Categories
редакцийн-нийтлэл

Хилийн тухай ойлголтоо өөрчлөхгүй бол хил дээр буун дуу тасрахгүй

Сүүлийн
жилүүдэд Мон­гол Улсын хил дээр үе, үе буун дуу гарах боллоо. Харамсалтай нь хилийн
цаанаас өнгөлзөгч нь бус хилээ хамгаалаад зогсч байгаа цэргүүд нь бие бие рүүгээ
буу шагайгаад байгаа юм. Энэ талаар манай нийт­лэлчид, нэртэй сэтгүүлчид тун оновчтойгоор
бас хор­жоонтой нь аргагүй дүрсэл­сэн билээ. Гэвч болж буй энэ үйл явдал буудсан
бас буудуулсан хүмүүсийн ху­вийн асуудал болоод дуусах ёсгүй юм. Харин ийм хэр­гүүд
гараад байдгийн мөн чанар, учир шалтгааныг олж, үндэс урхагийг нь олох хэрэгтэйг
хэлж байна. Түү­нээс гадна урьд өмнө болж байсан хэргүүд нэг ийм хэрэг гарахаараа
дараа­гийнх нь ойрхон болдог гэдгийг баталсаар ирсэн учраас биднийг алгуурлах эрхгүй
болгож байна. Ер нь хил дээр цэргүүд нь даргаа буудсан, дарга нь “буу алд­сан”-аас
цэрэг нь амиа алдсан гэх мэт хэргүүд гарсаар ирсэн он жилүүдэд бид юу хийсэн бэ.
Юу ч хийгээгүй. Харин ч тэр хавьд гүйдэлтэй болсон, бараг л нэг ийм хэрэг гарах
хугацаа нь болоод байсан юм аа гэсэн шүү юм удир­дах хүмүүс нь өөрсдөө ярьдаг болоод
байна. Үүнийг хэн нэгэн даргыг сольсноор шийдэх асуудал биш харин ч хилийн тухай
ойлголтоо, энэ тогтолцоог тэр чигээр нь өөрчилснөөр эхлэх ёстой. Үүнийгээ нэлээд
дээхнээс эхлэн тайлбарлах гэж оролдъё.

ХИЛ
ГЭЖ ЮУ ВЭ?

Хил
гэхээр л ямар ч хүний санаанд тусгаар тогт­нолын баталгаа, эрх чөлөө тусгаар тогтнол
гэсэн их л том зүйл бодогддог. Үнэн­дээ бодит амьдрал дээр аль ч улс манай хил гэж
өмч­лөөд байхад учир дутагдал­тай. Баганын цаана гарвал айлынх, бас тэдний сүлдтэй.
Наана  нь бол манайх, Мон­голын сүлдтэй. Тиймээс
ч за­рим эрдэмтэд хоёр улс нэг хил гэсэн онолыг дэв­шүүлдэг биз.

Дэлхийн
түүхэнд улсын хилийн тухай ойлголтыг тун саяхных гэгддэг. Уг нь Хүн­нү, Нангиад
улсын хооронд МЭӨ 196 онд тогтоосон ул­сын хилийн тухай ойлголт нь хүн төрөлхтний
хувьд анх­дагч болох талаар манай эрдэмтэд нээсэн ч 1655 оны Испани, Францын хооронд
Принейн даваагаар тогтоо­сон хилийг анхных гэж бид­нээс өмнө тооцоод явчих­жээ.
Яваандаа, манайхан антропологийн хувьд хүннү­чүүд нь одоогийн монгол­чууд гэдэг
нь батлагдсан энэ тэрээг сануулж, бас хилийн хувьд анхдагч байснаа ба­талж чадвал
дэлхийд анхны хилийг монголчууд зурвас­лаж байсан хэмээн бичиг­дэхийг үгүйсгэх аргагүй
ээ.

Түүхэн
улбаагаа хара­хад хилийн тухай асар өн­дөр мэдлэг, мэдээлэлтэй байж болох Монгол
Улс өнөөдрийн дархан хилээ ба­талсан орон болоход ямар­хан хугацааг өнгөрүүлсэн
билээ. Манайдаа энэ чиглэ­лээр гаршиж, судалгаа түү­хийг нь батжуулсан хүмүү­сийн
үздэгээр 1727 онд Монгол Улс анхны хил тог­тоон тодорхойлох ажилд орж байсан гэдэг.
Тухайн үед Манж Чин улс, Хаант Орос улс хоёр талаасаа төлөө­лөгчдөө байлцуулан манай
хойд хил орчмоор хил тог­тоосон бөгөөд манай хү­мүүсээс бүрэлдэхүүнд нь орж байсан
юм билээ. Гэх­дээ үүнийг монголчууд өөрс­дөө хилээ тогтоосон гэж үзэхэд хэцүү юм.
Ман­жууд л өөрсдийн харьяаны газар дээрээ явж, харин манайхан дагалдаж явсан хэрэг
шүү дээ.

Харин
жинхэнэ утгаараа бүрэн эрхтэйгээр батлах улсын хил тодорхойлон тогтоох ажиллагаа
1958 онд болсон байна. Оросын тал­тай Монгол Шарын даваа­наас Асгат хүртэл 1305
км газарт хилээ тодорхойлон тогтоож, хилийн гэрээ бай­гуулан баталгаажуулж, га­зар
дээр тэмдэглэж, 1976 онд үлдэх зайндаа албан ёсоор баталгаа гаргаж ав­чээ. Харин
1962 онд БНХАУ-тай өмнөд улсын хилээ то­дорхойлон тогтоожээ. Энэ хугацаанд манай
хилийн цэргийнхэнд бас бодлого тодорхойлогч нарт амаргүй үеүд тохиож байсан нь мэдээж.

Ю.ЦЭДЭНБАЛ
ТӨРСӨН НУТГАА ОРОСУУДАД ӨГСӨН ҮҮ?

Энэ
асуудал монгол­чуудын удирдагч аснаа бу­руутган ярих болохоороо гаргаж ирдэг сэдэв
л дээ. Гэхдээ Л.Шинкаревын но­мон дээр Ю.Цэдэнбалыг Давст сумын нутгаасаа өгс­нийг
буруутгадаг нь том алдаа гэж онцолсныг хараад үнэндээ гайхаж байлаа. Энэ нь ямар
учиртай юм гээд судлахаар манайхны тэр бүр мэддэггүй баримтууд гарч ирэх юм билээ.
Тов­чоор өгүүлэхэд манжууд Монголыг эрхшээлдээ оруу­лах их хүсэлтэй, харин ойрадууд
халхууд шиг наа­линхай аашлахгүй манжуу­дын хувьд цаг цөвүүн бай­лаа. Тухайн үед
баруун монголчуудын төлөөлөл болж хэсэг овгийнхон Ман­жийн хаанд бараалхан “Ойра­дыг
эзлэхэд хоол хүнс базааж бэлтгэх ажлыг бид хийе. Гэхдээ энэ ажлыг хийхэд хамгийн
тохиромж­той, газар зүйн байрлалын хувьд хамгийн таатай нь Хархираа, Улаангом гэдэг
газар байна” гэсэн юм байх. Хэмжээлшгүй эрх мэдэлтэй Манж эзэнтний хувьд тува­чуудын
ирж суурьшдаггүй хоосон газарт тэднийг амьд­рахыг зөвшөөрчихсөн ажээ. Ингээд л тувачууд
Манжаас эмээсэн сэтгэлээрээ хал­даж чаддаггүй он цагийг элээ­сээр Тувагийн нутаг
манайх болсон түүхтэй гэнэ. Харин нэлээд сүүлд ЗХУ газар нутгаа Алс Дор­нод руу
тэлэх бодлого барьж, бас судалгаа энэ тэр хийгээд эхэлсэн чинь Ев­ропод үнэтэй хүнсний
давс­ны томоохон нөөц нөгөө тувачуудаас манайхны ав­сан газарт илэрсэн юм байх.
Ингээд л ах гэсэн том то­дотголтой оросууд нэг та­лаасаа дарамталж нөгөө талаасаа
тэр газрын чинь эзэн болох Тува манай харьяанд байна гээд дайр­чихвал эвгүй байсан
учраас бага чулуугаар их чулуу цохисон хэрэг болсон юм билээ. Тэгэхгүй бол одоо­гийн
Бөхмөрөн, Давст, Са­гил, Түргэн гээд нэлээд хэдэн сумдын уугуул иргэд төрсөн нутаггүй
болчих аюул байжээ. Ер нь улсын хил тодорхойлон тогтоос­ноос хойш 20 жилийн дотор
улсын хилийг сэргээн то­дотгох арга хэмжээ болдог. Энэ нь хилийн баганаа ойр­туулж,
сэргээж бас энэ чинь манайх шүү дээ гэдгээ дахин сануулдаг ажил юм уу даа. 1976
оны ЗХУ-тай ул­сын хил тодорхойлон тог­тоох болон тодотголоор Давсан уулын талыг
оро­сууд авч, 1992 оныхоор нь Увс нуурын эргийн цаана байсан Оросын хил усны зах
руугаа бүр таван км орчихсон гэж байгаа. Ямар учраас оросууд ер нь ингэж дээрэлхүү
хандаад байдаг хэрэг вэ. Учир нь ямар ч улс хөрштэйгээ тодорхойлон тогтоосон хилийнхээ
зураг­лал гэрээгээ НҮБ-ын про­токолын албанд бүртгүүлэх ёстой. Ингэсэн цагт хэн­бугай
ч хилээс маань хо­роож хумсалж чадахгүй юм. Оросуудтай бид 1958 онд анх хилээ тодорхойлон
тог­тоосон ч тэдний тодор­хой­гүй шалтгаанаар татгалз­дагийн улмаас 2006 он хүртэл
бүртгүүлж чадаагүй байна. Харин хятадуудтай нийлж 1962 онд хилээ тодор­хойлон тогтоочихоод
1964 онд бүртгүүлчихсэн учраас оросуудтай маргадаг шиг хэл ам гардаггүй юм байна.
Түүнээс биш урд хөршүү­дээ тэгж нохойтлоо, ингэж хужаа зан гаргалаа гэсэн хэрүүл
тасрахгүй байх бай­сан биз.

Ингэж
олныг өгүүлэн нуршсан нь одоо Монголын хил сөөм сөөмөөр идэгдэх ямар ч аюулгүй болсон
гэсэн үг юм. Нэгэнт нарийв­чилсан зураг сэлт нь олон улсын бүртгэлд орчихсон бид
Хүннүгийн үеийнх ши­гээ буу сэлэм агсан, хилээ манаж байна гээд хэдэн хилчдийнхээ
үйлийг нь үзэж зовоогоод байх хэрэггүй болжээ. Ер нь Монгол шиг хилчдээ өвөлд нь
шинелийг нь хөлдтөл багана тэврүүлж суулгаад, зунд нь өмссөн хувцаснаас нь хярвас
үнэрт­тэл наранд хатаагаад байдаг улс орон өөр байгаа гэж үү. Морь мал, хүнээ зовоон
байж хилээ манадаг хуучны аргаасаа бид салах болжээ. Тэгэхгүй бол хээ­рийн салхинд
багана тойрч мөр хайсаар мал мэт амьд­рах цэрэг эрс бие биеэ хядаад дуусах нь. Хил
дээр гарсан буун дуу анхных ч биш бас хилээ манадаг Хүн­нүгийн үеийн арга барилаа­саа
салахгүй бол сүүлчийнх ч болж чадахгүй.

ШИНЭ
ЦАГИЙН ХИЛ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Хилийн
манаанд гарах үедээ цоожтой савнаас авч явдаг бууг нь эс тооцвол Монголын хилчдэд
техник гэж байхгүй. Монгол Улс тусгаар тогтнолдоо анхаарч, хилийн зурвасаа айхтар
хянадаг улс гүрэн болохын тулд шинжлэх ухааны дэвш­лийг энэ салбарт нэвтрүү­лэх
хэрэгтэй байна. Мон­го­лын газар нутгийн 19 хувьд нь салхин цахилгаан станц байгуулах
боломжтой гэсэн судалгаа байдаг юм билээ. Сэргээгдэх эрчим хүчээр олон асуудлыг
хямдхан шийдэж болно. 1933 онд байгуулагдсан Хилийн цэр­гийн байгууллага маань
1953 онд Хятадын талын хүсэлтээр татан буугдаад 1966 онд улс өөрийн гэсэн бодлоготой
байх ёстой гэдэг үүднээс дахин байгуу­лагд­сан түүхтэй гэдэг. Тэгвэл шинэ эрин үед
төр бодлогоо тогтоож, хил хамгаалах салбарт өөрийн гэсэн чиг­лэл баримтлалыг нь
гаргаж, энэ салбарын тогтолцоог тэр чигт нь өөрчлөн шинэ түвшинд гаргаж ирэхгүй
бол урагдсан гутал, эцсэн морь­той хилчид нь застав зас­таваараа ээлжлээд нэгийгээ
хядаад дуусах нь. Хил мануу­лахаар хүүгээ явуулж байгаа эхчүүд хойдохыг нь унших
гээд үлддэг болчих гээд байна.

Монгол
Улс тэр бүрий хүн амьтан байдаггүй хилээ хянаж байхын тулд бүрэн камержуулж асуудлыг
шийд­дэг байхад болохгүй зүйл үгүй. Мөн тэнд алба хаши­хаар очсон цэргүүдийг ганц
ганц жилээр бус харин ч мэргэшүүлээд хяналтын төвд ажиллаад суух болом­жоор хангаж
өгөх нь зүйтэй мэт.

Тэр
бүхнээс гадна хил хамгаалах салбарт ажиллаж байгаа хүмүүс дээр доргүй сэтгэлгээгээ
өөрчлөх хэрэг­тэй байгаа юм. Хил дээр байлдагч нь офицероо бууд­чихаад байгаа нь
тэндхийн асуудал биш харин энэ сал­бар өөрөө болохгүй байгаа­гийн шинж билээ. Ер
нь иймэрхүү хэрэг гарч эхэл­сэн тэр үед л бид болохгүй байна гээд тогтолцоог нь
өөрчлөх хэрэгтэй байсан юм. Үнэнийг хэлэхэд хил хамгаалах энэ салбарыг толгойлж
байгаа хүмүүс аль нэг улстөрч, дарга нарын татаасны хүмүүс л байдаг. Ялангуяа хилийн
13 аймгаас тодорсон үе үеийн УИХ-ын гишүүд үүнд хамгийн их холбогдоно. Тэд өөрийнхөө
хүмүүст албан тушаалд хүрэх боломжийг өгнө, ха­рин тэд энэ салбарыг урагш­луулахын
тулд юу хийх ёстойгоо ер мэдэхгүй. Тэгсэн атлаа төсөв захиран зарцуулдаг эрх мэдлээ
ашиглан ангийн захирагч болгон хувийн бизнестэй болж, бэлжээд авахыг нь яана.

Мөн
энэ салбарынхан офицерийн түвшиндээ хэл амтай, хэрүүл зодоонтой байсныг тухайн үед
хэвлэ­лээр бичиж л байсан. Одоо­гоос яг нэг жилийн өмнө Хилийн цэргийн сургуулийн
захирал, хурандаа Д.Даш­даваа дэд захирал, хошууч генерал Я.Пүрэвдоржийн­хоо хамрыг
нь мурийтал зодсон байдаг. Бас хэд хэдэн хурандаагийнхаа эрх чөлөөнд ч халдаж байжээ.
Дээрээ ийм байгаа юм чинь дороо ямар байсан нь ойл­гомжтой. Тэр үед л энэ салбарын
муу муухай нь хоолойгоороо сагаад гарч ирж байжээ. Тухайн үед ХХЕГ-ын дарга, хошууч
генерал А.Баатарцогтод “Дээ­рээ ийм байгаа юм чинь дороо ямаршуу байгаа нь харагдаж
байна. Яаралтай арга хэмжээ авбал яасан юм” гэж хэлж байсан хү­мүүс бий. Гэвч хөдлөхгүй
байсаар саяны Улаан-Уулын отрядын хэрэг гар­сан. Бас ийм багш нараар заалгаж байгаа
хүмүүс хи­лийн зас­тав дээр очоод хэр­хэх нь хэнээр ч хэлүүлэлт­гүй ойл­гомж­той.
Хилчидтэй хам­­гийн их тулж ажиллах ёстой хүмүүс нь соёл мэ­дээллийн хэлтсийнхэн
гэгд­­дэг. Гэтэл хариуцлага тоо­цуулж ажлаа өгсөн А.Баа­тарцогтын оронд очсон бри­гадын
генерал Х.Сэргэлэн дарга өмнө нь захиргаа удирдлага, соёл мэдээллийн албаа хариу­цаж
байсан дэд захирал байсан гэж байгаа. Тэгэхээр ажлаа хийж чадаа­гүй хүн дэвшсэн
ч гэмээр юм уу.

Энэ
мэт олон жилийн алдаа, завхрал бугшсаар Монголын хилийг хамгаала­хаар явсан залуус
шарил ачдаг машин дээр л буцаж ирэх болоод байна. Бас хилээ хамгаалж байгаа гэж
гэгэлгэн захидал бичдэг хөвгүүд шоронд ял эдлээд суудаг болж байна. Хил дээр иймэрхүү
хэрэг нэг гара­хаараа тэр хавийнхаа зас­тавуудаар заавал нэг тойр­дог болчихсон
талаар энэ салбарт удсан хашир бур­хинууд хэлдэг юм билээ. Харин түүнийг дээрээс
нь дараад улам бүр буглуулчих биш идээ бээрийг нь сайн шахаж эдгэрүүлэх хэрэг­тэй.
Хүннүгийн удамт мон­голчууд бид хилийн тухай хэвшсэн ойлголтоо өөрч­лөхгүй бол хил
дээрх буун дуу тасрахгүй нь.

Э.ЭНЭРЭЛ