Categories
редакцийн-нийтлэл

Гурван сая монгол зодолдоно

“Гурван монгол зодолдоно”  нэртэй нийт­лэлийг одоогоос арван хоёр жилийн өмнө ард­чил­лын дууч, сэтгүүлч С.Цогтсайхан бичиж бай­лаа. Тэрбээр “Монгол хүний цусаар уудам тал нутаг шиг эрх чөлөөт бие даасан цус урсана. Биеэ даасан буюу индиви­дуаль­ный цус нь хэний ч хараат бус, хэнтэй ч нө­хөр­лөхгүйгээр амьдрах чадварыг төрүүлнэ. Ин­гэж монголчууд уул уулын бэлд жалга дов бүхэнд ганц нэгээрээ нүүдэллэн амьдрах бөлгөө. Нүүе гэвэл тэмээтэй, саая гэвэл үнээтэй, идье гэвэл хонь ямаатай, явъя гэвэл морь­той өрх айл хэний ч гар харахгүйгээр өөрөө өөрий­гөө болгож л орхи­но. Ийм амьдралаас хам­тын хөдөлмөр, эв нэгдэл гэсэн ойлголт төрдөггүй. Яагаад гэвэл хамтрах нэгдэх шаардлагагүй.

…Нүүдэлчид бол амиа бодсон, аливаа хө­дөлмөрийг үл ойшоосон, бүтээн босгох биш булаан эзэрхийлэхийг урьдал
болгодог улс гэдгийг түү­хээс харж болно” хэмээн уг нийтлэлдээ бичсэн бай­даг юм. “Хоёр
монгол архи­дана, гурван монгол зодолдоно” гэсэн хэлц үгээр санаа болгон нийт­лэлээ гарчиг­ласан
нь өнөө­гийн энэ өдрүүдэд ч яв цав тохирч байна. Арав хүрэхгүй хоно­гийн өмнө Туркээс нутгийн зүг жолоо залан ирж яваа гурван монгол “Аэрофлот”-ын
онгоцонд муудалцан ну­дарга зө­рүүлснээс болж онгоц нь ОХУ-ын Пермьд ослын буулт хийв. Тэдэнд удаа
дараа шаардлага тавиад байхад үхэр мэт зөрүү­дэлсээр байсан тул орос ахмад онгоцоо газар­дуу­лахаас аргагүйд хүрсэн гэх. Өч төчнөөн зорчигчид гурван монго­лын зодооны улмаас
гэр орондоо ирэх хугацаа нь нэг өдрөөр хойшилж, тус компани зорчигчдын хоол унд, зочид буудлын өртөг гээд талийж өгсөн тул хэргийн эздээр нь гарсан төлбөрийг төлүү­лэхээ мэдэгдээд байгаа билээ. Эхлээд энэ
мэдээг сон­соод “Юун сүртэй юм. Онгоцоо буулгатлаа сүр­жигнэх гэж, согтуу хүмүүс тэгж байгаад унтаад өгнө л биз” гэх монгол хүн бай­сан л байх. Гэвчиг мон­голчуудын
энэ араншин өөрсдөдөө болдог юм гэхэд гадны хүмүүст тө­сөөлөгдөшгүй бэрхийг  бид ойлгох ёстой. Саяхан БНСУ-д бас нэгэн монгол
олон нийтийн газар ичим­дэг эрхт­нээ хаа сайгүй дэлгэн гаргаж яваад жу­рам­лагдсан таагүй мэдээ байна. Туркт хүний хул­гайд өртөн, боолчлогдож яваад ирсэн хүмүүс мон­гол хүн монголчуудаа харийнханд худалдаж байгаа
талаар ярилцлага өгөв. 

Мөн улс дамжсан хар тамхины сүлжээний то­моохон гар хөл ч манай­хан гэж дуулдах юм. За тэгээд, Европын орнуу­дад монголчууд урт гар­тай гэдгээрээ алдартай. Зарим дэлгүүр үүдэндээ “Монгол хүн орохыг хориг­лоно” гээд биччих­сэн байдаг ч гэх. Ард­чилсан хувьсга­лын да­раа­гаар социа­лист Мон­гол чөлөөт Монгол болсны баталгаа нь гадаад паспорт. Хуучин цагийн хатуу хя­налт дор хилийн чинадыг зорьдог байдал, ур­лаг, спор­тын­хон, дарга даамлын үр хүүхэд биш л бол гадаа­дад явах нь үлгэр байсан тэр цаг ард хоцорсон. Үүнийг дагаад олон мянган хүн харьд одсон. Тэдэн дотор ча­далтай чансаатай, сурч болов­сор­сон л байх. Мөн Мон­голынхоо нэрийг хөөдсөн олиггүй нөхөд ч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гад­ныхан хил да­ваад нутаг нэгтнээ бараа­гаар нь тосон ирж сүжирдэг бол монголчууд өөр. Тэд аль болох өөр хоорондоо тааралдах­гүйг хичээдэг. Тааралд­чих­вал үгийн солиогүй зөрөөд өнгөрөхийг бод­но. Их сайндаа таним­хайрхан уулзлаа гэхэд ууна, тэгээд зодолдоно. Харин гадаадынхан мон­гол­чууд гэж нэг ийм улс гэсэн гажиг бодол тээсээр үлддэг. Бид өнгөрсөн хо­рин жилд гадаадад чө­лөөтэй зорчлоо. Нэр хүндээ ч шаварт овоохон хутгалаа. Хүний эрхийг дээдлэн ард иргэддээ хөл хүрэх газраа явах бо­ломжийг нь гаргаж байсан бол одоо харин үүндээ хүнд суртал гаргах цаг болжээ.

Монголчууд аль нэг оронд зорчих виз авах гэж үхэн хатан мундарсан он жилийг өнгөрөөв. Яаж ийгээд гадаадад хөл тавиад авах л юм бол бусдыг тас орхино. Үүнийг дагаад хууль зөрч­дөг монголчууд, хулхи монголчууд гэсэн имиж ч хэдийнэ бүрэлдсэн. Тэг­вэл одоо хүний нутагт зорчих виз авахаас илүү өөрийн нутгаасаа гарах зөвшөөрлөө авдгийг хэцүү болгоё. Монголчууд монголчууддаа “виз” өгье. Хүний нутагт хүн шиг яваад, хүн шиг нэр төртэй эргэж ирэх “виз”. Бас  монголчуудыг харлаж алга болгохгүй үүргийг тухайн орны цагаач­лалын алба л хүлээдэг бус өөрсдөө үүнийг даа­даг байвал ямар вэ. Хэн нэгэн хүн нутгаасаа явах болбол аав ээж, ахан дүүс нь баталгаа гаргаж өгөн, хэрэв нөгөөх нь улсынхаа нэрийг бузарлан алга болбол нутагтаа байгаа элгэн саданд нь хариуц­лага ногдуулж, үүрэг хү­лээлгэдэг болговол  буруугүй байж тун мэдэх. Нэгэнт Монгол Улсын гал улаан паспор­тоор ба­римт хийн явах гэж байгаа бол Монголын өмнө хү­лээх хариуцлагыг иргэн­дээ хүлээлгэдэг бол­моор байна. Монголын хилийн дээсийг алхан явах гэж байгаа бол харьяалагдах нутаг дэвс­гэрийн нэгжээ­сээ тодор­хойлолт авч, гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэд­гээ баталж, бас хүний нутагт очоод хуулийг нь зөрчихгүй, нэр цэвэр ирнэ гэдгээ амлан үүрэг аваад явдаг бай­маар байна. Түүнээс хүний эрх, иргэ­ний эрх чөлөө гэж том том дуу­гаран нутгаасаа га­раад хүний нийгмийн хэвш­лийг зөрчин, эх нутгийн­хаа нэр хүндийг унага­чихаад хариуцлага хү­лээх­гүй байна гэвэл шу­дарга ёсны хэм хэмжээнд нийцэшгүй ээ. “Хүн нэрээ, тогос өдөө” гэсэн дорнын мэргэн үг бий. Гурван монгол энэ мэтээр зо­долд­соор, авирласаар байвал дэлхий ертөнцөд гурван сая монгол зодол­доно гэж цуурайлна. Цуурайлж ч байгаа байх. Бидэнд энэ хаяг “хэтэрхий хээнцэрдэнэ” биш үү, монголчууд аа.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Авлигачдын хөзрийн тамга Сангарагчаад байгаа болохоор л ингээд байна

Авлигатай тэмцэхийн
дарга гэж байрнаас нь хөдөлгөж болдоггүй бул хар чулуутай болжээ. Мон­­голын төр хүртэл айгаад хөдөлж чадахгүй байна. “Ил санал хураа­хаар занаанд нь
орчихно” гэж хэр баргийн юмнаас айдаггүй Хууль зүйн сайд Ц.Нямдорж  тайлбарлас­ныг бодоход мань хүний асуудлыг нууцаар хэлэл­цэх гэж зүтгээд байгаа МАХН-ын гишүүдэд их учир байх шиг. Унагах гэхээр “нөгөөхийг чинь хэлнэ шүү” гэж айлгаад байдаг бололтой. Ер нь Сангарагчаа  их  юм мэ­дэж
байгаа нь гарцаагүй.   Тиймдээ ч өөрийнх нь  суудал яригдахтай зэрэг 21 авлигачийг зарлах тухай
мэдээлэл түгж
байхав. Хэрэв зарлавал өөрөө унана. Тэгэхээр айлгаж байгаад үлдэх нь гарцаагүй бололтой. Ямар сайндаа 21 авлига­чийг
зарлах сургаар баа­хан улстөрчид Авлигатай тэмцэх газрын таньдаг мэддэг хүмүүс рүүгээ сэм­хэн утас цохиж “Миний нэр байна
уу” гэж асуусан гэхэв дээ. Юутай  ч Санга­рагчаагийн
энэ айлган сүрдүүлэлт олон хүнийг нойргүй хонуулж дөнгөж л байна. Сангарагчаа бас муу ажиллаж
байна л даа. Мэдэж л байсан юм бол эртхэн хэлчихгүй. Тэгсэн бол энэ хэдийн өмнө ингэж асуугдаад суугаа ч уу. “Намайг уна­гана
гэж гонж” гэж нэлээд эрт бардамнаж байсан нөхөр. Тэгж том дуугарч, онгирох шалтгаан нь
энэ 21 авлигач байсан байна. Уг нь одоо зарлачихвал УИХ-ын одоогийн хэд бие биеэ  барьж өгөөд 21 байтугай юм болно л доо. Дэлхийгээр
нэг авлига ихтэй орон гэдгийг мэдээд авлигын индексээрээ жи­лээс жилд урагш ахиад
байхад эртээ цагийн улирч өнгөрсөн Гаалийн Баатарын хэргээс өөр дуулиантайхан авлига­чийг илрүүлсэнгүй. Ил­рүүл­чихээд зарласангүй гэх үү дээ. Тэрнээс биш  нялх хүүхэд ч төрд ажил­лагсад авлига авдгийг мэддэг болсон
цаг  шүү дээ.

Энэ  хүнийг албан ту­шаа­лаас нь буулгах  асуу­дал сунжирч, үндсэн шугамаасаа хазайж, бүр төөрөөд одоо УИХ-ын дэгийн тухай хуулийн заалтыг яриад эхэлчих­лээ. Зунжин зууралдаад бардаггүй энэ хүнийхээ асуудлыг нэг тийш болгож чадахгүй манай УИХ гэж хэрэг алга. Хууль батла­хын оронд хүний албан тушаалтай зууралдаад хамаг цагаа барж дуус­лаа. Ард түмэн бол яагаад ингэж сунжруулаад зуу­ралдаад байгааг нь гадарлаж л байгаа. Сан­гарагчааг огцруулахаар өөрсдөө бас огцорчих гээд байгаа болохоор л тэр шүү дээ.

Манайхан хачин хү­мүүс. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрт нь таван зуун саяын авлига өгөх гэсэн  хүн байсан гэчихээд  нэрийг нь нууж хаацай­лаад байсан. Эсвэл авлига авдаггүй сүрхий хүн болох гэж сайхан жүжиглэв үү. Өгөх гээд байсан хүн байгааг хэ­лээд байхад нь Авлига­тай тэмцэх газрын нөхдүүд шуудхан очоод хэлүүл­чихгүй дээ. Хэлэхгүй бай­вал гэмт хэрэг нуун дараг­дуулсан, эсвэл авлига авсан л байж таараа. Ингэхээр ганц Сангараг­чааг ч биш Авлигатай тэмцэх газрын асуудлыг нэг эргэж хармаар юм. УИХ-ын ил, далд сана­лын тухай эцэс төгсгөлгүй маргаанаас харахад   Авли­гатай тэмцэх газрын даргыг ил санал хураал­таар авч хэлэлцээд авч үлдэх гэж зүтгэвэл авлига аваад өмөөрлөө гэж ха­рагдана хэмээн ичээд байгаа ч юм шиг.

Тэгээд өөрсдийгөө барьж өгье гэвэл Санга­рагчааг унагах хэрэгтэй болчихно. Авч үлдвэл амь аврагдах янзтай. Үнэн хэрэгтээ УИХ ингэж мар­гаад байх ч хэрэг алга. Авлигачдын хөзрийн там­гыг Сангарагчаа атгачи­хаад сууж байгаа боло­хоор УИХ ингээд байна.  Хууль  зөрчин байж далд саналаар шийдэх гээд байгаа МАХН-ын нөхдүү­дээс л тэр 21 авлигачийг ер нь хайх хэрэгтэй юм байна. Монголын төрд байгаа хэд өөрсдийнхөө авлигын хэргээс болж л ганц хүнд чадуулаад га­цаанд орчихоод байна шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Олимп, дэлхийн аваргуудаас хэн нь шилдэг болох вэ?

Монголын
үндэсний олимпийн хороо, Монго­лын спортын сэтгүүлч­дийн холбоотой хамтарч оны шилдэг
тамирчдыг тодруулах “Бөртэ чоно” наадмыг зохион явуулдаг уламжлалтай. 2002 оноос
“Бөртэ чоно” нэр­тэйгээр анх зо­хион бай­гуулсан санагдана. Өмнө нь оны шилдэг арван
тамирчныг тодруулж ир­сэн байдаг. Яг хэдэн оноос эхэлж спортын шилдгүүдийг шал­­гаруу­лах
болсон нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Наяад
оны эхээр лав тодруулж байсан гэх. Дам сонсох нь ээ, “Социалист уралдааны тэргүүний
аварга”, “Улаан туузат тамирчин” ч гэнэ үү, нэг л сүрхий нэр томьёотой байж. Монголын
үндэс­ний олимпийн хо­роо­ны­хон болоод хуу­чин “Спор­тын мэдээ” со­ни­ных­ноос
тодруулахад, 1988 онд шил­дэг тамирч­дыг шал­га­руулж байсан юм байна.

Тэр
жил Сөүлийн олим­­­поос хүрэл медаль хүртсэн Н.Энхбат, улсын наадмын түрүү бөхөөр
тодорч, арслан цолны болзол шинээр хангасан 
Б.Бат-Эрдэнэ, үндэсний шигшээ багийн тамирчин Ло.Энхбаяр нарын хэд хэдэн
хүн шилдгээр то­дорч байжээ. Харин тоо зааж арван тамирчин тодруул­даг болсон нь
1990-ээд оны эхэн үе юм байна. Шилдэг аравт ул­сын наадмын түрүү бөх автоматаар
ордог бичиг­дээгүй хуультай.

Уг
жишгийн дагуу Их хурлын эрхэм гишүүн, дархан аварга Б.Бат-Эр­дэнэ хэд хэдэн удаа
шал­гарсан нь мэдээж. Бөхөөс гадна тухайн жи­лийн наад­мын сур хар­ваанд түрүүлсэн
тамир­чин мөн л топ аравт багт­даг бай­лаа. Чойжил­сүрэн­гийн Мөнхцэцэг гэж бүсгүй
нэг хэсэг мандаж байсныг манайхан мэднэ дээ. Сурын тамирчин ч гэлтгүй тэр жилдээ
бага­хан л амжилт үзүүлэх аваас шилдэгт багтах найдлага их байлаа даа, цагийн сайханд.
Одоо бол цаг хэцүү болжээ. Зүгээр нэг харваач багтах нь байту­гай, тив, дэлхийн
авар­гаас медаль хүртсэн та­мирчин аравт ороход төвөгтэй болсон.

За
тэгээд шилдгийн шилдэг хэн бэ гэдэг бүр асуудалтай. 2008 оны Бээжингийн олим­поос
хойш ийм болсон. Уг олим­под манайхан чинь алт, мөнгөн медалиудыг нь ихэрлүүлж аваад
сүйд хийгээ биз дээ. Тэр жил л “Өнөө жилийн “Бөртэ чоно”-оор хэн шилдэг болох вэ”
гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч, спортын сэтгүүлчид бо­лоод олимпийн хороо­ныхныг
бажга авахуул­сан гэж байгаа. Нээрээ хэн нь юм бэ, мэ­дээж олимпийн аваргатай бол­сон
юм чинь аварга маань байж таа­раа. Гэтэл манайх чинь хоёр авар­гатай болчихсон шүү
дээ. Хоёуланд нь өгөх хэрэг үү, түрүүлж аварга болс­ноор нь Н.Түвшинбаяр­таа өгөх
үү гээд юм юм л бол­сон санагдана.

Түүний эцэст 2008 оны “Бөртэ чоно”-ын “Шилд­­гийн шилдэг та­мир­чин”-аар
Найдангийн Түвшинбаяр, Энхбатын Бадар-Ууган нар цугтаа тодорч байв. Уг наадмын дараа
янз бүрийн яриа хөөрөө гарч байв. Ту­хайлбал, О.Гүндэгмаа шилдгийн шил­­дэг болох
байсан. Түүнд төр засаг хөдөл­мөрийн баатар цо­лоо өгчихөөд байхад яагаад ийм шийд­вэр
га­рах бо­лов, буу баарсан нь түүний буруу байсан уу ч гэж байх шиг. Мөн Мон­голоос
олимпийн алт, мөнгөн медальтнуу­дыг төрүүлсэн байтал Д.Бан­ди дасгалжуулагч яагаад
шилдгийн шилдэг болсонгүй вэ. Ийм л яриа олны дунд хөвөрч бай­лаа. Үүнийг юуны учир
өгүүлэв гэхээр өнөө жил бас л төвөгтэй болоод байгаа юм.

Энэ
онд олимп, дэл­хийн аварга болж Мон­голын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн
тамирч­дынхаа амжил­таар бахархахын сацуу 2008 оноос өмнө “Бөртэ чоно”-ын эздээр
хэн хэн тодров гэдгийг эргэж харъя.

2002
онд Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт О.Пүрэв­баатар
анхны наадмын шилдгийн шилд­гээр то­дорч байжээ. Хөдөл­мө­рийн баатар, гавьяат та­мирчин
Х.Цагаан­баатар 2004 оны Афины олим­поос хүрэл медаль авсан амжилтаараа гран-при
шагналыг хүртэж байв.

Түүнд
шилжин явах цомыг нь О.Гүндэгмаа өгч байсан юм. О.Гүн­дэг­маа өмнөх жил нь шилдгээр
шалгарсан болохоор тэр. 2006 онд Х.Цагаан­баа­тар дахин шилдгий­н шилд­­гээр тодорсон
бай­даг. Харин 2005 онд гавьяат тамирчин Б.На­ран­баатар, Х.Эрдэнэт-Од нар шилдэг
болж байв. 2007 онд бок­сын дэлхийн аварга шалгаруулах тэм­цээнээс мөнгөн медаль
хүртсэн Э.Бадар-Ууган “Бөртэ чоно” гардсан түүхтэй.

2010
онд Монголын тамирчдын үзүүлсэн ам­жилтыг эргэн нэг харъя. Олимп, дэлхийн авар­гуудын
дараал­сан буу­хиаг харж, бахархан суу­сан хэнд ч болов спортын шинэ эрин үе эхэлж
бай­на уу хэмээн бодогдсон биз ээ. Үнэхээр ч тэгж бодогдохоор байлаа. Ин­гэхэд энэ
бар жилд мон­гол­чууд олимп, дэл­хийн хичнээн аваргатай бол­чихов оо. Бараг л тоогоо
алдахад хүрсэн байх шүү.

Мэдэж
байгаагаар “Син­гапур-2010” хүүх­дийн анхдугаар олим­пийн наадмаас манайх мөн л
хос алтан медаль хүртэж, олимпийн за­луу­хан хоёр аваргатай болсон.

Чөлөөт
бөхийн эмэг­тэйчүүдийн 60 килог­рам­мын жинд зодоглосон, Налайх дүүргийн уугуул
Баатар­зоригийн Батцэ­цэг олимпийн аварга болоод удаагүй байтал гимнастикийн тамирчин
Ганбатын Эрдэнэболд харайлтын төрөлд бүх­нээс илүү байж төрийн дууллаа Сингапурын
тэн­гэрт эгшиглүүлсэн. Тэрээр хоёр үзүүлбэрийн нийл­бэ­рээр 15.662 оноо авч, арын
тамирч­наасаа 0.12 оноогоор илүү гарч чад­сан байдаг. Ийнхүү хэний ч санаанд ороогүй
бай­сан гимнас­тикийн төрөлд олимпийн аварга төрсөн билээ. Одоо дэлхийн авар­гуудаа
жагсааж үзье.

Москвад
зохиогдсон чөлөөт бөхийн дэлхийн аваргад 59 килограммын жинд зодоглосон Сорон­зонболдын
Батцэцэг бах­дам ялалт байгуулсан. 1990 онд Архангай айм­гийн Хашаат сумын нутагт
төрсөн тэрээр чөлөөт бөхийн төрлөөр эмэгтэй­чүүдээс анх удаагаа авар­гын алтан меда­лийг
хүр­тэж, нэгэн шинэ хуудсыг нээсэн. “Замчин” клубийн тамирчин гэгдэх жаалхан охин
Хятад, Японы та­мирч­дыг илт давуугаар ялаад аварга болчихож байгаа юм.

Хорьхон
настай С.Бат­цэцэг ийнхүү эмэг­тэй­чүүдээс анхны дэл­хийн аварга болсон бол мөн
л хорин настай Ц.Хон­горзул охин Гер­ман улсын Мюнхен хот­ноо болсон буудлагын спортын
дэл­хийн авар­гаас алтан медалийг эх орондоо авчирсан.

Хийн
гар бууны арван метрийн дасгалд 78 та­мирчин онч мэргээ сорь­сон юм. Тэднээс Ц.Хон­гор­зул
383 оноогоор тү­рүүлж, Монгол Улсын түүхэнд дэлхийн залуу­чуудын анхны аварга бо­лов.
Бас л нэгэн шинэ хуудас.

Туркийн
Кайсери хот­ноо зо­хиогдсон шатрын дэлхийн өсвө­рийн су­рагч­дын аваргаас олон улсын
хэмжээний мастер А.Энх­туул мөн л алтан медаль хүртэж монгол­чуудын магнайг тэнийл­гээд
авсан билээ. Охидын 17 насны ангилалд оюун ухаанаа сорьсон тэрээр сүүлийн өргийн
тог­лол­тоо Туркменстаны ша­тар­чин Жорае­ва Говхер­тэй хийж хожсоноор дэл­хийн
аварга болсон.

Тамирчдын
маань үзүүлсэн амжилт, дэл­хийн аваргын буухиа үр­гэлжилсээр л байна. Хэд­хэн хоногийн
өмнө манай эх оронд зохиогдсон оюутны боксын дэл­хийн аваргаас П.Сэрдамба, Н.Төгс­цогт,
Б.Түвшинбат нар алтан ме­даль хүр­тэж, багаараа тэргүүн байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн
билээ.

Тэгэхээр
энэ олон олимп, дэлхийн аваргуу­даас чухам хэн нь өнөө жилийн “Бөртэ чоно”-ын шилдгийн
шилдгээр тод­рох нь үнэн асуудал байгаа биз.

Аваргуудынхаа
тоог барагцаа­лахад арав хүр­чихээд байна. Дээр нь жүдогийн дэлхийн авар­гаас хүрэл
медаль хүртсэн Х.Цагаан­баатар, М.Бунд­маа нар амжилтаа­раа яалт ч үгүй шилдэгт
орж ирэх нь дамжиггүй.

Жилийн
жилд улсын наадмын түрүү бөх ордог байсан бол энэ удаа хасагдаж таарах биз. Уул
нь Б.Ганбат шинээр арс­лан цол хүртэж, олныг баясгасан юмсан. Мөн л сумогийн тамирчдаас
бас ордог. Өнгөрсөн жил Ха­кухо М.Даваа­жаргал ам­жил­таараа долоод бичиг­­дэж байсан.
Энэ онд хасагдах бололтой. За тэр сумо мумо нь дүүрч. Ер нь эндээс хара­хад Монго­лын
тамирч­дын амжилт дэлхийд ямар байгаа нь тодорхой.

Categories
редакцийн-нийтлэл

МАХН нэг л өдөр шилээ харуулна даа, АН-ынхаан

Толгой нь  уруу харчихсан мэт  дөрөө харшуулан “Ижил хоёр шувуу шиг ижилдэн хоёулаа даслаа даа” хэмээн улс орныг минь уруу нь тонгорчих гээд зүтгэж яваа МАХН, АН хоёрын нөхөрлөлийн зам хэр хол явах бол. Улс орноо хамтдаа тонгорохоосоо өмнө АН-ыг МАХН гэмгүй царайлж байгаад дэгээднэ гэдэгт мөрийцөхөд ч бэлэн олон хүн бий шүү. Ядаж л урлаг, соёлын хэдийг хүртэл хувь­чилж аваад нөгөө муу АН-ын сур­талчилгааны нээлт, хаалтад очих хүнгүй болгож орхилоо. МАХН-ын гишүүн атлаа АН-ыг сурталчлалтай нь биш дээ, тэд ч гэсэн ард түмэн­дээ “Ардын намын журамт цэрэг”-ийн ёсоор үйлчилж таарах нь. Ер нь тэгээд МАХН  айхтар тооцоотой хөдөлж байна. Урлаг соёлын одод нь гавьяатай, гавьяагүй уран бүтээлчид нь МАХН-д хайртай болсноо нэг өглөө бо­соод ирэхдээ л мэдэж, гар гараа­саа хөтлөлцөн очиж, нэг дор энгэ­рийн тэмдэг, улаан батлахаа гарда­хыг МАХН л тооцно. Хүү­хэд байхад “булхай нь булчин­гаараа гарлаа” гэж хоорон­доо тоглож байгаад булхайцсан хүүх­дээ баригдахаар нь хэлдэг байсан шиг МАХН нэр солихоо гишүү­дээсээ асууж байж шийдэх юм ярьсан. Яс юман дээрээ аль хэ­дийнэ шийдчихээд МАХН биш МАН гэсэн батлахаа намд шинээр элссэн нөхдүүддээ өгсөн байх юм. Тэгэхээр МАХН-ын жи­рийн гишүү­дийн хувьд хамаг байд­гаа  сольсон үзэл баримтлал өөр намд албад­лагаар гишүүнээр үл­дэх, үгүй бол намаасаа гарах хоёр зам л үлдэж байгаа юм. Гэхдээ энэ зэргийг бол МАХН аргалчихна л даа.  

МАХН өнөөдөр нам гүм мэт байгаа ч нэр, үзэл баримтлалаа солих сургаар дунд, доод шатан­даа хоёр тал болж, шоргоолж шиг л бужигнаж эхэлжээ. Дайны хажуу­гаар дажин гэгчээр жигүүр, хөдөл­гөөн шинэч­лэгчдийн дараагийн үе өөр өнгөтэй болж гарч ирлээ. Намынхан нь ад үзээд байгаа Н.Энхбаяр дагал­дагсдын хамт хөдөлгөөн бай­гуулж цагтаа тэргүүн нь байсан намаа самарч орхих шинжтэй. Энэ нь МАХН-д өширх­сөн Н.Энхбая­рын АН-д барих бэлэг болж тусах магадлал бий. Асуудал ер нь Н.Энх­баяр гэдэг хувь хүндээ бай­гаа юм биш. Намдаа голог­догсод, гомдогсод ч тэнд очоод үгээ хэлж, байж ядан хаш­гирч байгаа нь нөгөө намтайгаа нэг хөнжилд орж чадаж байж өөрийн­хөө намынхныг гудам­жинд түлхэж орхидогийнх нь гор  гарч байгаа хэрэг л дээ.

Одоо МАХН-ын ил далд фрак­циуд хөдөлгөөнд орж амь орж эхэлж байна. Намын нэрээ солих асуудлаар харин удирдлагууд нь тархи угаалтаа аль хэдийнэ явуулж эхэлжээ. Өнгөрсөн даваа  гаригт дэд сайдаас дээш алба хашиж байсан намынхаа ахмадуудыг хүлээж авсан бол өчигдөр аймаг,  нийслэлийн намын хорооны дарга, аймгийн засаг дарга байсан ахма­дуудыг хүлээж авч уулзсан байна. Ахмадууд нэр солихыг эсэргүүцэж, эгдүүцэн хүлээж  авч  байгаа учир удирдлагууд нь  ийнхүү  ажиллагаа явуулж буй нь тэр аж.  Гэвч МАХН аль шатандаа алалцлаа гэхэд  үр дүн нь онцын өөрчлөгдөхгүй ч  Их, Бага хурлынх өмнө ингэдэг нь  жам болсон хойно. Мөн Тэрэлжийн тунхаг хэмээх намын үзэл баримт­лал, нэр солих талаар Удирдах зөвлөл, удирдлагын түвшинд ярь­сан зүйл нь жирийн гишүүдийнхээ санаа бодлыг шалан дээр  гишгэ­сэн худал хуурмаг явдал  болсон хэмээн МАХН-ын гишүүд дэмжиг­чид үзэж байгаа юм. МАХН-ын хувьд нэр, үзэл баримтлалаа солиод шинэчлэгдэнэ гэж ойлгоход бэрх. Хуучин юмаа ярьсан, хуучин үзэл сурталтайгаа үхэн үхтлээ хамт дуусах нөхдөө өөрчилж, удирд­лагын бүрэлдэхүүндээ залуу үеийн төлөөлөл  оруулж өөрчлөх цаг бас болсон билээ.

Ямар ч байсан МАХН  шат шатандаа Их хуралдаа бэлдэж, төлөөлөгч сонгох хурлуудаа хийж  намын үүрүүд өдөр бүр шахам ямар нэг уулзалт хуралд дуудагд­саар байна. МАХН нийт сонгогч­дод  зориулсан ажиллагаагаа эртээ ингэж эхэлж байгаа бол Ардчилсан нам дотоод толхилцооноо шийдэж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Нийс­лэлийн намын шинэ удирдлага Ш.Түвдэндоржийг ажлаа эхлэхтэй нь зэрэг аль, аль фракцийн зүгээс ашигтай хувилбар дэвшүүлж, ажил хэрэг болгохыг санал болгож эхэл­жээ. Тамгаа өгөхгүй гарч гүйгээд байсан С.Эрдэнэ хүртэл тэврэлдэн үнсэлцэж зургаа татуулж эхэлсэн нь учраа олж тохироогоо хийснийг нь нотлоод байгаа юм. Гэвч “Алтан гадас”-ын ая данд тааруулж асуу­далд хандаж байгаа бол байдал өөрсдөд нь сайныг авчрахгүй,  МоАХ угшилтай тэд хоорондоо толхилцоод байвал “Алтан гадас”-ын санааг гүйцэлдүүлсэн болох юм. Ардчилсан намыг ардчилалгүй хаалттай, үл ойлгогдох, зүг чигээ мэдэхгүй болгоход онцгой үүрэг хүлээж байгаа хүн бол мэдээж намын дарга нь. Удирдлагадаа байгаа хүмүүсийг хагаралдуулж  тэр дундаас өөрөө хүчтэй болж тодорч харагдах нь тийм ч сайн удирдагчийн шинж биш. Ер нь тэгээд АН-ын өнөөдрийн байдалд хүргэж буй  цаад эзэн хэн билээ гэдгийг тунгаах цаг ч болсон биз ээ. Ардчилсан намын дүрмээр бол УИХ-ын намрын чуулган хурал­дахаас өмнө ҮЗХ нь хурал­дах ёстой. Гэвч хугацаа аль хэ­дийнэ өнгөрч дүрэм нэгэнт зөрчиг­дөөд байгаа. Удахгүй болох МАХН-ын хурлуудын шийдвэрээс да­раагийн алхмаа тодорхойлох гэж хүлээж буй байх. АН-ын ийм бай­дал нэгэнт гайхах зүйл биш болсон.

Ижилдэн дасалцсан АН, МАХН-ын энэ нялуурал цаашид хэр удаан хэвээр байх бол. Сонгууль боло­хоор шилээ харуулах ахынхаа занг АН-ынхан эрхбиш нэг мэдэх байлгүй.

Categories
редакцийн-нийтлэл

Хоосон буугаар хамгаалсан хилийн тэнгэр цэлмэг байг

Яруу найрагч Р.Чойномын

Цэрэг эрс минь

Цэмбэн дээлтэй  сумнууд минь гэсэн шүлгийн мөрүүд бий. Сум мэт шунгинах эрчтэй хүчтэй цэрэг эрсээ алдаршуулан дуулах гэсэн бахар­хал үе, үеийн халуун сэтгэлтэй найрагчдад байсаар ирсэн. Бай­саар ч байх биз. Харин мөнөөх цэмбэн дээлтэй сум мэт хилчдэд нь тэгж магтуулан бичихээр эр зориг, ид хав байна гэж үү. Нэг нэгийгээ хороож, хил даван зугтаж, эхнэр­тээ гомдохоороо өөрийгөө хань­тай­гаа егүүтгээд, хот орж ирж зугаацахын төлөө хүний амиар наадаан хийж байгаа гэсэн мэдээ­лэл ар араасаа цувраад л. Ийнхүү “хөглөх” хилчид маань одоо буу, сумаа хараад цочих цаг иржээ. Удахгүй хилийн цэрэг гэж чулуун баганын дэргэд зогсох л үүрэг бүхий модон буутай жаал болчих­сон байхад гайхах зүйлгүй болж мэдэх нь. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ц.Сэргэ­лэнгийн өнгөрсөн хавар гаргасан 2010 оны 11 тоот тушаа­лаар хи­лийн манаанд гарч буй цэрэг эрс хоосон сумтай буу агсч явах бол­жээ. Хоосон сум гэдэг нь зөвхөн дуу, чимээ гаргадаг боло­хоос хилийн мөргөлдөөн, гэнэтийн дайралтын үед хэрэг нь гардаггүй эд. Галзуу чоно нохой дайрлаа гэхэд амь хороож эс чадах зүйл. Хоосон буунаас хорин хүн айна гэсэн үг байдаг ч тусгаар тогтносон бүрэн улсын хил дээр хоосон буу­гаар хүн айлгах гээд зогсч байна гэвэл онигоо биз.

Газрын дарга гаргасан энэ шийдвэрээрээ байлдааны сум тогтоогдсон хэмжээгээр авч явах хууль, дүрмээр баталгаажсан хэм хэмжээг зөрчиж байгаа юм. Уг нь хуулиараа бол хилчид байлдааны тодорхой хэмжээний сумтай байж үүрэг гүйцэтгэх ёстойг хуульчлаад өгчихсөн байдаг. Гэтэл өнөөдөр Монгол Улсын дархан хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчид тэрхүү заасан хэмжээнийх нь (нууц гэдэг үүднээс тоог нь тавьсангүй) хамгийн бага тоогоор нь тасалж өгсөн хоосон сумтай албандаа гарч байна. Хоосон сум бол хоосон шүү дээ. Хуулиараа тодорхой тооны байлдааны сумыг хуулийн 37 дугаар зүйл заалтын дагуу ашиглах эрхтэй гэж байгаа. Харин одоо энд хэлсэн сум биш болохоор ямар юмны нь 37 дугаар зүйл заалтын дагуу хэрэглэх вэ дээ.

Харуул, застав болон отряд дээр алба, байлдааны бэлэн бай­дал хангах үүднээс буу замаг­тайгаа сумаа хадгалдаг байх ёстой гэдэг. Гэвч энэ  эртийн явдал бо­лоод уджээ. Буунаас замгийг сал­гаж тус тусад нь төмөр цоожтой саванд агуулдаг. Гэтэл одоо харуул отряд байтугай хил дээрээ “тог­лоомон буу” мөрлөсөн хилчид явдаг боллоо. Энэ нь хил дээр гардаг буун дуу, өөрсөд рүүгээ онилдог бичил байлдаанаас сэр­гийлж байгаа хэрэг юм уу даа. Дээр үед хилчид буундаа байлдаа­ны 100 сумтай явдаг байхад нэгийгээ хороож байсан хэрэг гардаггүй байсан гэдэг. Харин сүүлийн жи­лүү­дэд хил дээрх буун дуу бараг тогтмолжлоо доо. Баруун талд, зүүн талд, хойно урд гээд ээлжлээд л өрнөх. Үүнийгээ бас гүйдэл суудлаас холбоотой гэж тайлбар­лах тал ч бий. Энэ нь угаасаа хилчдийнхээ боловсрол, тархи толгойтой нь ажиллаж, тэвчээр хат суулгаж бодлогынхоо чиг барим­жаагаа өөрчлөх цаг болсон гэдгийг л баталж байгаа болохоос буу замгийг тус тусад нь нуугаад, байл­дааны сумны оронд хоосон сум бариулаад шийдчих асуудал биш билээ. Ерөөсөө А11 тоот тушаал гараад хил дээрх буун дууг зогсоож байгаа бол яахав гэхсэн. Гэтэл энэ шийдвэрээс хойш Өмнөговийн Гашуун Сухайтад заставын харуу­лын дарга амиа хороосон хэрэг гарсныг зарлав. Сэлэнгэд бас нэг цэрэг өөрийгөө хөнөөсөн хэрэг гарлаа. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Сулинхээрт нэг офицер эхнэ­рээ егүүтгээд өөрийгөө  хороолоо. Дандаа л өөрсдийгөө хороосон гэх. Магад хилийн цэрэг болохоо бай­сан хэмээн харагдуулахгүйн тулд зарладаг нэг хэвийн мэдээлэл байхыг ч үгүйсгэхгүй. Байлдааны сумыг сейфлээд, хилийн харуул­даа хоосон сум бариулаад, бариу­лаад ч энэ мэт хэрэг тасрахгүй л байна. Хэн нэгэн хүн тухайн албыг хашиж байх үедээ хэл ам татлаагүй гэдэг нэр зүүхээс илүү хилийн цэргийн салбарт шинэчлэл бодло­го нэгэнт хэрэгцээтэй болжээ. Нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр буун дуу гаргахгүй гэж мянга хичээгээд шалтаг урхагийг үндсээр нь арилгаж, энэ тогтолцоогоо эрүүл­­жүүлэхгүй бол буугаа хэдэн­тээ задалж, далан давхар цоожоор цоожлоод долоон бул­гийн дор нуусан ч хил дээрх буун дуу тас­рахгүй. Бариачид толгой нь байнга хөдөлдөг хүүхдийг аргалах­даа тархийг нь барьж эвэнд оруула­хаасаа өмнө аарцаг ясны гажгийг тэгшилж засдаг. Дороо засагдахгүй бол дээрээ эвээ олох­гүй байнга хөдөлдөг хэмээн тайлбар­ладаг. Үүн шиг энэ салбарынхаа гажгийг засаагүй цагт бууг нь нуу­лаа гэвч нэгийгээ зүй бусаар хороох явдал алга болохгүй л байх.

Хилчид нь нэгийгээ хороогоод байдаг эмгэгээ эдгээхийн тулд хоосон сумтай буу үүрүүлээд хи­лийн зурвас руу алхуулдаг төр манайхаас өөр байна уу. Хойт хөршийн­хөн хилийн албаны их буу, онгоц, мото буудлагын ангиа багас­гаж байгаа ч зарим ноцтой газрууд­даа заста­вуудаа бэхжүүлсээр байгаа. Шүдний өвчин нь болсон Чечень, Гүржид яг хууч­ны орос цэргүүдээр эгнээгээ бэх­жүүлсэн заставууд  бий. Босло­го тэмцэл ойр байдаг яг энэ газрууд­даа ханддагчлан орос цэргийн застав Монголын хил дээр байсаар байгаа нь нэгийг хэлэх л байх. Хятадууд ч гэсэн хойд хил дээрээ Бээжин, Ланжоу, Шинжаа­ны тусгай батальонуудыг байр­шуулж, Ардын чөлөөлөх арми нь хилээ хамгаалдаг гэдэг билээ. Уг нь энэ том гүрнүүд “жижиг” Монголтой залгаа хилээ яавал ч яаг гээд орхичимоор. Гэвч тэгдэггүй юм байна. Энэ бол тусгаар улсын бүрэн бодлого. Нөгөө талаас Мон­гол Улс бүс нутагтаа цэрэг дайны чухал бүст тооцогддогтой ч хол­боотой байх. Харин Монгол Улс хил дээр цэрэг нь даргаа алчихаад байдаг гэсэн шалтгаанаар сумгүй буутай цэргээ хилээ мана гээд явуулж байх юм даа. 1993 онд ОХУ-аас гурван буриад эр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ну­таг руу хил зөрчин орж ирээд гурван хилчнийг зэрлэгээр хөнөө­сөн хэрэг гарч байлаа. 1998 онд тувачууд Завханы Тэс суманд нэгэн малчин айл руу дайран орж хэд хэдэн хүний амийг хорооход азаар нэг нь мултарч хэл хүргэсэн байдаг. Одоо энэ мэт хэрэг гарахад буу­даад нохой ч шархдуулж чадахгүй хоосон сумтай хилчин эр  юу хийж чадах вэ. Уг нь цэрэг цэргийн дотроос хилийн цэргийг хиймор­лиг, зол­боотой гэдэг сэн. Хилээ хамгаалж үзээгүй эрийг эрд тоо­цоод яахав ч гэдэг. Гэвч сум ч үгүй, золбоо ч үгүй энэ цагийн хилчдээ бид хэрхэн магтаж бахархаж чадах вэ. Найрагч Ц.Хулан нэгэнтээ

Цэцэг хагдраад унахад

Уярдаг та нар минь

Цэрэг халагдаад явахад гуньдаг та нар минь

Цэцэн шүлгийн мөрөнд бадардаг та нар минь

Цэнхэр хилээсээ холдвол унтардаг та нар минь

Насны гэгээ харцанд чинь байдаг

Начны дэвээ харьтанд чинь байдаг

Найман зүгтээ эх орон судсанд чинь байдаг

Насаараа хамгаалах омог цусанд чинь байдаг гэж омогшин хилчдээ, ноёд офицеруудаа магтсан байдаг. Харин одоо хоосон сумтай хилчдээ тэгж магтан дуулж чадах уу, бид. Дэмий л хоосон буугаар хамгаалсан хилийн тэнгэр цэлмэг байг гэж залбирч суух болж байна уу даа.

Categories
редакцийн-нийтлэл

ТЭНГЭРТ ТЭМҮҮЛСЭН НЬЮ-ЙОРК

Нью-Йоркт нар эртээ манджээ. Эртлэн босч эргэн тойрныхоо сонин хачныг ажиглан зогсох нь ээ америкчууд нэг алхаад л таарал­дах жижигхэн хоолны газраар ороод гарахдаа манайхны хэмжүү­рээр бол хоёр аяга цай уухын дайны хэмжээтэй цаасан  
аягатай
кофе мөн цаасан ууттай түргэн хоол авч гараад ажилдаа явах замдаа өглөөний цайгаа амжуулах аж. Тэдний өглөөний унд эрүүл хоолыг шүтэгчдэд бол хор л гэсэн үг. 
Өдөр тийшээ өнөөдүүл дахиад л кофе эсвэл 
кола, аймшигтай том гамбургер, шарсан төмс, сэндвич иднэ. Оройн хоол мөн л нүсэр их. Хоолны газар суугаад хоол за­хиалахад порц нь дэндүү их, нэг өдөрт бидний долоо хоногийн хоолыг нэг америк хүн идчихдэг бололтой. Аян замд дөрөө нийлсэн хэд маань хамтдаа үдийн хоол идэхээр болж ширээн дээр хүн тус бүрийн өмнө тавагтай биш тогоо­той юм шиг их хоол 
тавихад
дуу алдав. 
Бид гуравны нэгийг нь ч баралгүй толгой сэгсэрч байгаад үлдээгээд гарч одсон. Энэ их идэлт тэднийхний эрүүл мэндийг ёстой алж байгаа байх даа гэж бодогд­сон. Бас гамбургер шигээ хэлбэр­тэй болтлоо таргалсан хүмүүс хажуугаар зөрөх нь дэндүү олон. Таргалалт ДОХ-оос илүү аюулын харанга дэлдэж байгаа гээд бай­сан нь яах аргагүй үнэн юм байна. 
Гэхдээ баячууд нь  
бол харьцангуй гоолиг юм билээ. Эндхийн хүний хэлснээр Нью-Йоркт 
ямар нэг талаараа энгийн биш хүмүүс бай­даг гэсэн нь жаахан 
дэгсдүүлсэн
үг ч ортой аж. Нэг бол хамгийн шил­дэг нь эсвэл хамгий хүнд гарууд энд байдаг нь олон зүйлээс ажиг­лагдаж байсан. Хамгийн бая­чууд нь, хамгийн лидерүүд нь, бас хам­гийн зүггүйчүүд энэ хотод зэрэгцэн байх аж. Хүнээс бол яаж ийж бай­гаад мөнгө салгах аргаа олсон улс. Тиф буюу үйлчилгээний хөлс авах­гүй байна гэж байхгүй. Бродвейн гудманд явж байтал хамт явсан нөхрөөс минь нэг хар арьст залуу СD авахыг шалаад салдаггүй. “Үгүй” гэж толгой сэгсрээд цааш явтал хой­ноос нь ирж “Май, 
би үүнийг чамд бэлэглэчихье” гэлээ. Бэлгэнд дур­гүй хэн байх вэ дээ. Өнөө бэлгийг нь аваад цааш эргэ­тэл 
хариу бэлэг нэхээд салахгүй зо­воов. Үгүй бол дөрвөн доллар өг гээд бүр салах янз алга. 
“Чадахгүй.
Үүнийгээ
буцаа­гаад ав” гэхээр “Чи нэгэнт авчихсан” гээд зүтгээд бай­хыг нь яана. Нөгөө нөхөр маань энэ балай юмыг яах вэ” гээд толгой сэгсэрч байгаад арай ядан буцааж өгөөд нэг юм салсан даа. Бродвейд шөнө дунд хүртэл хүний хөл тас­рахгүй. Бродвей хэмээх алдарт урт гудам­жинд худалдаа арилжаа, шоу үзүүлбэр, 
реклам сурталчил­гаа, бүр кино зураг авалт тасрахгүй. Хэдхэн хонохдоо хоёр ч удаа кино зураг авч байхтай таарсан.

Гэнэт гудманд байсан хүмүү­сийг хоёр тийшээ ярагдаж замын хажуугийн хашлага руу шахаж эхэлтэл сониучирхвал 
кино зураг авахаар болж байна гэнэ. Зураг авалтын талбайд хээнцэр хувцас­тай хэдэн хүн сандал дээр сууж буй нь найруулагч, продюссерууд нь аж. 
Энд байсхийгээд л ийм үйл яв­дал болдог болохоор хүмүүс нэг их гайхахгүй юм. Киноны гол 
дү­рүүд 
бололтой
эрэгтэй,  эмэгтэй хоёр Бродвейн гудамжны голд тэврэл­дэн зогсож юм ярих бөгөөд ха­жуу­гаар нь туслах дүр болох ний­тийн хэсэгт тоглогчид 
гудам­жаар нааш цааш алхах аж. 
Бидний ойролцоо цагаан цувтай нэг бүсгүй хэдэн ч удаа нааш цааш явав. Болохгүй байна гэхээр дахиад л зураг авалт эхлэх аж. Тэрхэн агш­ныг тийм олон удаа авч байгаа юм чинь хэцүү үзүүл­бэртэй хэсгийг нь яадаг бол гэж бодож зогслоо.

Баар цэнгээний газарт хүн дүүрэн байх аж. 
Хаа  очиж тамхи татахгүй нь сайхан. Тэгээд ч 
Нью-Йоркт нэг хайрцаг тамхи 13 ам.дол­лар. “Ямар үнэтэй юм бэ” гэвэл “Энэ чинь Нью-Йорк шүү дээ. Хажуухан өөр 
хотод 4
ам.доллар тавин цент” 
гэнэ. Бааранд 
харин хүмүүсийн ярих чимээ нь аймшиг­тай. Өдөржин хуримтлуулж бай­гаад орой нэг дураараа хашгирч авдаг юм шиг билээ. 
Торхон дотор баахан зөгий хийчихсэн мэт айм­шигтай дүнгэнэх чимээг сонсоод 
хөгжлөөс
үүдэлтэй
хамаг стрессээ ингэж л тайлдаг юм байлгүй дээ гэж бодлоо.

Тэнд амьдардаг хүмүүс “Ногоон авгайтай уулзсан уу” гэж асуух юм. Эрх чөлөөний хөшөөндөө ийм хоч өгчихөж. Америкийн бэлгэ 
тэмдэг болсон эрх чөлөөний хө­шөө­гөө ингэж нэрлэчихээд шоглож суугаа тэд далбаагаа дотуур хувц­сандаа хүртэл мөнхлөөд дэл­гүүрт зарж байх юм. Манайхан төрийн далбаа­гаараа турсикээ гоёвол “нүгэл” болно биз дээ. Гэхдээ хууль цаа­занд тэр олон хүн нэг зэрэг 
за­хираг­даад овлигогүй нэг нь хүртэл зөвшөөрөөгүй  
газар машин тави­на гэж байхгүй. Мэдээж цагдаатай тохирох ойлголт байх­гүй болохоор камераар команд авсан нөхөр ирээд л торгуулийн хуудсыг урд шилэн дээр нь наа­чихна. Цаана нь бүртгэгдчих боло­хоор 150 ам.дол­лар зүгээр нэг цацахыг хэн хүсэх вэ дээ. Тэгээд ч өгөхгүй бол сарын дараа хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд л аргагүйн эрхэнд дү­рэмд захираг­дах нь тэр. Эндээс эрх чөлөө гэдэг хамаагүй дураараа 
байхын нэр биш гэдэг нь тодорхой. Дэлхийн хамгийн түгжрэл ихтэй энэ хотод явган хүн ч замын түг­жээнд ормоор. 

Такси барих гээд хамт явсан бүсгүйтэйгээ зогсож байтал уриал­гахан зантай 
эрхэм гараа даллан дохилоо. Дугуйныхаа ард сүйх тэрэгнийх шиг суудал зассан нь хоёр хүн зэрэгцээд элбэг суу­чихаар. Найрсагхан 
дохилзоод
байхаар
нь “Бензингүй юм чинь арай хямд” гээд суучихлаа. Замд бас элдвийг хөөрөн хаанаас 
ирс­нийг нь асуутал турк хүн гэнэ. Туркийн тухай мэддэг бүхнээ бурж жигтэйхэн инээд хөөр болсоор буудлынхаа үүдэнд буутал 
такси­гаар үйлчилгээний хөлсөө өгөөд зургаан ам.доллар болдог газар 48 ам.доллар нэхдэг байгаа. Бүр хүний тоогоор шүү. Биднийг ирэ­хийг харсан нэг нөхөр маань “Оросууд Италид” 
кино шиг та хоёр ч хөглөж байх шив” гэж ирээд л инээдээ барьж ядлаа. Одоо яая гэхэв. Инээд алдаад суусан юм чинь дуртай дургүй төлсөн л дөө. 

Нью-Йорк тэнгэрт тэмүүлсэн хот. Дэндүү өндөр байшингийнх нь оройг харах гэвэл арагшаа савж унах биз. 
Өргөөшөө
биш өндрөө­шөө л тэлж байгаа юм байна гэж бодогдов. 
Дуу чимээ гэж нөхцөлгүй.

Манайд намрын аяс орж нав­чис шарлаад унаж байхад тэнд 40 хэмийн халуунтай углааш сан­даал­тайгаа л жирийлгээд байна лээ. Дэлхийн хамгийн өндөр ба­рилга болох ихэр хоёр цамхгийг террористууд дэлбэлчихсэний ор­мон дээр нь 
цэцэрлэгт
хүрээлэн
бай­гуулсан байх юм билээ. Жи­жиг­хэн хэрэмнүүд 
хүмүүс найзал­чих­сан хээвнэг гүйлдээд л. 
Дэлхий ний­тээ­рээ 
ногоон байгууламжид хүндэт­гэл­тэй ханддагийн нэг жи­шээ бол нэг томоохон 
барилгыг
барихад
удаан жил ургаж ирсэн 
хэдэн модны асуудал сөхөгдөж. Анх барилга барихдаа тэр хэдэн модыг тооцолгүй зураг төслөө гаргасан байж. Тэгээд нөгөө мод­дыг хэвээр нь үлдээхийн тулд зураг төслийг өөрчилж бүр нар тусахад дөхөм­тэйгээр барилгаа барьсан байгаа юм. Харин манайхан шиг төр засаг нь хүртэл хотынхоо чимэг болсон цэцэрлэгт хүрээлэнг ну­рааж бай­гаад төрийн 
ордноо барих тухай яривал энд юу болох бол гэж бо­догдсон шүү. Бас Ж.Со­рос манай улсын Ерөнхий сайд­тай албаны уул­залт хийхээсээ өмнө америк­чуудын 
бахархал
болсон цэцэр­лэгт хүрээнг ажлын­хаа өрөөний цонхоор зааж бай­гаад гайхуулан ярьж бай­сан шүү.

Дэлхийн
бүх улс орны 
цуг­луулга гэлтэй зүсэн зүйлийн үндэс­тэн ястан энд байна. Зав­сар зайгүй бөөрөөрөө наал­дан боссон барил­гууд дотор давчдуулна. Хаа очиж гудамжийг нь хайж сүйд болохгүй дугаараар нь олохоор эмх зам­бараатай. Хаа нэг жижиг лааз гартаа барьсан гуйлгачин мөнгө гуйгаад зогсох юм. Ер нь дэлхийн хаана ч иймэрхүү нөхдүүдтэй таа­рал­даад байх юм.

Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй гэдэг үг шиг 
монгол хүний толгой дээр нар жаргахаа өнгөрсөн бололтой. Хаа сайгүй л мон­голчуудтай таарах юм билээ. Хүүх­нүүд болсон хойно яаж зүгээр байхав. Их ажлын ха­жуу­гаар зав гаргаад хэдэн дэлгүүр ороод ам­жив. Хажууд монгол хү­мүүсийн ярихыг сонсвол нутаг нэгтэн болох хоёр 
охин бас дэлгүүр хэсч 
таарав.
Тэнд сурдаг оюутнууд бо­лолтой. Бас бидний буусан буу­далд таван монгол хүн ажил­ладаг гэж бо­дохоор бид чинь дэлхийгээр нэг болжээ. Хуучин цагийг бодвол заавал Чин­гэсийн нэрийг 
ур­даа барилгүй Монгол гэж хэлэ­хээр хэр баргийн хүн мэддэг бол­чихож. Нийслэл хотыг минь хүр­тэл торол­гүй хэлж байгааг бодоход Монгол гэдэг нэр ертөн­цийн хаа сайгүй дуурсагд­жээ. 

Categories
редакцийн-нийтлэл

Азид айргийн тавд орсон Ерөнхийлөгчөө бид юугаар мялаах вэ?

Азид айргийн тавд орсон Ерөн­хийлөгчөө бид юугаар мялаах вэ гэж.  Хуучин шигээ элдвээр мушгин муучилсаар суух нь бас ч гэж арай хэтийдсэн хэрэг болох ч юм шиг.  Одоо малчин гаралтай юм хэмээн хээнцэрлэн шоологсод эрхбиш дуугаа аяарсгах байлгүй. Дуугүй болно гэж ч байхгүй  л болов уу.  Уг шагналыг хөөцөлдөж байгаад авчихдаг  ч эд биш  байлгүй дээ.

Дэлхийд НҮБ-ын гишүүн улс гүрэн хоёр зуу гаруй байдаг. Тэгвэл манай Ерөнхийлөгч тэр бүх улсын дарга нараас эхний арван нэгдү­гээр байрт шалгарчээ. Харин Ази тивд ямар айхтар улс гүрэн байдаг билээ бид бүгд мэднэ. Тэгэхэд эхнээсээ тавд эрэмбэ­лэгджээ. Дэлхийн хэмжээнд шалгарсан ийм дайны амжилт бидэнд спор­тоос л үзүүлэх нь түгээмэл юм. Ялангуяа бөхийн талын хэдэн охид л сүү­лийн үед дэлхийд нэрээ дуурсгаж байгаа. Түүнээс улс төр талаасаа сүүлийн үед ер нь ам­жилт гаргаж нэрээ дуурсгаж байсан нь тун цөөхөн.

Тэгвэл бид улсын Ерөнхий­лөг­чийнхөө энэ амжилтаар бахархах ёстой. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ч өөрөө ардчиллын бэлгэ тэмдэг юм. Тэрбээр 1990 оны цагаан морин жилийн хувьсгалыг удирдан зохион байгуулсан хэдхэн хүний нэг яах арга үгүй мөн билээ. Энэ хувьсгалыг эхлүүлснээрээ тэр­бээр Монголын ард түмний өмнө мар­тагдашгүй гавьяа байгуулсан.

Мөн 2008 оны долдугаар са­рын хоёрны өглөө ард түмэндээ  хандан телевизээр мэдэгдэл хий­сэн нь ардчилсан хувьсгалаас ч дутахгүй гавьяа байгуулсан үйлдэл  хэмээн олон хүн  хүндлэн үздэг. Тэрбээр гудамжинд пиг шигэн зогссон байлдааны хуягтын араас, автомат буу ард түмэн лүү­гээ ша­гай­сан армийн дундаас уг мэдэгд­лийг хийсэн нь эр зоригийн асуудал байлаа. “Эх баригчид арай дэндүү даварч байна. Тавын таван иргэн буудуулан нас барсан байна. Мянга шахуу залуусыг баривчлан хорьсон байна” хэмээн мэдэгдэж байлаа. Энэ мэдэгдэл ардчилалд хайртай олон зуун мянган хүнийг зоригжуулсан. Бүх зүйл ингээд дуусчихаагүй юм бай­на. Тэмцэх зоригтон байсаар л байгаа юм байна гэсэн итгэл тэ­дэнд  төрүүл­сэн. Тиймдээ ч Монго­лын ард түмэн дарангуйлал тог­тоо­чихолгүй ардчиллыг хамгаа­лан авч үлдэж чадсан.

Тэр үед бүх телевизийг хаасан. Зөвхөн хотын цагдаагийн Сайн­жаргалын бэлтгэсэн “Баярмагнай ах үүнийг өгсөн” гэх дультраа хэлтэй жүжиг л нэвтэрч байсныг бид бүхэн харж байсан. Бүрэн зэвсэглэсэн дарангуйлагч машин  ид хөөр хөгжөөнтэй ажиллаж эхэлсэн цаг байлаа. Дэнжийн мян­гын саатуулах байранд гэм зэмгүй олон залуус хэлмэгдэн  гангийн халуунд цагдаа нарт дэг­лүүлэн түй гэх ч шүлсгүй хатаж байхад хотын гудамжинд халуун хоол цайтай цэргүүдэд жимсний шүүс тараан ид хаваа гайхуулж байлаа, даран­гуйлагч машин. Түү­нээс хойш бүтэн жилжингээ ард түмнээ зохион байгуулалттайгаар шүүн шоронд явуулж байв. Шүүх хурлын дүгнэлт урьд­чилан гарчих­даг байсан гэцгээдэг.

Хэрэв  Ц.Элбэгдорж  Ерөнхий­лөгч болон сонгогдон гарч ирээгүй бол өдийд Ж.Батзандан, О.Маг­най, Б.Жаргалсайхан нар цааз сонсчи­хоод давж заалдах гээд гүйж байх байв. Хэрэв цагаа олсон ардчил­сан Ерөнхийлөгчтэй болоо­гүйсэн бол дарангуйлагч машин таван сайхан залуугийн цусаар асчи­хаад унтарч өгөлгүй өнөөд­рийг хүргэх байлаа. Дургүй хүргэ­сэн болгоныгоо “Долдугаар сарын нэгний гэмтэн” хэмээн зарлаж шорон гяндангаа ард түмнээрээ  дүүргэх  байв.  Төр засгийг шүүмж­лэн сөрвөлзсөн бүрийг өөрсдийн буудсан таван залуугийн амь на­санд холбон хэлмэгдүүлэх байсан.

Үнэнийг мэдээлж шударга ардын талд дуугарсныхаа  төлөө “Ийгл” телевиз, “Өдрийн сонин”  хоёр л лав хаагдах байлаа.  Хэрэв ардчилсан Ерөнхийлөгчтэй болж чадаагүй байсан бол Оюу толгой, Таван толгой хоёр хэдэн дарга нарын мэдлийн зүйл болоод л дуусах байсан биз ээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүн бо­лоод уул уурхай, байгаль орчин, цөлжилтийн эсрэг дэлхий ний­тийн анхаарлыг хандуулах гэх зэргээр олон дорвитой зүйл хийж байна. Үүгээр нь ч дэлхий мэддэг болжээ. “Түвдүүдийг Далай ламын нэрээр нь дэлхий мэддэг шиг Ц.Эл­бэг­доржийн нэрээр монголчуудыг дэлхий мэддэг болно” гэж сэтгүүлч Ж.Мягмарсүрэн нэгэнтээ бичиж байсан. Тэр зөгнөл үүгээр биел­лээ олж эхэлж байгаа бололтой. Хү­мүүсийн байгуулсан гавьяаг бид  ихэнхдээ зохих ёсоор нь үнэлж сураагүй байдаг. Бас зориудаар анзаараагүй мэт дүр үзүүлдэг.

Түүнээс өдийд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өөр хүн ингэж дэлхийн удирдагчид дотроос 11дүгээр байрт орсон бол бүхэл бүтэн ул­саараа хөл алдан сүйд майд болж байгаа. Жишээ нь манай хуучин Ерөнхийлөгч Н.Энх­баяр ийм ам­жилт үзүүлсэн бол тэр өөрөө болон түүний той­рон хүрээ­лэгчдийн хэл нь амандаа багтахгүй болтлоо магтаалын үг урсгаж хэдэн ч удаа­гийн хасбуу тамгаар шагна­чихсан байгаа гэдгийг бидний өнгөрсөн туршлага харуулж байгаа. 

Гэвч бид одоогийн Ерөнхий­лөгчийн үзүүлсэн амжилтыг бушуу­хан мартахыг яарч байна. Тэгээд ч хүмүүс зарим хүмүүсийн гавьяаг  магтаж сүйд болдоггүй. Яагаад гэвэл тэр эгэл хүмүүсийн дунд гавьяа байгуулахаар  төрдөг. Тийм үүрэгтэй ирдэг. Хийх ёстой юмаа хийлээ л гэж хүмүүс дүгнэдэг. Харин гавьяа байгуулахааргүй  юмнуудыг гавьяаны хэлтэрхий  төдий юм үзүүлэхэд сүйд болдог нь ч ийм учиртай. Одоо тэгээд Азид айргийн тавд хурдалж, дэлхийд 11 орсон Ерөнхийлөгчөө юугаар мя­лаа­маар юм дээ.

Ж.САНДАГДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

Улстөрч хүүхнүүдэд аминчлан хэлэх ҮГ

Улс
төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар зөвхөн Мон­голд ч бус дэлхийд онцлон
ярьж байна. Скандинавын орнуудад эмэгтэйчүүд төр толгойлох нь хэ­вийн үзэгдэл
болж, ардчиллын өлгий гээд байдаг АНУ-д эмэгтэй­чүүдийн оролцоо нэмэгдэж байна
гэж онцлохдоо дэд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Сара Пэлин, Мадлен Олбрайтын дараа
Төрийн нарийн бичгийн дарга хийж буй Хиллари Клинтон нарыг нэрлэж байх юм.
Манайд ч энэ оролцооны тухай байнга ярьсаар ирсэн ч үзэгдэж буй үр дүн нь муу. Монгол
гэдэг айлын ам бүлийн тухайд эр, эм нь тэнцүү шахам. Хүйсийн зөрүүгээрээ эмэг­тэйчүүд
нь ч жаахан илүү. Сонгогч­дын тухайд 50.4 хувь нь эмэгтэй­чүүд гэж байгаа.
Гэхдээ шийдвэр гаргах түвшинд энэ харьцаа нь газрын гаваар орчихов уу гэмээр үр
дүн харагддаг. Парламентаас парламентад гишүүн эмэгтэйчүү­дийн тоо буурсаар
буурсаар 2008 оны сонгуулиар парламентад Д.Оюунхорол, Д.Арвин, С.Оюун нарын
гуравхан эмэгтэй сонгогд­сон. Энэ нь ердөө 3.4 хувийн төлөөлөлд тооцогдох
бөгөөд олон улсын дунджаас 2.6 дахин бага үзүүлэлт юм. Мөн эмэгтэйчүүдийн улс
төрийн оролцоог  нь парла­ментад эзэлсэн
суудлын нь тоо­гоор харьцуулаад үзэхэд хөөрхий монгол бүсгүйчүүдийн эх орон 187
орноос 115 дугаарт цогиж явах жишээтэй. Ерөнхийдөө үүнд олон хүчин зүйл
нөлөөлнө л дөө. Дорнын, монголчуудын уламжлалт сэтгэхүй, эрчүүдийн квотыг авч
хаях болохоороо энэ тэр намгүй сүл­бэлд­дэг нь. Бүр “Янтгар хатан зарга
шүүдэггүй” гэсэн үг хүртэл нөлөөлчихдөг гээч. Гэхдээ хүссэн хүсээгүй нийгэмд
буй нийт хүн амын тэн хагас нь болсон эмэг­тэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх
тоо хэмжээ өсч л таарна. Энэ бол даяаршиж буй нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн
онол. Гэхдээ үүнийг хэр түргэтгэж гольдролд нь оруулах вэ гэдэг нь эмэгтэйчүүд
биднээс өөрсдөөс маань шалт­гаал­на. Улс төрд хөл тавьсан бас дараа дараагийн
шатанд хүрэхээр зүтгэж яваа цөөн тооны бүсгүйчүүд бий. Тэдний хэлж буй үг, хийж
буй үйлдэл нь хүртэл хувь хүн гэдгээсээ илүү эмэгтэйчүүдийг улс төрд хү­лээн
зөвшөөрүүлэх түүхэн цагийг бүтээж яваа учраас илүү хариуц­лага хүлээдэг.
Өнгөрсөн долоо хоногийн өдөр тутмын хоёр хэвлэл дээр хэвлэгдсэн нийтлэл болоод
ярилцлагыг уншиж суухад улс төр хийж яваа хүүхнүүд эрчүүдээс илүү хариуцлагатай
байх ёстой гэсэн бодол төрснөө хуваалцахаар шийдлээ.

“Үндэсний
шуудан” сонинд сэтгүүлч Б.Батзул “Намын төлөв­шил буюу АН-ын маврууд баяртай”
гэсэн нийтлэл бичиж төлбөртэй гаргажээ. 
Харин “Өдрийн шуудан”-д хуульч М.Ичинноров “Н.Энхбаяр аа, оюутнуудад
лекц уншиж, ном бичээд сайхан амар л даа” гэсэн ярилцлага өгчээ. Тэд аль аль нь
МАХН-ын отгон гишүүд. Нэг нь Иргэний хөдөлгөөний намаас өнгөр­сөн 2008 оны
сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшиж байсан, нөгөөх нь Иргэний Зориг намаас
Орхон аймагт нэр дэвшиж байсан. Аль аль нь улс төрийн намуудын итгэл хүлээж нэр
дэвш­сэн, бас ч сонгогчдоос санал авч байсан бүсгүйчүүд байж таарна. Гэхдээ
тэдний ууган намд ирээд хийж байгаа улс төр нь нэг л ний­цэмгүй байгаад байгаа
юм. Иргэ­ний хөдөлгөөний нам ч, Иргэний Зориг нам ч аль аль нь баруун чигийн
үзэл баримтлалтай нам. Харин үзэл баримтлалаа нэг мөр өөрчилсөн бүсгүйчүүд
маань шинэ намынхаа байр сууринаас өөр өөрсдийн харж буйгаа илэр­хийлжээ.

Б.Батзул
“МАХН бол 90 жилийн түүхэн замналтай, үндэслэн бай­гуулагч Д.Сүхбаатар,
С.Бодоо, С.Данзан, Х.Чойбалсан нар болон бусад хамтран зүтгэгч нар нь тэн­гэрт
халиад олон жилүүдийг үдсэн хэдий ч тус нам улам бүр бэхжин дархлаажсан нарийн
зохион бай­гуу­лалт бүхий амьд организм лугаа адил бүрэн төлөвшсөн тогтолцоо
болж чадсан. 1990 оноос хойших олон сонгуульд ялалт байгуулж, Монголын ард
түмэн хувь заяагаа МАХН-д итгэж даатгасаар байгаа­гаас үзэх ахул “Туршлага бол
ухамсар бус харин түүх мөн” хэмээх нэгэн суутны айлдсан гайхамшигт үнэн үгний
бодит гэрч мэт санаг­дана. Гэтэл АН-ын хувьд үүсгэн байгуулагчид нь бүгдээрээ
шахам амьд сэрүүн байгаа учир урт хуга­цаанд оршин тогтнох чадварыг нь үнэлэн
тогтооход туйлын төвөгтэй бөгөөд тодорхойгүй бүрхэг асуудал болж харагдана.
Тэгэх тусмаа үүсгэн байгуулагчид нь АН-ыг дархлаажсан тогтолцоо болж төлөвшихөд
нь чөдөр тушаа садаа тээг болж байгаа нь нууц биш билээ” гээд “1990 онд
Ц.Элбэгдорж, Баабар, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг нар
талбай дээр цугласан олныг ард­чилсан хувьсгалд урилан дуудаж, их үйл хэргийг
эхлүүлж байсаан. Тэд ардчиллын гайхамшигт үнэт зүйлсийг бий болгож чадсан “мав­рууд”
юм” гээд үргэлжлүүлэхдээ “маврууд” хийдгээ хийсэн”, тэд улс төрөөс явах цаг
болсон байтал явахгүй байна хэмээн бичиглэсэн байна.

Харин
М.Ичинноров “Өнгөрсөн тав дахь өдөр болсон хурал намынх юм шиг харагдаж байгаа
бол эндүүрэл шүү. Намаас энэ хурлыг зохион байгуулаагүй. Нам шинэчлэлээ зарлаад
нэр, үзэл баримтлалынхаа асуудлыг зохион байгуулалттайгаар хэлэлцүүлж байгаа.
Тэгээд ч оюутнууд, эмэгтэйчүүдийн дунд хэлэлцээд эхэлчихсэн шүү дээ. Гэтэл
намын жирийн гишүүний хувьд намаас зохион байгуулсан мэт харагдуу­лах ажлыг
хийсэн нь өөрөө ний­гэмд эндүүрэл үүсгээд байгаа юм. Хоёрдугаарт энэ хурлаа
ямархуу аргачлалаар зохион байгуулав гэдэг нь өөрөө анхаарал татаж байна. Миний
сонссоноор бол зохион байгуулалттайгаар автобу­саар хүмүүсийг зөөж авчирсан гэж
байна билээ. Өнөөдөр Ичинноров Н.Энхбаярыг шүүмжилж байна гэвэл хэн ч гайхахгүй
байх. Би шүүмжилж байсан, шаардлагатай бол шүүмжлэх ч болно. Н.Энхбая­рын хувьд
байж болох төрийн бүхий л өндөр албан тушаалуудыг залуу насандаа хашсан энэ хүн
ханаж цадаад, сэтгэл нь тайвшир­вал тайвшрахаар болсон. Залуу­чуудынхаа хөгжлийн
төлөө гэсэн үйлсэд гацаа хийх биш залуу­чууддаа яаж хамт хөл нийлүүлэн алхах
вэ, яаж зөвлөгөө өгөх вэ, яаж түшиг тулгуур болох вэ гээд явж байх ёстой
байсан. Бүр “Ах нь” гээд явж байх ёстой хүн шүү дээ. Гэтэл өнөөдөр ийм
овилгогүй, чичирч дагжсан байдалтай хандаж байгаа нь надад тоогүй л харагдаж
байгаа” хэмээсэн байгаа юм.

Улс
төрд амжилт олохын тулд том хүчин, том улстөрчтэй зуурал­дах хэрэгтэй гэсэн
ойлголт манайд бий болоод уджээ. Энэ жишгээр залуу улстөрчид ч замнаж байна.
Гэхдээ эмэгтэйчүүд улс төрд хөл тавихдаа энэ мэт явуургүй аргыг хэрэглэмээргүй
байгаа юм. Ард­чилсан хувьсгалыг хийсэн нөхөд АН-аас тасарч гарсан ИЗН-д үдэлж
байгаад МАХН-д ирсэн нэгнээр явах эсэхээ заалгана ч гэж юу байхав, Монголын
төрд үндэсний удирдагч болтлоо тэргүүлсэн нэгэн өөрийнх нь даргалж байсан намд
дөнгөж оронгуутаа манай намын бодлогоор гэж ярьж байгаад дургүй нь хүрэлгүй ч
яахав.

Одоо
зарим нэг нь ийм маягаар улс төр хийгээд болоод байна гэж бодож байгаа бол,
дүүрч. Гэхдээ бүсгүйчүүд л ингэж улс төр хий­мээргүй байгаа юм. Тэгвэл тэртэй
тэргүй үс урт, ухаан богино гэгддэг асуултын тэмдэгтэй хүүхнүүдийг “За ингээд л
эмэгтэй хүмүүс тулга тойрсон юмаа яриад, хэрүүл уруул хийгээд байдаг” гэж
чичлээд эхэл­нэ. Цаашлаад нэг намаас нөгөө рүү шилжиж байдаг эмэгтэйчүүдэд ч итгэх
аргагүй шүү гээд үргэлжилнэ шүү дээ.

УИХ-аар
Жендэрийн тэгш эрхийг хангах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг удахгүй болно.
Үүнд зааснаар УИХ-ын нийт гишүү­дийн 30 хувь эмэгтэй хүн байна гэсэн квот
яригдаж байгаа. Сонгуу­лийн тухай хуулийн шинэчилсэн төслийн заалтад нам бүрээс
нэр дэвшигчдийн квот 15 хувь байна гэж оруулсан байгаа. Тэгэхээр хуулийн энэ
мэт нөхцөлүүд батлагдаад ирвэл улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо хүссэн
хүсээгүй өсч таар­на. Гэхдээ үүнийг батлахын өмнө эрчүүд голдуу парламентынхан
багагүй боож, дуншуулж л таарна. 2007 оны арванхоёрдугаар сард эрэгтэй гишүүд
нам хамаа­ралгүй­гээр хэрхэн нэг ширээнээс нөгөө рүүгээ гүйлдсээр байгаад эмэг­тэйчүүдийн
30 хувийн квотыг авч хаясан билээ. Одоо тэд үүнийгээ давтахад хэцүү ч
хүүхнүүдийн тулга тойрсон хэрүүлийг өлгөж авахаа андахгүй. Тиймээс бодлого
ярьж, идей гаргаж улс төр хийх болохоос хэн нэгнийг муулж улс төр хийвэл
эмэгтэйчүүд урагшлахгүй ээ. Нөгөө талаас эмэгтэйчүүд бие биенээ хүлээн
зөвшөөрдөггүй гэсэн шүүмжлэл байнга дагалдаж явдаг. Магад миний ингэж бичсэн нь
ч хэл ам дагуулна. Гэхдээ эмэг­тэйчүүд бид өөрсдөө тулга той­рохоос хэтэрдэггүй
гэдэг ойлголтоо эхлээд цэвэрлэж өгөх цаг болжээ. Айл гэрт авгай, нөхөр хоёр,
улс гүрэнд эр, эм хүйсийн харьцаа тэгш явдаг шиг хууль тогтоох салбарт бас адил
тэнцүүхэн үгүй юм гэхэд дөхүүхэн явмаар байна шүү дээ. Улстөрч хүүхнүүдэд
аминчлан хэлэх үг энэ байна.

Э.ЭНЭРЭЛ