Categories
редакцийн-нийтлэл

C.Батболдын ч зөв, У.Хүрэлсүхийн ч зөв

Сүүлийн 20 жилийн түүхэнд ах намын
нэр хүнд ингэтэл туйлдаа хүр­тэл дорд орж, намын ги­шүүд нь хуваагдан ингэт­лээ
итгэл алдарч байсан үе бий болов уу. Хөдөө хотгүй хийгдэж буй судал­гаануудаас МАН,
МАХН гэдгийн ялгааг мэдэж бай­гаа хүн цөөн гэдэг нь то­дорхой болж, алдарт 90 жилийн
түүхтэй намын рейтинг навс унасан нь харагдаж байна.

Хамгийн гол нь намын гишүүдийн итгэл
алдрах байдал, УИХ-ын гишүү­дийн сонгууль болоход ганцхан жил дутуу байхад удирдлагуудын
байж бай­гаа царай нь энэ гэсэн шивнээ байдлыг бүр дор­дуулна. Гэхдээ тэрнээс аюумшигтай
нэг зүйл нь тус намын дарга, ерөн­хий нарийн бичгийн дарга хоёр голын наана, цаана
гарчихаад байгаа явдал хэмээн тус намын гишүүн түшээд харамсан­гуй ярьж байх юм.
Уг нь сонгуулийн өмнөх жил, дээрээс нь нэрээ сольж, хуучин нэрийг нь экс дарга нь
авчихсан гээд эрсдэлт он цаг мөн үү гэвэл мөн.

Гэтэл Ерөнхий сайд, тус намын дарга
С.Бат­болд, намын ерөнхий на­рийн бичгийн дарга У.Хү­рэлсүх нар таарамж муу­тай
байгаа гэсэн мэдээ­лэл хуурай өвсөнд ассан гал мэт шуугиад ирлээ. Энэ үнэн бол хэнийх
нь буруу вэ. Бас хэний зөв бэ.

С.Батболд:

Тоглоомын дундаас орж ирээд бүх хариуц­лага
түүнд хамааралтай болоод явж байгаа учраас нэг талаас азгүй гэж бо­лох, нөгөө талаас
Ерөн­хий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхдөө түүнийг сонгосон учраас
азтай ч гэж болох. Гэхдээ түүний аз, эзийн талаар одоо ярихад эрт.

Тэр нэгэнт энэ том намын дарга болсон
уч­раас бүх л ялалт, гавьяа түүнтэй холбогдоно. Тий­мээс хичээж ажиллах үүрэг хариуцлага
ирсэн нь мэдээж. Тэгэхдээ на­мын аппаратын бүр доод шатнаас нь явсаар ерөн­хий нарийн
бичгийн дарга болсон У.Хүрэл­сүх­тэй хамтран ажиллах үүрэг түүнд оногдсон. На­мын
хөл гэж юу болох, анхан шатандаа байдал хэрхдэгийг томхон татаа­саар явсаар өнөөг
хүрсэн С.Батболд мэдэхгүй нь хэр билээ. Тиймээс тэрийг мэддэгээрээ түрий барьж,
ажилд оролцох давран­гуй, дэврэнгүй генсектэй байх амаргүй байж таар­на. Хэзээнээс
энэ намд дарга том байж ирсэн. Даргын үг эцсийнх байх ёстой. Бас дарга ч ха­риуц­лагаа
хүлээж таар­на. Гэтэл хааяадаа өм­нүүр нь орж ярьчих гээд байдаг, намын аппарат
дотроо түүнээс илүү мэ­дэлтэй байчих гээд бай­гаа учраас У.Хүрэлсүхэд уур хүрэх
нь аргагүй.

Уг нь түүхийн энэ мө­чид ялагдсан
намын дарга гэсэн нэр зүүмээр­гүй байдаг. Бас С.Бат­болдтой ороод сонгуульд ялагдлаа
гэсэн хар яриа­ны сэдэв болмооргүй бай­даг. Дээрээс нь замын дундаас бүр ч огцорчих­мооргүй
байдаг. Гэтэл өөрийнхөөрөө намын ажил­даа ороод зүтгэе гэхээр хүчтэй генсек гай
болоод байдаг. Ямар ч дарга ийм хүнээс са­лахыг хүсч эхлэх байх. Соёлтой боловсролтой
бас дипломатч мэргэ­жил­тэй С.Батболд цэргийнх бас залуучуудын бай­гуул­­­лагын
гэх тодот­гол­той У.Хүрэлсүхтэй дан­даа аргадангуй өнгө ая­саас хандаад байж бо­лохгүй
биз дээ. Дарга хүн зангараг үзүүлэх ёстой. Гэтэл энэ нь түүний мөн чанараас ангид.
Ядаж байхад АН зэрэгцээд тог­лолт хийгээд байдаг.

Нэгэнт дарга нь мөн хойно өөрөөс нь
илүү гарч ажиллачих гээд бай­гаа генсекээсээ сална гэж үзэж л таарах байх. Үүний
тулд мань хүний холбогд­дог “Хадгаламж” банкны асуудлыг ч дахин хөн­дүүлж эхлэх
арга нь зөв ч байж болох юм. Ерөнхий сайдын албаасаа гадна намын даргын албан ту­шаалыг
авна гэсэн нь “даахгүй нохойд булуу дараа” болсон ч юм бил үү хэн мэдлээ. Ер нь
У.Хү­рэл­сүх хөгзгөр С.Баярыг даргын албаа хашсан хэвээр байсан бол тэгж өрвөлзөө
ч үү хэн мэдлээ дээ. Мэдээж, хүнээс но­гоон гэрлээр том албан тушаал авчихсан тэгээд
үүрэгт хугацаа нь дуу­сахад жил үлдээд байхад янз бүрийн эрсдэл хүлээ­хийг хэн хүсэх
юм.

Тиймээс С.Бат­бол­дын зөв.

У.Хүрэлсүх:

Тэр бол бизнесээ өр­гө­­жүүлэхийн
тулд нам дагах ёстой гэдэг ч юм уу, эсвэл намд өгсөн хан­диваараа дэд сайд болж
улмаар намд хүчин зүтгэ­сэн хүн биш. Харин хорь гаруй наснаасаа намын анхан шатны
нэгжээс нь өгссөөр генсек болсон. Ерөнхийдөө хүчтэй зори­мог, танхай бүдүүлэгдүү
гэсэн имижээр өөрийгөө улс төрд тодорхойлсон. Тэр ч зангаараа на­мын­хаа даргын
өмнүүр орж юм хэлчихээд байдаг муу зантай. Даргынх нь удаан, байж байж шийд­дэг
зан шуурхай түс тас түүний зантай нийцэхгүй байгаагаас байнга бухим­дах болсон.
Өөрөөр хэл­бэл энэ хоёр хүний хурд нь нийцэхгүй байгаа нь хагарлын нэг асуудал болоод
байгаа юм. Энэ цаг үед даргатайгаа шууд ярилцаад асуудлыг ший­дэхгүй, хоёр талд
гомдож гуниад яваад байгаа нь аль аль нь энэ албан тушаалд тэнцэх хүмүүс мөн байсан
уу, үгүй юу гэдэг дээр эргэлзээ тө­рүүлж байгаа тал бий.

Гэхдээ У.Хүрэлсүхийн хувьд дарга нь
шууд тас няс үгээ хэлэхгүй дундын хатгаасаар яваад бай­гаад гомдож байгаа. Бас дээрээс
нь нам болохгүй байна гэж дэргэдээс нь түнших хүмүүс олон бай­на. Бас сүүлийн үед
илэр­хий Ерөнхий сайдын гэж хардагддаг хэвлэлүүдээр “Хадгаламж” банкны 14 тэрбумыг
сөхөх болсонд хямарч яваа.

Уг нь тэр бол даргын цэрэг байх ёстой.
Гэвч өнөөх л омголон зангаа­раа хүлцэнгүй байж ча­дахгүй байгаа. Ядаж бай­хад “МАН
нэрийг авснаар сонгуульд ялагдвал хэн хариуцлага хүлээх вэ” гэж намын 26 дугаар
их хур­лын дундуур сэтгүүлч­дийн асуултад хариу­лах­даа “Би хариуцлагыг хү­лээнэ”
гээд хэлчихсэн байдаг. Тэгэхээр ингэж хэлснээрээ асуудал үүс­вэл тэр яах аргагүй
туг тахиулж таарна. Гэтэл нэг­дү­гээр хүн байж, эцсээ болтол нь үзээд ялагдвал гомдолгүй
гэхсэн. Харин хоёрдугаар эрх мэдэлтэн атлаа хариуцлага хү­лээнэ гэвэл гомдолтой
санагдаад байгаа.

Ийм нэгэн эрх ашгийн дээсэн дөрөөн
дээр тэр тэнцэж явна. Хажуу ха­виргынх нь хүмүүс “Намд өөрийнхөөрөө тоглолт хийж
чадахгүй байж ха­риуцлага хүлээнэ гэвэл шатсан хэрэг болно. Тий­мээс нэгмөсөн үзсэн
шиг үзвэл дээр” гээд хатгаад байдаг. Гэтэл ёс зүйгээ бодохоор болохгүй бай­даг.
Бас нөгөө талаас харахад нэгэнт нам бо­лохгүй байхад болохгүй байгааг нь хэлэхээс
яах юм гэж өөрийгөө зөвтгөх. Бас үнэнхүү зангарагтай даргын дор бол ажил­лахад гомдохгүй
санаг­дах. Ийм тал талын бодол түүний дотор буцалж яваа байх. Бас даргынхаа адил
С.Батболд, У.Хү­рэлсүхийн үед энэ нам ялагдсан гэх гутамшгийг үүрэхгүй байх хязгааргүй
амбиц байж таарна. Ядаж байхад бүх судал­гаагаар намынх нь нэр хүнд унаад байдаг.
Тэгэ­хээр түүнийг буцалж огш­лоо гэж буруутгахад хэ­цүү. Ингээд бодохоор У.Хү­рэлсүхийн
зөв.  

Ер нь тэр хоёрын хоёу­лангийнх нь зөв. Өөр
өөрийнхөөрөө гомдлоо тээгээд өөрсдийгөө зөвт­гөөд
байх юм бол буруу­гүй хүн байхгүй. Ямартай ч эрх барих том намын хоёр толгой нь өөр, өөр тийшээ хараад байгаа нь л үнэн юм даг. Өөрсдөө асуудлаа хэрхэн шийдэх юм, намын олон нөхөд нь яах нь зөв
гэж харж бай­гаа юм хэн мэдлээ дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Аймгуудын наадмын түрүү бөх хэн бэ?

Өнөө жил багагүй олон аймгийн дал, наян
жилийн түүхт ой тохиож байгаа билээ. Аймгуудын ойн наадам эхнээсээ болж
өндөрлөөд байна. Тухайлбал, энэ сарын 22, 23-нд Өмнөговь, Сэлэнгэ,
Хөвсгөл аймгууд наян жил, Дархан-Уул аймаг тавин жилийн ойгоо өргөн
дэлгэр тэмдэглэсэн. Хөвсгөл аймгийн баяр наадамд хүчит 512 бөх
зодоглосноос Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол Улсын
арслан Х.Мөнхбаатар ес даван түрүүллээ. Үзүүрт нь Хөвсгөл аймгийн
Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж үлдсэн. Эл хоёр
хүчтэн өнгөрсөн жил Хотгойдын Шадар ван Чингүнжавын нэрэмжит даншиг
наадамд мөн түрүү үзүүрт шалгарч, Ц.Содномдорж түрүүлж байсан билээ.

Мөн Хөвсгөл нутгийн хоёр бөх өнөө жилийн
наадамд зогсолт хийсэн. Х.Мөнхбаатар арслан шинээр гарьд цолны болзол
хангасан Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнэ начинд унаагүй гээд, Ц.Содномдорж
шинээр заан цолны болзол хангасан Ч.Санжаадамбад мөн унаагүй хэмээн
наймын даваа эхэлтэл талбай дээр зогссоныг манайхан мэдэж байгаа.
Ц.Содномдоржийн хувьд энэ жилийн наадамд олимпийн аварга Н.Түвшинбаяраар
дөрөв, Өвөрхангай аймгийн арслан Д.Болдбаатараар тав, шинээр начин
цолны болзол хангасан Төв аймгийн Баянхангай сумын бөх Б.Батмөнхөөр
зургаа давж улсын харцага цол хүртсэн билээ.

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат,
“Хантайшир” дэвжээний бөх улсын заан Б.Соронзонболд, Хөвсгөл аймгийн
Галт сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын харцага
Г.Ганхуяг нар Хөвсгөл аймгийн наадмын бөхийн барилдаанд их шөвгийн
дөрөвт шалгарсан байна. Ц.Содномдорж харцагаас гадна ерэн жилийн ойгоор
Хөвсгөл нутгаас хоёр бөх улсын цолонд хүрсэн билээ. Тодруулбал,
Цагаан-Үүр сумын харьяат А.Батмөнх Дундговийн Б.Чинзориг начнаар,
Төмөрбулаг сумын уугуул М.Эрдэнэбат нутгийн ах Г.Элбэг харцагаар тав
давж начин болсон.

Сэлэнгэ аймгийн наян жилийн ойд 256 бөх
зодоглосноос өнөө жилийн наадамд ес давж улсын арслан цол хүртсэн
Гунаажавын Эрхэмбаяр найм давж түрүүлэв. Үзүүрт нь Сэлэнгэ аймгийн
Мандал сумын уугуул аймгийн начин Д.Болдбаатар шалгарч, аймгийн заан
цолны болзол хангасан юм. Уг наадмын шөвгийн дөрөвт даян аварга
Г.Өсөхбаяр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар үлдсэн.

Өсөхөө аварга долоогийн даваанд аймгийн
начин Д.Болдбаатарт элэг бүсээ тайлж, түүнийг аймгийн арслан цолонд
хүргэв. Ингэж идэр залуу аварга маань аймгийн цолтон төрүүллээ.

Сэлэнгэ аймгийн наадамд гурван аймгийн
начин цолтон төрсөн. “Ноёд” группын бөх Баярбаатар улсын начин
Ш.Тогтохбаяраар, Мандал сумын заан Ц.Энхжаргал улсын начин
Ч.Баянмөнхөөр, Түшиг сумын заан Жаргалсайхан аймгийн хурц арслан
Б.Одгэрэлээр тав давсан билээ. Сэлэнгэчүүд далан найман жилийн дараа
төрсөн арслангаа хүндэтгэн угтаж авсан. Уяачдын наадам дээр “Lexus 570”
машин гардуулсан бол аймгийнхаа ойгоор “Ноёд” группын захирал Г.Буяндорж
таван өрөө байрны түлхүүр гардуулсан юм.

Өмнөговь аймгийн ойд арслан До.Ганхуяг,
гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар, заан Д.Баасандорж тэргүүтэй 256 бөх
зодоглосноос Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн заан
Б.Хашбат найм давж түрүүлэн аймгийн арслан цолны болзол хангасан байна.
Б.Хашбатын хувьд өнөө жилийн наадамд Д.Бумбаяр заанаар дөрөв давж, начны
даваанд залуу заан М.Өсөхбаярт тахимаа өгсөн. Үзүүрт нь Говь-Алтай
аймгийн Цээл сумын харьяат, улсын начин Л.Гантулга шалгарчээ. Харин
шөвгийн дөрөвт ерэн жилийн ойгоор гарьд цолны болзол хангасан Завханы
М.Баяржавхлан, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, “Жигүүр гранд”
группын бөх улсын заан М.Өсөхбаяр нар үлдсэн байна.

Сонирхуулахад, Өмнөговь аймгаас өнөө жил
хоёр бөх улсын цолны босго алхсан билээ. Тодруулбал, Булган сумын
харьяат “Ажнай” корпорацийн бөх аймгийн арслан Б.Сумьяа гарьд
И.Доржсамбуугаар, Ц.Одбаяр харцага Л.Пүрэвжаваар тав давж начин болсон.

Дархан-Уул аймгийн тавин жилийн ойд
зодоглосон 256 бөхөөс Увс аймгийн Ховд сумын уугуул, “Увс нуур”
дэвжээний бөх аймгийн начин Н.Батсуурь найм давж түрүүлэн аймгийн арслан
цолны болзол хангасан байна. Н.Батсуурийг өнөө жилийн наадмаар улсын
цолонд баараггүй хүрнэ хэмээн бөх сонирхогчид тааварлаж байсан. Гэтэл
аав (улсын харцага Г.Намсрайжав)-аараа гурав даваад дөрвийн давааны
оноолтод До.Ганхуяг арслантай таарч өвдөг шороодсон.

Дархан-Уул аймгийн наадамд Төв аймгийн
Баянцогт сумын харьяат, “Олимп” дэвжээний бөх улсын харцага
Э.Даваабаатар үзүүрлэжээ. Залуу харцагыг ерэн жилийн ойгоор заан болон
түүнээс дээш цолонд хүрнэ хэмээн наадамчин олон таамаглаж байсан.Тэрээр
тавын даваанд Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Шинэ Ази” группын бөх
аймгийн арслан Ш.Жаргалсайханыг амлаж барилдаад өвдөг шороодсон билээ.
Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” дэвжээний бөх улсын
заан Д.Рагчаа, аймгийн начин Д.Загджав гишүүнийх хүү Соёмбо нар шөвгийн
дөрөвт шалгарсан байна. Дээрх аймгуудад аймгийн цолтон хэд хэдээр
нэмэгджээ. Сонирхуулахад хурдан морины их насанд Хөвсгөлийн 80 жилд
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Хөвсгөл геологи” ХХК-ийн захирал
С.Төмөрбаатарын үүлэн бор, Сэлэнгийн 80 жилд Сэлэнгэ аймгийн Мандал
сумын уяач Д.Баярбаярын зоос бор, Дарханы 50 жилд Дархан-Уул аймгийн
Эрдэнэбилэгийн төгөлдөр хүрэн, Өмнөговийн 80 жилд Өмнөговь аймгийн
Цогтцэций сумын Энхсайханы хонгор зэрэг нутгийнх нь хурдан буянгууд
түрүүлж торгон жолоо өргүүлжээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Дэлхийд “моод”-нд орсон гурав дахь хөршийн тэргүүний айлчлал

Наадам дуусч амралт эхлээд ч тэр үү,
эсвэл их улс төр  эхлэхийн өмнөх нам гүм ч
юм уу, ойрын хэд хоног улс төрөөр аядуу­хан бай­на. Харин ам­раад тарчихсан улс­төрчдийг
хөдөлгөөнд оруулж бай­гаа ганц зүйл нь гадны гийчдийн айлч­лал. Энэ сарын
27-30-ны өдөр Энэтхэгийн Ерөн­хий­лөгч хатагтай Пра­тиб­ха Девисингх Патил Монгол
Улсад төрийн айлч­лал хийхээр хүрэл­цэн ирэх гэж байна. Бүгд Найрамдах Энэтхэг Ул­сын
төрийн тэргүүн, Энэт­хэгийн нэгдүгээр ир­гэн, Зэвсэгт хүчний дээд командлагч тэрбээр
ма­най улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийн урил­гаар ирж байгаа юм.

Одоогоос яг нэг жи­лийн өмнө тус улсын
пар­ла­ментын доод танхим болох Лок Сабхагийн дар­га хатагтай Мейра Кумар Монголд
айлчилж, хариу айлчлалыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөр­сөн арван­хоёрдугаар сард
хийж байв. Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчийн албыг авсныхаа дараа
хамгийн анхны айлчла­лаа Энэтхэгээс эхэлж байсныг хүмүүс санаж байгаа байх. Энэ
нь 2009 оны наймдугаар сар байв. Ерөөсөө жил да­раа­лан, жилд бүр хоёр ч удаа өндөр
дээд албан тушаалын хүмүүс харил­цан нэгэндээ найр тавьж айлчилна гэдэг энгийн хэрэг
биш. Энэ бол Энэт­хэг Монголыг, Монгол Энэт­хэгийг “ноцтой”-гоор сонирхож байгаагийн
том батал­гаа юм. Энэт­хэг бол сүүлийн үед дэл­хийн бүхий л улс орнуу­дын сонирхлыг
татаж байгаа гүрэн.

Дэлхийд маш хур­дац­тай хөг­жиж
байгаа орнуу­дын нэг, сүүлийн
арваад жилийн хугацаанд эдийн засаг нь дахин дахинаар өргөжсөн. 1985 оноос хойш 431 сая иргэнээ
ядуурлаас салгаж, 2030 он гэхэд дундаж амьд­ралтай иргэдийн тоо нь 580 саяд хүрнэ гэсэн тоо­цоотой. Дэлхийд техно­логийн
аутсор­сингоороо эхний 15-т багтдаг ком­паниудын долоо нь тэнд байна гэхээр нэг
ойлголт төрж байгаа байх.

Мөн харилцаа холбооны салбарт хамгийн
хурдацтай хөгж­лийг харуулсан, автомашины үйлд­вэрлэлийн хурдаараа дэлхийд хоёрдугаарт
гэсэн үзүүлэлттэй, худалдан авалтын чад­ва­раараа дэлхийд 13-т байгаа, энэ нь
2030 онд тавдугаарт очно гэгдэж байгаа ийм орон яаж ч анхаар­лын төвөөс гадна байх
вэ дээ.

Түүх, соёл заншил уламжла­лаа­раа
бол тэртэй тэргүй дэлхийн сонирхлын төвд байсаар ирсэн. Харин сүүлийн үед эдийн
засгийн бодит өсөлт, аж үйлдвэрлэлийн хөгжил нь энэ орныг бүс нутагтаа төдийгүй
дэлхийд анхаарлын төвд оруулаад байгаа юм. Дэлхийд газар нутгийнхаа хэмжээгээр до­лоод,
хүн амынхаа тоогоор Хята­дын дараа хоёрду­гаарт ордог Энэтхэг сүүлийн үед зөв бодлого
зөв менежментээр хөгжиж байгаа учир 1.2 тэрбум иргэнийх нь хүчирхэг байдлыг нь харж
үзэхээс аргагүй болоод бай­гаа. Эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд аравт ороод
ирчихсэн шүү дээ.

Монголчуудын хувьд хамгийн том гурав
дахь хөрш маань яах аргагүй Энэтхэг мөн. Нэг бүс нутагт байр­ладаг эрт­ний түүхэн
харил­цаатай, шашин соёлын нөлөө хамаарал их, эдийн засгийн хувьд хүчирхэгжсэн бас
дээрээс нь Ази тивд Монголд хөтөлгөө морь мэт ханьсах ардчилсан орон Энэтхэг учраас
томоохон гурав дахь хөр­шид зүй ёсоор тооцогдоно гэж мэргэжилтнүүд үздэг юм билээ.
Монголчуудад Энэтхэгийг сонир­хох үндэслэл байна. Дор хаяж дэлхийд моодонд орж байгаа
улс гэдгээр нь. Харин энэтхэгчүүдэд Монголын юу нь сонин байгаа билээ. Ер нь аливаа
улс орны харилцаа гэдэг хүний харилцаа­тай адил. Хэн хэндээ ашигтай, таатай харилцаа
байх ёстой.

Энэтхэг гангийн үйлдвэрлэл, уран,
нүүрсийг ихээр сонирхдог. Үүнийгээ ч манай талд байнга илэрхийлсээр ирсэн байдаг.
Ер нь ган, уран, нүүрс бол тулгын гурван чулуу шиг байж гэмээнэ их хөгж­лийн үүд
хаалга нээгддэг гэдэг билээ. Энэтхэг улс цөмийн эрчим хүчийг хөгжүүлсэн, бас ч гэж
олон реактортой. Гэхдээ түүхий эд болох шар нунтаг хомс. Тиймээс бидэнтэй хамтран
ажиллах санал тавьдаг. Энэ удаад ч эрхэм Ерөн­хийлөгч үүнийг хөндөх байх. Бас энэтхэгчүүд
Монголын коксжих нүүрсэнд ихээхэн анхаардаг. Тэд ийм өндөр агууламжтай нүүрсээ гадагшаа
битгий гаргаач ээ, эндээ үйлдвэрээ барь. Ажлын байрнаас эхлээд нэмүү өртгийн ашиг
ч бий. Үүн дээр чинь туслахад бэлэн гэдэг юм билээ. Тэгэхийн тулд төрийн өмчит дэлхийд
нэртэй том том компаниа оруулахад бэлэн байгаа сурагтай. Бас Энэтхэгийг дэлхийд
таниулсан гангийн үйлд­вэр­лэлээ­рээ хамтрах саналыг тавиад ч удаж байгаа. Гангийн
үйлдвэрлэл гэж барагтай аавын хүү бариад хийчихдэг бизнес биш гэдэг. Гэхдээ гангийн
үйлдвэрлэл бол улс оронд тусгаар тогтнолын батал­гаа, нэр хүнд болж байдаг. Гангийн
үйлдвэртэй орон болж гэмээнэ сав л хийвэл дээрэлхэх гээд байдаг хөршүүдтэй улсад
зүрхэн тарни нь гэсэн үг. Энэтхэгүүд гангийн үйлд­вэ­рийн тухайд нэлээд нааштай
саналуудыг тавьж байсан гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Гэвч Монголд нефть, цемент
гээд үндэс­ний аюулгүй байдлын баталгаа болсон үйлдвэрүүд баригддаггүй шиг ган­гийн
үйлдвэрийн санал Д.Зоригт сайдын ширээн дээрээс буцсан байх. Энэтхэгүүд Таван толгой
дээр америкчуудтай адил, япон­чуудтай адил горьдлого тээж бай­сан нь нууц биш. Гэхдээ
одоо бодвол байдлыг ойлгосон биз. Тийм хэдий ч Монгол шиг орны хувьд дэлхийд нэр
нөлөөтэй гурав­дагч хөршүүдтэйгээ ойр байж, хамтран ажиллах эх сууриа тавьж байх
нь шатахуу­наараа боодог, хилээ хаадаг чанга хөршүүдтэй Монголын хувьд байн­га бодож
байх асуудал. Хаданд хавчуулагд­сан халиуны зулзага шиг тэр олон эрх ашгуудыг тэнцүү­лэн
байж бодлого шигтгэж, Таван толгойн асуудлаа шийдэх гэж бай­гаа бид­ний монголчуудын
хувьд Энэтхэг бол сонирхол татах кан­дидатын нэг мөн.

Энэтхэгүүд бол манайхаас төмөр, ган,
уран, нүүрс дээр хамт­ран ажиллахын тулд Хятадаар дамжуулаад 1500 км газар төмөр
зам татах боломж бий тухай дур­даж байсан гэдэг. Эс бол Номхон далайгаар тойруулаад
зөөвөрлөх боломж бийг ч хэлдэг хүмүүс. Гэхдээ Хятад бол ганцхан улстай хилийн маргаантай
байдаг нь Энэтхэг.  Тиймээс манай хоёрыг тэгж
эрхлүүлэх нь юу л бол. Энэтхэг, Хятадуудын хувьд Түвдийн өндөр­лөгийн асуудал удаж
байгаа үл ойлголцлын сэдэв. Нөгөө талаас Хятадтай хамгийн урт зайнд буюу 4677 км
хил залгадаг Монгол орон энэтхэгүүдийн анхаарлыг татаж байх талтай.

Энэтхэг манайх хоёр сүүлийн үед шууд
нислэгийн талаар ярилцах болсон нь энэ айлчлалын үеэр яригдаж таарах болов уу. Мэдээж,
шууд нислэг хоёр улсын харилцаанд шууд үр нөлөөгөө өгдөг. Дорнын шашин соёлын ойр
байдалдаа дулдуйдан шууд нислэгийг бий болгоход эргэл мөргөлөөр тийш зорчигчид дуртай
байх биз. Нөгөө талаас Ойрхи Дорнод, Африкийн орныг зори­хоор явахдаа наана нь дэвэн
дэлхийг тэнэдэг бидний зовлон шууд алга болох сайн талтай. Тэгэхээр энэтхэгүүдэд
гэхээсээ манайд ашигтай шууд нислэгийг удахгүй болох айлчла­лаар хөндөх нь чухал.
Мөн Доголон Төмөр хааны ач хүү Бабур хааны байгуулсан Их Мого­лын улсаас гаралтай
энэтхэгүүд Чингэсийн удам монголчуудтай батлан хамгаалах салбарт сүү­лийн үед нэлээд
ойртон ажиллаж байгаа. Тэр сэдэв ч яригдаж таарах биз ээ. Энэтхэг улс сүүлийн жилүү­дэд
АНУ хийгээд Европын холбоо­той эдийн засаг, цэрэг стратегийн салбарт тун ойртон
түншилж бай­гаа. Цөмийн зэвсгийг энхийн зорил­гоор ашиглах гэрээ нь анхаарал татдаг.
Цөмийн зэвсгийн тухайд зургаа дахь де факто улс гэдгээрээ ялгар­даг. Энэтхэгт
1.3 сая цэрэг армид алба хааж байгаа. Манай улаан­баатарчууд тэр чигээрээ гээд бод
л доо. Цэргийн албан хаагчдын тоогоороо тэдний өмнө гишгэх улс дэлхийд хоёрхон л
байгаа. 

Энэтхэг бол манайхны хувьд яах аргагүй
анхаарал хийгээд эрх ашиг татсан гурав дахь хөрш маань билээ. Улс төрд 27 настай­гаасаа
эхлэн 40 жил зүтгэсэн Энэтхэгийн анхны эмэгтэй Ерөн­хий­лөгчөөр тодорсон Пратибха
Девисингх Патил гуай ч нэгийг тунгааж ирж буй биз ээ.

Categories
редакцийн-нийтлэл

Б.ДОЛГИОН: Гавьяат цол авахаар сонин мэдрэмж төрдөг юм байна

Урлагийн гавьяат
зүтгэлтэн Балчинжавын Долгионтой ярилцлаа.

-Түүхт ойнууд дав­хацсан баяр
наадмаар төрөөсөө урлагийн гавь­яат зүтгэлтэн хэмээх том цол хүртлээ. Нийт
уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе?

-Баярлалаа. “Өдрийн сонин”-ы
уншигчдад бас баяр хүргэе.

-Долгион гэдэг нэр Монголын
рок поп ур­лагтай үргэлж хамт хэ­лэгдэж, цуг ирсэн. Хүү­хэд байхдаа “Долгион”
гэж хамтлаг байдаг юм болов уу гэж хүртэл боддог байсан шүү?

-Сониноос “Долгион” гэж хамтлаг
байсан. Хилийн цэргийн хамтлаг. Их сайн хамтлаг байсан шүү.

-Монголын рок по­пын алтан
үеийн хамт­лагуудтай таны нэр зайлшгүй холбогддог?

-Баярлалаа. Яагаад гэвэл Монголын рок поп урлаг рок поп
гэдэг томъёол­лоор, орчин ца­гийн хөгжмийн
утгаар нь яах аргагүй
миний үеийн­хэн анх бий
бол­госон гэж хэлж болно. Миний уна­ган найз, “Соёл-Эрдэнэ”-ийн Гал­санбат
агсан бол Монго­лын рок попын анх­ны гавьяат шүү
дээ. Монго­лын төр анх
удаа гитар­чинд гавьяат цолоо өгсөн юм. Галсанбат маань
хэдийгээр бидэн­тэй­гээ байхгүй
ч гэсэн тэнгэрээс харж байдаг гэдэгт итгэдэг. Найз маань булган сүүл­тэй юм байна. Манай рок
попын гэр бүлд гавьяат
цолт­нууд олон, өнөр болж байна. Одоогоор тэдний
хам­гийн отгон нь би бол­лоо. Тийм учраас миний үеийн
хамтлагуудад тог­лож, зүтгэж
байгаа бид хэд биш, монголчууд, ард түмэн,
рок поп урлагийг сонирхдог залуучууд, үе
үеийнхэн маань мэдэж,
хайрлаж, хүндэлж явд­гийн
нэг илэрхийлэл нь сая надад шагнал өгсөн явдал боллоо гэж ойлгож
байна. Бидний үеийнхэн ерөнхийдөө ахмад үе
рүүгээ орох гэж байна.
Гэхдээ бидний дээд талд алтан үеийнхэн,
рок по­пын үндсийг
тавьсан хү­мүүс минь байгаагүй бол бид нар яаж байх вэ.
1990-ээд оны, залуу үеийн
төлөөлөл болсон та нарын үеийнхэн
бид­нийг ойлгож, мэдэж, сонсч явдагт баярлах ёстой болов уу. Сая шагнал авахад
залуучууд баяр их хүргэх
юм. Энэ юу гэсэн үг вэ
гэхээр рок поп залуу үеийн
урлаг юм. Тийм болохоор бас их баяр­лаж байх шиг байна. Энэ шагнал бол рок по­пын­хонд
урам хайрласан ээл­жит баяр гэж ойлгож байна.

-Тухайн
үеийн эстрад, рок поп урлагийн нэг чухал хэсэг нь пянз байж. Энэ үг яалтгүй
Монголын 1970, 1980-аад оны эстрадынхны тодотгол нь байсан юм шиг ээ. Пянз
гэхээр та нарын үе л сэтгэлд буугаад байдаг юм?

-Рок
поп урлаг нь өөрөө пянзтай яах аргагүй хол­боо­той. Яагаад гэвэл гитар тог­лоод
дуулна. Түүнийгээ ту­хайн явцуу хүрээндээ сонс­гохоос гадна цаашаа олон хүнд
хүргэхийг боддог ийм урлаг. Нөгөөдүүл нь ч сон­сохыг хүсдэг, харилцан бие
биетэйгээ шүтэлцдэгээс ямар нэгэн техникийн хэрэгс­лээр харилцан хүргэхийн тулд
яв­саар өнөөдөр CD, интернэт, Iphone, Ipod бол­лоо. Бидний хүүхэд байхад удаан
тоглогч пянз гэж бай­лаа. Тэр пянзаар рокн рол­лийн хаана Эльвис Преслей,
“Битлз”-ийн дуу хуур тэр үеийн дэлхийн залуу­чуудын толгой тархийг эзэм­дэж,
маш том шуурга болсон. “Битлз”-ийн тэр дөрвөн залуу дэлхийг донсолгосон. Нэг
гариг, ер­төнц дээр байгаа болохоор тэр салхи шуурга Монголыг тойроогүй.

Галсанбатын
том ах Гал­санбаяр ЗХУ-ын Одессей хотноо сурдаг байлаа. Тэр хот далайн боомт
учраас орон орны усан цэргүүд пянз зөөдөг байсан. Пянз Монголд орж ирсэн нэг
суваг нь тэр үеийн оюутнууд юм.

Галсанбаяр
ах бид нарыг суулгаж байгаад  “Битлз”-ийн
дууг пянзаар сонсгосон. Ин­гэж л бид “Битлз” гэдэг пянз­тай танилцаж байсан.
Түү­нээс өмнө сонгодог, дуурийн дуучдын пянзнууд гэрт маань байдаг л байсан.

Тэр
үед энд тэндгүй пянз тархаж байсан. Рок поп нэгэн зэрэг бий болсон. 40, 50
мянгатын давхар, орцтой байрууд ашиглалтад орж нүүдэлчин монголчууд тэнд орсон.
Тэгэхэд л монголчууд орц гэдэг юмтай болж, тэнд хүүхдүүд нь тоглож нааддаг,
гитар тоглож, дуу хуураа бие биендээ сонирхуулдаг байв. Ийм үед Монголын рок
попын нэгэн үе нь явсан. Тэр үе дотор нь би бас явсан гэдгээ­рээ гэрч нь юм.
Монго­лын орчин цагийн хөгжим орцны хөгжмөөс яах аргагүй үүсэл­тэй, холбоотой.
Орцны хөгж­мийг өнөөдөр зарим хү­мүүс үгүйсгэдэг. Тэрийг үгүйс­гэж болохгүй юм.
Тэгэхэд бас л хөгжим явж байсан. Олон нийтийн өмнө дуулж болдог­гүй, хаалттай
хориотой дуу­нуу­даа орцонд л дуулдаг бай­лаа. Нэг ёсондоо орц нь Соё­лын төв
байж. Тэнд хүү­хэд залуус цуглаж хөгжим, мэдээ­лэл хуваалцдаг, со­лилц­дог бай­сан.
Орцны урлаг буюу ба­руунд underground 
гэж бай­даг. Тэр урлаг маань яв­саар байгаад орчин цагийн рок попын
урлаг болчихлоо. Олон мөчир салаа, хэв мая­гаараа хуваагдаад байж байна.

-Монголын
анхны эст­рад рок, поп дуу гэвэл?

-Тухайн
үеийн соёлын яам, удирдлагууд албан ёсоор “Битлз” маягийн хамт­лаг байгуулсан
нь “Соёл-Эрдэнэ”. “Соёл-Эрдэнэ”-ээс рок поп албан ёсоор эхэлж байсан түүхтэй.
Дуу гэж ярих­гүй, хэнээс эхэлсэн бэ гэвэл “Соёл-Эрдэнэ”-ээс гэнэ.

-Та
нарын үеийн хамт­лаг дуучдыг одоо ч ард түмэн хүндэлсээр, дууг нь сонссоор
байдаг. Та бүх­нийг өнөөдөр хүртэл ард түмэн мартаагүй нь рок попын анхдагчид
гэдгээр тань уу, эсвэл дуунуудад тийм шид байна уу?

-Аль
алинд нь байна. Ер нь бол урлаг хожим хойно нь үнэлэгдэж, томъёологдож явдаг.
Би өөрөө дуу зохиож, оролддог хүний хувьд ярихад дээр үед, алтан үеийн хөгж­мийн
бурхад маань үнэхээр аугаа байжээ. Тэр үед дууг Л.Мөрдорж, С.Гончигсумлаа,
Г.Бир­­­ваа, Б.Дамдинсүрэн, Д.Лув­сан­шарав гээд л хуучны мун­даг хүмүүс
баталдаг бай­сан. Эд нар чинь шаардлага их өндөр тавьдаг байж. На­майг анх
дууны горманийг өөрчлөх гэж завсрын өнгө оруулах гэхэд минь хорьсныг нь эргээд
бодоход буруу юм биш бай­жээ. Монголын таван эгшиг, Азийн аялгуугаа хад­гал
гэсэн хатуу шаардлага тавьдаг байж. Тийм болохоор монгол хүнд, чихэнд чимэгтэй
сон­согддог дуунууд нь мөнх бай­даг. Ингэж бас тайлбар­лаж болно. 1990 онд
ардчи­лал эрх чөлөө бий болсноор нэг сайхан бүтэн амьсгалах уур амьсгалтай болж
хүн бүр дуулж хуурдах, зохиох эрх нь нээлттэй болонгуут бүгд л дуу зохионо гэж
байхгүй л байхгүй юу. Үүнээс болж өнөө­дөр зарим дуу урт нас­лахгүй байгаа.

Өөрөөр
хэлбэл үе үеэрээ үнэ цэнэтэй явдаг урлаг шүү дээ. Рок поп маань залуу үеийн,
мөнхийнх. Бидний үеийн дуунууд яваад бай­дагтай адил 1990, 2000-аад оны дуунууд
ч мөнхрөх л болно шүү дээ.

-Та
шагналаа долдугаар сарын 10-ны өглөө төрийн тэргүүнээс авсан. Наадам­тай
давхацсан шагнал ав­сан мөч үгээр хэлэхийн ар­га­­гүй сайхан байсан байх шүү?

-Би ер
нь энэ тухай бодож байгаагүй юм байна. Найзууд маань гавьяат, ардын жүжиг­чин,
төрийн шагнал авахад ордны гадна очоод л, тосоод л, цэцэг өгдөг байсан. Гэтэл
өөрөө авсан чинь бас их сонин мэдрэмж төрдөг юм байна. Намайг төрийн хар хүн
гэж хэлж болно. Төрийн төлөө боож үхдэг оготнуу­дынх нь нэг нь би. Тийм уч­раас
төрт ёсоо хүндэлдэг. Монгол хүн учраас Монголын уламжлал, ёс, ард түмний
амьдрал, бичигдээгүй хуулийг нь дагах ёстой. Төр надад, хүүдээ ийм том шагнал
хайр­лаж байгаа гэдгийг бодоод, тэр том танхимд Ерөн­хий­лөгчтэй гар бариад,
тэмдгийг нь зүүхэд хүн аргагүй баяр­ладаг юм билээ.

Тэгээд
би юу бодсон гэхээр монголчууд бид нар нэгэнт л ийм ёс дэг жаяг байдаг, байгаа
учраас төрт ёсоо хүндэлж, хайрлаж тэр ёсоор нь хандах ёстой юм байна. Тийм
учраас сүртэй байсан, надад. Би одонгоо аваад, цэцэг барьчихсан, Чингэсийн
хөшөөний хажуу­гаар бууж ирэхэд талбайн тал нь хүнээр дүүрчихсэн байсан. Бүгд
уухайлахад ая­гүй сонин санагдсан. Би хэр баргийн юманд сандардаг­гүй.
Телевизээр өдөр болгон л гарч байдаг, ард түмний дунд л явж байдаг ч тэгж
сандарч байсангүй (инээв). Ямар сайндаа буруу шатаар нь буух гэж бүдэрч унахаа
шахаж байхав дээ. Тэр миний сандарч, догдолж байгаагийн л илрэл. Тийм болохоор
энэ бол айхавтар гоё юм байдаг юм байна гэдгийг ойлгосон.

-Наадмаар
тэгвэл хөл хөөр ихтэй байж дээ?

-Тэр
өдрүүдэд миний гар утас шатаж байсан гэж хэлж болно. Би чинь сая өөрийг минь
олон хүн таньдаг юм байна, мэддэг юм байна гэд­гийг бүр онцгой ойлголоо. Над
руу хөдөө орон нутаг, миний таньдаггүй хүмүүс хүр­тэл яриад “Та бол мундаг шүү”
гээд л. Надад их сайхан санагдсан. Сая би өөрөө өөрийгөө дахин шинээр нээ­лээ
шүү дээ. Тийм л юм бол­лоо. Их сонин мэдрэмж төр­дөг юм байна. Фото аппа­ратууд
түм бумаараа гялс, гялсхийгээд л. Хүн ер нь баярлахгүй байна гэж байдаг юм уу.
Их баярласан, дог­долсон. Би чинь нэлээд л их юм үзсэн хүн. Төрт ёсны тэр гоё
уур амьсгалыг сая л анх мэдэрлээ.

-Төрсөн
дүүтэйгээ ур­лагт, нэг салбарт зэрэг­цээд, хамтдаа зүтгээд ява­хад ямар байдаг
вэ?

-Би
сэтгэгдлээ хуваалц­маар байна. Ангирмаа бид хоёрын аав Ч.Балчинжав гэж хүн
байсан. Суу билэгтэй, авьяастай, сайхан дуулдаг, хуурддаг, шүлэг бичдэг, ор­чуулга
хийдэг олон нийтийн зүтгэлтэн байсан. Хуучны, улс төрийн хэлмэгдэл гээд дэмий
юм байдаг байлаа шүү дээ. Аав маань тийм асууд­лаар ороод уран бүтээл туур­вих талаасаа
хаагдаж бай­сан. Тэгээд энэ хорвоогоос “Алтан гадас” одон ч авч чадалгүй
хальсан даа.

Энэ
жил миний дүү Б.Ан­гирмаа Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржоос “Алтан гадас” одон авлаа,
би сая гавьяат цолыг нь авав. Тэгээд би бодож байсан юм. Аавынхаа авч чадаагүй
шагналыг нь бид хоёр авч байгаа юм байна даа гэж. Хамгийн нандинаар хэлэ­хэд
ийм сэтгэгдэл төрсөн. Урлагийн салбарт бол миний дүү танигдчихсан, олны та­нил
хүн. Тэр өчүүхэн жаахан авь­яасыг аав ээж минь би­дэнд өгөөгүйсэн бол юу гэж
бид хоёр ингэж шагнал авах вэ дээ гэдэг ийм энгийн бо­ловчиг хамгийн хялбар ойл­гохуйц
сэтгэгдэл, мэдрэмж төрсөн.

-Б.Ангирмаагийн
зан байдлын талаар хүмүүс ярихдаа тантай харьцуулах их дуртай байдаг юм.

-Миний
дүү их хэрсүү. Багадаа өнчирсөн болохоор тусгаар тогтносон, хэнээс ч
шалтгаалахгүй, автахгүй тийм зан чанартай. Дүүгээс минь хүмүүс эмээдэг тал бай­даг
юм билээ (инээв). Миний дүү хатуу. Их шулуун шударга болохоор зарим талаараа
хүмүүсийг үргээдэг тал бий. Тийм ч учраас “Киви” хамтлаг ийм амжилттай ч явдаг
байх. Би чинь дүүгээ хэр баргийн юман дээр магтдаггүй. Өөрийнх нь дэргэд ийм юм
ярьдаггүй. Ерөнхийдөө чанга талдаа ах нь байдаг. Надаас ч эмээдэг. Гэхдээ
хараад байхад продюссерыг жинхэ­нэ утгаар нь хийж чадаж бай­гаа. Хүнд хараалган
зүхүүлэн байгаа ч гэсэн тэр хамтлаг амжилттай явж, үлгэр жишээ болж байна.

Яг
тулаад харьцвал дүү минь зөөлөн сайхан сэтгэл­тэй. Ахынхаа төлөө дүү ямар
сэтгэлтэй байдаг вэ. Яг л тийм байдаг юм. Сая надад гавьяат цол олгох талаар
хөөцөлдөхөд их үүрэг гүй­цэтгэсэн юм билээ. Би өөрийгөө ийм шагнал авах гэж
байгаагаа ерөөсөө мэ­дээгүй. Дүүгийн хувьд ахыгаа бодож л явдаг юм байна
гэдгийг ойлголоо. Тэр бол мэдээжийн хэрэг.

-Б.Ангирмаа
жинсэн хүрэм өмсөөд, гитар барин “Намайг Ангирмаа гэдэг” хэмээн дуулж
байснаараа хүмүүсийн сэтгэлд илүү дотно байдаг?

-Тэр
үед бол үнэхээр өөр сонин байж чадсан. Гэнэт л “Намайг Ангирмаа гэдэг” гээд
дуулаад эхлэхээр хүмүүс энэ чинь одоо юу болчихов гэсэн маягтай хандаж байсан.
Би тэр үед битүүхэндээ алга та­шаад дэмжиж л байсан. Уран бүтээл талаасаа анхны
цомог нь их мундаг болсон байдаг.

-Улсын
наадам болоод өнгөрсөн ч аймгуудын наа­дам залгах нь. Та наадмаар хаагуур
баярлав. Наадмын сониноосоо сонирхуулбал?

-Монголчууд
бидэнд нэг сайхан уламжлал байна аа. Нутгархацгаагаад л. Аавын­хаараа бол би
чинь Архан­гайн уугуул шүү дээ. Би хотод төрсөн ч аав минь Архан­гайнх.
Г.Өсөхбаяр аварга бол манай холын садангийн хүн. Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба
хоёрын төлөө би айхавтар их балиашигласан. Даанч тийм­хэн юм болсон. Их гонсгор
үлд­сэн. Нуугаад яах вэ. Нөгөө талаас цоо шинэ аварга гарч ирнэ гэдэг бол бас
гоё. Рок хөгжим шиг. Рок хөгжим нь шинэ юм эрэлхийлж, тэсрэлт болж гарч ирдэг.
Тэр утгаа­раа гоё рок наадам болсон.

-Ямар
нэгэн хүндэтгэ­лийн тоглолт язгуур урла­гаар эхлээд, дараа нь ний­тийн дуугаар
үргэлжилж, сүүлд нь рок поп гэсэн дарааллаар яваад байдаг?

-Зөв л
дөө. Уламжлалаа бодвол. Би ингэж боддог юм. Төр, улс сонгодог, язгуур урлагтаа
анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж байх ёстой. Харин рок поп урлаг бол
өөрөө хөгжөөд явчихдаг. За­луу хүн өөрөө байгаа уч­раас төрийн дэмжлэг энэ тэр
гэх­гүйгээр эрх чөлөөтэйгээр явдаг.

Сонгодог
урлагтаа хөрөн­гө оруулалт хийх хэрэгтэй. Сая Чайковскийн нэрэмжит уралдаанд
Э.Амартүвшин мөнгөн медаль авсан. Спор­тоор бол олимпийн мөнгөн медаль.
Э.Амартүвшин над­тай хамт гавьяат авлаа шүү дээ. Би өөрөөсөө түрүүлээд түүнийг
бодоод байсан. 24-хөн настай залуу. Улс нь сонгодог, язгуур урлагаа дэмж­дэг
байх ёстой. Тэгвэл их гоё болно. Харин хажууд нь рок поп өөрийнхөөрөө хөг­жөөд
л байж байна.

-Та
бүхэн насаараа л “Битлз”-ийг ярьж, дууг нь дуулах юм. Тэд чинь аль хэдийнэ үеэ
өнгөрөө­чих­сөн, домог болсон хүмүүс. Тэдний дуунаас уйддаггүй юм уу?

-(Инээв).
Энэ чинь цаанаа асар их өөр агуулгатай юм. “Битлз” чинь өөрөө өнөөд­рийн орчин
цагийн хөгжмийн урсгалуудын суурийг тавь­сан. Дэлхийн бүхий л рок хамт­лагаар
дамжуулж “Битлз” чинь өөрийгөө байгаа 
шүү гэдгээ мэдрүүлээд байгаа юм.

Би
одоо үндэсний хөгж­мөөр “Битлз”-ийн дуунуудыг тоглуулах төсөл дээр ажил­лаж
байна. “Жонон” хамт­лагийнхан дуу болгоныг нь шинээр нээгээд байгаа байх­гүй
юу. Энэ төслийг Ерөнхий сайд асан С.Баяр санаа­чилсан юм. Их гоё санаа.

-Улаанбаатарт
“Битлз” хамтлагийн хөшөөг бос­госон. Энэ хөшөөнд амьд хөгжим сонирхогч залуус
тусгайлан очиж хүндэтгэл үзүүлдэг өдрүүдтэй юм болов уу?

-Очдог
гэсэн. Тэр хөшөөн дээр хүмүүс юм бичээд эрээ­чээд сараачаад аймаар бол­гочихдог
юм. Тэгээд бид биш, залуус очоод цэвэрлэчихдэг гээд л бод доо. Хоёр удаа
тэгсэн. Хөшөө цэвэрлээд арч­чихдаг залуусыг олох гээд тэр хавийнхнаас асуусан
чинь “Хэдэн залуус ирээд л цэвэр­лэчихдэг” гэж байв.

 Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Улсын арслан Г.Эрхэмбаяр: Арслан гэж дуудахаар чихэнд хоногшоогүй ч юм уу, дасч өгөхгүй юм

Улсын баяр наадамд амжилттай барилдаж
цол нэмсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа “Хүч”, “Сүлд”,
“Хилчин” спорт хорооны бөхчүүдийг сайд Ц.Нямдорж уржигдар хүлээн авч
шагнал гардуулав.
16.20 цагаас уг ёслол болно гэсний дагуу
сурвалжлагч, гэрэл зурагчин, бөхчүүд товлосноос түрүүлж ирээд яамны
үүдэнд баахан зогсоцгоолоо. Довжоон дээр зогссон Г.Эрхэмбаяр,
С.Батсуурь, А.Цацавшир нарын зургаа, долоон бөхчүүд хоорондоо саяын
наадмын тавын давааны талаар хэсэг ярилцана. Тэгснээ нэгнээсээ нойтон
сальфетик асууж “Гараа арчих гэсэн юм” гэцгээнэ. Бас тэгш ойтой
аймгуудын наадам хэдийд болох тухай бие биендээ сонирхуулна. “Манай
аймгийн наадам удахгүй болно. Нутгийнхаа наадмыг үзнэ ээ”, “Би аль
аймгууд руу явдаг юм билээ дээ”, “Надтай цуг явах уу” хэмээцгээх.

Хэсэг хугацааны дараа яамны гурван
давхарт байх уулзалтын өрөөнд орцгоов. Уг нь гайгүй цэлгэр өрөө ч
Г.Эрхэмбаяр, Ш.Жаргалсайхан, С.Батсуурь, Ч.Цогбаяр, А.Цацавшир нарын
арваад бөхчүүдийг ороод ирэхээр дүүрээд явчихав. Хөл тавих зайгүй шахам
чихцэлдэнэ.

17.10 цаг болж байхад уг ёслолыг зохион
байгуулагчид бөхчүүдээс С.Мөнхбат аварга, Ж.Бат-Эрдэнэ нарын утас
шөрмөсийг авч ирж байгаа эсэхийг нь лавлана. Тэгснээ “Ингэхэд энэ хоёр
маань Хууль зүйн яам хаана байгааг мэдэхгүй байгаа юм биш биз?” гэвэл
нэг нь “Энүүхэнд ойрхон явж байна гэнэ. Түгжрэлд зогсч байгаа юм байх”
гэсэн чинь “Машинаасаа буугаад гүйгээд ир” гэлээ.

Тэгж, тэгж хүлээлгэсэн зочид ирлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд улсын баяр наадмаар салбарынх нь бөхчүүд
амжилттай барилдаж аварга, арслан, заан гээд л бараг бүгд цолыг авсанд
талархаад амжилт хүсэв. Мөн “Энэ жилээс наадмын бай шагнал нэмэгдсэн.
Түрүүлсэн бөх 15 сая төгрөг хүртсэн. Үзүүрлэсэн, шөвгөрсөн хоёр бөх ч
чамгүй мөнгөтэй болсон. Манай бөхчүүд түрүүлж, үзүүрлэж шөвгөрч тэдгээр
шагналуудыг авсан нь нэг талаар азтай хэрэг” хэмээгээд амжилт гаргасан
бөхчүүдэд шагнал гардууллаа. Улсын аварга С.Мөнхбатад дөрөв, улсын
арслан Г.Эрхэмбаярт гурав, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарт тус бүрт нь
хоёр өрөө байрны эрхийн бичиг өгөв. Харин бусад бөхчүүдийг сарын
цалингаар шагнасан юм. Ц.Нямдорж сайд “Энэ бөхчүүд чинь цагдаагийн
хувцас өмсчихөөрөө танигдахгүй юм гээч. Хэн хэн сууж байгааг сайн
анзаарсангүй шүү” гэлээ. Уг ёслолд оролцох ёстой байсан зарим бөх нутаг
нутгийн зүг хүлгийн жолоо татсан гэсэн. Ж.Чулуунбат харин чөлөөт бөхийн
дэлхийн аваргын бэлтгэлээ базаахаар Москваг зорьжээ.

Ёслолын дараа бөхчүүд ярилцлага өгөхөөс
татгалзаж бараг зугтах шахуу гараад явцгаав. Улсын арслан Г.Эрхэмбаярыг
харин сэтгүүлчид “барьж” авлаа.

-Юуны өмнө ардын хувьсгалын 90 жилийн ой
болоод өнгөрсөн ч ард түмэндээ сайхан ойн баярын мэндийг хүргэе. Олон
жил хүсч мөрөөдөж байсан цолоосоо давуулан энэ сайхан цолыг авлаа.
Намайг дэмжиж, түшиж тулж явдаг бүх хүмүүстээ баярлаж талархаж байгаагаа
илэрхийлье.

-Хүсч мөрөөдөж байсан цол тань юу вэ?

-Би 2003 онд улсын начин цол хүртсэн.
Түүнээс хойш үеийнхэн маань улсын харцага, заан болцгоочихоор нь дотроо
“Улсын заан болчих юмсан” гэсэн горьдлого тээж явлаа. Тэр хүсэл,
мөрөөдөл маань олон жилийн хөдөлмөрийн үр шим, олон түмний минь сэтгэл
зүрхний хүчээр биелсэнд баяртай байна.

-Та бөх сонирхогчдынхоо сэтгэлд
Г.Эрхэмбаяр начин гэдгээрээ л буугаад арслан гэхээр дасч өгөхгүй байх
шиг. Шинэ цолондоо хэр дасч байна вэ?

-Одоохондоо “Арслан” гэж дуудахаар
чихэнд хоногшоогүй ч юм уу, дасч өгөхгүй юм. “Начин” гэхээр л эргэж
харах маягтай байна шүү дээ.

-Наадмын бэлтгэлээ ямар бөхчүүдтэй хийсэн бэ?

-Би “Сүлд” спорт хороонд ороод жил гаруй
болж байна. Улсын арслан Х.Мөнхбаатар, Б.Сайнбаяр, Л.Пүрэвжав харцага
болон олон сайхан аймгийн арслангуудтай гал болж гарсан. Тэдэнтэйгээ
бэлтгэл хийж, өгсөн зөвлөмж, зөвлөгөө нь маш их үнэ цэнэтэй байлаа. Тийм
болохоор “Сүлд”-ийн тамирчин, бөхчүүддээ энэ өдрийн халуун мэндийг
хүргэе.

-Олон аймгийн тэгш ойн баярууд болох гэж байна. Та аль аймгийн наадамд зодоглох вэ?

-Сэлэнгэ аймгийн маань 80 жилийн ой долдугаар сарын 21, 22-нд тохиож байгаа. Тийшээ л явна.

-Та үндэсний бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-14 дэх жилдээ барилдаж байна. Харин улсын наадамд арав дахиа зодоглоод энэ сайхан цолонд хүрсэндээ баяртай байна.

-Та наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглосон бөх хүний хувьд энэ жилийн наадмын барилдааныг дүгнэвэл…

-Өнгөрсөн жилийн баяр наадмаас хойш л
бөхчүүд 90 жилийн ойн бэлтгэлдээ орцгоосон. Бөхчүүд бүгд л сайн бэлдсэн.
Тэдэн дундаас сайн барилдсандаа өөртөө баярлаад л байгаа.

-Үндэсний бөхөд шинэ үе гарч ирлээ. Энэ талаар таны бодлыг сонсъё. Ширүүхэн өрсөлдөгчид гэвэл хэн хэнийг нэрлэх вэ?

-Бүгдээр л сайн байгаа. Муу бөх гэж байхгүй болсон. Бүгдийнх нь бэлтгэл, сургуулилт сайн байна.

-Та барилдааны өмнө өөртөө хэр
итгэлтэй байсан бэ. Наадмын өглөө сэтгэл ямар байв. Өөрийгөө өндөр
цолонд хүрнэ гэдгийг ямар нэгэн байдлаар мэдэрч байв уу?

-Би чинь одоо залуу хүүхэд биш. Арван
жил улсын наадамд барилдлаа. Багш, дасгалжуулагчид маань зөвлөгөө өгч,
барилдахад бүгд л тусалж байсан. Түүнээс биш би өөрийгөө тэд давна
гэдгийг мэддэг үзмэрч биш, яаж мэдэхэв.

-Танд бөхийн эрдмийг хэн анхлан заав?

-Гуравдугаар ангидаа бөхийн секцэнд явж
байгаад хэсэг завсарласан. Тэгээд 1997 онд Д.Цэнд-Аюуш заан бөхийн
гарааг минь эхлүүлж Х.Мөнхбат аваргын сургуульд оруулж байсан.

-Таны удамд бөхчүүд байдаг уу?

-Өө, байлгүй яахав. Аав маань сумын
заан, самбо бөхийн спортын мастер. Харин ээжийн маань талд улсын заан
Баярсайхан байна. Ээжийн минь төрсөн дүү аймгийн арслан Эрдэнэбулган гэж
нэг хүн байж байгаад бурхан болсон, Ийм л бөхийн удамтай хүн байна даа.

-Танд түрүүлэх боломж хэр байсан бэ. Наадамчид таныг жаахан яарч барилдчихлаа гэж байсан?

-Улсын арслан гэдэг эрхэм хүндтэй цолыг
энгэртээ зүүчихээд жаахан яарч сандраад барилдчихсан. Тийм нэг муу тал
байгаа. Гэхдээ С.Мөнхбат маань арай илүү хөдөлмөрлөж. С.Мөнхбатдаа энэ
дашрамд аварга болсонд нь баяр хүргэе.

-Цолонд ханана гэдэг шүү дээ. Тэгээд яарчихсан юм биш биздээ?

-За даа, бараг тийм гэх үү дээ гэсээр гүйгээд явчихав.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

АРДЫН НАМ Дээд шүүхийг шүүж байна

Ардын нам Дээд шүү­хэд бичиг хүргүүлжээ. Гомд­сон,
туньсан, дарам­талсан, нөлөөлөх гэсэн, шүүх гэсэн алин боловч Дээд шүүхийн өөдөөс
ийн­хүү авирлаж байгаа нь МАН-ынхны ёс бус үйлдэл юм. Намын Хянал­тын ерөнхий хо­роо­ны
дарга Л.Дондог, Ёс зүйн хорооны  дарга Н.Ца­гаан­хүү
нарыг но­хойд барьдаг мод гэгчээр Дээд шүүхийн өмнөөс за­раа­лаар тавьжээ. Най­ман
зүйл бү­хий уг гомд­лын гол агуулга нь МАХН гэдэг нэрийг Н.Энх­бая­рын толгойлж
буй намд өгсөн нь МАН-д таалаг­даагүй төдийгүй Дээд шүү­хийг алдаа гар­гасан гэж
үзсэнд байгаа юм.  Тэдний энэ үйлдэл нь  Дээд шүүхийг 
МАН-ын  хараат байх ёстой гэж үзэж
байгаатай адил юм.   

Уг нь орчин үед нэр эзэмших  хоёрхон жишиг 
байдаг. Эхнийх нь улс орон үндэстний нэр ямар ч хуульгүйгээр өвлөгддөг. Нөгөөх
нь хуулиар батал­гаажсан нэр тухайн субъек­тэд өмчлөгдөнө. Дээд шүү­хийн бүртгэс­нээр
эрх баригч нам МАН гэсэн албан ёсны нэртэй. Тус намд МАХН  гэсэн хуулиар батал­гаажсан нэр алга. Энэ нь МАХН
гэсэн нэр МАН-д хамаа­рахгүй гэсэн үг юм. На­муудын хуучин, шинэ  нэр­ний маргаан нь тө­рийн тогтол­цоонд нө­лөөлж
эхэлж байна.

Энэ нь хуучин нам ноёрхдог тогтолцоо руугаа орж
байгаа мэт сэтгэгдлийг гадныханд төрүүлээд эхэлчихлээ.

1990 оноос өмнө нам нь төрийн толгой дээр байсан
үе бий. Тэгэхэд ард түмэн төрөө нам засаг гэж үздэг байв. Анхны ардчилсан сон­гуулиар
төр намын дээр анх удаа гарсан.  Гэтэл
1992 онд засгийн эрхэнд МАХН (одоогийн МАН) урьдын адил дангаар ноёрхсон билээ.
Энэ үед иргэд, хэвлэл мэдээллүүд дахин нам засгаа магтан дуулах нь сэдэрсэн. Яг
тэр үед нэгэн улстөрч “Төр засаг нам засгаар солигдлоо” гэж хэлж бай­лаа. Хэдийгээр  МАХН (одоогийн МАН) үнэмлэхүй олон байсан ч шүүх
засаглал, хууль хүчний бай­гууллагад өнөөгийнх шиг хүчтэй нөлөөлж байгаагүй.
2008 оны сонгуулиар сонгуулийн дүнг  эсэр­гүүцсэн
үймээний амиа алдсан таван хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт  эрх баригч нам өнөөг хүртэл хариуцлага хүлээгээгүй.
Түүгээр ч зогсохгүй амь үрэгдэгсдийн нэг Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаярыг өнөөдөр
хорьчихож байна.  Ингэж хүчний байгууллагад
эрх баригчид нөлөөлөөд зогсохгүй шүүхийн хараат бус эрхэнд халдаж эхэллээ.

Энэ нь Үндсэн хуулийг ноцтой­гоор зөрчиж буй хэрэг
юм. Хуульч Б.Чимэд гуайн хэлснээр хууль бат­лагдахаас өмнө хэн ч шүүмжилж эсэргүүцэх
эрхтэй. Батлагдсан хуулийг  хэн ч, тэр тусмаа
эрх бариг­чид үг дуугүй даган мөрдөх ёстой. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хэн нэгэн
иргэн,  аль нэгэн намд  таалагдахгүй байхаас  үл хамааран 
шийдвэрийг хүлээн зөвшөөрөх учиртай. МАН-ын өнөө­гийн авир­лаж байгаа байдал
нь нийгэмд хуу­лийг үл хүндэтгэх үз­лийг дэврээгээд зогсохгүй  хойч үед 
хуулийг улан­даа гишгэх сэтгэлгээ бий болгож байна. Иймээс ч сүү­лийн үед
насанд  хүрээгүй хүүхдүүд буюу өсвөр насныхан
онц жиг­шүүртэй гэмт хэрэг үйлдэх нь  ихэс­лээ.

Хэдэн жилийн өмнө  эрх баригч намын ивээлд багтаж байсан Ц.Тү­мэнгэрэл
хадгаламж зээлийн хор­шооны хэргийг шалгахыг оролдсон төрийн албан хаагчийг ажлын
байранд амийг нь егүүтгэсэн хэрэг гарч байсан. Бас нэг анхаа­рал  татах баримт бол Солонгост ажиллаж байгаа монгол
иргэдээс “Эх орондоо очоод ямар ажил хийх вэ” гэсэн асуултанд цөөнгүй иргэд “Төрийн
албанд ажиллах сонир­холтой”-гоо ярьсан саяхны нэг судалгаа байна. Монголд бизнес
хийх хангалттай орчин бий. Харам­салтай нь ихэнх бизнес эрх баригч намын эрхшээлд
орсон тул залуус төрд шургалж эрх баригчдын ивээ­лээр хөрөнгөжих сонирхолтой бол­жээ.
Тэд шүүхээс бус намаас айдаг болж байна. Намд шургалбал ам­жил­тад хүрнэ гэж бас
боддог бол­жээ.   

Өнөөдөр БНАСАУ, Куба, Вене­суэл зэрэг орон шүүх
эрх мэдлийг  аль нэгэн намд,  хэн нэгэн даран­гуйлагчид төвлөрүүлж байна. Үр
дүнд  нь ядуурал, гэмт хэрэг, өвчлөл ихэсч
байна. А.Гитлер ч 1933 онд  сонгуулиар гарч
ирсэн бөгөөд түүний намын дэргэдэх байгуул­лагууд төр засгийн хяналтыг ааж­маар
өөртөө төвлөрүүлснээр дэл­хийн хамгийн цуст дайныг өдөөсөн яргын машин бий болсон.     

Энэ нь шүүх эрх мэдэлд халдах нь тухайн орноор
зогсохгүй хүн төрөлхтөнд ямар их гай учруулд­гийн хамгийн том жишээ. Манай эрх баригч
намын дарга   хэдийгээр дэлхийн дайн өдөөж
чадахгүй ч шүүхийн хараат бус байдлыг алдаг­дуулах нь Монголын хөгж­лийг ухраагаад
зогсохгүй улс  оронд таамаглашгүй ноцтой үр
дагавар авчирч болох юм. Шүүхийн хараат бус байдал алдагдах нь  дийлдэхгүй даамжирч байгаа өнөө­гийн их авлигыг
төгөлдөршүүлээд зогсохгүй мөнгөтэй, эрх мэдэлтэй бүхэн шүүхийг эрхшээлдээ оруулах
боломж бүрдүүлнэ. Өнөөдөр на­мын хянан шалгах байгууллага шүүхэд нөлөөлсөн тохиолдолд
маргааш тухайн намын өндөр албан тушаалтан дээрх эрхийг эдлэх болно. Энэ нь тухайн
намын  гишүүн бүр өөр өөрийн шатандаа хуулийг
зөрчөөд намын ивээлд багтах боломж бүрдүүлж билээ.

Тэгэхээр 
Дээд шүүхийг шүүж,  маяглаж байгаа
МАН-ыг дараахь үндэслэлээр татан буулгаж, 
хөрөн­гийг нь хураах цаг нь болжээ. Үүнд: Ард түмэнд мөнгө амлаж гарч ирээд
амласнаа биелүүлж чадах­гүй байгаа. Мөн таван иргэнээ буудан амь насыг нь бүрэлгэсэн,    сонгуулийн будлиан хутгаж төрийн эрхийг удаа
дараа хууль бусаар авч амташсан, Удирдах зөвлөл нь парламентын үйл ажиллагааг зог­соож
зүрхэлж байгаа зэрэг нь энэ намыг татан буулгах хангалттай баримт биш гэж үү. Ингэж
татан буулгаж чадахгүй бол Дээд шүүх өөрөө энэ намд залгигдаж байхгүй болох аюул
отож байна.

МАН хэмээх эрээгээ алдсан энэ нам 1921 онд байгуулагдсан
гэдэг. Анх байгуулсан улсууд нь цаг бусаар амиа алдсан байдаг. МАХН гэдэг нь булаацалдаад
байх нэр мөн үү,  биш үү гэдэг нь маргаан­тай.
Учир нь манай нийтлэлч  Г.Даш­рэнцэнгийн баримттай
өгүүлс­­нээр Монгол ардын нам гэдэг нь Монголд байгуулагдсан нам байдаг. Харин МАХН
гэдэг нь Оросын Большевик намын Мон­голд ноёрхлоо тогтоох зорилгоор МАН дотор байгуулсан
нам гэсэн. Дээр нь  ерэн жилийн турш  монгол­чуудын хөлс хөдөлмөрөөр бий болсон баялаг
дээр амьдарсаар ирсэн. МАХН-ын (МАН-ын) ша­таагд­сан байр нь ОХУ-д төлөх их өр дотор
тооцогдож, түүнийг нь Монголын ард түмэн төлсөн гэдэг нь маргашгүй үнэн. Энэ нь
уг  намын угсаа гарвалаас гадна өмч хөрөнгө
нь хэнийх вэ гэдэг асуулт тавихад хүргэж байна. 

Одоогийн МАН-ын Дээд шүүх рүү халдаж байгаатай
адил хэрэг 1990 онд хойд хөршид гарч байсан түүх бий. Тухайн үеийн ЗХУ-ын  коммунист нам энэ үйлдлээсээ болж тарж бутраад
зогсохгүй соц лагерийн толгойлогч ЗХУ хэмээх коммунист гүрнийг газрын хөрс­нөөс
арчсан. ОХУ-ын  Ерөнхийлөгч Борис Ельцин ЗХУ-ын
коммунист намыг тараагаад зогсохгүй өмчийг нь юу ч үгүй хураасан. Ингэснээр хүнд
үед ЗХУ-ын  коммунист намын асар их хөрөнгө
Оросын төрийн мэдлийнх болсон юм. Өнөөгийн Оро­сын коммунист нам бол өчигдөрхөн
байгуулагдсан ямар ч жижиг на­маас илүү эрх, өмчийн давуу бай­далгүйгээр улс төрийн
үйл ажил­лагаа явуулж байна. Ин­гэлээ гээд ОХУ-ын коммунист нам дордсон зүйлгүй.
Тэд сүүлийн хориод жи­лийн турш хүн амын 30 хувийн дэмжлэгийг хүлээсээр бай­гаа
би­лээ. Энэ нь харин шударга ёсонд  нийцэж
байгаа юм. Учир нь тэдний гарал үүсэл тодорхойгоос гадна үзэл  баримтлал өмч хөрөнгө нь цэвэр намын үйл ажиллагааны
үр дүн гэж харагдаж байна. Харин манай эрх баригч МАН үүсэл гарал нь тодорхойгүйгээс
гадна үзэл баримтлал, өмч хөрөнгө нь ч  хэ­нийх
гэдэг нь өнөөг хүртэл тодорхой биш.

Энэ нөхцөл нь манай улс төрийн намуудыг татан
буулгаж шинээр бүртгэх шаардлагатайг баталж байна.  Ингэхийн тулд намуудын бүх хөрөнгө ялангуяа төрөөс
намд шилжсэн хөрөн­гүү­дийг дуудлага худалдаагаар оруу­лах хэлбэрээр төр өмчөө эргүүлэн
татах ёстой. Хоёрдугаарт, намуу­дын гарал үүсэл, түүхэн замнал үзэл баримтлалыг
Дээд шүүхээр хэлэлцэж бүртгэх нь шударга ёсонд нийцэх юм. Тухайлбал 70 жил Оросын
хараат байсан түүх, их яргын жилүүд, долдугаар сарын нэгний үймээн гэх мэтийн эцсийн
шийдвэрийг гаргаж, хэн хариуц­лага хүлээх вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай.
Ингэснээр өнөө­гийн булаацалдаад байгаа МАХН нэр бүү хэл өнөөгийн эрх бариад байгаа
МАН гэдэг нэр ч жигшмээр зүйл  болох юм.

Өнөөдөр намын байр нь  20,  30
давхраараа сүндэрлэж байна. Хуулиар бол энэ барилгын тоосго бүрийн хандивлагч олон
түмэнд зарлагдсан байх учиртай. Харин МАН-ын барьсан барилга хэний ямар хөрөнгөөр
боссон тухай асуултад намын удирдлага “намын гишүүдийн хандив”  гэж ам таглас­наас өөр мэдээлэл алга. Энэ бай­дал
нь ирэх УИХ-ын сонгуульд намын  байрны санхүүжүүлэгчид
нь нэр дэвших нууц хуйвалдаан явагдаж байна гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлнэ.
Хэрэв эрх баригч нам нь ийм байдалтай байгаа үед Монголын ирээдүй авлига, ажилгүйдэл,
гэмт хэрэг,  өвчлөлөөс ойрын ирээдүйд салах­гүй
гэдгийг баталж байна. Энэ тохиолдолд МАН хэмээх төр сүй­рүү­лэх машинаас салах  арга бий. Эхний ээлжинд Дээд шүүх шийд­вэр гаргаж
намуудын шинэчилсэн бүртгэлийг ерэн настай, ер хоног­той гэж ялгаварлалгүйгээр шинэч­лэн
бүртгэх,  эсвэл удам угсаа, өмч хөрөнгө нь
тодорхойгүй намуудын төлөө сонгогчид саналаа өгөхөөс татгалзах гарц байж болох юм.
Эдгээрийг  хэрэгжүүлэхэд Үндсэн хууль болон
аливаа хуулинд өөрч­лөлт оруулах гэх мэтийн шалтгаан тоочих шаардлагагүй. Хүсвэл
ирэх сонгуулиас өмнө үүнийг хийж болно шүү дээ. Ингэснээр МоАХ-ны  анхны удирдагч С.Зориг агсны хэлснээр төр, нам,
бүлэглэл, ху­вийн эрх ашгийн эрэмбэ тогтох болно.

Ер нь нэг албан ёсны,
нэг өмнөх үеийн нэртэй явна гэж зүтгээд байгаа МАН-ын үйлдэл нь  эхнэрээ “хэрэггүй” гэж хаячихаад хүнтэй суух болохоор
нь “минийх” гэж өмчлөөд байгаатай  л адил
утгатай юм даа.

Categories
редакцийн-нийтлэл

Шинэ Монголын сэргэн мандалтын АНХНЫ НААДАМ

БОГДЫН ХУВЦАС

ЯМАР БАЙВ

 

Төрийн наадмаар Богд хаан ямар
хувцастай байна ард түмэн тэр жилдээ тийм өнгөтэй байдаг гэлцдэг ээ. Уг ойлголт
мэдээж Богдын үед байсан хэрэг шүү дээ. Өвгөд хөгшдийн ярианаас л  үүдэн дээрх тодорхойлолтыг хэлж байна. Ер нь
төр засгийг удирдан залж яваа эрхмийн наадмын гоёл ёс зүйн хувьд ч тэр, бэлгэ
дэмбэрэл талаасаа бодсон ч тэр ард иргэ­дийнхээ ахуй амьдралтай ямар нэгэн
байдлаар нягт холбогддог ажээ.

Богдын үед байсан тэрхүү уламжлал
энэ цаг үед ч хамаарч байгаа билээ. Үүний тод илрэл нь манай үе үеийн
Ерөнхийлөгч на­рын наадмаар гоёдог дээл, малгай юм. Төрийн наадмын нээлтийг
үзэж баясахаасаа илүү төрийн тэргүү­нийхээ дээл хувцас, малгай бүсийг сонжих
гэж нэг хэсэг нь Төв цэнгэл­дэхэд цугладаг. Тийм нэг бичиг­дээгүй хууль хэдийнэ
бий болжээ. Хэвлэл мэдээллийнхэн бол бүр ч гярхай харж, нарийн гэгч нь ажиг­лана
шүү дээ. Жаахан зохимжгүй санагдах аваас шүүмжлээд эхэлнэ. Ямар сайндаа Манжийн
амбаны малгай, урт шар дээл, алтан малгай, Сүбээдэй малгай гэсэн нэр хоч зүүж,
зарим нэг нь хааны сэнтийгээс буухдаа уг нэртэйгээ л үлдэж байхав.

Үнэндээ ч Богд нь (төрийн
тэргүүнээ ийн нэрийдэж байна) арван саяын алтан малгай чи­хэлдүүлж ард олон
арван юанийн ч үнэгүй, Эрээнээс бөөндөж ав­чир­сан нэг муу кепикээр гангарч бай­сан
цаг саяхан юм аа.

Тэр үед төр засгийн удирд­лагууд
нь ардчилал энэ тэр гэж ярьдаггүй, ардчилсан үзэлтэй хүмүүс ад болж байсан үе.
Мон­голын эдийн засаг, нэр хүнд элгээрээ хэвтчихсэн, манай улс дэлхийн хамгийн
ядуу орнуудын тоонд орж байлаа. Амьдрал ийм байхад Ерөнхийлөгч нь алтан малгай
толгой дээрээ тавьж, ард түмнээрээ тохуу хийгээд урт шар дээлтэй ёстой л нөгөө
Манжийн амбан шиг залардаг байлаа шүү дээ, бурхан минь.

Тэгвэл олон түүхт ой давхацсан
өнөө жилийн наадмыг нээсэн ардчилсан Ерөнхийлөгчийн дээл хувцас, малгай ямар
байв аа. Маш товчхоноор тайлбарлах юм бол энгийн байлаа. “Ерөнхийлөгч маань
ямар энгийн сайхан хараг­даж байна аа” гэх ард олны яриа­наас үүдээд нэгэн
тодорхойлолтыг хэлж болохоор. Тэр нь юу вэ гэхээр эгэл ардын Ерөнхийлөгчийн
гоёл хүртэл энгийн байдаг юм байна гэх ойлголт. Олон түүхт ой давхацсан ерэн жилийн
наадмын онцлог ерөөсөө л бүх зүйл энгийн хийгээд утга төгөлдөр байсанд оршиж
байна.

Өнөөдөр Монгол Улс дэлхийн баян
орнуудын нэгд зүй ёсоор тооцогдож байгаа. Газар доорхи ашигт малтмалын
баялгаараа тэр. Энэ бүгдээс харахаар Ерөнхий­лөгчөөсөө аваад хүн бүр сүржин
загнавал загнахаар л байгаа юм. Бараг л алтан малгай духдуулаад явж байхад
гайхахааргүй баян улс болсон биз дээ. Гэтэл тэгсэнгүй. Амьдрал энгийн байх
тусмаа сайхан гэдэг шиг ардчилсан Ерөн­хийлөгчийн наадмын гоёлоос аваад бүх
зүйл энгийн болдог байна шүү.

Ийнхүү ардчилсан төрийн тэр­гүүн
маань эгэл даруу хувцаслаж, төрт ёсныхоо наадмыг нээснээр Монголын ард түмэнд
амар амгалан амьдралын үүд хаалгыг нээж, цаашид юм бүхэн элбэг дэлбэг байж
өөдлөн өргөжих, дэвжин дээшлэхийн бэлгэ ерөө­лийг агууллаа. Үүний төлөө энгийн
бид баярлахаас өөр яах билээ дээ.

СЭРГЭН МАНДАЛТЫН

АНХНЫ НААДАМ

 

Монгол төрийн наадам хэн бүхний
цэнгэлийн манлай байдаг аа. Наадмын нээлт ямар болох, бөхийн барилдаан хэрхэн
өрнөх, үрээ морьдын шандас хийгээд эрхий мэргэн харваачдын онч ямар байхаас
наадмын өнгө харагддаг. Дээр нь төрийн тэргүүний дээл хувцас ямар байхаас
наадмын өнгө тодорхойлогдоно. Энэ тухай дээр тодорхой өгүүлсэн буюу.

Ерэн жилийн ойн наадмын нээлт
нижгэр болсон. Юу нь нижгэр болов гэхээр бүх зүйл утга учиртай байлаа. Нээлтэд
оролцсон уран бүтээлчдийн байр байдал, ая дан, үзүүлж буй тоглолт, хэлж буй
үгс, дуу хоолой нь талын монголчуудын сэтгэл зүрхний дуудлагыг сэрээж, ер бусын
гэрэл гэгээ рүү хөтөлсөн билээ. Морин хуурчдын бөмбөрсөн аялгуу, уртын дууны
эгшиг шуранхай, найман зууны тэртээх хүлэг баатруудын сүр жавхаа, шинэ зууны
шинэ эриний эзэд, бид бүхний ирээдүй болсон хүүхэд багачуудын цог золбоо
наадамчин олны омог бахархлыг төрүүлж, 
дотоод сэтгэлийнх нь мөн чанарыг жинхэнэ утгаар нь хөндсөн юм аа.

Тиймийн учир хүн бүр цаанаа л нэг
хийморьтой, цог жавхаатай, бөхчүүд нь хүчтэй, ажнай хүлгүүд нь хурдтай, эрхий
мэргэн харваачид нь ончтой байсан биз ээ. Монгол бөхөд нэгэн шинэ үе гарч
ирлээ. Аваргатай, арслантай, бүх л цолтонтой наадам боллоо. Нэгэн үе монгол бөхийн
зүлэг ногоон дэвжээнд хэдхэн хэлхгэр эр бөх ёс юм шиг ноёрхож, зарим нэг нь бүр
арав гаруй жил түрүүлдэг байсан уйтгартай үе цагийн эрхээр ард хоцорчээ.
Аагьсан идэр хөвгүүд ир бяраа сорьж, аварга арслангууд ээлж дараалан төрж
байна. Хэдхэн жилийн өмнө начин хэмээх цолны төлөө л шинэ залуу хүчтэнүүд
өрсөлддөг байсан бол өдгөө начин цол тийм ч үнэтэй биш санагдаж, бүгд аваргын
төлөө өрсөлдөх болжээ.

Хүй долоон худагийн буурал дэнжид
газар газрын морьд цуглах боллоо. Цөөн хэдэн уяачдын морьд айраг түрүү хүртэж,
гадны цустай өндөр тоомсгууд төв асрын өмнө цоллуулдаг байсан бол нар салхинд
гандан байж холоос зорьж ирсэн уяачид наадмын түрүү аваад буцдаг болжээ. Энэ
бүхэн юуг хэлээд байна вэ гэхээр эзэн Чингэсийн Монголд дахин сэргэн мандалтын
наадам эхэлж буйг илтгэж байгаа хэрэг ээ. Аливаа зүйл өөр өөрийн гэх цаг үетэй
байдаг. Ардчилсан Ерөнхийлөгч төр засгийг удирдаж буй энэ үеийг шинэ Монголын
сэргэн мандалтын үе хэмээн олон түмэн тодорхойлж байна. Тэрхүү тодорхойлолт нь
ерэн жилийн түүхт ойгоор эхэлж байна.

Тэгэхээр бид Монгол төрийн сэргэн
мандалтын анхны наадмыг үзсэн шинэ цагийн сэхээтнүүд боллоо. Сэргэн мандалтын
наа­дамд аварга ч төрдөг юм байна. Арслан, гарьд, заан, харцага, начин цолтнууд
ээлж дараалан төрлөө. Алс холын үл таних уяач­дын магнайд баярын од харвалаа.
Сэргэн мандалтын наадам гэдэг үнэндээ өөр байдаг ажээ. Төрийн тэргүүн нь эгэл
даруухнаар нээж, түмэн олон утга учиртай цэнгэдэг байна. Нар хур нь ч тэгширч,
намжаа дэлхий тэр аяараа баясдаг байна. Даанчиг сайхан юм аа.

 

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Намууд ба улс төр

Баяр наадам дөхө­хөөр улс төрийн өрнөл хэмнэл аандаа сулраад,
хэсэгтээ намжаад ирдэг сэн. Өнөө жил ч ингэх янзгүй л ар, араасаа үр­гэлжлээд
байх юм. Бүр нэг намынхан зэрэгцэж ху­рал зарлаад л, нөгөө на­мынхан араас нь
хурал хийл­гээд л хачин. Ер нь ингэхэд улс төрд чухам юу гээч нь өрнөөд байна
вэ. Намууд дотроо хэрхэн хэрүүл маргаантай, үйл явдал тэнд яажшуухан өрнөж
байгааг тандац­гаая.

МАХН

Дээд
шүүхээс
албан ёсны нэрээ аваагүй
байх­даа олон нийтийн дунд хэдийнэ МАХН нэрээрээ яригдаж, бичигдээд эхэл­сэн
отгон намынхан жин­хэнэ л эрч хүчтэй­гээр
улс төрөө эхлүүлж баймаар үе сэн. Эрх мэдэл, албан
тушаалаар хахсан МАН-ынхныг амаар нь шороо үмхүүлж чадсан явдал МАХН гэсэн
брэнд нэрийг Н.Энх­баяр ба түүний
нөх­дөд өгсөн явдал байс­ныг бүгд мэдэж байгаа. Энэ нэрээ
авч чадсан тэдний хувьд жинхэнэ улс төр
хийж байх ёстой бай­тал өчигдөр гэхэд нэг өдөр, нэг цагт хоёр өөр газар хэвлэлийн бага
хурал зарласан нь олон хүнийг
гайхшруулав. Тэ­гээд тус намын дөрвөн нарийн бичгийн даргын
хоёр нь зэрэгцэн сууж байгаад албан тушаалаа өгч бай­гаа­гаа мэдэгдлээ.
Харин нөгөө талд нь ерөн­хий нарийн бичгийн дарга
нь “Нам ер нь хү­нээр
дут­даггүй.
Олон түм­ний
мэдэх 20 мянган гишүүн­тэй
энэ нам хүнээр
дутахгүй”
гэсэн мэдэгд­лийг хийж байх юм. Өвгөн намын нэртэй отгон нам
дотор юу болоод байгаа нь энэ вэ. Дөрвөн нарийн бичгийн даргын нэг
нь хэвлэлээр албан тушаа­лаасаа татгалзаж бай­гаагаа мэдэгдэж, хоёр нь
хэвлэлийн бага хурал хийлгэн үүнийгээ
зарлалаа. Бас үүнээс
өмнө УИХ-ын гишүү­дээс ганц дэмжлэг нь болж,
багагүй
галыг өөр
дээрээ дуудаж ир­сэн Ц.Шинэ­баяр дэд даргынхаа ал­бан тушаалыг өгч буйгаа мэдэгд­сэн.
Хэдийгээр “Би үүргээ
гүйцэтгэ­сэн.
Одоо дэд даргын ажил хийж хүчээ
цалгардуулахгүй,
парламент дотроо МАХН-аа бэхжүүлэхээр
ажиллана” гэсэн нь төдийлөн үнэмшилтэй сонсдож чадаагүй билээ. Дэд дарга гэсэн гуншин байх нь тэгтэл ажил удаад байх юу
билээ, учир начир байгаа гэдэг нь тодорхой байсан.

Үнэндээ ийм явдал болжээ. МАХН нэрээ Дээд шүүхээр батал­гаажуулж
авангуутаа бөөн баяр болсон хүмүүс хуралддаг юм бай­гаа биз дээ. Намын дарга,
экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ хурал дээр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн
талаар л яриад бай­санд олон хүн дургүйцэж эхэлсэн байна. Бас МАН-тай тохироо
хийвэл нэгдэх тухай ч ярьсан юм байх. Өөрөөр хэлбэл, 2013 оны Ерөнхийлөгчийн
сонгуульд нэр дэвших талаар тохиролцож чадвал МАН-тай нэгдэнэ гэсэн бололтой
юм. Үүнд нь Ц.Шинэбаяр гишүүн ихэд уурссан байна. “Би хамаг эрсдлийг үүрч,
төдийгөөс өдий болтол явж ирлээ. Тэгээд байхад 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуу­лийг
л яриад байна. Тэгвэл би дэд даргын ажлаа өгье” гэж. Ерөнхий­дөө намынхных нь
ярьж байгаа­гаар эр хүн шиг загнасан гэнэ лээ. Уг нь энэ намд 2012 оны
сонгуульд МАХН нэрээр дэвшиж, аз таарвал гишүүн болчих бодолтой хүмүүс цөөнгүй.
Их багагүй л өөрийн­хөөрөө улс төр хийж, карьер хийх гэж оролдож байгаа улс.
Тэднээс 2012 оны сонгуулийн талаар хөн­дөөд эхэлтэл намын ерөнхий нарийн
бичгийн дарга Н.Удвал “Ер нь сонгуулиар олон хүн нэр дэв­шүүлж байснаас
намынхаа дарга, дэд дарга, ерөнхий нарийн бич­гийн даргаа дэмжиж, сонгуульд
ялуулах тал дээр ажиллавал яасан юм” гэж хэлсэн гэнэ. Энэ мэтээс МАХН нэрээ
авсан баярын хурал их хагарлын үүд болсон ажээ. МУИС-ийн багш, тус намын нарийн
бичгийн дарга Ю.Атар гэхэд МАН-ынхантай уулзаж нам­даа эргэж ирэх бодолтой
байгаа­гаа ярьсан гэх. Ямартай ч Ю.Атар, мөн Н.Энх­баярын хэвлэлийн асууд­лыг
сүү­лийн жилүүдэд хариуцан ирж, улмаар шинэ нам байгуулагдахад нэг нарийн бич­гийн
дарга нь бол­сон Ч.Өрнөхбаяр нар өчигдөр албан тушаалаа өгч буйгаа мэдэгд­лээ.
Энэ бүх үйл явц отгон нам хөеөгөө бусниулсан оготно шиг бужигнаж байгааг илтгэж
байна. Нөгөө талаас УИХ-ын гишүүдээс намдаа орж ирнэ гэж тооцоолж байсан ч
эхнээсээ үгүй гэдгээ хэвлэлээр мэдэгдэж эхэлсэн нь тэдэнд том цохилт болжээ.

АН

АН-ынхан Сонгуулийн тухай хууль дээр 38:38 гэсэн хувилбараа
дэвшүүлчихээд байдлыг хараад суусан хэвээр л байна. Уг нь уржиг­дар хуралдсан
хоёр намын ажлын хэсэг бас хоёр намын дарга нар зөвшилцсөний үндсэн дээр тохир­сон
тохироогоор Сонгуулийн тухай хуулийг намрын чуулганы эхэнд батална, харин тэр
болтол чуулган, байнгын хороо гээд зав­сарлага авсан үйл ажиллагаанууд­даа
хэвээр оролцоно гэсэн байгаа. Гэвч тус намын бүлгийнхэн ажлын хэсгийн
тохироогоо дэмжээгүй бололтой, өчигдөр болсон хоёр ч байнгын хороонд
оролцсонгүй. Харин нөгөө нам нь ирцээ хан­галттай гэгч нь бүрдүүлээд хуралд­чихаж
байгаа харагдах юм. АН-ынхан Сонгуулийн тухай хууль дээр МАН-даа нөлөөлөхийн
тулд намын дарга, Ерөнхий сайд С.Бат­болдыг огцруулах үгүй бол Засгийн газрыг
огцруулах талаар ярилца­хаар тохирсон юм билээ. Сүүлийн үед яригдаад байгаа 17
гишүүний гарын үсэгтэй бичиг ч үүнээс эхлэлтэй. Гэхдээ сүүлийн үеийн байдлаар
энэ асуудал таг зогсчи­хоод байгаа гэх. Уг нь бүлгийн хурал дээр Ардчилсан
хүчний холбооныхноос эхлээд Э.Бат-Үүл гишүүн нарын цөөнгүй хүмүүс уг санаачилга
дээр нэгджээ. Мэдээж, Хамтарсан Засгийн газарт гол төлөөлөлтэй “Алтан
гадас”-ынхан санал нэгдээгүй нь тодорхой. Гэхдээ бүлгийн хурлын дараа Э.Бат-Үүл
гишүүн хэвлэлийн бага хурал хийлгэж, Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах болно
гэдгээ мэдэгдсэн нь бүлгээрээ санал гаргах хэцүү, байх хэцүү байдалд оруулсан
юм даг уу даа. Үүл баатар энэ бол хувь гишүүний байр суурь гэж зарласан. Одоо
нөгөө хэд нь дэмжээд явах гэхээр “Ер нь яахаараа Э.Бат-Үүл гишүүн ингэж байдаг
юм. Өмнө нь С.Бая­рын Хамтарсан Засгийн газар зөв зүйтэй гээд л байсан. Одоо
боло­хоор ийм юм яриад ганцаарчилсан тоглолт хийгээд. Ер нь түүнийг дэмжиж
байгаа мэт яаран хөд­лөхгүй” гэж бусад нь гэдийсээр асуудал гацжээ. Үнэндээ
гарын үсэг зурсан хүмүүсийн тоо нь цөөн, яаж ч хөдөлгөх гээд тоондоо хүрэх­гүй
байх гэж ажиглагчид үзэж бай­гаа юм. Харин Хамтарсан Засгийн газарт орсноор улс
орны эрх ашигт тустай гэж тайлбар хийдэг Н.Алтанхуяг дарга бол намынхан­даа ийн
хэлж байгаа гэнэ. “Хамтар­сан Засгийн газраас бид гарах нь гарна аа. Гэхдээ
одоо биш гэж”. Түүний үзэж буйгаар АН-ынхан Засгаас яаран гарснаас алдаж байсан
түүх нь 2007 оных. Аль болох Хамтарсан Засгийн газар­таа удаан байж чадвал
МАН-ынхныг мөнгө босгох ажилд нь саад болж, хяналт тавьж чадна гэж үзэж байгаа
юм байна. Бас С.Бат­болдтой сонгуульд орох нь өөрс­дөд нь ашигтай гэж харж байгаагаа
намынхандаа хэлсэн сурагтай. Гэхдээ нам дотор нь үүнийг зөв гэж харах хүмүүс
байгаагаас гадна өөрөө аль болох удаан эрх мэ­дэлтэй байх гэснийх хэмээн хар­даж
байгаа хүмүүс ч бий аж. Сон­гууль эхлэхэд яг нэг жилийн хуга­цаа үлдээд буй энэ
үед АН-ынхан “Бодь”, “Женко”, “АПУ” гэсэн тусгай ажиллагааны баг байгуулж төсөв
бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Ерөнхийдөө эдийн засгийн хувьд ирэх
сонгуульд гол түшиц нь болох газрууд яах арга­гүй эд. Удахгүй хэрэгжиж эхлэх
хоёр, гурван том төсөл байгаа учраас Хамтарсан Засгийн газраас яаран гарах нь
зохимжгүй гэж АН-даа нөлөө бүхий бас Засагт багт­сан нэгэн сайд нь хэлсэн
учраас АН-ын хувьд хэзээ мөдгүй Хамтар­сан Засгийн газраас гарч бас Зас­гийг
огцруулна гэх яриа үнэм­шилгүй.

МАН

Харин АН-ынхны 17 гишүүний гарын үсгийн сураг МАН-ынханд
сэтгэлийн гүнд нь нуугдаж байсан шувуухайг сэрээчихжээ. Ер нь энэ асуудал
босоод ирвэл дэмжээд өгөх сонирхол МАН-ынханд АН-ынхнаас их байгаа аж. Гэхдээ
энэ талаар хэсэг бусгаараа, хэд хэдээ­рээ ярьж байгаа юм байна. Үүнийг нь
дагаад олон сонирхол, олон хувилбар байгаа. Тэр бүгдийг нь дурдах гээд үзье.

Ерөнхийдөө бол МАН-ынхан АН-ынханд тун эгдүүцэж байгаа.
Сонгуулийн үр дүнгээр олонхи болж чадаагүй ч С.Баяр даргын хачин шийдвэрээр
Засагт багтаад ороод ирсэн. Тэгсэн атлаа одоо УИХ-ын үйл ажиллагаанаас завсар­лага
аваад, яршиг л байна. Хэрэв Засгаас гарчихвал сайн л биз гэхсэд олон байна.
Боломж олгоод байхад давраад байвал гудамжиндаа гарна биз, Бага хур­лаараа
томилгоогоо шийдэхэд боловсон хүчин ихтэй нам гэж дийлэнх нь ярьж байгаа ажээ.
Нээрээ, боломж олдвол сайд бол­чих шанс байж ч магад гэж хүлээг­сэд олон.
Ялангуяа залуус энэ боломжийг алдахыг хүсэхгүй байгаа. МАН-ынхан хамтрагчдаа
нэг гараараа тэвэрчихээд нөгөө гараараа цохилт хийгээд байна гэж өөр хоорондоо
гомдоллож байгаа юм. Тэднээс салах нь Хам­тарсан Засгийн газар нурна гэсэн үг ч
тэд үүнийг тоохгүй байна. Энэ нь нэг талаас намынхаа даргад итгэл алдарсантай
холбоотой. МАН-ынхны хувьд С.Батболд тэг­тэл харамсал төрүүлэхгүй байгаа аж.
Тиймээс ч намын дарга хэн байж болох талаар яриад эхэлжээ. Хэд хэдэн хувилбарыг
ярьж байгаа юм байна. Жараад оныхонд ирсэн намын даргын суудал буцаад тавиад
оныхон руу шидэгдэж магадгүй байна. С.Баяр эдгэчихлээ гээд буцаад эрх мэдлийг
авч болох нэг хувилбар байж болно. Бас УИХ дахь бүлгийн даргын суудлыг алга
урвуулахын адил зангаргаараа авч чадсан Ө.Энхтүвшинд ч энэ суудал ойрхон. Урьд
нь нөгөө намын Ц.Элбэгдоржтой эн тэнцүү байх улстөрч хэрэгтэй байна гээд
өөрийгөө Удирдах зөвлөл дээр нэр дэвшүүлж байсан Ц.Нямдор­жид ч ийм бодол байхыг
үгүйсгэх­гүй. Бас нэг яригдаж байгаа хувил­бар бол намын даргыг Н.Багабан­дид
өгөх гарц. Ерөнхийлөгч байсан хүн улс төр рүү эргэж хөрвөхгүй байх гэсэн зарчим
нэгэнт алдагдсан учир Н.Багабандид ийм боломж гарахыг үгүйсгэхгүй. МАН-ынхан
Н.Энхбаярын эсрэг С.Батболд гэж байснаас Н.Багабанди гэж байвал зүгээр ч гэлцэж
байгаа юм байна. Нөгөө талаас У.Хүрэлсүхийг намд нь эрэгдэж байгаа хүмүүс олон
байгаа гэнэ. Нэгэнт хариуцлагыг хүлээнэ гэчихсэн хүн эрх мэдлээ аваад
хариуцлагаа хүлээгээч, цэргийн хүний ёс жудаг бодоод байх юм бол өөрөө хэн ч
биш болно, нам ч хэн ч биш болно. Өмнө нь С.Баяр М.Энхболдоос намаа авсан,
эцсийн дүнд нам сонгуульд ялсан учраас тэд одоо найзууд байна” гэж ирээд л
тархийг нь угааж байгаа ажээ.

МАН-ын хувьд намынх нь рей­тинг ингэж тартагтаа тулж байсан
түүхэн судалгаа байхгүй учраас хаа хаанаа хэрхэхээ мэдэхгүй л болчихоод байна.
Гэхдээ хэн нь намын дарга болж, хэрхэн авч явахыг хэн мэдлээ.

С.Батболд сайдын хувьд улс төр ажиглагчдын үзэж буйгаар ирэх
есдүгээр сар хүртэл рефор­мын шинжтэй өөрчлөлт хийж чад­вал боломж бас бий. Уг
нь улс төрд үйл явдлаа мэдрээд томоохон ажиллагааг эхлүүлж чадвал сэв хийтэл
өсчих боломж байдаг. Гэх­дээ зуны налгар цаг гэлтгүй ажил­лаж чадвал шүү дээ.
Хэрэв өнгөр­сөн жилийнх шиг амраад явчихвал тэгээд дуусаа. Ямартай ч нөгөө талд
нь МАХН нэрийг нь өгчихсөн, МАН-ын цуврал судалгаануудаар рейтинг муу байгаа
зэрэг нь ах намын гишүүдэд хэзээ ч байгаагүй зэвэргэн өдрүүдийг мэдрүүлж байгаа
нь үнэн.

ИЗНН

Уг нь ч энэ нам Дээд шүүхээр нэрээ ч баталгаажуулж аваагүй л дээ.
Гэхдээ улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд энэ нам хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн.
Бас дээ­рээс нь сөрөг хүчин байхгүй одоо­гийн парламентад сөрөг талын байр
сууринаас хэлэх үгээ ганц чөлөөтэй хэлж байгаа нам. Тийм ч учраас тус намын
дарга Д.Энхбат зоригтой нь аргагүй “Ажлаа хийж чадахгүй байгаа УИХ тар” хэмээн
мэдэгдэж байгаа билээ. Үнэхээр ч улс төр хийх газар мөн л дөө. Угаасаа ч үнэн
юм хойно. Тийм ч учраас цөөхөн ч гэлтгүй, нэрээ албан ёсоор баталгаажуулж чадаа­гүй
ч гэлтгүй тэр ч байтугай дарга нь АТГ 72 сая төгрөгийн хэргээр шалгагдаж байгаа
ч гэлтгүйгээр нь тэдний үг хүчтэй сонсдож байгаа л юм. ИЗНН-ын дарга нь
“Монголын улс төрд хамгийн хариуцлагатай байх ёстой МАН эгзэгтэй үед хүүхэд шиг
аашлах нь зүйд нийцэхгүй. АН ч гэсэн сонгуулийн шинэчлэлийг хийнэ гэж МАН-тай
хамтраа биз дээ. Гэтэл 38:38 гээд яриад сууж байх нь хариуцлагагүй байна. Намын
бүлгүүд Сонгуулийн хуу­лийн асуудлыг шийдэж чадахгүй юм бол УИХ хуралдаад бүрэн
эрхийнхээ хүрээнд асуудлыг ший­дэх хэрэгтэй. Д.Дэмбэрэл дарга ч үүнийг анхааруулж
эхэлж байна. УИХ-ын мандатыг ард түмэн бидэнд өгдөг болохоос нам өгөөгүй шүү
дээ” гэж ярилцлагадаа дурд­сан байна лээ. Үнэхээр ч ард түмний өгсөн саналаар
асуудлыг  өмнөөс нь төлөөлөн шийднэ гэж
УИХ-ын гишүүн болчихоод ажлаа хийж чадахгүй гээд өөдөөс асуугаад байгаа нөхдийг
дахин нэр дэвшихийг нь хүлээн авахгүй байх хэрэгтэй. Ерөнхийлөгч ч үүнийг
анхааруулж хэлсэн нь учиртай биз. Сүүлийн үед УИХ-ын удирдлагын зүгээс маргаад
байгаа Сонгуулийн тухай хуулийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх ёстой гэсэн байр
суурийг гаргаж байгаа. Үнэхээр ч асуудлыг Удирдах зөвлөл биш харин УИХ өөрөө
бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэж явах ёстой. ИЗНН хүн бүл цөөтэй ч энэ байр
суурин дээрээ хатуу байгаа юм билээ. Зарчмаа барих ёстой гэж үздэг тулхтай
гишүүд дэмнээд өгвөл олон жилийн турш яригдсан ч жижиг эрх ашгаас
гацчихаад  байгаа Сонгуулийн тухай хууль
батлагдахад ойрхон л байна даа. Гэхдээ Сонгуулийн тухай хууль батлагдвал Засаг
салчихна гэсэн хэдэн сайдуудын айдас амин чухал хуулийг батлахад ихээхэн тээг
болж байгаа гэх юм билээ.

Наадмын сунайсан урт амралт эхлэхээс өмнөх Монголын улс төрийн тойм нэг иймэрхүү.

Categories
редакцийн-нийтлэл

Асашёорюү Д.Дагвадорж, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар ямар цолонд хүрэх вэ?

Өнөө жилийн наа­дамд Асашёорюү
Д.Даг­ва­дорж, олимпийн авар­га Н.Түвшинбаяр нар зо­доглох нь нэгэнт тодор­хой
болоод байгаа. Д.Даг­вадоржийн хувьд бөхийн бэлтгэлдээ эртнээс гар­сан гэх дам
мэдээ бий. Сумогоос  зодог тайлж
ирснээсээ хойш үндэс­ний бөхөөр хичээллэх болсон юм даг уу даа. Түүнийг
наадмаар зодог­лох нь гэхийг сонсоод хүмүүс тэгтлээ их гай­хаагүй. Учир нь
нэгэн мянга есөн зуун ерэн зургаан онд Дагваа аварга улсын наадмын хүүхдийн
барилдаанд зодоглон, түрүүлж байв. Тэр жил төрсөн ах Д.Сумь­яабазар нь долоо
давж заан цол хүртэн, аавынхаа цолонд хүрч байсан түүхтэй.

Н.Түвшинбаярын хувьд үндэсний
бөхөөр хичээллэж байсан турш­лагатай нэгэн. 2006 онд Их Монгол Улс байгуу­лагд­саны
түүхт найман зуун жилийн ойгоор Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан
Ч.Батзоригоор дө­рөв давж, начны даваанд тулж ирэн Ш.Уламбаяр начинд өвдөглөж
байлаа. Тийнхүү улсын цолны үзүүр дээрээс атгаад алд­сан удаатай. Тэрээр ерэн
жилийн ойд барилдах эсэхээ Ч.Насантогтох баг­шаасаа асууж байж өн­гөр­сөн сарын
эхээр шийд­жээ. Насаа багш нь Түвшээг үндэсний бө­хөөр барилдуулах тун дургүй
байсан аж. Жү­догийн бэлтгэлээ эрчим­тэй хийхийг хатуу үүрэгд­сэн байна. Мань
эр баг­шийнхаа үгнээс зөрж, циркт болсон нэгэн барил­даанд зодогложээ.
Үндсэндээ нууцаар барилд­сан хэрэг. Гэтэл түрүүлчихсэн байна. Тэрхүү мэдээг
сонссон багш нь “За яахав, тэгж их дурлаад байгаа юм бол наадмаар барилд даа.
Гол нь бэртэж гэмтэхээс л болгоомжлоорой. Түү­нээс цолонд хүрэх эсэх чинь онц
биш” гээд Бул­ганы бөхчүүдтэй наад­мын бэлтгэлд гарахыг нь зөвшөөрчээ.

Тэгэхээр сумогийн их аварга,
олимпийн аваргууд хэдхэн хоно­гийн дараа эхлэх наадмаар хэрхэн барилдахыг
урьдчилан тааварлая. Нэгийн даваа бол тэр хоёрын хувьд огтхон ч асуудал биш.
Залуу бөхчүүдтэй учраа таараад гарын үзүүрээр л хумхиад шидчихнэ. Тэгээд л есөн
хөлт цагаан тугаа баяр бахдалтай тойрно. Хоёрын даваанд Н.Түвшинбаяр бас л гар
хөнгөн давах магадлалтай. Айм­гийн наадамд нэг түрүүлж, улсад нэгэнтээ дөрөв
давсан амжил­таараа аймаг, цэргийн цолтнууд дундаа багагүй дээгүүр эрэм­бэлэгдэж
байгаа. Тиймээс хоёрын даваанд аймгийн начин юм уу, залуу бөхтэй таарна. 512
бөх барилдвал хоёрын даваанд үе тэнгийнхээ шижигнэсэн арслан­гуудын нэгтэй таарна
л даа. 1024 бөхөд бол тэгэхгүй. Арай зөөлөн учраа оногдоно. Харин Дагваа аварга
аймаг, цэргийн ямар нэгэн цолгүй учир хоёрын даваанд айм­гийн арслангуудын
нэгтэй таарах магадлалтай. Ч.Сан­жаа­дамба, Ш.Жаргалсайхан, Р.Пүрэв­дагва,
А.Отгонбаатар, Ш.Мөнгөн­баатар, Б.Сангисүрэн нарын хэн­тэй нь ч таарч болно.
Эндээс л ерэн жи­лийн наадмын сонин хачин эхэлнэ шүү дээ. Ухаандаа, Санжаа­дамба­тай
хоёрын даваанд оноол­тоор таарчээ гэж бодъё. Тэгвэл гоё юм болно. Хүмүүс
шуугиад л яв­чихна. Санжаадамба бол заал танхимын томоохон барил­даа­нуудад
олон түрүүлсэн, өнөө жил өндөр цолонд хүрнэ, ер нь түрүүлж ч мэднэ гэж яригдаж
байгаа бөх. Наадамчид сүүлийн хэдэн жил л түүний тухай ярьсан. Цолонд хүрнэ,
хүрэхгүй, түрүүлнэ, түрүү­лэхгүй гэж. Гэтэл Сан­жаа­дам­батай Дагваа аварга
таарчихвал, тэр хоёрын дунд ёстой гал авалцах нь мэдээж.

Асашёорюү дайрдгаараа л дайрна,
хүмүүс орилолдох тусам улам хүч бяр нь орж тулгуухан үзнэ. Санжаадамба мэдээж
мөчөөгөө өгөхгүй. Цүппаридах маягтай дай­рал­тыг сөрж орон элэг бүсдэж аваад мушгина.
Дутуудангуут нь дахиад мушгина. Наадамчдын анхаарал бол тэр хоёр дээр л
тогтоно. Наана нь өндөр цолтой бөхчүүд залуучуудад “яваад өгөх”-ийг ч анзаарах
сөхөөгүй.

Цэргийн хурц арслангийн муш­гиа,
баруун, зүүн хавираанд тогтож үлдсэн, барилдааны суурь сайтай сумогийн их
аварга учраагаа хоёр сугаар нь тэвэрч, бараг л толгой дээрээ өргөөд гаргаад
ирнэ. “Ин­гээд Санжаадамбын наадам дуус­лаа, ёстой нэг наадмын одгүй бөх юм аа,
энэ олон залуус дундаас очиж очиж Дагвадоржтой таараад  байхдаа яахав дээ” гэж олон түмэн шогширч
байтал Сан­жаадамба хоёр хөл дээрээ бууна. Тэр даруй хөл гэж адуу юм аа гэх
бодол наадамчдад төрнө. Сумо­гийн их аваргын хүчтэй сэгсрэлтэд хоёр хөл дээрээ
тогтож чадсан цэргийн хурц арсланг наадамчдын нэг хэсэг балиа­шиглана аа. Түүнд
нь идэр залуу хүчтэн улам урам зориг орно. Ингээд нэг мэдэхнээ Ар, Өвөр
хангайнхан хоёр хувааг­даж, түүнээ дагаад цэнгэл­дэхийн үзэгчид ч баруун,
зүүнээрээ хувааг­дана. Барилдаан ингээд л цааш өрнөнө дөө. Хэрхэхийг тэр өдрийн
тэнгэр мэднэ биз ээ. Гэхдээ Дагваа аварга арай ч Санжаадамбатай таарахгүй байх.
Залуу начин­гуу­дын нэгтэй таараад хаях боломж­той.

Гурвын даваанд хоёр аварга бусдын
адил татаасаар явахыг эрмэлзэнэ. Н.Түвшинбаярыг Бул­ганыхан дамжилчихна л даа.
Гурав дээр Ц.Цогтжаргал начин авах байх. Эсвэл нэг сургууль (“Аварга” биеийн
тамирын сургууль)-ийнх гэдгээрээ Б.Адьяахүү, Ж.Гансүх нарын начингууд ч авч
мэднэ. Дагвааг Өвөрхангайнхан авч таар­на. Хэн авах магадлалтайг харъя л даа.
Б.Ганбаатар арсланг мань хүн мундагдаж мэдэх юм. Гэхдээ цаа­дах нь хөдлөхгүй.
Хүргэн (аймгийн арслан Б.Батдорж)-ээ авна гээд тас гүрийчихнэ. Тэгэхээр
З.Дүвчин заан руу ярина. Бас л нааштай хариу сонсохгүй. Уран барилдаанч заан
гарын ганц шавиа амлаж, гар хөнгөн давуулдаг уламжлалаараа Санжаадамбыгаа авна.  Тэгээд начингууд руу хэлнэ дээ. Д.Пүрэв­сүрэн,
Л.Наранбаатар, Да.Батбаяр гээд Өвөрхангайн начингууд олон. Тэдний нэг сумогийн
аваргаа ам­лаж, даваа өгсөхөд нь сайхан гэгч дэвсгэр болж өгнө. Ингээд Дагваа,
Түвшээ хоёр төвөггүй гурав давна.

Харин дөрвийн даваа бол тун эвгүй.
Есөн хөлт цагаан тугаа гурвантаа тойрсон 128 хүчтэн энэ даваанд цолныхоо
эрэмбээр оноол­­тоор таарч барилдах нь тодорхой. Хамгийн өндөр цолтой нь даян
аварга Г.Өсөхбаяр байна. Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нарын аваргууд зодоглохгүй
тохиолдолд эрэмбээрээ Өсөхөө аварга зүүн жигүүрийг магнайлна шүү дээ. Түүнтэй
дөрвийн давааны оноол­тод таарах бөх нь хэний хэн бэ гэвэл Асашёорюү
Долгорсүрэнгийн Дагвадорж.

Дагваагаас өөр Өсөхөө авар­гатай
таарах залуу бөх гурав давахгүй байх. Давлаа гэхэд эрэм­бээрээ сумогийн их
аваргын дээр бичигдэх учир Өсөхөөгийн дараа­гийн цолтнууд болох Б.Ганбат,
До.Ганхуяг нартай таарна. Ийнхүү ерэн жилийн түүхт ойн бөхийн барилдааны
дөрвийн даваа Өсө­хөө Дагваа хоёртой эхлэх нь мэ­дээж. Хоёр аваргын хувьд ямар
барилдаан өрнөхийг тааварлахад бэрх. Дагваа бол мэдээж Өсөхөө аваргаас айна,
бэргэнэ гэдэг гонж. Сумогийнхоо дэвжээнд хүч сорих гэж байгаа юм шиг эрэмгийхэн
гарч ирнэ. Наадамчид ерөнхийдөө түүнийг дэмжинэ. Өөрийг нь дэм­жиж буйг мань
хүн аль хэдийнэ гадарлаж, багагүйхэн шоу хийгээд авна. Өсөхөө аваргад дургүйдээ
наадамчид өрсөлдөгч бөхийг нь дэмжиж байгаа юм биш. Сумогийн их аварга барилдаж
байгаа, наа­дам гэдэг монголчуудын цэнгэл баярын манлай гэдэг утгаар нь Дагвааг
дэмжих билээ.

Өсөхөө аварга өрсөлдөгч авар­гынхаа
хүчтэй дайралтуудыг эрх­биш тогтооно л доо. Өнөө цагийн бөхийн өнгийг
тодорхойлж яваа, төрийн наадамд хэд хэд түрүүлс­ний хувьд бяр заана, туршлага
бас зааж таарна. Дагваа хэд хэд хүчтэй дайрч, аваргыг сандарган, наа­дамчдыг
уухайлуулсны эцэст цуцах магадлалтай. Хоёр гар нь бүр мод болоод шуудагдахад
бэрх болж эхэлнэ. Тэр үед нь Өсөхөө аварга ажиллана даа. Ирийг нь дарж, удаан
гэгч ноцолдон, цуцааж байж  л даян аварга
хаяхгүй бол шуудхан үзэх юм бол юу юугүй хумхиул­чихна. Дагваа бол нэг хэсэгтээ
л тогтооход бэрх байж, залуухан буур шиг л цамнана шүү дээ. Харин ир нь
дарагдаад, хоёр гарынх нь шуу хүндрээд ирвэл унах магадлал өндөр болно.

Уг хоёр бөх заасан хугацаанд
хаялцахгүй барьц сонгооны бай­дал руу шилжиж мэдэх юм. Тэгвэл хэн хэнд нь
асуудалтай. Шоо хэ­нийх нь талаар эхэлж бууна, тэр хүн хаяна. Тухайлбал,
Дагваагийн талаар буухад, сумогийн их аварга, Монгол Улсын даян аваргыг хүүхэд
шиг л дээр өргөж гаргаж ирээд шидчихнэ.

Өсөхөө аваргын талаар буувал
аралтай, бяртай хүчит аварга Даг­вааг бас л сарвайлгаж гаргаж ирээд хаячихна.
Хоёулаа л өндөр цол бодож, өгсөж барилдах бөхчүүд. Ухаандаа, Өсөхөө аварга
түрүү үзүүрт шалгарах юм бол дархан аварга хэмээх монгол бөхийн хамгийн дээд
цолыг хүртэх учир­тай. Дэлхий даяар нэр алдраа цуурайтуулсан сумогийн их аварга
төрийн наадамд нэгэнт зодоглох юм бол начин, харцага гэх цол бодохгүй байгаа
байх. Дор хаяж заан, цаашлаад арслан, аварга л бодож байгаа. Дагваа нэг ч
уналгүй шууд түрүүлбэл аварга цол авах боломжтой билээ. Өсөхөө Дагваа хоёр
дөрвийн даваанд таарахгүй байх нэг боломж бий.

Тэр нь юу вэ гэхээр, бараг сумын
ч цолгүй залуу бөхийг гурав давуулах явдал. Тэгэхдээ өндөр цолтой бөх амлаж
аваад элэг бүсээ тайлж, Өсөхөөтэй учраа тааруулах нууц төлөвлөгөө юм. Тэрхүү
нууц төлөвлөгөөг Ж.Мөнхбат, Д.Цэ­рэнтогтох нарын аваргууд сайтар гүйцэтгэж
байсан. Тэр нь мэдээж дөрвийн давааг оноолтоор барил­дуулах журамтай болсноос
хойших (2002 он) явдал шүү дээ. Мөөеө аварга П.Дагвасүрэн, Л.Со­сор­барам нарын
арслангуудаар гур­вын даваанд хэн ч үл таних залууг амлуулж, элэг бүсийг нь
тайлуулан дөрвийн даваанд өөртэйгээ таа­руулж байв. Д.Цэрэнтогтох аварга ч уг
жишгийн дагуу Б.Ганбаатар арсланг нэг, хоёр жил гурвын даваанд барилдааныг нь
дуусгаж байсан түүхтэй. Ахмад аваргуудын энэхүү уламжлалаас Өсөхөө су­рал­цах
аваас гар хөнгөн дөрөв давах боломжтой. Харин золионд хэн явах вэ гэдэг
асуудалтай. Жаа­хан харьж байгаа юм даа гээд Д.Мөнх-Эрдэнэ арслангаар залуу бөх
амлуулах гэж үзнэ. Нөгөөдөх нь чадахгүй, ерэн жилээрээ би гурав давмаар байна
гэж пээдийнэ. Нутгийн ах минь, энээ тэрээ гэж гуйна, тэгээд ч тусыг эс олох
болов уу. За энэ ч яахав, Өсөхөөгийн нууц төлөвлөгөө. Маньд падгүй.

Өнөө Дагваа, Түвшээ хоёр хэр­хэн
барилдах таамаг руугаа эргээд оръё. Дагваа Өсөхөө аваргатай бус, До.Ганхуяг,
Х.Мөнхбаатар нарын арслангуудтай таараад давлаа гэж бодъё. Начны даваанд
наагуур цаагуур их юм болно оо.

Өө, нөгөө Түвшинбаяр дөрвийн
давааг яажшуухан гатлахыг хэлэл­гүй орхих гэж байна шүү дээ. Ма­най хүн 2006
онд Ч.Батзориг заан­тай таарч байсан. Энэ удаад бол залуу начнуудын нэгтэй
таарах байх. Хөвсгөлийн Ц.Содномдорж, Сэлэнгийн Т.Өсөх-Ирээдүй, өндөр
Ч.Баянмөнх нарын нэгтэй таарвал бас ч хэцүү. Гэхдээ олимпийн авар­га маань нэр
нүүрээ бодож, бэлтгэл сургуулилтаа сайтар базааж ба­рил­дах нь мэдээж. Ямар ч
байсан начны даваанд тулж ирнэ. Хэрвээ начны даваанд тулаад ирвэл түү­нийг
улсын цолонд хүргэчих бөх­чүүд гараад ирнэ. Олимпийн аварга хэн дээр ч очсон
үгүй гэхгүй байх. Хамгийн түрүүнд нутгийн ах И.Дорж­самбуудаа хэлнэ дээ. Гарь­дын
хувьд тавын даваанд ацан шалаанд орно. Өөрөө шөв­гөр­чихмөөр байдаг. Хүргэн хүү
(айм­гийн арслан А.Отгонбаатар)-гээ цолонд хүргэчихмээр байдаг. Нут­гийнхан,
Э.Мөнх-Очир, Ц.Цэнгэл нарын гишүүд олимпийн аваргыг авчих гэдэг. Ёстой нэг
баларна.

Дагваа аварга бол тавын да­ваанд
санаа амгалан байх биз ээ. Хэн ч амласан яахав, үзнэ дээ гэсэн бодолтой. Гар нь
ихээхэн цуцаатай бол хэцүү. Хэн нэгэнд хандахаас аргагүй. Дагваад гар л цуцна
уу гэхээс хөл бол суурь сайтай. Үндсэндээ ул сайтай гэсэн үг. Үе тэнгийн
залуустаа хэлэхэд, түүнийг начин болгочих хүн мун­дахгүй. Эрхбиш нэр байна, сүр
байна даа, болно. Харин зур­гаагийн даваанд түүнийг амлах хүн гарахгүй. Аягүй л
бол тунана. Тунах тунахдаа шинээр начин цолд хүр­сэн залуусынхаа нэгтэй тунах
болов уу. Ч.Санжаадамба, Ш.Жар­галсайхан, Б.Сангисүрэн нар на­чин цолд хүрэх юм
бол тэдний нэгтэй тунах магадлал бүр ч өндөр. Олимпийн аварга энэ даваанд
тунахгүй. Түүнийг найз нь амлана.

Жудогийн олон улсын хэм­жээний
мастер, Э.Энхбат начин. Тэрээр өнөө жил заан цол горьдож байгаа бөх. Заал
танхимын барил­даанд тогтмол дээгүүр амжилт үзүүлж байсан. Өнгөрсөн сарын эхээр
Эрдэнэт хотод болсон нэгэн томоохон барилдаанд Х.Мөнх­баатар, Д.Рагчаа,
Ө.Даваабаатар, Ч.Санжаадамба гээд бүгдийг нь хаяад түрүүлсэн байв. Түвшээ
найзаасаа гуйна. “Миний хөгшинд олон наадам байгаа. Найз нь энэ жил барилдаад
дахиж барил­дах­гүй. Тэгэхээр маньдаа өгчих” гэж. Энхбат бол гүрийнэ л дээ.
Хичнээн дотно найз ч наадам гэдэг наадам, барилдаан гэдэг барилдаан л байдаг
хойно. Ийм жишгээр ерэн жилийн ойн бөхийн барилдаан үргэлжилж, бөхөө дээдэлдэг
олон түмэн олимпийн аварга, сумогийн аваргатайгаа наадна шүү дээ. Н.Түвшинбаяр
начны, Д.Дагвадорж  харцага юм уу, зааны
үзүүрээс атгах болов уу.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Хөлбөмбөгийн холбоо FIFA-гаас хоёр тэрбум гаруй төгрөг авсан ч шигшээ нь өөдөлсөнгүй

Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Монголын өнөөгийн спортын салбарын бодлого,
уг сал­барыг авч яваа арга барилд шүүмжлэлтэй ханддаг хү­мүүсийн нэг нь та. Долдугаар
сарын 3-нд Монголын хөл­бөмбөгийн шигшээ баг Мьян­марын талбайд ДАШТ-ий бү­сийн
урьдчилсан тоглолтын хариу тоглолтод 2-0-ээр хо­жиг­дож дэмжигчдийнхээ ур­мыг дахин
хугаллаа. Үндэс­ний шигшээ баг нь ингээд олон дахин тэгээрээ хожиг­доод байхаар
шүтэн бишрэг­чид нь гэлтгүй ард түмний дүргүйцэл төрж байх шиг. Хөлбөмбөгийн шигшээ
фана­туудаасаа уучлал гуйх цаг нь болжээ?

-Харамсалтай
зүйл болсон л доо, хожигдоод. Би ч гэсэн хөл­бөмбөг сонирхдог. Их сургуульд байхдаа
тоглодог байсан. Нэг­дүгээр зэрэгтэй.

Мьянмар
улс чансаагаараа 167 дугаарт бичигддэг юм билээ. Мон­гол 179 дүгээрт бичигдэж байгаа.
Хо­жих төлөвлөгөөтэй байсан, анх­ны ялалтыг нутаг дээрээ авсан. Та­мирчид маань
байдгаараа л тог­лосон байж таараа. Тэднийг бу­руутгах арга байхгүй. Харин энэ ялагдал
спортын салбарын тог­толцоо зөв явж байна уу, үгүй юу гэдэгтэй холбогдож байна.
Намайг юм бүхэнд шүүмжлэлтэй хандаад байдаг гэж ойлгож болохгүй л дээ. Болохгүй
байгаа учраас шүүмжил­дэг. Спортыг хөгжүүлж байгаа гэх энэ бодлоготой санал нийцэхгүй
байгаа юм. Шууд хэлэхэд улс оронд байгаа бусад салбаруудаас хам­гийн хоцрогдсон
салбар нь спорт. Хуучны буюу социализмын үед авч явж байсан арга барилаараа л явж
байна.

Өнөөдөр
спортын бодлого чө­лөөт бөх, жүдо гэсэн хэдэн төрөл рүүгээ л хандаад байдаг.

Хөлбөмбөгийн
хувьд холбоо­ных нь менежмент, хөгжүүлэх бодлого бас л сул байна. Олон улсын хөлбөмбөгийн
холбооны “Goal” төсөл манайд хоёр, гурван удаа хэрэгжиж нийт хоёр сая гаруй ам.доллар
орж ирсэн юм билээ. Тэр
их мөнгө  хөлбөмбөгийн спортын­хоо хөгжилд
зарцуулагдаж уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Хэрэв мөнгө тэр чигээрээ зарцуу­лагдаад
манай баг өнөөдөр ингэж хожигд­сон бол үнэхээр хэлэх үг алга. Гэтэл зарим хүмүүсийн
сураг ажгаар тэр мөнгө буруу зүйлд зарцуулагд­чихаж. Жишээ нь, хөл­бөмбөгийн холбооны
ерөнхий нарийн бич­гийн дарга байсан нөхөр тэр мөн­гөөр айхавтар том хаус барьчихсан
байна ч гэх шиг. Иймэрхүү байд­лаар зарцуулагд­сан байж магадгүй гэж хардаж байгаа
юм л даа.

-Хөлбөмбөгийн үнэнч дэм­жигчид шигшээ баг
нь амжилт үзүүлэхгүй байгаад хол­бооны удирдлагыг нь буруут­гаж байна. Олон улсын
хөл­бөмбөгийн холбоо (FIFA)-ноос өгсөн хоёр тэрбум гаруй төгрөгөө хөлбөмбөгчдөдөө
зарцуулсан бол арай ингэж хожигдохгүй байсан гэж
ха­лаг­лацгааж байна?

-Нийт
нэг сая 850 мянган ам.долларыг FIFA өгсөн юм билээ. Тухайн үеийн ханшаар бол чанга
шүү. 2001 оноос FIFA-гаас дээрх мөнгийг авч эхэлсэн юм билээ. 10 жилийн турш ийм
байдалтай явж байна.

Ийм
байдал зөвхөн хөл­бөм­бөгийн холбоонд байгаа юм биш бүх холбоодод ажиглагддаг, гардаг
зүйл. Холбоод ч дүүрчээ. Монголын үндэсний олимпийн хороог спортын хамгийн том бай­гууллага
гэж яриад байгаа шүү дээ. Тэгтэл уг хороо дүрмээ баримт­лахгүй байгаа байхгүй юу.
Сан­хүүгийн бүх зүйл нь нууцлагдмал, зүй бусаар зар­цуулдаг. Зүй бусаар зарцуулдгийг
нь илрүүлээд гаргаад иртэл Хянан шалгах зөвлөлийнх нь дарга тайлангаасаа хасаад
хая­чих­сан. Үүнийгээ “Бид дотооддоо яриад тайлангаас хасчихсан” гэж ярьсан. Ийм
л дураараа. Өөрсдөө зөв бодлого явуулж, хөдөлмөрлөж орлого олж, спортоо хөгжүүлэхээ
боддоггүй. Улсаас, олон улсын холбооноос мөнгө хүлээдэг. Тэр ирсэн мөнгөө буруугаар
зарцуул­даг.

-Дэлхийн хамгийн олон үзэгч, дэмжигчтэй
хөлбөмбөгийн олон улсын холбооноос удаа дараа их хэмжээний мөнгө өгөөд байхад манай
хөлбөм­бөгийн спортод ахиц гарахгүй байгаа нь цаагуураа олон улсад Монгол Улсын
нэр хүндийг унагаж байгаа явдал болж байна. Ингэж байснаас хөлбөмбөгийн шигшээ багийг
татан буулгачихвал яасан юм бол?

-Монголын
нэр хүнд өндөр үнэлэгдэж байгаа болохоор ингэж мөнгө өгөөд байгаа юм биш. Олон улсын
хөлбөмбөгийн холбоо ги­шүүн орнуудаа спортын хөгжлөөр нь сайн, дундаж, муу гээд
ангил­чихсан байдаг. Тэгээд хэтэрхий дор хөгжилтэй орнуудаа татах гэж л мөнгө өгдөг.
Гэтэл мөнгийг нь манайхан аваад буруугаар зар­цуулж байгаа нь эх орныхоо нэрийг
дэлхийн хэмжээнд унагаж байгаа явдал. Гэхдээ тэд нар чинь энэ буруутай үйлдлээ өнгөлөн
далдлах маш их зүйл хийдэг юм. Олон улсын хөлбөм­бөгийн холбооны ерөнхийлөгчийг
ирэхэд улсынхаа Ерөнхийлөгчийн хамт шав тавиул­на, худлаа тайлан явуулна. Энэ байдал
бусад хороо­дод бүр олим­пийн хороонд ч бий. Үүнийг мон­голчууддаа хэлдэггүй. Муугаар
яривал энэ чинь гэмт хэрэг шүү дээ.

Хэрэв
хөлбөмбөгийн холбоо тэр санхүүжилтийг зөв зарцуулаад явсан бол тамирчдын дасгал­жуу­лалт,
сургалт сайжирна, бэлтгэл, лигийн тэмцээн, орон нутгийн тамирчдын ур чадвар жигдрээд
ирэх байсан.

-Ер нь ингээд хожигдоод бай­вал манай шигшээ
нэг хэсэг­тээ тэмцээнд оролцохгүй бай­­вал яасан юм бол. Ард түмэн тэднийг хаашаа
ч тэм­цээнд явсан битүүхэндээ найдвар тавьсаар байдаг. Гэтэл ямар ч “сураггүй” ба­гуу­дад
ялагдчихдаг?

-Би
тэгж бодохгүй байна. Олон улсын тэмцээнд орж л байх хэрэг­тэй. Сая Мьянмартай тоглосон
тоглолт чинь ДАШТ-ий урьдчилсан тэмцээн байсан. Тийм болохоор дэлхийн аваргын тэмцээнд
орж байна л гэсэн үг шүү дээ. Орохгүй байна гэхээр харамсалтай.

-Орохоороо л ялагдчихаад байх юм?

-Ороод
амжилт үзүүлэх л ёстой. Дараа­гийнхаа тэмцээн хүртэл аль болох хур­дан, зөв зам­даа
орох, эсвэл ямар нэг арга хэмжээ авч байж л бид амжилт үзүүлнэ. Хөл­бөм­бө­гийн
холбооны хурал, цуг­лаан болдог гэж сонс­сон. Тэгэхэд зо­хион байгуулалттай, нэг
хүнийг хамгаалсан, түүнийг толгойдоо байлгах гэсэн байр суурьтай бай­даг гэсэн.

Монголын
үндэс­ний олимпийн хороо­ны спортын холбоо­дын үлгэрчилсэн дү­рэм гэдгийг гаргаж
бай­гаа. Уг дүрмийн ко­мисст би ажиллаж бай­гаа. Их л ул суурьтай дүрэм гаргая гэж
би хувьдаа бодож байгаа. Тэгтэл Олимпийн хо­роонд байгаа нөхдүүд маань ямар юм хийх
нь үү, тийм үү. Найдвар­гүй юм хийдэг улсууд шүү дээ. Өөрсдөө дүр­мээ барьдаггүй
улсууд чинь доод талын хү­мүүсээ дүрмээ барь гэж хэлэхээр хэцүү байдаг биз.

Өнөөдөр
бид хөл­бөм­бөгийн холбоонд шаардлага тавьж бо­лохгүй болчихоод бай­на. Олим­пийн
хороо өөрөө дүрмээ бариа­гүй, юмаа цэгцлээгүй байж спортын хорооддоо шаардлага тавьж
ча­дах­гүй байгаа юм.

Спортын
бодлогыг хариуцаж байгаа юм чинь, та надаас биш Ч.Наранбаатар даргаас ярилцлага
авах ёстой ш дээ. Энэ нөхөр хөл­бөмбөгийн холбооны талаар ямар ч мэдээлэлгүй сууж
байгаа. Хэдэн шигшээ багаа нааш нь цааш нь явуулах, хүүхдийн спортын наадам гээд
бөөн мөнгө төсөв. Ямар ч зохион байгуулалт, хяналт байх­гүй. Спортын арга хэмжээ
гээд баахан мөнгө зарцуулдаг юм бай­на лээ. Тэр улсууд чинь өнөөдөр хөлбөм­бөгийн
спортод санаа зовж байх ёстой. Спортын 90 жилийн ой гэж огт байгаагүй тийм ой тэм­дэглэж,
байхгүй газраас одон ме­даль гар­гаж, хөдөө гадаанаас хүн амьтан уриад, улсын мөнгө
үрж хичнээн ч төгрөг зарцуулж байгаа юм, бүү мэд. Ингэхийнхээ оронд спортоо, хөлбөмбөгөө
хөг­жүүлэх талаар бодох хэрэгтэй.

Д.ГАНСАРУУЛ