Categories
редакцийн-нийтлэл

Хонгорхон үрстээ хорьхон доллар өгчихөөч дээ

Хүүхдийн мөнгийг хэ­зээ
өгөх бол гэж нүдээ ширгэтэл царайчилсан хүүхдүүд, тэднээсээ ду­тах­гүй хүлээсэн
эцэг, эх­чүүд Монголоор дүүрэн байна. Хүүхдийн мөнгө гэж чухам юу байв аа. Сонгуулийн
амлалтаар хүүхдэд зориулж тэдэнд зориулж мөнгө өгөх тухай яриа гарсан нь улс төрийн
намуудын сонгуульд ялах гэсэн тактик байсныг үгүйс­гэхгүй. Гэхдээ цаг үеэ олсон
нийгэмд хүлээг­дэж байсан шийдвэр бай­сан нь амьдрал дээр тэр даруйдаа нотлогдож
байв. Бүр улстөрчдийн тооцож төсөөлж байс­наас илүү үр дүн гарсан. Гэр бүлд нь өөрийн
гэсэн нэртэйгээр орлого орж ирдэг болсонд бяцхан жаалууд ямар их омог бардам, итгэл
дүүрэн бай­сан гээч. Чөлөөт эдийн засагтай энэ нийгэмд эрх чөлөөний гол үндэс нь
хувийн өмч. Хүүхдүүд өөрт нь нэрлэсэн мөн­гөтэй болсон нь мөнгөө зөв зарцуулах,
мөнгөтэй харьцах, хувийн эрх чөлөөг мэдэрч эхлэх том алхам байсан юм.  Тэд “Би мөнгөөрөө ингэнэ. Би хүүхдийн мөнгөө авахаар
тэгнэ” гээд хүүхэд насных нь хязгааргүй мөрөөдлийн орон зайд нь өвөрмөц нэгэн орд
сүндэрлэж байлаа. Гэвч түүнийг нь биежиж бэхжиж амжаа­гүй байхад нь улстөр­жилтийн
үрээр зэрэглээт Гандирс болгож орхичихов. 
Хүүхдийн мөнгийг олгож эхэлснээс хойш багачуудын сургууль завсардалт эрс
багасч, цаг хугацаандаа вакцинд хамрагддаг болж, хам­гийн сонин нь цөөхөн хүнтэй
Монголд төрөлт эрс нэмэгдсэн сэн. Гурван жилийн өмнө төрөлт 56 мянга, дараа жил
нь 63 мянга байсан бол өнгөр­сөн жил 69 мянга болж нэмэгдэж байв. Бас энэ цаг дор
хүүхэд үнэтэй болж эхэлж байсан юм. Гажуудалт нийгмийнхээ тусгал болсон үүргээ мэдэрдэггүй
гажиг эцэг, эхчүүд хүртэл хаа байгаа асрамжийн төвүүдээс хүүхдээ эрж хайж олж эхэлсэн.
Жаалууд өнөө­дөр төрөөсөө мөнгө авч байгаа ч маргаашдаа өөрөө мөнгөө босгож ча­дах
арга ухаанд суралца­хын өдөөлт нь тэр хүүх­дийн мөнгө болж байв.

Гэвч энэ оны нэгдүгээр
сарын 1-нээс эхлэн хүүх­дийн гэх тодотголтой мөнгө алга болов. Уг нь нэг хүүхдэд
сарын 3000, улирал бүрийн 25 мянган төгрөг гээд жилд 136 мян­ган төгрөг л өгдөг
байсан юм. Гурван хүүхэдтэй айлын хувьд сар бүрийн 9000, улиралд 75 мянган төгрөг
гээд жилд 408 мян­ган төгрөг өгдөг байв. Энэ нь хүүхдээ, гэр бүлээ дэм­жиж өгч байгаа
төрийн хэмжээний том бодлого байлаа. Гэвч ирээдүйн том бодлогоо бус харин улс төрийн
намууд хүн бүрт өгнө гэж амласан мөнгөө өгөхийг урьтал болгосон. Томчууд ам­лас­ныг
нэхнэ, харин хүүх­дүүд тэгж чадахгүй. Тиймээс хэл ам гарга­даггүй, харин өөрсдөд
нь хүргэсэн тусыг уулсын оройгоос ч дээгүүрт боддог тэр амьтдын нэр дээрх мөнгийг
дээрэмд­чихсэн. Уг нь “Хүүхэд, нохойг баярлуулбал хам­гийн том буян” гэдэг дээ.
Бидний үргэлжлэл бол­сон хонгор бяцхан үрстээ хорьхон доллар өгчихөд болохгүй юун
байх билээ. Хорин доллар бол хоол­ны ширээн дээр гарын мөнгө болгоод шиддэг тэр
л халтар цаас шүү дээ. Өнөөдөр мянган төгрөг ямар өнгө­тэй байдгийг мэдэхгүй олон
хүн байгаа. Тэгвэл хүүхдэд өгдөг тэр хөх алаг цаас  олон хүүхдийн ирээдүйг цэлмэг тэнгэр шиг болгож
байсан. Чадал­тайхан айлын муур нохойны хоолонд ч нэмэр болохгүй тэр мөнгө Монголын
ирээдүйг авч явах их хүмүүст үлэмж хөрөнгө оруулалт болох мөнгө юм. Хүүхдийн гэсэн
ангилалтай мөнгөний ба­рааг ард түмэн харахаа больсноос хойш олон л хүн байр сууриа
илэр­хийл­лээ. УИХ-ын дарга хаврын чуулганы нээлт дээрээ хүүхдийн мөнгө хэрэгтэй
гэж, Улсын Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг өгөх ёстой гэсэн санааг батжуулж, УИХ дахь
АН-ын бүлгийнхэн энэ мөнгөний асуудлыг шийдэхгүй бол завсар­лага авна гэж хүртэл
айл­гаж эхлэв. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Оюун­хорол, Р.Гончигдорж,
Н.Бат­баяр нар Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг өргөн бариад байна.
0-18 нас­ны 932 мянган хүүхдэд сар бүр 20 
мянган төгрөг өгөх энэ хуулийг манай түшээд ойрын өдрүүдэд хэлэл­цэнэ. Батаа
хүү­гийн, Болормаа охины нэрээр айл гэрт орж ирдэг энэ мөнгөөр Монголын ард түмэн
чинь амьдарч байна шүү дээ. Хонгор бяцхан үрстээ хорьхон доллар өгчихөд юу нь болохгүй
байна вэ. Хорин мянган төгрөг чинь хорин долларт ч хүрэхгүй. Бүр хорин мянга гээд
хорго­лоо тоолоод байвал алаг хөөрхөн үрстээ аравхан доллар өгчихөөч дээ. Хүн болж
төрлөө гээд хүнсээ чирээд ирд­гээрээ хүүхэд үнэтэй болж үлдэнэ.  Хүүх­дийн мөнгө хэрэгтэй, хэрэгтэй гэж хэн хүнгүй
хэлээд байгаа ч хэрэг дээрээ өгч байгаа нь алга байна. Улстөржилтөөс ангид байж
хонгор бяцхан үрсдээ хорьхон доллар өгцгөөе л дөө.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ард түмэндээ худал амладаг ах дүү хоёр нам сөнөх цаг болжээ

Сэтгэгч Альбер Камю “Төөрөгдөл сайхаан, ха­рин үнэн л аймшигтай” гэжээ. 2008 оны сонгуу­лийн үеэр улс төрийн намуудын амлалтад ит­гэж саналаа өгсөн ард түмний төөрөгдөл жил өнгөрөх тусам арилж, бо­дит үнэн нь худал амлал­таар төрийн эрх мэдэл авсан намуудад аймшиг болон ирж байна. АН сонгогчдодоо хандан ир­гэн бүртээ нэг сая төгрөг өгнө хэмээн амлаж бай­лаа. Тухайн цагт МАХН-ын дарга С.Баяр энэ нь боломжгүй зүйл, худал амлалтаар ард түмнээ хуурах гэж байна хэмээж байсан боловч  удалгүй өөрсдөө 1,5 сая болгон нэмж сонгуулийн суртал­чилгаагаа өргөжүүлсэн билээ. Тухайн үед хоёр намын нэг нэгийнхээ мөн­гөн амлалтыг үнэгүй­дүүлэх тэмцэлдээн тун сүрхий байсан сан.

Өмнөх сонгуульд нь хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгнө
гэсэн АН-ын амлалт худлаа мэт са­нагдаж байсан ч хүүхдүүд
нэр дээрээ мөнгө авдаг болсон нь бас чиг итгэл
үнэмшил төрүүлчихсэн байлаа. Тиймээс ч иргэн бүртээ нэг сая төгрөг өгөх амлалт нь хүмүүсийн сэт­гэл зүйд
шууд хүрч бай­гаа нь тогтмол
хийгдэж байсан судалгаануудаас харагдсан тул МАХН сандран 1,5 сая гэх нь тэр.

Удалгүй МАХН хэвлэлийн бага хурал зарлаж, АН-ынхан  өөрс­дийнх нь 1,5 сая төгрөгийн амлал­тыг нь утгагүй болгохын тулд эсрэг арга хэмжээ хийж байна гэж гом­доллосон. Тухайн үедээ МАХН-ын нарийн бичгийн дарга нь хэв­лэлийн бага хурлыг хийлгэж бай­сан бөгөөд МАХН-ынхан 1,5 сая төгрөгийн батламжийг нь утга­гүйдуулахын тулд олноор хэвлээд гудамжинд хөсөр хаяж, хогийн савны дэргэд бөөнөөр нь шидэл­сэн байна гэж байсан билээ. Тэд чухам аль хэвлэх үйлдвэрт хэвлэс­нийг нь хэдэн төгрөгөөр хэвлүүлс­нийг нь ч мэдэж байна гэж ирээд ноцтой гэгчийн хурал хийж байсан юм. Ард түмэн МАХН-ын амлалтыг тоохгүй байна хэмээн нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөхийн тулд АН-ынхан өөрсдийн сурталчилгааг хэвлүүлэхийн оронд өрөөлийн сурталчилгаанд мөнгө хаясан юм даг уу даа. Бас болоогүй ээ, их муу цаасан дээр хэвлэлтийн шаард­лага хангахгүй хэвлүүлсэн байна гэж МАХН-ынхан гомдож байсан билээ. Тэр цагт үйл явдал ингэж л өрнөж байлаа. МАХН-ын дарга С.Баяр хот, хөдөөд өрсөлдөж байгаа нэр дэвшигч нартайгаа нэг бүрчлэн уулзаж, 1,5 сая төгрөгийг л голчлон ярьж явахыг зааварчилж, эдийн засагч нэр дэвшигчдээ бүтэх­­гүй тухай ам дуугарахыг хорьж байлаа. Мэдээж, авна гэж тоо­цоолж байгаагаас нь гуравны нэгээр илүү хэлсэн санал хэнд ч сайхан байлгүй яахав дээ. Ингээд л үйл явдал өрнөсөөр сонгууль ч дуусч, өдгөө 2010 он гарчихлаа. 2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент, Засгийн газрын ажиллах хугацааны тэн хагас нь дуусчихав. Гэвч улс төрийн намуудын амлаж байсан нэг сая төгрөг ч алга, 1,5 сая төгрөг ч алга. Нийлүүлээд өгөх ёстой гэж нэхэж байгаа иргэдийн шаардсан 2,5 сая төгрөг ч мөрөөдөл байна. Далан мянга гэж үлгэр домгийн хэдэн цаас авсан нь үргэлжлэх нь ч бүү мэд, үүгээр ам хаах гэж байгаа нь ч тодорхойгүй байна. Тэр цагт өөр хоорондоо өрсөлдөж, гэдсэндээ хөлөө жийлцэн байсан хоёр нам нэг Засагт орж ажиллаж байгаа. Тэд үүрэх ачаагаа ч, хүртэх бялуугаа ч нэгтгэн байж нэг засагт орсон болохоор нэг саяд нь бус 1,5 саяд нь саналаа өгсөн юм сан гэж ялгах аргагүй болчихоод байгаа билээ.

“Зарим санаа модноосоо түү­хийгээр уначихдаг” гэсэн үг бий. Иргэддээ өгөх 1,5 сая төгрөгийн санаа боловсорч амжихгүй уначих­лаа гэж үү. Хэрэв тийм тохиолдолд биелж амжихгүй амлалт өгсөн улс төрийн намууд шийтгэлээ хүлээх ёстой. Энэ цагт жигтэйхэн ах дүү болон сүжрээд байгаа ах нам МАХН, дүү нам АН-ынхан шийтгэ­лээ хамтдаа хүлээж таарна. Хэрэв амлалтаа биелүүлж чадахгүй бол хүний хорвоогийн хамгийн шудар­га шүүлтээр тэд сөнөж үгүй болох ёстой. Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр нэг сая төгрөгийн амлалт нь яригдалгүй, 1,5 сая төгрөгийн давуулж хэлсэн амлал­таар нь өрсөлдөгч намаа хөрснөөс арчих боломж байсаар байтал АН-ынхан МАХН-ын урьсан урилгыг хөөр болон хүлээн авсан. Иймийн учир ах дүү хоёр нам амлалтаа биелүүлж чадахгүй бол хамтдаа дуусах цаг нь иржээ. Ер шүргэсэн ах нам  хорь хүрч байгаа дүүгээ дагуулаад улс төрийн тавцангаас зайлах цаг болж байна. Монголд МАХН, АН үгүй боллоо гээд амьд­рал зогсохгүй. Харин Монголын улс төрд эрүүл тогтолцоог бий болгоход түүхэн үүргийг гүйцэтгэж чадах юм. Худлаа амлалтаар ард түмнээ хуурдаг ах дүү намууд зүй ёсны шийтгэлээ хүлээгээд улс төрөөс холдвол дараа дараагийн намууд бүтэхгүйг нь мэдэж байж худлаа амладаг ийм алхмыг зориг­лож хийхгүй болно. Тэгээд ч нам гэдэг зохион байгуулалтын бүтцээс татгалзаж байгаа дэлхийн хэв маяг руу шилжихэд ч энэ алхам нь тусалж магад.

Яахаараа Японд сонгуулийн үеэр амласнаа биелүүлж чадсан­гүй гээд эрх баригч намын дарга нь Ерөнхий сайдын суудлаа өгч шийтгэл хүлээж болдог, яахаараа Монголд хуурч байгаа нь ч илт, хуурагдаж байгаа нь тодорхой байхад ард түмэн нь хөндий хонгио шиг суугаад байдаг юм бэ.

Өнгөрсөн сонгуулиар амлас­наа үлдэж байгаа хоёр жилдээ өгч дийлэхгүй бол ах, дүү хоёр намууд минь хөтлөлцөөд Монголын улс төрөөс арилаарай даа.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

ДОЛДУГААР САРЫН 1-НИЙ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХҮМҮҮС

Монголын нэн шинэ үеийн түүхэн дэх  хар толбо болох “Цуст долдугаар сарын 1”  айсуй. Тийм ч учраас  нийгэмд  энэ өдрийг дурсах нь сүүлийн үед идэвхжиж байна.

Хохирогсод дахин ийм төрийн хүчирхийлэл гаргуулахгүйн тулд тэмцэл хөдөлгөөнөө өрнүүлж, хохирогчид  энэ үйл явдлыг мар­тагнуулахын төлөө чадлаараа зүтгэх нь мэдрэгдэнэ. Мартуулж чаддаг­гүй юм аа гэхэд  ядаж өөрийнхөө нэрийг цэвэрлэж авахыг бодож байна.

Сүүлийн үед улс төрийн хүрээ­нийхний дунд “нөгөө гуравдагч” гэсэн нэр зүүгээд байгаа Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярын мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайд, намын дарга асан С.Баярт уг хэрэг явдлыг тохох оролдлого шургуу хийгдэх боллоо. Энэ цуст хэрэгт С.Баяр голлон тоглож бүх найруулгыг нь хийсэн нь  үнэн ч бусад  холбоотой хүмүүс бас бий.

Уг хэрэг явдлыг голлон дэглэсэн хүмүүс  бол яах арга байхгүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй, дотоод, хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, Цагдаагийн ерөн­хий газрын дарга асан Ч.Амар­болд нар юм. Энэ хүмүүс засаг төрийг удирдаж байхдаа  эрх мэдэлдээ аархан ард олны жирийн эсэргүүцлийн жагсаалыг үймээн тэмцэл болгон хувиргасан. Ингэж даамжруулж байгаад  Ерөнхийлөгч Н.Энхбаяр онц байдал зарласан. Түүнийг онц байдал зарлаж байхад жагсаал бараг тарж байсан. Онц байдал зарласнаа тэр талбай дээр байсан хүмүүст дуулгаагүй. Онц байдал зарлахад иргэд яах ёстой, цагдаа нар яах ёстойг хэн ч мэдэхгүй байсан. Ийм мэдээлэлгүй байлгах сонирхол дээрх эрх баригчдад байсан. Үүгээр далимдуулан эрх мэдлээ, сүр хүчээ гайхуулах юм бодоц­гоосон биз ээ. Ингэж бодсоноороо ч болсон. Тэр үеийн эрх барьж байсан эдгээр хүн бүхий л эрх мэдлийг эдэлж байсандаа эрдэж, мөн эрх мэдлийг минь булаачих вий гэж айсандаа зэвсэг хэрэглэсэн.

Тэр шөнө таван монгол хүний амь эрсдэж Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Ч.Амарболд нар гэмгүй иргэдийнхээ цусаар гараа угаасан билээ. Цагдаа буудсан, буудаа­гүй, цагдаагийн дарга нар тушаал өгсөн, өгөөгүй хэмээн маргалдах бол ямар ч хамаагүй. Тэд хариуцлага хүлээх хүмүүс ч биш. Харин төр барьж байгаад иргэдийнхээ цусаар гараа угаасан дээрх дөрвөн этгээд хариуцлага хүлээх нь гарцаагүй. Тэд яаж ч худал суртал ухуулга хийгээд, одоо яаж ч худал матрын нулимс унагаад  иргэдээ буудсан хэргээс мултрахгүй.

Монгол Улс байсан цагт эдгээр хүмүүс түүхэнд өөрсдийнхөө эрх ямбыг хадгалж үлдэхийн тулд, МАХН-ын  эсрэг тэмцээд сайнаа үзэхгүй гэдгийг харуулахын тулд зугтаж яваа иргэдээ хөөж буудсан гэдгээр үлдэх болно. Монгол Улсын түүхэнд  дөрвөн иргэнээ нам буудаж, нэг иргэнээ боож алсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэмээн тэмдэглэгдэн үлдэх болно гэдгийг  тэд ухаарсан учир шинэ сэргэг дээр нь баллуурдан арчих бодлого баримталж байгаа бололтой. Тэд бараг гадаадын эзлэн түрэмгийлэг­чид долдугаар сарын 1-нд довтол­сон юм шиг үлгэр зохиоцгоодог  боллоо.

Үгүй дээ. Жирийн ард түмэн  байдаг л нэг жагсаал хийцгээсэн. Харин эдгээр эрхмүүд үүнийг нь анан хүлээж байгаад  ард түмнээ хядсан. Ард түмнийг шоронд хорьж цусанд нь хутгасан. Монгол төрийн ариун сэнтийд гэмгүй иргэ­дийн­хээ цусаар гараа будсан луйвар­чид байх ёсгүй. Үүнийг ч төрийн өндөр сүлд ялгаж өгч байх шив дээ.

Тухайлбал Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ард түмэн яллалаа. Түүнд улс төрийн хариуцлага тооцож  төрийн сэнтийгээс нь буулгасан.  Харин С.Баярыг бурхан нь ч юм уу, буг нь юм уу нэг нь шийтгэж байх шив дээ. Ямар ч байсан тэр бас төрийн өндөр албан тушаалаасаа эрүүл мэндээ­сээ болж  буусан нь үнэн.  Одоо эдгээр хүмүүсийг төрд ойртуулах­гүй байх ёстой.  Нэгэнт улс төрийн хариуцлага хүлээсэн энэ хоёрт  одоо ард түмнээсээ уучлал гуйх л үлдээд байна.  Хэзээ уучлал гуйхыг буудуулж, боолгож үхсэн хүмүүсийн сүнс хүлээсээр, өдөр болгон өндөлзөн харж байгаа.

Харин одоо тэр үед Хууль зүйн сайд, онц байдлыг хэрэгжүүлэх комиссын дарга байсан  Ц.Мөнх-Оргил, мөн  тэр үед Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан Ч.Амарболд нар шангаа хүртэх үлджээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрөө сайн дураараа гишүүнийхээ суудлаас татгалзан, дахиж улс төрийн алба хашихгүй хэмээн ард түмэндээ амлавал хувь заяаны шийтгэлээс мэнд мултарч магадгүй. Тэрбээр улс төрийн хариуцлага хүлээх  хүний нэг яах аргагүй мөн билээ.

Харин ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболд одоохондоо ямар төрд алба хашиж байгаа биш, надад бүх юм хамаагүй хэмээн бодож яваа биз ээ. Тэрбээр хувийн хамгаа­лалтын алба байгуулсан нэр дор  хувийн тагнуулын байгууллага  босгон  ажиллаж байгаа билээ. Одоохондоо тэрбээр бүтэн нойртой хонож байгаа. Нас идэр, дарга даамлынхаа ивээлд юм бодохгүй яваа.

 Гэвч нас нь  ахих тусам  нохой шиг буудуулаад  цус сэвстэйгээ холилдон ойчиж байгаа залуу хүү зүүдэнд нь байнга ирэн зовоох биз ээ. Таны даргыг ажлаа  хийж чадахгүй байна, өөр чаддаг хүнд нь ажлаа өг гэсний төлөө та намайг яах гэж буудаж байгаа юм бэ” хэмээн тэр хүү түүнээс шөнө болгон асуух болно. Үүнээс илүү том шийтгэл гэж байхгүй.

Тэд ийм л юм хийцгээсэн хүмүүс. Төр засгийн өндөрлөгт үүрд байх юм шиг бодож, үүрд байхыг санаархаж  ард түмнийхээ өөдөөс буу тонгойлгосон нүгэлтэй хүмүүс ээ. Эдгээр хүмүүсийн нэрс  Монгол Улсын түүхэнд цусан үсгээр тэмдэглэгдэн үлдсэн.

Categories
редакцийн-нийтлэл

Үндэсний их наадамд эмэгтэйчүүдээ зодоглуулъя

Дэлхийн эн дээр ганц­хан Монголд дэнж хо­тойл­госон наадам эхэл­лээ гэж телевиз радио­гоор уянгалуулан ярих цаг ойртлоо. Сэтгэл хөв­сөлзүүлээд бас ч сайхан шүү. Тэгээд гурван үг хэ­лээд л эрийн гурван наа­дам гээд яриад эхэлнэ дээ. Байз, байз. Юун эрийн гурван наадам би­лээ. Бөх, сур, морь. Сур харваанд эмэгтэйчүүд сүү­лийн товхыг тав хий­тэл харваж түрүүлээд л, уяач хүүхнүүд ч олширсон цаг. Бас уралдаанч хүүх­дүү­дээс охид илүү ха­риуц­лагатай, тэвчээртэй. Энэ гурван төрлийг 100 хувь гэж үзвэл 66 хувьд нь эмэгтэйчүүд оролцдог, үлдэх хувьд нь дан эр­чүүдийн оролцоотой тэм­цэлддэг байхад юунд эрийн гурван наадам гэж онцолдог билээ. Энд чинь нөгөө Үндсэн хуулинд байдаг тэгш байдал, жен­дерийн асуудал зөрчил­дөж байна. Тэгээд ч гур­ван наадмын хоёрт нь эмэгтэй хүн хүч үздэг бай­хад эрийн гурван наадам гэж нэрлэх нь шударга ёсонд нийцэхгүй. Хэн ч үнэм­шимгүй ийм нэрш­лийг цаашид халах нь зүйтэй юм аа. Зөвхөн Үндэсний их баяр наа­дам гэдгээрээ явна биз. Манжийн үеэс уламжлаг­даж ирсэн бү­дүүлэг ёсыг халж, даяар­шин буй энэ нийгэмтэйгээ хөл алхан явах нь ч зөв хэрэг болох буй.

Тэгээд ч өнөөдөр дэл­хийн их спортоос эмэгтэй хүн өрсөлддөггүй спор­тыг нэрлэ гэвэл бараг байхгүй дээ. Буудлага, морин спорт, чөлөөт бөх, жүдо, самбо, хүндийг өр­гөлт, бүр боксоор хүртэл хүүх­нүүд зодолдож бай­на. Харин манай үндэс­ний бөх, Японы сумо, Узбе­кийн кураш, америк хөл­бөмбөг гэх мэт үндэс­ний гэгддэг спортод л энэ ялгаварлалыг хатуу барь­саар иржээ. Ер нь бүсгүй­чүүд хүн биш юм уу. Наад­мын торгон ногоон дэв­жээн дээр эмэгтэй хүн гарахад бөхчүүд дургүй байдаг гээд бүсгүй зураг­лаач, зурагчин нарыг ойр­туулахгүй санаатай цаг­даа нар хажиглана. Мо­ри­ны уяа руу эмэгтэй хүн дөхүүлэлгүй, уул овоон дээр гаргахгүй гээд уламж­лал, наадам тэр чигээрээ шашинжжээ. Ша­шин шүт­­лэ­гийн эрх хэн хүнд нээлттэй боловч ша­шинжсан наадам олон эмэгтэйн эрхийг хаад­­гийг хэн ч дурдаж бай­сангүй. Ер нь Монго­лыг хяналт дарлалдаа үүрд байлгах гэсэн манж үн­дэст­ний няхуур бодло­гын дүнд бүхий л ахуй амьд­ралд маань шашны үр суулга­сан нь монгол наа­дамд ийн шингэжээ. Бас манай мал аж ахуйн дэг тэр чигээ­­рээ шашинжилт. Буянт малаа муулахдаа ч өөр арга барилаар муул­на гэдэг. Бид малаа биш өөрийгөө бодвол малыг буудаж махаа бэлдэж авах ёстой ч байж мэднэ. Манайхан сүрэг дундаас нь тоос манаруулан гүйж бариад, хүзүүгээр нь оосорлож авчраад л, гэ­рийн хаяандаа уяж бай­гаад л дээш нь харуулан өрцийг нь нээгээд гээд их л “энэрэнгүй” аллага үйлд­дэг нь өөрөө өөрий­гөө хордуулах алхам болдог. Хонь мал амьд л амьтан болохоор айдсын адре­налин хэмээх даавар ялгаруулдаг нь амь тэвчих хугацаанд  бүхий л биеэр нь тархаж орхидог. Харин дараа нь тэр махаа бүхэл бүхлээр нь чанаж иддэг монголчууд хамгийн хор­той бодис, муу мэдээлэл агуулсан хүнсээр биеэ бохирдуулж эхэлдэг би­лээ. Гэтэл баруунд мах бэлтгэхдээ малыг буудаж, эсвэл сонгодог хөгжмийн аянд маршлуулж бойны газар оруулж ирмэгц цахилгаан гүйдлээр цо­хиулан махаа бэлддэг болсон байна. Энэ нь буянт малаасаа илүү төрсөн биеэ хайр­лаж байгаа хэлбэр юм л даа. Шашинжилт бол ингэж л бидэнд нэвчиж, хордуулж байна. Одоо эмэгтэйчүүд эрийн гурван наадмаас бөхөөс бус­даар нь үзэж тарж байна. Харин үн­дэсний бөхөд нь тэднийг хавьтуулах ч үгүй юм.

Үндэсний бөхөөр эмэг­тэйчүүдийг барил­дуулдаг болцгооё. Зүлэг ногоон дэвжээн дээр нэг талд нь өсвөрийн бөхчүүд нөгөөхөнтэй нь эрчүүд, энүүхэнтэй нь эмэг­тэй­чүүд барилдаж байхад юу нь болохгүй билээ. Тэгээд ч бидэнд эмэгтэй хүн ба­рилдаж байсан түүх уламж­лал бий. Зодгоо хуучны адил битүү урла­чихаад л бүсгүйчүүдээ барилдуулахад болохгүй нь юу байна аа. Ер нь эмэгтэйчүүдийг бүгдээс дорд үздэг үзэл бага дорой үндэстэн ястанд их тод анзаарагддаг. Тунд­рын эксимосчууд, арлын малайчууд, тэгээд манайд байх шив дээ. Урьд хил хязгаараа манаж харуул зангиар захлан сууж бай­гаа гэр бүлийн хүмүүс ижил тэгш эрхтэй байс­ныг одоо хүмүүс онцол­дог. Тэднийг эр эм гэлгүй хил хязгаараа манадаг үүрэгтэй учраас хүйсээр ялгадаггүй байсан гэдэг билээ. Ер нь хүйсээр ял­гаж унагаж доройтуулах арга бол ард олныг хү­чээр эрхэндээ байлгах гэсэн сонгомол арга болж шигшигдэн иржээ. Эмэг­тэйчүүдийг үнэгүйдүүлэн хатавчинд суулгаж эхэл­сэн нь монгол үндэстнийг доройтон  буурах үетэй холбоотой. Мөн Афганис­танд ч гэсэн эм хүнийг нийтийн тээвэрт сууж ява­хыг хориглон, цагаан оймс өмсөх эрхгүй болгож байсан нь ч Талибаны засаглалын үед л өр­нөсөн. Тэгэхээр ардчил­сан Монгол Улс эмэгтэй хүн оролцдог наадмаа эрийн наадам хэмээн нэ­рийдэхээ байж, тэр ч бай­тугай зүлэг ногоон дэв­жээнээ бүсгүй хүн зодог­лохыг зөвшөөрөх цаг бол­жээ.

Бас шандаст сай­хан хүлгийнхээ хурдла­хыг харж, баясах гэж ир­дэг наадамчин олондоо хамгийн сайхан давхих тэр үеийг нь бус эцэж ядраад шогшоондоо ор­сон давхилыг нь харах боломж олгодог хурдан морины уралдаандаа ч өөрчлөлт оруулах цаг болж. Бид ердөө 30 км уралдаад эцсэн тэр үеийг нь л самсаагаа шархи­руулан харж зогсдог. Ба­раг нийт уралдсан за­мынх нь есний нэгийг гэсэн үг шүү дээ. Нэгэнт наадам хурсан олныг цэнгэн баясуулдаг боло­хоор наадамчин олноо баясгах боломжийг улам бүр хайх хэрэгтэй. Магад үүнийг уншсан олон хүн бухимдаж, сониноо ба­зан хаяж, бичигч намайг баалах биз. Гэхдээ дэл­хийн түүхэнд эмэгтэй хүн сонгуульд оролцох, сон­гог­дох эрхтэй болохын тулд олон жилийн тэмцэл өрнүүлж байсан ч шинэ зуунд эмэгтэйчүүд улс төрийг тодорхойлж эх­лээд байна. Скандина­вын орнууд, Германыг хар л даа. Өчигдөр л гэхэд Австралид эмэгтэй хүн Ерөн­хий сайд болсон бай­на даг. Хоёр гуравхан хоногийн дараа Монголд ирэх гэж байгаа Энэтхэ­гийн нэг танхимынх нь дарга бүсгүй хүн. Эдний Ерөнхийлөгч нь ч сайхан хатагтай бий. Аугаа их шашинжсан Энэтхэгийн шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

МАНАЙ ХУУЛЬ МАНИУСДАА ГОЛОГДООД БАЙХ ШИГ ЭЭ

Ерэн таван настай эмгэн 15 жилийн хорих ял авсан. Элдэв магадлан, найраа май­раа байх  биш, ялаа гүй­цээ­гээд гарахдаа  тэрбээр 110 настай байх болно. Гэвч энэ эмээ ялаа гүйцэд  эдэлж чадах болов уу. Хэр­вээ ирэх өвөл хори­хын байранд нь осгоод үхчих­вэл яах бол гэх зэрэг олон асуудал байна.

Бодвол   эмгэний  15 жилийг нь гүйцээлгүй авч явах гэсэн  эрлэгийн элч нар сайнаа үзэхгүй байл­гүй дээ. Манай шүүхий­хэн  нэгэнт   шийдчихсэн хойно ял завшуулахгүй гэдгээ  мэдэхтэйгээ бай­гаа биз. Монголын болд мэт хатуу,  дээр нь бүхий л төрлийн хууль номд нэв­тэрчихсэн шүүгч эрх­мүүд  энэ орчлонд хэнийг ч тэгж давраахгүй. Гэвч энд нэг юм байна. Хэдий­гээр ма­най шүүхийнхэн хичнээн хуулийн дагуу гэж зүт­гэсэн ч орчлон­гийн жам  тэдний үгээр явахгүй нь харамсалтай. Жам ёс манай хэдэн шүүгчидтэй шүүгчидгүй  авахыгаа авч, өгөхийгөө өгөн өчүүхэн ч тасалдал үл гарган эр­гэлдэнэ гэдгийг бид бүг­дээрээ мэдэж байгаа. Тэгээд хүний шүүхээс хэдийнээ холдон жам ёсны шүүхийн босгонд тулж очоод байгаа тэр хөгшинд 15 жилийн ял өгч байгаа нь хэн нэгнийг тохуурхаж байгаа то­хуур­­хал уу. Аль эсвэл ма­най шүүгчид ийм хөлдүү өчүүхэн ч сэтгэлийн хөдөлгөөнгүй  хуулийн “зомби” болчихсон юм уу. Эрхэм шүүгчид маань энэ эмгэнийг хэд насална гэж ял өгөөд байгаа юм бол.

 Ер нь тэгээд хаван нь тулчихсан, даралт нь хоёр зуу гарчихсан энэ хөгшин ямар хэрэг тарьчихсан хэрэг вэ. Тэжээмэл хүүгээ чаатаар захиалга өгч  хүмүүсээр алуулчихсан гэж байгаа. “Хашраа­гаад өг” гэж гуйсан ч цаад хэд нь хэтрүүлчихсэн  хэмээн өчдөг. Тэгээд одоо за­хиалгаар хүн алуулсан хэрэгт унасан. Манай шүүх ч ийм л филосо­фиор шүүгээд байгаа.

Нийгэмд чавганцыг шийтгэж харагдуулахгүй бол хүн болгон захиалга өгч, хэдэн халтар төгрө­гийн төлөө төрсөн эхээ ч нухчихаж чадах зэрлэгш­сэн залуучууд сүйд хийнэ гэж үзээ биз. Тэгвэл энэ хэрэг яг жинхэнэдээ юу болсон юм  бол.  Монгол­чуудын амьдралд ийм юм тохиолддог уу хэмээн жаа­хан л бодоход амьд­ралд хаа сайгүй байдаг зүйл л болоод өнгөрсөн биз хэмээн төсөөлөгдөж байна.

Хөгшний өвгөн нэг “золбин  юм”-ыг тэжээжээ. Өвгөнийг амьд байхад ч яахав бүх зүйл хэвийн л байж таарна. Өвгөний үгнээс гарахгүй, түлээг нь хөрөөдөж хагалаад л, усанд гүйгээд л. Өвгөн ч “төөрч төрсөн хүү минь” гэж хөөргөөд л. Харин өвгөн нь өнхрөөд өгсөн хойно л бүх юм номондоо орж эхэлсэн биз ээ. Нөгөө муу тэжээмэл нь архи­даад л тэнээд  арилаа  биз.

 Тэр чигтээ арилахгүй  ээ бас эргэн ирж   архины мөнгө нэхэж эмгэнийг  тамлахаа мэдэлгүй яахав.  Эмгэн ч бас зүгээр байх­гүй, мэргэлж түрэглээд хөөрхөн бизнес хийдэг нөгөө архичин шаарыг бодвол л мөнгө төгрөгтэй. Тийм болохоор түүнээс салахгүй эргэлддэг бай­гаа  л даа.

Сүүлдээ архинд дон­тоод эмгэнийг дээрэлхэх нь бүүр хэтрээд ирсэн л дээ, мэдээж. Тэгээд яваан­даа энэ тэнэгийн гарт үхэх нь гэж эмгэн мэдээ биз. Тэр тэнэг нь ч өдийд амьд байсан бол бараг алчих­сан  ч байж мэднэ.  Ийм л юм болоод  өдөр бүр залуу хүүгийн гарын шүүс болоод эхэлбэл амьд хүн байна даа, амьд мэнд дээрээ салахын түүс болдог юм байгаа биз дээ. Тэгээд л хэдэн хүүх­дийг гуйж байгаад эцээ­хэн шиг хашраагаад өгөө­рэй хэмээн захиа биз. Зүгээр ч үгүй эхлээд хөлсөөр хүн зодуулна гэж захиалга өгсөн гэдгийн. Өнгөцхөн  харахад яалт ч үгүй гэмт хэрэг үйлдсэн байна.

Үүнд таарсан шийтгэл ч бэлэн бичээтэй байгаа биз. Гэхдээ л ер гарчих­сан  чавганцад  хорь шахуу жилийн шийтгэл оноож суугаа шүүгчийг харахад нэг л ердийн биш юм шиг санагдаад байх юм. Хоёр жил болох­гүй шахуу настай шүү дээ гэж бодогддоггүй юм байх даа. 

Хууль ер нь амьдралд нийцэж байх ёстой юу. Аль эсвэл амьдрал нь хуулиндаа нийцэж байх ёстой юу. Хууль зохио­мол байх ёстой болов уу, амьдралаас ургуулж түүнийг бичих ёстой юм болов уу.

 Бас нэг жишээ байна. Нэг сартай нялх хүүхэд­тэй  хүүхнийг гурван жил гаруй хугацаагаар  хори­хоор бол­жээ.  Тэр ч уул нь хулгайч л хүүхэн юм билээ л дээ. Хулгай хий­гээд улаан гардуулсан. Мөн урьд өмнө нь хул­гайн хэргээр шийтгэгдэж байсан.  Нэг ёсондоо дав­тан хэрэгтэй шорон­гийнх­­ны хэлээр “на­хиур” хул­гайч юм билээ.

Ийм хүнийг шийтгэхэд мэдээж хуулийн заалт бэлэн байгаа. Эрүүгийн хуулийн төдийн төдөөр гурван жилээр хорьж ший­тгэсүгэй. Мэдээж хүүхдийг нь асран хам­гаалах хүнтэй бол түүнд нь өгөх. Тийм хүн байхгүй бол улсын асрамжинд өгөхөөр хууль ном бэ­лээхэн байж л байгаа.

Гэхдээ л хүн гэдэг амьт­­ныхаа хувьд нэг сар­тай нялх хүүхдийг харан­га­дуулаад эхийг нь шо­ронд ачих бас л ердийн биш болоод явчихаж бай­гаа биз. Энэ бүхнийг яг хуулийн дагуу л гүйцэтгэж байгаа. Хуульд  юу гэж заасан байна түүгээр шүүгчид шийдвэр гаргаж байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэж байна.

Дахиад  хууль ер нь ямар байх ёстой юм бол гэсэн бодол өөрийн эрх­гүй төрнө. Манай хууль  бидний амьдралыг нэг л муухай харгис болгоод байх шиг санагдаад байх юм. Бид  хуулийнхаа үзэл баримтлалыг өөрчлөх хэ­рэг­тэй болсон бололтой. 

Бидний мөрддөг эх газрын хуулиас  англи саксоны хууль хамаагүй энэрэнгүй байдаг. Энэ хуулийг хар үгээр хэлэхэд  тухайн гарсан хэрэгтэй адил хэргийг  урьд өмнө нь яаж шийтгэж байсан байна. Тэр  жишгээр л шийдвэр гаргачихдаг гэ­сэн. Энэ бол арай л хүнлэг шийдвэр гаргахад бо­ломж олгодог. Шүүгч ту­хайн хэрэг дээр чөлөө­тэй сэтгэж, зөвтгөх бу­руут­гах гарцуудыг олж харахад ч амар байдаг болов уу.

Монголчуудын язгуу­рын зан чанар бол шу­дар­га шулууныг эрхэмлэ­дэг. Дээр нь хүнлэг байхыг шударгаас илүү үздэг ард түмэн. Төр засаг нийгэмд хэдий чинээ шударга хандана хүмүүс  төдий чинээ л шударга шулуун болж байдаг.

Төр засаг цаазаар авах ялыг түдгэлзүүлэхэд хувь хүмүүсийн сэтгэлийн мухарт байдаг төрөөс айх айдас байхгүй болж чөлөөтэй амьдарч эхлэх шиг болдог. Юунд ч юм зориг ороод амьдрах урам сэргээд ирдэг юм билээ. Гэхдээ ингэлээ гээд хэн нэгэнд хонзон санаж байгаа хүнтэй би л лав тааралдаагүй байна. 

Явж явж цаазын ялыг байлгах гээд улайраад байгаа хэсэг бүлэг хүмүүс
төрийн хүн айлгах зэвсэг нь алга болчихлоо
хэмээн харууссандаа л тэгж бай­гаа хэрэг юм. Төр
айлгаж биш хүндлүүлж  удирддаг болох хэрэгтэй юм даа. Манай хууль маниусдаа
гологдоод байгааг та ан­заарч байна уу.

Categories
редакцийн-нийтлэл

Хамтраад диваажин байгуулах яалаа?

Хамтарсан Засгийн газар байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэж байна. Тэд анх хамтрах­даа ди­ваа­жин байгуулна хэмээн амлаж байсан. Страте­гийн орд газруу­дыг ашиг­лал­тад оруул­на, хоёр сая та­ван зуун мянган төгрөг ол­го­но гэх зэргээр тэдний ам­ласан хэлсэн зүйлс маш их.

Гэвч хийсэн бүтээсэн
гэхээр зүйл энэ ажиллаж ирсэн
хугацаанд бараг байхгүй байна.
Ганц Оюу толгойн гэрээг баталж ажилд нь оруулснаас өөр зүйл
харагдахгүй аж. Харин МАХН
долдугаар сарын 1-ний хариуцла­гаас  л мултарч
гарч байх шив дээ. Одоо цаашид юм хийх  хугацаа
маш бага үлджээ. Сайндаа жил
зур­гаан сар байна. Сонгуу­лийн өмнөх хагас жилийг юун ажил хийх. Энэ
хоёр нам хоорондоо дайтахгүй
өнгөрүүлж чадвал их юм.

Нөгөө Таван толгой яасан. Хачин  сайхан юм хийнэ л  гэсэн. Страте­гийн хориод орд ашиг­лалтад оруулах яалаа.   Ер нь   яана,  яана ч гэлээ. Хамтарвал бид юүг ч хийж чадна, ард түмнийг хөл хөсөр гар амар жаргаана гээд л байв даа. Тэгвэл одоо юун жаргах хамаг тамыг нийлүүлсэн  шиг л амьдрах юм. Хэдэн цаас маань ханш нь улам унаад л. Хүмүүс улам л бухимдаад л Засгаас л юм нэхсэн, жигтэйхэн эрх хүмүүс л хөлхөлдөөд байх юм. Засаг ч гэж нуруугаа авчихсан морь шиг л хотолзож байх. Юун мөнгө, яасан мөнгө үүнээс хойш ажил хий­гээгүй байж мөнгө ав­дгийг зогсооно гээд л түс тас шийдвэр гаргачихвал цааш цаашдаа ч хэрэгтэй баймаар.  Дараагийн сонгууль эхлэх гэж байна. Юу бодож суудаг Засгийн газар, УИХ юм бол. Яваад л байна, яваад л байна дуусдаггүй ээ,  энэ  Мэнэн­гийн тал гэдэг шиг өдөр  хоног урссаар л байна, цаг хугацаа яваад л бай­на. Гараас нь юм гардаг­гүй ээ, энэ Засгийн газ­рын. Нөгөө л Оюу толгой­гоо   яриад байх юм. Тэгээд зуны хэдэн сар  амарна.  Айлчлал энэ тэр хийнэ.  Ингээд хэдий хугацаа үлдэхэв.

Хорин жил хэрэлдлээ. Одоо хамтарч авбал ер­төнцийг эргүүлж Монго­лыг босгоод ирэх юм ярь­сан яалаа. Саад болох юм алга. Жагсаж тэмцдэг Иргэний хөдөлгөөнүүд бараг байхгүйтэй адил байна. Хэдэн удирдагч  нь жагсахыг эс тооцвол шүү.  Сөрөг хүчин гээд сөрж адрах нам алга. АН, МАХН-аас өөр төр барих нам   угаас байхгүй нь тодорхой болсон.   Тэгээд юу хүлээсэн юм, юунаас айсан юм хэн мэдэхэв.

Хугацаа богиноссоор  байна. Аягүй бол Ардчил­сан нам сүүлийн хэдэн сард нь амиа бодох тактикаар засгаас гарна гээд сонгуулийн өмнө шилээ харуулна.

Таван толгойн асуу­дал нэг л урагш муутай. Хувь, хувьсгалын компа­ниуд, гадаад дотоодын улсууд нь нийлээд боо­мил­чихсон гэлтэй. Хө­дөлж өгөхгүй. Хоёр хөр­шөө гомдоохгүй,  холын гурав дахь хөршөө орхил­гүй, өөрсдөдөө ашигтай нэг тийм хувилбараар  шийдчихэж болмоор л юм.   С.Баярын хэлдгээр за-д нь “за”,  үгүйд нь “үгүй” гээд хэлчихвэл барав.

Оюу толгой С.Баярын  Засгийн газрын зорилго байсан байж. Яг үнэндээ С.Баярын зорилго ч  байсан биз. Тэр хүн ч зорилгоо биелүүлээд яв­сан. Одоо энэ С.Батболд сайдаас хүлээх юм их байна. 

С.Баяр таван төгөл­дөршил гээд бүтсэн,  бүтээгүй нэг юм яриад л байсан. Хүний юман дээр үлдсэн хойно шинэ Ерөн­хий сайд хэцүү  байгаа шиг байна. Засгийн газ­рын  гишүүд нь Ерөнхий сайдаа юман чинээ авч хэлэлцэхгүй. Энэ Засгийн үед  бензиний үнэ нэмэг­дээд, махны үнээ өсөөд, эрчим хүчний үнэ талий­лаа. Эрүүгийн нөхцөл хүндэрлээ. Хүүхэд хүчир­хийлэгчид олшров. Да­хиад л өнөө үнийн хөөрөгдөл.  Засгийн газар яах ч үгүй суугаад л бай­на. Удахгүй наадам бо­ло­хоор мах хямдард­гаараа хямдраад хотын эргэн тойронд битүү хонь майлна. Яг ноднингийнх шиг. Тэгэхээр Засгийн газар махны үнэ бууруул­сан гэнэ дээ.

Засгийн газрын тэр­гүүн бизнес ухаантай хүн. Нэг шинэ санаа сэдээд явуулбал болох л байсан.  Гэтэл хотын даргын ажил хийсэн  шүү л явах юм. Хөдөө рүү хөл ч тавихгүй гээч. Далан мянгаар шоу хийгээд л. Юунаас айгаад ингэтлээ хөдөлж чадахгүй суугаад байдаг юм.  Уг нь цаг хугацаа бага үлдсэ­нээс л айх хэрэгтэй бус уу. Хорвоо дэлхий  уужим, хийх ажил их гэдэг байх аа.