Categories
редакцийн-нийтлэл

Үнэ өсөх ямар ч шалтгаан харагдахгүй байна

Өнгөрсөн жилийн хавар  валю­тын ханшаас болж нефтийн үнэ литр тутамдаа 200 гаруй төгрөгөөр нэмэгдэж байсан бол энэ жил лав л валютын ханшаас шалтгаалж  шатахууны үнэ нэмэгдэхгүй. Учир нь Засгийн газрын оны өмнөхөн босгосон 1.5 тэрбум ам.доллар бидэнд  бий. Өөрөөр хэлбэл зах зээлд хомсдол үүсэхээргүй хэмжээ­ний валют Монгол Улсад байна гэсэн үг. Бүх зүйл нь импортоос хамааралтай манайх шиг зах зээлд юмны үнэ өсөх гол шалтгаан бол валютын огцом хэлбэлзэл байдаг. Зах зээлд валют хомс­дохоор ханш нь өсдөг, ингэж өсөхөөр валютаар хийгддэг юмны үнэ өсөхөөс аргагүй болдог учраас тэр. Үнэ өсөөд байдгийн бодитой гол шалтгаан нь ердөө л энэ. Өнөөдрийн хувьд бидэнд хан­галттай хэмжээний валют байгаа болохоор үнэ өсөх гадны ямар нэг эрсдэл харагдахгүй байна. Баяр бүрээр сүрээ мэдрүүлж, үнийн өсөлтийг удирддаг байсан ноён доллар талын Монголд талтай хандаад эхэлчихсэн. Монголын төрийн гадны хөрөнгө оруулагч­даас авсан 1.5 тэрбум ам.доллар гадаад валютын нөөцийг ихэсгэж, бидний амьдралд наад зах нь ийм эерэг нөлөө үзүүлж байна. Цагаан сараар юмны үнэ өсөх вий гэсэн айдсыг алга болголоо гэхэд ч хэтрүүлсэн болохгүй.

Монгол банкныхан үнийн өсөлт үүсгэхгүй байх ажлуудыг аль хэдийнэ хийгээд эхэлчихсэн. Тэд зах зээлд ханшийн огцом хэл­бэлзэл үүсгэхгүй байх зорилгоор валютын дуудлага худалдаа зо­хион байгуулж, валютын зах зээлд байнга оролцож байгаа гэнэ. Жил бүрийн яг өдийд буюу цагаан сарын өмнөхөн богино хугацааны валютын эрэлт нийлүүлэлтээсээ давамгайлах байдал ажиглагддаг. Олзуурхууштай нь Төв банкнаас энэ үед валютын захад валют нийлүүлж ханшийн огцом хэлбэлз­лээс сэргийлсэн ажлуудыг хийхээр ажиллаж байгаа юм билээ. Өөр нэг баримт хэлье. Манай валютын урсгал 2012 онтой харьцуулахад сайжирсан. Өнгөрсөн онд 75 сая ам.доллар байсан бол одоогийн байдлаар 150 сая ам.долларт хүрсэн. Ханшийн хэлбэлзэл өмнөх жилүүдтэй харьцуулахад тун бага байна. Жил бүрийн нэг, хоёрдугаар сард ханшийн хэлбэлзэл өсөх хандлага ажиглагддаг бол энэ жил ондоо байгаа. Өнгөрсөн оны нэг, хоёрдугаар сард ханшийн хэлбэл­зэл 0,47 хувьд хүрч байж. Гэтэл энэ онд  ханшийн хэлбэлзэл 0,12 хувь байна. 0,35 хувиар бага гэсэн үг. Инфляци ч буурсан үзүүлэлттэй байна. Цагаан сарын өмнөхөн юмны үнэ өсөх эрсдэл байхгүй гэдгийг нотолсон бас нэг жишээ  гэвэл энэ.

Сар шинээр урд хөршөөс их хэмжээний бараа бүтээгдэхүүн импортолдог болохоор юанийн эрэлт ихэсдэг. Энэ эрэлтийг  Хята­дын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн эх үүсвэр болох 1.6 тэрбум ам.доллартай тэнцэх хэм­жээний буюу 10 тэрбум юаниас хангана гэж Төв банкныхан хэлж байна. Тэгэхээр сар шинийн өмнө­хөн юанийн ханш чангарч, най­маачид урдаас авчирсан бараа­ны­хаа үнийг өсгөхгүй гэсэн үг. Бас нэг таатай мэдээ гэвэл манай улсын аж ахуйн нэгж байгууллага, бан­кууд ч жил жилийн яг өдийд үүсдэг ханшийн эрсдлээс хамгаалах ар­гаа мэддэг болчихсон. Өөрөөр хэлбэл энэ эрсдлээс хамгаалсан бодитой ажлууд болох  валютын своп, форвард хэлцлүүдийг ашиг­лаж байна. Ийм хэлцлүүдийн хэрэглээ жилээс жилд нэмэгдэж  байгаа. Өнгөрсөн оны нэгдүгээр сард банк хоорондын зах дээр 50 сая ам.долларын своп, форвард хэлцэл хийгдэж байсан бол энэ оны эхний сард 300-350 сая ам.дол­ларын своп, форвард хэлц­лүүд хийгдэж байна.

Өмнө нь доллар, юань чангарс­наас болоод юмны үнэ өслөө гэсэн тайлбар сонсогддог байсан. Энэ тайлбарыг яах аргагүй бодитой шалтгаан юм даа  гэж хүлээж авдаг байв. Харин өнөөдөр зах зээлийг ажиглаж байхад ийм нөлөө хараг­дахгүй байна. Наймаачид л сайн дураараа дээшээ харж байгаад үнээ нэмчихгүй бол шүү дээ. Ингэж хэлээд байгаа нь цаанаа учиртай.

Манайд зах зээл хөгжсөн бусад улсаас эсрэг нэг жишиг үйлчлээд байдаг. Баяр болохоор бусад улс хямдрал зарлаж үйлчлүүлэгчдээ баярлуулдаг бол бид эсрэг дүрэм зохиодог. Зул сарын хямдралаар Европын том дэлгүүрүүд зад хямд­рал зарлаж, бүгдээрээ шахам  дэл­гүүрийн гадна дугаарлаж хонодог. Харин манайхан баярын өмнөхөн хямдрах биш хэрэглээ өссөнийг далимдуулж үнээ өсгөж хэрэг­лэгч­дийг бухимдуулдаг. Хамгийн ойрын жишээ гэхэд л сая шинэ жилээр хиам, бялуу зэрэг энэ баяраар өргөн хэрэглэдэг хүнсний үнийг нэг, хоёр хоногийн дотор 1000-2000 төгрөгөөр өсгөж байлаа. Сар хү­рэх­­гүй хугацааны дараа цагаан сар болно. Сар шинээр юмны үнэ нөгөө л жишгээрээ өсөх вий гэсэн болгоомжлол иргэдэд аль хэдийнэ төрчихсөн байгаа.  Бас нэг хачир­халтай зүйл нь манай зах зээл зүгээр л нэг захын эзэн лангууны­хаа түрээсийг нэмчихээр л тэр аяараа дагаад савлачихдаг. Тү­рээс­лэгчид нь түрээсийн мөнгөө өгөхийн тулд барааныхаа үнийг нэмнэ. Ингээд л нэг мэдэхэд Мон­голоор нэг үнийн хөөрөгдөл бий болчихдог.

Дахин хэлэхэд зах зээлийн бодит шалтгаан нь ийм байхад юмны үнэ өсвөл наймаачид сайн дураараа үнээ нэмжээ гэхээс өөр тайлбар хийх боломжгүй байна. Байдал ийм эерэг байхад санаан зоргоор үнээ нэмж хэрэглэгч­дийн­хээ нуруун дээр ачаа нэмэхгүй байлгүй дээ.

Categories
редакцийн-нийтлэл

М.Энхсайхан: Хүний буруу зөвийг ялгаж, эвийг олох гэж оролддог Ерөнхий сайдтай байгаа юм байна лээ шүү

МҮАНын дарга М.Энхсайхантай ярилцлаа.

Та Монголын төмөр замын даргаар очоод удаагүй ч яагаад ажлаа өгөхдөө хүрчихэв ээ?

-Төрийн
өмчийн хо­роо­ны шийдвэрийг удирд­­лага болгон МТЗ-ын Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж намайг ажлаас халах ёстой юм. Батзаяа ТУЗ-ийг  тэр өдөр­төө яаран цуглуул­сан боловч намайг халах асуудлыг авч хэлэл­цээ­гүй. Учир нь Ерөнхий сайд эсэргүүцсэн юм бай­на лээ.

Юу гэж?

-Асуудал
ийм байд­лаар явж болохгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Харин өнөөдөр (өчигдөр) ТУЗ хуралдаж намайг халах шийдвэр гаргажээ.

Засгийн газраас гар­­гасан 1.5 тэрбум ам.долларын бондыг төмөр замд зарцуулах тал дээр та салбарын яамнаасаа өөр бодол­той байснаас асуудал иймдээ хүрсэн гэж ойл­госон. Чухам юу болсон юм бэ?

-Бонд гэдэг үгийг  мон­гол утгаар нь буулгавал “өрийн бичиг” гэсэн үг. Хойч үеэсээ өнөөгийн
бид зээл авлаа гэсэн үг. Энэ
мөнгийг салхинд хийс­гэ­вэл
үр хүүхдүүдийнхээ өмнө асар том гэмт хэрэг хийлээ гэж
ойлгох хэрэг­тэй.

Монгол орон өрөнд орохоороо орд газруу­даа ээлж дараатай гад­ны­ханд амархан өгөх болно. Өртэй, ядуу байна гэдэг бол хамгийн том аюул. Эцэстээ тусгаар тогтнолоо худалдахад хүрэх аюултай.  Үндэсний аюулгүй байд­лын зөвлөл аливаа төслийг бондоос санхүү­жүүлэхдээ тухайн төс­лийн өртгийн 30 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ бол маш чухал. Бондын мөнгийг горьдож байгаа төслүүд олон байгаа байх. Гэхдээ үлдсэн 70 хувийнхаа санхүү­жил­тийг босгож чадах нь тун цөөхөн байх аа. Ямар ч байсан төмөр зам дээр санхүүжилтээ босгож ча­дах төсөл нь эхний удаад ганцхан Тавантолгой-Га­шуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих явдал юм. Тавантолгой-Сайншандын 500 км тө­мөр замын төслийн  зу­раг нь бүтэн гарч чадаа­гүй, энэ чиглэлийн замыг таллаж Орос, Хятадын компаниудыг урьж бу­дилс­наас өчнөөн асуу­дал шийдэгдээгүй бай­гаа. Зүүн тийш гэх 1800 км төмөр зам нь мө­рөөд­лийн түвшингээсээ гарч чадаагүй. Судалгаа, тоо­цоо нь тун эргэлзээтэй. Уг нь Америкийн Маккинсей гэдэг компани тооцоог нь хийсэн гээд байгаа. МТЗ ХААН банкнаас зээл авч, энэ компанид бараг зур­гаан сая ам.доллар төл­чихсөн юм билээ. Гэтэл нөгөөдөх нь татвараа ч төлөөгүй алга болсон. Мөрөөдөлдөө хөтлөгдөн асар их мөнгө алдсан байна лээ. Ухвал их юм гарна. Би хийж ирсэн ал­даануудыг нь харсан учир дахин алдаа гар­гахын эсрэг байгаа юм.

Таван толгойГа­шуун сухайтын төмөр замыг та нарийн цари­гаар, Зам тээврийн яам өргөн царигтайгаар та­вих гээд зөрчилдсөн гэж сонссон. Эсвэл үүнээс өөр шалтгаан байв уу?

-Зам тээврийн яам төмөр замын бүтээн бай­гуулалт нэрээр 400 сая ам.доллараар энд тэнд 30-50 км-ээр нийтдээ 160 км далан босгоё гээд бай­гаа. Дээр нь хуулийн, санхүүгийн, техникийн гээд баахан гадаад зөв­лөхүүдэд олон сая ам.дол­лар төлье гэсэн санал тавьсан.  Түүнийг нь би зөвшөөрөхгүй бай­гаа юм. Төмөр зам тавих ажил хялбар мэт санаг­дах ч үнэн хэрэгтээ ин­же­нерийн том мэдлэг шаард­сан хэцүү ажил. Автомашины даланг хаа нэг газар муухан ба­ри­лаа гэхэд ямар ч байсан  тойроод машин явахдаа л явдаг. Харин төмөр зам бол үгүй. Галт тэргэнд тойроод давхих зам байхгүй шүү дээ. Төмөр замын даланг ажлын зу­раггүйгээр хийж болохгүй. Тэгээд ч нэгэнт даланг баривал рельс төмрөө тавьж галт тэргээр гиш­гүүлж байж бэхжүүлдэг, олон мянган тонн ачаа явуулж байж Улсын ко­мисст хүлээлгэн өгдөг учиртай юм билээ. Төс­лийн санхүүжилтээ бүрэн босгож чадахгүй энд тэнд далан босговол тэр нь байгальд угаагдаж дэмий хөрөнгө оруулалт болно. Энд тэнд шороо бужиг­нуулах, тууз хайчлах, хө­рөнгө мөнгө завшихыг зарим хүмүүс сонирхоод байх шиг байна.  Би лав ингэж чадахгүй гэдгээ хатуу хэлээд л байгаа. Миний тавиад байгаа санал бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавья. Ингээд 71 хувь төрийн өмч да­вам­гайлсан “МТЗ-Өмнөд” гэдэг компани байгуулж, 2015-2016 он гэхэд Та­вантолгойгоос төмөр замаар нүүрс тээвэрлэе гээд байгаа юм. Энэ тө­сөлд ердөө  230 сая ам.доллар хэрэгтэй бол­но. Үүнийг бондын мөн­гөнөөс хүсэмжлэх гэсэн юм. Гэтэл Гансүх сайд 400 сая ам.доллараар дараа нь ямар ч хэрэг болохгүй далан босгож, бодлогогүй ажилд хө­рөнгө зарах гээд байна. Гансүх сайд бид хоёрын саналын хооронд том ялгаа байгаа биз.

Нарийн царигтай тө­мөр зам тавих гээд бай­гаа таны санал зөв гэх үндэслэл нь юу юм бэ. Эдийн засгийн хувьд ашигтай тооцоо байгаа юм уу?

-Би эдийн засагч. Олон улсын стандарт цариг нь  хөрөнгө оруу­лалт арай бага шаар­дана. Өргөн цариг өргөн хөрөнгө оруулалт, на­рийн цариг нарийн хө­рөнгө оруулалт шаар­дана гэж хялбаршуулж тайлбарлая. Ингэж хэл­бэл арай л ойлгомжтой болох байх. Гэхдээ би энэ тухай ерөөсөө ярихгүй байгаа. Асуудлын гол нь техник, технологийн бэрх­шээл байгаа юм. Ма­найхан галт тэрэгний ду­гуйг сольж болдоггүй юм уу гэж бодож байгаа байх. Гэтэл  нүүрс болон нур­маг ачаан дээр дугуй соль­дог дэлхийн практик алга. Эрээнд зорчигч тээв­рийн галт тэрэгний дугуйг сольдог. Гэхдээ ачааг нь буулгаж ачдаг юм. Бид контейнер зөөх гэж байгаа биш шүү дээ.  Нүүрс тээвэрлэх гээд бай­на. Тиймээс тус бүр нь 90 тонн ачаатай 108 вагон­той цувааны дугуй солих аргыг би мэдэхгүй байгаа юм. Дэлхий ч бараг мэ­дэхгүй байх. Гансүх, Бат­тулга хоёр л мэддэг байж магадгүй. Ийм тохиол­долд өргөн төмөр зам тавьчихвал 20 сая тонн нүүрсийг хил дээр буул­гаж буцааж нарийн ца­ригийн вагонд ачих хэ­рэгтэй болно. Энэ нь эко­логийн ямар аюулын ту­хай ярьж байгааг зарим сайд нар ойлгохгүй бай­на. Наад зах нь 500 000 тонн нүүрсийг дахиж ачна гэхээр тоосонцор нь  агаар мандал болон орч­мын газрыг бохирдуулна. Зүгээр нэг тоосонцор бус химийн бусад элемент­тэй нэгдэлд орох чадвар бүхий хөнөөлтэй тоосон­цор гээд бод. Хүн, мал хордохын дээдээр хор­доно. Дээр нь буулгасан нүүрсний овоолго өөрөө шатна, өвөл хөлдөнө гээд маш олон технологийн асуудлыг шийдвэрлэх хэ­рэгтэй болно. Энэ бүг­дийн төлбөрийг монгол­чууд хийнэ. Би шинжлэх ухаан ярьж байгаа, надад мугуйдлах ямар ч шалт­гаан байхгүй. Үүнийг хэлс­нийхээ төлөө шийт­гэл амсах юм гэнэ ээ.

Үнэндээ царигтай холбоотой маргаан өмнөх Засгийн газрын үед дэгдэж байлаа. Гэх­дээ тэр үед асуудлыг нэг тийш нь болго­чих­сон гэж хүмүүс ойлгож байсан. Үнэндээ тийм зүйл болоогүй хэрэг үү?

-Өнөөгийн байгаа тө­мөр замыг огтлох, түүнд залгагдах төмөр замыг 1520 мм-ээр, уурхайгаас хилийн боомт руу чиг­лэ­сэн төмөр замын цари­гийг тухай бүр УИХ, Зас­гийн газар шийднэ гэсэн төрийн шийдвэр байгаа юм. Хэрхэхийг тэд мэдэг. Санал оруулах нь миний эрх. Гэтэл төрийн бод­логотой Энхсайхан зөр­чилдлөө гэж ярьж байгаа нь үнэнд үл нийцнэ.

Нарийн царигтай тө­мөр зам тавибал хята­дууд орж ирнэөргөн царигтайг нь тавибал оросууд орж ирнэ гэсэн домог шиг яриа ч бай­сан. Үнэхээр төмөр замд хоёр хөршийн эрх ашиг байгаа учраас ноёрх­лоо булаацал­даад байна уу гэх хард­лага төрж байна….

-Орос, Хятад энээ тэ­рээ гээд л хүүхэд шиг юм яриагүй байлгүй дээ. Нур­маг ачааг үйлдвэрт нь шууд хүргэж өгөхийн тулд Оросууд Польш, Австрид өргөн төмөр зам барьсан байдаг. Польшууд оросуу­дад тун ч дургүй. Гэсэн хэдий ч геоулстөр гэж балайраагүй гео эдийн засгийн эрх ашгийг урьтал болгосон байдаг юм.

Энэ удаагийн явд­лаас болоод одоогийн Засгийн газрын талаарх таны бодол өөрчлөгдөх үү?

-Засгийн газрын ажил үргэлж бэрхшээлтэй хэ­цүү байдаг гэдгийг мэднэ ээ. Хүнийг чагнаж буруу зөвийг ялгах гэж хичээдэг, эвийг олох гэж оролддог Ерөнхий сайдтай байгаа юм байна лээ шүү. Үүнийг л хэлж чадах байна. Би улс төрчийн хувьд буруу гарын сайд нартай буруу гараараа тэмцэлдье гээд шийдчихсэн байгаа. На­дад гарсан өөрчлөлт нь энэ.

МАХНын гүйцэтгэх зөвлөл Засгийн газраас гарна гэдэг шийдвэр гаргахад та болон танай МҮАН дэмжээгүй. Эндээс Засгийн газрыг тараах сонирхол танд байхгүй юм байна гэж ойлгосон. Харин одоо таны бодол өөрчлөгдөх болов уу?

-Өөрчлөгдөөгүй бай­гаа. Засгийн газарт эрүүл тал нь давамгайлна биз ээ. Тэгвэл ажил нь бү­тэмжтэй ард түмэн үр шимийг нь амсах болно. Засгийн газар огцорч бол­дог. Гэхдээ үүний тулд ноцтой том шалтгаан байх ёстой юм. Одоо­хондоо тийм зүйл олж харахгүй байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Э.Бат-Үүл: Би хотын дарга шиг хотын дарга байя л гэсэн юм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.БатҮүлтэй ярилцлаа.
Та өнгөрсөн 2012 оны онцлох хүнээр тодорсонОнцлох олон ажил хийсэн болохоор таныг шалгаруулсан байх л даа

-Өнгөрсөн 2012 онд нийслэлд үнэхээр онцлог үйл явдлууд болсон. Нийс­лэлд 22 жилийн да­раа анх удаа АН сон­гуульд яллаа. Социа­лиз­мын үеийг оруулаад тооцох юм бол 90 гаруй жилийн дараа анх удаа нийслэлийг улс төрийн өөр хүчин удирдах бо­лол­цоотой болсон юм. Бид ажлаа аваад богино хугацаанд ч болов хотод олон ажил хийхийг хичээ­сэн. Энэ дотроос замын түгжрэл гэдэг нэртэй багц асуудлыг зохицуулах гэж оролдлоо. Энэ бол зөв­хөн замын түгжрэлийн биш нийгмийн тулгамд­сан асуудал байсан юм. Одоо бид бага ангийн хүүхдүүддээ хандах ханд­лагаа өөрчилж бай­на. Өөрөөр хэлбэл тэд­ний­гээ сургуульд нь хүр­гэж өгдөг ажлыг нэгдсэн зохион байгуулалт­тай­гаар хийхээр болж байна.

Ер нь хүмүүсийн эрүүл, аюулгүй орчны тухай ярих­даа хамгийн түрүүнд хүүх­дийн тухай хөндөх ёстой. Бага насны хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчныг хан­гаж чадаагүй байж  хү­ний болоод хотын  аюул­гүй байдлын тухай ярих нь утгагүй юм. Японд бол бага сургуулийн хүүх­дүү­дийг эцэх, эх нь хүргэж өгдөггүй юм билээ. Энэ хуулиар хориотой. Тусгай автобусаар хүүхдүүдийг сургуульд нь хүргэдэг. Учир нь хүүхдүүд хичээл­дээ очихдоо нийгмийн эрээн барааныг харж, мэ­дэрч очих ёсгүй. Одоо манайхны хүүхдүүд  аавын­­хаа эксель машинд сууж хичээлдээ явахаас ичдэг болсон байна. Аав, ээжийгээ том жийп ма­шин­тай хүргэж өгч, авахыг хүс­дэг болжээ.  Гэтэл энэ бол бага насны хүүхдүүдийн ярьдаг сэдэв биш шүү дээ. Бага насны хүүхдүүд баян, ядуугийн ялгааг ойлгож, ярих ёсгүй юм. Хүүхдийн онгон оюун санааг цаг нь болоогүй нийгмийн таатай биш үзэгдлээр цочроож болохгүй. Ийм учраас бид хүүхдүүдийг сургуульд нэгдсэн байдлаар хүргэдэг журамд шилжье гэж байна. 

Сургуулийн насны хүүхдүүдийг автобусаар зөөх тухай хуулийн төс­лийг УИХын гишүүд са­наачилсан ч дэмжиг­дээ­гүй санагдаж байна… 

-Тийм. Тэр их харам­салтай зүйл болсон. Бү­дүүн хатуу сэтгэлээ зөөл­лөөч ээ гэж УИХ-ын ги­шүүдээс хүсмээр байна. Бидний үеийнхэн чинь автобусаар үйлчлүүлж  хичээлдээ хүргүүлж бай­гаагүй болохоор тоом­жиргүй хандаад байгаа байх. Гэхдээ бүгдээрээ өнгөрсөн үеийнхээ зурш­лаас салж, дэлхий нийтийн жишиг рүү орох хэрэгтэй байна. Хотын даргын хувьд бага ангийнхныг  автобусаар зөөнө гэдэг байр суурь дээр тууштай зогсч байгаа.  Гэхдээ автобусаар хүүхэд тээ­вэр­лэх зардлыг тооцоод үзэхээр их мөнгө гарч бай­на лээ. Захын нэг сургууль руу хүүхдүүдийг зөөх автобусаар хангая гэхэд л жилд  арваад тэрбум төг­рөгийн зардал гарах юм билээ.  Энэ мөнгийг нийс­лэ­лийн татвар төлөгчдөөс гаргана гэсэн үг. Тиймээс иргэдээс санал асуулга асууж байж үүнийг шийднэ. Төсвийн орлогын 80 гаруй хувь нь нийслэлийн иргэ­дийн татвараас бүрдэж байгаа. Тиймээс та нарын мөнгөний тодорхой хувийг ийм зүйлд зориулах уу, яах уу гэж асууна гэж бодож байна.

Хэрэв зөвшөөрвөл Улаанбаатар хотын түгж­рэлийн асуудал цэгцэрнэ. Эцэг, эхчүүд ч санаа амар ажлаа хийх боломж бүр­дэнэ. Сая хотын зүгээс Боловсролын яаманд хү­сэлт тавьж, бага ангийн хүүхдүүдийг амраахаар болсон. Ингэсний хүчинд ойрын өдрүүдэд түгжрэл гайгүй болчихсон байгаа биз дээ.  Эцэг, эхчүүд хүүх­дээ хүргэж өгнө гээд ма­шин унаж явах нь багас­сантай холбоотой шүү дээ. Бид өөр нэг арга бод­чихсон байгаа. Юу гэвэл бага сургуулийн хүүхдүү­дийн амьдарч байгаа га­зарт ойрхон сургууль ба­рина. Тэгвэл хүүхдүүд шууд гэрээсээ гараад сур­гууль руугаа орчихдог бол­но гэсэн үг. Энэ ажилд үлгэр дуурайлал үзүү­лэ­хийн тулд хотын захиргаа  хажуудаа цэцэрлэг бай­гуу­лах гэж байна. Хүмүүс ажилдаа ирэхдээ хүүхдээ цэцэрлэгт өгчихнө, өдөр тэдэнтэйгээ хамт хоол­ло­чих боломж бүрдэж байгаа юм.

Хаана барих гэж бай­гаа юм бэ?

-Энүүхэнд,  хуучин цэ­цэр­лэг байсныг сэргээж янзлах юм. Энд зөвхөн хотын захиргааны ажил­чид хүүхдээ өгөхгүй байх л даа. Энэ хавийнхан үйл­ч­лүүлнэ биз. Хажууд нь эцэг эхтэйгээ цуг хооллох бо­ломжийг бүрдүүлсэн стан­дартаар байгуулна.  Ийм учраас би цэцэрлэг сур­гуулийн тусгай зөвшөө­рөлд өөрчлөлт оруулж, байгууллага бүр дэргэдээ цэцэрлэг сургууль байгуу­лах эрх олгох гэж байна. Дэргэдээ цэцэрлэг бай­гуул­на гэсэн албан бай­гуул­лагад газрыг хотын за­хир­гаанаас өгье гэж байгаа юм. 

Зүгээр санаа байна шүү?

-Тийм. Нөгөө талаар бага, дунд, ахлах ангийн хүүхдүүд нэг дор сургуульд явах нь утгагүй юм байна гэж бодож байгаа.  Дунд, ахлах ангийн хүүхдүүд чинь нэг ёсондоо эвдэрсэн үеийнхэн гэж хэлж болно. Жишээлбэл, тамхи тата­хаас эхлээд зодоон нүдээн хийх хүртэл муу үлгэр үзүү­лэх нь элбэг.  Энэ нь дөн­гөж хорвоотой танилцаж байгаа, цагаан цаас шиг яваа бага ангийн жаахан хүүхдүүдийн төлөвшилд муугаар нөлөөлж,  муу зүйлд уруу татахын үндэс болж байна. Тиймээс гадны улс орнуудад бага, дунд, ахлах ангийн сур­гуулиуд нь тусдаа байдаг юм билээ. Манайх удахгүй энэ жишиг рүү шилжмээр байгаа юм. Түүнчлэн бага насны хүүхэд том болоод ямар хүн болох нь багшаас их шалтгаалдаг. Үндсэн­дээ бага ангийн багш гэдэг бол тусгай сурган хүмүү­жүү­лэгч байх шаард­ла­гатай. Тэгэхээр тэр багш нарыг бэлтгэдэг сурган хүмүүжүүлэх сургууль бай­гуулах нь зөв юм билээ. Сурган хүмүүжүүлэгчдийн цалин бусад багш нараа бодвол өндөр байх ч юм уу, ийм тогтолцоог бүр­дүүлж өгвөл бид хүүхдээ санаа амар, найдвартай хүнд өгчихөөд ажлаа хийж явах боломж бүрдэнэ.  Ийм саналууд байгаа даа.

Нийтийн тээврийг нэг­дүгээр эгнээгээр явуулдаг болсноор түгж­рэлийн асуудал цэгцэрч чадаж байна уу?

-Орчин үед баян, ядуу­гаараа ялгарах үзэл давамгайлчихаад байна.  Үүнээс бид зайлсхийх ёстой. Японд бол тэрбум­тан ч,  жирийн иргэд нь ялгаагүй метрондоо суу­гаад явдаг.  Гэтэл манайд голын урд баячууд нь амь­дарч, голын хойно ядуус амьдардаг гэсэн ойлголт бий болчихоод байна шүү дээ. Энэ нь эв нэгдэлд ч хортой учраас үүнээс тат­гал­зах хэрэгтэй. Зөв­хөн замын түгжрэл гэлтгүй энэ ойлголтоос салж, ард түмнээ нэг түвшинд байл­гах үүднээс нэгдүгээр эг­нээ­гээр нийтийн тээвэр явуулах шийдлийг олсон юм шүү дээ. Цаашдаа ч ийм байх ёстой. Хөрөнгө чинээ гэдэг бол цэвэр ху­вийн хэрэгцээ. Түүнээс биш бусдад ид хаваа гай­хуулж, бие биедээ таатай таагүй сэтгэгдэл төрүүлдэг зүйл биш. Цаашлаад ний­тийн тээврийг цагийн ху­ваариар явуулна. Хот до­тор хувийн унаа унаад байх шаардлагагүй бол­гоё. Гар дор нийтийн тээ­вэр нь байдаг, бараг гэ­рийнх нь үүдэнд ирдэг байвал хүмүүс дуртай сууна. Парис мэтийн том хотуудад цахилгаан ма­шины парк байгуулж, хэн дуртай нь ухаалаг үнэм­лэхээ уншуулаад суудаг болсон байна шүү дээ. Унадаг дугуйг ч тийм бол­го­сон байна. Манай иргэ­дийн зүгээс ч ийм санал хэлж байгаа. Өөрийнхөө машиныг унаж арчлаад, шатахуун тос үрээд явах нь төвөгтэй юм байна. Нийтийн тээвэр гар дор хүрээд ирвэл зовох хэрэг алга гэж байгаа.

Автобусны тоог хэ­зээнээс нэмжшинээр оруулж ирэх вэ. Өвлийн хүйтэнд автобусны буу­дал дээр удаан зогсч байна гэсэн гомдол тас­рахгүй байна лээ?

-Автобусны тоо нь ба­гадахаар барах уу. Одоо бид тоог нь нэмэгдүүлнэ. Энэ жил япон стандартын 200 ширхэг автобус орж ирнэ. Бид цаашид Япо­ноос лизингээр өөр олон автобус авах санаатай байгаа.

Солонгосын автобус авахгүй гэж үү?

-Нийтийн тээврийн газ­­­раас явуулсан су­дал­гаагаар автобусны ком­­­па­ниуд солонгос автобу­сыг ашиглалтын хугацаа ба­гатай байна. Олон хүний хэрэглээг даах­даа муу байна гэж дүг­нэ­сэн бай­гаа. Тиймээс Япо­ноос автобус авах байх. Мөн бид хувийн компа­ниу­даа дэмжиж автопаркийн ши­нэчлэл хийхэд нь ту­салъя, хөрөнгө оруулагч олж өгье гэсэн. Түрүү­чээ­сээ зарим компани төслөө ирүүл­чихсэн байна.

Буруу талдаа жо­лоо­той машинуудыг явуу­лахгүй гэж та үзээд байгаа юм уу?

-Ийм шийдвэр гар­га­вал ямар вэ гэж санал асуулга явуулсан юм. Тэг­тэл хүмүүс маш их эсэр­гүүцсэн. Би хувьдаа буруу талдаа жолоотой ма­шиныг ганцхан бүтэн сайн өдөр явуулахгүй байвал ямар вэ л гэсэн юм. Тэгээд учир үндэслэлээ сайн  ойл­гуулж чадаагүй болохоор эсэргүүцчих шиг болсон. Тиймээс энэ талаар дахиад сайн хэлж тайл­барлана гэж бодож байгаа.

Яагаад буруу талдаа жолоотой  машиныг явуу­лахгүй гээд байна вэ гэвэл бид Улаанбаатарын түгж­рэлийн асуудлыг хянаж чадахаа больчихоод бай­на. Өдөрт шинээр 200 машин дугаар авч замын хөдөлгөөнд орж байна шүү дээ. 200 машин гэдэг бол Гадаад харилцааны яам­наас төмөр зам хүрэх тэр урт замыг бүрэн түгжих хэмжээнийх.  Уг нь түгж­рэлээ хэвийн хэмжээнд барья гэвэл бид  өдөр болгон тэр хэмжээний зам тавих шаардлага тулга­раад байна. Харамсалтай нь тийм хөрөнгө мөнгө байх­гүй. Тиймээс машины тоонд хязгаарлалт тави­хаас өөр аргагүй бол­чих­лоо. Нөгөө талаас тэртэй тэргүй манай жолооны дүрэм журамд зөв талдаа рультэй машин барина гээд заачихсан байгаа шүү дээ. Тэгэхээр хууль дүрмээ хэрэгжүүлээд явъя гэсэн юм.

Үүний хажуугаар автобусны билетэд өөрч­лөлт оруулж,  нэг тасал­бараар хэд хэдэн чиг­лэлийн нийтийн тээвэрт суудаг байя. Энэ схемийг судалж байна. Тэгээд ч зөв талдаа рультэй машин барьдаг хүмүүс ч бидэнд “Жолооны дүрмээ хэрэгжүүлье” гэдэг санал тавьж байгаа. Ха­рамсал­тай нь санал асуулга эс­рэгээр гарч, ир­гэд эсэр­гүүцсэн. Ийм бай­хад бид дур мэдэж шийдэх эрх байхгүй. Харин Зас­гийн газарт хэлээд байгаа юм. Буруу талдаа жо­лоо­той машиныг оруулж ирэхийг импорт дээр нь хориглоё гэж. Хүмүүс бу­руу талдаа жолоотой ма­шинаа бу­цаахаар болбол анх төл­сөн татвараа бу­цааж авах зэрэг зохи­цуу­лалт хийж болно. Тиймээс буруу талдаа жолоотой ма­ши­ныг явуулахгүй байя гэдэг санал асуулгыг дахиад явуулна даа.

Үүнийг заавал хийх гээд байгаа шалтгаан нь юу юм бэ. Зөв талдаа рультэй машины бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдний ашиг сонирхол ард нь яваад байна уу?

-Ямар ч юм ярьсан түүнийг мушгин гуйвуулдаг шүү дээ.  Ийм сонирхлын зүйл үнэндээ байхгүй. Тэр битгий хэл бусад хотууд огт машингүй байх нэг өдөртэй байдаг юм билээ.  Энэ жишгээр л явъя гэсэн юм. 

Монголчуудын тэн хагас нь буруу талтай жолоотой япон тэрэгтэй. Гэтэл ийм шийдвэр гар­гачихвал та болоод засаг барьж байгаа АН да­раа­гийн сонгуульд гарахгүй гэж шүүмжлэх хүмүүс зөндөө бий

-Энэ бол улс төрийн хувьд эрсдэлтэй шийдвэр гэдгийг мэдэж байна. Гэх­дээ би хотын дарга шиг хотын дарга байя л гэсэн юм. Зөвхөн сонгуулийн төлөө гарч ирсэн хүн биш шүү дээ, би. Хотын даргын албан тушаалыг шо­хоорх­сондоо элдэв санаа са­наачилга сэдээд яваа юм биш. Хотоо гоё болгоё. Дүрэм журамтай, эмх цэгц­тэй байлгая гэсэн юм. Бид өнгөрсөн он жилүүдэд хэ­тэрхий дур зоргоороо яв­саар байгаад учраа оло­хоо байж, хөл толгойгоо алдчихлаа шүү дээ. Үүнийг эмхэнд нь оруулъя л гэсэн юм.

Дугаар хязгаарлалт түгжрэл сааруулахад нэмэргүй болчихоод байна уу?

-Машины тоо нэмэг­дээд байгаа учраас хич­нээн дугаар хязгаарлаад ч нэмэргүй болчихоод бай­на. Машины түгжрэл гэдэг чинь бидний боддогоос аюултай үзэгдэл бол­чи­хоод байгаа. Нийгмийн хөдөлмөрийн бүтээмжийг унагаж байна шүү дээ.

Та тэгж байгаад гэ­нэтийн шийдвэрүүд гар­гадаг. Ойрын үед ямар шийдвэр гаргахаар зэхэж байна вэ?

-Нийслэлийнхний орол­цоотойгоор сургуу­лиу­дын захирлыг өөр­чилнө. Хүүхдээ сургуульд өгч байгаа эцэг, эхчүүдээс санал асуулга асууж шийднэ гэж байгаа юм. Сургуулиудад тодорхой  өөрчлөлт хийх хэрэгтэй болчихоод байна. Хүүхдээ сургуульд өгч байгаа эцэг, эхчүүд тухайн сургуулийн үйл ажиллагаанд дүн та­вих ёстой. Түүнд үндэслэж сургуулийн захирлыг өөр­чилдөг баймаар байна.

Дараагийн шинэ за­хирлыг нь яаж сонгох юм?

-Тусгай мэргэжлийн комисс тухайн сургуульд захирал хийх хэмжээний дөрөв, таван багшийг сон­гон шалгаруулалтаар сон­гож авна. Тэднээс хэнийг нь захирал болгох тухайд тухайн сургуулийн эцэг, эхчүүдээс асуух юм. Би урьдчилсан байдлаар ярьж байгаа шүү.

Ер нь сургуулиудын захирлууд нэлээд уд­чихсан, бараг тэтгэвэрт гарчихсан  хүмүүс бай­даг байх аа?

-Тийм. Нийт сур­гуу­лиу­дын 30-аад хувь нь тэт­гэ­вэрт гарсан захиралтай байна. Дээрээс нь гэрээ­ний хугацаа өнгөрчихсөн хүмүүс ажиллаж байна.  Ер нь сургуулийн захирал солих ажлыг улс төрөөс ангид байлгана. Ялсан нам өөрийнхөө хүнийг за­­хи­рал болгодгийг өөр­чилнө.  

Боловсролын сайд дэмжиж байгаа юу?

-Би  одоохондоо са­наа­гаа хэлж байгаа нь энэ. Журам гараад ирэхээр Боловсролын сайдтайгаа ярина.

Гэр хорооллыг ба­рил­гажуулах ажил удах­гүй эхлэх гэж байгаа гэж сонссон

-Тийм. Эхний ээлжинд инженерийн шугамд хол­бох бололцоотой зургаан газарт ажлаа эхлүүлнэ.

Ямар газрууд байгаа билээ?

-Гандан, Зурагт, Дэн­жийн мянга, 100 айл гэх зэргийн газрууд бий. Гэх­дээ зөвхөн энэ хэдээр хязгаарлахгүй. Орон сууц бариулах хүсэлтэй аль ч гэр хорооллын иргэдэд бид хүрч үйлчилнэ. Гэр хо­роол­лынхон газрын эзэд учраас давуу эрхтэй байх болно. Тэд эхлээд хүсэлтээ тавь, бид түүнийг нь  хө­рөнгө оруулагчдад уламж­лаад явна гэсэн үг.  100 айл орчмын гэр хо­рооллын айлуудад өмнөх засаг, хотын захиргаа их дээ­рэн­гүй хандсан. Гэр хороол­лыг орон сууцжуу­лахдаа газрыг нь хямд үнэлж аваад газар дээр нь орон сууц барихаар бол­сон шүү дээ. Гэтэл хүн нэг удаа олдсон хувийн өм­чийн газраа шахалтад орж өгөх ёс байхгүй. Тэд ха­шаа­ныхаа газар дээр ний­тийн орон сууц бариулах уу эсвэл таун хаус ба­риу­лах уу гэдгээ өөрсдөө ший­дэг.

Газраа өгчихөөд орон сууцаа өөрсдөө ху­далдаж авах юм уу?

-Үгүй шүү дээ. Үнэ төл­бөргүйгээр орон сууцтай болно гэсэн үг. Ингэхээр  манайхан ойлгохгүй бай­гаа юм. Би нэг газартай байлаа гэж бодъё. Хөрөнгө оруулагч компани ирээд газрыг минь авъя гэлээ. Тэгэхэд нь би “Та нар тэг­вэл надад хаус барьж өг. Эсвэл барьсан орон сууц­ныхаа гурван өрөөг өг” гэсэн шаардлага тавина. Энэ болзлыг хөрөнгө оруу­лагч компани зөвшөө­рөх­гүй бол бид газраа өгөх албагүй. 
Тэгэхээр хөрөнгө оруу­лагч компаниуд эн­дээс ямар ашиг олох вэ

-Компаниудад маш их ашигтай. Газрын эзэдтэй тохиролцож чадвал айлуу­даас хандивын газар авч, тэндээ өөрсдөө үйлчил­гээний юм уу эсвэл орон сууцны барилга бариад ху­далдах ашигтай. Ком­пани иргэдэд “Та нарын хүсээд байгаа орон сууц, хаусыг бариад өгье. Гэх­дээ та нар оронд нь дун­даа­саа ма­найд хандивын газар өг” гэж хэлнэ. Иргэд үүнд дур­тай байх болов уу. Хө­рөнгө оруулагчийн буя­наар үнэ төлбөргүй орон сууцтай болж байгаа юм чинь хандивын газар гар­гаад өгөх байх.

Дээрээс нь тухайн гэр хорооллыг ба­рилгажуулах эрхийг авсан тухайн компанид инже­не­рийн шугам татах, сургууль эмнэлэг барих мөнгийг нь улсаас өгчихнө. Дараа нь тэр инженерийн бүтэц нь улсынх болох учраас тэр шүү дээ.

Тендер явуулна гэсэн үг үү. Энэ бүхэн хэзээнээс эхлэх вэ?

-Жишээ нь  “Жигүүр гранд” гэдэг компани нэг гэр хорооллыг барилга­жуулах ажил хийх эрхтэй боллоо гэхэд инженерийн шугам татах, сургууль цэ­цэрлэг барих ажлыг дав­хар хийнэ гэсэн үг. Тэ­гэхээр энэ ажил барилгын компанид ч ашигтай, иргэ­дэд ч ашигтай. Үр дүнд нь хотын захиргаа хотоо гоё болгоод авна шүү дээ. Гурван талын ашигтай ажил удахгүй эхлэх гэж байна. Саяхан барилгын 40 том компанийг урьж, уулзалт хийж, хүсэлтээ тавь­сан. Мөн гадны хө­рөнгө оруулагчдад хандаж байгаа. Манай гэр хо­роол­лыг дахин төлөвлөж, ба­рилга­жуу­лах ажилд орол­цооч, туслаач гэдэг санал тавьж байгаа. Өмнө нь манай барилгын ком­па­ниуд  сул газар харагдвал аваад барилга барьж биз­нес хийх гээд байдаг зур­шилтай болчихсон бай­сан. Одоо тэгж газар өгөх­гүй. Гэр хорооллын иргэ­дийн амьдралыг дээш­лүүлнэ гэвэл эрх олгоно, бүх талаар дэмжинэ.

Газрын асуудал юу болж бай­гаа вэ?

-Газрыг хурааж авах ажил амар­гүй байна. Гэхдээ  бид үүний цаана  ямар ч байсан гарна. Одоогийн байдлаар барилгын зөвшөөрөлтэй холбогдсон асуудлыг шийдэж байна. Дулааны, цахилгааны, барилгын зөвшөөрөлгүй барилгуудыг ангилж, асуудлыг цэгцэлж байна.  Бид газ­рын зөвшөөрөлгүйгээр баригдсан барилгуудын эрхийг хураагаад авчихсан. Жишээ нь, 120 мянгатад оршин суугчдын нар үздэг цонхыг халхалж барьсан гоёмсог өндөр барилгын эрхийг цуцалсан. Үүнийг буулгах гэхээр  нэг тэрбум 300 сая төгрөг шаардлагатай болчихоод байна. Ийм их мөнгөөр буулгасан нь дээр үү эсвэл ойр орчных нь иргэдээ оруулчих боломж байна уу гэдгийг хайж, судлуулж байна. Буулгахаас өөр аргагүй нурж унахад бэлэн болчихсон хулхины барилга бас байна.

Хичнээн байгаа вэ?

-Шалгалтын дүн эцэслэж га­раагүй байна. Цаашдаа бид иргэдэд албан ёсоор анхааруулж байгаа. Зөвшөөрөлгүй барилга худалдаж авав,  зөвшөөрөлгүй барилга барих гэж байгаа компанид зээл өгөв гэж банкуудад хэлж байгаа. Хэрэв тийм зүйл гарвал та нар хохирлоо өөрс­дөө хариуцна шүү гэж сануулж байна. Иргэн та байшин авах гэж байгаа бол, банк зээл өгөх гэж байгаа бол шаардлагатай мэдээллийг эх­лээд биднээс аваарай гэж захиж байгаа. Хууль бус газрын асуудал одоогоор хүнд л байна.

Зориг тань мохчихоо юу даа?

-Үгүй ээ. Хууль дүрэм зөрчиж авсан 40 газрыг хүчингүй болгож, хураагаад авчихсан шүү дээ. Яахав энэ асуудал нэлээд маргаантай, шүүх энэ тэртээ тулж байгааг л хэлж байна.

Зоригтой шинэчлэл хийж бай­гаа сайд, дарга нарт за­нал­хийл­сэн захидал ирдэг болжээ. Танд тийм зүйл байна уу?

-Тийм заналхийлэл зөндөөн бий. Гэвч 90 оноос хойш ийм зүйл сонс­сон учраас дөжирчихөөд байна даа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Их хурлын хүүхнүүд бас “Цагаан сарыг улаан сар болгоно” гэх боллоо

Цагаан сарыг монголчууд хэ­дэн зуун жил тэмдэглэж ирсэн. Хэдийгээр яг таг он тоолол байхгүй ч ихэнх нь Чингэсийн үеэс тэм­дэглэж эхэлсэн гэх юм билээ. Түүнээс өмнө, түүнээс хойно ч  тэмдэглэж эхэлсэн гэх нь бий.  Гэвч энэ удаа хэзээ тэмдэглэж байсныг эрж сурж, тогтоох  гэсэнгүй.

1921 онд цагаантнууд гаминг хөөж, цагаан сараар баяраа тэм­дэг­лэх зуур гамингууд “Цагаан  сарыг нь улаан сар болгоно” гээд хүрзээ ирлэж байсан гэдэг. Сүүлд Оросын нөлөөлөлд байх үед цагаан сарыг Октябрь сар болгох гэж үзээд бараагүй. Ю.Цэдэнбал   дарга Филатова эхнэртэйгээ  малч­дын баяр, нэгдэлчдийн баяр бол­гож нийтээрээ тэмдэглэхийг  хорих гэж оролдсон. Мөн 1952 оны нэг­дүгээр сарын 26-ны өдөр битүүний өдөр Х.Чойбалсанг нас барсныг далимдуулж улс орон даяар гашуу­дал зарлан, баяр тэмдэглэхийг хориг­ло­сон байна.  

Энэ олон саад бэрхшээл­тэй учирсан ч энэ баяр хоригдохгүй явсаар өдийг хүрлээ. Аав, ээжийн яриагаар бол цагаан сарыг хориг­лоод байхаар нь өдөр нь ажилдаа явж ирээд шөнөжин золгоод тэм­дэглэдэг байсан гэнэ лээ. Тэр үед айлын ууц хураах аймгийн намын хорооны комисс хүртэл байгуу­лаг­даж байж. Цаг цагийн буулганд ийнхүү цагаан сар хэмээх үндэсний баяр маань элдэв бэрхшээлийг туулсаар өнөөд­рийн бидний үед ч хамгийн сайхан баярын нэг хэвээ­рээ ирсэн билээ.

Монголчуудын хувьд үндэсний хоёрхон баяртай. Цагаан сар, наадам. Цагаан сараар ууц, ул боов,  айраг, гар цайлгах бэлэгтэй, буузаа жигнэж, ууцаа таллаж баярладаг. Үндэсний маш олон уламжлал, ёс заншил энэ үед сэргэдэг. Үндэсний­хээ дээл хувц­саар гоёдог. Ахас ихэсдээ хүндэтгэл үзүүлдэг. Бүх хүн зөвхөн сайн сайхан зүйлийг бэлгэдэн ярьдаг. Энэ өдөр гэмт хэргийн тоо ч эрс багасдаг. Айл бүхэн бүртийх тоос­гүй болтлоо гэр орноо цэвэрлэж, ах дүүгээ мэдэлцдэг. Жилдээ ганц удаал энэ баяраар  хамаатан саднууд уулздаг. Улс орноо­роо аз жаргалтай бол­дог. Гайхамшигтай сайхан баяр. Бие биедээ чадлын­хаа хэрээр бэлэг өгдөг. Элбэг дэлбэг байх нь юу нь буруу байх билээ. Цаг цагт нэг цадна, цагаан сараар нэг цадна гэдэг үг ч бий шүү дээ. 

Энэ мэтээр ямар ч хүнд хэцүү үед бид цагаан сараа тэмдэглэхгүй өнгөрөөж байсангүй. Бүр картын бараанд орсон байлаа ч бие биедээ бэлэг өгсөөр л байсан.

Зун наадмаараа баяр­лана. Ихэнхдээ хүйтэн улирал­тай манай­хан наад­маар хүн, малын зоо тэний­сэн энэ үед нэг баяр­ладаг. Айрагтай, адуутай, адууны хөлс­тэй, улаан шороотой, шороо нь амтагдсан хуушууртай, бөхтэй, бөх нь хэл ам дагуулна. Энэ бүхэн бүгд байж л наадам жинхэнэ ёсоороо болдог. Монгол наадам ийм л байдаг. Наадмын хуушуур хамгийн амттай. Ресторан, цайны газарт хэзээ ч наадмын талбайн шороо­той хуушуур шиг амт амтагдахгүй. Наад­мын хуушуур үүгээрээ л ялгаа­тай.

Миний мэдэхээр хамгийн дур­самжтай, мартагдаггүй баярууд энэ хоёр баяр л байдаг. Тиймээс мон­гол­чууд тэр жилийн цагаан сар, тэр жилийн наадмаас өмнө, хойно  гэж он цагийг ярих нь бий. Бүр нарийн яривал тэр бөх түрүүлдэг наадам, тэрний адуу хурдтай байсан жил гэж ирээд хуучилдаг. 

Энэ бүхнийг дурдах болсон маань УИХ-ын хэдэн хүүхнүүд цагаан сарыг өөрчлөх гэж ярьж эхэлснээс үүдсэн юм. “Гамингууд “Цагаан сарыг улаан сар болгоно” гэж байсан шиг эд нар яах нь вэ.  Энэ хэдэн хүүхнүүдэд оролдохгүй, оролцохгүй юм алга” гэж зарим шооч хүмүүс ярьж байхтай таарав.

Улстөрч хүүхнүүдийнхээр бол   цагаан сараар золгох гэж ирээд ургийн бичгээ бөглөөд суух юм байна. Тэгээд ирсэн гийчдээ явахаар нь тавагнаасаа боов хугалж өгөх юм байна.

Арай эртдээ бол идээ, шүүс­нээ­сээ хувь хишиг тараадаг байсан. Арай өөрөөр хошуу хоргой, даавуу, торго, бүр хожуудаа саван, оймс өгдөг байсан. Хүмүүсийн амьд­ралын боломж дээрдээд ирэх үед өөрсдийнхөө хэр хэмжээнд тааруу­лаад янз бүрийн л бэлэг өгдөг болж. Энэ бол байх л зүйл. Их бага нь хамаагүй, үнэтэй, үнэгүй хамаа­гүй. Бэлэг авах, өгөх  сайхан ш дээ. Харин УИХ-ын гишүүн хүүхнүү­дийн зөвлөснөөр бэлэг өгмөөр санагдвал дотоодын оймс, утасны карт өгөх юм байна. Тэд бидэнд ингэж зөвлөх болов. Өөр бэлэг өгч болохгүй юм байх.

Бүр байтлаа үндэсний баярыг минь яаж тэмдэглэхийг энэ хэдэн хүүхэн заах юм гэнэ.

Энэ хүсэл чинь хэзээ ч бүтэхгүй ээ, хүүхнүүд ээ. Гамин, оросуудаас эхлээд хэн ч хорьж чадаагүй юм, энэ баярыг.  Яаж ч ядарсан, ямар ч цаг үед  бие биедээ хэрдээ таарсан сэтгэлийн бэлгээ өгөөд, баяраа тэмдэглээд  ирсэн юм.

Би лав ээждээ, дүүдээ, хамаа­тандаа юу бэлэглэхээ Их хурлын хэдэн хүүхнүүдээр заалгахгүй. Хамгийн зэвүүн нь энэ хэдэн хүүх­нүүд ард түмнийхээ идэж уух, эцэг, эхдээ өгөх бэлгийг нь хүртэл заадаг болох нь.  Аягүй бол өөрсдөө булга, минж болсон хамгийн том бэлгийг аав, ээждээ өгөх байх. Биднийг болохоор ядарсан юмнууд эцэг, эх ах дүү нараа баярлуулж чадахгүй гэж доромжлоод байгаа юм шиг зааварлаад л.

Төрийн хүн болчихоод гэрийн авгай шиг дэмийрэх юм. Ингэж гэнэн хонгортож болохгүй ээ. Үндэс­нийхээ ёс заншил, уламж­лалаар тоглох нь өөрсдөд нь маш хатуу тусдаг. Испанийн бухын тулаан, Бразилийн үндэсний бү­жиг, АНУ-ын сүнсний баяр, Хята­дуудын еэвэн сар, олон орон тэмдэглэдэг талархлын баярыг  оролдвол тэр улстөрчид нь улс төрийн тавцангаас тэр чигтээ арчиг­дана. Улс үндэстэн бүхэн өөр өөрийн үндэсний онцлогтой, сай­хан баяртай байдаг. Тогтсон ёс заншлын эсрэг юм хийж болохгүй, тоглож болохгүй. Түүхийнхээ хөгж­лийн замаар шинэчлэгдэж, хөгжиж ирдэг ч үндсэн утга агуулгаа өөрч­лөөгүй үндэсний баяр минь бай­саар л байх болно. Үндэсний ёс заншлаараа оролдвол өөрөөрөө оролдсонтой ялгаагүй.

Бүсгүйчүүд УИХ-д энэ  удаа хамгийн олон суудал авсан билээ. Бид ч өнөө яриад байсан хатан ухаанаа гаргах нь гэж бодож талар­хан хүлээж авсан.  Энэ янзаараа бол буруутаж гэж бодохоор байна. Энэ УИХ үйл ажиллагаагаа эхэлс­нээс хойш хүүхнүүдийн санаачил­сан хууль нүдээ олоогүй, амьдралд ойр биш байлаа. Нэг иймэрхүү ойрын зайны улс төрийг хэн ч хийнэ. Ингээд байвал хол явахгүй ээ. Ёс заншлаараа оролдвол дараа­гийн удаа ард түмэн та нарыг дахин сонгохгүй байх шүү. Гал тогооноосоо давж сэтгэж байж л улс орныг жолоодолцоно. Түүнээс биш гал тогооны улс төрийг захын нэг эмээ ч хийчихнэ.  

Арай өөрийг
бодож ол л доо, УИХ-д суугаа “охидуу­даа”. Улс оронд хэрэгтэй олон хууль баталж
болно. Том харж, том сэтгэе.

Categories
редакцийн-нийтлэл

Цагаан сарын өмнө…

Монголын улс төрийн амьдрал томоохон баяр наадмын дараа бас үндэсний хэмжээний баярын өмнө­хөн нам гүм болчихдог юм. Гэнэ­тийн томоохон үйл явдал өрнө­чихгүй бол шүү дээ. Учир нь баярын үеэр, баярын өмнө хэнбугай нь ямар ч том улс төр хийж байсан сонирхох сөхөөтэй хүмүүс байхгүй учраас  илүү ажил гаргах хэрэггүй гэж улстөрчид, нам эвслүүд үздэгээс тэр. Шинэ жилийн баяр дуусч, Цагаан сарын их хөл хөдөл­гөөн эхлэх завсрын үе ид ноёлж байна. Энэ завсрын үед улс төрийн үйл явц намдуухан ч гэсэн хэрхэн долгилж байгааг анирдаад үзвэл:

МАНЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙ САЙДЫГ ХҮЛЭЭСЭЭР

 УИХ дахь МАН-ын бүлэг албан ёсоор байгуулагдаад удаагүй бай­на. Тэд албан ёсоор байгуулагд­санаар Засгийн газрын гишүүдийг, Ерөнхий сайдыг “дуудаж уулзах” эрхтэй болчихож байгаа хэрэг билээ. Удтал бүлэггүй байж чадуул­сан тэд хэд хэдэн асуудал дээр тодруулга авахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дууджээ. Гэвч Ерөн­хий сайд ямар нэгэн тайлбар хийсээр очихгүй байгаа аж. МАН-ын бүлгийнхэн хуулийн хүрээнд бичгээр хүртэл хүсэлтийг хүргүүл­чихээд байхад “ээлжит булталт”-аа хийлээ гээд тун дургүй байгаа сурагтай. Уг нь өнөөдөр болох бүлгийн хурал дээр Н.Алтанхуяг сайдыг дуудаж, бондын асуудал болон Орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан АН-ын 12 Засаг даргыг батламжилсан атлаа МАН-ын ялалт байгуулсан есөн аймгийн гурваас бусдыг нь батламжлахгүй байгаагийн учир юу вэ гэж асуух гэж байсан ч Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригт очих боломжгүй гэдгээ мэдэгдсэн тул МАН-ынхан ихээхэн ууртай байгаа гэнэ. Нэг талаас тэдний уурлах нь ч аргагүй л байх. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ын бүлгийн хурал дээр Даш.Зоригтоос эхлээд сайд нар нь дуудагдан асуугдаж, бас Ерөнхий сайд С.Батболд ч очиж мэдээлэл хийж байсан болохоор тэгцгээж байгаа биз. Нөгөө талд Н.Алтанхуяг сайдад ч амаргүй байгаа. Бүлгийн хурал дээр бөө­нөөрөө боорлож байгаад асууж өгдөг гэм бий. Бас өмнөх дөрвөн жилд хамтарчихаад гээд дайрах хүмүүс ч олон байгаа учраас хал­гаж байгаа биз ээ. Нөгөө талдаа ойлгомжтой асуудал дээр бүлгийн хурал дээр тайлбар хийгээд байх шаардлагагүй хэмээж байж ч болох юм.

МАН бүлэгтэй болсон гэснээс энэ намынхны хөнгөхөн боловч хийж байгаа жижиг пиар нь “Ерөн­хийлөгчийн сонгуулийн хуулийг баталсны дараа бидний бүлэгтэй болох асуудал шийдэгдэв” гэсэн яриа. Бүлэгтэй болох боломж УИХ-ын анхдугаар чуулган хуралдахад л МАН-д байсан ч буруу ишилсэн сүх шиг хуульчид нь буруу замаар будаа тээлгээд олон сараар сул гишүүд шиг явуулахад хүргэсэн. Тэгээд АН болон бусад намын гишүүдийг МАН-гүйгээр олон асууд­лыг шийдэхэд хүргэснийг өөрсдийн­хөөрөө тайлбарлахаа тэд мартсангүй. Хамгийн сүүлд гэхэд л Ерөнхийлөгчийн сонгуу­лийн хууль батлагдаж байж  бид бүлэгтэй боллоо гээд байгаа. Үнэн­дээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль нь Монгол Улсад Ерөн­хий­лөгч болох хүнийг сонгох үйл явцыг тодорхойлж өгч байгаа хууль боло­хоос одоогийн Ерөнхийлөг­чийн асуудлыг шийдэж байгаа хууль биш билээ. Энэ хууль батлагд­санаар дараа, дараагийн олон удаад Ерөнхийлөгчөө сонгоход, урьдын адил амралтын өдөр сон­гууль нь болох уу, сүүлийн үед хүмүүст таалагдаад байгаа шиг ажлын өдрийг сонгуулийн өдөр болгоод амрах уу гэх зэрэг олон зохицуулалтыг шийдсэн. Түүнээс найман хүүхэдтэй айлын отгон хүүхэд нэр дэвших эрхтэй гэх мэтээр Ц.Элбэгдорж гэдэг хүнд зориу­лагдсан зүйл байхгүй гэдгийг ялгаж салгамаар байгаа юм. Улстөрч­дийн хувьд энгийн иргэдэд үл ойлгогдох байдал төрүүлэхээр явуургүй энэ мэтийн улс төрийг хийх нь элбэг юм даа. Бүр хүмүү­сийн тархийг угааж, хэвлэл мэ­дээллийн хэрэгслүүдээр санаатай эсэх нь мэдэгдэхгүй зөрүүтэй мэдээ­лэл тараах нь ч харагдах юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн төс­вийг хэлэлцэх үеэр сонгуулийн төсвийг Ерөнхийлөг­чийн тамгын газрын хөрөнгө мөнгөтэй зөрүү­лээд л бичсэн байгаа нь харагдсан. Тэс өөр зүйлүүд шүү дээ. Ерөн­хийлөгчийн сонгуулийн төсөв бол УИХ-д суудалтай улс төрийн намуудаас тодорсон хэд хэдэн хүний дунд улс орон даяар болох сонгуулийн төсөв. Гэтэл үгэн дээр тоглоод л хүмүүст хүргэчих гээд үзээд байх юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЧИМЭЭ

Дөрвөн жил тутамд хэвлэл мэдээллийн хуудаснаа ийм гарчиг­тай тоймууд гарч эхэлдэг. Хэдий­гээр зарим хэвлэлээр нэр дэв­шихээр яригдаж байгаа гэсэн нэрс гараад эхэлсэн хэдий ч яг үнэндээ нарийн яриа хөөрөө нь эхлээ ч үгүй байгаа гэх. АН-ын хувьд нэр дэв­шигчийн тухайтад яриад байх зүйл байхгүй, харин Цагаан сарын дараагаас улс төрийн намуудын сонгуулийн өмнө хийдэг шиг судал­гаа руугаа орно гэлцэж байгаа аж.  МАН-аас сүүлийн үед УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Ерөнхий­лөг­чийн сонгуульд нэр дэвшигчээр  тодруулахаар яригдаж байгаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэх болсон ч үүнийг давхар зорилготой мэдээ­лэл, зарим нэг зүйлд зориулсан сөрөг арга хэмжээ, ерөндөг гэж харж байгаа улс төрийн тоймчид олон байгаа юм. Үнэндээ МАН-ын хувьд хэнийг явуулахаа ч яриагүй, одоо­хондоо намын даргынхаа амыг л харж байгаа аж. Сүүлийн үед хэвлэлээр бас нэг явж байгаа мэдээлэл бол МАХН-ын даргын эхнэр О.Цолмон нэр дэвших санаатай яригдаж байгаа гэсэн яриа хөөрөө. Магадгүй өөрөө ийм бодол санаатай байхыг үгүйсгэхгүй ч тус намын хувьд санаанд оромгүй амжилт үзүүлсэн УИХ-ын сонгуу­лийн амжилтын хөөс нь улам бүр дарагдсаар байгаа. МАХН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эхний босгоо давах 45-аас дээш настнуудын нэрсийг жагсааж, гишүүдийнхээ дунд судалгаа явуулж байгаа нь үнэн аж. Тэр дунд нь О.Цолмонгийн нэр байгаа бололтой. Үнэндээ МАХН-д Д.Тэрбишдагва, Ч.Улаан гээд энэ сонгуульд өрсөлдчих сонирхолтой хүмүүс цөөнгүй байхад О.Цолмон гэгдэх нь юу л бол. Гэхдээ сон­гуулийн өмнө нэр дэвшилттэй холбоотой олон л мэдээ мэдээлэл хөвөрч байдаг шүү дээ. Аль ч улс төрийн хүчний хувьд тандалтын хэлбэрээр мэдээлэл цацдаг тэр үе шат нь эхлээд явж байна даа.

БОНД ХЭМЭЭХ

БОНДГОР

Толгойн дээрх бондойчихсон булдрууг байн байн цохиод байвал хэцүүхэн л байдаг сан. Энэ Засгийн газрын хувьд Бонд гэдэг сэдэв бондгор булдруу шиг л байх юм. Гэхдээ МАН-ынхан л энэ сэдвээр оролдож, булдруу шиг болго­чи­хоод байгаа хэрэг л дээ. Олон улсад анх удаа бонд гаргаж, санаанд оромгүй мөнгө босгож чадсан нь энэ Засгийн газрын хийж чадаж байгаа олон ажлуудын нэг нь. Чингэс нэртэй бонд олон улсад борлуулж, тэр мөнгө нь ороод ирсний дараахан МАН-ынхан “Бид­ний өнгөрсөн үед хийж байсан ажлуудын үр дүн л яваад байна. Бид нар ч бас бонд гаргаж борлуулж байсан” гээд хэвлэлээр яриад эхэлсэн билээ. Харин сүүлийн өдрүүдэд Засгийн газрыг буруутгахдаа их хэмжээний хүү төлөөд эхэллээ, тэр хөрөнгөөр тэдэн цэцэрлэг барих мөнгө хэмээж улс төрөө хийж байгаа харагдах юм. Иймэрхүү ажлыг бид ч хийсээр ирсэн гэж эхэндээ явуулах гэж үзээд олон нийт сонсохгүй боло­хоор нь одоо бондыг нь буруутгаж, үнэ хүндийг нь унагах ажиллагаа хийж эхлэх шиг. Ямартай ч Хөгж­лийн банк дансандаа хөрөнгөтэй болж, хөгжлийн бодлогуудаа дэм­жих хөрөнгөтэй болчихоод байгаа нь сайн хэрэг. Харин цаг алдахгүй томоохон хөрөнгө оруулалт шаард­лагатай ажлуудаа эхэлж, бондын хүүд мөнгө өгч байна гэсэн сөрөг улс төрийг зогсоовол дээр байх. Тэгэхгүй бол сөрөг хүчнээс нь явуулж байгаа бондоо зах зээлд яаран гаргасан, хөгжлийн хөтөл­бөрүүдээ тодорхой болгож, цаасан дээр эхний мөрүүдээ гаргасныхаа дараа хийхгүй, хүүнд нь сул мөнгө өгсөөр байна гэдэг ойлголт газар авбал муу. Үнэндээ ч одоо орж ирээд байгаа 1,5 тэрбум ам.дол­лар, ирэх жил орж ирэх 3,5 тэрбум ам.доллараа долоо хэмжиж нэг огтолж байж хянуур шийдэхээс ч аргагүй. Тэгэхгүй бол эргүүлж төлөх төслүүд шүү дээ.

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРҮҮД

 Шинэ Засгийн газрын шийд­вэрүү­дийг хүмүүс өөр, өөрийн­хөөрөө л ойлгож хүлээн авч байгаа. Дийлэнхдээ хийж бүтээж байгаа ажлуудыг нь эерэгээр хүлээн ав­сан. Тэдний хувьд ч бас шийдэхийг хүлээж байсан олон зүйлийг нь шийдэж, тийш анхаарлаа хан­дуулсанд нь иргэд дуртай байгаа. Гэхдээ сүүлийн үед “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр хэт асуудалд тулж орж байна хэмээн олон нийт дургүйцэх болсныг анхаа­ралдаа авбал зүгээр болов уу. “Дугаарын хязгаарлалтыг дий­лэнх хүмүүсийн эрх ашигт нийцэж байвал нэг өдрийн асуудал яамай байна” гэж хүмүүс үзэж байсан бол сүүлийн өдрүүдэд буруу талдаа жолоотой машины асуудлыг хөн­дөөд ирэхэд дийлэнх олонхи таа­гүй хандаж байгаа нь анзаарагдаж байна лээ.

Засгийн газрын зүгээс хийж байгаа сайн алхмууд байгаа ч бас алдаатай ажиллагаанууд гарч байгааг нь үгүйсгэх аргагүй. Үнийг тогтворжуулах хөтөлбөр гэж нэлээдгүй мөнгө зарцууллаа. Үнэхээр ч үнийг тогтоож байвал мөнгө зарцуулсан ажил нь үр дүнгээ өгч байна гэхсэн. Махны үнийг тогтвортой болгох 87 тэрбум, шатахууны үнийг барихад зар­цуулж нефть импортлогч компа­ниудад тараасан бага хүүтэй 167 тэрбум тэгээд хаана байна. Махны үнэ дээд оргилдоо хүрсэн өнгөрсөн жилийн өдийд хонины цул мах 7500 төгрөг байсан бол энэ жил 7000-7300 төгрөг, үхрийн ястай мах 7500-8000 төгрөг байсан бол одоо 7200-7500, ямааны цул мах 5500-5800 байсан бол одоо 5500-6000 төгрөг байгаа юм билээ. Тэгэхээр ингэж мөнгө тараачихаад өнгөрсөн жилийн өндөр үнээс бууж мах идэхгүй бол ямар хэрэг байна гэж МАН-ынхан нотолж байгаа бол АН-ынхан “Хуучин эрх баригчид шиг цаасан дээр мах бэлтгэхгүй. Хатуу хяналт дор махаа бэлдэж байгаа. Тиймээс махны үнэ ид өсдөг цагаар үнэтэй мах идэхгүй” гэлцэж байгаа билээ. Бас шатахууны үнийг нэмэхээр зэхэж, түгээх газруудаа хааж айлгаж байгаад 167 тэрбумыг авсан нефть импортлогч компаниуд үнээ саяхан өсгөчихлөө. Уг нь өсгөхгүй гээд л мөнгө авсан улсууд шүү дээ. Энэ мэт үр дүн нь гарахгүй үрэлгэн бодлогууд олширвол бас харам­салтай. Ямартай ч байдал хэрхэхийг нь харж л байя даа.

Намууд улс төр
хийж өөр хоорондоо цэц булаацалдаж,
өөр өөрийнхөөрөө
тайлбарлаад байхаар хажуугаас нь харж байгаа ард олон бүр төөрөлдчих юм. Улс төрийн хүрээнийхний ярьж байгаа нь байдал дээрээ бас ямар байгааг
Цагаан сарын өмнө анир­дахад ийм байх шив дээ.

Categories
редакцийн-нийтлэл

М.Өсөхбаяр: Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд түрүүлсэндээ баяртай байна

Булган аймгийн Бү­рэг­хангай сумын харьяатХилчинспорт хороо, “Жигүүр грандгруппийн бөх Мон­гол Улсын заан Мөнх­­сайханы Өсөх­баяр­тай ярилц­лаа. Тэ­рээр шинэ оны өмнөхөн болсон Үндэсний эрх чөлөө, тус­гаар тогт­нолоо сэргээн ман­дуулс­ны 101 жилийн ойн хүчит бөхийн ба­рил­даанд долоо давж түрүүлсэн билээ. Ерөнхийлөг­чийн цомын төлөөх уг барил­даанд 2012 онд чансаагаараа тэргүүлсэн 128 хүчтэн зодог­лосон юм.

Үндэсний эрх чө­лөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд түрүүлж төрийн тэргүүний­хээ нэрэмжит цомыг хүртсэнд баяр хүргэе. Чансаа өндөр­тэй 128 бөхийг үндсэн­дээ та тэр­гүүл­лээ. Ма­найхны хэлдгээр аатай сайхан түрүүллээ дээ?

-Эрх
чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн ман­дуулсны энэ их өндөр ойд түрүүлж, Ерөнхийлөг­чийн нэ­рэм­жит цом хүрт­сэнд ихэд баяртай байна.
Утга агуулгаа бодсон ч, 128 бөхийнхөө чансааг харсан ч арга­гүй сайхан баяр боллоо. Түрүүлсэн би байтугай энэхүү ойд зодоглосон бүх л бөхчүүд маань баярлаж байгаа болов уу. Хүн бүр түрүүлэх юм сан, төрийн тэргүүний цомыг хүртэх юм сан гэж бодсон нь мэдээж. Өндөр чансаатай, шилдэг хүчтэнүүд зодоглосон нь эх­нээ­сээ л мэдрэгдсэн. Бөх сонир­хогч олон Бөхийн өргөөндөө дүүр­тэл цуглаж халуун дулаан энерги цал­­гисан, эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөө­гөөрөө бахадсан тийм нэг сайхан барилдаан бол­лоо. Сана­сандаа хүртэл барилд­сан гэж бодож байна. Олон түмэн баяр хүргээд сайхан байна аа.

Өөрийн тань хэлдгээр бүх л бөхчүүд эрх чөлөө, тусгаар тогт­нолынхоо ойд түрүүлэхсэн, Ерөн­хийлөгчийнхөө цомыг хүр­тэхсэн гэж бодсон нь мэдээж. Даваа бүхэнд хатуухан учраа тулгарч байсан нь тодорхой. Бүгд л амаргүй байсан уу?

-Барилдаан
нэгийн давааны оноолтоос л үнэндээ чанга гэдэг нь мэд­рэгдсэн дээ. Ухаандаа, Г.Эр­хэм­­баяр арсланг нэгийн да­ваанд та­хи­маа өгнө гэж хэн ч тааварлаагүй нь мэдээж. Дээгүүр барилдана л гэж үзэгчид харж байсан. Мөн залуу заан Ч.Санжаа­дамба байна. Хоёрын даваанд аймгийн заан Л.Батзоригт өвдөг шороодсон. Бас л түрүү үзүүрт шалгарах бөхчүү­дийн тоонд нэр нь зүй ёсоор орж байсан шүү дээ. С.Мөнхбат аварга, П.Бүрэнтөгс арслан нарыг ч мөн л дээгүүр барилдана гэж таа­вар­лаж байсан байх. Миний хувьд Төв аймгийн харьяат хурц арслан Ч.Бат­­чулуунаар гурав, Б.Дэл­гэр­сайхан, Б.Эрдэнэхүү нарын хүчтэй аймгийн арслангуудаар дөрөв, тав давж их шөвгийн дөрөвт Ц.Содном­дорж харцагатай тунасан. Тухайн өдрийн од гийнэ гэж манайхан ярьдаг даа. Түүн шиг од гийлээ гэж бодож байна.

Болдын Эрдэнэхүү арслан сүүлийн үед сайн барилдаж байгаа. Ардчиллын ойд түрүүлс­нийг манайхан мэднэ?

-Тийм
ээ, Эрдэнэхүү арслан бяртай, аралтай, хүчтэй сайн бөх. Улсын цолонд хараахан хүрээгүй, ид гарч ирж шуугиан тарьж байгаа бөх л дөө. Тавын даваанд гурван бөхөөс ам авахдаа Эрдэнэхүү арс­ланг амласан. Чац өндөртэй, арал­тай бөх гэдэг нь барилдааны явцад мэд­рэгддэг л дээ. Түүнтэй багагүй хуга­цаанд хүч үзэж байж давсан. Гур­вын давааны ам болох аймгийн хурц арслан Батчулуун ч чац том­той, аралтай, хүчтэй сайн бөх. Гурвын даваанд ам авахад амар­гүй байсан. Дандаа л хатуу учраа­нууд үлдчихсэн байсан. Уул нь би чинь бас ч гэж цолныхоо эрэм­бээр дээгүүр ам авч байгаа шүү дээ.

Үзүүр түрүүнд Д.Рагчаа гарь­дыг өвдөглүүлсэн. Нэг их удалгүйгээр давсан. Шийдсэн мэхээ хийсэн үү?

-Гарьдтай
өмнө нь олон барил­даж байсан. Хэн хэнийхээ барил­даа­ныг ерөнхийд нь мэднэ. Харин сүүлийн үед тэр бүр таараагүй са­нагдана. Рагчаа гарьд ч улсын наа­дамд үзүүр булааснаасаа хойш бараг л зодоглоогүй. Миний нэг онц­лог байдаг л даа. Давсан ч, уна­сан ч хамаагүй үзэгч олноо хүн­дэт­гэж түргэн шуурхай барил­дъя, шийдсэн мэхээ хийж цацаа цалгиа­тай халгүйхэн үзчихье гэж боддог. Тийм л сэтгэлээр гарьдтай барилд­сан. Гэхдээ тийм мэх хийнэ гэж шийдээгүй. Барилдааны явцад л хутгачихсан чинь гарьдыг өвдөг­лүүлчихсэн.

-“Өсөхөө заан хоёр гуяа са­ваад, хүлэг морь адил эргэцээд тог­тож ядаад эхлэхээрээ ч бяр нь ордог, барилдаан нь гардагхэмээн бөх сонирхогч олон, бөхийн зүтгэлтнүүд ярьдаг юм билээ?

-Өнөө
л түргэн шуурхай ба­рил­дъя гэсэн хүсэл эрмэлзэл минь үзэгч олонд хүрдгийн илрэл болов уу. Намайг зарим хүмүүс их аатай барилддаг гэдэг. Монгол бөхөд “Аа” гэдэг ойлголт тодорхой хэмжээ­гээр байх ёстой. Аандаа багтаж ядан монгол бөхийнхөө зүлэг но­гоон дэвжээн дээр ба­рилдаж бай­сан, барилдаж байгаа олон хүч­тэн байна шүү дээ. Зарим нэг бөхийг ааг омог нь чимж, өөрийг нь ирлэж хурцалж байх шиг санагд­даг. Бөхөд ид дурлаж хонь хурганы бэлчээрт дээл хувц­саа урж явах үед аатай барилддаг бөхчүүд олон байсан.

Ингэхэд өөрөө удамтай бөх. Улсын заан Дашзэгвийн Баасан­дорж та хоёрыг ахан дүүс гэдгийг хүмүүс мэднэ. Удам гарлынхаа тухай сонир­хуу­лахгүй юу?

-Өвөө
маань “Өндөр” Цэрэн­дол­гор гэж аймгийн начин цолтой бөх хүн байсан. Манай аав боло­хоор огт барилддаггүй хөдөөний малчин хүн байв. Харин аавын төрсөн дүү Ц.Мөнхбаатар гэж сумандаа найман удаа түрүүлсэн сумын заан бий. Бүрэгхангайдаа бол “дархан аварга” юм даа. Д.Баасандорж ах ээжийн төрсөн дүү нь. Тэгэхээр би аав ээжийн аль ч талаасаа бөхийн удамтай гэж хэлж болох юм. Намайг бөх боло­ход хамгийн их нөлөөлсөн хүн өвөө маань. “Миний хүү мундаг бөх бол­но” гэж үргэлж урмын үгээр мялаа­даг байлаа. Би чинь багаа­саа л барил­дах өвчтэй, сахилгагүй нөхөр байсан. Дээд ангийнхаа хүүхдүүд­тэй нударга зөрүүлээд багш нарын зөвлөгөөний хурлаар олон орсон доо. Сургуулийн захирал Догсом гэж өөрөө бөхөд дуртай залуудаа шаггүй барилддаг хүн байсан. Би бөхийн дугуйланд нь гуравдугаар ангиасаа эхэлж явсан юм. Намайг дүрсгүйтээд хурлаар ороход байнга өмөөрдөг сөн. Гуравдугаар ангийн сурагч аймгийн аваргад барилдах гэж очоод бичиг баримт­гүй гэж хасагдчихаад уйлж суусан даа. Бөхөд тэгж л амиа тавьдаг байж билээ.

Хүн бүр багадаа тэр хүн шиг л мундаг  бөх болно гэж ихэвч­лэн мөрөөддөг. Таны хувьд?

-Эхлээд
сумын заан Ц.Мөнх­баа­тар ах шигээ бөх болно гэж боддог байлаа. Мөнхөө ахтай хамт зэргэлдээ сумдын наадамд очно. Тэгээд  байнд авсан даагыг нь хөтлөөд буцна шүү дээ. Өөрөө түрүүлчихсэн шиг л баярлана, хөөрнө, догдолно. Тухайн үед ах их л том бөх юм шиг санагддаг сан. Дараа нь улсын цолтой бөхчүүдийг зурагтаар хараад Д.Сумъяабазар аваргаас аваад л олон хүнийг биширч эхэлж байгаа юм. 1994 онд Сумъяа аваргыг начин болох жил нь би хоёрдугаар ангийн жаахан хүүхэд байлаа.

Хэдийд анх өөрийгөө бөх болох нь гэж  урамшиж байв. Хүмүүст сонин байх болов уу?

-2000 онд наймдугаар ангиа төгссөн жил Д.Баасандорж ахтай­гаа хамт бөх болно гэж хот руу орж ирсэн. Тэгээд 2001 оны үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргад шагналт дөрөвдүгээр байр эзэлж, тэр жилийнхээ цагаан сараар өсвөрийн барилдаанд түрүүлэн маш их урамшиж байсан даа. Үнэхээр бөх болчих юм болов уу гэсэн итгэл төрж эхэлсэн нь тэр. 2003 онд Казахстанд болсон самбо бөхийн залуучуудын Азийн авар­гад түрүүлж алтан медаль хүртсэн. Эх орныхоо төрийн далбааг харийн тэнгэрт мандуулан, Төрийн дууллаа эгшиглүүлэх ямар бахтайг тэгэхэд анх мэдэрч билээ.

Аймгийн цол хэзээ хүртсэн бэ. Мөн улсын наадамд хэдэн онд анх зодоглосон бол?

-Хоёр
мянга дөрвөн онд Булган аймгийнхаа наадамд аймгийн цол хүртчих санаатай зодоглосон юм. Тэгтэл тавын даваанд Түвшээтэй­гээ (олимпийн аварга, хөдөл­мө­рийн баатар) тунаад өвдөг шо­роод­сон. Өнөө цол авах мөрөө­дөл будаа болж байгаа хэрэг. Ингээд жаахан гомдолтойхон байж байтал Дорноговь аймгийн наадам найм­дугаар сард болох сураг дуулддаг юм аа. Тэгээд л Дорно­говийн наад­мыг зорьж очсон. Улсын наадмаас хэзээ хойно болсон учир хотоос бөхчүүд бага­гүй очсон байсан. Одоогийн улсын арслан Г.Эрхэм­баяр, харцага Т.Амар­түвшин нарыг начин цолтой байхад нь өвдөг­лүүлж тухайн наадмын түрүү бөх боллоо. Баярласан гэдэг тойм­гүй. Ингэж л аймгийн арслан цол хүртэж байлаа. 2005 онд улсын наадамд анх зодоглосон. Төрийн наадам эхлэхийг өмнө нь зураг­таар л харж байсан. Зодог шуудгаа бүслээд цэнгэлдэх рүү ороод ирэ­хэд их гоё санагдаж билээ. Тэр жил Сэлэнгэ аймгийн начин Ш.Зориг­тоор хоёр давж гурвын даваанд одоогийн харцага тухайн үед айм­гийн арс­лан цолтой байсан Т.Сан­чираар тунаж давсан юм. Дөрвийн да­ваанд Б.Ганбат арсланд та­химаа өгсөн. “Миний дүү сайн бөх болно шүү” гэж хэлэхэд нь ихэд баярлаж билээ. Гурвын давааны төгсгөлд Ш.Тогтохбаяр, Т.Өсөх-Ирээдүй, Б.Соронзонболд зэрэг найман залуу бөхийг хэн ч амлаа­гүй хоо­ронд нь тунааж байсан удаатай. Одоо бүгд л улсын цолтой хүч­тэнүүд болж дээ. Төрийн наа­дамд анх зодоглосон жил Д.Баа­сан­дорж ах маань улсын цолонд хүрч наадмын талбай дээр уйлал­даад зогсч байлаа.

Өөрөө ахаасаа нэг жилийн дараа буюу 2006 онд начин болж байсан. Бас л өөрийн хүчээр цолонд хүрч их л баярлаж байсан санагдана?

-Тийм
ээ, Т.Амартүвшин хар­цагыг начин цолтой байхад нь тавын даваанд давж өөрийн хүчээр цолонд хүрсэн. Бааска ах ч Одхүү начингаар тав давж өөрийн хүчээр цолонд хүрч байлаа. 2006 онд чинь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож байсан. 1024 бөх зодоглосон төрт ёсны баярт улсын начин цол хүртсэндээ бэлгэшээдэг дээ.

Заан цолыг хэдэн онд хүрт­лээ?

-2009 онд хүрт­сэн. Тэр жил бэлтгэл ч сайн байсан. Улсын харцага Т.Мөнгөнцоожоор тав, шинэхэн начин Эрдэнэ­билэгийн Энхбатаар зургаа давсан юм. Зургаагийн даваанд ам сонсо­ход улсын цол дөнгөж хүртээд байсан гурван залуу байж байлаа. Ц.Сод­номдорж, Ө.Бат-Орших, Э.Энх­бат нар. Тэгээд л Энхбатыгаа авсан. Бид хоёр чинь нэг нутгийн нэг дэвжээний бөхчүүд шүү дээ. Харин долоогийн даваанд Н.Ган­баатар гарьдтай тунасан. Ганбаа гарьд бол надаас биеэр том, чац өндөртэй бөх л дөө. Түүнийг хутгах мэхээрээ давж заан цолд хүрсэн.

Заан цол хүртсэнийхээ дараа жил мөн л зааны даваанд шалгарч байсан. Тэгэхдээ зур­гаа­гийн даваанд өөрийн ах Д.Баасандоржтой тунаж байлаа. Тухайн барилдаанаа эргээд дурсахгүй юу?

-2010 оны наадам шүү дээ. Зургаагийн даваанд яалт ч үгүй Бааска ах (Д.Баасандорж заан)-тай тунадаг юм. Тэгээд яахав, хүч үзсэн. Энгийн амьдал дээр ах дүү болов ч төрийн наадмын дэвжээнд ах дүү гэсэн ойлголт байж болох­гүй. Гэхдээ бүр чиг үнэн хүчийг үзээд хоёр биенээ цуцаагаад зүтгэхэд бас хэцүү. Хэн сайн байгаа нь л дээшээ барилдахыг бодно шүү дээ. 2010 онд Бааска ахаар зургаа даваад долоогийн даваанд тэр жилийн түрүү бөх Б.Ганбат арс­ланд унасан. Наадмын түрүү бөх гэдэг арай өөр байдаг юм билээ. Яалт ч үгүй баралгүй унадаг. Өнгөр­сөн жил би мөн л наадмын түрүү бөх болох П.Бүрэнтөгс арсланг тавын даваанд амлаж барилдаад тахимаа өгсөн дөө.

Ерэн жилийн ойгоор наадамчин олон Өсөхөө заандаа багагүй итгэл хүлээлгэж байсан. Ер нь цолоо ахиулах болов уу гэж тааварлаж байсан. Тэгтэл зургаагийн даваанд Д.Баасан­дорж заанд өвдөг шороодсон. Хүмүүс бол ахдаа өгчихлөө дөө гэсэн байдлаар хүлээж авсан даа?

-2011 онд Бааска ах үнэхээр гойд байсан. Төрийн наадмын түрүү болчихоод зогсож байхыг нь үгүйсгэх аргагүй байсан. Тийм болохоор ахыгаа дээшээ барил­дана гэж бодсон. Зургаагийн даваанд яалт үгүй таараад хүч үзсэн дээ. Тэгээд ах минь давсан. Бааска ах долоогийн даваанд Т.Өсөх-Ирээ­дүй харцагыг давж заан болсон шүү дээ. Наймын даваанд М.Баяр­жавхлан гарьдад тахимаа өгсөн. Баяржавхлан гарьдтай хэрхэн барилдсаныг бөх сонирхогч олон мэдэх учир би илүү тайлбар хэлээд яахав дээ.

Өнөө жилийн наадамд өөрийг тань нэгюмдуулгах болов уу гэж хүмүүс харж байгаа. Аатай, иртэй сайхан барилдаж төрийн наадмын түрүү бөх болохыг ерөөе?

-Баярлалаа.
Үзэгч олныхоо итгэлийг алдалгүй санасандаа хүртэл сайхан барилдана аа. Эрх чөлөө, тусгаар тогтнолын өндөр ойд түрүүллээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шил­жин явах цомыг хүртлээ. Хийморь лундаа минь бадарч, одтой сайхан барилдах болов уу. Бүрэгхангайн минь уулс намайг түших байх. Үндэсний бөх, их спортоор хичээл­лүүлж хүч хөдөлмөрөө зарж бай­гаа багш нар, эрхэм дотны ах нарынхаа хичээл зүтгэлийг хөсөр­дүүлэхгүйн төлөө зүтгэнэ ээ.

Ярилцсан Н.ГАНТУЛГА