүрэхийн тулд юуг ч даван туулдаг, зоримог зантай болгосныг ээж нь нэгэн ярилц­лагадаа дурд­жээ. Соня бүрэг ичимхий, танихгүй хүнээс бишүүрхдэг, ганцаардмал зантай охин байж. Харин ээж нь урлаг, тайз руу хөтөлсөн нь ган­цаард­мал араншингаа гээхэд нь тусалжээ. 

Соня Смит олны танил, Холливудын алдартай жүжигчин боловч хувийн амьдрал, өөрийн­хөө талаарх мэдээллийг хав дар­даг. Үүнийгээ “Миний амьдрал бол миний л амьдрал” гэж тайл­бар­ладаг аж. Түүнтэй холбоотой ямар нэгэн сенсаци, папараци гарч байсан удаагүй. Тэрээр “Би АНУ-д төрж, Испанид өссөн ч ээж минь намайг герман хүүхэд шиг хүмүү­жүүл­сэн. Тоглох, хичээлээ давтах, зурагт үзэх бүхий л зүйл минь нарийн хуваарийн дагуу явдаг байлаа” гэж ярьжээ. 

Соня “Олвидартэ Жамас” ки­нонд хамтран тоглосон Мексикийн жүжигчин, сайхан залуу Габриел Поррастай гэрлэжээ. Тэд 2008 оны хоёрдугаар сард хуримаа нууцаар хийсэн юм. Соня одоо Миамид нөхөр, ээжийнхээ хамт амьдарч байна.  

Соня Смитийг алдартай продюс­сер, нэр хүндтэй эрхмүүд “Цайвар үстэй, цэнхэр нүдэт бүсгүй” хэмээн тодотгодог. Түү­ний бүтээсэн дүрийг алдартай болгоход цайвар урт үс, гал цогтой цэнхэр нүд нь нөлөөлсөн гэхэд эргэл­зэх аргагүй.

Ирэх дөрөвдүгээр сард 41 насны төрсөн өдрөө тэмдэглэх Соня Смит “Жүжигчний амьдрал нүргээнтэй ч би тайван амгалан байж, өглөөний кофегоо тухтай ууж, орой нар жаргахыг ширтэн харах дуртай” гэжээ.

Харин “Халтар царайт” кинонд хамтран тоглож Мигель Ангелын дүрийг бүтээсэн жүжигчин Гуил­лер­мо Давила 57 насны босгыг алхаад байна. Тэрээр гурван удаа гэр­лэсэн боловч аль нь ч бүтээгүй. Даниела, Элена гэх хоёр охин, Гуиллермо гэх нэг хүүтэй. Хүүх­дүүдтэйгээ уулзахын тулд Каракас, Миамигийн хооронд ирэн очин явдаг, амьдралтай аж. Сүүлийн үед дорвитой бүтээл хийгээгүй, дууны урлагаа орхичихоод байгаа аж.

1990-ээд оны эхээр монгол­чуудыг байлдан дагуулсан “Халтар царайт”
киноны гол дүр Стрелита ийн
даруухан, нууцлагдмал амьдарч уран бүтээлээ
үргэлж­лүүлж байгаа бол Мигель Ангел урлагаас
жаахан хөндийрчихсөн аж төрж байна.

Та бүхэндХалтар царайткиноны дууны шүлгийн орчуулгыг сонирхуулъя.

 

Яасан сайхан тогтуун, уянгалаг үдэш вэ

Дуудаад дуудаад ханамгүй нэрийг чинь

Сэтгэлийнхээ чанадад энхрийлэн шивнэнэм

Хэзээ ч мартахгүйгээр зүрхэндээ хадгалнам

Намайг ховсдон дурлуулсан чинийхээ

Ид шидийн гэмээр орон зайд умбан

Хүсэл мөрөөдлийн ертөнцдөө мансуурч

Улаахан булбарай уруулыг чинь үнснэм

Шөнөжин чи минь хүсэл гижигдэнэ

Чамдаа илбэдүүлсэн мэт тэмүүлнэ

Хүсэл бүхнийг минь эзэмдсэн чи минь

Ая дуу болгондоо намайг урин дуудаач

Алив хонгор минь хүрээд ир

Амьдралыг жаргал болгоё

Анхны шөнөөс илүү

Надад өгсөн тэр мөч шиг

Алив хонгор минь хүрээд ир

Биесээ илбэн таалъя

Жүжгийн аз жаргалтай төгсгөл шиг

Энэ шөнө бидний хайранд амт нэмнэ

Би тэсэхгүй ээ, тэсэхгүй нь хонгор минь.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

МАХН МАН-тай нийлбэл их далайд уусах шалбааг адил

Манайх, танайхдаа тулж нэрээ булаацалдаж, хоёр тийш харсан МАН, МАХН хоёр нэгдэх, эвсэх тухай  улс төр их явж байна. Энэ хоёр намын өнөөдрийн энэ найр­саг байдал аль аль талдаа алдаатай, богино зайны мул­гуу улс төр шиг санагдах юм. Гэлээ гээд нам байтугай нь салж нийлдэг болсон хойно энэ яриа нэг их шинэ содон гайхаж  мэгдэхээр  зүйл бай­сан­гүй. Энэ нэгдэл нь МАН-д  хожил авчирч магадгүй, бүр цаашлаад  намын дарга Ө.Энх­­түвшинд бага зэрэг ашгаа өгч болох юм. МАН өнөөдөр үзэл баримтлал,  үнэт зүйл, есөн шидээ хэлээд нэгдэж, нийлэх санал хэлж,  гуйж  гувшаад байна. Ямар ч аргаар хамаагүй Ерөнхийлөг­чийн сонгуульд ялахын тулд ингэж улайрч байгаагаа нууж,  “Намын гишүүдийн хүсэл саналыг харгалзаж байгаа” гэж хэлсэн нь ёстой худал үг. 

Н.Энхбаярын хүн гэгддэг Д.Загджав, Р.Раш нарын хүмүүс МАН-даа үлдсэн. Тэг­вэл эх сурвалжийн мэдээл­лээр тэр хоёрыг Ө.Энхтүвшин рүү  Н.Энхбаяр илгээсэн гэдэг. Гэхдээ энэ нь байж болох хувилбар ч  үнэн, худал нь батлагдаагүй. Аргаа барж байсан МАН-ын дарга үүнийг хүлээж авснаар эвсэх, нэгдэх тухай ярих эхлэл тавигдсан гэж нэг хэсэг нь ярьж байгаа бол нөгөө хэсэг нь Ө.Энхтүв­шингийн өөрийнх нь санаа­чилга гэх. 

 
Ямартай ч үзэж чадахгүй байсан Н.Энхбаярыгаа шо­ронд очиж эргээд л сүйд болов. Хувь хүнийхээ хувьд очсон гэдэг ч  улс төрд бас өөр эрх ашиг байдаг шүү дээ.

Уг нь Шинэчлэлийн гэх Н.Алтанхуягийн Засгийн га­зар­тай МАХН-ынхан Ерөн­хий­лөг­чийн сонгуулиар ч хамтарна гэж гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Эвсэх, нэгдэхийн тухайд МАХН  Бага чуулганыхаа хуралдаанаар болон удирдлагын түвшинд хэд хэдэн удаа ярьсан ч тодор­хой шийдэлд хүрээгүй байгаа гэсэн. Гэхдээ л зарим нэг хүн дэмжиж, зарим нь эсэргүүцэж өнөөдрийг хүртэл эцсийн шийдээ албан ёсоор гаргаагүй л байна.

Нэгэнт гэрээгээ зөрчиж, өөр намтай хамтарч сон­гуульд орох болбол Ардчил­сан нам нүүр өгөх нь юу л бол. Гүйх нохойд гүйхгүй нохой саад болно гэгчээр МАН МАХН-тай сүжрэлдэх зуур М.Энхсайхан бас гараад ирлээ. МАХН-д ч, АН-д ч   гомдолтой тэрээр МАН-ынх­ныг царайчлав уу гэлтэй на­мын баяраар нь илтгэл та­виад л дагаад намирлаа. Энэ бүхэн Ө.Энхтүвшингийн хувьд  загатнасан газар маа­жих шиг таатай санагдалгүй яахав.  Ингээд л цагтаа нам­даа жигүүр ургуулж, сандар­гаж явсан нөхөр чинь аль, алиныг нь аманд орсон шар тос гэж хүлээж авах нь тэр.

Хоёр намын энэ гэнэтийн дотнослыг МАН-ын хүн бүр хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш. Ц.Нямдорж “Их да­лай шалбаагтай нийлдэггүй” гэж хэлсэн байна лээ.  Нээрээ ч их далай шалбаагтай нийл­лээ гээд хэзээ ч шалбааг болохгүй. Харин шалбааг бол их далайд юу ч үгүй замхардаг. Ингэхээр энэ яриад байгаа нэгдэл, сон­гуульд хамтарч орох явдал нь  МАХН-ын хувьд ямар ч ашиг­гүй. Бүр эсрэгээр МАН-ын хувьд намаа салгаж, бутар­гаж орхиж яваад сонгуулиар саналыг нь хувааж гай болсон өрсөлдөгчөө үгүй хийн уусгаж авахад ашигтай байх биз. МАХН-ынхан харин үүнийгээ  “Ерөнхийлөгчийн сонгуулиар л  хамтарч байгаа болохоос  нэгдэж нэг нам болно гэсэн үг биш” гэж тайлбарлаж байгаа. Нэгэнт МАХН-аас Ерөнхий­лөгчид хэн нэгнийг нэр дэв­шүүлэхгүйгээс хойш МАН-тай нийлэх хэрэг байна  уу. 

Нэгэнт гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа  Ардчилсан намаасаа нүүр буруулаад МАН-тай сон­гуульд хамтарч орлоо гэхэд дараа нь хаашаа очих юм бол, хэнтэй нэгдэх юм бол. Ардчилсан нам орхиод явсан МАХН-ыг дахиад өвөртлөх үү. МАХН-тай, МАХН-гүй учраа олно байх. МАХН-ыг гараад явлаа гэхэд АН дараа­гийн нүүдлээ аль хэдийнэ бодчихсон байгаа. Тиймээс энэ тохиолдолд хоёр туулай хөөсөн МАХН л хоосон хоцорно. Данзанравжаагийн “Хэвлийдээ бадгана тээсэн ертөнц” гэдэгчлэн МАХН нь МАН-д амь бөхтэй үлдлээ гэхэд намыг нь хагалах том фракц л болж үлдэх магад­лалтай. Түүнээс биш хэзээ ч цааш хамт явахгүй. Энэ хоёр нэгдэн нийлээд хүчирхэг нам болж чадахгүй.

Харин МАН-ын  даргын хувьд ашигтай тусч мэдэх учир нь С.Баяр шиг намаа ашиглаад намаараа тоглоод хаях санаа байх гэж улс тө­рийн ажиглагчид ярьж байна.

Ө.Энхтүвшин өөрөө
Ерөн­хийлөгч болно гэж үзээд ийм алхам хийх гэж байгаа
бол цаашдаа энэ нь намынхаа байр суурийг ганхуулах, дээр нь МАХН гэдэг намыг үгүй хийхэд л хүрнэ.
С.Баяр намын дарга болоод сон­гуульд нам нь ялчихаад бай­хад намынхныхаа үгийг сон­солгүй ялагдсан намтай  хам­тарч засаг байгуулж байлаа. Оюу толгойн гэрээг
байгуулж өөртөө ашиг унагасан гэдэг хардлага
сэрдлэг дүүрэн яриа явдаг.
Ямар ч байсан өөртөө ашигтай бүхнийг хий­гээд л намаа орхисон.
Энэ  бүхний
дараа зөвхөн өөртөө
л намаа үйлчлүүлсэн мэт харагддаг. Яг энэн шиг
Ө.Энх­түвшин өөрөө
Ерөнхийлөгч болохын тулд л намаараа ингэж
тоглож байна уу гэлтэй. Тэгээд Ө.Энхтүвшин Ерөн­хий­лөгч
боллоо гэхэд хуу­лиа­раа тэртэй, тэргүй
намын гишүүнээрээ байна шүү дээ. Ингэхээр МАХН МАН-тай  нийлнэ гээд хөөрцөглөөд байгаа нь их далайд нийлсэн шалбааг  шиг л болно. МАХН-аас хэнбугай нь ч МАН-д ирээд
дээшээ  гарч ирнэ гэж байхгүй. Бүр Н.Энхбаяр нь байлаа ч  гарч ирэхгүй.  МАХН-ын Мянгат, Түмтийн дарга нар гээд гайхуулаад байгаа нөхдүүд нь ч хорооны намын зааварлагч болбол их юм болоод
л дуусна.  Ямар ч тохиолдолд МАН ардчиллын
зарчмаар олонхиороо асууд­лыг шийднэ гээд л хүч
түрнэ.   МАН даргаа ч олонхиороо өөрсдөө гаргаж ирнэ. Удир­дах албан тушаалуудад ч өөрсдийнхөө хүмүүсийг
олон­хиороо гар өргөөд л тавина. Энэ бүхнээс болоод хоёр намын гэнэтийн  нөхөр­лөл тийм хол явахгүй
бөгөөд үүрдийнх биш зуурдынх байх болов уу.  Ер нь сөнөж буй амьтад бие биенээ үздэггүй барьж иддэг гэсэн. Манайд ховордоод байгаа мазаалай   бие биенээ барьж иддэг юм гэсэн. Хоёр биеэ үзэхгүй бай­сан энэ хоёр нам ч барьж иддэг дээрээ тулсан
энэ үедээ  үзэл
санаан дээр нэг­дэнэ гэдэг тэнэг хэрэг.

Categories
редакцийн-нийтлэл

Н.Төгсцогт: Би эрийн цээнд хүрчихлээ

Лондонгийн олим­пийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгс­цогттой ярилц­лаа.

Анхны сэтгэгдэл гэдэг зүйл цаг хугацаа улиран одсон ч тэр л хэвээрээ байдаг. Таныг одоо ч Монголын ард түмэн 17-хон настай бокс­чин хүүгээр л тө­сөөлж, хүлээн аваад байдаг юм шиг ээ. Танд тэгж санагддаг уу?

-Тэгэлгүй
яахав. Би тэр үеэс хойш өөрчлөгд­сөн. 21 нас хүрэх гэж байна. Нас бие гүйцлээ. Ер нь бол эрийн цээнд хүрчихлээ шүү дээ. Би бас тэгж боддог юм. Хү­мүүс тэр үед 17-той жаа­хан, хөөрхөн хүүхэд л гээд байдаг байсан. Анхны сэтгэгдлээрээ л байх юм даа, хэдэн ч жил өнгөр­сөн. Магадгүй тав, зур­гаан жилийн дараа дахин амжилт гараад 27 нас хүрэхэд хүмүүс “Нөгөө 17-той нас хүү чинь энэ байна” гэх байх даа гэж боддог юм.

Тэмцээнээр гадагшаа явах гэж байгаа гэв үү?

-Маргааш
явах гэж байна. Гер­ман, Чех руу. Олимпоос хойш хоёр тэмцээнд орлоо. Алт, мөнгөн ме­даль авлаа. Улсын аваргад өрсөл­дөөд түрүүллээ.

Лон­дон­гийн олимпийн меда­лийн тавцанд зогсч байхдаа та мөнгөн медалиа биш, өөрийгөө чамласан янзтай байсан?

-Олимпоос
медаль авахаар мэдээж сайхан байлгүй яахав. Тэр үеийн агшин бол сэтгэлд дундуур байсан. Олимпийн мөнгөн медаль бол том медаль. Юун би голох байтугай.

Алтан медалийн төлөө тог­лож байхдаа тэсрээд хамаг хү­чээ шавхаагүй гэж үү?

-Миний
анхаарал гүйцэхгүй байсан л даа, тэр үед. Тархи ядарч анхаарал төвлөрөхгүй байсан. Тэр өдрийн өглөө нь юм идэж чадаагүй, жаахан шингэн юм уусан. Одоо тэр талаар яриад яахав. Чехэд болдог тэмцээнд кубчууд ирдэг юм. Харин Германы тэмцээнд кубчуудыг оруул­даггүй. Тийм болохоор Че­хийн тэмцээнд надтай олимпийн алтан медалийн төлөө тоглосон тамирчин маань ирнэ. Одоо л өрсөлдөгчөө харна даа. Цаашид олон таарна. Би олимпийн рингэд өөрөөрөө байж чадаагүй. Одоо тоглоод дийлэхгүй бол үнэхээр дийлэхгүй л байж гэж бодно.

Өрсөлдөгчөө үзэн ядах то­хиол­дол гардаг уу?

-Үзэн
ядах юм байхгүй. Хүндлэл үзүүлэх хэрэгтэй л дээ, тамирчин хүмүүс бие биедээ. Тэр үед миний уур хүрч, шар хөдөлсөн. Дараа­гийн тэмцээн хурдан болоосой гэж бодож байсан. Эсвэл цагийг ух­рааж болдог бол ямар сайхан юм бэ гэж бодогдсон. Тоглолтын хэд­хэн хором асар хурдан өнгөр­чих­сөн. Цаг хугацаа асар хурдан ч өнгөрсөн, би ч хурдан ядарсан. Ядраад л байсан. Хичээгээд хичээ­гээд оноо ч гүйцээгүй.

Та хэдэн нас хүртлээ бок­соор хичээллэе гэж боддог вэ?

-Мэдэхгүй.
Магадгүй энэ жил ч байж болно.

Өөрийг тань монголчууд хол явах сайн боксчин гэж боддог шүү дээ?

-Сонирхогчийн боксоосоо боли­лоо гэхэд мэргэжлийн бокст тоглоно л доо.

Мэргэжлийн бокс илүү эрс­дэлтэй санагддаг?

-Надад
мэргэжлийн бокс илүү таалагддаг. Олон үеийн турш тэсвэр хатуужлыг шалгадаг хүнд спорт. Зүгээр зогсвол цохиулаад унана. Нимгэхэн бээлийтэй 12 раунд тоглоно.

Олимпийн дараа та их л зав­гүй харагдсан. Энд тэнд уриг­даж, янз бүрийн ёслолд орол­цоод л?

-Өнгөрсөн
аравдугаар сар хүр­тэл л тийм байсан. Хэцүү ч юу байхав. Тамирчин хүн амрах ёстой. Ярилцлага өгөөд яваад байхынхаа оронд бэлтгэлээ хийх хэрэгтэй. Хайран цаг зав. Хувийн ажил амьдрал, сургууль соёл гээд их завгүй байлаа.

Энэ хавар сургуулиа төгсөх билүү?

-Энэ
жил дөрөвдүгээр курс. Боломжоороо хичээлдээ очоод номоо уншаад, даалгавраа аваад явж байгаа. Мөрдөн байцаагч, цагдаа мэргэжлээр төгсөнө.

Таны энгийн өдөр хэрхэн өрнөдөг вэ?

-Янз
бүр. Өглөө босоод нүүр гараа угаагаад, цай уувал уугаад, уухгүй бол тэгээд гараад явна. Ихэвчлэн өглөөний цайгаа уудаг­гүй.

Яагаад?

-Жин
барьсаар байгаад тэгээд сурчихсан юм болов уу.

Гавьяат тамирчин Н.Бүр­гэдаа гуайтай ярилцахад тэрээрБи тамирчин байх хугацаандаа 15 жил өлсгөлөн явсангэж ярьж байсан. Та  жингээ барихын тулд хоолоо хэр сойдог вэ?

-Би
өлсөөгүй (инээв). Жингээ хасах үедээ л жаахан өлсөнө. Би нэг их нервгүй. Идье гэснээ ид­чих­нэ. Заавал цадталаа идээд яах юм. Жаахан юм идчихээд гуч, дөчин минутын дараа мартаад сайхан болчихно. Ам л их цангадаг юм. Бүх бие хуурайшаад. Тэр л хэцүү. Ходоод халуу дүүгээд унтаж ча­дах­гүй. Тэгээд л хоолноос эхлүүлээд янз бүрийн юм бодоод хэвтэнэ. Угаас цаг хугацаа чинь хурдан өнгөрдөг. Юм гэдэг чинь дуусна. Тэр бүхэн амжилттай дуусвал гоё. Сэтгэл хангалуун байдаг.

Та өөрийгөө тамирчны зам­на­лаар яваагүй байсан бол өдийд ямар явах байсан бол гэж төсөөлдөг үү?

-Бодогдоно
л доо. Гэхдээ тө­сөө­лөг­дөхгүй байна аа, юу хийгээд, яаж явж байх байсан бол гэж.

МонголынЗөн билгийн ту­лаантэмцээний ялагч Т.Заманд гуайн охинтой таныг холбоод бай­гаа. Та хоёр сүй тавьсан юм уу?

-Бид
хоёр үерхээд л явж байгаа. Сүй тавиагүй ээ.

Олимпийн дараа хаагуур амрав?

-Гайгүй
амарсан. Хөдөө явсан. Хөвсгөл, Архангай, Эрдэнэт явсан. Гадагшаа нэлээд явлаа. Тэгээд л бэлтгэлээ хийгээд оны өмнө тэм­цээнд орсон. Түүнээс хойш бэлтгэлээ хийгээд л яваад байна.

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Шинэ хоббитой болсон уу?

-Гэртээ
компьютер тоглоом тог­лоно. Чөлөөт цагаараа юу хийх вэ дээ, та ч гэсэн мэдэж байгаа шүү дээ. Манай Монголд хэд алхаад л баар сав, зоогийн газар байна. Чөлөөт цагаараа хийгээд байх юмгүй. Бэлтгэлээ л хийхгүй бол болохгүй. Бэлтгэлээ хааяа ганц нэг тасалчихдаг, санаандгүй. Тэгэнгүүт л хийх юм байхгүй. Үнэн уйдаж байгаа юм чинь. Бэлтгэлгүй л бол байж чадахаа больчихсон. Тэр хэмнэлдээ дасчихаж.

Ирэх олимпийн алтан ме­даль цээжинд тань багтаж байна уу?

-Мэдээж
шар хөдөлж байна. Аварга болохыг хүсч байна. Одоо аварга биш мөнгөн медальтан гэж дуудуулж байна. Тааламжтай биш байна.

Хэрэв та энэ үгийг 1990, 2000 оны үед хэлсэн бол хүмүүс таныг дүргүйцэн хүлээн авах байсан. Тэр үед ДАШТээс хүрэл медаль авбал л том амжилт гэж үздэг байлаа?

-Өөртөө
л итгэнэ шүү дээ. Ми­ний өмнөөс өөр хүн тоглохгүй.

Таныг өөртөө ийм их итгэл­тэй, хүчтэй байлгадаг зүйл юу вэ?

-Би
эхлээд сугалаагаа сонсоно. Дараа нь зүгээр л эвлэрчихдэг юм, тоглолтдоо. Ямар ч хүнтэй таарсан бай хамаагүй. Тоглолт ойртох тусам миний бодол санаа бэлэн болоод байдаг. Тэгээд л рингэд гарахад аль хэдийнэ хожчихсон байдаг. Зарим үед рингэний гадна, дотор, тоглолтын өмнө өрсөл­дөг­чийн минь гаргаж буй тэнэг үйлдэл намайг улам хүчтэй болгодог.

Та гадаадад том тэмцээнд явж байхдаа эх орон, уул усаа сэтгэлдээ төсөөлж, эрч хүч авдаг уу?

-Уул
хад, сайхан байгалиа бодно. Аргалын хөх утааг үнэртэж байна гэж төсөөлдөг. Эмээ, гэр бүлийнхэнтэйгээ халуун ам бүлээ­рээ бөөнөөрөө цэвэр агаарт, голын дэргэд сууж байгаагаар их төсөөл­дөг юм. Миний гар утсан дээр Монголын үзэсгэлэнт байгалийн сайхан зургууд бий. Заримдаа бүр төсөөллөөрөө Монголдоо оччих­сон юм шиг болно. Зарим үед үнэхээр гоё байж чаддаг. Хүн чинь байнга өөдрөг байгаад байхгүй. Унаж босно. Тэмцээний нэг өдөр зөндөө л юм болдог.

П.Сэрдамба, Э.БадарУуган гавьяатууд тамирчны замналаа зогсоож байх шиг байна. Тэгэ­хээр таны нуруун дээрх үүрэг хариуцлага улам нэмэгдэж бай­на уу даа?

-Нэмэгдээд
байх ч юу байхав. Хийх ёстой юмаа хийнэ дээ. Тэм­цээн­дээ сайн оролцоход л болно.

Та Монголд өрнөж буй өдөр тут­мын мэдээллийг хэр авдаг вэ?

-Сайн
авна шүү. Сайтууд руу орно. Мэдээ үзнэ.

Үлгэрийн ном уншдаг хэ­вээ­рээ юу?

-Үлгэрийн
ном уншина ш дээ. Бараг бүгдийг нь уншаад дуус­чих­сан (инээв).

Таны хүсэл?

-Олимпийн
аварга болчихоод тэр шөнө нь унтахгүй үүр цайтал монголчууд, шүтэн биш­рэг­чид­тэй­гээ цахим ертөнцөд байж, фэйс­бүү­кээр харьцана. Асуусан бүх асуултад нь хариулна даа гэж хүсч байлаа.

Гэхдээ таны хувьд Лон­дон­гийн олимп эхлэл байсан шүү дээ?

-Эхлэл
байсан л даа. Цаашид юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ, тийм үү. Гэхдээ ямар ч байсан энэ жилийн ДАШТ-д оролцох сонирхол байна. Боломж байвал мэргэжлийн боксоор явах санаатай байна.

Та мэргэжлийн боксоор нэг хэсэг тоглосон. Хэр удлаа?

-Лигт
зургаа, долоон сар бол­сон.

Гадны боксчдоос сайн найзал­даг найз гэвэл?

-Азербайжаны 64 кг-ын жинд тоглодог Г.Батула. Бабала гэж дууддаг. Сая олимпод оролцсон юм. Надтай үе тэнгийн хүүхэд. Азербайжанд байхдаа хамт бай­сан.

Сая УАШТд аль жинд үзлээ?

-56 кг-ын жинд ороод аварга болсон. Жин ийм болчихлоо л доо, өмнө нь 52, 54 кг гэж байлаа. Хуучнаараа байсан бол би 54 кг-ын жин руу орох байсан. Өөрч­лөгд­сөн болохоор одоо 56 кг-ын жинд тоглохоос өөр аргагүй боллоо. Эс­вэл 52 кг-ын жиндээ ч юм уу. Миний хувьд 52 кг-ын жин бол гоё жин. Энэ жиндээ би дэлхийн аварга, олим­поос мөнгөн медаль авлаа.

Лондонгийн олимпийн үеэр манайхны хувьд дас­гал­жуу­лаг­чийн ур чадвар дутсан спорт бол бокс байсан гэж анзаарагдсан?

-Тийм
зүйл байхгүй л дээ. Ми­ний зуун хувийн алдаа болсон. Олимпийг бодохоор бухимдмаар ч юм шиг. Яахаараа ч тийм юм болчихдог юм бэ дээ. Гэхдээ цаа­наа­саа л болох ёстой зүйл болж байгаа байх л даа.

2009 оны ДАШТ-ий тэр үед миний сэтгэлзүй дэлхийн хэмжээнд хүрээгүй байсан. Зүгээр л арван жилийн  сурагч. Сургуулиа тэр жил төгсч байсан хүүхэд. Өөрийгөө сайжраад тийм түвшинд очсоноо ч мэдээгүй. Финалын тоглолт хүртэл гоё байсан. Финалын тог­лол­тод сул, нэг л сонин тоглочих­сон. Хүн чинь алдаагаа засдаг бол засахаар. Гэтэл энэ жил дахиад л нэг л хэвийн байсаар байгаад хожигдчихсон. Миний л буруу. Өөрийгөө зохи­цуулж чадаагүй. Өмнөх тоглолтууд ямар гоё бай­лаа. Өмнөх тоглолт гэснээс хамгийн гоё, оргил үе гэвэл олимпийн эрх олгох  Аста­нагийн тэмцээн л дээ. Формондоо орчихсон үе. Гучин оноо авч байлаа ш дээ. Нэгдүгээр тойрогт Азийн наадмын аваргыг техникийн илт давуу байд­лаар ялаад хоёрдугаар тойрогт Азийн аварга Энэтхэгийн тамирч­ныг 30:10-ын харьцаагаар буулгаж аваад дараа нь Пакистаны та­мир­чин­тай олимпийн эрхийн төлөө тоглосон. Тэр тамирчныг 22:9-өөр буулгаж авсан. Тэгээд Японы та­мирч­ныг 22:6-аар ялаад финалд Казахстаны тамирчинд 14:18-аар ялагдчихсан.

Та томоохон тэмцээнээс ме­даль авчихаад эх орон руугаа яараад сэтгэл догдлон хонодог уу?

-Яах
ч үгүй ээ. Онгоцондоо унтаад л ирнэ. Олимпоос алт авсан хүмүүс догдлоод нойр нь хулждаг байх. Олимп, ДАШТ-ээс л алт ав­чи­хаад тэгж догдолно доо.

Д.ГАНСАРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН