МИАТ компани олон улсын нислэг цаашид хийх эсэх нь эргэлзээтэй болоод байгаа аж. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас ч манайд энэ талаар анхааруулж хугацаа өгсөн боловч асуудал хүнд хэвээр, МИАТ–ийн үйл ажиллагаа арай зогсчихоогүй торгоож ажиллаж байгаа гэнэ. Компанийн асуудлаа шийдэх гэж дээд удирдлагууддаа хандаж санаа тавьж гүйсэн гурван ч хэлтсийн дарга, инженерийг МИАТ–ийн захирал халчихаад байгаа юм байна. Мөн техник, засварын хэлтсийн бусад дарга, инженерүүд ч ажлаас гарах өргөдлөө өгөөд байгаа аж. Ингээд ямар шалтгаанаар халагдсан талаар нь МИАТ–ийн Аюулгүй ажиллагаа, чанар, нисэхийн аюулгүй байдлын албаны техникийн хяналтын хэсгийн ахлах байцаагч–инженер Б.Баяр, Инженерийн хэлтсийн дарга Ц.Амгаабазар, Техникийн хангамжийн хэлтсийн дарга Ж.Чулуунжав нартай уулзлаа.
–МИАТ–т юу болоод байгаа юм бэ. Ямар учраас та гурав ажлаасаа халагдах болов?
Ж.Ч: -Бид Иргэний нисэхийн хууль дүрэм, олон улсын дүрэм, стандартын хүрээнд ажиллах шаардлагыг удирдлагадаа удаа дараа тавьж байснаас болсон. Халах тушаал дээрээ харин компанийн нууц задруулсан, буруу бичиг цаас ашигласан гээд биччихсэн байгаа.
–Тэр шаардлага нь ямар утгатай байсан юм?
Б.Б:-Манай компанийн сүүлийн үеийн үйл ажиллагаа хууль дүрэм зөрчөөд байна. Агаарын хөлгийн засвар үйлчилгээг хийхдээ стандарт дүрмээр хийх ёстой. Манайд байгаа онгоцнууд гадаад улсад бүртгэлтэй түрээсийн онгоцнууд. Европын иргэний нисэхийн “EASA Part-145” гэдэг стандартаар явах ёстой байдаг. Тэр стандартаар манай засвар үйлчилгээний байгууллага маань гэрчилгээжсэн. Онгоцны засвар үйлчилгээ нь бүгд ийм стандартаар явуулна гэсэн амлалтыг Европын иргэний нисэхийн газарт Монголын “МИАТ” компани өгдөг. Үйл ажиллагааны явцад ялангуяа удирдлагын зүгээс энэ стандартыг мөрдөхдөө алдаанууд гаргаад байсан. Бид МИАТ-ийн удирдлагад алдаануудаа засаач гэж өнгөрсөн хавар, зунаас удаа дараа бичгээр болон амаар мэдэгдэж уулзаж ярилцаж байсан.
–Тэгээд тэр шаардлагыг чинь танай компанийн удирдлага хүлээж аваагүй юм уу?
Б.Б: -Европоос жилд нэг удаа стандартаа барьж байна уу, үгүй юу гэж ирж шалгадаг юм. Нэгдүгээр сард ирэхдээ “Засвар үйлчилгээний үйл ажиллагааг болж байна. Бага сага жижигхэн зөрүүнүүд байна. Үүнийгээ засаарай гэсэн. Мэргэжлийн хэлээр үл тохирол гэж хэлдэг юм. Заасан хугацаанд нь засаад тайлагнана гэж бид хэлээд ажиллаад явж байсан. Хоёр жилд нэг удаа Европын “EASA” байгууллагын манайхыг хариуцсан газраас “Танайх манай олгосон эрхээр үргэлжлүүлээд ажилла” гэдэг. Нэг ёсондоо гэрээгээ сунгаад явдаг гэсэн үг. Миний бие МИАТ компанийг төлөөлсөн Чанарын менежер учраас тэдэнтэй харьцдаг. Тэгээд Европын холбооны Монголыг хариуцсан төлөөлөгчөөс “Та бүхний цаашид үргэлжлүүлээд ажилла гэдэг зөвлөмж хэзээ гарах гэж байна” гэж лавлахад сунгах процесс чинь зогсчихлоо гэсэн. Яагаад зогссон бэ гэтэл “Танай Орхон захирал чинь өнгөрсөн оны долдугаар сард ирээд уулзаад явахдаа өнгөрсөн жилийн 4,5 дугаар сард болсон үйл явдлын тухай тайлан ирүүлнэ гэж амлаад явсан. Тэрийгээ одоо болтол ирүүлээгүй байгаа учраас” гэж бичигт дурдсан байсан.
–Монголыг хариуцсан мэргэжилтэн нь хаана байдаг юм бэ. Тэр тайлан гээд байгаад нь юу шаардсан юм бэ?
Б.Б: -“EASA”-ийн гишүүн
улс Францын Иргэний нисэхийн удирдах газрынхан байдаг. Яг “EASA” mөв нь Германд байдаг юм. Тэр тайланд
гурван зүйл шаардсан байна
лээ. Өнгөрсөн жил манайхан
засвар үйлчилгээ хийж
байгаад онгоцон дээр алдаа гаргаж онгоцныхоо далавчийг гэмтээсэн. Тэр гэмтээсэн
асуудлыг яаж шинжилсэн юм. Шинжлэн шалгахдаа тэр “Part 145” стандартад заасан
хүний хүчин зүйлийн нөлөөлөл болон үл
шийтгэх бодлогыг хэрхэн хэрэгжүүлсэн
бэ.
Энэ бүхнийг багтаасан тайлангаа гаргаж өгөөч гэсэн. Орхон дарга энэ талаар тайлан бичиж гарга гэж надад үүрэг өгөхөөр нь тайлангийн эхний хэсгийг
долдугаар сард гаргаад Орхон даргад өгсөн. Би өгөхдөө “Энэ бол миний хэрээс хэтэрсэн асуудал байна. Тэр онгоцны далавч гэмтсэн асуудлаас чинь болж манайхан хэд хэдэн хүнээ шийтгээд, цагдаад өгөх замаар асуудлыг шийдсэн. Нэгэнт ингэж шийдээд явчихсан асуудлыг EASA -д тэр чигээр нь явуулбал тэд хүлээн зөвшөөрөхгүй ээ. Хүний хүчин зүйлийн нөлөөлөл үү, санаатай юу санаагүй юу,
давтан гаргахгүй байх тал дээр, урьдчилан сэргийлж яаж ажиллав гэж асууж байхад “Та нар шийтгээд эсрэгээр юм
хийчихсэн байна гэж хэлээд, харин эрхээ хураалгаж магадгүй тул та үүнийхээ учрыг өөрөө ол, миний эрхээс хэтэрсэн асуудал боллоо” гэж хэлсэн. Тэгээд энэ чигээрээ байсаар гуравдугаар сарын 18-нд Европын холбооноос сунгах процесс зогсчихлоо гэсэн захиа ирсэн. Яг амралтын өдөр таарсан байсан. Би Орхон захирал руу хамгийн түрүүнд утасдаж ийм юм болжээ. Гэрчилгээ сунгах үйл ажиллагаа зогссон байна гэж хэлсэн. Чи хариуг нь бэлдээд над руу явуулчих гэсэн. Миний хэмжээнээс хэтэрсэн асуудал байнаа, одоо тэд эрхээ хурааж ч магадгүй нь гэж би хэлсэн. Орхон захирал чаддагаараа намайг загнаад
өнгөрсөн.
Энэ нь зөвхөн манай байгууллагын асуудал биш төдийгүй цаашлаад агаарын хөлгүүдийн нислэг үйлдэх эсэх нь тодорхой бус болоод явчихаж байгаа юм.
–Гэрчилгээгээ сунгахгүй бол яадаг юм?
Б.Б: -Тэгвэл онгоцоо нислэгт тэнцэж байна гэж гарын үсэг зурж нислэгт явуулж чадахаа байчихаж байгаа юм. Гэрчилгээн
дээрх 3
дугаар сарын 23-ны өдрөөр тэд дүгнэлтээ гаргаж, сунгах эсэхээ шийддэг.
Ж.Ч: -Тухайн байууллагаас танай үйл ажиллагааг зогсоолоо гээгүй, сунгах процесс зогслоо гэж явуулсан.
Б.Б: -Ингээд Техникийн газрын ерөнхий менежер, хэлтсийн дарга, ахлах инженерүүд бид арвуулаа амралтын өдөр байсан хэдий ч энэ талаар хуралдсан. Онгоцны засвар үйлчилгээ хариуцсан зургаан хэлтэс байдаг. Ингээд бид Орхон захирлын ч хэрээс хэтэрсэн асуудал байна. Дээшээ төр засагтаа хандъя гээд миний ажил үүргийн хуваарьт заасан ёсоор салбарын яам, Ерөнхий сайдад “Байдал ийм байна. Цаашид ингэж болзошгүй байна шүү” гэсэн захиа бичиж явуулсан. Миний ажлын үндсэн үүрэг бол Европын энэ стандарт хэрэгжиж байна уу, гажиж байна уу, үгүй юу, гажуулахгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ гэсэн үүрэг байдаг. Зургаан хэлтсийн дарга дээр нь хэлтсүүдийг хариуцсан ерөнхий менежер бүгд ярилцаад энэ шийдвэрийг гаргасан. Дараа нь даваа гаригт биднийг харьяалж байдаг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэд хандаж бүгдээрээ очиж уулзсан. Тэгээд ажил дээрээ ирсэн чинь компанийн сүлжээгээр захиа тараасан байсан. Гурван хуудас гаруй захидлын тал нь намайг баахан буруутгаад “Өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан.
Монгол Улс Японоос иргэдээ татах гэж буй хэцүү үед үймээн тарьж, саад хийхийг оролдлоо” гэх мэтийн үгтэй захиа явуулсан байсан. Захирал болон бусад удирдлагатайгаа 3 дугаар сарын 21-нд 11 цагт бид уулзаж, байдал хүндэрвэл яах вэ гэж ярилцаж нислэгээ зогсоохгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулах чадвартай болгох арга хэмжээг авцгаая. Захирал өөрөө тэр захиа тайлангаа Европын холбооны иргэний нисэхийн удирдах газар луугаа явуулъя, онгоц эзэмшигчид рүүгээ ч хандъя, энэ хугацаанд манай онгоцыг
таг зогсоочихгүй байх арга хэмжээг авъя гэж хоёр талдаа тохирсон. Онгоц
эзэмшигчид
маань ч тодорхой хугацаанд, тодорхой нөхцөлтэйгөөр нислэг үйлдэж болно гэсэн. Зөвшөөрлийн бичиг өгсөн ба “EASA”-аас ч гэсэн “Зогсоолгүй ажиллаж бай. Тайлангаа ийм ийм асуудлаар дэлгэрүүлж явуул. Бид дөрөвдүгээр сард очиж уулзъя” гэсэн хариу өгсөн.
Тийм ч учраас
гуравдугаар сарын 23-наас хойш
онгоцнууд маань таг зогсолгүй, нислэг хэвийн, манай компанийн үйл ажиллагаа үргэлжлээд явж байна.
–Компаниа аврах гэсэн энэ бүх үйл ажиллагаанд Орхон захирал чинь оролцсон байна, тийм үү?
Б.Б: -Оролцсон.
Тэгээд захирал нэг тайлан гаргаад явуулсан. Мэдээж Орхон захирлын гаргасан тайлан Европын шаардлагыг хангаагүй байх. Би тайланг нь хараагүй ч сургийг нь сонссон. Европын иргэний нисэхийн газраас буцаагаад хариу ирүүлэхдээ өмнө шаардсан тайлангаас бүр их нарийвчилсан асуулга тавьсан байсан.
–Нэгэнт байдал нааштай болоод тодорхой хэмжээний ажил явагдаж эхэлж байхад яагаад та бүхнийг халчихсан юм бэ?
Ц.А: -Дээрх үйл явдлаас гадна бас нэг зүйл байна. Манайд нислэгт бэлэн байгаа “А310 “онгоц байхад Хятадаас хуучин “B767” онгоц түрээслэхээр оруулж ирэх нь буруу гэж бид хэлсэн.
Хятадаас авах гэж байгаа онгоц нь түрээслэх эзэн олдохгүй
бүтэн жил болчихсон онгоц. Сүүлдээ аргаа бараад АНУ-ын
компанид
онгоцоо
зараад тэр нь цааш түрээслэхээр болж байгаа юм билээ. Гэхдээ АНУ-ын компани нь манай МИАТ-ийг түрээсэлнэ гэсэн гэрээ хийсэн тохиолдолд Хятадаас тэр онгоцыг худалдаж авах гээд байгаа юм. Бид тэр онгоцыг очиж үзсэн. Шаардлага хангахгүй онгоц байна. Бүх бичиг баримт нь ч хятад хэл дээр байхад юу мэдэж үзэж шалгах вэ гэсэн юм. Онгоц европ болон бусад улс руу нисэхэд тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Гэтэл энэ онгоц нь 16 жил Хятадад орон нутагт ниссэн, сайндаа л Гонконг орж байсан тийм онгоц байгаа. Олон улсад огт нисч байгаагүй болохоор олон модификаци, өөрчлөлт нэмж хийх шаардлагатай болчихсон онгоц байна, шаардлага
хангахгүй
нь гээд тайлангаа гаргаж өгсөн. Ийм хоёр асуудлыг удирдлагадаа бид олон удаа тавьсан учраас халагдлаа.
Ц.А: -Манайх түрээслэх гээд байгаа “B767” гэдэг онгоц чинь манай өөрийн эзэмшлийн, зогсоочихсон байгаа “А310” онгоцтой ижилхэн ангиллынх. Манайд байгаа “А310” онгоц түрээслэх гээд байгаа онгоцноос аль талаасаа илүү. Манай онгоц Хятадын тэр онгоц хоёр өдөр шөнө шиг ялгаатай байхгүй юу. Манайх техникийн үзүүлэлт нь хамаагүй илүү. Тийм онгоцоо нисгэхгүй байж тэндээс шаардлага хангаагүй онгоц авах гээд байгаа нь ёстой ойлгомжгүй хэрэг. Тэгээд ч манай онгоц Монгол Улсын өмч болчихсон. Ямар ч түрээс төлөхөөргүй болчихсон. Тийм байхад түрээсээр ижил ангиллын онгоц авах гээд байгаа юм. Хятадын онгоцыг авбал техникийн
болон эдийн засгийн талаасаа асар өндөр
зардалтай. Тэр онгоцыг авбал эхний жилд арван сая долларын зарлагатай. Нисэхэд бэлэн байгаа манай онгоц жилд нэг сая долларын зардлаар л нисэх боломжтой. Энэ талаар бид бас Засгийн газар, холбогдох хүмүүст бичиг хүргэж ч байсан. Тэгээд биднийг ажлаас халах гол хоёр шалтгааны нэг нь
дээр өгүүлсэн зөв зүйтэй энэ ажлаа явуулаач гэсэн шаардлага, хоёр дахь нь энэ онгоцыг хүлээж авахгүй гэсэн бидний тайлбар юм. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Батхүү, Р.Буд хоёр
Х.Баттулга сайдад асуулга тавьсан юм билээ. Үүний дагуу салбарын сайд энэ бүх асуудалд тус бүрт нь детальчлан хариулна уу гэсэн бичиг өгсөн байна лээ.
Б.Б: -Тэр асуулгад юу гэж хариулсныг нь бид мэдэхгүй байна. Бидний дээр ярьсан хоёр зүйл ч гэсэн энэ асуулгад тусгагдсан байсан.
–Та бүхнийг халах үндэслэлдээ юу гэж бичсэн байв. Халах тухайгаа хэзээ мэдэгдсэн юм?
Ж.Ч: -Гуравдугаар
сарын
31-нд биднийг хариуцсан Ерөнхий менежер Аюуш “Захирлууд дуудаж байна” гэж ирээд “Та гурвыг ажлаас халсан тушаал гарлаа” гэсэн.
Б.Б: -Намайг халсан тушаал дээр “Компанийн дотоод дүрэм журмыг ноцтой зөрчиж албан ёсны бус бланк ашиглаж, компанийн хэвийн ажиллагааг алдагдуулах, олон нийтийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх буруу ташаа мэдээллийг төр засгийн албан тушаалтан, ажилтан албан хаагчид дур мэдэн тараасан, “Аэробус 310” агаарын хөлгийн техникийн дүгнэлтийн талаархи мэдээллийг олон улсын “EASA” байгууллагад өгөх үүрийг биелүүлээгүй, дээрх олон улсын байгууллагын нэр хүндэд халдаж тус байгууллагын өмнөөс гэрчилгээ сунгагдахгүй талаархи буруу ташаа мэдээлэл хийснээс компанийн нислэг техникийн хэвийн ажиллагааг алдагдахад хүргэсэн, улмаар компанийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх байдалд хүргэсэн зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан тул ажлаас халсугай гэсэн тушаал байсан.
Ц.А: -Чулуунжав
бид хоёрыг халсан тушаал нь яг ижил утгатай байсан. Бид хоёрыг дунд мэргэжилтэй болохоор нь ажлаас халсан гэсэн бор шувуу нисгэсэн байна лээ. Бид эхлээд нисэхийн дунд сурууль төгссөн боловч дараа нь хэд, хэдэн дээд сургуульд мэргэжлийн дагуу сурч төгссөн хүмүүс.
–Орхон захирал баривчлагдлаа гэсэн мэдээлэл интернэтээр тараад байсан. Та бүхний ярьсан асуудалтай арай холбоотой юм биш биз дээ?
Б.Баяр: -Үгүй байх аа. Интернэтээс л харин тийм юм олж уншсан. Ер нь МИАТ компанийн удирдлага буруу ажиллаад байгаа. 2010 онд 1.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Дээр нь зорчигчийн тоо нь ч нэмэгдээгүй. Харин зардал нэмэгдсэн. Жишээ нь зорчигчийн хоол ундны зардал нэг тэрбумаар нэмэгдсэн. Тэр тав зургаан тэрбумыг идсэн гэж нэтэд тавигдаад байгаа нь үнэн бол МИАТ компани гурав, дөрвөн тэрбумын ашигтай ажиллах боломжтой байжээ гэж бодогдож байна. Монгол Улсад компани амжилттай удирдаж байгаа бизнесмэнүүд зөндөө. Тийм хүмүүс манай компанид хэрэгтэй байна. Нарийн мэргэжлийн нисгэгч,
инженерүүд зэрэг бусад хүмүүс ажлаа хийдгээрээ хийнэ. Гэхдээ МИАТ-ийг хүнийхээ ажлыг үнэлж чаддаг, нисгэгч, инженерүүд, ажилчдаа ойлгож чаддаг, шударга бизнесмэн удирдвал бараг дээр гэж бодогддог юм.
–Тэгэхээр чинь мэргэжлийн бус энэ, тэр гэж улстөржүүлээд л эхэлдэг биз дээ?
Б.Б: -МИАТ-ийн маркетинг, удирдлага
заавал мэргэжлийн байх албагүй шүү дээ.
Ж.Ч: -Бид улстөржөөд байх шаардлага угаасаа байхгүй. Байгууллагад эрүүл уур амьсгал байхгүй бол ажиллахад үнэхээр хэцүү. Мэргэжлийн бид худал хэлж, бусдыг хуурч, шударга бус зүйлтэй эвлэрч
байснаас
ажлаасаа гарсан ч гомдох юм алга. Ард түмнийг хуурч ажиллаж угаас чадахгүй.
–Та нар гэнэт халагдсаны өргөдлөө шүүхэд өгөхгүй юм уу?
Б.Б: -Мэдээж өгнө. Гэхдээ шударга бус зүйлийнх нь төлөө л өгнө. Түүнээс ажилдаа орох гэж гуйж давхиад байгаа хэрэг гэж шууд утгаар нь ойлгож болохгүй. Одоо техникийн газрын үлдсэн хэлтсийн дарга нар ч гэсэн ажлаасаа гарах өргөдлөө Орхон даргад өгчихсөн байгаа. Энэ алдаа дутагдлаа засч ажиллахгүй бол цаашид энд ажиллах шаардлагагүй боллоо гэсэн утгатай өргөдөл өгсөн гэсэн.
Ж:Ч: -Амгаабазар
бид хоёрыг халсан нь ташаа зүйл болж. Уучлал гуйгаад ирвэл авч болох юм гэж манай ерөнхий менежерээр хэлүүлсэн байна лээ. Одоо өөр таван хүн өргөдлөө өгчихөөд байгаа.
–Халсан нь буруу болсон юм бол дарга чинь өөрөө уучлал гуйхгүй та нар гуйдаг нь ямар учиртай юм бэ?
Ж.Ч: -Үзэгний
үзүүрээр
хүний амьдралыг шийдчихээд гуйгаад ирвэл ажилд нь авна гэдэг нь өөрөө утгагүй зүйл юм. Тэгсэн атлаа халагдах өргөдлөө өгсөн нөгөө таван хүний өргөдөл дээр гарын үсэг зурахгүй гэсэн байна лээ. Хөдөлмөрийн хуулин дээр өргөдлөө өгөөд сар болоход шийдэхгүй бол өргөдөл нь шууд
хүчин төгөлдөр болно гэсэн
заалт бий. Тэгэхээр манай техникийн газрын хэлтсүүдийн үйл ажиллагаа цаашид яах нь тодорхойгүй болж байна. МИАТ-ийн удирдлага хууль, дүрэм, стандартаараа ажиллахыг зорихын оронд гадны хүмүүс, хятадуудыг ирүүлчихээд байна.
–Тэр хятад инженерүүдийг та нарыг халснаас хойш авчирсан уу?
Ж.Ч: -Үгүй ээ, өмнө нь авчирсан. Гуравдугаар сарын 20-доор манай онгоц нисэх эрхгүй болчих гээд байхад шүү дээ.
–Инженерүүд нь байхгүй юм чинь цаашид нөгөө ирсэн хятадууд ажиллах байх, тийм үү?
Ж.Ч: -Тийм л болж таарч байгаа. Энэ хятадууд ажиллалаа гэхэд онгоцны нисэх үйл ажиллагаа сараас илүү үргэлжлэх боломжгүй болно. Тэд зөвхөн өдөр тутмын ажил л гүйцэтгэх болно. Яагаад гэвэл
долоон хятад зүгээр нэг ирээд тэр их ажлыг хийж чадахгүй. Бусад чухал нарийн ажлыг гүйцэтгэхийн тулд нэмж 30-40 хятад ажилчин нэмж ирэх байлгүй. Ер нь тэгээд үндэсний боловсон хүчин иргэний нисэхэд хэрэггүй болох нь шиг байна. Манай инженерүүд чинь асар их зардлаар бэлтгэгддэг, дадлага туршлагатай, тэр EASA Part145 стандартын шаардлага хангасан, тэднээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс юм, уул нь.
Ярилцсан Д.МӨНГӨНДАЛАЙ