Шүүхийн шинэчлэл, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлын талаар манайхан ярьцгаадаг. Шүүхийнхэн авлига авдаг, хэрэг буруу шийдлээ, нөлөөнд автлаа гэж гомдоллох нь бас бий. Нотолгоогүй боловч ийм хар сэр байнга л явж байдаг. Тэгвэл шүүх юунаас эхэлж шинэчлэгдэх ёстой вэ. Шүүхийн шинэчлэл бүтэц, тогтолцоо, шүүгчээсээ л эхэлнэ. Ингэхийн тулд хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байсан.
Ерөнхийлөгч Шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьснаар уг хууль батлагдаж ирэх оны долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх болсон. Энэ багц хуулиудад шүүхийн бүтэц, тогтолцоонд нэлээдгүй өөрчлөлт оржээ. Гэхдээ шүүхийн шинэчлэл гэхээр хуучин хувцсаа шинээр солихтой адил хялбархнаар бодож болохгүй. Цаг хугацаа нэлээдгүй орно. Ямар ч байсан хууль шинээр батлагдсан нь үүнд том түлхэц болох юм. Шүүхийн түүхийг он тооллоор нь ярих юм бол эргэлзээтэй. Зарим нь 1921 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш тооцдог бол өөр нэг хэсэг нь тэрнээс өмнө үүссэн гэж үздэг. Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 100 жилийн ойгоо саяхан тэмдэглэснээс харвал энэ ч бас ортой байж болох юм. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотой Шүүхийн тухай хууль ч өөрчлөгдөж ирсэн байдаг. Гэхдээ олон хуулийг нэгтгэж, Шүүхийн тухай хуулиндаа базаж оруулсан нь нэг талдаа өгөөж муутай, олон зүйл тодорхой бус бүрхэг байлаа. Шүүхийн тогтолцооны дагуу анхан болон давж заалдах, хяналтын шатанд ажиллах шүүгч нарынх нь эрх зүйн байдал хуулинд тодорхой байгаагүй. Энэ бүхэн шинээр батлагдсан Шүүхийн тухай багц хуулинд нарийн тодорхой тусгагджээ. Тиймээс эдгээр хуулиудад ямар, ямар өөрчлөлт орж, шинээр юу нэмэгдсэнийг тоймлоё.
Шүүхийн сахилгын хороо нь ёс зүйн хороо гэдэг нэртэй болж Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллахаар болсон. Шүүхийн сахилгын хороонд шүүгч нар орж байсан нь шинэ хуулиар өөрчлөгдсөн. Эрдэмтэн судлаачид, хуульчдаас бүрдсэн есөн хүн энэ бүрэлдэхүүнд багтана. Хэрвээ хэн нэгэн шүүн таслах ажиллагаа явуулахдаа мэргэжлийн алдаа гаргасан, хуульчийн ёс зүй зөрчсөн, шүүн таслах ажиллагааг буруу хийсэн гэж үзвэл Хуульчдын холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороонд хандах юм. Мэргэжлийн хариуцлагын хороо шүүгчийн шүүн таслах эрхийг хураах хүртэл арга хэмжээ авч болох аж. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг тухайн шүүгч зөвшөөрөхгүй бол Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд хандана.
Шүүгч бусдыг хохироосон шийдвэр гаргавал тэр хуралд оролцсон өмгөөлөгч, прокурор хоёр тэр шүүгчийг хариуцлагын хороо руу өгч болно. Хэрвээ өмгөөлөгч нь зөрчсөн бол шүүгч, прокурор нь өгч болно. Прокурор зөрчсөн бол өмгөөлөгч, шүүгч нь өгч болно. Сахилгын хороонд иргэд өргөдөл өгөх нь нээлттэй, Мэргэжлийн хариуцлагын хороон дээрээ хаалттай байсныг хоёуланд нь нээлттэй болгочихсон. Тэгэхлээр хэргийг буруу шийдвэл хэргийн оролцогчид нь гомдол гаргах эрх нээлттэй учраас эвгүйтэх нь байна шүү гэж шүүгч нөхөр бодноо доо. Ингэхээр тухайн шүүгчийн хариуцлага өндөрсөж байгаа юм.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүхийн тухай хуулиар шүүгчийн өөрийнх нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн байдал нь ямар байх, шүүгчид ямар болзол шаардлага тавигдах, шүүгчийн эрх, хараат бус байдал нь ямар журмаар хуульчлагдах юм, түүний эдийн засгийн болон улс төрийн баталгаа нь ямар байх юм гэдгийг хийж өгчээ.
Шүүхийн захиргааны тухай хуулиар Үндсэн хуулийн заалтаас эхтэй шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг Ерөнхий зөвлөл яаж хангах юм гэдгийг зохицуулсан байна лээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн зэргийг бүгдийг энэ хуулиар зохицуулаад өгсөн.
Дээр нь шүүх хэрэг маргааныг төрөлжүүлэн шийдвэрлэх дагнасан шүүхтэй болж, үүнд мэргэшсэн шүүгч нар ажиллана. Өмнө нь нэг шүүгч эрүүгийн хэрэг, иргэний хэрэг аль алиныг нь шийдэхэд оролцдог байсан. Үүнээс болж алдаа гарахгүй гэхийн баталгаагүй. Тиймээс энэ нь мэргэшсэн байдлыг хадгалж чадахгүй, дагнаж чадахгүй, хэрэг шийдэж байгаа улсуудын сэтгэл ханамжийн баталгаа болж чадахгүй байсан. Үүнийг анхан шатнаас нь төрөлжүүлж байгаа ажээ. Энэ хууль хэрэгжээд эхлэхээр шүүгч нар эрүүгийн хэрэг шүүх үү, иргэний хэрэг шүүх үү гэдгээ өөрсдөө сонгох юм.
Өмнө нь гомдол гаргагч Дээд шүүхэд хандаад дараа нь Ерөнхий шүүгчид ханддаг байсан нь мөн болих юм. Нэг шийдэлтэй хэргийн хувьд бодъё л доо. Анхан шатны хурлаар бүрэлдэхүүнтэй шийдэх хэрэг байсан учраас гурван шүүгч орсон. Тэгэх юм бол анхан шатны гурав, давж заалдах шатны гурав, хяналтын шатны тав гэхээр нийт 11 шүүгч болно. 11 шүүгчийн ухаан уралдуулж шийдсэн хэргийг хууль зөрчсөн гэх үндэслэлээр Дээд шүүхийн ерөнхий шүүгчид дүгнэлт, Ерөнхий прокурорт эсэргүүцэл бичиж, үүнийг нь 17 шүүгч хэлэлцдэг байсан. Энэ нь эрх зүйн талаасаа ч, хууль хэрэглээ талаасаа ч, онолын шүүх гэдэг утгаараа болохгүй байсан бол шинэ хуулиар энэ шат байхгүй болж байгаа. Нэгэнт таван шүүгч шийдсэн л бол шийдвэрийг хүчин төгөлдөр болгож хугацааны хувьд иргэнийг хохироохоо больсон байна. Одоо иргэд хяналтын шатны таван шүүгч нь шийдчихээд байхад гомдол гаргаад дахиад яваад байдаг. Нэгэнт хяналтын шатны тогтоол гарсан бол гарсан өдрөөсөө хуулийн хүчин төгөлдөр болоод гүйцэтгэлийн шугамаараа шийдээд явна.
Иргэд хуулийн этгээдийн хүсэлтээр Дээд шүүх, Үндсэн хуулиас бусад хуульд тайлбар гаргадаг байсан бол одоо ингэхээ больсон. Ингэж тайлбар гаргах нь сөрөг үр дагавартай байлаа. “Тэдний талд ашигтай тайлбар хийчихлээ” гээд л шүүхийг буруутгаж, ам урцалдан шүүмжилж эхэлдэг. Үүнийг өөрчилж хяналтын шатны шүүх хэрэг, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх замаар л хуулиа тайлбарлахаар болж байгаа юм байна.
Шүүх хурлын үеэр шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орцгоодог. Олонхиороо шийдвэр гаргалаа гээд гараад ирдэг. Таван шүүгч шүүх хуралд орлоо гэхэд хоёр нь эсрэг саналтай байвал ямар учраас ийм санал өгснийг хэн ч мэдэхгүй нууц хэвээр үлдчихдэг байсан. Тэгвэл шинэ хуулиар энэ бүхэн нээлттэй болж, шүүхийн шийдвэртэй хамт тусгай санал Дээд шүүхийн вэб сайтан дээр тавигдана. Ингэснээр тухайн хэргийн талаар эрх зүйн талаас нь анализ хийх эрх нь иргэдэд олгогдох юм. Харин анхан болон давж заалдах шатны хурал дээр тусгай саналаа шүүхийн шийдвэрт хавсаргаад өгөх жишээтэй байх аж.
Хуучин бол Ерөнхий шүүгч зургаан жилээр томилогдоод, нэг удаа улирч арван хоёр жил ажиллаж болох байсныг шинэ хуулиар урт байна гэж үзжээ. Хүний амьдралын арван хоёр жил гэдэг бага хугацаа биш. Тиймээс үүнийг зургаан жилээр нэг удаа томилогдохоор болж өөрчилсөн. Танхимын тэргүүнүүд гурван жилээр нэг удаа томилогдоно. Нэг удаа гурван жилээр дахиж сунгаж болно. Бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч мөн адил гурван жилийн хугацаатай л томилогдоно. “Энэ хүн сайн ажиллаж байна. Үргэлжлүүлээд ажиллах боломжтой” гэвэл нэг удаа гурван жилээр сунгах боломжтой болж өөрчлөгдсөн. Одоо яадаг гэхээр зургаан жилээр томилогдоод, дахиад зургаагаар сунгаад арван хоёр жил ерөнхий шүүгч хийдэг. Тэгээд дараагийн зургаан жилийн хугацаа дуусахын өмнө өөр аймаг, өөр дүүргийн шүүхэд шилжчихдэг. Өөр шүүхэд очоод дахиад л ерөнхий шүүгч болчихно. Ингэсээр насаараа аль нэг шүүхийн ерөнхий шүүгч хийгээд явчихаж байгаа юм. Одоо тийм боломж байхгүй болсон.
Өнөөдөр гомдол гаргасан хэн болгоны хүсэлтээр орж ирсэн хэрэг болгоныг Дээд шүүх шийддэг. Энэ байдал нэгэнт үгүй болох нь. Хууль хэрэглээ, хуулиар тогтоосон журам зөрчлөө гэсэн үндэслэлээр л Дээд шүүх рүү орно. Бусад нотлох баримтын үнэлгээ, хэрэг хянан шийдвэрлэх үнэлгээ, хууль хэрэглээтэй холбоотой хэргийг давж заалдах шатны шүүхээр шийд л гэдэг болж байгаа юм байна.
Иргэдийн төлөөллийн эрх зүйн байдлын тухай хууль гэж тусдаа хууль гарсан. Иргэдийн төлөөлөгч хуучин бол хэлбэрийн төдий шүүх хуралд оролцдог байсан бол шинэ хуулиар шүүгчтэй адил таслах эрхтэйгээр оролцох юм.
Мөн Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны тухай хууль гэж байгаа. Энэ нь иргэний хэрэг дээр л зөвхөн хэрэгжинэ. Нэг төрлийн бизнес ч гэж хэлж болох юм. Эвлэрүүлэн зуучлагч нь заавал хуульч хүн байх албагүй. Энэ нь шүүхээр орохгүйгээр талуудын эвлэрэх боломжийг олгосон хууль. Эвлэрүүлэн зуучлагч нь эрх авах бөгөөд дээд боловсролтой, эрх зүйн чадамжтай, ял шийтгэлгүй гэх мэтээр хуульд зааж өгсөн байгаа.
Шүүхийн багц хуулиудтай холбоотой, шүүх хэрхэн өөрчлөх тухай бичвэл чамгүй олон зүйл дурдах хэрэг гарна.
Ирэх оны долдугаар сарын нэгнээс Шүүхийн багц хуулиуд хэрэгжиж эхлэх бөгөөд энэ хуулиудтай холбоотой шүүхэд шинэчлэл ч өрнөх юм байна.