Хэлмэгдүүлэлтийн үед л гэсэн. Нэг их мэргэн түргэн лам баригдаад ирэхэд нь
Х.Чойбалсан нууцхан суллуулж авчран ирээдүйгээ асуусан гэдэг. Нөгөө ном эрдэмтэй
лам хэлэхдээ “Та бол дал орчим наслах хүн
байна. Түүнээс өмнө нэг саад байна. Хойд
зүг рүү л хөл битгий тавиарай” гэж. Х.Чойбалсан
намынхаа ирээдүйн хувь заяаны талаар асуухад “Энэ нам чинь ер л наслах юм
байна” гэжээ. Ийм нэгэн явган яриа нууцхан
явсаар өнөөг хүрч ирсэн. Ямар ч байсан явж
болохгүй зүг рүү нь явсан Чойбалсан дал хүрээгүй нас барсан, МАХН нь ерэн насандаа
талийгаач болсон. Гэхдээ энэ тухай МАХН-ыг МАН болохоос
нь өмнө бас бичиж байсан юм шүү. Одоо харин
ер хүрсэн МАХН байхгүй болсон. Ингээд МАН гэдэг нам бий болсон.
Зарим үед гайхдаг юм. Аль нь МАХН,
аль нь МАН юм гэж. МАН нь МАХН-ыгаа төрүүлсэн ч юм шиг, МАХН нь МАН-ыгаа төрүүлсэн
ч юм шиг. Эсвэл хоёулаа нэг нам ч юм шиг. Үнэндээ тийм мэргэн, ирээдүйг хардаг лам байсан эсэхийг хэн мэдэхэв. Чойбалсан тийм
ламаас ирээдүйгээ асуусан эсэхийг одоо хэн
гэрчлэхэв дээ. Ямар ч байсан МАХН-аа устгаж МАН болгосон У.Хүрэлсүх “Ардын намын журамт цэрэг”-ийг эгшиглүүлэхээс
өмнө л энэ яриаг сонсч байсан юмдаг. Энэ талаар ерэн настай эмгэн МАХН нэрээ өөрчилж
мэс засал хийлгээд яах ч юм билээ гэж өмнө нь бичиж байлаа. Гэсэн ч тэд мэс засал
хийлгэсэн. Хийлгэсэн мэс засал нь нэрээ солих явдал байв. МАН нэр аваад бүтэлтэй юм болсонгүй.
Хөсөр хаягдаж аль хэдийнэ талийгаачийн
тоонд орсон МАХН амь оров. Хагас жил моргт хэвтэж байгаад гэнэт л босоо ороолон
болоод босч ирсэн мэт. Уг нь аль хэдийнэ МАН өөрсдөө МАХН-ыгаа моргт аваачаад хийчихсэн
шиг санах юм. Одоо болохоор МАХН Н.Энхбаяр
гэдэг экс Ерөнхийлөгчийн дүрээр амь орчихлоо. Тэгээд нийтийг гэхээсээ илүүтэй МАН-ыг айлгаад байгаа нь бүр жигтэй.
Саяхан бас нэг жигтэй явдал болсон.
Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа машинтайгаа явж байгаад Сонгинохайрхан дүүрэгт хүн дайрчихаж. Түргэний эмч ирээд “үхчихсэн
байна” гэж хэлээд орхиод явжээ. Гэтэл Прокурорын дэргэдэх мөрдөнгийнхөн хэрэг бүртгэлт
хийх үеэр өнөөх эмчийн үхсэн гээд хаяад явсан хүн нь амьд байж таарсан.
Одоо талийгаач гэж андуурагдсан хүн гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байна. МАХН-ыг үхчихсэн гээд бодсон МАН ч амь ороход нь тархи руугаа саваадуулах
шиг л болсон байх, хөөрхий амьд хүнийг үхсэнд тооцсон түргэний
эмч шиг. Аймшгийн кино үзэж байгаа юм шиг л эвгүйцмээр санагдаж байгаа биз
дээ.
МАХН-ын босоо ороолон болж босч ирсэн
энэ үйл явдал ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Үр могой” хэмээх жихүүдэс
төрөм зохиолын үйл явдлыг бас сануулаад байх юм. Могой төрүүлсэн эх буурин дээрээ хаягдан эцэстээ төрүүлсэн үрдээ идүүлчихдэг дээ. МАН МАХН-ыг төрүүлсэн бол түүндээ
бариулах цаг нь иржээ. Их л сандарч байгаа
бололтой. Сүүлдээ босоо ороолонгийнхоо нэрийг өгөхгүй гэж ч үзэж тарж эхэллээ.
Зохиол ингэж эхэлдэг. “Устай чулуу
үмхэж битгий тоглож байгаарай. Могойны өндөг байдаг юм билээ… Энэ л миний тавилан юм байна гэж могой төрүүлсэн
эх бодохуйд элэнц хуланцын сүнс амилав. Гай дайрав, лай дөтлөв. Сүнс хилэгнэв…
Өлзий бус үр нь хоног тоолон томорч, “хорхой тойлон” эх доройтов. Үр могой төрүүлсэн
эх өдөр ирэх тусам туйлдаж. Сүнсийг нь хүртэл үргээсэн үр нь сүү, цус хоёрыг ялгахгүй
сорно. Өлсөх тусмаа өөдөөс нь цоргино. Өлсгөлөн могой эвхсэн биеэ тэнийж, эцсийн
хоолондоо ам хүрч, эхээ хөлөөс нь эхэлж залгиж. Харын хар гэзэг могойн амнаас цухуйв” хэмээн зохиол төгсдөг.
Н.Энхбаяр “Унавал хамтдаа унана шүү”
гэж МАН-ын нөхдөдөө хэлж байсан. Харин өндийхөд нь МАН-ынхан өөрсдөө тус болж орхилоо.
МАН, МАХН-ын үйл явдал “Үр могой”-н
үлгэр шиг төгсөх вий гэж харагдаж байна. Босч ирсэн босоо ороолон юунаас айх билээ.
Хаа ч гэсэн хажууд чинь байж л байна. Хаа
нэгтээгээс чинь залгиж ч чадна. Төрүүлсэн үр могой нь эхийгээ залгидаг шиг. Буг шүглэсэн энэ улс төрийг яалтай билээ,
бурхан мэдэг.