Энэ сарын 1-нээс цахим хэлбэрээр явагдаж эхлээд байгаа нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хуудас болох www.umch.ub.gov.mn сайтад таван сая орчим хандалт ирснээс 18 орчим мянган хүн бүртгүүлжээ. Үүнээс үүдэн хэт ачаалал үүсэж, иргэдийг нэлээд бухимдуулж, зарим хүн бүртгүүлж чадахгүй байгаа аж. Бүртгэл сарын 15-ны 12.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд түрүүлж бүртгүүлсэн, эсэхээс үл хамааран сонгон шалгаруулах билээ.
Дашрамд хэлэхэд, эхний ээлжинд Баянзүрх дүүргийн XX хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо Эрдэнэтолгой, Багануур дүүргийн IV хороо Тариан булгийн I хэсэг, Багахангай дүүргийн II хороо Бор-Үзүүр гэсэн таван байршлын 1524 га газрыг нийслэлийн 14954 иргэнд өмчлүүлэхээр НИТХ-аас шийдвэрлэн эдгээр газруудад иргэдээс өргөдлийг нь хүлээн авч байгаа билээ.
Т.ГЭРЭЛ