-ЛААЗТАЙ УНДААГААР ТАРХИА ХАГА ЦОХИУЛСАН И.ДОРЖСАМБУУ ГАРЬД ТОЛГОЙДОО
ОЁО ТАВИУЛЖЭЭ-
Монгол Улсад зэвсэгт хүчний байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан өнгөрөгч амралтын өдөр Монгол бөхийн өргөөнд болсон билээ. Уг барилдаанд Архангай аймгийн харьяат улсын начин Р.Пүрэвдагва түрүүлж, Булган аймгийн уугуул улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэсэн юм. Телевиз радиогоор орон даяар шууд дамжуулсан барилдаан үзэгч олонд сэтгэлийн цэнгэл таашаалыг эдлүүлэхээсээ илүүтэйгээр маргаан мэтгээнтэй, тэр ч бүү хэл цус нөжтэй болсон. Тодруулбал, уг барилдааны долоогийн даваанд тунаж хүч үзсэн гарьд И.Доржсамбуу, харцага Ө.Бат-Орших нарын хооронд маргаан үүссэн. Тэр нь бөхчүүдийн хооронд болдог л үл ойлголцол байв. Гэвч соёлгүй зан, бүдүүлгээрээ зартай үндсэндээ зэрлэгшсэн үзэгч олон бөхчүүд рүүгээ, бөхийнхөө дэвжээ рүү ундааны сав, хог новшоо шиддэгээрээ шидэллээ. Тэгтэл хэн нэгний шидсэн лаазтай ундаа Доржсамбуу гарьдын толгойг хага цохижээ. Цус нөжтэй нь холиод хаячихав.
Гарьдын дүү Ёндонсамбуу ахынх нь толгойг хага цохисон этгээдийг хайж хэсэгтээ манаргаад авав. Бөхийнхөө өргөөнд тухлан бөхөө үзэж буй үзэгч олон монгол бөхийн дэвжээ рүүгээ ундааны сав шидэх нь үнэндээ хэвийн үзэгдэл болсон. Өмнө нь бол хоосон сав шиддэг байлаа. Тэр нь бөхчүүдийн болоод хөлийн цэц, засуулуудын тархи толгойг онодог ч цус урсгалгүй өнгөрдөг байсан. Тэгтэл энэ удаа лаазтай ундаа шидэж эхэлдэг юм байна. Цаашдаа зэрлэг балмад этгээдүүд бөх үзэх нэрээр чулуу хормойлж орж ирээд дургүй хүргэсэн бөхчүүдийнхээ тархийг хага хага цохиод, нүд амыг нь булуу болтол нь хавдааж хөхрөөгөөд гаргах нь л дээ. Энэ байдал саяын барилдаанаас илт анзаарагдлаа. Энэ дашрамд дуулгахад, Бөхийн өргөөнд бөх үзэж буй хүмүүс ихэвчлэн согтуу байдаг юм билээ. Миний бие өмнө нь хэд хэдэн удаа бөх үзэж байсан. Арын суудлуудад тухалсан олон ундааны саванд ихэвчлэн архи хийж, түүнээ уугаад мансуурч суугаа нь ажиглагдсан. Архи, тамхины үнэр нэлдээ ханхалж, тийм нэг огиудас хүрмээр санагдсаныг нуух юун. Тэгэхээр бөхийнхөө дэвжээ рүү шидэж буй ундааны сав бол үнэн чанартаа архины сав юм. Архи ууж хагас галзуу болсон олон л тэгж балмад авирлан хүний толгой хага цохино шүү дээ.
Тэднийг ийн ёс зүйгүй авирлаж байхад хэн юу ч гэж хэлдэггүй. Их хурлын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын гишүүд гээд төрийн өндөрлөгүүд хойморт нь сууж л байдаг. Ард түмэн ундааны саваа бөхчүүд рүүгээ нүүлгэж л байдаг. Гадна дотнын зочдын нүд орой дээрээ гарахаар, өөрийн эрхгүй айдас төрөхөөр ийм л байдал хэний ч хараа хяналтгүйгээр давтагддаг. Зарим нь бүр ингэх ёстой шүү дээ гэсэн байдлаар хүлээж авах нь бий.
Тэгэхээр энэхүү бусармаг байдлыг одооноос эхлээд таслан зогсоомоор байна. Монгол үндэсний бөх бол зүгээр нэг тэмцээн уралдаан биш юм. Энэ бол төрт ёсны уламжлалт баяр. Зуу зуун жилийг туулж ирсэн тухайн үндэстний бахархал, түүх соёл зан заншил, шашны илэрхийлэл юм. Монгол бөх бол монголчуудын хэдэн түүхийн буурал улбаанд бий болгосон үндэсний соёл, дархлагдсан шашин ёс жаяг юм.
Монгол бөх гэдэг утга агуулгад чухамдаа юу юу хадгалагдаж оршдогийг бид мэднэ. Тэгэхээр бөхийнхөө дэвжээ рүү уусан архи, ундааныхаа шилийг шиднэ гэдэг үндэсний өв соёл, ёс уламжлал руугаа өшиглөж буйтай агаар нэг билээ. Үүнийг бид бүхэн яагаад ухамсарлахгүй байна вэ. Яагаад ийм зэрлэг балмад, ёс зүйгүй, жудаггүй, хэрцгий болоо вэ,
Бөхийнхөө ариун дэвжээг ингэж бузарлаж болохгүй ээ. Хэдэн бүдүүлэг нөхдийн ёс зүйгүй авирлаж буйг болиулах үнэндээ амархан даа. Бөхийн өргөөг камержуулмаар байгаа юм. Секц бүрийг нь камержуулчихсан байхад лаазтай ундаа шидэж хүний толгой хагалах нь байтугай тамхи татаад ишийг нь суудлынхаа хажууд шууд хаяж буй, бохь зажлаад түүнийгээ дэвсгэр дээр огт тоосон шинжгүй шидчихэж байгаа нөхөд тодорхой болно. Ёс зүйгүй үйлдэл гаргасан этгээдэд мэдээж хуулийн дагуу арга хэмжээ авна. Олон нийтийн газар танхайрч, бусдын биед халдсан этгээдэд арга хэмжээ авах зүйл заалт Монгол Улсын Эрүүгийн тухай хуу-линд байгаа. Ийм л маягаар шийтгээд эхлэх юм бол үзэгчдийн танхайрал дарагдах болов уу.
Гэхдээ гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг бөхчүүдэд өөрсдөд нь бас асуудал байна аа. Үүнийг Доржсамбуу гарьдад хамаатуулж хэлж байгаа юм биш л дээ. Бүх бөхчүүдэд хэлж байна. Тэд олны өмнө ил цагаан худлаа барилддаг, хэн нэгэндээ бууж өгдөг. Найраа гэдгийг гардан хийж авлига хээл хахуульд идэгдчихсэн туучийнууд л даа. Цэргийн баярын өдрөөр цэргийн бөх түрүүлдэг, Увсынхны ойгоор Увсын бөх, аливаа нэг байгууллагын ойгоор тухайн газрын бөх нь түрүүлдэг бичигдээгүй хууль монгол бөхөд бий болсон. Энэ нь манай хүчтэнүүд, бидний хайрлаж хүндэтгээд хамаг байдлаа барьж өгөөд байгаа бөхчүүд маань илт худлаа барилдаж нэгэндээ найр тавьдгийн тодорхой жишээ л дээ. Тэгэхээр бөхчүүд маань мөн ийм бусармаг байдлаа зогсоочих ёстой юм. Тийм ухамсар тэдэнд байх учиртай билээ. Худлаа барилдаж бууж өгөөд байгаа нь үзэгчдийн дургүйцлийг хүргээд байгаа хэрэг шүү дээ. Тархиа хага цохиулсан Доржсамбуу гарьдтай холбогдлоо. Тэрээр толгойндоо оёо тавиулснаа хэлж байна. Чухам юунаас болж тархиндаа “сум” зоолгосноо ийн тайлбарлалаа. “Бат-Орших харцагаас би сэнжигний барьц авч урдуураа таллаад шуудагдаад автал хашлага тулчихсан. Тэгээд үндсэн барьцаараа барилдаанаа үргэлжлүүлэх гэтэл харцага барьц өгөхгүй гэсэн. Намайг хашлагад тулгаж барьц авсан гэж Бат-Орших үзсэн л дээ. Бид хоёрын дунд иймэрхүү л үл ойлголцол барилдааны явцад үүссэн. Ингээд ерөнхий хөлийн цэц болох Сэрээтэр харцага, Бумбаяр заан, Өвгөнхүү харцага, Цэнгэлсүрэн начин нарын цэцүүд зөвлөлдөөд барилдааныг үндсэн барьцаар нь үргэлжлүүлэх нь зөв, хашлагад тулахаас өмнө барьцаа авсан гэж үзсэн. Тэгээд л барилдаан үргэлжилж би давсан юм. Энэ л үзэгчдийн сэтгэлд нийцээгүй бололтой. Над руу ундааны сав шидэлж эхэлсэн. Тэгтэл хэн нэгний шидсэн лаазтай ундаа тархийг минь хага цохисон доо. Надад бол буруу байгаагүй ээ. Би ном дүрмээрээ л барилдсан” гэв. Харин тухайн барилдааныг дэргэдээс нь үзэж суусан бөх сонирхогчоос тодруулахад ийм хариулт өгөв. “Үзэгчдийн ёс зүйгүй авирлаж байгаа нь буруу л даа. Арай л хэтэрхий харагддаг. Гэхдээ Бөхийн
өргөөнд очоод, үзэгчдийн суудалд суугаад бөх үзэхэд дургүй хүрмээр, өөрийн эрхгүй эсэргүүцлээ илэрхийлмээр юм хум шидэлмээр зүйл зөндөө гардаг. Үндэсний бөхийн хэдхэн секундэд болоод өнгөрч буй барилдааныг бүү хэл өмнөхөө ч сайн хардагт эргэлзэхээр хөгширсөн өвгөдөөр хөлийн цэц хийлгэхээ эхлээд болих хэрэгтэй. Тэд л хамаг будилааны эзэд байдаг. Түмний нүдэн дээр ил болсон барилдааныг улаан цайм буруу шийдвэрлэх нь бий. Унасан бөх нь давж давсан бөх нь тахимаа өгөх тохиолдол бишгүй л гардаг даа. Үүнд үзэгчид дургүйлхэхээс өөр яах билээ. Мөн засуул гэж мануухайнууд байна. Тэд бөхийнхөө малгайг бариад зогсож буй зүгээр л нэг дээлний гол болсон хүмүүс. Хоёр нүднийх нь өмнө болж буй барилдааныг тэд л сайн мэдмээр. Гэвч засуулуудад мэдэж байгаа юм үнэндээ байдаггүй. Доржсамбуу гарьд, Бат-Орших харцага хоёрын барилдаан хашлагад тулж барьц авсан, аваагүй гэж л маргасан. Сайн засуулаад байсан бол “Доржсамбуу гарьд аа, та хашлагад нааж аваачаад л шуудагны барьц авчихсан шүү дээ. Ингэхээ болиоч” гэж шударгаар хэлнэ. Эс бөгөөс “Бат-Орших оо, чи үндсэн барьцаараа барилд” гэнэ. Энэ хоёр бөхийн барилдаан шиг ийм байдал зөндөө л гардаг” гэлээ.
Тухайн барилдааны ерөнхий хөлийн цэц ардын багш, улсын харцага Д.Сэрээтэрээс тайлбар авахад, Доржсамбуу гарьдтай ижил тайлбарыг өгсөн. Үндсэн дүрмийн дагуу барилдаан болсон гэдгийг хэлсэн хэрэг. “Доржсамбуу гарьд хашлагад тулаагүй байхад барьц авсан. Тэгээд л барилдаан үргэжилсэн. Бат-Орших харцагыг хүмүүс дэмжиж болно. Гэхдээ бид бол дүрмийн дагуу л барилдааныг явуулах үүрэгтэй. Доржсамбуугийн хувьд харамсалтай байна. Манай үзэгчид дэндүү бүдүүлэг, соёлгүй байна” гэсэн юм. Үндэсний бөхийн холбоо ч үзэгчдийн ёс зүйн тухай ярьж байлаа. Цэргийн баярын барилдааны үеэр болсон “хэрэг”-ийг тал бүрээс нь сөхөхөд ийм байна. Монгол бөхийн дэвжээ маань ийм л ариун бус болж, үзэгчдийнхээ хог новшоор даруулдаг болжээ. Бөхийн дэвжээнд доромжлуулах юу ч биш амьд үлдвэл л дээдийн заяа болох нь ээ. Ингэхэд Бөхийн өргөөг анх ундааны саваар дүүргэж үзэгч олныг дэлбэртэл уурлуулсан хүн маань цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ шүү дээ. Яагаав, тэр жилийн цагаан сараар Их хурлын танхимаас ирж барилдаад тухайн үед ид бяр нь жагсаж жинхэнэ торгон ирэн дээрээ байсан Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарыг хүчээр буулгуулан ард түмнээ доромжлоогүй билүү. Ингэж л аварга маань Бөхийн өргөөнд их том нүгэл үйлдсэн, түүний жишиг л өнөөг хүртэл хадгалагдаад яваад байна даа, хөөрхий.
Н.ГАНТУЛГА