Коминтерн хэмээх байгууллага монголчуудын амьдралд, Монголын
түүхэнд ямар “гавьяа” байгуулсан
гэдгийг бид одоо хэр мартаагүй.
Монголын хамгийн сэхээрсэн боловсорсон хүмүүсийг, хамгийн гэгээрсэн, уншсан
лам хуврагуудыг хороож тэдний гэр бүл,
үр хүүхэд ахан дүүсээр нь дам дамаа хэлмэгдүүлэн тарчлаасан билээ. Тэгэхийн
үндэс шалтгийг тухайн үеийн МАХН харин одоогийн МАН хийсэн.
Тэр үеийн намын удирдлагууд
Коминтернд хандаж захиа бичин хар, шар феодалуудыг дарахад туслахыг хүссэн байдаг. Их хэлмэгдүүлэлт ингэж л эхэлсэн. Ид насны
олон эрчүүд насны хэмжлээс
өмнө буцаж, олон эмс хүүхнүүд өнчирч,
Монголд хүн амын бодлого алдагдаж,
ард олон айдас хүйдэстэй өдрийг өнгөрөөж аймшигт хэлмэгдлийг биеэр туулсан
билээ. Ташуур бороохойгоор зэвсэглэсэн үзэл
бодол өөр хүмүүсийн тэмцлийг Коминтерний тусламжтай танк, нисэх
онгоцоор өвч зэвсэглэн байж
дарж авсан юм. Тэр үеийн дайсан
гэгдсэн хүмүүс нь хувийн өмчтэй байхыг чухалчилсан, шашин
шүтэх эрх чөлөөгөө
хүсэмжилсэн, бүгдийг нийтийн болгохыг хүлээн зөвшөөрөөгүй нэг үгээр
эрх баригчдынхаа эсрэг үзэл
бодолтой хэсэг байсан. Олгой хагаравч тогоондоо, гар хугаравч ханцуйдаа гэгчээр
асуудлыг дотооддоо шийдэхийн оронд гадны байгууллагаас тусламж хүсэн захидал илгээснээр эл хар
түүх эхэлсэн юм. Коминтернд
захидал илгээж байсан нам болох МАН-ынхан сая мөн
тэр байгууллагадаа захидал илгээсэн нь анхаарал татаж байна. Өнөөгийн Социнтерн бол хуучин цагийн Коминтерн билээ.
Бүр анх 1864 онд социалист,
коммунист, анархист улс төрийн
хүчнүүд болон үйлдвэрчний эвлэлийнхэн нэгдэж
хөдөлмөрчин ангийн эрх ашгийг хамгаалахаар байгуулагдаж
байсан тус байгууллага 1919 онд Москвад болсон гурав дахь удаагийнхаа хурлаар Коминтерн
гэгдэх болсон. 1943 он болтол Коминтерн нэрээр үйл
ажиллагаагаа явуулж байсан эл байгууллага 1951 оноос Социнтерн нэрээрээ жигдэрсэн
байгаа. Одоо дэлхийн олон намыг багтаасан, олон орны улстөрчдийг ардаа жагсаасан томоохон
байгууллага. Тэгвэл хуучны Коминтернд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өөрийн гараар нэгэн захидлыг илгээжээ.
Ардчилсан нам сонгуульд ялснаар ардчилалгүй
боллоо гэж эмзэглэж буйгаа илэрхийлсэн уг захидалд АН-ыг олонхиороо түрий барьж, МАН-ыг үл тоомсорлож удаа дараагийн хүргүүлсэн мэдэгдлүүдийг
тоохгүй байгаа талаар өгүүлсэн байна. Тэгээд эрхэм ерөнхий нарийн бичгийн дарга Луис
Аяалаг бодит нөхцөл байдлыг Социнтерний ах дүү намуудад өөрийн шугамаар тайлбарлаж үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсчээ. Энгийнээр
харахад нэг байгууллагын гишүүн
нь дарга даамалдаа хандаж захидал илгээсэн мэт боловч монголчуудын хувьд эмзэглэл
төрүүлэм, хар дарсан он жилүүдийг эргүүлж сануулж айдас хургуулж байна.
Энэ намын удирдлагууд нэгэн цагт мөн
л энэ байгууллагад хандан захидал илгээн аймшигт хэлмэгдүүлэлт болж байсан шиг бас л энэ
намынхны бичсэн захидлын араас ард түмэн
хохирох үйл явц болох вий
гэсэн айдас төрж байгаа юм.
Өнөө цагт нисэх онгоц, танк илгээн гишүүн байгууллагаа харж үздэг хуучны асуудал өнгөрсөн.
Харин эдийн засгийн хувьд дөнгөчих хөөрхөн
арга бий. Дэлхийн 100 гаруй орны 150 орчим
улс төрийн намуудыг эгнээндээ
багтаасан Социнтерн бол хүчтэй
байгууллага. Гишүүн орнуудын
цөөнгүй нь улс орондоо эрх баригч хүчин. Харин тэднээс ирэх шахалт
хэнд дарамт болж ирэх вэ. Ерөөсөө ард түмэнд. Уул уурхай дээр юм уу, гадаадын хөрөнгө
оруулалт дээр ямар нэг хэлбэрээр ороод л ирнэ.
Аль нэг нам эрх баригч болоогүй
юм уу, бүлэг байгуулж чадсан
эсэх нь дийлэнх олонхид огтхон ч падгүй байдаг. Ардчилсан намынхан бүлэггүй, Л.Гүндалай
тэнд орилж, Ж.Наранцацралт дуугүйхэн
гуниглаж суух нь тэр ард түмэнд
сонин биш байсан, дараа нь эвсэл задарч мөнөөх АН дахиад л бүлэггүй болж МАН-д дагаар орох гээд гүйж байх нь бас л хэнд ч сонин биш
байсан. Одоо МАН нь бүлгээ
байгуулмаар байна гээд, харин АН-ынхан нь боож байгаа нь бас л тэдэнд чухал биш.
Ард түмэн дараа нь сонгуулиар
л хэн нь шогтож, согтож байсныг нь дүгнэчихдэг. Гэтэл энэ удаад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар
Социнтерн хийгээд Олон улсын парламентын холбоонд хошуу өргөв. Дотооддоо хэл амаа олоод явахын оронд хил дамнан
заргын бичиг илгээж байна. Хамгийн хоржоонтой нь хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр түүнийгээ
явуулжээ. Коминтернд захидал илгээж тусламж хүсч,
тэр хүсэлтийнх нь дагуу алж
хороосон 37 мянган хүний
дурсгалыг хүндэтгэх өдрөөр шүү.
Арай эдийн засгийн хэлмэгдүүлэлтийн
эрин энэ захидлаас улбаалах юм биш байгаа.
Танкийг хүлээд зогсоочихож
болно гэсэн бодолтой байсан ташуур бороохой барьсан үзэл бодлын зөрүүтэй хүмүүсийг
хүчирхэг техникээр нухчин
дарж, он жил үргэлжилсэн
хэлмэгдүүлэлтийг хийж байсан
энэ намын гай нь түүгээрээ
л дуусаасай билээ. Өнгөрсөн сонгуулийн өмнөхөн хэлмэгдүүлэлтийг
МАН биш харин Коминтерн гэх гадны хүчин
хийсэн мэтээр ярьж сурталчилж байсан МАН-ынхан энэ удаад дахиад л тэр байгууллагадаа
хандсан нь юуг зөгнөнө вэ?
Month: September 2012
Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбаттай ярилцлаа. Тэрээр Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ хэтрүүлэн улсад 3.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр гурван жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлсэн билээ. Гэвч түүнд оногдуулсан хэргийг Улсын дээд шүүх хэрэгсэхгүй болгосноор гурван сарын хугацаанд хоригдсоны эцэст суллагдаж цагаадсан юм. Эл эрхэм суллагдсанаасаа хойш сонин хэвлэлд нэг ч удаа ярилцлага өгөөгүй билээ.
–Таны хувьд гурван сарын хугацаанд хоригдож байгаад суллагдсан. Дээд шүүх өөрт тань оногдуулсан хэргийг хүчингүй болгосон. Энэ талаар эхлээд сонирхмоор байна?
-Дээд шүүх
уг хэргийг хэрэгсэхгүй болгож
миний бие суллагдсанаасаа хойш сонин хэвлэлд яриа өгөөгүй.
Тухайн хэрэгтэй холбогдуулж санаа бодлоо илэрхийлээгүй л явсан. Харин одоо чухам юунаас болж намайг хорив гэдгийг олон түмэнд тайлбарлах цаг болсон гэж бодож байна. Намайг чинь Эрдэнэт хотод баригдсан цэнгэлдэх хүрээлэнтэй холбоотой асуудлаар хорьж цагдсан шүү дээ. Тэр нь хүмүүсээс ирсэн гомдлын дагуу юм. Мэдээж иргэдээс янз бүрийн санал гомдол гарч болно. Түүнийг хуулийн байгууллага шалгаж үнэн мөнийг тогтоох нь зүйн хэрэг. Гэхдээ шүүх үнэнийг нь тогтоогоогүй байхад намайг шууд хорьчихсонд л асуудлын учир байгаа. Ингээд гурван сар хоригдсоны эцэст буюу өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр надад тохоогдсон хэрэгтэй холбогдуулж Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан. “Энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм байна” гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Үнэн юм үнэнээрээ шийдэгдлээ. Уг хэргийг үнэн зөвөөр нь шударга шүүлээ гэж шүүхийн байгууллагад баярлаж байна даа.
–Та ер нь өөрийгөө шууд л хоригдчихно чинээ бодож байв уу?
-Анх
хэрэг хэлцэгдэж явах үед би ийм байдалд орчихно гэж үнэхээр бодоогүй ээ. Ямар сайндаа Цагаан сарын баярт бэлдсэн зүйлсээ авчихаад шүүхээр үнэнээр шийдүүлээд оройдоо буцна гэсэн бодолтой байхав дээ. Манайхны хэлдгээр ёстой зүүдэлсэнгүй явлаа. Яагаад гэвэл би санаатай болоод санамсаргүй байдлаар огт буруу зөрүү юм хийгээгүй. Надад тохсон хэрэг гээд байгаа цэнгэлдэх хүрээлэн чинь 6800 хүний суудалтай. Монголд байхгүй гэх нь юу юм. Гэхдээ хөдөө аймгуудад байхгүй тийм цэнгэлдэх хүрээлэн. Битүү дээвэртэй, доторх шийдэл, хийц маяг, барилга байгууламжийн хувьд олон улсын стандартад нийцсэн гэж мэргэжлийнхэн дүгнэдэг. Тэрхүү бүтээн байгуулалтыг яг л хууль номынх нь дагуу хийсэн. Миний санаачилгаар Эрдэнэт хотод хийгдэж байсан хөрөнгө оруулалтын ажлууд хууль ёсны дагуу л явдаг. Хэрвээ тухайн цэнгэлдэх хүрээлэнг ямар нэгэн байдлаар буруу гэж үзэх юм бол миний удирдаж явуулсан бүх ажил буруу болох байхгүй юу.
–Ингэхэд тэрхүү цэнгэлдэх хүрээлэнг яагаад барих болсон юм бэ. Та өөрөө санаачилсан юм уу?
-Би
уг асуудлын тухай жаахан дэлгэрэнгүй ярья гэж бодож байна. Засаг даргын хувьд нүдэнд харагдаж, гарт баригдах тодорхой нэг ажил хийхсэн гэж бодож байлаа. Цаг хугацааны дараа эргээд харахуйд “Би Эрдэнэт хотыг удирдаж байхдаа үүнийг хийж билээ” гэж бодох бүтээн байгуулалттай, хүнд харуулах юмтай байна гэдэг сайхан биз дээ. Тэгээд л нөхдүүдтэйгээ зөвлөлдсөн хэрэг. Засаг даргын хувьд хоёр, гурван томоохон ажил төлөвлөсөн байв. Тэр дундаас цэнгэлдэх хүрээлэн дээр буулаа. Гэтэл тэр маань эргээд хар толгой дээр минь бууж, намайг торны цаана суулгачихдаг байгаа. Зураг болон төсвийг нь тендер зарлаж “Балданс” ХХК шалгаран хийсэн. Энэ дашрамд хэлэхэд, тэрхүү цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төсөл мундаг болсон. Монгол инженерүүдийнхээ ур чадвараар бид бүхэн бахархах ёстой гэж боддог. Их л өвөрмөц шийдэлтэй болсон доо. Зураг төсвөө гаргасны дараа хөндлөнгийн хяналтад оруулна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар тендерт хамтарсан. Мөн Үнэлгээний хороог ч хамтарч байгуулсан. За тэгээд Үнэлгээний хороо гүйцэтгэгчээ шалгаруулах, Сангийн яамнаас хуулийн дагуу зөвшөөрлийг нь авах, санхүүжилт нь хийгдээд техникийн комисс хүлээж аван орон нутгийн өмчид бүртгэх гээд бүх ажил хуулийн хүрээнд, ном ёсныхоо дагуу болсон. Ингээд 2011 оны долдугаар сарын 10-ны өдөр эрдэнэтчүүд бид улсын баяр наадмаа шинэхэн цэнгэлдэхдээ өргөн дэлгэр тэмдэглэсэн. Эрдэнэт хотын маань 35 жилийн ой ч тохиосон. Ер нь тэрхүү ойг тохиолдуулан цэнгэлдэх хүрээлэнгээ байгуулсан гэхэд болно. Манайхан өнөө жил ч гэсэн наадмаа тэр л хүрээлэнд тэмдэглэлээ. Яалт ч үгүй л Орхон аймгийнхандаа барьсан бүтээн байгуулалт даа.
–Таныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “4.6 тэрбумаар боссон цэнгэлдэх хүрээлэнг хоёр тэрбум төгрөгөөр барих боломжтой байсан” гэж бичиж байсан. Үүнд тайлбар хэлээч?
-Энэ
бол худлаа мэдээлэл. Би дахин хэлье, ийм зүйл огт байхгүй ээ. Мэргэжлийн байгууллага зургийг нь зураад, төсвийг нь зохиогоод давхар хөндлөнгийн хяналт хийлгээд дараа нь батлагдсан зураг төсвийг хэн ч өөрчлөх, нэмэх хасах эрх байхгүй. Хэрвээ зурагт өөрчлөлт орох болбол авторын зөвшөөрөл авч комиссоор шийдэгддэг. Бид энэ батлагдсан зураг, төсвийн дагуу л бүх ажлаа хийсэн. Үүнд Засаг даргын оролцоо гэж байдаггүй тендерээр шалгарсан мэргэжлийн “Балданс” компани хийж гүйцэтгэсэн шүү дээ.
–Гэвч таныг тендерийн явцад будлиан үүсгэн, эрх мэдлээ ашиглан хувьдаа мөнгө завшсан гэж үзээд анхан шатны шүүхээс ял оноосон?
-Анхан
шатны шүүхэс намайг цагаатгах нотлох баримтуудыг хангалтгүй үнэлсэн гэж боддог. Тэр алдааг давж заалдах шатны шүүхээс засах байх гэж маш их найдаж, итгэж байсан даа. Мөн тэр үед олон аймгийн Засаг дарга нарыг шалгагдаж байна гээд сүр дуулиан болж байсан нь таарсан. Тендерийг бол тендерийн үнэлгээний хороо шалгаруулна. Таван хүний бүрэлдэхүүнтэй тусгай комисс шалгаруулдаг. Түүнд Эрдэнэт үйлдвэрийн дарга, Орхон аймгийн Засаг дарга аль аль нь оролцох эрхгүй. Яахав, хязгаарлагдмал тендер зарласан гэдэг юм л даа. Хязгаарлагдмал тендер зарлах нөхцөл боломж хуулинд бий. Барилга байгууламж нүсэр том, хэр баргийн компани хийж чадахгүй, загвар нь хүндрэлтэй олон өвөрмөц бүхий шийдэлтэй зэрэг нөхцөл байдлаас үүдээд хязгаарлагдмал тендер зарлах боломж бий. Үнэлгээний хорооны дүгнэлтээр санхүүгийн нэг ч төгрөгийн зөрчилгүй гарсан.
Мөн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар гэж байна. Тэд өөрсдөө техник хяналтаа тавьдаг. Тэгэхийн тулд инженерийн бүтэн баг ажиллуулж байсан байхгүй юу. Өдөр болгон өнөө инженерүүд чинь хяналт тавина шүү дээ. Үүнийг хотын захирагчийн алба хянан баталгаажуулж Санхүү төрийн сангийн хэлтэс мөнгийг шилжүүлж ажилласан. Энэ ажилд нэг ч алдаа дутагдал гараагүй. Ажил хариуцсан байгууллагууд тус бүрдээ чиг үүргийнхээ дагуу ажлаа хийсэн. Засаг дарга үнэлгээний хороонд ажиллахгүй, барилгын өдөр тутмын ажилд хяналт тавихгүй, ажлын гүйцэтгэл тооцохгүй, техникийн комисс, улсын комисст орж ажиллахгүй үүнийг хариуцсан агентлаг байгууллагууд хийдэг. Аймгуудын хөрөнгө оруулалтын ажлууд ийм л тогтолцоогоор явагддаг. Ийм л нарийн хяналт дор ажил явагдаж байгаа. Засаг дарга яах вэ гэхээр бүх материалыг үзээд гарын үсэг зурах л үүрэгтэй. Түүнээс надад бэлэн мөнгө гар дээр байлгах эрх байхгүй. Зүгээр л гарын үсгээ зурах үүрэгтэй. Нийт долоон удаагийн гүйлгээгээр 3.7 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ бүгдийг нарийн тайлбарлаж байгаагийн учир гэвэл миний бие хөрөнгө мөнгө идсэн уусан асуудал байхгүй, мөн зөрчил гаргасан тохиолдол байхгүй гэдгээ илэрхийлж байгаа юм. Энэ хэргийг сөхөөд үзэхээр нэхэмжлэгч гэж байдаггүй, нэг ч төгрөгийн хохирол гэж байдагггүй. Надад иргэн хүнийг ч юм уу, байгууллагыг, аймаг, хот, улсыг хохироочихсон зүйл байхгүй нь тодорхой.
–Тэгэхээр энэ хэрэг цэвэр гүтгэлгийн шинжтэй болж байна уу?
-Хавтаст
хэрэгт энэ хүнд ямар ч буруу байхгүй, улс оронд юм уу, хэн нэгнийг хохироосон зүйл байхгүй гээд байхад прокурор “3.7 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт өгөөд байсныг би үнэндээ гайхаад байгаа. Би чинь 3.6 жилийн хорих ял сонссон хүн шүү дээ. Гэмгүй хэнийг ч болов заавал яллах гээд тэгж улайраад байдаг юм болов уу, үнэндээ гайхах юм. Хэрвээ Оюунбат гэдэг хүн тэр 3.7 тэрбум төгрөгөөс ядахдаа арван сая төгрөг идчихсэн бол өөр хэрэг. За би чинь бас идэх нь ч идсэн шүү, хувьдаа завшсан шүү гэж бодно. Гэтэл үнэн хэрэг дээрээ сохор зоос ч халаас руугаа хийгээгүй болохоор хэцүү юм билээ. Нэг зүйлийг дахин дахин хэлэхэд, шүүх бол үнэндээ ажилладаг юм байна. Аливаа зүйлийн үнэн мөнийг ямар ч цаг хугацааны дараа тогтоодог л юм байна. Үүнийг л сайтар мэдэрлээ.
–Эрх чөлөөгөө хасуулчихаад сууж байхад юу бодогдож байв даа?
-Анхан
шатны шүүхээр орж байхдаа өөрийгөө ингээд хоригчихно, ял эдлээд суучихна гэж огт бодоогүй. Энэ тухайгаа би дээр хэлсэн. Үнэн мөнөө хэлээд л, баримт материал нь байгаа юм чинь болчих юм байх л гэж бодож байв. Гэтэл шууд л барьж аваад хийчихсэн. Дараагийн шатны хуралд оролцох эрхгүй. Өмгөөлөгчөө л явуулна. Хавтаст хэрэгт материал хангалттай байгаа шүү гэдгээ өмгөөлөгчдөө хэлээд л явуулна. Гэвч ямар ч нэмэр болохгүй. Торны цаана, бусдын хорионд байж байхад надад юу бодогдож байсан бэ гэхээр “Үнэн л ялна, би бол ямар ч гэм буруугүй хүн шүү дээ. Энэ хэрэгт маань нэхэмлэгч гэж алга, хохирогч гэж алга. Би улс орондоо гурав, дөрвөн тэрбум төгрөгийн байтугай ганц ч төгрөгийн хохирол учруулаагүй дээ” гээд л бодоод байдаг. Тэгээд явж явж гурван сарын дараа Дээд шүүхийн шийдвэр гарсан. Хүн гээч чинь сайн муу юмыг үздэг л юм байна. “Хүнд эрх чөлөөнөөс илүү үнэтэй зүйл гэж үгүй. Сайхан сэтгэлээр л олныхоо төлөө зүтгэх нь чухал. Түүнээс аливаа хүнд хөрөнгө мөнгө, тансаг хэрэглэл гэдэг чинь хэрэггүй юм байна” гэдгийг яс махандаа шингэтэл ухаарлаа. Монголчууд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Үнэн л юм байна. Гэхдээ туулайг багагүй удаан хугацаанд хөөцөлдөж байж гүйцлээ шүү (инээв).
–Танд тохогдсон хэргийг зарим хүмүүс улс төрийн өнцгөөс харж байсан. “Оюунбат бол Эрдэнэт үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Ерөнхий сайд Сү.Батболд нарын шахалтаар огцорлоо. Түүнийг Засаг даргаас нь буулгах зорилгоор л цагдан хорилоо” гэсэн яриа дуулдаж байлаа. Үүнд та ямар хариу өгөх вэ. Одоо нэгэнт хэрэг цагаадсан учир энэ тал дээр тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Намайг
Засаг даргаас огцруулах үндэслэл бараг байгаагүй л юм даа. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр чинь өссөн дүнгээр явах ёстой. Гурван жилийн дүнгээр би мөрийн хөтөлбөрөө 86 хувьтай биелүүлсэн байдаг: 2009, 2010 оны ажлын үр дүн хангалттай, 2011 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ би 97 хувьтай биелүүлсэн. 35 жилийн ой угтсан бүтэээн байгуулалтын ажил гэвэл хангалттай. Эрдэнэт хотод магадгүй, ерэн оноос хойш аваад үзэхэд хамгийн их бүтээн байгуулалтын жил нь 2011 он байж болох шүү. Өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш л дээ. 2011 онд “Ажлын байрыг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгож зарлаад ард иргэд рүүгээ нэлээд хандсан. Амьдрал ахуйг нь дээшлүүлсэн. Түүнийг төр засгаас зургаан сая төгрөгийн шагнал олгож байлаа. Зам харгуй, гэрэл цахилгаан гээд бүтээн байгуулалтын асуудлаараа Хотуудын холбооноос мөн л шилдгийн шилдгээр шалгарсан. Тийм бахдам сайхан амжилтыг минь хангалтгүй гэж үнэлсэн Орхон аймгийн хурлын төлөөлөгчдөд гомддог юм. Ард түмэн бол надад хэдийнэ дүнгээ тавьчихсан л байхгүй юу. Хурлын цөөн хэдэн төлөөлөгчдийн хуйвалдааны асуудал бол тусдаа зүйл. Түүнд манай нам намайг хамгаалж хаацайлах байтал харин ч эсрэгээрээ хандсан. Ерөнхий сайд хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдааныг өөгшүүлж байгаа юм шиг тэр дор нь огцруулахаар гарын үсэг зурчихсан байх жишээний. Уул нь мониторинг хийх ёстой шүү дээ. Огцруулна гээд байгаа нь ямар учиртай юм. Үнэхээр хангалтгүй ажилласан хүн юм уу, эсвэл энэ нь зүгээр нэг улс төр яваад байна уу гэдгийг харах ёстой байсан даа. Гэвч тэгээгүй ээ. Үүнд би гомдолтой гэдгээ намын нөхдөдөө болон тухайн үеийн Ерөнхий сайдад уламжилж хэлсэн л дээ.
–Таны ажлыг авсан засаг ноёдтойгоо одоо харилцаа хэр байна. Цаашид юу хийе гэсэн бодолтой байна?
-Орхон
аймгийн Засаг дарга Дэлгэрбаяр гэж залуу бий. Засаг даргадаа болон хурлын даргадаа өөрт таарсан ажил өгөхийг хүссэн. Ажил төрөл хийхгүй бол болохгүй нь байна. Би чинь хоёр хүүтэй. Хоёулаа тусдаа гарчихсан. Дан ганц эхнэрийнхээ цалинг харж амьдарна гэдэг хэцүү шүү дээ. Энэ зун ус нутгаараа явж сайхан амарлаа. Рашаан усанд орлоо. Найз нөхөд, ах дүү нартайгаа уулзлаа. Тэднийхээ санаа сэтгэлийг заслаа. Том хүү маань хурдан моринд сонирхолтой. Соёолон үрээ нь өнөө жил аймгийнхаа наадамд түрүүллээ. Сайхан л байна. Эрх чөлөөг л мэдэрч байна шүү дээ. Би чинь ингэхэд амьжиргааны ямар ч эх үүсвэргүй хүн юм. Ядахдаа хувьдаа ганц ч ТҮЦ-гүй л хүн юм. Гуч гаруй жил Эрдэнэт хотдоо аж төрөхдөө аймгийн захиргаанд мэргэжилтнээс аваад Засаг дарга хүртлээ ажилласан байна. Төрийн төлөө л хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ийм л нэг хүн байна даа. Одоо харин нэг зүйлд харамсах боллоо.
–Юунд тэр вэ?
-Өдий
наслахдаа дэндүү шударга явж иржээ. Аав ээжээс өвлүүлсэн гэрийн хүмүүжил юм даа. Аавыг маань Булган, Эрдэнэтийнхэн андахгүй. Цэргийн хэлтсийн Даваадорж дарга гээд хэн хүнгүй дурсдаг. Ёстой хир халдаадаггүй шүү. Тийм л шударга, төр түмнийхээ төлөө бүхий л насаараа зүтгэсэн аавын хүү дээ. Манай намын нөхөд дунд “тэр тэрний хүн” гэх яриа байдаг даа. Би бол хэний ч хүн биш. Ямар ч дарга сайд, эрх мэдэлтний гар хөл бололгүй явж иржээ. Үүнд л жаахан харамсах юм. Хэрвээ хэн нэгний гар хөл болж, дарга дагаж далдганасан бол ор үндэсгүй хэргээр шоронгийн хаалга татах уу, сайхан аав ээжийнхээ нэрэнд сэв суулгах уу, үгүй л байхгүй юу. Ингэж л бодох болсон. Гэхдээ яах вэ, хүн нэг алдаж болно. Гай барцад нь эрх биш гарсан байлгүй дээ. Гол нь үнэн гэдэг үнэнээрээ шийдэгдсэн л сайхан.
Ярилцсан Н.ГАНТУЛГА
“Монголд
ардчилал ялахыг үзээд үхэх юмсан” гэж ярьдаг ардчилалд хайртай хүн олон байдаг. Ардчилсан гэх Монголд коммунист угшилтай Ардын нам төр барьж, толгойд нь суух цөөн тооны хэдэн хүн төрийг өөрсдийгөө гэж эндүүрэн дураараа дургидагт нь эгдүүцсэндээ хүмүүс ингэж хэлдэг юм. Ардчилсан тогтолцоотой болоод хорь гаруй жил болж байхад өнөөх л коммунистууд толгой дээр зайдалчихаад эрүүл саруул, эр, эм, хөгшин залууг ялгалгүй халамж хэмээх цөөхөн хэдэн төгрөгөөр хууран, иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээтэй амьгүй албат болгосоор ирлээ. Хорин хэдтэй идэр насны залуус ажил хийхээ больсон. Ажил олдохгүйдээ биш, архины мөнгийг нь төрөөс бэлэн өгч байсан болохоор л ингэж байлаа. Хөлсөө дуслуулж, хөдөлмөрлөж олсон мөнгө бол, зүгээр байхад нь өгсөн мөнгөнөөс хамаагүй үнэ цэнэтэй. Үнэ цэнэтэй олсон мөнгөө хэрэгцээтэй зүйлдээ хүн зарцуулна.
Мэдээж ардчилал ялахыг үзээд баярласандаа амиа хорлоод үхэх нь хаашаа юм. Яагаад ч нэмэргүй, эсрэг санал өгсөн ч ялж гарч ирээд, дураараа дургиад байсан болохоор нь ардчилал ялахыг үзэхгүй нь гэж арга ядахдаа дээрх үгийг хэлж байхав.
Энэ олон жилийн хугацаанд тэд төр барьсан нэрээр хүссэнээрээ улс орноор минь тоглолоо. Дуртай үедээ хууль зөрчиж, дараа нь өөрсдөдөө зориулж хууль гаргадаг байсан нь илчлэгдлээ шүү дээ. Хуулиараа 24 цагийн дотор бүлэг байгуулахаа өргөн мэдүүлэх ёстой атал тэд сурснаараа тоомжиргүй хандсан. Нөгөө л төрийг, хуулийг уландаа гишгэдгээ нотолсон хэрэг.
Одоо араас нь гоншгонож, өөрсдөдөө тааруулсан хууль батлуулах гээд гүйж явна. Хуулиар бүлэг байгуулах эрх зүйн чадамжгүй болсон уг нам бүлгийн дэд даргаа сонголоо гэнэ. Байхгүй бүлэг яаж дарга, дэд даргатай болох юм.
Тэд өнгөрсөн хугацаанд төрд, хуулинд яаж ханддаг байсан нь тодорхой байгаа юм. Анхнаасаа хуулийн хугацаандаа бүлгээ байгуулахыг нь хэн ч хориглоогүй. Өөрсдөө л хууль зөрчиж маягласныхаа горыг амссан хэрэг.
Тэд эрх барьж байх үедээ төрөөс илүү намаа тавьдаг байж. Нам нь ялаагүй болохоор эвлэрч чадаагүй. Тэгээд л том толгой гаргаж байгаад араас нь олон ааштай авгай шиг аяглаж байна. Ер нь ч өнгөрсөн хугацаанд төрийн ажлыг олигтой хийгээгүй нь эхнээсээ харагдлаа. Ардын намынхаа ажлыг л хийгээд байж. Тиймдээ сангийн авдраа цайлгаад жилийн хагас ч хүрээгүй байхад төсөв хүрэлцэхгүй болчихлоо. Сүүлдээ Хөгжийн банкийг “тонож”, Эрдэнэтийг “дээрэмдэж”, сонгуульд ялахын тулд иргэдэд мөнгө тараасан. Монгол Улс цаашдаа яах нь тэдэнд хамаагүй, сонгуульд ялах нь л чухал байв. Ингэж хойтохоо бодохгүй увайгүйтэн иргэдийн саналыг өөрсдийнх нь татварын мөнгөөр худалдаж авах гэж хичээсэн байж.
Бусад улс орнууд коммунист угшилтай ийм намаа бүгд татан буулгасан. Харин манайд коммунист нам амь бөхтэй оршиж, эрх барьсаар, төрийг эрхшээж байлаа. Сая болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар цөөнх болсондоо шаралхаж, бид төр барих ёстой гэж үзсэндээ хуулийг завхруулж, хугацаандаа бүлгээ байгуулаагүй. Өөрсдийгөө төр гэж үзсээр ирсэн тэд бүлэг ч үгүй шийдвэр гаргах эрхгүй байж бүлгийн дэд даргаа сонгоод явж байгаа нь хэрхэн дураараа авирлаж ирснийг нь бэлхэнээ харуулж байгаа хэрэг биш үү. МАН бүлэггүй байснаараа улс орон хохироод байгаа юм алга. Харин ч энэ нам бүлэггүй байснаараа эрх барьж буй АН-д ажил хийх боломж гарч байна. Хэрэв эд өөрсдөөсөө болж бүлэггүй болоогүй бол өдийд УИХ-ын даргыг сонгуулахгүй, Засгийн газар ч бүрдүүлэхгүй шантаажлаад сууж чадах хүмүүс. Улс төрийн хамаг л шантаажийг бүлэг гэдэг юмаараа МАН л хийж ирсэн. Тэд саад болохгүй байгаа учраас бүх шатны төрийн бүтцэд салхи орж эхэллээ шүү дээ. Монгол төрийн ажил одоо л нэг зөв замаар явж эхэллээ. МАН бүлэгтэй болбол маргаашаас нь л төрийн ажлыг гацаанд оруулах гэж зүтгэнэ. Бүлэг гэдэг эрүүлээрээ харах юм бол улс төрийн статус мөн ч нэг хэсэг бараг мафи болгосон нь МАН шүү дээ. Бүлэг гэдгээрээ түрий барьж, хамаг дарамт шахалтыг хийж ирсэн.
Нийгэмд энэ намыг татан буулгах хүсэлтэй хүмүүс олон бий. Ингэж татан буулгаад буурин дээр нь өөр нам байгуулах цаг нь болсон. Орон суурин дээр нь өөр нам байгуулж сая сонгуульд ялж гарч ирсэн тойргуудад нь дахин сонгууль явуулах хэрэгтэй. Нийгмийн дуу хоолой ийм байна.
Ардын нам Монголын төлөө биш намын толгойд байгаа арваад хүнийг сайн сайхан, баян цатгалан байлгахын төлөө л явж ирсэн гэлтэй. Өөрсдийнх нь хэлдгээр монголчуудын 40-өөд хувь нь тэднийг дэмждэг гэж ярьдаг. Тэгэхээр тэр 40-өөд хувийн дэмжлэгийг энэ хугацаанд өөрсдийнхөө төлөө л аваад байсан аж. Ард түмэн, улс орон гэдэг тэдний хувьд хойгуур хаягдах ойлголт. Удирдлагад байдаг арваад хүний л сайн сайхны төлөө зүтгэдэг, тэднийг хагартал нь баяжуулснаас өөр гавьтай зүйл энэ нам бүтээсэнгүй. Энэ хугацаанд төсвийн мөнгийг хэрхэн үр ашиггүй зарцуулж, газрыг ямар ч зохион байгуулалтгүй олгон, далд бизнес болгон хөгжүүлж байсан нь эхнээсээ баригдаж байна л даа. Тэд Монголыг хөгжүүлэх томоохон алхмуудыг зоригтой хийж байсангүй.
Гэтэл тэд ирэх орон нутгийн сонгуульд ямар ч хамаагүй аргаар ялна гэж бэлтгэл базаагаад эхэллээ. Албан тушаалгүй болсон болохоор дунд шатанд ч болов, дарга болох гэж бүгд дүүргүүддээ анхаарал хандуулж байна. Байснаас байхгүй байх нь хамаагүй дээр энэ намынхан яаж ч мэднэ шүү.
“Ногоон бүс”-ийн Коффи
Найз Брюс Уиллисийнхээ хамт
“Ногоон
бүс” киноны сайхан сэтгэлт, ер бусын шидтэй, аварга биет Жон Коффиг кино сонирхогч хүн бүхэн мэднэ. Хилс хэргээр гүтгэгдэж, цаазын ял сонссон хөөрхий залуу хэдий торны цаана суугаа ч байгалиас заяасан өвөрмөц авьяасаараа сайн санаат хүмүүсийг өвчин шаналлаас нь салгаж, хүний хөлд бяцраад амьсгал хураачихсан өчүүхэн жаахан хулганыг хүртэл амь оруулж олны гайхашралыг төрүүлж баяр баясгалан бэлэглэдэг.
“Ногоон
бүс” кинонд шоронгийн амьдрал гардаг боловч сайхан сэтгэлийн үр үндэс хэзээд бөх оршдог, бодит байдал дээр муу нь сайныг ялан дийлдэг ч тэр нь хуурмаг үзэгдэл, үнэндээ сайн сайхан, шударга, энэрэнгүй зөөлөн сэтгэл үргэлжийн мөнхөд ялан дийлэгч юм гэдгийг харуулдаг. Тийм болохоор дэлхийн кино сонирхогчид “Ногоон бүс” киног шагшин магтаж, Жон Коффигийн дүрийг хайрладаг юм.
Жон Коффигийн дүрийг бүтээсэн АНУ-ын жүжигчин Майкл Кларк Дункан энэ сарын 3-нд зүрхний өвчнөөр таалал төгссөн нь дэлхийн кино урлагт томоохон гарз, кино сонирхогчдын хувьд харамсалтай явдал болоод байгаа юм. Дэлхийн өнцөг буланд бүрт Майкл Кларкийн гэр бүлийнхэн, ойр дотныхонд харуусал илэрхийлсэн шүтэн бишрэгчдийн цугларалт, уулзалт болж байна. Холливуудын алдартай найруулагчид нэгэн дуугаар “Майкл Кларк амьдралаас, бидний дэргэдээс халин одсон ч бүтээсэн дүр нь түүнийг амьд байлгана. Тэр дэлхий нийтэд Коффи гэдгээрээ мөнхөрнө” хэмээцгээжээ.
Майкл Кларк Дункан 1957 оны арванхоёрдугаар сард Чикагогийн Иллиноист төржээ. Ээж, эгчийнхээ хамт ядуу тарчигхан амьдралыг туулж, балчир наснаасаа жүчээнд морь угааж, арчилдаг ажил хийж амьдралаа залгуулдаг байжээ. Үеийнхэн дундаа биерхүү гэж хэлэхэд ч багадахаар тийм бадриун хүүхэд байж. 196 см өндөр, 142 кг жинтэй залууд ажил олгогчид ачигч, буулгагч гээд аль л хүч тамир тэнхээ шаардсан ажлыг санал болгоно. Майкл Кларк төрөлх хотдоо газны нэгэн компанид хэсэг ажиллаж байгаад багынхаа мөрөөдөл, хүслийг биелүүлэхээр Лос-Анжелест нүүж иржээ. Түүний мөрөөдөл жүжигчин болох.
Майкл амьдралаа авч явах, мөнгө төгрөг олох гээд аар саархан зүйлсэд хамаг цагаа үрсээр кино урлаг руу орох замаасаа заримдаа хазайхаа дөхнө. Гэвч түүнийг урлагт хөл тавихад тусалсан нэгэн эрхэм байсан нь жүжигчин Брюс Уиллис байв. Энэ хоёр үй зайгүй сайн андууд. Брюс Уиллис “Чам шиг ийм өвөрмөц төрх, сайхан биетэй эрээр Холливуд дутна” гэж Майкл Кларкад байнга хэлж урам өгдөг байж.
Ингээд Кларк 1995 онд анхныхаа кино “Баасан гариг”-т амжилттай тоглож жүжигчнийхээ замналыг эхлүүлэв.
1998
онд дэлгэцнээ гарангуутаа “Box office”-ийг тэргүүлсэн “Touchstone
pictures” компанийн бүтээл “Армагеддон” кинонд найз Брюс Уиллисийнхээ хамт тоглосон нь түүнийг дэлхий нийтэд танигдах эхлэл болсон юм.
1999
онд “The Green
mile” буюу “Ногоон бүс” кинонд Жон Коффигийн дүрийг бүтээсэн нь Майклийг дэлхий даяар алдаршуулж, шилдэг найруулагчдын кинонд тоглох урилгад “даруулсан” билээ.
Тэр жилдээ “Ногоон бүс” кино бүхий л видео авардст шилдэг кино, шилдэг гол дүр, шилдэг эрэгтэй дүр, шилдэг туслах дүр гээд бараг бүх номинацид нэр дэвшиж шуугиан тарив.
Ингээд Майклын хувьд Холливудын ертөнц давчуухан, хүнд хэцүү байхаа больж, алдартай жүжигчдийн эгнээнд нэр төртэйгээр орж ирсэн юм.
Майкл Кларк кино, хүүхэлдэйн кинонд чадварлаг дуу оруулдаг гэдгээрээ найруулагчдын анхаарлыг татна. “Кунфу панда” киноны хирсний дүрд дуу оруулсан нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
Майкл өнгөрсөн долдугаар сарын 13-нд зүрхний шигдээс өвчнөөр эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө нэгэн цувралд тоглочихоод байжээ. Тэрээр нийтдээ ная гаруй кинонд гол болон туслах дүр бүтээгээд байсан юм. Майкл Кларк хэт ачаалалтай ажиллаж байсан нь зүрхний өвчтэй болоход нөлөөлсөн бөгөөд сүүлийн жилүүдэд огцом таргалжээ. Гэсэн ч жүжигчин маань хэвийн жиндээ орохын тулд цагаан хоол, зөв хоололтыг сонгож, биеийн тамираар өдөр бүр хичээллэдэг байсан гэнэ.
Тэрээр хэн нэгэн эмэгтэйтэй нэр холбогдож, энд тэнд элдэв янзын шуугиан тарьж, хов живэнд орооцолдож байгаагүйгээрээ Холливудын буурьтай жүжигчдийн тоонд багтдаг байсан юм.
2010 оноос Омароса Манигаулт гэх бүсгүйтэй болзож эхэлжээ. Омароса нь одоо 38 настай, телевизийн реалити шоунд оролцож хүмүүст танигдсан нэгэн юм. Хосууд ирэх зул сарын баярын дараа хуримаа хийхээр ярилцаж байжээ.
Майкл эмнэлэгт хоёр сар орчим хэвтэж эмчлүүлсэн ч сүүлдээ бие нь тэнхрэхээ байгаад өнгөрсөн даваа гаригийн өглөө амьсгал хураасан юм. Омароса “Майкл миний амьдрал, хайр минь байсан юм. Бидний хамтдаа өнгөрүүлсэн жил хоёрхон ч гэлээ, жаргалтай байсан мөчүүдээ тоочоод барамгүй. Тэр надад бүхнээ зориулдаг байлаа. Хайрттайгаа амьдралаа холбож амжаагүй ч амьдралаас одох мөч хүртэл нь дэргэд нь байсандаа аз жаргалтай байсан. Майкл миний бүхий л амьдралдаа хүлээсэн хайр минь байсан юм” хэмээн ярилцлага өгчээ.
Харин Брюс Уиллис найзынхаа талаар “Майклыг бид Том Майк гэж дууддаг байлаа. Найзуудтай хамт шар айраг уугаад суухдаа жаахан хүү шиг л инээд алдаад, гэнэн цайлган болчихдог. Майкл найзуудынхаа сэтгэлд үргэлж л том чигээрээ дурсагдана” гэж ярьсан байна.
Д.САРУУЛ