Categories
танайд-өнжье эдийн-засаг

Д.Ганбат: Холимог тогтолцооны үр дүнд попуудын үе дуусгавар болно DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Үндсэн хуулийн өөрчлөлтийн бодит үр дагаврыг та юу гэж харж байна вэ?

-Том үр дагавар авч ирэх өөрчлөлт гэж ойлгож болно. Гэхдээ эерэг, сөрөг аль ч тал руу явж магадгүй өөрчлөлтийг хийлээ. Энэхүү өөрчлөлтийн үр дагавар хаашаа эргэх нь УИХ-ын Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд яаж батлагдах, эдгээр хуулийн хэрэгжилт, журам яаж гарахаас тодорхойлогдоно.

-Тэгвэл яавал сөрөг, яавал эерэг үр дагавар гарах вэ?

-Учраа мэдэхгүй годгор хүүхнүүд, сөөсгөр залуучууд, улстөрчдийн хамаарал бүхий этгээд, “гар хөлийг” жагсаалтаар оруулбал энэ өөрчлөлт буруу тийшээ явна. Намын дарга ч гэдэг юм уу эсвэл тухайн намын удирдлагад байгаа бүлэглэлийн гарт орох аюултай. Хэрвээ ингэвэл улс оронд хор хохиролтой. Жишээлбэл, Камбожийн Пол Потын дэглэмийг энд дурдъя. Тухайн үед мэдлэг боловсролтой залуучууд нь Камбожийг авч явж байна гээд Улаан Кхмерүүдын хөдөлгөөнийхөн социалист, коммунист нийгмийг байгуулахаар гурван сая иргэнээ хядсан. Ингээд урдах амжилтаа балласан. Иймэрхүү урхагтай улстөрчдийг намын жагсаалтаар оруулаад ирэх вий. Хэрвээ ийм байдлаар явбал Үндсэн хуулийн өөрчлөлт буруу тийшээ явна.

Ард түмнийхээ шүүлтүүрээр оруулах нь чухал байгаа юм. Гурваас дээш удаа сонгогдож 20, 30 жил ордны “буг” болж суухдаа улс орныг дэлхийн энд хүртэл өөрчилж хөгжүүлж чадаагүй хүмүүсийг намын жагсаалтаар оруулах эрсдэл байгаа. Урд, хойд талдаа маш том зах зээлтэй. Хилийн маргаан ч гэдэг юм уу гадна, дотны зөрчил алга. Ийм байхад Монголын эдийн засаг нэг газартаа 10 жил цовхчлоо. Иргэд залуус эх орноосоо “дайжиж” байна. Асуудлаа шийдэж, өөрчилж чадаагүй хэрнээ Монголын төрд 20, 30 жил болчихсон нөхдийг оруулбал энэ өөрчлөлт мөн чанар, зорилго алдагдана.

Харвардад ч гэдэг юм уу, гадаад дотоодод баахан дээд сургууль нэртэй дээд сургуулийн курс төгссөн нөхөд ард түмний боломжийг яаж булааж байсан нь өнөөдөр нийгэмд ил боллоо. Үе дамжсан ийм хүмүүсийг оруулж ирвэл буруу тийшээ явна.

Харин зөвөөр хэрэгжүүлж чадвал намууд төлөвшиж, бодлогын уралдаан явуулдаг болох зэрэг том өөрчлөлт авч ирнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хоёр зүйлээс болж баталлаа. УИХ нь Засгийн газраа хянаж чадахаа байчихсан. Өнөөдөр эрх баригч намын 65 гишүүний бараг 50 нь дарга болчихсон. 22 яамтай. Энэ бол дэлхийн хаана ч байхгүй данхайсан Засгийн газрын бүтэц байхгүй юу. Түүнчлэн байнгын хорооны дарга гээд 11 хүн бий. Үүнээс гадна 20 гаруй дэд сайдтай. Тиймээс манай улс өнөөдөр парламентын засаглалтай улс биш болсон. Засгийн газар нь зориуд УИХ-ын нэр хүндийг унагаж байна. Төр засагтаа итгэх итгэлгүй болгох гадна дотны бодлого ч байна. Ард түмэн төр засагтаа итгэх итгэлгүй болно гэдэг нь улс орон эмх замбараагүй байдал руу орох, өмнөх ололт амжилтаасаа буцах урхагтай. УИХ-ыг буланд шахах оролдлого өнгөрсөн хугацаанд гарсан шүү дээ. Цөөнх гэсэн нөхдийг худалдаж аваад кноп даруулж, охин намын нөхөр оройд нь тоглож байж тэрийг хийсэн. Тэр өөрчлөлт иргэдэд хэрэгтэй байсан уу гэвэл үгүй. Засгийн газраа хянаж чадахгүй байдал руу орсон. Үндсэн хуулийн гол зорилго нь хяналт тэнцэл. Гэтэл гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалын хяналт тэнцлийг алдагдуулсан. Өнөөдөр манайх парламентын засаглал биш нэг намын засаглал руу явж эхэлсэн. Тиймээс үүнээс хамгаалах нэг боломжийг сая Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр гаргаж ирсэн. Иймд нэгдүгээрт, хяналт тэнцэлийн зарчмыг алдагдуулсан өмнөх алдааг засах гэж Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа. Хоёрдугаарт, өнгөрсөн жилийн 32 жилийн хугацаанд намууд төлөвшсөнгүй. Нөгөөтэйгүүр хүссэн хууль, бодлогоо 76-гаар батлуулдаг болчихсон байгааг энэхүү өөрчлөлтөөр засна гэж найдаж байна. Иймээс энэ их чухал өөрчлөлт болсон. Энд хамгийн гол нь уялдаж батлагдах дараагийн хуулиуд болон хэрэгжилт нэн чухал.

-Намын жагсаалтыг та бүхний өргөн барьсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар үүнийг шийднэ биз дээ. Ер нь намын жагсаалтыг ямархуу байдлаар яаж гаргах нь оновчтой гэж харж байна вэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хоёр төсөл бий. Нэг нь МАН-аас Н.Энхболд нарын гишүүдийн өргөн барьсан төсөл. Нөгөөх нь АН-аас О.Цогтгэрэл бидний өргөн барьсан төсөл. Бидний өргөн барьсан төсөлд туссан 40/60 Үндсэн хуулийн өөрчлөлтөд орж батлагдсан. Сонгуулийн хуульд миний тавьж байгаа шаардлага бол намын жагсаалтаар орох 48 хүнийг сонгогчид эрэмбэлж өг гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нээлттэй жагсаалт байх ёстой гэсэн үг.

Иргэдийн итгэлийг авахааргүй хүмүүс тооноор орж ирлээ гэж шүүмжилдэг. Тэгвэл Монгол Улсын эрх ашгийг хангаж чадах төлөөллийг иргэд эрэмбэлээд өг. Буруу эрэмбэлвэл бид бүгдээрээ хохирно. Тиймээс үүнд иргэд хянамгай хандах учраас намын жагсаалтыг нээлттэй байлга гэж байгаа юм.

Холимог тогтолцооны үр дүнд нийгэмд ямар ч тусгүй попуудын үе дуусгавар болох байх гэж бодож байна. “Энэ маань ядарч байна. Халамж өгье. Ажил хийгээд яах юм бэ” гэвэл хэн ч дуртай хүлээж авна. Энэ нийгмийн тогтолцоогоор 70 жил монголчууд амьдарсан. Дэлхий нийтэд ч энэ түгээмэл байсан. Жишээ нь, ЗХУ. Тэд 100 жил ноцолдсон ч бүтээгүй. Үүний үлдэгдэл болох попчид байн байн сонгуулиар гарч ирээд байна л даа. Намаасаа орж гараад л, эсвэл бие дааж нэр дэвшээд гарчихдаг асуудал бий. Тэгвэл холимог тогтолцоог оруулснаар дэвшүүлсэн бодлого зорилтыг нь авч явж чадах нэр дэвшигчээ намууд 78 нэрсийн жагсаалтад оруулах гэж найдаж байна. Харин эрэмбэлэхийг нь ард түмэн шийдэж өгнө. Тэгвэл хэн нэгэн бүлэглэлийн гарт орохгүй гэж бодож байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хоёр тойрог нэмэгдэхээр боллоо. Хаана нэмэх вэ?

-Улаанбаатарт нэмэх байх гэж бодож байна. Монголын нийт хүн амын 50 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Гэтэл Улаанбаатарын өнөөдрийн аж төрх ямар байгаа билээ. Түгжрэл, хөрсний бохирдол, цэцэрлэг сургуулийн хүртээмж ямар байгаа билээ. Дээд сургууль төгссөн мэргэжлийн боловсон хүчин нь гадагшаа явж хар ажил хийж байна гэхчилэнгээр асуудал бий. Хотжих процесс дэлхий дахинаа явагдаж байна. 2035 он гэхэд дэлхийн хүн амын 70-80 хувь нь хотожно гэсэн судалгаа бий. Ийм байхад урсгалын эсрэг сэлэх бодлого явцгүй л дээ. Хий дэмий мөнгө төгрөг, цаг хугацаа үрсэн ажил. Тиймээс нийслэл болон хотын тулгуур төвүүдэд анхаарч, засаг захиргааны системээ өөрчлөх хэрэгтэй. Малчдад чиглэсэн зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Махны үнэ өнөөдөр 25 мянган төгрөг байна. Бэлчээрийн мал аж ахуйг монголчууд хоёр мянган жил тээж уламжлаад өдийг хүрсэн. нэг сая 500 мянган километр газрыг эзэнтэй байлгаж байгаа хүмүүс бол малчид. Дэлхийгээс дангаарших дархлаа, үндэсний өв уламжлалаа хадгалж үлдэж байгаа нь малчид. Хэрвээ малчид байгаагүй бол бид килограмм махыг 25 мянган төгрөгөөр битгий хэл 50, 60 мянгаар л авна шүү дээ.

Бодит нөхцөл ийм байхад төр зохион байгуулалтаа хийж чадахгүй байна. Цөлжиж байна. Дэлхийн дулаарал явагдаж байна. Уул уурхайн олборлолт малчдыг бэлчээргүй болгож байна гэхчилэнгээр малчдыг шахаж байна. Энэ цаг үед зөв бодлого нэн чухал. Малчдаа дэмжсэн бодлого хэрэгтэй байна. Бэлчээрийн мал аж ахуйг зөв зохистой байлгах бодлогоо хэрэгжүүлмээр байна. Түүнээс урсгалыг сөрсөн бодлого явахгүй л дээ. Салхины урдаас шүлсээ нулимахтай адил хэрэг.

-Энэ цаг үед төсөвт тодотгол хийж цалин нэмснээр инфляци хоёр хувиар өдөөгдөнө, төгрөгийн ханш дахиад л унана гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Та төсөвт тодотгол хийх асуудалд ямар байр суурьтай байна. Цалин нэмэхгүйгээр төгрөгийн ханшаа чангаруулах гарц байна уу?

-Өнөөдөр халамж хавтгайрсныг бүгд мэдэж байгаа. Тиймээс хүнсний талон зэрэг халамжаа болих хэрэгтэй байна. Хүүхдийн мөнгө халамж уу эсвэл баялгийн хуваарилалт уу гэдгийг тодорхой болго. Нийт хүүхдүүдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргахдаа МАН “Бид хуульд өөрчлөлт оруулсан. Хүүхдийн мөнгө бол халамж” гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр баялгийн хуваарилалт гэж байх юм. Нөгөө талаар “Ирээдүй өв сан”-г Монгол Ардын нам үгүй хийсэн. Байгалийн баялаг нөхөн сэргээгддэггүй. Тиймээс үүнийг ирээдүйд үлдээх ёстой. Уг нь 2030 он хүртэл “Ирээдүй өв сан”-д гар хүрэхгүй байхаар хуульчилж байсан. Гэтэл Монгол Ардын нам хуулийг өөрчилж байгаад аваад ашиглачихлаа. Сөрөг хүчин болон ард түмний хяналт муу байгааг далимдуулж аваад “идчихлээ”. Бусад улс орон байгалийн баялгаар улсынхаа хөгжлийг дээшлүүлж чадаж байна. Тухайлбал, Норвеги. Гэтэл манайх өнөөдрөөрөө хамаг асуудалд хандаад байна.

Гэхдээ ер нь төгрөгийн ханшны уналтад нийцүүлж тэтгэвэр, цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй. Харин түрхэн хугацаанд байгалийн баялгийн үнэ өссөнтэй холбоотойгоор орж ирсэн эх үүсвэрээр шийдэх нь буруу. Энэ бол бүтээмжийн өсөлт биш.

-Тэгвэл яаж хэрэгжүүлэх нь зохистой вэ?

-Орон тооны цомхотголоо явуул. Төрийн албан хаагчдаа цомхотго. 226 мянган төрийн албан хаагч бидэнд хэрэггүй. Хэсгийн хорооны дарга нар ч гэдэг юм уу сонгуульд зориулсан хэрэгтэй хэрэггүй бүтцүүдээ боль. Хүнсний талоноо боль. Мянгат малчинд ч, хувийн машинтай хүнд ч хүнсний талон өгч байх юм. Эзнийг нь олж халамжаа өг.

Үүнээс гадна Стандартын шаардлага хангахгүй хамгийн чанар муутай эмийг иргэд маш өндөр үнээр авч байна. Ийм эмэнд иргэд баахан мөнгөө өгч байна. Цаана нь хэдэн хүн л баяжиж байна. Захын цүнх баригчин гэрээс хэдэн тэрбум төгрөг гарч байна. Алтаар хийсэн морьтой УИХ-ын гишүүн байна. Ийм зүйл нэлэнхүйдээ байна. Тэгсэн гэнэт сүүлийн нэг жилд хулгайчидтайгаа тэмцэх юм гэнэ. Баахан уриа лоозон. Ер нь уриа лоозонгоор тэмцдэггүй юм л даа. Ажил төрөл явдаггүй газарт хурал цуглаан, уриа лоозон, хөшөө дурсгал их байдаг. Сүүлийн нэг жилд уриа лоозонгоор пиардаад байна. Яг шүүхээр шийдвэрлүүлж, хариуцлага хүлээж байгаа хэрэг алга.

-Танай нам нэгдчихлээ, та ч бүлгийнхэнтэйгээ ойлголцож нэгдчих шиг боллоо. Ер нь та намынхаа ирээдүй хувь заяаг яаж харж байна?

-Ерөнхийдөө намаа нэгтгээд, даргаа дээд шүүхэд бүртгүүлээд, бүлгээ нэгтгэлээ. Би бүгдэд нь нэг алхам ухарч байж ойлголцлоо. Гурван жилийн хугацаанд ганц дайчин ганцаарддаггүй гэдэг шиг зөв зүйлийн төлөө тэрхүү байр суурь дээрээ ганцаараа зогссон. Үүний үр дүнд эргэлтийн чанартай хуулиуд, өөрчлөлтийг хийж чадаж байна. Ард түмнийхээ мандатыг авч хоёр удаа парламентад сонгогдсон гишүүний хувьд өмнө нь хийж чадаагүй зүйлүүдээ хийж чадлаа. Ярианы эхэнд хэлсэн хуулиуд батлагдсанаар намууд төлөвшинө.

Ардчилсан нам бол Монголын үнэт зүйлүүдийн нэг. АН-ыг буцаад байр суурьдаа ирж, Монголын хөгжлийг дахин зөв замд оруулах өөрчлөлтийг хийх энэ ажилд зохих хэмжээгээр би оролцоод явж байгаа.

Мэдээж хэрэг хүмүүс хооронд үзэл бодол зөрчилдөх асуудал бий. Тэр байтугай олон нийт төөрөгдсөн асуудал ч байна. Цаг хугацааны явцад төөрөгдлөөсөө гарч байна.

-Танай нам энэ цаг үед яг ямар шинэчлэлийг хийснээр илүү төлөвшсөн, илүү үзэл санаан дээрээ нэгдэнэ гэж харж байна вэ?

-Манай нам одоо зөв тал руугаа явж байна гэж харж байгаа. Ардчиллын 30 жилд хүмүүжсэн, бусад улс оронд юм үзэж нүд тайлаад ирсэн хэсэгт би их найдвар тавьж байгаа. 1980-1990-ээд оныхонд АН-үүд хаалгаа цэлийтэл нээж өгөх хэрэгтэй. Ингэж аль ч үеийнхэн ялгамжгүй оролцож байж хөгжил рүү явна.

Цаг үе, геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Нэг хүний дэглэм цаашид байх уу, үгүй юу. Бага буурай орныг том улс нь эзэрхийлж болох уу, үгүй юу гэдэгт хариулт өгөх он жилүүд хүлээж байна.

-Нүүрсний хулгайн хэрэг Монголын нийгмийг нэг хэсэгтээ л доргиосон. Өнөөдөр тэр хэрэг юу болов, сонсголыг хэзээ явуулах вэ гэдэг нь тодорхойгүй болчихлоо. Сөрөг хүчин энэ асуудал дээр ажиллаж, анхаарч байна уу?

-Даваа гаригт болсон бүлгийн хурлын үеэр би хэд хэдэн санал гаргасан. Нүүрсний хэргээр, ковидын төсвийн зарцуулалтаар, төрийн сангуудын асуудлаар нийтийн сонсгол хийх санал гаргасан. Аль нэг бүлэг санал гаргавал тэрхүү асуудлаар нийтийн сонсгол хийх хуультай. Тиймээс АН энэ хулгай, луйвартай эвлэрэхгүй. Олон нийтийг мэдэх эрхээр хангая гэж байгаа. Би саналаа гаргасан. Бүлгийн ажлын алба ажиллаж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *