Н.ЭНХБАЯР ХЭМЭЭХ МАХН ХИЙГЭЭД ГУРАВДАГЧ ХҮЧНИЙ НЭГДЭЛ
МАХН
Онц их хурлаа хийлээ. Н.Энхбаяр ил боллоо. Цээж дүүрэн хорсол гомдол тээсэн түүний
нам МАН-ын хувьд Ардчилсан намаас нь илүү хортой. Н.Энхбаяр арын фронтоос өдөр
бүр довтолж байсан ч төрийн бүх том албыг хашиж байснаасаа илүү өнгөлөг гялалзаж
байна лээ. Гэвч МАХН-д Н.Энхбаяраас өөр гялтайх лидер харагдахгүй байсан. Сонгуулийн
хууль намын нэр дугуйлахаар хувилбартай шийдэгдлээ ч аль ч хувилбар дээр Н.Энхбаярын
нам цөөн ч болов суудал авах магадлалтай. Дээр нь нам дотроо алалцаад байгаа МАН
дахь УИХ-ын гишүүд байна. Н.Энхбаяр алсын тооцоотой, манайдаа том улстөрч. Зарим
намууд хүртэл түүний хажууд жижигдэнэ. Тэрээр нам үзэл бодлоос гадна монголчуудын
нутгархаг үзэл дээр тоглож Архангайн гэх гишүүдийг өөрийнхөө төлөө хөдөлгөж чадсан.
Тэр өдрөөс өдөрт томорч байна. Нэг талаас харахад хэдийгээр Дээд шүүхээр баталгаажуулж
амжаагүй байгаа ч парламентад суудалтай намын дарга боллоо. Тэгэхийн тулд ч Ц.Шинэбаяр түүнд хэрэгтэй байсан.
Байдлыг харж байхад Ц.Шинэбаяр дахиж үржих магадлал ч байна.
Улс
төр ид бужигнаж МАН МАХН хэмээх дайсан дүүтэй боллоо. Ардчилсан нам фракцийн эрх
ашиг, хувийн сонирхлоо дарж чадвал өрсөлдөгчдийнх нь тэмцэл хагаралдаан тэдэнд
боломж олгоно. Харин нам доторх жижигхэн амбицаа дарж том улс төр бодож ажиллахгүй
бол байдал хаашаа ч эргэхэд бэлэн болов.
Улс
төрийн гуравдагч хүчин гэдэг жинхэнэ утгаараа
гарч ирлээ. Тэдний нэгдэх үйл явц томоохон намуудын хүнд байдал, зөрчил тэмцлээс
үүдэлтэй. Тэд нэгдэж зөв ажиллаж чадвал Сонгуулийн хууль яаж ч гарлаа гэсэн цөөн
хэдэн лидерүүд нь бүлэг байгуулах хэмжээнд санал авах боломжтой.
Том
намуудын дотоод, гадаадын зөрчлөөс болж жижиг намуудад боломж гарч ирж байна.
Тэдний нэгдэх үйл явц нэгэнт эхэллээ. Жижиг намууд ч МАХН-тай нэгдэхээр ярилцаж
байгаа нь АН, МАХН-ын хувьд бодох ёстой асуудал мөнөөс мөн.
АРДЧИЛСАН НАМЫН
ФРАКЦУУДЫН АМБИЦ ЮУНД ХҮРГЭХ ВЭ?
Өнгөрсөн
баасан гаригт хуралдсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар “Монгол хүн-2020” асуудлыг
хэлэлцээд дараа нь дүрмийн өөрчлөлт, түүнээс гадна генсекээ өөрчлөх талаар ярихаар
тохирсон байв. Гэвч ҮЗХ энэ процедураар яваагүй. Учир нь бүх тохиролцоог Н.Алтанхуяг
нурааж орхисон юм. Үүний өмнө юу болов.
МоАХ, Зүүн хойд Ази гэсэн фракцууд тохирч намын дарга Н.Алтанхуягтай буюу
“Алтан гадас”-ыг урвуулж чадсан байлаа.
“Алтан гадас”-аас том эрх ашиг хүлээн зөвшөөрч чаддаггүй намын дарга ч энэ удаа
зайлуулах шалтаг шалтгаангүй ч гэлээ дургүй нь хүрч явдаг Д.Эрдэнэбатыг ийм амархан
тонгорчих гэж үү хэмээн уухайн тас тэдний хүсэлтийг хүлээж авсан. Гэвч маргааш
нь Н.Алтанхуягийн бодол өөрчлөгдөж, намын дүрэм хийгээд генсекийн асуудлыг хэлэлцэхээ
больсон юм. Үүний гол учир нь генсектээ хайртайдаа биш нөгөө фракцуудын саналыг
хүлээн авснаар өөрт нь ашиг авчрахгүйг хожуу ч гэсэн ухаарсан хэрэг байв.
Э.Бат-Үүл
гэдэг бол тийм ч амархан хазаад идчихдэг боорцог биш. Э.Бат-Үүл намын нарийн бичгийн
дарга боллоо гээд хэзээ ч Н.Алтанхуягийн
тушаалаар хөдлөх хүн биш. Фракцуудын цаад санаа нь Н.Алтанхуягийг өөрийг нь унагаж
авах л оролдлого байсан юм. Д.Эрдэнэбатыг Э.Бат-Үүлээр солих нь нийтэд бол ойлгогдох
зүйл ч гэлээ намын хувьд тийм таатай зүйл биш. Тэгээд ч Д.Эрдэнэбатыг солих нь
Ардчилсан намын эрх ашиг биш юм. Нөгөө талаас Н.Алтанхуягийн ингэж бууж өгсөн
нь Ардчилсан хүчний холбоо, МҮДН фракцийн энэ удаагийн нэгдлээс ч хамаарсан гэмээр.
Хоёр гурван фракц хор найруулж нэгдлээ ч дахиад өөр нэгдлүүд, ашиг сонирхлууд ундарсаар байх нь
гарцаагүй.
Иймээс
ч энэ удаагийн тохирооноос буцсан нь Н.Алтанхуягийн хувьд зөв алхам юм. Цаашид
нам доторх фракцуудын сонирхол үргэлжлэх нь дамжиггүй. Уг нь Ардчилсан намын өмнөх
ялагдлууд тэдний энэ эв нэгдэлгүй, намаа биш өөрсдийнхөө хувийн сонирхолд хөтлөгддөгөөс
шалтгаалж байсан билээ.
МАХН
задарч МАН, МАХН болсон Ардчилсан намын хувьд улс төрийн таатай орчин бүрэлдэж
байна. Даанч фракцуудын хувийн сонирхол, лидерүүдийнх нь хувийн амбиц, хэзээ ч дийлдэшгүй
шунал хүслээс болж энэ нам сонгууль хүртэл эвдрэлцвэл мөрөөдөөд биелэх нь ховор
ялалт тэднээс холуур өнгөрөх болно. Тэдэнд энэ удаа намын эрх ашиг чухал болохоос
хувийн эрх ашиг нэгдүгээрт тавих чухал асуудал
биш. Хэрэв энэ янзаараа генсекийн суудал зэргээр оролдоод сонгуультай золговол
ялагдана.
МАН-ЫН ШАНАЛАЛ
МАН
бол тийм амархан ялагдчихдаг нам биш. Дотроо
хичнээн хагаралдлаа ч намдаа илүү их хайртай. Тиймээс ч тэд өнөөг хүртэл сайн муу
аргаар ялж ирсэн. Одоо арга нь улам нарийсч эв нэгдэл нь улам зузаан байж л тэд
дараагийн сонгуулийг давж гарна.
МАН
шаналж байна. Өмнө нь тэд ганц дайсантай байсан. Одоо дээр нь МАХН нэмэгдлээ. Сонгуулийн хууль тэдний том гарц байх болно.
Тиймээс ч өнөөг хүртэл хуулийг батлахгүй барьж ирлээ. МАН Сонгуулийн хуулийг нөгөө
намаа ялахад биш нөгөөдүүлийг ялахад зориулж хийхгүй бол болохоо байлаа. Ардчилсан
намын генсекээс илүү МАН-ын генсекийн хувийн зан чанар олон нийтийн анхаарлыг татаж
байна. Намын даргатайгаа ярилгүйгээр хувийн өшөө хорслоороо залуучуудыг жагсаасан
нь олон нийтэд таатай сэтгэгдэл авчирсангүй. Ямар ч байсан МАН-ын хувьд
урьд өмнөх шигээ зуун хувь итгэлтэй байдал нь үгүй болсон. Үүн дээр л АН
ухаалаг тоглож чадвал одоогоор хөзрийн тамга гарт нь байгаа.