Categories
редакцийн-нийтлэл

Манантай яваа нь Ардын намынхан, маниасаа гуйдаг нь Ху намынхан

-Н.ЭНХБАЯР : БИ ТОМООРОО БАЙГАА-

БУРИАД САМГАНЫ ГАРГАЛГАА

Хуучны  МАХН нэрээ сольж, хоёр салсны дараа Ардын намын гишүүн болох Нямтайширын Номтойбаяр хэмээх хөрөнгөлөг,  чинээлэг  залуу Ардын намдаа орохгүй гэж адарсан Ц.Шинэбаяр нөх­рийг ардын дайсан бол­гон  ярьж,  манай намынх биш гэж ирээд л баахан баалж. Намын даалгавар хойно Номтойбаяр ч Намтайбаяр болтлоо зүтгэсэн юм байгаа  биз. Угаас өөр намын хүн гэдгээ албан ёсоор зарласан Ц.Шинэбаярын тойрогт Н.Номтойбаярыг зүтгүүлж буй  нам нь бодлогоор дайс­ныг нь даруулахаар илгээсэн нь хэнд ч тодорхой хэрэг л дээ.

Төд удалгүй ардын дайс­наар цоллуулсан өнөө Ц.Шинэ­баяр нь нутагтаа дав­хиад очилгүй яав гэж.  Ардын намын Номтойбаярт хариу­гаа дөмөгхөн шиг  барихаа ч тэр мартсангүй. Ц.Шинэбаяр нь Ху нам гэдэг чинь  хуучны МАХН,  харин Ардын намын­хан бол баячуудын нам гээд Дорнодын их талаар нэг Ху намаа сурталчилж. Та нар МАН нэртэй баячуудын намд орж болохгүй. Хуучны юм Ху намаа түшээрэй л гэж гуйгаад явж.  Дорнодынхон Н.Номтой­баярт биш Ц.Шинэбаяр хэ­мээх хуучин хүүдээ илүү итгэж байгаа юм байх. 

Энэ үйл явдлын дараа Дорно­дын нэг сумын буриад  өвөг­цүүлийн дунд ийм яриа бол­жээ. “Бидний сонгуульд орол­цоод санал өгдөг нь аль нь болж таарч байнаа, ингэ­хэд. Байж байгаад л янз янзын “баяр”  нэртэй нөхдүүд ирээд хоёр янзын нам яриад толгой тархи эргүүлээд байх юм” гэцгээж. Гайхаж хоцор­сон хэдэн өвөгцүүлийн яриан дундуур нэг самган орж “Ма­нан дунд яваа нь МАН-ынх, маниусаа гуйгаад байгаа нь Ху нам нь байхгүй юу” гэж хэлж гэнэ. Өвөгцүүлийн ярианд хошуу нэмэрлэсэн самганаа зэмлэж өвгөн нь  “Битгий дэмийр, МАН нь яагаад манан дунд байдаг юм” гэхэд сүрхий сүүхэйтэй самган “Намын нэр солино энэ тэр гэж дэмийрэхэд нь намын их хуралдаа маниу­сын сонгоод явуулсан хэдэн хүүхэд яалаа. Нэр мэр со­лихгүй гээд жигтэйхэн толгой дохиод явчихаад хотод очоод  өдөр шөнөгүй архи дарс,  тархи толгой угаадаг үгэнд нь автаж манангаас гарч  чадах­гүй байсаар намын нэр со­лиу­лаад ирээ биз дээ. Дарга нарын тавьсан манан­гаас гарч чадаагүй хэдийг манан дунд яваа МАН гэж хэлж бай­на. Ард нь сугарч үлдээд маниусыгаа гуйгаад яваа хэдийгээ Ху-гийнх гээд бай­на”. Сэргэлэн самган ин­гэж өвөгцүүлийн толгойны эргээг өөрийнхөөрөө гаргаж өгчээ. Ер нь бол нутгаасаа гарахдаа намын нэр солиу­лах­­гүй гэж даалгавар авч хот руу их хуралдаа явсан  хэд нь хотод ирээд тархиа гашилтал эргүүлж бэлэг сэлт, ухуулга сурталчилгаа, айлган сүр­дүүлэлт, архи дарсны мананд ороод өөр нам байгуулал­цаад ирснийг нь хэлж л дээ. Аймгаас төлөөлөгчөөр сон­гог­доод явахдаа уг нь Бага хурлынхаа гишүүнд өөрс­дийн хүнийг сонгох гээд нэрээ хүртэл жагсаагаад бэлэн оч­сон байгаа юм. Ирээд манан­гаас гарч чадалгүй нэг л мэдэхэд өөр хүн сонгочихоод очсон байдаг. Ингээд л дээрх өвөгцүүлийнх шиг яриа хаа сайгүй болохгүй юу.

Н.ЭНХБАЯР МАХНДАА ҮЛДЭГСДЭЭ ГООЧЛОВ

Одоо тэр өвгөцүүлийн ярьсан шиг манан дунд яваа МАН-ыг Сү.Батболд авч яваа. Манантай яваа намын дарга маниусаа гуйдаг намынхнаа­саа бас эмээж байгаа нь то­дорхой. С.Баярыг сул гишүүн болоод амбиц нь хөдөлж буцаад хуучин албаа авах гэж анкетаа барьж гүйгээд М.Энх­болдод загнуулаад больсон гэх яриа намын их хурлын үеэр чих дэлсэж байв. Их хурал нь болсны дараа С.Баяр ямар ч байсан АНУ руугаа явчихсан.  Харин Н.Энх­баяр С.Баярыг Ерөн­хий­лөгчийн сонгуулийн үеэр өөрийнх нь эсрэг ажилласан гэх Н.Энхбаярыг хэдэн долоо хоногийн өмнө Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын хүмүүс хүлээн авч уулзжээ. Нөгөө­дүүл нь “Намынхаа эсрэг өөр юм битгий яриад байгаач. Та  сонголтоо хийх хэрэгтэй” гэхэд Н.Энхбаяр эхлээд их л янз муутай байснаа  сүүлдээ “Би МАН-ын Бага хурлын гишүүн ш дээ. Манай хэдэн нөхдүүд л ийм юм хийгээд яваад байх юм” гээд Ц.Шинэ­баяр, Удвал нарыгаа “хөөр­хөн” дөнгөөд авчээ. МАХН-д хамт зүтгэж байгаа хэдийгээ тэрээр цааш нь хэлэхдээ “Тиймэрхүү хэн ч биш гудам­жинд яваа хүмүүстэй юу гэж тэгж явах вэ. Би том алба хашиж байсан хүн. Одоо ч өөрийгөө томоороо байгаа гэж бодож байна” гээд намын бодлогын асуудалд оролцох хүсэлтэйгээ илэрхийлжээ.  Хариуд нь МАН-ын удирд­лагууд   “Тохиролцъё. Н.Бага­банди дарга шиг намынхаа асуудалд оролцоод явж бол­но” гэж найрсжээ. Гэвч түүний энэ хоёр нүүр гаргасан ойл­гомжгүй байдал одоо ч үргэл­жилсээр байна. Соё­лын сай­даас эхлээд УИХ-ын ги­шүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд Монголын бүхий л том албан тушаалыг хашиж явсан тэ­рээр 1992-2009 онд тасралт­гүй өөрийнх нь хэлснээр “то­моо­роо” бай­сан. Өөрийнхөө хаанч­лалын хорь орчим жилд авлигын загалмайлсан эцэг, аалзны тор хэрж явсан гэгддэг атлаа юунд  ингэтлээ өөр хүн шиг одоогийн муу муухай бүхэн өөрт нь хамаа­ралгүй юм шиг ярьж явааг Н.Энхбаяр, бурхан хоёроос өөр хэн мэдэх билээ.  Ямар ч байсан ой ухаанаа гээсэн үү, хуучнаа мартаж шинэ хүн болох гэж жүжиг­лэнэ үү, өөрч­лөгдөх нь өөрч­лөгдсөн. 

Түүний МАН-ын удирд­лагуудтай уулзахдаа ярьсан хар амиа бодсон үгний үр дагаварт МАХН-даа үлдэнэ гэсэн Ю.Атар,  Н.Удвал  нарыг өнгөрсөн баасан гаригт ху­ралдсан нийслэлийн намын хорооны хурлаар намаас хөөсөн шийдвэр гаргажээ. 

   УИХ ДАХЬ МАХН ХОЁР ХӨЛТЭЙ БОЛЛОО

Ху нам УИХ-д ганц хөлтэй байсан бол хоёр хөлтэй болж магадгүй гэнэ. Учир нь Ардын намын нөхдөө зүхэж эхэлсэн дараагийн хүнээр УИХ-ын гишүүн Ц.Батбаяр гишүүн тодорч   байна.  МАХН нэрээ авч үлдэнэ гэж буй Ху-гийн­хан Дорнодын Ц.Шинэ­бая­рын  нөгөө хөл болж гарч ирэх нь. Энэ янзаараа үржиж  нэ­мэгдээд байвал УИХ-д Ху-гийн  бүлэг гээч бий болох нь гэж ажиглагчид яриад эхэл­жээ. Тэгээд мананд төөрсөн МАН, маниасаа гуйдаг МАХН-ынхан гэдэг хоёр бүлэг УИХ-д гарч ирвэл Н.Энхбаяр ха­рин хаана нь бууж ирэх бол.

За тэгээд  мананд төөрдөг нь ч байна уу, маниасаа гуйдаг нь ч байна уу үзэл бодлоороо чөлөөтэй нэгдэх нь ардчиллын зарчим, Үнд­сэн хуулийн заалтад байдаг хөдөлшгүй
нотолгоо.  МАХН-даа үлдэнэ үү, МАН-даа нэг­дэнэ үү долдугаар сарын нэгэнд үзэл бодлоо илэр­хийлсэн хүмүүсийг
хөөж тууж буудсан шигээ үзэл бодлоор нь ялгаварлаж болохгүй л дээ.  Үзэл
бодлоороо хэн нь ч нэгдсэн  хүний эрх. Гэвч  хүний
эрхийн байгууллага үзэл бодлоосоо
хөдөө хотгүй ал­бан шахалтаар МАН-д элсэ­хийг шахаж шаардаж,
дарам­талж байгааг хараад дуугүй
суугаад байж болохгүй биз
ээ. Дал гарсан буриад өвөө на­мынхаа хуучин, ши­нийн уч­рыг
олохгүй будилж явсан  ч МАХН-ын гишүүний
улаан батлахтайгаа хадан гэрт ха­рихыг хүсч
байгаа гэдгээ харин нуухгүй
байсан шүү. Өвгөний хүсэл
Дорно­дын талд төдийгүй Монголын тал нутагт үйлчлэх хүчинтэй хэ­вээрээ юм билээ.

Categories
редакцийн-нийтлэл

Нууцгүй цахим ертөнц

Цахим ертөнц гэрлийн хурдаар хүч түрж байна. Яг энэ үед дэлхий даяар шуугиан тарьсан үйл явдал өрнөж цахим ертөнцийн сайн, муу талыг илчилж орхилоо. Энэ бол Ассанжийн өдөөсөн дуулиан. Нуу­цыг задлахын тулд тэр нууцад нэвтэрсэн. Компьютер нууцыг хад­галагч биш гэдгийг бүгд мэддэг боллоо. Дэлхийн хамгийн том гүр­ний нууцад захын залуус ороод улс хоорондын томоохон асуудлыг  дэлгэлээ. Үүнийг олны хүртээл болгосноороо Жулиан Ассанж хэмээх эрхэм өөрийнхөө сайттай хамт од болж чадлаа. Гэхдээ арга нь хулгайчаас нэг их ялгаагүй. Түүнийг АНУ-ын төрийн департа­мен­тын сайт руу нэвтэрсэн гэж буруутгаж байгаа. Тэрээр АНУ-ын  гадаад улс орнуудад сууж байгаа дипломатуудын төрийн департ­ментдаа бичсэн захидлуудыг анх  ил болгож тавьсан нь шуугиан тарьсан ч цахим ертөнц гэдэг нууцыг хадгалагч биш гэдгийг нотолсон хэрэг юм. Өнөөдөр ма­найхан интернетээр дураараа аялж хүссэн мэдээллээ олж авч дэлхийн аль өнцгөөс хэнтэй л бол хэнтэй харьцаж байна. Нэг талаас нь харвал даяарчлал гэдгийг жинхэнэ утгаар нь илэрхийлж байгаа зүйл бол яах аргагүй цахим ертөнц. Болдогсон бол өөр гариг руу ч мэдээллийн ертөнцийн орон зайг ашиглаж дураараа бичиж болмоор.

Компьютер сайн мэддэг хүмүүст бол (хакерууд) цахим ертөнцөд нууц гэж алга. “WikiLeks” сайтын эзний хэрэг явдал ч нэг иймэрхүү л түүхээс эхтэй гэж таамаглаж бай­гаа. Хүн төрөлхтний нээсэн олол­тууд тухайн үедээ гайхамшигтай байвч заавал нэг сул тал дагуул­саар ирсэн. Интернэт ч мөн адил. Хурдан шуурхай, хоёрыг учруулж, холыг ойртуулдаг энэ дэвшил хэдийгээр гайхалтай ч сул тал олон байна. Хакер гэж мэргэ­жилт­нүүд интернэтийн хаашаа л бол нэвтэрч, юуг л бол юуг хийж байна. Тэдний хараанаас юу ч мултрахын арга алга. Нэг ёсондоо нууц гэж байхгүй болжээ. Дэлхийн хаанаас ч хэний ч нууцад нэвтэрч таныг шоглож болох нь. Ертөнцийн нөгөө өнц­гөөс ч дураараа нулимж дором­жилж болох нь.  

Хурдан шуурхай, тэр дор нь мэдээлчихдэг сайн тал телевиз, компьютерт байна уу, байна. Гэвч интернэт дэх  энэ мэдээллийн эзэн хариуцагч гэж хаана байна. Таагүй мэдээллийг тарааж орхичихоод дараа  нь авчихна.

Дээр нь интернэтэд байдаг сэтгэгдэл гээч нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгож байгаа боловч нөгөө талаараа  хэнийг ч яаж ч доромжилж болох талбар болжээ. Үүнийг чөлөөт хэвлэл гэж нэрлэх нь арай л утгагүй юм. Иймэрхүү гүтгэлэг доромжло­лын хариуцлагыг хэн ч үүрэхгүй байна. Сайтын эзэн гэх нөхөр “Би мэдэхгүй. Хүмүүс л сэтгэгдлээ бичсэн” гээд л амыг чинь таглана.   Сэтгэгдэл нэрээр  тухайн бичигчийг эрээ цээргүй доромжилж гүтгэх явдал хаа сайгүй  байна. Нэр хаяггүй буцах хаяггүй буух эзэнгүй энэ мэдээллийн цаана  үзэн ядалт, эрээ цээргүй доромжлол үнэртдэг. Хэн ч тэр доромжилсныхоо үнэн, худалд хариуцлага  хүлээхгүй байна.  

Бичсэн зүйлийнх нь утга санаа, агуулгатай биш бичсэн эзний нас, хүйс, гадаад байдал, хувийн амьд­рал, ер юуг л бол юуг нь доромжилж байна. Тэд хөвөнд боосон чулуу­гаар балбаж байж л санаагаа амрааж байна. Ёстой л үзэн ядалт өшөө хорслоо, эрээ цээргүй балмад үгээр булж байж тайлж байна. Сайтад сэтгэгдэл бичиж байгаа хүн доромжилж буй нөхөр өөрийгөө “би тэр байна” гэж хэлж зүрхэлдэггүй. Ингээд бодохоор цахим ертөнц дэх мэдээллийг чөлөөт хэвлэл гэх үү гэсэн асуулт гарч ирж байна. Үүнийг чөлөөт хэвлэл гэх юм бол чөлөөт хэвлэлд хэн итгэх юм бэ.

Ямар ч хариуцлага хүлээдэггүй. Юу ч гэж донгосч болдог, нууцыг хадгалдаггүй, интернэтийн энэ сул талыг дэлхий нийтээрээ мэдэж эхэлж байна. Цаасан хэвлэл тий­мээс зах зээлд хүчтэй хэвээрээ байгаа юм.  Баримттай, буух эзэн­тэй буцах хаягтай цагаан дээр хараар нэр хаягтайгаа байдгаараа онцлог. Хариуцлагатай сэтгүүл зүй гэдэг бол энэ. Хэвлэл мэдээлэл тэр дундаа чөлөөт хэвлэл гэдэг хэн дуртай нь хүссэнээрээ хүнийг гүтгэж доромжилж байдаг зүйл биш. Шуурхай байна гэдэг худал хэлэхийн нэр биш.  

Дэлхийн чиг хандлага цаасан хэвлэлээс татгалзахгүй, харин ч бүр цаасан хэвлэлийн хэрэглээ өсөх хандлагатай байгаа нь дэл­хийн хэвлэлийнхний томоохон хурлын үеэр яригдсан судалгаанд дурдагдсан байна лээ. Бичсэн эзэн, хариуцах эзэнтэй, гарт бариг­даж,  баримт болж үлддэгээрээ сайт хэмээх дураараа дургигчдаас өөр.  Цаасан хэвлэл бол ид шидийн мэт баригддаггүй, харагддаггүй ертөн­цөөс хамаагүй амьд. Орон сууц байр байршил нь тодорхой. Харин цаасан сониныг долоон буудлын Должин эмээ ч олж ирж чадна. Ертөнц дэлхий ер бусын хурдтай өөрчлөгдөн хувьсч байгаа ч цаасан сонины хэрэгцээ өссөөр л байна.

Categories
редакцийн-нийтлэл

Архинаас нь салгахыг Архичин Монголын Ард түмэн хүсч байна

Энд нэг хэлэх үнэн байна. Архи нь байсан цагт монгол хүн уухгүй байна гэж хэзээд ч бай­даггүй  юм. Тэд биеэ даагаад дуртай юмнаа­саа татгалзаж, дээр нь сонголт хийж сураагүй. Хэдийгээр архи уух нь эрүүл мэндэд муу гэж мэддэг боловч “За энэ хогоор яах вэ” гээд той­роод явж байсан түүх үгүй. Бас дахиад нэг үнэнийг хэлэхэд архи нэг л амссан бол монгол хүнд тааруулж ууна гэсэн ойл­голт гэж хэзээд ч төрж байгаагүй юм. “Үхсэн, түрүүний жоохон юм одоо бараг гарчихлаа ш дээ. Хурдан дараа­гийнх нь архийг олъё. Сэтгээч ээ. Түргэлээч ээ”  гээд л гүйгээд байдаг. Монгол­чуу­дын тухай ганц үнэ­нийг эцэст нь дуулгахад согтуу монгол эр тавьтар­тай байсан түүх бараг байдаггүй билээ. Бид сог­тохлоо­роо энэ бүрзгэр­хэн бас эмзэгхэн  амьдра­лаа бүрмөсөн хөмөрч ор­хидог. Эрүүл болсон хой­ноо толгойгоо шаан тү­мэнтэй харам­савч бүх юм өнгөрсөн байдаг.

Бид ийм л ард түмэн. Одоо бидний  хоёр хүний нэг нь  архичин хэмээх алдар гуншинтай. Өглөө босоод хийдэг үндсэн ажил нь архи олж уух.

“Сайн уу? сайн, юу байна? юмгүй,
юу хийж байна? юу хийхэв, архиа уугаад л явж байна”. “Та­ван зуун цаас өгчих, ганц юмны гуя болгох гэсэн
юм” …Ихэнх  харцуу­лын ярь­даг яриа ийм л
хэмжээнд эргэлддэг. Тэд бас “Ганц кг гурилын мөнгө олд­доггүй байж ганц шил архины мөнгө хаанаас ч олддог” гэж ярих дуртай. Өнөөдөр
тэр ууж байна. Надаас ганц юмны тал гуйлаа. Байвал өгчихье, яагаад гэвэл маргааш намайг ууж байхад хэн
нэг нь мөн ингэж бодоод тал
шил юмны мөнгө өгнө
гэсэн  фило­софи энд үйл­чилдэг.

Нэгэнт уухаа больдоггүй, уух­лаа­раа тасартал уудаг, уусан хойноо тавьтаргүй монголчуудын амьдрал тамд байгаа мэт харгис байх нь зүйн хэрэг биз дээ. Дэлхийн хамгийн халуун цэг Ирак, Афганис­танд нэг шөнийн дотор нэг гэрийн найман хүнийг гэртэй нь цуг уст­гачих­жээ гэж дуулддаг уу? Тэгвэл Монголд энэ бол ердөө цочирдох мэдээ биш болсон. Хөгшин залуу хүүхэд үүхэдгүй цугларч архидаж байгаад нэг шоронгийн шаар тас­ра­хаараа цөмийг нь алаад гэрийг нь галдаад өөрөө бас угаартаж унаад цуг шатчихсан. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй. Хэрэв хариуцлага яривал гэртээ архидаж байгаад бие биенийгээ алаад шатчихсан хулгайч нарыг би яах болж байна гэж хороон дарга, хэсгийн төлөөлөгч нар нь барьж иднэ биз. Үнэндээ ч бараг тийм. Манай дарга нар ийм мэдээг ямар ч цочирдолгүй хүлээж аваад сур­чихчээ.

Монголын нийгэм архичдын нийгэм болоод удлаа. Ийм нийгэмд юу ч хийгээд нэмэргүй. Ямар ч шударга ёс ардчилал эрх чөлөө гэж яриад ямар хэрэг байна вэ?  Ийм нийгэмд ардчилал тэгш эрх, шударга ёс энэ тэрийг яриад хэрэг­жүүлэх гэж оролдвол   харин ч  гай болдог. Дээрх эрхэм зүйлс хүний нийгэмд байдаг болохоос архич­дын нийгэмд харш зүйл юм. Албан ёсны судалгаагааар манай хүн амын 51.2 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг зуршилтай нэг хүнд жилд 33 литр архи  ноогдож байгаа ажээ. Дээр хэлсэн хоёр хүний нэг нь архаг архичин гэдгийн учир энэ юм. Олон улсын хэмжээнд нэг хүнд ноогдох архи жилд найман литрээс хэ­тэрсэн тохиолдолд аюулын ха­ран­га дэлддэг жишигтэй юм байна. Байдал ийм болсныг Монгол Ул­сын Ерөнхийлөгчийн газраас анхаарч үндэсний аюулгүй байд­лын зөвлөлөөр ойрын хугацаанд  Монгол дахь архидалтын байдлыг хэлэлцэх гэж байгаа нь цагаа олсон хэрэг боллоо. Энэ тухай зүгээр хэлэлцээд орхих биш, энэ хүнд байдлаас гарах гарцаа олцгооё хэмээн үзэж байгаа биз ээ. 

Монголд архидалт ингэтэл хавт­гайрч байгаа энэ байдал нь олон жил үргэлжилж байгаа, архи­дал­таас үүдсэн гэмт хэрэг үүнээс нь үүдсэн хүн амины хэрэг хэрээс хэтэрч байгаа энэ цаг үед тэгээд дээрээс нь хорлож байгаа юм шиг хоёрын хооронд хорь гучин мянган төгрөг зүгээр байхад нь архины чинь мөнгөнд нэмэр гэж төрөөс өгөөд байх болж  байгаа энэ цаг үед төр архин дээр хатуу бодлого гаргах цаг болсон.  Үүний тулд яах ёстой вэ. Монгол Улсад архи сог­тууруулах ундаа үйлдвэрлэх, ху­далдаалж борлуулах, ууж хэрэг­лэхийг хуулиар хориглох хэрэгтэй байна.  Ердөө л ийм хууль хэрэгтэй.  Үүнийг зөрчигсдөд эрүүгийн хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна. Энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг төр олон нийтийн олон байгууллагуудыг байгуулж төрөөс санхүүжүүлэх хэрэгтэй. Энэ бүхний үр дүнд яах вэ? Эхлээд архигүй болно. Архи нь байхгүй байхад архичин байна гэж байх уу?

Дуугаар эхэлж уйлаанаар төгс­дөг архидалт байхгүй болно. Хун­дага тулгалтаар эхэлж нударга зөрүүлэлтээр төгсдөг архидалт зогсоно. Гоёлын даашинзтай бүс­гүй осгож үхэхээ болино. Архи хорихоор далд наймаа шаг хөгж­дөг гэсэн яриа байдаг. Хөгжөөд хөгжөөд ил зарснаас мянга дахин багасах нь дамжиггүй бус уу.  Элдэв үнэртэн ууж үхдэг юм гэсэн тэнэг яриа байдаг. Тэгнэ  л биз дээ. Тийм болтлоо архинд орчихсон юм ер нь хэзээ хэнд хэрэгтэй юм бэ. Архи байхгүй болохоор эхэндээ жаахан уйтгартай байж магадгүй, гэвч жаа­хан удаж байгаад хүмүүс ажил хийгээд эхэлнэ. Ядахдаа хашаа хороогоо хадаж гэр орноо янзлаад эхэлнэ. Олон, олон жил дайн ту­лаанд яваад эзгүй байсан эрчүүд эргээд ирж байгаа мэт. Ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг, янхандалт бөөдөлт бүгд байхгүй болно. Ядуу учраас архи ууж байна гээд байдаг юм. Үгүй  шүү, архичин учраас ядуу байгаа юм. Архигүй нийгэмд ард­чилал эрх чөлөө энэ тэрээ ярьж болно доо. Ажилгүй учраас архи ууж байна гэсэн яриа байдаг юм. Үгүй дээ, архи уугаад байгаа учраас л өөр ажил хийхгүй  байгаа юм шүү дээ. Архидалт гэдэг асар том хор­лонт ажил. Архигүй болохоор хүн архидахаас өөр ажлыг хийгээд эхэлдэг юм. Яагаад гэвэл хүн ерөө­сөө зүгээр суудаггүй онцлогтойгоор бүтээгдсэн байгалийн аугаа их бүтээл билээ.

Хуурай хууль АНУ-д туршсан, асар их хор нөлөөтэй гэж яригсад бий. Энэн шиг худлаа юм байхгүй. Ийм яриаг архи уудаггүйчүүд гол­дуу гаргадаг. Монголд архи уудаг­гүй цөөхөн
хүн бий. Та нар ажиг­лаарай.
Тэр хэд бүгд Монголын бүх өөдтэй өнгөтэйг нь өөрийн болгоод авчихсан байдаг юм
ш тээ. Тэд архи уудаггүй учраас
л баян бас эрүүл байгаа юм.
Харин ард түмэн архи­чин байх
нь тэдэнд амар байдаг. Архи нь асуудалгүй
олдож л байвал тэдэнд өөр
юу хэрэгтэй гэж. Архины хуурай хуулийг архи­чингууд яасан их дэмжих бол. “Биднийг
энэ хар хорноос салгаад өгөөч ээ. Төр засаг гэж юм байна уу?” гэж тэд
орилол­дож байдаг юм. Жирийн олон ардчиллын сайхныг мэдрэхээсээ илүү ташуурын амтыг мэдэрэхийг хүсч байдгийг угсаа муутай манай
ноёд яаж ч мэдэх билээ дээ. Энэ социализмын ха­раал архин далай­гаас гарч чадвал
монголчууд би­дэнд хөгжил
гэдэг чинь юухан байх вэ дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Дэм болохгүй Засгийн газар дээс бариад ирлээ

Улс төрийн амлалт ихээхэн хүчтэй байдаг ажээ. Сонгууль дөхөөд ирсэн үед арьсаа хам­гаалж үлдэхийн тулд болж байгаа­гаа нураах, цаашид элдэв эрсдэлт асуудал үүсэх нь хэнд ч падлийгүй байх юм. Саяхан баталсан шинэ оны төсвөөр 805 тэрбумыг ичсэн нүүрээ хийх газар болгон тараах болсон билээ. Энэ мөнгөөр “2000 хүүхдийн суудалтай 80 дунд сур­гууль, аймаг бүрт олон улсын стандарт хангасан орчин үеийн эмнэлэг барьж, 20 мянган өрхийг орон сууцаар хангаж, “Говь” комби­нат шиг 40 үйлдвэр барьж, эсвэл Улаанбаатарын замыг бүхэлд нь шинэчлэн тавьж чадах байсан” хэмээн хэвлэлүүд эмгэнэн бичиж байна. Уг мөнгөний 700 гаруй тэрбум төгрөг нь бэлнээр тарааг­даж үлдэх 80 гаруй тэрбум төгрөг нь Хүний хөгжил сангаар дамжиж бүхий л их дээд сургуулиудад сургалтын төлбөр болж очно гэж байгаа. Өнгөрсөн намар их дээд сургуулиудыг оюут­нуудаас авах 500 мянган төгрөгөө авсанд тооцож хасаад үлдэх мөнгийг нь ав гэж дээд газраас нь үүрэгдсэн билээ. Энэ мигуйд даал­гавар нь боловс­ролын салбарын­ханд тун хатуу дөнгө болсон юм. Тэр үед төсөвт уг мөнгийг суулгаа ч уу, үгүй ч үү мэдэгдэхгүй байсан болохоор байдал бүр ч хэцүү байв. Одоо уг хөрөнгө төсөвт хүчээр хийгдсэн ч үүнийг дагаад боловсро­лын сал­бар нурахад улам ойртов. Их дээд сургуулиудад хүүхэд нь суралцаж байгаа малчинд тэнгэ­рээс хагас сая төгрөг унаж ирээд, төлбөрийг нь төлж амьдралыг нь дэмнэсэн мэт байгаа ч эргээд хамгийн аюултай галаар монгол­чууд бид тоглож байна. Улс оронд хамгийн чухал амин сүнс нь байх ёстой боловс­ро­лын салбар амлал­тын энэ шуурганд өртлөө.

Хүний хөгжил сангаас сурч боловсроход нь дэм болгож хагас саяыг өгнө гэсэн шийдвэр гарснаас хойш их дээд сургуулиудын хэвийн байдалд чичиргээ гарч эхэлсэн билээ. Төрийн албан хаагчид цалин­гаа 30 хувь нэмээд байдаг, харин энэ дайрлагад дайруулсан сургуулиуд цалин нэмэх тухай бодох ч хэрэггүй болсон. Дээрээс нь өрсөлдөөнөөр чанартай сур­галт, чадварлаг боловсон хүчин бэлтгэх бодлого уг 500 мянгын дайрлагаар бүрмөсөн булшлагд­сан гэж болно. Одоо материаллаг баазаа нэмэгдүүлж, чанартай сургалтыг олгоно гэж дүвчигнэх ч хэрэггүй болж байна. Хагас жи­лийн хугацаанд багш нарынхаа цалинг арай хийн тавьж дэнжигнэж ирсэн сургуулиуд үлдэх хугацаандаа мөнгөө яаж ийгээд олоод авбал чанартай мэргэжилтэн бэлтгэнэ энэ тэр гэж сүржигнэх ч шаард­лагагүй. Зүгээр хүүхэд бүрээс ирэх 500 мянган төгрөгийн татаасыг нь аваад сууж байхад л болж байгаа юм. Бас тэр мөнгөө зовлон багатай олоод авбал шүү. Тэрхүү мөнгөө авах гэж төрийн түшмэлийн царайг харж багагүй зовно. Хэрэв хэн нэгэн албан тушаалтны ая эвийг олоогүй бол сургуулийн дансанд мөнгө орж иртлээ удна даа. Аягүй бол хэдэн цаас хариу атгуулах ч хэрэг гарч магадгүй. Уг нь хуучин хэдэн хүүхдээсээ төлбөрөө аваад явдаг байсан бол одоо төрийн гар энэ салбар руу орсноор асуудлыг бас л хүндрүүлчихэж байгаа юм.

Улс төрийн энэ шийдвэр шинэ Монголын боловсон хүчин бэлтгэх зорилготой сургуулиуддаа халтай, харин хүний бөглөөсөөр улсаас татаас аваад суух сонирхолтой диплом тараадаг жижиг сургуулиу­дад нэг талаас таатай боломж олгож байгаа юм. Одоо хэн ч өрсөл­дөөнөөр боловсролыг олгох гэж мэрийх хэрэггүй боллоо. Ийм гачлант үе Ерөнхий сайд болсон анхны уулзалтаа боловсролын салбараас эхэлж байсан С.Бат­бол­дын үед тохиодог байна шүү.  Уг нь түүнийг боловсролын салба­рынхантай анхны уулзалтаа хий­хэд нь Монголын боловсролыг шинэ шатанд гаргах боломж ирлээ гэж ирээд л өвгөн эрдэмтэд хөөрч байсан гэдэг. Гэвч сонгуулийн амлалтыг биелүүлэх болчимгүй энэ шийдвэр нь боловсролын салба­рыг моринд нь мордуулчихлаа. Энд тэндгүй “Ардын нам мандту­гай” гэж туг дэрвүүлэн давхицгаа­саар байгаад энэ Засгийн газар юу ч хийсэнгүй. Хамгийн их дэмжих ёстой боловсролын салбараа боомилоод хаячихлаа. Уг нь Төр засаг нь дэм болохгүй бол гай болохгүй байх алтан дүрмийг барьж явсан улс орон хөгжөөд байх шиг байдаг юм. Харин Монголд дэм болохгүй мөртлөө дээс бариад боомилох Засаг байх юм даа.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Монголд ядуу хоосон амьдрах нь ичгүүртэй хэрэг

“Амьдрал
гэдэг энэ бурхны найран дээр турж үхэх ухаангүй­чүүд дэндүү хайран” гэж эртний нэгэн яруу найрагч хэлсэн байдаг. Үнэхээр амьдрал бол зүгээр л хүмүүн төрөлхтөнд зориулж бурх­наас дэглэж байгаа найр шиг санаг­дах удаа олон бий. Тэгвэл  найран дээр зочноор ирчихээд турж үхэх нь бас ч гэж дэндүү харамсмаар хэрэг буюу.

Амьдрал ядуу байна гэж  бид сүүлийн хорин жил ярилаа. Ингэж харам­сан ярихаар баян болдог­сон  бол өдийд монголчууд дэлхий даахгүй баячууд болохсон.  Даанч эвэр хошуулан ядуу хоосноо гайхах тусам бурхны дэглэсэн найран дээр турж үхэх гэгч нь тулаад байна. Өвөг дээдсээс үеийн үед хадгалан харамлаж бидэнд үлдээ­сэн энэ сайхан оронд  ядуу зүдүү­гээ гайхахаа одоо болимоор юм.

Арчаагүй ядуу зүдүү байгаагаа хөөрөлхөхөөсөө өмнө ямар оронд амьдарч байгаагаа эргээд нэг санах хэрэгтэй байна. За яахав цаг агаар хүйтэн л юм биз. Ганц улавч ганц агтавчтай амьдраад байж болох­гүй хэцүү байна гэж гомдоллож болох л юм. Гэвч дулаан байсан ч, хүйтэн байсан ч өөрөө хоол олж идэхгүй бол адилхан л турж үхэх биз ээ. Тэгэхээр хүйтэн гэдэг бол заавал ядуу байх  хүчин зүйл биш юм. Улаанбаатарын хонхорт утаа­тай нь үнэн. Гэхдээ хотоос гадагш ганц км явахад л тал нутгийн цэнгэг  агаар сэнгэнэж агь гангийн анхи­лам үнэр таныг угтах болно. Энэ хязгаар хярхаггүй цэнхэр талд тавиад сая мал бэлчээрлэж байна.  Тэгвэл бид дөнгөж гурван сая хүн амь хүрэхтэй үгүйтэй билээ. Ийм байж ядуу хоосноо гайхах хэрэг байна уу.  Гэхдээ би энд заавал мал маллаж амьдар гэх гээгүй байна.

Хүн бүр мал маллаж амьдардаг байсан бол одоо хүн бүр уурхай­чин болж амьдрах бүрэн боломж  байгаа.  Манай орон шиг ийм ашигт малтмалаар баялаг орон ер нь  энэ дэлхийд өөр байна уу. Монгол орны газар нутгийн гучаад хувийг судалсан, далаад хувийг судалж амжаагүй байна. Тэгвэл тэр суд­лагд­сан гучаад хувь нь манай орныг  дэлхийн ашигт малтмалаар баялаг орнуудын эхний 15-д оруулж байна. Тэгэхээр үлдсэн далан хувиас юу гарах вэ. Юу ч үгүй хоосон байхгүй нь л мэдээж. Юм бүхэн байна гэсэн үг. Ийм оронд амьдарч байж ядуу хоосноо гайхац­гаавал ёстой заяа нь гомдох байлгүй. Ямар ч байсан ойрын тавиад жил бид газар шороогоороо амьдрах ирээдүй байна.

Тэгэхээр бид уул уурхай гэдэг юмыг мэддэг болох хэрэгтэй. Мөн түүгээр амьдарч, дээр нь хөдөл­мөрлөж  сурах ёстой. Хүрз бариад амьдарч болж байна. Энэ нь уур­хайчин болох гэсэн санаа л даа. Хөдөө сумуудаар дүүрэн нинжа язганаж байгаа нь үүний л нэг хэлбэр юм шүү дээ. Гэхдээ уурхайд ажиллана гэдэг нь юу гэж түүнтэй адил байх вэ. Нийгмийн даатгал төлж, цалин нь өндөр байх биз.

Мөн уурхай эзэмшиж  болно. Энэ нь уурхайн эзэн байж босс болж амьдрах хэрэгтэй гэсэн үг юм. Яагаад хаа дуртай газартаа хүрзээр гишгэхэд чулуун нүүрс гарч байдаг орны иргэд уурхайн эзэн болж болохгүй гэж. Бараг худалч хүнд сохор таамгаар хөр­сийг нь хуулахад л дээд зэргийн илчлэгтэй нүүрс сул хэвтэж байгаа юм биш үү. Тэгвэл хэдүүлээ ний­лээд нэг нь ахлаад л ухаж эхлээч дээ. Уурхай хийх нь бараг төмс тари­хаас хялбар болчихсон гэдэг яриа үнэний ортой. Эзэн байх хүсэл зоригийг нь бид өөрсдөө дэмжиж сурах ёстой.

Уул уурхайгаар амьдрах хам­гийн түгээмэл арга зам нь хувьцаа эзэмшиж, түүгээр арилжаа хийж амьдарч сурах хэрэгтэй болжээ. Үүнийг мал малладаг шигээ, хөг­шин морины наймаа хийдэг шигээ сурч дадах хэрэгтэй байна.   Бидний ярианы сэдэв уул уурхайн хувьцаа болж  айлд ороод гарахдаа  “Таван толгойн хувьцаа өсөх шинжтэй байна. Панз Лувсан ойрдоо энэ хувьцааг хамаад байдаг боллоо. Тэр мэдэж байгаа” хэмээн ярьц­гаадаг болбол бид жинхэнэ ёсоор нь сурч зах зээлд орж байгаа нь тэр юм. 

Мөн уурхай дагасан дагалдах ажил хийж барахааргүй их юм. Адаглаад л ажилчдын бээлий оёод зараад байхад л болоод явчих биш үү. Хоол хош унаа тээвэр, үйл­чилгээ цэвэрлэгээ гэх зэрэг ажил мундахгүй их гарна. Үгүй ядахдаа л уул уурхайн чиглэ­лийн хэвлэл мэдээлэл  хэд хэд байх шаардлага  бий боллоо. Хийх гэвэл бараг­дахгүй их ажил биднийг хү­лээж байна. Хуучин бол мал мал­лах, тариа тарих, төсвийн ажил хийхээс өөр юм олдохгүй байсан. Тэгвэл газрын диваажин болсон манай орны үүц задарч  хаашаа л харна ажил хөдөлмөр биднийг хүлээж байна. Ийм их баялаг ийм их боломжтой оронд амьдарч байж ядуу хоосон, гутрал гунигийн та­лаар ярих нь өөрсдийгөө ичгүүрэй байдалд оруулж байна.

Одоо зүгээр хэн хаана ямар ажил хийж болохоор байна түүн рүү дайрцгаая. Өөрөө өөрсдөдөө боломж гаргаж өгцгөөе. Бид өөрс­дийнхөө төлөө санаа тавихгүй бол өөр хэн бидний төлөө санаа тави­на гэж.

Таван толгойн тийшээ нүүцгээе.  Оюу толгойд бууж хашаа хатгая. Ухаа худагт дөхөж очъё. Олон овоотод нутаглая. Тавих гэж байгаа төмөр зам, тавьж байгаа засмал замыг нь бараадъя. Одоохондоо хүрз бариад зүтгэе ээ, хүмүүс ээ. Удаж төдөлгүй л техник бариад хөдөлмөрлөх болно.

Уул уурхайн гадна дотны эздэд захих ганц л юм энд бий. Монгол­чууд бид эх орондоо байгаа эрх чөлөөтэй хөдөлмөрчин ард түмэн шүү гэдгийг л хатуу санаж байх ёстой. Хаана дуртай газраа ажилд орох эрхтэй, эрхээ хамгаалуулах төртэй  ийм л ард түмэн бид. Түү­нээс энд тэндээс цагаачилж, оргож босож  ирсэн, иргэний эрхгүй,  идэх хоолоор ажилладаг хүмүүс бид биш билээ. Ийм ялгаа заагийг харж мэдэрч сурах нь хаа хаанаа хэ­рэгтэй. Бид ямар гадаадад хөлсөөр ажил хийж байгаа биш. Эхлээд монголчууд, дараа нь гадаадын хөлсний ажилчид.

За тэгээд “нөхдөө” бурхны дэглэн тавьж байгаа найр
ямар байна. Танд зөвхөн гараа хөдөл­гөөд
л найрын тавагнаас идээ авч идэх л дутуу байгаа бус уу.

Categories
редакцийн-нийтлэл

Толгойгүй МАХН, бөгсгүй МАН

МАХН МАН болсон гэсэн чинь үгүй бололтой юм. МАХН-аас МАН гэдэг толгой нь тасарч, МАХН хэмээх бөгсөн бие нь үлдчихээд ана мана үзэл­­цэж байна. Ингээд их биегүй толгой, толгойгүй бие хоёрын ширүүн тэм­цэл лавтай дараагийн сонгууль хүргэх нь. Ер нь тэгээд их бие, толгой хоёр салчихсан байхад бүтэн гэсэн ойлголт үгүй болно. МАХН-д үлдэгсэд бөгсөн биений толгой болооч хэмээн Н.Энхбаярыг ха­даг барин гуйж, Н.Энх­­баярт толгойгүй ч гэсэн хүйтэн бөгс тэврэх хувь заяа ногдож байх шиг. Ингээд Н.Энхбаяр морь унасан толгойгүй хүн болж МАХН-аа ма­наж, У.Хүрэлсүх Сү.Бат­болд тэргүүтэй биегүй тол­гой­нууд МАН-аа салгаж ав­лаа. Ингэснээр тэд сон­гуу­лиас өмнө хуваагд­лаас болж сон­гуульдах янзтай.   

Шарын шашин Мон­гол нэвтэрч байх үед Гом­богүр бурхныг залж ав­чирч явсан нөхөр халам­цуу явсан уу яасан ха­галж унагахад бөгсөн бие нь үлдэж, цээжин биеийг нь авчирч залсан  гэдэг. Бас болоогүй ээ, “Дуртай толгойг нь аваад явъя, дургүй бөгс нь эндээ үл­дэнэ биз гэж хэлж байсан гэдэг. Өөр нэг хувилбар нь бурхан залж явсан хэдэн хүн зам зуур амраад хөд­лөхдөө залж яваа Гомбо­гүр бурхнаа тавьсан газ­раасаа авах гэтэл наалд­чихсан мэт газраас хөн­дий­рөхгүй байж гэнэ.  Тэгэ­хээр нь “Дургүй бөгс нь эндээ үлдэнэ биз, дур­тай толгойг нь аваад явъя” гээд сэлмээр цав­чиж аваад цээжин биеийг нь авчирч залсан” гэдэг. Одоо энэ МАХН, МАН-ын хуваагдал тэр  бурхныг залж ирсэн дом­гийг санагдуулаад байгаа юм. У.Хүрэлсүх тэр сэ­лэмддэг нөхөртэй ч адил юм уу гэж бодогдохоор. 

Дуртай толгой нь МАН болж, дургүй бөгс нь МАХН-аараа ингээд үл­дэв. Хувь тавилангийн шоглоом гэж үүнийг хэл­дэг байх. Хэдэн дарга нар нь дагалдагсдын хамт МАН болж, анхан, дунд шатныхны ихэнх нь МАХН-аараа үлдсэн энэ түүх хол замыг туулж ир­сэн Гомбогүр бурхны хувь заяатай их төстэй юм.  Бурхан ч яахав бөгсгүй толгойтой залагдаж бол­дог юм байна. Харин нам яадаг бол доо.

ГЭДСЭНДЭЭ ЖИЙЛЦСЭН АН

АН-ын хувьд толгой бөгсөөрөө хуваагдчихаа­гүй ч гэдсэндээ бол хөлөө жийлцээд эхэлсэн. Н.Ал­тан­хуягийн эсрэг Ард­чилсан хүчний холбооны тэргүүн З.Энхболд тэр­гүүтэй нөхөд, дээр нь сүүлийн үед намын дар­гынхаа заналт дайснаар тодорсон С.Эрдэнэ нар  нэг талд зогсож байгаа.  З.Энхболдын талд за­луус жагссан гэдэг нь ч анхаарал татаж байна. Намын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ээл­жит бүх их хур­лыг хурал­дуулах санал­тай намын нөхдийн сана­лыг хүлээж ч авч буйгаа илэрхийл­сэн. Магадгүй намын дар­га нь ээлжит бус их хур­лыг хуралдуу­лах тал дээр өмнөхөөсөө арай нааш­тай байр суурь­тай болсон юм байл­гүй. Намын ээл­жит бус хурлын төлөөх энэ байдал намын ши­нэч­лэл яригсдыг эв нэг­дэлтэй байхыг са­нуулж байна. Хамтарсан Зас­гаас гарах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлц­сэнээр  намын ши­нэчлэ­лийн тө­лөөх нэг том ал­хам болох биз. 

Ээлжит бус хурал ху­ралдуулах тал руугаа ч Ардчилсан нам явчих­лаа. Тэгэхээр Үндэсний зөвлөлдөх хорооны хур­лын уйтгарт хурал дахин болохгүй байх. Өрсөл­дөгч гол нам болох МАН залуусыг хайр найргүй элсүүлж ирэх сонгуульд залуусын саналыг авах гэж буй үед залуустай нэгдсэн З.Энхболдын бод­лого ч бас зөв юм.  Гэдсэндээ хөлөө жийл­цэх яах вэ.  Гол нь гэдсээ өвтгөхгүй байх хэрэгтэй.