1995 оны “Болор цом”. Зүүн гараас Б.Доржпалам, Ц.Чимэддорж, А.Эрдэнэ-Очир, Д.Урианхай, Х.Тэргэл.
Ерэн таван оны “Болор цом”. Барнангийн Доржпалам найрагч түрүүлж духандаа сорвитой Дооровыгоо нэг уйлуулаад авсан удаатай. Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров ганцаар баярласан юм биш. Жилийн жилд л ёс юм шиг айрагдаж, өмнүүрээ цулбуурдуулдаг байсан Паламыг цом авахад өөрөөс нь илүүтэй хөөрч давхисан хүн олон. Ийнхүү нэр төртэйгээр цом авна гэдэг сайхан. “Болор цом”-ын түүхэнд Б.Доржпалам, Д.Урианхай нарын аваргууд л ингэж хүн бүхэнд хүлээн зөвшөөрөгдчихөөд, мөн ч олон жил хүлээлгэж байж эгшиглэнт Янжинлхамыг гардсан даа. Палам найрагч сүүлийн даваанд
“Тэр үнээн би хөөрүү хүн
Тэнгэр дээр төрсөн гэж өөрийгөө
Харсаар байтал худлаа хэлж
Халуурч шүлэглэсэн хүн
Тэргэл цагаан сарыг чамайгаа гэж
Бүлээрч шүлэглэсэн хүн
Тэр ч бүү хэл
Будант тэнгэрийн танихгүй одыг минийх гэж
Булааж шүлэглэсэн хүн
…Ардын дууныхаа
Хө хө нугалааг
Хөх алчуур шиг хийсгэж
Айраг дэмбээ намрынхаа
Алтан дэлбээ найран дээр
Агсан морьтой ханхалзаж
Аяа би дахиад л шүлэглэх нь…” хэмээн ёстой л нэг аатай омогтой уншсан байгаа юм. Мань хүн мориор бол бярдаж уралддаг, бөхөөр бол илүүрхэж барилддаг нэгэн байжээ. Хэрвээ тэр жилийн цомыг Дөнгөтийн Цоодол тэргүүтэй шүүгчид Доржпалам найрагчид санал нэгтэйгээр өгөөгүй бол Говь-Угтаалын цуутайхан хөвгүүн “Болор цом”-гүй хорвоогоос буцах байсан даа, хөөрхий. Ерэн долоон оноос байна уу даа, Барнангийн Доржпалам “Болор цом” үргэлжилж, иртэй бяртай нэгэн сайхан найрагчаар Янжинлхамын дэвжээ дутсан гунигт түүхтэй.
Ерэн таван оны цомын сүүлийн даваанд мөн л Дундговийн хоёр (Доржпалам, Чимэддорж) арсалджээ. Цэндийн Чимэддорж найрагч хоёр жилийн өмнөх цомд “Цагаан зээр” шүлэг өвөртлөн ирж манан татуулсан бол тэр жил “Майга” хэмээх бас л зартай шүлгээ уншсан гэдэг. Гараа савчиж, гэзэг үсээ намируулж байгаад л
“Би морь унаж майга болсон
Монгол
Суунаг ногоон талд ханаа дугуйлах шиг майга
Суран бугуйл тэнгэрт гогцоорох шиг майга…” гээд авч өгчээ. Сонирхуулахад, тэр жилийн наадмын хоёрдугаар шатанд шалгарсан гучин найрагчийн шүлэг тухайн үеийн “Ардын эрх”-ийн дагуул сонин “Билгүүн судар”-т нийтлэгдэж, цом болохоос өмнө уншигч олон хэнийх нь шүлэг сайн байна гэдгийг урьдчилан таамаглачихсан байсан гэдэг. Тэгээд л тэр сайн, энэ муу гэсэн яриа газар сайгүй тархаж өгнө биз дээ. Ерэн зургаан он. Өмнө нь хэд хэдэн удаа айрагдсан Дамбын Төрбат цомын эзэн болсон юм. Тэрээр “Ижий” гэсэн шүлэг уншиж түрүүлсэн бол ардын уран зохиолч Пунцагийн Бадарч “Эхийн сэтгэл” хэмээх хүмүүсийн сэтгэлд ихэд хоногшсон шүлгээ уншжээ.
“Ижий нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй
Сааль сүүндээ дэвэлзсэн ч
Санаа сэтгэл дэгэлзсэн ч
Сарних бодлын үзүүрт үр минь торойно
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү
Амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү
Араажваар дуулж байна лээ
Сайн явна гэнэ миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ миний хүү
Амны зугаа ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй ээ
Амьд яваа нь л ижийдээ
Алдар чинь шүү дээ
Ижий нь хүүгээ
Их санах юм даа
Араг савар хоёроо
Зөрүүлж байж бодлоо
Аргал чулуу хоёрыг
Андууран түүж саналаа
Алга аа, миний хүү
Тэмээ тэмээн цагаан үүлийг
Тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг
Цав суутал ширтлээ
Ижийдээ ирсэнгүй ээ…” гэх ардын уран зохиолч маань жаахан хүүхэд шиг эхэр татан уйлж байгаад уншдаг сан. Нуулгүй үнэнийг хэлэхэд, “Эхийн сэтгэл” бол Төрбат найрагчийн “Ижий шүлэг”-ээс ёстой нөгөө толгой илүү гэдэг шиг, хол тасархай бүтээл гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам мэдрэгдэж байгаа билээ. Гэхдээ аливаа зүйл ээлж дараатай байдаг. Уг хуулийн дагуу л буурал найрагч номын шавь нарынхаа нэгд “Болор цом” хүртээсэн шиг байгаа юм.
Ингээд хэлчихээр Төрөө ах маань гомдож магадгүй. Тиймээс энд нэг зүйлийг зориуд онцолъё. Наяад оны дунд үеэс ерээд оны дунд үе хүртэл нэгэн арваад жилд тасралтгүй жигд сайн шүлэг уншиж, үргэлж модтой давхидаг найрагч бол Дамбын Төрбат билээ. Түүний “Багт наадам”, “Халаасны өрөө” шүлгүүд тухайн үедээ шуугиан тарьж байсан. За тэгээд ерээд оны эхэн үед уншиж байсан “Хадаг аргадах шүлэг”, “Ханиа аргадах шүлэг”, “Хайрхан Төгрөгийн бараа” шүлгүүд үнэндээ жинтэй бүтээлүүд байсан. Ялангуяа гэргий Шүрээдээ бичсэн шүлэг нь хүмүүст их хүрсэн байдаг.
“Солонгорсон долоон өнгийг томолдуулж
Сонирхсон мянган харцыг зодолдуулж
Нүцгэн бүсгүй бүжихэд алга ташдаг ч
Нүдэндээ чамайг л хардаг шүү, Шүр эх минь
Саатай, дуутай тайзнаа нүцгэн залбирч
Сайнтай, муутай олны зүрхэнд заларч
Гоо бүсгүйн тэмцээнд орж түрүүлээгүй ч
Гоолиг сайхан явсныг чинь би мэднэ, Дарь эх минь
…Улаан цусан урсгалын минь
Ундаргыг дархлах гэж
Бүүвэйн дуу хоёр аялж
Бүтэн биеэ гурав хуваасныг чинь мэднэ
Аяга цайг минь сүлэх гэж
Дэлгүүрийн дараалалд зогссон Шүр эх минь
Алаг заяаг минь сүлэх гэж
Дэлхийн дараалалд зогссон Дарь эх минь…” гэж бий. Ерээд оны эхээр “Монголын сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээн зохиогдож, шүүгчдийн бүрэлдэхүүнд Төрбат найрагч байсан. Шалдан бүсгүй шалгаруулахад оролцлоо гэж гэргийдээ аашлуулахдаа уг шүлгийг бичсэн шиг байгаа юм. Гол нь авгайгаа л аргадах гэж шүү дээ.
Ерэн долоон он. Д.Цоодол найрагч гурав дахиа цом хүртэж, Бавуугийн Лхагвасүрэн аман хүзүүдсэндээ ихэд уурлан тайзнаас буусан, бас л дуулиантай наадмуудын нэг. Б.Лхагвасүрэн найрагчийн уурласан нь өөрөөс нь түрүүлж өндөр Цоодол цом авсантай холбоотой. Мань хүн дараа жил нь бүр нэг занаж байгаад, “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагаараа олонд зарлаж байгаад гурав дахиа авсан байдаг. Ерэн долоон онд Цоодол, Лхагвасүрэн хоёрын ар шил дээр Говь-Алтайн хөдөөх эр Билэгсайхан давхиж айргаар мялаалгасан билээ. Түүний ард Очирбатын Дашбалбар орсон юм. Балбар найрагч хөдөөгийн дээлтэй бацааны хойно гишгэсэндээ мөн л уурсаж, сайн шүлэг бус олонд таалагдсан зүгээр нэг шүгэнцэр уншсан нь энэ наадамд чинь мялаалгадаг юм байна ш дээ. Монголын утга зохиол ингэж хог дээр үсрэх гэж дээ. Хэрвээ агуу их Явуу амьд байгаад шүлгээ уншсан ч шагнал авахгүй юм байна, учир нь тэр шүлгээ муу уншдаг юм гэж тайзны араар багагүй хөндөлссөн сураг байдаг. Хэдий дуулиан шуугиан, хэл амтай болсон ч гэсэн түрүү найрагчийн сүүлийн шатанд уншсан “Хуучин дэр модны дууль”-тай хэнбугай ч маргаагүй гэдэг шүү. Уг дуулийн хэсгээс хүргэе л дээ.
“Төрсөн заяа минь хар мод билээ
Төөрсөн заяа минь
Төмөр замын дэр мод билээ
Цагтаа би жаргаж
Цармын хустай наргиж
Бийр шиг согсгор мөчрөөрөө нар өдсөн
Битүү хар шөнөөр тэргэл сар бодсон
Саруул дэлхийн чимэг сайхны нэгэн байлаа
Салж унахын тухай л зүүдэлсэнгүй явлаа
Цэцгэн дундаа ургуулсан эх орны дур юм чинь
Цэрэг шиг тушаалаа надад өгсөн юм
Цэлгэр талд замын дэр мод бол гэсэн юм
Сүүдэр минь амрагууд болзохоо байв
Сүрэг шувууд мөчир дээр минь буухаа байв
Хэрэм тоглуулсан мод гэдгээ мартав
Хээгүй, хуучин дэр мод болов оо
Саруул уйтан хорвоог би дэрлэж
Салаа ган зам намайг дэрлэж
Сар өдрүүд шиг гал тэрэг дээгүүр минь цувж
Сая сая хүмүүс галт тэргээр цувж
Ган замыг төөлөөд хязгааргүй
Галт тэргийг тоолоод хязгааргүй
Хасахын олон тэмдэг шиг дэр мод би хуучин
Хаягдсан олон даалуу шиг хар мод би хуучин
Хал зовлонд ханасан буурал замчин шиг хуучин
Хараал, ерөөл, хан хорвоо шиг хуучин
Хатуу хэцүү ажил минь л дандаа шинэ ээ…” гэж хэлээд Бүрэнгийн найрагч Янжинлхамыг гэртээ гурав дахиа залсан түүхтэй.
Ерэн найман он. Монголын зохиолчдын эвлэлийн далан жилийн ой тохиосон жил. “Болор цом” Төрийн ордонд болжээ. Зохиолчид явсан газар хэзээ л нам гүм, айван тайван байлаа даа. Ордны их танхимд зохиолчид архидаад, цомоос хасагдсан нэг нь агсам тавиад ээлж дараалан цагдаад баригдаж гараад, үгүй мөн манаргасан байгаа юм шүү. Б.Лхагвасүрэн авна гэдгээрээ гурав дахиа авч санаа нь амарчээ. Өнөө улаан галзуу Балбар чинь Их хурлын танхимаасаа гарч ирэн шүлгээ уншин, эрэгчин эмэгчнээ үзсэний эцэст хоёрт орсон байна. Балбар, Лхагвасүрэн хоёр хэзээний л мөчөөрхдөг учир тухайн цомын дараа зүгээр өнгөрөөгүй нь мэдээж. Балбар хэд гурван үг хэлээд авсан байж таараа. Тэр жилийн наадмын тэмдэглүүштэй нэг зүйл нь Эрээнцавын Нямсүрэн найрагч ирсэн явдал байв.Тэрээр “Буй биеэрээ би цас болно
Бударсан их цасан болно
Бүүр том хот тосгодыг
Бүгдийг хучсан цас болно
Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно
Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас нь ирсэн захиа
Хөх нуурын шүлгүүд минь ч цас болно
…Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билэг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
Цагаан шүхэрт ном болно оо“ хэмээн уншаад хоёрын даваанаас үсэрч байжээ. Шинэхэн шүүний үнэртэй хурган дээлтэй ирчихсэн, хүн бүхнийг элгэмсгээр үнсээд, Нямсүрэн найрагч үнэн гоё байсан дуулддаг. Расул Гамзатовыг хаана л явна хорь гучин хүн дагадаг байсан гэдэг шиг Нямсүрэнг ная, ерээд оны бүх л найрагчид дагачихсан, ордноор л нэг нүүгэлтсэн хүмүүс явж байсан гэнэ билээ. Өнөө Нямсүрэн чинь нутаг руугаа буцахаас өмнө сонин хэвлэлд ярилцлага өгөөд л, шавь Балбартайгаа мөчөөрхөөд л, холоо явчихсан Жамьянгийн Болд-Эрдэнийг үгүйлж нулимс унагаад л юм юм болсон байдаг.
Ерэн есөн он. Цэндийн Чимэддорж хоёр дахиа түрүүлсэн наадам. “Болор цом” Бөхийн өргөөнд болж мөн ч сайхан шүлгүүд уншигдаж байлаа даа. Бараг л бүх шүлгийнх нь тухай бичмээр байна шүү. “Дэлт” Чимэддорж “Пушкинтай тулгасан хундага” гэсэн шүлэг уншиж, сүүлийн даваанд “Элсэн тасархай”-гаа дуудан цом авчихаад, ирэх жил “Морьтой тулгасан хундага” гэсэн шүлэг уншина хэмээн хошигносон удаатай. Тэр жилийн наадамд санагдана, Шагдарын Уянга найрагч “Бид хоёр” гэсэн ямар гоё шүлэг уншсан гэж санана. Нэг гэм нь мань хүн халамцуухан уншсан юм.Тиймдээ хасагдсан байх. Түүнээс үнэхээр шүлэг л шалгаруулдаг бол Уянга гарцаагүй л айрагдахаар байлаа. Гэхдээ Мөнхөөгийн Билэгсайхан
“Эрчүүдээ та нар хаяа ч болов өршөө
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн зай эзгүйрдэг юм
Эрдэмт хөвүүд нь үгүй төрийн зай эзгүйрдэг юм
Эр цэрэг чинь үгүй бол эх орон эзгүйрдэг юм
Халуун залуу насыг нь хамтарч элээснээ бодоо
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ болгоо
Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр шүү дээ
Үрийн чинь эх бол хүний дээд шүү дээ…”гэж “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ээ уншин үзэгчдийг суудлаас нь босгож, үймээн дэгдээж байсан даа. Мөн Тоомойн Очирхүү гуай хайрын бас нэг гоё шүлэг уншсан шүү.
“Бүх юм мартагддаг
Бүр мартахгүй юм гэж бас байдаг аа
Чи бид хоёрын зүрх нэгэн хэмээр цохилж байсан
Чид бид хоёрын алхаа нэгэн жимээр зэрэгцэж байсан
Чи бид хоёрын харц нэгэн цэгт тулгарч байсан
Чи бид хоёрын гар нэгэн халаасанд багтаж байсан
Дусал дусалхан бороотой зуны хонгор үдэш
Дундаа ганцхан цувтай алхаж явснаа мартахгүй
Бүх юм мартагддаг
Бүүр мартахгүй юм гэж бас байдаг аа
Багад намайг ах минь хэн гэж шоглож дуудаж байсныг мартаж
Баруун хашааныхаа охинтой хэзээ ч билээ санаандгүй болзсоноо мартаж
Тээр жилийн наадмаар хэдэн насны морь унаснаа ч мартаж
Тэвэг өшиглөж нааддаг ангийн хөвгүүд хэн хэн байсныг мартаж
Бүх юм мартагддаг
Бүүр мартахгүй юм гэж бас байдаг аа
Би чинийхээ бичгийн хэвэнд дуртай байсан
Би чинийхээ битүүхэн хардаж шаналахад дуртай байсан
Би чинийхээ хар дарж сэрэхэд дуртай байсан
Би чинийхээ уйлахад хүртэл дуртай байсан
Битгий мартаарай гэж хэлдэгт чинь харин дургүй байсан“ гэжээ. Ингээд Ш.Уянга найрагчийн “Бид хоёр” шүлгээс хүргээд эл удаагийн тэмдэглэлээ өндөрлөе.
“Нэг л сайхан намар өндөр тэнгэрийн од шүүрч
Нэхмэл цагаан лянхуа шиг алган дээр чинь тавина
Нэл гэрлийн хүрээлэнд бидэн хоёр оршивч
Нэрмэл нүдний чинь галыг номхотгож үл чадна
Нээрээ тийм өдөр бидэн хоёрт ирнэ ээ
Он жил нэг л сэрэхэд нарыг хэдэнтээ эргэж
Огторгуй мэт мэлмийд чинь гунигийн навч хөвүүлнэ
Цэн тогорууд намраар сүүдрээ зөөж буцна
Цэх өвсний толгой шүүдрээ дааж ядна
Цэнгэл дундуур бас зовлон бидэнд учирна аа
Шовгор майхны хормойг талын салхи алгадаж
Шонгийн шаазан шиг лааг хага цохих гэж унтраана
Туулай шиг хярсан биеийг чинь цээжиндээ нааж тэврэхэд
Туулын эхэн шиг ариухан намираа хур бөмбөрдөн
Тун чиг их зүйлийг бидэн хоёр үзнэ ээ…”.
Н.ГАНТУЛГА
Үргэлжлэл
бий