Монголчууд
ирж буй цагаан барс жилдээ баян болохыг, бар улс болохыг бие биедээ ерөөн бэлгэдээд
удаагүй байна. Гэхдээ төр нь бодлоготой, түшмэд нь ёстой журамтай байж ард олны
энэ хүсэл биелэгдэх жамтай. Бодлогоо гаргадаг төр, жудагтай түшмэдтэй болохын
тулд бидэнд хамгийн түрүүнд юу хэрэгтэй вэ. Шударга хүмүүсийг төрд гаргаж чадах
шударга сонгуулийг явуулдаг болох хэрэгтэй, тэр сонгуулийг явуулах даацтай хууль
бидэнд шаардлагатай. Харин тэр хуулийг энэ цагийн улстөрчид хэлэлцэн батлуулахаар
ид ярьж байгаа билээ. Ирэх хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан
УИХ-ын сонгуулийн тухай хуульд чухам ямар өөрчлөлтийг оруулна гэмээнэ тэр нь Монголын
төрд шууд тусгалаа олох нь тодорхой.
Одоогийн
байдлаар тус хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийнхэн хуралдаж ярилцахаас
гадна намын бүлгүүд нэлээд нухацтай ярилцаж байгаа сэдэв бол сонгуулийн тухай
хууль юм. Сонгууль явуулдаг үндсэн гурван зарчим байдгийг манайхан ерөнхийдөө
мэднэ. Мажоритар буюу дийлэнх олонхийн, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тэгээд
дээрх хоёр хувилбарын холимог гээд гурван тогтолцоо бий. Монголчууд 1992 онд Ардын
их хурлын сонгуулийг мажоритараар хийчихээд Улсын Бага хурлаа пропоционалиар
хийсэн байдаг. Харин нэг танхим болж УИХ-ыг байгуулсан цагаасаа мажоритар тогтолцоогоор
явсаар ирснийг хэлүүлэх юун. Сонгуулиас сонгуульд үүнийг болохгүй байна гэж
ярьсаар бас сольсон юмгүй өнгөрсөн 2008 оны сонгуулийг томсгосон мажоритараар
хийсэн нь бас л багагүй бэрхшээл авчирсан юм. Ер нь төгс төгөлдөр сонгуулийн систем
гэж үгүй. Өөр өөрийн сайн болоод сул талтай. Харин дэлхий нийтийн чиг хандлага ямар
байна, сонгуулийн тогтолцоонуудын ялгаа, эдгээр нь манай хөрсөн дээр хэрхэн бууж
болох тухай тайлбарлах гэж оролдъё.
МАЖОРИТАР
ТОМСГОСОН МАЖОРИТАР
Одоогоор
УИХ-ын сүүлийн буюу өнгөрсөн 2008 оны сонгуулийг зохион байгуулсан томсгосон
мажоритар тогтолцоог хамгийн муу хувилбар гэдэг дээр олон хүн санал нийлж байгаа.
Тиймээс ч намын бүлгүүдийн дийлэнх гишүүд “Томсгосон мажоритар л биш шүү” хэмээж
байгаа аж. Өөрөөр хэлбэл тэд сонгуулийн цөөхөн хоногийн сурталчилгааны хугацаанд
дэд бүтэц хөгжөөгүй хөдөө орон нутгаар хөндлөн гулд явж, хөрөнгө мөнгө тоймгүй
ихээр цацсан сүүлийн сонгуулиас үнэнээсээ хаширчээ. Бас хамгийн гол нь нам дотроо
нэг нэгийгээ “алдаг” бохир сонгууль өрнөх магадлал хамгийн ихтэй нь томсгосон мажоритар
юм. “Моод Монголоор дуусдаг” гэдэг шиг дэлхийн ихэнх орны татгалзсан тогтолцоогоор
бид өнгөрсөн сонгуулиа явуулсан. Гэхдээ Австрали зэрэг оронд ийм сонгуулийн тогтолцоо
байсаар байгааг хэлэх хэрэгтэй л дээ. Харин манайх шиг нутаг дэвсгэр том, хүн ам
цөөн оронд тохирох хувилбар уу гэдгийг бодох л хэрэгтэй байв.
Цаашид
энэ тогтолцоогоор явна гэвэл сонгуулийн кампанит ажлын цаг хугацааг өөрчлөхөөс
өөр аргагүй. Сонгууль албан ёсоор зарласны дараа нэр дэвшигчид өөрсдийгөө танилцуулж,
сонгогчид түүнийг танина гэж хэчнээн хүсэвч сонгогчид нь тархай бутархай оршин
суудаг манайд тун бүтэл муутай билээ. 2008 оны сонгуулиар нэр дэвшинэ гэдэгтээ
итгэгсэд уг цаг хугацааны боломжгүй байдлыг мэдэж байсан болохоороо сонгууль
зарлахаас хэдэн сарын өмнөөс сумдаараа урьдчилан нэгэнтээ тойроод авсан удаатай.
Бас энэ сонгуулийн тогтолцооны нэг муухай нь хүн гэдэг амьтны муу чанарыг дэндүү
тод мэдрүүлдэг гэмтэй. Зэрэгцэж суугаад намынхаа бодлогыг нэг дуугаар ярина гээд
гарсан улсууд хашаа тойроод л намынхаа нөхдийг “хийж” өгнө дөө. “Би үхэхээр чи үх” гэж байгаа учраас яах ч билээ
гэж зөвтгөмөөр ч юм шиг. Нэг тогоонд хоол идэж ирсэн улсууд нөгөөгийнхөө алдаа,
сул талыг дайсны намын хэнбугайгаас ч илүү мэдэх учраас хавиргаа хэмлэгсдийг
үздэггүй монгол ахуйд бол ёстой тохирохгүй тогтолцоо гэж болох юм. Тэгээд ч өнгөрсөн
сонгуулиар нэгдэж явж чадсан нөхөд өндөр амжилт үзүүлсэн билээ. Тухайлбал, Өвөрхангайд
нэр дэвшсэн З.Энхболд, Г.Батхүү, Д.Зоригт, Р.Бадамдамдин нар цугтаа явж чадсан
тул гурав нь, Увсад Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нар, Сонгинохайрханы
дөрвөн бэрхийн хоёр нь болох Н.Алтанхуяг, Д.Кёкүшюүзан Батбаяр нар сонгогдсон
гээд жишээг дурдаж болно.
Тэгээд
ч дэлхийн чиг хандлага тэр чигтээ мажоритараас пропорциональ руу шилжиж байгаа
бөгөөд томсгосон мажоритарыг хамгийн муу хувилбар гэх юм билээ. Гэхдээ Сонгуулийн
тухай хуульд өөрчлөлт оруулах одоогийн гишүүдийн ихэнх нь үүнээс татгалзаж байгаа
нь сайн хэрэг. Үүнийг дэлхийд гарын таван хуруунд багтах орон хэрэглэдэг гэж байгаа.
Ихэнх нь орон нутгийн сонгуульд хэрэглэдэг. Манайд үүнийг бодлого, дэс дараалалгүй
явдаг хэм маягаараа сонгочихсон гэдэг билээ. Сонгуулийн тухай хуулийг батлахдаа
сонгуулийн тогтолцоогоо тогтоогүй байж дагалдах заалтуудаа түрүүлээд баталчихсан.
Гэтэл эргээд пропорциональ болно гэхэд нөгөөх нь зөрөөд байжээ. Тэгэхэд нь
Ж.Наранцацралт гишүүн “Хэрэв одоогийн тойргоо жижиг гээд байгаа юм бол томсгосоноор
нь явъя” гэсэн санал гаргаснаар нэг иймэрхүү тогтолцоогоор сонгуулиа хийх болсон
юм.
НЭГ МАНДАТТАЙ МАЖОРИТАР
Мажоритар тогтолцоогоор явж ирсэн он жилүүдэд монголчууд өнөөгийн
шүүмжилж яриад байгаа муу зуршилдаа дасал болсон. Нэг л гишүүдээс юм нэхдэг улсууд
болж хувирсан. Хүүхдийн сургалтын төлбөр, мотоцикль авах мөнгө ч гэж байх шиг.
Хоолны гурил, чанах ууц, шатсан амбаарынх нь оронд гэр, урсгасан гэрийнх нь оронд
майхан гээд л осолдохгүй оронд нь эхнэртэй нь орохгүй юм даа. Сонгогчдыг боловсруулах
тухай яриаг ийм тогтолцоотой байж яриад ч хэрэггүй. Халдашгүй дархан эрхтэй болохын
тулд зарлагадсан их мөнгө төгрөгөө, бас дөрвөн жилийн турш гувшуулах зардлаа олж
авахын тулд гишүүд хууль баталж, төр түшилцэхээс өөр зүйлд толгойгоо зарахаас
ч аргагүй болно. Толгойгоо хэрхэн сийрэгхэн гашилгадаг болсны тод жишээ нь тэрбум
төгрөгийн хэрэг. Анхандаа 500 мянган төгрөгөөр сумын клубт хөгжим авч өгөхөөс
эхэлж байсан арга нь жилээс жилд нэмэгдсээр сүүлдээ төсвийн тухай хуульд тэрбум
төгрөгийг тараан шингээж дөрөв дэх засаглалынхны амыг таглах болтлоо хөгжлөө.
Үнэндээ сонгогчдын мөнгийг нэг гараараа аваад нөгөө гараараа буцаан өгдөг энэ
хэв маяг руу оруулахад гайхал мажоритар тогтолцоо нөлөөлсөн нь ойлгомжтой. Энэ
тогтолцоогоороо үлдэхийг хэн хүсч, хэн хүсэхгүй байгаа вэ. Уламжлалт сонгуулийн
хэлбэрт дасан зохицож ирсэн, тойрогтоо тулж ажиллаж, тордож, хөрөнгө мөнгөө гаргаж
ирсэн гишүүд хуучин хэлбэрээрээ явахыг хүсч байгаа. Тэдний хувьд голдуу хөрөнгө
мөнгө ихтэй бизнесийнхэн, бас намдаа нэр нөлөөгөөрөө дээгүүрт орж чадахгүй залуу
гишүүд голдуу байгаа юм. Томсгосон биш, жижиг мажоритараар явбал хэдийг зарцуулаад
дахиад дөрвөн жил суух вэ гэдгээ хэдийнээ тооцоолчихсон нөхөд байхыг ч үгүйсгэхгүй.
Гэхдээ энэ тогтолцоонд сайн тал бас бий. Учир нь тойрогтой байна гэдэг нь тулж
ажиллаж, сонгогч олны амьдралыг мэдэж мэдрэх, хууль тогтоомжиндоо тусгаж нэг талаас
гүүр болдог сайн талтай.
ПРОПОРЦИОНАЛЬ
Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн ерөнхийдөө
энэ тогтолцоогоор явна гэж санал нэгдсэн хэмээн тус ажлын хэсгийн гишүүдийн нэг
болох Су.Батболд ярилцлагадаа дурдсан байсан. Дэлхийн чиг хандлага мажоритараас
пропорциональ руу явж байгаа гэдэг юм билээ. Гэхдээ шууд пропорциональ болох уу
үгүй юу гэдэг бас л бодох асуудал. Пропорциональ болбол УИХ-ын гишүүд маань тойргийнхоо
хүмүүсийн “шаналгаа”-наас салах хэдий ч төр түших ажлынхаа хэмжүүрийг тойрогтоо
хэдэн төгрөг татдагаар хэмждэг зарим гишүүдийн ойлголтоор бол бүр өөрсдийгөө зоргоор
тавьчих аюултай юм. Гэхдээ энэ тогтолцоогоор ард түмэн элчээ томилоод хэвшвэл түшээд
маань ч хууль боловсруулах үндсэн үүргээ гүйцэтгэх ажлаас холдуулж чаддаг болно.
Тэгэхгүй бол түшээд Засгийн газрын өмнөөс л ажиллаж, өвсийг нь хадаж, ноосыг нь
самнаж өгөх гээд гүйгээд байна. Харин цаана нь бодлогын түвшинд хэрэгжиж буй ажил
гэж алга.
Пропорциональ тогтолцоо бол аль намаар төр бариулахаа сонгогчид
шийдэж, тэр хувь хэмжээгээр төлөөлөл нь парламентад суудаг аргачлалтай. Ерөнхийдөө
аль нэг намын төлөөлөл хэт олноор парламентад суух боломжгүй тогтолцоо. Өмнө нь
Сэлэнгэд нэр дэвшсэн Э.Бат-Үүл, С.Насанжаргал
нарын саналын зөрүү долоо, Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн Т.Ганди, Х.Хулан нарын
саналын зөрүү дөрөв байсан. Гэлээ гээд хэдхэн саналын зөрүүгээр ялсан нам парламентад
суудал авч, харин ялах “хоншооргүй” нэр дэвшигчдэд дугуйлсан иргэдийн санал элсэнд
асгасан ус мэт болдог байсан. Харин пропорционалийн хувьд цөөхөн гэлтгүй саналыг
нь хувилаад гаргаад ирдэг учраас сонгогчийн нэг санал ч ганцдахгүйгээр төлөөллөө
парламентад суулгах боломжтой болно. АНУ-ын Үндэсний ардчиллын хүрээлэнгээс өнгөрсөн
УИХ-ын сонгууль пропорционалиар явсан бол хэрхэх байсан талаар судалгаа хийжээ.
Үүнийг намуудын авсан саналын тоогоор хувилж гаргахад ИЗН дөрвөн суудал, Иргэний
эвсэл дөрөв, АН 30, МАХН 33 бас бие даагчид 4-5 суудалтай байх байсан гэж байгаа.
Харин мажоритараар МАХН 46, АН 27, ИЗН нэг, ИХ эвслийн Ногоон нам нэг, бие даагч
нэг байгаа шүү дээ.
Энэ тогтолцоо нэг намд дангаар эрх мэдлийг өгдөггүй. “Та нар
цөөнх болоход хүрэхгүй. Манай бүлэгт орвол ор” гээд дээрэлхдэг байдал байхгүй болно.
Дангаар засаг байгуулах биш эвсэх магадлал нь өндөр болдог. Бас шальдир бульдар
жижиг намууд азаар нэг гишүүнтэй болчихоод Засагт ороод улс төр хийгээд байдаг
нь ч алга болдог. Хуулиндаа босго хувь тогтоогоод өгчихдөг нь энэ сөрөг талыг
алга хийдэг ажээ. Гэхдээ дэлхийн улс орнуудад уг хувийг өөр өөрийнхөөрөө тавьдаг.
Дэлхийн дундаж нь 2.5 хувь юм билээ. Хэрэв танай нам сонгогчдынхоо 2.5 хувийн саналыг
авч чадаагүй бол дуу хоолойгоо өргөх эрх бий болоогүй байна гэсэн үг гэж ойлгож
болох нь. Зарим оронд энэ босго нь таван хувь байх бол заримд нь нэгээс хоёр хувьтай
нь ч байна. Гэхдээ ганц хувь 600 гишүүнтэй нүсэр бүтэцтэй орнуудад л байдаг жишээтэй.
Манайх энэ босгоо хэд гэж тогтоохоос олон зүйл шалтгаална. Энэ босго нь жижиг
намуудын бүрэлдэн тогтох, төлөвшихөд их чухал юм билээ.
Хэдийгээр УИХ-д байгаа зарим гишүүн пропорциональ тогтолцоо
л хэрэгтэй, үүгээр явна гэж байгаа ч тэнд сууж байгаа хүмүүсийн эрх ашгийн зөрчил,
жалга довны сонирхол дээр тоглох хүсэл нь шууд пропорциональ болгочихгүй л харагдаад
байгаа юм.
Нөгөө талаас пропорционалиар явбал улс төрийн намуудаас гаргасан
жагсаалтад хамгийн өндөр оноотой бичигдсэн улстөрчид намынхаа авсан суудлын тоогоор
улаан шугамд багтах боломжтой болно. Ингэхээр улс төрийн намын дарга нарт асар
их эрх мэдэл ирнэ, дагаад тойрон хүрээлэгчдийн наль шаль зан ихэсч таарна. Манайх
шиг намууд нь бүрэн төлөвшөөгүй оронд шууд пропорционалиар явж чадна гэхэд бас
л асуудалтай. Намын даргыг тойрон эргэлдэгч, нэрээ жагсаалтад дээгүүр тавиулахыг
хүсэгч нарын хор ч гүйнэ шүү дээ.
Гэхдээ төрд насаараа зүтгэсэн тулхтай, туршлагатай улстөрч хэн
нэгэн мөнгөөр бороо оруулагчид гутамшигтайгаар ялагддаг тэр байдлыг халахад энэ
тогтолцоо яах аргагүй чухал.
2004 оны сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвшсэн Ө.Энхтүвшин биш
Б.Эрдэнэбат, Л.Гүндалай, О.Энхсайхан, М.Энхсайхан нар сонгогдож байлаа. М.Энхсайханыг
танигдсан улстөрч гэхэд нөгөө гурав нь Ө.Энхтүвшинтэй харьцуулахад улстөрчийн карьерийн
дэргэд хэн ч биш байв. Гэвч өнгөрсөн дөрвөн жилд нь Ө.Энхтүвшин Засгийн газрын
хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан болохоор тойргийнхонтойгоо нөгөө хэд
шигээ тулж ажиллаагүй байсан биз. Ямар ч байсан тухайн үед учир мэдэх хүн “Манай
энэ тогтолцоо ийм л гажиг байгаа юм. Хөвсгөлчүүдэд хийсэн ажлаараа бол Ө.Энхтүвшин
хамаагүй илүү юм хийсэн байгаа ш дээ. Төрийн төлөө хийсэн нь их ч гурил будаа
барьж гүйгээгүй болохоор уначихлаа” гэж байсан билээ. Мажоритар, пропорционалийн
ялгаа нь үүндээ. Мөн өнгөрсөн 2004-2008 оны бүрэн эрхийн хугацаанд АН-ын ганц
эмэгтэй гишүүн Б.Мөнхтуяа бүлгийнхээ дэд дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын
байнгын хорооны даргын албыг хүртэл хашиж, эрчүүдийн хуйвалдаад аваад хаячихсан
эмэгтэйчүүдийн 30 квотын төлөө гүрийтлээ зүтгэж байсан. Харин төмөр замынхаа тэр
тойрогт бага ажилласан байж болох юм. Гэтэл түүнийг юу ч хийгээгүй, тойрог сольсон
гэсэн сөрөг сурталчилгаа явуулсаар байгаад унагачихсан билээ. Тиймээс төрийн
сайн түшээ гэсэн ойлголтыг тойргийн сайн үйлчлэгч гэдгээс ялгаж өгдгөөрөө энэ
тогтолцооны сайн тал нь.
Гэхдээ намын жагсаалтад чухам ямар шалгуураар бичихээ сонгуулийн
тухай хуулиндаа маш нарийн суулгаад өгчихвөл дагалдах сөрөг тал нь багасна.
ХОЛИМОГ ХУВИЛБАР
Энэ бол ерөөсөө дээрх хоёрыг аль алийг нь нийлүүлсэн холимог хуурга.
Дэлхийн жишигт мажоритараас шууд пропорциональ болох биш зам зууртаа холимог тогтолцоог
авч хэрэглэдэг юм билээ. Ерөнхийдөө улс төрийн намууд нь төлөвшөөгүй, бас жалга
довны үзэл ихтэй манайх шиг улсад ерөнхийдөө тохирсон тогтолцоо гэж болохоор. Энэ
хувилбарыг ярихдаа одоогийн гишүүд дараагийн дөрвөн жилдээ өөрсдөдөө зөөлөн суудал
бэлтгэхээр 152 суудал энэ тэр гэж байгаа нь утгагүй. Үнэндээ 152 тэрбум нийлэхээр
хэдэн сая ч болох юм, хэлж ч мэдэхгүй тоо гарах гээд байна. Харин 76 гишүүнээ
38-ыг нь пропорциаоналиар, 38-ыг нь мажоритараар сонгож болно. Нөгөө бол
26:50 гэсэн харьцаатай ч байж болно. Үнэхээр тойргоо тордоод гүйгээд байдаг нь хуучнаараа,
төрийн төлөө нэгэн насаар чинхүү сэтгэлээр зүтгэж ирснүүд нь намынхаа жагсаалтаар
гараад ирэх боломжтой болно. Ингэснээр хэний ч эрх ашгийг хөндөхгүй, бас ч боломжийн
баг бүрдэх боломжийг өгнө. Герман бол холимог тогтолцооны загвараараа алдартай.
Германы сонгуулийн тогтолцоог холимог тогтолцооны сонгодог загвар ч гэх нь бий.
Өнгөрсөн есдүгээр сард болсон сонгуулиар Христосын ардчилсан холбоо, Чөлөөт ардчилсан
намууд эвсч Засгийн газраа байгуулсан. Тэдний аль нь ч дийлэнх олонхи болсон санал
авч чадаагүй ч арай олон санал авснаараа нэгдэж чадсан нь энэ. Харин тэднээс цөөн
санал авсан намууд нь нийлж цөөнхийн үүргээ гүйцэтгэх болсон. Өмнө нь эвсч Засгийн
газарт багтан Ангела Меркелийг Германы анхны эмэгтэй канцлераар томилж байсан
Социал демократ нам өнгөрсөн сонгуулиар мултарч, цөөнхийн үүрэг гүйцэтгэхээр
шилжсэн билээ. Холимогийн сөрөг тал нь гэвэл
нэг хэсэг нь мандатаар гарсан нөгөө хэд нь рейтингээрээ гарсан учраас мажоритараар
сонгогдсон хэд нь “Би чамайг бодвол ард түмний мандаттай хүн шүү” гэж томордог гэж
байгаа. Бас тойроггүй хэд нь өмнөхтэй харьцуулахад хүлээх үүрэггүй болчихоод хийсээд
байх сөрөг тал ч бий. Гэхдээ чанар чансаатай хуулиар хийдүүлэх явдлыг хааж болно
шүү дээ. Сонгуулийн тогтолцоонууд нэг иймэрхүү ялгаатай ажээ. Монгол хөрсөнд буухаараа
бас л өөрийн сайн, муу талаа дагуулсаар л ирэх билээ.
Э.ЭНЭРЭЛ