Categories
редакцийн-нийтлэл

Д.Цэрэнжигмэд: “Макс центр” дүү бид хоёрын 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн

Нийслэл
хотод сүр нэмэн сүндэрлэсэн олон сайхан барилга байгууламжуудын нэг болох “Макс
центр” дэх “Макс молл” худалдааны төв, “Рамада” зочид бууд­лын нээлт өнгөрсөн долоо
хоногт болсон билээ. Яах аргагүй анхаарал татах энэ байгууламжийг “Макс”-ын ах дүү
хоёр мэдээж бариулсан. “Макс” группын захирал Д.Цэрэнжигмэдтэй ярилцлаа.

-Танай “Макс центр” бар жи­лийн шилдэг бүтээн
байгуулал­таар шалгарч байсан байх аа?

-Тийм ээ. 2010 оны шилдэг бүтээн байгуулалтаар
шалгарч байсан. Харин энэ төвийнхээ үйл ажиллагааг хэдхэн хоногийн өмнө албан ёсоор
нээж, “Grand opening”-оо хийлээ. Нийслэл хотод маань өнгө үзэмж нэмсэн сайхан барилга
босгож, ашиглалтад оруулсандаа сэтгэл хангалуун сууж байна.

-Сайхан барилгууд олноор босч байна л даа. Тэрэн
дундаа танайх ямар онцлогтой, ямар шинэ технологийг нэвтрүүлсэн юм бол гэдгийг сонирхмоор
байна?

-“Макс центр”-ийн барилгын зургийг нь Италийн
мэргэжилт­нүүдээр гаргуулсан. Агааржуулал­тын системээс эхлээд бүхий л зүйл нь тэндхийн
стандартаар хийгдсэн учраас манайд шинэлэгт тооцогдох зүйлс их байгаа. “Макс молл”
худалдааны төв гэхэд 43 мянган м/кв талбайтай. Бид бас дэлхий дахинд маш олон салбартай
олон улсын буудлын сүлжээг оруулж ирж байгаа. АНУ-ын “Виндэм” группын буудлын тоо,
өрөөнийхөө тоогоор дэлхийд толгой цохидог “Рамада” олон улсын буудлын сүлжээг оруулж
ирж нээлтээ хий­лээ. Буудлаар маань үйлчлүүлсэн хүмүүс сэтгэл тун хангалуун байна
лээ. Манай энэ буудал маань 128 өрөөтэй, дөрвөн одтой зочид буу­дал л даа.

-Гаднаас нь харахад ч, дотор нь ороод байж байхад
ч нүсэр барилга гэдэг нь анзаарагдаж байсан л даа. Энд шинээр яг хэдэн ажлын байр
гарч байгаа вэ?

-Энэ төв нээгдсэнээр 800 гаруй ажлын байр шинээр
нээгдэж бай­гаа юм.

-Манайд худалдааны төвүүд олон байгаа ч авто зогсоолоо
шийдээгүй нь олон байх юм аа. Харин танайхыг газар дор хоёр давхар авто зогсоол
барьсан гэх юм. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Манай энэ төв маань хоёр давхар авто
зогсоолтой. Италийн компани зураг төслийг нь гаргасан тухай дээр хэлсэн. Зурагт
байсны дагуу бүх барилгын ажил хийгдсэн. Дүү бид хоёр аливааг хамгийн сайнаар, чанартайгаар
хийхийг гол зарчмаа болгодог. Тэр ч алтан зарчмаараа энэ барилгаа босгосон. Худалдааны
төвөөр үйлчлүүлж байгаа хүмүүсийнхээ ч тав тухыг бодолцож хийсэн байгаа. Тэнд худалдан
авагч нар хүүхдээ харгалзуулах газраас эхлээд бүгд бий. Мөн фитнесс төв, спа, хоолны
сүлжээ газар гээд олон төрлийн газрууд байгаа даа.

Ер нь энэ төвийг ашиглалтад оруулсан нь дүү бид
хоёрын 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн гээд хэлэхэд болно. Бодож явсан, эхлүүлсэн
зүйлээ үр дүнд хүрсний дараа хүн ямар сэтгэл хангалуун баяртай байдаг билээ, би
бас тийм л байна даа. Төслийг маань эхний өдрөөс дэмжин хамтарч ажиллаж ирсэн “ХААН”,
“Худалдаа хөгжлийн банк”-ны хамт олонд баярласнаа энэ дашрамд хэлмээр байна.

-“Нарны титэм” дээр байдаг худалдааны төвөө танайхан
нураагаад эхэлсэн байна лээ. Бас шинэ юм босгох гэж байна уу даа?

-Одоо хотын төвд аятай сайхан байрлал гэж байхгүй
болсон доо. Хуучин барилгуудаа нурааж ши­нээр барьсан нь дээр болж байна. Бид энэ
газар дээрээ дороо худал­дааны төвтэй, дээр нь орон сууцны зориулалттай барилга
барих гээд солонгосчуудаар зураг төслөө гаргаад ажилдаа орсон байгаа.

-Манайдаа тэргүүлэх компа­ниу­дын нэг “Макс” группыг
ах дүү хоёр босгосон гэж хүмүүс мэднэ. Дүү Д.Ганбаатарыг тань бол хүмүүс бас ч гэж
мэднэ. Харин та их даруу бас нууц­лагдмал нэгэн бололтой. Та хоёр компанидаа хэн
хэн нь ямар ямар салбараа хариуцдаг юм бэ?

-Би угаасаа нэг ийм хүн л дээ. Дотогшоо гэдэг
шиг. Бид хоёрын хувьд компанийхаа асуудалд адил­хан ороод явдаг.

-Та хоёрыг ерээд онд анх “Дөргөн” гээд ХЭАА байгуулж
байсан гэж сонсч байсан юм байна. Говь-Алтайн гаралтай хүүхдүүд яагаад Ховдын Дөргөн
нуураар хоршоогоо нэрлэж бай­сан юм бэ?

-Сайн мэдэж байна шүү. Тэр үед ганзагын наймаа
хийдэг байсан бид хоёр эндээ албан ёсоор бүрт­гэлтэй болж, хувиараа эрхлэх аж ахуй
байгуулахаар шийдлээ. Хүр­гэн ах маань тэгэхэд Дөргөн гээд их сай­хан нуур байдаг
юм гэж хэлэхээр нь бид хоёр нэрлэчихсэн юм. Янз бүрийн утга санаа байхгүй сайхан
нуур гэхээр нь өгчихсөн хэрэг.

Тэр үед хоршооны эзэн, захи­рал гэхээр их содон
сонстдог бай­лаа. Одоо бол захирал, компанийн эзэн гэдэг хэвийн мэт болж дээ. Удалгүй
хувиараа эрхлэх аж ахуй маань “Ган-3” гэдэг бүрэн бус хариуцлагатай компани болж
то­мор­сон.

-Яагаад “Ган-3” гэж?

-Өө, тэр үед “Ган” гээд авах гэхээр давхцаад байсан
учраас л гурвыг нэмж таарсан. Дараа нь шинэчилсэн бүртгэл хийгдэх үед одоогийн
“Макс” гэдэг нэрээ авсан даа. Одоо “Макс” групп маань 1500-гаад ажилтантай, нэлээд
олон салбар чиглэлд үйл ажиллагаа явуулж байна даа.

-Танайх италичуудаар зураг төслөө хийлгэсэн гэлээ.
Бас тэндхийн мебель эдлэл бор­луулдаг байх аа. Тийшээ ямар холбоо сүлбээ байна вэ?

-Бид анх машин оруулж ирдэг байхдаа, контейнертоо
мебель эдлэл хамт ачиж оруулж ирдэг байсан юм. Түүнийгээ анх хүүхдийн номын сангийн
хонгилын зааланд тавьж борлуулж байлаа. 1992 онд “Евро мебель” маань байгуу­лагдаж
байв. Одоо “Макс центр”-ийн дөр­вөн давхарт байгаа. Бид Италиас гадна Германтай
их хол­боо­той шүү дээ. Берлин бургер түргэн хоолны анхны сүлжээгээ 1996 онд бай­гуулж
байлаа. Одоо нэлээд олон салбар­тай болсон доо. Бас Герма­наас тоног төхөө­рөмжийг
нь оруулж ирж, герман мэргэжилтнээр суурийг нь тавиул­сан “Макс виндоу” гээд цонхны
үйлдвэр бий. Өөрийнхөө барьж байгаа барил­гадаа орон сууцны цонх, хаалга нийлүүлдэг. 

-Манайд бэлтэй хөрөнгөтэй хүмүүс морь уях нь их
болжээ. Одоогийнх шиг хошуурч, хуй­ларч эхлэхээс өмнө ах дүү хоёр морь уядаг байсан
байх аа?

-Хүүхэд байхаас л морь малд сонирхолтой хүүхэд
байсан. Бага­даа Говь-Алтайн Баян-Уул суманд өвөө эмээ дээрээ очоод  морь унаж, үхэр мал эргүүлдэг байсан. Яг хурдны
морь сонирхож эхэлсэн нь 1999, 2000 он. Дүү надаас арай өмнө сонирхоод эхэлчихсэн
бай­сан.

2002 оны наадмаар хязаалан насанд морь маань айрагдаж,
анх улсын наадмын айрагт хурд маань орж байлаа.

-Өнгөрсөн наадмаар хэр наадав даа?

-Өнөө жилийн наадам нартай, хуртай сайхан наадам
болсон. Энэ жилийн хувьд залуу уяачид, залуу бөхчүүд олноор төрсөн сайхан наадам
байлаа. Морьдыг эрлийз, монгол адуу гэж ялгаж урал­дуул­сан. Дүү бид хоёр “Тамирын
хурд”-д оролцож, бид хоёрын унаган хоёр морь хязаалан насанд ми­нийх хоёроор, Ганбаагийнх
гур­ваар орж ирсэн. Ах дүү хоёрын морьд дараалж орж ирээд сайхан л байлаа. Ер нь
Архангай нутаг надад ээлээ өгдөг сайхан газар. 2003 онд 80 жилийн ойгоор нь очиж
гурван түрүү, 2006 онд “Тамирын хурд-2”-т бас гурван түрүү авч байсан юм.

-Морины бай шагнал гэж улам бүр л нэмэгдээд байх
шиг?

-Морины бай шагнал өндөр ч түүнийг нь нутаг усанд
нь үлдээх, тараах бодол уяачдад их байдаг юм ш дээ. 2006 онд түрүү морины байнд
нь УАЗ-469 машин өгч байсан юм. Нэгийг нь гэхэд цаг­даагийн байгууллагад нь үлдээж
байлаа. 2009 онд Баянхонгороос гурван түрүү авсныхаа нэгийг нутаг оронд нь өгч байв.
Сая гэхэд бид хоёр суманд нь 100 охин хонь авч өгч, зуданд нэрвэгдсэн хүмүүст тусламж
болгож өгье гэж шийдээд албаны хүмүүстэй нь ярьчихаад л  ирлээ. Заримдаа байнаасаа дав­сан зүйл ч тараана
шүү дээ. Ер нь ард түмэнтэйгээ бай шагналаа ху­ваалц­даг нэг ийм жишиг бий бол­чих­лоо
л доо.

-Хурдан морь дагасан үнэ өртөг, жишиг, бас уядаг
хүмүү­сийн ч хүрээлэл тогтчих шиг боллоо. Бэлтэй хөрөнгөтэй, биз­нес, улс төрийн
хүрээнийхэн морь нэр дээрээ их уралдуулдаг болжээ?

-Залуу бизнесмэнүүд моринд шохоорхож, ийш мөнгө
хаяж бай­гааг би хөдөөгийн ард түмэндээ хөрөнгө оруулалт хийж байгаа сайн хэрэг
гэж хардаг. Хурдан морины өгч, авч байгаа ханш ч өндөр боллоо. Наадмаас өмнө Сүхбаатар,
Хэнтий тийш овоо хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байх шүү. Тэр мөнгийг
гадагш гаргаад явуулчихаж байгаа биш, Монголдоо, малчин өрхөд хийгдэж байгаа сайн
хөрөнгө оруу­лалт. Ер нь болж байгаа, бүтэж байгаа хүмүүс л морь уяж байна шүү дээ.
Тэгэхээр тэр хүмүүсийн хөрөнгө нь малчдад хэрэг болж очиж байгаа нь болохгүй юу
байхав дээ.

-“Макс”-ын ах дүү хоёр л гээд байдаг. Ингэхэд
та хоёр эцэг, эхээс хэдүүлээ юм бэ. Танай­ханд та хоёроос өөр бизнес эр­хэл­дэг
хүмүүс байна уу?

-Бид долуулаа. Би дээрээ нэг эгчтэй, айлын том
хүү. Эгч маань өөрийн гэсэн бизнестэй. “Алтан ураг” гээд ресторан ажиллуулж байна.
Нэг эрэгтэй дүү маань бас хувийн компанитай. Заримдаа бид хоёрт тусалдаг. Охин дүү
нар маань АНУ-д амьдардаг.

-Таны ээж хоёр хүүгийнхээ өрөөгөөр ээлжилж ороод
гараад явж байхыг харлаа. Эх хүнд хүүхдүүд нь амжилттай ажил­лаж байгааг харахаас
илүү сай­хан зүйл юу байх билээ. Ээж, аав хоёр тань та хоёрын ажилд оролцдог уу?

-Манай аав, ээж хоёр маань бидний арыг даагаад
сууж байдаг юм. Жинхэнэ олонтойгоо хүмүүс л дээ. Гэрээр нь дүүрэн хүмүүс бужиг­наад
сууж байдаг. Бидэндээ бол ээж маань лам л гэсэн үг. Буян хурааж, ном уншуулаад арыг
маа­нь дааж суудаг юм. Бид тэдэн дээрээ очиж хааяа гарынх нь хоо­лыг нь идээд, ариулуулаад
л гарна шүү дээ.

-Танай хоёр ямар ажил алба хашиж ирсэн улсууд
вэ?

-Аав маань насаараа эмийн заводод, ээж Урт цагааны
гутал засварт ажилладаг байлаа.

 -Танай
гэр бүлийн хүнийг хэн гэдэг вэ. Хэдэн хүүхэдтэй вэ?

-Гэр бүлийн хүнийг маань Д.Эр­дэнэчимэг гэдэг.
Манайх хоёр охин, хоёр хүүтэй айл.Том хүү маань 20 настай ШУТИС-д суралц­даг. Дунд
хоёр нь сургуульд, бага нь цэцэрлэгт. Нэг ийм айл даа.

-Хүүхдүүд тань бүгд Мон­голдоо сурч байгаа юм
байна. Төгсөхөөр нь гадагшаа явуулах уу?

-Юутай ч эх орондоо сургуулиа төгсөг. Одоогоор
тэгнэ ингэнэ гэсэн юм алга. Өөрсдөө хүсвэл бас яах ч юм. Би хүүхдүүдээ Монголдоо
сурч боловсроод, ажиллаж, амьдраад яваасай гэж боддог. Ерээд оноос хойш олон хүн
харийг зорьж ажил­лаж амьдрах болсон. Дүү бид хоёр хүний нутагт очиж, наймаа худал­даа
хийж байсан ч гэсэн нутагтаа ажиллах ёстой гэсэн бодлоор эн­дээ компани байгуулж
ажиллаж үр дүнгээ үзээд өнөөг хүрлээ. Одоо бол Монгол улс эрчимтэй хөгж­лийнхөө
үе дээр байна. Солонгост очиж ажиллаад авч байгаа цалин эх нутагтаа гэр бүл үр хүүхдийнхээ
хажууд байгаад олох цалин бараг зөрүүгүй болж байна. Монгол нутагтаа сайхан ажиллаад
өндөр цалин аваад ажиллах боломж байгаа гэж би хэлнэ.

-Томоохон компаниуд өндөр цалинтай ажил байна,
харин ажиллах боловсон хүчин алга гээд байх юм . Энэ үнэн үү?

-Ажилгүй хүмүүс их байна л гэдэг. Нарийн мэргэжлийн
ажил­чин, удирдах албаны хүн авна гээд зарлаад шалгахаар тэнцэх хүмүүс алга байна
гэж манай ажилтнууд хэлж байна. Уг нь сурсан шиг сураад, мэргэшсэн шиг мэргэшвэл
ажлын байр бэлэн байна. Одоо монгол хүн гадагшаа гарч ажиллах биш, гаднаас ажилчин
авчирч ажлаа хийлгээд суух үе ойртсон гэж боддог.

-Бизнес эрхэлдэг хүмүүс, ажил нь амжилттай яваа
хүмүүс дараагийн алхмаа улс төрд орох гэж хараад байх шиг санагддаг. Та энэ талаар
ямар бодолтой явдаг вэ?

-Бизнесмэн хүн улс төрд орж болно л доо. Хийж
бүтээж байгаа салбартаа тодорхой амжилт гарга­чихсан хүмүүс мэдэж чаддагаа олон
түмэнтэйгээ хуваалцаж яа­гаад болохгүй гэж. Миний хувьд чаддаг, чаддагаа хийгээд
явсан нь дээр байх аа. Надад улс төрд орно гэсэн бодол байдаггүй. Ер нь хүн чадаж
байгаа юмаа л хийгээд явахаас сайхан зүйл байхгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Солонгосыг зорих идэр залуусыг эх орноосоо урвасанд тооцъё

Сэгсгэр ч гэсэн ээж минь, сийм­хий ч гэсэн гэр минь гэдэг дээ. Энэ үгийг  эх орноо  голж харийг зоригс­дод хэлмээр бай­на. Сүүлийн хэдэн жил моод болсон Солонгост гэрээ­гээр ажиллана гэсэн нэр томьёотой боолын хөдөлмөр хийлгэхээр  хэ­дэн мянган залуусыг хом­роголон явуулах шалгалт гээч юм авах боллоо. Хийх ажил нь яах вэ. Хий­хээр явж буй залуус нь хайран байна. Манай залуус ч шөнө нойроо хугаслан Солонгосыг зо­рих урт дараалалд зогсох аж. 1990 онд картын ба­раанд дугаар­лаж байс­наас ч илүүтэй хэдэн арван метр урт дараалал бий болж, Солонгост очиж хар ажил хийвэл л амьдрал нь өөдөлж, ар гэр нь дэгжих мэт ойлгох юм. Тэнд очвол баян бол­но гэнэ, тэнд очвол аз жаргал ирнэ гэнэ. Тэгээд эх орноо,  ээжтэйгээ, үр­тэйгээ  орхиод явахаасаа огт сийхгүй. Тэр олон за­лууст өчүүхэн ч эх оронч сэтгэл алга. Дэндүү дав­чуухан бодол нь тэднийг хар амиа хичээхээс хэт­рэхгүй болгожээ. Эх ор­ноо та нар хэнд даатгаж үлдээнэ вэ.

Дээд мэргэжил эзэмш­сэн нь ч, дэмий тэнэж доншуучилдаг нь ч ялгаа
алга. Солонгосыг зорих   мянга, мянган залуусын
цувааг нэмсээр. Ард нь бүл
муутайхан хэдэн эм­гэд хөгшид,
нөхрөө хүлээ­сэн бүсгүйчүүд, бүлтгэр
үр нь, цаг ямагт үрээ гэж  сэтгэл өмрөх хөөрхий муу ээж нь үлддэг.
За тэгээд траншейныхан гэж нэр­лэгд­дэг нийгэмд нэмэргүй хэдэн нөхөд үлдэж таар­на. Тэдэндээ эх орноо үлдээгээд тээр холоос “хайрлаж байгаа”
гэдэг хоосон үг илгээх хэнд
хэрэгтэй юм. Харь эзний харцан дор бөхөлзөж, халтар хэдэн төгрөг хааяахан нэг илгээснээ хайр гэж
бүү бод. Аавын­хаа энгэрт,
ээжийн­хээ элгэнд эрхлэхийг үр
чинь хүсдэг юм. Хүүгээ хажууд нь байхад ээж нь тайв­ширдаг
юм.

Сайндаа л сар шинэ, шинэ жил, наадмаар ганц,  хоёр зуун доллар илгээнэ биз. Хүүгээ хүлээсэн эхийн сэтгэлийг тэр мөнгө дэвтээнэ гэж үү. Эх орон,  ээж аавдаа оруулж буй хөрөнгө оруулалт нь тэр юм байх.      Хүний нутагт очоод зүгээр нэг хэдэн төгрөг олчихгүй архи дар­санд ам ташиж, гэмт хэрэг хийн нутаг нэгтнээ зовоож чих халуу­цуулах нь олонтаа. Болооч үгүй тэнд очоод өөрийгөө жаргаахаа мартахгүй. Найзынхаа эхнэртэй хамтран амьдраад эхнэр, нөхрийн дүрд тоглоно.   Ард үлдсэн  авааль эхнэр, нялх үрээ мартана. Та нараас болоод эх орон чинь хөг­жихгүй, та нараас болоод Монгол Улсын хүн ам өсөхгүй байна. Идэр залуу хорин хэд, гучин хэдэн насаа харь эрийн харцан дор бөхөлзөөд хамаг мууг нь хийхээсээ ичихгүй хэрнээ эх орондоо хатуу хүтүү ажил хийнэ гэхээр толгойтой хэдэн сөөвгөр нь өрвийгөөд ирнэ.  Өөрс­дөө голж,  өрөөлд гологдоод бай­гаа сул дорой нялцгар, амьтад болохоороо л өөрийн нутгийн өвснөөс хүний нутгийн шороог илүүд үзээ юү. Өөдөсхөн үр, өр нимгэн  ээжийгээ орхио юу. Солон­гост ажиллаж амьдраад сайн сай­хан болчихно чинээ санаад эргэж ирээгүй нас барсан олон залуус бий. Гэмтсэн бэртсэн нь бий. Харь эртэй суугаад халаглаж харамссан нь бий. Яахав зарим нэгийнх нь амьдралд жаахан хэрэг болох нь бийг үгүйсгэхгүй. Гэлээ гээд тэрүүх­ний төлөө нутгаа орхиод байгаа нь л эмзэглүүлж байгаа юм.  

Монголын үрс маш олон болох­гүй байгаагийн буруутан нь нөхөн үржихүйн ид насаа харьд өнгө­рүүлж буй залуус. Ядаж л эх орон­доо хүн төрүүлж өгөх ёстой үүргээ мэдэх хэрэгтэй. 

Тийш тэгтлээ тэмүүлж байгаа юм бол эх орондоо заавал хийсэн юмтай байх ёстой. Дор хаяж гурван хүүхэд гаргасан, ядаж хашаа бай­шин барьж, хэдэн мод тарьчихаад эх орондоо үүргээ гүйцэтгээд замаа буруулна биз. Үхэн хатан Солон­гос руу тэмүүлж, тэнд л очвол аз жаргалын үүд нээгдэх юм шиг бодох биеэ оторлогч, нялцгай, унхиагүй амьтдын цуваанд жаг­сагч­дыг эх орноосоо урвасанд тооцмоор байна.

Монгол газар шороон дээр монгол хүн  болж төрчихөөд Монголоо голох нь тэгээд тэдний  зөв үү.   Ажил олдохгүй, цалин  бага байна гэж ам таглах биз. Үнэн хэрэг дээрээ Монголд ажлын байр тас­ралтгүй өсч, цалин өндөртэй газ­рууд нэмэгдэж байна. Хэвлэлийн хуудаснаа өндөр цалин амалсан ажлын байрны зар тасрахгүй бай­на. Голоод юм уу, гологдоод хийдэг­гүй л юм билээ. Тэд хүний газар тэгээд сайн сайхан ажил хийдэг юм уу. Хамаг мууг нь л хийж байгаа.  Нутгаа орхигсодын энэхүү армийн орон зайн дээр мянга мянгаараа хятадууд ирж ажиллаж байна.   Монгол нь Солонгос руу, хятад нь Монгол руу чиглэсэн энэ урсгал удаан үргэлжилбэл Монгол гэдэг хөөрхий болно. Манайхаас дээр хөгжилтэй орноос хэдэн мянгаа­раа ирээд байхыг бодоход ажлын байр байгаа нь тодорхой. Тэд ирээд эх оронд чинь эзэн мэт, эмэгтэй­чүүдийг чинь өөрийн юм шиг дураа­раа авирлаж  байна.

Үрээ тэвэрсэн эхнэр, хүүгээ хүлээсэн ээжийгээ орхиод хүний газар луу юунд ингэж бөөн бөө­нөөрөө цуварна вэ. Идэр залуу насандаа эх нутгаа орхиод харийн нутагт хүний өмнө бөхөлзөх гэж юунд  яарнам бэ. Амьдралынх нь хамаг утга учир Солонгосыг зорих л юм шиг, хүсэл мөрөөдөл нь тэрнээс илүү халихгүй залуу нас хайран. 

Нөгөө яруу найрагч, зохиолчид, элит хэсгийнхэн яагаад энэ талаар огт дуугарахгүй байна. Бие биенээ хэмлэж, бичиг цаас шидэхдээ гар­гууд хэрнээ гадагшаа чиглэх залуу­сын урсгалыг хараад хээвнэг хэнэг­гүйхэн өнгөрөх юм. Улстөрчид нь яагаад тэднийг уухайлан дэм­жээд байна. Эх нутгаасаа урвагса­дын бүхэл бүтэн үе хүний нутгийн тэнгэр дор боол болохоор зүглэж байна. Үүнд нэг анхаарал хандуу­лаач. “Яруу найрагчдаа яаж шүү орчлонг аврах вэ” хэмээн бичиж байсан М.Цэдэндоржийн шүлгийн мөр бий. Түүн шиг орчлонг аврах агуу сэтгэлтэй найрагч биш байлаа гэхэд Монголоо бодох сэтгэл үлд­сэн баймаар  юм, өнөөгийн найрагч­­дад. Улстөрчид нь залуу­саа гадагшаа ажиллуулахаар явуулж байгаадаа биш, Монголд нь ажил олж өгч байгаагаараа пиардмаар юм. 

Монгол орон уудам, хийх ажил их байна. Эх орон чинь та нарыг дуудаж байна. Эргэж харахгүй яваад өгч байгаа чинь л урвагч болгож байгаа юм, залуусаа. Буцаж ирээд Монголоо голж, эхнэрээ сольж жүжиглэхийг чинь хүлээх ёстой юу, эх орон чинь. 

Залуу идэр насаа
хүний нутагт
өнгөрөөгөөд адаг сүүлд нь эх
орондоо ясаа тавина гэж гон­шиго­нох хэрэг алга. Урвагчийн ясыг тавих газар ч олддоггүй юм гэсэн
шүү, явагсдаа.
Харин би Монгол­доо үлдэнэ ээ.

Categories
редакцийн-нийтлэл

Наадмын нөгөөдөр өвөл

Зунжин наадлаа. Монголын зуныг наадмын  улирал гэж нэрлэмээр юм. Ажил хийдэг хүн энэ зун ховор байлаа. Наадам найр цэнгээнээр бялуурч хэдэн зуун саяын үнэтэй хүлэг морьд, машин, гял цал ганган дээлээр уралдац­гаалаа. Түрүүлсэн бөхдөө төрийн сайд нь хүртэл байр өгч, бизнес­менүүд нь машин бэлэглэж уралд­лаа. Бүр өгөх юмаа олж ядаад нэг бөхөд Онц хилчин цол тэмдэг өгөв. Бөх барилдсан хүн яагаад эх орныхоо хилийг манаж гавьяа байгуулсан хүнд өгдөг шагнал авдаг юм хэн мэдэхэв. Сайнаар бодъё гэвэл хэдэн хүн өвдөг шороодуулсан нь хил манаж, хил зөрчигч илрүүлсэнтэй адил гавьяа юм байлгүй.

Монгол төрийн албан ёсны ажил нь наадам мэт төрийн удирд­лагууд нь аймаг, сумын наадам хэсч зугаацаж байна. Намар, өвөл болдгийг зун нь мартчихдаг бид  өнөө утаа, зуд турхантайгаа дахиад л учирна.

Жүжиглэж хаширдаггүй хар толгойнууд юм аа.  Жүжгийн тавилт  нь яг адилхан энэ олон наад­муудыг аймаг, сум, улс орон тэр чигээрээ хийнэ. Сонирхолтой нь энэ наад­мыг хэн зохион байгуулаад хэн санхүүжүүлээд байна. Таван өрөө байрнаас эхлээд 500 саяын морь хүртэл наадмыг манлайлагчдад шагнал болгон хүртээх нь зөв үү. Өөрийн чадлаар хөлс хүчээ урсган байж олсон 500 сая бүү хэл 500 төгрөгийг ч ухаалаг бизнесменүүд хэн нэгэн хүний нүдний хужрыг гаргасны төлөө зарлагаддаггүй.  Төрийн төсөв гэж монголчуудын хийсэн бүтээсэн бүхний талыг хураадаг цадаж ханадаггүй машин байдаг. Гайхалтай нь тэр их мөнгийг улстөрчид,  түүн дотроо сайд нар зарцуулах эрх мэдэл илүү их бий. Энэ мөнгөнөөс хэд нь морь, бөхөд бай шагнал болон очиж байгааг хэн ч мэдэхгүй. Өндөр хөгжилтэй орнуудад төсвийн маш хатуу хууль байдаг. Түүндээ ямар сайдын га­раар хэдэн төгрөг орсныг олон нийтэд зарлахаас гадна сайдын гэр бүл албаны унааг хэрэглэхээс эхлээд нэр хүндийг ашигласан тохиолдолд огцрох хийгээд олон жилээр торны цаана суух хүртэл шийтгэл оноодог. Гавьяа байгуул­сан морь, бөх шагнал авах нь зүйн хэрэг боловч ард түмний хөрөн­гөөс татсан их хэмжээний мөнгийг үүнд зарцуулах нь шударга ёсонд нийцэхгүй.

Арваад мянган хүнийг ажлын байртай болгож буй “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу, тө­рийн төмөр замыг гацаахгүйн тулд хувиасаа мөнгө гаргаж байгаа Х.Баттулга, нэгэн гэр бүлийн  амийг уснаас аварсан Ч.Улаан, Рио Тинтогийн өндөр цалинтай ажлаас таталзсан С.Оюун  нарын гавьяа  ганц удаа уралдаад түрүүлсэн морь, бөхийн гавьяаны дэргэд бага гэж үү. Энэ мэтийн гавьяатай улстөрчид байна. Хажуугаар нь  наадмаар гавьяа байгуулж буй мэт жүжиглэх улстөрчид бас хааяагүй байна. Ингэхээр л наадам гэдэг баярын утга агуулга тэр чигтээ алга болчихож байгаа юм. 

Үндэсний баяр наадмаа тэм­дэглэх нь Монголын ард түмний буруу биш. Өндөр хөгжилтэй улс орнууд ч олон баяр тэмдэглэдэг. Манайхаас ялгаатай нь тэдний баяр наадам цэвэр хувийн өмчөөр санхүүжнэ. Зохион байгуулагчид нь парламентын суудал горилогч улстөрч байдаггүй. Ямар нэгэн тэмцээн өөрсдийн фэнүүдийн боо­цоо, тасалбарын үнэ, хандив зэр­гээс бүрддэг. Ийм тэмцээнүүдэд төрийн түшээд оролцох нь ховор бөгөөд хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг олон удаа үзсэн нэгэн Ерөнхий сайд огцрох шахсан тохиолдол бий. Гэтэл манайд улстөрчид нь түрүүлсэн морь, бөхийг урамшуулах нэрээр  өөрсдийгөө телевизээр реклам­даж, гадныхны гайхлыг төрүүлж байна. Тэд нар наадам үзэж байна гэхээс илүүтэй сонгуулийн пиараа хийж байгаа нь хараагүй, дүлий хүнд ч ойлгомжтой. Японы нэгэн жуулчны ярьснаар бол монгол­чууд маш сайн наадаж, бас улстөржиж чаддаг гэнэ.

Энэ олон наадмууд нь зарим үед сайхан мэт санагдана. Үнэн хэрэгтээ хууль батлах ёстой эрхэм гишүүд, хэрэгжүүлэх ёстой нөхөр сайд нар наадам мэтээр зугаацаж байгаа нь иргэдээ бүтээн байгуулах биш, зугаацан цэнгэхийг уриалж буй хэрэг юм. Оросууд крантаа хаахаар Түлш, эрчим хүчний сайд нь ажлаа хийдэг, зуд болохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлд­вэрийн  сайд нь  ажлаа хийдэг ийм улстөрчид манайхаас өөр оронд байдаггүй. Улстөрчдийн хийж байгаа ажил нь бас л нэг хэлбэрийн наадам. Тэд жорлон барьж, өр  тавихдаа ч тууз хайчилдаг. Манай­хаас өөр оронд бол ийнхүү шоуд­сан улстөрчид дахин улс төрд хөл тавих нь бүү хэл удам судар нь амьдрах аргагүй болдог. Харам­салтай нь улстөрчдийн энэ шоу нь өөрсдийн пиарыг хийхээс гадна эгэл ардын амьдралыг ч хойш нь татдаг.    

Миний нэгэн найз Төв аймагт шинээр барилга барьж байгаа. Барилга барьж буй нөхдүүд нь арав хоног ажлаа хаяжээ. Архангайн бас нэг бизнесмэн их хэмжээний хадлан бэлтгэхээр багагүй хөрөнгө зарсан байдаг. Өндөр мэргэжлийн агрономич бас хөлсөлсөн юм билээ. Гэтэл өвсний сөл хамгийн өндөр байх үеэр нь ажилчин нь нутгийн ойн баяртаа оролцох гээд алга болсон байгаа юм.

Нэг үе наадмаар нэр бүхий хэдхэн хүн л зоолттой түрүүлдэг байсан нь өөрчлөгдсөнийг эс тооц­вол наадам нэг л хэвийн болдог. Цаашид яахыг хэн мэдэ­хэв. Морь уралдана, бөх барилдана, аймаг сум, улсын цолоор шагнана. Шагна­лыг нь төр засгийн тэргүүнүүд, улс­төрчид гардуулна. Нэг ёсны манай улстөрчдийн зуны ажлын гол хэсэг нь наадамд шагнал гардуулах, эсвэл бай шагнал амлах. Наадам гэдэг үгний утга чанар ч тэр наадах цэнгэхээс угшилтай. Ингэж  зунжин тоглож наадаад байхаар өвлийн хахир хүйтний хатуу араншин биднийг тойрохгүй, дайрна.

Ер нь  хувь хүмүүс өөрсдийнхөө мөнгөөр дангаараа энэ олон наад­муудыг хийдэг  бол яая гэхсэн. Гэтэл улсын мөнгийг  энэ их баяр цэнгэлд мөн их урсгаж байна. Олон хүн цугласан баяр наадмыг далимдуу­лаад их хурлын гишүүдийн өөрс­дийгөө рекламдах нэг боломж юм л даа.

Иймэрхүү маягаар хаваржин улстөржөөд,  зунжин наадамлаад байхаар өвлийг өнтэй давах ойл­голт ер нь байна уу. Өвөл ирэхээр өнөөх утаагаа ярьж “матрын ну­лимс” унагана. Наадмын маргааш намар гэдэг шиг наадмын нөгөө­дөр өвөл ирнэ ээ. Ирсээр ч байсан. Байгалийн янз бүрийн үзэгдэл болдгоороо л болно. Түүнийг харин наадам шигээ налайж давах л гол асуудал юм. Наадамлах яах вэ. Наадмын маргааш намар гэдэг сэн. Тэгвэл наадмын нөгөөдөр өвөл ирдгийг бас санах л  ёстой юм шүү.