Төрийн сангийн зээлээр гадаадын их, дээд сургуульд элсэн суралцана гэдэг оюутан залуусын өмнө нэлээд өндөр шалгуур тавигддаг. Тоо хязгаартай учраас хүссэн болгон нь аваад ч байдаггүй. Улс ч гадаадад чанартай боловсон хүчин бэлдэхийн тулд ийнхүү залуусаа харж үзэн төрийн сангаас зээл олгодог. Гэхдээ төрийн сангийн зээл олгохын тулд гадаадын 500 шилдэг их, дээд сургууль гэж заасан байгаа юм. Харамсалтай нь гадагшаа явсан болгон нь шилдэгт суралцдаггүй. Мөн гадаадад сурах нэрээр төрийн сангийн зээл авсан хэрнээ Монголд салбартай гадаадын их дээд сургуульд сураад байгаа нь анхаарал татна. Энэ нь шууд хууль зөрчиж байгаа хэрэг юм.
Гэтэл жирийн иргэдийн хүүхдүүдийн арай гэж хамрагддаг төрийн сангийн зээлд МАН-ын гишүүдийн охид, хөвгүүд ямар ч шалгуургүйгээр багтдаг. Энэ талаар манай сонин өмнө нь ч бичиж байсан. Хэдийгээр сурлагын чанар, сургуулийн чанарыг нь харгалзан үзэж явуулдаг гэх ч үнэн хэрэгтээ тухайн үед эрх барьж байсан МАН-ын албан тушаалтнуудын хүүхдүүд л төрийн сангийн зээлд хамрагдах нь их байжээ. Нэг ёсондоо өөрийнхөө хүүхдүүдийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан төрийн сангийн зээлд хамруулан явуулдаг байж. Тэр ч байтугай МАН-ын залуус, бүр УИХ-д суугаа гишүүн Ж.Энхбаяр, Г.Занданшатар нар ч төрийн сангийн зээлээр сурсан байх юм. Үүнийг нотлох баримт байна. 1997-2011 онд төрийн сангийн зээлээр гадаадад суралцсан хүмүүсийн нэрс дунд МАН-ын гишүүдийн хүүхдүүд цөөнгүй харагдлаа. Суралцагчдын судалгааг гадаадын дээд боловсролын сургалтын байгууллага гаргажээ. Дээрх хугацаанд нийтдээ 1342 хүн хилийн чанад дахь их, дээд сургуулиудад суралцжээ. Нийт суралцагчдаас 111 нь төрийн сангийн зээлээс чөлөөлөгдсөн байна. Гадаадад суралцагчдын 300 гаруй нь эх орондоо ирж, төсвийн байгууллагад ажиллаж байгаа аж. Мөн долоон хүн гадаадад суралцах явцдаа золгүй байдлаар нас барсан бол 16 хүн сургуулиа төгсч чадаагүй ажээ. Харин 202 хүн гадаадад сургуулиа төгссөн боловч эх орондоо эргэж ирээгүй гэнэ.
Манайхаас АНУ, Австрали, Япон, ХБНГУ, Солонгос, Энэтхэг, ОХУ, Шинэ Зеланд, Норвеги зэрэг дэлхийн 30 гаруй улс руу мэргэжил дээшлүүлэхээр суралцдаг юм байна. Гэхдээ нөгөө шаардлагад нийцсэн шилдэг 500 сургууль руу явдаг нь цөөн. Харин хүслээрээ л яваад байж. Тэр шаардлага энэ тэрийг харгалзахгүйгээр. Австралид гэхэд Шийрэвдамбын Маргад, Пүрэвдоржийн Хулан, Раднаагийн Ариунбилэг, Эрдэнэсүрэнгийн Амгалан нар суралцжээ. Тэд худалдааны эрх зүй, эдийн засаг, байгаль орчны шинжээч, боловсролын удирдлагын мэргэжлээр суралцаж төгсчээ. Харин Баделханы Галия, Цанжидын Дэлгэрмаа, Бэгзжавын Мөнхбаатар, Сандалханы Бакатжан нар Англид суралцсан байх юм. Тэд олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ.
Нидерландад Далайгийн Эрдэнэ-Отгон, Жадамбаагийн Энхбаяр, Зэнээмядарын Батбаяр, Пүрэвдоржийн Хангал, Гомбожавын Занданшатар нар Маастрихтын удирдлагын сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан гэнэ. Угтаа энэ сургуулийн Монгол дахь салбар Улаанбаатарт бий шүү дээ. Нэгэнт салбар сургуульд нь Монголд сурчихаад үүнийгээ гадаадад сурсан гэж төрийн сангийн зээлд хамрагдсан нь бас гайхал төрүүлж байгаа юм.
Мөн АНУ-д МАН-ын гишүүдийн үр хүүхдүүд цөөнгүй суралцжээ. Хотын мэр байсан Т.Билэгтийн Лхагвасүрэн, Аудитын газрын даргын албыг хашиж байсан Жавзмаагийн Мөнхцэцэг тус улсад суралцсан байна. Тэднээс гадна МАН-ын гишүүн Лувсанжавын Жавхлан, М.Энхболдын Одмөнх, Рашийн Оргилмаа, Дэмбэрэлийн Одмягмар, Энхтүвшингийн Золбоо, Дэмбэрэлийн Нямцэрэн, Насанжаргалын Отгонболд, Цолмонгийн Нарангарав, Баяртсайханы Хулан, Содномдоржийн Санасэр, Базархүүгийн Даажамба, Бателханы Арна, Гунгаадоржийн Тунгалаг, Лхагваагийн Ганбат нар төрийн захиргааны болон бизнесийн удирдлага, хууль эрх зүйн мэргэжлээр суралцан төгсөгчид байх юм.
МАН-ын гишүүдийн, тэр тусмаа албан тушаалтны хүүхдүүд гадаадад сурч болохгүй гэсэн хууль байхгүй. Төрийн сангийн зээлд ч бас хамрагдаж болох талтай. Арын хаалга хэрэглэснийг нь эс тооцвол шүү. Гэхдээ тэрийгээ эргүүлэн төлсөн эсэх нь анхаарал татаж байгаа юм. Учир нь тэр мөнгө чинь өнөө л ард түмний халааснаас гарсан татварын мөнгө шүү дээ. Гэвч ихэнх нь төлдөггүй, тэр байтугай гадаадад сурчихаад эргэж ирэхгүй байгааг юу гэж тайлбарлах вэ. Улсын төсвийг үрлэгэн зарлаган ашигласан дээрх хууль бус үйлдэлд холбогдох байгууллагууд анхаарал хандуулбал яасан юм.