Categories
редакцийн-нийтлэл

Путины төгсгөл үү

Орост манай долдугаар сарын 1 шиг юм болж байна. Хэдийгээр хүний амь үрэгдээгүй, элдэв зүйл болж байгаа мэдээлэл байхгүй байна ш дээ гэж гайхшрах хүмүүс байгаа ч Орос шиг ардчилал нь ард хоцорсон улсад өрнөөд байгаа үйл явдал бол долдугаар сарын 1 байтугай, ардчилсан хувьсгалын энтэй асуудал гэхэд даваадсан хэрэг болохгүй билээ. 

Ард түмэн бол номхон тэмээ мэт ч номхчилж дээрэлхээд бай­вал ноолуулаад байдаг улс биш. Үгээ хэлнэ, эсэргүүцнэ. Босно, тэмцэнэ. Гэхдээ тэгж эсэргүүцээд эхэлтлээ уддаг. Жинхэнэ л тэв­чээ­рийн тэлээ нь тасрахын алдад үгээ хэлдэг. Оросын ард түмэн удтал дуугүй явж ирсэн нь үнэн. Өөрчлөлт шинэчлэлтийн давалгаа эхэлж, өөрчиллөө шинэчлэгдлээ гэсэн сэтгэлгээгээр хорь гаруй жилийг үдсэн ч үндсэндээ Сталины засаг­лалаар замнасан орос  үндэстэн Путины буулганаас залхаж бай­гаа нь сүүлийн үед илүү тодорхой харагдаж эхэлсэн билээ.

Өнгөрсөн ням гаригт болсон ОХУ-ын Төрийн Думын сонгуулиар В.Путины “Нэгдсэн Орос” нам 238 суудал авч,  сөрөг хүчин Коммунист нам 92, бусад намууд 64, 56 сууд­лыг тус тус авсан дүн гарав. Са­налын хуудас 99,99 хувь тоо­логдсон гэж байгаа. Хэдийгээр “Нэгдсэн Орос” нам өмнөх парла­ментад байсан 300 суудлаасаа цөөрч 238-ыг авсан ч энэ сон­гуу­лийг шударга бус болсон хэмээн ард иргэдийн төлөөлөл эсэр­гүүц­лээ илэрхийлэн жагсч байна. В.Пу­тин болон түүний эргэн тойрны хүмүүст үг хэлж болохгүй бичиг­дээгүй хууль энэ улсад уламж­лаг­даад удаж байна. Гэхдээ одоо Оросын ард түмний тэвчээр ба­рагджээ. Тэд Ходорковскийг ялтан болгож, Березовскийг эх орноос нь хөөж, бас үг санал нэгдээгүй хүмүү­сийг үхдэл болгож байсан гашуун түүхийг мэддэг ч энэ удаад айж суухыг хүсэхгүй байх шиг.  Ялан­гуяа залуу үе нь шударга бусын эсрэг ихээхэн дургүйцэж байна.

Тэд энэ сонгуулийг луйвар бол­сон хэмээн үзэж байгаа бөгөөд эсэргүүцлээ тайван замаар илэр­хийлж жагсаал хийж, эхнээсээ баригдаад байна. Цагаан, цэнхэр бөмбөр цохин эсэргүүцлээ илэр­хийлж, хуучин, шинэ цагаан хоо­лой­гоор үгээ хэлж байгаа залуу­чуудын бичлэгийг “CNN”-ээр хара­хад бахархам санагдаж байлаа.  Ийм мэдээллийг барууны сурвалж­лагч нар л хүргэж байгаа болохоос Орост энэ төрлийн мэдээлэл хаагд­мал байна. Өчигдөр гэхэд бид Москвад ажиллаж, амьдарч байгаа хүнтэй холбогдон мэдээлэл авахыг хүсэхэд “Энд юу болж байгаа юм бэ. Телевизээр янз бүрийн мэдээ­лэл явж байгаа юм алга. Цагдаа нар өндөржүүлсэн байдалд байгаа нь л анзаарагдаж байна” гэж ха­риулсан билээ.  Гэхдээ байдал өөр байгаа юм.

Сонгуулийг шударга бус болсон хэмээн эсэргүүцсэн, үгээ хэлсэн сонгогч, ажиглагч, сэтгүүлч нарыг баривчилж байгаа ч Орост их давалгаа үүсэх нөхцөл байдал нэгэнт бүрэлдлээ хэмээж олон улсын ажиглагчид мэдэгдэж байна. Зөвлөлт гүрний сүүлчийн удирдагч М.Горбачев өнгөрсөн 4-ний өдрийн сонгуулийг шударга бус болсон гэж мэдэгдээд дахин явуулахыг шаард­жээ. Дэлхийн улс төрийн тогтол­цоог өөрчлөхөд түүхэн алхам хийсэн гэгддэг, Нобелийн энх тайвны шагналт түүний энэ үг  коммунист намын гишүүн гэдгээрээ бус харин шударга үнэний төлөө дуугарах хүн гэдгээрээ олон орны хүмүүст ойлгогдож байгааг онцлох ёстой болов уу.  Үүнийг ч барууны­хан заавал анхаарах өнцөг гэж харж байгаа билээ.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар манай сонгогчид “Бидний өгсөн санал хаачсан бэ” хэмээн бухим­даж, үзэл бодлоо илэрхийлсэн. Харин энэ нь сүүлдээ үймээн са­муун болон хувирч, таван амь эрсдэж одсон харамсалт түүхийг дагуулсан. Орост хэдийгээр сонгог­чид хүчтэй тэмцэл өрнүүлж чадах­гүй байгаа ч Орос шиг хатуу дик­та­туртай газар харин ч чадаж байна хэмээн үнэлэхээс аргагүй юм.  Оросууд шударга бус сонгуулийг  буруутган ирэх бямба гаригт жаг­сахаар шийдээд байгаа ажээ. Жагсаалыг зохион байгуулагчид 2000 орчим хүн ирэх болов уу гэсэн тооцоо гаргаж байгаа бол одоогийн байдлаар 16 мянган хүн “Face book”-ээр дамжуулан оролцохоо мэдэгдсэн байна. 

Үнэхээр В.Путины засаглалын төгсгөл ирж байгаа юм болов уу. В.Путин бас л эзэн суух цагтаа суугаад, явах цагтаа яваад өгчихөж чаддаггүй л хүн юм. В.Путин Оро­сын ард түмний дунд нэр хүндтэй үе байсан уу гэвэл байсан. Хувь улстөрчийн рейтинг нь наян хэдэн хувьтай л байдаг байлаа. Орос улс эдийн засгийн хувьд дахин хүчир­хэгжих цагт тэр төр удирдаж байв. Нефтийн үнэ өсөх бүр Орост шинэ боломжийг өгч байдаг болохоор шилжилтийн үеийн шуурганд уруу­даж байсан Орос босч чадсан. Үүнд В.Путины гавьяа бий.

2000-2004,
2004-2008 оны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд тэр Оросын эзэн байв. Хэрэв үнэхээр энэ улс ардчилсан замналаар явж байгаа бол В.Путин В.Медведевийг хөтлөн гарч ирж, бас өөрөө Ерөнхий сайд болохгүй л байх байлаа. Гэвч тэр эрх мэд­лийн төлөө үхэн хатан зүтгэж байв. Бас дахин сонгогдох боломжийг энэ удаад Д.Медведевт өгөхийг хүссэнгүй. Уг нь Димагийн үед Орост ардчиллын гэгээ үүлний цоорхойгоор өнгөлзөж байна гэж харж болохоор байсан ч жинхэнэ л үүлэн цоорхойн нар шиг хуурамч байж.

 Нэг хэсэг тэр хоёрын тэмцэл илтэд анзаарагдаж эхэлсэн билээ. Д.Медведев “Олигархижсан бүлэг­лэ­лийн эсрэг тэмцэнэ” хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард Давосын индрээс мэдэгдээд л, нэг нь баруун хязгаараараа явахад нөгөөх нь зүүн талаараа яваад л. Тухайн үед Д.Медведев эр хүн шиг зоримог байсан ч өнгөрсөн намар намын­хаа хурлаар В.Путиныг Ерөн­хий­лөгчид нэр дэвшихийг зөвшөөрс­нөөрөө хулчгар нэр зүүж орхисон.  Гэхдээ В.Путины улайрал улс төрд сайн зүйл авчрахгүй гэдгийг мэд­сэн­дээ, түүний төгсгөл ирж байгааг мэдэрсэндээ хүлцэнгүй байсан байхыг үгүйсгэх ч аргагүй юм, одоо ингээд харж байхад.

Орос шиг их гүрэнд хатуу гар байх ёстойг үгүйсгэх аргагүй. Гэх­дээ нэг хүнийг тахин шүтэхийн хар түүхээсээ салж ядаж байгаа энэ үндэстэнд зориулаад “Нэгдсэн Орос” нам, В.Путины хүрээл­лийн­хэн нүүр царайгаа сольж болох л байлаа. Арга заль, менежмент хэрэглэж болох  байв. Гэвч В.Путин үүнийг хүлээн зөвшөөрөх тэнхээ байгаагүйдээ түүний төгсгөл ойр­тож байна.

Тэр гурав дахь удаагаа Ерөн­хийлөгч болохоор нам дотроо эрх авсан тэр өдрөөс хойш дургүйцлээ оросууд шууд илэрхийлж эхэлсэн юм. Үүний тод жишээг олон улсын тоймчид цухас дурджээ. Хойд хөршийнхөө телевизийг тогтмол шахам үзэж мэдээлэл авдаг мон­гол­чууд үүнийг тэднээс ч өмнө анзаарсан гэхэд болно. Одоогоос сар орчмын өмнө Москва хотын “Олимпийский” цэнгэлдэх хүрээ­лэнд дүрэмгүй зодооны дэлхийн аварга Федор Емельяненко Аме­рикийн Жэфф Монсонтой зодол­дож, тэрийг нь Орос орон тэр аяараа хөхин баясч үзсэн юм. Сүүлийн жилүүдэд 5000 хүнээс илүү дүүрч үзээгүй гэх тэр цэнгэл­дэхэд 20 мянган хүн хуран цугларч, Япон, АНУ-д л зодолдохоос нутаг­таа ховор үзэгддэг “Баавгай”-даа хүндэтгэл үзүүлж байв даа. Мань нөхөр ч ялж, рингэн дээр ид ялал­тыг нь зарлаж байх үед В.Путин ч сэтгэл нь хөөрч гараад очсон. Харин тэгэхэд нь тэнд цугларсан хүмүүс тэр чигээрээ дургүйцэж байгаагаа илэрхийлсэн нь эрхэм Ерөнхий сайдыг тун эвгүй байдалд оруулсан юм. Манай улстөрчид Асашёорюүг ид байхад дагаж гүйгээд байдаг шиг л юм болсон хэрэг шүү дээ. Гэхдээ В.Путин хүмүүсээс тийм эсэргүүцэл ирнэ хэмээн ер санаагүй байсан нь илт болсон билээ. Уг нь сонгуулийн өмнө пиар хийх санаатай байсан ч алга ташиж эсэргүүцлээ илэрхийл­дэг оросууд сүүлдээ бүр шүгэлдэж эхэлсэн. Түг таг гээд үгээ давтсаар рингээс буухаас аргагүй болсон Ерөнхий сайд ямар их мэгдсэн нь маргаашийн үйлдлүүдээс нь ил болсон юм. Хэвлэлийн албанаас нь хүмүүсийн тэгтэл эсэргүүцсэн нь В.Путинд биш америк тамирчинд зориулсан гэсэн мэдэгдэл гаргаж, тэмцээний бичлэгийг  телевизээр давтахдаа шүгэлдсэн дуу чимээг таг дарсан байлаа.  Гэвч оросууд үнэнийг худал болгох гэж байгаад дургүйцэж, “Путин, чи зайлаач, чиний хэрэг байхгүй” гэж орилж байсан үзэгчдийн бичлэгийг утсаа­раа баримтжуулснаа интернэтэд энд тэндгүй байрлуулж эхэлсэн.  Бас америк боксчинд хандан твит­терээр “Оросын ард түмнийг хайр­лан алх хадуурыг хүртэл биедээ шивүүлсэн чамд бид дургүйцээгүй ээ” гэсэн захидлыг үй түмээр нь илгээсэн.  Энэ бол энгийн нуршуу түүх мэт боловч В.Путин гэдэг дарангуйлагчаас хүмүүс залхсаны баталгаа юм. Тэр ч өөрөө дэндүү сандарсан. Ямар сайндаа л энэ явдлаас хоёр хоногийн дараа Санкт Петербург хотод хар там­хины эсрэг цуглаанд үг хэлэх байсан Ерөнхий сайд ажилтай гээд ирээгүй байхав дээ. Тэр үнэнээс айсан биз. Гэхдээ өнгөрсөн он жилүүдэд хязгааргүй эрх мэдлийг төвлөрүүлж чадсаныхаа хүчинд “Нэгдсэн Орос” нам сонгуульд дахин олонхи болов. Сонгуулийн дүн туйлын үнэн байдаггүй, хүсвэл СЕХ  эрх баригчдад зориулан өөрчилж чаддаг гэдгийг бид мэдэх хойно. Энэ сонгуулийн дүн хуудуу­тай болсон гэж жагсч байгаа улсууд мэдэгдэж байгаа нь оргүй биш биз ээ.

Үнэндээ
ч энэ сонгуулиар В.Путины намд 99 хувийн санал өгсөн газар нь Чечень байсан гэхээр
хэн итгэх билээ. Бүр Чечень
шүү. Энэ удаад жагсагчид бариг­даж,
магадгүй цус асгарч, шо­ронгийн
ялтан болохыг үгүйсгэх аргагүй. Ирэх гуравдугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуульд тэр ялах л байх. Гэхдээ ард түмэн бол номхон тэмээ шиг ноолуулаад
байхгүй. Тэр тусмаа аугаа
орос үндэстэн үү.

Categories
редакцийн-нийтлэл

“Инсбрук 2012” олимпод манай хоёр тамирчин өрсөлдөнө

Уг наадмын медалийн заг¬варын уралдаанд олон уран бү¬тээлч, дархан, зураач болон сонирхогчид өөрсдийн загвараа илгээсэн байна. Тэднээс Фриц Строб хэмээх эрийн загвар шалгарчээ. Ф.Строб “Би медалийн загвараа гаргахдаа хамгийн чухал нь өсвөрийн тамирчид, хүүхдүүдэд зориулагдсан гэдгийг анхаарсан. Цасан ширхгийг олимпийн таван цагирагтай хослуулсан нь зөв шийдэл болжээ” гэсэн байна.

Өсвөрийн
тамирчдын
өвлийн анхдугаар олимп ирэх нэгдүгээр сарын 13-22-ны өдрүүдэд Авст­рийн Инсбрук хотноо болно.

Уг олимпийн зуны анхдугаар наадам 2010 онд Сингапурт зо­хиогдоход манай улсаас чөлөөт бөхөөр Б.Батцэцэг, гимнастикаар Г.Эрдэнэболд нар алтан медаль тус тус хүртсэнийг спорт сонирхог­чид мэдэх билээ. Харин өвлийн олимпод нь Монголыг төлөөлж цанын төрөлд Д.Өсөхбаяр, тэшүү­рийн төрөлд А.Энх-Ариун нар өрсөлдөхөөр болоод байна.

Одоогоор
уг наадамд 67 орны 14-18 насны 1100 орчим тамирчин оролцохоор болоод байгаа юм. Тамирчид цана, тэшүүр, кёрлинг, уран гулгалт, хоккей, чарга зэрэг 15 төрөлд 63 багц медалийн төлөө хүч үзнэ. “Инсбрук 2012” олимпийн медалийн загвар хэдхэн хоногийн өмнө батлагдсан бөгөөд долоон сантиметрийн диаметртэй, 110 гр жинтэй олимпийн цагираг, хүүх­дийн дүрс бүхий медаль шал­гарсан байна.

Австри улс 1964, 1976 оны өвлийн олимп, 1984, 1988 оны паралимпийг эх орондоо амжилт­тай зохион байгуулж байсан орон. Олимп зохион байгуулахад шаард­лагатай барилга, байраас эхлүү­лээд, үйлчилгээний соёл, турш­лагаа­раа ямар ч орныг дагуулах­гүй.

Инсбрук
хот олимпийг зохион байгуулах эрхийн төлөө Финлан­дын Куопио, БНХАУ-ын Харбин, Норвегийн Лиллехаммер хотууд­тай өрсөлдөж сүүлийн шатанд Куопиотой тунасан. Энэ шатанд Инсбрук 85, Куопио 15 санал авс­наар Австраличууд эх орондоо тав дахь олимпоо зохиох эрхээ авсан юм.

“Инсбрук 2012” олимпод баг тамирчдаа илгээхээр болоод бай­гаа орнуудаас хамгийн олон та­мирч­наа өрсөлдүүлэх нь Австри, Канад улс. Австри 66, Канад 52 тамирчнаа оролцуу­лах бол Фин­ланд 38, Герман 41, Казахстан 28, Япон 30, ОХУ 52, Словак 28, БНСУ 23, АНУ 50 тамирчнаа оролцуулах юм байна. Харин Азербайжан, Болив, Энэт­хэг, Ирланд, Израйль, Лебанон, Македон, Монако, Перу, ӨАБНУ, Зимбабве зэрэг улсууд нэг нэг тамирчин өрсөлдүүлэх ажээ.

Уг олимпийн бэлгэ тэмдэг нь ямаа байх бол элч тамирчнаар дэлхийн шилдэг хэд хэдэн тамир­чид тодроод байгаа. Тэдний нэг нь БНСУ-ын уран гулгагч Ким Ю На юм. Тэрээр олимпийн сурталчил­гаа болон бэлтгэл ажилд ихээхэн тусалж байгаа гэнэ.

Олимпийн
тэмцээн
алдарт Бер­гисел цэнгэлдэх хүрээлэнд болно. Уг хүрээлэн 28 мянган хүний суудалтай, дэлхийд томоо­хонд тооцогдох өвлийн спортын цэнгэлдэх хүрээлэн. Уг цэнгэлдэх хүрээлэн тухайн үед технологийн дэвшил, хэлбэр, хийцээрээ спор­тын барилгын салбарт шуугиан тарьж байсныг спорт сонирхогчид санаж байгаа байх.

Инсбрук
хот нь Австрийн сан­хүү болон соёлын төвлөрсөн хот. Үзэсгэлэнт байгалиараа алдартай. Инсбрук гэдэг нэр нь Германы гүүр гэсэн үгнээс гаралтай гэнэ. Энэ утгаар уг хотыг аливааг холбодог, бүх зүйлтэй уялдаатай газар хэ­мээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ. 104.9 мянган километр хавтгай талбайтай тус хотод одоогоор 120 мянган хүн амьдарч байна. Ар­ваннэгээс нэг­дүгээр сар тэндхийн хамгийн хүй­тэн үе. Энэ үед 
дунд­жаар долоо­гоос 19 хэмийн хүйтэн­тэй байдаг ажээ.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Сонгуулийн хууль дээр намууд хаврын тэнгэр шиг хуйсганаж байна

Энэ парламент   мэндэлснээсээ хойш  л  Сонгуулийн хуулийг шинэ­чилнэ гэсээр тодорхой шийдэлд хүрээгүй өнөөдрийг хүрлээ. Сон­гуулийн хуулийг батлах хуулийн хугацаа хэдхэн хоноод дуусна. Үгүй  бол хуучнаараа явах дээрээ тулна. Наанаа бол хуулиа энэ долоо хоногт баталчихна гэж бай­гаа ч цаанаа ямар бодолтой нь эргэлзээтэй. Мөн хэл ам таталж, хаврын тэнгэр шиг ааштай айлын эрх эхнэр шиг аашилж байж сана­сандаа хүрлээ гэхэд Үндсэн хуу­лийн Цэц дээр очоод унах магад­лал өндөр. Тэгэхээр улстөрчдийн хэлж байсанчлан сонгуулийн тог­толцоо хуучнаараа ирэх сонгуульд орж болох юм. Хэрэв ингэхдээ тулбал нөгөө хамтарсан засгаа байгуулахад хийсэн гэрээгээ зөр­чихөд хүрнэ. Уг гэрээн дээр “Сон­гуулийн тогтолцоог өөрчилнө” гэж хоёргүй сэтгэлээр заасан байгаа. Хэрвээ энэ гэрээгээ зөрчвөл  сон­гууль энээ тэрээ ойртлоо гэж шалч­ганахгүйгээр засаг огцорно гэд­гээ гишүүд нар сайн мэдэж байгаа. Зориудаар үүнийг отон суугаа УИХ-ын гишүүд болон фракц хүчин бэлэн байгаа гэдгийг сүүлийн үед болоод байгаа үйл явдлууд бат­лаад байна.

Сонгуулийн хуулийн шинэ хувилбар эмэгтэйчүүдэд 20 хувийн квот олгох дээр эхний байдлаар санал яригдсан. НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод тусгаснаар бол 2015 он эхэд эмэгтэйчүүдэд 30 хувийн квот олгоно гэсэн.   Энэ удаа ямар ч байсан тэр амлалт бү­тэлгүйтэв. Мөн жижиг гэгдэх намуу­дад долоон хувийн босго гэж ярьж байсан бол  сая таван хувийн босго тавихаар тохирч байгаа. Бусад улс орнуудын жишиг ч иймэрхүү бай­даг юм билээ. Ингэхэд  гудамжны гэгдэх жижиг намууд парламентад орох сайн талтай. Ингэвэл гудамж­ны хөдөлгөөн тэмцлүүд дотор ордог гэдэг. Гэхдээ хэт олон нам парламентад орвол засаг төрийн ажил явц муутай болдог гэцгээдэг. Сонгуулийн энэ босго жижиг гэх намуудад боломж олгож байгаа мэт харагдавч намуудын төлөв­шилд саадтай байдаг. Хэн дуртай нь нам байгуулж парламентад суух гэж зүтгэдгээс намууд төлөвшиж томрох нөхцөл бололцоо тэр бүр олдоод байдаггүй гэнэ.

Цаашид сонгууль болоход  на­мууд эвсэх үү, аль намтай аль нь эвсэж сонгуульд орохов гэдэг дээр албан ёсоор тохирсон нам одоо­гоор алга. Харин МАХН-ыг МАН-тай арван суудлаар тохиролцсон гэсэн мэдээллийг аль, аль талын албаны эх сурвалжууд үгүйсгэв. Уг нь МАН, МАХН эвсэж орохыг үгүй гэх газар­гүй. Эвсэж орохдоо МАХН-ын эвсэл  гэсэн нэртэй байх юм гэж дуулдаж байсан. Яг цагаа тулахаар энэ л ортой байж магадгүй. МАН-ын  эртнээс улбаатай бичигдээгүй заншил бол том эрх ашиг дээрээ нэгдэж чаддаг. Тиймээс ч Ц.Ням­дорж, У.Хүрэлсүхээс авахуулаад Н.Энхбаярыг өрөөсөн нүдээрээ ч хялайж харахгүй байгаа хүмүүс намынхаа ирээдүйг бодоод яаж ч болох шүү дээ.  Тэгээд  ч энэ хэрүүл маргаанд намын дарга Сү.Батболд оролцохгүй байгааг та бүхэн ан­заарч байгаа байх. Эвсэл энээ тэрээ болохдоо тулбал  “Ямар бид хоёр хэрэлдэж муудалцаж байсан биш” гэсээр л хоёр талаасаа уулзах нь байна.

Н.Энхбаярын хувьд ирээдүйг нь хоёр талтай ярьцгааж байна. Нэг хэсэг нь МАХН МАН-тай эвсэхгүй сонгуульд орсноор боломжоо ал­даж байна гэж байхад зарим нь Н.Энхбаяр эвсэж байж л ял мултар­на гэх. Ямар ч байсан Н.Энхбаяр өөрийнх нь хэлээд байгаа шиг сөрөг хүчин болчихож одоохондоо ам­жаагүй байгаа. Энэ бол зүгээр л хэвлэлийн пиар төдий зүйл.

Орост өөрчлөлт шинэчлэл ид өрнөж байх үед жирийн иргэдээс энэ талаар асуухад “Яг л Сибирийн ой шиг..” гэж хариулж байсан гэдэг. Энэ нь дээр ой шуугиад л газарт ганц нэг боргоцой унахын дайтай нэг их сүйдтэй юм биш л гэж хэлснийх.

Нэг үгээр хэлбэл тэртэй тэргүй хоёр том нам үзэлцэж байхад Н.Энхбаяр бол  газар унаж байгаа ганц нэг боргоцойтой л адил айхтар их нөлөө үзүүлж чадахгүй. 

Тэгэхээр яг өнөөдөр бол Н.Энх­баяр өөрийгөө сөрөг хүчин гэж нэрлээд хэрэггүй юм. Маргааш яахыг нь харин хувь төөрөг нь мэдэх хэрэг. Н.Энхбаярын намын шинэ мэдээлэл  гэвэл М.Энх­сайха­ны МҮАН албан ёсоор сонгуульд эвсэл болж орохоо санал болгоод байгаа гэсэн. Мөн Либерал ард­чилсан нам, Нэгдсэн хөдөлмөрийн намуудтай эвсэх эсэхээ ирэх долоо хоногт хуралдах Гүйцэтгэх товчоо­ныхоо хурлаар хэлэлцэх юм билээ.  

Ардчилсан намын хувьд одоо­гоор албан ёсоор эвсэж сонгуульд орох санал тавьсан нам байхгүй байгаа. Гэвч Ардчилсан холбоо эвсэл нэрээр ардчиллын төлөөх бүх намуудыг нэгтгэж сонгуульд оролцвол их горьдлоготой байгаа  гэх судалгаа бий. Одоохондоо  ИЗН эвсэл болж магадгүй. Дээр нь Ногоон нам ч мөн эвсэх гэж ма­гадгүй хэмээн  яригдаж байгаа. Энэ сонгуулиар ийнхүү улс төрийн хоёр том эвсэл болж өрсөлдөж магадгүй байгаа.

Гэвч сонгуулийн хуульд босго оноог намсгаснаар жижиг намуу­дын амбиц хөдөлж тус тусдаа сонгуульд орж нэг нэг суудал зул­гаах тухай бодож байгаа гэх сураг байна. Тэд ганц суудал аваад сонгуулийн дараа аль олон суудал авсантай  нь эвсэж Засгийн газарт орж сайд болж дөрвөн жил тендер авч засгийн мөнгөөр туйлах юм ярьцгааж эхэлжээ. Мөн бүр өөр ч хувилбар байгаа бөгөөд тэд улс төрд гурав дахь ч хүчний байр суурь байх л ёстой хэмээн горьлогсод юм. Тэдний бодлоор гурав дахь хүчний эвслийг Н.Энхбаяр даргатай МАХН-аар удирдуулан сонгуульд оролцох бөгөөд дор хаяж бүлгийн хэмжээний санал авна гэж үзэж байна. Нэгэнт УИХ дээр бүлэгтэй болсон учир мөн л Засгийн газарт хүнээ шургалуулна хэмээн үздэг гэнэ. Хүнээ засагт оруулаад харин яаж юу хийхээ экс ерөнхийлөгч хүнээр заалгахгүй хэмээн улстөр­чид ярилцдаг.

Одоо яригдаж байгаа хуулиар 48 мандатын төлөө 26 тойрог дээр өрсөлдсөн хүмүүсээсээ шилжүүлэх үү, эсвэл шууд оруулах уу гэдэг дээр хоёр нам санал нэгдэхгүй байгаа. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр бүлгийн хурлынхаа дараа Сонгуулийн хууль дээр ямар байр суурьтайгаа илэрхийлж “28 хүнээ оруулвал хэдэн хувиар оруулах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. АН-ын зүгээс 48 хүнээсээ сонгогчдын авсан саналын дагуу эрэмбэ­лэгд­сэн дарааллаар бүрэн шилжилт хийх нь зүйтэй гэж үзсэн. Харин МАН-ын зүгээс 100 хувь 48 хүнээ­сээ шилжүүлэх нь учир дутагдал­тай гэсэн байр суурьтай байна. 28 хүнээсээ огт орохгүй юм бол 28 хүнийг нэрсийн жагсаалтад оруу­лах нь утгагүй. Тиймээс шил­жил­тийг хийхдээ 48-аасаа ч хийе, 28-аасаа ч оруулъя гэсэн байр суурь­тай байгаа” гэж хэвлэлийнхэнд мэдээлсэн. 

Ерөнхийдөө МАН-ын энэ ху­вилбар хүн нь чихэлдээд болохгүй байгааг харуулж буй юм.

Сонгуулийн хууль хэрхэн бат­лагдахаас намуудын хувь заяанд янз
бүрийн өөрчлөлт орж болох учраас тэд ингэж адган зүтгэцгээж байна.

Categories
редакцийн-нийтлэл

Хуучин “Ху” нам “модоо” барьж сонгуульд орох уу?

МАН Бага хурлаа хийлээ. Тэд ерөнхийдөө нэг их  дуулиан шуу­гиангүй намдуу зөөлөн хуралдана гэсэн чигийн дагуу явцгаасныг тэртэй тэргүй бүгд мэднэ. Намын дарга нь эдийн засаг өслөө, ядуу­рал буурлаа, улс орон цэцэглэн хөгжиж байна гэх лоозон болчих­сон уран үгсээр илтгэлээ эхлүүл­сэн. Цээжинд байдаг ганц шүлгээ хаа сайгүй дуржигнуулж явдаг нөхдүүд байдаг шиг С.Батболд дарга энэ илтгэлээ хэзээд, хэний ч өмнө уншдаг даа. Тэр тоолонд тоо баримтуудад нь онцын их өөрчлөлт орохгүйг нь яана. А, Б-гүй цээжилчихсэн болохоор арга ч үгүй байдаг биз.

Түүний уншсанаас үзвэл Мон­гол Улс хөгжлөөрөө аль хэдийнэ АНУ мэтийн өндөр хөгжилтэй ор­ныг гүйцчихсэн тууж яваа. Социа­лизмын үед л манай дарга нар ийм аргаар ажлаа явуулдаг байсан байх.  Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддагт хуур­тагдчихаад бүх зүйл болж байна, бүтэж байна гэсэн лоозон илтгэл урсгана.  Зогсоо зайгүй тоть шиг давтах энэ үгэнд нь ард түмэн бат итгэдэг байсан тэр хуучин цаг хойно хоцорсон. Орчин үед ард түмэн бодит амьдралын үнэн, МАН-ын дарга С.Батболдын яриа хоёрыг ялгаж салгахтайгаа. 

Эрхбиш намынх нь хурал юм байна, ирэх хавар яажшуухан сонгуульдах тухайгаа харин зураг­лаадахсан нь шинэ байлаа.  Яана гэчихэв ээ, хуучин Ху нам модоо барьж сонгуульд орох юм гэнэ үү. Түүнийгээ хөгжлийн ч билүү, юуны ч билээ тодотгоод өгчихжээ. Зуданд хамаг малаа барчихаад харласан хотоо харж шилбүүрээс өөр тулах юмгүй зогсоо малчныг модоо барь­сан гэж хэлдэггүй билүү. Насаараа мал дагаж, нүүрээ нүүрс шиг харлаж, ширлэтэл нь нар салхинд гандчихаад адаг сүүлд нь хоосон хотоо самардан бархирах малчныг монголчууд модоо барьсан гэлцдэг. Авгай, хүүхнүүд ам зөрөхдөө үгүйрч хоосорсон нэгийгээ  модоо барьсан гуйлгачин ч гэж доромж­лох нь бий. Модоо барих гэдэг үгийг монголчууд ийм л утга учрын үүд­нээс хэрэглэхийг цээрлэсээр ирс­нийг мэдэхээс биш хөгжлийн төлөө мо­доо барьдгийг дуулаагүй юм бай­на. Одоо л юм юм дуулах нь гэгчээр МАН-аас их юм сонсох нь ээ.

Үнэндээ Ардын намын залуу­чууд модоо барихын мууг мэддэггүй юм байна. Уг нь монголчууд ёр бэлгэдлийг эрхэмлэдэг ард түмэн. Гэвч ард түмэн юуг бэлгэдэж, юуг цээрлэдгийг мэддэггүй цоо шинэ үе Ху намд гарч ирсэн нь энэ. Монго­лоо мэдэхгүй юм байж юун улсаа хөгжүүлэх. Цаана чинь муугаар хэлбэл модоо барьсан айл өчнөөн байна. Та нарынхаар бол тэд элбэг дэлбэг, хангалуун сайхан амьдра­лын төлөө модоо барьчихаад суу­гаад  байгаа хэрэг үү, үгүй юм. Хотоо харлуулчихаад төв газар бараа­даж, хоосон хонож, хог түүж яваа хүмүүс.  Модоо барих гэдэг бол ийм л муу ёрын үг.  Гэтэл ард түмэнд таалагдах гоё үг олоод, оноод хэлчихсэн юм шиг хээвнэг хэлж зогсох шинэ үеийн олигархиуд Ардын намыг өнгөлж байна. Ёс, цээрээ мэддэг ахмадууд, ард түмэн та нарын муу ёр зөгнөсөн энэ үгийг сонсоод тэнгэр бурхандаа залбирч суугаа. Монголчууд үгэнд хүч байд­гийг мэдэрч, түүний сайн, муу утга учрыг тунгаасаар ирсэн. Муу үг юу дагуулдгийг бүгд мэднэ. МАН-ынхны сонгууль бүрийн өмнө хэлдэг муу үгнүүд биеллээ яаж олдгийг ч харсаар ирлээ.  Юу билээ гэж бодож байгаа бол 2008 оны сонгуулийн түүхийг сөхөөд нэг үзье. М.Энхболдын Засгийн газрыг унагааж, МАХН-ын даамлаар сууж Ерөнхий сайдын сэнтийд заларсан С.Баяр “Ямар ч үнээр хамаагүй бид сонгуульд ялна” хэмээн ярьж бай­лаа. Сонсоход аймаар байгаа биз. Сонгуульд ялахын тулд хүн алж, хүрээ талахаас ч сийхгүй гэдэг нь эндээс ойлгомжтой байсан юм. Нээрээ ч С.Баяр 2008 оны сонгуу­лийг ямар үнээр хийснийг бид харсан. Мартаагүй байгаа.

Ардчилсан намынхан ашигт малтмалын баялгаас ард түмэндээ эрдэнийн хувь олгож, нэг сая төгрөг өгнө гэхийг тухайн үедээ С.Баяр сүйд майд болон хүлээж авч бай­лаа. Тийм тэнэглэл гэж юу байхав, тэгж гарын салаагаар урсгах мөнгө манайд байхгүй, тэгж эдийн засгаа сүйтгэж болохгүй хэмээн АН-ыг газар доогуур ортол нь муулж, буруушааж байв. Тэгсэн өөрөө бараг сонгуулийн урьд өдөр “Манай нам ашигт малтмалын баялгаас ард түмэндээ эх орны хишиг олгож 1.5 сая төгрөгийг өнөө маргаашгүй бэлнээр өгнө” гэж авдаг байгаа. Бүр улайх ч үгүй хэлж билээ. Ингэж Ху нам ард түмэнд их мөнгө амлаж, дөрвөн жилийн хууралт нь үргэл­жилсээр байна.  Худлаа амласан Ху-гийнхан сонгуулиар луйвар яаж хийдгийг яруу тодоор харуулсан. Тэд үхсэн хүнийг амилуулчихдаг, нэг хүнийг хэд ч болгож “олшруу­лаад” санал өгүүлчих чадвартай гэдгээ дахин мэдрүүлсэн юм.

Харин сонгуулийн дараа луй­вар хийсэндээ бантаж, баригдахаа болохоор барьц алдахдаа байраа шатааж, таван хүн буудаж аллаа. Хайран залуус, ард нь хичнээн ам бүл тэжээгчээ алдаж, амьдрал нь орвонгоороо эргэж, шар махтайгаа хатаа бол. Тэдний нулимсаар дэнчин тавиад зогсоогүй. 1000 гаруй иргэнийг хоморголон барив­чилж, 800-гаад хүнийг шоронд хийсэн юм.  Бууны суманд оногдож, зодуулж нүдүүлж шархны халуунд тарчилсан залуусыг тоолж барш­гүй. Насаараа эдгэхгүй шарх олсон ийм залуус хэдэн арваараа бай­гаа. С.Баяр ийм их үнээр сонгуульд ялалт байгуулсан юм. Үнэхээр тэр хэлсэндээ хүрсэн. Ингэж ард түмний нулимс, цусаар тэр ялалтаа баталгаажуулж билээ. Энэ бүхний эцэст сая С.Баярын сонгуулийн өмнө хэлээд байсан үг цэвэр большевик үзэл санаа агуулсан байжээ гэдгийг ойлгосон. Үнэндээ большевикчүүд 70 сая хүний амиар тоглож байж өөрийнхөө дэглэмийг тогтоосон гэдэг юм. Гэвч цусаар гараа угааж, хүний амиар тахил өргөснөөр оршин тогтносон энэ дэглэм удалгүй нуран унасан. Үнэндээ ийм адгийн хог шаараас дэлхий өөрийгөө цэвэрлэж чаддаг гэдгээ харуулсан нь тэр.

Энэ эмгэнэлийг нуухын тулд С.Баяр Ардчилсан намд найр тавьж сонгуулийн луйвраас үүдэлтэй гэмт хэргээ хаацайлах арга хайв. Баялгаа тэнцүүхэн хувааж авах хуйвалдаан хийхээр хамтарсан Засгий газар байгуулж, нэг сумаар хоёр туулай буудсан эр. Даанч таван хүний амьтай зайлш­гүй өөрөө холбогдоод байсан тул С.Батболд гэгч бизнесмэн нөхөрт албаа шилжүүлээд зугтаасан гэхэд болно. 

Халааг нь авсан С.Батболд харин сая намын Бага хурал дээрээ “Сонгууль ямар ч хуулиар явагдсан бай манай нам ялна” гээд хэлчихлээ. Энэ бол аюултай үг. Сонгуулийн хууль яаж гарах нь Ардын намд хамаагүй юм байна. Сурсан ёсоороо луйвраа хийгээд, хуулиа зөрчөөд ялалт байгуулах нь. С.Баяр ямар их үнээр сонгуульд яллаа. Тэгвэл С.Батболд ирэх хавар яаж сүйдэлж, ямар үнээр сонгуульдахыг бодохоос ч аймаар санагдаж байна.  Хөөрхий ард түмнийхээ амь, амьдралаар ингэж тоглож, бэмбэгэнүүлж байж эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн хэрэг юу байна. 

Ардчилал хөгжиж, улс орон даяаршсан энэ шинэ эрин үед уг нь аливаа улс төрийн хүчин, хувь хүн  сонгуульд заавал ялахын тулд биш  үзээд алдъя л гэж ордог болсон.  Харамсалтай нь хуучин Ху намынхан сонгуульд ямар ч үнээр хамаагүй, хуулиа зөрчөөд ялахын төлөө үхэн хатан тэмцдэг. Үнэндээ сонгуульд ялагдал хүлээвэл энэ намын хувьд үхэл болно гэсэн үг. Тэгэхээр аргагүй юм. Ардын намын гишүүд сонгуульд орж байгаа нь үхэх сэхэхээ үзэж байгаагаас ялгаа­гүй. Нэг нам гэлтгүй хоорондоо улайран өрсөлдөж, бүдрээд уна­вал татаад босгохын оронд дээгүүр нь гишгээд гарч мэдэхээр хүмүүс энэ намд байдаг юм. Ингээд бодо­хоор С.Баяр, С.Батболд нарын зөв. Юу ч болж байсан нүдээ аниад ялалтын төлөө зүтгэхээс биш яах билээ. 90 жил төр барьсан энэ  дэглэмд олон олон Каддафи, Сад­дам Хусейн, Мубаракийг төрүүлсэн нь ойлгомжтой. Тэд сонгуульд ялагдвал эргэж сэхэхэд хэцүү, тэр чигтээ дуусна гэсэн үг. Үнэндээ энэ дарангуйлагчид цөмөөрөө төрөөс төрсөн тэрбумтан байсан юм. Хүн эрх мэдэлтэй болох тусмаа түүний­гээ хамгаалах гэж зүтгэдэг. Тэрбум тэрбумаар нь мөнгө “идэх” тусмаа суудлаасаа буухгүйг хичээнэ. Үүнийг нь эсэргүүцсэн ард түмнийг дарангуйллаар дарж авахыг бодно. Гэвч ард түмэн нэг босвол юу болдгийг ливичүүд, египетчүүд харууллаа. Ард түмнийг номхон тэмээ шиг ноолж, басамжлан дором­жилж байсных нь хариуд дарангуйлагчдыг яаж цээрлүүлж, муу ч сайн ч толгойлогчоо гэж үзэхгүй харгис хандаж байгааг дэлхий нийтээрээ үзсэн. Үүний жишээ Монголд давтагдахгүй бай­хын аргагүй. Угаасаа дарангуйлаг­чид унахаараа нэг бол шорон эсвэл цаазын тавцанд очдогийг дэлхийн түүх сануулж байна.

Дашрамд хэлэхэд “Ху” намын хоёр лидер болох Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын маргааныг дээ­рэмчдийн толгойлогчдын хагарал­даан гэж ойлгохоос биш шударга ёсны тэмцэл хэмээн андуурах хэрэггүй. Хуучин, шинэ “Ху” намд тэр хоёроос илүү том луйварчин өчнөөн бий. Тэд илчлэгдвэл хөөр­хий Каддафи, С.Хусейн шиг өлгүү­рийн шонд савчиж мэднэ.  Тэгэхээр сонгуульд ялж, үүрд эрх мэдэлтэй явахын төлөө ямар ч хуулийг улан­даа гишгэж зүтгэхээс өөр яах ч билээ. Гэвч “модоо” барьсан тэд­нийг ямар ч хууль зөрчөөд ялна гэвэл ард түмэн зөвшөөрөх үү. Үгүй л болов уу.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ